
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-04-30
Дугаар 66
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэгт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ГС/2026/0048 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Холбогдох шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дүгээр зүйлийн 50.1-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1.Холбогдох шүүгч нь хуульд заасан хугацаанд шүүх хуралдааныг товлон зарласан, хэргийн оролцогчийн хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт заасан дэгийн дагуу явагдсан нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
2.Шүүгч Г.Энхцэцэг нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн оролцогчоос дараах асуулт асуусан нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Үүнд:
Даргалагч хэрэгт авагдсан нотлох баримт шинжлэн судлав.
Даргалагчаас: Та уг орон сууцыг дүүдээ зарсан юм уу хэдэн төгрөгөөр зарсан бэ гэхэд
Нэхэмжлэгч: 2022 оны 6 дугаар сард дүүдээ худалдсан байсан гэв.
Даргалагчаас: Тэгээд хүнд худалдсан байраа хүний өмчлөлд шилжүүлж өгнө гэдэг нь ямар учиртай вэ. Таны өмчлөлд шилжүүлээд өгье гэж та өөрөө чат бичээд байгаа юм биш үү гэхэд
Нэхэмжлэгч: Тийм, тэр бол хүүхдүүддээ би байрыг нь барьцаанд авсан байсан. Ямар ч байсан мөнгөө авна аа гээд гэхэд
Даргалагчаас: Барьцааны гэрээтэй юм чинь барьцааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулъя гээд тэр хүн нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа. Тэгэхэд та яагаад өөрөө өмчлөлд нь шилжүүлж өгье гэсэн бэ гэхэд
Нэхэмжлэгч: Зээлийн гэрээний хугацаа дууссан гэхэд
Даргалагчаас: Харин хугацаа дууссан тохиолдолд Р.С өөрөө шаардах эрхээ хэрэгжүүлэх асуудал байхгүй юу гэв.
Нэхэмжлэгч: Хариуцагчтай 2-27 тоотыг заръя таны өмчлөлд шилжүүлье гэх яриа болсон гэхэд
Даргалагчаас: Тийм яриа болоод гэрээ байгуулж өмчлөлд шилжүүлэхдээ яагаад 2-27 тоотыг шилжүүлдэг вэ гэхэд
Нэхэмжлэгч: Р.С эгчийн хувьд миний нэр дээр зээлийн гэрээтэй байгаа орон сууцыг өөрийнхөө өмчлөлд шилжүүлж авна гэж хэлсэн юм гэв.
Даргалагчаас: Тухайн үед та 2-27 тоотыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж байгаа гэдгээ мэдсэн үү гэхэд
Нэхэмжлэгч: Мэдсэн. Эцсийн өмчлөгчөөр шилжүүлж байгаа учир шалтгаан нь хариуцагч нь би хүүхдүүддээ мөнгөө Б.А-д өгсөн байгаа, байрыг нь өөр дээрээ шилжүүлээд авсан байгаа. Нөхөр хүүхэдтэй нь ярилцаад хүлээн зөвшөөрсөн. Б.А-аас миний мөнгө орж ирэх нь үнэн гэж би баталгаажуулж байгаа юм гэх утгаар бид хоёрын хооронд болсон явдал байгаа юм гэв.
Даргалагчаас: Нэхэмжлэгчээс тодруулъя. Таны хариуцагч Р.С-т төлөх ёстой байсан мөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үед таны тооцоогоор хэдэн төгрөг байсан бэ. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар гэсэн үг гэхэд
Нэхэмжлэгч: Тухайн үед бид танд хэдэн төгрөг өгөх ёстой вэ одоо хүү нь нэмэгдээд хэд болсон бэ гэхэд би юмаа хараагүй, ухаж төнхөж үзээгүй байна. Хоёулаа өгөлцөж, авалцах үедээ харж байгаад болъё гэж хэлсэн. Түүнээс өнөөдрийн байдлаар чиний надад өгөх ёстой мөнгө, хүү нь нэмэгдээд 60.000.000 төгрөг болсон шүү. Тиймээс энэ байрны үнэлгээг 60.000.000 төгрөг гэлээ гэх зүйл яригдаагүй гэв
Даргалагчаас: Та ингэж тайлбарлаад байгаа 2024 оны 5 дугаар сар гэхэд би зээлсэн 40 гаруй сая төгрөгийг төлөөд буцаад байраа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна гэсэн тохиролцоо байсан гэж тайлбарласан. Уг тохиролцоог яагаад бичгээр баталгаажуулаагүй вэ гэхэд
Нэхэмжлэгч: Энэ хэмжээнд явна гэж бодоогүй гэв.
Даргалагчаас: 40.000.000 төгрөгөө яагаад төлөөгүй вэ гэхэд
Нэхэмжлэгч: Тухайн үед төлөвлөж байсан ажил бүтээгүй учраас төлж чадаагүй гэв.
Даргалагчаас: Үүнээс хойш та хэдэн удаа мөнгийг чинь төлье гэж холбогдсон бэ. Хэдэн удаа хариуцагч зөвшөөрөхгүй байсан бэ гэхэд
Нэхэмжлэгч: ...Би өгнө гэсэн хугацаандаа өгч чадаагүй. Түүнээс хойш олон удаа холбогдож яриагүй. Р.С эгч рүү залгахад намайг блок хийчихсэн байсан. Би 2 удаа залгах гэж оролдсон болохоос биш мөнгө төгрөг өгөх талаар яриагүй. Түүнээс хойш надтай холбогдолгүй миний байрыг авсан гэх дүүтэй холбогдож наад байр чинь миний нэр дээр байгаа учраас чи гар, сулла гэх байдлаар харилцсан байсан. Сүүлдээ шүүхэд нэхэмжлэл гаргаад шийдвэрлэгдээгүй байгаа гэв.
Даргалагчаас: Гэрээгээр тохирсон 2024 оны 5 сараас хойш нэг жил 4 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Зөв үү гэхэд
Нэхэмжлэгч: Тийм гэв.
Даргалагчаас: Яагаад ийм их хугацаа өнгөрсөн бэ гэхэд
Нэхэмжлэгч: Р.С нь н.Э-ыг шүүхэд өгсөн. Уг асуудал шийдэгдээгүй давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасан гэсэн гэв.
Даргалагчаас: Одоо бол мөнгийг нь өгөхгүй байраа буцааж авна гэж байна уу гэхэд
Нэхэмжлэгч: Үгүй л дээ. Би хүнээс мөнгө зээлсэн учраас заавал төлөх ёстой гэсэн үүргээ мэдэж байгаа. Шүүх хуулийн дагуу чи тэдэн төгрөгийг тийм хугацаанд төлөх ёстой гэсэн тийм шийдвэр гэхэд
Даргалагчаас: Р.С өөрөө зээлийн гэрээний үүргээ шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахгүй л бол шүүх тийм шийдвэр гаргахгүй шүү дээ. Үл хөдлөх хөрөнгийг Р.С ийн өмчлөлд шилжүүлж өгснөөс хойш танаас зээлийн гэрээний үүргээ шаардсан уу гэхэд
Нэхэмжлэгч: Ер нь бид хоёр холбогдоогүй байгаа гэв.
Даргалагчаас: Шаардсан уу шаардаагүй юу тэрийг хэлээрэй. Зээлээ төлөөч ээ гэж холбогдсон уу гэхэд
Нэхэмжлэгч: Холбогдож асууж байсан. Яаж байна, ажил төрөл чинь болж байна уу гэж холбогдож байсан. Хэдэн удаа гэдгийг санахгүй байна гэв.
Даргалагчаас: Ямар байдлаар холбогдож байсан бэ гэхэд
Нэхэмжлэгч: Холбогдвол бид чатаар эсхүл утсаар залгадаг гэв.
Даргалагчаас: За, та түрүүн огт холбоогүй байсан гэснээ одоо болохоор холбоотой байсан гээд байх юм гэхэд
Нэхэмжлэгч: Над руу 1-2 удаа бол залгаж эсхүл чатаар холбогдож байсан байх ёстой гэхэд
Даргалагчаас: Тэгж холбогдохдоо зээлээ төлөөч ээ гэсэн юм уу гэхэд
Нэхэмжлэгч: Тийм. Чи мөнгөө өгөх болж байна уу, ажил төрөл чинь болж байна уу, одоо би яах ёстой юм гэсэн. Тэр үед нь би “Манай дүү орон сууцыг худалдаад авчихсан. Байрны нэрийг нь шилжүүлж амжаагүй байхад өмчлөх эрхийг нь танд шилжүүлснээс болоод маргаан үүсээд, маргаантай байна. Намайг шүүхэд өгөх юм шиг байна. Би шүүхийн шийдвэрийг хүлээж байгаад таны өрийг төлж, барагдуулах ёстой гэдгийг ойлгож байна” гэж чатаар хэлж байсан. Хариуцагч надад “Би шүүхийн шийдвэрийг хүлээж чадахгүй. Дүүг чинь шүүхэд өгнө. Ах, дүү нарын хоорондын асуудал надад хамаагүй” гэсэн гэв.
