
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-04-16
Дугаар 58
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2026/...1 дүгээр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“...Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Эрх бүхий албан тушаалтан нь О.Н...-г Баянгол дүүргийн 2... дугаар хороо 5... байрны 5... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Х...-ыг зодож, гэрээсээ хөөж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан зөрчил үйлдсэн гэх зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 4.4 дэх заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээж, шүүхэд шилжүүлсэн.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар зөрчлийн хэргийг хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 3... дүгээр шийтгэврээр О.Н-д холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгч Ч.Алдар нь О.Н...д холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов.
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 11-т “Энэ хуульд заасан эрүүгийн хэргийн шүүхийн анхан шатны журмаар харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэргийг нийслэлд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ”, 8.1 дүгээр зүйлийн 8.1.1-т “Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийг энэ хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын дүгнэлт, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчийн гомдлоор анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ”, 8.1.10-т “Шүүгч шүүх хуралдаанд оролцогчдыг бүртгэж, талуудын гаргасан гомдол, дүгнэлтийн үндэслэл, тайлбарыг сонсож шийдвэр гаргана”, 8.1.11-т “Оролцогч гаргасан гомдол, түүний үндэслэлийн талаарх нотлох баримтыг шүүх хуралдаанд танилцуулна”, 8.1.12-т “Шүүх хуралдаанд эрх бүхий албан тушаалтан шийдвэрийнхээ, прокурор дүгнэлтийнхээ, оролцогч гомдлынхоо үндэслэлийг нэг удаа тайлбарлана” гэж заасан.
Дээрх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд:
Даргалагчаас: Зөрчил хянан шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлгийг нээж, хуралдаанд оролцогчдын ирцийг бүртгэж, оролцогч нарт ирцтэй холбоотой санал, хүсэлт байгаа эсэхийг асууж тодруулан, шүүхийн хэлэлцүүлгийн дэгийг танилцуулж, оролцогчдод эрх, үүргийг тайлбарлаж, шүүгч болон оролцогчдыг нэр заан танилцуулж хуульд заасан үндэслэлээр татгалзан гарах хүсэлт байгаа эсэхийг асууж тодруулан талуудын гаргасан гомдол, дүгнэлтийн үндэслэл, тайлбарыг сонссон байна. Тодруулбал:
Даргалагчаас: Зөрчилд холбогдогчид шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг
дэлгэрэнгүйгээр тайлбарлан өгч ойлгосон эсэхийг лавлахад
Зөрчилд холбогдогч: Ойлголоо гэв.
Даргалагчаас: Хохирогчид шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг дэлгэрэнгүйгээр тайлбарлан өгч ойлгосон эсэхийг лавлахад
Хохирогч: Ойлголоо гээд хууль сануулсан баримт дээр гарын үсэг зурав.
Даргалагчаас: Шүүгч болон оролцогчдыг нэр заан танилцуулаад, шүүгч болон
оролцогчдыг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт байна уу гэхэд
Оролцогчид: Татгалзалгүй гэжээ.
Дээр дурдсанаас үзвэл, хуралдаан даргалагч нь оролцогчдод шүүх хуралдаанд эдлэх эрх, үүрэг, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах эрхийг тайлбарлан өгч, энэ талаар хүсэлт байгаа эсэхийг асууж тодруулсан, хохирогч холбогдох баримтад гарын үсэг зурсан байна.
Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэл, тухайн зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэврээс үзвэл, тус шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Ариунболд оролцсон, энэ тохиолдолд хохирогч дээрх асуудлаар өмгөөлөгчөөсөө хууль зүйн туслалцаа авч, татгалзан гаргах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой болно.
Иймд өргөдөлд дурдсан “...шүүгч Ч.Алдар шүүх хуралдааны үеэр шүүгчээс татгалзах эрхийг огт сануулаагүй тул шүүгчийг эсэргүүцэж чадаагүй хохирсон....” гэх гомдол тогтоогдоогүй.
2. Өргөдөлд “...хурлын үеэр О.Н... нь өөрийг тань яаж хүчирхийлж байсан бэ гэж асууж намайг яриулахаар босгосон хэр нь намайг тоймлон баримттай ярьж эхлэнгүүт, чи суу, ярья гэвэл яриад л байна гэж яриаг тасалж, хүчлэн суулгаж, бодит байдлыг албаар огт сонсоогүй...” гэх гомдлыг тодруулахаар шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг нотлох баримтаар гаргуулан авахаар шийдвэрлэсэн.
Тус шүүхийн Тамгын газар 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 5... дугаар албан бичигтээ “...тус шүүх 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд шүүх хуралдааны бичлэг хадгалах тоног төхөөрөмжгүйгээс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн О.Н...д холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг хийгдээгүй байна” гэх хариу ирүүлсэн.
Харин шүүх хуралдааны тэмдэглэлд:
Даргалагчаас: Та хохирогчийг гэрээс хөөсөн гэх асуудлаас хойш хэзээ уулзсан бэ гэхэд
Зөрчилд холбогдогч: Энэ хүн 2024 оны 09 дүгээр сарын 20-д гаргаад ирсэн. 2024 оны 03 дугаар сараас хойш огт уулзаагүй. Надтай утсаар ярьж байсан. 2024 оны 07 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд энэ хүн сумынхаа ойтой гээд машин гуйж залгаж байсан. 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс хойш огт уулзаагүй гэв.
Даргалагчаас: Хохирогчоос асууя. Холбогдогч 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс хойш тус оны 09 дүгээр сарын 20-д гартал тантай биечилж уулзсан зүйл байхгүй гэж ярьж байна. Энэ үнэн үү гэхэд
Хохирогч: Энэ бол худлаа. Хөөгдсөнөөс болоод бие өвдөөд эмнэлэгт хэвтэж байгаа 03 дугаар сарын 18-ны өдөр очсон юм. Тэгтэл дугуй засвар хаалттай. Гэр цоожтой байсан гэжээ.
Даргалагчаас: Хохирогч та гэр бүлийн гишүүн, төрөл садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй та мэдүүлэг өгөх үү гэхэд
Хохирогч: Мэдүүлэг өгнө гэв.
Даргалагчаас: Хохирогчийн мэдүүлгийг сонсъё гэхэд
Хохирогч: Ийм зургууд байж байгаа юм. Энэ хүн сая хэллээ шүү дээ. Бид хоёр 2018 оноос хойш амьдарч байгаа. Өмнө 2016 онд танилцаад 2017 онд хоёулаа хүүхэд шиг гал халуун үерхээд, гар хөлөө барилцаад явж байсан. Бид хоёрыг цугтаа амьдарч байхад манай охинтой зургаа авхуулаад, энэ ачийг нь дагуулаад л яваад байдаг байсан. Тэгээд ингээд 2016 онд танилцсан байгаа юм. Энэ хүн анхнаасаа худлаа яриад байх юм. Та намайг таних уу. Намайг гомдол гаргаснаас хойш “энэ хүнийг би танихгүй” гээд ямар нэгэн материал бүрдүүлж өгөхгүй гээд байна гэж эрх бүхий албан тушаалтан хэлж байсан. Тэгээд материалаа бүрдүүлж өгөөгүй юм. Би энэ хүнийг танина. Оросоогийн Н... гэдэг энэ хүний ар гэр амьдралыг би бүгдийг нь мэднэ. 2016 онд Төв аймгийн би Оросын холбооны улс руу сургалтад явах гэж байгаад энэ хүнтэй танилцсан. Танилцсанаасаа хойш мартчихсан байсан. Тэгээд Оросын холбооны улс руу явж ирчхээд энэ хүнтэй дахиж тааралдаад хоёулаа өмнө нь танилцаж байсан юм чинь бүүр сайн танилцаад энэ хүн манайд шууд ирсэн. 2016 оны 08 дугаар сараас эхлээд манай гэрт бид нар амьдарсан. Би энэ хүнд үнэн сэтгэлээсээ сайн байсан. 8 жил болчихсон 9 дэх жилдээ орж байна. Одоо ч гэсэн миний сэтгэл маань салахгүй, үнэнч, сэтгэл зүрхний гүнд хэвээр байсаар байгаа. Тэр үед “би ээжтэйгээ гэр хороололд амьдардаг, миний охины хүү буюу миний зээ хүү болох сургуульд орох гэж байгаа Ц... надтай хамт амьдардаг, би өмнө нь 22 жил цуг амьдарч байсан хүнээсээ тусдаа байгаа, бид хоёр санаа сэтгэл нийлэхээ больсон, тэр хүн маань жоохон архины хамааралтай болсон, бид хоёр тусдаа амьдардаг, хоёр охин