
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-05-28
Дугаар 72
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бүжинд холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ГС/2026/0056 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Шалгах ажиллагааны хүрээнд цугларсан баримтуудаас үзвэл Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар зөвлөгөөний тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *** зарлигаар Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр *** нар тус тус томилогдсонтой холбоотойгоор шүүгч М.Бүжинд эрүүгийн 18 хэрэг хуваарилахаар шийдвэрлэсний дагуу яллагдагч *** нарт холбогдох хэрэг түүнд хуваарилагджээ.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ЕШЗ/** дугаар захирамжаар уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч М.Бүжинг томилсон шийдвэрийг албажуулсан байна.
2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчийн өмгөөлөгч Э.У-аас урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан, шүүгчээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагч Л.А нарт холбогдох эрүүгийн хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 28 хоногийн хугацаагаар сунгажээ.
Шүүгч 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар захирамжаар 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 00 минутад яллагдагч Л.А-ын өмгөөлөгч Э.У-ын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг явуулахаар тогтоосон байна.
2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр явагдсан урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 00 минутад явуулахаар тогтоожээ.
Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлж, мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааныг товлосон байна.
Тус 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанд яллагдагч Э.Б-ийн өмгөөлөгч Ц.Б, яллагдагч Д.Л-ийн өмгөөлөгч Ө.У нарын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, *** дугаар захирамжаар дараагийн хуралдааныг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутад товлосон.
Шүүх хуралдаанд оролцогч нар дараагийн хуралдааныг товлохтой холбоотойгоор “...14:47-15:14 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.У: Б өмгөөлөгчийн хувьд хүсэлт дээрээ хуралтай өдрүүдээ 03 дугаар сарын 13-ны өдрийг орхигдуулсан байна. Энийг хэлээд өгөөч гэсэн. Миний хувьд 3 дугаар сарын 2, 4, 6, 9-13-ны өдөр хүртэл хуралтай байна. 16-аас хойш зарлагдсан хурал байхгүй байна.
15:46-16:04 Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.У: Зарлагдсан хурлууд нь 3 дугаар сарын 2, 4, 9, 13, 20, 25-ны өдрүүдэд, 4 сарын 13-ны өдрүүдэд хурал товлогдсон байна.
16:13-16:28 Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б: Хурлын өдрүүдийн тухайд 3 дугаар сарын 6, 11, 12, 13, 19, 26-ны өдрүүдэд хуралтай байна. 4 сарын эхээр хурал товлоход болно.
16:33-16:57 Улсын яллагч: 03 дугаар сарын 9, 10, 13, 16, 17-ны өдөр хурлууд товлогдсон байна. Өмгөөлөгч нартай хурлууд давхцаж байна. 4 сарын эхээр хурал товлоход татгалзах зүйлгүй.
17:00-17:30 Даргалагчаас: Өмгөөлөгч нарт 04 дүгээр сарын эхээр хурал товлоход татгалзах зүйл байна уу, шүүгч нар 3 дугаар сарын 16-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл сургалтад хамрагдахаар болсон” гэх санал гаргасныг шүүгч харгалзан хуралдааныг товлосон нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байна.
Мөн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг оролцогчдын хүсэлтийг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байх ба шүүгч хэргийн оролцогч нарын товтой холбоотой гаргасан “02:50-03:15 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б: Ирэх долоо хоногт 04 дүгээр сарын 06, 07, 08-ны өдрүүдэд хуралтай, 09, 10-ны өдрүүдэд боломжтой. 04 дүгээр сарын 14, 17-ны өдрүүдэд хуралтай байна. 2026 оны 04 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд хуралтай байна. 2026 оны 04 дүгээр сарын 23-аас хойш хурал товлох боломжтой байна.
03:17-03:38 Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б: Өмгөөлөгч Ц.Б-тай давхцуулахгүйгээр хэлье. Миний хувьд 2026 оны 04 дүгээр сарын 14, 22, 17, 28-ны өдрүүдэд хуралтай байна.
03:46-04:00 Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.У: 04 дүгээр сарын 08, 09, 13-17, 20, 29-ний өдрүүдэд хуралтай байна.