Даргалагчаас: Танаас зээлийн төлбөрөө шаардаад, шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал бий юу гэхэд
Нэхэмжлэгч: Үгүй гэв.
Даргалагчаас: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулъя. Зээлийн гэрээний төлбөрт хэдэн төгрөгийг тооцож, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан бэ гэхэд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тухайн үеийн байрны үнэлгээгээр 60.000.000 төгрөгт тооцож, шилжүүлэн авсан. Гэвч хариуцагчийн авах төлбөр уг мөнгөнөөс илүү байсан гэж хэлдэг. Учир нь талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд талуудын хооронд хэзээ гэрээгээр хүлээсэн төлбөрөө төлж барагдуулна тэр хүртэл хугацааг сунгана гэсэн яриа байсан. Нэхэмжлэгч нь хариуцагчид “Гэрээгээр заасан төлбөрөөс гадна танд хүү нэмж төлнө” гэж хэлсэн. Татварын мөнгийг өгч чадахгүй тул та төлөөд наад мөнгөндөө тааруулаад ав гэсэн байсан гэв.
Даргалагчаас: Зээлийн гэрээ, барьцааны гэрээ гэхээр яаж байгаа юм, дуусгавар болж байгаа юм уу гэхэд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Зээлийн гэрээ, барьцааны гэрээгээ шинэ гэрээгээр сольж байна гэж ойлгосон гэхэд
Даргалагчаас: Үүргээ сольж байгаа юм уу гэхэд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Үүргээ сольж байгаа гэв.
Даргалагчаас: Тэгэхээр өмчлөлд шилжсэнээс хойш мөнгөө шаардаад байсан гэж тайлбарлаад байна. Энэ ямар учиртай вэ гэхэд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тухайн үед мөнгөө шаардаж байсан шалтгаан нь Р.С-ийн бие өвдөөд эмнэлгээр явсан чинь хортой хавдар гэж хариу хэлээд, яаралтай хагалгаанд ор гэж зөвлөсөн. Хариуцагчийн амьдралаа залгуулдаг гол зүйл нь хүнд хүүтэй мөнгө зээлээд, хүүгээр нь амьдардаг байсан. Тэгээд байрыг нь зарах гээд н.Э-тай холбогдож, “Байрнаасаа гар. Би худалдах гээд байна” гэж хэлэхэд н.Э “Ийм дээрээ тулчихсан бол чөлөөлж өгнө” гэж хэлж байснаа сүүлдээ “Чөлөөлж өгөхгүй” гээд маргаад явсан. Уг цаг хугацаанд Р.С-ийн шинжилгээнийх нь хариу хоргүй хавдар болсон. Тэгээд хэсэг тайвшраад, буцаад энэ хүмүүст, "Миний биеийн байдал ийм болж таарлаа. Гэхдээ гадагшаа явах шаардлага байгаа. Тэгээд хоргүй байж байгаад хортой болчихдог гэдэг юм байна. Ийм учраас та нар миний мөнгийг өгчихвөл би байрыг чинь зарахгүй хэсэг хүлээе” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацаа өгч байтал н.Э нь ч өгөхөө болиод Б.А нь ч холбогдохоо больсон. Б.А нь “Та байраа зараад, хэрвээ юм үлдвэл дүүд өгчих” гэж хэлсэн гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх шаардлагатай ба шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэхээс гадна шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг хэрхэн үнэлж байгааг шийдвэртээ заах учиртай.
Иймд даргалагч шүүгч нь хэргийн оролцогчоос дээрх асуултыг асуусан нь хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой байх тул “…хэт нэг талын эрхийг хамгаалсан үйлдэл гаргасан...” гэж үзэхгүй.
3.Шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт:
Даргалагчаас: Нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан талуудад өмнөх тайлбартайгаа давхцуулахгүй нэмж хэлэх тайлбар байна уу. Нэхэмжлэгч тал гэхэд
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Байна. Ер нь ямар яриулдаггүй юм бэ. Ярихаар л тастаад байх юм. Энэ чинь уг нь шүүх хуралдаан явагдаж байгаа биз дээ гэхэд
Даргалагчаас: Хэн таны яриаг тасалсан гээд байна вэ гэхэд
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Үгүй ээ нөгөө талаас гээд бүгд л тастаад байна. Би бүүр гайхаад байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно” гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд гэрээний чөлөөт байдлын зарчим гэж хуульчилсан бөгөөд 189 дүгээр зүйлд “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан байдаг. Хэрэгт 2 төрлийн гэрээ нотлох баримтаар авагдсан байна. Зээлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ. Зээлийн гэрээтэй холбоотойгоор хариуцагч Р.С гэрээнийхээ дагуу үүргийн гүйцэтгэл хангуулахаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 222.5, 222.7 дахь хэсэгт заасны дагуу шаардлага гаргах эрх нь тухайн үед байсан. Гэтэл худалдах, худалдан авах гэрээнд заасан орон сууцыг талуудын хэн аль нь худалдах, худалдан авах сонирхол байгаагүй юм. Р.С-ийн хувьд үүргийн гүйцэтгэлээ хангуулж, зээлсэн мөнгөө буцаан авах хүсэл сонирхолтой байсан. Мөн худалдан авагч нь гэрээнд заасан 60.000.000 төгрөгийг бодитоор төлөөгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө өөрийнхөө өмчлөлд захиран зарцуулах эрхтэй буюу төлбөрийг дансандаа оруулсан тохиолдолд уг гэрээ хүчин төгөлдөр болох ёстой байсан тул уг гэрээг хүчин төгөлдөр болоогүй гэж үзэж байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлийн гэрээний дагуу яг хэдэн төгрөг төлөх ёстой, хэдэн төгрөгтөө байр худалдаж аваад байгаа юм бэ, мөнгө төлсөн үү гэхэд мөнгө төлөөгүй гэж хэлж байна. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Гэрээ дуусгавар болсон талаар акт үйлдэнэ” гэж заасан байна. Акт үйлдсэн баримт болон мөнгө төлсөн баримт байхгүй. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор орон сууцын өмчлөх эрхийг шилжүүлэх нь иргэний эрх зүйн суурь зарчмаараа буюу худалдах, худалдан авах гэрээний тухайд хүчин төгөлдөр бус хэлцэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдааны явцад Р.С, Б.А нарын хоорондын фейсбүүк зурвасуудыг талуудын хэн хэн нь уншлаа. Уг зурвас нь Монгол Улсын иргэний үүрэгт заасан хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр гэж зөвтгөх боломжгүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад мөнгө төлсөн баримт байхгүй бөгөөд чат нь 60.000.000 төгрөгийг төлсөн гэх нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна гэв.
Даргалагчаас: Хариуцагч тал гэхэд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлсэн хэлцэл биш юм. Учир нь үндсэн зээлийн төлбөр болон 30.000.000 төгрөг, гэрээгээр тохирсон зээлийн хүү болох 12.000.000 төгрөг, мөн талууд чатаар хэдэн сарын хүү нэмж өгнө гэж ярилцаж байсан. Үндсэн зээлийн төлбөрөөсөө бодоход 42.000.000 төгрөг. Уг мөнгөнөөс бүхэлд нь алданги тооцож, 21.000.000 төгрөг, татварын 1.200.000 төгрөг, мөн дахин хүү нэмэх асуудал талуудын хооронд яригдсан байдаг. Тухайн үед худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй бол талууд зээлийн гэрээнийхээ хугацааг сунгах талаар ярилцаж байсан юм. Хэрэв тухайн үед зээлийн гэрээний хугацааг сунгаж, хүү тооцсон бол 80.000.000 гаруй төгрөг болох байсан. Дараагийн асуудал нь зээлдэгч өөрөө эхэлж санал гаргасан. Энэ чатаар нотлогдсон. Тухайн хөрөнгийг шилжүүлснээсээ хойш зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдсөн нь зурвасуудаар харагдана. Барьцааны гэрээгээр шилжүүлээгүй, зээлийн гэрээний үүрэгтэйд тооцоод сайн дурын үндсэн дээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 189.1, 39.1, 243.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны байх шаардлагыг хангаж байна. Процессын хувьд тухайн харилцааг талууд нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд нэр шилжүүлсэн. Үүргийг худалдах, худалдан авах гэрээгээр солиод зээлийн гэрээний төлбөрт 60.000.000 төгрөгөөр тооцож, гэрээний төлбөр төлөгдсөн гэж үзэж байна. Мөн ёс зүйн талаас нь тайлбар хэлье гэж бодож байна. Уг хэрэг шүүхэд 2 жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Эгчийгээ гэрчээр асуулгана гэдэг эгч нь санаатайгаар зугтаад ирдэггүй. Р.С 60.000.000 төгрөгөө аваад, байраа буцаагаад өгч болно гэж яриад байгаа. Гэтэл бодит байдал дээр уг 60.000.000 төгрөгийг авъя гээд зөвшөөрсөн шүүхийн шийдвэр гарчихвал, эдгээр хүмүүс надад өгөхгүй 10 жил болно гэж хэлсэн. Шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр эгч нь оролцдог. Энэ хүмүүс нэг дор амьдардаг.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч хоорондоо ярив.
