info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-04-09

Дугаар 53

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндуламд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ГС/2026/0032 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“ ... Иргэн Т.Б нь Шүүхийн сахилгын хороонд “...шүүгч С.А-н 2014 оны 20** /шийдвэр/ захирамжийг хүчингүй болгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүсэлт гаргахад шүүгч Д.Янжиндулам нь 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 191/ШЗ2025/45*** дүгээр захирамжаар хүсэлтийг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар ...шүүгчийн захирамжид  10 хоногийн дотор гомдол гаргаж болно гэсэн байхад уг шүүгч нь хуулиар олгосон эрхийг хязгаарлаж, гомдол гаргах эрхгүй гэж шүүгчийн захирамж гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалтыг зөрчсөн ноцтой үйлдэл тул заасан зөрчил тул сахилгын шийтгэл оногдуулж өгнө үү” гэх утга агуулга бүхий өргөдлийг гаргасан.

Илтгэгч гишүүний хувьд дээрх өргөдлийг хүлээн авч танилцаад 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ГЗТ/2025/0155 дугаар захирамжаар шүүгч Д.Янжиндуламд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан бөгөөд тухайн захирамжид өргөдөл гаргагч гомдол гаргасныг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдаанаар хянан хэлэлцээд СХТ/2026/0002 дугаар тогтоолоор хүчингүй болгож, холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн.

Өргөдөл гаргагч Т.Б-ийн өмгөөлөгч Д.Д тус хорооны гомдол шийдвэрлэх хуралдаанд гаргасан тайлбартаа “...шүүгч Д.Янжиндулам гомдол гаргах эрхтэй захирамж гаргах ёстой байсан. Яагаад гэвэл шүүгч эхлээд хууль хэрэглэдэг, дараа нь Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар хэрэглэдэг. Тухайн тайлбар хуультай нэгэн адил хэрэглэдэг. Энэ нь хуулийн илт тодорхой тайлбартай заалт буюу гомдол гаргах эрхтэй захирамж байсан... Иймд хуулийн илт тодорхой зохицуулалтыг илт зөрчсөний улмаас бидний гомдол гаргах эрхийг шууд хязгаарласан. ...Шүүгч нь гомдол гаргах эрхгүй гэж хязгаарласнаараа 20** дүгээр захирамжийн нөгөө талд давуу байдал үүсгэсэн...” гэж гомдлын үндэслэлээ тайлбарласан бол,

 гомдол шийдвэрлэх хуралдааны СХТ/2026/0002 дугаар тогтоолд “...хүсэлтийг шүүгчийн 191/ШЗ2025/45*** дүгээр захирамжаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь хуульд нийцсэн эсэх, хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчилд тооцох эсэхэд эргэлзээгүй хууль зүйн дүгнэлт өгсөн гэж үзэхэд учир дутагдалтай... Улсын дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөмжийн “Долоо”-д “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгч өөрөө уг захирамжийг хүчингүй болгох буюу өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 123 дугаар зүйлийн аль тохирох хэсэгтэй нь давхар баримтлах нь зүйтэй...”, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолд “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг дээрх дурдсан техникийн болон утга найруулгын алдаатай гарсныг зарчмын хувьд хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу хянаж болно...” гэж тус тус тайлбарлажээ... Иймд илтгэгч гишүүн холбогдох баримтыг цуглуулж, үүссэн нөхцөл байдлыг үндэслэн тодорхой нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн эсвэл баталсан хууль зүйн болон үйл баримтын дүгнэлтийг хийх шаардлагатай. Улмаар шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалтыг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар гарсан албан ёсны тайлбарт нийцүүлэн сахилгын зөрчилд хамаарах эсэх талаар дахин дүгнэлт өгөх нь хууль дээдлэх зарчимд нийцнэ” гэсэн болно.

Хэдийгээр тус хорооны гомдол шийдвэрлэх хуралдааны СХТ/2026/0002 дугаар тогтоолоор “...үүссэн нөхцөл байдлыг үндэслэн тодорхой нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн эсвэл баталсан хууль зүйн болон үйл баримтын дүгнэлтийг хийх шаардлагатай...” гэж үзсэн боловч Шүүхийн сахилгын хороо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхийн эрхийн актын хууль зүйн үндэслэлийг хянах, түүнд дүгнэлт өгөх эрхгүй, нөгөөтээгүүр Монгол Улсын Үндсэн хуульд “шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу шүүхийн бүрэн эрхэд хамаарна гэж үзсэн тул Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 20** дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан удаа дараагийн хүсэлт, гомдол, тэдгээрийн шийдвэрлэлттэй холбогдуулан дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй  гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, 123.3 дахь хэсэгт “...шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана” гэж, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж тус тус заасан.

Дээрх хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 25.7.5.б-д “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан албан ёсны нийтэд илэрхий Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 17 дугаар тогтоолоор тайлбарласан байдаг.

Уг тайлбарын “тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл” хэсгийн 5.2-т “...Хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх заалт нь илт үндэслэл муутай гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг ...Шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан журмын дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн алдааг засах ажиллагаа хийснийг адилтгаж үзэхээр тайлбарлав. Хуулийн 74, 75 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д хамаарах эсэх талаар шүүх өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх үр дагавартай, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх учиртай тул захирамж, тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээ нь шүүхийн шийдвэр тогтвортой байх зарчмаар хязгаарлагдана. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг дээр дурдсан техникийн болон утга найруулгын алдаатай гарсныг зарчмын хувьд Хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу хянаж болно” гээд “тайлбарлах нь” хэсгийн 3-т “илт үндэслэл муутай гэдгийг Хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно. Илт үндэслэл муутай гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхийг үл харгалзан залруулж болно...” гэж тайлбарласан.

Мөн Улсын дээд шүүхийн 2014 оны “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар”-т хуулийн 124 дүгээр зүйлийг  “...Шүүгчийн тухайн захирамж, шүүхийн тухайн тогтоолд гомдол гаргах боломжтой гэж хуулийн 170 дугаар зүйлд заасан бол гомдлыг мөн зүйлд заасан үндэслэл, журмын дагуу тухайн шатны шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл захирамж, тогтоолыг өөрчилж, хүчингүй болгодог. Гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх тухай 170 дугаар зүйлийн зохицуулалт 124 дүгээр зүйлийн шаардлага, үндэслэлээс огт өөр гэдгийг анхаарах нь зүйтэй. Тайлбарлаж буй зүйл хэн нэгний гомдол гаргах эрхийг зохицуулаагүйгээс гадна энэхүү зохицуулалт нь 170 дугаар зүйлд гомдол гаргаж болохгүй гэж заасан захирамж, тогтоолыг хянуулах далд арга биш юм. Тухайн зүйл нь захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүнд өөрөө алдаагаа залруулах, илтэд үндэслэл муутай эрхийн актаа өөрчлөх, хүчингүй болгох боломж олгосон зохицуулалт юм... “Илт үндэслэл муутай” гэдгийг шүүгч, хэргийн оролцогч, өөр хэн ч үзсэн бодит үнэнд нийцээгүй, үг, үсэг, тоо, тооцооны алдаатай зэрэг байдлыг ойлгож болно...” гэж тайлбарлажээ.

Мөн Улсын дээд шүүхийн 2006 оны “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-75 дугаар зүйл болон 106 дугаар зүйлийн зарим заалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай” зөвлөмжийн “Найм”-д “...хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан журмын дагуу хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдаан заавал хийнэ. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх, зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлээд шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна. Шүүхийн шийдвэрийг гаргах хүртэл нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрч болно... Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэж гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг мөн хуулийн 124 дүгээр зүйлд заасан үндэслэлээр өөрчилж, хүчингүй болгож болохгүй” гэжээ.

Дээрхээс үзэхэд иргэн Т.Б-ийн шүүхэд гаргасан хүсэлтэд дурдсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 20** дүгээр шийдвэр /захирамж/ нь хялбаршуулсан журмаар хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн шинжтэй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил эрхийн акт тул зөвхөн дээрх дурдсанчлан “техникийн болон утга найруулгын алдаатай” гарсныг шүүгчийн захирамжаар өөрчлөх, хүчингүй болгон залруулах боломжтой юм.

Иргэний хэргийн шүүх нь талуудын санаачилга, хүсэлтийн үндсэн дээр явагддаг бөгөөд Т.Б-ийн шүүхэд гаргасан хүсэлтээ “...20** дүгээр шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан “илт үндэслэл муутай” гэдэгт хамааруулан үндэслэлээ тодорхойлж, шүүгч Д.Янжиндулам нь 191/ШЗ2025/45*** дүгээр захирамжаараа “тухайн 20** дүгээр шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн нэгэн адил тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, хууль хэрэглээтэй холбоотой гомдол хамаарахгүй” гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл 2014 оны 20** дүгээр шийдвэрт техникийн болон утга найруулгын алдаа байхгүй тул шүүгчийг зөрчил гаргасан гэж үзээгүй болно.

Учир нь Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 28 дугаар “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.2-т “...Процессын хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчих гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно... Дээр тайлбарласанчлан, "хуулийн илт тодорхой заалт" гэдэг нь хэнд ч ойлгомжтой буюу шүүгчээс мэргэжлийн тусгай мэдлэг, хууль тайлбарлан хэрэглэх ур чадвар шаардахгүй тул хуулийн илт тодорхой заалт зөрчсөнийг "мэргэжлийн алдаа" гэж үзэхгүй...”, 5.4-т “Үйлдэл гэдгийг шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн шүүхийн шийдвэр гаргах, ...хүлээсэн үүргээ зөрчсөн идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг ойлгоно”, 5.5-д “Эс үйлдэхүй гэдэгт шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, хийх ёстой зүйлийг хийгээгүй, тодорхой үйл ажиллагаа явуулахаас татгалзах, идэвхгүй үйлдлээр орхигдуулахыг ойлгоно” гээд

“тайлбарлах нь” хэсгийн 3-т “Илт тодорхой гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно. Харин хуулийн зохицуулалт нь ойлгомжтой, тодорхой боловч хууль хэрэглээний хувьд өөр бусад хэм хэмжээтэй өрсөлдсөн буюу зэрэгцсэн, зөрчилдсөн, эсхүл төсөөтэй хэрэглэх эсэхийг шийдвэрлэх зэргээр хууль хэрэглэх зарчмыг тайлбарлах шаардлагатай бол “илт тодорхой” гэж үзэхгүй. Мөн хуулиар тодорхойлсон хууль зүйн ойлголтыг хэргийн үйл баримтад хэрэглэхийн тулд зүйлчлэл хийх шаардлагатай бол хамаарахгүй. Процессын хуулийн тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт хамаарна, шүүгчид эрх буюу сонгох боломж олгосон заалт хамаарахгүй” гэж тайлбарласан.

Дээрх тайлбараас үзвэл шүүгч Д.Янжиндуламыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 17 дугаар тогтоолд “...Хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан зохицуулалтад хамаарах захирамж, тогтоол нь хуулийн 123 дугаар зүйлд заасан бичгээр гаргасан бүх захирамж, тогтоол байна. Шүүгч захирамж, шүүх тогтоол гаргахдаа 123 дугаар зүйлийг удирдлага болгоогүй нь хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан ажиллагааг явуулахад саад болохгүй...” гэж тайлбарласан байдаг боловч энэ нь хуулийн 124 дүгээр зүйлд хамаарах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд хамаарах юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан.

Дээрх зохицуулалтаар хуулийн 115, 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрээс бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол нь хуулийн 124 дүгээр зүйлд заасан хүчингүй болгох, өөрчлөх эсэхэд хамаарна.

Гэтэл шүүхийн 2014 оны 20** дүгээр шийдвэр нь хэргийг хялбаршуулсан журмаар эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн нэгэн адил үр дагавартай эрхийн акт тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох хуулийн зохицуулалтад хамаарахгүй болно.

Иймд хууль болон Улсын дээд шүүхийн тайлбар, зөвлөмжид зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй тул шүүгч зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “...шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана” гэж заасныг удирдлага болгон шүүгчийн захирамж гаргасныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад зааснаар бусдад давуу байдал бий болгосон гэж үзээгүй болно.

Дээрхийг нэгтгэн дүгнээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндуламыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

 

Холбогдох шүүүгч Д.Янжиндулам Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:  

“ ... Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн СХТ/2026/0002 дугаар тогтоолтой танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

1.Хүсэлт гаргагч Т.Б-ийн гаргасан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 20** дүгээр “Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай хүсэлт нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох” журмын дагуу 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “системээс” хуваарилагдсан байна.

2.Дээрх хүсэлтийг шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/Ш32025/45*** дүгээр захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тодруулбал, хүсэлт гаргагч нь “...Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 20** дүгээр захирамжийг ...Т банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэх Д.Э-ны 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өмгөөлөгч Ш.Э-д "Эрх шилжүүлэх тухай" шийдвэрт албан бланк дээр тамга, тэмдэг дарагдаагүй, банкны нягтлан бодогчийн гарын үсэг зурагдаагүй нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т зааснаар хүчин төгөлдөр бус...” гэх үндэслэлээр хүчингүй болгуулах гэж хүсэлтийн агуулгаа тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасантай нийцэхгүй байна гэж дүгнэсэн.

Мөн хүсэлтэд дурдсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 20** дүгээр захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон зохигч эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамруулан хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй талаар дүгнэсэн байна.

3. Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийг “илт үндэслэл муутай гэдэг нь тухайн шийдвэр үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно. Илт үндэслэл муутай гарсан гэж үзэж болох шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхээс үл хамаарч шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулж, өөрчилж эсхүл хүчингүй болгож болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх үр дагавартай, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх учиртай тул захирамж, тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээ нь шүүхийн шийдвэр тогтвортой байх зарчмаар хязгаарлагдана.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг дээр дурдсан техникийн болон утга найруулгын алдаатай гарсныг зарчмын хувьд хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу хянаж болно” гэж тайлбарласан.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж зохицуулсан.

Дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэл нь мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан гаргасан шүүгчийн захирамж илт үндэслэл муутай буюу тоо, тооцоолол, нэр зэрэг илэрхий техникийн алдаатай бичигдсэн байдлыг хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран шүүгч өөрөө залруулж тухайн захирамжаа өөрчилж эсхүл хүчингүй болгохдоо баримтлах журамтай.

5. Харин шүүхийн шийдвэрт мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх заалтыг хэрэглэхгүй бөгөөд энэхүү хуулийн заалтаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг шүүх өөрчлөх эрхгүй, агуулгын хувьд хууль хэрэглээтэй холбоотой гомдол мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй юм.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “...энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж зохицуулсан нь тухайн хуулийн зүйл, заалтыг баримтлан гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхийн талаарх зохицуулалт юм.

Харин хууль хэрэглээний хувьд зүйл заалтыг эрх зүйн үр дагавар үүсгэх зорилгоор хэрэглэх бөгөөд хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох өөрчлөх зэрэг үр дагаврыг шүүх хүсэлт хянан шийдвэрлэснээр үүсгээгүй тул мөн хуулийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрх олгох зохицуулалтгүй. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгчийн захирамжийг бичгээр гаргахаар зохицуулсан тул хүсэлт гаргагч Т.Б-ийн гаргасан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20** дүгээр захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул тухайн хуулийн зохицуулалтыг баримталсан болно.

Иймд шүүгч Д.Янжиндулам би албан үүргээ гүйцэтгэхдээ гомдолд дурдсанчлан хүсэлт гаргасан иргэний гомдол гаргах эрхийг хязгаарласан хууль бус шийдвэр гаргаагүй бөгөөд албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаагүй, бусдад давуу байдал бий болгосон, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байна.

            Дурдсан үндэслэлүүдээр шүүгч Д.Янжиндулам надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Оросын Холбооны Улсын иргэн К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-с Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндуламд холбогдуулан гаргасан өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ГЗТ/2025/0155 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсаныг Сахилгын хорооны 2026 оны 01 дүгээр сарын 06-ны гомдол шийдвэрлэх хуралдааны СХТ/2026/0002 дугаар тогтоолоор хүчингүй болгож, холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн.

Улмаар илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ГС/2026/0032 дугаартай сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргажээ.

1. Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Т банканд холбогдох “хувьцаа барьцаанаас чөлөөлүүлэх, худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр хувьцаа өмчлөх эрх үүссэнийг тогтоолгох тухай” иргэний хэргийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20** дүгээр захирамжаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.[1]

Уг шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар иргэн Т.Б нь 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан нь шүүгч Д.Янжиндуламд хуваарилагдсан байна.

Шүүгч хүсэлтийг хүлээн аваад шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/45*** дүгээр захирамжаар “...шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай гэдэг нь тоо, тооцоолол, нэр зэрэг илэрхий алдаатай бичигдсэн байдлыг ойлгох ба агуулгын хувьд хууль хэрэглээтэй холбоотой гомдол үүнд хамаарахгүй. Түүнчлэн ...шүүхийн 20** дүгээр шийдвэр нь ...зохигч эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байх тул хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамруулан хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Т.Б-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж, мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан үндэслэл журамд хамаарахгүй тул зохигчид гомдол гаргах эрх хуулиар олгогдоогүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.[2]

2. Уг шийдвэрийг гаргасан шүүгч Д.Янжиндуламд холбогдуулан өргөдөл гаргагчаас: “ ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргах эрхийг хязгаарлаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасныг зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны *** дүгээр шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон зохигч эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх тул энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр шинжтэй байна. Иймд уг шийдвэрт мөн хуулийн 124 дүгээр зүйлд заасан үндэслэлээр өөрчилж, хүчингүй болгож болохгүй.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолын 5.2-т “ ...“илт үндэслэл муутай” гэдэг нь тухайн шийдвэр үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно”,

“ ...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх үр дагавартай, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх учиртай тул захирамж, тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээ нь шүүхийн шийдвэр тогтвортой байх зарчмаар хязгаарлагдана. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг дээр дурдсан техникийн болон утга найруулгын алдаатай гарсныг зарчмын хувьд Хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу хянаж болно” гэж тайлбарлажээ.

Иймд, шүүхийн 2014 оны 20** дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргагч Т.Б-ийн хүсэлт нь агуулгын хувьд техникийн болон утга найруулгын алдаатай бус харин хууль хэрэглээтэй холбоотой тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасан 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй талаар шүүгч захирамжийн үндэслэлдээ тодорхой тусгасан ба энэ нь Улсын дээд шүүхийн тайлбарт нийцсэн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж зохицуулалт нь тухайн хуулийн зүйл, заалтыг баримтлан гаргасан шийдвэрт гарсан өдрөөс гомдол гаргах эрхийн талаар зохицуулсан.

Хүсэлт гаргагчийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийн агуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасанд хамаарахгүй, эрх зүйн үр дагавар үүсгээгүй тул мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасан гомдол гаргах эрх үүсэхгүй юм.

Иймд, шүүгч захирамж гаргахдаа хууль зөрчсөн, хүсэлт гаргагчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон, хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тул энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, илтгэгч гишүүнээс шүүгч Д.Янжиндуламын “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй” гэх үндэслэлээр түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ГС/2026/0032 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндуламд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                     Д.МЯГМАРЦЭРЭН

 

                        ГИШҮҮН                                          Д.АРИУНТУЯА

                                                                                    С.ЭНХТӨР

 

[1] СХ-ийн 1-р хавтасны 168-171 тал,

[2] СХ-ийн 1-р хавтасны 95-99 тал,