info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-04-21

Дугаар 61

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, өргөдөл гаргагч Э.Б /ажиглагчаар/, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн, Т.Энхмаа, О.Оюунгэрэл нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: “...1. Өргөдөлд “... ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хүчингүй болгож байгаагаа тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэрийн ил тод байдал, ойлгомжтой байх зарчим алдагдсан ...” гэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана” гэж заасан.

Хэргийг хянан хэлэлцсэн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны дуу-дүрсний бичлэгийн ... хоромд, бүрэлдэхүүн зөвлөж орж ирээд, даргалагч “... шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна. Анхан шатны шүүхээс маргаан бүхий үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж дүгнэсэн. Маргаан бүхий актаар нэхэмжлэгчид шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогдсон, авагдсан шийтгэл нь хуульд нийцсэн гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна. Магадлалд хуульд заасан хугацаанд Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдъя. Магадлалд энэ болон бусад үндэслэлийг тодорхой тусгана ...” гэж танилцуулжээ.

Анхан шатны шүүх “ ... ... аймгийн ... сумын Засаг даргын 2023 оны “Д” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай ... захирамжийн дагуу ажил хийгдсэн,  ... Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн “Д” ХХК-д санхүүжилт олгох тухай захирамжийн дагуу гүйцэтгэгч компанид зардлыг шилжүүлсэн, ... Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн ... дугаартай ажлын хэсэгт орж, ажлыг хүлээн авч, үнэлээгүй, 2024 оны сумын орон нутгийн хөгжлийн сангаар ... төгрөгийн хаягжуулалт хийх ажилтай холбоотой... Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн ... дугаартай захирамжаар гэрээг хамаарал бүхий этгээдтэй байгуулаагүй, ажил гүйцэтгэх гэрээг тухайн үед Засаг дарга болон Засаг даргын орлогч байгуулсан ... үйл баримтаас харахад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 1-д заасан  зөрчил бүхий нөхцөл байдлыг гаргасан болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнээд Э.Б нь Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад удаа дараа давуу байдал үүсгэн ... зөрчлүүдийг гаргасан гэж ажлаас халсан  Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн ... дугаар захирамжийг, дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, захирамж гаргаагүй бол хүчингүй болгуулахаар шийдвэрлэсэн хэргийг хянан, “...маргаан бүхий актаар нэхэмжлэгчид шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогдсон, авагдсан шийтгэл нь хуульд нийцсэн ...” гэж ажлаас халсан сумын засаг даргын захирамж нь үндэслэл бүхий байж чадсан эсэхийг дүгнэсэн шийдвэрийнхээ агуулгыг товч танилцуулжээ.

Иймд хуралдаан даргалагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ товч байдлаар танилцуулсан, магадлалд гомдол гаргах эрхтэйг, магадлалыг бичгээр гаргахдаа хуралдаанд дурдсан болон бусад үндэслэлийн талаар тодорхой дурдахаа тайлбарласан байх тул хууль зөрчөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ”, 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 121.1.1 дэх заалтад “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасан, бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгч нарыг буруутгах үндэслэлгүй.

Хэрэв магадлалыг эс зөвшөөрвөл хяналтын журмаар гомдол гаргах эрх хэргийн оролцогчид нээлттэй байдаг.

 

2. Мөн “... Хурлын явцад талуудыг ялгаварласан, хариуцагчийн тайлбарыг давуу үнэлсэн ...” гэж дурдсан.

Тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзвэл,

- нэхэмжлэгчийн өмгөөлөгч 6 минут орчим /0:21:08-0:27:06 дахь хором/ давж заалдах гомдолтой холбоотой тайлбар хэлсэн ба даргалагч, бүрэлдэхүүний шүүгч нар үгийг нь тасалж, хязгаарлаагүй байна.

Харин 0:27:35-0:27:43 дахь хэсэгт нэхэмжлэгч “Миний бие төрийн албанд 34 жил ажилласан. Тамгын газрын даргаар 2008 оноос эхлэн ажилласан байгаа” гэхэд

- даргалагч: Хэрэгт үйл баримтыг тодорхой дүгнэсэн байгаа. Тийм учраас давж заалдах гомдолтой холбоотой тайлбар байвал сонсъё, бичгээр өгвөл өгчих гэхэд /0:27:44-0:27:52 дахь хэсэг/

- нэхэмжлэгч: Ер нь бол анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байгаа, эцэслэн шийдэж өгөөгүйд миний хувьд гомдолтой байгаа юм гэдгээ хэлье гээд тайлбараа бичгээр өгч байгаа нь тусгагдсан бол /0:27:53-0:28:00 дахь хэсэг/

- даргалагч: Хариуцагч давж заалдах гомдолтой холбоотой нэмэлт тайлбар байна уу /0:28:05:0:28:08 дахь хэсэг/