Даргалагчаас: Алх цохиж, шүүх хуралдааны дэг сахина шүү. Даргалагчийн зөвшөөрлөөр яриарай гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 40.000.000 төгрөгийг өгье гэхэд хариуцагч авахгүй байсан гэсэн. Авна шүү дээ маш яаралтай хэрэгтэй байсан. Аваад гадагшаа явах байсан. Биеийн байдал нь дордвол тэр хүн л хохирно. Хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээгээр нэр шилжсэн асуудал зөв явагдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авах эрхтэй бол хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т “шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй” гэж заасан.
Шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийсэн тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь зөвшөөрөлгүйгээр хоорондоо ярьсан тул даргалагч шүүх хуралдааны дэг сахихыг сануулсныг хэргийн оролцогчтой албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирласан гэж үзэхгүй.
4.Түүнчлэн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээр даргалагч шүүгч нь шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдын тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн, тэднийг загнаж, зандарсан, үзэн ядсан харцаар харсан, өндөр дуугаар харилцах зэргээр ёс зүйгүй хандсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Дурдсан үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэгт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Г.Энхцэцэг Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.А-ийн хариуцагч Р.С-т холбогдуулан гаргасан “Р.С-тэй 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан *** хаягт байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг үл хөдлөх эд хөрөнгийг Б.А миний өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Ж.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нар оролцсон бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлийг тус шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.И хөтөлсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасан.
Шүүгч би тус хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, шүүх хуралдааныг тогтоосон дэг, журмын дагуу удирдаж, талуудыг тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэн аль нь тэгш оролцоотой байж, мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлж оролцсон.
Шүүх хуралдааны явцад шүүгч хэргийн нөхцөл байдал, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулах зорилгоор хэргийн оролцогчийн хэн алинаас асуулт асуух эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Б.А-аас түүний нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах үүднээс худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллийг тодруулах асуулт асуусан. Ийнхүү нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн үйл баримттай холбоотой асуулт асуусан нь “ширүүн үг хэлээр илтэд нэг талыг барьсан асуулт асуусан” гэх өргөдөлд дурдсан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна.
Шүүх хуралдаан даргалагчийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ч мөн түүний тайлбар, татгалзалтай холбоотой тодруулах асуулт асуусан.
Шүүгч миний хувьд тухайн хэргийн оролцогч нарын хэн алинтай нь ямар нэгэн хувийн харилцаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид элгэмсэг, найрсаг хандаж, нэхэмжлэгчийг үзэн ядсан харцаар харж, ширүүн үг хэлээр загнаж, зандарч, түүний байр суурийг үгүйсгэх ямар ч үндэслэл байхгүй.
Харин шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултад хариулахдаа бухимдаж, тэдний хооронд үл ойлголцол гарсан тул шүүх хуралдаан даргалагчийн зүгээс дэг сахиулж, асуултыг тодруулан асуусан. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нэмэлт тайлбар хэлэх явцад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хоорондоо ярилцаж, давхцаж ярьж байсан тул мөн шүүх хуралдааны дэг сануулж, давхцаж ярихгүй байхыг сануулсан.
Иймд шүүх хуралдаан даргалагчийн зүгээс хэргийн үйл баримттай холбоотойгоор талуудаас асуулт асууж, шүүх хуралдааны дэг сануулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйл, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн үндэслэлд хамаарахгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.А-ийн Р.С-т холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрийг гаргасан шүүгч Г.Энхцэцэгт холбогдуулан нэхэмжлэгч Б.А гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүх хуралдааны явцад миний яриаг таслах, загнах, үзэн ядсан харцаар харах, ширүүн үг хэлээр илтэд нэг талыг барьсан асуулт асуусан үйлдлүүд гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриа, үг, нотлох баримт шинжлэн судлах бүхий л явцад илтэд элгэмсэг, найрсаг хандах атал миний байр суурийг илтэд үгүйсгэж, загнасан зандарсан өнгө аясаар харьцсан” гэжээ.
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Шүүх гэрч, шинжээчээс мэдүүлэг авах цугларсан бичмэл болон эд мөрийн баримтыг судлах, үзлэг хийх, бусад нотлох баримтыг шинжлэх дарааллыг тогтоож, эдгээр ажиллагааг энэ хуулийн 110-112 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна”, 112 дугаар зүйлийн 112.1-д “Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс асууна” гэж заасан.
Шүүх хуралдаан даргалагч нь нотлох баримт шинжлэн судалсны дараа нэхэмжлэгч болон хариуцагчаас нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай холбоотой асуулт асуусан нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээр тодорхой нотлогдож байх ба ийнхүү асуусан нь хууль зөрчөөгүй тул “…хэт нэг талын эрхийг хамгаалсан үйлдэл гаргасан...” гэж үзэх боломжгүй.
Тодруулбал, шүүгч нь хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэр гаргадаг тул хэрэгт цугларсан нотлох баримттай холбогдуулан хэргийн оролцогчдоос асуулт асууж тодруулах нь хуульд нийцсэн үйлдэл болно.
Түүнчлэн, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс үзэхэд даргалагч шүүгч нь шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдын тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн, тэднийг загнаж, зандарсан, үзэн ядсан харцаар харсан зэрэг үйлдэл гаргасан нь тогтоогдоогүй.
Харин эрх зүйн мэдлэг дутмаг хэргийн оролцогчоос асуулт асууж байгаа байдал, дуу хоолойн өнгө, биеийн хэлэмж зэргээс үзвэл нэхэмжлэгчид шүүгчийн талаар таагүй байдал үүсэх шалтгаан нөхцөл болсон байх ба энэ нь хуульд нэрлэн заасан сахилгын зөрчилд хамаарахгүй боловч цаашид шүүн таслах ажиллагаандаа анхаарч ажиллах учиртай.
Банглорын зарчмуудын тайлбар 6.6 “Шүүгч нь шүүх дэх бүхий л шүүх хуралдааныг зохистой, хэв журамд нийцүүлэн явуулах бөгөөд хэргийн оролцогч талууд, шүүхийн иргэдийн төлөөлөгч, гэрч, хуульч болон шүүгчийн албан үүргийн дагуу харьцаж буй бусад хүнтэй хүлээцтэй, хүндэтгэлтэй, эелдэг, анхааралтай харьцана. Мөн шүүгч нь түүний хамаарал, чиг үүрэг, хяналтад байдаг бусад хүнийг ийм байдлаар бусадтай харьцаж байхыг шаардана” гэж заасан.
Шүүгч хүн ямагт бусдын эрхэм чанарыг хүндэтгэж эелдэг, хүлээцтэй хандаж, үг хэллэгийг болгоомжтой хэрэглэн бусдад үлгэр жишээ болохуйцаар шүүхийн өндөр нэр хүндэд нийцүүлэн биеэ авч явбал зохих ба шүүгчийн зан байдал, үйл ажиллагаа нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлдэг болохыг ямагт анхаарч ажиллах нь зохистойг дурдах нь зүйтэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасны дагуу шүүх хуралдааны дэгийг сахиулах нь шүүх хуралдаан даргалагчийн үүрэг бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт тайлбар хэлж байх явцад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давхардан ярихад дэг сахих талаар сануулсан шүүгчийн үйлдлийг сахилгын зөрчилд тооцохгүй, энэ талаар илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулж өргөдөлд дурдсан үндэслэл бүрд хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ГС/2026/0048 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Ц.Давхарбаяр
Д.Эрдэнэчулуун