04:03-04:14 Шүүгчийн туслах хуралдааны дундуур, Шүүгчээ, У өмгөөлөгч хуралдааны товыг хүргүүлсэн байна. 04 дүгээр сарын 14, 17-ны өдрүүдэд, 05 дугаар сарын 07-ны өдөр, 06 дугаар сарын 04-ны өдөр хуралтай. Дараа долоо хоногийн бүх өдөр хуралтай юм байна.
04:36-04:42 Улсын яллагч: 04 дүгээр сарын 15, 17, 20-ны өдрүүдэд хуралтай. Өөр хурал байхгүй шүүгчээ” гэх саналыг харгалзан дараагийн шүүх хуралдааныг товложээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна. Шүүх хуралдааныг хойшлуулахад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд энэ хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтална” гэж заасан.
Шүүгч шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдын саналыг харгалзан тогтоож хуралдааныг хойшлуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байх тул уг мэдээллийн үндэслэлээр шүүгчийг буруутгахгүй.
Түүнчлэн шүүгч шүүгдэгч Л.А-ын нөлөөнд автсан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн мэдээлэлд “Төв аймгийн эрүүгийн шүүх 4 жил анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхгүйгээр удаашруулж байгаа нь Л.А үйлчлээд байна уу” гэх агуулгыг дурдсан байх ба мэдээллийг шүүгч М.Бүжинд холбогдуулан гаргасан тул энэ хүрээнд шалгах ажиллагаа явуулсан болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бүжинд холбогдуулан гаргасан мэдээллийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Шүүгч М.Бүжин Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Миний бие Монгол улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *** Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шүүгчээр томилогдон 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүгчийн тангараг өргөснөөр бүрэн эрхийн хугацаа эхэлсэн билээ. 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр анхан шатны шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр шинэ шүүгчдийн ачаалал тэнцвэржүүлэх зорилгоор М.Бүжин надад 18 шинэ эрүүгийн хэрэг хуваарилахаар шийдвэрлэсэн. *** нарт холбогдох эрүүгийн хэрэг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр надад Хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилагдаж ирсэн.
Хэрэг хуваарилагдаж ирснээр шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1-т заасан шийдвэрийн аль нэгийг 15 хоногийн дотор гаргана. Энэ хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно. 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Л.А-ын өмгөөлөгч Э.У тус хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг ирүүлсэн. Уг хүсэлтийг хүлээн авч хянаад яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 2026 оны 01 сарын 23-ны өдрөөс 28 хоногийн хугацаагаар сунгуулж, Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 14:00 минутад хэлэлцүүлэхээр товлосон. Тус хүсэлт нь хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр мөрдөн байцаалтад буцаалгах үндсэн агуулга бүхий хүсэлт байсан бөгөөд шүүх үндэслэл бүрд дүгнэлт хийж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2-т заасан хугацааг баримтлан шүүх хуралдааныг 2026 оны 02 сарын 27-ны өдөр товлон зарласан. Энэ хэргийн хувьд 4 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг бөгөөд шүүгдэгч тус бүр өмгөөлөгчтэй, 2 улсын яллагч оролцдог буюу олон оролцогчтой хэрэг юм. Тус өдрийн шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр, өмгөөлөгч Ө.У мөн шүүгдэгч Д.Л БНХАУ руу эрүүл мэндийн шалтгааны улмаас үүдэл эс тариулахаар явсан гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг тус тус нотлох баримтын хамт шүүхэд ирүүлсэн. Ийнхүү шүүх шүүх хуралдааныг хойшлуулах нөхцөл бүрдсэн гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулж товлохдоо өмгөөлөгч нарын хурлын зарыг давхцуулахгүйгээр товын талаарх саналыг авсан. Мөн миний бие 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 27-ны өдрийг дуусталх хугацаанд “Шинэ шүүгчийг мэргэшүүлэх сургалт”-д хамрагдах болсон тул эдгээр хугацааг харгалзан хүндэтгэн үзэх үзэх шалтгаантайгаар 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.
2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр товлосон цагтаа шүүх хуралдааныг эхлүүлэхэд улсын яллагч Г.Г, шүүгдэгч Г.Ц хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, өмгөөлөгч Ө.У Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдаанд зайлшгүй оролцох шаардлагатай болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.
Шүүгдэгч Г.Ц-ын өмгөөлөгч М.Б тайлбарлахдаа шүүгдэгчийн аав нь өвчний учир эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай болсон тул ирж амжаагүй бөгөөд дараагийн шүүх хуралдаанд энэ шалтгаанаа нотлох баримтаа авч ирэхээ мэдэгдсэн. Ингээд мөн шүүх хуралдааныг хойшлуулах нөхцөл бүрдсэн гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулж товлохдоо өмгөөлөгч нарын хурлын зарыг давхцуулахгүйгээр 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн. Хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтаа дараагийн шүүх хуралдаанд ирүүлэх, ирүүлэхгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэх үндэслэл болохыг оролцогч нарт танилцуулсан.
Мөн Төв аймгийн анхан шатны шүүхийн хувьд долоо хоног бүрийн Пүрэв гарагт шүүх хуралдаан зарлахгүй шүүгч нарын зөвлөгөөн зохион байгуулж байхаар тогтсон бөгөөд мөн тус өдөр Төв аймгийн Давж заалдах шатны шүүх хуралдаан зарладаг буюу дундаа нэг шүүх хуралдааны танхимтай байдагтай холбоотой болно. Мөн үйл ажиллагаагаа явуулж буй 4 шүүхийн хувьд 3 шүүх хуралдааны танхимтай бөгөөд шүүх хуралдааныг аль болох хойшлуулахгүй хийх үүднээс тухайн зааланд зарлагдсан шүүх хуралдааны танхимын хүрэлцээ, өмгөөлөгч нарын хурлын зар зэргийг тусгайлан анхаарах шаардлагатай байдаг.
2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд өмнөх шүүх хуралдаанд тайлбарласнаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй болохоо нотолсон баримтаа дээрх оролцогчид авч ирсэн болно.
Миний бие дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн хэн нэгний нөлөөнд ямар нэгэн байдлаар автаагүй, өөрийн үзэл баримтлал, мэргэжлийн өндөр ёс зүйн хандлагаар хандаж, мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа бөгөөд шүүгдэгч Л.Амгаланбаярт үйлчилсэн, түүний нөлөөнд автсан гэх үндэслэл огт байхгүй, хуулийн дагуу ажиллаж байгаа болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Н.Х-аас Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бүжинд холбогдуулан “...Шүүгч нь 3 сар 26 хоногийн хугацаанд Л.А нарын хэргийг ганцхан удаа зарлаж 2 дугаар сарын 13-ны өдөр хурал хойшилсон хугацаанаас хойш 1 сар 11 хоногт дахин хурал зарлагдаж хийгдсэнгүй. Эрүүгийн процессын хуулиар шүүх хуралдааныг 14 хоногоор нэг удаа, бусад онцгой нөхцөлд 30 хоногоор 1 удаа хойшлуулах заалттай байхад хурлыг хуульд заасан хугацаанд шийдэхгүй өнөөдрийг хүрлээ” гэх агуулга бүхий мэдээлэл гаргажээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *** зарлигаар шүүгч М.Бүжин, *** нар томилогдсонтой холбоотойгоор Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар тогтоолоор шүүгч М.Бүжинд эрүүгийн 18 хэрэг хуваарилагдсанд яллагдагч *** нарт холбогдох эрүүгийн хэрэг багтсан байна.
Тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ЕШЗ/** дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч М.Бүжинг томилсон, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаар захирамжаар яллагдагч Л.А нарт холбогдох эрүүгийн хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 28 хоногийн хугацаагаар сунгасан,
Шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар захирамжаар яллагдагч Л.А-ын өмгөөлөгч Э.У-ын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагт товлосон, 02 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагт шүүх хуралдааныг товлосон, 02 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар захирамжаар яллагдагч Э.Б-ийн өмгөөлөгч Ц.Б, яллагдагч Д.Л-ийн өмгөөлөгч Ө.У нарын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 04 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулсан, 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** дүгээр захирамжаар шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг хүртэл хойшлуулсан үйл баримт тогтоогдоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2-т “Шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна...” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан 2026 оны 02 дугаар сарын 27, 04 дүгээр сарын 02-ны өдрүүдийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд шүүгч нь хэргийн оролцогчдын саналыг асууж тодруулсны үндсэн дээр шүүх хуралдааныг товлож байсан нь тогтоогдож байх тул хууль зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаар хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ГС/2026/0056 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бүжинд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Д.МЯГМАРЦЭРЭН