- хариуцагч: Тайлбар хэлсэн боловч үйл баримтын талаар дурдсан тул, /0:28:23-0:28:38 дахь хэсэг/

- даргалагч: Уучлаарай, хэрэгт авагдсан үйл баримтыг бүгд мэдэж байгаа ш дээ. Тэгэхээр одоо давж заалдах гомдолд нэмж тайлбарлах зүйл байна уу л гэж байгаа юм. Давж заалдах гомдолтой холбоотой нэмэлт тайлбар байна уу гэхэд /0:28:39-0:28:53 дахь хэсэг/

- хариуцагч: Үргэлжлүүлэн тайлбар хэлж байхад /0:28:54-0:32:05 дахь хэсэг/

- илтгэгч шүүгч: Наад үйл баримтаа ярихгүй ш дээ. Гомдолтой холбогдуулаад гэхэд /0:32:06-0:32:20 дахь хэсэг/

- даргалагч: Гомдолтой холбоотой тайлбар хэлээрэй гээд байхад шүүхийн шийдвэрээс уншаад, үйл баримтаа дурдаад байх юм

- илтгэгч шүүгч:  2 үндэслэлээр л давж заалдах гомдол гаргасан байгаа ш дээ.

- даргалагч: Өмгөөлөгч нь ярих уу гэснээр өмгөөлөгч /0:32:22-0:34:05 дахь хэсэг/ 2 минут гарангийн хугацаанд тайлбар хэлж байхад,

- илтгэгч гишүүн: Хэрэгт авагдсан баримтын хүрээнд яримаар байх юм. Болсон уу, за асууя хариуцагчаас эхлээд асууя гээд тайлбарыг зогсоож, асуулт, хариултын шат руу орсон болох нь /0:34:00-0:36:35 дахь хэсэг/ тусгагджээ.

Дээрхээс үзвэл нэхэмлэгч нь маргааны үйл баримтыг давтан дурдсан, хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрт бичсэн дүгнэлтийг уншсан тул даргалагч хэн алиных нь тайлбарыг зогсоож, давж заалдах гомдолтой холбоотой нэмэлт тайлбар сонсоно гэж анхааруулжээ.

Мөн асуулт, хариултын шатны 0:36:37-0:41:56 дахь хэсэгт илтгэгч шүүгч нэхэмжлэгчээс асуулт асууж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч асуултад хариулсан,

- үүний дараа бүрэлдэхүүний шүүгч О.Оюунгэрэл, нэхэмжлэгч талаас асуулт асууж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч асуултад хариулсан, /0:41:59-0:42:45 дахь хэсэг/

- илтгэгч шүүгч, хариуцагч талаас асуулт асууж, хариуцагч асуултад хариулснаар асуулт, хариултын шатыг дуусгаж шүүх хуралдааныг завсарлажээ. /0:42:46-0:44:19 дахь хэсэг/

Шүүх хуралдааны явцыг нягтлахад, даргалагч, бүрэлдэхүүний шүүгч нарын зүгээс хэргийн оролцогчийн үг хэлэх эрхийг хязгаарласан, эсхүл аль нэг талыг давуу яриулсан, ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүйн дээр нэхэмжлэгч, хариуцагч талд “үйл баримтын талаар дурдахгүй, давж заалдах гомдолтой холбоотой нэмэлт тайлбар хэлнэ” гэж адил шаардлага тавьсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1. “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2. “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар хариуцагчийн гаргасан тайлбараас гадна хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн бусад оролцогчийн тайлбар, татгалзал зэргийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, дүгнэн шийдвэр гаргах нь шүүгчид хуулиар олгосон бүрэн эрх бөгөөд энэ хүрээнд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг шүүгчийг “талуудыг ялгаварласан, хариуцагчийн тайлбарыг давуу үнэлсэн” гэж үзэхгүй.

Иймд холбогдох шүүгч нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн, Т.Энхмаа, О.Оюунгэрэл нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

 

Шүүгч Б.Адъяасүрэн, Т.Энхмаа, О.Оюунгэрэл нар ирүүлсэн тайлбартаа: “... Э.Б-ийн нэхэмжлэлтэй, ... аймгийн ... сумын Засаг
даргад холбогдох ... индекстэй захиргааны хэргийг хянан
шийдвэрлэсэн ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025
оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч
нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор
ирүүлснийг тус шүүх 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Захиргааны
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар
2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дээрх давж заалдах гомдлыг хэлэлцүүлж, 85
дугаар магадлалаар нэхэмжлэгч Э.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1. “...ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хүчингүй болгож байгаагаа тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэрийн ил тод байдал, ойлгомжтой байх зарчим алдагдсан гэж үзэж байна” гэх гомдлын тухайд:

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн
204 дүгээр захирамжаар дээрх захиргааны хэргийг даргалагч шүүгчээр Б.Адъяасүрэн, шүүх бүрэлдэхүүнд О.Оюунгэрэл, илтгэгч шүүгчээр Т.Энхмаа
томилогдсон байна.

Э.Б-ийн нэхэмжлэлтэй, ... аймгийн ... сумын Засаг
даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын
29-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нэхэмжлэгч Э.Б
/танхим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У /танхим/, хариуцагч Ч.Б /цахим/,
хариуцагчийн өмгөөлөгч О.Б /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн
дарга Д.Эрдэнэбаяр нарыг оролцуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.6-д “Шүүх хуралдааны дэг нь илтгэгч шүүгчээс хэргийн талаар танилцуулах хүртэл энэ хуулийн 89, 90, 94, 96.1-д заасан журмаар зохицуулагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаан даргалагч Б.Адъяасүрэн шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирц, оролцох эрхийг шалгаж, шүүх бүрэлдэхүүнийг танилцуулан, татгалзан гаргах эрхийг тайлбарлан, хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө хүсэлт байгаа эсэхийг асууж тодруулсны үндсэн дээр хэргийг хэлэлцэж эхэлсэн буюу мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.7-д “Илтгэгч шүүгчээс нэхэмжлэлийн шаардлага, анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэлийг танилцуулж, гомдол гаргагч болон хэргийн бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбоотой тайлбарыг сонсон шүүх бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, тодруулсны дараа нэмэлт тайлбарыг сонсож, шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орно.” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлоор хязгаарлалгүй, хэргийг нь бүхэлд нь хянаж, шүүх бүрэлдэхүүн хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу явуулсан болно.

Шүүх хуралдааны даргалагч шүүгч Б.Адъяасүрэн нь магадлалын Тогтоох
хэсгийн агуулгыг “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121
дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг
хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож
шийдвэрлэж байна. Анхан шатны шүүхээс маргаан бүхий үйл баримтад
үндэслэлгүй дүгнэлт хийж, маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь
үндэслэлгүй болсон гэж дүгнэсэн. Маргаан бүхий актаар нэхэмжлэгчид шийтгэл
ногдуулсан үйл баримт тогтоогдсон тул хуульд нийцсэн. Иймд анхан шатны
шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй
болгож байна. Магадлалд хуульд заасан хугацаанд Улсын дээд шүүхэд гомдол
гаргах эрхтэй болохыг дурдъя. Магадлалд энэ болон бусад үндэслэлийг тодорхой
тусгана” гэснээр шүүх хуралдааныг хаасныг мэдэгдсэн нь шүүх бүрэлдэхүүний
гаргасан шийдвэрийг агуулгаар нь товч, ойлгомжтой танилцуулсан нь Захиргааны
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Шүүх
хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж,
шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана ...” гэж заасны
дагуу явуулсан байна. /шүүх хуралдааны бичлэг/

2. “...Хурлын явцад талуудыг ялгаварласан, хариуцагчийн тайлбарыг давуу үнэлсэн” гэх гомдлын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.” гэж заасны дагуу Э.Бийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд тухайн хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагч Ч.Б нараас гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянасан.

2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс
үзэхэд, нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагч
Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Б нар давж заалдах гомдолтой
холбоотой тайлбар гаргасны дараа шүүх бүрэлдэхүүн нэмж тодруулахаар илтгэгч
шүүгч Т.Энхмаа нэхэмжлэгч талаас нийт 12 асуулт, хариуцагч талаас 2 асуулт,
бүрэлдэхүүний шүүгч О.Оюунгэрэл нэхэмжлэгч талаас 2 асуулт тус тус асууж, маргааны талаар тодруулан дээрх шүүх хуралдааныг Монгол Улсын шүүхийн тухай
хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн
дээр явуулна.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл “Мэтгэлцэх зарчим”-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч
нарыг мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэн, талуудын тэгш оролцоог хангаж, тайлбар
гаргах эрхийг хязгаарлаагүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-д “Хэргийг
хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр
биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана.”, Захиргааны хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “Давж заалдах
журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн
шийдвэрийн болон давж заалдах гомдлын агуулга, давж заалдах шатны шүүхээс
гаргаж байгаа шийдвэр, түүний үндэслэл тусгагдсан байна.”, 119.4-т “Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн
эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Магадлалыг хэргийн
оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.4-т заасны дагуу гардан
авах, эсхүл шүүх энэ хуулийн 108.6-д заасны дагуу хүргүүлнэ.” гэж заасны дагуу
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 85 дугаар магадлалыг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр албажсан
талаар мэдэгдэж, тус захиргааны хэргийг мөн өдрийн ... дугаар албан бичгээр
анхан шатны шүүх рүү хүргүүлсэн байна.

