
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2026-01-06
Дугаар 1
Улаанбаатар хот
Сахилгын шийтгэл оногдуулсан магадлалын тухай
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Б.Сугар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, холбогдох шүүгч Ц.Амаргэрэл, өмгөөлөгч О.Б нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүхийн сахилгын хорооны хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” СХМ/2025/0132 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гаргасан Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлийн гомдлыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Э.А-с Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлд холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ГЗҮ/2025/0061 дугаартай захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2025/0012 дугаартай гишүүний дүгнэлтээр холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэн нотлох дүгнэлт үйлджээ.
Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн СХМ/2025/0132 дугаар магадлалаар дээрх нотлох дүгнэлтийг хэлэлцээд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57.1.7-д заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлд “шүүгчийн албан тушаалаас огцруулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.
Холбогдох шүүгч Ц.Амаргэрэл магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо: “ ...Сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн СХМ/2025/0132 дугаар магадлалд миний үйл ажиллагаанд дараах зөрчлүүдийг тогтоосон талаар дурдсан тул холбогдох факт, хууль зүй, бодит нөхцөл байдалд үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.
Шүүхийн хараат бус байдлын зарчим, хэргийн бодит байдал, тайлбар мэдүүлгүүд болон хууль тогтоомжийн зохицуулалтыг бүхэлд нь харгалзан үзвэл магадлалд тусгагдсан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, баримтаар нотлогдоогүй, хууль зүйн алдаатай байна. Үүнд:
1.Шүүгчийн хувьд шүүн таслах ажиллагааг явуулах эрхийн хүрээнд хилээр гарах хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүгдэгч болон өмгөөлөгчөөс нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй байх шүүхийн болон хууль хяналтын байгууллагын дуудсан үед ирэхээ илэрхийлж барьцааг хэдэн төгрөг байсан ч болно" гэсэн хүсэл зоригоо илэрхийлсэн" байгааг нотлох дүгнэлт ба магадлал гаргахдаа анхаараагүй байна.
2.Шүүн таслах эрх хэмжээг хэрэгжүүлж буй шүүгч нь шүүгдэгч болон өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байгааг буруутгаж болохгүй. Таслан сэргийлэх арга хэмжээ нь шүүн таслах үйл ажиллагаа тул Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2-т "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй" гэсэн заалтыг зөрчсөн нотлох дүгнэлт ба магадлал гарсан гэж үзнэ.
3.Шүүн таслах ажлыг гардан гүйцэтгэж буй шүүгч таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа шүүгдэгч Э.А-г бусдын "Амь насыг бүрэлгэсэн" гэх хүнд гэмт холбогдсон, ялын төрөл 8-15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай хэрэгт шүүгдэж байгаа, шүүгдэгчийн ар гэрт аав нь өвчний учир эрүүл мэндийн шалтгаантай, удалгүй эцэг нь нас барсан/ эхнэр нь хаяад явсан тул бага насны хүүхдүүдийг нь харж асрах хүнгүй нөхцөл байдалд байгааг харгалзан эх хүний хувьд хилээр гарахыг хязгаарлах, шүүгдэгч болон өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг бүрэлдэхүүнд орсон шүүгчид, давж заалдах шатны шүүх буруу гэж дүгнээгүй болохыг сахилгын хорооны гишүүд анхаарсангүй.
4.Барьцаа гэдэг нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг төрөл тул түүнийг шууд хүний өмчлөх эрх, халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдсан гэж нотлох дүгнэлт ба магадлалд бичсэн хуулийг буруу тайлбарласан зөрчил гэж үзнэ.
5.Мөн шүүгдэгч нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 12-т "...албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй" бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй байхыг хүсэж барьцаа тавих санал гаргасныг шүүгч хүлээн авч, хүний эрхийг хангаж шийдвэр гаргасан гэж үзнэ. Тухайн шүүгдэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 01-нд өргөдөл гаргасан боловч 04 дүгээр сарын 14-ний өдөр Өргөдлөөсөө татгалзсан байгааг анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 12-т "...албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй" гэсэн заалт нь Хүний эрхийг хангах заалт тул төрийн байгууллагад олгосон эрх биш учир сахилгын хэрэг үүсгэх эрхгүй байжээ.
6.Энэ нөхцөлд Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.13-т Сахилгын хорооны дарга, гишүүн хүний нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөөг хүндэтгэх, шударга байх, төвийг сахих,... ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, гишүүний нэр хүндээ эрхэмлэх зарчмыг баримтална" гэснийг сахилгын хорооны гишүүд зөрчсөн гэж үзнэ.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.3-т "хязгаарлалт тогтоох, 1.4-д "барьцаа авах" таслан сэргийлэх арга хэмжээг авсны дараа 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр *** дүгээр тогтоолоор шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарах болон барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тухайн өдрөөс эхлэн цуцалж барьцааг буцаан олгохыг Тамгын газарт даалгасан.
8.Энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан тул 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. Энэ нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д "Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана" мөн зүйлийн 3-т "Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ" мөн зүйлийн 5-д "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ" гэж заасан тул сахилгын хороо шүүх эрх мэдэлд халдсан магадлал гаргасан гэж үзнэ.
9.Мөн тухайн таслан сэргийлэх арга хэмжээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тухайн шатны шүүхэд болон давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч болон өмгөөлөгчид нь гомдол гаргаагүй байгааг сахилгын хороо магадлал гаргахдаа анхаараагүй байна. Харин гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил хорих ял оноож байсан шүүгчид хэрэг дахин ирэх үед дарамт шахалт үзүүлж, нөлөөлөх, эрхшээлдээ оруулах зорилго бүхий өргөдөл Шүүхийн сахилгын хороо гаргасан, "Хүний амь хохироосон хүн барьцаагаар гадуур явж байна" гэх мэт мэдээ цахим орчинд тараах" "Авлигатай тэмцэх газраас шалгах зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа үйл баримтад үнэлэлт дүгнэлт хийж шүүгчийг хамгаалах" ажиллагааг хийх байжээ.
10.Мөн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр байхад түүнийг үгүйсгэх дүгнэлт хийх эрхийг сахилгын хороонд ямар ч хуулиар олгоогүй билээ.
Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн Дөчин долоодугаар зүйлийн 1-д "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ" мөн зүйлийн 2-т "Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно" гэсэн заалтыг Сахилгын хороо нь 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн СХМ/2025/0132 дугаар магадлал гаргах замаар зөрчсөн байна” гэжээ.
Өмгөөлөгч О.Б хянан үзэх хуралдаанд хэлсэн тайлбартаа:
“ ... Энэ сахилгын хэргийг аваад үзэхлээр бид нар нэг юмыг анхаарах ёстой юм шиг санагдаж байна. Хүний амь насанд халдсан гэж төрийн байгууллага прокуророос яллах дүгнэлт үйлдүүлээд ирж байгаа хүн тухайн шүүгчийг гэм буруутайд тооцоод хорих ял оноочихоор тэрэнд гомдол гаргаад байх юм. Энэ гомдлын Шүүхийн сахилгын хороо шүүгч болон хүний энэ хохироосон гэмт хэрэг гэм буруутайд яллах дүгнэлт үйлдэгдсэн гомдлоор хэрэг хянан шийдвэрлээд байхаар шүүгчийн халдашгүй байдал хараат бус байдлыг хэн хангах юм бэ. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хараат бус байна” 2-т “шүүн таслах ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцож болохгүй” 3-т “шүүгчийн хараат бус бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана” 4-т “Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийг шилж олох эрх ашгийг нь хамгаалах үйл ажиллагааг бие даан ажиллах нөхцөлөөр хангах үүрэг хүлээнэ” гэж байна. Тэгэхлээр Монгол Улсын Үндсэн хууль шүүгч Ц.Амаргэрэлд үйлчилсэнгүй. Өөрөөр хэлбэл шүүгчээ Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх нь хамгаалах тухайн шүүгчийг шүүн таслах ажиллагаагаа тасралтгүй явуулах хэвийн ажил нөхцөлийг алдагдуулсан үйл ажиллагаа явагдаж байна л гэж харагдаж байгаа юм. Иргэн захирамж гаргаж байгаа үйл баримтад барьцаа, хилээр гарахыг хязгаарласан арга хэмжээнд шүүгдэгч болон өмгөөлөгч нар хэн нь ч гомдол гаргаагүй. Тэгэхээр Эрүүгийн хууль амьдралд бүрэн нийцэж байна уу эрүүгийн процессын хууль амьдралын шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдэгт ахиад нэг жишээ авъя. Өөрөөр хэлбэл Худалдаа хөгжлийн банкны эзэн сахал н.Эрдэнэбилэг 3 тэрбум төгрөгийн барьцаа тавьчхаад Монгол Улсын хийгээр гараад оргон зайлчихсан. Тэгэхээр энэ практик гараад байгаа нөхцөлд хил дагуу оршиж байгаа Сэлэнгэ аймгийн шүүгч давхар хилээр гарах эрхийг хязгаарлаж арга хэмжээ авч байна. Эрүүгийн хуулийн 1.3-д гэм бурууд тохирсон ял нь харьцаагүй байх ёстой. Тухайн хүнийг шүүгч “аавынх нь эрүүл мэндийн байдал муу байна” гэдгийг нэг дэх хэсэгт буюу таслан сэргийлэх арга хэмжээ авах захирамжид “бага насны 2 хүүхдийг нь харж байгаа”гэдгийг заавал ч шүүгч бичихгүйгээр ч захирамж гаргаж болно. Үүний цаана юу харагдаад байна гэхээр хүн ёсны зарчим, энэ хүн хүнээрээ байна, аавтайгаа уулзах аавынх нь эрүүл мэнд нь муу байна шүү гэдгийг шүүгч бичиж байгаад, 2 бага насны хүүхэдтэй эд нар нь өнчин өрөөсөн үлдчих юм байна хар хянах хүнгүй үлдчих юм байна гээд эцэг хүнийхээ үүргийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаад захирамжийг гаргая гэжээ. Захирамж гаргаж байгаа шийтгэх тогтоол гаргаж байгаа процесст 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүн таслах үйл ажиллагаа явуулаад байгаа . Энэ 3 шүүгч гэм буруутайд тооцсон, анхан шатны шүүхийн шийдвэр гаргахдаа захирамжаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээгээд, шийтгэх тогтоолд гаргасан гомдлыг нь давж заалдах шатны шүүх хэвээр үлдээгээд, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээнэ шүү гэж байгаа юм. Тэгэхлээр өнөөдөр магадлал хуулийн хүчин төгөлдөр байгаа. Сахилгын хороо яагаад шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ 6 шүүгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийтгэх тогтоол, магадлал гарсан байна. Үүнд яагаад нотлох дүгнэлт үйлдээд, хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. Хэрвээ Ц.Амаргэрэл шүүгчийн захирамж нь хууль зөрччихсөн байсан юм бол шийтгэх тогтоол гаргах үед зөвлөлдөх тасалгаанд гаргаж байгаа 3 шүүгч таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн. Үүнийг давж заалдах журмаар хянаж байгаад магадлал гаргаж байгаа 3 шүүгч бас хэвээр үлдээж байна. Тэгэхлээр 6 шүүгчээс яагаад заавал Ц.Амаргэрэл шүүгчийг сахилгын зөрчил үүсгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл хамтын шийдвэр гаргадаг зарчмаараа 6 шүүгчийн үйл ажиллагаагаар өнөөдөр магадлал хуулийн хүчин төгөлдөр байгаа. Энэ хүчин төгөлдөр магадлалын хажуугаас Сахилгын хороонд гомдол гарсан гэдгээр нэг хүнийг сонгож сахилгын хэрэг үүсгээд байгаа маань өөрөө шүүгчийн хараат бус байдал алдагдаад байна. Хэрвээ анхан шатны шүүгчийн захирамж нь буруу юм бол анхан шатны шүүхийн 3 шүүгч шийтгэх тогтоол гаргахдаа энийг засах ёстой. Тэгэхээр шийтгэх тогтоол буруу, таслан сэргийлэх арга хэмжээ нь буруу юм бол давж заалдах шатны шүүх засах ёстой. Захирамж гаргаснаас хойш ерөөсөө шүүгдэгч болон өмгөөлөгч нар 6 өмгөөлөгч оролцож байгаа энэ хэргийн 7 хүн, хэн нь ч гомдол гаргахгүй прокурор эсэргүүцэл бичихгүй байна. Тухайн хуралдааны зааланд шүүгч хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээ авах үед бол өмгөөлөгчийнх нь зүгээс “бид нар барьцаанд тавья гадуур байлгаж өгөөч” гэж хүсэлт гаргаж байгаа юм. Үүнийг хүлээн авч байгаа шүүгч яагаад буруутай болсон бэ. Өөрөөр хэлбэл шүүгч өөрөө санаачилж энэ арга хэмжээг давхраар нь аваагүй. Битгий цагдан хорьж өгөөч гадуур байлгаж өгөөч гэж хүсэлтийг шүүгдэгч болон тэд нарыг өмгөөлж тавьж байгаа юм. Тэгэхлээр хүний хүсэлтийг хангаж тэр хүнд хүн ёсоор хандсаныхаа төлөө шүүгч өнөөдөр Шүүхийн сахилгын хороонд шүүгдэж байна гэдэг нь бид нар ерөөсөө Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж чадаагүй юм байна гэж харагдаж байна. Дараагийн нотлох дүгнэлт тогтоолыг харахаар өмчийн халдашгүй эрхэд халдсан буюу тухайн хувь хүний халдашгүй эрхэд халдсан байна гэжээ. Таслан сэргийлэх хилээр гарах хязгаарлах арга хэмжээ бол хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээр шийдвэрлэхээр яллах дүгнэлтүүд үйлдэгдэж ирсэн хэрэгт шүүгч хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээ авах эрх нь байна. Өмчлөх эрхэд нь яаж халдсан бэ. Барьцаа гэдэг чинь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохоос биш тухайн хүний өмчөөс 50.000.000 төгрөгийг эсхүл 100.000.000 төгрөгийг өөр хүний өмчлөлд шилжүүлээгүй шүү дээ. Өмчлөх эрхэд халдах гэдэг үгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8-д халдашгүй эрх гэдэгт хольж буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Барьцаа гэдэг бол өмчлөх эрхэд халдаж байгаа юм биш. Энэ өмчлөх эрхийг бусдад шилжүүлж байгаа эрх хэмжээ биш юм. Тиймээс нотлох дүгнэлт болон тогтоолд хүний халдашгүй эрхэд халдсан байна гэж дүгнэлт хийгээд байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8-т заасныг зөрчсөн гэж харж байгаа юм. Шүүгчийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар гэж байна. Энэ нь хууль ёсны зарчим гэм буруугийн зарчмыг нотлох хамгийн гол 2 зарчим гэхээр хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээ, барьцаа авсан энэ үйлдэл нь тухайн хүнд дотоод итгэлд юу төрүүлээд байна гэхээр нэг хөрөнгөтэй хүн нь 3 тэрбум төгрөгийн барьцаанд тавьчхаад хилээр гараад зугтаачихдаг. Тэгэхээр Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль үйлчлэхгүй болчхоод байгаа нөхцөлд давхар таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шууд буруутай гэж үзэж болохгүй юм байна гэж харж байна. Өнөөдөр давж заалдах шатын шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр байгаа бол магадлалтай холбоотой ямарваа нэгэн асуудлаар шүүгчид сахилгын хэрэг үүсгэх гэм буруутайд тооцох гэм бурууг зөрчсөн байна гэж дүгнэлт гаргах хэмжээнд Сахилгын хороонд байгаагүй юм байна. Дараагийн нэг анхаарал татсан асуудал нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн гомдол гаргасан. Гомдлоосоо татаад авчхаж, гомдлоосоо татгалзчихаад байхад сахилгын хэрэг үүсгээд байна. Хувь хүний халдашгүй баталгаатай эдлэх эрх 16 дугаар зүйл байгаа. Би гомдол гаргасан чинь би буруу гомдол гаргачихсан юм байна би өмгөөлөгч нараасаа буруу ойлголт аваад гаргачихсан гээд гомдлоосоо татгалзана гэдэг нь хүний эрх байхад яагаад төрийн байгууллагын тодорхой нэг Сахилгын хороо гэдэг институцийн эрх хэмжээ мэтээр хүний эрхийг зөрчөөд сахилгын хэрэг үүсгэсэн бэ гэдэг асуудал бол ерөөсөө анхнаасаа сахилгын хэрэг үүсгэх хууль зүйн үндэслэл байхгүй байсан юм байна. Үүний цаана Сэлэнгэ аймгийн давж заалдах шатын шүүхийн магадлал өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Хэрвээ өнөөдөр Ц.Амаргэрэл шүүгчийг гэм буруутай гээд үзвэл Сэлэнгэ аймгийн анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол магадлал давж заалдах шатны шүүхийн магадлалын эсрэг Сахилгын хороо шийдвэр дүгнэлт гаргах болчхоод байна. Тэгэхээр шүүн таслах ажиллагааг шүүхээс өөр ямар ч байгууллага эрхэлж болохгүй гэдэг Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчөөд гэм буруутай байна гэхээр шүүхийн хүчин төгөлдөр байгаа давж заалдах шатны шүүхийн магадлалыг үгүйсгээд байна гэж харж байна. Дараагийн нэг анхаарал татах асуудал нь Сахилгын шийтгэл ногдуулах үед Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-т заасныг барьж хамгийн хүнд сахилгын шийтгэлийг ногдуулсан байгаа юм. Гэтэл хаалттай сануулах, нээлттэй сануулах, эсхүл цалин хөлсийг 3 сарын хугацаанд 20 хүртэл хувиар бууруулах эсхүл шүүгчийн бүрэн эрхийг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж сургалтад нь суухыг даалгах эсхүл огцруулах гэх шийтгэл байгаа. Тэгэхээр ямар үндэслэлээр хамгийн хэцүү буюу шууд хүний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгоод шүүгчээр сонгогдоод ажиллаж байгаа тэр хүний эрхийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д чөлөөтэй сонгогдсон эрхийг нь хязгаарлах огцруулах сахилгын шийтгэл ноогдуулсан гэж харж байна. Энэ огцруулах сахилгын шийтгэл ноогдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн заалт байна гэдгийг харж үзнэ үү. Учир нь “Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах “гэж байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах гэдгээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гэдгийг би юу гэж үзэх вэ гэхээр Улсын дээд шүүх хамгийн сүүлд хүчин төгөлдөр шийдвэр гаргах юм байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 50-д зааснаар Улсын дээд шүүхийн эцсийн эцсийн шийдвэр байна гэдэг энэ заалтад дарагдана. Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “огцруулах үндэслэл” нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах гэсэн байхад яагаад Сахилгын хороонд огцруулах гэх сахилгын шийтгэлийг тогтоол гаргах замаар Шүүхийн сахилгын хороо ногдуулах замаар гаргасан бэ. Энэ нь шууд үгийн утгаараа Монгол Улсын Үндсэн хуулийг үгүйсгэсэн байна гэж харж байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулах шүүгчийн бие даасан үйл ажиллагаа алдагдуулах зорилгоор хууль хууль тогтоомж захиргааны хэмжээний акт гаргахыг хориглоно” гэж заасан. Тус хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийг давхар агуулж байгаа санаа юм. Сахилгын шийтгэл ногдуулсан тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Холбогдох шүүгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл нь тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Э.А-д холбогдох эрүүгийн 2231*** дугаартай хэрэгт дараах ажиллагаа явуулсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Үүнд:
1.1.Тус шүүхийн шүүгч Ч.М 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ЦХШЗ/** дугаар захирамжаар Э.А-г мөн өдрөөс 1 сараар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг яллагдагч түүний өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргажээ.
Тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар гомдлыг хянан хэлэлцээд 2022/ЕШЗ/** дугаар захирамжаар шүүгчийн дээрх захирамжийг хүчингүй болгож, 50,000,000 /тавин сая/ төгрөгийн барьцаа авах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авчээ.[1]
1.2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр яллагдагч Э.А-д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгч Ц.Амаргэрэлийн даргалсан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцээд 276 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Прокуророос шүүхээс буцсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийж, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 69 дугаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба яллагдагч “Ариунтулга барьцаа” гэсэн утгаар 50,000,000 /тавин сая/ төгрөг шилжүүлсэн нь Төрийн сан дах Сэ.ШТГ-ын 100130005350 тоот дансанд шилжин орсон байна.[2]
1.3.Сэлэнгэ аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарах болон барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тухай өдрөөс цуцалж, барьцааны 100,000,000 төгрөгийг буцаан олгохыг шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ДШМ/** дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 59 дүгээр албан бичгээр анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл нь шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г, Ч.О нараас Э.А-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2025/ШЗ/** дугаар захирамжаар “ ...шүүдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Э.А-д урьд авсан барьцааны 100,000,000 төгрөг дээр нэмж 100,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөгийн барьцаа авах, мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авчээ.[3]
2.Сахилгын зөрчил гаргасан эсэх тухайд:
2.1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар шүүгч энэхүү хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд Шүүхийн сахилгын хороо сахилгын шийтгэл оногдуулна.
Шүүгчид хориглох зүйлийг нэрлэн заасан хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэжээ.
2.2.Илтгэгч гишүүн нотлох дүгнэлтдээ “...холбогдох шүүгч нь …хуулийн илт тодорхой заалтыг 4 удаа зөрчсөн…гэсэн бол сахилгын хороо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “барьцаа авах” болон мөн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт заасан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулж авахгүй гэх заалтыг 3 удаа, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-т заасныг 1 удаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 1 удаа, хуулийн илт тодорхой заалтыг нийт 5 удаа зөрчсөн, …хуулийн илт тодорхой заалтыг 5 удаа зөрчсөн…” гэсэн дүгнэлтийг магадлалд дурджээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №28 дугаар “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 3-т “Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно. ...Процессын хуулийн тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт хамаарна, шүүгчид эрх буюу сонгох боломж олгосон заалт хамаарахгүй” гэж тайлбарласан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-т “яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авна”, 14.1 дүгээр зүйлийн 2-т “Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн 1.1, 1.4, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг прокурор, энэ зүйлийн 1.1-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг мөрдөгч авна”, 14.1 дүгээр зүйлийн 4-т “Энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан таслан сэргийлэх арга хэмжээг дангаар болон давхардуулан авч болно. Энэ зүйлийн 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж авахгүй” гэж тус тус заасан нь хуулийн илт тодорхой заалт гэж үзнэ.
Гэтэл шүүгч Ц.Амаргэрэл нь мөрдөн байцаалтын шатанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагч Э.А-д барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, түүнчлэн мөн өдөр болон 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр барьцааг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан авсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Мөн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Э.А-с 50,000,000 төгрөгийн барьцаа авахдаа ямар нэгэн шийдвэр гаргаагүй нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-т заасан “энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэснийг зөрчсөн, энэ талаарх Сахилгын хорооны магадлал үндэслэл бүхий байна.
Харин нотлох дүгнэлт болон магадлалд дурдсан “...холбогдох шүүгч нь 2025.03.19-ний өдөр шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргалгүй санал болгосон дүнгээр барьцааны мөнгийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана” гэснийг зөрчсөн гэх үндэслэлгүй. Тухайлбал, уг заалт нь шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх; шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах шүүгчийн ажиллагааг зохицуулсан бөгөөд үүнийг яллагдагч, шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээ шүүхийн хэлэлцүүлгээс гарах шийдвэртэй адилтан хэрэглэж шүүгчийг буруутгах боломжгүй юм.
Дээр дурдсанаар шүүгч Ц.Амаргэрэл нь шүүгдэгч Э.А-д холбогдох эрүүгийн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуулийн илт тодорхой заалтыг 4 удаа зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзлээ.
Нотлох дүгнэлт болон Сахилгын хорооны магадлалд шүүгч Ц.Амаргэрэлийг яллагдагч, шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцсэн эсэх, түүнчлэн барьцааны хэмжээ, мөнгөн дүн яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдалд тохирсон эсэхэд огт дүгнэлт өгөөгүй бөгөөд зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хориглосон илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн гэж үзэж дүгнэлт өгснийг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс шүүгч Ц.Амаргэрэлийн яллагдагч, шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дүгнэлт өгөөгүй нь шүүгчийг сахилгын зөрчилд гаргаагүйд тооцох үндэслэл болохгүй юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан боловч нөгөөтээгүүр Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Шүүгч зөвхөн хуульд захирагдах бөгөөд зөрчсөн бол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” 54.2-т “Шүүгчид зөвхөн энэ хуульд заасан үндэслэл, журмаар сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан болохыг тухайлан тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд холбогдох шүүгчийн “шүүн таслан ажиллагаа явуулсан нь сахилгын зөрчилд хамаарахгүй, мэргэжлийн алдааг шүүгчийн сахилгын зөрчилд хамааруулсан” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.
3. Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн эсэх тухайд:
Э.А-н өргөдөлд илтгэгч гишүүн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ГЗҮ/2025/0041 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, холбогдох шүүгчид 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөдлийг гардуулж, эрх, үүрэг танилцуулж, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тайлбар авсан, мөн шүүгчээс 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр бичгээр нэмэлт тайлбар ирүүлжээ.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулаад холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан заалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэн, нотлох дүгнэлт үйлдэн, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Улмаар шүүгч Ц.Амаргэрэлд холбогдох сахилгын хэргийн хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр товлосон, холбогдох шүүгчээс “Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2025/0012 дугаар нотлох дүгнэлтийг шуудангаар хүргүүлснийг дөнгөж сая гэрийн хонх дугараад гардаж авсан, задалж үзээгүй байх тул өнөөдрийн хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг хангаж, хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хойшлуулсан.
- 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Сахилгын хорооны хуралдаанд шүүгч Ц.Амаргэрэлээс илтэгч гишүүнээс татгалзах тухай хүсэлт гаргасан тул мөн өдрийн СХТ/2025/0071 дүгээр тогтоолоор тус хүсэлтийг шийдвэрлэж дуусах хүртэл тодорхойгүй хугацаагаар хуралдааныг хойшлуулсан.
- Улмаар 2025 оны 10 сарын 07-ны өдрийн ГЗБ/2025/0581 дүгээр захирамжаар сахилгын хорооны хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 00 минутад товлон зарласан боловч шүүгч Ц.Амаргэрэл нь Шүүхийн академиас зохион байгуулж буй шүүгч нарын заавал хамрагдах мэргэшүүлэх сургалтад суух тухай хүндэтгэн үзэх шалтгааныг дурдаж тус хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн.
- Тус хүсэлтийг хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ГЗБ/2025/0601 дүгээр захирамжаар сахилгын хорооны хуралдааныг хойшлуулж, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутаас товлон зарласан.
- Шүүгч Ц.Амаргэрэлээс шүүх хуралдаан давхацсан гэх шалтгаанаар сахилгын хорооны хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг Сахилгын хорооны хуралдааны даргалагч гишүүний 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ГЗБ/2025/0623 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж сахилгын хорооны хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна.
- 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Сахилгын хорооны хуралдаанд шүүгч Ц.Амаргэрэлээс эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай учраас мөн өдрийн 13 цаг 30 минутаас товлогдсон сахилгын хорооны хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг тус хорооны 2025 оны 11 дүгээр сарын 04-ний СХТ/2025/0108 дугаар тогтоолоор хангаж хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 30 минутад товлон зарлаж, мөн өдрөө хуралдааны товыг долоогоос доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид мэдэгдэж баримтжуулсан байна.
Гэтэл холбогдох шүүгчээс 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагт “ ...шүүгч Р.Б даргалагчтай, шүүгч Ц.Амаргэрэл, Б.Б нарын бүрэлдэхүүнтэй 2025.11.11-ний өдрийн 15:30 цагаас О.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн хурлын тов зарласан байна. Сахилгын хорооны хуралдаанд оролцох зорилгоор миний бие шүүх хуралдаан товлон зарлаагүй бөгөөд энэхүү хүндэтгэх үзэх шалтгааныг харгалзан үзэж, хуралдааныг хойшлуулж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэх хүсэлтийг шүүх хуралдааны зар, тов мэдэгдсэн баримтын хамт Шүүхийн сахилгын хороонд ирүүлжээ.
Уг хүсэлтэд хавсаргасан хуралдааны тов мэдэгдсэн баримт нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн буюу сахилгын хорооны хуралдааны тов мэдэгдсэнээс хойш байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.2-т зааснаар сахилгын хэргийн оролцогч нь хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох, тайлбар гаргах, хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлтийг нэг удаа бичгээр болон цахимаар гаргах эрхтэй бөгөөд шүүгч Ц.Амаргэрэлийн гаргасан “…хуралдаан хойшлуулах” хүсэлтийг 5 удаа хангаж, хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох эрхийг нь хангасан байна.
Нөгөө талаар сахилгын хэргийн оролцогч нь мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.2.1-т зааснаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хуралдааны дэгийг сахих, 102.2.2-т дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй бөгөөд дээр дурдсанаар сахилгын хорооны хуралдааныг удаа дараа хойшлуулж сахилгын хэргийн оролцогч Ц.Амаргэрэлд хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох боломжийг олгосон байх тул түүний хүсэлтийг хангахгүй орхиж, Сахилгын хорооны хуралдааныг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна.
Түүнчлэн, холбогдох шүүгч нь сахилгын хэргийн баримттай 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр, 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус тус танилцсан бөгөөд хэргийн оролцогчийн нотлох баримттай танилцах, хуулбарлан авах эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн холбогдох шүүгчээс 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч О.Б-г оролцуулах талаар хүсэлт гаргаж, өмгөөлөгчид 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сахилгын хэргийг танилцуулж, хянан үзэх хуралдааны товыг мэдэгдэн, хуралдаанд оролцож хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлсэн байна.
Иймд Сахилгын хорооны хуралдаанаар хэргийг хэлэлцэхдээ хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Гомдлын: “ ...илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэх ёсгүй байсан гэх үндэслэлийн тухайд:
Э.А-с шүүгч Ц.Амаргэрэлд холбогдуулан сахилгын хэрэг үүсгүүлэхээр 2025 оны 04 дүгээр сарын 01-ний Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасныг илтгэгч гишүүн хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ГЗҮ/2025/0041 дугаартай захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн байна. Харин өргөдөл гаргагчаас 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөдлөөсөө татгалзсан байна.[4]
Илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах үндэслэлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т “Илтгэгч гишүүн дараах тохиолдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамж гаргана”,
104.1.1.энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй бол;
104.1.2.өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримт, шүүгчийн үйл ажиллагааны талаар, эсхүл уг өргөдөл, мэдээллийн дагуу сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны гишүүний захирамж, Сахилгын хорооны магадлал, тогтоол, хянан үзэх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа;
104.1.3.өргөдөл, мэдээлэл гаргасан этгээд тодорхойгүй” гэж тус тус заасан.
Өргөдөл, мэдээлэл гаргагч өргөдлөөсөө татгалзсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т заасан сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй байна.
Түүнчлэн, илтгэгч гишүүн Э.А-н өргөдлийг хянаад сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн шүүгч Ц.Амаргэрэлд холбогдуулан сахилгын хэрэг үүсгэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т “Сахилгын хороо шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх, өргөдөл, мэдээллийг заавал хянан шийдвэрлэх зарчмыг мөрдлөг болгоно”, 101.3-т “Энэ хуулийн 104.2-т заасны дагуу сахилгын хэрэг үүсгэсэн бол өргөдөл, мэдээллээсээ татгалзсан эсэхээс үл хамааран сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна” гэж заасанд нийцжээ.
5.Шүүгчид оногдуулсан сахилгын шийтгэл тохирсон эсэх тухайд:
Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн СХМ/2025/0132 дугаар магадлалаар “илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57.1.7-д заасныг баримтлан шүүгчийн албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл оногдуулсан.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна.” гэж заасан бөгөөд шүүгч Ц.Амаргэрэл нь мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон, зөрчлийн шинж чанар, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагаврыг харгалзан “огцруулах” сахилгын шийтгэл оногдуулсан нь зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна гэж дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлийн гомдлыг хангахгүй орхиж, Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн СХМ/2025/0132 дугаар “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2.Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Улсын Дээд Шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Б.СУГАР
Г.ЦАГААНЦООЖ