
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-11-11
Дугаар 132
Улаанбаатар хот
Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2025/0012 дугаар Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр өөрийн зохих онцлогтой таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэгддэгийн нэг нь барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1.4 дэх заалтаар зохицуулсан тус арга хэмжээ нь
1.Мөрдөн байцаалтын явцад прокурор, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүх авах,
2.Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг бусад арга хэмжээтэй давхардуулдаггүй,
3.Барьцааны хэмжээ тодорхойгүй, гэмт хэргийн шинж, яллагдагч шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тогтоох ба мөн барьцааны хэмжээг нэмэгдүүлэх талаар заагаагүй гэх онцлогтой.
Иргэн нь, эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү таслан сэргийлэх арга хэмжээг авсан үйл баримттай холбогдуулж “... Би өөрийн хэргийнхээ үнэн зөвийг шударгаар шалгуулж, шударга шүүхээр шүүлгэхийг хүсэж байна ... шүүгч удаа дараа миний эрхийг зөрчиж, эд хөрөнгө, хөрөнгө чинээ санхүүгийн байдлаар дарамтлан, гэм буруутай гэж урьдчилан дүгнэлт гаргаж, яллах чиг үүрэгтэйгээр хандаж байгаад гомдолтой байна ...” гэх агуулгаар 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөдөл гаргасан.
Мөн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөдлөөсөө татгалзсан.
Шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх, өргөдөл, мэдээллийг заавал хянан шийдвэрлэх зарчмыг мөрдлөг болгохыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасан. Мөн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт “Илтгэгч гишүүн дараах тохиолдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамж гаргана”
104.1.1.энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй бол,
104.1.2.өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримт, шүүгчийн үйл ажиллагааны талаар, эсхүл уг өргөдөл, мэдээллийн дагуу сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны гишүүний захирамж, Сахилгын хорооны магадлал, тогтоол, хянан үзэх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа бол,
104.1.3.өргөдөл, мэдээлэл гаргасан этгээд тодорхойгүй” гэж заасан байна.
Өргөдөл гаргагч өргөдлөөс татгалзсан тохиолдолд сахилгын хэрэг үүсгэх эсэх талаар тус хуульд зохицуулаагүй, дээрх зохицуулалтын агуулгаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах үндэслэлд хамаарагдахгүй байх тул “өргөдөл, мэдээллийг заавал хянан шийдвэрлэх” зарчмын хүрээнд сахилгын хэрэг үүсгэн шалгасан.
Түүнчлэн “Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам”-ын 2.1 дүгээр зүйлийн 5-д “Сахилгын хэрэг үүсгэхээс өмнө өргөдөл, мэдээллээс татгалзсан тохиолдолд илтгэгч гишүүн өргөдлийн агуулгаас хамаарч сахилгын хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.
1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж байх явцад яллагдагч Э.А-ыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар прокурор санал гаргаж, шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ЦХШЗ/** дугаар захирамжаар, 1 сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор “... Э.А-ыг ... шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүйгээр баривчилсан ... 48 цагийн хугацаа дууссан. Цаашид яллагдагч ...-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ... заасны дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авхуулах ...” гэж саналаа тайлбарласнаас бус яллагдагч нь хэрэг шалгах ажиллагаанд саад учруулсан зэргээр таслан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй үндэслэл байгаа эсэх талаар дурдаагүй.
Тус захирамжид гаргасан яллагдагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг Ерөнхий шүүгч Амаргэрэл 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ЕШЗ/*** дугаар захирамжаар хянан шийдвэрлэхдээ, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 50,000,000 төгрөгийн барьцаа авах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хамтад нь авч, шүүх, прокурорын дуудсан цагт хүрэлцэн ирэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэг хүлээлгэжээ.
Яллагдагч Э.А 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн Тамгын газрын 100130005350 дугаар дансанд 50,000,000 төгрөг тушааж /сх-ийн 38 дахь тал/, “Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болон барьцааг улсын орлого болгох, буцаан олгох тухай” баримтад гарын үсэг зурсан байна.
“... Миний бие гомдол гаргасны дагуу шүүхээс 50,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилсөн. Би нэгэнт 2022.11.04-ний өдөр 50.000.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн шүүхийн дансанд тушаасан байхад шүүгч Ц.Амаргэрэл нь намайг ямар ч үндэслэлгүй, ямар ч захирамжгүйгээр 50.000.000 төгрөгийг дахин байршуулахыг шаардсан. Ингэхдээ 1-2 цагийн дотор байршуул, хэрвээ үгүй бол цагдан хорино гэж улмаар илтэд дарамт үүсгэсэн ...” гэх өргөдөл болон өргөдөл гаргагчийн “... Шүүгчийн туслах гээд эмэгтэй надтай 101 бил үү 102 тоот өрөөнд уулзсан. Хэрэг Амаргэрэл шүүгчид хуваарилагдсан. Хэрэг анх хуваарилагдсанаараа яваад байдаг юм шиг байна лээ. Шүүгчийн туслах “барьцааны 50 сая төгрөг дээр дахин 50 сая төгрөг нэмж төл, тэгэхгүй бол таны таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилнө, өөрчлөх нь шүүгчийн эрх хэмжээний асуудал” гэж надад хэлсэн ...” гэх мэдүүлгээр, шүүгч нь “барьцааны мөнгийг төлөхийг анхааруулж, хэрэв байршуулаагүй тохиолдолд цагдан хорих талаар хэлж яллагдагчид тулгасан” гэсэн эсэхийг шалгалаа.
Шүүгчийн туслах байсан Ш.Э “... 2023 онд шүүгчийн туслах Төгөлдөр байхад ... цагдан хоригдож байсныг 50 саяын барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээр солилоо, үүнийгээ 1-2 цагийн дотор байршуулах хэрэгтэй, үгүй бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ цаашид үргэлжилнэ гэдэг байдлаар хүмүүс нь нэлээд сандарч, өрөөгөөр орж гарч байсан санагдаж байна ...” гэсэн тул мөн шүүгчийн туслахаар ажиллаж байсан О.Т-өөс гэрчийн мэдүүлэг авахад “... Нарийн сайн санахгүй байна. Би 8-9 жил шүүгчийн туслах хийсэн, хэргийн оролцогчтой харилцахдаа яаж харилцахаа мэддэг, ард нь шүүгч байдаг тул бодолтой ажилладаг. Ингэж хэлээгүй байх гэж бодож байна ... Мөнгө тушаасан баримт удалгүй ороод ирсэн. Төлөхгүй удсан, төлөхгүй гэж утсаар ярьж байсан гэх зэрэг болсон бол санаанд үлдэх байсан. Тухайлбал торгуулийг төлөхгүй байх, хойноос нь хөөцөлдөх зэрэг асуудал гардаг, ийм байдал миний санаанд үлддэг. Э.А-ын хувьд мөнгөө төлөхгүй удсан, төлж чадахгүй гэсэн зүйл болоогүй учраас миний санаанд орж ирэхгүй байна. Шүүгч бол төлөхгүй бол тэгнэ, ингэнэ гэж хэлээгүй ...” гэж мэдүүлсэн.
Харин үзлэг хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт, шүүгч зөвлөлдөөд, захирамж танилцуулахдаа “... шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ЦХШЗ/** дугаар захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Э.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, яллагдагчид 50 сая төгрөгийн таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс авч, түүнд Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхар авч, шүүх, прокурорын дуудсан цагт хүрэлцэн ирэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргийг хүлээлгэж, дээрх үүргийг зөрчвөл яллагдагч Э.А-д урьд авсан барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, барьцааг улсын орлого болгох үр дагавар үүсгэх талаар ... яллагдагч Э.А-д анхааруулж шийдвэрлэж байна. Шийдвэр гарсантай холбогдуулан өмгөөлөгч нар санал байна уу, Ерөнхий шүүгчээс гаргасан шийдвэр эцсийн шийдвэр байдаг ...” гэсний дараа,
-яллагдагчийн өмгөөлөгч М.Г яллагдагч Э.А-ыг дагуулан танхимаас гарч, буцаж орж ирэн, 50 саяыг байршуулах боломжтой юм байна гэсэн,
- даргалагч: Хэрэв 50 саяын барьцаа байршуулсан тохиолдолд тусгай дансанд байршуулна. Тусгай дансанд байршуулснаар энэ шийдвэрийн биелэлт хэрэгжиж эхэлнэ, байршуулаагүй тохиолдолд цагдан хорио чинь хэвээрээ шүү дээ. Хэзээ байршуулсан тэрнээсээ шалтгаална, Ерөнхий шүүгчийн захирамж эцсийн байдаг, мөн өмгөөлөгч нар хэдэн төгрөгийн ч хамаагүй төгрөг байсан төлнө гэж санал гаргасан. Давхар үр дагаврыг ойлгосон уу. Шүүх, прокурорын дуудсан цагт хүрэлцэн ирээгүй тохиолдолд энэ 50 сая төгрөг чинь улсын орлого болдог шүү. Барьцаа өгсөн яллагдагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оршин суугаа газраасаа түр явах болсон дуудсан цагт хүрэлцэн ирэх боломжгүй болсон бол энэ тухай шүүхийн шатанд шүүхэд мэдэгдэнэ, мөрдөн байцаалтын шатанд одоо явж байгаа учраас прокурор, мөрдөгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдээгүй бол үүргээ хэрэгжүүлээгүй гэх нөхцөл байдал үүсэх учраас үүнийг байнга анхаарч ямар нэгэн аргаар холбоо барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй бол мөнгө чинь улсын орлого болно. Байршуулах дансыг тамгын газраас авна, энэ мөнгөнд хэн ч хүрэх эрхгүйгээр хадгалагдана, хүсэлт гаргаад буцаан авч болно, таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөнө гэхэд
- улсын яллагч: Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг бусад арга хэмжээтэй давхардуулж авч болохгүй гэсэн заалт байна.
- даргалагч: Хилээр гарахыг хүнд гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул прокурорын зөвшөөрлөөр авна гэсэн байгаа. Та нөхдийн ажлыг хөнгөвчлөх үүднээс үүнийг давхар авчхаад байгаа. Хэрэв хилээр гараад явах нөхцөл байдал үүсэх гэх үүднээс урьдчилан сэргийлэх байдлаар авчхаад байгаа юм. Хэрэв улсын яллагчаас татгалзаж байгаа бол хамаа алга, татгалзах зүйл байгаа юм уу гэсэн байна.
Таслан сэргийлэх арга хэмжээний үр дагаврыг, “барьцаа авсан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан бол таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөж, цагдан хорих арга хэмжээ болох” талаар шүүх хуралдаанд тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалттай нийцэх тул шүүгчийг зөрчил гаргасан гэж үзэхгүй.
“Шүүгч хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх, эрх чөлөөг хязгаарлаж болохгүй. Шаардлагатай, хангалттай үндэслэл байгаа эсэх талаарх бодит үнэлгээгүйгээр, шүүгч захирамж гаргаж бусдын эрх, эрх чөлөөг хязгаарлаж болохгүй. Өөрөөр хэлбэл худал хуурмаг буюу холбогдох хуулийг буруу хэрэглэж ... шийдвэр гаргах нь дур зоргын авир төдийгүй холбогдох нотлох баримтыг бодитой үнэлэхгүйгээр шүүх шийдвэр гаргасан асуудал юм” гэж Бангалорын зарчмын тайлбарт дурджээ.
Иймээс, холбогдох шүүгч Ц.Амаргэрэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нь 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүх, ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно” гэх заалтыг зөрчин, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ЕШЗ/*** дугаар захирамжаар мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байсан яллагдагч Э.А-д 50,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа, 14.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн ... 1.4 ...-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг прокурор, … авна” гэж заасныг, мөн яллагдагчид барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох арга хэмжээг давхардуулан авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “… Энэ зүйлийн 1.4 ... -д заасан таслан сэргийлэх арга хэмжээг бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж авахгүй” гэж заасан илт тодорхой заалтыг тус тус зөрчсөн байна.
2. Яллагдагч Э.А-д холбогдох 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 107 дугаар яллах дүгнэлттэй хэргийг, Прокурорын газрын 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/*** дүгээр албан бичгээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсний дараа дараах ажиллагаа хийгджээ. Үүнд:
- хэрэг шүүгч Ц.Амаргэрэлд хуваарилагдаж , Ерөнхий шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ЕШЗ/*** дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүнийг томилон албажуулсан, шүүгч нь өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж баримтжуулсан,
- шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/*** дугаар захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийг товлож, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/*** дугаар захирамжаар, яллагдагч Э.А-д холбогдох хэргийг “... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй атлаа сэжигтнээр мэдүүлэг авч хууль зөрчсөн ... гэмт хэрэг гарсан байдал ... гэмт хэргийг хэн үйлдсэн ... үйлдлийг нарийвчлан тогтоох ... ” гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан,
- прокурорын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ** дугаар тогтоолоор тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт хэргийг буцаасан,
- 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ** дүгээр яллах дүгнэлттэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/*** дугаар албан бичгээр анхан шатны шүүхэд шилжүүлэхэд, Амаргэрэл шүүгчид буцаж хуваарилагджээ .
Хэргийг хүлээн авсан өдрөө ямар нэгэн шийдвэргүйгээр, Э.А-д “Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ”-г “нэмж” авсан тул Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын 100130005350 тоот дансанд 50,000,000 төгрөгийг тушаасан үйл баримт тогтоогдоно /сх-ийн 78 дахь тал/.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан.
Гэрч Ш.Э “... Хэрэг шүүхэд шилжиж ирэхэд өмнө нь авсан 50 сая төгрөгийн барьцаан дээр нэмж 50 сая төгрөгийн барьцаа авсан ... Тухайн үед эрх зүйн акт гарсан гэдгийг санахгүй байна ... Прокуророос авагдсан таслан сэргийлэх арга хэмжээтэй хүн ирэхлээр шүүх тухайн арга хэмжээн дээр дахин баримт үйлддэг. Тухайлбал, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа шүүгч захирамж гаргадаггүй. Түүн шиг барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авахад ямар нэгэн акт гараагүй. Харин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа л захирамж гаргадаг ... Тухайн үед эрх зүйн акт гаргая гэж хэлж байгаагүй санагдаж байна. Шүүх рүү хэрэг ирээд шүүгчийн эрх хэмжээний хүрээнд 50 сая төгрөгийг барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсан ...” гэсэн бол,
холбогдох шүүгч “... Хэрэг шүүхэд ирэхдээ прокуророос хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байвал шүүгч хэргийн материалыг танилцаж, байнгын оршин суух хаяггүй, оргон зайлах магадлалтай, олон удаагийн ял шийтгэл эдэлж байсан эсхүл эрхэлсэн тодорхой ажилгүй, оргон зайлах магадлалтай гэж үзвэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Сэлэнгэ аймгийн шүүх хилтэй ойрхон, хилийн бүс нутагт байрладаг онцлогтой. Харин эрхэлсэн тодорхой ажилтай, оршин суух хаяг тодорхой, мөрдөн шалгах ажиллагаанд оргон зайлж байгаагүй гэх зэрэг хувийн байдлыг харгалзан хувийн батлан даалтад гаргадаг ... Хэрэг дахин шилжиж ирэх үед би туслахдаа барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ ав гэж хэлээд, туслах тайлбарлаад 50 сая төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ нэмж авсан байна. Энэ үед өмгөөлөгч нь байсан. Хэрэв үүнийг төлөх боломжгүй гэвэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдах байсан. Үүнд эрх зүйн акт гаргах шаардлагагүй ...” гэж тайлбарласан.
Гэвч, шүүгч 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн тайлбартаа “... Шүүхээс ямар нэгэн шүүхийн шийдвэргүйгээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилдөггүй ...” гэсэн байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гарч байгаа шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол нь холбогдох этгээдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс, эсхүл бусдын эрхийг хязгаарласан ажиллагааны үр дүн болсон шийдвэр байдаг тул энэ талаарх дүгнэлт, үндэслэлийг агуулна.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” болохыг тунхаглахдаа, “хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөж мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэж төрийн хамгаалалтад байдаг хүний эрхийг, мөн хязгаарлах үндэслэлтэй зэрэгцүүлэн заасан. Үүгээр, халдашгүй чөлөөтэй байх эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж ойлгоно.
Тиймээс, яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлаж байгаа бол түүний эрхийг хязгаарлах бодит байдал болон хуульд заасан үндэслэл, мөн тус шийдвэрт гомдол гаргах эрхийг олгох үүднээс шүүх зайлшгүй эрх зүйн акт гаргана.
Иймд прокуророос шилжиж ирсэн хэргийн яллагдагчид барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ нэгэнт авагдсан байсан тул эрх зүйн акт гаргах шаардлагагүйгээр нэмж 50,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж тус арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй адилтган тайлбарлаж байгаа шүүгчийн тайлбар үндэслэлгүй юм.
Яллагдагчид өмнө нь 50,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хэрэг буцаж ирэх хугацаанд яллагдагч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан эсэх, цаашид шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болох нөхцөл байдал байгаа эсэхийг судлалгүй, барьцаа авсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад хуульд заагаагүй эрх хэмжээг эдлэн, захирамжгүйгээр барьцааны мөнгөн дүнг “нэмсэн” үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэх илт тодорхой заалтыг тус тус зөрчжээ.
3. Э.А-д холбогдох эрүүгийн хэргийг, анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/*** дүгээр шийтгэх тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарах болон барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тухайн өдрөөс эхлэн цуцалж, барьцааны 100,000,000 төгрөгийг буцаан олгохыг шүүхийн Тамгын газарт даалгасан.
Давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж, амь хохирогчийн төрсөн дүү /шүүгдэгчийн төрсөн ах/ Э.А-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, 2025/ДШМ/** дугаар магадлалаар, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ** дүгээр албан бичгээр анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүгч Ц.Амаргэрэлд хуваарилагдсан .
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г, Ч.О нар Э.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасныг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэлэлцэж, 2025/ШЗ/*** дүгээр захирамжаар, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, барьцааны хэмжээг 100,000,000 төгрөг гэж тогтоон, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон арга хэмжээтэй хамт авсан байна.
Тус өдөр шүүгдэгчээс мөн шүүхийн Тамгын газрын 100130005350 тоот дансанд 100,000,000 төгрөгийг байршуулснаар /50,000,000 төгрөг, 17,000,000 төгрөг, 33,000,000 төгрөгөөр хэсэгчлэн төлсөн төлбөрийн баримтууд, сх-ийн 126-129 дэх тал/ нийт 200 сая төгрөгийн барьцааг шүүгдэгч, түүний ар гэр төлжээ .
Өргөдөлд “... шүүгч ... зөвлөлдөх тасалгаанаас гарч ирээд намайг 400.000.000 сая төгрөгийг барьцааг нэмж байршуул барьцаа хөрөнгийг нийт 500.000.000 болго гэдэг шаардлага тавьсан, хэрвээ үгүй бол шууд хорилоо гэж хэлсэн ... өмгөөлөгч Г-ээр дамжуулан асуулгасан тул шүүгчид 100 сая төгрөгийг байршуулъя гэж хэлсэн. Гэтэл шүүгч намайг шууд л гэм буруутай учир алга болчихно гэж хэлсэн ... Надтай шууд л зах дээр наймаа хийж байгаа юм шиг үнэ хаялцаж шийдвэр гаргасан. Намайг шүүхээс гарч болохгүй гэж суулгаад, мөнгө олж ирэхгүй бол шүүгч шийдвэрээ өөрчилнө гэсэн ... шүүх хуралд оролцож байсан өмгөөлөгч О-ын камерын дууг хаасан. Зөвлөлдөх тасалгаанаасаа гарч ирээд шүүхийн бүх бичлэг, дуу дүрсийг хааж байгаад надтай наймаалцсан ...” гэжээ.
а/ Таслан сэргийлэх арга хэмжээг авах, өөрчлөх үндэслэл нь яллагдагч, шүүгдэгч мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах буюу тус ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулах нөхцөл байдалтай холбогддог.
Хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г “... давж заалдах шатны шүүхээс ... анхан шатны шүүхийн тогтоол хүчингүй болсон. Тийм учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар таслан сэргийлэх арга хэмжээ авсан, тэр эрх зүйн байдлынхаа хүрээнд очиж байна ... миний үйлчлүүлэгч ... цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна ... хуучин авагдаж байсан таслан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байна ...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О “... шүүхийн *** дугаар захирамжаар төрийн сангийн дансанд 50,000,000 төгрөгийг байршуулсан ... мөн хэрэг анхан шатанд шилжиж ирсэн даруйд нь 50,000,000 төгрөгийг мөн дансанд дахин ... байршуулсан байна ... энэ мөнгө буцаан эзэмшигчид нь шилжээгүй, байршсан хэвээр байна. Энэ байршсан мөнгөн дүнгийн хэмжээнд нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх боломж байгаа гэдэг байдлаар баримтыг дурдаж байна. Өөрөөр хэлбэл ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний ажиллагааны журам зөрчөөгүй ... Ямар нэгэн дэглэм зөрчсөнтэй холбоотой зүйл байхгүй ...” гэж,
прокурор “... Мөрдөгч юм уу прокурорын саналын дагуу шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй. Шийтгэх тогтоолоор таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ...” гэж тайлбарласан байгаагаар өмнө авсан барьцаа авах арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх санал илэрхийлэгдсэн, Э.А-ыг дуудсан цагт ирэхгүй зэргээр мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж байсан гэх зэрэг өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл байсан эсэхийг шүүх тодруулаагүй байна.
б/ Шүүх хуралдааны бичлэгээр, хэлэлцүүлэг 21 минут орчим үргэлжилсэн, шийдвэрийг 2 минут орчим танилцуулсан, бичлэгт цаг бичигдээгүй тул хэдэн цагт эхэлж, хэдэн цагт дууссан, дунд нь ямар хугацаанд зөвлөлдсөн зэргийг тогтоох боломж байгаагүйн дээр шүүх хуралдааны явцад даргалагчаас танхимын камерыг унтраалгасан, цахимаар оролцож байгаа шүүгдэгчийн өмгөөлөгчийн дуу, дүрсийг хаасан гэх нөхцөл байдал бичлэгт тусгагдаагүй.
Харин Э.А энэ талаар “... цахимаар оролцож байсан О өмгөөлөгч “яагаад бичлэг хаачхаад үүнийг яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Би бичлэгийг хаасан байна, хаачхаад ярьж болдоггүй юм байна гэдгийг сүүлд мэдсэн ...” гэж,
- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э “... Камерыг унтраана, зөвлөж орж ирэхээр нь асаана … шүүгч зөвлөж орж ирээд … камераа нээсэн. Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 200 сая болгосон … ” гэж,
- Э.А-ын ах Э.А “... 500 сая гэж хэлэхэд “яаж олох вэ дээ, болохгүй бол би буцаад хоригдъё гэж бодож байсан” гэж хэлсэн. “Шүүгч 500 сая гэж хэлсэн, гэхдээ энэ нь хуралдааны камерт бичигдээгүй, унтраасан үедээ хэлсэн байх гэж бодоод байна” гэж А хэлж байсан ...” гэж тус тус мэдүүлсэн.
Холбогдох шүүгч “... Зөвлөлдөх тасалгаанаас орж ирчхээд та нарт ямар боломж байна гэж асуусан. Би камераа унтраасан нь үнэн. 500 сая төгрөгийн барьцаа гаргах боломж байгаа юу? Энэ талаар өмгөөлөгч болон ар гэрийнхэнтэйгээ ярилцах боломж олгож, түр завсарласан. Мөн өмгөөлөгч болон шүүгдэгчээс аавын бие муу байгаа, хүүхдүүд айл айлаар дамжин явж байдаг, эхнэр нь сурах гээд хаяад явчихсан гэж хэлсэн. Тэгээд А-ыг өмгөөлөгчтэй нь ярилцуулсан, буцаж орж ирээд 100 сая төгрөг өгөх боломжтой гэхээр нь 100 сая гэж шийдсэн ...” гэж тайлбарласнаар зөвлөлдөх тасалгаанаас гарч ирээд шийдвэрээ танилцуулалгүй танхимын камерыг унтрааж, барьцааны төлбөр хэд байх талаар хэргийн оролцогч түүний ар гэрийнхэнтэй ярилцсан, үүний дараа шийдвэр танилцуулахдаа камерыг нээсэн болох нь тогтоогдоно.
в/ “... үнэ хаялцсан ... барьцааны мөнгийг 500 сая төгрөг гэж хэлсэн ...” эсэхийг тодруулахад шүүгч Ц.Амаргэрэл “... Санхүүгийн боломжийг мэдэхгүй учраас тодруулах шаардлагатай байсан ... тэгээд барьцааны мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай санагдсан ... А-ыг өмгөөлөгчтэй нь ярилцуулсан, буцаж орж ирээд 100 сая төгрөг өгөх боломжтой гэхээр нь 100 сая гэж шийдсэн ...” гэж тайлбарласан.
Э.А “...Зөвлөж орж ирээд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх талаар мөн үүнтэй зэрэгцээд 500 саяын асуудал яригдсан. Одоо 400 сая төгрөг барьцаа болгоно, өмнө нь өгсөн 100 сая төгрөгтэй нийлээд 500 сая төгрөг болж байна гэсэн зүйл яригдсан. Шүүгч ингэж хэлхээр нь, би хоригдож байсан болохоор надад мөнгө байхгүй, боломжгүй гэсэн бодол надад төрж байсан. Би боломжгүй гэж өмгөөлөгчдөө хэлсэн, тэгээд манай ар гэрийнхэнд хэлээд үзэхгүй юу даа гэж Г өмгөөлөгчид хэлж байсан ...” гэсэн,
Э.А-ын ах Э.А “... би 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанд оролцоогүй ... тэр хуралдаан завсарлаад Г өмгөөлөгч гарч ирээд барьцааг 500 сая болго гэж байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би “бид нарыг доромжлоод байгаа юм уу, дээрэлхэж байгаа юм уу, тийм их мөнгө хэнд байдаг юм бэ, байхгүй” гэж уурлаж, Г өмгөөлөгчтэй муудалцсан. Г өмгөөлөгч “би хэлээд байгаа юм биш, шүүгч хэлж байна, тэгвэл хэдэн төгрөг төлөх боломжтой вэ” гэхээр нь “амьтан хүнээс зээлж, гуйгаад 100 сая төгрөг л өгч чадах байх, гэхдээ одоо бол байхгүй, хүнээс асууж, авч байж өгнө” гэж хэлсэн. Тэгээд шүүх хуралдаандаа буцаж орсон, 100 сая төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ...” гэсэн.
Шүүх хуралдаанд дэг сахиулагчаар оролцсон цагдаа Б.М “... Аль үе шатанд ярьсныг би санахгүй байна, бичлэгт тусгагдсан байх, 400 сая төгрөгийн барьцаа авъя гээд шүүгчийг хэлэхэд өмгөөлөгч нь “шүүгдэгчтэй уулзъя гээд заалнаас гарсан. Би өмгөөлөгч, А нарыг аваад шүүдэгчийг түр саатуулах өрөө рүү авч очоод уулзуулсан. Би гадаа нь зогсож байсан ... тэгээд өмгөөлөгч нь гадаа байсан ах, ар гэрийнхэн болон найзуудтай нь уулзсан. Үүний дараа хуралдааны зааланд өмгөөлөгч нар ороод 400 саяыг олох боломжгүй гэдгийг ярилцаад, 100 саяыг энд тэндээс асуугаад, олох боломжтой юм байна, тэгээд хувийн баталгаа авхуулъя гэж хэлсэн. Энэ үед зааланд бүх оролцогч нар байсан ... тэгээд шүүгч буцаад зөвлөлдөх тасалгаа руу ороод 100 сая төгрөгийг гаргуулъя гэж шийдсэн. Иймд 2 завсарласан гэж ойлгож байна ...” гэж мэдүүлсэн.
Харин шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Э.Э “... Шүүгч хуралдаан завсарлаад зөвлөлдье гээд алх цохисон, үүний дараа шүүгч барьцаагаа нэмэх боломжтой юу гэж шүүгдэгч талаас тодруулсан. Өмгөөлөгч нар нь бид ярилцаадахъя гээд гарчхаад ороод ирсэн. Энэ үед барьцаа мөнгөний тухай ярьсан ... 400 сая гэснийг санахгүй байна. 100 сая гэж л хэлсэн ...” гэж мэдүүлжээ.
Эдгээр гэрч нарын мэдүүлэг болон шүүгчийн тайлбараар “... 500 сая төгрөгийн барьцаа авахаар шүүгдэгч талаас санал асуусан ...” болох нь тогтоогдож байна.
Шүүгч нь 04 дүгээр сарын 18-ны өдрийн тайлбартаа “... Би зөвлөлдөөд шийдлээ гаргачихсан байсан. Зөвхөн барьцаа мөнгөний хэмжээг тодруулсан ...” гэх боловч “мөнгөн” хэлбэрээр барьцаа авах шийдвэрийг зөвлөөд гаргаж байгаа бол мөнгөн дүнгийн хэмжээг хамт шийдвэрлэхээр хуульд заасан байтал шүүгдэгч талаас хэмжээг тодруулсан, шүүгдэгчийн санал болгосон дүнгээр шийдвэр гаргасан нь зөвлөлдөх тасалгаанд шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна.
Хэрэв барьцааны мөнгөн дүнгийн хэмжээг тодорхойлох зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хэлэлцүүлгийн явцад ч тодруулах боломж шүүгчид байсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт барьцааг яллагдагч өөрөө, эсхүл түүний өмнөөс бусад хүн, хуулийн этгээд гаргаж болохыг, 4 дэх хэсэгт барьцааны мөнгөн дүнгийн хэмжээг яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тогтоохоор зааснаас бус барьцаа мөнгөний хэмжээг “нэмэгдүүлэх” талаар зохицуулаагүй.
Иймд, шүүгдэгч нь өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэх, Э.А-ын холбогдсон гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн ахыг нь томилсон, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа нөхцөлд “хохирогч болох” түүний ах дүү нар нь барьцааны “мөнгийг” олох байдал үүсэхээр байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр зөвлөж шийдвэр гаргасны дараа 500 сая, 400 сая гэх зэрэг хэмжээтэй барьцаа авах санал гаргаж, өмнө авсан барьцааны хэмжээг дахин нэмэгдүүлэн 100 сая төгрөгийн барьцаа авсан, мөн барьцаа авах арга хэмжээг хилийн хорио хязгаарлалт тогтоосон арга хэмжээтэй хамт авсан нь “зөвшөөрснөөс бусад нь хориглогддог” нийтийн эрх зүйн үндсэн зарчмыг алдагдуулжээ.
Энэ үйлдлээрээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно”, 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “… Энэ зүйлийн 1.4 ... -д заасан таслан сэргийлэх арга хэмжээг бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж авахгүй”, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана” гэж тус тус заасан илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл гаргажээ.
Шүүгчээс 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тайлбар авахад “... Улаанбаатар хотын шүүхүүд яаж хэрэглэж байна гэж судалсан. Манай шүүхэд анх удаа авч байгаа арга хэмжээ байсан тул би судалсан. Би Б.Б /Улсын дээд шүүх/ шүүгч рүү ярьж асуухад “доод тал нь 5 сая шүү” гэж хэлж байсан. Энэ талаар тухайн үед хууль дээрээ тэмдэглэж авч байсан. Миний өрөөнд байгаа хууль дээр байгаа, хэргийн нөхцөл байдлыг хараад хэд гэдгийг тогтоохоос өөр ямар ч зохицуулалт байхгүй. Хилээр гэмт хэрэгт холбогдсон хүмүүс оргон зайлдаг тул хилийн хориг ч мөн тавьсан ...” гэсэн .
Шалгах ажиллагаагаар, бусад шүүхүүд барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч, мөн нэмэгдүүлж байгаа эсэхийг тодруулж, Улаанбаатар хотын дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд болон Дархан, Орхон аймгийн сум дундын шүүхээс /2022-2025 он/ мэдээллийг авлаа. Үүнд:
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/**** дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчид 1,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан,
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/*** дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагчид 25,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна,
- Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, /хуучин нэршлээр/ 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ЦХШЗ/** дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагчид 30,000,000 төгрөгийн, шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ЦХШЗ/*** дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэг, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагчид 11,100,000 төгрөгийн барьцааг тус тус авсан байна.
Үүнээс үзвэл, барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ харьцангуй бага хэрэглэгддэг, барьцааны мөнгөн дүнг шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, оролцогч талуудын санал, хүсэлтийг харгалзан шүүх тогтоодог практик байгаа боловч “нэмэгдүүлсэн” тохиолдол байхгүй байна.
Түүнчлэн өргөдөл гаргагч “... Шүүгчид хүндрэлтэй байсан болов уу гэж би бодож байгаа. Учир нь намайг хүн алчхаад гадуур яваад байна, Амаргэрэл шүүгч 50 саяыг өгөөд, 50 саяыг бэлнээр өгөөд авлига авсан гэж лайв хийгдээд, ийм агуулгатай өргөдлийг Авлигатай тэмцэх газарт өгсөн байсан, надаас гэрчийн мэдүүлэг авч байсан. Ийм тохиолдолд барьцаа мөнгө нэмж авахгүй бол өөрөө хардагдах нөхцөл байдалд орох байсан байх ...” гэсэн бол,
ах Э.А “... анхны хэргийн шийдвэрлэсэн шүүх хуралдааны дараа хэт нэг талд хэргийг шийдвэрлэсэн гэж бодож байсан. Барьцааны хувьд нэг зүйлийг хэлмээр байна, эхний 50 сая төгрөгийн барьцаа мөнгийг авсны дараа орон нутгийн цахим сүлжээнд хүн алсан хүн 50 сая төгрөгийн барьцаа өгчхөөд гадуур явж байна гэж Амаргэрэл шүүгчтэй холбож бичигдэж байсан. Тэрийг бичсэн хүн нь Амаргэрэл шүүгчтэй хувийн асуудалтай хүн байсан гэж ойлгосон, үүний дараа АТГ-т “50 сая төгрөгийн барьцаа авч, 40 сая төгрөгийг бэлнээр авиалгалд авсан” гэж өргөдөл өгөөд шалгуулсан гэдгийг сүүлд сонссон, би дотроо фэйсбүүкт бичээд байсан хүмүүс өгч, шалгуулсан юм болов уу гэж бодсон. Энэ байдал манай хэрэгт нөлөөлсөн байх гэж би бодож байна, бага мөнгө аваад хүн суллачихсан гэж хүмүүс бичээд байхаар шүүгч барьцаа мөнгөө нэмсэн юм болов уу гэж бодсон, энэ нөхцөл байдал нөлөөлсөн байх ...” гэж мэдүүлсэн.
Шүүгч Ц.Амаргэрэл ч “... А-д холбогдох эрүүгийн хэрэг Хүнийг алах гэмт хэргээр зүйлчлэгдэн ирсэн. Очирын Золзаяа гэх эмэгтэй Сэлэнгэ аймгийн фэйсбүүк группэд “Амаргэрэл шүүгч 50 сая төгрөг аваад хүн амины хэрэг хийсэн хүнийг суллалаа” гэж лайв эхний 50 сая төгрөгийн барьцаа авсны дараа хийсэн. Энэ талаар ч Э.А-ын өмгөөлөгч М.Г шүүхэд хэрэг ирээд мөрдөн байцаалтад буцаах хуралдааны тэмдэглэлд тусгуулна гэж байгаад “Нансалмаа прокурор та энэ хэрэгт хяналт тавьж байсан, та энэ хэргийг талаар бусдад задруулсан” гэж тэр лайвтай холбогдуулж ярьж байсан. Хэрэг дахин шилжиж ирэх үед би туслахдаа барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ ав гэж хэлээд, туслах тайлбарлаад 50 сая төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ нэмж авсан байна. Энэ үед өмгөөлөгч нь байсан. Хэрэв үүнийг төлөх боломжгүй гэвэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдах байсан. Үүнд эрх зүйн акт гаргах шаардлагагүй, хэрэг шилжиж ирээд шүүгч таслан сэргийлэх арга хэмжээг яах ёстой вэ гэдгийг шийдэх ёстой. Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчих юм бол 100 сая төгрөгийг улсын орлого болгохыг танилцуулсан ... Цахим орчинд тийм зүйл явсан нь шүүгчид ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн тал бий ...” гэж мэдүүлсэн.
Гэтэл энэ цахимаар “лайв” хийсэн гэх үйл баримтын талаар өмгөөлөгч М.Г 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт “... Сэлэнгэ аймагт сүүлийн 20 жилийн хугацаанд хүн амины хэрэгт холбогдоод барьцаат батлан даалтад гарсан нэг тохиолдол байгаа. Энийг өөрийгөө шударга ёсны илэрхийлэгч гэх эмэгтэй энэ хэргийн тухай сошиал орчинд мэдээлэл тавьж байна. Тухайн мэдээлэл тавигдах үед хэрэг прокурор дээр байсан ... Эцэслэн шийдвэрлээгүй байгаа хэргийн тухай мэдээллийг хэн задалж байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ нь хэргийн эцсийн шийдвэрт нөлөөлөх магадлалтай ...” гэснээс харвал тус үйл баримт 2023 онд болсон байна.
Гэхдээ Бангалорын зарчимд, ... шүүхийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд гаднын зохисгүй нөлөө байна гэж ойлгогдох үед шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдардаг ... тухайн нэг шүүгчид үзүүлэх нөлөөлөл нь олон янз төдийгүй, хязгааргүй байдаг. Үүнийг ойлгож, ямар нэг айдас, тааламжтай нөхцөлд автахгүйгээр, эцсийн шийдвэр олон нийтэд таалагдах эсэхээс үл хамааран үйл баримтын талаарх өөрийн үнэлгээнд тулгуурлаж, хууль хэрэглэх нь шүүгчийн үүрэг ... олон нийтийн дунд маргаан дагуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн цар хүрээтэйгээр мэдээлж буй тухайн нэг хэргийг хянан хэлэлцэж буй шүүгчийн хувьд, өөрийгөө олны хараанд буйгаар тодорхойлж болох юм. Заримдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж буй мэдээ, нийтлэл агуулга тодорхой нэг хүссэн үр дүн рүү чиглэх хандлагатай байдаг. Гэхдээ шүүгчийн хувьд шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхдээ хэвлэл мэдээллийн нөлөөнөөс ангид байх ёстой. Шүүгч нь хууль хэрэглэж шийдвэр гаргахдаа, хэргийн оролцогч тал олны танил, хэвэл мэдээллийн хэрэгсэл, засгийн газарт өндөр албан тушаал хашдаг, шүүгчийн өөрийнх нь найз нөхөр, гэр бүл эсэхийг харгалзан үзэх ёсгүй. Шүүгч нь тодорхой хэсэг бүлгийн ашиг сонирхол, олон нийтийн анхаарал, шаардлагад автахгүй байх ёстой. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал нь гадны нөлөөллийн бүх хэлбэрээс ангид байх тухай ойлголт гэсэн байдаг.
Иймд олон нийтийн цахим сүлжээнд шүүгчийн гаргасан шийдвэрийн талаар иргэд үзэл бодлоо илэрхийлэх, таамаг дэвшүүлэх, хардаж буйгаа илэрхийлэх зэрэгт шүүгч автан өөрийн дотоод итгэлээс зөрж шийдвэр гаргах ёсгүй бөгөөд зөвхөн хуульд захирагдаж, өөрийн дотоод итгэлээр шийдвэр гаргах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэвэл, холбогдох шүүгч Ц.Амаргэрэл нь:
1/ Шүүхэд олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд байсан хэргийн яллагдагч Э.А-д 50,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа, Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох арга хэмжээтэй давхардуулан авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүх, ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно”, 14.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн ... 1.4 ... -д заасан таслан сэргийлэх арга хэмжээг прокурор … авна”, 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “… Энэ зүйлийн 1.4 ... -д заасан таслан сэргийлэх арга хэмжээг бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж авахгүй” гэж заасан илт тодорхой заалтыг,
2/ мөн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ямар нэгэн эрх зүйн шийдвэргүйгээр, Э.Ариунтулгад “Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ”-г “нэмж” авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүх, ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан илт тодорхой заалтыг,
3/ 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэх, гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн ахыг нь томилсон, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа нөхцөлд “хохирогч болох” түүний ах дүү нар нь барьцааны “мөнгийг” олох байдал үүсэхээр байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шүүгдэгчид 500 сая, 400 сая гэх зэрэг хэмжээтэй барьцаа авах санал гаргаж, өмнө авсан барьцааны хэмжээг дахин нэмэгдүүлэн 100 сая төгрөгийн барьцаа авахдаа хилээр гарахыг хориглосон арга хэмжээтэй хамт авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно”, 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “… Энэ зүйлийн 1.4 ... -д заасан таслан сэргийлэх арга хэмжээг бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж авахгүй” гэж тус тус заасан илт тодорхой заалтыг зөрчсөн
4/ 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргалгүй шүүгдэгчийн санал болгосон дүнгээр барьцааны мөнгийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана ...” гэсэн илт тодорхой заалтыг тус тус зөрчсөн үйлдэл гаргажээ.
Энэ нь үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байх ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг … удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн зөрчилд хамаарна.
4. Бусад асуудлын талаар:
а/ Ерөнхий шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ЕШЗ/*** дугаар захирамжийн “тодорхойлох” нь хэсэгт даргалагчаар Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ч.М, шүүгч Р.Б нарыг томилох нь зүйтэй гэсэн атлаа “захирамжлах” нь хэсэгт шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ч.М, шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч Р.Б нарыг томилон албажуулжээ.
Үүнийг тодруулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авсан бүртгэл”-ийн дэвтэрт үзлэг хийхэд хэрэг шүүгч Ц.Амаргэрэлд хуваарилагдсан байна.
Даргалагч шүүгч ба бүрэлдэхүүний шүүгчийн нэр сольж бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байх боловч хэргийн оролцогч нарт буруу ойлголт төрүүлэх нэг шалтгаан болох тул цаашид ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй.
б/ Холбогдох шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тайлбарт “... Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон юм бол яагаад шүүгдэгч Э.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд хэрхэн шийдвэрлэснээ магадлалд тусгаагүй орхигдуулсан бол гэдэгт дүгнэлт хийнэ биз ээ ...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх Э.А-д холбогдох хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо, магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл, барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан шүүгдэгч Э.А-д, анхан шатны шүүх 10 жилийн хорих ял оногдуулснаар, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд цагдан хоригдсон, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж хэрэг анхан шатны шүүхэд шилжиж ирэх хүртэл шүүгдэгчид авсан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн нь хууль зөрчөөгүй байна.
Дүгнэвэл, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн зөрчил гэж үзсэн тул нотлох дүгнэлт үйлдэв.” гэжээ.
Холбогдох шүүгч Ц.Амаргэрэл тайлбартаа: “...Түүнийг Хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргаагүй. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.А-ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 100,000,000 сая төгрөгийн барьцааг түүнд буцаан олгох шийдвэрийг шүүх бүрэлдэхүүнээр хамтын шийдвэр гаргасан.
Шүүхээс ямар нэгэн шүүхийн шийдвэргүйгээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилдөггүй. Шүүгдэгч Э.А болон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г-ийн “Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүссэн” хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, оролцогч талуудын саналыг авч, Шүүгчийн захирамжийг гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан.
Урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, барьцаа авах болон Монгол улсын хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа тохиолдолд шүүгчийн захирамжийг нэн даруй гарах хүртэл тодорхой цаг хугацаа зарцуулдаг, шүүхийн процесс явагддаг тул яллагдагчийг шүүх дээр хүлээлгэх нөхцөл байдал үүснэ.
Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаас гарч ирэнгүүт шүүгч захирамжийн төслийг боловсруулж, хянаж эцсийн хувилбар бэлэн болсны дараа шүүгчийн туслах бланк дээр хэвлүүлэх, гарын үсэг зуруулах, албажуулах, дараа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу сулласан тухай мэдээллийг явуулах, мөн Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх рүү мэдээллийг явуулж, бүртгэлд оруулсны дараагаар яллагдагчийг гэр лүү явуулах ажиллагаа явагддаг.
Сэлэнгэ аймаг нь хилийн бүсэд байрладаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Алтанбулаг сум, ОХУ-ын хил рүү 20 км орчим зайтай онцлогтой шүүх тул гэмт хэрэгт холбогдсон хүмүүс хилээр оргон зайлах магадлал өндөр байдаг.
Тухайн үед Э.А-д холбогдох эрүүгийн хэрэг прокурорын шатанд байхад “Хүн амины хэрэг” хийсэн хүнийг 50 сая төгрөгийн барьцаа авч сулласан шүүгч өөрөө 40 сая төгрөгийг нь авсан талаар худал мэдээллийг Сэлэнгэ аймгийн зарын сайтуудаар иргэн О.З лайв хийж, шүүх рүү шүүгч над руу чиглэсэн мэдээллийг цацаж байсан.
/Барьцааны мөнгө тус шүүхийн барьцааны дансанд байршиж байгааг нотлох баримт нь хавтаст хэрэгт гүйлгээний баримтаар нотлогдоно/
Энэхүү хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан тул ямар нэгэн хариу тайлбар хийгээгүй, шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл гарсан. Энэ талаар ч яллагдагч Э.А-ын өмгөөлөгч М.Г-ийн зүгээс удаа дараа шүүх хуралдаан дээр тэмдэглэлд тусгуулан, хэлж байсан. /шүүх хуралдааны тэмдэглэлээс харж болно/
Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоол хүчингүй болгосон гол үндэслэл нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй үндэслэлээр хүчингүй болгосон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилсон прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Э.А-ыг томилсон бөгөөд хэргийн үйл баримт, гэм буруу, шүүхийн шийдвэрт ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.
2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаан товлон зарласан.
Улмаар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг үндэслэн аавынх нь бие муу байгаа, эхнэр нь салаад явсан, хүүхдүүд нь айл айлаар хоноглож байгаа гэдэг хувийн нөхцөл байдлыг шүүгч харгалзан үзэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилбөл барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний үнийн дүнг өсгөх талаар оролцогч талуудын хажууд асуусан.
Яллагдагчийн өмгөөлөгч М.Г-ийн зүгээс барьцаа өгөх боломжтой талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан тул санхүүгийн хувьд ямар боломжтой байгааг асуух нь зүй хэрэг. Учир нь тухайн хүмүүсийн санхүүгийн боломжийг шүүгч мэдэхгүй шүү дээ.
Энд үнэ хаялцуулж, хясан боогдуулсан зүйл байхгүй, Сэлэнгэ аймгийн шүүхийн хэмжээнд урьд хожид барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авч байгаагүй, практик байхгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд барьцааны доод болон дээд хэмжээг хуульчлан зохицуулаагүй тул шүүх хуралдааныг түр завсарлуулж ар гэрийнхэнтэйгээ ярилцах, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах боломж бололцоогоор хангаж, эрхийг нь эдлүүлсэн.
Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон юм бол яагаад шүүгдэгч Э.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд хэрхэн шийдвэрлэснээ магадлалд тусгаагүй орхигдуулсан бол гэдэгт дүгнэлт хийнэ биз ээ.
Шүүгч таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх хуралдааны шийдвэрээ зөвхөн зөвлөлдөх тасалгаанд ганцаараа гаргасан болохыг дурдаж байна.
Яллагдагч Э.А-д холбогдох хүн амины хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг эдлүүлэх үүднээс прокурорт буцсан байхад шүүгчийг сахилгын хороонд өгөх замаар шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж, хэргийг удаашруулах, цаг хожих өмгөөлөгч нарын тактик байна гэж дүгнэж байна.
Улмаар сахилгын хорооны гишүүний хэрэг үүсгэх захирамж гарсны дараа шүүгдэгч Э.А нь сахилгын хороон дээр өөрийн биеэр ирж, гомдлоосоо татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ГЗҮ/2025/0041 дүгээр “Сахилгын хэрэг үүсгэх тухай” гишүүний захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Э.А-аас Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлд холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ГЗҮ/2025/0061 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, шалгаж ажиллагаа явуулж, сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлт үйлдсэн нь үндэслэл бүхий байна.
Өргөдөл гаргагчаас “... шүүгч удаа дараа миний эрхийг зөрчиж, эд хөрөнгө, хөрөнгө чинээ санхүүгийн байдлаар дарамтлан, гэм буруутай гэж урьдчилан дүгнэлт гаргаж, яллах чиг үүрэгтэйгээр хандаж байгаад гомдолтой байна ... шүүгч зөвлөлдөх тасалгаанаас гарч ирээд намайг 400.000.000 сая төгрөгийг барьцааг нэмж байршуул барьцаа хөрөнгийг нийт 500.000.000 болго гэдэг шаардлага тавьсан, хэрвээ үгүй бол шууд хорилоо гэж хэлсэн ... өмгөөлөгч Г-ээр дамжуулан асуулгасан тул шүүгчид 100 сая төгрөгийг байршуулъя гэж хэлсэн ... шүүх хуралд оролцож байсан өмгөөлөгч О-ын камерын дууг хаасан. Зөвлөлдөх тасалгаанаасаа гарч ирээд шүүхийн бүх бичлэг, дуу дүрсийг хааж байгаад надтай наймаалцсан.” гэх агуулгаар 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өргөдөл гаргасан.
Уг өргөдлөөсөө 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр татгалзсан хэдий ч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасан сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах үндэслэл болох “энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй бол; өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримт, шүүгчийн үйл ажиллагааны талаар, эсхүл уг өргөдөл, мэдээллийн дагуу сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны гишүүний захирамж, Сахилгын хорооны магадлал, тогтоол, хянан үзэх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа: өргөдөл, мэдээлэл гаргасан этгээд тодорхойгүй;” гэх тохиолдлуудад хамаарахгүй байна.
Илтгэгч гишүүн өргөдөл гаргагч өргөдлөөс татгалзсан нь дээрх зохицуулалтын агуулгаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах үндэслэлд болохгүй гэж дүгнэн “өргөдөл, мэдээллийг заавал хянан шийдвэрлэх” зарчмын хүрээнд сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Мөн “Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам”-ын 2.1 дүгээр зүйлийн 5-д “Сахилгын хэрэг үүсгэхээс өмнө өргөдөл, мэдээллээс татгалзсан тохиолдолд илтгэгч гишүүн өргөдлийн агуулгаас хамаарч сахилгын хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасантай нийцжээ.
Нотлох дүгнэлтэд дурдсан сахилгын хэргийн тухайд:
1.Яллагдагч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байх явцад прокуророос цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар санал гаргасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ЦХШЗ/** дугаар шүүгчийн захирамжаар, түүнд 1 сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Дээрх захирамжид яллагдагч нь хэрэг шалгах ажиллагаанд саад учруулах үндэслэл байгаа эсэх талаар дурдаагүй гэж яллагдагч, түүний өмгөөлөгч нараас гомдол гаргасныг Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц.Амаргэрэл нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ЕШЗ/***дугаар захирамжаар хянан шийдвэрлэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 50,000,000 төгрөгийн барьцаа авах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хамтад нь авч, шүүх, прокурорын дуудсан цагт хүрэлцэн ирэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэг хүлээлгэжээ.
Э.А нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн Тамгын газрын 100130005350 дугаар дансанд 50,000,000 төгрөг тушааж[1] “Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болон барьцааг улсын орлого болгох, буцаан олгох тухай” баримтад гарын үсэг зурсан байна.
Таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд зохицуулсан ба мөн зүйлийн 4-д “1.1, 1.2, 1.3-т заасан таслан сэргийлэх арга хэмжээг дангаар болон давхардуулан авч болно. Энэ зүйлийн 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж авахгүй.” гэж заасан.
Шүүгч Ц.Амаргэрэлийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан барьцаа авах болон мөн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хамтад нь авсан нь давхардуулж авч болохгүй гэх, “хориглосон” хуулийн илт тодорхой заалтыг зөрчжээ.
2.Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1/*** дүгээр албан бичгээр Э.А-д холбогдох *** дугаар яллах дүгнэлттэй эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/*** дугаар шүүгчийн захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийг товлож, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/*** дугаар захирамжаар, яллагдагч Э.А-д холбогдох хэргийг “... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй атлаа сэжигтнээр мэдүүлэг авч хууль зөрчсөн ... гэмт хэрэг гарсан байдал ... гэмт хэргийг хэн үйлдсэн ... үйлдлийг нарийвчлан тогтоох ... ” гэсэн үндэслэлээр прокурорт буцаасны дагуу Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ** дугаар тогтоолоор тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хүргүүлжээ.
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус хэрэгт 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ** дүгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/*** дугаар албан бичгээр анхан шатны шүүхэд дахин шилжүүлсэн шүүгч Ц.Амаргэрэлд хуваарилагдсаныг хүлээн авсан өдрөө ямар нэгэн шийдвэргүйгээр яллагдагч Э.А-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээ болох “барьцаа”-ний хэмжээг нэмэгдүүлсэн нь Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын 100130005350 тоот дансанд 50,000,000 төгрөгийг тушаасан[2] баримт,
Гэрч Ш.Э-ийн “... Хэрэг шүүхэд шилжиж ирэхэд өмнө нь авсан 50 сая төгрөгийн барьцаан дээр нэмж 50 сая төгрөгийн барьцаа авсан ... Тухайн үед эрх зүйн акт гарсан гэдгийг санахгүй байна ... Прокуророос авагдсан таслан сэргийлэх арга хэмжээтэй хүн ирэхлээр шүүх тухайн арга хэмжээн дээр дахин баримт үйлддэг.
Тухайлбал, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа шүүгч захирамж гаргадаггүй. Түүн шиг барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авахад ямар нэгэн акт гараагүй. Харин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа л захирамж гаргадаг ... Тухайн үед эрх зүйн акт гаргая гэж хэлж байгаагүй санагдаж байна. Шүүх рүү хэрэг ирээд шүүгчийн эрх хэмжээний хүрээнд 50 сая төгрөгийг барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсан ...” гэх мэдүүлэг,
Шүүгч Ц.Амаргэрэл энэ талаар тайлбартаа “... Хэрэг шүүхэд ирэхдээ прокуророос хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байвал шүүгч хэргийн материалыг танилцаж, байнгын оршин суух хаяггүй, оргон зайлах магадлалтай, олон удаагийн ял шийтгэл эдэлж байсан эсхүл эрхэлсэн тодорхой ажилгүй, оргон зайлах магадлалтай гэж үзвэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Сэлэнгэ аймгийн шүүх хилтэй ойрхон, хилийн бүс нутагт байрладаг онцлогтой. Харин эрхэлсэн тодорхой ажилтай, оршин суух хаяг тодорхой, мөрдөн шалгах ажиллагаанд оргон зайлж байгаагүй гэх зэрэг хувийн байдлыг харгалзан хувийн батлан даалтад гаргадаг ... Хэрэг дахин шилжиж ирэх үед би туслахдаа барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ ав гэж хэлээд, туслах тайлбарлаад 50 сая төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ нэмж авсан байна. Энэ үед өмгөөлөгч нь байсан. Хэрэв үүнийг төлөх боломжгүй гэвэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдах байсан. Үүнд эрх зүйн акт гаргах шаардлагагүй ...” гэсэн зэргээр тогтоогдож байна.
Шүүгч 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн тайлбартаа “... Шүүхээс ямар нэгэн шүүхийн шийдвэргүйгээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилдөггүй ...” гэсэн нь харилцан зөрчилтэй болжээ.
Хэрэв яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, нэмэгдүүлж хязгаарлаж байгаа бол түүний эрхийг хязгаарлах бодит байдал болон хуульд заасан үндэслэл, мөн тус шийдвэрт гомдол гаргах эрхийг олгох үүднээс шүүх зайлшгүй эрх зүйн акт гаргах нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэсэнд нийцэх юм.
Иймд прокуророос шилжиж ирсэн хэргийн яллагдагчид урьд авсан “барьцаа авах” таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байхад тодорхой үндэслэлгүй эрх зүйн акт гаргалгүй хэмжээг нь нэмж 50,000,000 төгрөгийн барьцаа авсан үйлдэл нь шүүгчийн тайлбарыг зөвтгөх үндэслэл болохгүй.
Энэхүү үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэх илт тодорхой заалтыг зөрчсөн гэж илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
3.Мөн дээрх үйлдлээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “барьцаа авах” болон мөн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг заасан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг давхардуулж авч болохгүй гэх мөн хуулийн зүйлийн 4 дэх хэсгийн “хориглосон” хуулийн илт тодорхой заалтыг дахин зөрчсөнд тооцогдоно.
4. Э.А-д холбогдох эрүүгийн хэргийг, анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/*** дүгээр шийтгэх тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарах болон барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тухайн өдрөөс эхлэн цуцалж, барьцааны 100,000,000 төгрөгийг буцаан олгохыг шүүхийн Тамгын газарт даалгасан.
Давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж, 2025/ДШМ/** дугаар магадлалаар, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, хэргийг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ** дүгээр албан бичгээр анхан шатны шүүхэд хүргүүлсэн нь шүүгч Ц.Амаргэрэлд хуваарилагджээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г, Ч.О нар Э.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт 3 дугаар сарын 18-ны өдөр гаргасныг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэлэлцэж, 2025/ШЗ/*** дүгээр захирамжаар, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, барьцааны хэмжээг 100,000,000 төгрөг гэж тогтоон, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон арга хэмжээтэй хамт авсан нь тус өдрийн хурлын тэмдэглэл, мөнгө төлсөн баримт, тухайн хуралд оролцсон гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд зохицуулсан ба мөн зүйлийн 4-д “1.1, 1.2, 1.3-т заасан таслан сэргийлэх арга хэмжээг дангаар болон давхардуулан авч болно. Энэ зүйлийн 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж авахгүй.” гэсэн хуулийн илт тодорхой заалтыг дахин зөрчсөн байна.
5.Яллагдагч, шүүгдэгч мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах буюу тус ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулсан тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээг авах, өөрчлөх үндэслэл болно.
Тус өдөр шүүгдэгчээс мөн шүүхийн Тамгын газрын 100130005350 тоот дансанд 100,000,000 төгрөгийг байршуулсан болох нь 50,000,000 төгрөг, 17,000,000 төгрөг, 33,000,000 төгрөгөөр хэсэгчлэн төлсөн төлбөрийн баримтууд[3], нийт 200 сая төгрөгийн барьцааг шүүгдэгч, түүний ар гэр төлсөн болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Энэ талаар өргөдөлд “... шүүгч зөвлөлдөх тасалгаанаас гарч ирээд намайг 400.000.000 сая төгрөгийг барьцааг нэмж байршуул барьцаа хөрөнгийг нийт 500.000.000 болго гэдэг шаардлага тавьсан, хэрвээ үгүй бол шууд хорилоо гэж хэлсэн ... өмгөөлөгч Г-ээр дамжуулан асуулгасан тул шүүгчид 100 сая төгрөгийг байршуулъя гэж хэлсэн ... шүүх хуралд оролцож байсан өмгөөлөгч О-ын камерын дууг хаасан. Зөвлөлдөх тасалгаанаасаа гарч ирээд шүүхийн бүх бичлэг, дуу дүрсийг хааж байгаад надтай наймаалцсан.” гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах тасгийн Шүүгч шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах тасгийн цагдаа Б.М-ын гэрчийн мэдүүлэгт “... Аль үе шатанд ярьсныг би санахгүй байна, бичлэгт тусгагдсан байх, 400 сая төгрөгийн барьцаа авъя гээд шүүгчийг хэлэхэд өмгөөлөгч нь шүүгдэгчтэй уулзъя гээд залнаас гарсан. Би өмгөөлөгч, Э.А нарыг аваад шүүгдэгчийн түр саатуулах өрөө рүү авч очоод уулзуулсан ... хоорондоо ярилцаад 400 сая төгрөг арай чадахгүй юм байна гэж ярьж байсан ... Үүний дараа хуралдааны зааланд өмгөөлөгч нар ороод 400 саяыг олох боломжгүй гэдгийг ярилцаад, 100 саяыг энд тэндээс асуугаад олох боломжтой гэж байсан” гэж,
Гэрч Э.А “... Г өмгөөлөгч гарч ирээд барьцааг 500 сая болго гэж байна гэж хэлсэн ... хэдэн төгрөг төлөх боломжтой вэ гэхээр нь амьтан хүнээс зээлж, гуйгаад 100 сая төгрөг л өгч чадах байх, гэхдээ одоо бол байхгүй, хүнээс асууж, авч байж өгнө гэж хэлсэн. Тэгээд шүүх хуралдаандаа буцаж орсон, 100 сая төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд өргөдөлд дурдсанчлан шүүгч хэргийн оролцогч, түүний хамаарал бүхий хүмүүстэй “барьцаа авах” таслан сэргийлэх арга хэмжээний үнийн дүнгийн талаар зөвлөлдөх тасалгаанаас гадуур тохиролцсон үйл баримт болжээ. Үүнийг шүүгч Ц.Амаргэрэл үгүйсгээгүй.
Шүүгч дээрх үйлдлээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхын саналаар шийдвэр гаргана.” гэж заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл гаргажээ.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл,
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” 28 дугаар тогтоолд ““Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно.” гэж, “Удаа дараа” гэдэгт хуулийн илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар зөрчсөн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно.” гэж тус тус тайлбарлажээ.
Шүүгч Ц.Амаргэрэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “барьцаа авах” болон мөн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг заасан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулж авахгүй гэх шүүгчид хориглосон мөн зүйлийн 4-дэх хэсгийн хуулийн илт тодорхой заалтыг 3 “гурав” удаа, мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэх шүүгчид үүрэг болгосон хуулийн илт тодорхой заалтыг 1 “нэг” удаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхын саналаар шийдвэр гаргана.” гэх шүүгчид үүрэг болгосон хуулийн илт тодорхой заалтыг 1 “нэг” удаа тус тус зөрчиж, хуулийн илт тодорхой заалтыг нийт 5 “тав” удаа зөрчсөн үйлдэл гаргасан байна.
Мөн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “-Улсын яллагч: Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг бусад арга хэмжээтэй давхардуулж авч болохгүй гэсэн заалт байна.
-Даргалагч: Хилээр гарахыг хүнд гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул прокурорын зөвшөөрлөөр авна гэсэн байгаа. Та нөхдийн ажлыг хөнгөвчлөх үүднээс үүнийг давхар авчхаад байгаа. Хэрэв хилээр гараад явах нөхцөл байдал үүсэх гэх үүднээс урьдчилан сэргийлэх байдлаар авчхаад байгаа юм. Хэрэв улсын яллагчаас татгалзаж байгаа бол хамаа алга, татгалзах зүйл байгаа юм уу” гэснээс үзвэл шүүгч Ц.Амаргэрэл нь уг хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн үйлдлээ залруулаагүй байна.
Түүнчлэн илтгэгч гишүүн шүүгч Ц.Амаргэрэлд холбогдох сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулаад 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэж, мөн өдрөө сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн ба Сахилгын хорооны хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон байна. Гэтэл шүүгч Ц.Амаргэрэл нь тус хуралдаан дээр 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шуудангаар хүргүүлсэн нотлох дүгнэлтийг “дөнгөж сая” гардаж авлаа гэх үндэслэлээр тус хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Түүнээс хойш зарлагдсан сахилгын хорооны хуралдаануудыг холбогдох шүүгч илтгэгч гишүүнээс татгалзах хүсэлт гаргаж, заавал хамрагдах мэргэшүүлэх сургалттай, шүүх хуралдаан давхацсан, эрүүл мэндийн байдал муу гэх үндэслэлүүдээр 5 удаа хойшлуулсан байна.
Мөн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтдээ эрүүл мэндийн шалтгаантай гэснээр ажлаас чөлөөлөх эмнэлгийн магадалгаа хавсаргаж ирүүлсэн атлаа мөн өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 16, 17 цагуудад товлогдсон эрүүгийн хэргийн шүүх хуралд оролцсон болох нь шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим системээс /https://live.shuukh.mn/site/live/ тогтоогдож байсан болохыг дурдах нь зүйтэй. Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасан сахилгын хэргийн хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаж, мөн хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
Илтэгч гишүүн дүгнэлтдээ “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно”... гэж тус тус заасан илт тодорхой заалтыг зөрчсөн” гэж дүгнэсэн боловч эдгээр хуулийн заалтууд нь шүүгчийн гаргасан дээрх зөрчилд хамаарах хуулийн нарийвчилсан зохицуулалт биш байх ба Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” 28 дугаар тогтоолд зааснаар хуулийн дээрх заалтууд нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн заалтад хамаарахгүй тул хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэж үзэхгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна.” гэж, 57.1.7-д “энэ хуулийн ...50.1.23-т заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан.
Шүүгчийн гаргасан дээрх сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн үр дагавар болон ачаалалтай ажиллаж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүний хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн зөрчилд нь шүүгчийн албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2024/0012 дугаар нотлох дүгнэлтийг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57.1.7-д заасныг баримталж шүүгчийн албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл оногдуулсугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
Х.ХАШБААТАР