info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-03

Дугаар 101

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Гишүүний 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг гишүүн Х.Хашбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Т.У 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо: ...шүүхэд Т.У-ын нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхээр 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрүүдийн шүүх хуралдааныг даргалж байсан шүүгч Д.Э нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчтэй харилцахдаа ноцтой дутагдал гаргаж байсан бөгөөд төвийн сахисан байр сууринаас бус хандаж байсан.

Шүүгч Д.Э нь нэхэмжлэгч талтай өндөр дуугаар харьцах, зандрах, хурдан ярилаа гэж тасалдуулах, алхаар зохих зэрэг үйлдэл гаргаж байсан боловч хариуцагч талд тийм үйлдэл гаргаагүй.

Хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хариуцагч талаас яс үндсээр доромжилсон үг, үйлдэл гаргасанд нэхэмжлэгч талаас 5 сартай жирэмсэн эх уйлсан тухай ярихад “тэр чинь надад ямар хамаатай юм”, мөн “чиний тэр гадаадад амьдарч байсан чинь тэндээ л юм байгаа биз” гэх зэргээр анхнаасаа нэхэмжлэгч талд дургүйцсэн, дарамтад оруулах үйлдэл гаргасан.

Нэхэмжлэгч хариуцагчаас асуулт асуух үед алхаа гартаа илт харагдахаар барьж, хариуцагчийн өмнөөс хариулж, илт өндөр дуугаар харьцсан тул нэхэмжлэгч тал асуултаа мартах, будилах зэрэгт хүрсэн. Үүний дүнд асуулт асуух эрхээсээ удаа дараа татгалзахаас аргагүй нөхцөл байдалд хүргэсэн.

Мөн нэхэмжлэгч талын маргааны зүйл болох 2 үгийг шинжээч томилон тодруулах хүсэлт гаргахад хангаагүй нь хариуцагч талд ашигтай туссан зэрэг үйлдлүүдийг гаргасан гэж үзэж байна.

Шүүгч Д.Э-ийн дээрх үйлдлээс үүдэн миний бие Монгол улсын шүүхэд итгэх итгэл илт суларч, гутарч байна.

Иймд дээрх шүүх хуралдаануудын дуу, дүрсний бичлэгүүдийг шалгаж, Д.Э шүүгчид ёс зүйн хариуцлага тооцож өгнө үү гэжээ.

...шүүхийн шүүгч Д.Э 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд болон 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд тус тус гаргасан хариу тайлбартаа: Т.У, Х.Я нар нь “Х” ХХК-д холбогдуулан агаарын тээврийн нислэгийн тийзийн үнэ 573.390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийг 89.2-т “шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасны дагуу шүүх хуралдааны ажиллагаа явагдсан болно гэжээ.

Сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатарын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:  …Сахилгын хэргийг шалгах ажиллагааны хүрээнд шүүгч Д.Э-т холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 99 дугаартай захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, шүүгчид 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гардуулсан.

Тус хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 164 дугаартай “Нотлох баримт гаргуулах тухай” захирамжаар ...шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаартай шийдвэртэй иргэний хэргээс шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийг гаргуулахаар захирамжилсан.

...шүүхийн Тамгын газрын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 083 тоот албан бичгээр шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар ирүүлсэн боловч шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг хадгалагдаагүй гэх үндэслэлээр ирүүлээгүй болно.

Сахилгын хэргийн шалгах ажиллагааг дүгнэвэл: Т.У 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн ёс зүйн хороо /хуучнаар/-д ирүүлсэн байх тул …2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүхийн ёс зүйн байдлын тухай хуулиар тодорхойлсон шүүгчийн ёс зүйн зөрчлийн материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэнэ.

Сахилгын хэрэг хянан шалгах ажиллагааны явцад гишүүний 164 дугаартай захирамжаар Баянгол, ...шүүхийн Тамгын газраас тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаартай шийдвэртэй иргэний хэргээс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрүүдийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг гаргуулахаар захирамжилсан.

            ...шүүхийн Тамгын газар нь шүүх хуралдааны тэмдэглэлийг ирүүлсэн боловч дуу, дүрсний бичлэгийг ирүүлээгүй тул гомдол гаргагчийн асуудлыг шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийж, шалгах тогтоох боломжгүй болжээ.

            Харин гомдол гаргагчийн гомдолдоо дурдсан дээрх асуудлыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан эсэхийг нягтлахад шүүх хуралдаан даргалагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийг 89.2-т зааснаар шүүх хуралдааныг явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд шүүгч Д.Э-ийг хууль зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Шүүхийн сахилгын хорооны гишүүний 99 дугаартай захирамжаар үүссэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Т.У-ын гомдлыг Шүүхийн ёс зүйн хороо 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 99 дугаартай захирамжаар ...шүүхийн шүүгч Д.Э-т сахилгын хэрэг үүсгэжээ.

            Гишүүн Х.Хашбаатарын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ...шүүхийн шүүгч Д.Эт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

Тус сахилгын хэрэгт гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 164 дугаартай “Нотлох баримт гаргуулах тухай” захирамжаар 2021 оны 01 дүгээр сарын 19 болон 26-ны өдрүүдийн шүүх хуралдааны тэмдэглэл, захирамж, шийдвэрийг гаргуулахаар Баянгол, ...шүүхийн Тамгын газарт даалгасан байна.

Гишүүний захирамжийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаартай шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр тус тус ирүүлжээ.

Харин тухайн өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг “нарийн бичгийн даргын хариуцлагагүйн улмаас хадгалагдаагүй” гэх үндэслэлээр бичлэгийг хуулбарлан өгөх боломжгүй болсон, мөн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр товлогдсон  шүүх хуралдаан хойшилсон тул бичлэг хийгдээгүй болох нь Баянгол, ...шүүхийн Тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 121 тоот албан бичгээр нотлогдож байна.

Дээрх үндэслэлээр шүүх хуралдааны бичлэгийг илтгэгч гишүүн шалгах боломжгүй болжээ.

Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг шинжлэн судлахад шүүх хуралдаан даргалагч Д.Э нэхэмжлэгч талтай зүй бус харилцсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгч Д.Э шүүх хуралдаан даргалагчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүх хуралдааны дэгийг сахиулсан байна гэж үзлээ.

Шүүхийн сахилгын хороо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шийдвэрийн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөх, гаргасан шийдвэртэй нь холбоотойгоор шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгчийн үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан өргөдөл /гомдол/-д дурдсан үйл баримтууд нь тухайн үед мөрдөгдөж байсан Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3, 3.2, 3.3 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргаагүй байна гэж бүрэлдэхүүн дүгнэв.

            Иймд Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатарын ...шүүхийн шүүгч Д.Эт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ...шүүхийн шүүгч Д.Э-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.  Дээрх журмаар магадлалыг хүргүүлснээр гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН                                        Д.ЭРДЭНЭЧУЛУУН    

                             ГИШҮҮД                                        Ц.ДАВХАРБАЯР

                                                                                  О.НОМУУЛИН