
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-04-23
Дугаар 63
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэлд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ГС/2026/0011 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“ ... 1. Өргөдөлд “...шүүгч О.Одгэрэл нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05*** дугаар “Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай” захирамж, 00*** дугаар гүйцэтгэх хуудас тус тус бичсэн. Энэхүү шийдвэрийг гаргасан үндэслэл, нотлох баримт нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 00*** тоот, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 00*** тоот шүүхийн тогтоолуудыг гаргах үед байсан баримттай адилхан буюу шинээр гарган өгсөн ганц ч материал байхгүй байна. Харин ч бүр дутуу 16 хуудас материалаар шийдвэр ...гаргасан” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Г” ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд арбитрын үндсэн шийдвэрийг баталгаажуулах хүсэлт гаргахдаа арбитрын үндсэн шийдвэрийн хуулбар, шийдвэрийн монгол хэл дээрх орчуулга, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл, орчуулгын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХБНГУ-ын Бавари муж Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн лавлагаа, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын орчуулгын хамт, Швейцарын Арбитрын төв ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 100026-2019 тоот хэргийн албан ёсны баталгаажуулалт, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Швейцарь улс, Цюрих хотын Улсын нотариатчийн үүрэг гүйцэтгэгч М.Лазаревичийн баталсан апостиль, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар орчуулгын хамт, ХБНГУ-ын 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр соёрхон баталсан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйл, 130 дугаар зүйлийн орчуулга, Швейцарын Арбитрын төв ХХК-ийн сайт орчуулга, “Б” ХХК болон “Г” ХХК нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 17 өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр эсэх тухай, Иргэний хуулийн 56.1.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.2, 39.1, Газрын тухай хуулийн 44.9, 45 дугаар зүйлийн дагуу шинжээчийн дүгнэлт, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11/3454 дугаар албан тоот, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 24*** , 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 27*** дугаар захирамж, Мюнхен дахь муж улсын Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн нийт 15 баримтуудыг хавсаргаснаа дурджээ.
Эдгээр баримтуудын талаар Сахилгын хорооны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 00*** дугаар магадлалд дурдсан боловч шүүгч О.Одгэрэлийн гаргасан хүсэлтээр зарим баримтуудыг холбогдох этгээдээс гаргуулан энэхүү сахилгын хэрэгт нотлох баримтаар хавсаргасан болно.
Шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05*** дугаар захирамжид Арбитрын шийдвэр хэзээ гарсан, энэхүү шийдвэрийг баталгаажуулах хүсэлтийг өмнө гаргаж байсан эсэх, түүнийг шүүх хэзээ хэрхэн шийдвэрлэж байсан, уг шийдвэр хүчинтэй эсэх талаар тодорхой дурдсан байх ба энэ нь хүсэлтэд дурдсан нотлох баримттай адил байна.
Иймд өмнө гаргасан баримттай адилхан буюу шинээр гарган өгсөн ганц ч материал байхгүй, харин ч 16 хуудас дутуу материалаар шийдвэр гаргасан” гэх гомдол тогтоогдоогүй болно.
2. Сахилгын хорооны 2024 оны 00*** дугаар магадлалд “ … “Б” ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүгчийн 101/ШЗ2022/16*** дүгээр захирамж болон 15** тоот гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасныг шүүгч Л.Э хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2023/24*** дугаар шүүгчийн захирамжаар “...Монгол Улсын тусгай хамгаалалттай аль ч бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалттай аливаа аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, газар ашиглах боломжгүй улмаас Арбитрын үндсэн шийдвэр нь Монгол Улсын Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй нь хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтаар тогтоогдлоо. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16*** дүгээр албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 15** тоот гүйцэтгэх хуудсыг олгох тухайн цаг хугацаанд дээрх нөхцөл байдал үүссэн боловч шүүхэд мэдэгдээгүйн улмаас шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас илт үндэслэл муутай болсон” гэж дүгнэн өөрийн гаргасан 16*** дүгээр захирамж болон 15** тоот гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгожээ, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасны дагуу шүүгч өөрийн гаргасан захирамжийг илт үндэслэл муутай гэж үзэн хүчингүй болгох нь түүний бүрэн эрхэд хамаарах тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй…” гэж дүгнэжээ.
“Г” ХХК нь шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 24*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 27*** дугаар захирамжаар хангахаас татгалзахдаа “... үндэслэл арилсан гэж үзвэл арбитрын шийдвэрийг баталгаажуулах хүсэлтээ дахин гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй...” гэжээ.
“Г” ХХК 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр арбитрын үндсэн шийдвэрийг баталгаажуулах тухай хүсэлтийг дахин гаргахдаа “...шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 24*** дугаар захирамжид заасан зөрчлүүд арилсан...” талаар дурдаж, 5 баримтыг нэрлэн заажээ.
Шүүгч О.Одгэрэл 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05*** дугаар захирамжаар Швейцарын танхимын дэргэдэх Арбитрын байгууллагын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн SCAI Case No 100026-2019 тоот хэргийн арбитрын үндсэн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас олгохоор шийдвэрлэжээ.
Ийнхүү шийдвэрлэхдээ “Хүсэлтэд хавсаргасан Мюнхен дахь муж улсын Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичигт: бүртгэлийн 343 Sch 11/22 тоот арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай ... Бавари муж улсын Дээд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тухай мэдээлэл байхгүй байна” гэж, бүртгэлийн 343 Sch 11/22 тоот өргөдлийг /“Б” ХХК-иас “Г” ХХК-ийн эсрэг хариуцагчийн арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбогдолтой өргөдөл/ буцаасан талаар дурджээ. Үндэслэлдээ: 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Шүүхийн харьяаллын журмын 7 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс арбитрын шүүхтэй холбогдолтой шийдвэрүүд Бавари муж улсын Дээд шүүхийн харьяалалд хамаарах болсон. Холбогдох мэдэгдлийг өргөдөл гаргагчид 2022 оны 02 дугаар сарын 21, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр цахим шуудангаар хүргүүлсэн боловч өргөдөл гаргагч Бавари муж улсын Дээд шүүхэд шилжүүлэх өргөдөл гаргаагүй тул буцаасан гэжээ.
Бавари муж улсын Дээд шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 101АR 11/24 тоот албан бичгээр: “Б” ХХК-ийн зүгээс Швейцар улсад гаргасан Арбитрын шийдвэрийг эс зөвшөөрөхтэй холбогдолтой шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1059, 1061, 1062-т заасны дагуу гаргасан гомдол Бавари муж улсын Дээд шүүхэд бүртгэгдээгүй болохыг тодорхойлжээ.
Шүүхэд ирүүлсэн хүсэлт, хавсаргасан баримтуудаас үзэхэд “Швейцарын Танхимын дэргэдэх Арбитрын байгууллагын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн SCAI Case Nо 100026-2019 тоот хэргийн үндсэн шийдвэрийг Гадаад харилцааны сайдын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаартай “Баримт бичиг баталгаажуулж, “Апостиль гэрчилгээ олгох журмын Хавсралт 1-ийн 1.1-д “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц” 1-ийн гишүүн улсуудад хэрэглэгдэх, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн албан ёсны баримт бичгийг баталгаажуулж, “Апостиль” гэрчилгээ олгох журмын дагуу Монгол улсын гадаад харилцааны яамны Консулын газар 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр баталгаажуулсан байх тул уг шийдвэрийг шүүх үнэн зөв гэж үзнэ.
Арбитрын үндсэн шийдвэрт: ...арбитрын бүрэлдэхүүн хамтын ажиллагааны гэрээ цуцлагдаагүй гэсэн дүгнэлтэд хүрлээ. Гэвч Хамтын ажиллагааны гэрээ хүчин төгөлдөр хэдий ч гэрээний тодорхой хэсэг 9.1.1, 3.4 зүйлийн тодорхой заалтуудыг үл хэрэгсэх болно. Үүний эсрэгээрээ Хариуцагчаас газартай холбоотой баримт бичгийн оронд баталгаажуулсан хувийг хүлээн авах эрхийг тайлбарлана, Газар ашиглах эрхийг de facto шилжүүлэлтийн тухай ...Хамтын ажиллагааны гэрээ нь нэхэмжлэгчийг газар ашиглах эрхийн de facto эзэмшигч болгох өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг газар ашиглах эрх эзэмшигч мэт байр суурь эзлүүлэх зорилттой байж болзошгүй шинжүүд байна. Энэ шинжийг Хамтын ажиллагааны гэрээний 9.1.3, 9.1.7, 3.4 заалтууд болон анх “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэж нэрлэж байсан гэрээ байгуулсан өмнөх түүх илт харуулж байна. Хоёр гэрээний ижил төстэй байдал талууд газар ашиглах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх санаагаа хадгалсаар байсныг илтгэж байна. ...гэрээний 3.4 заалтаар мөн 9.1.2 болон 9.1.7 заалтуудын үг хэллэгээр нэмж батлагдаж байна... гэрээний 3.4 болон 9.1.2, 9.1.7 заалтуудыг хэрэгсэхгүй...
-хэдий хамтын ажиллагааны гэрээ байгуулснаараа талууд Монгол Улсын хуулийн хориглосон заалтаас зайлсхийх санаа агуулсан шинжүүд ажиглагдсан ч, хамтын ажиллагааны үндсэн зорилт нь энэ бус, төсөл хамтран хэрэгжүүлж ашиг хүртэх нийтлэг зорилтод хөтлөгдсөн гэж арбитрын бүрэлдэхүүн үзэв. ...Гэрээний аливаа заалтын зөрчил нь гэрээний бусад зүйл заалтад нөлөөлөхгүй. Монгол Улсын Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заалтаар хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
-газар ашиглах эрхийн гэрчилгээ болон бусад газартай холбоотой баримт бичгийн эх хувийг хүлээлгэн өгөх нь нэхэмжлэгчид шилжүүлснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хуулийн 39.1.1 заалттай зөрчилдөхөөр, хариуцагч газар ашиглах эрхийн хяналтаа алдах, Нэхэмжлэгч газрыг ашиглах эрхийн de facto эзэмшигч болох эрсдэл бий... эдгээр баримт бичгийг нэхэмжлэгчид шилжүүлбэл нэхэмжлэгч нь эдгээр баримт бичгийн ашиглалтын хяналтыг дангаар хэрэгжүүлэн, газар ашиглах эрхийг хэрэгжүүлэх болно. Үндсэндээ хариуцагчийн эрх алдагдах болно...
...Гэрээний 9.1.3 заалтыг газар ашиглах эрхийг de facto байдлаар нэхэмжлэгчид шилжүүлэхгүй байдлаар тайлбарлаж хэрэгжүүлэх боломжтой, баримт бичгийн эх хувийн баталгаажуулсан хуулбар нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу хамтын зорилтыг биелүүлэх, хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн нэхэмжлэгчийн эрх үүргийг хэрэгжүүлэхэд хангалттай болохыг талууд санал нэгтэйгээр баталсан. Нэхэмжлэгчид газартай холбоотой баримт бичгүүдийн эх хувийн оронд баталгаажуулсан хувийг хүргүүлэх нь нэхэмжлэгчид газар ашиглах эрхийн de facto эзэмшигчид тооцогдохоос сэргийлнэ. Цаашилбал гэрээний 9.1.3 заалтын үг хэллэг... ийм хязгаарлагдмал тайлбарт нийцүүлэх боломжтой. Иймээс хамтын ажиллагааны гэрээний 9.1.3-т заалтыг энэ хэлбэрээр хэрэгжүүлсэн тохиолдолд Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39.1.1 заалтыг зөрчихгүй, зөвхөн газартай холбоотой баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хүлээлгэн өгөх тухай нэхэмжлэл болно... зөвхөн баталгаажуулсан хуулбарыг хүлээлгэн өгөх нэхэмжлэлийг шаардлагыг хангахаар тайлбарлах нь зүйтэй...
-газар ашиглах эрхийн гэрчилгээний эх хувийг хүлээлгэн өгөх шаардлагагүй, иймээс Монгол Улсын газрын тухай хуулийн 45 ба 35.3.6 заалтуудыг зөрчихгүй.
-хамтын ажиллагааны гэрээний 9.1.3 нь зөвхөн газартай холбоотой баримт бичгийн баталгаажсан хуулбарыг нэхэмжлэх зорилгоор хэрэглэх хүрээнд хүчинтэй байна. Нэхэмжлэгч зөвхөн ... нэхэмжилсэн баримт бичгийн баталгаажсан хуулбарыг нэхэмжлэх эрхтэй.
-...Хариуцагч нь баримт бичгийн эх хувийг дангаар эзэмшигчийн хувьд энэ үүрэг нь гэрээний 9.1.5 заалтын салшгүй хэсэг болно. ...хэрэв хариуцагчид энэ үүргийг хүлээлгээгүй тохиолдолд хариуцагч нь Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагаас баримт бичгийг мэдүүлэхийг шаардах бүрд мэдүүлэхээс татгалзах замаар барилга угсралтын төсөлд саад учруулах боломжтой. Энэ нь төслийг бүрэн дуусгахтай зөрчилдөнө.
-Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39.1.1 заалтыг зөрчсөн тул Хамтын ажиллагааны гэрээний 9.1.2 ба 9.1.7 заалт болон удиртгал хэсэг нь хэсэгчилсэн байдлаар хүчингүй болно.
-Нэхэмжлэгч хариуцагчтай зөвлөлдөх шаардлагатай тохиолдолд л энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Үүнээс цааш, нэхэмжлэгч нь газартай холбоотойгоор аливаа зааварчилгаа өгөх эрхгүй болно. Нэгдүгээрт хамтрагч талдаа зааварчилгаа өгөх эрх нь нэхэмжлэгчийн хүсэлт 3-ийг үндэслэсэн хамтын ажиллагааны зорилго, мөн чанарт харшилж байна. Хоёрдугаарт, гэрээний 9.1.2 заалтын газартай холбоотой Нэхэмжлэгчийн зааварчилгааг дагах хариуцагчийн үүрэгтэй холбоотой хэсгийг үл хэрэгсэх тул нэхэмжлэгчид ийм эрх олгогдохгүй гэж дүгнэжээ.
Дээрх байдлаар арбитрын үндсэн шийдвэрт хариуцагчийн газар ашиглах эрхийг хөндөхгүйгээр хамтран ажиллах гэрээний дагуу зөвхөн барилгын төслийг хэрэгжүүлж дуусгах үндсэн зорилгын хүрээнд газартай холбоотой баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг гаргаж өгөх үүргийг, мөн шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагуудтай хамтарч ажиллах, баримт бичгийг гаргаж өгөх зөвшилцөхийг үүрэг болгосон байна. Иймд Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцын 5 дугаар зүйлийн 1 болон 2-т заасан биелүүлэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй...” гэж үзэв.
Иймд Швейцарын танхимын дэргэдэх Арбитрын байгууллагын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн арбитрын үндсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон, гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай конвенцод Монгол Улс 1994 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэгдэн орсон тул шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгүүлэх нь зүйтэй. Түүнчлэн арбитрын үндсэн шийдвэрийг биелүүлэхэд хариуцагчийн газар ашиглах эрх хамаарахгүйг шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэх нь зүйтэй” гэсэн үндэслэл дурджээ.
Арбитрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Аль улсад гаргаснаас үл хамааран арбитрын үндсэн шийдвэрийг заавал биелүүлэх хүчинтэй гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд харьяалах шүүхэд өргөдөл гаргаснаар энэ хуулийн 48, 49 дүгээр зүйл болон Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх тухай 1958 оны Нью Йоркийн конвенцид заасан журмын дагуу арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгэнэ”, 48.2-т “Арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр өргөдөл гаргаж байгаа тал уг шийдвэрийн эх хувь, эсхүл зохих ёсоор баталгаажуулсан хуулбарыг хавсарган өгнө. Арбитрын үндсэн шийдвэрийг монгол хэлээр гаргаагүй бол монгол хэлээр орчуулсан хувийг гаргаж өгөхийг тухайн талаас шаардаж болно”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1601 дүгээр зүйлийн 1601.1.”Арбитрын хэлэлцээрийн аль нэг тал, эсхүл арбитр нь энэ хуулийн 1602-т зааснаас бусад Арбитрын тухай хуульд заасан өргөдөл, хүсэлтээ мөн хуульд заасан харьяаллын шүүхэд ирүүлнэ”, 1601.3-т “Шүүх хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргах бөгөөд шийдвэртээ хүсэлтийг хангасан болон хангахаас татгалзсан үндэслэлийг заана” гэж тус тус заасан.
