info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-06-03

Дугаар 74

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяаг оролцуулж, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяагаар тэмдэглэл хөтлүүлэн, тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Жаргаланд холбогдох  “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2026/0054 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сахилгын хорооны гишүүний тус саналд:

“... 1. Мэдээлэлд “...Яллагдагч Ж.Ө нь ... сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 423 дугаар хорих ангид ял эдэлж байсан ...Хэргийг хүлээн авч хянаад дээрх таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг шийдвэрлээгүй, шүүгчийн захирамж гаргаагүй нөхцөл байдлын улмаас 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр яллагдагч Ж.Ө-ийн цагдан хорих хугацаа дуусаж, хорих байрны даргын тогтоолоор суллагдсан. Улмаар 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр яллагдагч Ж.Ө-г Архангай аймгийн Ихтамир сумаас авч ирж, үргэлжлүүлэн цагдан хорьсон байна. Шүүхэд шилжиж очсон хэргийн яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хорих ангид ял эдэлж байсан ялтан сул чөлөөтэй явж, оргон зайлж болзошгүй нөхцөлийг бүрдүүлсэн.” гэжээ.

Шалгах ажиллагааны хүрээнд цугларсан баримтуудаар шүүгдэгч Ж.Ө нь Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ХМШЗ/... дугаар шүүгчийн захирамжаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 24 хоногийг хорих ялаар сольж, шүүгдэгч тус хорих ялыг ... сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид эдэлж байжээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дүгээр захирамжаар ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд шилжүүлэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ЦХШЗ/27 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийн цагдан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутаас нэг сараар сунгаж шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Ж.Ө, Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн нь шүүгч Ч.Жаргаланд хуваарилагдаж, шүүгч тус өдрийн 2025/ШЗ/... дугаар шүүгчийн захирамжаар Ж.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Шүүгчээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу, Ерөнхий шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЕШЗ/... дугаар захирамжаар яллагдагч Ж.Ө нарт холбогдох хэргийн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгажээ.

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 301/ШТ2025/... дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор ээлжийн амралттай шүүгч Ч.Жаргалангийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа яллагдагч Ж.Ө, Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр тус хэргийг шүүгч П.Дониддолгорт шилжүүлсэн байна.

Улмаар шүүгч П.Дониддолгор нь 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/... дүгээр захирамжаар яллагдагч Ж.Ө-д яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 301/ЗТ2025/... дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор яллагдагч Ж.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ч.Жаргаланд буцаан шилжүүлж, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/... дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаасан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримттай холбоотойгоор шүүгч Ч.Жаргалан “...Яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нь тооцож байгаад хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэдэг. Ээлжийн амралттай байсан хугацаанд яллагдагчийн цагдан хорих хугацааг сунгах хугацаа болоход хол зайтай байсан. Ер нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хугацаа дусахаас 1, 2 хоногийн өмнө шийдвэрлэх боломжтой. Олон хоногийн өмнө шийдвэрлэх боломжгүй. Цагдан хорионы хугацаа дуусах үед ээлжийн амралтын  дундуураа шийдвэрлэх боломжтой гэж үзээд хугацааг сунгахгүйгээр амралтаа авсан. ... Ж.Ө-ийн цагдан хорих асуудлыг шийдвэрлээгүйгээс болоод ялтанг шүүхийн зөвшөөрөлгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар сулласан байсан. Дониддолгор шүүгчтэй утсаар ярихад ялтанг хорих анги руу буцаан шилжүүлэх байх гэж ярьсан. Маргааш нь Гандолгор шүүгч рүү ярихад шүүгчдийн зөвлөгөөн хийсэн. Ээлжийн амралт дуусаад хэргээ өөрөө шийдвэрлэхээр зөвлөгөөн шийдвэрлэсэн гэж хэлсэн.” гэх тайлбарыг өгсөн.

