info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-04-21

Дугаар 60

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга М.Нарансолонго нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболдод холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

П.Н өргөдөлдөө: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээр хянан хэлэлцэгдэж буй “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М” ХХК, “Б” ХХК-д холбогдох “Ж” ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 0....7 дугаар гэрчилгээний дагуу ашиглах эрх бүхий газар дээр байрлаж байгаа барилга болон түшиц ханыг буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг, “М” ХХК, болон “Б” ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н миний бие дараах үндэслэлүүдээр шүүгчээс татгалзаж байгаагаа 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 30 минутын шүүх хуралдаанд мэдэгдэж гаргасан.

Хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн  П.Н-н гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүх рүү нь буцааж, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Тус хурлаас хойш 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл шүүхээс ямар нэгэн ажиллагаа хийж байгаагүй, хариуцагчийн төлөөлөгч П.Н рүү мэдэгдэж байгаагүй, компанийн хаягаар ч ажиллагаа хийж байгаагүй.

Гэнэт 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүгчийн туслахын 99.....84 дугаараас П.Н миний утас руу зурвас бичиж “үзлэг хийх захирамжийн дагуу үзлэг хийх” талаар мэдэгдсэн. П.Н миний бие 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл шүүхийн мэдээлэл лавлагаа болон тухайн үед шүүгч Н.У-ын туслах байсан н.А-аас шүүлгэхэд нэхэмжлэгчийн нэр болон хариуцагч нарын нэрээр шүүлгэхэд “тийм хэрэг ирээгүй байна, программд бүртгэл ороогүй байна” гэж байсан.

Үзлэг хийлгэх тов мэдэгдэхэд “хэрэг нь хэзээ ирсэн, хэн гэдэг шүүгч дээр хуваарилагдсан, ажиллагаа хийгдэж байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй байна” гэж шүүгчийн туслахын 95.....88 утсаар ярьж мэдэгдсэн. Шүүгчийн туслах 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус хэрэг Т.Ариунболд шүүгч дээр хуваарилагдсан, би одоо н.У шүүгчийн туслах биш болсон, одоо Т.Ариунболд шүүгчийн туслахаар ажиллаж байгаа талаараа мэдэгдсэн. Үүнээс хойш шүүх хуралдааны тов 2 ч удаа тавигдаж шүүхээс процессын хуулийн дагуу хурлынхаа товыг мэдэгддэггүй, 3-4 хоногийн өмнө мэдэгддэг хурлын тов давхацдаг учир хүсэлт гаргаж хурал давхацсан талаараа баримтаа хавсаргаад шүүхэд хүсэлт гаргаж өгдөг байсан.

2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 30 минутад болсон шүүх хуралдаан дээр П.Н миний бие шүүгчээс татгалзах татгалзлаа танилцуулахад шүүгч Т.Ариунболд нь дайрсан, давшилсан, “татгалзах гомдол нь үндэслэлгүй надаас шалтгаалсан зүйл байхгүй” гэж зүй бусаар хурлын дэгээ зөрчиж, даргалагчийн хувиар шүүх эрх мэдлийг хуульд заасан үндэслэл журмаар явуулаагүй, П.Н рүү дайрсан, давшилсан, сүрдүүлсэн, гомдол гаргах эрхгүй мэтээр загнаж, хүсэлт шийдвэрлэх явцад зүй бус авирлахад нь миний бие “та намайг айлгах гээд байгаа юм уу? Татгалзах гомдлыг та шийдэх гээд байгаа юм уу? Шүүхийн процессын ажиллагаатай холбоотой гомдол гаргасан” гэхэд мэдээлэл лавлагааны 2 ажилтан, шүүгчийн туслах н.А нарыг дуудаж хэрэг хуваарилалтад ороогүй талаарх мэдээллийг лавласан.

П.Н миний бие компанийн хуулийн албаны ажилтан О.Ө-той хамт явж “Ж” ХХК-ийн хэргийг мэдээлэл лавлагаа болон шүүгчийн туслах н.А-аас тодруулж асууж байсан талаараа мөн мэдэгдсэн. н.А нь тус шүүхийн шүүгч н.У-ын туслах байх үедээ өөрийн компьютер дээрх программаас шалгаж өгч байсныг хэлэхэд “би өдөрт зөндөө хэрэгтэй 200-аас их хэрэгтэй учир санахгүй байна” гэж хэлсэн. Шүүгч “Тамгын газарт гомдол гаргаж өгөөрэй гээд шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн.

П.Н миний бие шүүгч Т.Ариунболдыг “та яагаад уурлаж дайрч давшлаад байгаа юм” гэхэд шүүгчийн нарийн бичиг мөн л хэргийн оролцогч П.Н-г загнасан “шүүгчийн өөдөөс та үг хэллээ, та шүүгчид тайлбар тавилаа” гэх мэт үгсээр хэлж загнасан. Удаа дараагийн нарийн бичиг, шүүгч хоёрын загнуур, дайралт дунд гомдол гаргах эрхийнхээ хүрээнд гомдол гаргахад эрхгүй мэтээр хэргийн оролцогчтой зүй бусаар харилцсан үйлдэлд шүүгч Т.Ариунболд нарийн бичгийг дуугүй бай гэж загнаж байж нарийн бичиг загнахаа зогсоосон.

Шүүх хуралдаан завсарлаж шүүгч захирамжаа танилцуулаад татгалзлыг Ерөнхий шүүгч шийдэх учир хурлыг хойшлуулж захирамжаа танилцуулсан. Захирамжаа тайлбарлахдаа нэхэмжлэгчид Монгол Улсын хууль нь өөрөө ийм сонин Ерөнхий шүүгч татгалзлыг шийдвэрлэхээр зохицуулсан учир хэмээн тайлбарласан.

“П.Н чи хэрэгтэй танилц, одоо танилцаад яв” гэхэд миний бие Ерөнхий шүүгч татгалзлыг шийдвэрлэсний дараа танилцана, мөн өмнөх хуралдаан дээр шүүхэд гаргасан хүсэлтэд “би ажлаас гаргах гэж байгаа учир хариуцагч “Б” ХХК-ийг төлөөлөн оролцохгүй ч байж магадгүй учир танилцах шаардлага байхгүй” гэж үзэж байгаагаа тайлбарлахад уурлаж шүүгч Т.Ариунболд нь “одоогоор энэ хэрэг миний мэдэлд байна шүү, Ерөнхий шүүгч татгалзах үндэслэл тогтоогдохгүй гээд л захирамж гаргана” гэж хэлэхэд “та Ерөнхий шүүгчийн өмнөөс шийдвэр гаргах эрхтэй юу? Энэ хэрэг одоо таны мэдлээс гарчихлаа, та захирамжаа танилцуулчихлаа” гэхэд нарийн бичигт “тэмдэглэлд тусга, П.Н чамайг 300.000-аар торгоно” гэхэд миний бие “торгох үндэслэл байхгүй торгосон ч торгуульд гомдол гаргана” гэсэн. Шүүгч “алив цагдааг дууд” гээд “үүдний цагдааг дуудаж тэмдэглэл хөтөл, П.Н-г торгоно” гэх мэт айлгасан сүрдүүлсэн.