            Э.Бийн нэхэмжлэлтэй, ... аймгийн ... сумын Засаг
даргад холбогдох захиргааны хэргийг ... аймаг дахь Захиргааны хэргийн
анхан шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Дээд
шүүх рүү хүргүүлсэн бөгөөд уг захиргааны хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй
байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12
дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Давж
заалдах шатны шүүх хуралдаанд бэлтгэх ажлын журам”-д заасны дагуу шүүх
хуралдаанд бэлтгэх ажлын бүрдэл дарааллын дагуу холбогдох ажиллагааг хийж
гүйцэтгэж, илтгэгч шүүгч хэргийн материалтай урьдчилан танилцаж, шүүх бүрэлдэхүүн бэлтгэл хурлыг 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн байна.
/Журмын 2, 3 дугаар хавсралт болох шүүх хуралдаанд бэлтгэх ажлын дараалал,
хугацаа болон хэлэлцвэл зохих асуудлын жагсаалтыг хавсаргав./ Иймд дээрх үндэслэлээр иргэн Э.Б-ийн “... ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хүчингүй болгож байгаагаа тайлбарлаагүй нь шүүхийн
шийдвэрийн ил тод байдал, ойлгомжтой байх зарчим алдагдсан гэж  үзэж байна.” гэх өргөдлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.11.2-т
заасны дагуу сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Э.Б-ээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн, Т.Энхмаа, О.Оюунгэрэл нарт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ГЗҮ/2026/0036 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргажээ.

1.Өргөдөлд “...ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хүчингүй болгож байгаагаа тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэрийн ил тод байдал, ойлгомжтой байх зарчим алдагдсан гэж үзэж байна.” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Э.Б-ийн нэхэмжлэлтэй ... аймгийн ... сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 109/ШШ2025/... дугаар шийдвэрээр “нэхэмжлэгч Э.Б-ийн гаргасан нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий ... аймгийн ... сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, хариуцагч нараас тус тус давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн, Т.Энхмаа, О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд, “... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 109/ШШ2025/... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ...нэхэмжлэгч Э.Б-ийн “... аймгийн ... сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлыг хангаж” шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдааны бичлэгээс үзвэл бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар завсарлаж орж ирээд, даргалагч шүүгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна. Анхан шатны шүүхээс маргаан бүхий үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж дүгнэсэн. Маргаан бүхий актаар нэхэмжлэгчид шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогдсон, авагдсан шийтгэл нь хуульд нийцсэн гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна. Магадлалд хуульд заасан хугацаанд Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдъя. Магадлалд энэ болон бусад үндэслэлийг тодорхой тусгана” гэж шийдвэрийг танилцуулж, 221/МА2026/... дугаар магадлалд үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана” гэж заасанд нийцсэн байна.

Иймд шүүгчид холбогдуулан гаргасан “...нэхэмжлэгчийн хүсэлтийг хүчингүй болгож байгаагаа тайлбарлаагүй” гэх өргөдөл нь үндэслэлгүй бөгөөд илтгэгч гишүүний “хуралдаан даргалагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ товч байдлаар танилцуулсан, магадлалд гомдол гаргах эрхтэйг, магадлалыг бичгээр гаргахдаа хуралдаанд дурдсан болон бусад үндэслэлийн талаар тодорхой дурдахаа тайлбарласан байх тул хууль зөрчөөгүй” гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй. 

2.Өргөдөлд “...Хурлын явцад талуудыг ялгаварласан, хариуцагчийн тайлбарыг давуу үнэлсэн.” гэжээ.

            Иргэн Э.Бийн нэхэмжлэлтэй ... аймгийн ... сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч О.Оюунгэрэл, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Б нарыг оролцуулан хийжээ.

            Тус шүүх хуралдааны бичлэгт хийсэн үзлэгээр шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдыг ялгаварлан гадуурхсан, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

            Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлд зааснаар шүүх хуралдааныг  даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авч ажилласан байна.

            Шүүх бүрэлдэхүүнээс хэргийн оролцогч нарт хэргийн үйл баримтын талаар дурдахгүй, давж заалдах гомдолтой холбоотой тайлбар гаргахыг шаардсан нь шүүгч нарыг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэл болохгүй.

            Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүх нь хэргийг гомдолд хязгаарлахгүйгээр бүхэлд хянан үзэж шийдвэр гаргах бөгөөд хариуцагчийн тайлбарыг давуу үнэлсэн гэж үзэх боломжгүй.

            Хэрэв хэргийн оролцогч давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хяналтын шатны шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлэх боломжтой байдгийг дурдах нь зүйтэй.

   Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн, Т.Энхмаа, О.Оюунгэрэл нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ГС/2026/0043 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн, Т.Энхмаа, О.Оюунгэрэл нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                     Д.АРИУНТУЯА

                                    ГИШҮҮН                                          Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН