
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-05-29
Дугаар 73
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго нарыг оролцуулан, сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар, өмгөөлөгч П.С-ийн өргөдөлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ГС/2026/0051 дүгээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:
“... 1. Өргөдлийн “...урьдчилсан хэлэлцүүлэг хуралдаан дээр миний бие Д.С-г дэргэдээ суулгасан байсан. Тэгэхэд намайг Сувд-Эрдэнэ шүүгч бас л “юун дураараа юм бэ, наадах чинь шүүгдэгчийн ширээнд суух ёстой, хаана суулгахыг би мэднэ” гэж бас загнахаар нь би “Энэ шүүхийн танхим чинь шүүгдэгч шүүгдэгчийн өмгөөлөгч гэж бичсэн ширээний тавилттай байна. Хамт сууж болохоор хэнд ч харагдаж байна” гэж хэлсэн болно...” гэх тухайд:
Тухайн эрүүгийн хэргийн яллагдагч Л.А-ын өмгөөлөгч Г.Б, яллагдагч Э.Т-гийн өмгөөлөгч Н.Н нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн байна.
Тус урьдчилсан хэлэлцүүлгийн дуу, дүрсний бичлэгээс үзэхэд, шүүгчийн урд нарийн бичгийн дарга, баруун жигүүрт Улсын яллагч, зүүн жигүүрт хамгаалалтын цагдаа, шүүгдэгч Ц.С, Л.А, Э.Т, Б.А сууж байгаа нь харагдана. Шүүгдэгч нарын баруун урд талд өмгөөлөгч Г.Б, Н.Н, Ж.Б, Б.М, хамгаалалтын цагдаа зогссон байна. Харин Улсын яллагчийн баруун урд талд өмгөөлөгч П.С, шүүгдэгч Д.С нар суужээ. Харин үүдний хэсэгт 3 ажиглагч суусан, 1 ажиглагч зогссон байгаа нь харагдана.
Урьдчилсан хэлэлцүүлгийн дуу, дүрсний бичлэгийн 0:00:00-0:19:00 секундийн хооронд, хуралдаан даргалагчаас шүүх хуралдааныг нээж, ирцтэй холбоотой тусгайлан гаргах санал байгаа эсэхийг асууж, хуралдааны дэгийг танилцуулан, урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийнхээ үндэслэлийг танилцуулах талаар хэлэхэд өмгөөлөгч нар хүсэлтийн үндэслэлээ танилцуулжээ.
Үүний дараагаар, даргалагчаас бусад өмгөөлөгч нараас хэлэх зүйл байгаа эсэхийг асуухад;
Өмгөөлөгч Ж.Б-аас: Өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг дэмжиж оролцож байна. Гэхдээ хэрэв гэм буруугийн хуралдаанд шилжих юм бол хаалттай явуулна гэсэн хүсэлтийг дэмжихгүй байна. Болсон процесс, хавтас хэрэгт юу байгаа, ямар нотлох баримт авагдсан талаар нээлттэй явуулах хэрэгтэй. Учир нь хагас дутуу баримт мэдээлэл тавьж, яллагдагч нарын хэргийн нөхцөл байдлыг хүндрүүлнэ. Мөрдөн байцаалтын шатанд, прокурорын шатанд ч тэр энэ 5 залуу бүгд шүүгдэгч нар. Манай үйлчлүүлэгч ч гэсэн хохирогч шүү дээ. Гэтэл хохирогчийн суудалд өмгөөлөгчийнхөө хажууд суучихсан. Гэтэл бүгдээрээ л яллагдагч нарын суудалд сууж байна. Тэнд 4 нь яллагдагч нарын суудалд сууж байхад нэг нь хохирогчийн суудалд сууж байна. Бид нарын хувьд үнэн зөвөөр шийдүүлмээр байна. Харин ч нээлттэй ямар нотлох баримт авагдсан, хэнд ямар гэмтэл учирсан, учирсан гэмтэлд яаж хохирлыг барагдуулсан зэрэг асуудлуудыг нээлттэй явуулсан нь дээр байх гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд бид нарын хүсэлтийг огт хангаагүй явсан зүйл байдаг. Шүүх шаардлагагүй гэж үзэх юм бол нээлттэйгээр явуулж өгөөрэй гэж хүсэж байна гэв. /Бичлэгийн 0:19:26-0:21:29/
Даргалагчаас: Өөр хүсэлт, тайлбар байна уу? гэхэд /Бичлэгийн 0:21:30-0:21:33/
Өмгөөлөгч П.С-аас: Өмгөөлөгч Г.Б, Н.Н нарын хүсэлтийг сонслоо. Шүүгчийн өмнө 8 хавтас хэрэг байна. 8 хавтас хэрэг болтлоо сайн бүрдүүлсэн байна гэж харж байна. Хэдий болтол прокурор луу буцаах юм бэ? Хэдий болтол энэ хүний эрх ашиг зөрчигдөөд, дахиж шалгаад явах юм бэ? Тусдаа өөр хүнд зодуулсан гэж байгаа бол гомдлоо тусдаа гаргаад явах боломжтой. Зүйлчлэлийн хувьд шүүгч хэргийг тал бүрээс нь хэлэлцэнэ. Бүр 8 хавтас хэрэг цугларсан байна. Шүүх хуралдаан явагдахад, шүүгч зөв бурууг нь ялгаад шийдвэрлэнэ. Тал бүрээс нь ялгаад авахад үнэхээр гэмт хэрэг хийсэн бол гараад ирнэ. Энийг дахиж мөрдөн байцаалтад буцааж, хэргийг хэдэн хавтас болгох гээд байгаа юм. Ойлгохгүй байна. Ямар ч байсан шүүх хуралдаанаар хэлэлцээд, болох, болохгүй зүйлүүд нь гараад ирэх боломжтой гэж бодож байна. Эрлийн Эрдэнэбатыг овгоор нь хэллээ, ажил үүрэгт нь нөлөөллөө гэж байна. Хүн угаасаа овог нэрээрээ явдаг шүү дээ. Үнэхээр бизнест нь халдаад, нэр хүндэд нь халдаад байгаа бол энэ бол тусдаа асуудал. Хуулийн зүйл анги нь тусдаа байгаа. Хэвлэл мэдээллээр гарч байгаа бол сэтгүүлчтэй холбоотой асуудал. Энд өмгөөлөгчтэйгөө сууж байна гэж хэллээ. Энд өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгч нар суучихсан байна. Ер нь энэ хэргийг харахад, улс орон даяар цацсан мэдээллээс харахад ч тэр энэ хүүхэд бол айхтар нүүр нь дээрээ гэмтэл авсан байгаа. Өнөөдөр хүн харахад бүтэн нүүртэй сууж байгаа боловч энэний ард ямар мэс засал хийлгэсэн. Сэтгэл зүйн хувьд хүнд байгаа. Насны хувьд эд нараасаа дүү хүн байна лээ. Яагаад миний хажууд сууж болдоггүй юм. Ийм хэцүүхэн юм ярьдаг өмгөөлөгчийг би өнөөдөр харж байна. Өдий олон жил хуулийн байгууллагад ажилласан. Гадаад улс орнуудын шүүх хурлыг харахад хүсэлт гаргаад л өмгөөлөгчийнхөө хажууд сууж байдаг шүү дээ. Энэ тийм аюултай юм уу? Энэ яг яасан юм. Ийм сонин зүйл ярьж байгаад гайхаж байна. Ийм айхтар гэмтэл авсан хүүхэд чинь энэ хүмүүсийг хараад жигшиж байна. Хажууд нь ч суумааргүй байна шүү дээ. Өмгөөлөгчийнхөө хажууд сууж яагаад болохгүй гэж. Тийм учраас энэ хэргийг шүүхэд шилжүүлж өгөөч, их удсан хэрэг. Улс орон даяар ийм танхай хэргийг яаж шийдвэрлэхийг ард түмэн харж байна. Үнэхээр шүүх хуралд өөр шалгах шаардлагатай өөр зүйл гарч ирэх юм бол хуулийн заалт нь байгаа. Ийм учраас энэ хэргийг шүүхэд шилжүүлж, энэ хурлыг хийлгэх хүсэлтэй байна гэв. /Бичлэгийн 0:21:34-0:25:20/
Даргалагчаас: П.С өмгөөлөгч Д.С-ийн өмгөөлөгч тийм үү? гэхэд /Бичлэгийн 0:25:21-0:25:23/
Өмгөөлөгч П.С-аас: Тийм гэв. /Бичлэгийн 0:25:24-0:25:25/
Даргалагчаас: Сая сайн ажиглаагүй юм байна. Дараагийн хуралдаанаас шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч хэсэгт сууна. Шүүх хуралдааны танхимд хэн хаана суух талаар бичиг бичээд заачихсан байгаа. Тэндээ л сууна. Ойлгосон уу? П.С өмгөөлөгчөөс нэг зүйл тодруулж асуумаар байна. Л.А-ын өмгөөлөгчөөс миний гэмтэл учирсан үйлдэлд Д.С-ийн үйлдэл оролцоо байдаг гэж ярьж байна. Ийм асуудал байгаа бол Д.С-ийн хувьд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх зүйлчлэлээр яллагдагчаар татагдаад гэм буруугийн асуудал хэлэлцэнэ гээд шүүхэд шилжүүлсэн байна. Тэгэхээр ийм оролцоо байдаг гэж байна. Тийм оролцоо байдаг бол танай үйлчлүүлж байгаа хүн бусдын биед гэмтэл учруулсан 1 үйл баримт байна. 2 үйл баримт болох гэж байгаа асуудалд танд тайлбар байна уу? гэхэд /Бичлэгийн 0:25:26-0:26:32/
Өмгөөлөгч П.С-гаас: Шүүх хурлаараа л хэлэлцэнэ шүү дээ. Шүүгч таны л шүүх хурлаараа дотоод итгэлээрээ шийдвэрлэх асуудал шүү дээ. /Бичлэгийн 0:26:33-0:26:38/
Даргалагчаас: Хэрэг нь тусдаа явж байгаа юм байна. Тусад нь шийдвэрлэх юм бол дараа нь бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэдэг зүйл ангиар шалгагдах нөхцөл байдал хэрэгт нь байдаг юм уу? Мэдээж би шийднэ гэхэд /Бичлэгийн 0:26:39-0:26:54/
Өмгөөлөгч П.С-аас: Шүүх хуралдаанаараа л шийдвэрлэнэ. Хэн нь ямар оролцоотой байсан юм. Шүүх дотоод итгэлээрээ яаж дүгнэнэ гэхэд /Бичлэгийн 0:26:55-0:27:10/
Даргалагчаас: Танай үйлчлүүлэгчид тийм нөхцөл байдал үүсэхгүй юу гэж асууж байна гэхэд /Бичлэгийн 0:27:11-0:27:12/
Өмгөөлөгч П.С-аас: Үүсэхгүй. Хохирогчийг харин хүний биед хөнгөн хохирол учруулсан гэдгийг зөвшөөрөхгүй. Адилдаа адил годилдоо годил гэдэг шиг өөрсдөө хүний биед ийм айхтар гэмтэл учруулчхаад өнөөдөр эргүүлээд миний энд ийм гэмтэл учирсан байсан. Энэ Д.С-гийн учруулсан гэмтэл гэж байгаа нь хүн чанар энд байна уу? Тэр гэмтлийг яг энэ хүн учруулсан гэх баримт хавтас хэрэгт тогтоогдоогүй. Тийм учраас би энэ зүйл ангийг зөвшөөрөхгүй. Миний хувьд цаашдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй гэж явна. Тэгэхээр энийг шүүх хуралдаанаараа хэлэлцэх асуудал гэж үзэж байна. Бүгдээрээ ярилцаж, хэлэлцээд л нотлох баримтаараа шийднэ. Тэгэхээр надаас танай үйлчлүүлэгчээс өөр зүйл гараад ирвэл яах уу? гэж асуух чинь ямар учиртай юм бэ? гэв. /Бичлэгийн 0:27:13-0:28:17/
Даргалагчаас: Хэргийн үйл баримтаас харахад, энд сууж байгаа нэг яллагдагчид гэмтэл учруулсан гэдэг зүйлчлэл явж байна. Гэм буруугийн асуудал яриагүй байна. Тэнд нэг өмгөөлөгч ахиад нэг яллагдагчид гэмтэл учруулсан үйлдэлд оролцоо байдаг тухай яриад байна. Тэр хавтас хэрэгт дотор тийм үйл баримт байдаг уу? Хэрвээ тусад нь шийдвэрлэж байгаа нь танай үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн эрх ашигт нөлөөтэй гэж та үзэж байгаа юу? гэж асуусан юм гэв. /Бичлэгийн 0:28:18-0:28:45/
Өмгөөлөгч П.С-аас: Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс эсрэг зүйл л ярина шүү дээ. Энийг бид нар шүүх хуралдаанаараа шийдвэрлэнэ үү гэхээс одоо надаас ийм зүйл асуугаад яах юм бэ? Би бол шүүгдэгч биш цэвэр хохирогчийн байр сууринаас энд сууж байх ёстой хүн гэж үзэж байгаа гэв. /Бичлэгийн 0:28:46-0:29:06/
Бичлэгийн 0:29:08-0:47:44 секундийн хооронд даргалагчаас прокурор бусад өмгөөлөгч нараас хүсэлттэй холбоотой асууж тайлбар авчээ.
Улмаар, өмгөөлөгч П.С-аас: Би гайхаад байна л даа. Энэ хүүхдийн аав нартай уулзсан байгаа юм. Энэ хүүхэд ч хүүхдүүдийн аав нартай бас уулзсан гэнэ ээ. Ингээд залуу хүүхдүүд зодооны хэргийг хийчихсэн байна. Ингээд одоо яах вэ гэхэд эмээ нь ч уулзахгүй л салсан. Ингээд эмээ, ээж, аав нар нь ингээд эхнэр нь ч уйлж хооронд нь бас тийм юм хийж байсан. Энэ хүүхдүүдэд сайн юм болоогүй юм байна лээ. Одоо эд нар ингээд өшөө хүмүүсийн хэрэгт автъя гээд байх юм. Үгүй ээ, тэгэхэд ганц нэг С-г өгөх юм байна. Өшөө хүүхдүүдийг хэрэгт татъя, тэд нар нь бас намайг энд зодсон, тэнд зодсон гээд. Тэгээд яах юм, бүгдийг нь одоо ингээд тэр тэрийг цохисон, энд зодсон гээд ингээд хэчнээн хүүхдийг хэрэгт татах гээд байгаа юм бэ өмгөөлөгч нар аа. Та нар одоо бас бодох хэрэгтэй шүү дээ. Хэчнээн хүүхдийг хэрэг татаж, хэчнээн хүнийг цагдаа, прокурор дээр дуудаж ийм юм хэлэх гээд байгаа юм. Үгүй ээ, энэ одоо байгаа байдлаараа ингэж шийдээд ингээд энийгээ дуусгаад хаагаад ингээд баяртай, баяртай гээд. Дахиад энэ хүн дээр үйлдэл нэмүүлнэ л гээд. Тэгээд шүүгчийн асууж байгаа асуулт ч гэсэн надад болбол наад хүнээс чинь дахиад үйлдэл гаргавал яах юм бэ гээд гэхэд /Бичлэгийн 0:47:45-0:49:01/
Даргалагчаас: Эрх зүйн байдалд нь нөлөөлөхгүй юу гэж асууж байгаа юм гэхэд /Бичлэгийн 0:49:02-0:49:05/
Өмгөөлөгч П.С-аас: Тийм зүйл байхгүй. Наад хүн чинь хүн зодсон гэж шууд хазгай асууж болохгүй гэхэд /Бичлэгийн 0:49:06-0:49:12/
Даргалагчаас: Хүн зодсон гэж хэлээгүй ээ өмгөөлөгчөө. Та өөрөө ёс зүйтэй байя. Энэ талаар ийм хүсэлт гаргаад байна. Хэрвээ тусдаа шалгагдаж байгаад, өмгөөлөгчийн хүсэлтэд танай үйлчлүүлэгчийг байгаа гэдэг асуудал яригдаад байна. Энэ нь нөлөөлөх байдал үүсэх баримт хавтас хэрэг дотор байгаа юу? Энд хариу тайлбар хэлэх зүйл байна уу? гэж асууж байна гэв. /Бичлэгийн 0:49:13-0:49:34/
Өмгөөлөгч П.С-аас: Та яагаад санаа зовоод байгаа юм бэ? гэхэд /Бичлэгийн 0:49:34-0:49:36/
Даргалагчаас: Би санаа зовсон зүйл алга. Таны байр суурь ямар байгаа, энэ хүмүүсийн хүсээд байгаа зүйлд юу гэж хариулах вэ? гэж асууж байгаа юм. Өмгөөлөгч нар хүсэлт гаргаад байгаа учраас би асуугаад байна шүү дээ. Ийм зүйл яриад байгаа учраас би санаачилгаараа асууж байгаа зүйл биш. Энд танд хэлэх зүйл байна уу? гэж асуугаад байгаа юм. Би тодруулж асуугаад байна гэв. /Бичлэгийн 0:49:37-0:49:57/
Өмгөөлөгч П.С-аас: 8 хавтас хэрэг цугларсан байна. Эд нар олон дахин зодоон хийгээд яваад байгаагүй. Олон үйлдэл шалгах шаардлага байхгүй. Ганцхан үйлдэлд хэнд ямар хохирол учирсан юм бэ гэдэг асуудал байна. Ийм тодорхой хэрэг байхад наадах чинь дахиад хүн зодсон байж магадгүй, гараад ирвэл яах вэ гээд түмэн хүүхдүүдийг бүгдийг нь татах юм уу? гэхэд /Бичлэгийн 0:49:58-0:50:43/
Даргалагчаас: Өмгөөлөгчөө та юм ярихдаа жоохон бодит байдал дээр юманд хандмаар байна. Энэ хүмүүст хөнгөн гэмтэл учирсан байгаа. 4 хүн зодсон гэдэг зүйл яриад байна. Энд та хавтаст хэрэг дотор ийм зүйл байгаа юу гэдэг асуулт асуусан. /Бичлэгийн 0:50:44-0:50:55/
Өмгөөлөгч П.С-аас: Энэ асуултыг яагаад Д.С-д холбогдуулж асуугаад байгаа юм гэхэд /Бичлэгийн 0:50:56-0:50:59/
Даргалагчаас: Өмгөөлөгч нараас тийм зүйл яриад байна шүү дээ. Тэрэнд нь тайлбар байна уу? гэж би асуусан гэв. /Бичлэгийн 0:51:02-0:51:04/
Өмгөөлөгч П.С-аас: Хавтаст хэрэгт тийм юм байхгүй. 8 хавтас болтлоо хангалттай шалгалаа камерын бичлэгийг прокурор бүгдийг нь авсан байна гэж байна. /Бичлэгийн 0:51:05-0:51:13/
Даргалагчаас: Тэгвэл тийм баримт байхгүй гээд хэлээч дээ гэв. /Бичлэгийн 0:51:14-0:51:16/
Өмгөөлөгч П.С-аас: Залуучуудын залуу насны алдаанаас болсон хэрэг шүү дээ. Шүүх хуралдаанаараа хэлэлцээд гэм буруутай бол тусдаа шалгагдаад яваг л дээ. Танхай зодооны хэргийг шүүх шийдэж чадахгүй удаагаад цагдаа, прокурор нь 8 хавтас хэрэг болтол шалгачхаад өнөөдөр ахиад хүүхдүүдийг шалгана, хэрэгт татна гээд юу яриад байгаа юм. Танайх шүүгдэгчийн өмгөөлөгч гэдэг хаягаа ав л даа шүүгчээ. Шүүгдэгч өмгөөлөгчтэйгөө хамт сууна гээд хүний эрхийн асуудал гээд дэлхий нийтээрээ гэхэд /Бичлэгийн 0:51:17-0:52:20/
Даргалагчаас: Өмгөөлөгчөө, та дуугай байж бай. Шүүх хуралдаанд хэн ямар оролцогч хаана суух талаар тусгайлан заасан байгаа. Энэ хуралд хэн хаана суухыг би өөрөө мэднэ. Таны эрх мэдэл энд байхгүй. Би хаана хэн суулгахаа өөрөө мэдэж байгаа гэв. /Бичлэгийн 0:52:21-0:52:37/
Өмгөөлөгч П.С-аас: Үгүй. Та дарангуйлж болохгүй л дээ гэхэд /Бичлэгийн 0:52:38-0:52:39/
Даргалагчаас: Би дарангуйлаагүй. Хүний эрхийн асуудал биш ээ. Энэ бол хуралдааны дэгийн асуудал яригдаж байна. Хуралдааны дэгийн асуудал яригдаж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол хэргийн оролцогчид тодорхой байр зааж өгч байгаа нь ямар учиртай юм бэ гэхээр хэн ямар, ямар хүн байгаа юм, жишээлбэл өмгөөлөгч бусдаас ялгарахын тулд тусдаа хувцас өмсдөг. Шүүгдэгч гэдэг хүн ялгарахын тулд энд сууж байна. Прокурор гэдэг хүн ялгарахын тулд энд суугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хуралдааны дэгийг би өөрөө сахиулна өмгөөлөгчөө /Бичлэгийн 0:52:40-0:53:16/
Өмгөөлөгч П.С-аас: Энэ дэгийн асуудал биш байхгүй юу. Энэ бол хүний эрхийн асуудал. Эрх ашгаа хамгаалуулах гэж байгаа хүний эрхийн асуудал гэхэд /Бичлэгийн 0:53:17-0:53:30/
Даргалагчаас: Энэ асуудлыг шийдчихсэн. Дараагийн хуралдаанд тэнд сууна гэхэд /Бичлэгийн 0:53:31-0:53:32/
Өмгөөлөгч П.С-аас: Би гомдлоо гаргаад явна гэхэд /Бичлэгийн 0:53:33-0:53:33/
Даргалагчаас: Тэр бол нээлттэй гэв. /Бичлэгийн 0:53:34-0:53:34/
Өмгөөлөгч П.С-аас: Энд тэгвэл шүүгдэгчийн өмгөөлөгч гээд шүүгдэгчийн ширээ нь дээр байна шүү дээ. Яагаад танхимын зохион байгуулалтаас эсрэг юм яриад байгаа юм. Ингэж болохгүй. Энэ чинь л харин хүнийг хардах, шударга ёсны хүний эрхийн асуудлыг зөрчсөн асуудал болж байна. Гэтэл өнөөдөр би бүгдийг чадна. Би бүгдийг мэднэ, миний эрх гээд байж болохгүй гэхэд /Бичлэгийн 0:53:35-0:54:04/
Даргалагчаас: Уучлаарай энэ бол хуралдааны дэгийн асуудал өмгөөлөгчөө. Та бас үг хэлэхдээ хязгаартай баймаар байна шүү гэжээ. /Бичлэгийн 0:54:05-0:54:09/
Үргэлжлүүлэн, даргалагчаас улсын яллагчийн нэмэлт тайлбарыг сонсож, яллагдагч нараас хэлэх зүйл байгаа эсэхийг асууж, сонссоноор хуралдаан завсарлажээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 229 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.4.8-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд заасны дагуу сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгох эсэхийг хянан шийдвэрлэх, мөн хуулийн 31.5 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд шүүхийн хэлэлцүүлэг явуулах бэлтгэлийг шүүгчийн даалгасны дагуу шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хангана” гэж заасан тул урьдчилсан хэлэлцүүлэг эхлэхийн өмнөх бэлтгэл ажлыг шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хангах үүргийг хүлээсэн байна.
Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад, яллагдагч Ц.С-ийн өмгөөлөгч Ж.Б-аас “...Мөрдөн байцаалтын шатанд, прокурорын шатанд ч тэр энэ 5 залуу бүгд шүүгдэгч нар. Манай үйлчлүүлэгч ч гэсэн хохирогч шүү дээ. Гэтэл хохирогчийн суудалд өмгөөлөгчийнхөө хажууд суучихсан. Гэтэл бүгдээрээ л яллагдагч нарын суудалд сууж байна. Тэнд 4 нь яллагдагч нарын суудалд сууж байхад нэг нь хохирогчийн суудалд сууж байна. Бид нарын хувьд үнэн зөвөөр шийдүүлмээр байна...” гэх хүсэлт гаргасны дагуу даргалагчаас яллагдагч Д.С, түүний өмгөөлөгч П.С нарт хандан “...Сая сайн ажиглаагүй юм байна. Дараагийн хуралдаанаас шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч хэсэгт сууна. Шүүх хуралдааны танхимд хэн хаана суух талаар бичиг бичээд заачихсан байгаа. Тэндээ л сууна...” гэж хэлсэн нь дуу дүрсний бичлэг, зургаар тогтоогджээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д “Шүүх, шүүгч нь үйл ажиллагаагаа хараат бусаар явуулахад шаардагдах байр, иргэдийг хүлээн авах болон шүүх хуралдааны танхим ... тэдгээрийн стандарт, нөхцөлийг Ерөнхий зөвлөл тогтооно” гэж заасан ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн байрны стандарт CS 11-059052025”-ын хавсралтын 11 дэх хуудаст Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд шүүгчийн зүүн жигүүрт иргэний хариуцагч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч гэсэн байх бол баруун жигүүрт Улсын яллагч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар суух талаар зохицуулсан байна.
Дээрхээс үзвэл, тухайн эрүүгийн хэрэгт Ц.С, Д.С нар нь яллагдагч болон хохирогч гэсэн хоёр өөр эрх зүйн байр сууринаас оролцсон ба яллагдагч Ц.С, Э.Т, Л.А, Б.А нар шүүгдэгчийн суух хэсэгт суусан байхад яллагдагч Д.С нь ганцаараа хохирогчийн суудалд суух нь хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчимд нийцэхгүй бөгөөд өмгөөлөгч Ж.Б-гаас яллагдагч нарыг адилхан шүүгдэгч хэсэгт суулгах ёстой гэх шаардлага тавьсны дагуу хуралдаан даргалагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.20 дугаар зүйлийн 5-д “Шүүх хуралдаанд оролцогч, шүүх хуралдааны танхимд байгаа бусад хүн шүүх хуралдаан даргалагчийн хуралдааны дэг сахиулах шийдвэрт захирагдана” гэж зааснаар хуралдааны дэг сахиулах хүрээнд хэргийн оролцогч нарыг хаана суух талаар зааварчилсныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “...хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” нь сахилгын зөрчилд хамаарахаар зохицуулсан тул дээрх үйл баримттай холбогдуулан шүүгчийг зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
2.Өргөдлийн “...Шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судлах явцад прокурортой мэтгэлцэж нотлох баримтаа тайлбарлах аргыг хэрэглэн намайг ярьж байхад мөн л “ингэж явахгүй нотлох баримтаа зүгээр л хэлээд яв, санууллаа шүү” гэх мэтээр харьцсан нь өмгөөлөгч намайг “хуралдааны процесс мэддэггүй, сул дорой” мэтээр бусдад ойлгуулсанд мөн гомдолтой байна...” гэх тухайд:
Шалгах ажиллагааны явцад өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Ц.С, Э.Т, Л.А, Б.А, Д.С нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд;
Шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах шатанд:
Өмгөөлөгч П.С-аас: Би хохирогч Д.Саяннямбуугийн өмгөөлөгч П.С байна. Нотлох баримт шинжлэн судлах шатанд явж байна. Нотлох баримтыг шинжлэн судална гэдэг бол нотлох баримтаараа мэтгэлцэж байгаа гэсэн үг. Энэ хүн ийм баримтаар буруутай, буруугүй зүйлээр нотлогдож байна гэж. Тэгэхээр улсын яллагч өнөөдөр улсаас хохирогчийн өмгөөлөгч гэж явдаг л даа. Улсын яллагч бол хохирогч Д.Саяннямбууд ямар ямар гэмтэл энэ бүлэг зодооноос болж учрав гэдгийг тодорхой хэлсэн учир би давхардуулж хэлэх шаардлагагүй. Яллах дүгнэлтэд н.Золбоогийн мэдүүлэг байгаа. Тэнд тодорхой хэлсэн байгаа. Тэр үйл явдлыг харсан хүмүүс хэний ямар цохилтоос болж энэ хүн унасан гэдгийг мэднэ. Сая камерын бичлэгээс харахад тодорхой харагдаж байна. Энэ хүүхэд унаад, босож ирээд манарсан байдалтай байна гэхэд /Бичлэгийн 0:41:04-0:42:06/
Даргалагчаас: П.С өмгөөлөгчөө зүгээр л хавтаст хэргийнхээ хэд дүгээр хавтаст тийм баримт байна. Та дүгнэлтээ дараагийн шатандаа хэлчих гэхэд /Бичлэгийн 0:42:07-0:42:12/
Өмгөөлөгч П.С-аас: Шинжээчийн дүгнэлтэд энэ хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Юу юу нь гэмтсэн бэ гэхээр 2 талын хоншоор, ясны хөндийн урд болон мидел хана, 2 нүдний ухархайн дотор хана болон хамар яс, хамрын таславч гээд маш олон гэмтэл байгаа. Энэ олон гэмтлүүдийг хүндэвтэр гэмтэл гэж шинжээчийн дүгнэлт гарсан. 1 дүгээр хавтасны 226-233 дугаар хуудаснуудад авагдсан байна. Тэгээд хохирогчид хохирол төлбөр төлсөн талаараа өмгөөлөгч нар хэлсэн. Прокурор энд тодорхой хэлсэн. Анх хурал эхлэхэд цагаатгах байр сууринаас энэ хуралд оролцоно гэж хэлсэн. Ц.С-д Д.С-д гэмтэл учруулаагүй юм гэдгийг нотлох хэдэн баримтуудыг нэмэлтээр хэлье. Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 137 дугаар хуудаст тэр өдөртөө Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэхэд очсон байсан. Эрүүлжүүлэхийн цагдаа хүлээж аваад, Ц.С-ийн биед нь үзлэг хийсэн байсан. Үзлэг хийсэн баримтад баруун гарын хуруу шалбарсан л гэсэн байгаа. Хэрвээ Д.С Ц.С-ийг цохиод гэмтэл учруулсан бол нүүрний ил шарх харагдаж байх ёстой. Энэ баримтаар бол Ц.С-ийн нүдэнд хөхрөлт үүсээгүй байсан. Энэ нотлох баримтыг анхаараач гэж хэлмээр байна. Дараа нь шүүх эмнэлгийн Ц.С-ийн биед хөнгөн хохирол учир гэх дүгнэлт байна. Энэ нь 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр буюу өөрөөр хэлбэл 4 хоногийн дараа шинжээч эмчид үзүүлсэн байна. Тухайн үйл явдал болсон өдөр ил харагдах шарх байхгүй байсан болохыг эрүүлжүүлэхийн цагдаагийн хийсэн дүгнэлтээр харуулж байна. Ийм учраас энэ баримтууд нь Ц.С-ийн биед гэмтэл учруулаагүй гэдэг нь харагдаж байна. Прокурор сая харуулсан камерын бичлэгийн зургийг цаасанд баримтжуулан үйлдэл нэг бүрээр нь хийсэн байна. Энэ дотор нэг ч өгүүлбэр Д.С Ц.С-ийг цохиж байна гэдэг өгүүлбэр байхгүй. Камерын бичлэгээс харахад маш олон хүний бужигнаанд энэ хүнийг гүйж байгаа нь харагдаж байгаа болохоос биш цохиж байгаа үйлдэл нь харагдахгүй. Өөрөөр хэлбэл, Ц.С хойшоо болоход маш олон хүн дайраад орж байгаа. Энд хоёрхон хүний бичлэг байхгүй байна. Хоёр хүний бичлэг байсан бол тодорхой. Унаж байгаа нь харагдахгүй байна. Прокурор өөрөө л унаж байна гэж яриад байна. Тэгэхээр энэ бичлэгүүдээс үзэхэд, энэ хүнийг цохилтоос болж гэхэд /Бичлэгийн 0:42:13-0:46:55/
Улсын яллагчаас: Шүүгчээ нотлох баримт шинжлэн судлахгүй дүгнэлт хэлээд байна гэв. /Бичлэгийн 0:46:56-00:46:57/
Даргалагчаас: Өмгөөлөгчөө нэг зүйлийг сануулаад танд хэллээ. Нэлээн ч сонслоо. Хавтаст хэрэгт ийм ийм баримт байна гээд, бусад өмгөөлөгч нар шиг бай л даа. Дүгнэлтээ дараагийн шатанд хэлэлдээ. Дараагийн шатанд дүгнэлтийн шат гээд байгаа гэв. /Бичлэгийн 0:46:58-0:47:07/
Өмгөөлөгч П.С-аас: Үгүй ээ үгүй. Энд тийм юм байна ийм юм байна гэж явах болбол гэхэд /Бичлэгийн 0:47:16-0:46:55/
Даргалагчаас: Байна байна байна байна байна. Тэгэхээр та зүгээр нотлох баримтаа шинжлэн судал. Санууллаа шүү /Бичлэгийн 0:47:56-0:47:21/
Өмгөөлөгч П.С-аас: За тэгвэл одоо мэдүүлэг хэлье дээ. Гэрч н.Э-гийн мэдүүлэг байна. Хавтаст хэргийн 120 дугаар хуудаст байна. Машинд суугаад явах гэтэл машины хаалгыг хүмүүс ирж өшиглөөд онгойлгоод байсан. Ц.С-ийг цохиод байсан. н.Х-г бас цохиж, өшиглөсөн. Маргааш нь харахад Ц.С-ийн нүд хөхөрсөн байсан гэж н.Э мэдүүлсэн байна. Машин дотор л энэ хүнийг цохуулахыг энэ хүн харсан байна гэхэд /Бичлэгийн 0:47:22-0:47:58/
Улсын яллагчаас: Шүүгчээ хэрэгт авагдаагүй нотлох баримт уншаад байна. Ийм нотлох баримт байхгүй. Маргааш нь н.Э Ц.С-тэй уулзаагүй байгаа шүү гэв. /Бичлэгийн 0:47:59-0:48:05/
Даргалагчаас: П.С өмгөөлөгч хэд дүгээр хавтасны хэдэд байгааг нь уншчих гэв. /Бичлэгийн 0:48:06-0:48:08/
Өмгөөлөгч П.С-аас: Би 120 дугаар хуудсыг олчихъё гээд н.Э-гийн мэдүүлгийг уншив. Ер нь прокуророо, шүүхэд хандаж хэлэхэд нотлох баримтыг шинжлэн судлахдаа нотлох баримтыг тайлбарлаж мэтгэлцэж байх нь зөв юм шүү. Нотлох баримтаа хэлээд нотлох баримтаараа мэтгэлцэж байгаа гэдэг юм л гол нь явж байгаа. Ц.С гэдэг хохирогчид гэмтэл учруулаагүй юмаа гэдэг зүйлийг эдгээр нотлох баримтаар шинжлэн судалж байгаа юм гэв. /Бичлэгийн 0:48:09-0:50:47/
Даргалагчаас: Шүүгдэгч нараас өмгөөлөгч нарын судлуулсан нотлох баримтаас өөр нэмж судлуулах баримт байхгүй гэж ойлгосон. Зөв үү гэхэд /Бичлэгийн 0:50:48-0:50:56/
Шүүгдэгч нараас: Байхгүй гэв. /Бичлэгийн 0:50:57-0:51:01/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна”, 3-т “Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тус тус заасан ба анхан шатны шүүх хуралдааны дэг, дарааллыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин тавдугаар бүлэгт зохицуулсан.
Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд, даргалагч шүүгчээс хуралдааны дэг, шат дарааллыг баримтлуулах зорилгоор өмгөөлөгч П.С-д хандан хавтаст хэргээс ямар нотлох баримт шинжлэн судлуулахаа хэлэх ёстой талаар чиглүүлсэн байх ба өмгөөлөгч П.С нь даргалагчийн хэлсэн шаардлагыг хүлээн авахгүй байсан тул даргалагчаас “...та зүгээр нотлох баримтаа шинжлэн судал. Санууллаа шүү...” гэсэн нь хэргийн оролцогчийг сул дорой мэт харагдуулах үйлдэл гаргасан гэж үзэхгүй бөгөөд харин шүүх хуралдааны даргалагчийн хувьд шүүх хуралдааныг удирдан явуулах үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчтой албан үүргийн хувьд зүй бус авирласан үг хэллэг, үйл хөдлөл гаргасан гэх байдал тогтоогдсонгүй.
3.Өргөдлийн “...2026.01.29-ний өдөр шүүхийн хурлын танхимд олон нийтэд шууд дамжуулалттай нээлттэй явагдаж байсан Ц.С, Б.А, Э.Т, Л.А нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Шийтгэх тогтоолоо тайлбарлаж байх үедээ өмгөөлөгч П.С над руу маш дээрэнгүй өндөр дуугаар “Тэгээд оногдуулаагүй гэж хэлээд байгаа м биш үү, гомдол гаргах эрх чинь нээлттэй, Та ганцаараа хэл амтай хэрүүл тэмцэлтэй хүн биш” гэж хэлэн загнаж шүүгч хүнд баймааргүй бүдүүлэг үйлдэл гарган доромжилсонд гомдолтой байна...” гэх тухайд:
Шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэм буруугийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд;
Даргалагчаас: Шийтгэх тогтоолыг уншиж танилцуулав. Шүүгчээс шийтгэх тогтоолын агуулгыг дэргэрүүлэн танилцуулж байх явцад /Бичлэгийн 0:00:00-0:10:00/
Өмгөөлөгч П.С-аас инээж, үл тоосон шинжтэй үйлдэл гаргав. /Бичлэгийн 0:10:01-0:10:02/
Даргалагчаас: Би дүгнэлтээ танилцуулж байна. Танд таалагдахгүй байж болно. Та энд гомдлоо гаргах эрх чинь нээлттэй шүү. П.С өмгөөлөгчөө гэв. /Бичлэгийн 0:10:03-0:10:08/
Даргалагчаас: Үргэлжлүүлэн шийтгэх тогтоолыг дэлгэрүүлэн, шүүгдэгч Д.С-д оногдуулсан ялыг тайлбарлан хэлж байх явцад /Бичлэгийн 0:10:09-0:10:49/
Өмгөөлөгч П.С-аас: Яаж зорчих эрх хязгаарлах ял оногдуулах юм бэ? Эрүүл мэндийн байдал гэхэд /Бичлэгийн 0:10:50-0:10:52/
Даргалагчаас: Тэгээд оногдуулаагүй гэж хэлээд байгаа юм биш үү. Оногдуулаагүй учир торгох ял оногдууллаа гэж хэлээд байна ш дээ. Би тайлбарлах үүрэгтэй учраас тайлбарлаад байна. Танд таалагдахгүй байгаа бол та давж заалдах юм уу, гомдол гаргах эрх чинь нээлттэй байгаа ш дээ. Тийм учраас оногдуулаагүй гэж хэлээд байна. Та ганцаараа хэл амтай, хэрүүл тэмцэлтэй хүн биш ш дээ. Бүх хүмүүс гомдол гаргах эрх нь нээлтэй байгаа. Үргэлжлүүлэн шийтгэх тогтоолын агуулгыг танилцуулав. Өөр ойлгомжгүй тодруулах зүйл байна уу? Гэхэд /Бичлэгийн 0:10:53-0:13:04/
Хэргийн оролцогч нараас: Байхгүй гэв. /Бичлэгийн 0:13:05-0:13:06/
Даргалагчаас: Хуралдааныг хаав. /Бичлэгийн 0:13:07-0:13:08/
Энэ талаар шүүгч Д.Сувд-Эрдэнээс “...миний бие шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааныг нээлттэй явуулсан бол шүүх хуралдаан даргалагч энэ хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4-т заасан асуудал тус бүрээр шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоно” гэж мөн тус зүйлийн 2 дох хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаж дууссаны дараа шүүх хуралдааныг хаана” гэж хуульчилсны дагуу шийдвэрийн агуулга болон шаардлагатай бусад асуудал болох шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх, гэмт хэргийн учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг талуудад тайлбарласан. Шүүгдэгч Д.Саяннямбуу нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул түүний хувийн байдал буюу эрүүл мэндийн байдлыг харгалзан улсын яллагчаас санал болгосон торгох ялыг оногдуулсан ба өөр төрлийн ял эдлүүлэх нь зохимжгүй гэж дүгнэсэн гэсэн агуулгаар тайлбарласан. Ингэх явцад шүүгдэгч, хохирогч Д.С-гийн өмгөөлөгч П.С “яасан худалч билээ, тогтоогдоод байхдаа яах вэ дээ, ... ийм гэмтэл авсан хүнд зорчих эрх хязгаарлах ял өгнө гэж юу байх вэ дээ, ... Саяннямбууг цагаатгасан бол шударга байх байсан юм” гэх зэргээр хуралдааны явцад саад учруулсан” гэж тайлбарласан.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж заасан нь шүүгчид хориглосон зохицуулалт юм.
Энэхүү хуулийн зохицуулалт нь шүүгч нийгмийн ёс зүй, хүндэтгэл, харилцан ойлголцлын зарчмыг зөрчиж, хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ бусдыг алагчлах, гадуурхах байдал гаргаж байгаа мэт, тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар урьдчилсан дүгнэлт гаргасан мэт ойлголт төрүүлэх асуулт асуух, хэргийн аль нэг талд давуу байдал олгосон мэт ойлгогдохуйц байдлыг биеийн хэлэмж, харагдах байдал, зан үйл, үг хэллэг, үйлдлээр илэрхийлэхийг сахилгын зөрчилд тооцно гэж ойлгогдож байна.
Шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс үзэхэд, даргалагчаас шийтгэх тогтоолоо уншиж танилцуулж байх явцад өмгөөлөгч П.С-аас даргалагч руу инээж, үл тоосон шинжтэй үйлдэл гаргаж, “Яаж зорчих эрх хязгаарлах ял оногдуулах юм бэ...” гэж хэлсэн нь шүүгчийг дээрх тайлбарыг хэлэхэд нөлөөлжээ.
Хэдийгээр даргалагчаас хэргийн оролцогч руу энгийн ярианы түвшнээс өндөр дуугаар “...Тэгээд оногдуулаагүй гэж хэлээд байгаа юм биш үү. Оногдуулаагүй учир торгох ял оногдууллаа гэж хэлээд байна ш дээ. Би тайлбарлах үүрэгтэй учраас тайлбарлаад байна. Танд таалагдахгүй байгаа бол та давж заалдах юм уу, гомдол гаргах эрх чинь нээлттэй байгаа ш дээ. Тийм учраас оногдуулаагүй гэж хэлээд байна. Та ганцаараа хэл амтай, хэрүүл тэмцэлтэй хүн биш ш дээ...” гэж хэлсэн байх боловч хэргийн оролцогчийн шүүхийг үл хүндэтгэсэн зохисгүй үйлдлийг таслан зогсоох хүрээнд анхааруулан хэлснийг “зүй бус авирласан” үйлдэл гаргасан гэж шууд дүгнэх боломжгүй байна.
Харин холбогдох шүүгч нь цаашид шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчтой харилцахдаа үг хэллэг, ярианы өнгө болон энгийн ярианы түвшнээс өндөр дуугаар хэлэх, бухимдах зэрэг харилцаа хандлага гаргах нь хэргийн оролцогчдод буруугаар ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэх үр дагавартай тул цаашид анхаарах нь зүйтэй.
Түүнчлэн, хохирогч, шүүгдэгч Д.С нь өөрийн өмгөөлөгч П.С-аас болон түүний шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлоос татгалзсаныг өмгөөлөгч П.С нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасантай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.5 дахь заалтад зааснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЗ/... дугаар шүүгчийн захирамжаар тухайн эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр анхан шатны шүүхэд буцаажээ. Мөн дээрх зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор, оролцогч энэ хуулийн 15.8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан журмаар гомдол гаргаж болно” гэж заасны дагуу тус захирамжид энэхүү саналыг бичих үед гомдол гаргаагүй байсан болно.
Дээрхээс дүгнэвэл, өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Д.Сувд-Эрдэнэ тайлбартаа:
“... Шүүгч миний бие яллагдагч Э.Т, Б.А, Л.А, Ц.С, Д.С нарт холбогдох эрүүгийн дугаар бүхий хэргийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, яллагдагч Л.А-ын өмгөөлөгч Г.Б, яллагдагч Э.Т-гийн өмгөөлөгч Н.Н нараас гаргасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг, 2026 оны 01 дүгээр сарын 14, 29-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг тус тус хийсэн байна.
Шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч П.С-аас Шүүхийн сахилгын хороонд хандан гаргасан гомдлын 2 дахь хэсэгт “...урьдчилсан хэлэлцүүлэг хуралдаан дээр миний бие Д.С-г дэргэдээ суулгасан байсан. Тэгэхэд намайг Сувд-Эрдэнэ шүүгч бас л “юун дураараа юм бэ, наадах чинь шүүгдэгчийн ширээн дээр суух ёстой, хаана суулгахыг би мэднэ” гэж загнахаар нь би “Энэ шүүхийн танхим чинь шүүгдэгч шүүгдэгчийн өмгөөлөгч” гэж бичсэн ширээний тавилттай байна. Хамт сууж болохоор хэнд ч харагдаж байна” гэж хэлсэн болно. /шүүхийн танхимыг үзнэ үү/ Миний үйлчлүүлэгч Д.С бол гэмтэл авснаасаа хойш байнга толгой өвдөлттэй болж шаналж байгаа хэлж ярихдаа муу байгаа тул дэргэдээ суулгасан байсан. Шүүхийн Ерөнхий зөвлөл танхимыг хамдаа сууж болохоор шийдвэрлэж тохижуулсан нь үнэхээр таалагдаж байсан боловч шүүгч нь хэрэгжүүлэхгүй байгааг ойлгохгүй байна” гэжээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг тус шүүхийн “А” танхимд хийсэн байна. Тус хуралдаанд яллагдагч Э.Т, Б.А, Л.А, яллагдагч, хохирогч Ц.С нар танхимын шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч гэх хэсэгт, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч гэх хэсгийн арын үргэлжлэх хэсэгт, яллагдагч, хохирогч Д.С, түүний өмгөөлөгч С танхимын хохирогч, хохирогчийн өмгөөлөгч гэх хэсэгт суусан байсан.
Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад яллагдагч Ц.С-ийн өмгөөлөгч Ж.Б нь гэм буруугийн шүүх хуралдааныг нээлттэй явуулах талаар санал гаргаж, мөрдөн шалгах ажиллагаанд хагас дутуу мэдээлэл тавьж хэргийг сошиалаар шүүдэг, хүндрүүлдэг зүйл байна. Өмгөөлөгч бидний хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд хангаж байгаагүй ба прокурорын шатанд ч хэрэгжээгүй, энэ таван залуугийн дөрөв нь шүүгдэгчийн сандал дээр сууж, нэг нь хохирогчийн сандал дээр сууж байна. Шүүх ямар нэгэн ялгаварлалгүйгээр хэргийг хэлэлцэж өгнө үү гэх агуулгаар хүсэлт гаргасан.
Шүүх хуралдаан даргалагч миний бие өмгөөлөгч Ж.Б-гийн хүсэлтийг хангаж дараагийн шүүх хуралдаанд яллагдагч Д.С-г шүүгдэгч гэх хэсэгт суугаарай гэж хэлээд хуралдааныг үргэлжлүүлэн, гэм буруугийн шүүх хуралдааныг нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн байна. Хурлын тэмдэглэл, хуралдааныг бичлэгээс харахад ингэж шийдвэрлэхдээ шүүгч миний бие “... хурлын танхимд хэн, хаана суух талаар бичсэн байгаа тул тэр хэсэгт сууна...” гэж хэлжээ.
Шүүгдэгч Д.С-гийн өмгөөлөгч П.С-гаас Шүүхийн сахилгын хороонд хандан гаргасан гомдлын 3 дахь хэсэгт “...шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судлах явцад прокурортой мэтгэлцэж нотлох баримтаа тайлбарлах аргыг хэрэглэн намайг ярьж байхад мөн л “ингэж явахгүй нотлох баримтаа зүгээр л хэлээд яв, санууллаа шүү” гэх мэтээр харьцсан нь өмгөөлөгч намайг “хуралдааны процесс мэддэггүй, сул дорой” мэтээр бусдад ойлгуулсанд мөн гомдолтой байна. /улс орон даяар/ Өмгөөлөгчөөс хуралдааны эцэст үгээ хэлэхэд “Цаг”-аар хязгаарладаг тул нотлох баримт “мэтгэлцэх” нь илүү ач холбогдолтой гэж би үздэг. Шүүгч Сувд-Эрдэнийн дээрх үйлдлүүдэд гомдолтой байгаа тул арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүх хуралдаан даргалагч талуудаас шинжлэн судлуулах хүсэлт гаргасан нотлох баримтын хүрээнд хэрэг хэлэлцэх дарааллыг тогтоодог тул талуудаас шинжлэн судлуулах хүсэлт гаргасан нотлох баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дарааллыг хуульд заасан дарааллаар явуулахаар тогтоосон байна.
Шүүгдэгч Д.С-гийн өмгөөлөгч П.С шүүхийн хэлэлцүүлэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр сууринаас оролцож, хавтаст хэргээс Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, Саатуулах төв /1 дэх хавтаст хэргийн 137-138 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0725/9497 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 181 дэх тал/, Бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 114 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулахаар дурджээ.
Шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээс харахад гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатны эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах шатанд өмгөөлөгч П.С-г нотлох баримт шинжлэн судалж байх үед хуралдаан даргалагчаас өмгөөлөгч П.С-д хандаж “өмгөөлөгчөө, нотлох баримтыг шинжлэн судалъя, дүгнэлтээ та дараагийн шатанд хэлчих ээ” гэж хэлсэн байна. Ингээд өмгөөлөгч П.С нотлох баримтаа шинжлэн судлахаар цааш үргэлжлүүлэх бөгөөд улсын яллагчаас “...шүүгчээ эсэргүүцэж байна, өмгөөлөгч нотлох баримтаа шинжлэн судлахгүй, дүгнэлт хэлээд байна” гэж хэлжээ. Ингээд хуралдаан даргалагчаас “өмгөөлөгч танд сануулж байна, зүгээр энэ хавтаст хэрэгт байгаа, шинжлэн судлуулахаар заасан нотлох баримтаа шинжлэн судал” гэж хэлж, хуралдааныг цааш үргэлжлүүлжээ.
Шүүгдэгч Д.С-гийн өмгөөлөгч П.С-гаас Шүүхийн сахилгын хороонд хандан гаргасан гомдлын 1 дахь хэсэгт “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Сувд-Эрдэнэ нь 2026.01.29-ний өдөр шүүх хуралдааны танхимд олон нийтэд шууд дамжуулалттай нээлттэй явагдаж байсан Ц.С, Б.А, Э.Т, Л.А нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Шийтгэх тогтоолоо тайлбарлаж байх үедээ өмгөөлөгч П.С над руу маш дээрэнгүй өндөр дуугаар “тэгээд оногдуулаагүй гэж хэлээд байгаа м биш үү, гомдол гаргах эрх чинь нээлттэй, Та ганцаараа хэл амтай хэрүүл тэмцэлтэй хүн биш” гэж хэлэн загнаж шүүгч хүнд баймааргүй бүдүүлэг үйлдэл гаргаж доромжилсонд гомдолтой байна. Өмгөөлөгч би хохирогч Д.С-гийн өмгөөлөгчөөр оролцож байсан ба түүнийг мөн бусдад “хөнгөн” гэмтэл учруулсан гэдгээр “Торгууль”-ийн ял оногдуулсан ба харин Ц.С, Б.А, Э.Т, Л.А нарын өмгөөлөгч нараас тэдгээрт “Торгууль”-ийн ял оногдуулахыг хүсэж байсан ч шүүх тэдгээр шүүгдэгч нарт “Зорчих эрх хязгаарлах” ял оногдуулсан тул миний бие ялыг адилхан хэрэглэсэнгүй гэх вий гэж бодоод С-гийн биеийн байдал муу эмчлүүлэх шаардлагатай тул “Зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлэх боломжгүй” гээд хэлсэн юм. Энэ үйлдлээрээ шүүгч Сувд-Эрдэнэ нь “шүүгч”-ийн албан тушаал шүүгч болон шүүхийн байгууллагын нэр хүндийг гутааж байгаа нь олон нийтийн зүгээс бичсэнийг харахад л мэдэгдэнэ. Хувь хүнийхээ хувьд шүүгч Сувд-Эрдэнэ бол өөрөөсөө бусдыг дээрэлхдэг. Ахмад настай хүнийг хүндэлдэггүй хэргээ ч зөв шийдвэрлэж чаддаггүй чадвар муутай шүүгч байна гэж иргэн надад үнэлэгдлээ” гэжээ.
Хуралдаанд өмгөөлөгч П.С нь тус хэрэгт шүүгдэгч, хохирогч Д.С-гийн өмгөөлөгчөөр оролцсон.
Шүүгч миний бие шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааныг нээлттэй явуулсан бол шүүх хуралдаан даргалагч энэ хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4-т заасан асуудал тус бүрээр шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоно” гэж мөн тус зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаж дууссаны дараа шүүх хуралдааныг хаана” гэж хуульчилсны дагуу шийдвэрийн агуулга болон шаардлагатай бусад асуудал болох шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх, гэмт хэргийн учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг талуудад тайлбарласан. Шүүгдэгч Д.Саяннямбуу нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул түүний хувийн байдал буюу эрүүл мэндийн байдлыг харгалзан улсын яллагчаас санал болгосон торгох ялыг оногдуулсан ба өөр төрлийн ял эдлүүлэх нь зохимжгүй гэж дүгнэсэн гэсэн агуулгаар тайлбарласан. Ингэх явцад шүүгдэгч, хохирогч Д.Саяннямбуугийн өмгөөлөгч П.С “яасан худалч билээ, тогтоогдоод байхдаа яах вэ дээ, ... ийм гэмтэл авсан хүнд зорчих эрх хязгаарлах ял өгнө гэж юу байх вэ дээ, ... Саяннямбууг цагаатгасан бол шударга байх байсан юм” гэх зэргээр хуралдааны явцад саад учруулсан.” гэсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Өмгөөлөгч П.С-гийн “ … 2026.01.29-ний өдөр шүүх хурлын танхимд … над руу маш дээрэнгүй өндөр дуугаар “Тэгээд оногдуулаагүй гэж хэлээд байгаа юм биш үү, гомдол гаргах эрх чинь нээлттэй, та ганцаараа хэл амтай хэрүүл тэмцэлтэй хүн биш“ гэж хэлэн загнаж, шүүгч хүнд баймааргүй бүдүүлэг үйлдэл гарган доромжилсонд, … урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан дээр миний бие Д.С-г дэргэдээ суулгасан байсан. Тэгэхэд намайг Сувд-Эрдэнэ шүүгч бас л “юун дураараа юм бэ, наадах чинь шүүгдэгчийн ширээнд суух ёстой, хаана суулгахыг би мэднэ” гэж бас загнахаар нь би … Шүүхийн Ерөнхий зөвлөл танхимыг хамтдаа сууж болохоор шийдвэрлэж тохижуулсан нь үнэхээр таалагдаж байсан боловч шүүгч нь хэрэгжүүлэхгүй байгааг нь, … нотлох баримт шинжлэн судлах явцад прокурортой мэтгэлцэж нотлох баримтаа тайлбарлах аргыг хэрэглэн намайг ярьж байхад мөн л “ингэж явахгүй нотлох баримтаа зүгээр л хэлээд яв, санууллаа шүү” гэх мэтээр харьцсан нь өмгөөлөгч намайг “хуралдааны процесс мэддэггүй, сул дорой” мэтээр бусдад ойлгуулсанд … гомдолтой байна …” гэх агуулгатай өргөдлөөр илтгэгч гишүүн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэд сахилгын хэрэг үүсгэн, Ц.С, Э.Т, Л.А, Б.А, Д.С нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдааны 2026 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн болон 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэм буруугийн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл хөтлөн, эрүүгийн хэргээс холбогдох баримтыг авах зэрэг ажиллагааг хийж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгохоор гаргасан санал нь үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзлээ.
1.Яллагдагч Л.А-ын өмгөөлөгч Г.Б, яллагдагч Э.Т-гийн өмгөөлөгч Н.Н нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийжээ.
Урьдчилсан хэлэлцүүлгийн дуу, дүрсний бичлэгт, шүүх хуралдааны танхимын баруун жигүүрт улсын яллагч, зүүн жигүүрт дэг сахиулагч цагдаа, шүүгдэгч Ц.С, Л.А, Э.Т, Б.А нар, баруун урд талд өмгөөлөгч Г.Б, Н.Н, Ж.Б, Б.М нар, харин улсын яллагчийн баруун урд талд өмгөөлөгч П.С, шүүгдэгч Д.С нар суусан байна.
Хуралдаанд, өмгөөлөгч нар хүсэлтийнхээ үндэслэлийг танилцуулах үед Ж.Б өмгөөлөгч “... мөрдөн байцаалтын шатанд, прокурорын шатанд ч тэр энэ 5 залуу бүгд шүүгдэгч нар. Манай үйлчлүүлэгч ч гэсэн хохирогч шүү дээ. Гэтэл хохирогчийн суудалд өмгөөлөгчийнхөө хажууд суучихсан. Гэтэл бүгдээрээ л яллагдагч нарын суудалд сууж байна ... ” гэж хэлсэн, мөн өмгөөлөгч П.С “... хүсэлтийг сонслоо ... энд өмгөөлөгчтэйгөө сууж байна гэж хэллээ ... яагаад миний хажууд сууж болдоггүй юм. Ийм хэцүүхэн юм ярьдаг өмгөөлөгчийг би өнөөдөр харж байна ... энэ тийм аюултай юм уу ... Ийм сонин зүйл ярьж байгаад гайхаж байна ... Өмгөөлөгчийнхөө хажууд сууж яагаад болохгүй гэж ...” хариу тайлбар хэлсэн. Шүүх хуралдаан даргалагч “Сая сайн ажиглаагүй юм байна. Дараагийн хуралдаанаас шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч хэсэгт сууна. Шүүх хуралдааны танхимд хэн хаана суух талаар бичиг бичээд заачихсан байгаа. Тэндээ л сууна. Ойлгосон уу” гэж хэлсэн нь тусгагдсан байна.
Мөн Л.А-д учирсан гэмтэлд Д.С-гийн үйлдэл оролцоо байдаг гэж өмгөөлөгч хэлснийг даргалагч тодруулахад, өргөдөл гаргагч өмгөөлөгч П.С “... Үүсэхгүй. Тэгэхээр надаас танай үйлчлүүлэгчээс өөр зүйл гараад ирвэл яах уу? гэж асуух чинь ямар учиртай юм бэ ... Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс эсрэг зүйл л ярина шүү дээ. Энийг бид нар шүүх хуралдаанаараа шийдвэрлэнэ үү гэхээс одоо надаас ийм зүйл асуугаад яах юм бэ? Би бол шүүгдэгч биш цэвэр хохирогчийн байр сууринаас энд сууж байх ёстой хүн гэж үзэж байгаа ... Дахиад энэ хүн дээр үйлдэл нэмүүлнэ л гээд. Тэгээд шүүгчийн асууж байгаа асуулт ч гэсэн надад болбол наад хүнээс чинь дахиад үйлдэл гаргавал яах юм бэ ...” гэсэн, даргалагч “Эрх зүйн байдалд нь нөлөөлөхгүй юу гэж асууж байгаа юм” гэхэд өмгөөлөгч П.С “Тийм зүйл байхгүй. Наад хүн чинь хүн зодсон гэж шууд хазгай асууж болохгүй” гэсэн, даргалагч “Хүн зодсон гэж хэлээгүй ээ өмгөөлөгчөө. Та өөрөө ёс зүйтэй байя. Энэ талаар ийм хүсэлт гаргаад байна. Хэрвээ тусдаа шалгагдаж байгаад, өмгөөлөгчийн хүсэлтэд танай үйлчлүүлэгчийг байгаа гэдэг асуудал яригдаад байна. Энэ нь нөлөөлөх байдал үүсэх баримт хавтас хэрэг дотор байгаа юу? Энд хариу тайлбар хэлэх зүйл байна уу? гэж асууж байна” гэхэд Өмгөөлөгч П.С-аас: Та яагаад санаа зовоод байгаа юм бэ ... Энэ асуултыг яагаад Д.С-д холбогдуулж асуугаад байгаа юм ... Шүүх хуралдаанаараа хэлэлцээд гэм буруутай бол тусдаа шалгагдаад яваг л дээ ... Танайх шүүгдэгчийн өмгөөлөгч гэдэг хаягаа ав л даа шүүгч ээ. Шүүгдэгч өмгөөлөгчтэйгөө хамт сууна гээд хүний эрхийн асуудал гээд дэлхий нийтээрээ гэхэд, даргалагч “Өмгөөлөгчөө, та дуугай байж бай. Шүүх хуралдаанд хэн, ямар оролцогч хаана суух талаар тусгайлан заасан байгаа. Энэ хуралд хэн хаана суухыг би өөрөө мэднэ. Таны эрх мэдэл энд байхгүй. Би хаана хэн суулгахаа өөрөө мэдэж байгаа” гэсэн, өмгөөлөгч П.С “Үгүй. Та дарангуйлж болохгүй л дээ” гэхэд, даргалагч “Би дарангуйлаагүй. Хүний эрхийн асуудал биш ээ. Энэ бол хуралдааны дэгийн асуудал яригдаж байна. Хуралдааны дэгийн асуудал яригдаж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол хэргийн оролцогчид тодорхой байр зааж өгч байгаа нь ямар учиртай юм бэ гэхээр хэн ямар, ямар хүн байгаа юм, жишээлбэл өмгөөлөгч бусдаас ялгарахын тулд тусдаа хувцас өмсдөг. Шүүгдэгч гэдэг хүн ялгарахын тулд энд сууж байна. Прокурор гэдэг хүн ялгарахын тулд энд суугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хуралдааны дэгийг би өөрөө сахиулна өмгөөлөгч өө” гэсэн, өмгөөлөгч П.С “Энэ дэгийн асуудал биш байхгүй юу. Энэ бол хүний эрхийн асуудал. Эрх ашгаа хамгаалуулах гэж байгаа хүний эрхийн асуудал” гэсэн, даргалагч “Энэ асуудлыг шийдчихсэн. Дараагийн хуралдаанд тэнд сууна” гэхэд, өмгөөлөгч П.С “Би гомдлоо гаргаад явна” гэхэд даргалагч “Тэр бол нээлттэй” гэхэд өмгөөлөгч П.С “Энд тэгвэл шүүгдэгчийн өмгөөлөгч гээд шүүгдэгчийн ширээн дээр байна шүү дээ. Яагаад танхимын зохион байгуулалтаас эсрэг юм яриад байгаа юм. Ингэж болохгүй. Энэ чинь л харин хүнийг хардах, шударга ёсны хүний эрхийн асуудлыг зөрчсөн асуудал болж байна. Гэтэл өнөөдөр би бүгдийг чадна. Би бүгдийг мэднэ, миний эрх гээд байж болохгүй” гэсэн нь бичлэг болон шүүх хуралдааны тэмдэглэлд[1] тусгагджээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д “... шүүх хуралдааны танхим ... тэдгээрийн стандарт, нөхцөлийг Ерөнхий зөвлөл тогтооно” гэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн байрны стандарт CS 11-059052025”-ын хавсралтын 11 дэх хуудаст “Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд шүүгчийн зүүн жигүүрт иргэний хариуцагч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч гэсэн байх бол баруун жигүүрт улсын яллагч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар суух”-аар заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд оролцогч, шүүх хуралдааны танхимд байгаа бусад хүн шүүх хуралдаан даргалагчийн хуралдааны дэг сахиулах шийдвэрт захирагдана” гэжээ. Тус эрүүгийн хэрэгт Ц.С, Д.С нар нь яллагдагч /шүүгдэгч/ болон хохирогч гэсэн эрх зүйн байр сууринаас оролцсон, Д.С нь яллагдагч нараас тусдаа, ганцаараа хохирогчийн суудалд суусан, өмгөөлөгчөөс яллагдагч нарыг адилхан “шүүгдэгч” гэх хэсэгт суулгах ёстой гэсэн хүсэлт гаргасан, үүнийг зохицуулахаар, хуралдаан даргалагч дэг сахиулах хүрээнд хэргийн оролцогчид шаардлага тавьсныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
2.Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэсэн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны бичлэгээс үзэхэд, даргалагч хуралдааны дараалал тогтоож, хуралдааны дараалалд саналтай хүн байна уу гэхэд хэргийн оролцогч нар санал байхгүй[2] гэж хэлжээ.
Харин нотлох баримт шинжлэн судлах шатанд, шүүгдэгч, хохирогч Д.С-гийн өмгөөлөгч П.С шинжлэн судалсан нотлох баримт бүрдээ тайлбар хэлсэн, даргалагч хавтаст хэргийн хэдэд ямар баримт байгааг дурдахыг, дүгнэлтээ дараагийн шатандаа хэлэхийг анхааруулсан, гэхдээ өмгөөлөгч нь үргэлжлүүлэн, нотлох баримт, түүнтэй холбоотой тайлбараа 4 минут гаран хэлсэн, улсын яллагчаас нотлох баримт шинжлэн судлахгүй дүгнэлт хэлээд байгааг хэлсэн, даргалагч дэг дахин сануулж хэд дүгээр хавтасны хэдэд байгааг нь уншчих гэсэн боловч өмгөөлөгч хэрэгт авагдсан Э-гийн мэдүүлгийг уншаад, “ер нь прокуророо, шүүхэд хандаж хэлэхэд нотлох баримтыг шинжлэн судлахдаа нотлох баримтыг тайлбарлаж мэтгэлцэж байх нь зөв юм шүү. Нотлох баримтаа хэлээд нотлох баримтаараа мэтгэлцэж байгаа гэдэг юм л гол нь явж байгаа. Ц.С гэдэг хохирогчид гэмтэл учруулаагүй юмаа гэдэг зүйлийг эдгээр нотлох баримтаар шинжлэн судалж байгаа юм” гэж хэлжээ[3].
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэж заасан ба анхан шатны шүүх хуралдааны дэг, дарааллыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин тавдугаар бүлэгт зохицуулсан болно.
Нотлох баримт шинжлэн судлахдаа улсын яллагч, өмгөөлөгч нар хавтаст хэргээс ямар баримт судлуулахаа хэлсэн, харин өмгөөлөгч П.С шүүх хуралдааны дэг, дараалалд тухайлсан санал гараагүй боловч шинжлэн судлуулж байгаа нотлох баримт бүрдээ тайлбар хэлсэн учраас даргалагч шүүгч шүүх хуралдааныг удирдан явуулах үүргээ гүйцэтгэж, дэг, дарааллыг баримтлуулах үүднээс тавьсан шаардлага нь хуулийн хүрээнд, тогтсон дарааллын дагуу шүүх хуралдааныг явуулах зорилготой шаардлага байна.
Үүнийг хэргийн оролцогчийг сул дорой мэт харагдуулах үйлдэл гаргасан гэж үзэхгүй, хэргийн оролцогчтой албан үүргийн хувьд зүй бус авирласан үг хэллэг, үйл хөдлөл гаргасан гэх байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
3.Дээрх гэм буруугийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны шийтгэх тогтоолыг уншин сонсгосны дараа агуулгыг танилцуулж байх явцад өмгөөлөгч П.С инээж, үл тоосон шинжтэй үйлдэл гаргасан, даргалагч дэг сахиулж, “би дүгнэлтээ танилцуулж байна. Танд таалагдахгүй байж болно. Та энд гомдлоо гаргах эрх чинь нээлттэй шүү. П.С өмгөөлөгчөө” гэж хэлсэн, үргэлжлүүлэх явцад өмгөөлөгч П.С “Яаж зорчих эрх хязгаарлах ял оногдуулах юм бэ? Эрүүл мэндийн байдал” гэхэд даргалагч “Тэгээд оногдуулаагүй гэж хэлээд байгаа юм биш үү. Оногдуулаагүй учир торгох ял оногдууллаа гэж хэлээд байна ш дээ. Би тайлбарлах үүрэгтэй учраас тайлбарлаад байна. Танд таалагдахгүй байгаа бол та давж заалдах юм уу, гомдол гаргах эрх чинь нээлттэй байгаа ш дээ. Тийм учраас оногдуулаагүй гэж хэлээд байна. Та ганцаараа хэл амтай, хэрүүл тэмцэлтэй хүн биш ш дээ. Бүх хүмүүс гомдол гаргах эрх нь нээлтэй байгаа” гээд үргэлжлүүлэн шийтгэх тогтоолын агуулгыг танилцуулсан бичлэгт тусгагдсан байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат дуусаж, шүүхээс шийдвэрээ танилцуулж байхад өмгөөлөгчийн саад учруулсан, шүүхийг үл хүндэтгэсэн үйлдлийг зогсоохын тулд шүүгч өндөр дуугаар ярьжээ.
Иймд, илтгэгч гишүүний “... хэргийн оролцогчийн шүүхийг үл хүндэтгэсэн зохисгүй үйлдлийг таслан зогсоох хүрээнд анхааруулан хэлснийг “зүй бус авирласан” үйлдэл гаргасан гэж шууд дүгнэх боломжгүй байна. Харин холбогдох шүүгч нь цаашид шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчтой харилцахдаа үг хэллэг, ярианы өнгө болон энгийн ярианы түвшнээс өндөр дуугаар хэлэх, бухимдах зэрэг харилцаа хандлага гаргах нь хэргийн оролцогчдод буруугаар ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэх үр дагавартай тул цаашид анхаарах нь зүйтэй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Дүгнэвэл, сахилгын хэргийг өргөдлийн хүрээнд бүрэн шалгасан, нотлох баримтаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал” нь нотлогдох тул саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэд холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ГС/2026/0051 дүгээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮД Д.МЯГМАРЦЭРЭН
Б.СУГАР
[1] Урьдчилсан хэлэлцүүлгийн 20251218-102344858 нэртэй бичлэгийн 0:19:26-0:54:04 дэх хором ба тэмдэглэлийн 5-13 дахь тал.
[2] Шүүх хуралдааны 2026-01-29-ний өдрийн 1 нэртэй фолдерийн mainfeed-dual-400 нэртэй бичлэгийн 0:16:52-0:17:07 дахь хором.
[3] Шүүх хуралдааны 2026-01-29-ний өдрийн 2 гэх нэртэй фолдерийн mainfeed-dual-400 нэртэй бичлэгийн 0:48:09-0:50:47 дахь хором.