Цагдаагийн албан хаагчид үүрэг өгсөн байдлаар айлган сүрдүүлсэн, цагдаагийн албан хаагчаар дамжуулж айлгасан, сүрдүүлсэн, дарамталсан үйлдэл гаргасанд гомдолтой байна. Шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх нь хэргийн оролцогч нарын эрх зүйн байдлыг тогтоож, тэгш эрхийн зарчимд үндэслэж, мэтгэлцэх эрхийг хязгаарлахгүйгээр хэргийн оролцогч нарт адил тэгш хандаж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Дээрх шүүх хуралдаан нь шүүх дээр тог байхгүй шүүх хурлын бичлэг хийгдээгүй учир шүүгч болон шүүхийн нарийн бичиг нар нь нийлж дайрсан, давшилсан, загнасан, татгалзал шийдэхдээ татгалзах гомдол гаргах эрхгүй мэтээр аашилж, Ерөнхий шүүгчийн өмнөөс шийдвэр гаргаж татгалзах үндэслэл байхгүй мэтээр аашилсан нь шүүх эрх мэдэл ялзарсан, хуулийг сурталчлах, хууль Монгол Улсад адил тэгш үйлчилж байгаа гэх итгэл үнэмшлийг унагасан үйлдэл гаргасанд гомдолтой байна. 

Миний бие 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хуралдаанаас хойш хэрэг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дээр ирснээс хойш хэргийн материалтай танилцаагүй, эрх үүрэг нөлөөлөл дээр гарын үсэг зураагүй, шүүхийн гаргасан захирамжтай ч танилцаагүй, 2025 оны 04 дүгээр сараас хойш шүүхийн ажиллагааны ямар ч баримттай танилцаагүй болно.

Шүүхээс шүүх хуралдааныг зохион байгуулах хурлын өмнөх бэлтгэл ажлыг зохион байгуулах ажил нь шүүхийн үүрэг, хэргийн оролцогч нарын эрх үүрэг, шүүн таслах ажиллагаанд оролцох шүүх хурлын нийтлэг журам, эрх үүрэгтэй танилцуулах, эрх үүрэг танилцсан баримтууд дээр гарын үсэг зуруулж хэргийн материалд хавсаргах ажлыг хийх нь шүүхийн үндсэн үүрэг юм. Тэр үүргээ хэрэгжүүлэхдээ айлгах, сүрдүүлэх, дарамтлах, үндэслэлгүй зүйлээр торгоно гэж сүрдүүлж буй шүүхийн үйлдэл нь тун харамсалтай. Шүүхийн нарийн бичиг нь хүртэл хэргийн оролцогч нарт хүндлэлгүй хандаж, П.Н-г загнаж дарамтлах, сүрдүүлэх өнгө аясаар харьцаж буй үйлдэл нь шүүх эрх мэдэл хэчнээн доройтсон шударга шүүхээр шүүлгэж байгаа гэсэн итгэл үнэмшлийн эсрэг үйлдэл билээ.

...Монгол Улс нь эрх зүйт төртэй, хуулийг дээдэлж хуульд захирагдаж шүүн таслах үйл ажиллагааг явуулах ёстой орон байтал, шүүгч нь шүүхийн нарийн бичигтэйгээ нийлж шүүгчээс татгалзах эрхгүй мэт аашилж,загнаж, дарамталж, дураараа аашилж буй үйлдэлд Шүүхийн сахилгын хороогоор тус хэргийг шалгуулж, шударга ёсыг тогтоож өгнө үү хэмээн хүсэж байна” гэжээ.

Холбогдох шүүгч Т.Ариунболд тайлбартаа: “...П.Н-н гомдлыг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна.

1. Хэрэг хуваарилагдсан асуудлаар: Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд зааснаар хэрэг, нэхэмжлэл хуваарилах асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр нарийвчлан зохицуулахаар хуульчилсан байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ЗТ2025/0...3 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, даалгавар хүлээн авах, хуваарилах, хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох нарийвчилсан журам”-ыг баталсан бөгөөд журмын 5.1, 5.1.1-д зааснаар дээд шатны шүүхээс хүчингүй болж ирсэн хэргийг энэхүү журмын дагуу шүүхийн тамгын газар /хэргийн хөдөлгөөний хэлтэс/ хуваарилж хэргийг шүүгчид хүлээлгэн өгдөг.

Уг “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М” ХХК, “Б” ХХК-нд холбогдох иргэний хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэдээлэл лавлагаанаас шүүгч Т.Ариунболдод гэж дардас дарж, шүүгчийн туслах М.Д-д хүлээлгэн өгсөн бөгөөд шүүгчид 2025 оны 06 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд танилцуулсан байна.

Хэрэг хуваарилах асуудалд шүүгч оролцох боломжгүй,  энэ нь дээрх журмын дагуу шүүхийн Тамгын газрын бүрэн эрхэд хамаарах асуудал тул энэ асуудлаар шүүхийн Тамгын газраас тодруулах нь зүйтэй юм.

Шүүгчийн туслах Б.А, мэдээлэл лавлагаа хариуцсан мэргэжилтэн н.Э, н.Х нарыг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд оруулж ирэн хэрэг хуваарилсан, хэрэг хуваарилсан шүүгчийн талаар хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч П.Н лавлаж асууж байсан талаарх зүйлийг тодруулсан нь тэмдэглэлд тусгагдсан байгаа.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар: Шүүгчийн туслах П.Д хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд надад танилцуулсан. Шүүгчийн зүгээс хэргийн материалтай танилцаж зохигчидтой холбогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулах замаар ажиллагаа явуулахыг шүүгчийн туслахад тухайн өдрүүдэд үүрэг өгсөн. Үүнээс хойш 2025 оны 07 дугаар сарын 20-иор шүүгчийн зүгээс шүүгчийн туслах М.Д-д “шүүгчийн өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байх, хугацаа хэтэрсэн эрхийн актыг яаралтай гаргуулах”-аар хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга П.Э, шүүгчийн М.Д-д тус тус үүрэг даалгавар өгөөд ээлжийн амралт авсан.

Ээлжийн амралттай байх хугацаанд “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М” ХХК, “Б” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээс 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийлгэх хүсэлт ирсэн байсныг ээлжийн амралтаа дуусгаж ирсний дараа буюу 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр танилцсан. Уг хүсэлтийг зохигчдод танилцуулах үүргийг шүүгчийн туслах М.Д-д өгсөн.

Нэхэмжлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийлгэх хүсэлт дахин өгснийг 2025 оны 11 дүгээр сарын эхний 7 хоногт танилцаад шинээр томилогдсон шүүгчийн туслах Б.А-д дугаар авч, хүсэлтийг хангаж, үзлэгийг цагийг тогтоож зохигчдод мэдэгдэх үүргийг өгсөн, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүгчийн захирамжаар  үзлэг хийхээр тогтсон.

Шүүгчийн туслах М.Д нь 2025 оны 05 дугаар сараас эхлэн эрхийн акт гаргахгүй, шүүгчийн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр шүүхийн Тамгын газраас 2025 оны 06 дугаар сард мэдэгдэх хуудас, 2025 оны 09, 10 дугаар саруудад Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулсан байдаг бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүгчийн туслахаас чөлөөлсөн тушаал гарсан ба шүүгчийн туслахаар Б.А томилогдсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн туслах Б.А-аас үзлэг хийх шүүгчийн захирамжийг танилцуулахаар холбогдох утсаар нь холбогдсон талаар мессеж бичсэн тэмдэглэл хэрэгт авагдсан. “Б” ХХК-ийн төлөөлөгч П.Н-д үзлэг хийх товыг 2025 оны 11 дүгээр сарын 13, 17-ны  өдрүүдэд мэдэгдэж ажилласан баримт хэрэгт авагдсан байна. Уг баримтаас харахад “Б” ХХК-ийн төлөөлөгч П.Н үзлэг хийх өдрийг мэдсэн нь тогтоогдож байна.

