info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2026-04-09

Дугаар 13

Улаанбаатар хот

Магадлалыг хэвээр үлдээх тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Г.Цагаанцоож, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, холбогдох шүүгч Б.Болор-Эрдэнэ нарыг оролцуулан, Сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн СХМ/2026/0024 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гаргасан сахилгын хэргийн оролцогч шүүгч Б.Болор-Эрдэнийн гомдлыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн СХМ/2026/0024 дүгээр магадлалын 1 дэх заалтаар:

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ГС/2026/0009 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь заалтад заасныг баримтлан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэд “нээлттэй сануулах” сахилгын шийтгэлийг оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Болор-Эрдэнэ Сахилгын хороонд гаргасан гомдолдоо:

“... прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх У.А-аас яллагдагч “Ф” ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байдаг.

Хэргийг прокурорт буцаасан үндэслэлийн талаар Шүүхийн сахилгын хороонд 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан тайлбартаа дэлгэрэнгүй дурдсан тул дахин тайлбарлах нь илүүц гэж үзлээ.

Миний гаргасан алдаа нь хэргийг яагаад шүүх хуралдаанаар хэлэлцүүлэлгүй буцаасан бэ? гэдэгт орших ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно.” гэж заасан хуулийн заалтыг шүүгч миний бие:

Нэгдүгээрт: хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хуралдаан товлох юм байна гэж,

Хоёрдугаарт: зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлахаар хуульчилсан байна гэж ойлгон шүүх хуралдаан товлохгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэн мэргэжлийн шинжтэй алдаа гаргаснаа ойлгож, ухамсарлаж байна.

Өөрөөр хэлбэл, би хуулийн дээрх заалтыг ойлгохдоо шүүх хуралдаан зарласан тохиолдолд хэргийн оролцогчдод “шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзжээ" гэх зөрүүтэй ойлголт төрөх юм байна, ийнхүү хэлэлцүүлээд хуралдаанаас хэргийг прокурорт буцаах нь зохимжгүй буюу хэргийн оролцогчдод эргэлзээтэй байдал бий болгоно гэж ойлгосон юм.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 28 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг хэрхэн зөв хэрэглэх талаар тайлбарласан бөгөөд тайлбарын 5.1.3-т “Илт тодорхой” гэдэг нь ... Процессын хуулийн тухайд, уг ойлголтод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй, ... хуулийн заалт хамаарна. ... Харин шүүгчид эрх олгосон “эрхтэй”, “болно” гэсэн заалт хамаарахгүй ...” гэж тайлбарлажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно.” гэж заасан ба энэ нь шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт бус харин шүүгчид эрх олгосон хуулийн заалтад хамаарахаар байна.

Тайлбарын 5.2-т “Ноцтой зөрчих” гэдгийг тайлбарласан бөгөөд ... Процессын хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчих гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно ...” гэж тайлбарласан байна.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлж буй эрүүгийн хэргийн оролцогчид нэгдмэл нэг байр суурьтай /прокурор, өмгөөлөгч нарын хооронд мэтгэлцээн өрнөдөггүй/ буюу яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргадаг, прокурор яллагдагчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч яллагдагч, түүний өмгөөлөгч нарт хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ зэргийг танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлдэг.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг зарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл болон Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-ыг баримтлан шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан шүүх хуралдааныг нэг үе шаттайгаар явуулж хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэдэг болно.

Уг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхгүй прокурорт буцааснаар хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон үйл баримт тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Түүнчлэн Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгчийн 106 дугаартай захирамжийг прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан “хуулийн илт тодорхой заалт" гэснийг үгүйсгэж буйн хэлбэр гэж үзэж байна.

Энэхүү гомдолд дурдсан асуудлууд нь миний бие өөрийгөө өмөөрсөн, зөвтгөсөн шинжийг агуулаагүй бөгөөд гаргасан алдаагаа ойлгож, цаашид илүү хариуцлагатай ажиллахаа үүгээр илэрхийлж байна.

Иймд миний гаргасан анхны алдааг мэргэжлийн шинжтэй алдаанд тооцож, 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн СХМ/2026/0024 дугаартай магадлалаар “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж гомдол гаргав.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Холбогдох шүүгч Б.Болор-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, ... прокурорын газраас, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх яллах дүгнэлттэй, эрүүгийн ... дугаартай “Ф” ХХК-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн, шүүгч Б.Болор-Эрдэнэ нь шүүх хуралдаанаар хэлэлцэлгүй, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/106 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааж, тус зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хэргийг хүлээн аваад шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой гэж үзсэн тохиолдолд шүүх хуралдааныг даруй буюу боломжит богино хугацаанд товлох, даруй хэлэлцэх боломжгүй бол 7 хоногийн дотор шүүх хуралдааныг товлож хэлэлцүүлнэ гэж, 4 дэх хэсэгт товлон зарласан шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлыг хянахаар, 6 дахь хэсэгт шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл дээрх нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед тогтоогдвол шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэж, энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй байхаар хуульчилсан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-аар шүүх хуралдааныг явуулах дэг, дараалал, хянавал зохих нөхцөл байдал зэргийг журамласан бөгөөд тус журмын 2.1 дэх хэсэгт “Шүүгч шүүх хуралдааныг нээх, ирц шалгах, дэг тайлбарлах, шүүгч, прокурор, оролцогч, бусад оролцогчийг зарлах, татгалзан гаргах эрхийг хангах, оролцогчдын эрхийн хэрэгжилтийг шалгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж шалгах, нотлох баримт шинжлэн судлах эсэх талаар талуудын саналыг сонсох, талууд дүгнэлтээ танилцуулах, шүүгдэгч эцсийн үг хэлэх, шүүх хуралдааныг завсарлуулж шүүх шийдвэрээ гаргах, шүүхийн шийдвэрийг танилцуулах, шүүх хуралдааныг хаах гэсэн дарааллаар шүүх хуралдааныг явуулна” гэж заажээ.

Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж бус өөрийн санаачилгаар захирамж гарган прокурорт буцаасан нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн шаардлага, журмыг зөрчсөн гэж үзэх тул энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлтийг хүлээн авсан магадлал үндэслэлтэй байна.

Холбогдох шүүгч нь гомдолдоо “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно.” гэж заасан хуулийн заалтыг хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хуралдаан товлох юм байна, зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлахаар хуульчилсан байна гэж ойлгон шүүх хуралдаан товлохгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэн мэргэжлийн шинжтэй алдаа гаргаснаа ойлгож, ухамсарлаж байна ...” гэж өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байх боловч тус заалт нь хуулийн илт тодорхой заалтад хамаарахгүй, ноцтой шинжийг агуулаагүй гэж дурджээ.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарласан ба тус тайлбарын 3-д “Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно. 4.б.д “Ноцтой зөрчих” гэдгийг: Процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт /зүй бус/ ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэжээ.

Прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж шалгах, тухайн нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзвэл хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэхийг шүүгчид үүрэг болгосон, ингэхдээ тус хуульд заасан ердийн журмаас гадна хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмыг баримтлан, шүүх хуралдааныг зарлан явуулж хэлэлцүүлсний үндсэн дээр шийдвэрлэхээр хуульчилсан тодорхой бус ойлголтыг агуулаагүй байх тул хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Мөн илтгэгч гишүүний шалгах ажиллагаагаар холбогдох хуулийн зохицуулалтыг шүүхүүд өөр өөрөөр хэрэглэж байна гэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг богино хугацаанд, түргэн шуурхай чирэгдэлгүй явуулж, ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийн эрхийг хамгаалах, яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд оршдог.

Гэтэл анхан шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд 6 сар орчмын хугацааг зарцуулж, улмаар хэргийг прокурорт буцаасан захирамж үндэслэлгүй болохыг Улсын дээд шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ХШТ/... дүгээр тогтоолоор “...шүүгч хэргийг хүлээн аваад шүүх хуралдаан явуулахгүйгээр захирамж гарган прокурорт буцаасан төдийгүй шүүх хуралдаанаар хянасны эцэст тогтоогдох нөхцөл байдлыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар явагдах хуульчлагдсан шаардлага, журамтай нийцэхгүй байна” гэж тогтоосноор анхан шатны шүүх дахин ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэх үр дагавар үүссэн байх тул үүнийг хэргийн оролцогчдын эрхийг хамгаалсан гэж үзэхгүй.

Мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын тэгш эрхийн зарчимд тулгуурласан мэтгэлцээний үндсэн дээр явагдаж хэргийн бодит байдлыг тогтоох ёстой байтал шүүх хуралдаан хийлгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарлаж, тэдгээрт мэтгэлцэх боломжийг олгоогүй, эрх нь зөрчигдсөн этгээд болон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” зөрчсөн гэж үзнэ.

Иймд, Сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн СХМ/2026/0024 дүгээр магадлалаар шүүгч Б.Болор-Эрдэнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчих” сахилгын зөрчлийг гаргасан гэж дүгнэн, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасны дагуу “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсныг зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна гэж үзэн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.13-т заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн СХМ/2026/0024 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” магадлалыг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

                                    ДАРГАЛАГЧ                         Х.ХАШБААТАР

                                    ГИШҮҮД                              Г.ЦАГААНЦООЖ

                                                                                    С.ЭНХТӨР