info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-05-12

Дугаар 67

Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл оногдуулах тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч В.Амартүвшин нарыг оролцуулан, иргэн А.Т-ийн өргөдөлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшинд холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ГНД/2026/0022 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-дээ:

... “У” СӨХ-оос “Х” ХХК-д холбогдуулан “Нийслэлийн ... дүүргийн ... хороо, ... байр, ... орцны доод хонгилыг бүхэлд нь хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нь шүүгч В.Амартүвшинд хуваарилагдаж, шүүгч 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхээр товлон зарлагдсан 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч В.Амартүвшин даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т нар оролцож, хуралдааны явцад “...Даргалагчаас: Дугаар эзэмшигчийн хаягийг тодруулаад, хамтран хариуцагч, хариуцагчаа солих ч юм уу ийм ажиллагаа хийлгэмээр юм уу гэхэд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г: Тэгье гэв.

Даргалагчаас: Таны хувьд яаж байна гэхэд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т: Миний хувьд шүүх бол маргааныг үнэн зөв, хөдөлбөргүй шийднэ гэдэг утгаараа таны тавьж байгаа саналыг ойлгоод байна. Үндсэндээ нэхэмжлэгч өөрөө энэ асуудлаа шийдүүлэх болов уу гэж бодож байна. Надад бол тэр дээр санал алга. Нэхэмжлэгч өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд явах хэрэгтэй. Иргэний процессын хуулийн нэг санаа бол мөрдөн шалгах бус диспозитив зарчимд тулгуурлаж байгаа. Тийм болохоор нэхэмжлэгч өөрөө тодорхойлоод явах байх. Санал алга гэв.

....Даргалагчаас: Ийм хоёр үндэслэлээр хойшиллоо шүү. Гэрч нар бол хэрэггүй байх. Та гэрч нартайгаа өөрөө ажиллаад үз. Гэрч бол эзнийг нь тодорхойлохгүй. Таньж олуулах ажиллагаа явуулбал болох байх. Шүүх хуралдааныг хойшлуулъя /алх цохив/. 11 дүгээр сарын 24-ний өдөр энэ цагтаа эхэлбэл яаж байна. Танайх ... дугаарын эзэмшигчтэй холбоо бариад холбогдох мэдээллийг олоод, хариуцагчаар татахаар бол шүүх хуралдаанаас өмнө нь татаад ажиллагаа хийлгээрэй. Энэ дугаарын эзэмшигчийн талаар хаяг байршлыг нь тодруулъя гээд шийдчихлээ. Таныг тэгж хүсэлт гаргаж байна гэж ойлгож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г: Зөв зөв” гэжээ.

Улмаар 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Д” ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт өгч, шүүгч тус өдрийн ... дугаар захирамжаар “Д” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

Мөн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд “...Даргалагчаас: Та Ц-д сайн хэлж харьцаад яваад баймаар байна. Шаардлагатай бол би Ц-ний дансыг битүүмжилье, хөрөнгийг битүүмжилье дараагийн шатны ажилдаа оръё. Үнэхээрийн мэлзээд байгаа бол больж үз. Тийм юм байхгүй. Наадахаа шударгаар нь гаргаж ир шийдүүл гэдэг байдлаар яръя.  /Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т: тэгье, тэгье би яръя/ гэж давхар хэлэв. Хүлээцтэй хандаад байхад ерөөсөө яахгүй юм. /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандан/ Одоо авах юм уу? Арга хэмжээ. Танай тэр данс эдрийг нь дараа болдог юм байгаа биз, эхний удаа тэр байрыг битүүмжлэх үү гэхэд

05:26-05:28 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г: Тэгье. Тэгье. Шүүгчээ. Дэмжиж байна гэв.

...05:50-05:54 Даргалагчаас: Тэр хамаагүй ээ. /Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандан/ Яахын. Тийм хүсэлт гаргаж байна уу гэхэд

05:55-05:56 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т: дуу сул сонсогдохгүй байв.

05:56-06:07 Даргалагчаас: Тэг тэг гомдлоо гарга. Битүүмжлэх үү, үнэхээр үнэн мөн нь олдохгүй байгаа. Хуулиараа бол танайх юм байна гэж үзээд байгаа гэхэд

06:08-06:14 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г: Яалтчгүй хариуцагч аль нь болох нь мэдэгдэхгүй байгаа. Битүүмжлэх нь зүйтэй гэж үзэж байгаа гэв.

...09:33-09:58 Даргалагчаас: Танайх тэр юуныхаа бичгээр өгдөө гээд /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид цаас өгөв./ Арга хэмжээ авхуулъя гээд байгаа бол. Гомдол өгсөн үү та гэхэд

09:59-10:00 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г: Тийм шүүгчээ гэв.

10:02-10:52 Даргалагчаас: За эрх нь байгаа юм байна. 69-н арга хэмжээг нь аваад, одоо болно та хэд мэтгэлцэж чадахгүй бол арга хэмжээ нь авхуулна шүү дээ. Хариуцагчийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлэх гэнэ. Үнийн дүн бол байхгүй юм байна. Энэ дээр угаасаа үнийн дүн яригдахгүй. Тэгээд аль арга хэмжээг нь авхуулах гээд байгаа юм. Битүүмжлэх, данс гэхэд

10:52-11:00 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т: Нэхэмжлэгч ер нь 69-н арга хэмжээ авхуулна гэсэн хүсэл зоригтой байгаа юм уу, та өөрөө хэлээд байгаа юм уу гэв.

11:00-11:02 Даргалагчаас: Энэ хүн өөрөө яриад байна. Энэ хүн чинь хэлээд байна шүү дээ гэхэд

11:02-11:03 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т: Та санал гаргаад, энэ хүн хэллээ шүү дээ гэв.

11:04-11:05 Даргалагчаас: Тэр хамаагүй. Чиглүүлж байна шүү дээ гэхэд

11:05-11:10 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т: Яагаад хамаагүй гэж. Яахаараа чиглүүлдэг юм. Талуудын зарчмаараа шүүх /дуун сонсогдохгүй байв/

... 12:05-12:37 Даргалагчаас: Нөгөө юу чинь хаана байна /гараараа дохиход нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цаасыг дамжуулан өгөв/ энэ чинь олон арга хэмжээ байгаа шүү дээ. Нэхэмжлэгчээ алийг нь авхуулах гээд байгаа юм. Та өмнөх хурал дээр эрх зүйч гээд байгаагүй билүү гэхэд

12:38-12:39 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г: Тийм шүүгчээ гэв.

12:50-13:13 Даргалагчаас: Эсхүл тэр тодорхой үйл ажиллагаа явуулж болохгүй, зарахгүй, барихгүй, түрээслэхгүй гэдэг ч юм уу. Аль нь юм. Та өөрөө нэг мөр саяны хүсэлтээ тодруулж өгөх үү гэхэд

13:14-13:15 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г: Тэгье. … /шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид цаасыг буцаан өгөв/...” гэсэн нь шүүх хуралдааны бичлэгт авагдсан байна.

Тус хуралдааны дараа 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-с “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалтад заасны дагуу маргаан бүхий хонгилыг хариуцагч нараас бусдад түрээслүүлэхийг хориглох арга хэмжээ авхуулах” хүсэлтийг гаргажээ.

Шүүгч 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн А.Г-ийн хүсэлтийг хангаж, Нийслэлийн ... дүүргийн ... хороо, ... байр, ... орцны доод хонгилд тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байх /бусдад түрээслэхгүй байх/-ыг хариуцагч “Х” ХХК, “Д” ХХК нарт даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж шийдвэрлэсэн байна.

Уг захирамжийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т гомдол гаргасныг бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талууд шаардлага, үндэслэлээ өөрсдөө тодорхойлж, талуудын зарчим буюу зохигч тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэн, нотлох баримтыг бүрдүүлэх, өөрсдөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх энэхүү зарчмыг хангахын тулд “хөндлөнгийн байх” зарчмыг хэрэгжүүлдэг.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөндлөнгийн байж, хуульд тодорхой заасан үндэслэл бүрдсэнээс бусад тохиолдолд аль нэг талаас өөрийн санаачилгаар баримт шаардан авах, ажиллагаа хийхгүй.

Өөрөөр хэлбэл, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэхээс дуусгавар болох бүх процесст оролцогчдын “хүсэл зоригийн” шинжийг зайлшгүй харгалздаг онцлогтой.