Шүүхээс үзлэгийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр явуулсан бөгөөд үзлэгт “Б” ХХК-ийн төлөөлөгчөөс бусад оролцогч нар ирсэн байсан, “Б” ХХК-ийн төлөөлөгчийг дуудуулахад П.Н-н утсаа аваагүй, харин “Б” ХХК-ийн нярав гэх эмэгтэй хүн ирсэн /“Б” ХХК-ийн оффис нь үзлэг хийх газартай ойрхон байдаг гээд шүүхийн ажилтныг явуулсан юм/ тухайн нярав ажилтай гэсэн эмэгтэй үзлэгт оролцохоос татгалзсан тул үзлэгийг бусад оролцогч нарыг байлцуулан явуулсан болно.

Үүнээс хойш 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүх хурал товлосон, “Б” ХХК-ийн төлөөлөгч П.Н-ээс 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг ирүүлж шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

Товлогдсон шүүх хуралдаанд “Б” ХХК-ийн төлөөлөгч П.Н-ээс итгэмжлэлээс татгалзаж байна, шинээр төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах эрхээр хангаж шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг гаргасныг шүүх хангаж, шүүх хурлыг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

Тухайн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд “Б” ХХК-ийн төлөөлөгч П.Н-ээс шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчид шилжүүлж, шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хойшлуулсан.

Товлогдсон өдрийн шүүх хуралдаанд “Б” ХХК-ийн төлөөлөгч П.Н-ээс шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хангаж, шүүх хурлыг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хойшлуулаад байна.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд зааснаар явуулж, зохигчдын эдлэх эрх, үүргийг адил тэнцүү хангаж, шүүхэд мэдүүлэх эрх, шүүх хуралдаанд мэтгэлцэж орох эрхийг хязгаарласан, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан асуудал байхгүй болно.

3. Шүүх хуралдаанд загнасан, эрхийг нь хангаагүй асуудлаар: Шүүхээс дээр дурдсан удаа дараагийн шүүх хуралдаан хойшлуулах явцад хэргийн оролцогч, зохигчид нарт хэргийн материалтай танилцах шаардлагыг аль алинд тавьсаар ирсэн, энэ нь шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх хэргийн оролцогчийн үүрэг.

2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд “Б” ХХК-ийн төлөөлөгч П.Н-ээс шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргахдаа үзлэг хийх асуудлаар өөрт нь мэдэгдээгүй гэсэн асуудлаар татгалзлаа тайлбарласан, шүүхээс Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 05 дугаар тогтоолоор шүүгчийн хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой асуудлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийг татгалзаж үл болох үндэслэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна ... гэж заасныг тодотгож, шүүгчийн татгалзан гаргаж буй үндэслэл нь ойлгомжгүй байгааг дурдсан бөгөөд шүүгчээс татгалзлын үндэслэлээ тодруулах, хууль зүйн үндэслэлийг тодорхойлохыг шаардсан болно.

П.Н-н өргөдөлд дурдсанаар загнасан, эрхийг нь хязгаарласан зүйл байхгүй юм. Мөн шүүгчээс татгалзсан хүсэлтийг шийдвэрлэж, Ерөнхий шүүгчид татгалзлыг шилжүүлсний дараа шүүх хуралдааны танхимд “Б” ХХК-ийн төлөөлөгч П.Н-д хэргийн материалтай танилцахыг хэлэхэд ...шүүгчээс татгалзсан та хэргийн материал танилцахыг эсэхийг маань мэдэхгүй, татгалзсан шүүгч шаардлага тавих эрхгүй... гэж шүүгчтэй мэтгэлцэж, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул “Б” ХХК-ийн төлөөлөгч П.Н-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 100.000 төгрөгөөр торгож, зөрчлийн арга хэмжээ авсан.

Шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан нь шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, хэргийн материалтай танилцахгүй байх үндэслэл биш юм. Уг хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаанд хэрэг хянан хэлэлцэж буй шүүгч шүүн таслах ажиллагаатай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах эрхтэй гэж тайлбарлаад байхад шүүгчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй,  хэргийн материалтай танилцахгүй байсан гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл, цагдаагийн илтгэх хуудас, шүүгчийн захирамжаас илүү тодорхой харагдана.

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1704 дүгээр захирамжаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Нарийн бичгийн н.А шүүх хуралдаанд шүүгчтэй мэтгэлцээд, шүүгчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан үндэслэлээр П.Н-д шаардлага тавьсныг шүүгчтэйгээ нийлж дарамталсан, загнасан гэх мэт зүйлийг өргөдөлд дурдсан байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогчийн зүй бус үйлдлийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө, шүүх хурал дууссанаас хойших хугацаанд шаардлага тавих боломжтой юм. Харин шүүх хуралдааны явцад шүүх хурлыг дэгийг шүүгч сахиулж, шүүх хурлыг удирдан явуулна.

4. Шүүгчээс “Б” ХХК-ийн төлөөлөгч П.Н-д зөрчлийн арга хэмжээг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр авсны дараа “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.А-ийн нөхөр Л.Г /УИХ гишүүн асан/ нь 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Л.Г” гэх фейсбүүк хаягтаа 7 минут 30 секундийн бичлэг оруулсан бөгөөд уг бичлэгт шүүгч нарын талаар олон нийтэд сөрөг мэдээлэл ярьж байснаа тухайн бичлэгийн 2 минут 48 секундэд зөндөө олон шүүгч нар байна. ...миний мэдэхийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Ариунболд шүүгч...хахууль авч хэрэг шийддэг” хэмээн дурдаж ярьсан байсан.

“Оpendatalab.mn" цахим мэдээллийн сайтаас үзэхэд “Б” ХХК-ийн эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигчээр 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Л.Г болон 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Л.А нар бүртгэгдсэн байна. “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Л.А-ийн нөхөр уг компанийн өмнөх хувьцаа эзэмшигч Л.Г нь хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийн хараат бус байдал халдаж, хахууль авдаг гэж илтэд гүтгэн доромжилж олон нийтэд сөрөг мэдээлэл гаргаж, шүүн таслах ажиллагаа хэрэгжүүлж буй шүүгчийн хараат бус халдсан үндэслэлээр шүүгч миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргасан болно. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд: “...шүүгч нь хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн аваад 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй нь шүүгчийн буруутай үйл ажиллагаа бус ... шүүгчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй шүүгчийн туслахын ажиллагаатай холбоотой байх тул уг үндэслэлээр шүүгчийг буруутгахгүй. Харин 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул өргөдлийн “...хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаас ...анхан шатны шүүх рүү буцааж, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Тус хурлаас хойш 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл шүүхээс ямар нэгэн ажиллагаа хийж байгаагүй...” гэх үндэслэлээр буруутгах боломжгүй. ...шүүгч Т.Ариунболдод иргэний хэрэг зохих хууль, журмын дагуу хуваарилагдсан нь баримтаар тогтоогдож байх тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22 дахь хэсэгт “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  ...шүүхээс 7 удаа шүүх хуралдааныг товлож, товыг мэдэгдэхдээ 2 удаад нь 4-5 хоногийн хугацааны өмнө мэдэгдсэн бол үлдсэн 5 тохиолдолд нь 14, 20, 21, 28, 36 хоногийн өмнө мэдэгдсэн болох нь баримтуудаар тогтоогдов. ...Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар шүүгчийн туслах хуульд заасны дагуу утсаар болон шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагч “Б” ХХК-д мэдэгдэх хуудсаар, уг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-д утсаар товыг мэдэгдэж байсан байх тул шүүгчийг уг өргөдөлд дурдсан үндэслэлээр буруутгахгүй. ...Харин шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, мөн дууны бичлэгийг сонсоход даргалагч шүүгч нь өргөдөл гаргагч буюу иргэний хэргийн хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-н “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлттэй холбоотой тодруулж асуусан, П.Н-н “хэрэг шүүхэд ирсэн талаар мэдээгүй, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслах нараас асуухад ирээгүй гэсэн” гэх үйл баримтыг холбогдох шүүхийн захиргааны ажилтнуудыг дуудан тодруулсан, хэргийн оролцогчдод  буруугаар ойлгогдохуйц үг хэллэг хэлээгүй, тэдэнтэй зүй бус харьцсан үйл баримт тогтоогдоогүй тул холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтад заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

