info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-04-02

Дугаар 48

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга М.Нарансолонго, өргөдөл гаргагч Ц.Б нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуягт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Ц.Б өргөдөлдөө: “ ...1. Д.Батхуяг шүүгчид нийт 8 удаагийн хүсэлт гаргасан. Хүсэлт хүлээн аваад шийдвэрлэх процесс ажиллагаа удаашралтай буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1-д заасан “даруй шийдвэрлэх” хуулийн хугацааг алдагдуулдаг байсан. ...захирамжууд болон шүүх хурлын тэмдэглэлийг хэзээ ч огноонд заасан хугацаандаа албажуулан гаргаж зохигч нарт танилцуулах ажиллагаа хийгдэж байгаагүй. 2. Шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн өгсөн сидинд үзлэг хийсэн. Тус үзлэгийн тэмдэглэлд зөвхөн шүүгч гарын үсэг зурж, албажуулалгүй нэг шүүх хуралдаан дамнан явсны дараагаар шүүх хуралдаантай 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Тухайн үзлэгийн тэмдэглэл дүгнэлт хэлбэрээр бичигдсэн байна. Засварлуулах юм уу, эсхүл үзлэг хийлгэсэн тэмдэглэлээсээ татгалзах юм уу? гэх байдлаар нэхэмжлэгчид тулгаж, нөлөөлөхийг оролдсон... 3. 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13:30-18:30 цаг хүртэл үргэлжилсэн шүүх хуралд гэрч М.Д-ээс мэдүүлэг авахдаа хөтөлсөн, тулгасан асуулт тавьсан... Энэ үйлдэл нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.10 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль сануулсан гэрчид нөлөөлөн бусдад тулгах, шахалт үзүүлэх, албан үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болголоо” гэж үзэж байна.

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан нэхэмжлэгчийн хүсэлтийг ямар нэгэн үндэслэлгүйгээр, гомдол гаргах эрхгүй шийдвэрлэсэн. Үзлэг хийх ажиллагаанд шүүгч удирдан чиглүүлэх үүрэгтэй хэдий ч энэ үүргээ биелүүлээгүй...

Ц.Б-ын нэхэмжлэлтэй “Д” ГХОХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болсон боловч тус шүүх хуралдааны шүүгчийн захирамжийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гардан авсан. Үүнээс өмнө миний бие удаа дараалан шүүх дээр ирсэн боловч гаргаагүй албажуулахгүй байсан болно. Гэвч шүүгчийн захирамжийг гардан авах үед “гомдол гаргах хугацаа чинь дууссан” хэмээн гардуулах ажиллагаа явуулж байгааг зөрчил гэж үзэж байна. Учир нь шүүх хуралдааны дараа шийдвэрээ танилцуулахдаа “гардан авснаас хойш 10 хоногт гомдол гаргах эрхтэй” гэж тайлбарлаж байсан атлаа шүүгч бичгээр гаргасан захирамждаа “гарсан өдрөөс хойш” хэмээн нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг идэж байна. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйл 71.1-д “...давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэсэн хуулийн хугацаа нэгэнт алдагдсан.

Мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хүсэлтийг шүүгч мөн хуулийн 105 дугаар зүйл 105.1-д заасны дагуу “...даруй шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зохицуулалтыг алдагдуулан удаа дараалан хойшлуулж байгаа явдал бол Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйл 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн ойлголтод тодорхой хамааралтай үйлдэл гэж үзэж байна. Нөгөө талаар энэ шүүгчийн удаашралтай үйлдэл гаргаж байгаа явдал бол хариуцагч талд үйлчилсэн буюу албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж давуу байдал бий болгож буй бодит үйлдэл буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйл 50.1.1-ийг зөрчсөн үйлдэл ...2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн огноотой 191/ШЗ2025/5...6 дугаартай захирамжийг албажуулан нэхэмжлэгч Ц.Б надад танилцууллаа. Гэвч шүүгч энэ шүүгчийн захирамж гаргахдаа буюу нэхэмжлэгчийн хүсэлт болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйл 69.1-т заасан шүүхийн шийдвэрийг баталгаажуулахаар гаргах хүсэлтийг шийдвэрлэхдээ “захирамжид гомдол гаргахгүй байдлаар тус хүсэлтийг хангахгүй орхисонд” буюу дахин шийдвэрлэсэн. ...Миний бие 2025 оны 12 дугаар сарын 30 өдөр №25/... дугаартай “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124.1-т заасан илт хууль бус алдаатай захирамжийг засварлуулах хүсэлтийг гаргасан билээ. Гэвч шүүгч тус хүсэлтийг шийдвэрлэж 2026 оны 01 дүгээр сарын 12 өдөр танилцуулсан бөгөөд тухайн хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж болох 2026 оны 01 сарын 06-ны өдрийн огноотой 191/Ш32026/0....9 дугаартай захирамж гаргажээ. Энэхүү захирамж ...зөрчилтэй байгаад анхаарал хандуулан хамтатган шалгаж шийдвэрлэнэ үү...” гэжээ.  