“Г” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэхдээ холбогдох шүүгч нь холбогдох баримтуудыг шинжлэн судалж, хүсэлтийг хангах үндэслэлийг захирамжид тодорхой тусгаж, арбитрын шийдвэрийг баталгаажуулж, гүйцэтгэх хуудас олгосон нь дээр дурдсан хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Нөгөө талаар Сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах түүнд дүгнэлт өгөх эрхгүй болно.
Иймд шүүгч О.Одгэрэл нь дээрх хуульд заасны дагуу Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж гаргасныг албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон зөрчил гаргасан гэж үзэхгүй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан.
“Б” ХХК-иас шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 05*** дугаар “Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай” захирамжийг илт үндэслэл муутай гэх үндэслэлээр хүчингүй болгуулах хүсэлт гаргасан.
Шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 24*** дугаартай захирамжаар “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй” гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай” 17 дугаар тогтоолд “илт үндэслэл муутай” гэдгийг хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно гэжээ.
Холбогдох шүүгч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
Харин хүсэлт гаргагч нь шүүгчийн 24*** дугаар захирамжийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд “Б” ХХК энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.
4.Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлд зааснаар Авлигатай тэмцэх газар нь авлигын гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах чиг үүрэгтэй тул өргөдөлд дурдсан “...шүүгч О.Одгэрэл гадаадын болон дотоодын хүнээс их хэмжээний төлбөр мөнгө, эд хөрөнгө авч гэр бүлийн орлогоо нэмэгдүүлсэн...” талаарх гомдлыг Шүүхийн сахилгын хороо шалгаж шийдвэрлэх чиг үүрэггүй тул энэ талаарх гомдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх саналтай.
5.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.8-т зааснаар шүүгч тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэх явцад аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бол нөлөөллийн мэдүүлэг, мөн хуулийн 44.2-т заасан этгээдтэй уулзсан, харилцсан бол энэ талаар тэмдэглэн үйлдэж, холбогдох байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.
Холбогдох шүүгч нь арбитрын шийдвэрийг баталгаажуулах хүсэлт шийдвэрлэхдээ нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй байна. Түүнчлэн тэрээр “...өмгөөлөгч Ж.А, П.И нарыг танихгүй...” гэсэн тайлбар гаргасан ба “Г” ХХК-ийн төлөөлөгч Ж.А, өмгөөлөгч П.И нартай харилцаа холбоо тогтоосон гэсэн нь тогтоогдоогүй.
Дээрх үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.27-т заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Холбогдох шүүүгч О.Одгэрэл Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“ ... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 01 дүгээр сард Швейцарын танхимын дэргэдэх Арбитрын байгууллагын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн SCAI Саse No.100026-2019 тоот хэргийн арбитрын үндсэн шийдвэрт гүйцэтгэх хуудас олгох тухай хүсэлт ирүүлснийг шүүхийн мэдээлэл лавлагаанаас шүүгч надад хуваарилсны дагуу хүлээн авсан. Шүүгч өөрт хуваарилагдан ирсэн хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй тул “Г” ХХК-ийн /төлбөр авагч/ шүүхэд гаргасан хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/Ш32025/05*** дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1, 184.3-т заасны дагуу шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас олгосон.
2.Тус шүүхэд “Г” ХХК-иас хүсэлтдээ нэмэлтээр 250 орчим хуудас баримтыг нэмж ирүүлсэн байдаг. Дээрх нэмэлт баримтууд нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарын хооронд гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, Ерөнхий шүүгчийн захирамж, албан тоот зэрэг баримтууд байсан. Энэ талаар арбитрын шийдвэрийг баталгаажуулсан шүүгчийн захирамжид зарим хэсгийг тусгаж өгсөн тул 16 хуудас баримтаар хүсэлт шийдсэн гэх гомдол үндэслэлгүй.
Нэмж ирүүлсэн баримт нь утга агуулгын хувьд урьд дээрх арбитрын үндсэн шийдвэрийг баталгаажуулсан хоёр удаагийн шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгосон шүүгчийн захирамж, тэдгээрт “Г” ХХК, эсхүл “Б” ХХК-иас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар гаргасан удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжууд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар захирамжид гаргасан гомдлыг хэлэлцсэн шүүхийн тогтоолууд, шүүгчийг татгалзан гаргах хүсэлт, шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн захирамж, шүүхээс хариу өгсөн албан тоот зэрэг байсан.
3.“Г” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2024/27*** дугаар захирамжийг үндэслэл болгож, хавсарган ирүүлсэн. Тухайн захирамжийн үндэслэх хэсэгт “...арбитрын шийдвэрийг баталгаажуулах хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй” талаар дурдсан байсан.
Мөн арбитрын үндсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон талаарх холбогдох лавлагааг хавсаргасан байсан. Үүнд: тухайн үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан “Б” ХХК-ийн өргөдлийг буцаасан болон Бавари муж улсын дээд шүүхэд өргөдөл бүртгэгдээгүй талаарх тодорхойлолтууд энэ талаар хүсэлтийг шийдвэрлэсэн 2025 оны 01 дүгээр 30-ны өдрийн шүүгчийн захирамжид тусгаж өгсөн байгаа.
4.Ирүүлсэн бүх баримтууд болон арбитрын үндсэн шийдвэрийн баталгаат орчуулгыг судалсны эцэст Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцын 5 дугаар зүйлийн 1 болон 2-т заасан биелүүлэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн хүсэлтийг шийдвэрлэж, дээрх 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамж гарсан. Ямар учраас биелүүлэхээс татгалзах үндэслэлгүй гэж үзсэнээ тухайн арбитрын үндсэн шийдвэрээс холбогдох хэсгийг иш татах замаар уг захирамжид тодорхой тусгасан.
Арбитрын шийдвэр нь үндсэндээ агуулгын хувьд а/.газар болон бусад түүнтэй холбоотой нэрлэн заасан баримт бичгүүдийн эх хувийг бус зөвхөн нотариатаар баталгаажуулсан хуулбар хувийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, мөн түүнтэй холбоотой зарим тодорхой үйлдэл хийхийг даалгасан б/.тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг гаргуулах асуудлыг шийдвэрлэсэн байсан.
Баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар хувийг гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэсэн асуудал Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцын 5 дугаар зүйлийн 1 болон 2-т заасан биелүүлэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй. Монгол Улс нэгдэн орсон конвенцыг биелүүлнэ.
5. Мөн арбитрын үндсэн шийдвэрт хариуцагчийн газар ашиглах эрхэд хамаарахгүй зөвхөн газар дээр хамтран баригдсан барилгатай холбоотой талаар тусгасан байсан тул захирамжийн үндэслэх хэсэгт энэ талаар дурдсан.
Арбитрын үндсэн шийдвэрийг баталгаажуулах хүсэлттэй холбоотойгоор урьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс удаа дараагийн захирамж гарсан байсан тул захирамжид тодорхой дэлгэрэнгүйгээр тусгаж өгсөн болно.
6. Арбитрын үндсэн шийдвэрээс үзэхэд “Б” ХХК-иас тухайн маргаан шийдвэрлэгдэх үед татгалзлын нэг үндэслэлээ Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Газрын тухай хуулийн холбогдох заалттай зөрчилдөх талаар дурдаж тайлбарласан байсан. Мөн арбитр шинжээчээр Монгол Улсын их сургуулийн багш Г.Т, О.Б нарыг оролцуулсан, тэдгээрийн тайлбарын талаар шийдвэртээ тусгасан байсан. Арбитр шийдвэртээ Монгол Улсын хуулийн холбогдох заалттай зөрчилдөх, зөрчилдөхгүй хэсгийн талаар маш дэлгэрэнгүй дүгнэлтүүдийг өгч маргааныг шийдвэрлэсэн байсан.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “илт үндэслэл муутай” гэдэгт хэн ч харсан ойлгомжтой, илэрхий алдаатай буюу тоо тооцоолол, үг үсгийн алдаатай байдлыг хамааруулан ойлгодог. Дээрх 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/Ш32025/05*** дугаар шүүгчийн захирамжид үг үсэг, тоо тооцооллын илэрхий алдаатай гэх байдал тогтоогдоогүй тул “Б” ХХК-ийн гаргасан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар шийдвэрлэсэн.
8.Гомдолд дурдсан “шүүгч гадаадын компанийн халаасанд орсон.., шүүгчийн үйлдлийг онцгойлон шалгаж, гадаадын болон дотоодын хүнээс их хэмжээний төлбөр мөнгө, эд хөрөнгө авч гэр бүлийн орлогоо нэмэгдүүлсэн эсэх...” гэсэн хэсгээ гомдол гаргасан тал өөрөө нотлох нь зүйтэй байх. Хэдийгээр шүүгчийн гаргасан аливаа шийдвэр захирамжтай санал нийлээгүй тал нь хардах эрхтэй боловч дээрх байдлаар хардсан гэхээсээ илүүтэйгээр хальсан улмаар шүүгчийг доромжилсон илтэд гүтгэсэн шинжтэй үйлдлийг таслан зогсоох, холбогдох хуулийн дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд тодорхой арга хэмжээ авч өгөхийг Шүүхийн сахилгын хорооноос хүсье.
9.Гомдолд дурдсан “Г” ХХК-ийн төлөөлөгч өмгөөлөгч нар болох Ж.А, П.И нарыг танихгүй. Харин иргэний хэрэг маргаанд байнга оролцдог төлөөлөгч өмгөөлөгч нартай өөр олон хэрэгт таарах магадлалтай тул миний даргалсан, эсхүл бүрэлдэхүүнд орсон өөр бусад хэрэг маргаанд тааралдсан байх магадлалтай” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “Г” ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр арбитрын үндсэн шийдвэрийг баталгаажуулах тухай хүсэлтийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан ба уг хүсэлт нь хэрэг, нэхэмжлэл, хүсэлт хуваарилах журмын дагуу шүүгч О.Одгэрэлд хуваарилагджээ.
Шүүгч О.Одгэрэл 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05*** дугаар захирамжаар Швейцарын танхимын дэргэдэх Арбитрын байгууллагын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн SCAI Case No 100026-2019 тоот хэргийн арбитрын үндсэн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас бичиж, шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн.
“Б” ХХК нь шүүгчийн дээрх захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг шүүгч 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хянаад 24*** дугаар захирамжаар хангахгүй орхисон үйл баримт тогтоогдож байна.
Уг шийдвэрийг гаргасан шүүгч О.Одгэрэлд холбогдуулан “Б” ХХК-ийн захирал Э.Батзаяагаас “...өмнөх шийдвэр гаргах үед байсан баримттай адилхан буюу шинээр гарган өгсөн ганц ч материал байхгүй, харин ч бүр 16 хуудас материалаар шийдвэр гаргасан, ...хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулж арбитрын шийдвэрийг биелүүлэхийг даалгасан гүйцэтгэх хуудас, захирамж гаргасан явдал нь ноцтой алдаа, эсхүл зориуд хийсэн зөрчилтэй хууль бус акт..., гадаадын болон дотоодын хүнээс их хэмжээний төлбөр мөнгө, эд хөрөнгө авч гэр бүлийн орлого нэмэгдсэн, ...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.27 дахь заалтыг зөрчсөн...” гэсэн агуулга бүхий өргөдөл гаргажээ.
1.“Г” ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр арбитрын үндсэн шийдвэрийг баталгаажуулах тухай хүсэлт гаргахдаа нийт 15 нэр төрлийн баримт хавсаргасан талаар илтгэгч гишүүн саналдаа тодорхой дурдсан бөгөөд шалгах ажиллагаагаар уг баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу сахилгын хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байна.
Шүүгч О.Одгэрэл 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05*** дугаар захирамжийн үндэслэлдээ хүсэлт гаргагчийн хүсэлтдээ хавсаргасан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаараа тодорхой дурдсан ба уг баримтууд нь сахилгын хэрэгт авагдсан нотлох баримттай ижил байна.
Иймд шүүгч хуульд заасан бүрдүүлбэр хангасан баримтуудад тулгуурлаж шийдвэр гаргасан тул түүнийг “шийдвэр гаргахдаа дутуу баримт ашигласан, процессын алдаа гаргасан” гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий гэж бүрэлдэхүүн үзлээ.
2.Арбитрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т "Энэ хуулийн ...48... дугаар зүйлд заасан чиг үүргийг ...иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгжүүлнэ" гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Аль улсад гаргаснаас үл хамааран арбитрын үндсэн шийдвэрийг заавал биелүүлэх хүчинтэй гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд харьяалах шүүхэд өргөдөл гаргаснаар энэ хуулийн 48, 49 дүгээр зүйл болон Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх тухай 1958 оны Нью Йоркийн конвенцид заасан журмын дагуу арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгэнэ" гэж анхан шатны шүүхийн харьяаллын талаар зохицуулсан.
Үүний дагуу харьяалах анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.3-т зааснаар төлбөр авагчийн гаргасан хүсэлтийн дагуу Арбитрын шийдвэрийг баталгаажуулж, гүйцэтгэх хуудас бичихээр байна.
Шүүгч О.Одгэрэл нь дээрх хуульд заасан заасны дагуу гадаадын арбитрын шийдвэрийг баталгаажуулах захирамж гарган гүйцэтгэх хуудас олгосон байх тул түүнийг “хуулийн илт тодорхой заалт зөрчсөн, бусдад давуу байдал бий болгосон” гэж үзэхгүй.
Түүнчлэн, Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах ба шүүгчийн нотлох баримт үнэлэх, хууль хэрэглээтэй холбоотой асуудал нь сахилгын зөрчилд хамаарахгүй, шүүгчийн захирамжид хууль зүйн дүгнэлт өгөх, хянах эрх хэмжээгүй болно.
3.2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Б” ХХК нь Арбитрын шийдвэрийг баталгаажуулсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 24*** дугаартай захирамжаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасан шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол гэсэн үндэслэл тогтоогдохгүй” гэж дүгнэн хангахгүй орхисон байна.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолын 5.2-т “ ...“илт үндэслэл муутай” гэдэг нь тухайн шийдвэр үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно” гэж тайлбарласан ба уг үндэслэл тогтоогдохгүй талаар шүүгч захирамждаа тодорхой дурджээ.
Иймд өргөдлийн “шүүгч шийдвэртээ үндэслэл дурдаагүй, бусдад давуу байдал бий болгосон, хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тул энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
4.Өргөдөлд: “ ... гадаадын болон дотоодын хүнээс их хэмжээний төлбөр мөнгө, эд хөрөнгө авч гэр бүлийн орлогоо нэмэгдүүлсэн, хэргийн оролцогч нартай харилцаа холбоо тогтоосон” гэж дурдсан.
Уг гэмт хэргийн шинжтэй гомдлыг илтгэгч гишүүн эрх бүхий байгууллагаар шалгуулахаар сахилгын хэргийг шилжүүлэх санал гаргасныг Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн СХТ/2026/0020 дугаар тогтоолоор хүлээн авч, сахилгын хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Г.У нь уг гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч шалгаад, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасныг, Нийслэлийн Прокурорын газрын Авлига, мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх хэлтсийн хяналтын прокурор Ч.Т 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар тогтоолоор “ ...Э.Б-ийн шүүгч О.Одгэрэл нь бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх мэдүүлэг, гомдол нь бусад эх сурвалжаар тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ.
Иймд, шүүгчийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл эрх бүхий байгууллагаар тогтоогдоогүй байна.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, илтгэгч гишүүнээс шүүгч О.Одгэрэлийг “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.27-т заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэх үндэслэлээр түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ГС/2026/0011 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэлд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН О.НОМУУЛИН
Х.ХАШБААТАР