info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-05-26

Дугаар 68

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн дарга М.Нарансолонго нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох” саналд: “...Сахилгын хэргийн шалгах ажиллагаагаар ... индексийн дугаартай Д.С-ийн нэхэмжлэлтэй Г.С”д холбогдох иргэний хэрэгт авагдсан баримтад үзлэг хийхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

Д.С-ээс Г.С-д холбогдуулан “Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” нэхэмжлэл гаргасанд шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Зөвлөгөөний ...дугаар тогтоолоор сунгажээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн “Шинжээч томилуулах” тухай хүсэлт, нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан “Шинжээч томилуулах” тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” ... дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байна.

Уг захирамжид “дүгнэлт гаргахдаа талуудын аль алины зан байдал, зан үйл, хүүхдэд тавих анхаарал халамж, орчин нөхцөл, хүүхдийг эрүүл аюулгүй, ёс суртахууны хувьд төлөвшүүлэхэд эцэг, эхийн хэнийх нь оролцоо илүү байх талаар дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгч, хариуцагч нартай биечлэн уулзахыг, дүгнэлт гаргах ажиллагаандаа хэргийн оролцогч нарыг оролцох боломжоор ханган ажиллах нь зүйтэй” гэж дурдан ... дүүргийн “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс”-ийг шинжээчээр томилж, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор шинжээчийн дүгнэлт ирүүлэхээр заажээ.

            Шинжээчээр томилогдсон байгууллагаас “нэхэмжлэгч Д.С шинжээчийн баг ажиллуулахаас татгалзсан, хариуцагч Г.С нь шинжээчийн багийг ажиллах нөхцөл боломжоор хангахгүй, утсаар удаа дараа холбогдох гэсэн боловч утсаа аваагүй нөхцөл байдалтай байна. Иймд манай байгууллага нь шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна” гэх 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот албан бичгийг шүүхэд ирүүлснийг үндэслэн, шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, улмаар шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр явуулахаар товлосон байна.

Товлогдсон өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар оролцож, хэлэлцүүлгийн шатанд шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа дараах байдлаар гаргасан нь сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад хийгдсэн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдож байна. Бичлэгийн:

04:50 Даргалагч: Наашаа өгчих. Хүсэлт байна уу,

04:48 Хариуцагч: Өмнөх хүсэлт маань цуцлагдсан ш дээ.

04:57 Даргалагч: Цуцлагдсан гэж юу гэсэн үг юм,

04:59 Хариуцагч: Надаас болсон гээд бичсэн юм байна лээ. Шинжээч томилсон хүмүүстэй очиж уулзаад гэрээ байгуулаад ажиллагаа явуулсан. Хамгийн гол нь тухайн үед би мөнгийг нь бүтэн өгөх боломжгүй болоод ирэх 7 хоногт өгье гээд 6 дугаар сарын 11-нд очсон юм байна. Тэгээд текстээ бөглөөд ярилцлага хийгээд, ирэх 7 хоногт мөнгөө шилжүүл гээд. Тэр хүмүүс бид хэд ажлын цагаар биш амралтын цагаараа энэ ажиллагааг явуулдаг юм. Тийм болохоор ирэх 7 хоногт мөнгөө гүйцээгээд өгчих гэсэн. Нэг мэргэжилтэн нь Солонгос руу томилолтоор явна гээд амралтын хоногтойгоо 9, 10 хоног болсон. Наадмын өмнө би хөдөө явж таараад 3, 4 хоноод ирэхэд над руу залгасан байсан. Би 07 сарын 09-ний өдөр ирээд залгахад Таны асуудлыг наадмын дараа больё гэсэн. 19-нд очиход 2 хүн нь амралтаа авчихсан гээд Таны хугацаа болчихсон гээд шүүх рүү буцаачихсан, хүсэлт байгаа бол шүүхэд дахиад ханд гэсэн. Миний зүгээс шинжээч томилуулах хүсэлт маань хэвээр.

06:49 Даргалагч: 08 дугаар сарын 06-ны албан бичигт нөхцөл боломжоор хангаагүй, тодорхой хариу өгөөгүй, утсаа аваагүй гэж буцаасан байна ш дээ

07:04 Хариуцагч: Би наадмын дараа 07 дугаар сарын 21-нд очиж уулзахад тэр үед амралтаа авчихсан гээд хэн нь ч байгаагүй. Өөр хүн байсан 21, 22 гээд ээлжийн амралт нь дуусна ирэхээр нь бол, тэгээд шийднэ гээд. Би 23-нд нь очиж байгаа юм. Нэг нь зөрөөд амралтаа авна гээд тийм нөхцөл байдал үүссэн. Шинжээч томилох ажиллагааны хугацаа хойшилсон.

07:31 Даргалагч: Дахиад шинжээч томилуулъя гээд байгаа юм уу.

07:35 Хариуцагч: Тийм. Би судалж үзлээ дүүрэг дүүргийн мэргэжилтнүүдийг. Хамгийн чадамжтай боломжтой газрыг Сүхбаатар дүүргийнхийг,

07:46 Даргалагч: Шинжээчийг та тодорхойлдоггүй юм. Шинжээч томилох эсэхийг шүүх шийдээд хэнийг томилох нь шүүхийн эрх хэмжээний асуудал.

07:51 Хариуцагч: Гэхдээ бас сонголтоор болно гэж хэлсэн. Аль дүүргийг сонгохыг,

07:57 Даргалагч: Тийм юм байхгүй ш дээ. Тэрийг сонгоод өгөөч гэж. Таны ах дүү хамаатан садан байвал яах юм,

08:01 Хариуцагч: Тийм юм байхгүй,

08:17 Даргалагч: Магадгүй ш дээ. Тийм болохоор шүүх шийддэг байхгүй юу. Төрийн байгууллагын тэр ажилтан сайн энэ нь сайн гэж тодорхойлох эрх байгаа юм уу, ямар шалгуураар тэгж үнэлж байгаа юм. Адилхан л хуульд заасан шаардлага хангаад үйл ажиллагаа явуулж байгаа.

08:28 Хариуцагч: Зүгээр мэргэжилтнүүдийн хувьд өөр,

08.31 Даргалагч: Өөр гэхээр. Нэг л ажлын байрны тодорхойлолтоор нэг стандартаар ажиллаж байгаа,

08:43 Хариуцагч: Тэр хүмүүс дүүрэг бүр өөр өөр стандартаар явдаг гэсэн би судалж үзсэн л дээ,

08:57 Даргалагч: Та ямар стандарт яриад байна. Зүгээр хүний хэлсэн зүйлийг яриад байна уу,

09:19 Хариуцагч: Сошиалаар судалж үзсэн. Ажиллагаа явуулахдаа хугацаандаа явуулдаг гэсэн,

09:21 Даргалагч: Хугацааны хувьд яриад байгаа юм уу,

09:22 Хариуцагч: Тийм,

09:25 Даргалагч: Албан тоот 08 дугаар сарын 06-ны өдөр байна. Шүүхийн үйл ажиллагаа гэдэг чинь дуртай нэг нь очоод дургүй нэг нь очдоггүй, больё гэдэг зүйл биш шүү дээ. Таны асуудлыг шийдэх гээд сууж байна ш дээ.

09:47 Хариуцагч: Хугацаа нь 14 хоног л өнгөрсөн гэж өөрсдөө надад хэлсэн ш дээ. Тэгээд хугацаа нь дуусчихсан байна,

09:50 Даргалагч: Хугацаа 14 хоногтой гэж энэ захирамжид бичээгүй биз дээ. 05 дугаар сарын 26-нд захирамж байна. 

10:03 Хариуцагч: Над руу 06 дугаар сарын 10-нд ярьсан,

10:10 Даргалагч: Хүсэлтийг чинь шийдээд өгөхөөр очихгүй. Ажиллагаа хийхгүй тэгээд дахиад хүсэлт шийдээд өг гээд байх юм,

10:15  Хариуцагч: Би очоод гэрээ байгуулаад тест бөглөсөн,

10:19 Даргалагч: Та энэ дээрээ гомдол гаргахгүй яасан юм. Би ажиллагаа хийчихсэн ш дээ гээд,

10:29 Хариуцагч: Тэрийг би мэдээгүй л дээ,

10:31 Даргалагч: Танд эрх нь байгаа ш дээ. Тухайн үедээ шүүхэд би гэрээгээ байгуулаад мөнгөө өгчихсөн, ажиллагаа хийсэн яагаад надад өгөхгүй байгаа юм бээ гээд хэлэхгүй яасан юм. Ганцхан танай асуудлыг шийдэх гээд сууж байгаа юм биш ш дээ. Надад 200 ширхэг хэрэг байна. Ингээд орж ирээд хойшлуулаад сууж байх цаг надад алга байна. Энд төрийн мөнгө явж байгаа ш дээ. Таны асуудлыг шийдэх гээд байр, тог, хүний хөдөлмөрийн асуудал гээд мөнгө явж байгаа ш дээ.

11:13 Хариуцагч: Төрийн мөнгө хаанаас бүрддэг юм,

11:17 Даргалагч: Та надаас тэрийг асуухгүй за юу,

11:21 Хариуцагч: Татвар төлөгчдийн мөнгө,

11:22 Даргалагч: Та татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй үрж байх ёстой юу. Таны төлсөн татварыг үр ашигтай зарцуулах ёстой юм байгаа биз дээ,

11:29 Хариуцагч: Би хүүхдүүдийн ирээдүйн талаар л ярьж байна,

11:30 Даргалагч: Хариуцлагатай байх ёстой. Би танд хариуцлагын талаар ярьж байна. Шүүх таны асуудлыг шийдээд өгнө,

11:35 Хариуцагч: Хариуцлагаа үүрээд би очсон,

11:40 Даргалагч: Хаана байна тэр баримт чинь. Та л яриад байна. Энэ шинжээчийн дүгнэлтийн бичигт таны хариуцлагагүй байдлаас гэх үед хариуцагч зэрэгцэн ярьж байна,

11:51 Хариуцагч: Надад одоо энэ талаар гомдол гаргах эрх байгаа биз дээ,

11:54 Даргалагч: Тэр таны асуудал. Шүүх танд зөвлөгөө өгөхгүй. Энэ 5 сарын захирамж шүүх таныг 3 сарын хугацаанд хүлээлээ.

12:06 Хариуцагч: Шүүх дээр ирсэн ч амралтаа аваад явчихсан гээд, шүүгч нь ч байгаагүй,

12:09 Даргалагч: Таны гэхэд хариуцагч зэрэгцэн ярьж байна.

12:14 Хариуцагч: Бүх юм нь тэгээд таарчихсан болохоор,

12:18 Даргалагч: Тан руу хэдэн удаа залгасан юм,

12:19 Хариуцагч: Хэн,

12:21 Даргалагч: Шинжээч,

12:22 Хариуцагч: Надтай 2 удаа л ярьсан. Наадмын өмнө,

12:25 Даргалагч: Яагаад таныг ажиллах боломжоор хангаагүй гээд гэхэд зэрэгцэн,

Хариуцагч: Би 2 удаа наадмын өмнө очсон, наадмын дараа гэхэд

Даргалагч: Тэгвэл яагаад ингэж хариу ирээд байна. Шинжээчийн баг ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, тодорхой хариу өгөөгүй, удаа дараа холбогдоогүй, аваагүй гэхэд зэрэгцэн,

Хариуцагч: Яагаад ингэж өгч байгааг би мэдэхгүй байна. Энэ хүмүүсийн юмыг очиж  асуух шаардлагагүй,

Даргалагч: Та энэнтэй танилцсан биз дээ,

Хариуцагч: Би наадахтай чинь танилцаагүй. Зүгээр ирсэн гэдгийг,

Даргалагч: Яагаад танилцаагүй юм. Яагаад захирамжаар дүгнэлт гараагүй юм бэ гээд танд энэ талаар тодруулах боломж байгаа. Хэрэгт байгаа гэхтэй зэрэгцэн,

Хариуцагч: Туслах нь ирэхээр нь наад асуудлаа яриа гээд. Энэ цагдаагийн тодорхойлолтыг ч гэхэд...

15:27 Нэхэмжлэгч: Энэ хүн хариуцлагагүй, холбогддоггүй, ирдэггүй. Нөгөө шинжээч над руу зөндөө хэлсэн. Би шүүх дээр таныг шүүгчийн туслахыг амарчихсан байхад шүүх дээр ирээд асуусан. Нөгөө хүн маань шинжээчээ яг яасан юм бээ гэж би лавлаж асуусан. Анударь гээд шүүгчийн туслахыг орлож байсан хүнтэй уулзаад явсан. Тэр хүн нөгөө хүн чинь хариу өгөхгүй байгаа утсаа ч авахгүй байгаа гэсэн. Одоо байгаа шүүгчийн туслах ч надад мэдэгдэж байсан. Дахиад шинжээч томилуулсан ч гэсэн энэ хүн дахиад л хариуцлагагүй алдаа гаргах байх. Цаг тухайд нь мөнгөө өгчихсөн байсан бол тэр хүмүүс ажиллагаа хийх гэхэд зэрэгцэн,

Даргалагч асуулт асууж байх боловч тодорхой сонсогдохгүй байна.

Нэхэмжлэгч: Миний хувьд энэ хүн хийлгэнэ гэсэн болохоор нь татгалзсан. Өөрөө хийлгэг дээ гээд. Аль эрт татгалзсан байсан. Тэрнээс хойш зөндөө хүлээсэн” гэсэн нь бичигдсэн байна.

 

Өргөдөлд дурдсан “...Ганцхан танай асуудлыг шийдэх гээд сууж байгаа юм биш ш дээ. Надад 200 ширхэг хэрэг байна. Ингээд орж ирээд хойшлуулаад сууж байх цаг надад алга байна. Энд төрийн мөнгө явж байгаа ш дээ. Таны асуудлыг шийдэх гээд байр, тог, хүний хөдөлмөрийн асуудал гээд мөнгө явж байгаа ш дээ.” гэх үгийг шүүх хуралдааны явцад хэлсэн болохоо холбогдох шүүгч үгүйсгээгүй.

Сахилгын хэрэгт баримтаар авагдсан шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг болон ... индексийн дугаартай 1 хавтас бүхий иргэний хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл талуудаас шүүхэд гаргасан “Шинжээч томилуулах тухай” хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн захирамжид дурдсан ажиллагааг явуулах боломжоор хариуцагч Г.С хангаагүй, энэ талаар холбогдох баримт гаргаж ирүүлээгүй атал дахин уг хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан байх тул хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгчийн 192/ШЗ2025/*** дугаар “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Х.Энхзаяа хэргийн оролцогчдоос захирамжийн биелэлт хангагдаагүй байх тул үүний шалтгаан нь юу болох, хангагдах боломжгүй бодит нөхцөл байдал үүссэнийг нотолсон баримт байгаа эсэх талаар асуусан байх ба шинжилгээний байгууллагын буруутай үйлдлээс ажиллагаа хийгдээгүй гэж үзсэн бол гомдол гаргах эрхтэй байсан талаар тайлбарласан үйл баримтыг шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Хэргийн оролцогч Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон эрхээ эдлэхийн хамт үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагатай бөгөөд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах үүрэгтэй.

Тодруулбал, хэргийн оролцогч урд гаргасан хүсэлтээ дахин гаргахдаа шалтгаан, үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, эргэлзээтэй хариулт өгч байсан гэж үзэхээр байх тул шүүгч тайлбартаа “...өдрийн шүүх хуралдаанд хэлсэн үг нь хэргийн оролцогчид дарамт үзүүлэх, тэднийг эрхийг зөрчих агуулгаар хэлээгүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан шуурхай явуулах, хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэлсэн” гэснийг  буруутгахааргүй байна.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэх зөрчлийн шинжийг хангаагүй гэж үзэв.

Хэдийгээр шүүгчийн шүүх хуралдаанд хэлсэн үгийг зүй бус үг хэллэг гэж дүгнэхгүй боловч холбогдох шүүгч үгийн сонголтдоо анхаарч, бусдад аливаа байдлаар буруу ойлгогдохоос зайлсхийвэл зохистойг анхаарах шаардлагатай.

Өргөдлийн “шүүх хуралдаан товлосон цагаас 1 цаг хоцорч эхэлсэн” гэх үндэслэлийн талаар:

            Д.С-ийн нэхэмжлэлтэй, Г.С-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 30 минутад явуулахаар ... дугаартай шүүгчийн захирамжаар товлосон байх боловч хуралдаан 09 цаг 30 минутад эхэлсэн байна.

