info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-05-27

Дугаар 70

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Б.Сугар, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн М.Н нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Иргэн Б.З Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаад холбогдуулан гаргасан өргөдөлд илтгэгч гишүүний 2026 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ГЗҮ/2026/...0 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ГС/2026/...5 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Илтгэгч гишүүн саналдаа: “Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн Б.З-д холбогдох зөрчлийн хэрэг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүгч Ч.А-т хуваарилагдан, хуралдаж, зөрчилд холбогдогч өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул 2025/ШЗЗ/...6 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Улмаар 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэж, 2025/ШЗЗ/1...6 дугаар захирамжаар зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг цагдаагийн байгууллагад буцаан хүргүүлсэн.

Үүний дараа, эрх бүхий албан тушаалтны 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2-....4 дүгээр албан бичгээр хэргийг шүүхэд хүргүүлж, шүүгч Б.Батаа 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ЗШ/...3 дугаар шийтгэврээр  холбогдогчийг 20 цагийн албадан сургалтад хамруулж, 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ.

Хохирогч, зөрчилд холбогдогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, 2025/ДШМЗ/..4 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх байгуулагдсанаар 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр “Шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэрэгт оролцох шүүгчийг томилох дарааллыг тогтоох, шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, санал, дүгнэлт, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийн сугалааг шинэчлэн батлах тухай” тогтоол болон журмыг баталжээ.

Тус тогтоолын 2 дугаар хэсгийн 2.6-д “Шүүгч Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх явцад нэмэлт нотлох баримт гаргуулах тухай талуудын хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн, ... хэрэг шүүхэд буцаж ирэхэд анх хүлээн авсан шүүгчид хуваарилах бөгөөд уг шүүгч өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай, тус шүүхэд ажиллахгүй, эрүүгийн хэргийн танхимд харьяалагдахгүй байгаа тохиолдолд Ердийн журмаар 2.2-т заасан дарааллаар шүүгчид хуваарилсугай” гэж шийдвэрлэн, журмын  3.1-д “Шүүгч ажлын 5 хоногоос дээш хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, сургалттай, ээлжийн амралттай тохиолдолд эрүү, зөрчил, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлтийг хуваарилахгүй бөгөөд энэ тохиолдолд түүнд өмнө нь хуваарилсан хэрэг буцаж ирвэл бусад шүүгчид системээс “тойрог дотор санамсаргүй сонгогдох зарчим”-аар ердийн журмаар, ачаалал тэнцүүлж, тодорхой төрлийн хэрэг хуваарилах аргуудын аль нэгээр хуваарилна” гэж заасан.

Шүүгч Ч.А 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “... эхнэр ... 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хагалгаанд орохоор болоод байна ... 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1 сарын ...чөлөө олгож өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасан, шүүгчдийн зөвлөгөөнөөр 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт хэлэлцэж, .../А дүгээр тогтоолоор шүүгчид 1 сарын хугацаанд чөлөө олгожээ. /с.х-ийн 110-116, 164 дэх тал/

Нэмэлт ажиллагаа хийсэн Б.З-д холбогдох зөрчлийн хэрэг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шилжсэн өдөр нийт 300 зөрчлийн хэрэг хүлээж авсан, хэрэг хуваарилах журам баталсан зөвлөгөөний тогтоолын 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1, 2 дугаар тойрогт багтсан шүүгч нарт хуваарилагдсан байх ба шүүгч Б.Батаад /1-р тойрог/ 45 зөрчлийн хэрэг хуваарилагдсаны нэг нь шүүгч Ч.А-т өмнө нь хуваарилагдсан Б.З-д холбогдох хэрэг байсан, хэргийг “Цөм 2.0” системээр хуваарилсан нь баримтаар тогтоогдох тул шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна /с.х-ийн 108-109 дэх тал/.

2. Холбогдох шүүгч “... шүүх хуралдааныг эхнээс нь явуулсан, өөрөөр хэлбэл ирц шалгах, бүрэлдэхүүн оролцогч нарыг танилцуулах, татгалзал асуух, эрх үүрэг тайлбарлах зэрэг хуульд заасан процесс ажиллагааг журмын дагуу бүрэн явуулсан болно. Энэ хүрээнд шүүгч Ч.А нь урт хугацааны чөлөөтэй байгаа учраас зөрчлийн хэрэг дахин хуваарилагдсан талаар ч мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдааны бичлэгт байгаа....” гэж тайлбарласан боловч шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэлд даргалагч шүүгч солигдсон талаар тайлбарласан нь тусгагдаагүй байсан.

Зөрчлийн хэрэгт үзлэг хийхэд, хуралдаан даргалагч албажуулсан болон даргалагч шүүгч солигдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Өргөдөлд, “...2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ... Б.Батаа шүүгч шүүх хуралдааныг даргалж хэргийг шийдвэрлэсэн ... Ч.А шүүгч ямар шалтгаанаар уг шүүх хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй болсон, эсхүл өөр шүүгч томилсон эсэх нь тодорхойгүй байхад Б.З-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... заалтуудыг ноцтой зөрчсөн ...” гэсний дээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “... зөрчлийн хэрэгт шүүгч Б.Батаагийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/...3 дугаартай шийтгэвэр гарсан байх ба энэ нь шүүгч Ч.А ямар шалтгаанаар уг шүүх хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй болсон, эсхүл өөр шүүгч томилох эсэх нь тодорхойгүй байхад Б.З-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... заалтуудыг ноцтой зөрчсөн байна ...” гэж дүгнэсэн.

Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Т.Ц “... Дунджаар 1 өдөрт 120-300 гаран хэрэг ирдэг ... Эрүүгийн хэрэгт албажуулж байгаа, харин зөрчлийн хэрэгт албажуулдаггүй ... Зөрчлийн хэргийн ачааллаас болж байгаа гэж бодож байна ... Долоо хоногийн тодорхой өдөрт хэрэг хүлээн авч байгаа шүүгч тэр өдрөө хуралдаж, хэргийг шийдвэрлэдэг, тийм учраас албажуулах ажиллагааг хийх боломж хомс байдаг гэж бодож байна ...” гэсэн,

Ерөнхий шүүгч Б.Х “... Бид 2025 онд 25.000 гаруй зөрчлийн хэрэг шийдсэн, энэ албажуулах ажиллагаа нь шүүгчийн туслахад ч мөн ачаалал нэмнэ гэж үзсэн. Мөн зөрчлийн хэргийг зөвлөгөөний тогтоолоор тойргоор хуваарилахаар журамласан учраас албажуулах захирамж хийх шаардлагагүй ... Ер нь бол даргалагч шүүгч өөрчлөгдсөнийг танилцуулах ёстой ...Хэрэг хуваарилах журмын 5.2-т зааснаар Эрүүгийн хэргийг бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилсныг Ерөнхий шүүгч, түүний эзгүйд орлох танхимын тэргүүн, томилогдсон шүүгч захирамж гаргаж албажуулна гэж зааснаар зөвхөн эрүүгийн хэрэгт л албажуулах захирамж гарна...” гэж мэдүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно”, мөн хуулийн 34.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг шүүхийн нэг бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ”, 2 дахь хэсэгт “Шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй болсон бол өөр шүүгч томилж, шүүх хуралдааныг эхнээс нь явуулна” гэж заажээ.

Тус шүүхийн, шүүгчдийн зөвлөгөөний “Хэрэг хуваарилах журам батлах тухай” 0../А дугаар тогтоолын 5.2-т “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг даргалах болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шүүгчийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллын дагуу Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилсныг Ерөнхий шүүгч, түүнийг эзгүйд орлох танхимын тэргүүн, томилсон шүүгч мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.3 дахь хэсэгт зааснаар захирамж гаргаж албажуулсугай” гэж заажээ.

Дээрхээс үзвэл Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилсан эрүүгийн хэрэгт л даргалагчийг албажуулах ба бусад зөрчил, эрх бүхий албан тушаалтны шийтгэвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлт, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлт зэрэг нь шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан тойргоор “Цөм 2.0” системээр хуваарилагддаг тул даргалагчийг албажуулах ажиллагаа хийдэггүй нь тухайн шүүхийн үйл ажиллагааны онцлог гэж үзэхээр байх тул үүнд шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Нөгөө талаар, зөрчилд холбогдогч нь өмгөөлөгчтэй хуралдаанд оролцсон, даргалагч шүүгч “хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хуралдаанд оролцогчдыг танилцуулж татгалзан гарах хүсэлт байна уу” гэхэд оролцогчид “татгалзал байхгүй” гэсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгт тусгагдсан байдаг. /бичлэгийн 0:01:18-0:02:03 дахь хором/

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд ч илтгэгч шүүгч “... Та яагаад хууль бус бүрэлдэхүүн байна гээд татгалзаж болоогүй юм бэ, та яагаад энэ эрхээ эдлээгүй юм бэ...” гэхэд өмгөөлөгч “...Гомдол гаргахаас өмнө тэр дотроо материалуудаа хийчих байх гэж бодсон...” гэсэн байна.

Үүнээс үзвэл, зөрчилд холбогдогч болон өмгөөлөгч нь өмнөх шүүгч бус өөр шүүгч хуралдааныг даргалж байгаатай холбогдуулан татгалзан гаргах үндэслэл бий болсон гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлд зааснаар татгалзан гаргах эрх нь нээлттэй байсан боловч шүүгчийг татгалзан гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн даргалагч шүүгч солигдсон талаар тодруулах боломжтой байсан, шүүгчийн зүгээс асууж, тодруулах эрхийг нь хязгаарласан нөхцөл байдал байхгүй байна.

Гэхдээ даргалагч шүүгч өөрчлөгдөх нь байнга гарах тохиолдол биш учраас ийм нөхцөлд хэргийн оролцогчид тайлбарлах, мэдээлэл өгч байх нь оролцогчид буруу ойлголт, эргэлзээ төрүүлэхгүй байх үр дагавартай тул тус шүүх цаашид анхаарвал зохино.

3. Түүнчлэн өргөдөлд “...14 хоногоор шүүх хуралдааныг завсарлуулсан... боловч уг хугацаа хэтэрч 41 хоногийн дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдаан үргэлжлэн явагдсан...” гэжээ.

Зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/...8 дугаар албан бичгээр буцаасан, эрх бүхий албан тушаалтан 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авхуулах санал гарган, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2-....4 дүгээр албан бичгээр хэргийг шүүхэд хүргүүлсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгч нэмэлт нотлох баримт гаргуулах тухай талуудын хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр цагдаагийн байгууллагад даалгаж болно” гэж зааснаас бус нэмэлт ажиллагааны хугацаатай холбоотой шүүгч хяналт тавих талаар хуульд зохицуулаагүй.

Иймд, зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийх нь эрх бүхий албан тушаалтны, хяналт тавих нь прокурорын үйл ажиллагаа байх тул хуулийн хугацаа хэтрүүлж хэргийг шүүхэд хүргүүлсэн эрх бүхий албан тушаалтан, прокурорын үйлдэлд шүүгчийг хамаатуулан буруутгах үндэслэлгүй.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д “гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоны улмаас ар гэрт нь хор хөнөөл учирсан, эсхүл гэр бүлийн гишүүн хүндээр өвчилсөн, нас барсан”, 8.2-т “гэр бүлд нь болон суралцах, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой үүссэн асуудалд тухайн хүн биечлэн оролцох, эсхүл эрүүл мэндийн байдлын улмаас эмчилгээ хийлгэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн бол” шүүгч энэ үндэслэлийн аль нэг байвал зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан баривчлах шийтгэл биелүүлэхийг 7 хүртэл хоногоор хойшлуулж болохоор заасан байна.

Дээрх зөрчлийн хэрэгт өмгөөлөгч нь 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, 12 дугаар сарын 08-ны өдөр шүүгч Б.Батаад, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ерөнхий шүүгч Б.Х-д тус тус шийтгэврийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргахдаа давж заалдах журмаар гомдол гаргасан гэх агуулга дурдсанаас бус дээрх хуульд заасан үндэслэлийн талаар тусгаагүй. /с.х-ийн 44-48 дахь тал/

Шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗЗ/...2 дугаар захирамжаар “...эрүүгийн хэргийн шүүхээс баривчлах шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авсан шийтгэвэр, түүний биелэлтийг түдгэлзүүлэх зохицуулалт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд байхгүй... ” гэж хэлэлцэхгүй орхижээ.

Шалгах ажиллагаагаар, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдсэн 2025 оны 10, 11 дүгээр сарын шүүгчийн захирамжид үзлэг хийхэд, давж заалдах гомдол гаргасан гэх агуулгаар шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт 9 ирснийг хангахаас татгалзсан, харин шийтгэврийн биелэлтийг хойшлуулах тухай 4 хүсэлт ирсний 2 хүсэлтийг хангахаас татгалзаж, харин “...эхнэр 2025.11.06-ны өдөр ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа ба эмчийн дүгнэлтээр эрсдэл өндөр жирэмслэлт хэмээн өнөөдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж байна... гэрт 4 хүүхэд байгаа ба бага насны хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөх, авах асран хамгаалах үүрэг оногдоод байгаа...” гэсэн, мөн “...манай хүүхэд байнгын асаргаанд байдаг, уналт таталт 640 гэсэн оноштой тул 108 хүлээж авахгүй...” гэсэн 2 хүсэлтийг хангаж, шийтгэлийг 7 хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 143-146 дахь тал/

Дээрх хуульд давж заалдах гомдол гаргасан нь шийтгэврийн биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэл болох талаар заагаагүй байх тул шийтгэврийг түдгэлзүүлэх хүсэлтийг бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэснийг буруутгахгүй, “...Б.З-д шийтгэл оногдуулсан шийтгэврийн биелэлтийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг хангаагүй, ... Ардчилсан намын лайвчин н.М нь баривчлагдсан өдрийн дараах өдөр шүүхээс гарсан шийтгэврийн биелэлтийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлснийг бид бэлхнээ харсан... жирийн иргэдэд хэрхэн ялгавартай хандаж, дабль стандарт гаргаж байгаа нь үүгээр тогтоогдож байна...” гэх өргөдөл үндэслэлгүй.

5. Өргөдөлд “…хуралдаанд оролцсон прокурор Д.Г нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “прокурор дүгнэлтийнхээ, оролцогч гомдлынхоо үндэслэлийг нэг удаа тайлбарлана” гэж заасныг зөрчиж хоёр удаа эрс ялгаатай дүгнэлт гаргасан... Гэтэл шүүгчийн зүгээс прокурорын ...хууль зөрчсөн үйлдлийг харсаар атал Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 52.1.20 “...хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох...” арга хэмжээ аваагүй... шүүх хуралдааны дараалал зөрчсөн дүгнэлтийг үндэслэн холбогдогчид шийтгэл оногдуулж байгаа нь хууль зөрчсөн…” гэсэн.

Хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт даргалагч “...Шүүх хуралдааны дарааллыг тогтооё, эхлээд зөрчилд холбогдогч Б.З тайлбар, мэдүүлэг өгөх эрхтэй, прокурор, өмгөөлөгч, шүүгч гэсэн дарааллаар зөрчилд холбогдогчоос асууж тодруулах зүйл байвал асууна, шүүхэд гаргасан саналтай холбоотой эрх бүхий албан тушаалтан тайлбар хэлж болно, прокурор, өмгөөлөгч дүгнэлтээ хэлнэ, прокурор, өмгөөлөгчийн дүгнэлттэй холбоотой тус бүр нэмэлт тайлбар хэлнэ, тэгээд шүүх шийдвэрээ гаргана гээд дараалалд тусгайлан гаргах санал, хүсэлт байна уу” гэхэд талууд “байхгүй” гэжээ. /0:02:25-0:03:16 дахь хором/

Прокурор дүгнэлтдээ “...Б.З-ийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн, хүүхдийн эрхийг зөрчсөн зөрчлийг үйлдсэн гэж оруулж ирсэн байна. Прокуророос орон байранд хэрүүл маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, танхайрсан мөн хүний биед халдсан зөрчил үйлдсэн байна гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай байна...” гэсэн /0:12:20-0:13:05 дахь хором/,

мөн бичлэгийн 0:20:21-0:21:21 дахь хоромд прокурор нэмэлт тайлбартаа, “...Б.З-ийн хувийн байдал, эцэг хүн хүүхдүүддээ хандаж гаргасан зөрчлийг таслан зогсоох үйлдлийг нь харгалзаад зүйлчлэлийг өөрчлөх санал гаргасан. Хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, алгадсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт нотлогдон тогтоогдсон байдаг ...Иймд Б.З-д Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 15 цаг албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах саналтай байна...” гэсэн,

даргалагч “Нэмэлт тайлбар гэсэн чинь шинэ дүгнэлт гаргачхаж байгаа юм уу” гэхэд, прокурор “тийм, өөрчилчихлөө” гэсэн, даргалагч “зүйл анги нь юу билээ” гэхэд прокурор “5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 6.20 дугаар зүйлийн 7” гэсэн нь  тусгагджээ. /с.х-ийн 30-36 дахь тал/

Шүүх хуралдаан даргалагч нь прокурор болон бусад оролцогчийг нэмэлт тайлбар хэлэх дарааллыг тогтоосон, үүний дагуу прокурор нэмэлт тайлбар хэлэхдээ, эрх бүхий албан тушаалтны саналд тусгагдсан зүйл ангийг өөрчлөлгүй, зөвхөн шийтгэлийн талаарх санал дүгнэлтээ өөрчилж дүгнэлт гаргасныг шүүх хуралдааны дэг зөрчсөн гэж үзэхгүй, мөн даргалагч шүүгчийг хуралдааны дэг сахиулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Энэ талаар шүүгч “...Прокурор хоёр өөр дүгнэлт гаргасан асуудал нь түүний эрх хэмжээнд хамаарах бөгөөд шүүх хөндлөнгөөс оролцож, тулгаж болохгүй. Прокуророос дүгнэлт, саналаа өөрчлөх тохиолдол амьдрал дээр гардаг. Чухамхүү аль дүгнэлтийг нь хэрхэн үнэлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал...” гэж тайлбарласан нь үндэслэлтэй.

Дүгнэвэл холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батаад үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

 

Холбогдох шүүгч Б.Батаа хариу тайлбартаа: “...Өөр шүүгчийн хэргийг хянан шийдвэрлэсэн талаар: Юуны өмнө, өргөдөл гаргасан иргэн /зөрчлийн холбогдогч/ Б.З нь өөрт холбогдох зөрчлийн хэргийг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд бүхэлд нь өмгөөлөөгчтэй оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

...дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Б.З-д шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авхуулах саналтай ирүүлсэн зөрчлийн 2...3 дугаартай хэргийг миний бие 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дахин хуваарилалтаар хүлээн авсан болно. Уг хэргийг хүлээн авсан даруйд өөр шүүгчийн завсарлуулсан буюу буцаасан хэрэг байгаа талаар Танхимын тэргүүнд танилцуулахад шүүгч Ч.А-ын эхнэр нь ...-тай, хагалгаанд орохоор болсон тул шүүгчдийн зөвлөгөөнөөс урт хугацааны чөлөө авсан тул дахин хуваарилалтад оруулсан талаар мэдэгдсэний дагуу шүүх хуралдааныг даргалан явуулсан болно.