Гэтэл шүүгч хуралдааны үед “...Шаардлагатай бол би Ц-ний дансыг битүүмжилье, хөрөнгийг битүүмжилье дараагийн шатны ажилдаа оръё. ...Тийм хүсэлт гаргаж байна уу. ... Танайх тэр юуныхаа бичгээр өгдөө. Арга хэмжээ авхуулъя гээд байгаа бол. ...Эсхүл тэр тодорхой үйл ажиллагаа явуулж болохгүй, зарахгүй, барихгүй, түрээслэхгүй гэдэг ч юм уу. Аль нь юм. Та өөрөө нэг мөр саяны хүсэлтээ тодруулж өгөх үү” гэх зэргээр хүсэлт гаргуулахаар хэргийн нэг талд санал тавьж, хүсэлт бичих цаасыг өгч, бичүүлэн авч, хүсэлтээ дахин тодруулж өгөхийг зөвлөж байгаа зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараахь арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй” гэж заасныг зөрчсөн байна гэж үзлээ.

Тодруулбал, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг “нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн” авах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт илт тодорхой, ойлгомжтой зохицуулсан байхад шүүгч өөрөө санал гаргаж, нэхэмжлэгч талаас хүсэлт гаргуулж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэхээр байна.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарласан ба тус тайлбарт “Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно. …“Ноцтой зөрчих” гэдгийг “процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт /зүй бус/ ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэжээ.

Шүүгч В.Амартүвшин нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн, төвийг сахих зарчмыг хэрэгжүүлэхгүй өөрт олгосон эрхээ хэтрүүлэн хэргийн нэг талд хүсэлт гаргах санал тавьж, хүсэлт бичих цаасыг өгч, бичүүлэн авсан, хүсэлтээ дахин тодруулж өгөхийг зөвлөсөн зэрэг үйлдэл нь хэргийн оролцогчдын эрх тэгш мэтгэлцэх эрхийг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн  14-т заасан хүн бүрийн баталгаатай эдлэхээр тодорхойлсон “шударга шүүхээр шүүлгэх” эрхийг хязгаарлаж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэлээ.

Цаашлаад дээрх байдлаар шүүгч хэргийн нэг талд заавар, зөвлөгөө өгч, талуудад мэтгэлцэх боломжийг олгохгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулах нь нэг талд давуу байдал бий болгосон, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохоор байх тул дахин ийм нөхцөл байдал гаргахгүй байхад анхаарвал зохино. 

Харин шүүгч хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид “Тэр хамаагүй. ...чиглүүлж байна. ...тэмдэглэлд тусгах эсэхийг чинь шүүх шийддэг юм” гэж хэлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байна гэж үзлээ.

Тодруулбал, шүүгч хэргийн оролцогчтой зохисгүй харилцсан, доромжилсон, гутаасан, үл хүндэтгэсэн байдал гаргаагүй байх тул шүүгчийн дээрх үйлдлийг зүй бус авирласан гэж үзэхэд учир дутагдалтай, цаашид шүүгч харилцаандаа онцгой анхаарч ажиллах шаардлагатай.   

2. Өргөдөлд “...Энэ өдөр шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ үйлдлээ өөрөө зөвтгөж, тэмдэглэлд ярьсан зүйлсээ тусгуулаагүй үйлдэл гаргасан. Учир нь шүүгч 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд "Тэмдэглэлд тусгах эсэхийг чинь шүүх шийддэг юм" гэж хэлсэн.” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ” гэж заасан.

Сахилгын хэрэгт авагдсан 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн болон 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлүүд нь дуу, дүрсний бичлэгээс зөрүүтэй буюу шүүгч, хэргийн оролцогч нарын асуулт, хариултын хэсгүүд бүрэн тусгагдаагүй албажин гарсан байна.

Энэ талаар нарийн бичгийн дарга М.Х “... Бичлэгээ сонсож байгаад хурлын тэмдэглэлээ бичдэг. Ер нь бол хэргийн оролцогчийн сул үгийг нь орхиод бичихийг хичээдэг. Бүрэн бичих ёстой гэдгийг мэддэг. Тухайн хуралдаанд нарийн бичгээр орсон. 3 сарын өмнөх болохоор яг тодорхой санахгүй байна. Шүүгч бол хурлын дэгийг сахиулж байсан. ...Бүх л нарийн бичгийн дарга нар сул үгийг орхиж бичиж байгаа. Яагаад гэвэл тэмдэглэл нь нотолгооны нэг хэрэгсэл болж байдаг. ...Шүүгч рүү дайрч байгаа хэсэг болон шүүгч хэргийн оролцогчтой зүгээр ярилцаж байгаа хэсгийг орхидог. Шүүгчийн тодруулж асуух зүйл ч юм уу, зүгээр ярилцаж байгаа хэсгийг орхиод явсан. Би юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна Хэргийн оролцогчийн тусга гэсэн болгоныг тусгах боломжгүй. Ер нь л тэгж хэлдэг. Сул үгтэй хэсгийг тусгадаггүй. Бичлэгийг үзээгүй болохоор үнэхээр санахгүй байна. Шүүгч тэмдэглэлийг хянасан. Шүүгч засвар оруулсан эсэхийг санахгүй байна. Миний хувьд хоёр шүүгч дээр нарийн бичгээр ажилладаг байсан. В.Амартүвшин шүүгчийн хувьд тэмдэглэлд засвар оруулах үедээ оруулдаг, оруулахгүй үе бас байдаг. Би одоо туслах болсон болохоор тэмдэглэлийн төсөл байхгүй. .. шүүгч хурлын дэгийг маш сайн сахиулдаг. Тайлбарлах, чиглүүлэх үүргийнхээ хүрээнд шүүх хуралдааныг удирдан явуулсан.” гэх мэдүүлгийг өгсөн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2.2-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх үүргийг хуралдааны нарийн бичгийн дарга хүлээх бөгөөд тэрээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Мөн даргалагч шүүгч нь шүүх хуралдааны тэмдэглэлийг хянах үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас тэмдэглэлд хуралдааны үйл явц бүрэн тусгагдаагүй, энэ нь шүүгчийн “Тэмдэглэлд тусгах эсэхийг чинь шүүх шийддэг юм” гэж хэлсэнтэй шууд хамааралтай гэж ойлгогдох нөхцөл байдлыг бий болгожээ.

Түүнчлэн шүүгч шүүх хуралдаанд хэргийн оролцогч нарын хүсэлтийг хэлэлцэх, тэдгээрийн тайлбарыг сонсох, хуралдааныг завсарлуулах, шүүхээс гарсан шийдвэрийг уншиж танилцуулах зэрэг хуульд заасан дэг, журмыг баримтлахгүйгээр ярилцах байдлаар хуралдааныг удирдан явуулсан нь тэмдэглэл дутуу бичигдэх нөхцөл байдал үүсгэсэн байна.

Иймд шүүгчийг дээрх үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Харин шүүгч цаашид хуралдааныг хуульд заасан дэг, журмын дагуу удирдан явуулж, хуралдааны үйл явцыг тэмдэглэлд бүрэн тусгасан эсэхэд хяналт тавьж ажиллах нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгч В.Амартүвшин нь шүүх хуралдаанд “...Шаардлагатай бол би Ц-ний дансыг битүүмжилье, хөрөнгийг битүүмжилье дараагийн шатны ажилдаа оръё. ...Тийм хүсэлт гаргаж байна уу. ... Танайх тэр юуныхаа бичгээр өгдөө. Арга хэмжээ авхуулъя гээд байгаа бол. ...Эсхүл тэр тодорхой үйл ажиллагаа явуулж болохгүй, зарахгүй, барихгүй, түрээслэхгүй гэдэг ч юм уу. Аль нь юм. Та өөрөө нэг мөр саяны хүсэлтээ тодруулж өгөх үү” гэх зэргээр нэхэмжлэгч талд хүсэлт гаргах саналыг гаргаж, хүсэлт бичих цаасыг өгч бичүүлсэн, түүнчлэн хүсэлтээ дахин тодруулахыг зөвлөж, үүний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Шүүгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “...хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” сахилгын зөрчилд хамаарч байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшинд сахилгын зөрчил гаргасан гэж нотлох дүгнэлт үйлдэн Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Шүүгч В.Амартүвшин тайлбартаа:

“... 1. Гомдолд дурдсанаар шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа зөв эсхүл буруу явуулсантай холбогдолтой, хэргийн оролцогчдын тэгш эрхийг зөрчсөн тухай гомдол байна. Уг гомдлын үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасны дагуу Давж заалдах шатны шүүх болон Хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарах асуудал байна.

2. Шүүгчийн зан байдал, ёс зүйтэй холбогдолтой гомдол гаргасан байна. Хэргийн оролцогчтой албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байхыг хориглосныг зөрчөөгүй болно. Мөн зан байдлын хувьд зохисгүй харилцаа гаргаагүй, доромжлох, гутаах үл хүндэтгэсэн байдлаар харилцсан зүйлгүй болно. Иймд шүүгч В.Амартүвшин би “У” СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 50.1.23-д тус тус заасныг зөрчөөгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн А.Т-с Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшинд холбогдуулан “... шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ үйлдлээ өөрөө зөвтгөж, тэмдэглэлд ярьсан зүйлсээ тусгуулаагүй үйлдэл гаргасан. Учир нь шүүгч 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд "Тэмдэглэлд тусгах эсэхийг чинь шүүх шийддэг юм" гэж хэлсэн, ... нэхэмжлэгч талаас хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1-д заасан арга хэмжээг авхуулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байхад шүүгч нь өөрөө санаачлан “та нар боль, одоо болно, арга хэмжээ авна” зэргээр хэлж, хариуцагчийг илт буруутгаж, хүчээр арга хэмжээ авхуулах үйлдэл гаргасан ...” гэж өргөдөл ирүүлснийг Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ГЗҮ/2026/0034 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад, 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ГНД/2026/0022 дугаар “Сахилгын зөрчлийг нотлох тухай” дүгнэлтийг гаргажээ.

Нэг. Өргөдөлд “... нэхэмжлэгч талаас хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1-д заасан арга хэмжээг авхуулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байхад шүүгч нь өөрөө санаачлан “та нар боль, одоо болно, арга хэмжээ авна” зэргээр хэлж, хариуцагчийг илт буруутгаж, хүчээр арга хэмжээ авхуулах үйлдэл гаргасан ...” гэж дурдсан.

“У” СӨХ-оос “Х” ХХК-д холбогдуулан “Нийслэлийн ... дүүргийн ... хороо, ... байр, ... орцны доод хонгилыг бүхэлд нь хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхээр товлон зарласан 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч В.Амартүвшин даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т нар оролцжээ.

Тус шүүх хуралдааны явцад шүүгч “...Шаардлагатай бол би Ц-ний дансыг битүүмжилье, хөрөнгийг битүүмжилье дараагийн шатны ажилдаа оръё. ...Тийм хүсэлт гаргаж байна уу. ... Танайх тэр юуныхаа бичгээр өгдөө. Арга хэмжээ авхуулъя гээд байгаа бол. ...Эсхүл тэр тодорхой үйл ажиллагаа явуулж болохгүй, зарахгүй, барихгүй, түрээслэхгүй гэдэг ч юм уу. Аль нь юм. Та өөрөө нэг мөр саяны хүсэлтээ тодруулж өгөх үү” гэх зэргээр хүсэлт гаргуулахаар хэргийн нэг талд санал тавьж, хүсэлт бичих цаасыг өгч, бичүүлэн авч, хүсэлтээ дахин тодруулж өгөхийг зөвлөсөн болох нь илтгэгч гишүүн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байна.

Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй:” гэж заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.

Учир нь шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг шүүгч зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэрлэхээр шүүгчид үүрэг болгосон, ойлгомжтой, тодорхой нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж, шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх талаар хүсэлт гаргаагүй байхад шүүгч эд хөрөнгийг битүүмжлэх талаар санал гаргаж, дараа нь нэхэмжлэлд үнийн дүн шаардаагүй учраас битүүмжлэх боломжгүй, харин тодорхой үйл ажиллагаа явуулж болохгүй гэх агуулгаар хүсэлтээ тодорхойлж өгөхийг зөвлөсөн үйлдлийг хууль зөрчсөнд тооцно.

Улмаар тус хуралдааны дараа 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-с “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалтад заасны дагуу маргаан бүхий хонгилыг хариуцагч нараас бусдад түрээслүүлэхийг хориглох арга хэмжээ авхуулах” хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар захирамжаар хангаж, Нийслэлийн ... дүүргийн ... хороо, ... байр, ... орцны доод хонгилд тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байх /бусдад түрээслэхгүй байх/-ыг хариуцагч нарт даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж шийдвэрлэжээ.

              Уг захирамжийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т гомдол гаргасныг бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэснээр хариуцагчийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломж хязгаарлагдсан байна.

              Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг авах нь маргааны зүйлийг бусдад шилжүүлэх, үгүй хийх зэргээс урьдчилан сэргийлэх, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн буюу хариуцагч үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхөөс өмнө тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх, эзэмших эрх бусдад шилжихээс хамгаалах, шийдвэр биелэгдэх нөхцөлийг урьдчилан баталгаажуулах ажиллагаа тул дээрх хуульд зааснаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэхгүй байхыг хариуцагчид даалгах эрхийг шүүгчид олгосон байдаг.

   Гэвч дээр дурдсанчлан талуудаас гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь шүүгчид хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах боловч хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тохиолдол бүр нь хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах талаар хүсэл зоригоо илэрхийлж, үүнд шүүгч “хөндлөнгийн байж” хууль зүйн дүгнэлт хийн шийдвэрлэхээр байхад шүүгч өөрөө санал хэлэх, зөвлөн туслах байдлаар хүсэлт гаргуулсны улмаас нэхэмжлэгчид давуу байдал үүсгэж, хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнэлээ.

Түүнчлэн, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хамтран хариуцагч оролцуулах, эсхүл хариуцагчаа солих ажиллагаа хийлгэх талаар хэлж, улмаар 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хамтран хариуцагчаар татах хүсэлт өгч, шүүгч тус өдрийн ... дугаар захирамжаар “Д” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь шүүгчийн “хөндлөнгийн байх” зарчимд нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хоёр. Өргөдөлд “... шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ үйлдлээ өөрөө зөвтгөж, тэмдэглэлд ярьсан зүйлсээ тусгуулаагүй үйлдэл гаргасан. Учир нь шүүгч 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд "Тэмдэглэлд тусгах эсэхийг чинь шүүх шийддэг юм" гэж хэлсэн ...” гэж дурджээ.

Сахилгын хэрэгт авагдсан 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн болон 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлүүд нь дуу, дүрсний бичлэгээс зөрүүтэй буюу шүүгч, хэргийн оролцогч нарын асуулт, хариултын хэсгүүд бүрэн тусгагдаагүй албажин гарсан болох нь шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ. гэж заасныг зөрчсөн боловч шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэх чиг үүрэгтэй нарийн бичгийн даргын үйл ажиллагаатай холбоотой байх тул энэ үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Харин илтгэгч гишүүний дүгнэлтэд “... ярилцах байдлаар хуралдааныг удирдан явуулсан нь тэмдэглэл дутуу бичигдэх нөхцөл байдал үүсгэсэн ...” гэж дурдсан нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч гарын үсэг зурж баталгаажуулахаар шүүгчид үүрэг болгосон тул цаашид шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааны үйл явц бүрэн тусгагдсан эсэхэд анхаарч, хуульд заасан дэг, журмыг баримтлан хуралдааныг даргалан явуулах шаардлагатай байгааг сануулах нь зүйтэй.

Мөн шүүгчийн "Тэмдэглэлд тусгах эсэхийг чинь шүүх шийддэг юм" гэж хэлснийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж илтгэгч гишүүн дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй байна.

 Тодруулбал, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийг загнах, доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар урьдчилсан дүгнэлт гаргасан мэт ойлголт төрүүлэх асуулт асуух, үг хэлэх, бухимдах, уурлах, зандрах зэрэг харилцаа хандлага гаргасан тохиолдолд үүнийг “зүй бус авирласан”-д тооцохоос бус шүүх хуралдааны тэмдэглэлийг баталгаажуулах үүргээ буруу ойлголт төрүүлэхүйц байдлаар илэрхийлснийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Гэвч цаашид өөрийн харилцааны соёл, биеэ авч явах хувь хүний зан үйлдээ дүгнэлт хийж, шүүх болон шүүгчийн нэр хүндийг хүндэтгэж ажиллахыг анхаарах нь зүйтэй болохыг тэмдэглэв.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшинийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэж, сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар болон бусад нөхцөл байдал зэргийг харгалзан “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ГНД/2026/0022 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшинд нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                    Х.ХАШБААТАР

                                     ГИШҮҮН                                         Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                                Б.СУГАР