маань хүн дагаад явчихсан, бүгдээрээ амьдрал ахуйгаа дагаад явчихсан, би бол ганц бие эр хүн байна, амьдралын янз бүрийн бэрхшээлээс болоод миний амьдрал минь бүтэлгүй болоод өнөөдөр өөрийн гэсэн гэр оронгүй, ажил төрөлгүй ээж дээрээ амьдарч байна, чи надтай амьдрах уу, би чамтай амьдармаар байна, чи шийд гээд” гэж байсан. Надад энэ хүний байж байгаа байдал надад үнэхээр таалагдаж байсан, янз бүрийн эрэгтэй хүнтэй холбогдож байгаагүй, өмнө нь 4 хүүхдийн маань эцэг өвчний улмаас нас барсан. Тэрнээс хойш хүүхдүүд жоохон байсан учраас ажил сургууль гэж явсаар байгаад амьдралын төлөө зүтгэсээр байгаад таарсан учир би энэ хүнд үнэндээ сайн байсан. Одоо хүртэл 7, 8 сар энэ хүнийг зүүдлээгүй шөнө гэж байхгүй. Ер нь бол сэтгэлийн өөрчлөлтөөс болоод нойргүйдэлд орчихсон. Би энэ хүнд анхнаасаа үнэнч байсан шүү. Энэ хүн Приус-11 унадаг байсан. Өөрийнх нь машин эвдэрчихсэн гээд хамаатныхаа нэг хүнээс Приус-11 машиныг нь авч унаад “Улаанбаатар Төв аймгийн хооронд 2000 төгрөгөөр хүн зөөж өдөрт 8000 төгрөг, эргэж буцаад нийт 16000 төгрөг олоод, 8000 төгрөгөөр нь ээждээ мах ав гэж өгдөг, үлдсэн 8000 төгрөгөөр нь түлш бензин хийгээд амьдралаа залгуулдаг хүний амьдрал ёстой босоотой унаатай байдаг юм байна” гээд зөндөө юмаа ярьсан. Би энэ хүнийг үнэхээр өрөвдсөн. Би сэтгэлээрээ туслахыг хичээсэн. Өөртөө байгаа бүх зүйлийг өгсөн. Тэр үед өөртөө байгаа сэтгэл зүрх, дараа нь цалингийн зээл, тэтгэврийн зээл хүүхдүүдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмж, багшийн 5 жилийн тэтгэмж, дээр нь ариун цагаан хөдөлмөр бие сэтгэл гээд бүх юмаа энэ хүнд зориулсан. Гэтэл энэ хүн өнөөдөр намайг танихгүй гээд явж байгаа нь надад бол харамсалтай байна. Гомдолтой байна. 2017 онд амьдарч байгаад хотод ажилтай байгаа учраас хэцүү юм байна гээд дугуй засварыг анх ажиллуулах гээд тоног төхөөрөмж авъя, ямар ч мөнгө байхгүй гэхэд нь би шууд 5 жилийн тэтгэмжээ аваад 2.000.000 төгрөг өгөөд энэ хүн дугуй засварын төхөөрөмж аваад дугуй засвараа ажиллуулсан. Тэгээд манай гэрээс явдаг болсон. Өглөө хоол ундыг нь бэлдэж өгөөд, хувцас хунар, эрүүл мэнд бүх талаар нь би энэ хүнийг өөд нь татсан. Миний цалингаар авсан куртикээ хүртэл өнөөдөр өмсчихсөн солиогүй явж байна. Би ч өөрөө аз жаргалтай байсан. Энэ хүн ч гэсэн өөрөө гоё байсан. Тэгээд хамт амьдраад энэ хугацаанд энэ хүн муу муухай зан гээд бүх санаагаа далдалчихсан гоё сайхан хүн шиг л байсан. Тэгээд энэ хүн “хоёулаа Улаанбаатарт байр авъя” гээд хот руу орж байгаад хоёулаа хуучин байрыг засаад авсан. Энэ үеэс хойш энэ хүний маск нь тайлагдаж, жинхэнэ хүн чанар гэдэг нь гарч ирсэн. Би хамаг мөнгөө 2020 онд байр авах гээд 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор 5.000.000 төгрөг шилжүүлнэ шүү гэхээр нь тэр өдрөө Э...-ийн дансанд шилжүүлсэн баримт нотолгоо хүртэл байж байгаа шүү дээ. Бид хоёрын дундын өмч байгаа юм. Тэгээд намайг ажилладаггүй байсан гэж байна. Би өглөөний үүрээс үдшийн бүрий хүртэл суурь өвчтэй болтлоо бүх юмыг хийгээд, өөрийнх нь эрүүл мэндийг нь тордоод, гэр орныг нь янзлаад бүх л ажлыг нь хийдэг байсан гэв.