Шүүгч Д.Батхуяг тайлбартаа: “ ... Ц.Б-ын нэхэмжлэлтэй “Д” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.

1. Шүүгчийн захирамж цаг хугацаандаа албажин гардаггүй, танилцуулагддаггүй, одоо ч 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамж албажаагүй, шүүх хурлын тэмдэглэл гараагүй байна гэжээ.

2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, шүүх хуралдааны тэмдэглэл 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус тус албажин гарч, “Иргэн-2014” системд чеклэгдсэн байна.

2. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд заасан хугацаандаа шийддэггүй буюу олон хоног хугацааг хоцроож шийддэг, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах болон 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №25/08 дугаартай хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэжээ.

-Нэхэмжлэгчийн тодруулсан шаардлага, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №25/08 дугаартай хүсэлтийн дагуу хариуцагч 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан (69.1.4) нэхэмжлэгчийн хүсэлтийг ямар нэгэн үндэслэлгүйгээр, гомдол гаргах эрхгүй шийдвэрлэсэн гэжээ.

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг хангаагүй буюу үр дагавар үүсгээгүй тохиолдолд мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан гомдол гаргах эрхгүй байдлаар шүүх шийдвэрлэж байгаа болно.

4. Үзлэг хийх ажиллагаанд шүүгч удирдан чиглүүлэх үүрэгтэй хэдий ч энэ үүргээ биелүүлээгүй эс үйлдэхгүй. /Ноцтой зөрчил гэж үзэж байна/

-Нэхэмжлэгчийн хүсэлтээр хийсэн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн үзлэгийг шүүгч Д.Батхуяг, шүүгчийн туслах Б.С, хөндлөнгийн гэрч Б.З, С.О, нэхэмжлэгч Ц.Б нарыг байлцуулан хийсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д зааснаар тэмдэглэлийг шүүгчийн туслах үйлдсэн байна.

5. Үзлэгийн тэмдэглэлийг албажуулалгүй 2 ч удаагийн шүүх хурлаар оруулж ирсэн бөгөөд шүүх хуралдааны дундуур энэ байдлыг тайлбарлаж байгаа мэт жүжиглэж, нэхэмжлэгчид үзлэгийн тэмдэглэлийг татгалзуулахыг хүссэн гэжээ.

2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судлах явцад үзлэгийн тэмдэглэлд “... Эрчим хүчний төв нартай тус тус гэрээ байгуулахад хуульч Ц.Б компанийг төлөөлж оролцсон байна” гэж бичсэн нь утга, агуулгын хувьд буруу ойлгогдохоор бичигдсэн байсан ба уг зөрчлийг арилгах тухай хүсэлтийг талуудаас шүүх хуралдаанд гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж, Үзлэгийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дахин хийсэн.

6. Шүүх хуралдааны үеэр гэрчид нөлөөлсөн, хөтөлсөн асуулт тавигдаж байсан гэжээ.

-Гэрчид нөлөөлсөн, хөтөлсөн асуулт тавиагүй болно.

7. Д.Батхуяг шүүгч дээр хуваарилагдан ирсэн миний хэрэг материал бүтэн 1 жилийн хугацааг өнгөрөөсөн байгаа бөгөөд ихээхэн цаг хугацаа алдсан процесс ажиллагааг удаашруулсан үйлдэл боллоо гэж үзэж байна гэжээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх ажиллагаа хийгдэж ирсэн бөгөөд шүүх хуралдаан талуудын гаргасан хүсэлтээр хойшлуулж байсан болно” гэжээ.

            Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд: “..шүүгч Д.Батхуяг нь  шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг 2 удаа хүлээн авахаас татгалзахдаа гомдол гаргах эрхгүй гэж дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзнэ.

            Харин уг зөрчлийн улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт ашигтай байдал бий болсон, хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “ноцтой” зөрчилд тооцох боломжгүй байна.

            Мөн холбогдох шүүгч урьд нь хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой бус” байдлаар зөрчсөн гэж үзсэн шийдвэр гараагүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ц.Б нь “Д” ГХОХХК-д холбогдуулан 380,000 ам.доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.М хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0...0 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 0....6 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

            Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 0...5 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасан, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор хяналтын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлжээ.  

            Шүүгч Д.Батхуяг хэргийг хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тогтоогдож байна.  

            Дараах үндэслэлээр сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

            1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан  хүсэлтийг шүүгч дараах байдлаар шийдвэрлэжээ. Үүнд:

            1.1. 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Д” ХХК-иас төрийн болон бусад байгууллага руу явах албан бичгүүдийг төлөвлөдөг байсан болохоо нотлох зорилгоор тус компаниас 2013-2020 оны хооронд явсан бичгүүдийг агуулсан компакт диск, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Э.Б-аас  Д.Ч-т хүлээлгэж өгсөн “Д” ГХОХХК-ийн үндсэн баримтуудад тус тус үзлэг хийлгэх, тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0...8 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах,  нэмэлт шинжээч томилуулах,  2020  оны 10  дугаар сарын 12-ны өдөр Э.Б-аас Д.Ч-т хүлээлгэж өгсөн “Д” ГХОХХК-ийн эцсийн өмчлөгчөөр хэн, хэрхэн яаж өөрчлөгдөн бүртгэгдсэн талаарх лавлагаа гаргуулах хүсэлт гаргасан.

            Шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2...7 дугаар захирамжаар 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Э.Б-аас Д.Ч-т хүлээлгэж өгсөн “Д” ГХОХХК-ийн үндсэн баримтуудад үзлэг хийлгэх хүсэлтийг хангахгүй орхиж, бусад хэсгийг хангаж, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

            Нэхэмжлэгч захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0...3 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон.

            1.2. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “ ...“Д” ГХОХХК-ийн эцсийн өмчлөгч Ф.Т болохыг, тус компанийн 2013-2020 оны хооронд Э.Б төлөөлж байсныг тус тус тогтоож өгнө үү” гэх хүсэлт гаргасан.

            Шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1...6 дугаар захирамжаар хэргийг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх сэргээж, мөн өдрийн шүүгчийн 1...8 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хангахгүй орхисон.

            1.3. 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчаас нотлох баримт гаргуулах, тайлбар гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2...6 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

            1.4. 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Гадаад харилцааны яамнаас “Д”  ГХОХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдүүд болох “T”, “D” нэртэй компаниуд эсхүл F.S, A.F нараас гадаад харилцааны яамаар дамжуулан ирүүлсэн апостиль гэрчилгээ, консулын баталгаа бүхий 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд гаргаж өгсөн итгэмжлэлүүдийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргуулах, Э.Б-аас Д.Ч-т 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэж өгсөн “Д” ГХОХХК-ийн баримт бичигт үзлэг хийлгэх, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 262 дугаар тариф батлуулах үеийн санхүүгийн тооцоолол агуулсан баримтыг шүүхэд гаргуулах” хүсэлтийг, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1,360,020,000 төгрөг болгон өөрчилснийг шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2...6 дугаартай захирамжаар үзлэг хийлгэх, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 262 дугаар тариф батлуулах үеийн санхүүгийн тооцоолол агуулсан баримтыг шүүхэд гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж, Гадаад харилцааны яамнаас нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