Шүүгч П.Дониддолгор гэрчээр “...Өнгөрсөн зун би ганцаараа ажиллаж байсан. Шүүгдэгч Ж.Ө нь хорих ял эдэлж байгаа, хорихоос шилжүүлэн цагдан хоригдож байсан. Шүүгч цагдан хорих таслан сэргийлэх хугацааг сунгаагүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түүнийг гаргасан байна, энэ хүнийг яах вэ гэж прокуророос ярьсан. ...өмнөх орой нь Жаргалан шүүгч над руу ярьсан. “Ж.Ө-ийн хугацаа дуусаж байгаа. Одоо яах вэ? би хол замд явж байна, машин тэрэг саатаад байна, яах вэ” гэсэн. Би “одоо харин яах вэ, сунгахгүй бол хорих анги руу нь буцаачих байхдаа” гээд яриад өнгөрсөн. Тэр орой нь н.Байгалмаа шүүгчийн зарлиг гарсан учир хэргийг хуваарилах зөвлөгөөн зарлахаар шүүгч нар луу ярьсан. ...Ганаа шүүгчээс асуусан. Зөвлөгөөн болоод хорих ялтай этгээдийг хорих анги руу буцаахгүй гаргасан байгаа учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж үзсэн. Би тэр үед ганцаараа ажиллаж байсан учир хэргийг шилжүүлэн авч, ...Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Уг нь шүүгчийн захирамж гаргаагүй тохиолдолд цагдан хорих байрнаас шууд хорих анги руу нь буцаах ёстой. Тэгтэл сулласан байсан” гэх мэдүүлгийг өгсөн.

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 301/ЗТ2025/... дугаар тогтоолоор “Шүүхийн эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-ыг баталсан, тус журмын 4.1-т “шүүгч ээлжийн амралт авах тохиолдолд хүлээн авсан хэргүүдээ өөрөө шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгч өөрт хуваарилагдсан эрүүгийн хэргүүдийг шилжүүлэхгүйгээр 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал ээлжийн амралтаа авсан байна. 

Шүүгч ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр яллагдагч Ж.Ө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусаж, түүнийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас сулласан болох нь шүүгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн шүүгч хэрэг хуваарилагдсан өдрөө яллагдагч Ж.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, харин цагдан хоригдож буй яллагдагч Ж.Ө-ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэх талаар шийдвэр гаргаагүй нь дээрх нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэхээр байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ..” гэж заасныг зөрчсөн гэж үзлээ.

Шүүгч “...Ээлжийн амралтын дундуур яллагдагч Ж.Ө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусах байсан учир 2025 оны 08 сарын 06-нд ажилдаа орж яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн. Гэтэл ээлжийн амралтаа хөдөө орон нутагт өнгөрүүлж байгаад Архангай аймаг руу ирж явах замд машин саатсан” гэх тайлбарыг өгсөн нь шүүгчийн яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 1.1-т “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх;”, 1.2-т “хэргийг прокурорт буцаах”, 1.3-т “хэргийг түдгэлзүүлэх”, 1.4-т “хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх”, 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж зааснаас үзвэл шүүгч прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авснаас хойш 45  хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, прокурорт буцаах зэрэг асуудлыг шийдвэрлэх ёстой.

Гэтэл шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 56 хоногийн дараа хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Ийнхүү шүүгч Ч.Жаргалан нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаагүйн улмаас хорих ял эдэлж буй ялтан суллагдсан, хуульд заасан хугацаанд хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзлээ.

Шүүгчийн дээрх үйлдэлд хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, эрх нь ноцтой зөрчигдөхөд хүргэсэн нөхцөл байдал бий болгоогүй тул зөрчлийг ноцтой гэж үзэхгүй.

Мөн хуулийн илт тодорхой заалтыг 3 ба түүнээс дээш удаа зөрчсөн байхыг “удаа дараа” гэж ойлгох ба  шүүгч Ч.Жаргалан нь хуулийн илт тодорхой заалтыг хоёр удаа зөрчсөн байх тул дахин нэг удаа зөрчсөн тохиолдолд удаа дараад хамаарч сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болохыг дурдах нь зүйтэй.

Иймд, шүүгч цаашид хууль тогтоомжийг чанд баримталж, хуулийг нэг мөр ойлгож анхаарч ажиллавал зохино.

               2. Мэдээлэлд “...2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хуралдааны товд өөрчлөлт оруулж, хүсэлт шийдвэрлэх тухай 860 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийн материалтай танилцах шаардлагатай гэж шүүх хуралдааны товд өөрчлөлт оруулахдаа яллагдагч М.М, Н.Б, Л.Ц, Н.С, Д.Б, Ч.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Н.Б, Д.Б, Ч.Б нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэж өөрчилж шийдвэрлэсэн байна. Харин уг захирамждаа М.М, Л.Ц, Н.С нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэлээ дурдаагүй атлаа захирамжлах хэсэгт тусган өөрчилж, сулласан. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн үеэс хойш уг хэргийн шүүгдэгч Л.Ц, Н.С нар нь оргон зайлж, хэрэг шийдвэрлэгдэхгүй нөхцөл байдал үүссэн.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний  2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 301/ЗТ2025/... дугаар тогтоолоор Ерөнхий шүүгч П.Гандолгор нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон тул түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа эрүү, иргэний хэрэг, нэхэмжлэлийг шүүгч нарт журмын дагуу хуваарилсан, шүүгдэгч М.М, Ч.Б, Н.Б, Л.Ц, Н.С, Д.Б нарт холбогдох эрүүгийн 18 хавтас хэрэг шүүгч Ч.Жаргаланд хуваарилагдсан байна.

Шүүгч 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/... дугаар захирамжаар ...уг хэрэгтэй шүүгч миний бие танилцах шаардлагатай байх тул шүүх хуралдааны товд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Б.Г, О.Б нараас шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э нь шүүгдэгч Д.Б, Н.Б, Ч.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтүүдийг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нарын хувийн байдал, холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан тэдгээрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж, захирамжийн ЗАХИРАМЖЛАХ хэсгийн  “...2. Шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч нараас ирүүлсэн “шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх”, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э-с ирүүлсэн шүүгдэгч Д.Б, Н.Б, Ч.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтүүдийг хангасугай. 3. Шүүх хуралдаан болтол шүүгдэгч М.М, Н.Б, Л.Ц, Н.С, Д.Б, Ч.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай” гэжээ.

Тус захирамжийн дагуу шүүгдэгч М.М, Ч.Б, Н.Б, Л.Ц, Н.С, Д.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Улмаар дараагийн шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Ц, Н.С нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, тэдгээрийг албадан ирүүлэхээр  2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн шүүгдэгч Л.Ц хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдаанууд хойшлогдож, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Дээрх өргөдлийн үндэслэлтэй холбогдуулан шүүгч “...Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ талаараа хүсэлтийг хүлээн авсан  гэх байдлаар захирамжаа бичсэн. Харин бусад шүүгдэгч нарын тухайд холбогдох хэргийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан бусад шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн, захирамжид бусад шүүгдэгч нарын нэрийг заахгүйгээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн гэж бичсэн. ... Шүүгдэгч нар хүсэлт гараагүй байхад шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхдөө хэрэгт авагдсан баримтууд, өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлүүдийг үзээд шийдвэр гаргасан. Тухайн хэрэг маань онц ноцтой гэмт хэрэг биш байсан учраас энэ хүмүүст хувийн баталгаа гаргаж болох юм байна гэж үзсэн. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн нь тухайн хүмүүсийг оргоорой гэсэн байдал гаргаагүй. Мэдээлэлд оргох үндэслэлийг бүрдүүлсэн гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэх тайлбарыг өгчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн 14.1 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, барьцаа авах, цагдан хорих зэрэг таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авахаар зохицуулсан.

Үүний дагуу шүүгч шүүгдэгч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй.

Харин шүүгч 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/860 дугаар захирамжийн үндэслэх хэсэгтээ хүсэлт гаргаагүй шүүгдэгч М.М, Л.Ц, Н.С нарын  цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх болсон үндэслэлийг тодорхой дурдаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй боловч шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Харин 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар шүүхийн шийдвэрт яллагдагч, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн, өөрчилсөн, хүчингүй болгосон үндэслэлийг тусгахаар зохицуулсан тул шүүгч цаашид шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгож шийдвэрлэхдээ энэ талаарх дүгнэлтийг шийдвэртээ дэлгэрэнгүй, ойлгомжтой бичиж байвал зохино.

 

3. Мэдээллийн 3, 4 дүгээр үндэслэлд “...хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Тус хэргийг урьд нь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байтал анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ. Улсын яллагчаас давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэний үндсэн дээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шийдвэрлэсэн” гэж заасныг зөрчсөн.” гэжээ.

Шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл Архангай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн шүүгдэгч Ж.Г, Б.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/... дугаар цагаатгах тогтоолоор шүүгдэгч Ж.Гурвантамир нарыг цагаатгаж шийдвэрлэсэн, тус тогтоолыг эс зөвшөөрч прокуророос эсэргүүцэл гаргасныг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ДШМ/... дугаар магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 424 дүгээр тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзсанаар давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болжээ.

Тус эрүүгийн хэрэг нь шүүгч Д.Байгалмаад хуваарилагдаж, шүүгч Д.Байгалмаа нь Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон тул 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 301/ЗТ2025/... дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тус хэрэг нь шүүгч  Ч.Жаргаланд хуваарилагдсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн өмгөөлөгч Ц.Б-ийн хүсэлтийн дагуу 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/... дугаар захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлаж, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр “нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт хавсаргах, ...гэрчийн мэдүүлэг авах” зэрэг ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр 2025/ШЗ/... дүгээр захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн байна.

Тус захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Т-с эсэргүүцэл гаргасныг Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ДШМ/... дугаар магадлалаар “...хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх ба анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судалж, үндэслэлтэй дүгнэж, нотлох баримтууд хоорондын харилцан хамааралд зөв дүгнэлт хийж хэргийг шүүхэд шилжүүлсэн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Харин анхан шатны шүүх дээд шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож ирүүлсэн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсныг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэн шүүгдэгч Ж.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Мөн Архангай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг, Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/... дүгээр цагаатгах тогтоолоор шүүгдэгч Б.А-г цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Уг тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Б.Т-с эсэргүүцэл гаргасныг,  давж заалдах шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд, 2025/ДШМ/... дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгожээ.

Тус магадлалыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 425 дугаар тогтоолоор хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Тухайн эрүүгийн хэрэг шүүгч Д.Байгалмаад хуваарилагдаж, шүүгч Б.Байгалмаа нь давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсонтой холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 301/ЗТ2025/... дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор уг хэрэг нь шүүгч П.Гандолгорт хуваарилагдаж, шүүгч П.Гандолгороос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасныг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ЕШЗ/1900 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар хүлээн авч, тус хэргийг хянан шийдвэрлэх шүүгчээр Ч.Жаргалан томилогджээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-с шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт өгсний дагуу шүүгч 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ... дугаар захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлаж, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр “Ж.Д болон Б.А нарыг нүүрэлдүүлэн байцаах, нотлох баримтыг хэрэгт хавсаргах шаардлагатай” гэж дүгнэн 2025/ШЗ/... дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан байна.

Улсын яллагчаас тус захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл гарсныг давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ДШМ/... дүгээр магадлалаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн.

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 944 дүгээр тогтоолоор яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.

Дээрхээс үзвэл дээд шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн тохиолдолд анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад тус хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны алийг нь товлон зарлах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой зохицуулалт байхгүй тул шүүгч өмгөөлөгч нарын хүсэлтийг үндэслэн урьдчилсан хэлэлцүүлэг товлон зарлаж, хэлэлцүүлэг явуулсныг буруутгах боломжгүй.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалуудад “...анхан шатны шүүх дээд шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож ирүүлсэн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсныг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

4. Мэдээлэлд “...Шүүх хэдий шүүх хуралдааныг хойшлуулах эрх хэмжээг хуулиар олгосон боловч шүүгдэгчийн урьд өмнө өгч байгаагүй мэдүүлгийн дагуу дээрх ажиллагааг хийлгэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримтуудыг ганцхан шүүхийн шатанд ярьж буй шүүгдэгчийн мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн хүсэл зоригоор няцаан үгүйсгэж, эргэлзэж, шинээр нотлох баримт цуглуулахаар хэргийг хойшлуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн.” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Г.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг шүүгч Ч.Жаргаланд хуваарилагджээ. 

2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч Г.Р-с шүүх хуралдааны үед хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ШЗ/... дугаар захирамжаар хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр болж, шүүх хуралдааныг хойшлуулсан. 

2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Р нь “...тэр үед н.С ахын дүү наад хэргийнхээ учрыг олчхооч ах нь өөр хэрэгтэй байгаа, ахынх нь хэрэг хүндрэх гээд хэцүү байна гэж хэлсэн, ... Цагдаа нь тэр үед хоёрхон ямаа юм чинь та хэд хоорондоо учраа олчих гэж хэлчхээд яваад өгсөн. ...Маргааш өдөр нь н.С манайд ирээд чи Ч.Б-тэй очоод уулзаадхаач гээд манайд ирсэн. Тэгээд би очиж уулзсан. ...” гэх мэдүүлгийг өгч, тус өдрийн 2026/ШЗ/... дугаар шүүгчийн захирамжаар “...шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт дурдаж эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Р-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж” шийдвэрлэжээ.

Мэдээлэлд шүүгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч нарын тайлбар, мэдүүлгийг үндэслэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхийг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулсан нь шүүгчид хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарна.

Нөгөө талаар шүүх яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй тул шүүгч хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Жаргаланд холбогдуулан гаргасан мэдээллийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Илтгэгч гишүүн өргөдөлд дурдсан үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулж, улмаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасан нь хууль зүйн үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзэв.

 

Шалгах ажиллагааны хүрээнд цугларсан баримтуудаар шүүгдэгч Ж.Ө нь шүүгчийн захирамжаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 24 хоногийг хорих ялаар сольж, шүүгдэгч тус хорих ялыг хорих ангид эдэлж байсан байх бөгөөд мөн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ЦХШЗ/19 дүгээр захирамжаар Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд шилжүүлэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Улмаар 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ЦХШЗ/27 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийн цагдан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутаас нэг сараар сунгаж шийдвэрлэж, яллагдагч Ж.Ө, Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж, тус хэрэг шүүгч Ч.Жаргаланд хуваарилагдаж, мөн өдрийн 2025/ШЗ/... дугаар шүүгчийн захирамжаар Ж.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Шүүгчээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу, Ерөнхий шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЕШЗ/... дугаар захирамжаар яллагдагч Ж.Ө нарт холбогдох хэргийн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгаж, шүүгч Ч.Жаргалан ээлжийн амралтаа авсан тул яллагдагч Ж.Ө, Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч П.Дониддолгорт шилжүүлсэн байна. Шүүгч П.Дониддолгор нь 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/... дүгээр захирамжаар яллагдагч Ж.Ө-д яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгч Ч.Жаргалан ажилдаа орсон тул түүнд уг хэргийг буцаан шилжүүлж, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/... дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаасан байна.

Шүүгч ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр яллагдагч Ж.Ө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусаж, түүнийг сулласан байх бөгөөд шүүгч хэрэг хуваарилагдсан өдрөө яллагдагч Ж.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, харин цагдан хоригдож буй яллагдагч Ж.Ө-ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэх талаар шийдвэр гаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ..” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 56 хоногийн дараа хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн өөрөөр хэлбэл шүүгч Ч.Жаргалан нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаагүйн улмаас хорих ял эдэлж буй ялтан суллагдсан, хуульд заасан хугацаанд хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн илтгэгч гишүүний шүүгчийн тус үйлдлийг ноцтой гэж үзээгүй, хуулийн илт тодорхой заалтыг шүүгч Ч.Жаргалан нь хоёр удаа зөрчсөн, энэхүү хоёр удаагийн зөрчил нь 3 ба түүнээс дээш удаа зөрчсөн буюу “удаа дараа” гэх ойлголтод хамаарахгүй байна. Харин холбогдох шүүгч дахин нэг удаа хуулийн илэрхий тодорхой заалтыг зөрчсөн тохиолдолд удаа дараад хамаарч сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болохыг бүрэлдэхүүн тухайлан цохон тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн 14.1 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, барьцаа авах, цагдан хорих зэрэг таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авахаар хуульчлан журамласан бөгөөд шүүгч шүүгдэгч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орж шүүхийн шийдвэрт яллагдагч, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн, өөрчилсөн, хүчингүй болгосон үндэслэлийг тусгахаар зохицуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээд шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн тохиолдолд анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад тус хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны алийг нь товлон зарлах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой зохицуулалт байхгүй тул шүүгч өмгөөлөгч нарын хүсэлтийг үндэслэн урьдчилсан хэлэлцүүлэг товлон зарлаж, хэлэлцүүлэг явуулсныг буруутгах боломжгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалуудад “...анхан шатны шүүх дээд шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож ирүүлсэн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсныг буруутгах үндэслэлгүй” гэж мөн дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч нарын тайлбар, мэдүүлгийг үндэслэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхийг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулсан нь шүүгчид хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах бөгөөд шүүх яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй тул шүүгч хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул дээрх тогтоогдож буй үндэслэлүүдийг бүрэлдэхүүн дүгнээд шүүгч Ч.Жаргаланд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.             

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Жаргаланд холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал” ГС/2026/0054  дугаар саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2.Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                    Б.СУГАР

                                    ГИШҮҮН                                          Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                                Х.ХАШБААТАР