
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-02-25
Дугаар 26
Улаанбаатар хот
Сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн О.Сумъяабазар, өргөдөл гаргагч Э.Д нарыг оролцуулан хийж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраад холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ГНД/2026/0007 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-дээ:
“1. “Э” ХХК нь “Н” ХХК, БНХАУ-ын иргэн Ш нарт холбогдуулан 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нүүрс олборлох хамтран ажиллах гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт хэлэлцээрийн хугацаа дуусгавар болсныг тогтоож, уурхайн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгах, ногдол ашиг 1,029,217 юань буюу 404,173,515.90 төгрөг гаргуулах, торгууль 500,000 юань буюу 196,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.С 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Тус шүүх хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэж ... дугаар шийдвэр гаргасан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн ба Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахад шүүгч Б.Ундраа хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Өмгөөлөгч Б.О нь шүүгч Б.Ундраад холбогдуулан “…хэргийг хүлээн авснаас хойш 1 жил 10 сарын хугацаанд Улсын дээд шүүхийн тогтоолд заасан ямар ч ажиллагааг хийж гүйцэтгээгүй, ажиллагааг гүйцэтгэхийг хэргийн оролцогчдод шаардлага тавьж ажилладаггүй, хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлэхгүй 2 жилийн хугацаа өнгөрч нэхэмжлэгчид давуу байдал олгосон, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг өөрийн санаачилгаар “...нэхэмжлэгч шаардлагаа тодруулж өгөөрэй” гэж хойшлуулсан, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өмгөөлөгчийн зүгээс “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” гэх хүсэлт гаргахад 1 сарын дараа татгалзсан захирамж гаргасан ба гомдол гаргах эрхийг хязгаарласан, сөрөг нэхэмжлэл хэд хэдэн удаа гаргасан боловч шүүгч хүлээж авдаггүй тул хуульд заасан мэдүүлэх эрхээ бүрэн эдэлж чаддаггүй, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, мэтгэлцэх зарчим хэрэгждэггүй” гэсэн агуулга бүхий өргөдөл гаргасан.
Дээрх өргөдлөөр холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулсан ба Сахилгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0058 дугаар магадлалаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчинтэй байна.
Магадлалд “...уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан ба хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж хойшлуулсанд шүүгчийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-т зааснаар Сахилгын хорооны магадлалаар нэгэнт тогтоогдсон дээрх асуудлаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй.
2. Харин холбогдох шүүгч мөн хугацаанаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсанаар дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
2.1. Шүүгч 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг нэхэмжлэгч талд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч X-ийн гадаад паспортын хуулбарыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт хавсаргахыг хариуцагч талд тус тус даалгажээ.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчилж, “Н” ХХК-с нийт 2,346,112,260.87 төгрөг нэхэмжилж, холбогдох баримт, улсын тэмдэгтийн хураамжид 11,888,511 төгрөг төлсөн баримтыг хавсаргаж шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т-д 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гардуулсан нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан үндэслэл болон шаардлагаа өөрчлөх, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй ба хариуцагч шаардлагын хүрээнд тайлбар, нотлох баримтаа гаргах үүрэгтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлыг шийдвэрлэх эрхгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчлөх тухай бүрд шүүгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар төлсөн эсэхийг шалгаж, өөрчилсөн нэхэмжлэлийг хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т заасан хугацаанд гардуулах ажиллагаа явуулна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.8-т зааснаар хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцахыг шүүгчид хориглосон бөгөөд мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.2-т шүүгчийн туслах нь хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх чиг үүрэгтэй.
Шүүгч Б.Ундраа тайлбартаа “...өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулах ажиллагааг шүүгчийн туслах Н.А хийж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т руу ... дугаарын утас руу холбогдож мэдэгдсэн боловч ирж аваагүй, ...2025 оны 06 дугаар сарын 22-нд ээлжийн амралтаа аваад 8 сарын 3-нд ажилдаа ороход аваагүй байсан, 08 дугаар сарын 05-ны өдөр гардуулсан ...” гэжээ.
Гэрч Н.А мэдүүлэгтээ “...нэхэмжлэгч 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, зарим шаардлага үндэслэлээ өөрчилж ирүүлсэн. Шүүгч Б.Ундраа 06 дугаар сарын 05-ны өдөр ээлжийн амралтаа авах байсан бөгөөд энэхүү өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулах ажиллагаа явуул гэж надад өгсөн. Ингээд би Т төлөөлөгчийн ... дугаарын утсаар залгаж, өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагыг авахыг мэдэгдэхэд за ойлголоо гэсэн боловч ирээгүй. Би 06 дугаар сарын 23-аас ээлжийн амралтаа авах байсан бөгөөд Т төлөөлөгч ирээгүй тул амрахаасаа өмнө дахин залгаж мэдэгдэхэд ажил ихтэй байна, ээлжийн амралтаа авсан байсан ч орлож байгаа хүнээс чинь авчихна гэж хэлсэн боловч ирээгүй. Иймд би ээлжийн амралтаа авахдаа намайг орлож үлдсэн хүнд гардуулах нэхэмжлэлээ үлдээгээд амарсан. Ингээд би амралтаа дуусгаад 07 дугаар сарын 25-ны өдөр буюу 5 дахь өдөр ажилдаа ороход гардаж аваагүй байсан тул 1 дэх өдөр нь дахин залгаад мэдэгдэхэд ёстой уучлаарай, зав гарахгүй байсаар удчихлаа, өнөө маргаашгүй очиж авна гээд 08 дугаар сарын 05-ны өдөр ирж авсан. ...ирнэ гээд байсан тул мэдэгдэх хуудас хүргүүлээгүй, ...нэхэмжлэл гардуулсан эсэхэд шүүгч байнга хяналт тавьдаг, шүүгч 06 дугаар сарын 05-ны өдөр амраад 08 дугаар сарын 05-ны өдөр орсон. Ажилд орох үед нь би гардуулсан байсан...” гэжээ.
Дээр дурдсанаас үзвэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагчид хуульд заасан хугацаанд гардуулаагүйд шүүгчийг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагчид гардуулах ажиллагааг шүүгчийн даалгаснаар шүүгчийн туслах гүйцэтгэх үүрэг хүлээсэн бөгөөд тэрээр хариуцагчид мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд ирж аваагүйгээс гадна шүүгч, шүүгчийн туслах энэ хугацаанд ээлжийн амралттай байсан нь тогтоогдож байна.
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т зааснаар шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй бөгөөд хариуцагч дуудсан хугацаанд ирж нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн аваагүйд шүүгчийг буруутгах боломжгүй.
2.2. “Э” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Н” ХХК, БНХАУ-ын иргэн Ш нарт холбогдуулан “2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нүүрс олборлох хамтран ажиллах гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт хэлэлцээрийн хугацаа дуусгавар болсныг тогтоож, уурхайн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгах, ногдол ашиг 1,029,217 юань буюу 404,173,515.90 төгрөг гаргуулах, торгууль 500,000 юань буюу 196,350,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ... дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э-ийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаж, “хариуцагч “Н” ХХК-д ... аймгийн ... сумын ... баг, ... гэх газар байрладаг ... тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 1228,6 га уурхайн талбайд тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах” арга хэмжээ авсан байна.
Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь нэхэмжлэлийн шаардлагатай уялдахаас гадна шүүхийн шийдвэрийг биелүүлэх баталгаа болдог.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Э” ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан “...уурхайн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” нэхэмжлэлээсээ татгалзаж, шаардлагаа “Н” ХХК, иргэн Ш нараас талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Нүүрс олборлох, хамтран ажиллах гэрээ”, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Нэмэлт хэлэлцээр”-г цуцлагдах үед нэхэмжлэгч талд төлөөгүй ногдол ашиг, торгууль, гэрээнээс учирсан хохирол болох татварын төлбөр нийт 2,346,112,260.87 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулах” гэж өөрчилжээ.
Шүүгч нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагыг хариуцагчид гардуулах ажиллагаа явуулахыг шүүгчийн туслахад даалгаснаас үзвэл уг нэхэмжлэлийг хүлээн авсан гэж үзэх бөгөөд өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгч өмнө гаргасан “уурхайн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” шаардлагаасаа татгалзсан, энэ тохиолдолд шүүгч энэхүү шаардлагатай холбоотой өмнө гаргасан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгох нь уг арга хэмжээний зорилгод нийцэх учиртай.
Нөгөө талаар шүүх нэхэмжлэлийн тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1-д заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргаж болохоор мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасан тул шүүх энэхүү эрсдэлийг харгалзан уг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байжээ.
Хариуцагч Ш 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “...биелэлтийг баталгаажуулах тухай захирамж хүчинтэй үлдсэн нь илт үндэслэлгүй тул шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хүчингүй болгох” хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй байна.
Дээр дурдсанаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ шаардлагагүй болсон бөгөөд уг арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх нь хариуцагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл байдлыг бий болгох үр дагавартай.
Иймд шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5, 123 дугаар зүйлийн 123-т заасан илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
2.3. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” 64.2.1-т “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно”, 32.2-т “Төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байна”, 35.1-т “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно”, 35.2-т “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ”, 36.2-т “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус заасан.
2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас хойш буюу 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч БНХАУ-ын иргэн Ш болон “Н” ХХК нь Ч.Т-д олгосон итгэмжлэлдээ “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийг төлөөлөн оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх бүрэн эрхийг олгосон байх ба итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангасан байдлаар иргэний хэрэгт авагджээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.О-ын “шүүгч Б.Ундрааг татгалзан гаргах” хүсэлтийг Ерөнхий шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01552 дугаар захирамжаар хангахаас татгалзсан.
Хариуцагч “Н” ХХК-иас 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л болон түүний хөлсөлсөн бүх өмгөөлөгчийн гэрээг цуцалсан болохоо шүүхэд мэдэгдсэн.
Дээрхээс үзвэл, хариуцагч нар өөрийгөө шүүхэд төлөөлөх эрхийг Ч.Т-д итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан нь 2025 оны 04 дүгээр сарын 15, 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан “...тус шүүхийн шүүгч Л.З-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Н” ХХК, БНХАУ-ын иргэн Ш нарын нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох иргэний хэрэгт “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэгтгүүлэх” хүсэлтээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” гэж заасан.
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар тогтоолоор “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хүргүүлсэн.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” 28 дугаар тогтоолын 4-т “Ноцтой зөрчих” гэдгийг ...Процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, 5-т “Удаа дараа” гэдэгт хуулийн илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар зөрчсөн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно гэжээ.
Шүүгч Б.Ундраа нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10 сарын хугацаанд шүүх хуралдааныг товлон зарлаагүй, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй байгааг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Харин 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хариуцагчаас апостиль гэрчилгээ гаргуулах, нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулах ажиллагааг залруулах” хүсэлтийг хангаж, хариуцагч “Н” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар ба тус компанийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээдэд олгосон итгэмжлэлийг апостиль гэрчилгээний хамт, БНХАУ-ын иргэн Ш-ыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээдийн итгэмжлэлийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулжээ.
Хариуцагч “Н” ХХК-иас 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А.Н, Э.Д нарт итгэмжлэл олгож, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ч.Т-д олгосон итгэмжлэлээсээ татгалзсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-д 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, хэргийн материал танилцуулах ажиллагаа хийгдсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуралдааны явцад гаргасан зохигчийн хүсэлтийг хангах эсэх нь шүүгчийн бүрэн эрх хэдий ч хэрэг маргааныг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх нь хуульд нийцэх бөгөөд шүүх хуралдааныг “жич товлон зарлах”-аар хойшлуулж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрэхэд хүргэж байгааг шүүгч анхаарвал зохино.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ....зөрчсөн” гэж үзэж нотлох дүгнэлт үйлдэж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа тайлбартаа:
“...1. 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулах ажиллагааг залруулах буюу хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгааг тодруулж, ажиллагааг залруулах талаар хүсэлт гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн.
2. Шүүгчийн ... захирамжийн үндэслэл нь:
- Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч ӨМӨЗО-ны “Н” ХХК болон БНХАУ-ын иргэн Ш-д тус тус холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх эдгээр хариуцагч нарт холбогдох иргэний хэрэг үүсгэсэн.
- Хэрэгт авагдсан Нүүрс олборлох (хамтран ажиллах) гэрээнд хамтран ажиллаж буй талуудыг тодорхойлохдоо Өвөр монголын хуулийн этгээд “Ж” ХХК гэж хуулийн этгээдийн нэрийг тусгасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэрэгт авагдсан хариуцагч талын 2025 оны 01 дүгээр сарын 30, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн итгэмжлэлд Н гэж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л-ээс татгалзах тухай 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн огноотой албан бичигт хуулийн этгээдийн нэрийг “Н” ХХК гэж тус тус зөрүүтэй бичигдсэн.
- Дээр дурдсанаар, энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож буй хуулийн этгээдийн талаарх мэдээлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх бүхий этгээдийг тодруулах буюу хариуцагч хуулийн этгээдэд холбогдох апостиль гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хангах нь хариуцагчийг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөв явуулахад ач холбогдолтой.
- Мөн хариуцагч БНХАУ-ын иргэн Ш-аас Ч.Т-д олгосон итгэмжлэлд Ч.Т гарын үсэг зураагүй байгааг тодруулах талаар гаргасан хүсэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй ба хариуцагч Ш-ыг төлөөлөх эрх бүхий этгээдэд эсхүл, Ш-д нэхэмжлэлийн хувь гардуулах ажиллагааг залруулж гүйцэтгэх үндэслэлтэй гэж үзсэн.
3. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээснээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өөрөө удирддаг бөгөөд ийнхүү хариуцагчийн талаар тодруулах тухай шүүгчийн ... захирамжийн биелэлт хангагдахгүй, хариуцагч ӨМӨЗО-ны “Н” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар ба тус компанийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээдэд олгосон итгэмжлэлийг апостиль гэрчилгээний хамт, БНХАУ-ын иргэн Ш-ыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээдийн итгэмжлэлийг хариуцагчаас гаргаагүй, улмаар нэхэмжлэлийн хувь гардуулагдахгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байна.
4. “Н” ХХК-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаанд “Н” ХХК-иас 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Э.Д-д итгэмжлэл олгосон бөгөөд хуулийн этгээдийн нэр зөрүүтэй, хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх байдлыг тодруулах, апостиль гэрчилгээг шүүгчийн захирамжид зааснаар хэрэгт хавсаргуулахыг шүүгчийн туслах мэдэгдсэн боловч шүүгчийн захирамж биелээгүй хэвээр байна. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
Шүүгч Б.Ундраа 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа:
“...1. Өмнө гаргасан тайлбарт, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагчид гардуулах ажиллагаа, шүүх хуралдаан товлох ажиллагааны талаар дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.
2. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар
захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэлийн шаардлага тодруулахыг
нэхэмжлэгчид даалгасан тул шүүх хуралдааныг жич товлох нь нэхэмжлэлийн хувийг
хариуцагчид гардуулах, тайлбар гаргах, эрх, үүргээ хэрэгжүүлэх хугацааг хэргийн
оролцогчид олгох тул шүүх хуралдааныг жич товлох нь зүйтэй гэж үзсэн. Улмаар,
нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №25/18 тоот албан бичгээр нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг шүүхэд гаргасан. Уг өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулах ажиллагааг шүүгчийн туслах Н.А хийж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т руу ... дугаарын утас руу нь холбогдож нэхэмжлэлийн хувь гардаж авахыг мэдэгдсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т-тай удаа дараа утсаар холбогдож, нэхэмжлэлийн хувиа гардуулж өгөхөөр дуудахад ирээгүй ба 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс ээлжийн амралт нь эхлэхээс өмнө ирэхийг мэдэгдэхэд, шүүгчийн туслахын амралттай хугацаанд ирж авъя гэж хариу мэдэгдсэн боловч мөн гардаж аваагүй байсан. Шүүгчийн туслах Н.А 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ээлжийн амралт дуусаж, ажилдаа ороход нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч гардаж аваагүй байсан ба шүүгчийн туслах 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр уг гардуулах ажиллагааг хийсэн.
3. Шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр товлосон ба мөн
өдрийн шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулах ажиллагааг залруулах буюу хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгааг тодруулж, ажиллагааг залруулах талаар хүсэлт гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн.
4. Хариуцагч хуулийн этгээдийн нэр “Ж”, “Н”, “Н” ХХК гэж тус тус зөрүүтэй байдлаар хэрэгт авагдсан гэрээ, итгэмжлэлд тусгагдсан байдлыг тодруулж, хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээдийг үнэн зөв, эргэлзээгүй илэрхийлэх бичиг баримтыг шүүхэд ирүүлснээр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах тул дурдсан бичиг баримтыг шүүхэд ирэх хүртэл хугацаанд шүүх хуралдааныг товлох боломжгүйд хүрч, шүүх хуралдааныг жич товлохоор захирамжилсан.” гэжээ.
Шүүгч Б.Ундраа өргөдөл гаргагч Э.Д-ийн гаргасан 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн нэмэлт тайлбарт холбогдуулан ирүүлсэн тайлбартаа:
“1. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ... тоот захирамжийг хэрхэх талаар шийдвэрлээгүй гэх агуулгаар гомдол гаргажээ.
2. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн
... дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулах ажиллагааг залруулах буюу хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа талаар тодруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг залруулахаар шийдвэрлэсэн.
3. Хариуцагч ӨМӨЗО-ны “Н” ХХК болон БНХАУ-ын иргэн Ш-д тус тус холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талыг төлөөлөх эрх бүхий этгээдийн нэр “Ж”, “Н”, “Н” ХХК гэж тус тус зөрүүтэй байгааг тодруулсан бичиг баримт шүүхэд ирээгүй буюу Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар захирамжийн заалт хангагдаагүй хугацаанд Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ... тоот захирамжийг хүчингүй болгох, эсхүл хүсэлтийг хангахгүй орхих зэрэг аливаа байдлаар захирамж гаргах нь зохимжгүй байсан бөгөөд шүүгчийн захирамжийг биелүүлж, хариуцагч хуулийн этгээдийн талаар тодруулахыг шүүгчийн туслах шаардсаар ирсэн.
4. Шүүх, хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй бус, хүсэлт гаргаж буй хэргийн оролцогчийн талаар тодруулах шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан даруйд хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй нөхцөл байдалд байгаа болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-с Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраад холбогдуулан “... хүсэлтийг шийдвэрлэхгүй удах, дараагийн шүүх хуралдааныг хэдэн сарын дараа товлох зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах замаар нэхэмжлэгч талд давуу байдал олгож, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан ...” гэж өргөдөл гаргажээ.
Шүүхийн сахилгын хорооны гишүүн холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулаад, шүүгч Б.Ундрааг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэж, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ГНД/2026/0007 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг гаргасан байна.
Нэг. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Э” ХХК нь “Н” ХХК, БНХАУ-ын иргэн Ш нарт холбогдуулан гаргасан “2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нүүрс олборлох хамтран ажиллах гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт хэлэлцээрийн хугацаа дуусгавар болсныг тогтоож, уурхайн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгах, ногдол ашиг 1,029,217 юань буюу 404,173,515.90 төгрөг гаргуулах, торгууль 500,000 юань буюу 196,350,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.С 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Тус шүүх хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэж ... дугаар шийдвэрээр 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нүүрс олборлох хамтран ажиллах гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт хэлэлцээрийн хугацаа дуусгавар болсныг тогтоох хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин уурхайн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар магадлалаар хэвээр үлдээсэн ба Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахад шүүгч Б.Ундраа хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Шүүхийн сахилгын хороонд хариуцагчийн өмгөөлөгч Б.О-с шүүгч Б.Ундраад холбогдуулан “…хэргийг хүлээн авснаас хойш 1 жил 10 сарын хугацаанд Улсын дээд шүүхийн тогтоолд заасан ямар ч ажиллагааг хийж гүйцэтгээгүй, ажиллагааг гүйцэтгэхийг хэргийн оролцогчдод шаардлага тавьж ажилладаггүй, хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлэхгүй 2 жилийн хугацаа өнгөрч нэхэмжлэгчид давуу байдал олгосон, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг өөрийн санаачилгаар “...нэхэмжлэгч шаардлагаа тодруулж өгөөрэй” гэж хойшлуулсан, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өмгөөлөгчийн зүгээс “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” гэх хүсэлт гаргахад 1 сарын дараа татгалзсан захирамж гаргасан ба гомдол гаргах эрхийг хязгаарласан, сөрөг нэхэмжлэл хэд хэдэн удаа гаргасан боловч шүүгч хүлээж авдаггүй тул хуульд заасан мэдүүлэх эрхээ бүрэн эдэлж чаддаггүй, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, мэтгэлцэх зарчим хэрэгждэггүй” гэсэн агуулга бүхий өргөдөл гаргаж байжээ.
Дээрх өргөдлөөр холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулсан ба Сахилгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн СХМ/2025/0058 дугаар магадлалаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд уг магадлалаар шүүгч Б.Ундраагийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тус иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан үйл баримтыг дүгнэн шийдвэрлэсэн байх тул үүнийг илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-т зааснаар Сахилгын хорооны магадлалаар нэгэнт тогтоогдсон дээрх асуудлаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэнийг хүлээн авах нь зүйтэй байна.
Иймд холбогдох шүүгч дээрх хугацаанаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсанаар тодорхойлж, дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзлээ.
Хоёр. Шүүгч 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг нэхэмжлэгч талд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч X-ийн гадаад паспортын хуулбарыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт хавсаргахыг хариуцагч талд тус тус даалгажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Э” ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан “...уурхайн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” нэхэмжлэлээсээ татгалзаж, шаардлагаа “Н” ХХК, иргэн Ш нараас талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Нүүрс олборлох, хамтран ажиллах гэрээ”, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Нэмэлт хэлэлцээр”-г цуцлагдах үед нэхэмжлэгч талд төлөөгүй ногдол ашиг, торгууль, гэрээнээс учирсан хохирол болох татварын төлбөр нийт 2,346,112,260.87 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулах” гэж өөрчилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т-д 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гардуулсан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг, маргааныг шийдвэрлэх үүрэгтэй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчлөх тухай бүрд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан бүрдүүлбэр хангагдсан эсэх, 65 дугаар зүйлийн 65.1-д заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон түүнд хавсаргасан баримтуудын хүрээнд шалгаж, хэрэв татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл өөрчилсөн нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах, тайлбар авах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэнэ. Хэрэв өөрчилсөн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл байна гэж үзвэл холбогдох захирамжаар татгалзах бөгөөд харин хүлээн авсан бол энэ талаар захирамж гаргахыг хуулиар үүрэг болгоогүй байна.
Шүүгч нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагыг хариуцагчид гардуулах ажиллагаа явуулахыг шүүгчийн туслахад даалгаснаас үзвэл уг нэхэмжлэлийг хүлээн авсан гэж үзэх бөгөөд өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.
Гэтэл нэхэмжлэгч өмнө гаргасан нэхэмжлэлийн “уурхайн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” шаардлагаасаа татгалзсаныг хүлээн авсан боловч уг шаардлагатай холбоотой өмнө гаргасан “нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э-ийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаж, “хариуцагч “Н” ХХК-д ... аймгийн ... сумын ... баг, ... гэх газар байрладаг ... тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 1228,6 га уурхайн талбайд тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах” арга хэмжээ авсан” шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ... дүгээр захирамжийг хүчингүй болгоогүй, энэ талаар хариуцагч Ш 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй байна.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д “Шүүх энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээг авахдаа үнэт цаасны клиринг, төлбөр тооцооны үйл ажиллагаа, төлбөрийн үүргийг тасалдуулах, үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэж болохгүй.”, 123 дугаар зүйлийн 123.3-д “Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана.” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарласан ба тус тайлбарын 3-д “Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно. 4.б.д “Ноцтой зөрчих” гэдгийг: Процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт /зүй бус/ ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэжээ.
Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг “уурхайн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” шаардлагын хүрээнд авахдаа нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн буюу хариуцагч тус уурхайн талбайг хууль бусаар эзэмшиж байгаа болохыг тогтоож, улмаар чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр биелэгдэх нөхцөлийг урьдчилан баталгаажуулах зорилгоор дээрх арга хэмжээг авсан гэж үзэхээр байх бөгөөд харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн уг шаардлагаасаа татгалзсан энэ тохиолдолд шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ... дүгээр захирамжаар авсан арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх учиртай.
Гэтэл шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ шаардлагагүй болсон байхад уг арга хэмжээг үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх эс үйлдэхүй гаргаж байгаа нь хариуцагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл байдлыг бий болгож хохироосон байх тул хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнэлээ.
Харин үүнийг холбогдох шүүгчээс “... Хариуцагч ӨМӨЗО-ны “Н” ХХК болон БНХАУ-ын иргэн Ш-д тус тус холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талыг төлөөлөх эрх бүхий этгээдийн нэр “Ж”, “Н”, “Н” ХХК гэж тус тус зөрүүтэй байгааг тодруулсан бичиг баримт шүүхэд ирээгүй буюу Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар захирамжийн заалт хангагдаагүй хугацаанд Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ... тоот захирамжийг хүчингүй болгох, эсхүл хүсэлтийг хангахгүй орхих зэрэг аливаа байдлаар захирамж гаргах нь зохимжгүй байсан ...” гэж тайлбарласан.
Тус хэргийг хянан хэлэлцэхээр товлосон 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хариуцагчаас апостиль гэрчилгээ гаргуулах, нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулах ажиллагааг залруулах” хүсэлтийг хангаж, хариуцагч “Н” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар ба тус компанийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээдэд олгосон итгэмжлэлийг апостиль гэрчилгээний хамт, БНХАУ-ын иргэн Ш-ыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээдийн итгэмжлэлийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулсан байна.
Үүний дагуу хариуцагч “Н” ХХК-иас 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А.Н, Э.Д нарт итгэмжлэл олгож, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ч.Т-д олгосон итгэмжлэлээсээ татгалзсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-д 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, хэргийн материал танилцуулжээ.
Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” 64.2.1-т “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно”, 32.2-т “Төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байна”, 35.1-т “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно”, 35.2-т “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ”, 36.2-т “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус заасан.
Илтгэгч гишүүний шалгах ажиллагаагаар 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч БНХАУ-ын иргэн Ш болон “Н” ХХК нь Ч.Т-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх бүрэн эрхийг хуульд заасан шаардлагыг хангасан итгэмжлэлээр олгон оролцуулж байсан нь түүнээс 2025 оны 04 дүгээр сарын 15, 04 дүгээр сарын 24-ний өдөр “хэрэг нэгтгүүлэх” тухай хүсэлт гаргасан, түүнд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг гардуулсан зэргээр тогтоогджээ.
Дээрхээс үзэхэд, хариуцагчийг төлөөлөх төлөөлөгчид олгосон эрхтэй холбоотойгоор хүсэлтийг шийдвэрлээгүй, үүний улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд шүүгч нь хуульд заасан хугацаанд хэргийг хянан шийдвэрлэх, үүний тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй, шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай тул шүүгчийн тайлбарт дурдсан үндэслэлээр түүнийг сахилгын зөрчил гаргаагүй гэж дүгнэх боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүгч нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10 сарын хугацаанд шүүх хуралдааныг товлон зарлаагүй, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй байна.
Энэ нь шүүгч хэргийг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчиж, өөрчилсөн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, улмаар хариуцагчид зүй бус хохирол учруулсан гэж дүгнэлээ.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т заасан хугацаанд гардуулах үүрэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.2-т заасан шүүгчийн туслахын гүйцэтгэх ажиллагаа тул хугацаа алдан хариуцагчид гардуулсан болон хариуцагч дуудсан хугацаанд ирж нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн аваагүй үйлдэлд шүүгчийг буруутгах боломжгүй.
Иймд илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундрааг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5, 71 дүгээр зүйлийн 71.1, 123 дугаар зүйлийн 123.3-д заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэж, сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар болон бусад нөхцөл байдал зэргийг харгалзан “огцруулах” сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон.
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ГНД/2026/0007 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраад “огцруулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Б.СУГАР