            1.5. 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Д.Ц, Н.Д нарыг гэрчээр оролцуулах хүсэлт, 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хууль зүйн зөвлөх үйлчилгээний нөхөн төлбөр болгон 165,000 ам,доллар буюу Монгол банкны 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ханшаар 591,455,700 төгрөгийг гаргуулах, болзолт нөхцөлтэй гэрээ буюу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б-02/17 дугаартай албан бичгээр баталгаажсан үүргийн дагуу төсөл хэрэгжүүлэх нийт хугацаанд хууль зүйн зөвлөх үйлчилгээг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг хариуцагчид даалгах” гэж нэмэгдүүлснийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 3....8 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, гэрч асуулгах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан.  

            1.6. 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.4-т заасан арга хэмжээ авхуулах хүсэлт гаргаж, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хүсэлтээ дэмжсэн, мөн шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулж гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан, шүүгчийн 39362 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, гэрч нарыг албадан ирүүлэхийг даалгаж, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангахгүй орхижээ.

            1.7. 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, улмаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулах ажиллагаа явуулах хүсэлт гаргасан.

            Шүүх нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гардуулсан байна.

            1.8 Зохигч 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд компакт дискт үзлэг хийсэн тэмдэглэлийг залруулах хүсэлт гаргасан тул дахин үзлэг хийхээр шүүх хуралдааныг хойшлуулж, шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Ц.Б, хөндлөнгийн гэрчээр Г.Н, С.О нарыг байлцуулан компакт дискт дахин үзлэг хийсэн.

            Нэхэмжлэгч Ц.Б 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Д.Ц-г гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан.

            1.9 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүгч Д.Батхуягийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1...8 дугаар захирамжаар хангахгүй орхисон.

            1.10 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулах арга хэмжээ авхуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5...6 дугаар захирамжаар хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

            Нэхэмжлэгч 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дээрх захирамжид өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0...9 дүгээр захирамжаар хангахгүй орхисон.

            1.11. 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагчаас нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг 2026 оны 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгчийн 0...4 дугаар захирамжаар хангахгүй орхиж, улмаар шүүх хуралдааныг цааш нь үргэлжлүүлжээ.

            Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шүүгч дээрх байдлаар шийдвэрлэсэн байх бөгөөд хүсэлтийг хангаагүй нь сахилгын зөрчилд хамаарахгүй. 

            Түүнчлэн хүсэлтийг шийдвэрлэх хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан зохицуулаагүй, энэ тохиолдолд шүүгчийг хүсэлт шийдвэрлэх хугацааг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

            Гэрч Б.С мэдүүлэгтээ “...захирамжийн үндэслэлээ шүүгч шүүх хуралдаан дээрээ танилцуулж байгаа учраас албажиж гарахаар мэдэгдэх шаардлагагүй байдаг. Харин шүүх хуралдааны бус үед гаргасан захирамжийг албажиж гарсан өдөрт нь зохигчдод утсаар ярьж мэдэгддэг” гэжээ.

            Шүүгчийн захирамжийг гардуулах, танилцуулах ажиллагаа нь шүүгчийн туслахын чиг үүрэгт хамаарах ба хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул “...танилцуулах ажиллагаа хийгдээгүй” гэх гомдол тогтоогдоогүй байна.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т  “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.

            Шүүгч Д.Батхуяг хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хэргийг хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2...7 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17196 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01021 дүгээр тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан ба тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл чөлөөтэй байжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх ба шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсонд шүүгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.  

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т “хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, 123.3-т “шүүх хуралдааныг хойшлуулах, ... үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана” гэж тус тус заасан.

            Шалгах ажиллагааны явцад “Иргэн-2014” нэгдсэн системд хийсэн үзлэгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамж дараах байдлаар албажиж, зохигчдод танилцуулсан байна. Үүнд:

            -шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2...7 дугаар захирамжийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр системд баталгаажуулж, нэхэмжлэгчид мөн өдөр гардуулсан,

            -шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1...8 дугаар захирамжийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр системд баталгаажуулж, нэхэмжлэгчид 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гардуулсан,

            -шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2...6 дугаар захирамжийг мөн өдөр системд баталгаажуулж, танилцуулсан,

            -шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2...6 дугаар захирамжийг мөн өдөр системд баталгаажуулж, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид гардуулсан,

            -шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3...8 дугаар захирамжийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр системд баталгаажуулсан,

            -шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 3...2 дугаар захирамжийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр системд баталгаажуулсан,

            -шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4...4 дугаар захирамжийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр системд баталгаажуулж, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид гардуулсан,

            -шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5...6 дугаар захирамжийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр системд баталгаажуулсан,

            -шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0...4 дугаартай захирамжийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр системд тус тус баталгаажуулсан байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгчийн захирамжийг бичгээр албажуулан гаргах хугацааг нарийвчлан зохицуулаагүй тул шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, ...үйлдэнэ”, 96.2-т “Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна”, 96.3-т “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж тус тус заасан.

             “Иргэн-2014” нэгдсэн системд хийсэн үзлэгээр  2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 191/ТМ2025/1...3 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ТМ2025/1...5 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 191/ТМ2025/1...0 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийг 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр,  2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ТМ2026/0...3 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр системд тус тус баталгаажуулсан байна.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, хэргийн оролцогчид танилцуулах, шүүгчээр баталгаажуулж хэрэгт хавсаргах нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын чиг үүрэгт хамаарна.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна…”, 51 дүгээр зүйлийн 51.2-т “Үзлэг, туршилт хийх, таньж олуулах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа гүйцэтгэхэд тэмдэглэл үйлдэнэ”, 51.3-т “Тэмдэглэлийг энэ хуулийн 7.1-д заасан шаардлагад нийцүүлэн үйлдэнэ”, 51.4-т “Тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагааны үед шүүгч, түүний даалгаснаар шүүгчийн туслах үйлдэнэ”, 51.5-т “Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ. Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бүх хүн уншиж танилцах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тэдэнд тайлбарлаж өгнө” гэж заасан.

            2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүгч Д.Батхуяг нь шүүгчийн туслах Б.С-оор тэмдэглэл хөтлүүлэн нэхэмжлэгч Ц.Б, хөндлөнгийн гэрчээр Б.З, С.О нарыг байлцуулан “Д” ХХК-иас 2013-2020 оны хооронд явсан бичгүүдийг агуулсан компакт дискенд нэхэмжлэгчийн хүсэлтээр үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байна. Уг үзлэгийн тэмдэглэлд байлцсан хүмүүсээс үзлэгтэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байна.

            Шалгах ажиллагааны явцад тухайн үзлэгийн тэмдэглэл хэзээ албажиж гарсан талаар шүүгчийн туслах гэрчээр мэдүүлэхдээ “...яг тухайн өдрөө албажиж гарсан. Үзлэг хийхэд байлцсан хүмүүсээрээ гарын үсэг зуруулаад хамгийн сүүлд нь шүүгч гарын үсэг зурсан” гэжээ.  

            2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл

            Даргалагчаас: Үзлэгийн тэмдэглэл дээр би сая зарим нэгийг нь уншсан чинь байгаа юмнуудыг нь тодорхой бичсэн байна. Байгаа юмнаас гадна дүгнэлт маягийн байдлаар ойлгогдож магадгүй байдлаар бичсэн байна. Үүнийг та нар юу гэж үзэж байна гэхэд

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тухайн үед туслахад хэлж байсан. Тэгсэн байна гэж дүгнэлт маягаар бичих нь буруу. Өөрөөр хэлбэл илэрхийлсэн зүйлийг л баримтжуулж байгаа зүйл шүү дээ гэж туслахад хэлсэн.

            Даргалагчаас: Агуулгыг нь буруу ойлгогдох байдлаар биччихсэн байна гэхэд

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тэрийг зөвтгөх нь зөв байх гэв.

            Даргалагчаас: Компанийг төлөөлж оролцсон байна гэж шууд дүгнэх байдлаар тэмдэглэл хөтлөгдөж байгаа учраас учир дутагдалтай болчхоод байна гээд үзлэгийн тэмдэглэлийн талаар шүүгчийн туслахыг дуудаж үзлэгийн тэмдэглэлийг дүгнэсэн байдлаар бичсэн нь ямар учиртай юм бэ гэхэд

            Шүүгчийн туслах: Файлууд руу оронгуут ийм юмнууд байна гэдгээр нь бичсэн юм гэв.

            Даргалагчаас: Үзлэгийн тэмдэглэлийг зөвтгөж дахиад үзлэг хийлгэх шаардлагатай юу гэхэд

            Нэхэмжлэгч: Миний хувьд энийг шүүхийн процессын зүйл засагдах боломжтой зүйл гэж үзэж байгаа. Тэгэхээр шүүх хуралдааныг явцын хувьд энэнээс шалтгаалж ямар нэгэн байдлаар хойшлогдох юм бол би зөвшөөрөх боломжгүй байна...

            ...Даргалагчаас: Тус үзлэгийн тэмдэглэл нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох гэж байна. Тус нотлох баримтыг шүүх өөрөө үзлэг хийх ажиллагаагаар бэхжүүлж авахдаа бичиг найруулгын алдаа гаргаснаас болоод буруу, салаа утгатай байдал үүсгээд энэ нь цаашаа нотлох баримтаар үнэлэгдээд явахад бас зөрчил болох гэж байна л даа гэхэд

            Нэхэмжлэгч: Тэгэхээр үүнийг тэмдэглэгдсэн байна гэдэг байдлаар нь зөвтгөж болох байх гэв.

            ...Даргалагчаас: Та тайлбар хэлээд ч юм уу хариуцагч тал таны тайлбарыг зөвшөөрөөд ч юм уу энд өөрчлөлт оруулж болохгүй. Үзлэгийн тэмдэглэлийг яаж өөрчлөлт оруулах вэ. Тухайн үзлэгээ хийсэн тэр нотлох баримттай дахиж орж үзээд дахиж тулгаад л залруулна. Магадгүй үнэхээр төлөөлөөд та оролцлоо гэдэг ч юм уу тийм агуулгатай юм байж байгаад тусгагдчихсан ч юм билүү гэхэд

            ...Нэхэмжлэгч: Ямар боломж байна. Би шууд хүлээн зөвшөөрөөд байгаа шүү дээ. ...Тэр боломжоор хангаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлээд явъя гэв.

            Даргалагчаас: Та үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан тохиолдолд л үзлэгийн тэмдэглэл яригдахгүй, ач холбогдолгүй болно гэсэн үг. Түүнээс биш энэ үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн нотлох баримт нь таны нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж маргаж байгаа тохиолдолд заавал энийг хуульд заасны дагуу бэхжүүлэх л асуудал яригдаад байна л даа. Туслах буруу агуулгатай бичсэнээс болоод цаашаа үр дагавар нь өөр болчхоод байна шүү дээ гэхэд

            Нэхэмжлэгч: Нэхэмжлэгчийг энэ үзлэгийн тэмдэглэлээсээ татгалз гэж байгаатай адилхан агуулгаар шүүхээс яваад байна л даа. Тэгэхээр миний хувьд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

            Даргалагчаас: Үгүй, татгалз гээгүй. Та өөрөө сая тэгсэн шүү дээ. Миний хувьд яамаар байдаг юм. Хэрэв та татгалзсан юм бол энэ үзлэгийн тэмдэглэлийг хуульд заасан хэлбэрийн шаардлага хангуулах шаардлагагүй. Татгалзаагүй та нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ болгож байгаа тул хэдүүлээ энд байгаа утга агуулгын алдаагаа засах асуудал яригдана гэхэд

            Нэхэмжлэгч: Ойлголоо. Залруулъя гэжээ.

            Шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4...4 дугаартай шүүгчийн захирамжид “ ...шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэгт авагдсан компакт дискт үзлэг хийсэн боловч тухайн үзлэгт оролцсон гэрч нарын биеийн байцаалт авагдаагүй, үзлэгийн тэмдэглэлийг дүгнэлт хийсэн агуулгатайгаар хөтөлсөн байх бөгөөд уг утга, агуулгын алдааг зохигч талуудаас залруулах зорилгоор дахин үзлэг хийлгэх хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлд хамаарч байх тул үзлэгийг дахин хийхээр хойшлуулав” гэж дурджээ.

            Шүүгч шүүх хуралдаанд үзлэгийн тэмдэглэл хуульд заасан шаардлагыг хангаагүй талаар зохигчдод танилцуулж, зөвтгөх эсэхийг асууж тодруулж, талуудын хүсэлтээр үзлэгийн тэмдэглэлийг зөвтгөж дахин үзлэг хийхээр шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба нэхэмжлэгчийг үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзахыг тулгаж, нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно”, 43.2-т “Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна”, 43.3-т “Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 43.6-т “Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно. … Мэдүүлэг өгсний дараа шүүгч гэрчүүдэд асуулт тавьж болно…” гэж заасан.

            Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр М.Д-г оролцуулсан байх даргалагч шүүгч гэрчийг шүүх хуралдааны танхимд оруулж, түүнд хуульд заасан эрх, үүрэг тайлбарлан өгч, улмаар нэхэмжлэгч болон хариуцагч асуулт асуусны дараа даргалагч гэрчээс дараах байдлаар асуулт асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Үүнд:

            ...Даргалагчаас: “Д” ХХК-ийн хуульч Ц.Б юм гэж та түрүүн хэлсэн үү? гэхэд

            Гэрч: “Б” ХХК-ийн хуулийн зөвлөх хийдэг гэдгийг би андуураад хэлсэн байна гэв.

            Даргалагчаас: Ц.Б-тай “Д” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор ямар нэгэн байдлаар харилцаж байсан уу? гэхэд

            Гэрч: Тийм зүйл байхгүй. “Б” ХХК-тай харилцаж байсан болохоос “Д” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой харилцаж байсан зүйл байхгүй байгаа гэжээ.

            Шүүх хуралдаан даргалагч гэрчээс асуулт асуух эрхтэй бөгөөд мэдүүлэг авахдаа хөтөлсөн, тулгасан асуулт тавьсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн  69.1-т “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй”, 69.1.1-т “хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх”, 69.1.2-т “хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглох”, 69.1.3-т “хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох”, 69.1.4-т “нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулах”, 69.1.5-т “тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах”, мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.

            Нэхэмжлэгчээс 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.4-т заасан арга хэмжээ авхуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 3...2 дугаар захирамж, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5...6 дугаар захирамжаар тус тус хангахаас татгалзаж, захирамжид гомдол гаргах эрхгүй талаар дурдсан байна.

            Шүүгч тайлбартаа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг хангаагүй буюу үр дагавар үүсгээгүй тохиолдолд мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан гомдол гаргах эрхгүй байдлаар шүүх шийдвэрлэж байгаа болно” гэжээ.

            Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хэрэг үүсгэхээс өмнө болон үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.1-69.1.5-т заасан арга хэмжээг аваагүй буюу эрх зүйн үр дагавар үүсгээгүй бол гомдол гаргах эрхгүй байдлаар шүүхийн практикт өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байгааг дурдах нь зүйтэй.

            Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасан “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэх заалт нь хуулийн илт тодорхой заалтад хамаарна.

 Иймд холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Дээрх зөрчил нь ноцтой эсхүл удаа дараа тохиолдолд сахилгын зөрчилд хамаарахаар хуульд заасан бөгөөд “...нэхэмжлэгчээс гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг 2 удаа хүлээн авахаас татгалзахдаа гомдол гаргах эрхгүй гэж дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзнэ. Харин уг зөрчлийн улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “ноцтой” зөрчилд тооцох боломжгүй...” гэсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.  

Хуулийн илт тодорхой заалтыг 3 ба түүнээс дээш удаа зөрчсөн байхыг “удаа дараа” гэж ойлгох ба шүүгч Д.Б-ийн уг үйлдлийг эхний удаагийн зөрчил гэж үзэхээр байна.

            Мөн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 46074 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан байх ба шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд энэхүү захирамжийг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласан байх ба өргөдөлд дурдсан “гардан авснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж тайлбарласан” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

             Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуягт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.             

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

                                    ГИШҮҮН                                          Ц.ДАВХАРБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН