
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-04-21
Дугаар 59
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэгт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ГС/2026/0044 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“ ... 1. Оросын холбооны улсын иргэн К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь Т банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргад холбогдуулан тус банкны төлөөлөн удирдан зөвлөлийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эрх шилжүүлэх тухай шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг нэхэмжлэлийг хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 50*** дугаар захирамжаар “...нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн, уг нэхэмжлэлийг гаргаснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй. Эрх шилжүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэх эсэх, ямар үр дагавар үүсэх нь тодорхойгүй ямар үр дагавар шаардаж буй нь тодорхойгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд заавал тусгана.
Хэрэв нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус тохиолдолд шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ба энэхүү захирамжид гомдол гаргахгүй талаар мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117-1-т заасан.
Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байвал хүлээн авахаас татгалзахаар хуульд тусгайлан зохицуулсан ба холбогдох шүүгч нь К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл хуулийн дээрх шаардлагыг хангаагүй гэж үзсэн үндэслэлээ захирамжид тодорхой дурдаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Нөгөө талаар Сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах түүнд дүгнэлт хийх эрхгүй болно.
2. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нэхэмжлэлээ 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин гаргасныг шүүгч Д.Батцэцэг хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 55*** дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзахдаа “...шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 50*** дугаар захирамжид заасан зөрчил арилаагүй. Нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн, эрх шилжүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгох шаардлага нь иргэний хэрэг үүсгэх үндэслэлд хамаарах эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар аймаг дахь шүүхийн 100120***тоот дансанд 70,200 төгрөг төлсөн баримт хавсаргаж өгсөн байгааг тус шүүхийн харьяалах Татварын хэлтсийн дансанд улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэхгүй” гэх үндэслэл дурджээ.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлээ дахин гаргасныг шүүгч Д.Батцэцэг хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04*** дүгээр захирамжаар “...уг нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 50***, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 55*** дугаар захирамжуудаар хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжуудад заасан зөрчил арилаагүй байна. Нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөнийг тодруулаагүй, эрх шилжүүлэх тухай шийдвэр буюу итгэмжлэлийг хүчингүй болгох шаардлага нь иргэний хэрэг үүсгэх үндэслэлд хамаарна гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийн агуулгыг хувьцаатай холбоотой маргаан гэж үзэхээр байх ба хувьцааг хууль бусаар шилжүүлэн авсан гэж үзэж байгаа бол эрхийг нь зөрчсөн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахгүйгээр итгэмжлэлийг хүчингүй болгуулахаар шаардаад байгаа нь тодорхойгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас тус тус татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байх нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарахаас гадна нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлөх, уг төлбөрийг нэхэмжлэл гаргаж буй шүүхийн харьяалах татварын байгууллагад төлнө. Иймд нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжид дурдсан зөрчлийг арилгаж нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй, энэ талаарх холбогдох шүүгчийн тайлбарыг буруутгах боломжгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч шүүгчийн 55***, 04*** дүгээр захирамжийг эс зөвшөөрвөл тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар дээрх захирамжуудад тодорхой дурдсан байх ба шүүгчийн захирамжийн үндэслэл хуульд нийцсэн эсэхийг тухайн шүүх хянаж шийдвэрлэх бүрэн эрхтэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар шүүх нь нэхэмжлэл, хүсэлт, гомдлоор иргэний хэрэг үүсгэж болох ба гомдлоор авах хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт заасан журмаар явуулах ба 156 дугаар зүйлийн 156.2-т “гомдлоор авч хэлэлцэх хэргийг шүүх энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу хэлэлцэнэ” гэжээ.
Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн гаргасан гомдол иргэний хэрэг үүсгэх үндэслэл болох хэдий ч гомдол нь хуульд заасан бүрдүүлбэрийг хангасан байх шаардлагатай бөгөөд гомдлын бүрдүүлбэрийг хуулийн арван дөрөвдүгээр бүлэгт тусгайлан зохицуулаагүй, энэ тохиолдолд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг зохицуулсан 62 дугаар зүйлийг баримтлах учиртай.
Өөрөөр хэлбэл, шүүгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасан хориглолтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэгт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Холбогдох шүүүгч Д.Батцэцэг Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“ ... 1.Нэхэмжлэгч Оросын холбооны улсын иргэн К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-н тус шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүгч миний бие хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 101/Ш32025/50*** дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзжээ.
Шүүгч иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхдээ нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, шүүхийн харьяалал мөн эсэх, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан эсэхийг шалгах үүргийнхээ дагуу шалгаж, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасны дагуу хүлээн авахаас татгалзсан ба уг захирамжид тухайн шүүхэд гомдол гаргах эрх хуулиар олгогдоогүй байна.
2. Нэхэмжлэгч Оросын холбооны улсын иргэн К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-н тус шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүгч миний бие хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/Ш32025/55*** дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 65.1.6-д заасны дагуу хүлээн авахаас татгалзсан ба уг захирамжид тухайн шүүхэд 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг дурдсан.
55*** дугаартай захирамжид ...50*** дугаартай шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар аймаг дахь шүүхийн 100120*** тоот дансанд 70,200 төгрөг төлсөн баримт хавсаргаж өгсөн... зэрэг үндэслэл заасан байна.
3. Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-н тус шүүхэд 2026 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүгч миний бие хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/Ш32026/04*** дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.
04*** дугаартай захирамжийг ... 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/Ш32025/50*** дугаар, 2025 оны 12 сарын 18-ны 191/Ш32025/55*** дугаартай захирамжуудад заасан зөрчлийг арилгаагүй... үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу хүлээн авахаас татгалзсан ба уг захирамжид тухайн шүүхэд 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг дурдсан.
Нэхэмжлэгч Оросын холбооны улсын иргэн К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б 50***, 55*** дугаартай шүүгчийн захирамжуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу гомдол гаргаж шүүгчийн захирамжуудыг хянуулах эрхээ эдлээгүй атлаа Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд хамаарахгүй гэж үзэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт” хамаарна.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь шүүхэд хандах болсон бодит нөхцөл болон түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдлыг ойлгох ба нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг, харин нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаас шүүх шийдвэрлэх гэж буй хэргийн төрлийг тодорхойлох тул үндэслэл нь тодорхой бус эсхүл шаардлага нь ойлгомжгүй, үр дагавар шаардаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг хуулийн зохицуулалттай.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн үйл ажиллагааг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамааруулах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Оросын холбооны улсын иргэн К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б тухайн шүүхээр 50***, 55*** дугаартай шүүгчийн захирамжуудыг хянуулах эрх нь нээлттэй байна.
Шүүгч хуульд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Т.Б-с Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэгт холбогдуулан гаргасан өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн хүлээн авч 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ГЗҮ/2026/0033 дугаартай захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ГС/2026/0044 дугаартай сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргажээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
1. Т.Б нь нэхэмжлэгч Оросын холбооны улсын иргэн К-ийг төлөөлж “Т”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн даргад холбогдуулан “тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Эрх шилжүүлэх” шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэл шүүгч Д.Батцэцэгт хуваарилагдан, улмаар шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/50*** дугаартай захирамжаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
2. 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-с “Т”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн даргад холбогдуулан “тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Эрх шилжүүлэх” шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг дахин гаргасныг шүүгч Д.Батцэцэг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/55*** дугаартай захирамжаар “ ...өмнөх захирамжид заасан зөрчлөө арилгаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
3. Улмаар 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-с дахин нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШЗ2026/04*** дугаартай захирамжаар “...урьд гаргасан захирамжуудад заасан зөрчил арилаагүй. Нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөнийг тодруулаагүй, эрх шилжүүлэх тухай шийдвэр буюу итгэмжлэлийг хүчингүй болгох шаардлага нь иргэний хэрэг үүсгэх нөхцөлд хамаарна гэж үзэхээргүй байна, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийн агуулгыг хувьцаатай холбоотой маргаан гэж үзэхээр байх ба хувьцааг хууль бусаар шилжүүлэн авсан гэж үзэж байгаа бол эрхийг нь зөрчсөн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахгүйгээр итгэмжлэлийг хүчингүй болгуулахаар шаардаад байгаа нь тодорхойгүй” гэж дурдан мөн нэхэмжлэлийг хүлээн авах татгалзжээ.
Иргэн, хуулийн этгээд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд эрхийг сэргээх, хамгаалахын тулд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах нь иргэн бүрийн баталгаатай эрх юм.
Гэвч энэ эрхийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд иргэний хэрэг үүсгэх үндэслэл, хэргийн харьяаллыг зөв тогтоох нь зүй ёсны шаардлага бөгөөд энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нарийвчлан зохицуулсан байдаг.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 156 дугаар зүйлийн 156.1.1-т тус тус заасан гомдлоор авч хэлэлцэх маргаанд хамааруулан нэхэмжлэл гаргасан ба энэ тохиолдолд мөн хуулийн 61 дүгээр зүйлд заасан хэлбэрийн шаардлага, тус хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг тодорхойлох зэрэг хуулиар тогтоосон журамд нийцүүлж нэхэмжлэлээ гаргах шаардлагатай.
Нэхэмжлэл гаргах хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Тухайлбал, тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”-г нэхэмжлэлдээ тусгаагүй бол хуулийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилжээ.
Оросын холбооны улсын иргэн К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-н нэхэмжлэл нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүгч хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж тус тус заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчийн 191/ШЗ2025/55***, 191/ШЗ2026/04*** захирамжуудыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргаж хянуулах эрх нь нээлттэй байсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл, илтгэгч гишүүнээс “... шүүгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасан хориглолтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэгт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ГС/2026/0044 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
С.ЭНХТӨР