            Энэ талаар шүүгч “2025 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө охин маань халуурч, тэр өдөр цэцэрлэгт явуулах боломжгүй болсон тул нөхрийн ээжийг охиныг харуулахаар дуудсан. Ээжийн гэр Х-д байдаг бөгөөд манайд өглөөний 9 цагт ирсэн. Ингээд би ээжид охиноо үлдээгээд ажил дээр ирж, тухайн хурлыг 09 цаг 30 минутад эхлүүлсэн. Энэ тухай миний бие шүүгчийн туслах болон нарийн бичгийн дарга нартаа хэлээд хурлын хүмүүсийг зааландаа оруулаад суулгаж байгаарай гэж хэлсэн.” гэх тайлбарыг бичгээр ирүүлж, өөрийн бага насны охин Б овогтой Н нь “Ирээдүй-...” дугаар цэцэрлэгт явдаг талаараа амаар тайлбарласан.

            Шүүгчийн тайлбарын дагуу түүний охины хүмүүждэг гэх цэцэрлэгээс лавлагаа авахад тус цэцэрлэгийн эрхлэгч С.Н “Б овогтой Н нь Ц.О багштай бага бүлэгт хүмүүждэг нь үнэн болно..., 2025 оны 12 дугаар сарын 01, 02-ны өдөр ирээгүй, эмнэлэгт үзүүлнэ” гэх хариуг ирүүлж, нийт 37 хүүхдийн нэрс бүхий жагсаалтын 15 дугаарт Б.Н гэх нэр бичигдсэн ирцийн мэдээлэлтэй хуудсыг хавсаргасан байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106.2-т “Сахилгын хороо сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргуулан авах эрхтэй бөгөөд холбогдох этгээд гаргаж өгөх үүрэгтэй.” гэж заасныг дурдан явуулсан илтгэгч гишүүний 02/71 тоот албан бичигт холбогдуулан ирүүлсэн дээрх мэдээлэл болон холбогдох шүүгч өөрийн хамаарал бүхий этгээд болох охины талаар тодорхойлсныг эргэлзээтэй гэх үндэслэлгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгч Х.Энхзаяагийн даргалах, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаан 09 цаг 30 минутад эхэлсэн шалтгааныг тогтоохоор гэрчээр дуудагдсан Баянгол, Хан-Уул, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын албан хаагч, шүүгчийн туслах ажилтай Э.Б өгсөн мэдүүлэгтээ:

“...Шүүгчийн хувийн байдалтай холбоотой зүйлийг хэргийн оролцогчдод тайлбарладаггүй. Тухайн өдөр шүүх хурлаас өмнө шүүгч над руу залгаад “Хүүхэд өвдсөн тул харах хүн ирэхээр очно, оролцогч нарыг зааландаа оруулаад суулгаж байгаарай гэсэн. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хэргээ авахаар орж ирэхэд нь шүүгчийн хэлсэн үгийг хэлсэн.” гэж,

            Баянгол, Хан-Уул, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын албан хаагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажилтай С.Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

            “Хэрэв шүүх хуралдаан товлосон цагтаа эхлэхгүй бол шүүгчийн туслахаас асуудаг бөгөөд шүүгч Х.Энхзаяа хурал товлосон цагт танхимд орж ирээгүй тул туслах Бямбатогтохоос асуухад “Шүүгчийн хүүхэд халуураад цэцэрлэгтээ явах боломжгүй байна. Харах хүн ирэхээр очно. Хүмүүсээ зааландаа оруулаад суулгаж байгаарай гэж шүүгч хэлсэн” гэсэн. Тэгэхээр нь зааландаа оруулаад суулгасан, гэхдээ оролцогчдод шалтгааныг хэлээгүй” гэж тус тус мэдүүлсэн.

Сахилгын хэргийн шалгаж ажиллагаагаар хэрэгт цугларсан баримтаар 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан товлогдсон цагаас нэг цагийн дараа буюу 09 цаг 30 минутад эхэлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, холбогдох шүүгч тухайн үед ар гэрт нь үүссэн нөхцөл байдлын улмаас хоцорч очих талаараа шүүхийн захиргааны ажилтанд мэдэгдсэн, түүнчлэн энэхүү үйл баримтаас улбаалж хэргийн оролцогчдод ноцтой үр дагавар үүсгэсэн гэх нөхцөл байдал бий болоогүй байх тул шүүгч сахилгын зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн, иргэний хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч Г.С-аас “Өнөөдрийн шүүх хуралдаан хоцорч эхэлсэн, мөн өмнөх хуралдаан дээр яригдсан асуудал байна. Шүүх төрийн мөнгөнд санаа зовдог байгууллага биш...” гэх агуулгаар шүүгчээс татгалзах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тул шүүгчийн ... дугаар захирамжаар хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар “Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзах тухай” захирамжид “хүсэлтэд дурдсан үндэслэл шүүгчийг татгалзан гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна” гэж дурдан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Дээрхийг нэгтгэвэл, холбогдох шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах ...”, 50.1.25-д “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасныг зөрчөөгүй байх тул Баянгол, Хан-Уул, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

 

Шүүгч Х.Энхзаяа ирүүлсэн тайлбартаа: “... 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д.С нь Г.С-д холбогдуулан, хүүхдийн асрамж өөрчлүүлж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хүлээн авч, шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ...дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Хариуцагч Г.С нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад, түүнийг эс зөвшөөрч байгаа талаар хариу тайлбарыг ирүүлсэн.

Улмаар шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаж, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдааныг товлосон. Тус өдрийн шүүх хуралдаанд зохигч хүүхдийн асрамжийн талаар тусгай мэдлэг бүхий этгээдээр дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай захирамжаар ... дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор гарган ирүүлэхийг тус газарт үүрэг болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Улмаар шинжээч байгууллага нь 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ...дугаартай тушаалаар шинжээч нарыг томилон ажиллуулсан боловч хариуцагч Г.С нь шинжээчийг ажиллах нөхцөлөөр хангаагүй тул захирамжийн дагуу ажиллаж, шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна гэх хариуг шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн.

Шүүгч би 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 25-ны хооронд ээлжийн амралттай байсан.

Улмаар 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдааныг товлосон.

Тус өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед хариуцагч талаас хүүхдийн асрамжийн талаар шинжээч томилуулах тухай хүсэлтийг дахин гаргасан.

Энэ үед шүүгч би "шүүх таны хүсэлтийг хангаж, шинжээч томилсоор байхад та хүсэлтээ дэмжиж, шинжээчийг ажиллах боломжоор хангаагүй байж яагаад дахин шинжээч томилох хүсэлт гаргаж байгаа вэ, шүүх ажлын ачаалал их байна. Надад 200 гаруй хэрэг байна. Зүгээр захирамж бичээд сууж байх цаг алга байна. Мөн энэ бүхний цаана төрийн мөнгө үрэгдэж байгаа. Тог цахилгаан гэх гэмт зардал гардаг. Та хариуцлагатай байх ёстой гэхэд гомдол гаргагч: Төрийн мөнгө хаанаас бүрддэг бэ гэж асуусан. Би та надаас асуулт асуухгүй. Таны төлсөн татвар үр ашигтай зарцуулагдах ёстой биз дээ. Таны хариуцлагагүй байдлаас болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байна гэж хэлсэн.

Ингээд тус шүүх хуралдаанаас буюу шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 38886 дугаартай захирамжаар хариуцагчийн гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг дахин хангаж, ... дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Шинжээч нь дээрх захирамжийн дагуу шинжээчийн дүгнэлтийг гарган, шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн тул шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 30 минутад товлосон.

Шүүгч Х.Энхзаяа миний бага охин тухайн үед 2 нас хүрээгүй байсан бөгөөд цэцэрлэгт явдаг. 2025 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө охин маань халуурч, тэр өдөр цэцэрлэгт явуулах боломжгүй болсон тул нөхрийн ээжийг охиныг харуулахаар дуудсан. Ээжийн гэр Х-д байдаг бөгөөд манайд өглөөний 9 цагт ирсэн. Ингээд би ээжид охиноо үлдээгээд ажил дээр ирж, тухайн хурлыг 09 цаг 30 минутад эхлүүлсэн. Энэ тухай миний бие шүүгчийн туслах болон нарийн бичгийн дарга нартаа хэлээд хурлын хүмүүсийг зааландаа оруулаад суулгаж байгаарай гэж хэлсэн.

Тус өдрийн шүүх хуралдааныг 09 цаг 30 минутад эхлэх үед хариуцагч Г.С нь “... шүүгч төрийн мөнгөнд санаа тавьдаг субъект биш, ...товлосон хурлаас 1 цаг хоцорсон” гэх үндэслэлээр шүүгч надаас татгалзсан тул татгалзлыг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдаан хойшилсон.

Тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай захирамжаар хариуцагчийн шүүгчээс татгалзсан татгалзлыг хүлээн аваагүй тул шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр товлож, тус шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгч миний 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хэлсэн үг нь хэргийн оролцогчид дарамт үзүүлэх, тэднийг эрхийг зөрчих агуулгаар хэлээгүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан шуурхай явуулах, хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэлсэн. Мөн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаас 1 цаг хоцорсон үйлдэл нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болно.

Дээрх үндэслэлээр шүүгч би Д.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргаагүй тул гомдол гаргагч Г.С-ын гомдлын дагуу шүүгч надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Г.С-аас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяад холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн илтгэгч гишүүн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ГЗҮ/2026/0037 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ. 

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгч Х.Энхзаяа иргэн Д.С-ийн нэхэмжлэлтэй Г.С-д холбогдох “хүү С.Г, С.Т нарын асрамжийг өөрчлүүлж, хүү С.Г, С.Т, С.А нарт эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “бага хүү С.А-ын асрамжийг өөрчлүүлж, хүү С.Г, С.Т, С.А нарт эхээс нь тэтгэлэг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

1.Өргөдөлд “...Надад 200 ширхэг хэрэг байна, цаг зав алга байна, байр тог, цахилгааны асуудал, хүний хөдөлмөр, хөлс төрийн мөнгө явж байгаа. Үргүй зарах ёсгүй, таны асуудалд хариулах мэдээлэл өгдөг байгууллага биш. Та надаас асуухгүй, хүмүүсийн ажиллах хүчний асуудал татварыг үр ашиггүй үрэх ёстой юм уу” гэсэн, ...шүүхийн төвийг сахих, хараат бус байх зарчмыг алдагдуулсан, шүүх нь талуудын асуулт, тайлбарыг сонсох үндсэн үүргээ үгүйсгэсэн.” гэжээ.

Тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар захирамжаар зохигчийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, шинжээчээр “... дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс”-г томилж, шинжээчийн дүгнэлт ирэх хүртэл хугацаагаар хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлжээ.

... дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар албан бичгээр “...нэхэмжлэгч Д.С шинжээчийн баг ажиллуулахаас татгалзсан, хариуцагч Г.С нь шинжээчийн багийн ажиллах нөхцөл боломжоор хангахгүй, тодорхой хариу өгөхгүй, утсаар удаа дараа холбогдох гэсэн боловч утсаа аваагүй нөхцөл байдалтай байна. ...дүгнэлт гаргах боломжгүй” гэх хариуг ирүүлсэн байна.

Улмаар шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ... дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр товлон зарлажээ.

Тус шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр шүүгч хариуцагч Г.С-аас гаргасан хүсэлтийг тодруулахдаа “...дахиад шинжээч томилуулъя гээд байгаа юм уу, ...шинжээчийг та тодорхойлдоггүй юм. Шинжээч томилох эсэхийг шүүх шийдээд хэнийг томилох нь шүүхийн эрх хэмжээний асуудал, ...танд эрх нь байгаа шүү дээ. Тухайн үедээ шүүхэд би гэрээгээ байгуулаад мөнгөө өгчихсөн, ажиллагаа хийсэн яагаад надад өгөхгүй байгаа юм бээ гээд хэлэхгүй яасан юм. Ганцхан танай асуудлыг шийдэх гээд сууж байгаа юм биш шүү дээ. Надад 200 ширхэг хэрэг байна. Ингээд орж ирээд хойшлуулаад сууж байх цаг надад алга байна. энд төрийн мөнгө явж байгаа шүү дээ. Таны асуудлыг шийдэх гээд байр, тог, хүний хөдөлмөрийн асуудал гээд мөнгө явж байгаа шүү дээ. ...та надаас тэрийг асуухгүй за юу” гэж хэлсэн нь тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авч оролцоно.

Харин хэргийн оролцогчид хуралдаанд үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвх санаачилгатай оролцох үүргийг хүлээнэ.

Гэтэл зохигчоос гаргасан шинжээч томилуулах хүсэлтийн дагуу томилогдсон шинжээчийн багийг нэхэмжлэгч, хариуцагч нар ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, ажиллуулахаас татгалзсан атлаа хариуцагч хуралдаанд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан, үүнийг шүүгч асууж тодруулан хуралдаанд оролцсон гэж үзэх бөгөөд шүүгчийн дээрх үйлдлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Тодруулбал, шүүгч хэргийн оролцогчийг загнах, доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, бухимдах, уурлах, зандрах зэрэг харилцаа хандлага гаргаагүй нь шүүх хуралдааны дуу, дуу дүрсний бичлэгээр тогтоогдож байна.

Иймд шүүгчийг хуралдааны үед зүй бус авирласан, төвийг сахих, хараат бус байх зарчмыг алдагдуулсан гэж үзэхгүй. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин цаашид шүүгч шүүх хуралдааныг удирдан явуулахдаа албаны үг хэллэг хэрэглэж, сэтгэл хөдлөлөө удирдан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг анхааруулах нь зүйтэй.

 

            2.Өргөдөлд “...2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 08:30 цагт товлогдсон шүүх хуралдаанд шүүгч Х.Энхзаяа нь 09:30 цагт орж ирсэн, өөрөөр хэлбэл 1 цагийн турш үндэслэлгүйгээр хоцорсон” гэжээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ... дүгээр захирамжаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 30 минутад товлон зарласан байна.

Шүүгч тус шүүх хуралдаанд 1 цаг хоцорсон болох нь нарийн бичгийн дарга С.Б-гийн гэрчээр өгсөн “...тухайн үед хурал товлосон цагт шүүгч орж ирээгүй тул туслах Бямбатогтохоос асуутал, “шүүгчийн хүүхэд халуураад цэцэрлэгтээ явах боломжгүй байна, харах хүн ирэхээр очно. Хүмүүсээ зааландаа оруулаад суулгаж байгаарай гэж шүүгч хэлсэн” гэсэн. Тэгэхээр нь зааланд оруулаад суулгасан. Гэхдээ оролцогчдод шалтгааныг хэлээгүй” гэх мэдүүлэг,

шүүгчийн туслах Э.Б-ын гэрчээр өгсөн “...тухайн өдөр шүүгч хурлаас өмнө над руу залгаад “хүүхэд өвдсөн тул харах хүн ирэнгүүт очно, оролцогч нарыг хурлын зааланд суулгаж байгаарай” гэж хэлсэн Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга заалаа бэлдээд, хэргээ авахаар орж ирэхэд нь шүүгчийн хэлсэн үгийг хэлсэн” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

            Холбогдох шүүгч энэ талаар “...миний бага охин тухайн үед 2 нас хүрээгүй байсан бөгөөд цэцэрлэгт явдаг. 2025 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө охин маань халуурч, тэр өдөр цэцэрлэгт явуулах боломжгүй болсон тул нөхрийн ээжийг охиныг харуулахаар дуудсан. Ээжийн гэр Х-д байдаг бөгөөд манайд өглөөний 9 цагт ирсэн. Ингээд би ээжид охиноо үлдээгээд ажил дээр ирж, тухайн хурлыг 09 цаг 30 минутад эхлүүлсэн. Энэ тухай миний бие шүүгчийн туслах болон нарийн бичгийн дарга нартаа хэлээд хурлын хүмүүсийг зааландаа оруулаад суулгаж байгаарай гэж хэлсэн.” гэх тайлбарыг ирүүлжээ.

            Мөн шалгах ажиллагааны хүрээнд илтгэгч гишүүн Улаанбаатар төмөр замын харьяа ирээдүй ... дугаар цэцэрлэгээс шүүгчийн хүүхдийн талаарх холбогдох баримтыг гаргуулан авсан байна.

Дээрхээс үзвэл шүүгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг товлосон цагаас 1 цаг хоцорч эхлүүлсэн байх ба шүүгчийн энэхүү үйлдэл нь  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-т “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасанд хамаарахгүй.

            Иймд илтгэгч гишүүний Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ГС/2026/0050 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                                    Д.АРИУНТУЯА

                        ГИШҮҮН                                          Г.ЦАГААНЦООЖ

                                                                                    Х.ХАШБААТАР