Тиймээс шүүх хуралдааныг эхнээс нь явуулсан, өөрөөр хэлбэл ирц шалгах, бүрэлдэхүүн оролцогч нарыг танилцуулах, татгалзал асуух, эрх үүрэг тайлбарлах зэрэг хуульд заасан процесс ажиллагааг журмын дагуу бүрэн явуулсан болно. Энэ хүрээнд шүүгч Ч.А нь урт хугацааны чөлөөтэй байгаа учраас зөрчлийн хэрэг дахин хуваарилагдсан талаар ч мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдааны бичлэгт байгаа.

Дээр дурдсанчлан холбогдогч Б.З болон түүний өмгөөлөгч нараас ирцийн талаар болон татгалзалтай холбоотой санал, хүсэлт гаргах эрхийг нь бүрэн хангасан бөгөөд тэднээс ирц болон татгалзалтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй болох нь тус шүүх хуралдааны тэмдэглэлээс мөн харагдана. Хэрэв хууль бус шүүх бүрэлдэхүүн гэж үзсэн бол холбогдогч Б.З болон түүний өмгөөлөгч тухайн үед шүүгчийг татгалзан гаргах талаар хүсэлтээ гаргах ёстой боловч гаргаагүй.

Даргалагч томилох, өөрчлөн томилох талаар манай шүүхийн Ерөнхий шүүгчээс албажуулах захирамж гардаггүй. Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах бүрэн эрх нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтад зааснаар зөвхөн Ерөнхий шүүгчид хамаардаг, харин уг хуулийн 16 дугаар зүйлд шүүгчийн бүрэн эрхийг нэрлэн заахдаа тийм чиг үүргийг шүүгчид хүлээлгээгүй байдаг.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтыг иргэн хүн мэдэхгүй байх боломжтой тул өөрт нь холбогдох хэргийг өөр шүүгч дур мэдэн шийдвэрлэсэн гэж ойлгосон байж болох юм. Тийм ч учраас иргэн Б.З нь “...энэ зөрчлийн хэргийг Б.Батаа 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шийдвэрлэж, Ч.А шүүгч ямар шалтгаанаар уг шүүх хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй болсон, эсхүл өөр шүүгч томилсон эсэх нь тодорхойгүй байхад Б.З-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан хэлбэр мөн...” гэсэн өргөдлийг гаргасан гэж ойлгогдож байна. Хэрэв өмгөөлөгч нь түүнд хууль зүйн туслалцааг бүрэн үзүүлж шүүгчийн томилсон шийдвэрийг хэн албажуулдаг болохыг тайлбарлаж өгсөн байсан бол энэ талаар гомдол гарахгүй байх бүрэн боломжтой байжээ.

Түүнчлэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны ..4 дугаартай магадлалын 7 дахь нүүр, дээрээс 5 дахь цогцолборт даргалагч томилсон шийдвэрийг албажуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх заалт тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хамаарч байгааг тусгайлан анхааруулсан байдаг.

Үндсэндээ магадлалын агуулгаас, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгчийг томилсон, өөрчлөн томилсон шийдвэрийг албажуулсан Ерөнхий шүүгчийн шийдвэр байгаагүйн улмаас давж заалдах шатны шүүх “хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр шийтгэврийг хүчингүй болгосон нь тодорхой байгааг нэмж хэлэхийг хүслээ.

Баривчилсан шийтгэврийг түдгэлзүүлээгүй талаар: Юуны өмнө Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн Зургаадугаар бүлэгт “Зөрчлийн хэрэгт давж заалдах эрх” гэсэн дэд сэдвийн хүрээнд судалгааны дүнг танилцуулсан байх бөгөөд уг илтгэлд Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар өгсөн саналын “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийн талаар” гэсэн хэсгийн 6-д /илтгэлийн 457 дахь тал/ “Баривчлах шийтгэл оногдуулсан шийдвэрт давж заалдах гомдол гаргасан даруй шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;" гэсэн санал гаргасан байгааг дурдъя.

Иргэн Б.З-ийн хувьд өөрийг нь баривчилсан шийтгэврийг түдгэлзүүлж өгөөгүйд гомдолтой байгаа нь түүний өргөдлөөс харагдаж байна. Шүүгч миний хувьд ч гомдолд нь хүндэтгэлтэй хандаж байна. Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч ...гагцхүү хуульд захирагдана" гэсэн хатуу заалттай. Энэ заалт нь манай улс жишгийн эрх зүйн улс биш болохыг бас илтгэдэг. Шүүгч нь хуулиар зохицуулаагүй асуудлыг өөрийн дураар шийдвэрлэх эрхгүй.

Үүнээс гадна эрх зүйн онолын хувьд хориглоогүй бүхэн зөвшөөрөгдөнө гэсэн иргэний эрхийн зарчим нь нийтийн албан тушаалтанд үл хамаардаг болохыг иргэн Б.З-ийн өмгөөлөгч Ц-ийн Г-ийн хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн захирамждаа ойлгомжтой, тодорхой дүгнэж өгсөн болно. Түүнчлэн өмгөөлөгч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, хянах эрхгүй хүнд хандсан буюу хуулиа сайн мэдэхгүй Ерөнхий шүүгчид хаяглан хандсан байсан ч шүүгч миний бие хүнд суртал гаргалгүйгээр хэлэлцэх боломжгүй талаар хууль ёсны хариу өгч, хэрэгт нь хавсаргасан болно.

Өмгөөлөгчөөс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно” гэж заасныг бариад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй талаар хэлсэн ч өмгөөлөгч “заавал бичгээр хариу авна” гэсэн тул түүнд хэлэлцэх боломжгүй тухай хариуг өгсөн юм.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-36 дугаар бүлэгт анхан шатны журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх процесс ажиллагаануудыг журамласан байдаг. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааныг хэрхэн яаж явуулах, шүүхээс шийдвэр гаргахдаа юу юуг шийдвэрлэх, шийдвэрийг гардуулах зэрэг нийтлэг журам багтана. Эдгээр зохицуулалт нь зөрчлийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад хамааралтай байдаг. Түүнээс гадна, шүүх баривчлах шийтгэврийг уншиж сонсгосноор зөрчлийн хувьд анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагаа дуусгавар болдог. Үүнээс хойш анхан шатны шүүхээс ямар нэгэн эрхийн акт гардаггүй. Харин албажсан шийдвэрийг оролцогч нарт гардуулах, хүргүүлэх ажиллагаа нь шүүхийн захиргааны журмаар явагддаг. Шүүгч зөвхөн уг ажиллагаа нь хуулийн хугацаанд явагдаж байгаа эсэхэд хяналт тавьдаг.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хэрэглээг нь авч үзвэл уг зүйл, хэсгийн агуулгыг бүх шийтгэх тогтоолд нэгэн заалт болгон дурддаг. Харин тусад нь хэрэглэж, бие даасан эрхийн акт гаргадаггүй, мөн оролцогч нараас тусад нь хүсэлт гаргаж шийдвэрлүүлдэггүй. Энгийнээр хэлбэл, шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолоо уншиж сонсгосны дараа шүүгдэгчийг цагдан хорих байранд шууд хүргүүлдэг бөгөөд шүүх шүүгдэгч давж заалдах гомдол гаргасан гэдэг үндэслэлээр уг зүйл, хэсгийг хэрэглэж буюу шийдвэрийг түдгэлзүүллээ гэж хорих ял авсан хүнийг суллаж байсан хууль хэрэглээ огт байхгүй. Үүнийг өмгөөлөгч нар бүгд мэддэг бөгөөд иргэн Б.З-ийн өмгөөлөгч ч бас маш сайн мэдэж байх учиртай.

Тэгэхээр эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчлийн процесст иш татаж хэрэглэсэн ч баривчлах шийтгэл авсан хүнийг суллах хууль зүйн үндэслэл болохгүй байгааг дурдах нь зүйн хэрэг.

Өргөдлийн агуулгаас харахад Б.З нь лайвчин н.М гэж хүний кейстэй адилтган авч үзээд хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш байх ёстой гэж үзээд гомдол гаргажээ. Тийм тохиолдол гарсан, зөрчлийн хэргийн хоёр холбогдогчийг сулласан буюу шийтгэврийн биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгч байдаг. Гэвч би "шүүгч гагцхүү хуульд захирагдана" гэсэн Үндсэн хуулийн заалтаа барьж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч нь тохиолдол юм уу, эсхүл жишигт /шүүхийн өмнөх шийдвэр/ захирагдах боломжгүй.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх нь шинэ тутам байгуулагдсан, манай улсын анхны процессын дагнасан шүүх билээ. Тиймээс 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгч нар тус шүүхийн Ерөнхий шүүгч болон эрүүгийн танхимын нийт шүүгч нартай нэгдсэн уулзалт хийж, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ буюу зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар харилцан санал солилцохдоо “нэгэнт хуулиар зохицуулаагүй буюу бидэнд эрх олгоогүй, эсхүл үүрэг болгоогүй асуудлаар шийдвэр гаргаж болохгүй” гэдгийг онцлоод, шийтгэврийг уншиж сонсгосноос хойш ажиллагаа явуулахгүй, давж заалдах гомдол гаргасан гэдгээр хүн суллахгүй буюу шийтгэвэр түдгэлзүүлэхгүй гэдэг дээр бүгд санал нэгдсэн байдаг.

Шүүгч Б.Батаа миний бие “бусдыг намчин биш, лайвчин биш” гэж ялгаварлан гадуурхсан зүйл огт байхгүй бөгөөд Улсын Их Хурлаас баталсан хүчин төгөлдөр хуулийг хэрэгжүүлсэн, хэрэглэсэн буюу Үндсэн хуулиа сахин биелүүлсэн юм. Харин н.М нарын тохиолдолд хоёр холбогдогч дээр “дабль стандарт” үйлчилсэн гэх өргөдөл гаргагчийн гомдолд тайлбар өгөх боломжгүй. Би хүний өмнөөс хариулт өгөх нь зохимжгүй.

Мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлдэг талаарх тайлбар: Шүүгчдийн холбооноос ...Их сургуультай байгуулсан санамж бичгийн хүрээнд цагийн багшаар ажиллаж, 2023-2024, 2024-2025 оны хичээлийн жилүүдэд Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ I, II хичээлийг заасан бөгөөд одоо 2025-2026 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн зааж байгаа болно. “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ-I” хичээл нь эрүүгийн хуулийн хэрэглээ буюу гэмт хэрэг зүйлчлэлийн талаарх эрх зүйн тохиолдол шинжлэн судлах аргачлалыг заадаг. Харин “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ-II” хичээлийн хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой эрх зүйн тохиолдол шинжлэн судалж, хэрэг хянан шийдвэрлэх тодорхой төрлийн ажиллагааг хэрхэн явуулах талаар практик хичээлийг явуулдаг.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Сургалтын хөтөлбөрийн хорооны анхны бүрэлдэхүүнд гишүүнээр 3 жил ажилласан, мөн тэр үеэс одоог хүртэл шүүгч-сургагч багшаар ажиллаж байна. Шүүгч-сургагч багшаар ажиллахдаа нийт 20 орчим цахим болон танхимын сургалт зохион явуулсан байна. Үүнээс онцолбол шүүх хуралдааны дэг сахиулах, шүүхийн мэтгэлцээнийг удирдан явуулах хичээлийг заадаг. Энэ жил шинэ шүүгч нарт уг сэдвээр хичээл заасан болно. Түүнчлэн, шинэ хуулийн зохицуулалтаар анхны шүүгч-судлаачаар 6 сарын хугацаатай ажилласан ба “Ял оногдуулах аргачлал” сэдвээр судалгаа хийсэн.

