info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-06-17

Дугаар 79

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн М.Нарансолонго, сахилгын хэргийн оролцогч Б.Хэрлэн /цахимаар/, түүний өмгөөлөгч Т.М нарыг оролцуулан, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэнд холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2026/0067 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“... 1. Шүүгч Б.Хэрлэн нь нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг хүлээн авч, хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлаж, улмаар  яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1, 33.2 дугаар зүйлийн 1.1-т заасантай нийцжээ.

Мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах ба О.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр өмгөөлөгч нарын “...мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн үндэслэлээ шүүгч захирамждаа тодорхой дурджээ.

     Өмгөөлөгчийн хүсэлтийг заавал хангахаар хуульд заагаагүй бөгөөд харин шүүгч  энэхүү хүсэлтийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд өөрийн дотоод итгэлээр үнэлэхээс гадна шүүх эрүүгийн хэргийг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэх үүрэгтэй.   

Иймд өргөдөлд дурдсан “...мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэх талаар гаргасан хүсэлтийг яллах талыг хэт барьж хүлээн авахаас татгалзаж, гэм буруугийн шүүх хуралдааны товыг зарлаж хэргийг ямар нэг байдлаар түргэн шийдвэрлэх эс үйлдэл гаргаж байна...” гэх гомдол  сахилгын зөрчилд хамаарахгүй.

Нөгөө талаар Сахилгын хороо “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт хийх эрхгүй болно.

2. Өргөдөлд “....Б.Хэрлэн шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэсэн заалтыг зөрчсөн. Тодруулбал хэрэг гарсны маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө Б.Хэрлэн шүүгчийн уяач, хэргийн оролцогч болох гэрч н.А “...би Б.Хэрлэн шүүгчтэй яриад н.Г-д 1-5 жил хүртэл ял төлөвлөөдөх гэж хэлсэн гэж яллагдагч н.Б-тай утсаар ярьж хэлсэн байдаг. Тэр даруйдаа н.Б надтай утсаар ярьж хэргийн оролцогч, гэрч н.А дөнгөж сая над руу Б.Хэрлэн шүүгчтэй ярьж н.Г-д 1-5 жилийн ял төлөвлөөдөх гэж хэллээ гэж ярьсан тухай хэлэхээр нь би тэр ярианы бичлэгийг гар утсан дээрээ бичиж авсан. ...Гэрч н.А нь Б.Хэрлэн шүүгчийн уяач бөгөөд хэргийн оролцогч болох хохирогч С.Э нь н.А-ын хуурай дүү мөн шүүгч Б.Хэрлэн, н.Э хоёр н.А-аар морио уяулдаг хувийн ашиг сонирхлоор холбогдсон, найз нөхдийн холбоотой хүмүүс юм. Тийм учраас Б.Хэрлэн шүүгч хэргийн бусад оролцогч болох н.А, хэргийн оролцогч С.Э нар дээрх хэрэгт хувийн сонирхолтой, хувийн харилцаатай хүмүүс гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, намайг яллах асуудлыг анхнаасаа гэрч н.А, н.Э нар Б.Хэрлэн шүүгчид захиалсан гэж бодож байгаа...” гэжээ.

2.1. Шалгах ажиллагааны явцад дээр дурдсан асуудлыг тодруулахад  өргөдөл гаргагч болон нэр бүхий хүмүүсийг гэрчээр асууж мэдүүлэг авсан болно. Үүнд:

Гэрч О.Г 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлэхдээ: “Миний хувьд тус шүүгчтэй төрөл садан найз нөхдийн холбоогүй харин морь уядаг болохоор энэ хүрээнд танина, шүүгч гэдгийг мэднэ. Мандал сумын прокуророос надад Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг тус сумын цагдаагийн эрүүгийн ахлах дэд хурандаа Б-ны удирдлага дор ажилладаг мөрдөгч нар мөрдөж, сумын прокурор хяналт тавьж яллах дүгнэлт үйлдсэн. Б-ны харьяанд байдаг мөрдөгч нар хэргийг дутуу шалгасан. Хэрлэн шүүгчийн эхнэр нь Б-тай эгч дүүсийн хүүхдүүд юм. Б.Хэрлэн шүүгчтэй аймгийн прокурор /нэрийг нь мэдэхгүй байна/ бас хамаатан. Өөрөөр хэлбэл цагдаа, прокурор, шүүгч нар хоорондоо хамаатан садан учраас шүүгч Б.Хэрлэн энэ хэргийг хянан шийдвэрлэх эрхгүй тул өөрөө татгалзан гарах ёстой. Гэвч татгалзан гарахгүйгээр хэргийг шийдвэрлэхээр шүүх хуралдаан явуулж байгаа,  шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. …Би Б-тай нэг төгсөлт учраас найз, А морь уядаг тул энэ хүрээнд танина. А уралдаанд дандаа эрлийз морь уралдуулдаг би монгол морь уралдуулахыг хүсдэг. Үүнээс болоод бид хоёр хоорондоо таарамжгүй намайг дандаа хутгална гэж дарамталдаг. Тийм учраас А шүүгч Б.Хэрлэнтэй утсаар яриад надад 1-5 жилийн ял төлөвлө гэсэн байсан. Энэ хоёрын  ярьж байгааг би сонсоогүй. Харин А Б-т тэгж хэлснийг надад хэлсэн. Би бичлэг хийж авсан. Шүүгч Б.Х-ийн хувьд надаас болон манай гэр бүлийн хүнээс мөнгө төгрөг авсан, зээлсэн асуудал байхгүй. Б-ын надад утсаар ярьсан бичлэгийг би Б.Хэрлэн шүүгчид найз боксчиноор нь дамжуулаад явуулсан боловч надад юм хэлээгүй гэж байсан. Ер нь бол би хэрэг дутуу шалгасан байхад шүүгч шүүх хуралдаан хийх гээд байгаа нь шударга бус гэж үзээд гомдол гаргаад байгаа юм” гэсэн бол

 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “...би Улаанбаатар хотод амьдарч байгаад 2015 оноос эхлэн Мандал суманд амьдрах болсон. Намайг ирэхээс өмнө А нь Хэрлэн шүүгчийн морийг уядаг байсан гэж сонссон боловч би өөрийн нүдээр үзэж хараагүй, ...тэр хүн хэлсэн гэх юм алга, тухайн үед морины уяан дээр л тиймэрхүү яриа гарч байсныг сонссон, түүнээс одоо энэ байдлыг гэрчлээд өгөх хүн байхгүй. А нь Хэрлэн шүүгчийн морийг уяж байхыг өөрийн нүдээр үзэж хараагүй...” гэжээ. 

Гэрч Х.: “О.Г бид хоёр албан ёсны гэр бүл, манайх 7-8 төрлийн бизнес эрхэлдэг. Мандал суманд хоол үйлдвэрлэл, барилгын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд Мандал төвдөө хоолны чиглэлийн үйл ажиллагаа явуулж, энэ барилгадаа амьдарч байгаа. Түүнчлэн энэ суманд мал аж ахуй эрхэлдэг, хурдан морь уядаг. Тус сумын иргэн Д.Б, Н.А, шүүгч Б.Хэрлэн нарыг зүс танина, түүнээс төрөл садан найз нөхдийн холбоогүй. Шүүгч Б.Хэрлэн манай Мандал төвөөр нийт 4 удаа үйлчлүүлж хоол идэж байсныг мэдэж байна. ... 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг сайн санаж байна, би үүрийн 5 цагаас хойш Б-ай ярих гээд утас нь холбогдохгүй байсан. Харин Б өглөө 8 цаг өнгөрч залгахад нь авахад  би хүүхдээ хүргэж өгөх гээд дөнгөж сая А-ийнхаас гарч ирлээ гэсэн. Цэнэг дууссан гэсэн билүү унтарсан байна гэсэн билүү тийм үг хэлсэн миний зүгээс тухайн хэргийн үйл явдлын талаар ярьсан. Ингэсний дараа 10 цаг өнгөрч байхад нарийн санахгүй байна манай нөхөр рүү залгаад цаана чинь чамайг Т-ийн төмсгийг зассан гээд бөөн юм болж байна гээд баахан юм ярьсан. Тэр үед Г-ийн утсанд дуудлага ирээд тасарсан. Дараа нь Б залгаснаа “чамайг А Хэрлэн шүүгчид залгаад наад Г-д 1-5 жилийн ял төлөвлөөдөх өчигдөр Э-ийн төмсгийг засчихсан юм байна, тэгээд ял төлөвлөөдөх гэж хэлсэн. Энэ яриаг би сонссон ба яриаг нь бичлэг хийж авсан. Би бичлэгийг хуулбарлаад авчирсан...” гэжээ.

Гэрч Д.Б: “Сэлэнгэ аймгийн тус сумын Цагдаагаас О.Г бид хоёрт Эрүүгийн хуулийн 11.6, 20.16 дахь зүйл ангиар хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулсан бөгөөд прокуророос 2025 оны 09 дүгээр сард /өдрийг сайн санахгүй байна/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хэрэг ирээд Б.Хэрлэн шүүгчид хуваарилагдсан ба одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Би энэ суманд төрсөн цагаас хойш амьдарч байгаа учраас Б.Хэрлэн шүүгчийг зүс танина. Түүнээс биш төрөл садан, найз нөхдийн ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. Н.А гэдэг хүнийг хүүхэд байхаасаа танина. Төрөл садан биш, би Н.А гэдэг хүнээс 2024 онд морь худалдаж аваад түүнийгээ өөрөөр нь уяулж наадамд оролцуулж байсан. Энэ хүрээнд л биеэ танина, өөрөөр холбоо харилцаа байхгүй. Гэрчийн мэдүүлэг өгснийг хэрэгтэй танилцахдаа мэдсэн. Гэмт хэрэгт холбогдсоноос хойш буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш Н.А-тай огт уулзаж байгаагүй, шүүгч Б.Хэрлэнгийн талаар надад юу ч ярьж байгаагүй. Хэргийн болсон үйл баримтын талаар яллах дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтаар тодорхой байгаа. Тухайн хэрэг явдал болсон үед би согтуу байсан бөгөөд өглөө  7 цагийн үед Цагдаагийн үүдэнд Н.А-ын эхнэр Н гэдэг хүнээр хүргүүлж согтуу ирээд унтсан байдаг. Тухайн үед согтуу байсан учраас надтай хэн юу ярьсныг огт мэдэхгүй байна. Хэвлэлийн бага хурал хийж байхыг би өөрөө сонссон. Тэгээд ийм бичлэг байгаа эсэхийг сонсоод гайхсан. Миний хувьд энэ талаар юу ч санахгүй байна. Би юу ч мэдэхгүй байна. 2 жилийн өмнө ярьсан дуудлага миний утсанд одоо байхгүй. Гэмт хэрэгт холбогдсоноос хойш би прокурор дээр 1 удаа, шүүхэд ирснээс хойш шүүх хуралдаан дээр О.Г-тэй нүүр нүүрээ харж таарсан. Түүнээс өөрөөр гадуур түүнтэй уулзсан, харилцсан асуудал огт байхгүй. О.Г энэ талаар надад огт юм ярьж байгаагүй. Хэрвээ тэр бичлэг байвал сонсъё, би өөрийнхөө дуу хоолойг танина. Би сумандаа байж байгаа тул бичлэг гараад ирвэл тэр үед нь хүрч ирээд сонсоод тэр талаар мэдүүлэг дахин өгөхөд татгалзах зүйлгүй.

Бичлэгт О.Г-тэй ярьж байгаа хүн нь би мөн байна. Өөрийнхөө дууг таньж байна. Бичлэгээс сонсоход би энэ хэргийн талаар ярьсан байна. А гэдэг хүн хэрэг болсны маргааш өдрийн 12 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна залгаад Т дүүгийн чинь төмсгийг Г зассан байна гэж хэлэхэд юу гээд балайраад байгаа юм гээд утсаа салгасан. Гэтэл дахиад залгаад Т-ийн төмсөг арай л болчихжээ эмнэлэг явах гэж байна гэсэн. Тэгээд наад Г зассан байна. Сая би Хэрлэн шүүгчтэй яриад наад муу Г-г чинь шоронд хийнэ ээ гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхээр нь би Г-той яриад энэ тухай хэлснийг Г бичиж авсан юм байна. Урд нь би ийм юм ярьснаа санахгүй байсан. Бичлэг сонсоод саналаа. А, шүүгч Б.Хэрлэнтэй ярихад би хамт байгаагүй, би гэртээ байхад А надад утсаар л ярьсан. 1-5 жилийн ял төлөвлөөдөх гэсэн юм яриагүй. Б.Хэрлэн шүүгчтэй яриад шоронд явуулна гэдэг агуулгатай юм хэлсэн. Б.Хэрлэн шүүгчтэй ярьж байгаад Г-г шоронд явуулна гэдэг утгатай зүйл л хэлсэн. 1-5 жил гэдэг хугацаатай юм А надад огт хэлээгүй, харин Б.Хэрлэнтэй яриад Г-г шоронд нь явуулна аа гэсэн юм л хэлсэн. Хэрэг болдог орой О.Г-ийн төрсөн өдөр болсон. Би төрсөн өдөрт ирээд архи уусан. Дараа нь А-ынд очиж бас архи ууж байхад гаднаас Э үүрээр орж ирээд надад танай Г найзыг чинь эрүүлжүүлэхэд хийчхээд ирлээ гээд эрүүлжүүлэхийн камерт оруулж байгааг утсан дээрээ бичсэн бичлэгийг надад болон тэнд байгаа хүмүүст бүгдэд нь үзүүлсэн. Тэгэхээр нь би А-ын эхнэр Н-ээр цагдаад хүргүүлж очиход Г гараад явсан байсан. Тэгээд би тэндээс алхаад гэртээ харьсан. Би урд өдөр буюу 12-ны орой 7 цагаас хойш шөнөжин архи уусан байсан бөгөөд утсаар ярих үед архи сайн гараагүй, ер нь согтуу л байсан” гэж,

Гэрч Н.А: “Тус сумын иргэн О.Г, Д.Б, шүүгч Б.Хэрлэн нарыг нэг нутаг усанд амьдарч байгаа учраас бүгдийг нь танина, түүнээс хэн алинтай төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй. Энэ эрүүгийн хэрэгт намайг цагдаагийн байгууллага дуудаад гэрчийн мэдүүлэг авсан. Би гэрчээр мэдүүлэг өгснөөс өөрөөр яллагдагчаар татагдсан, яллах дүгнэлт үйлдсэн асуудал байхгүй. Хэрэг ямар шатандаа хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар юу ч мэдэхгүй. Б.Хэрлэнг зүс л танина. Шүүгчээр ажилладаг гэдгийг мэднэ өөрөөр танихгүй. Бидний хооронд ажил хэрэг болон өөр холбоо байхгүй. Би шүүгч Б.Хэрлэнгийн морийг уяж байсан тохиолдол огт байхгүй. Гэхдээ Б.Хэрлэн шүүгч морь уядаг, гэхдээ өөрөө морио уядаг гэдгийг бол мэднэ. Би О.Г-тэй морины асуудлаас болж чамайг ална, зүүн хараагаас зайлуулна гэж ярьсныг ёстой мэдэхгүй. О.Г бид хоёрын хооронд ямар ч тийм асуудал байхгүй. Олон жилийн өмнө миний морь наадамд түрүүлэхэд О.Г хасаж байсан. Тэгэхэд би морь хасах байсан бол яах гэж наадам хийсэн гэж хэлж байсныг санаж байсан. Сүүлийн жил би Хэнтийд амьдарч байсан тул энэ хүн хаана юу хийж явааг мэдэхгүй. 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би энэ сумандаа байсан. Гэхдээ би Б-тай утсаар огт яриагүй. Угаасаа би Б.Хэрлэн шүүгчтэй яриагүй, тийм шаардлага ч байхгүй. Б-тай ч ийм юм яриагүй болохоор энэ талаар надад хэлэх зүйл алга. Хэрвээ бичлэг байвал би өөрийнхөө дуу хоолойг танина. Тийм болохоор бичлэг гараад ирвэл тэр үед нь хүрч ирээд сонсоод тэр талаар мэдүүлэг дахин өгөхөд татгалзах зүйлгүй. Түүнчлэн яг асуудлаар би шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэр төрөө сэргээлгэхийг хүссэн” гэж,

Гэрч Т.Х: “Шүүгч Б.Хэрлэнг танина, төрөл садны холбоогүй, би морь уях их сонирхолтой уяач хүн, Б.Хэрлэн шүүгч бас уяач энэ хүрээндээ биесээ таньж мэднэ ээ. 2013 оноос хойш 2019 он хүртэл хамтарч морь уядаг байсан. 2019 оноос хойш би өөр газарт нүүгээд тусдаа морь уядаг болсон. Морь уядаг А гэдэг хүнийг танина. Гэхдээ хамтарч морь уяж байгаагүй. Үсэргээ сунгаан дээр таардаг байсан. А нь шүүгч Б.Хэрлэнгийн морийг уяж байхыг ерөөсөө хараагүй. Б.Хэрлэн өөрөө л морио уядаг. Би олон жил хамт байсан учраас сайн мэдэж байна. Хэдийгээр би сүүлийн үед салж нүүсэн ч гэлээ манай хоёрынх голын урд ард талд байдаг. Тэгэхээр хэнээр морь малаа уяулж байгааг маш сайн мэдэж байна. А хэзээ ч Хэрлэнгийн морь уяж байгаагүй. Анхнаасаа Хэрлэн өөрөө л морио уядаг” гэж, 

 Гэрч Т.Д: “Шүүгч Б.Хэрлэнтэй төрөл садны холбоогүй, миний хувьд  насаараа морь уяж байгаа аймгийн алдарт уяач хүн. Б.Хэрлэн шүүгч бас морь уядаг, тийм учраас энэ сонирхлын хүрээгээр биесээ таньж мэддэг болсон. Таньдаг болоод олон жил болжээ. Н-ын А хүнийг танина. Бас л аймгийн алдарт уяач болохоор танилгүй яахав. Хэрлэн бид 2 их ойрхон хараа бараандаа зусаж морио уядаг ба өөрөө л морио уядаг.  А нь Б.Хэрлэнгийн морийг уяж байхыг ерөөсөө мэдэхгүй,  би л лавдаа Хэрлэнгийн морийг уяж байхыг хараагүй, мэдэхгүй. Б.Хэрлэн өөрөө л морио уядаг. Би олон жил хамт байсан учраас сайн мэдэж байна. Г Шивэр гэдэг газар бэсрэг наадам зохион байгуулж морь уралдуулж байсныг бол мэднэ. Гэхдээ энэ наадамд миний зүгээс оролцож байгаагүй. Г-г багаас мэднэ гэхдээ морь уяж байхыг сайн мэдэхгүй. Миний хувьд А, Б, Г, Хэрлэн нарын хооронд ямар харилцаа байдаг гэдгийг  сайн мэдэхгүй байна. Би эдгээр хүмүүстэй ойр дотно биш болохоор мэдэхгүй байна” гэж тус тус мэдүүлжээ. 

Холбогдох шүүгч тайлбартаа: “...Шүүгдэгч О.Г, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Н.А-тай найз нөхдийн болон төрөл садны ямар ч холбоогүй...” гэжээ.

Гэрч С.Э: “О.Г, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт миний бие хохирогчоор тогтоогдсон бөгөөд уг хэргийг Мандал сум дахь шүүх шийдвэрлэсэн. Н.А нь Зүүн хараа буюу Мандал сумын алдарт уяач бөгөөд нэг нутаг усных гэдгээр танина. Түүнээс Н.А-тай садан төрөл, гэр бүлийн холбоо харилцаа байхгүй. Би морь уядаггүй. Тийм болохоор Н.А-аар морь уяулж байсан явдал огт байхгүй. Би энэ суманд төрсөн боловч 2012 онд  Баруун хараа сум руу шилжээд тэнд амьдарч байгаад 2024 онд буцаж шилжиж ирсэн. Б.Хэрлэнг шүүгч гэж сонсож байсан боловч тааралдаж ч байгаагүй. Түүнтэй найз нөхөд, садан төрлийн ямар ч холбоо хамаарал байхгүй. Хүмүүсийн ам дамжсан яриагаар Б.Хэрлэн шүүгчийг морь уядаг гэж сонсож байсан. Түүнээс морь уяж байхыг өөрийн нүдээр харж байгаагүй. О.Г ямар ч үндэслэлгүйгээр хүнийг гүтгэж байгаа. Энэ хүнээс болж би маш их хохирсон. Би энэ суманд буцаж ирснээс хойш Д.Б-аар дамжуулан Н.А-тай танилцсан. Тэгээд би Н.А-аас нэг даага худалдаж авч байсан. Нэг нутаг усных болохоор мэнд устай явдаг болохоос Н.А-аар морь малаа уяулаад байсан явдал огт байхгүй. Би хэдийгээр хурдан морьтой боловч Н.А-аар морио уяулж байсан явдал огт байхгүй. Хэрэг болдог шөнө би Н.А-г дуудаж тусламж хүсэж эмнэлэгт очсон. Тэгээд Н.А энэ асуудлаар тухайн хэрэгт гэрчээр оролцож, мэдүүлэг өгсөн. Шүүгч Б.Хэрлэнг таньж мэдэхгүй бөгөөд түүнд энэ хэргийн талаар ярих шаардлага огт байхгүй, яриа ч үгүй. Энэ хүн албаар шүүх хуралдааныг хойшлуулах гээд янз бүрийн ямар ч хамааралгүй юм ярьдаг. Надад онц харгис хэрцгий аргаар хохирол учруулчхаад өнөөдрийг хүртэл уучлал гуйгаагүй. Түүний ярьж байгаа юманд ямар ч үнэн зөв байхгүй, дандаа худал ярьдаг.  Өөрөө надад “...би мөнгө төгрөг  өгөөд хэргээс гараад явчихна, чамд 20 жилийн ял төлөвлөнө... гэж ярьж байсан хүн шүү дээ” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар дараах үндэслэл байвал шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй. Үүнд:

-оролцогчийн хувиар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, эсхүл оролцохоор бол;

-тухайн хэргийн прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн бол;

-өмнө нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч, оролцогч, бусад оролцогч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон бол;

-өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол гэжээ.

Дээр дурдсанаас үзэхэд өргөдөл гаргагч нь  “...Н.А нь Б.Хэрлэн шүүгчийн морийг уядаг...” гэх  баримт байхгүй талаар мэдүүлсэн ба энэхүү нөхцөл байдал нь шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй болно.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно гэж заасан.

Хэрэв шүүгч шууд болон шууд бусаар тухайн хэрэгт хувийн сонирхолтой гэж үзэж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангах ба энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-т заасан “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1-т “ “хувийн харилцаатай” гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгоно. Тухайлбал, аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн зэрэг ашгийн төлөө үйл ажиллагаа хамт эрхэлдэг, хөрөнгийн биржээр дамжуулж нийтэд зарагдсан болон төрөөс иргэн бүрд эзэмшүүлснээс бусад тохиолдолд аж ахуйн нэгжийн хувьцааг хамтран эзэмшдэг, аливаа байдлаар ашиг орлого, зардал хуваахад эрх үүрэг харилцан хүлээдэг; найз нөхдийн дотно, эсхүл хувийн таарамжгүй харилцаатай бол “хувийн харилцаа”-тай гэж үзнэ. Нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, олон нийтийн цахим сүлжээнд “дагагч”, “найз” зэргээр холбогдсон, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа, түүнчлэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бараа, ажил үйлчилгээг нийтэд зарласан нөхцөлөөр авсан зэрэг нь “хувийн харилцаа”-нд хамаарахгүй” гэжээ.

Шүүгч Б.Хэрлэн эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоогдсон С.Э, эрүүгийн хэргийн гэрч Н.А-тай хувийн ашиг сонирхлоор холбогдсон, найз нөхдийн холбоотой...” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд нэрлэн заасан ба холбогдох шүүгч тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргаагүй байна.

Харин шүүгдэгч /өргөдөл гаргагч/ О.Г 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “...А нь Хэрлэн шүүгчийн уяач, хохирогч Э нь А-ын хуурай дүү, ...хоёул А-аар морио уяулдаг, хувийн ашиг сонирхлоор холбогдсон найз нөхдийн холбоотой...” гэсэн үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс  татгалзан гаргах  хүсэлт  гаргасныг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хангахаас татгалзжээ. 

О.Г нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан ба түүний өмгөөлөгч Л.Б уг хүсэлтийг хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан, Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор татгалзлыг шийдвэрлэх харьяалал тогтоосны дагуу  Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзжээ.

Үүний  дараа 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд  шүүгдэгч нь “…гэрч А нь Хэрлэн шүүгчийн морийг уядаг бөгөөд хэргийн оролцогч болох хохирогч Э А-ийн хуурай дүү мөн Хэрлэн, Э нар А-аар морио уяулдаг нь хувийн ашиг сонирхлоор холбогдсон найз нөхдийн холбоотой ...Хэрлэн шүүгч өөрийн фейсбүүк хуудсанд хэргийн оролцогч болох А-ийн наадамд түрүүлж айрагдсан морьдын зургийг дотночилж хадгалсан байгаа. Тиймээс хэргийн оролцогч А-тай хувийн харилцаатай гэж үзэж байгаа. ...Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан заалтыг зөрчиж Хэрлэн шүүгч надаас хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авсан. ...энэ асуудлаар Шүүхийн сахилгын хороонд хандсан бөгөөд ... сахилгын хэрэг Хэрлэн шүүгчид үүсгэгдсэн. ...өөрийг нь олон хуулийн байгууллагад шалгуулж байгаа тул надтай таарамжгүй харилцаатай юм. Иймээс Хэрлэн шүүгч буюу түүний томилсон удирдлагад нь хамтран ажилладаг шүүх бүрэлдэхүүнээс энэ хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт эргэлзэж байгаа...” гэсэн  үндэслэлээр дахин татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “...Б.Хэрлэн шүүгчийг хуулийн олон байгууллагад шалгуулж байгаа болохоор шүүгчтэй таарамжгүй харилцаатай гэж бичээд байгаа нь хуулийн үндэслэлгүй. ...шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гарах хүсэлтдээ хавсаргасан баримт болох Б.Хэрлэнгийн фейсбүүк хаягаас ... нотлох баримт болгож байгаа уяач А гээд байгаа зураг нь 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б.Хэрлэнгийн хүү Х.Т-ийн үсний найранд уригдсан морьд /Борнуур сумын уяач Ж гэх хүн өөрөө зогсож байгаа/ болохыг дурдах нь зүйтэй...” гэх үндэслэлээр татгалзал гаргаагүйд тооцжээ. 

Дээр дурдсанаар хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүнийг татгалзах гаргах эрхээ хэрэгжүүлсэн, уг асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн байна.

2.2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, 42 дугаар зүйлийн 42.1-т “Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана” гэж заасан.

Холбогдох шүүгч тайлбартаа: “...хэрэг гарсны маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Н.А нь надтай утсаар огт яриагүй /ер нь утсаар ярьдаггүй/,  ...” гэжээ.

Гэрч Н.А мэдүүлэгтээ: “...2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би энэ суманд байсан. Гэхдээ би Б-тай утсаар огт яриагүй. Угаасаа би Б.Хэрлэн шүүгчтэй яриагүй, тийм шаардлага ч байхгүй. Б-тай ч ийм юм огт яриагүй болохоор энэ талаар надад хэлэх зүйл алга...” гэжээ.

Гэрч Д.Б мэдүүлэгтээ “...А хэрэг болсны маргааш өдрийн 12 цагийн үед залгаад Т дүүгийн чинь төмсгийг Г зассан байна гэж хэлэхэд юу гээд балайраад байгаа юм гээд утсаа салгасан. Гэтэл дахиад залгаад Т-ийн төмсөг арай л болчихжээ эмнэлэг явах гэж байна гэсэн. Тэгээд наад Г зассан байна. Сая би Хэрлэн шүүгчтэй яриад наад муу Г-г чинь шоронд хийнэ ээ гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхээр нь би Г-той яриад энэ тухай хэлснийг Г бичиж авсан юм байна. Урд нь би ийм юм ярьснаа санахгүй байсан. Бичлэг сонсоод саналаа. А шүүгч Б.Хэрлэнтэй ярихад би хамт байгаагүй,  гэртээ байхад А надад утсаар л ярьсан.  1-5 жилийн ял төлөвлөөдөх гэсэн юм яриагүй. Б.Хэрлэн шүүгчтэй ярьж байгаад Г-г шоронд явуулна гэдэг утгатай зүйл л хэлсэн. 1-5 жил гэдэг хугацаатай юм А надад огт хэлээгүй, харин Б.Хэрлэнтэй яриад Г-г шоронд нь явуулна аа гэсэн юм л хэлсэн. ...Би урд өдөр буюу 12-ны орой 7 цагаас хойш шөнөжин архи уусан байсан бөгөөд утсаар ярих үед архи сайн гараагүй, ер нь согтуу байсан” гэжээ.

 Шалгах ажиллагааны явцад гэрч Х.Э утсаар ярьсан гэх бичлэгийг гаргаж өгсөн ба өргөдөл гаргагч О.Г “... Б-тай утсаар ярьснаа бичиж авсан...” талаар гэрчийн мэдүүлэгтээ дурдсан.

Уг бичлэгт үзлэг хийхэд утсаар яригч нь “...Хэрлэн мэрлэн рүү ярьсан л сураг байна, шүүхийн Хэрлэн рүү ярьсан Г-д ял төлөвлөх үү гээд тиймэрхүү юм яригдсан гэсэн шүү, ...А хэрлэн хоёр л хоорондоо ярьсан юм шиг байна, ...тийн Хэрлэн рүү ярьж хэлсэн гээд өчигдөр над руу яриад байсан ... ” гэсэн яриа бичигдсэн ба өөрийнх нь дуу хоолой мөн болохыг гэрч Д.Б хүлээн зөвшөөрсөн. 

Үүнээс үзвэл Д.Б нь согтуудаа О.Г-тэй ярьснаа үгүйсгээгүй бөгөөд “...А нь Б.Хэрлэн шүүгчтэй ярьж байгаад Г-г шоронд явуулна гэдэг утгатай зүйл л хэлсэн. 1-5 жил гэдэг хугацаатай юм огт хэлээгүй...” гэсэн бол, гэрч А нь “...Хэрлэн шүүгч болон Б-тай утсаар огт яриагүй...” гэж мэдүүлжээ.

Шүүгч  Б.Хэрлэнгийн 99... дугаарын гар утаснаас 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гадагш гарсан дуудлага, мөн иргэн О.Г-йн 99..., иргэн Н.А-ын 99... дугаарын гар утаснаас залгаж ярьсан ярианы бичлэг, лавлагааг гаргуулах хүсэлтэд “Мобиком корпорац” ХХК-ийн Зүүнхараа салбар  “...техникийн нөхцөлөөс хуулга гаргах боломжгүй” гэжээ. 

Яллагдагч Д.Б, О.Г нар бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө ...Мандал төвийн гадна, эсрэг талд байрлах Нэгдсэн эмнэлгийн гадна сааданд хохирогч С.Э-г зодож, ...гэмтэл учруулсан үйлдэлд цагдаагийн байгууллага С.Э-ийн өргөдлөөр 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж улмаар прокурор 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр яллах дүгнэлт үйлджээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэгт цагдаагийн байгууллага хуульд заасан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор яллах дүгнэлт үйлддэг.

Нэр бүхий яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийн хувьд шүүгч Б.Хэрлэн иргэнийхээ хувьд цагдаагийн байгууллагад ямар нэгэн гомдол гаргаагүй бөгөөд цагдаа, прокурор нь шүүгчийн хүсэлтээр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлгүй юм.

Иймд өргөдөлд дурдсан “...хэрэг гарсны маргааш н.А нь би Б.Хэрлэн шүүгчтэй яриад н.Г-д 1-5 жил хүртэл ял төлөвлөөдөх гэж хэлсэн ...намайг яллах асуудлыг анхнаасаа н.А, н.Э нар Б.Хэрлэн шүүгчид захиалсан” гэх гомдол тогтоогдоогүй болно.

3. Өргөдөлд дурдсан “...шүүгч Б.Хэрлэн надаас хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авсан. Тухайлбал ээжийнхээ буяны ажлыг манай ресторанд хийсэн бөгөөд нэг хүний зардал нь 45,000 төгрөг байхад 23,000 төгрөгөөр хийж хөнгөлөлттэй үйлчилгээ авсан...” гэх гомдлын тухайд

Гэрч О.Г 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр: “...Б.Хэрлэн шүүгчийн ээж бурхан болоод буяны цайллага хийх гээд манай Мандал төвд цайллага хийе, хөнгөлөлт байна уу гэж өөрөө асуусан. Би тэр үед хөнгөлөлтэй үнээр үйлчилж өгсөн, гэхдээ яг хугацааг нь тодорхой санахгүй байна. Миний холбогдсон хэргээс өмнө үү дараа юу гэдгийг нарийн санахгүй байна. Ямар ч байсан надаас үйлчилгээний хөнгөлөлт авч байсан...” гэсэн бол 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр: “...надад ямар нэг зорилго байгаагүй. Б.Хэрлэн шүүгч ээжийн буяны ажлын цайллага хийх гэсэн юм гэхээр нь эхнэртэй уулзуулаад сайн хямдруулж өгөөрэй гээд  нэг хүний төлбөрийг 25,000 төгрөгөөр тооцож хямдруулсан. Б.Хэрлэн шүүгч хөнгөлөлт үзүүлээч гэж хэлээгүй, буяны ажлын цайллагыг танай дээр хийчих юм уу  гэхээр би аль болохоор л хөнгөлсөн, үүндээ хариу нэхээгүй би өөрийн сайхан сэтгэлээр л ээжийг нь бодож хөнгөлөлт тусламж үзүүлсэн юм. 25,000 төгрөгөөр хийж байна шүү гэдгээ хэлэхэд өө за баярлалаа гэсэн. Сайхан сэтгэлээр л тусалсан. Ямар нэгэн хариу нэхээгүй, тийм зорилго ч байгаагүй. Энэ асуудал хэрэгт холбогдохоос өмнө болсон асуудал юм. Б.Хэрлэн шүүгчид өмнө нь үйлчилгээний хөнгөлөлт үзүүлж байсан болохоор өөрийнхөө холбогдсон хэрэгт туслалцаа үзүүлэхийг хүсээгүй ээ, би энэ талаар юу ч яриагүй” гэж тус тус мэдүүлсэн.

Гэрч Х.Э 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “…Шүүгч Б.Хэрлэн ...9 сард байх буяны ажлаар үйлчлүүлсэн. ...нөхөр хөнгөлөлт үзүүлээдэх гээд байхаар би 45,000 төгрөгийн багцыг 50 хувиар хөнгөлж 23,000 төгрөгөөр өртөг үнээр тооцож үйлчилгээ үзүүлсэн, ...Мандал төв нийтэд зориулсан үйлчилгээ явуулдаг, үүнд солонгос хоол, эвент зохион байгуулдаг, түргэн хоолны сүлжээ ажиллуулдаг, караоке ажиллуулдаг. Б.Хэрлэн шүүгчид буяны үйлчилгээ үзүүлэх үед манайх 4-5 удаагийн буяны ажил зохион байгуулсан байсан. Гэхдээ тариф нь хоолны меню шиг нийтэд ил байдаггүй. Харин тухайн үед өмнөх жишгийн дагуу багцын үнийг 45,000, 65,000 гэж тогтоосон байсан. Буяны үйлчилгээ үзүүлэх үед өргөдөлд дурдсан хэрэг гараагүй байсан....” гэж мэдүүлсэн.

Гэрч М.М мэдүүлэгтээ: “...миний хадам ээж Д 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бурхан болсон. Тэгээд буяны ажлын цайллага хийх газраа олох зорилгоор Мандал сум дахь үйл ажиллагаа явуулдаг бүхий л ресторанд орсон. Компорт ресторан 150 хүн хүлээн авах боломжгүй гэсэн. Нарны өртөө ресторан тэр өдрөө ажилтай гэсэн. Тэгэхээр нь шинээр нээгдсэн Мандал төв рүү орсон. Тэгэхэд үүдэнд нь Г зогсож байсан ба ахаа сайн уу,  хаана хүрч явна гээд Хэрлэнтэй өөрөө эхэлж мэндэлсэн. Тэгэхэд учир шалтгаанаа хэлээд танайх хэдэн хүн хүлээж авах боломжтой гэж асуухад дээшээ гараад рестораны багтаамж харчих, дөнгөж саяхан нээгдсэн тул буяны ажил цайллага хүлээж аваагүй байгаа гэсэн. Тэгснээ эхнэртэйгээ яриад хүрээд ир гэсэн. Ирэхэд нь Хэрлэн манайх 150 хүн ирнэ, багтаамж бий юу гэхэд болно оо багтаамжтай, ширээг нь ингээд засчихъя гээд зөвшөөрсөн тул хийхээр болсон. Ямар багц байгаа вэ? Меню байгаа юу гэхэд манайх багц гэж юм гаргаагүй, анх удаа ийм цайллага орж ирлээ гээд багц байхгүй гэсэн. Тэгээд эхнэр нь та хоолоо сонгочих, хэдэн төгрөг болохыг нь тооцоод буцаагаад хэлье гэж хэлсэн. 2 хоногийн дараа яриад меню нь гарсан гэсэн. Хар шөл хагасаар 7000, жигнэсэн мах 15,000, цай 1000 нийт 23,000 төгрөг болж байна гэдгээ хэлсэн. Бид үүнийг зөвшөөрөөд цайллагаа хийхээр болоод 150 хүнээр захиалгаа өгсөн. Төлбөрөө бүрэн шилжүүлсэн гэсэн. Хэрлэнгийн ах Б-ийн Е-ийн данснаас шилжүүллээ гэж хэлсэн. 45,000 төгрөгийн багц гэдгийг одоо л сонсож байна. Бодитоор хоолны үнээ тооцоод биднээс авсан. Өөрсдөө 23,000 төгрөг гэж л хэлсэн ямар ч багц энэ тэр байгаагүй. 120 хүн арай хүрээгүй, 2 ширээ эзэнгүй байсан. Гэхдээ бид тооцоогоо 150 хүнээр хийсэн. Үлдсэн хоолоо яах юм гээд асуугаад байхаар танайх ажилтандаа өгчихөө бид үлдсэн хоол авахгүй гэж хэлсэн. Б.Хэрлэн архи огт уудаггүй...” гэжээ.

Холбогдох шүүгч тайлбартаа: “...ээж М.Д 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр оршуулах ёслол болж буяны ажилд оролцсон хүмүүсийг хүлээн авах ажиллагааг Мандал төвөөр үйлчлүүлсэн. ...Ээжийг нас барсны дараа оршуулах ёслолоос 4-5 хоногийн өмнө эхнэр М.М-ийн хамт Мандал төв дээр очиж О.Г болон түүний эхнэр Э нартай уулзаж буяны ажлын цайллагыг танай ресторанд хийе олон хүн ирэх учир томоохон газар хэрэгтэй байна гэхэд 2-3 хоногийн дараа хариу хэлнэ манайх нэг ч удаа ийм буяны ажлын хүлээн авалт хийгээгүй,  гаргасан меню байхгүй гэсэн. Бид зөвхөн 1, 2 дугаар хоол хийгээд өгчихвөл болно гэсэн санал тавьсныг тэд хүлээн аваад 2 хоногийн дараа бидэнд хоолны үнээ хэлсэн.

Тухайн үед эднийх ямар таксгүй байсан бөгөөд манай буяны ажил анхных нь байсан тул зөвхөн хоолыг хийж өгөөд хоолны мөнгөө авна гэж тохиролцсон болохоос 45,000 төгрөгийн багц 23,000 болгож хөнгөрүүлсэн зүйл огт болоогүй. Нэгдүгээр хоол хар шөл хагасаар 7000 төгрөг, хоёрдугаар хоол жигнэсэн үхрийн мах бүтнээр 15,000 төгрөг, цай 1000 төгрөг гээд нийт 23,000 төгрөгөөр тооцож 150 хүний 3,450,000 төгрөг төлсөн. Үүн дээр закусканы үнэ нэмээд нийт 3,750,000 төгрөгийг миний төрсөн ах Б-ийн Е нь өөрийн ... дугаарын данснаас О.Г-ийн Хас банк ... дугаарын данс руу 3,750,000 төгрөгийг мобайлаар төлсөн байна.

Энэхүү буяны цайллага өргөдөл гаргагч О.Г-г хэрэгт холбогдохоос 02 сарын өмнө болсон учир эрүүгийн хэрэгт ямар ч хамааралгүй гэж үзэж байна. О.Г 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр энэ хэрэгт холбогдсон,  хэрэгт нь Цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор яллах дүгнэлт үйлдээд хэрэг нь 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд шилжин ирсэн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд тухайн үед Нарны өртөө, Компорт гэсэн газрууд голлон буяны үйл ажиллагааг хүлээн авдаг байсан боловч Компорт нь хүн багтахгүй, Нарны өртөө нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөр  буяны ажил хүлээн авахаар тохирсон байсан тул 150 хүн багтах зайтай буюу том гэдэг утгаар нь Мандал төв дээр ирж О.Г Х.Э нартай эхнэр М.М-ийн хамт уулзаж тохиролцсон...” гэжээ.

Сахилгын хэрэгт  авагдсан нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр М.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан, Б Е-ийн ... дугаар данснаас 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр О.Г-ийн Хас банкны ... дугаарын дансанд “хоол” агуулгаар 3,750,000 төгрөг шилжсэн болох нь тогтоогдож байна.

Сахилгын хорооны 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0033 дугаар тогтоолд “...өргөдөл гаргагчийн ресторан өмнө нь буяны үйл ажиллагаа зохион байгуулж байсан эсэх, хэрэв байсан бол шүүгч Б.Хэрлэнгийн ээжийн буяны ажлыг зохион байгуулсан үеийн үнийн харьцуулалт хийх, шүүгч өргөдөл гаргагчийн ресторанаас үйлчилгээ авах үед багц хоолны цэсээр үйлчилдэг байсан эсэхийг шалган тогтоох, шүүгчийн буяны ажилд зориулан авсан гэх 23,000 төгрөгийн үнэ бүхий хоол нь рестораны тухайн хоолны цэсэд бичигдсэн үнийн дүнтэй тохирч байгаа эсэхийг шалгах...” гэжээ.

Энэ талаар гэрч Х.Э 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэгт “...Үйлчилгээний төлбөр болох багцыг үнийг ахлах тогооч болон менежер хоёр тогтоогоод захирлаар батлуулдаг. Энэ баримт Улаанбаатар хотод байгаа учраас бэлэн болгоод өгч болно. Б.Хэрлэн шүүгчид буяны үйлчилгээ үзүүлснээс хойш энэ төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа, баримтууд ч байгаа. Ер нь бол 45,000, 65,000 төгрөг гэдэг бол доод талын тариф. Түүнээс 23,000 гэдэг бол өртөг үнэ тул энэ үнээр үйлчилгээ үзүүлэх боломжгүй юм. Тухайн үед ямар нэгэн хэрэг төвөг гараагүй байсан. Нөхрийн зүгээс Б.Хэрлэн шүүгчид аль болох боломжоор хөнгөлөлт үзүүлчхээрэй гэхээр төлбөрийг өртөг үнээр тооцсон. Түүнээс Б.Хэрлэн шүүгч дарамт шахалт үзүүлсэн, бид ямар нэгэн давуу байдал олох гээд төлбөрийг хөнгөлсөн явдал байхгүй. Нөхөр О.Г-д холбогдох эрүүгийн хэргээс өөр манай гэр бүл болон компанийн зүгээс шүүхэд өргөдөл, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байсан удаа байхгүй. Хамгийн ихдээ 65,000 төгрөгийн төлбөрийг 20 хувиар хөнгөлж байсан. 45,000 төгрөгийн үйлчилгээний хувьд хөнгөлөлт үзүүлж байсан удаагүй. Миний хувьд тэр хүнийг шүүгч хийдэг гэж мэдээгүй. Харин морь уядаг гэдгээр л мэднэ. Нөхрийгөө боломжийн хэмжээгээр хөнгөлөлт үзүүлээрэй гэсэн болохоор 23,000 төгрөг болгосон. Түүнээс биш шүүгч гэдгийг мэдээгүй тул тэр утгаар нь хөнгөлөлт үзүүлсэн биш ээ.  65,000 төгрөгийн төлбөрт цай, зууш, ус, ундаа бэрэс, 1, 2 дугаар хоол, 45,000 төгрөг нь 1, 2 дугаар хоол, цай, бэрэс зууш багтаж байгаа. Энэ хоёр нь махаараа ялгаатай, Б.Хэрлэн шүүгчид өгсөн хоолны үнэнд цай, зууш 1.2 дугаар хоол бэрэс, хоол нь бинтэй хар шөл, үхрийн жигнэсэн мах орсон. Энэ утгаараа 65,000 төгрөгийн багц юм. Эднийх гаднаас өөрсдөө ус ундаагаа оруулсан учраас 45,000 төгрөгөөр тооцсон юм. 150 хүний захиалга өгсөн боловч 120 хүн орсон. 150 хүнээр тооцоо хийсэн. Үлдэгдэл хоол, ширээн дээр үлдсэн чихэр жимсийг ядарсан хүмүүст өгөөрэй гээд арын албыг нь хашиж байсан хүмүүст пакетлаад өгөөд явуулсан” гэжээ. 

Х.Э-ээс гаргаж өгсөн буяны цайллагын технологийн картад 2025 онд сүүтэй цай 2000, брэс 790-923, зууш 1450-1560, 1 дүгээр хоол 7350-11015, 2-р хоол 11360-11870 төгрөгөөр тооцсоныг ахлах тогооч А баталсан байна.

Б.Хэрлэн шүүгчийн авсан буяны цайллагад орсон цай, зууш, 1, 2 дугаар хоол брэсийг дээрх үнэлгээгээр тооцвол нийт 22.950-27.368 төгрөг болж байна.

Мөн Мандал төвийн 2024 оны захиалгын хуудас гэх 4 баримтад 80 хүн 45.000 төгрөг, 70 хүн 45.000 төгрөг гэж 2 удаа тэмдэглэгдсэн ба бусад хэсэгт үйлчлүүлэгчийн тоо, төлбөр төлсөн эсэх, бүтэгдэхүүний тоо хэмжээг бичжээ.

Дээрхээс үзвэл 45.000 төгрөгийн үйлчилгээг 23.000 төгрөгийн өртөг үнээр тооцсон гэсэн гэрч Х.Э-ын мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй байна. 

Харин Мандал төв буяны цайллага меню гэх баримтад үнэ 45.000-65.000 гэж бичсэн боловч уг баримтыг хэзээ үйлдсэн ямар хугацаанд үйлчилж байсан нь тодорхой бус тул үнэлэх боломжгүй гэж үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.8-т зааснаар шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн болон хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авахыг сахилгын зөрчилд тооцно. Өөрөөр хэлбэл шүүгч шүүн таслах ажлаа хэрэгжүүлэхдээ хэргийн оролцогчоос үйлчилгээ авах, хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд дээрх зөрчлийн шинжийг бий болгоно.

О.Г-ийг эрүүгийн хэрэгт холбогдохоос 2 сарын өмнө шүүгч Б.Хэрлэн нь ээжийнхээ буяны цайллагыг ажиллуулдаг түүний ажиллуулдаг Мандал төвд хийж, тохиролцсон төлбөрөө  бүрэн төлсөн, энэ талаар ямар нэгэн маргаан гараагүй байна.

Холбогдох шүүгч төлбөрийг багасгах, хөнгөлөлт үзүүлэх талаар хүсэлт санал гаргаагүй бөгөөд  О.Г нь 1 хүний төлбөрийг 23,000 төгрөгөөр тооцсон нь шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоогүй болох нь түүний “...шүүгч хөнгөлөлт үзүүлэх талаар хэлээгүй, ээжийг нь бодож  хөнгөлөлт үзүүлсэн, сайхан сэтгэлээр л тусалсан. ямар нэгэн хариу нэхээгүй, тийм зорилго ч байгаагүй, энэ асуудал хэрэгт холбогдохоос өмнө болсон, ...өөрийнхөө холбогдсон хэрэгт туслалцаа үзүүлэх талаар хүсээгүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба энэ үед өргөдөл гаргагч, түүний гэр бүлтэй холбоотой ямар нэгэн хэрэг маргаан тус шүүхэд хянагдаж,  шийдвэрлэгдэж байгаагүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. 

Иймд холбогдох шүүгч өргөдөл гаргагчийн ажиллуулдаг Мандал төвд буяны цайллага хийснийг дээрх зөрчилд хамаарахгүй гэж үзэв.

4. Өргөдөлд дурдсан “...манай ресторанд хоол идэж байх үед нь хүнд гүтгэгдсэн ийм асуудалд холбогдлоо гэхэд би судалж үзсэн, их төвөгтэй асуудал байна. Сайн өмгөөлөгч авахгүй бол шоронд явна гээд Дарханы өмгөөлөгчийн дугаарыг өгсөн. Гэхдээ би тэр өмгөөлөгчийг нь аваагүй болно. Үүнд хорссон учраас миний холбогдсон хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт би эргэлзэж байна...” гэх гомдлын тухайд

Гэрч О.Г: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 13-ны орой 10 өнгөрч байхад захиргааны урд машиндаа сууж байхдаа өөрийн 99... дугаарын утсаар Б.Хэрлэн шүүгчтэй /99-тэй дугаар байсан/ утсаар нь залгаж “намайг Зүүнхараагаар дүүрэн гүтгээд байна, тийм юм ерөөсөө болоогүй камерын бичлэг нотолно” гэж ярихад харин тийм байна Зүүнхараагаар нэг яриад байна гэсэн тэгэхэд би өмгөөлөгч олж өгөөч танд сайн хүн байна уу гэхэд Дарханы өмгөөлөгч гээд нэр, утасны дугаар өгсөн. Би тэр хүнтэй ярьсан боловч яриа нь таалагдаагүй тул тэр өмгөөлөгчийг аваагүй. Тэр үедээ асуугаад ярьсан. 2 жил өнгөрсөн болохоор нэр, утасны дугаар санахгүй байна. Өглөө босоод ирэхэд Б надтай утсаар яриад “А Хэрлэн шүүгчтэй яриад чамд 1 -5 жилийн ял төлөвлөж байгаа гэнэ гэсэн тэгэхээр нь би орой нь шүүгчтэй холбогдоод өмгөөлөгч асуусан. Энэ үед надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн, цагдаагаас дуудсан асуудал байгаагүй. Намайг машинд сууж байхад эхнэр над руу залгаад “цагдаагаас М дэслэгч мөн айти инженертэй ирээд камерын бичлэг шүүх гэж байна, цагдаагаас шалгаад эхэлсэн юм байна гэж хэлсэн. Тэгэхээр би бичлэгийг бүтнээр нь өгөөрэй гэж хэлээд, шүүгчээс өмгөөлөгч асуусан...” гэж мэдүүлсэн.

Гэвч гэрч Х.Э энэ талаар: “…2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дараа огноог санахгүй байна. Манай төвийн вип өрөөнд 1 хүнтэй ирж хоол идсэн. Хамт явсан хүнээрээ дуудуулаад бид 2 хамт ороод манай нөхөр энэ асуудлыг хэлээд яах ёстой вэ гэхэд аягүй ярвигтай хэрэг байна лээ. Өмгөөлөгч ав гээд Дарханых гээд нэг өмгөөлөгчийн дугаар өгсөн. Орой нь нөхөр тэр өмгөөлөгчтэй нь ярьсан боловч итгэхгүй байна гээд аваагүй. Энэ ярианы бичлэг байхгүй...” гэж  мэдүүлсэн нь О.Г-ийн мэдүүлэгтэй зөрүүтэй байна.

“Мобиком корпорац” ХХК-ийн Зүүнхараа салбараас “Мобикомын дугаарын ярианы дэлгэрэнгүй билл нь техникийн нөхцөл, төлбөр тооцоотой холбоотойгоор сүүлийн 3 сарын дэлгэрэнгүй лавлагаа гардаг учир ярианы хуулга гаргах боломжгүй” гэсэн хариу өгчээ.

Шүүгч тайлбартаа: “...би эдний ресторанд орж хоол идээд шүүгдэгч О.Г-тэй уулзаж хэргийн талаар ярьж Дарханы тийм өмгөөлөгч ав гэж огт хэлж байгаагүй. ...О.Г-тэй ямар ч хувийн харилцаа холбоо байхгүй...” гэжээ.

Шалгах ажиллагааны явцад шүүгч Б.Хэрлэн нь О.Г-тэй хэргийн талаар ярьж Дарханы өмгөөлөгчийн дугаарыг өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ”, 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг ээдрээ төвөгтэй гэж шүүгч үзвэл энэ тухай саналаа Ерөнхий шүүгчид гаргаж, тухайн хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэж болно” гэж заасан.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “Шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-ыг баталсан.

Тус журмын 2.2-т “Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хэрэг хуваарилах журамд заасаар хэргийг ердийн журмаар хэрэг хуваарилах аргаар системээс хуваарилна. Энэ арга нь хэрэг хуваарилах журамд заасны дагуу нэгдсэн системд мэдээллээ хийхэд систем өөрөө хэргийг “ердийн журмаар” хэрэг хуваарилах аргаар “тойрог дотор санамсаргүй тохиолдлоор” хуваарилна, 3.6-т “шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг ээдрээ төвөгтэй гэж шүүгч энэ тухай саналаа Ерөнхий шүүгчид гаргасан тохиолдолд шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг Ерөнхий шүүгч томилно” гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагч О.Г, Д.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн, бөгөөд тус хэрэг системээс санамсаргүй тохиолдлоор Ерөнхий шүүгч Б.Хэрлэнд хуваарилагдсан болох нь Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд хийсэн үзлэгээр тогтоогдсон.

Ерөнхий шүүгч Б.Хэрлэн нь 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус эрүүгийн хэрэг ээдрээ төвөгтэй гэж үзэн тухайн хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх санал гаргасныг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 04 дүгээр тогтоолоор саналыг хангаж, хэрэг хуваарилах журмын дагуу системээс бүрэлдэхүүнийг сонгохыг Мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Б-т даалгасан, бүрэлдэхүүнд шүүгч Ч.М, Б.Э нар системээс томилогдсон, энэхүү үйл ажиллагаа хууль зөрчөөгүй байна. 

Иймд өргөдөлд дурдсан “...хамгийн ноцтой нь хэргийг дангаараа шийдэхээр хуульд заасан боловч би 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийднэ гэж мэдэгдсэн. Энэ бол өөрөө хэл аманд орохоос айж, 2 шүүгчийг хамт шийдсэн гэж бултах гэсэн үйлдэл гэж үзэж байна. Ерөнхий шүүгч нь учраас бүрэлдэхүүнд орсон шүүгч шударгаар шийдэж чадахгүй...” гэх гомдол үндэслэлгүй.

6. Өргөдөлд  “Миний зүгээс урьдчилсан хэлэлцүүлгээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг гаргахад хүлээн аваагүй. Миний бодлоор Б.Хэрлэн шүүгчийн эхнэр нь энэ хэргийн мөрдөн байцаалтад нөлөөсөн Зүүнхараагийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн дарга дэд хурандаа н.Б-ны ээжийнх нь дүүгийн хүүхэд, надаас 500,000,000 төгрөг аваад эд хөрөнгөө өгөөгүй н.Б нь н.Б-ны бэр, Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокурор нь н.Б-гийн ээжийнх нь хамаатан юм. Хамгийн гол нь дэд хурандаа н.Б нь удаа дараа манай ресторанд орж ирээд Зүүнхараад миний үгээр явахгүй бол чамайг шоронд хийнэ гэж заналхийлж байсан бөгөөд н.Б нь н.Б-ыг Зүүнхараагийн цагдаагийн хэлтийн дарга болоход 500,000,000 төгрөгийн хахууль хэрэгтэй, надад 250,000,000 төгрөг өг гэж нэхэж байсан. Үүнийг нь өгөөгүй учраас намайг хилсээр яллах ажил зохион байгуулж байгаа гэж би бодож байгаа. Хохирогч гэх н.Э нь н.Б-ийн нөхөртэй нь нэг анга, үй зайгүй найзууд, мөрдөгч нар миний буруугүйг нотлох 1 цаг 30 минутын бичлэгийг авч явсан хэр нь хэрэгт хавсаргаагүй. Миний энэ ярьж байгаа бүхэн баримт нотолгоо гэрчтэй бөгөөд би холбогдох хуулийн байгууллагуудад нь гомдлоо хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлсний дараа гаргана. Ийм учраас хэргийг мөрдөн байцаалтад буцаагаагүй гэж бодсон...” гэжээ.

Гэрч М.М мэдүүлэгтээ: “...Г.Б-ны ээж миний төрсөн эцэг М-ийн төрсөн дүү юм аа. Манай аав 2017 онд нас барсан. Миний ээж одоо амьд сэрүүн байдаг. Цагаан сараар ирж золгодог. Өөрөөр тийм холбоо байдаггүй. Г.Б-ны төрсөн дүү Г.Т-ны эхнэр Б-ийн хамаатан Э гэдэг хүн Сэлэнгэ аймгийн прокурорт ажилладаг гэж сонссон. Тэр хүнтэй манай гэр бүлийн зүгээс ямар нэгэн харилцаа холбоо огт байхгүй. Олон жилийн өмнө энэ хүн Мандал сумын прокурор байсан гэдгээр мэднэ. Уулзаж барьж байсан явдал байхгүй. Г.Т нас бараад 2 жил болж байна” гэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар шүүгч хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулдаг.

О.Г-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан цагдаагийн байгууллага, хяналт тавьсан прокурорын байгууллага, тэдгээрийн удирдлага, албан тушаалтантай холбогдох асуудлыг Сахилгын хороо шалгаж шийдвэрлэх чиг үүрэггүй тул өргөдөл гаргагч нь энэ талаарх гомдлоо эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.

7. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т “албан үүрэгтэй нь холбоотой, эсхүл өөрт итгэмжлэн мэдэгдсэн албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулах”, 50.1.4-т “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх”, 50.1.6-т “бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн аливаа мэдээллийг шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өөр зорилгоор ашиглах”-ыг шүүгчид хориглосон.

Сахилгын хорооны 0033 дугаар тогтоолд “...шүүгч тайлбартаа ...энэ бичлэгээс энэ хүний ямар зан авиртай, юу гэж хэлж байгаа нь хэлж байгаа нь тодорхой харагдах болно гэж дурдаад өөрийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгийг хуулбарлан ирүүлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3, 50.1.4, 50.1.6-д заасан зөрчилд хамаарах үйлдэл эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй...” гэжээ.

О.Г өргөдөл болон гэрчийн мэдүүлэгтээ яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг үйлдээгүй гэсэн агуулга дурдсан, мөн өргөдөл гаргасны дараа түүний эхнэр Х.Э ...мн сайтад О.Г, Д.Б нарт холбогдох хэргийн талаар мэдээлэл хийсэн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн.

Холбогдох шүүгч энэ талаар “....уг флаш дискийг сидинд буулгаж Сахилгын хороонд хүргүүлсэн гол шалтгаан нь хэвлэлийн бага хурал болон лайваар хохирогч С.Э-ны биед О.Г хуруу ч хүргээгүй хамраас нь цус ч гаргаагүй байхад зохиомлоор хэрэгт буруутгаж байна гэж мэдүүлсэн тул хэвлэлийн бага хуралтай холбогдуулж хүргүүлсэн болохоос О.Г-г гэм буруутай гэж хүргүүлээгүй, уг дискинд хувь хүний нууцтай холбоотой болон хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой гэж үзэх зүйл байхгүй. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан флаш дискийг сидинд хуулбарлаад нотлох баримт болгон 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тайлбарын хамт Сахилгын хороонд хүргүүлсэн боловч 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхэд уг сидинд үзлэг хийгээгүй байсан. О.Г-д холбогдох хэргийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд гэм буруутайд тооцох эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Уг шүүх хуралдаанаар флаш дискийг шинжлэн судалсан болно. Миний бие шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа О.Г-д холбогдох хэрэг маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд болон сошиал орчинд мэдээлж, илэрхийлсэн зүйл огт байхгүй, албан ажлын хэрэгцээнд зориулсан материал, техник хэрэгслийг шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өөр зориулалтаар ашиглаагүй, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн аливаа мэдээллийг шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өөр зорилгоор ашиглаагүй...” гэж тайлбар гаргасан.

Сахилгын хэргийн оролцогч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-т зааснаар өргөдөл, мэдээлэлд тайлбар гаргах нотлох баримт гаргаж өгөх эрхтэй ба үүний хүрээнд эрүүгийн хэрэгт авагдсан камерын бичлэгийг дискинд буулгаж Сахилгын хороонд гаргаж өгснийг “...өөр зорилгоор ашигласан гэж буруутгах боломжгүй. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.8-т зааснаар сахилгын хэрэг шалгах ажиллагаа сахилгын хэргийн оролцогчоос бусад этгээдэд хаалттай явагддаг бөгөөд илтгэгчийн зүгээс хэргийн оролцогчоос гаргаж өгсөн дээрх сиди бичлэгт үзлэг хийгээгүй, нотлох баримтаар үнэлээгүй, холбогдох шүүгчээс өөр этгээд уг баримттай танилцаагүй, тэрээр шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нарт хэргийн талаар өөрийн санал бодлоо урьдчилан хэлж танилцуулаагүй болох нь гэрч Ч.М, Б.Э нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хуулийн 50.1.4-т заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлсэн, илэрхийлсэн” гэж үзэхгүй.

  О.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан дээрх флаш диск нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-т заасан нотлох баримт бөгөөд уг хэрэг нь мөн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хаалттай шүүх хуралдаанаар хэлэлцэх, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.12-т заасан “хүний эмзэг мэдээлэл”-д, Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай хуульд заасан “нууц”-д тус тус хамаарахгүй байна.

8. Сахилгын хорооны тогтоолд “...шүүгчээс ирүүлсэн 1 ш сиди бичлэгт үзлэг хийгээгүй байна...” гэсний дагуу үзлэг хийж тэмдэглэл үйлдэв. 

Гэвч мөрдөн байцаалтын явцад эрүүгийн хэрэгт авагдсан энэхүү бичлэгт  үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн нь сахилгын хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан байгааг дурдах нь зүйтэй. 

Түүнчлэн тогтоолд дурдсан бусад бичлэгт үзлэг хийж энэ тухай тэмдэглэл үйлдэв.

Иймд шүүгч Б.Хэрлэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.3, 50.1.4, 50.1.6, 50.1.8, 50.1.28-д заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Холбогдох шүүгч Б.Хэрлэн Шүүхийн сахилгын хороонд 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан тайлбартаа:

“... 1. О.Г, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухайд

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч О.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 02 цаг 40 минутын үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мандал төвийн гадна хохирогч С.Э-тай үл ялиг зүйлээр маргалдаж хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохих, түлхэж унагаах зэргээр бие эрх чөлөөнд нь халдсан,  мөн замын эсрэг талд байрлах Солонго төвийн гадна зогсоол орчимд харгис хэрцгий аргаар хохирогчийг цохиж, бэлэг эрхтнийг ир үзүүртэй зүйлээр зүсэх зэргээр зодсоны улмаас биед нь хуухнагийн шарх, баруун төмсгийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн үед Д.Б-тай бүлэглэн хохирогч С.Э-ийн байгаа газарт очиж буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Нэгдсэн эмнэлгийн гадаа саад орчимд хохирогчийг эхнэр рүү чулуу шидсэн гэх үл ялиг шалтгаанаар дахин зодож биед нь хамар уруулын дотор салстын зулгаралт, баруун, зүүн дээд 1 дүгээр, баруун, зүүн, доод 1 дүгээр шүдний сулрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн үед Д.Б-тай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй Нэгдсэн эмнэлгийн гадаа саад орчимд хохирогч С.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэх үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогдож хяналтын прокурор Б.Х яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан “Шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хэрэг хуваарилах журам тогтоох тухай” тогтоолд заасны дагуу системээс хуваарилсныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэн би 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч О.Г-ийн өмгөөлөгч Л.Б-с шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг тогтоосон боловч шүүх хуралдаан нэг удаа хойшилж 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж  өмгөөлөгч Л.Б-с гаргасан хүсэлтийг хангахгүйгээр орхиж, өмгөөлөгч Б.М-с гаргасан гэрч Н.А, Б.Т, Д.О нарыг оролцуулах хүсэлтийг хангаж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2025 оны  10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт тус шүүхийн танхимд нээлттэй, шүүх бүрэлдэхүүнээр явуулахаар тогтоосон билээ.

Үүнээс хойш шүүх хуралдаан 4-5 удаа хойшилсон бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Г-с шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Хэрлэн болон шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа шүүгч Ч.М, Б.Э нараас татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваад шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзсан, шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагт хийхээр товлосон байна.

2. О.Г өргөдөлдөө “намайг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан заалтыг зөрчиж хөнгөлөлтэй үнээр үйлчилгээ авсан” гэжээ.

Миний ээж 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр оршуулах ёслол болж буяны ажилд оролцсон хүмүүсийг хүлээн авах ажиллагааг Мандал төвөөр үйлчлүүлсэн болохоос иргэн  шүүгдэгч О.Г-р үйлчлүүлээгүй. Ээжийг нас барсны дараа оршуулах ёслолоос 4-5 хоногийн өмнө эхнэр М.М-ийн хамт Мандал төв дээр очиж О.Г болон түүний эхнэр н.Э нартай уулзаж буяны ажлын цайллагыг танай ресторанд хийе олон хүн ирэх учир томоохон газар хэрэгтэй байна гэхэд 2-3 хоногийн дараа хариу хэлье, манайх нэг ч удаа ийм буяны ажлын хүлээн авалт хийгээгүй байгаа,  гаргасан такс байхгүй гэсэн. Бид зөвхөн 1, 2 дугаар хоол хийгээд өгчихвөл болно гэсэн санал тавьсныг хүлээн аваад 2 хоногийн дараа бидэнд хоолны үнээ хэлсэн. Тухайн үед эднийх ямар ч таксгүй байсан бөгөөд манай буяны ажил анхных нь байсан тул зөвхөн хоолыг нь хийж өгөөд хоолны мөнгөө авна гэж тохиролцсон болохоос 45,000 төгрөгийн багцыг 23,000 болгож хөнгөрүүлсэн зүйл огт болоогүй. Нэгдүгээр хоол хар шөл хагасаар 7000 төгрөг, хоёрдугаар хоол жигнэсэн үхрийн мах бүтнээр 15,000 төгрөг, цай 1000 төгрөг гээд нийт 23000 төгрөгөөр тооцож 150 хүний 3,450,000 төгрөг төлсөн. Тухайн буяны ажилд 120 хүн ирсэн боловч бид 30 хүний хоолны мөнгийг бүгдийг нь төлөөд 30 хүний хоолоо танайх ажилчдадаа өдрийн хоол болгоод өгчих манайх буян үйлдэж байна гээд 20-30 хүн суух хоёр ширээн дээр зассан байсан закуска, салат, чихэр, ундаа гээд байгаа бүхнийг орхиод гарсан болохоос ямар ч хөнгөлөлт О.Г-с аваагүй. Тэгээд ч ээжийн маань буяны ажил  О.Г-г хэрэгт  холбогдохоос 2 сарын өмнө тул энэ хэрэгт ямар ч хамааралгүй юм. Миний хувьд шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогчоос шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, хөнгөлөлт аваагүй. Ээжийнхээ буяны ажлын хүлээн авах газрыг ярих гэж очихдоо шүүгч биш иргэн хүнийхээ хувьд очиж уулзсан. О.Г-ийн хэрэгт ээжийн маань буяны ажил ямар ч хамааралгүй байхад хамаатай болгож бичиж ясыг нь өндөлзүүлж байгаад маш их харамсаж байна.

Шүүгдэгч О.Г, Д.Б нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Н.А-тай найз нөхдийн болон төрөл садны ямар ч холбоогүй бөгөөд хэрэг гарсны маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Н.А нь над руу утсаар огт яриагүй ер нь Н.А-тай утсаар ярьдаггүй/ байхад Н.А нь Б.Хэрлэн шүүгчтэй утсаар яриад 1-5 жилийн ял төлөвлөөдөх гэж ярьсан гэж Д.Б-тай Н.А ярьсан гэсэн яриаг гэрч Н.А өөрөө Д.Б-тай ярихдаа би Б.Хэрлэн шүүгчтэй ярилаа гэж миний нэрийг барьж хэлсэн юм болов уу гэж үзэж байна. Би гэрч Н.А-ын дагуу түүний хэлснээр ял төлөвлөдөг хүн биш. Эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, яллах дүгнэлт үйлдэх нь мөрдөгч, прокурорын хуульд заасан үйл ажиллагаа тул шүүгч ял төлөвлөнө гэсэн ойлголт байхгүй билээ. Иймд энэ талаар бичсэн нь огт ор үндэслэлгүй зүйл болох нь харагдаж байна. Мөн гэрч Н.А-р Б.Хэрлэн шүүгч, хохирогч С.Э хоёр морь уяулдаг тул хувийн ашиг сонирхлоор холбогдсон найз нөхөд гэсэн нь бас ор үндэслэлгүй зүйл болно. Миний бие хурдан морио ямар ч хүнээр уяулдаггүй зөвхөн өөрөө Хараа голын эрэг дээр гэр бүлийн хамтаар зусланд гарч уяж сойдог болохыг тэр хавийн морь уяж сойдог хүмүүс бүгд мэднэ. Үүнийг иргэн Т.Д, Ц.Г хурдан морь тэр хавиар уяж сойдог хүмүүс гэрчилнэ. Ер нь тэр хавиар зундаа голоор зусдаг айлуудын хүмүүс ч намайг морио өөрөө уяж сойдог болохыг мэднэ. Миний бие 21 настай байхаасаа эхлэн хурдан морь уяж сойж байсан тул хүнээр морь уяулах ямар ч шаардлагагүй. Гэрч Н.А-р нэг ч удаа нэг ч морь уяулж байгаагүй. /Зүүнхараагийн ард түмэн бүгд мэднэ/. Ер нь шаардлагатай бол эдгээр хүмүүсийг гэрчээр асуулгаж болно. Мөн намайг “манай ресторанд хоол идэж байх үед нь хүнд гүтгэгдээд ийм асуудал боллоо гэхэд сайн өмгөөлөгч авахгүй бол шоронд явна гээд Дарханы өмгөөлөгчийн дугаар өгсөн” гэдэг нь огт худал зүйл байна. Миний бие эдний ресторанд орж хоол идээд шүүгдэгч О.Г-тэй уулзаж хэргийн талаар ийм юм ярьж Дарханы тийм өмгөөлөгч ав гэж огт хэлж байгаагүй билээ. /Ер нь эдний ресторанд орж хоол идэж байгаагүй/. Миний хувьд О.Г-д хорсох зүйл огт байхгүй. Би О.Г-д юунд хорсох юм намайг хорссон ч гэх шиг ойлгомжгүй зүйл бичсэн байна. М.М-тай 2019 оноос хойш хамтран амьдарч байгаа түүний аав нь Мандал сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөн тасгийн дарга Г.Б-ны ээжийн ах болох нь үнэн. Г.Б энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй ахлах мөрдөгч О.А явуулсан. Иргэн Н.Б нь Г.Б-ны төрсөн дүү Г.Т-ны эхнэр байсан ба Г.Т нь 2024 оны 07 дугаар сард нас барсан. Иргэн Н.Б, шүүгдэгч О.Г нар 500 сая төгрөгөөр эд хөрөнгө худалдах худалдан авсан асуудал нь надад ч, энэ хэрэгт ч огт хамааралгүй.

Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс мөрдөн байцаалтад буцаалгүй яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэл аманд орохоос айж хэргийг шүүх бүрэлдэхүүнээр шийдэх болсон гэдэг нь ч үндэслэлгүй. Энэ хэргийг шийдвэрлэхэд надад шүүгдэгч О.Г-с айж эмээх ямар ч асуудал байхгүй. Хэрэг ээдрээ төвөгтэй маргаантай учраас шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх саналыг шүүгчдийн зөвлөгөөн хүлээж авснаар шүүх бүрэлдэхүүнд оролцох хоёр шүүгчийг шүүхийн нэгдсэн системээс программаас хуваарилсан бөгөөд Ерөнхий шүүгч хуваарилдаггүй болохыг шүүхээр үйлчлүүлж байгаа шүүгдэгч, өмгөөлөгч бүгд мэдэж баймаар юм. Гэтэл дангаар шийдвэрлэх хэргийг өөрөө шүүх бүрэлдэхүүн томилж өөрсдийнхөө шүүгч нарыг орууллаа гэх мэт ямар ч үндэслэлгүй зүйлийг бичсэн байна. Монгол улс даяар шүүхийн нэгдсэн систем үйлчилж байгаа гэдгийг шүүгдэгч О.Г мэддэггүй юм аа гэхэд өмгөөлөгч нар нь мэдмээр юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэж прокурорт хэргийг буцаах асуудал яригдахгүй бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор нэг удаа хойшлуулж болохоор хуульчилсан байдаг.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч О.Г-г гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдсон гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хохирогч С.Э-ийн бэлэг эрхтний хуухнагийг хэн зүссэнийг олж тогтоож ир гэж шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах хууль зүйн ойлголт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд алга байна. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэргийг прокурорт буцаахгүй яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн гэж хэрэг хянан шийдвэрлэх асуудалтай ямар ч холбоогүй шүүгч миний хувийн байдлын талаар худал мэдээлэл бичиж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчдийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЗТ/02 дугаартай зөвлөгөөний тогтоолоор шүүгдэгч О.Г-ийн гаргасан шүүх хуралдаан даргалагч шүүгч болон шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа шүүгч нараас шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт нь Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолтой бас л энэ асуудалтай адил утгатай холбоотой болох нь харагдаж байна. Ерөнхий шүүгч Б.Хэрлэн миний бие шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч болох шүүгдэгч О.Г-с хөнгөлөлттэй үйлчилгээ авсан зүйл огт байхгүй, Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох заалтыг зөрчсөн асуудал байхгүй бөгөөд шүүгч миний хувийн байдлын талаар дан худал мэдээллийг бичсэн байна.

Иймд Ерөнхий шүүгч Б.Хэрлэн миний бие нь Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн үйлдэл биш болохыг тогтоож шүүгдэгч О.Г-ийн Монгол Улсын шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдлын талаар үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Холбогдох шүүгч Б.Хэрлэн Шүүхийн сахилгын хороонд 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа:

 “... Миний ээж М.Д 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр оршуулах ёслол болж буяны ажилд оролцсон хүмүүсийг хүлээн авах ажиллагааг Мандал төвөөр үйлчлүүлсэн болохоос иргэн шүүгдэгч О.Г-р үйлчлүүлээгүй. Ээжийг нас барсны дараа оршуулах ёслолоос 4-5 хоногийн өмнө эхнэр М.М-ийн хамт Мандал төв дээр очиж О.Г болон түүний эхнэр Э нартай уулзаж буяны ажлын цайллагыг танай ресторанд хийе олон хүн ирэх учир томоохон газар хэрэгтэй байна гэхэд 2-3 хоногийн дараа хариу хэлнэ манайх нэг ч удаа ийм буяны ажлын хүлээн авалт хийгээгүй байгаа гаргасан меню байхгүй гэсэн тул манайх зөвхөн 1, 2 дугаар хоол хийгээд өгчихвөл болно гэсэн санал тавьсныг хүлээн аваад 2 хоногийн дараа бидэнд хоолны үнээ хэлсэн. Тухайн үед эднийх ямар таксгүй байсан бөгөөд манай буяны ажил анхных нь байсан тул зөвхөн хоолыг хийж өгөөд хоолны мөнгөө авна гэж тохиролцсон болохоос 45,000 төгрөгийн багц 23,000 болгож хөнгөрүүлсэн зүйл огт болоогүй. Нэгдүгээр хоол хар шөл хагасаар 7000 төгрөг, хоёрдугаар хоол жигнэсэн үхрийн мах бүтнээр 15,000 төгрөг, цай 1000 төгрөг гээд нийт 23,000 төгрөгөөр тооцож 150 хүний 3,450,000 төгрөг төлсөн. Үүн дээр закусканы үнэ нэмээд нийт 3,750,000 төгрөгийг миний төрсөн ах Б-ийн Е нь өөрийн ... дугаарын данснаас О.Г-ийн Хас банк ... дугаарын данс руу 3750000 төгрөгийг мобайлаар төлсөн байна. Ээжийн буяны ажил О.Г-г энэ хэрэгт холбогдохоос өмнө 02 сарын өмнөх асуудал учир О.Г-ийн эрүүгийн хэрэгт ямар ч хамааралгүй гэж үзэж байна. О.Г 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр энэ хэрэгт холбогдсон, хэрэгт Цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор яллах дүгнэлт үйлдээд хэрэг нь 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд шилжин ирсэн.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд тухайн үед Нарны өртөө, Компорт гэсэн газрууд голлон буяны үйл ажиллагааг хүлээн авдаг байсан боловч Компорт нь хүн багтахгүй, Нарны өртөө нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын иргэн хөдөлмөрийн баатар Ц гэж хүний эхнэр Н гэж хүний буяны ажил хүлээн авахаар тохирсон байсан тул 150 хүн багтах зайтай буюу том гэдэг утгаар нь Мандал төв дээр ирж О.Г Х.Э нартай эхнэр М.М-ийн хамт уулзсан болно. Энэ талаар эхнэр М.М-г гэрчээр асуулгаж болно.

Мөн О.Г-ийн эхнэр Х.Э нь 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр Б.Хэрлэн шүүгч манай ресторанд хоол идэж байхдаа О.Г-д хэрэг чинь нэлээн явдалтай юм байна сайн өмгөөлөгч ав гээд Дарханы өмгөөлөгчийн дугаар өгсөн гэсэн нь огт үндэслэлгүй зүйл юм. Миний бие уг ресторан болон бусад хоолны газраар үйлчлүүлээд байдаггүй, өдөр болгон гэртээ харьж хоол иддэг. Миний хувьд архи огт уудаггүй бөгөөд архи огт амсахгүй 02 жил гаран болж байгаа тул элдэв хүмүүстэй нийлж орж хоол идэж архи уусан зүйл огт байхгүй. Жил болгоны 06 дугаар сараас 08 дугаар сар хүртэл хугацаанд ээлжийн амралтаа авдаг. Гэтэл яг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр хэнтэй орж ирээд хоол идсэн, хэн гэдэг нэртэй өмгөөлөгч, гар утасны ямар дугаар өгсөн зэрэг нь тодорхойгүй, нотлох баримтгүй байгаа, огт ийм зүйл болоогүй бөгөөд хэрэв тодорхой он сар өдөртэй бичвэл би бас тэр өдрөө санаад тэр өдөр би тэднийд ороогүй тэнд тийм юм хийж байсан байна гээд нотолж болмоор байна. Огт болоогүй зүйлийг болсон мэтээр он сар өдөр нь тодорхойгүй худал зүйл бичээд байхаар гайхаад байна.

Мөн энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Н.А-г 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болсон хэргийн талаар маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр надтай гар утсаар холбогдоод 1-5 жилийн ял төлөвлөсөн талаар ярьсан гэсэн нь бас ор үндэслэлгүй зүйл байна. Учир нь би Н.А-ын гар утасны дугаарыг мэдэхгүй, бид хоёр найз нөхөд биш, Н.А-р огт морь уяулж байгаагүй зэрэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно. Шүүгч хүн ял төлөвлөдөггүй, хэрэг гарлаа гэхэд мөрдөн шалгах байгууллага, прокурорын байгууллагаар дамжсаны эцэст шүүхэд шилжин ирдэг. Шүүх зөвхөн гэм буруугийн асуудлыг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэдэг.

О.Г-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хүлээн аваад шүүгчид хуваарилсан байдал, шүүх бүрэлдэхүүнийг системээс томилсон зэрэг Шүүхийн нэгдсэн системд үзлэг хийхэд тодорхой харагдах учир нэмж тайлбар хийх шаардлагагүй гэж үзлээ.

Миний бие О.Г, хохирогч С.Э, гэрч Н.А, энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн болон бусад хэргийн оролцогч, өмгөөлөгч нартай найз нөхөд, садан төрлийн холбоо байхгүй тул шүүгч өөрөө татгалзан гарах үндэслэл огт байхгүй, харин хэргийн оролцогч нараас татгалзсан тохиолдолд буюу шүүгдэгч О.Г-с шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг хуулийн дагуу шийдвэрлүүлээд л явж байгаа.

О.Г-ийн эхнэр Х.Э-ын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын бичлэг фейсбүүк болон Зүүнхараа төв зар дээр явагдаж маш олон хүмүүс үзэж харсан бөгөөд бичлэгийн доорх коммент буюу сэтгэгдэл нь Цагдаа, прокурор, шүүхийн байгууллагыг буюу мөрдөгч О.А, прокурор Б.Х, шүүгч Б.Хэрлэн нарыг огт буруутгаагүй бөгөөд харин ч шударгаар ажиллаж байгаа талаар 400-500 хүний сэтгэгдлээс 99 хувь нь дэмжиж О.Г, түүний эхнэр Х.Э нарыг 99 хувь нь худалч, луйварчин, бузар гэх мэтээр буруутгаж санал сэтгэгдлээ бичсэн байсныг анхааран үзэх хэрэгтэй байна.” гэжээ.

Холбогдох шүүгч Б.Хэрлэн Шүүхийн сахилгын хороонд 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нэмэлт тайлбартаа:

 “... Миний ээж М.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр оршуулах ёслол болж буяны ажилд оролцсон хүмүүсийг хүлээн авах ажиллагааг Мандал төвөөр үйлчлүүлсэн болохоос шүүгдэгч О.Г-р үйлчлүүлээгүй. Ээжийг нас барсны дараа оршуулах ёслолоос 4-5 хоногийн өмнө эхнэр М.М-ийн хамт Мандал төв дээр очиж О.Г болон түүний эхнэр Э нартай уулзаж буяны ажлын цайллагыг танай ресторанд хийе олон хүн ирэх учир томоохон газар хэрэгтэй байна гэхэд 2-3 хоногийн дараа хариу хэлнэ манайх нэг ч удаа ийм буяны ажлын хүлээн авалт хийгээгүй байгаа гаргасан меню байхгүй гэсэн тул манайх зөвхөн 1, 2 дугаар хоол хийгээд өгчихвөл болно гэсэн санал тавьсныг хүлээн аваад 2 хоногийн дараа бидэнд хоолны үнээ хэлсэн. Тухайн үед эднийх ямар ч менюгүй таксгүй байсан бөгөөд манай буяны ажил анхных нь байсан тул зөвхөн хоолыг нь хийж өгөөд хоолны мөнгөө авна гэж тохиролцсон болохоос 45,000 төгрөгийн багцыг 23,000 болгож хөнгөрүүлсэн зүйл огт болоогүй. Нэгдүгээр хоол хар шөл хагасаар 7000 төгрөг, хоёрдугаар хоол жигнэсэн үхрийн мах бүтнээр 15,000 төгрөг, цай 1000 төгрөг гээд нийт 23,000 төгрөгөөр тооцож 150 хүний 3,450,000 төгрөг төлсөн. Үүн дээр закусканы үнэ нэмээд нийт 3,750,000 төгрөгийг миний төрсөн ах Б-ийн Е нь өөрийн ... дугаарын данснаас О.Г-ийн Хас банкны ... дугаарын данс руу 3,750,000 төгрөгийг мобайлаар төлсөн байна. Ээжийн буяны ажил О.Г-г энэ хэрэгт холбогдохоос өмнө 02 сарын өмнөх асуудал бөгөөд ямар ч хөнгөлөлт аваагүй учир О.Г-ийн эрүүгийн хэрэгт ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Энэ буяны үйл ажиллагаа нь Шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласныг зөрчсөн үйлдэл гэж миний хувьд огт үзэхгүй байгаа юм. Учир нь хүний амьдралд тохиолддог оршуулах ёслолтой холбоотой бөгөөд  оршуулах ёслолд ирсэн хүмүүсийн хамт уй гашуугаа тэмдэглэн цайлж ундаалдаг зэд гардуулж өгдөг монгол ёс билээ.

3,750,000 төгрөгийг 120 хүнд хуваахад нэг хүнд 31,250 төгрөг, 150 хүнд хуваахад 25,000 төгрөг болж байна. Тэгэхэд О.Г, Х.Э нар нь 45,000 төгрөгийн багцыг 23,000 төгрөг болж хөнгөлсөн гэж яриад байгаа нь тогтоогдохгүй байна. Харин миний хэлж байгаагаар буюу нэг хоёрдугаар хоол закусканы үнийг төлөхөөр тохиролцсон гэдэг нь харагдаж байгаа бөгөөд үүнийг М.М гэрчээр байцаагдахдаа тодорхой мэдүүлсэн байна.

Манай буяны ажилд 120 хүн ирсэн бөгөөд үлдсэн 30 хүний хоолыг зассан ширээний хамт танайх ажилчдаа цайлаарай гээд орхиод явсан. Мөн эдний байгууллагын 10 хүнд гарын зэд өгөөрэй гээд өгсөн. Нэг хоёрдугаар хоолны үнэ нийлээд яагаад ч 45,000 төгрөг болохгүй ш дээ.

Гэрч Д.Б-ын мэдүүлгийн тухайд бол Сахилгын хороонд 2 удаа мэдүүлэг өгсөн байна. Эхлээд мэдүүлэг өгөхдөө Н.А бид хоёр Б.Хэрлэн шүүгчтэй утсаар ярьсан талаар огт яриагүй, тийм юм болоогүй гэж мэдүүлсэн байдаг. Гэрч Х.Э-ос гаргаж өгсөн гэх Д.Б, О.Г нарын хоорондох ярианы бичлэгийг сонссоны дараа дахин мэдүүлэг өгөхдөө н.А Б.Хэрлэн шүүгчтэй ярьж байгаад Г-г шоронд явуулна гэж хэлснийг саналаа, харин 1-5 жилийн ял төлөвлөөдөх гэж огт хэлж яриагүй гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Н.А Б.Хэрлэн шүүгчтэй ярьсан, 1-5 жилийн ял төлөвлөөдөх гэсэн гэж О.Г, Х.Э нарын хэлээд байгаа нь гэрч Д.Б-ын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Гэрч Н.А-ын мэдүүлгийн тухайд бол Б.Хэрлэн шүүгчтэй хэргийн талаар огт яриагүй, мөн Б.Хэрлэн шүүгчийн морийг уядаггүй гэдгээ тодорхой мэдүүлсэн нь О.Г, Х.Э нарын хэлж байгааг давхар үгүйсгэсэн нотлох баримт болж байна.

Гэрч Т.Х, М.М, Т.Д нарын мэдүүлгээр Б.Хэрлэн миний бие өөрөө хурдан морио уяж сойдог болохыг хангалттай тодорхой мэдүүлсэн нь О.Г-ийн Сахилгын хороонд гаргасан гэрч Н.А нь Б.Хэрлэн шүүгчийн морийг уядаг гэсэн нь нотлогдохгүй, үгүйсгэгдэж байна.

Гэрч О.Г-ийн мэдүүлгийн тухайд бол 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолдоо Б.Хэрлэн шүүгчийг манай ресторанд хоол идэж байхад нь уулзаад хүнд гүтгэгдсэн ийм асуудалд холбогдлоо гэхэд Дарханы өмгөөлөгчийн дугаар өгсөн гэж бичсэн боловч Сахилгын хороонд гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2024 оны 11 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн орчимд Захиргааны урд машиндаа сууж байгаад 99... гэсэн өөрийн дугаараас Хэрлэн шүүгчийн гар утас луу залгахад Дарханы өмгөөлөгчийн дугаар өгсөн тэр хүн нь таалагдаагүй гэсэн өөр зүйлийг яриад эхэлсэн байна. Нэг болохоор манай ресторанд хоол идэж байхад нь уулзахад Дарханы өмгөөлөгчийн дугаар авсан, нэг болохоор машиндаа сууж байгаад утасдаад авсан гэж янз янзаар яриад байгаа нь илтэд худлаа ярьж байгааг илтгэж байна. Миний бие О.Г-г хэрэгт холбогдсоноос өмнө болон хойш эдний ресторанд ороогүй. Ер нь бол ордоггүй ээжийнхээ  буяны ажлын хүлээн авах ажиллагааг л хийсэн. О.Г гэрчийн мэдүүлэг өгөхдөө Б.Хэрлэн шүүгчийн гар утсыг мэдэхгүй гэсэн хэр нь Б.Хэрлэн шүүгч рүү залгасан ч гэх шиг авцалдахгүй зүйлийг мэдүүлсэн байна. Миний бие О.Г-тэй ямар ч хувийн харилцаа холбоо байхгүй. Байхгүй гэдэг нь миний гар утсыг мэдэхгүй байгаа зэргээс харж болно. Мөн би О.Г, Х.Э нарын хэлээд байгаа Н.А-тай ял төлөвлөөдөх гэж ярьсан, утсаар ярьж Дарханы өмгөөлөгчийн дугаар авах гэж залгасан зэргийг нотлох гэж Мобикомын Зүүнхараа салбарт хандаж утасны билл гаргуулж авах гэсэн боловч харамсалтай нь сүүлийн 3 сарын дэлгэрэнгүй лавлагаа гардаг гэж 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ярианы биллийг харах хүсэлт хангагдах боломжгүй гэсэн албан бичиг аваад нотлох баримт болгон хүргүүлж байна.

Мөн О.Г нь н.Б-тай ярьсан гэх бичлэгээ Б.Хэрлэн шүүгчийн найз боксчноор хүргүүлсэн гэж мэдүүлэг өгснийг нь ойлгосонгүй. Ямар ч боксчин хүн надад тийм зүйл дамжуулж өгөөгүй. Хэн гэдэг боксчинд өгсөн гэдгээ тодорхой хэлээгүй байгаа нь ойлгомжгүй байна. Найз боксчин гээд байгаа хүнийхээ нэрийг хэлбэл тэр хүн нь хэн болох надад бичлэгийг хэдийд дамжуулж өгсөн эсэх талаар гэрчээр асууж тодруулах бүрэн боломжтой зүйл байна. Ер нь О.Г-ийн энэ хэлж яриад байгаа асуудлууд өөрийг нь хэрэгт холбогдохоос өмнө, зарим нь хэрэгт холбогдоод эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнөх асуудлууд байгааг анхаарч үзнэ үү.

Гэрч Х.Э-ын мэдүүлгийн тухайд бол манай ресторанд 4 удаа үйлчлүүлсэн гэхдээ төлбөрөө төлсөн гэж мэдүүлснийг үгүйсгэж байна. Мандал төв ресторан 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ээжийнхээ буяны ажлыг хийхдээ үйлчлүүлсэн. Үйлчлүүлэхдээ ямар ч хөнгөлөлт аваагүй, төлбөрөө бүрэн төлсөн. Буяны ажил хийж байж юу гэж хөнгөлөлт яриад зогсож байхав дээ. Үнэн зүйлийг л яримаар байна энэ хүмүүс. Миний хувьд огт архи уудаггүй. Архи уудаггүй гэдгийг ажлын хамт олон болоод Мандал сумынхан бүгд мэднэ. Архи уудаггүй байхад 2024 оны 05 дугаар сард хоол идэх гэж орж ирэхдээ гаднаас архи авчраад уух аяга нэхсэн гэж худал мэдүүлсэн байна. Мандал төв ресторанаар О.Г-г хэрэгт орохоос өмнө болон хойно ч гэсэн огт үйлчлүүлж байгаагүй гэдгээ хэлмээр байна. Манай ресторанд хоол идэх гэж вип өрөөнд байхдаа хамт явсан хүнээрээ О.Г-г дуудуулж уулзсан ч гэх шиг болоогүй зүйлийг болсон мэтээр худал ярьсанд гайхаж байна. Тэгээд ч Х.Э-ын энэ яриад байгаа зүйл нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Гэрч Х.Э-ын гаргаж өгсөн гэх Д.Б, О.Г нарын хоорондох ярианы бичлэг Сахилгын хорооноос ирүүлээгүй тул бичлэгийг сонсоогүй тул юу гэж ярьсан талаар нь хариу тайлбар өгөх боломжгүй байна.

Миний бие нь М.М-тай гэрлэлтийн баталгаа байхгүй хамтран амьдрагч бөгөөд яг нэг гэрт бол 2022 оноос эхлэн хамт амьдарч байна. М.М-ийн аав нь М гэж хүн байж байгаад 2020 онд өвчний улмаас нас барсан. М.М-ийн аав нь Мандал сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга Г.Б-ны ээжийн ах нь байсан нь үнэн. Хуульд заасны дагуу Г.Б бид хоёр төрөл, садны ямар ч холбоогүй хүмүүс болно. Тэгээд ч би М.М-ийн хамаатан садантай нь ойр дотно харилцаатай биш.

Миний бие О.Г, хохирогч С.Э, гэрч Н.А, О.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн болон бусад хэргийн оролцогч, өмгөөлөгч нартай найз нөхөд, садан төрлийн холбоо байхгүй тул шүүгч өөрөө татгалзан гарах үндэслэл огт байхгүй, харин хэргийн оролцогч нараас татгалзсан тохиолдолд буюу шүүгдэгч О.Г-с шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг хуулийн дагуу шийдвэрлүүлээд л явж байгаа.

Харин хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан флаш дискийг сидинд хуулбарлаад нотлох баримт болгон хүргүүлж байна. Учир нь хэвлэлийн бага хурлаар хохирогч С.Э-ийн биед хуруу ч хүргээгүй хамраас нь цус ч гаргаагүй гэж мэдүүлсэн боловч уг бичлэгээр О.Г нь Мандал төв рестораныхаа урд талд хохирогч С.Э-г дагуулж гаргаж ирээд намайг Д-ын Г гэдэг чамайг ална, чамд 20 жилийн ял өгнө гээд догшин авирлаж түүнийг газарт унагаан боож, босгож ирээд 2-3 метр хол газар дүүгүүрдэж унагаагаад босоод зугтахаар араас нь хөөж очоод нүүр нүдгүй өшиглөж зодоод өөрийнхөө дээгүүрх цамцаа тайлаад тэрүүгээр нэг орилж хашхирч бандийг гөлөг болгоно гээд эхнэртэйгээ хамт Мандал төв рүүгээ орж байгаа бичлэг байгааг заавал үзэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ бичлэгээс энэ хүний ямар зан авиртай, юу гэж хэлж ярьж байгаа нь тодорхой харагдах болно.

Иймд би Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй болохыг тогтоож шүүгдэгч О.Г-ийн Монгол Улсын шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдлын талаар үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Холбогдох шүүгч Б.Хэрлэн Шүүхийн сахилгын хороонд 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан нэмэлт тайлбартаа:

 “... Миний ээж М.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр оршуулах ёслол болж буяны ажилд оролцсон хүмүүсийг хүлээн авах ажиллагааг Мандал төвөөр үйлчлүүлсэн болохоос шүүгдэгч О.Г-р үйлчлүүлээгүй. Ээжийг нас барсны дараа оршуулах ёслолоос 4-5 хоногийн өмнө эхнэр М.М-ийн хамт Мандал төв дээр очиж О.Г болон түүний эхнэр Э нартай уулзаж буяны ажлын цайллагыг танай ресторанд хийе олон хүн ирэх учир томоохон газар хэрэгтэй байна гэхэд манайх Солонгос хоолны газар монгол хоол огт хийдэггүй учир тогоочтойгоо яриад 2-3 хоногийн дараа хариу хэлнэ манайх нэг ч удаа ийм буяны ажлын хүлээн авалт хийгээгүй байгаа гаргасан меню байхгүй гэсэн тул манайх зөвхөн 1, 2 дугаар хоол хийгээд өгчихвөл болно гэсэн санал тавьсныг хүлээн аваад 2 хоногийн дараа бидэнд хоолны үнээ хэлсэн. Тухайн үед эднийх ямар ч менюгүй таксгүй байсан бөгөөд манай буяны ажил анхных нь байсан тул зөвхөн хоолыг нь хийж өгөөд хоолны мөнгөө авна гэж тохиролцсон болохоос 45,000 төгрөгийн багцыг 23,000 болгож хөнгөрүүлсэн зүйл огт болоогүй. Нэгдүгээр хоол хар шөл хагасаар 7000 төгрөг, хоёрдугаар хоол жигнэсэн үхрийн мах бүтнээр 15,000 төгрөг, цай 1000 төгрөг гээд нийт 23,000 төгрөгөөр тооцож 150 хүний 3,450,000 төгрөг төлсөн. Үүн дээр закусканы үнэ нэмээд нийт 3,750,000 төгрөгийг миний төрсөн ах Б-ийн Е нь өөрийн ... дугаарын данснаас О.Г-ийн Хас банкны ... дугаарын данс руу 3,750,000 төгрөгийг мобайлаар төлсөн байна. Ээжийн буяны ажил О.Г-г энэ хэрэгт холбогдохоос өмнө 02 сарын өмнөх асуудал бөгөөд ямар ч хөнгөлөлт аваагүй учир О.Г-ийн эрүүгийн хэрэгт ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Учир нь энэ үед Г-тэй би иргэний хувиар л уулзсан. Тэрнээс Г хэрэгт холбогдоод хэрэг нь над дээр хуваарилагдаад хэргийн оролцогч бол биш байсан. Энэ буяны үйл ажиллагаа нь Шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласныг зөрчсөн үйлдэл гэж миний хувьд огт үзэхгүй байгаа юм. Учир нь хүний амьдралд тохиолддог оршуулах ёслолтой холбоотой бөгөөд оршуулах ёслолд ирсэн хүмүүсийн хамт уй гашуугаа тэмдэглэн цайлж ундаалдаг зэд гардуулж өгдөг монгол ёс билээ.

3,750,000 төгрөгийг 120 хүнд хуваахад нэг хүнд 31,250 төгрөг, 150 хүнд хуваахад 25,000 төгрөг болж байна. Тэгэхэд О.Г, Х.Э нар нь 45,000 төгрөгийн багцыг 23,000 төгрөг болж хөнгөлсөн гэж яриад байгаа нь тогтоогдохгүй байна. Харин миний хэлж байгаагаар буюу нэг хоёрдугаар хоол закусканы үнийг төлөхөөр тохиролцсон гэдэг нь харагдаж байгаа бөгөөд үүнийг М.М гэрчээр байцаагдахдаа тодорхой мэдүүлсэн байна.

Манай буяны ажилд 120 ирсэн бөгөөд үлдсэн 30 хүний хоолыг зассан ширээний хамт танайх ажилчдаа цайлаарай гээд орхиод явсан. Нэг хоёрдугаар хоолны үнэ нийлээд яагаад ч 45,000 төгрөг болохгүй ш дээ. Бусад бүх зүйлсийг гаднаас оруулж ирж өөрсдөө ширээгээ зассан.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаартай тогтоолын 1-д “Хувийн харилцаатай гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

Тухайлбал, аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн зэрэг ашгийн төлөө үйл ажиллагаа хам эрхэлдэг, хөрөнгийн биржээр дамжуулж нийтэд зарлагдсан болон төрөөс иргэн бүрд эзэмшүүлснээс бусад тохиолдолд аж ахуй нэгжийн хувьцааг хамтран эзэмшдэг, аливаа байдлаар ашиг орлого, зардал хуваахад эрх үүрэг харилцан хүлээдэг, найз нөхдийн дотно, эсхүл хувийн таарамжгүй харилцаатай бол хувийн харилцаатай гэж үзнэ гэжээ.

Хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх гэдгийг уг хэргийн ороолцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй хувийн харилцаа үүсгэсэн, эсхүл хувийн харилцаатай байж болзошгүй, уг хэргийн оролцогч түүний өмгөөлөгч, төлөөлөгчөөс шууд ба шууд бусаар тусламж авсан, нийтэд зарласнаас хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлсэн, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авсан гэж тайлбарлажээ.

О.Г-д холбогдох хэрэг тус шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ирээд системээс Ерөнхий шүүгч Б.Хэрлэн надад хуваарилагдсан. Энэ үеэс эхэлж О.Г нь шүүгч надтай хэргийн оролцогч болох хуулийн зохицуулалттай.

Гэтэл миний ээж М.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр О.Г-г энэ хэрэгт холбогдохоос 02 сарын өмнө, О.Г-г надтай хэргийн оролцогчийн харилцаатай болохоос 01 жил 02 сар 13 хоногийн өмнө нас барсан. Тухайн үед 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр буяны ажлын цайллага хийхдээ би О.Г-тэй иргэн хүнийхээ хувиар уулзаж 1, 2 дугаар хоолны үнийг бүрэн хэмжээгээр нь төлсөн. Хоолны үнийг бууруулсан хөнгөлөлт авсан тохиолдол огт байхгүй. Мандал төв нь Солонгос хоолны газар бөгөөд тухайн үед манайх анхны буяны ажил тэнд хийсэн. Тэр үед бол ямар ч меню гэж байгаагүй. Зөвхөн амаар хоолны үнээ хэлсэн түүнийг нь бид төлсөн. Буян хийж байж юун хөнгөлөлт эдлэх вэ хүний санаанд оромгүй худал зүйл ярьж байна. Цаг хугацааг нарийн сайн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. О.Г хэдийд хэрэгт холбогдсон, хэдийд надтай хэргийн оролцогчийн харилцаатай болсон гэж үзэх нь цаг хугацааны маш чухал ач холбогдолтой.

Миний хувьд энэ хэргийн оролцогч О.Г, хохирогч С.Э, гэрч Н.А нартай хувийн ямар ч харилцаа холбоо байхгүй. Найз нөхдийн болон дотно харилцаа холбоо байхгүй гэдгийг хэлмээр байна. Сэлэнгэ аймаг Мандал сумынхан бүгд мэдэх байх ямар ч харилцаа холбоогүй гэдгийг.

Б.Хэрлэн намайг морь уядаг гэдэг утгаар уяач нартай харилцаа холбоотой байж магадгүй гэж дүгнээд байх шиг байна. Тийм зүйл бол огт байхгүй. Мандал суманд уяач нар 10 гаран газар тус тусдаа морио уяад Мандал сумын наадам эсвэл Төв аймаг Борнуур, Сүмбэр, Сэлэнгэ аймаг Баянгол сум, Сэлэнгэ аймаг зэрэг өөрсдийн уралдах газруудаа сонгож уралддаг. Мөн арав гаран газар тусдаа морьдоо уясан хүмүүс тусдаа морь малаа нийлүүлж мориныхоо ажлыг хийдэг. Би тусдаа Хараа гол дээр морь малаа уяхдаа морь малаа нийлүүлж сунгадаг хүмүүсээ Т.Х, Т.Д нарыг гэрчээр асуулгасан. Ахиад ч гэрчээр асуулгая гэвэл хэдэн арваараа байна. Бусад уяач нар Шивэр, Дарьт, Билүүт, Хэрх, Зуун мод, 41 дүгээр точик гээд янз бүр газарт надаас хол зайд уядаг. Үнэхээр
миний хувьд А гэдэг хүнээр нэг ч удаа морь уяулж байгаагүй. Нэг дор ч хамт морь уяж байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Би 19 настайгаасаа өдий хүртэл зөвхөн өөрөө морио уяж сойж байна. Морь уях эрдмийг А гэж нутгийн хөгшин хүнээр заалгаж хамт уяж байсан. Энэ хүн одоо ч амьд сэрүүн байгаа. 80 гаран настай хүн байдаг. А гэдэг хүн Хэрлэн гэдэг хүний тийм зүстэй морийг тэгж уяж байсан гэж хүн гарч ирвэл нүүрэлдсэн ч болно. Тийм зүйл огт байхгүй гэдэгт өөртөө зуун хувь итгэлтэй байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр О.Г-д холбогдох хэргийг прокурорт буцаагаагүй гээд хувийн таарамжгүй харилцаатай гэж О.Г үзээд байх шиг байна. Би О.Г-тэй өмнө нь нэг ч удаа хэрэлдэж муудалцаж байгаагүй. Хувийн таарамжгүй ямар ч харилцаа холбоо байхгүй. Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байдлыг тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзэх үндэслэлд хамаарахгүй гэж уг тогтоолд заасан байна.

Миний бие О.Г, хохирогч С.Э, гэрч Н.А, О.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн хэргийн бусад оролцогч, өмгөөлөгч нартай найз нөхөд, садан төрлийн холбоо байхгүй тул шүүгч өөрөө татгалзан гарах үндэслэл огт байхгүй, харин хэргийн оролцогч нар татгалзсан тохиолдолд буюу шүүгдэгч О.Г-эс шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг хуулийн дагуу шийдвэрлүүлээд л явж байгаа.

Харин хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан флаш дискийг сидинд хуулбарлаад нотлох баримт болгон 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тайлбарын хамт Сахилгын хороонд хүргүүлсэн боловч 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхэд уг сидинд үзлэг хийгээгүй байсан ба О.Г-д холбогдох хэргийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Уг шүүх хуралдаанаар флаш дискийг шинжлэн судалсан болно.

Уг флаш дискийг сидинд буулгаж Сахилгын хороонд хүргүүлсэн гол шалтгаан нь хэвлэлийн бага хурлаар болон лайваар хохирогч С.Э-ны биед О.Г хуруу ч хүргээгүй хамраас нь цус ч гаргаагүй байхад зохиомлоор хэрэгт буруутгаж байна гэж мэдүүлсэн тул хэвлэлийн бага хуралтай холбогдуулж хүргүүлсэн болохоос О.Г-г гэм буруутай гэж хүргүүлээгүй гэдгийг зөв талаас нь анхаарч хараасай гэж хүсэж байна.

Уг флаш дискинд хувь хүний нууцтай холбоотой болон хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой гэж үзэх зүйл байхгүй.

Шүүгч Б.Хэрлэн миний бие шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа О.Г-д холбогдох хэрэг маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд болон сошиал орчинд мэдээлж, илэрхийлсэн зүйл огт байхгүй, албан ажлын хэрэгцээнд зориулсан материал, техник хэрэгслийг шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өөр зориулалтаар ашиглаагүй, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн аливаа мэдээллийг шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өөр зорилгоор ашиглаагүй гэдгээ хэлмээр байна.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-д “биометрик мэдээлэл гэж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, телеграмм хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг”, 4.1.2-т “генетик мэдээлэл гэж биологийн сорьцын шинжилгээгээр тогтоосон хүний бие махбод, эрүүл мэнд, өвлөн авсан удамшлын шинж чанарыг илэрхийлсэн дахин давтагдашгүй мэдээллийг”, 4.1.12-т “Хүний эмзэг мэдээлэл гэж хүний үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг хэлнэ” гэж тус тус заажээ.

Мөн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын хамтарсан захирамж, тушаал 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 36А, А/68 дугаартай “Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам” зэрэгт тусгайлан заагаагүй байна.

Хүний хувийн нууцтай холбоотой эмзэг мэдээллийг тараасан талаар ямар нэгэн хүн гомдол гаргаагүй байгааг анхаарч үзнэ үү.” гэжээ.

Холбогдох шүүгч Б.Хэрлэн Шүүхийн сахилгын хороонд 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэмэлт тайлбартаа:

 “Шүүхийн сахилгын хороонд О.Г-ийн эхнэр Х.Э-с гаргасан баримтуудтай танилцлаа. Тухайн үед буюу 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манайх буяны цайллага хийхэд Мандал төв нь танайх анхных учир манайд гаргаж өгөх меню байхгүй гээд зөвхөн 1, 2 дугаар хоолны мөнгийг төлөхөөр ярилцаж тохиролцсоны дагуу холбогдох мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Ямар ч хөнгөлөлт яригдаагүй. Гэтэл гаргаж өгсөн баримтуудыг нь үзэхэд технологийн карт, меню зэрэг зүйлийг гаргаж өгсөн нь сүүлд л өөрсдөө хийсэн байх гэж бодож байна. Мөн гаргаж өгсөн баримтуудаас харахад манайх буяны цайллага хийснээс хойших өөр айлын буяны цайллага 2-3 удаа хийсэн баримтууд авагдсан байна. Манайх буяны цайллага хийсэн тухайн үеийн ямар ч баримт алга байна. Иймд ямар ч хөнгөлөлт эдлээгүй болох нь харагдаж байгаа юм.

Мөн гэрч Ч.М, Б.Э, С.Э, О.Г, Х.Э нарын мэдүүлэгтэй, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцлаа. Гэрч Х.Э, О.Г нарын мэдүүлэгт тайлбар өгнө, бусад гэрчийн мэдүүлэгт тайлбар хийх зүйл алга байна. О.Г нь 2 дахь удаагаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө миний хэргийг үнэн зөв шийдэх байх гээд Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдлоосоо татгалзсан гэтэл шүүх бүрэлдэхүүн надад хорих ял оногдуулсан тул өмнө гаргасан гомдлоо дэмжиж байна гэсэн нь өөрт холбогдох хэргээ ашигтай байдлаар шийдүүлэх санаатайгаар шүүгч Б.Хэрлэн намайг Сахилгын хороонд үндэслэлгүйгээр гомдол гаргаад тэрийгээ хэргээ шийдүүлэхдээ наймаалцах маягаар гомдлоосоо татгалзсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн гэж үзэхээр байгаа бөгөөд миний хэрэг шийдвэрлэх зүрх зоригийг мохоох гэсэн санаатай байсныг нь анхаарч үзнэ үү.

Мөн гэрч Н.А-р морио уяулдаг гэдгийг сонссон гэсэн боловч хэн гэдэг хүнээс хэзээ сонссон гэдгээ нотолж чадахгүй худлаа булзааруулж ярьсан болох нь илтэд харагдаж байна. Ээжийн буяны цайллагыг өөрөө сайхан сэтгэлээрээ хөнгөлсөн ч гэх шиг тухайн үед зүгээр уулзаж ярилцаад танай байгууллагад буяны цайллага хийе гэхэд манай байгууллага 1, 2 дугаар хоолыг хийж өгье гэхээр нь хоолны үнийг төлсөн болохоос хөнгөлөлт өгөөч гэж тэд нараас огт гуйгаагүй. Тэр үед тийм меню ч байгаагүй. Манай гэр бүл ах дүүс тэгж тэд нараас хөнгөлөлт гуйгаад явах хүмүүс биш гэдгийг хэлмээр байна. Ямар ч хөнгөлөлт гуйхгүйгээр буяныхаа ажлыг цайллагыг хийчих бүрэн боломжтой хүмүүс юм.

Гэрч Х.Э мэдүүлэхдээ холбогдох баримт менюг үзүүлсэн гэж мэдүүлсэн байх бөгөөд тухайн үед меню байхгүй гэдгийг миний эхнэр М.М сонсоод гэрчийн мэдүүлэг өгсөн ш дээ. Улаан цайм худлаа яриад байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Эдний байгууллага дээр хийсэн анхны буяны цайллага нь манайх гэдгийг би анхнаасаа хэлээд байгаа. О.Г, Д.Б нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнээр хэлэлцээд шийтгэх тогтоол гарсан болохоос хувийн сонирхлоор зохиомол хэргийг шийдвэрлээгүй билээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхийг О.Г-д эдлүүлж байгаа болохоос давж заалдах гомдол гаргах эрхийг нь хаасан байдлаар хэргийг шийдвэрлээгүй. Ер нь ямар ч баримт нотолгоогүй зүйлээр хүнийг буруутгаж болохгүй биз дээ. Эцсийн эцэст хэлэхэд миний хувьд зүгээр ажлаа хийж яваад ийм худал зүйлд гүтгэгдмээргүй байна. О.Г-ийн Сахилгын хороонд гаргасан гомдол нь огт үндэслэлгүй. Иймд О.Г-ийн гаргасан гомдлыг шалгаад холбогдох нотлох баримтуудын хүрээнд үндэслэн үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч О.Г-с Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэнд холбогдуулан “...мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэх талаар гаргасан хүсэлтийг яллах талыг хэт барьж хүлээн авахаас татгалзаж, гэм буруугийн шүүх хуралдааны товыг зарлаж хэргийг ямар нэг байдлаар түргэн шийдвэрлэх эс үйлдэл гаргаж байна, ... шүүгч Б.Хэрлэн нь эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоогдсон С.Э, эрүүгийн хэргийн гэрч Н.А-тай хувийн ашиг сонирхлоор холбогдсон, найз нөхдийн холбоотой, хэрэг гарсны маргааш нь А нь би Б.Хэрлэн шүүгчтэй яриад н.Г-д 1-5 жил хүртэл ял төлөвлөөдөх гэж хэлсэн, намайг яллах асуудлыг анхнаасаа н.А, н.Э нар Б.Хэрлэн шүүгчид захиалсан, ... шүүгч Б.Хэрлэн ээжийнхээ буяны ажлыг манай ресторанд хийсэн бөгөөд нэг хүний зардал нь 45,000 төгрөг байхад 23,000 төгрөгөөр хийж хөнгөлөлттэй үйлчилгээ авсан, ... манай ресторанд хоол идэж байх үед нь хүнд гүтгэгдсэн ийм асуудалд холбогдлоо гэхэд би судалж үзсэн, их төвөгтэй асуудал байна гээд Дарханы өмгөөлөгчийн дугаарыг өгсөн ч би тэр өмгөөлөгчийг нь аваагүйд хорссон учраас миний холбогдсон хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт би эргэлзэж байна, ... өөрөө хэл аманд орохоос айж, 2 шүүгчийг хамт шийдсэн гэж бултах гэсэн үйлдэл гэж үзэж байна, ... Б.Хэрлэн шүүгчийн эхнэр нь Зүүнхараагийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн дарга дэд хурандаа н.Б-ны ээжийнх нь дүүгийн хүүхэд, надаас 500,000,000 төгрөг аваад эд хөрөнгөө өгөөгүй н.Б нь н.Б-аны бэр, Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокурор нь н.Б-ийн ээжийнх нь хамаатан юм. Хамгийн гол нь дэд хурандаа н.Б нь удаа дараа манай ресторанд орж ирээд Зүүнхараад миний үгээр явахгүй бол чамайг шоронд хийнэ гэж заналхийлж байсан бөгөөд н.Б нь н.Б-ыг Зүүнхараагийн цагдаагийн хэлтийн дарга болоход 500,000,000 төгрөгийн хахууль хэрэгтэй, надад 250,000,000 төгрөг өг гэж нэхэж байсан. Үүнийг нь өгөөгүй учраас намайг хилсээр яллах ажил зохион байгуулж байгаа гэж би бодож байгаа ...” гэх өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Нэг. “...Мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэх талаар гаргасан хүсэлтийг яллах талыг хэт барьж хүлээн авахаас татгалзаж, гэм буруугийн шүүх хуралдааны товыг зарлаж хэргийг ямар нэг байдлаар түргэн шийдвэрлэх эс үйлдэл гаргаж байна ...” гэх тухайд,

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагч О.Г, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, сум дундын шүүхэд шилжүүлсэн, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаар захирамжаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Б.Хэрлэнг томилсон шийдвэрийг албажуулжээ.

Яллагдагч О.Г, Д.Б нарын өмгөөлөгч Л.Б, Б.М нараас 2025 оны 10 дугаар сарын 03, 10 дугаар сарын 09-ний өдөр нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлт гаргасны дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр товлон зарласан боловч өмгөөлөгч Л.Б-ын хүсэлтээр хойшлуулсан ба гомдол, хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, ... дугаар захирамжаар хангахгүй орхиж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарласан байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтаас 6.17 дахь заалт хүртэл тодорхойлон заасан асуудлыг талуудын гаргасан хүсэлт, гомдлоор урьдчилсан хэлэлцүүлэг зарлан, хуралдахдаа тус хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ:

1.1.хэргийг буруу тусгаарласан бол;

1.2.шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол;

1.3.мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэж заасан үндэслэл байна гэж үзвэл хэргийг прокурорт буцаах ба хэрэв дээрх үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээр байна.

Үүнийг илтгэгч гишүүн “... Өмгөөлөгчийн хүсэлтийг заавал хангахаар хуульд заагаагүй бөгөөд харин шүүгч  энэхүү хүсэлтийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд өөрийн дотоод итгэлээр үнэлэхээс гадна шүүх эрүүгийн хэргийг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэх үүрэгтэй ...” гэж үзсэн нь үндэслэлтэй бөгөөд Шүүхийн сахилгын хороо нь гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийхгүй бөгөөд шүүгч эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тэдгээрийг үнэлж дүгнэн шийдвэрлэх эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заан олгосон болно.

Хоёр. ... Шүүгч Б.Хэрлэн нь эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоогдсон С.Э, эрүүгийн хэргийн гэрч Н.А-тай хувийн ашиг сонирхлоор холбогдсон, найз нөхдийн холбоотой, хэрэг гарсны маргааш нь А нь би Б.Хэрлэн шүүгчтэй яриад н.Г-д 1-5 жил хүртэл ял төлөвлөөдөх гэж хэлсэн, намайг яллах асуудлыг анхнаасаа н.А, н.Э нар Б.Хэрлэн шүүгчид захиалсан ...” гэх тухайд,

Өргөдөл гаргагч нь өргөдлийн дээрх үндэслэлээ “... Гэрч Н.А нь Б.Хэрлэн шүүгчийн уяач бөгөөд хэргийн оролцогч болох хохирогч С.Э нь Н.А-ын хуурай дүү мөн шүүгч Б.Хэрлэн, С.Э хоёр Н.А-р морио уяулдаг хувийн ашиг сонирхлоор холбогдсон, найз нөхдийн холбоотой ...” гэж тодорхойлжээ.

Энэ талаар илтгэгч гишүүн шалгах ажиллагааны хүрээнд өргөдөл гаргагч болон уяач нараас гэрчийн мэдүүлэг авсан байх ба өргөдөл гаргагч О.Г “... Намайг ирэхээс өмнө А нь Хэрлэн шүүгчийн морийг уядаг байсан гэж сонссон боловч би өөрийн нүдээр үзэж хараагүй, ...тэр хүн хэлсэн гэх юм алга, тухайн үед морины уяан дээр л тиймэрхүү яриа гарч байсныг сонссон, түүнээс одоо энэ байдлыг гэрчлээд өгөх хүн байхгүй. А нь Хэрлэн шүүгчийн морийг уяж байхыг өөрийн нүдээр үзэж хараагүй ...” гэж, гэрч Н.А “... Би шүүгч Б.Хэрлэнгийн морийг уяж байсан тохиолдол огт байхгүй. Гэхдээ Б.Хэрлэн шүүгч морь уядаг, гэхдээ өөрөө морио уядаг гэдгийг бол мэднэ ...” гэж, гэрч Т.Х: “... А нь шүүгч Б.Хэрлэнгийн морийг уяж байхыг ерөөсөө хараагүй. Б.Хэрлэн өөрөө л морио уядаг. Би олон жил хамт байсан учраас сайн мэдэж байна. Хэдийгээр би сүүлийн үед салж нүүсэн ч гэлээ манай хоёрынх голын урд ард талд байдаг. Тэгэхээр хэнээр морь малаа уяулж байгааг маш сайн мэдэж байна. А хэзээ ч Хэрлэнгийн морь уяж байгаагүй. Анхнаасаа Хэрлэн өөрөө л морио уядаг ...” гэж,  гэрч Т.Д: “... Хэрлэн бид 2 их ойрхон хараа бараандаа зусаж морио уядаг ба өөрөө л морио уядаг.  А нь Б.Хэрлэнгийн морийг уяж байхыг ерөөсөө мэдэхгүй,  би л лавдаа Хэрлэнгийн морийг уяж байхыг хараагүй, мэдэхгүй. Б.Хэрлэн өөрөө л морио уядаг. Би олон жил хамт байсан учраас сайн мэдэж байна ...” гэж, гэрч С.Э: “... Би морь уядаггүй. Тийм болохоор Н.А-р морь уяулж байсан явдал огт байхгүй ... Би энэ суманд буцаж ирснээс хойш Д.Б-р дамжуулан Н.А-тай танилцсан. Тэгээд би Н.А-с нэг даага худалдаж авч байсан. Нэг нутаг усных болохоор мэнд устай явдаг болохоос Н.А-р морь малаа уяулаад байсан явдал огт байхгүй. Би хэдийгээр хурдан морьтой боловч Н.А-р морио уяулж байсан явдал огт байхгүй ...” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд, эрүүгийн хэргийн гэрч Н.А-р шүүгч Б.Хэрлэн болон хохирогч С.Э нар морио уяулдаг гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй.

Илтгэгч гишүүний шалгах ажиллагаагаар шүүгч Б.Хэрлэн эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоогдсон С.Э, эрүүгийн хэргийн гэрч Н.А-тай хувийн ашиг сонирхлоор холбогдсон, найз нөхдийн холбоотой гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолоор тайлбарласан “хувийн харилцаатай” гэх ойлголтод хамаарахгүй байна.

Иймд шүүгч Б.Хэрлэнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-т заасан “татгалзан гарах үүрэг” үүсээгүй, харин шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний морь уях хувийн сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүсэхээр бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангах үүрэгтэй.

Холбогдох шүүгч нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргаагүй боловч шүүгдэгчээс өргөдөлд дурдсан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хангахаас татгалзсан, үүний  дараа 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд  шүүгдэгч нь уг үндэслэлээр дахин татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолоор татгалзал гаргаагүйд тооцжээ. 

Дээрх байдлаар хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах эрхээ хэрэгжүүлсэн, уг асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн байх тул шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн гэрч Н.А хэрэг болсны маргааш өдөр гэрч Д.Б-т “О.Г-д 1-5 жил хүртэл ял төлөвлөх талаар шүүгч Б.Хэрлэнд хэлсэн” гэж утсаар ярьсан, үүнийг Д.Б О.Г-д утсаар ярьж хэлснийг бичлэг хийн авсан талаар дурджээ.

Холбогдох шүүгч болон Н.А нар нь хэрэг гарсны маргааш өдөр хоорондоо утсаар холбогдоогүй гэж, мөн Н.А нь Д.Б-тай утсаар яриагүй гэж мэдүүлсэн, харин Д.Б согтуудаа О.Г-тэй утсаар ярих үедээ дээрх агуулга бүхий яриаг ярьсан боловч ял төлөвлөх талаар ярьсан зүйл байхгүй гэж мэдүүлсэн байна.

Энэ нь  Д.Б, О.Г нарын утсаар ярьсан яриаг бичиж авсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байх тул өргөдөлд “... хэрэг гарсны маргааш н.А нь би Б.Хэрлэн шүүгчтэй яриад н.Г-д 1-5 жил хүртэл ял төлөвлөөдөх гэж хэлсэн ...намайг яллах асуудлыг анхнаасаа н.А, н.Э нар Б.Хэрлэн шүүгчид захиалсан” гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

Гэвч шүүгч нь цаашид хувийн сонирхол нь шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, хэрэв зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах хүсэлтээ гаргах, хэргийн оролцогчдод энэ талаараа мэдэгдэх үүргээ биелүүлж ажиллахад анхаарах шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. “... Шүүгч Б.Хэрлэн ээжийнхээ буяны ажлыг манай ресторанд хийсэн бөгөөд нэг хүний зардал нь 45,000 төгрөг байхад 23,000 төгрөгөөр хийж хөнгөлөлттэй үйлчилгээ авсан ...” гэх тухайд,

Шүүгч Б.Хэрлэнгийн ээж нь өргөдөл гаргагч О.Г-г гэмт хэрэгт холбогдохоос 2 сарын өмнө буюу 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан, буяны цайллагыг О.Г-ийн ресторанд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хийж, нэг хүний хоолыг 23,000 төгрөг, нийт 150 хүн гэж тооцоолон зуушны үнийг нэмээд 3,750,000 төгрөгийг шилжүүлжээ.

Өргөдөл гаргагч О.Г-ийн эхнэр Х.Э нь буяны цайллагын үнэ 45,000 төгрөг байдаг гэж мэдүүлээд “Мандал төв буяны цайллага меню” гэх баримтыг ирүүлсэн боловч уг баримтыг хэзээ үйлдсэн ямар хугацаанд үйлчилж байсан нь тодорхойгүй байна.

Харин Х.Э-с гаргаж өгсөн буяны цайллагын технологийн картад 2025 онд сүүтэй цай 2000, брэс 790-923, зууш 1450-1560, 1 дүгээр хоол 7350-11015, 2-р хоол 11360-11870 төгрөгөөр тооцсоныг ахлах тогооч А баталсан байх ба шүүгч Б.Хэрлэнгийн авсан буяны цайллагад орсон цай, зууш, 1, 2 дугаар хоол, брэсийг дээрх үнэлгээгээр тооцвол нийт 22,950-27,368 төгрөг болж байх тул 45,000 төгрөгийн багцад багтсан хоолыг 23,000 төгрөг болгон хямдруулан авсан гэж үзэхгүй.

Мөн холбогдох шүүгч болон гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд, шүүгч нь төлбөрийг багасгах, хөнгөлөлт үзүүлэх талаар хүсэлт, санал гаргаагүй, О.Г нь ямар нэгэн хариу нэхэх зорилго агуулаагүй, өөрийнхөө холбогдсон хэрэгт туслалцаа үзүүлэх талаар хүсээгүй гэдгээ илэрхийлсэн байх бөгөөд 1 хүний төлбөрийг 23,000 төгрөгөөр тооцон уг төлбөрт тохирсон үнэ бүхий хоолоор үйлчлэхээр тохиролцсон, төлбөрийг бүрэн төлсөн зэргээр дээрх үйл баримт нь шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоогүй болох нь тогтоогдож байна. 

Иймд шүүгч шүүн таслах ажлаа хэрэгжүүлэхдээ хэргийн оролцогчоос үйлчилгээ авах, хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд сахилгын зөрчилд тооцохоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.8-д заасан хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй болжээ.

Дөрөв. “... Манай ресторанд хоол идэж байх үед нь хүнд гүтгэгдсэн ийм асуудалд холбогдлоо гэхэд би судалж үзсэн, их төвөгтэй асуудал байна гээд Дарханы өмгөөлөгчийн дугаарыг өгсөн ч би тэр өмгөөлөгчийг нь аваагүйд хорссон учраас миний холбогдсон хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт би эргэлзэж байна ...” гэх тухайд,

Холбогдох шүүгч өргөдлийн дээрх үндэслэлийг үгүйсгэж “... би ресторанд нь орж хоол идээд шүүгдэгч О.Г-тэй уулзаж хэргийн талаар ярьж Дарханы тийм өмгөөлөгч ав гэж огт хэлж байгаагүй ...” гэж тайлбарласан бол О.Г шүүгч Б.Хэрлэнтэй утсаар холбогдон ярих үед өмгөөлөгчийн дугаар өгсөн гэж, харин гэрч Х.Э шүүгч Б.Хэрлэнг ресторанд ирж хоол идэх үед нь уулзахад өмгөөлөгчийн дугаар өгсөн гэж зөрүүтэй мэдүүлсэн байна.

Илтгэгч гишүүн гар утасны ярианы жагсаалтыг гаргуулан авахаар хандсан боловч техникийн нөхцөлийн улмаас авах боломжгүйд хүрсэн ба зөвхөн өргөдөл гаргагчийн зөрүүтэй мэдүүлгээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй тул илтгэгч гишүүний санал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д “Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцсэн байна гэж дүгнэлээ.

Тав. “... Өөрөө хэл аманд орохоос айж, 2 шүүгчийг хамт шийдсэн гэж бултах гэсэн үйлдэл гэж үзэж байна ...” гэх тухайд,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагч О.Г, Д.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд тус хэрэг системээс санамсаргүй тохиолдлоор Ерөнхий шүүгч Б.Хэрлэнд хуваарилагдсан болох нь илтгэгч гишүүний Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

Ерөнхий шүүгч Б.Хэрлэн нь 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус эрүүгийн хэрэг ээдрээ төвөгтэй гэж үзэн тухайн хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх санал гаргасныг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 04 дүгээр тогтоолоор саналыг хангаж, хэрэг хуваарилах журмын дагуу системээс бүрэлдэхүүнийг сонгохыг Мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Б-т даалгасан, бүрэлдэхүүнд шүүгч Ч.М, Б.Э нар системээс томилогджээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ”, 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг ээдрээ төвөгтэй гэж шүүгч үзвэл энэ тухай саналаа Ерөнхий шүүгчид гаргаж, тухайн хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэж болно”, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-ын 3.6-д “шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг ээдрээ төвөгтэй гэж шүүгч энэ тухай саналаа Ерөнхий шүүгчид гаргасан тохиолдолд шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг Ерөнхий шүүгч томилно” гэж тус тус заасантай нийцсэн байх тул өргөдөл үндэслэлгүй байна.

Зургаа. “... Б.Хэрлэн шүүгчийн эхнэр нь Зүүнхараагийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн дарга дэд хурандаа н.Б-ны ээжийнх нь дүүгийн хүүхэд, надаас 500,000,000 төгрөг аваад эд хөрөнгөө өгөөгүй н.Б нь н.Б-ны бэр, Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокурор нь н.Б-ийн ээжийнх нь хамаатан юм. Хамгийн гол нь дэд хурандаа н.Б нь удаа дараа манай ресторанд орж ирээд Зүүнхараад миний үгээр явахгүй бол чамайг шоронд хийнэ гэж заналхийлж байсан бөгөөд н.Б нь н.Б-ыг Зүүнхараагийн цагдаагийн хэлтийн дарга болоход 500,000,000 төгрөгийн хахууль хэрэгтэй, надад 250,000,000 төгрөг өг гэж нэхэж байсан. Үүнийг нь өгөөгүй учраас намайг хилсээр яллах ажил зохион байгуулж байгаа гэж би бодож байгаа ...” гэх тухайд,

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүгчийн албан тушаалд томилогдон шүүн таслах үйл ажиллагааг явуулж байгаа эрх бүхий этгээдэд холбогдуулан сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг.

Харин өргөдөлд дурдсан дээрх асуудал нь О.Г-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан цагдаагийн байгууллага, хяналт тавьсан прокурорын байгууллага, тэдгээрийн удирдлага, албан тушаалтантай холбоотой байх тул эдгээр албан тушаалтнууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтад хамаарах албан тушаалтан биш болохыг дурдах нь зүйтэй.

Өргөдөл гаргагч нь дээрх албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоотой гомдлоо холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гарган шийдвэрлүүлэх боломжтой.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул илтгэгч гишүүнээс түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2026/0067 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар  магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

                                    ДАРГАЛАГЧ                                    Х.ХАШБААТАР

                                     ГИШҮҮН                                         Ц.ДАВХАРБАЯР

                                                                                                Б.СУГАР