info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-05-28

Дугаар 71

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

       

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго, цахимаар сахилгын хэргийн оролцогч Э.Энэрэл, өргөдөл гаргагч Б.Э нарыг оролцуулан, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэлд холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ГС/2026/0053 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: Холбогдох шүүгч тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

1.Шүүгч 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 929 дүгээр захирамж гарган, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлээ захирамжид тодорхой дурдаж, улмаар шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлон зарласан боловч шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлогджээ.   

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна”, 2-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлана”, 3-т “Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан ба шүүх хуралдаан мөн хуулийн 35 дугаар бүлэгт заасан дарааллаар явагдана.

...Шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгээс үзвэл, шүүгдэгч нь шүүх хуралдааны танхимд өмгөөлөгчийн хамт нэг ширээнд зэрэгцэн сууж, өөрийн холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгч, улсын яллагч, хохирогч болон түүний өмгөөлөгчийн асуултад хариулахдаа өмгөөлөгчтэйгөө чөлөөтэй харилцаж байсан ба хуралдаан даргалагчийн зүгээс хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангасан байна.

Харин улсын яллагчийн зарим асуултад өмгөөлөгч Н.Б дэргэдээс нь зааж, чиглүүлж байсан, хохирогчийн өмгөөлөгч асуулт асуухад өмгөөлөгч Н.Б  “шүүгдэгчтэй ганцаарчлан уулзах хүсэлт гаргаж байсан, энэ үед шүүх хуралдаан даргалагч өмгөөлөгчид хуралдааны дэг сахихыг анхааруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.9 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчөөгүй байх тул холбогдох шүүгчийг шүүгдэгчийн эрхийг хязгаарлаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхгүй.

2. Шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт ...гэв.

Дээр дурдсанаар шүүх хуралдаанд хохирогчид учирсан хохирлын хэмжээ, хохирлыг төлсөн эсэх талаар хэргийн оролцогчид мэдүүлэгтээ тодорхой дурдсан ба шүүх Б.Э-оос хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3.300.000 төгрөг, бензин шатахууны зардал 356.162 төгрөг, гэм хорын хохиролд 1.500.000 төгрөг нийт 5.156.162 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ үндэслэлийг Шийтгэх тогтоолд тодорхой тусгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийн төлбөртэй холбогдох хэсгийг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах түүнд дүгнэлт өгөх эрхгүй тул энэ талаарх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй. 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 2-т “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулж авсан лавлагаа, тодорхойлолт, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно”, 8-т “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно”, 15-т “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.

Шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт ...гэв.

Дээрх байдлаар шүүх хуралдаанд улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалснаас гадна Шийтгэх тогтоолын 29-т “...шүүгдэгч Б.Э-ын нүүр, хүзүү, хэсгийг харуулсан фото зураг, 30-д Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар хорих ангийн эмчийн тодорхойлолт, 31-т Эрдэнэт медикал эмнэлгийн Б.Э-д үзлэг хийсэн эмчийн үзлэгийн хуудас, 36-т Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн зүрх, судасны эмчийн үзлэгийн хуудас, 41-т Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 175 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг мөрдөгч хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож дүгнэлт хийв” гэжээ.

Иймд өргөдөлд дурдсан “...нүүр болон хамар дээр дэвсэж ...надад түрэмгий халдсаныг гэрчлэх фото зургийг авч хэлэлцээгүй...” гэх гомдол үндэслэлгүй.

4. Хохирогчийн өмгөөлөгч Ч.О-ын  “хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах”  хүсэлтийг шүүх хангаж, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, шүүх хуралдааныг хойшлуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-т заасантай нийцжээ.

Дээрх шүүхийн тогтоол, дүгнэлт гаргахад шаардлагатай 48 хуудас материалыг  2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *** албан бичгээр шинжилгээний байгууллагад хүргүүлсэн байх ба шинжээч нь дүгнэлт, 43 хуудас хуулбар баримтыг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** албан бичгээр буцаан ирүүлсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Гэрч Б.М мэдүүлэгтээ “…дүгнэлт гаргахтай холбоотой баримтыг би шинжээчид хүргүүлсэн, үүнд шүүхийн тогтоол, албан бичиг, мөн тухайн эрүүгийн хэргээс 43 хуудас баримт хуулбарлан хүргүүлсэн. Шинжээч дүгнэлтээ гаргаад шүүхээс явуулсан 43 хуудас баримтыг буцаагаад хавсаргаж ирүүлсэн байсан. Үүнд өмнө гаргасан шинжээчийн дүгнэлт, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн талаарх баримтууд, өвчтөний түүх, шинжилгээний хариунууд…” гэжээ.

Иймд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэхдээ шүүх тухайн эрүүгийн хэрэгт авагдсан холбогдох баримтуудыг шинжээчид хүргүүлсэн нь тогтоогдож байна.

Дээрх шинжилгээний дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б “шүүгдэгч Б.Э-ын эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тогтоолгох” тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолоор дурдсан ажиллагааг гүйцэтгэж нотлох баримтыг шүүхэд ирүүлэхийг Орхон аймгийн прокурорын газарт даалгаж, шүүх хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Л 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор яллагдагчийн өмгөөлөгч Б.Б-аас ирүүлсэн Б.Э-ын эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг мөн хангаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн шалгах тасгийн мөрдөгчийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтэс Б.Э-ын биед учирсан гэмтэлд дүгнэлт гаргахдаа өөрт нь үзлэг хийж, улмаар хэрэгт авагдсан холбогдох баримтуудыг нэг бүрчлэн дурдсан байна.

Шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт даалгаж, хэргийг Орхон аймгийн прокурорын газарт хүргүүлсэн, шинжилгээнд шүүгдэгч өөрөө биечлэн оролцсон бөгөөд шинэ баримт байвал шинжээчид гаргаж өгөх эрхтэй.

Шүүгдэгч шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлттэй холбоотой хүсэлт гаргаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлт гаргахад холбогдох материалыг шүүгч Шинжилгээний хэлтэст хүргүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-т “Шүүгч дараах үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй”, 1.1-т “оролцогчийн хувиар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, эсхүл оролцохоор бол”, 1.2-т “тухайн хэргийн прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн бол”, 1.3-т “өмнө нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч, оролцогч, бусад оролцогч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон бол”, 1.4-т “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол”, мөн хуулийн 10.3 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч гаргаж болно” гэж заасан.

Шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт:

Даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүн болон улсын яллагч бусад оролцогчдыг танилцуулж, татгалзан гарах үндэслэлийг тайлбарлаж, улсын яллагчид татгалзан гарах хүсэлт байна уу гэхэд

Улсын яллагч: Татгалзалгүй гэв.

Даргалагчаас: Хохирогч түүний өмгөөлөгчид гэхэд

Хохирогч: Байхгүй гэв.

Хохирогчийн өмгөөлөгч: Байхгүй гэв.

Даргалагчаас: Шүүгдэгч түүний өмгөөлөгчид гэхэд

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Байхгүй гэв.

Шүүгдэгч: Байхгүй гэжээ.

...Шүүгдэгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаагүйгээс гадна холбогдох шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлгүй байсан тухай тайлбар гаргасан, энэ тохиолдолд өргөдөлд дурдсан “...цаагуураа танил тал холбоо сүлбээтэй байсан...” гэх гомдол үндэслэлгүй.

Харин шүүгдэгч буюу өргөдөл гаргагч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд дээд шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах түүнд дүгнэлт өгөх эрхтэй болно.

Дурдсан үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэлд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

 

Шүүгч Э.Энэрэл Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаартай магадлалаар шийдвэрлэж, шүүгдэгч Б.Энхболдыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, үйлдсэн хэргийнхээ үр дагавар, хор холбогдлыг ойлгосон гэж үзэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу гэсэн үндэслэлээр тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэрэг анхан шатны шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шилжин ирж, даргалагчаар шүүгч Э.Энэрэл, бүрэлдэхүүнд шүүгч *** нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэхээр хуваарилагдсан.

2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэргийг 3 цаг 55 минут хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Э-ыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байна.

1. “шүүх танхимд асуулт хариулах, өмгөөлөгчтэй чөлөөтэй ярилцах эрхийг хаасан” гэх гомдлын талаар:

-Шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч Н.Б нар нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн байрны стандарт”-ын дагуу тохижуулсан тус шүүхийн 104 тоот хурлын танхимд нэг ширээнд зэрэгцэн сууж, өмгөөлөгчтэйгөө чөлөөтэй харилцаж, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангагдсан байна.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлана” гэж заасны дагуу шүүх хуралдааны даргалагч шүүгчийн хувьд шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрх үүрэг, шүүх хуралдааны дэг, шүүх хуралдааны дэг зөрчсөн хүнд хариуцлага хүлээлгэхийг тайлбарлан өгсөн.

Улсын яллагч шүүгдэгчээс асуулт асуух үед шүүгдэгч Б.Э-д  хариултыг нь түүний өмгөөлөгч Н.Б-аас дэргэдээс нь зааж, чиглүүлж өгч байсан нь шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийн 41:26 секундээс 48:17 секундэд тодорхой бичигдсэн байгаа нь харагдаж байна.

Улсын яллагч асуулт тавьж дууссаны дараа шүүх хуралдааны дарааллын дагуу тус шүүх хуралдаанд цахимаар оролцож байсан хохирогчийн өмгөөлөгч Ч.О шүүгдэгчээс асуулт асууж эхэлсэн бөгөөд шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн 48:28  секундээс эхлэх хэсэгт хохирогчийн өмгөөлөгчийн асуулт тавигдаж байх үед шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б нь асуултыг зогсоож, даргалагч шүүгчид хандан “шүүгдэгчтэй ганцаарчлан уулзах хүсэлт гаргасан” ба даргалагч шүүгчээс шүүгдэгчийн өмгөөлөгчийг “хэдийгээр шүүгдэгч өмгөөлөгчтэйгөө чөлөөтэй харилцах эрхтэй ч шүүгдэгчийг өөрийг нь асуултад хариулах боломж олгохгүйгээр, оролцогчдын асуултад дэргэдээс нь удаа дараа үг зааж өгч байгааг хэлж хүсэлтийг хангаагүй” нь шүүх хуралдаан даргалагч эрх хэмжээний дагуу шүүгдэгчийн өмгөөлөгчид шаардлага тавьж, хуралдааны дэг сахиулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа түүнд эхэлж улсын яллагч, дараа нь өмгөөлөгч асуулт тавьж болно” гэж хуульчилсан нь шүүгдэгчээс хэргийн оролцогчид асуулт тавьж, түүнд шүүгдэгч хариулахаар зохицуулсан ойлголт бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хэлэх үгийг зааж өгч, хариулах зохицуулалт хуульд байхгүй...

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчээс хэлэх эцсийн үгийг цагаар хязгаарлаж болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч “...хариуцлагаа хүлээнэ. Тэр газарт дахин хоригдмооргүй байна, аавыгаа асраад ажил төрөл хийгээд цаг зүүгээд ялаа эдэлье...” гэж хэлээд уйлаад ямар нэг үг хэлэхгүйгээр хэсэг хугацаанд дуугарахгүй зогссон тул даргалагч шүүгчээс түүнийг эцсийн үгээ хэлж дууссан эсэхийг тодруулж “болсон уу” гэж асуусан байгаа нь түүнийг эрхийг хаасан гэж үзэх үндэслэлгүй, харин шүүх хуралдааны даргалагчийн хувьд шүүх хуралдааныг удирдан явуулах үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл гэж үзэж байна.

2. Нотлох баримтгүй мөнгө нэхэмжилсэн гэх гомдлын талаар

-Шүүгдэгч, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлыг арилгах, арилгуулахаар нотлох баримтгүйгээр 8,000,000 төгрөгийг өгч авалцахаар тохиролцож, 6,500,000 төгрөгийг шүүгдэгчээс төлсөн байх ба 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нь улсын яллагчийн болон, хохирогчийн өмгөөлөгчийн асуусан ...тохиролцсон хохирлоос төлөгдөөгүй 1,500,000 төгрөгийг төлөх үү гэхэд “...төлнө...” гэж хариулж, хохирогчийн нэхэмжлэлийг тохиролцсон хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул шүүх бүрэлдэхүүн хохирогчид учирсан гэмтлийн зэрэг, хохирогч, шүүгдэгч нарын тохиролцсон тохиролцоо зэргийг харгалзан шүүгдэгчээс үлдэгдэл 1,500,000 төгрөгийг, мөн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2 дугаар зэрэглэлд зааснаар тооцож, хохирогчид учирсан гэмтлийн зэрэг, уг гэмтлийн улмаас хагалгаанд орсон өвчин зовуурь, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байсан зэргийг харгалзан гэмт хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2024 онд мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 3,300,000 төгрөгийг, мөн хохирогчийн шүүх хуралдаанд ирж, буцсан зардал, сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохоор ирж буцсан замын зардалд 356,162 төгрөг, нийт 5,156,162 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

3.Шинжээчийн дүгнэлт гаргахад холбогдох материалыг хүргүүлээгүй гэх гомдлын талаар

-2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч, түүний өмгөөлөгчөөс хохирогч Б.П-ын сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилж, шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн, мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан шүүгдэгчийн эрүүл мэндийн шалтгаанаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хүлээн авч шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэж, шүүгдэгчийн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг хангасан.

-2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүгдэгчийн эрүүл мэндэд хохирол хор уршиг учирсан эсэхийг шинжээч томилж тогтоолгох, хэргийн зарим үйл баримтыг нэмж шалгуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, прокурорт даалгавар хүргүүлж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хойшлуулсан ба 2026 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 110 дугаартай албан бичгээр шүүгдэгч Б.Э-д холбогдох 2 хавтас 474 хуудас хэргийн Орхон аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн.

-2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр прокуророос нэмэлт ажиллагааг хийж, Орхон аймгийн прокурорын газраас шүүхэд 2 хавтас 529 хуудас хэргийг буцаан ирүүлсэн.

Уг ажиллагаагаар шүүгдэгч Б.Энхболдын биед “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт сорви гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна, хохирлын хөнгөн зэрэгт хамаарна, хэргийн 2 дахь хавтаст авагдсан гэрэл зурагт цус хуралт, зулгаралт, шарх зэргийг ялгах боломжгүй тул дүгнэлт гаргах боломжгүй” гэх Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай дүгнэлт гарсан байсан.

Иймээс шүүгдэгчийн шинжээчийн дүгнэлт гаргахад холбогдох материалыг Шинжилгээний хэлтэст хүргүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй...

4. Хохирогчтой танил талын холбоотой гэх гомдлын талаар

-Миний хувьд тус хэргийн оролцогч хохирогч, шүүгдэгч нарыг огт танихгүй, улсын яллагч, хохирогчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг өөрийн шийдвэрлэж байсан хэргүүдийн шүүх хуралдаануудад улсын яллагч, өмгөөлөгчийн хувиар оролцож байсны хувьд нэр, зүс мэдэх төдий юм. Иймд хохирогчид давуу байдал олгосон гэх байдал хэргийг илтгэсэн, шүүх хуралдааныг даргалсан шүүгчийн хувьд байхгүй.

Шүүх журмын дагуу хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Э-ын гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Дээрх шийдвэрийг гаргасан даргалагч шүүгч Э.Энэрэлд холбогдуулан шүүгдэгч Б.Энхболд гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүх танхимд асуулт хариултад хариулах, өмгөөлөгчтэй чөлөөтэй ярилцах эрхийг хаасан, нотлох баримтгүй мөнгө нэхэмжилсэн, ...нэг талыг барьж хуулийн дагуу үнэн зөв шийдвэр гаргаагүй” гэх агуулгаар тодорхойлсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна”, 2-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлана”, 3-т “Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ”, 34.9 дүгээр зүйлийн 2-т “Шүүгдэгч шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр өмгөөлөгчтэйгөө чөлөөтэй харилцах, ганцаарчлан уулзах боломжоор хангагдана” гэж заасан.

Шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож нэг ширээнд зэрэгцэн суусан байх бөгөөд өөрийн холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгч, улсын яллагч, хохирогч болон түүний өмгөөлөгчийн асуултад хариулахдаа өмгөөлөгчтэйгөө чөлөөтэй харилцсан, хуралдаан даргалагчийн зүгээс түүнийг өмгөөлөгчтэйгөө харилцахад саад учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй.

Дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 2-т заасан өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах шүүгдэгчийн эрх нь шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад болохгүй нөхцөл байдалд хэрэгжих бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед буюу хохирогчийн өмгөөлөгчийг асуулт асууж байхад шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б нь асуултыг зогсоож, даргалагч шүүгчид хандан “шүүгдэгчтэй ганцаарчлан уулзах хүсэлт гаргасан” үйлдэл нь шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад болсон гэж үзэхээр байна.

Иймд уг хүсэлтийг хангаагүй шүүгчийн үйлдэл хууль зөрчөөгүй.

 

Түүнчлэн, өргөдөлд дурдсан “нотлох баримтгүй мөнгө нэхэмжилсэн, ...зургуудыг шүүх шинжилгээнд гаргаж өгөөгүй, ...шүүх шинжилгээнд орсон бичиг баримтыг хөндөөгүй, авч хэлэлцээгүй” гэх үндэслэлд илтгэгч гишүүн нотлох баримтад тулгуурласан зөв дүгнэлт хийжээ. Тодруулбал,

Шүүх хуралдааны бичлэгээс үзэхэд:

Улсын яллагч: ...сүүлд шинээр гаргасан яллагдагчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжээчийн дүгнэлт, хохирогчийн сэтгэцэд учирсан шинжээчийн дүгнэлтийг, хяналтын камерын бичлэгтэй  холбоотой мөрдөгчийн тэмдэглэлийг,

Хохирогчийн өмгөөлөгч: ... яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтууд, хохирогчоос шүүхэд гаргаж өгсөн бензиний зардлын баримт, шүүхийн шатнаас хойш гаргасан шинжээчийн 175 дугаартай дүгнэлтийг шинжлэн судалснаар тэмдэглэлд тусгуулсан бол

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: ... Хавтаст хэргийн 03-06 дүгээр хуудас, 17 дугаар хуудас гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 18 дугаар хуудас яллагдагчийн хоолой хэсэг улайсан хэсгийг харуулсан гэрэл зураг шинжлэн судалсанд, 21 дугаар хуудас Б.П-ын хохирогчоор өгсөн мэдүүлэг, 23 дугаар хуудас гэрч н.Наранбаатарын мэдүүлэг, 25 дугаар хуудас гэрч н.А-ын мэдүүлэг, 27 дугаар хуудас н.Б-ийн мэдүүлэг, 29 дүгээр хуудас гэрч н.А-ын мэдүүлгийг шинжлэн судлав. 31 дүгээр хуудас гэрч н.Н, н.А нар 3-4 удаа ижилхэн мэдүүлэг өгсөн байсан. Тиймээс дараа дараагийн мэдүүлгийг шинжлэн судалсанд, шинжээчийн дүгнэлтийг судалсанд, 61 дүгээр хуудас шүүгдэгч Б.Э-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, 74 дүгээр хуудас шүүгдэгч Б.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 76 дугаар хуудас яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг, 78 дугаар хуудас Б.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх ял шалгах хуудсыг шинжлэн судалсан, 80 дугаар хуудас Б.Э-ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, 82 дугаар хуудас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг шинжлэн судалсанд, 85 дугаар хуудас *** ХХК-ний тодорхойлолт, 86 дугаар хуудас *** Засаг даргын тодорхойлолтыг уншиж танилцуулсан, 89 дүгээр хуудас хохирогч Б.П-ын Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан зардлын жагсаалтыг шинжлэн судалсанд, 122 дугаар хуудас Б.Э-ын Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч н.О-д гаргасан хүсэлт, 129 дүгээр хуудас Булган аймгийн Хангал сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 130-132 дугаар хуудас Б.Э-ын зүгээс Б.П-д төлсөн санхүүгийн баримт, 134-136 дугаар хуудас Б.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсанд, 137 дугаар хуудас Б.Э-ын Орхон аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтийг уншиж танилцуулав. 164 дүгээр хуудас Эрүүл мэндийн даатгалын санд 582.274 төгрөг төлсөн баримт, 165-167 дугаар хуудас Б.Э-ын амбулаториор үйлчлүүлсэн карт, 178 дугаар хуудас 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, 180 дугаар хуудас хохирогчийн тайлбар, 182 дугаар хуудас, 184-185 дугаар хуудас шүүгдэгчийн өмнөх өмгөөлөгч С.Б-аас хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэх баримт, 208 дугаар хуудас гэрч н.Н-ын гар бичмэл мэдүүлэг, 209 дэх тал гэрч н.А-ын гар бичмэл мэдүүлэг, 210-218 дугаар хуудас *** байрлал харуулсан зураг, хоёрдугаар хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас амбулаторийн дэвтэр, 30-32 дугаар хуудас давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл, 120 дахь тал Б.Э-ын гэмтлийг харуулсан зураг, 121 дугаар хуудас Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар хорих ангийн эмчийн тодорхойлолт 123 дугаар хуудас чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, 124 дэх тал компьютер томографын зураг, хамрын таславч баруун тийш далийсан хамрын урд хана хугарсантай холбоотой баримт, 203 дугаар хуудас эмчийн үзлэгийн хуудас, 237 дугаар хуудас Б.Э эмнэлэг дээр нэг хоногийн дараа ирэхэд нүд нь хөхөрсөн байсантай холбоотой баримт, 240-242 дугаар хуудас гэрч н.А-ын мэдүүлэг, 245-247 дугаар хуудас гэрч н.Н-ын мэдүүлэг, гуравдугаар хавтаст хэргийн 01 дүгээр хуудас гэрч н.Д-ийн мэдүүлгийг уншиж, 10 дугаар хуудас 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлтийг тус тус шинжлэн судалсанд тооцуулсан болох нь тогтоогдоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно”, 15-д “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ”, 35.8 дугаар зүйлийн 2-т “Шүүхийн хэлэлцүүлэгт эхлээд яллах, дараа нь цагаатгах нотлох баримтыг шинжлэн судална”, 35.19 дүгээр зүйлийн 4-т “Шүүх хуралдаанд оролцогчийн хүсэлтээр хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шалгаж, түүнийг уншин сонсгож болно” гэж заасан бөгөөд хэргийн оролцогч нар нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалсан, шийтгэх тогтоолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг дурдаж дүгнэлт хийсэн байх тул “нотлох баримтгүй мөнгө нэхэмжилсэн, зургуудыг шүүх шинжилгээнд гаргаж өгөөгүй, шинжилгээнд орсон бичиг баримтыг хэлэлцээгүй” гэх гомдол үндэслэлгүй.

Мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан тул шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг бөгөөд шүүхийн шийдвэрийг хянах, дүгнэлт өгөх, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх эрх Сахилгын хороонд олгогдоогүй.

 

Илтгэгч гишүүн дээрх болон өргөдөлд дурдсан бусад гомдолд шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийг нэг бүрчлэн үзэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ. 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ГС/2026/0053 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэлд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                        О.НОМУУЛИН

 

                                    ГИШҮҮН                              Д.АРИУНТУЯА 

                                                                       

                                                                                    Ц.ДАВХАРБАЯР