Шүүгчээр ажиллаж байхдаа хэвлүүлсэн бүтээлээс:

1.  Шүүх эрх мэдэл сэтгүүлийн 2025 №3-т “Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн Эрүүгийн хууль дахь түүхчилсэн судалгаа" сэдвээр судалгаа;

2.  ...сэтгүүлийн 2024 он 10 сар “Ялын зорилго, түүний төрлийн харьцуулсан судалгаа” сэдвээр судалгаа;

3.  Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн эрхлэн хэвлүүлсэн судалгааны эмхэтгэл, 2023 он, УБ хот, Шүүгч-судлаачаар ажилласан анхны шүүгч нарын хийсэн судалгааг эмхэтгэл;

4.  Шүүх эрх мэдэл сэтгүүлийн 2022 оны №2-т “Зам тээврийн гэмт хэргийн зүйлчлэлийн зарим асуудал” сэдвээр онол практикийн өгүүлэл;

5.  “Авлигын болон эдийн засгийн зарим гэмт хэргийн үндсэн шинж, шүүхийн практик” гарын авлага боловсруулахад “Хөөн хэлэлцэх хугацааны онолын үндэслэл” гэсэн дэд сэдвийг бичсэн. 2022 он. Улаанбаатар хот.

6.  Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос эрхлэн гаргадаг Хүний эрх сэтгүүлийн 2018 оны №1-д “Хүүхдийн эрх ба өсвөр насны шүүгдэгчийн эрх зүйн байдал” сэдвээр хуулийн шинэчлэл хүүхдийн эрхийг хэрхэн дордуулсан талаар хөндөж нийтлэл хэвлүүлсэн бөгөөд үүний дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн Наймдугаар бүлэгт өөрчлөлт оруулж, хүүхдийн эрхийг дордуулсан заалт өөрчлөгдсөн болно.

7.  Шүүх эрх мэдэл сэтгүүлийн 2017 оны №3-т “Эрүүгийн хэргийн шүүхийн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр хууль хэрэглээний сэдэвчилсэн нийтлэл.

Дээрх бүтээлүүдээс онцолбол Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан “Эрүүгийн хэргийн шүүхийн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр хууль хэрэглээний сэдэвчилсэн нийтлэл бичиж, дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан сургалтад эрүүгийн хэргийн шүүгч нарт энэ сэдвээрээ хичээл заасан юм.

Ийм учраас өргөдөл гаргагч иргэн Б.З-ийн “шүүгч Б.Батаа нь мэдлэг боловсролоо дээшлүүлэх үүргээ биелүүлдэггүй” гэх дүгнэлт бодит байдалд нийцэхгүй байна.

Шүүхийн мэтгэлцээний талаар: Энэ асуудал нь үндсэндээ прокурорын дүгнэлттэй холбоотой байсан тул зөвхөн өөрт хамаарах хэсэг буюу дэг зөрчсөн гэх заалтын хүрээнд тайлбар гаргаж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Наймдугаар бүлэгт эрх бүхий албан тушаалтны харьяалан шийдвэрлэсэн шийдвэр /шийтгэлийн хуудас/-ийг холбогдогч, хохирогчийн гомдлоор, эсвэл прокурорын дүгнэлтээр хянаж үзэх шүүхийн процессыг журамласан, харин Есдүгээр бүлэгт эрүүгийн хэргийн шүүхэд өөрт нь харьяалуулсан зөрчлийн хэргийг шийдвэрлэх шүүхийн процессыг ялган хуульчилсан байдаг.

Иргэн Б.З нь дээр дурдсан хоёр процессын ялгаа зааг, мөн чанарыг ойлголгүй гомдол гаргасан байна. Гомдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг тусгахдаа дутуу дурдсан байна. Уг зүйл, хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан шийдвэрийнхээ үндэслэлийг эхэлж тайлбарлах дараалалтай байгаа.

Учир нь эрх бүхий албан тушаалтан /жишээ нь цагдаагийн алба хаагч/ өмнө нь шийдвэр гаргачихсан бөгөөд тухайн шийдвэр буюу торгуулийн хуудсаа шүүхийн өмнө хамгаалж нэг удаа үг хэлдэг. Шүүх хэн нэгэнд шийтгэл оногдуулах тухай асуудал огт хэлэлцэхгүй. Харин эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэлийг оролцогчийн гомдлоор, эсхүл прокурорын дүгнэлтээр хянаж үзээд хэвээр үлдээх, хүчингүй болгох, өөрчлөх, чөлөөлөх гэсэн 4 шийдвэрийн аль нэгийг гаргадаг. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан Наймдугаар бүлгийн зохицуулалт юм.

Харин эрүүгийн хэргийн шүүхэд хуулиар харьяалуулсан буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн зөрчлийн тухайд шүүх хуралдаан явуулах процесс ажиллагаа нь ялгаатай, зарчим нь өөр. Эрүүгийн хэргийн шүүх өөрт нь хуулиар харьяалуулсан бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж ирүүлсэн зөрчлийн хэргийн хүрээнд тал /нэг талаас прокурор, нөгөө талаас холбогдогч, түүний өмгөөлөгч/-уудын мэтгэлцээнд үндэслэн бодит үнэн буюу хэргийн үйл баримтыг тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэнэ.

Тийм болохоор шүүгч прокурор, оролцогч нараар 2 удаа үг хэлүүлсэн хэмээн гомдож байгаа нь үндэслэлгүй. Ялангуяа, үйл баримтын болон хууль хэрэглээний талаар маргаантай байгаа тохиолдолд нэмэлт тайлбар гаргуулах нь мэтгэлцээний суурь зарчим билээ.

Прокурор хоёр өөр дүгнэлт гаргасан асуудал нь түүний эрх хэмжээнд хамаарах бөгөөд шүүх хөндлөнгөөс оролцож, тулгаж болохгүй. Прокуророос дүгнэлт, саналаа өөрчлөх тохиолдол амьдрал дээр гардаг. Чухамхүү шүүх аль дүгнэлтийг нь хэрхэн үнэлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтад заасан байдаг. Прокурорын дүгнэлтээ өөрчилсөн үйлдлийг зүй бүс зан авир гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн шүүх хуралдааны үеэр даргалагч прокуророос “таны дүгнэлт өөрчлөгдөж байгаа юм уу” гэж тодотгосон, өөрөөр хэлбэл андуурсан байхыг үгүйсгэхгүй тул шүүх эргэлзээг арилгах зорилгоор тодруулсан юм. Хэдий эсрэг дүгнэлт гарсан ч шүүх шийдвэр гаргахдаа аль нэг дүгнэлтийг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийдэг. Энэ хэргийн тухайд ч шүүх зохих дүгнэлтээ хийсэн байгаа...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Өргөдөл гаргагч Б.З “...надад холбогдох зөрчлийн хэрэг шүүгч Ч.А-т хуваарилагдсан бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 14 хоног хүртэл хойшлуулахаар хуульчилсан байхад 41 хоног завсарлуулж шийдвэрлэсэн; ...шүүх хуралдааныг завсарлуулсны дараагийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалан, хэргийг шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7, 50.1.22 дахь заалтыг зөрчсөн; ...миний өмгөөлөгч “шүүхийн шийтгэврийн биелэлтийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан боловч шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗЗ/...2 дугаар захирамжаар “шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан хуулийн зохицуулалт хамаарахгүй” гээд хүсэлтийг хүлээн авч, хэлэлцээгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн; ...прокурор дүгнэлтээ өөрчлөн зүйлчлэлийг хүндрүүлсэн ба шүүгчийн зүгээс прокурорын үйлдлийг харсаар атал Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтад заасан арга хэмжээ аваагүй, прокурорын өөрчилсөн дүгнэлтийг үндэслэн шийтгэл оногдуулсан” гэх утга агуулга бүхий өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1-4 тал/

 

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7, 50.1.22 дахь заалтыг зөрчсөн эсэх тухайд:

1.1. Өргөдөл гаргагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэг “Энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно”, 34.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг “Хэргийг шүүхийн нэг бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй болсон бол өөр шүүгч томилж, шүүх хуралдааныг эхнээс нь явуулна” гэж заасныг шүүгч зөрчсөн гэж өргөдөлдөө дурдсан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 0../А дугаар тогтоолоор шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэрэгт оролцох шүүгчийг томилох дарааллыг тогтоох, шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, санал, дүгнэлт, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалааг шинэчлэн баталсан байна. /с.х-ийн 87-97 тал/

Уг тогтоолын 2 дугаар зүйлийн 2.6-д зааснаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх явцад нэмэлт нотлох баримт гаргуулах тухай талуудын хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн хэрэг шүүхэд ирэхэд анх хүлээн авсан шүүгчид хуваарилагдах бөгөөд уг шүүгч чөлөөтэй тохиолдолд 2.2-т заасан дарааллаар шүүгчид хуваарилахаар заажээ.

Дээрх зөвлөгөөний тогтоолын дагуу анх уг зөрчлийн хэрэг шүүгч Ч.А-т хуваарилагдаж, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, шүүгчийн 2025/ШЗЗ/1...6 дугаар захирамжаар Б.З-д холбогдох 2...3 дугаартай зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг завсарлуулж, зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийж материалыг 14 хоногт ирүүлэхийг ...дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгаж шийдвэрлээд тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/...8 дугаар албан бичгээр хэргийг цагдаагийн байгууллагад буцаан хүргүүлсэн байна. /с.х-ийн 24-26 тал/

Шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ...д2-....4 дугаартай албан бичгээр шүүхэд хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны саналын хамт хүргүүлэхэд, шүүх 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан болох нь илтгэгч гишүүний зөрчлийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зөрчлийн хэргийн хавтасны шүүх хүлээн авсан дардас болон “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-ийн баримтаар тус тус нотлогдож байна. /с.х-ийн 29, 86, 108 тал/

Тодруулбал, шүүгч Ч.А нь Шүүгчдийн зөвлөгөөндөө 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “...нэг сарын цалинтай чөлөө олгож өгнө үү” гэх хүсэлт гаргасныг тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн, .../А дугаар тогтоолоор шүүгчийн хүсэлтийг хүлээн авч, түүний үлдэгдэл эрүүгийн болон  зөрчлийн хэрэг, санал, хүсэлтийг холбогдох хууль, журмын дагуу “Цөм 2.0” системээр хуваарилахад шүүгч Б.Батаад зөрчлийн 45 хэрэг хуваарилагдсаны нэг нь өргөдөл гаргагч Б.З-д холбогдох хэрэг байжээ. /с.х-ийн 110-116, 159-168 тал/

Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гээд 19.2.5 дахь заалтад “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж заасантай болон тус шүүхийн дээрх зөвлөгөөний 0../А дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “...шүүхэд эрүү, зөрчлийн хэрэг, дүгнэлт, өргөдөл, гомдол, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлт хүлээн авах, хуваарилах, хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох нарийвчилсан журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгч ажлын 5 хоногоос дээш хугацаагаар чөлөөтэй  тохиолдолд түүнд өмнө нь хуваарилагдсан хэрэг буцаж ирвэл бусад шүүгчид системээс тойрог дотор санамсаргүй сонгогдох зарчмаар хуваарилахаар заасантай нийцсэн байна. /с.х-ийн 98-102 тал/

Түүнчлэн илтгэгч гишүүн зөрчлийн хэрэгт үзлэг хийхэд шүүх хуралдаан даргалагчийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж авагдаагүй байсан ба хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч Б.Батаа нь уг зөрчлийн хэрэг урьд нь журмын дагуу хуваарилагдан авсан байсан шүүгч Ч.А хүндэтгэн үзэх шалтгааны учир чөлөө авсан талаар оролцогч нарт тайлбарлаагүй болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг болон шүүх хуралдааны тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. /с.х-ийн 16-86, 175-178 тал/

Гэвч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно” гэж, мөн тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 0../А дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт зааснаар шүүх  хуралдааныг даргалах болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллын дагуу эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилсныг Ерөнхий шүүгч, ...мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.3 дахь заалтад зааснаар захирамж гаргаж албажуулсугай” гэж заажээ.

Мөн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх нь ачаалал нэлээн ихтэй болох нь тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Т.Ц нарын гэрчийн мэдүүлэг, сахилгын хэрэгт авагдсан зарим баримтаар тогтоогдож байна. /с.х-ийн 117-121, 159, 169-174 тал/

Иймд шүүгч Б.Батааг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7 дахь заалтад заасан “...бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох,...”, хэрэг холбогдох хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмын дагуу хуваарилагдсан байх тул мөн зүйлийн 50.1.22 дахь заалтад заасан “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл илтгэгч гишүүний “...шүүгчийг буруутгах үндэслэлгүй. ...эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилсан эрүүгийн хэрэгт л даргалагчийг албажуулах ба бусад зөрчил, эрх бүхий албан тушаалтны шийтгэвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлт, ...зэрэг нь шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан тойргоор “Цөм 2.0” системээр хуваарилагддаг тул даргалагчийг албажуулах ажиллагаа хийгдээгүй нь тухайн шүүхийн үйл ажиллагааны онцлог гэж үзэхээр байх тул үүнд шүүгчийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул хүлээн авах нь зүйтэй.

 

1.2. Өргөдөлд Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол хэрэг бүртгэлтийн хугацааг 14 хүртэл хоногоор сунгах” гэж заасан хугацааг шүүх баримтлаагүй, шүүх хуралдааныг 41 хоног завсарлуулсан гэж дурдсан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Ч.А-ын даргалсан 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаас шүүгчийн 2025/ШЗЗ/1...6 дугаар захирамж гарч, Б.З-д холбогдох 2...3 дугаартай зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг завсарлуулж, хэргийг цагдаагийн байгууллагад буцаахдаа нэмэлт ажиллагаа хийж материалыг 14 хоногт ирүүлэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгажээ. /с.х-ийн 24-26 тал/

Шүүх хэргийг цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн боловч эрх бүхий албан тушаалтан Г.Э 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр санал гаргасны дараа цагдаагийн байгууллагын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ...д2-....4 дугаартай албан бичгээр хэргийг шүүхэд хүргүүлсэн байна. /с.х-ийн 28-29 тал/

Дээрх баримтуудаас дүгнэвэл шүүхээс хуульд заасан 14 хоногийн хугацааг тогтоосон хэдий ч цагдаагийн байгууллага шүүгчийн захирамжид заасан уг хугацааг баримтлаагүй байх тул Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтаар нэмэлт ажиллагааны хугацаанд шүүгч хяналт тавих талаар зохицуулаагүй гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн эсэх тухайд:

Б.З өргөдөлдөө түүний өмгөөлөгчийн “давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлт гаргасныг шүүгч Б.Батаа 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗЗ/...2 дугаар захирамжаар хүлээж аваагүй талаар дурдсан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.З-ийн өмгөөлөгч Ц.Г 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ЗШ/...3 дугаар захирамжийг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдол, 2025 оны 12 дугаар сарын 03, 08-ны өдрүүдэд шүүгч Б.Батаад “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг дурдаад “шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ЗШ/...3 дугаар шийтгэврийн биелэлтийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх тухай” хүсэлт, Ерөнхий шүүгч Б.Х-д мөн уг хүсэлтийг /он, сар, өдөр байхгүй/ тус тус гаргажээ. /с.х-ийн 44-48 тал/

Шүүгч Б.Батаа хүсэлтийг хүлээн аваад 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗЗ/...2 дугаар захирамжаар “...анхан шатны шүүх өөрийн шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох зохицуулалт Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдаагүй тул баривчлах байранд хүргэгдсэн холбогдогчийг суллах хууль зүйн үндэслэл алга. Түүнчлэн эрүүгийн шүүхээс баривчлах шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авсан шийтгэвэр, түүний биелэлтийг түдгэлзүүлэх зохицуулалт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд байхгүй... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь нийтлэг журамд хамаарахгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой тусгай журам тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй...” гэж үзээд хүсэлтийг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 49-50 тал/

Илтгэгч гишүүн өргөдлийн дээрх үндэслэлд дүгнэлт хийхдээ Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.1, 8.2 дахь заалтуудыг дурдан “...хүсэлт гаргахдаа давж заалдах журмаар гомдол гаргасан гэх агуулга дурдсанаас бус дээрх хуульд заасан үндэслэлийн талаар тусгаагүй..., ...давж заалдах гомдол гаргасан нь шийтгэврийн биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэл болох талаар заагаагүй байх тул шийтгэврийг түдгэлзүүлэх хүсэлтийг бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэснийг буруутгахгүй...” гэж үзжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 7.7 дугаар зүйлд заасан оролцогчийн гаргасан гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийн биелэлтийг түр түдгэлзүүлнэ”, 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.8, 6.9, 6.13, 6.26, 6.29, 6.30,6.32, 6.62, 6.63 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргана” гэж заасан. Мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна”, 6 дахь хэсэгт “Дараах эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ” гээд 6.1-6.66 дахь заалтаар харьяалал тогтоосон.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл оролцогч гомдол гаргах тохиолдолд шүүх тухайн шийдвэрийн биелэлтийг түр түдгэлзүүлэх агуулгыг илэрхийлсэн хуулийн зохицуулалт байна.

Гэтэл анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч Б.З-д 20 цагийн албадан сургалтад хамруулж, 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан нь мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн ...5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, ...-т заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна” гэж заасанд хамаарах юм. /с.х-ийн 37-41 тал/

Иймд шүүгч Б.Батаа 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗЗ/...2 дугаар захирамжаар хүсэлтийг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой” зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй.

 

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтыг зөрчсөн эсэх тухайд:

Илтгэгч гишүүн нь сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийжээ. /с.х-ийн 175-178 тал/

Тухайн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 02 минут 25 секундээс 03 минут 16 секундэд даргалагч шүүх хуралдааны дарааллыг тогтоож, прокурор дүгнэлтээ 12 минут 20 секундээс 13 минут 05 секундийн хооронд танилцуулсан боловч бичлэгийн 20 минут 21 секундээс 21 минут 21 секундэд прокурор нэмэлт тайлбар хэлэхдээ Зөрчлийн тухай хуулийн зүйл, заалтыг өөрчлөлгүй, зөвхөн шийтгэлийн талаарх саналаа өөрчилсөн байна. Энэ талаар илтгэгч гишүүн саналын 15 дугаар талд дэлгэрэнгүй тусгасан байх бөгөөд энэ нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдов.

Өөрөөр хэлбэл даргалагчаас шүүх хуралдааны дараалал тогтоож, талуудаас санал, хүсэлт байгаа эсэхийг асуухад “байхгүй” гэсэн бөгөөд прокурор шийтгэл оногдуулах саналаа өөрчилснийг шүүх хуралдаанд зүй бус авирласан гэж үзэх боломжгүй.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авах үндэслэлтэй буюу холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтад заасан “...шүүх хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэхгүй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Б.Батаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7, 50.1.20, 50.1.22, 50.1.23 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, холбогдох шүүгчид үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 5 дугаар сарын 12-ны  өдрийн ГС/2026/...5 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батаад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

 

            3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

            4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч шүүгч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                     Д.ЭРДЭНЭЧУЛУУН

 

                                    ГИШҮҮД                                          Б.СУГАР

 

                                                                                                Х.ХАШБААТАР