
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-04-15
Дугаар 56
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч Т.Энхжаргал, өргөдөл гаргагч “М” ХХК-ийн захирал Ц.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргалд холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өргөдөл гаргагч “М” ХХК-ийн захирал Ц.С өргөдөлдөө: “...Шүүгч Т.Энхжаргал нь “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...газарт холбогдох, эд хөрөнгийн дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэлгүйгээр, шүүх хуралдааны ирцийн шатанд хянан шийдвэрлэж, талуудын мэтгэлцэх эрхийг хангалгүйгээр, нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дор дурдсан зүйл, заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3 65.1.8. 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно”, мөн хуулийн 10 дугаар бүлэгт заасан шүүх хуралдааныг дэгийг, 40 дүгээр зүйлийн 40.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 108 дугаар зүйлийн 108.1-д “Шүүх гэрч, шинжээчээс мэдүүлэг авах цугларсан бичмэл болон эд мөрийн баримтыг судлах, үзлэг хийх, бусад нотлох баримтыг шинжлэх дарааллыг тогтоож, эдгээр ажиллагааг энэ хуулийн 110-112 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна”, 110 дугаар зүйлийн 110.1-д “Шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл, цахим нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж сонсгон, эд мөрийн баримтыг танилцуулна” гэж заасныг зөрчсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99, 100 дугаар зүйлд заасан анхан шатны шүүх хуралдааны дэгийн дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т-ийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэх шатанд хариуцагчийн зүгээс гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг хүлээн авч, улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн суурь зарчим нь мэтгэлцэх зарчим байдаг бөгөөд энэхүү мэтгэлцэх зарчим нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохих ёсоор бүрэн дүүрэн хэрэгждэг. Гэтэл шүүгч Т.Энхжаргал 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх үндсэн зарчмыг хэрэгжүүлэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.6-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох байлаа ч гэсэн тухайн хэргийг заавал шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан байна. Гэтэл шүүгч Т.Энхжаргал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 107 дугаар зүйлд заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр, талуудын мэтгэлцэх эрхийг зөрчиж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчид, оролцогчдын зүгээс нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлон ярьсны дараа хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлах, улмаар шүүгч шийдвэр гаргахдаа тухайн нотлох баримтуудыг үнэлэх журамтай. Гэтэл шүүгч Т.Энхжаргал нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр, нотлох баримтыг шинжлэн судлах журмыг ноцтой зөрчиж, хэрэгт цугларсан нотлох баримтыг урьдчилан үнэлж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчиж байна.
“М” ХХК-ийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэсэн шүүгч Т.Энхжаргалын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 191/Ш32025/4...1 дугаартай захирамжид гомдол гаргасан бөгөөд тус захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШТ2025/0...8 дугаартай тогтоолоор тогтоогдож, хүчингүй болсон.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргалын Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй” гаргасан сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Шүүгч Т.Энхжаргал тайлбартаа: “... 1.Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...газарт холбогдуулан гаргасан “Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын үндэсний арбитрын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2.. дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд битүүмжлэгдэж, хураагдсан байгаа нэхэмжлэгчийн өмчлөлийн ...дүүргийн ... дүгээр хороо, ...тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2............9 дугаарт бүртгэлтэй, 827,9 м.кв талбай бүхий 3 давхар оффисын зориулалттай барилга болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2.........5 дугаарт бүртгэлтэй 144 м.кв талбай бүхий гражид дахин үнэлгээ тогтоолгохыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 191/Ш32025/4....2 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг танилцуулж, тайлбарлан өгсөн байна. Хариуцагч нь хариу тайлбар болон бичгийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
2.Ийнхүү хариуцагч нь хариу тайлбараа ирүүлсэн тул 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ЕШ2025/0...1 дугаартай тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Т.Энхжаргалыг томилсон шийдвэрийг албажуулж, мөн өдрийн 191/Ш32025/4...3 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” шүүгчийн захирамж гарч, шүүх хуралдааныг 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11:00 цагт товлон зарлаж, хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагааг хийсэн.
3.Тус хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11:10 цагт шүүх хуралдааны 3 дугаар танхимд эхэлж, энэ өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарснаас хойш нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх хүсэлт, хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасныг тус тус шүүх хэлэлцсэн.
За. Ийнхүү хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүх хуралдааны оролцогчдоос дээрх агуулга бүхий хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “... үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно ...” гэж заасан нь энэ талаар зохигчоос хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргасан хүсэлтийг хэлэлцэхэд саад болохгүй буюу талуудын хэн хэн нь хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй, эсхүл ийм үндэслэл байсныг мэдээгүй ч энэ нь хэлэлцүүлгийн үед тогтоогдвол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох ба зохигчийн хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө нотлох баримтад тулгуурлан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргасныг заавал шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоодог ажиллагаа гэж үзэж, татгалзах нь учир дутагдалтай тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлт хэлэлцэх шатанд гаргасан хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
3б. Нэгэнт хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гарсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж заасны дагуу зохигчийн мэтгэлцэх эрх болон тэгш эрхийг хангах үүднээс талуудын тайлбарыг сонсож, холбогдох үйл баримтыг тодруулж, мөн хүсэлттэй холбоотой баримтыг судалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 191/Ш32025/4...1 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Зв. Дээрх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч ...газарт холбогдуулан “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах болон нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргаж, тус шүүх 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 197/Ш32025/6...0 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь мөн тогтоогдсон.
Тодруулбал, нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч ...газарт холбогдуулан “...нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг хариуцагчид даалгах тухай” гомдлын шаардлагыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэгэн цаг хугацаанд гаргаж, тус шүүх 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, манай шүүх 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний үүсгэн, нэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг гомдолд 2 шүүх зэрэгцэн ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон, энэ талаараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж, даргалагчийн зүгээс мөн тодруулсан болно.
4.Дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн захирамжид нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргаж, тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШТ2025/0....8 дугаартай тогтоолоор 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 191/Ш32025/4...1 дугаартай захирамжийг хүчингүй болгосон ба үндэслэл нь хэргийг шүүх хуралдаанаар бүтэн хэлэлцүүлээгүй, хүсэлт шийдвэрлэх шатанд хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэсэн.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж, шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр товлон зарлахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр татгалзсан тул мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д зааснаар татгалзлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан.
5а.Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 191/ЕШ2026/0...8 дугаартай захирамжаар шүүгч Т.Энхжаргалыг татгалзан гаргах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхисон.
6.Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох болон оролцуулах хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 191/Ш32026/0...0 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн.
7.2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09:00 цагт шүүх хуралдааныг хэлэлцэхээр товлож, зохигч, тэдгээрийн төлөөлөгчид 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тов мэдэгдэх ажиллагааг хийсэн.
7а.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-д түүний 99...45 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдсэн, ийнхүү шүүх хуралдааны тов мэдэгдсэнээс хойш тэрээр 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд ирж, хэргийн материалтай танилцсан боловч 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх баримтыг мөн ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.
8.Хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн маргааныг шийдвэрлэж байгаа явдал биш, харин энэ маргааныг шүүх шийдвэрлэх үндэсгүй байгааг илэрхийлсэн ажиллагаа бөгөөд шүүгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, шүүх хуралдаанд оролцогчдын шүүхэд гаргасан хүсэлтийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхдээ талуудын мэтгэлцэх эрх болон тэгш эрхийн зарчмыг баримталж, шүүх хуралдааны дэгийн зөрчилгүй явуулсан, гомдол гаргагчийн гомдолд дурдсанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй байх бөгөөд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...шүүгч Т.Энхжаргал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэл, шаардлага, түүнийг хариуцагч эс зөвшөөрч буй тайлбар, үндэслэл зэргийг хэлэлцээгүй байх үед буюу хүсэлт хэлэлцэх шатанд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасныг зөрчсөн. ...Шүүгч хуулиар тогтоосон журмыг зөрчиж хэргийг хэрэгсэхгүй болгосны улмаас нэхэмжлэгч талаас гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснээр нэхэмжлэгч “М” ХХК нь хүсэлт гаргах болсон үндэслэлээ зохих журмын дагуу шийдвэрлүүлж чадаагүй, шүүхээс хүсэлтийн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгчид шүүгч уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзээ үүсэж, энэ талаараа шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан, улмаар товлон зарласан шүүх хуралдаанд оролцоогүйн улмаас нэхэмжлэлийг буцаасан үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “шударгаар шүүлгэх эрх”-ийг ноцтой зөрчсөн...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь хариуцагч ...газарт холбогдуулан “Монголын үндэсний арбитрын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2.. дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд битүүмжлэгдэж, хураагдсан байгаа нэхэмжлэгчийн өмчлөлийн ...дүүргийн ...дүгээр хороо, ...тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22.....19 дугаарт бүртгэлтэй, 827,9 м.кв талбай бүхий 3 давхар оффисын зориулалттай барилга болон эрхийн улсын бүртгэлийн Ү-22......25 дугаарт бүртгэлтэй 144 м.кв талбай бүхий гражид дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай” нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 191/Ш32025/4....2 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
Шүүгч 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 191/Ш32025/4....3 дугаар захирамжаар хэргийг 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлон зарлаж, улмаар мөн өдрийн 191/Ш32025/4....1 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дараах үндэслэлээр нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:
1.“М” ХХК-ийн дээрх нэхэмжлэлд шүүгч Т.Энхжаргал иргэний хэрэг үүсгэхээс өмнө тус компани уг нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан, тус шүүх 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогджээ.
Нэхэмжлэгч адил шаардлага бүхий нэхэмжлэлийг өөр шүүхэд гаргасан талаарх баримт нэхэмжлэлд хавсаргагдаагүй, энэ тохиолдолд холбогдох шүүгч тухайн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснийг буруутгах боломжгүй юм.
2.Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан ажиллагааг явуулж, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4...3 дугаар захирамжаар хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоожээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, хариуцагч тал хэргийн харьяалал зөрчсөн, мөн тухайн нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг тус тус гаргажээ. Хэргийн оролцогч нар өөрсдийн гаргасан хүсэлтийн агуулга, үндэслэл болон эсрэг талын хүсэлтийн талаар тайлбараа гаргасан, хуралдаан даргалагч хэргийн оролцогчийн хэн алинаас нь хүсэлтийн талаар асууж тодруулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
Түүнчлэн хуралдаан даргалагч талуудаас гаргасан хүсэлт, тайлбар мөн эдгээртэй холбоотой баримтыг судлаад шүүх хуралдааныг завсарлуулж, улмаар 191/ШЗ2025/4...1 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 /энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн/, 65 дугаар зүйлийн 65.1.6 /нэхэмжлэлд дурдсан үйл баримт зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа/ гэсэн үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэлээ захирамжид тодорхой дурджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т “шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасан.
Хариуцагчийн “хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт” нь хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой асуудал мөн боловч холбогдох шүүгч энэ талаарх хүсэлтийг “хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө” дээрх заалтад хамаарна гэж үзэж шийдвэрлэжээ.
3.Шүүгчийн дээрх захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Д.Т нар гомдол гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 0...8 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “...хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэлгүй хүсэлт хэлэлцэх шатанд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй...” гэсэн үндэслэл дурджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан.
Шүүгч Т.Энхжаргал нь “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй ...газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч шүүх уг алдааг залруулж, зөвтгөсөн, энэ тохиолдолд “хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн” сахилгын зөрчил гэж үзэх боломжгүй. Тодруулбал, шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тухайн шүүх хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.3-т зааснаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснээр шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргасан алдааг залруулжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүйтэй холбоотой ямар нэгэн хүсэлт, баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүгчийн 0...9 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасан “нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол ...нэхэмжлэлийг буцаана...” гэснийг зөрчөөгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргалд холбогдох нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН