
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-02-24
Дугаар 24
Улаанбаатар хот
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүлээн авч,
сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг, гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Б.Сугар, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, ... прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хяналтын прокурор А.А, холбогдох шүүгч Б.Болор-Эрдэнэ нарыг оролцуулан, сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газрын өргөдөлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэд холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлтийг гишүүн О.Номуулины илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ГНД/2026/0009 дүгээр сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлтдээ:
“... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “илт тодорхой заалт” гэдгийг “тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно”, “ноцтой зөрчих” гэдгийг “процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тайлбарласан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно”, 3-т “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна.”, 4-т “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана”, 6-д “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ...” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 9-д “Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг болон шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална” гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-ыг баталсан байх ба журмын 1.3-т “Шүүх эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүй бөгөөд шүүх хуралдааныг нэг үе шаттайгаар явуулна”, 2.1-д “Шүүгч шүүх хуралдааныг нээх, ирц шалгах, дэг тайлбарлах, шүүгч, прокурор, оролцогч, бусад оролцогчийг зарлах, татгалзан гаргах эрхийг хангах, оролцогчдын эрхийн хэрэгжилтийг шалгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж шалгах, нотлох баримт шинжлэн судлах эсэх талаар талуудын саналыг сонсох, талууд дүгнэлтээ танилцуулах, шүүгдэгч эцсийн үг хэлэх, шүүх хуралдааныг завсарлуулж шүүх шийдвэрээ гаргах, шүүхийн шийдвэрийг танилцуулах, шүүх хуралдааныг хаах гэсэн дарааллаар шүүх хуралдааныг явуулна” гэжээ.
Дээр дурдсан хууль болон журмын зохицуулалтаас үзвэл прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг нэг үе шаттайгаар явуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж шалгах, тухайн нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзвэл хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэхийг шүүгчид үүрэг болгосон, тодорхой бус ойлголтыг агуулаагүй хуулийн илт тодорхой заалт мөн байна.
Улсын дээд шүүхийн 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 2025/ХШТ/.... дүгээр тогтоолд “...шүүгч хэргийг хүлээн аваад шүүх хуралдаан явуулахгүйгээр захирамж гарган прокурорт буцаасан төдийгүй шүүх хуралдаанаар хянасны эцэст тогтоогдох нөхцөл байдлыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар явагдах хуульчлагдсан шаардлага, журамтай нийцэхгүй байна” гэж дүгнэсэн нь шүүгч эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар явуулах хуульд заасан хэлбэр, журмыг зөрчсөн болохыг давхар нотолно.
Гэтэл шүүгч Б.Болор-Эрдэнэ нь ... прокурорын газраас “Ф” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар анхан шатны шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан нөхцөл байдал хангагдаагүй үндэслэлээр прокурорт буцаахдаа шүүх хуралдаан явуулахгүйгээр 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/.... дугаар захирамж гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан зарчмыг мөн зөрчсөн, энэ нь хэргийн оролцогчийн үндсэн эрхийг зөрчсөнд тооцогдох тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчлийн “ноцтой” шинжийг хангасан.
Шүүгч Б.Болор-Эрдэнэ “...Хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлахаар хуульчилсан ба шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлах боломжгүй гэж үзсэн” хэмээн тайлбарласантай холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг шүүхийн практикт хэрхэн ойлгож хэрэгжүүлж байгааг шалгаж үзвэл хяналтын прокурор У.А-ын давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо дурдсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ДШМ/.... дугаартай магадлалд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хувьд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулах буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан заавал зарлах бөгөөд харин шүүх хуралдааныг тухайн хэргийг хүлээн авсан даруйд эсхүл 7 хоногийн дотор зарлах уу гэдгийг ойлгомжтой тодорхой заасан байна...” гэж дүгнээд ижил төрлийн захирамжийг хүчингүй болгосон, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь аймаг дахь сум дундын шүүхүүдээс авсан лавлагаагаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэлгүй прокурорт буцаасан тохиолдолд байхгүй байна.
Иймд холбогдох хуулийн зохицуулалтыг шүүхүүд өөр өөрөөр хэрэглэж байна гэж үзэхээргүй, шүүгч Б.Болор-Эрдэнийг хууль хэрэглээтэй холбоотой мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гаргасанд тооцох боломжгүй бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан зарчмыг баримтлаагүй гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлээр шүүгч Б.Болор-Эрдэнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой ...зөрчсөн” зөрчилд буруутган нотлох дүгнэлт үйлдэв.” гэжээ.
Холбогдох шүүгч Б.Болор-Эрдэнэ тайлбартаа:
“... прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх У.А-аас яллагдагч “Ф” ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг ... 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан байна.
Хэргийн материалыг судлан үзэхэд ... прокурорын газрын 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ........ дугаартай тогтоолоор “Ф” ХХК-ийг 5 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна.” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтны, эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэл хийсэн хүний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамт явагдана.” гэж тус тус заасан байдаг.
Түүнчлэн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэгт тооцохоор, мөн “уг гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” нь мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдохоор тус тус хуульчилсан.
Гэтэл “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан” буюу тухайн хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу зохих тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авалгүйгээр химийн хорт, аюултай бодистой харьцаж, үйл ажиллагаандаа ашиглаж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байхад компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлээгүй этгээдийг яллагдагчаар татаагүй орхигдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүхээс дүгнэсэн.
... Хэрэгт “Ф” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд авагдсан ба гүйцэтгэх захирлаар С.С болон БНХАУ-ын иргэн W нарыг бүртгэсэн байдаг.
БНХАУ-ын иргэн W гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Би тус компанид 70 хувийн хувьцаа эзэмшдэг ба компанийн гүйцэтгэх захирлаар н.Соёл-Эрдэнэ гэж хүн байгаа. С-тэй манай компанийн хувьд шүүхийн маргаантай байгаа...” гэж мэдүүлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, компанийн гүйцэтгэх удирдлагын асуудлаар маргаантай байхад яллагдагч компанийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.М-ыг томилсон итгэмжлэлд W гарын үсэг зурсан байдаг.
Дээрх 2 үндэслэлээр яллагдагч “Ф” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг зарлан явуулах боломжгүй, мөн ердийн журмаар шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн юм.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно.” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлахаар хуульчилсан ба шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлах боломжгүй гэж үзсэн.
Учир нь, шүүх хуралдаан зарласан тохиолдолд хэргийн оролцогчдод “шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзжээ” гэсэн ойлголт төрөх ба энэхүү хуралдаанаар хэргийг прокурорт буцаах нь зохимжгүй буюу бусдад эргэлзээтэй байдал бий болгоно гэж үзсэн юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж заасан талаар өргөдөлд дурджээ.
Гэвч энэхүү хуульд заасан ердийн журам гэдэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хамаарахгүй гэж ойлгож байна.
Өөрөөр хэлбэл, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах гэсэн 2 асуудлыг хэлэлцүүлдэг. Тиймээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэрэгт шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох хууль зүйн үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй.” гэж заажээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзсэн буюу 4.1-т заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэн, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй гэж заасан тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзсан.
Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг прокурорт буцаах тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг, харин ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн хэрэгт хэргийн оролцогчийн хүсэлт болон шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож, хэргийг хэлэлцүүлэн прокурорт буцаахаар шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэхээр ялгаж зааглан хуульчилсан гэж ойлгож байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Илтгэгч гишүүн, өргөдөлд дурдсан үйл баримтын хүрээнд шалгах ажиллагаа явуулж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, нотлох дүгнэлт үйлдсэнийг хүлээн авах үндэслэлтэй байна.
... прокурорын газраас, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх яллах дүгнэлттэй, эрүүгийн ..... дугаартай “Ф” ХХК-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн, шүүгч Б.Болор-Эрдэнэ нь шүүх хуралдаанаар хэлэлцэлгүй, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/.... дугаар захирамжаар Нийслэлийн прокурорын газарт хэргийг буцааж шийдвэрлэсэн нь сахилгын хэрэг дэх баримтаар тогтоогдоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно”, 3-т “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна”, 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана”, 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ...” гэж заасан.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-ын 1.3 дахь хэсэгт “Шүүх эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүй бөгөөд шүүх хуралдааныг нэг үе шаттайгаар явуулна”, 2.1 дэх хэсэгт “Шүүгч шүүх хуралдааныг нээх, ирц шалгах, дэг тайлбарлах, шүүгч, прокурор, оролцогч, бусад оролцогчийг зарлах, татгалзан гаргах эрхийг хангах, оролцогчдын эрхийн хэрэгжилтийг шалгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж шалгах, нотлох баримт шинжлэн судлах эсэх талаар талуудын саналыг сонсох, талууд дүгнэлтээ танилцуулах, шүүгдэгч эцсийн үг хэлэх, шүүх хуралдааныг завсарлуулж шүүх шийдвэрээ гаргах, шүүхийн шийдвэрийг танилцуулах, шүүх хуралдааныг хаах гэсэн дарааллаар шүүх хуралдааныг явуулна” гэжээ.
Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх хугацаа нь ердийн журмаас богино, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн онцлогтой холбоотой гэм буруугийн болон хэргийн нотолгооны талаар хэлэлцүүлэг хийхгүйгээр нэг үе шатаар хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэхээр хуульд заасан байхад шүүгч Б.Болор-Эрдэнэ нь шүүх хуралдаан хийлгүй, хэргийг прокурорт буцаасан нь дээрх хууль, журамд заасанд нийцээгүй байна.
Иймд, илтгэгч гишүүний “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно”, 3-т “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна.”, 4-т “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана”, 6-д “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ...” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 9-д “Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг болон шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална” гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам” баталсан ... хуулийн илт тодорхой заалт мөн байна ... ” гэж дүгнэснийг хүлээн авах үндэслэлтэй байгаагийн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан илт тодорхой заалтыг ч зөрчсөн гэж үзлээ.
Шүүгчийн энэ үйлдлээс,
- шүүгчийн хэргийг прокурорт буцаасан захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлийг шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/.... дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан,
- ... прокурорын газрын 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн .... дугаар албан бичгээр эсэргүүцлийг, хэргийн хамт давж заалдах шатны шүүхэд хянуулахаар анхан шатны шүүхэд дахин хүргүүлсэн,
- Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар албан бичгээр уг эрүүгийн хэргийг тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн,
- улмаар давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ДШМ/... дүгээр магадлалаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/.... дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн,
- Улсын дээд шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ХШТ/.... дүгээр тогтоолоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/.... дугаар захирамж, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ДШМ/.... дүгээр магадлалыг хүчингүй болгож, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн нь, хэргийн оролцогчид чирэгдэл учруулсан, шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх хугацааг сунжруулсан, хуулиар өөрт олгосон эрхээ хэтрүүлж, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн үндсэн эрхийг хязгаарласан байх тул шүүгчийг “ноцтой” зөрчил гаргасан гэж үзнэ.
Харин холбогдох шүүгч нь сахилгын хорооны хуралдаанд “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэж тодорхой заасан. Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааныг зарлан явуулна гэж заасан учраас би “зарлах боломжгүй байна, товлосон тохиолдолд хэргийн оролцогч нарт эргэлзээтэй ойлголт төрөх юм байна, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзээд эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааныг товлочихлоо гэж ойлгогдох юм байна” гэж үзсэн. Гэтэл “шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд, нөхцөл байдлыг прокуророос тодруулж хэргийг прокурорт буцаах нь эргээд хэргийн оролцогч нарт эргэлзээтэй ойлголт төрүүлэх юм байна” гэж үзээд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр прокурорт буцаасан ...” гэж тайлбарласан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь шүүх хэргийг хүлээн аваад шүүх хуралдаанаар хэлэлцэхэд бэлэн гэж үзсэн, тухайлбал, хэрэг маргаан нь ойлгомжтой, тодорхой, шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогч бүрэн байвал шүүх хуралдааныг даруй буюу боломжит богино хугацаанд товлох, даруй хэлэлцэх боломжгүй бол 7 хоногийн дотор шүүх хуралдааныг товлож хэлэлцүүлнэ гэж ойлгохоор байгааг дурдаж байна.
Дээрхээс дүгнэвэл, шүүгч Б.Болор-Эрдэнэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ... зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчсөн болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нотлох дүгнэлтийг хүлээн авч, холбогдох шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэж заасны дагуу шүүгч нь анх удаа хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэснийг харгалзан, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь заалтад “энэ хуулийн … 50.1.23, …-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, …” сахилгын шийтгэл оногдуулна гэсний дагуу холбогдох шүүгчид “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ГС/2026/0009 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь заалтад заасныг баримтлан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэд “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2.Магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮД Б.СУГАР
Д.МЯГМАРЦЭРЭН