...Шүүгч Т.Ариунболд нь 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ГЗ2026/0...0 дугаар захирамжаар “...2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд П.Н нь хариуцагч “Б” ХХК-ийг төлөөлөхөөс татгалзаж байгаа талаар шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн боловч 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шинээр итгэмжлэл аваагүй оролцсон. Түүнчлэн П.Н нь шүүгчийг татгалзсан үндэслэлээр хэргийн материалтай танилцахаас татгалзсан. Шүүгчээс татгалзан гарах хүсэлт гаргасан нь хэргийн материалтай танилцах, хэргийн оролцогч хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байх үндэслэл биш...” гэж үзээд П.Н-г нэг зуун мянган төгрөгөөр торгосныг хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзнэ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0...6 дугаар тогтоолоор “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М” ХХК, “Б” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0...1 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0...8 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

            Тус шүүхийн шүүгч Т.Ариунболд хэргийг хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4...7 дугаар захирамжаар нэхэмжлэгч талын  “үзлэг хийлгэх”  хүсэлтийг хангаж, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагт маргаан бүхий газарт үзлэг хийж, улмаар шүүх хуралдааны товлон зарлажээ.  

            Дараах үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т зааснаар шүүгчдийн зөвлөгөөн нь “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батална” гэж, түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 205 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.7.1-д “Ажилтан дээд шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон хэргийг Бүртгэл  No22-д, ...бүртгэн, нэгдсэн системээс хуваарилсны дагуу 4.1.3-т зааснаар баталгаажуулна” гэж тус тус заасан.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0...3 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, даалгавар хүлээн авах, хуваарилах, хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох нарийвчилсан журам”-ын 5.1.1-д “Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан хэрэг”, 5.1.6-д “энэ журмын 5.1.1-5.1.5-д заасан хэрэг болон шүүгчдийн зөвлөгөөнөөс дахин хуваарилагдаж буй хэргүүдийг урьд шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн, 1 сараас дээш хугацаагаар өвчтэй, чөлөөтэй болон ээлжийн амралттай байгаа шүүгчид хуваарилахгүй”, 5.1.7-д “энэ журмын 5.1.1-5.1.5-д заасан хэргүүдийн тойрог тус тусдаа байх бөгөөд энэ журамд заасны дагуу хэрэг хуваарилагдахгүй байгаа шүүгч болон өмнө сугалагдсан шүүгчдийн нэрсийг тус тус тойргоос хасаж, үлдэх шүүгчдийн нэрсээс сугалаа сугалж хуваарилна...”, 5.1.8-д “энэ журмын 5.1.7-д заасан сугалааг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн сугалах бөгөөд Ерөнхий шүүгчийн туслах болон Тамгын газрын ажилтны байлцуулан уг ажиллагааг бичлэгээр баталгаажуулна” гэжээ.

Тухайн иргэний хэрэг тойрог дотор санамсаргүй байдлаар шүүгч Т.Ариунболдод хуваарилагдсан нь хэрэг хуваарилсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахдаа  “...2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхийн мэдээлэл лавлагаанаас хэрэг хуваарилалттай холбоотой асуудлыг шүүлгэхэд системд ороогүй байсан. Тухайн үед н.Ариунзул шүүгчийн туслахаар ажиллаж байсан одоо Т.Ариунболд шүүгчийн туслахаар ажиллаж буй Ж.А-аас тухайн шүүхийн байранд байхад шүүлгэхэд гарч ирэхгүй байсан. ...тухайн хэрэгт ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөл байдалд хүрсэн... гэжээ.

Холбогдох шүүгч шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн н.Э, шүүгчийн туслах Б.А нарыг шүүх хуралдааны танхимд дуудан татгалзлын үндэслэлд дурдсан нөхцөл байдлыг тодруулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Түүнчлэн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

“Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н: 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 цаг 24 минутад танай туслах хүүхдээс мессеж ирсэн. 17-ны өдрийн 10 цагт хийхээр тодорсон байсан. Тэгэхэд би энэ хэрэг хэзээ ирсэн бэ гэдгийг асуусан. Энэ өдөр энэ хэрэг тань дээр хуваарилагдсан байгааг мэдсэн гэхэд

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн н.Э: Би таныг анх удаа л харж байна гэж,

Шүүгчийн туслах Б.А: Би нэг шүүгчийн 200 гаруй хэрэгтэй танилцаад дараа нь дахиад өөр шүүгчийн туслах болж байгаа. Энэ олон хүнээс таныг хэн нь вэ гэдгийг санахгүй шүү дээ. Нөгөө талаар би хэрэг шүүж өгөх эрхтэй биш. Та 5 дугаар сараас хойш тухайн хэрэг шүүлгэхэд систем дээр гарж ирэхгүй байна гээд араас нь хөөцөлдөөд явдаггүй юм уу гэсэн байна.

Шалгах ажиллагааны явцад дээрх үйл баримттай холбогдуулан “Б” ХХК-ийн туслах хуульчаар ажиллаж байсан О.Ө-ыг гэрчээр асуухад “...П.Н эгч бид хоёр шүүхийн мэдээлэл лавлагаанаас “Б ХХК-д холбогдох хэрэг хуваарилагдсан байна уу?” гэж асуухад “хэрэг ирээгүй байна, хуваарилагдаагүй байна” гэхээр нь явсан. Шүүгчийн туслах н.А-тай шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэнтэй уулзахаас өмнө уулзсан. Гэхдээ одоо санахад энэ “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн тухай биш, өөр хэргийн талаар уулзсан юм байна. Би П.Н эгчийн ард сонсож байсан, яг хамт уулзаагүй, шүүгчийн туслахтай уулзахад яриаг нь сайн сонсоогүй, харин мэдээлэл лавлагааны мэргэжилтнээс асууж байхад сонссон” гэж мэдүүлсэн.

Шүүхийн Тамгын газрын 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 9.. дүгээр албан бичигт “...П.Н нь тухайн хэргийг Улсын дээд шүүхээс хэзээ буцаж ирсэн, хэзээ хуваарилагдсан талаар тодруулахаар Тамгын газарт хандаж хүсэлт гаргаагүй” гэжээ.

Дээр дурдсанаар тухайн хэрэг шүүгч Т.Ариунболдод хууль, журмын дагуу хуваарилагдсан нь тогтоогдож байх тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т  заасан  “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэсэн хориглолтыг  зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.

Монгол Улсын дээд шүүхийн  2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03/1..5 дугаар албан бичгээр хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн, шүүгч Т.Ариунболдод 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хуваарилагдсан байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “үзлэг хийлгэх тухай” хүсэлт гаргажээ.  

Шүүгч тайлбартаа “...шүүгчийн туслах М.Д хэргийг 2026 оны 06 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд надад танилцуулсан. Шүүгчийн зүгээс хэргийн материалтай танилцах, зохигчтой холбогдох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулах замаар ажиллагаа явуулахыг шүүгчийн туслахад үүрэг болгосон. Гэвч өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байсан тул 2025 оны 07 дугаар сарын 20-ний үед энэ асуудлаар хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга П.Э, шүүгчийн туслах М.Д нарт тус тус үүрэг даалгавар өгөөд ээлжийн амралтаа авсан... нэхэмжлэгч үзлэг хийлгэх хүсэлт ирүүлснийг ээлжийн амралтаа дуусгаж ажилд орсны дараа 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр танилцаж, хүсэлтийг зохигчид танилцуулах үүргийг шүүгчийн туслах М.Д-д өгсөн...” гэжээ.

Шүүхийн тамгын газраас 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүгчийн туслах М.Д-д “Иргэн-2014” нэгдсэн системд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд 37 шүүгчийн захирамж, 3 шийдвэр, 3 тогтоол, 22 албан бичгийг хөрвүүлээгүй, бүрэн хадгалаагүй зөрчилтэй холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн өдрийн дотор дээрх эрх зүйн актыг бичиж дуусгаж, шүүгчээр хянуулан “Иргэн-2014” системд хөрвүүлж, бүрэн хадгалсан байхыг үүрэг болгож, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр үүрэг даалгавар биелүүлсэн эсэх талаар тайлбарын хамт бичгээр ирүүлэх, заасан хугацаанд биелүүлээгүй бол сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгджээ.

Тус шүүхийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга П.Э 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн илтгэх хуудастаа “шүүгчийн туслахаас тогтоосон хугацаанд дээрх зөрчлийг арилгаагүй, ээлжийн амралтаа авсан. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 37 шүүгчийн захирамжаас 16 захирамж, албан бичиг 22-11, 3 тогтоол, албажуулж гаргаагүй. Эрх зүйн актыг хуулийн хугацаанд албажуулаагүй, удаа дараа сануулсан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй үндэслэлээр өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээ авах санал” гаргасан байна.

 Мөн тус шүүхийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Э 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудастаа “...шүүгчийн туслах М.Д-ийн түдгэлзүүлсэн 23 хэрэг, системд чеклелт хийгдээгүй 31 шүүгчийн захирамж, Б.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газарт холбогдох иргэний хэргийг архивд хүлээлгэн өгөөгүй. Шүүгчийн туслахын сейфний доор дарагдсан байсныг олж тогтоосон” гэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар шүүгчийн туслах нь шүүгчийн удирдлага дор шүүхэд ирүүлсэн тодорхой хэрэг, маргааны талаарх баримт бичгийн бүрдлийг судалж, шүүгчид танилцуулах, хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх зэрэг чиг үүрэгтэй. Гэвч шүүгчийн туслахаар ажиллаж байсан М.Д нь шүүгчээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул  энэ  үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн холбогдох шүүгч 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 25-30-ны өдрүүдэд чөлөөтэй, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан тул энэ хугацаанд хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна.

Харин ажилд орсны дараа хүсэлтийг шийдвэрлэж холбогдох ажиллагааг явуулсан байх ба хүсэлт шийдвэрлэх хугацааг хуульд нарийвчлан зохицуулаагүй болно.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарт 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч М.Б нарт 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эрх, үүргийг танилцуулж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар 2025 оны 12 дугаар сарын 24, 2026 оны 01 дүгээр сарын 13, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус тус хэргийн материалтай танилцаж холбогдох баримтад гарын үсэг зурсан байна.

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон, энэ талаар 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбар гаргаснаас үзвэл тэрээр хэргийн материалтай танилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар лавлах боломжтой тул шүүгчийн зүгээс хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.7-т зааснаар шүүгчийн туслах нь шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах чиг үүргийн хүрээнд хэргийн оролцогчид хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдэж энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргах учиртай.

Шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 00 минутад товлож, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр буюу 36 хоногийн өмнө мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-н “хойшлуулах хүсэлт”-ийг хангаж, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл хойшлуулж, энэ тухай П.Н-д 99.....84 дугаарын утсаар мэдэгдсэнээс гадна хариуцагч “Б” ХХК-ийн байрлах хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэн, нярав Я.С гэх хүнд гардуулжээ.  

П.Н 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд “хуралдаан давхардсан” гэх үндэслэлээр хойшлуулах хүсэлт ирүүлснийг хангаж, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл хойшлуулан, товыг шүүгчийн туслах 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буюу 5 хоногийн өмнө шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлж, нарийн бичиг н.Д-д гардуулсан байна.

П.Н “шүүгчийг татгалзан гаргах” тухай хүсэлт гаргаснаар 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлогдож, товыг хэргийн оролцогч нарт тухайн өдөр мэдэгдэн баримтад гарын үсэг зуруулсан.

Тэрээр 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд “гуравдагч этгээд оролцуулах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах тухай” хүсэлт  гаргасан, шүүх хүсэлтийн зарим хэсгийг ханган, шүүх хуралдааныг 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 15 цаг хүртэл хойшлуулж, товыг тухайн өдөр мэдэгдэж, энэ тухай баримтад гарын үсэг зуруулжээ.   

2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд “тухайн тойргийн шүүхийн нийт шүүгчээс татгалзах тухай” хүсэлт гаргасан тул 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 30 минут хүртэл хойшлуулж, товыг тухайн өдөр мэдэгдэж, шүүхийн баримтад гарын үсэг зуруулсан байна.

 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд “ар гэрийн гачигдал гарсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргаснаар 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 30 минут хүртэл хойшлуулж, шүүгчийн туслах тухайн өдөр нь буюу 21 хоногийн өмнө П.Н-н гар утсанд залгаж мэдэгдсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.  

Дээрх дурдсанаар П.Н-н хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож, дараагийн хурлын товыг мэдэгдэж байсан ба энэхүү ажиллагаа шүүгчийн туслахын чиг үүрэгт хамаарна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлэгт анхан шатны шүүх хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулсан бөгөөд шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгааг зарлан мэдэгдэж, танхимд байгаа хүмүүст суухыг зөвшөөрнө. Шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, ирээгүй этгээдэд мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг даргалагчид илтгэн танилцуулна. Шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана. Шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлан, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид тайлбарлан өгнө. Татгалзан гаргах хүсэлт гарвал түүнийг энэ хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, М.Б, хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцжээ.  

            Шүүх хуралдааны бичлэгт даргалагчаас “татгалзан гаргах тухай хүсэлт байгаа эсэхийг  асуухад”

            “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н: Манайд татгалзал байгаа, татгалзлаа өчигдөр хэргийн материалд өгсөн гээд үндэслэлээ тайлбарласан.

            Даргалагч: Итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-ээс “эхлээд шүүх асуулт асууя... 11 дүгээр сарын 10-ны өдөр хэн гэдэг хүнээр шалгуулсан юм бэ? гэхэд

            П.Н: Мэдээлэл лавлагааны ажилтан ...бүр асуугаад дээрээс нь шүүгчийн туслахаас асуугаад гэхэд

            Даргалагч: Та хүн гүтгэж болохгүй. Би хууль зүйн үндэслэл өгөх гээд байна. Би бол программаас аваад үзсэн, үзэж байгаа. Хэрвээ системээс хуваарилалт тохируулаагүй хэр нь таны ярьж байгаагаар бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн админд шалгуулна. Энд их олон асуудал үүсдэг байхгүй юу. Тэрнээс таамгаар ярьж болохгүй. Үнэхээр тийм ноцтой бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөнөөс шалгуулна, манайхаар шалгуулна, бүр би өөрөө ч шалгуулна. Тэр хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал яригдана. Минийх бол системээс хуваарилагдсан байсан. Гараар хуваарилахыг системээр хуваарилж чадна гэдэг бол манай мэдлээс гарсан асуудал. Энэ бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн IT-ийн хийх ажил, нууц кодтой. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн админ л гараар хуваарилах ганцхан хүн байгаа. Тэр Тагнуулын ерөнхий газрын харьяалалд нь мэдэлд байх хэмжээний том IT байгаа. Бид нар ч мэдэхгүй, яаж системээр хуваарилагддагийг бид нар мэдэхгүй. Тэгэхээр энэ асуудлыг сөхөж байгаа нь шүүгчийг татгалзахаас илүү, өөрөө гэмт хэргийн шинжтэй болоод явчхаж байна. Таныг ирэхэд байхгүй гэсэн, та гараар хуваарилсныг мэдээд байгаа юм байна тийм үү? Хэн нэг хүн үүрэг даалгавар өгөөд над дээр гараар хуваарилсан гэж хэлэх гээд байх шиг байна. Зөв үү гэхэд

            П.Н: Бид нар хэн гэдэг шүүгч дээр хуваарилагдсаныг мэдэхгүй. Мэдээлэл лавлагаанаас асуу гэхэд

            Даргалагч: Би өөр дээрээ системээс хуваарилагдсан гэдгийг мэдэж байна. Хамгийн гол нь таны яриад байгаагаар хэн нэг хүний захиалгаар гараар хуваарилсан гэж ярих гээд байх шиг байна. Тэгвэл манай мэдээлэл лавлагаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн админ нийлж байгаад энийг шалгах юм. Энэ чинь маш ноцтой асуудал гэв.

            П.Н: Хардах үндэслэлтэй гэж үзээд байгаа гэхэд

            Даргалагч: Татгалзал үндэслэл бүхий байх ёстой. Хардаад гээд ингэж ярьж болохгүй. Таны ярьж байгаа асуудал олон асуудлыг хөндөх гэж байна. Мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн админ хөндөгдөх гэж байна. Хэрвээ ингэх юм бол би үдээс хойш АТГ руу бичиг явуулна гэхэд

            П.Н: Та айлгах гээд байгаа юм уу. Би айхгүй ш дээ гэв.

            Даргалагч: Айлгах гээд байгаа юм биш. Та хүн гүтгэж болохгүй учраас...” гэх үед П.Н зэрэгцээд яриад байсан тул

            Даргалагч: Байж бай, эхлээд сонс. Таны ярьж байгаагаар та ийм юм яриад байна гэхэд

            П.Н: Би тэгж л ойлгож байгаа, тэгж л ойлгосон гэхэд

            Даргалагч: Сонсож бай л даа. Би ноцтой ярьж байна. Миний хувьд над дээр системээс орж ирсэн. Тэгэхээр таны яриад байгаа хэн нэг хүний захиалгаар гараар хуваарилаад, таныг ирэхэд хүртэл хуваарилаагүй байна гэж байснаа дараа нь гэнэтийн гэх яриад байгаа асуудал нь өөрөө манай мэдээлэл лавлагааны ажилтан юм уу, компьютерын технологийн мэргэжилтнүүдийн хууль бусаар хийж байгаа ажиллагаа байж магадгүй болчхоод байна. Би хэргийг системээс авсан, IT нарын юу хийж байгааг мэдэхгүй ш дээ. Тэгэхээр таныг үндэслэлээ тодруулаач ээ. Танд шүүгчээс татгалзах үндэслэл байна уу, эсхүл шүүхийн захиргааны ажилтны үйлдэлтэй холбоотой юм яриад байна уу... Энэ нь хэрэгт хамааралгүй шүү дээ, хэрвээ тэгвэл би энэ асуудлыг Тамгын газар, АТГ-г шалгаадахаа гээд, тэнд нь тусгай шалгах ажилтнууд нь байгаа. Хэн захиалга өгөөд байгаа юм, захиалга өгөөд байгаа хүмүүсийг нь тодруул гэнэ. Надад бол хүн захиалга өгсөн юм алга, би нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй байгаа... гэжээ.

            П.Н: 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 цаг 24 минутад танай туслах хүүхдээс мессеж ирсэн. 17-ны өдрийн 10 цагт хийхээр тодорсон байсан. Тэгэхэд би энэ хэрэг хэзээ ирсэн бэ гэдгийг асуусан. Энэ өдөр энэ хэрэг тань дээр хуваарилагдсан байгааг мэдсэн” гэж хэлэх үед мэдээлэл лавлагааны мэргэжилтэн н.Э, шүүгчийн туслах Ж.А нар шүүх хуралдааны танхимд орж иржээ.

            Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн н.Э, шүүгчийн туслах Б.А нар шүүх хуралдааны танхимд орж ирэхэд даргалагч “тийм зүйл болсон уу” гэхэд

            Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн н.Э: Би таныг анх удаа л харж байна гэж,

            Шүүгчийн туслах Б.А: Би нэг шүүгчийн 200 гаруй хэрэгтэй танилцаад дараа нь дахиад өөр шүүгчийн туслах болж байгаа. Энэ олон хүнээс таныг хэн нь вэ гэдгийг санахгүй шүү дээ. Нөгөө талаар хэрэг шүүж өгөх эрхтэй хүн би биш. Та 5 дугаар сараас хойш тухайн хэрэг шүүлгэхэд систем дээр гарж ирэхгүй байна гээд араас нь хөөцөлдөөд явдаггүй юм уу гэжээ.

            Даргалагч: та татгалзах үндэслэлд хамааралгүй юм яриад байна гэхэд

            П.Н: Би татгалзах үндэслэлээ ганцхан юм... гэхэд

            Даргалагч: Байж бай, байж бай, би сонссон ш дээ, одоо би хариугаа өгнө ш дээ. Би үндэслэлийг тодруулж байгаа байхгүй юу. Энд татгалзлын үндэслэлд хамааралгүй юм яригдаад байна. Ж.А туслах шүүсэн юм уу, шүүгээгүй юм уу гэдгээ өөрөө үгүйсгээд байна. Энийг та Тамгын газрын даргад нь, манайд Ёс зүйн хороо гэж байгаа, Тамгын газарт нь хандаарай. Энэ хэрэгт хамааралгүй юм яриад байна шүү. Таныг шүүлгэхэд байсан байгаагүй гээд байна. Би бол хэрэг ирсэн гэдгийг би аль хэдийн мэдэж байгаа, 11 дүгээр сарын 13-ны өдөр ирсэн байлгүй яах вэ дээ, 10 сард би үзлэг явуулах үүрэг өгөөд үзлэг явуулсан, над дээр байсан хэрэг гэхэд

            П.Н: Үзлэг явуулах тэр үед чинь би тань дээр хэрэг байгааг мэдсэн ш дээ гэв.

            Даргалагч: ...тэгээд хүсэлт ирсэн. Хүсэлт нь 10 дугаар сарын 24-нд ирсэн. 8 дугаар сарын 21-нд дахиад нэг хүсэлт ирсэн, дараа нь 10 сард гаргасан гэхэд

            П.Н: Гэхдээ би хүсэлттэй танилцаагүй гэв.

            Даргалагч: Байж бай л даа, маргалдаад байх юм. Эхлээд юм аа ойлгож ярь л даа. Шүүх  хуралдааны дэг зөрчихгүй шүү. Би таныг одоо сонссон, одоо би тайлбар өгнө ш дээ. 10 дугаар сард хүсэлт өгсөн, 11 сард хүсэлтийг шийдсэн. 99566984 гэж хэний утас вэ гэхэд

            П.Н: Миний утас гэв.

            Даргалагч: н.Д-ээс мессеж явуулж, ингэсэн байна. Сайн байна уу гэхэд

            П.Н: Над руу тийм мессеж ирээгүй гэхэд

            Даргалагч: Байж бай л даа, маргалдаад байх юм. Би тайлбарлах гээд байна ш дээ гэх үед П.Н зэрэгцээд ярьж байна.

            Даргалагч: үргэлжлүүлэн туслахаас ямар ч гэсэн мессеж явуулсан байна. 11 дүгээр сарын 13-ны өдөр ингэсэн байна, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК нарт холбогдох иргэний хэрэгт үзлэг хийх ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00 цагт хийхээр товлогдсон. Та мессеж хүлээн авсан бол хариу үлдээнэ үү гэхэд буцаагаад энэ хэрэг хэзээ ирсэн бэ гэжээ гэхэд

            П.Н: Тийм, энийг би бичсэн гэв.

            Даргалагч: 11 дүгээр сарын 17-ны өдөр буцаагаад хариу өгч байна. “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй гээд яг нөгөө 10:00 цагт очно уу гээд. Та өглөөний мэнд юу вэ. Яагаад ийм гэнэт мэдэгдээд байгаа вэ, хэзээ шинжээч томилуулахаар болсон юм гэсэн байна гэхэд

            П.Н: Тийм гэв.

            Даргалагч: Тэгээд дахиад мессеж нь “Хэрэг нь 11 сарын 10-нд шүүх дээр ирээгүй байсан. Шүүхийн алдаа гэж үзнэ. Танай мэдээлэл лавлагаа болон чамаар би шүүлгэж байсан. Чи н.У шүүгчийн туслах байхад. Ер нь Т.Ариунболд шүүгчийн туслахын алдааг хэний алдаа болгох гээд байгаа юм” гэсэн байна. Тэгэхээр ямар ч гэсэн танд үзлэг хийхийг мэдэгдсэн байна. Та мэдсэн үү гэхэд

            П.Н: Тийм гэв.

            Даргалагч: Харин хэрэг хэзээ ирсэн талаар, танд мэдэгдээгүй, асуудлыг шүүхийн мэдээлэл лавлагаатай холбоотой асуудлаа тусад нь гаргаад явна гэхэд

            П.Н: Заа гэв.

            Даргалагч: Үзлэгийг бол мэдэгдсэн. Та мэдэж байсан байна. Надад ойлгогдохдоо танайхаас ирсэн хүн манай төлөөлсөн хүн ажиллахгүй байх аа ч гэл үү, ирэхгүй ч гэл үү нэг хариу өгөөд, та байж болно шүү, танайхаас ямар нэг хүн ирж болно шүү гэдгийг гэхэд би мэдэхгүй гээд яваад өгсөн. Нярав билүү дээ, энд байгаа хүмүүс мэднэ гэхэд

            П.Н: Гэхдээ н.Н угаасаа мэдэхгүй ш дээ гэв.

            Даргалагч: Үзлэг хийхэд танайхаас хэн нэг хүн байх ёстой байхгүй юу гэхэд

            П.Н: Шүүгч ээ, үүнийг яриад яг юу тодруулах гээд байгаа вэ гэв.

            Даргалагч: Би ингээд байна шүү дээ, үзлэгийг бол та мэдсэн байна гэхэд

            П.Н: Би мэдсэн, гэхдээ би гэхдээ очоогүй гэв.

            Даргалагч: Очих, очихгүй таны асуудал ш дээ гэхэд

            П.Н: Энэ хэрэг хэзээ ирсэн ирээгүйг мэдэхгүйгээр, ямар хүсэлт ирснийг мэдэхгүйгээр, шүүгчийн ямар захирамж гарсныг мэдэхгүйгээр би очихгүй байх эрхтэй байхгүй юу бас. Би хүсэлттэй танилцаагүй, захирамжтай танилцаагүй гэв.

            Даргалагч: Одоо гэх үед П.Н зэрэгцээд ярьж байх явцад

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Шүүгчийг сонсоод гэх үед

            Даргалагч: Сонсож бай эхлээд. Та маргалдах гээд байх юм. Бид нар хэрэг хэлэлцээгүй ш дээ гэхэд

            П.Н: Би гомдлоо танилцуулаад байгаа байхгүй юу, би татгалзах гомдлоо гэв.

            Даргалагч: Татгалзлыг шийдэх гээд байна, байж бай гэх үед

            П.Н зэрэгцэн би шийдүүлнэ, би танаас татгалзана гэхэд

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Та хуралд дэгтэй оролцоно уу, шүүгч асуух эрхтэй эгч ээ гэхэд

            Даргалагч: Чимээгүй бай. Цагдааг орж ир гэж хэл. Юу ч сонсохгүй дайраад байх юм гэхэд

            П.Н: Нэг ярьсан юмаа дахин дахин яриад байгаа байхгүй юу, бид хэд гэхэд

            Даргалагч: Шүүх өөрөө юм аа тодруулна. Би үндэслэлтэйгээр шийднэ. Та хангалттай ярина. Байж бай, сонсож бай. Үзлэгээ та мэдсэн байсан байна гэхэд

            П.Н: Мэдсэн байсан гэв.

            Даргалагч: Чимээгүй байж бай, мэдсэн байна. Тэгэхээр та ирэх үүрэгтэй. Харин та хэрэг ирсэнтэй холбоотой мэдээгүй гэдэг асуудлаа шүүхийн Тамгын газрын ажилтнуудтай холбоотой асуудлаа Тамгын газрын даргад юм уу тусад нь гомдол гаргах асуудал яригдана. Сая бид нар оруулж ирээд тодрууллаа. Таныг хараагүй, яриагүй гэдэг хариу өгөөд байна. Тэгэхээр та нарын хэн нь үнэн ярьж байгааг би мэдэхгүй ш дээ. Шүүгч шууд харьцахгүй, туслахаар дамжуулж харилцах нь тодорхой. Би бол хэрэг ирснээс хойш үзлэг хийх талаар бүх хүмүүст мэдэгдсэн. Ийм л үүрэг өгсөн хүн. Миний доор ажиллаж байгаа хүн миний үүргийг биелүүлсэн эсэхэд би тэр хүний өмнөөс хариуцахгүй. Тэрийг Тамгын газарт хандаад тусдаа явна гэдгийг ойлгох  хэрэгтэй. Тэгэхээр татгалзлын үндэслэлийг би сайн ойлгохгүй байгаад байна. Шүүгчтэй хамааралтай юм байна уу гэдгийг би сайн мэдэхгүй байгаад байна. Миний ойлгож байгаагаар Тамгын газрын ажилтантай холбоотой, ажиллагаатай холбоотой, юу гэх юм бэ, шүүгчийн өгсөн үүргийг биелүүлээгүй ч юм уу ийм юм байх шиг байна. Тэгэхдээ энэ нь шүүгчийг татгалзах үндэслэл болохгүй гэж хэлэх гээд байна. Яагаад гэвэл шүүгч хэзээ ч битгий мэдэгд гэдэг үүрэг өгөхгүй шүү дээ, бүгдэд мэдэгдээрэй гэнэ. Ямар ч гэсэн шүүгч үүрэг өгөөд ажиллаж байгаа. Тамгын газрын ажилтантай холбоотой тусад нь шийдвэрлэнэ, би шууд шийдэж болохгүй байхгүй юу. Тийм байна, заа сууж бай. Энэ хэргийг ирснээс хойш би ажиллагаа явуулж байгаа. Үзлэг хийлгэх хүсэлт ирсэн. Хүсэлтийн дагуу үзлэг хийсэн байгаа. Шүүх хурал 2 ч удаа хойшилж байна. Тийм учраас би татгалзлыг би өөрөө хүлээн зөвшөөрөхгүй гэж ойлгоод байна... Нэхэмжлэгч талд тайлбар байна уу гэжээ.

            Үүнээс үзэхэд хуралдаан даргалагч нь хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-ээс “татгалзан гаргах” хүсэлтийн үндэслэлийг тодруулж, улмаар үндэслэлд дурдсан үйл баримтын талаар шүүхийн захиргааны ажилтнуудыг дуудан асуусан байх ба хэргийн оролцогчтой зүй бус харьцсан, сүрдүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтад заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

            Түүнчлэн шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан байх бөгөөд хуралдаан даргалагч хэргийн оролцогчдын тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн, хэн алинд нь давуу байдал олгосон, ялгаварлан харилцсан гэх байдал тогтоогдохгүй байна.

            Шүүгч шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогчдын хэн алинаас асуулт асуух эрхтэй ба хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-ээс “татгалзан гаргах” хүсэлтийн үндэслэлийг тодруулж асуусныг зүй бус авирласан гэж үзэхгүй.

            Харин өргөдөл гаргагч шүүх хуралдааны нарийн бичгийн даргатай холбоотой гомдлоо тус шүүхийн Тамгын газрын даргад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна.

            Шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0...0 дугаар захирамжаар “...2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд П.Н нь хариуцагч “Б” ХХК-ийг төлөөлөхөөс татгалзаж байгаа талаар шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн боловч 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шинээр итгэмжлэл аваагүй оролцсон. Түүнчлэн П.Н нь шүүгчийг татгалзсан үндэслэлээр хэргийн материалтай танилцахаас татгалзсан. Шүүгчээс татгалзан гарах хүсэлт гаргасан нь хэргийн материалтай танилцах, хэргийн оролцогч хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байх үндэслэл биш...” гэх үндэслэлээр П.Н-г 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

            2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны дууны бичлэгт хийсэн үзлэгээр:

            Даргалагч: Хүсэлтийг шийдэх хугацааг мэдэхгүй байна. Гэхдээ “Б” ХХК-ийн төлөөлөгч энэ хугацаанд хэргийн материалтай танилцаарай. Одоо танилцах уу гэхэд

            “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н: Танилцахгүй, шийдүүлсний дараагаар танилцана гэв.

            Даргалагч: Одоо хугацаа авах гээд байгаа байхгүй юу. Шүүгч яахыг мэдэхгүй байна гэхэд

            П.Н: Миний гомдол үндэслэлтэй байх юм бол би хэрэгтэй танилцаж болохгүй байхгүй юу. Яагаад гэвэл эрх, үүрэг дээр зураагүй байгаа, ажиллагааны баримт дээр зураагүй байгаа гэв.

            Даргалагч: Үгүй ээ, байж бай, ийм байгаад байна. Ер нь бол хэргийн материалтай танилцана гэдэг чинь би шийдэхгүй ч өөр шүүгч дээр ч танилцах ёстой байхгүй юу. Та яагаад ойлгохгүй байгаад байна гэхэд

            П.Н: Би танилцах үедээ танилцчихна аа гэхэд

            Даргалагч: Татгалзаад шийдчих юм бол, өөр шүүгч орж ирээд хурал хийгээд явахаар та ийм юм ярьж болохгүй байхгүй юу. Та шүүхийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй шүү. Танилцах ёстой байхгүй юу. Би энийг шийдэх гээд улаараад байгаа юм алга. Хэрвээ татгалзаад өөр шүүгчид хуваарилагдаад шүүх хурал болоход та би танилцахгүй гээд сууж байж болохгүй гэхэд

            П.Н: Би бол... гэхэд

            Даргалагч: Үгүй, би танд шаардлага тавих үүрэгтэй. Та дураараа аашилж болохгүй, миний үгийг сонсоно. Татгалзлыг шүүгч шийдчих юм бол би байна уу, өөр шүүгч байна уу та танилцчихсан яриад сууж байх ёстой байхгүй юу. Энэ бол ерөнхий шаардлага. Ойлгомжтой юу. Тэрнээс би татгалзлыг шийдвэрлүүлж байгаад танилцана эсхүл гэсэн юм бол байхгүй. Дараагийн шүүгч гарч ирэхэд та танилцчихсан, хүсэлт байвал өгөөд сууж байх ёстой байхгүй юу гэхэд

            П.Н: Өмнөх шүүх хуралдаан дээр би солигдох гэж байгаа гэсэн тайлбар өгсөн байгаа. Тэгэхээр миний тайлбар үндэслэлтэй гэсэн үг шүүгч ээ. Би байгаа байхгүйгээ мэдэхгүй юм чинь танилцаад яадаг юм гэв.

            Даргалагч: Тэгвэл та татгалзах ямар хэрэг байгаа юм гэхэд

            П.Н: Би татгалзана ш дээ, өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн гэрээ маань дуусаагүй байна гэв.

            Даргалагч: Алив протокол хөтөл. Танд зөрчлийн арга хэмжээ авна шүү. Шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй гэхэд

            П.Н: Шүүх хуралдаан дуусчихсан ш дээ, захирамжаа гаргасан гэв.

            Даргалагч: ...Шүүн таслах ажиллагаанд саад учруулж байна, 97.2-оор мэдэгдлээ. Шүүхийн хавтаст хэрэгтэй танилц гэсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа учраас, шүүх бол шаардлагаа тавина. Би одоохондоо энд байгаа, тэрнээс хэргийг хэлэлцэх гээгүй ш дээ. Та танилцаадах аа, танилцах нь үүрэг байхгүй юу. 97.2-оор мэдэгдлээ, таныг Зөрчлийн тухай хуулиар 300.000 төгрөгөөр торгож байна, шийтгэвэр гарсан гэхэд

            П.Н: Шийтгэвэрт нь бас гомдол гаргаж болно гэв.

            Даргалагч: Та эрхтэй. Үндэслэлийг би тайлбарласан. Татгалзах үндэслэл тусдаа, танилцах нь тусдаа ойлголт. Би бол шүүхийн зүгээс танилцах үүрэг өгч байна. Хэрэг шийдэх гээгүй гэхэд

            П.Н: Би тэгж л ойлгож байна ш дээ таныг. Хэрэг шийдэх гээд байна гэхэд

            Даргалагч: Ойлгомжтой байгаа биз дээ. Хэргийн материалтай танилц аа гэхэд

            нэг эрэгтэй хүн “зэрэгцэж ярихгүй шүү” гэхэд

            П.Н: Танд хамааралгүй энэ хэрэг гэв.

            Даргалагч: Энийг шүүх шийдээгүй байгаа. Шийдлийн эрхээ би эдэлнэ. Ойлгосон уу. Хууль зүйн ойлголттой мэтгэлцэхгүй, шүүхтэй мэтгэлцдэг та ер нь хэн юм. Танилцахгүй гээд дайраад байх юм өөдөөс гэхэд

            П.Н: Би танилцахгүй, танилцахгүй гэдэг үндэслэлээ би ажлаасаа гарах гэж байгаа тайлбарласан гэв.

            Даргалагч: Тэгвэл хойшлуулж яадаг юм бэ. Тэгээд дараагийн хүн чинь хаана байгаа юм бэ гэхэд

            П.Н: Олоогүй байгаа гэв.

            Даргалагч: Олохгүй юм бол ажиллагааг яаж явуулах гээд байгаа юм бэ гэхэд

            П.Н: Тэр миний асуудал биш, өөр асуудал, компанийн асуудал гэв.

            Даргалагч: Цагдаа илтгэх хуудас үйлд. Шүүгчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна. Зөрчлийн арга хэмжээ авна гээд шүүх хуралдаан хаасныг мэдэгдье гэжээ.

            Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.4-т зааснаар “шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх” үүрэгтэй тул шүүгч мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар П.Н-д зуун мянга төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь сахилгын зөрчилд хамаарахгүй.

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболдод холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.             

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

 

                                    ГИШҮҮН                                          Д.АРИУНТУЯА

                                                                                                Ц.ДАВХАРБАЯР