info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2026-05-15

Дугаар 16

Улаанбаатар хот

Магадлалд өөрчлөлт оруулах тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Б.Сугар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн М.Нарансолонго, өргөдөл гаргагч Ц.Б нарыг оролцуулан, Сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2026/0048 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан сахилгын хэргийн оролцогч шүүгч Д.Батхуягийн гомдлыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2026/0048 дугаар магадлалын 1 дэх заалтаар:

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ГС/2026/0040 дүгээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэрийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуягт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгч Д.Батхуяг сахилгын хороонд гаргасан гомдолдоо:

“... Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2026/0048/з/1 дугаар магадлалын үндэслэх хэсэгт тусгагдсан “шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн” гэх дүгнэлтийг дараах эрх зүйн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шүүгч нь нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг “авах эрхтэй” гэж хуульчилсан.

Энэхүү зохицуулалт нь шүүгчид заавал хэрэгжүүлэх үүрэг бус, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн нөхцөл байдал, нотлох баримт, шаардлагыг үнэлсний үндсэн дээр шийдвэрлэх дискрец (өөрийн үзэмжийн) эрх олгосон шинжтэй байна.

Иймд уг арга хэмжээг авахаас татгалзсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэлд тооцогдохгүй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах боломж нь зөвхөн тухайн захирамж нь хэргийн оролцогчид шууд эрх зүйн үр дагавар үүсгэсэн тохиолдолд хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл, гомдол гаргах эрх нь аливаа захирамж бүрд бус, харин эрх, үүргийн байдалд бодит нөлөө үзүүлсэн шийдвэрт хамаарна.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж нь ерөнхийдөө тухайн хүсэлтийг гаргасан этгээдийн эрх байдлыг дордуулах, шинэ үүрэг бий болгох, эсхүл эрхийг хязгаарлах шинжийг агуулаагүй байдаг.

Иймд ийм төрлийн захирамжийг гомдол гаргах боломжтой захирамжийн ангилалд хамааруулах нь хуулийн зорилго, процессын эдийн засгийн зарчимд нийцэхгүй.

4.Хэрэв хүсэлт хангагдаагүй бүх тохиолдолд гомдол гаргах эрхийг нээлттэй гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үндэслэлгүйгээр удаашрах, шүүхийн үйл ажиллагаанд хэт оролцох, улмаар шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг алдагдуулах эрсдэл үүснэ. Энэ нь шүүх эрх мэдлийн үндсэн зарчим болох шүүгчийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан хэрэг шийдвэрлэх зарчимд харшилна.

Иймд шүүгчийн зүгээс шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай хүсэлтийг хангахаас татгалзахдаа гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ нь шүүгчид олгогдсон процессын дискрец эрхийн хүрээнд хийгдсэн хууль ёсны ажиллагаа болно.

5.Магадлалд "Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хэрэг үүсгэхээс өмнө болон үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.1-69.1.5-т заасан арга хэмжээг аваагүй буюу эрх зүйн үр дагавар үүсгээгүй бол гомдол гаргах эрхгүй байдлаар шүүхийн практикт өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байгааг дурдах нь зүйтэй. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасан “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж. шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно" гэх заалт нь хуулийн илт тодорхой заалтад хамаарна” гэж дүгнэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийг үндэслэн гаргасан шүүгчийн захирамжийг “хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн” зөрчилд хамааруулан тайлбарлаж буй нь ямар хууль зүйн үндэслэлд тулгуурласан болох нь ойлгомжгүй, улмаар эрх зүйн үндэслэл нь тодорхой бус байна.

6.Иймд Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2026/0048/3/1 дугаар магадлалын үндэслэх хэсэгт тусгагдсан "... холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ. Дээрх зөрчил нь ноцтой эсхүл удаа дараа тохиолдолд сахилгын зөрчилд хамаарахаар хуульд заасан бөгөөд “...нэхэмжлэгчээс гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг 2 удаа хүлээн авахаас татгалзахдаа гомдол гаргах эрхгүй гэж дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзнэ. Харин уг зөрчлийн улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “ноцтой” зөрчилд тооцох боломжгүй ...” гэсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв. Хуулийн илт тодорхой заалтыг 3 ба түүнээс дээш удаа зөрчсөн байхыг “удаа дараа” гэж ойлгох ба шүүгч Д.Батхуягийн уг үйлдлийг эхний удаагийн зөрчил гэж үзэхээр байна” гэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Холбогдох шүүгч Д.Батхуягийн гомдлыг гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Өргөдөл гаргагчаас “ ... нийт 8 удаагийн хүсэлт гаргасныг шийдвэрлэлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан “даруй” шийдвэрлэх хугацаа алдагдуулсан, ... шүүгчид хуваарилагдсанаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн, удаашралтай байгаа нь хариуцагч талд үйлчилсэн, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон, ... захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлийг огноонд заасан хугацаанд албажуулан гаргаж, зохигч нарт танилцуулах ажиллагаа хийж байгаагүй, ... үзлэгийн тэмдэглэлд шүүгч гарын үсэг зурж албажуулалгүй нэг шүүх хуралдаан дамжуулан явуулсан, бүтэн 5 цаг хуралдсаны дараа энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр гаргалгүй, хойшлуулсан захирамж гаргасан, ... гэрчээс мэдүүлэг авахдаа тухайн хүнийг хөтөлсөн, тулгасан асуулт тавьсан, ... 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжийг 2025 оны 11 дүгээр арын 24-ний гардан авах үед “гомдол гаргах хугацаа чинь дууссан” гэж гомдол гаргах эрхийг хязгаарласан, шүүгч захирамжаа танилцуулах үед “гардан авснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” гэж тайлбарлаж байсан атлаа шүүгч захирамж гаргасан захирамждаа гарсан өдрөөс хойш гэж гаргасан, ... шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг шийдвэрлэсэн захирамжуудад миний гомдол гаргах эрхийг хязгаарласан ...” гэж өргөдөл гаргасан.

Илтгэгч гишүүн дээрх өргөдлийн “... шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг шийдвэрлэсэн захирамжуудад миний гомдол гаргах эрхийг хязгаарласан ...” гэж дурдсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн боловч хуульд заасан “удаа дараа”, “ноцтой” гэх нөхцөлийг хангаагүй тул сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй, харин бусад үндэслэлийг сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзэн санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хүлээн авч, шүүгч Д.Батхуягт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгчээс “... шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай хүсэлтийг хангахаас татгалзахдаа гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй ...” гэж гомдол гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ц.Б-с 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд захирамжийн биелэлтийг хангуулж гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах, нотлох баримт гаргуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.4-д зааснаар баталгаажуулах хүсэлт тус тус гаргасныг шүүгчийн 191/ШЗ2025/39362 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, гэрч нарыг албан ирүүлэхийг даалгаж, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

            Мөн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дээрх хүсэлтээ дахин гаргасныг шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/55326 дугаар захирамжаар хангаагүй бөгөөд дээрх захирамжуудад гомдол гаргах эрхгүй гэж дурджээ.

             Үүнийг илтгэгч гишүүн “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар тус хуулийн 69.1-д заасан захирамжид хэргийн оролцогч 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй талаар хуульд илт тодорхой тусгасныг зөрчсөн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчлийг гаргасан” гэж дүгнэснийг дүгнэснийг хүлээн авсан нь үндэслэл муутай болжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй:

            69.1.1.хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх;

            69.1.2.хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглох;

            69.1.3.хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох;

            69.1.4.нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулах;

            69.1.5.тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах” гэж заажээ.

            Дээрх хуулийн хуулийн зохицуулалтыг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч байгаа тохиолдолд хэрэглэх бөгөөд харин шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангахгүй орхиж буй тохиолдолд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг баримтлан хэргийн оролцогчийг хүсэлтийг шийдвэрлэх юм.

            Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг авах эрхийг шүүгчид олгосноор шүүхийн шийдвэр маргааны зүйлийг бусдад шилжүүлэх, үгүй хийх зэргээс урьдчилан сэргийлэх бөгөөд шүүхийн шийдвэр гарцаагүй биелэгдэх боломжийг бий болгодог. Нөгөө талаас уг эрхийн дагуу гаргасан шүүгчийн захирамж нь хариуцагчийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасны дагуу гомдол гаргах эрхтэй байдаг.

            Харин нэхэмжлэгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснээр хариуцагчид эрх зүйн үр дагавар үүсээгүй ба нэхэмжлэгч нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлах, аливаа үйлдэл хийхийг даалгахаар хүсэлт гаргасныг шүүхээс үндэслэлгүй гэж дүгнэснээр нэхэмжлэгчийн хуульд заасан эрх хөндөгдөхгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ гомдол гаргах эрхгүй гэж заасан нь түүний гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэлд хамаарахгүй, шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

Дээрх агуулгаар холбогдох шүүгчийн гомдлыг хангаж, Сахилгын хорооны хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2026/0048 дугаар магадлалын үндэслэх хэсэгт шүүгч Д.Батхуягийг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Сахилгын хорооны хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2026/0048 дугаар магадлалын үндэслэх хэсэгт шүүгч Д.Батхуягийг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2.Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын Дээд шүүхэд гаргаж болохыг дурдсугай.

            3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                    Х.ХАШБААТАР

                        ГИШҮҮН                                          Б.СУГАР

                                                                                    С.ЭНХТӨР