Даргалагчаас: Хохирогч та эрх бүхий албан тушаалтны оруулж ирсэн саналын хүрээнд тухайн өдөр ямар асуудал болсон талаар ярина уу гэхэд
Хохирогч: Хамт амьдарсан 7-8 жилийн хугацаанд байнга хөөж тууж, сэтгэл санааны дарамт учруулдаг байсан. 2019 оны 10 дугаар сард өөрийнхөө зээ хүү Ц...-ийг “угаалгын өрөөнд оруулж суултуурыг угааж шээсийг нь арчиж цэвэрлэж бай, миний хүү энэ гэрт хүссэнээрээ дураараа амьдрах болно, чи энэ хүүхдийн өмнөөс юу ч дуугарч болохгүй, амаа хамхиж чадахгүй бол чи миний гэрээс зайл гээд түлхэн хөөж гаргаж байсан. Энэ цагаас хойш зээ хүү Ц... дуртай цагтаа намайг ирээд сууж, хурдал бушуухан хурдал гэж шалж зогсдог болсон. Үүнийг Н...д хэлэхэд “би хүүхдэдээ юм хэлэхгүй, дургүй бол чи зайлаарай, энэ бол миний хүүгийн гэр, миний хүүхдүүдийн гэр” гэж хүүгийн хажууд хэлдэг болсон цагаас хойш энэ хүү мөн намайг хүчирхийлдэг болсон. 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Н...-ийн ээж нь манайд ирж сайхан хоол унд идэж ундаалаад “баярлалаа" гэж хэлээд гарсан. Гэтэл Н... зөрж орж ирээд “чи миний ээжийг хөөсөн байна, одоохон гэрээс зайл хурдал хурдал” гэж намайг сандраасан. Яг тэр үед Н... дүү нар луугаа залгаж гэмгүй байсан намайг хэл амаар доромжилж “ээжийг минь хөөсөн байна” гэж ор үндэсгүй гүтгэлэг явуулахад “чамайг очоод алаад өгье” гэж дүү нар нь хашхирч байсан. Н... бусад дүү нар луугаа залгаж “энэ хүнийг хөөгөөд зогсоод байна, юмыг нь бэлдүүлээд байж байна, гэрийн түлхүүр” гэж хэлээд гэрийн түлхүүрүүдийг надаас шүүрч аваад тоолоод хурдан явахыг шаардсан. Жижиг машинтай байсан учир Төв аймагт ирээд сэтгэл санаагаар хохирч шөнө унтаж чадахгүй өглөө цонхоороо харахад Н... машиныг маань аваад явчихсан байсан гэв.
Даргалагчаас: Хохирогч та эрх бүхий албан тушаалтны оруулж ирсэн саналын хүрээнд тухайн өдөр ямар асуудал болсон талаар ярина уу гэхэд
Хохирогч: 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Н...-ийн охин нь ирсэн. Өмнө нь байнга ирдэг байсан. Би учир явдлыг ойлгож байсан. Бид хоёр уураг гээд амин чанар буюу уураг ууснаас болоод би жоохон тулаатай, уураг тулаанд жоохон эсрэг заалттай байдгийг мэдэхгүй уусаар байтал миний бие жоохон өвдөөд хавагнаад хэцүү байдалтай байсан. Охиндоо хоол хийж өг гэхээр нь “чи хийж өг, эртхэн шиг надад хэлэхгүй яасан бэ” гэсэн чинь “одоо орж ирж байна” гэхээр нь орж ирэхэд хоол хийж байсан. Тэр үед би хумсныхаа будгийг авхуулъя гээд цаг авчихсан байсан учраас гарчхаад ирье гээд гарсан. Тэгээд буцаад орж ирэхэд хүүхдүүдтэйгээ хоол идчихсэн байж байсан. Тэгээд хүүхдүүд нь 12 цаг хүртэл сууж байгаад явсан. Явсны дараа энэ хүн өөрөө хэрүүл хийгээд үргэлжлүүлээд “чи яагаад миний хүүхдүүдийг хоол унд идэж байхад гараад явчхав, юу хийсэн юм” гээд хэрүүл маргаан эхэлсэн. Тэгэхээр нь “чи надад хэлэхгүй яасан бэ" гэсэн чинь “чи энэ гэр орноос зайлаарай, миний гэр орон, миний хүүхдүүдийн гэр орон, миний хүүхдүүд дуртай цагтаа энэ гэр оронд ирж дуртай юмаа хийнэ, чи энэ гэр орноос зайлаарай” гэсэн. Би хурдан түргэн хөдөлдөг шүү, миний уур уцаар их хүрдэг шүү, уур уцаараа барих нь зөв шүү гэж бодоод өөрийгөө барьж байгаад хүүхдийн өрөөнд унтчихаад өглөө боссон. Өглөө босоод энэ хүнийг намайг дандаа хөөдөг, 8 жилийн турш хөөсөн юм чинь одоо надаас уучлалт гуйх болов уу, тэгвэл ёстой тэврээд авна даа гэж бодсон чинь босоод угаалгын өрөө рүү явахдаа “чамайг би хөөсөн, өчигдөр хөөсөн, одоо яв, хурдан яв гээд хэлчихсэн байгаа шүү, гэр орон чөлөөл, хурдал бушуу” гээд эхэлсэн. Тэгэхээр нь би дахиад “тэвчих ёстой" гээд байж байсан. Тэгээд байж байсан чинь доор дугуй засварт нь ороод суучихсан. “Чи мөнгө төгрөг идээд байх шиг байна, миний мөнгө бага орсон байна, эмнэлэгт хэвтсэн хойгуур” гээд байсан. 2, 3 хоногийн өмнө эмнэлгээс гарсан байсан. Тэгээд камер шүүж байхдаа “энэний учрыг ч олохгүй юм байна, чи хурдан яв, хурдан яв, би чамайг яв гээд хэлчихсэн байгаа, би гэрт орно, гэрт ороход чи гэр чөлөөлчихсөн байна шүү наад хог новшнуудаа аваад зайлчихсан байгаарай” гэсэн. Тэгээд тэр өдөр 03 дугаар сарын 08-ны өдөр байсан учраас орж ирээд хэрүүл маргаан үүсэж магадгүй гээд би амаа тас хамхиад боодолтой ойр зуурын юмаа авсан. Ихэнх хувцас хунар хуучин, засуулах гээд тавьчихсан байсан зурагт, угаалгын машин янзлуулах гээд тавьчихсан байсан тэд нарыгаа бүгдийг нь аваад гадаа тавьчхаад “энэ хүн 8 жилийн турш намайг хөөлөө, ингээд байж суулгахгүй байгаа юм чинь ханддаг газар нь хандвал яасан юм бэ" гэж бодоод “олон удаа намайг хүчирхийлж байна” гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ингээд дуудлага өгсөн чинь цагдаагийн 2 алба хаагч ирээд “таныг тэмдэглэж авлаа” гээд хаалга тогшоод Н...-ээс асуусан. Н... “тийм ээ би наад хүнийг чинь хөөсөн, яваг” гэж хэлсэн. Тэгээд би охиноо дуудаад явсан” гэсэн тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч 3 удаа тайлбар гаргаснаас үзвэл шүүгчийг хохирогчийн тайлбар гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т “Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно”, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэжээ.
Холбогдох шүүгч хэрэгт ач холбогдолтой асуудлыг тодруулах зорилгоор хэргийн оролцогчийн хэн алинаас нь асуулт асуух эрхтэй бөгөөд хэргийн оролцогчоос зөрчлийн хэргийг шийдвэрлэхтэй холбоотой ямар асуулт асуусан нь тэмдэглэлд тодорхой тусгагдсан байх ба зөрчилд холбогдогчоос “... О.Х...-тай 07 дугаар сард уулзаагүй биз дээ...” гэж асуусан талаар тэмдэглэлд тусгагдаагүй байна.
Түүнчлэн даргалагч “...чи суу, ярья гэвэл яриад л байна гэж яриаг тасалж, хүчлэн суулгасан...” гэсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна.
Гэрч Б.Б... “...шүүгч Ч.Алдарын даргалсан 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зөрчлийн хэргийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцож тэмдэглэл хөтөлсөн. Энэ шүүх хуралдаанд бичлэг хийгдсэн эсэхийг сайн санахгүй байна. Шүүх хуралдаан эхлэхэд маузтай дэлгэцтэй төхөөрөмж байдаг түүнийг чэклэхээр бичлэг хийгддэг. Рекордын ногоон дүрс асахаар бичлэг хийгддэг, унтрахаар бичлэг унтарлаа гэж ойлгодог. Шүүх хуралдааны бичлэг ямар хугацаанд хадгалдгийг би сайн мэдэхгүй, нарийн бичгийн дарга нь шаардлагатай үед Тамгын газрын аяти мэргэжилтнээр дамжуулан бичлэгийг ухрааж үздэг. ...Ганц энэ шүүх хуралдаан дээр бус бүх шүүх хуралдаан дээр шүүгч хэргийн оролцогчдын эрх үүргийг тайлбарлан өгч, татгалзан гаргах эрхийг танилцуулдаг. ...хэргийн оролцогч нь гэр бүлийн холбоотой хүмүүс байгаа бол хохирогч талд Үндсэн хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, энэ талаар баримт үйлдэж гарын үсэг зуруулдаг. Үүний дагуу энэ хэргийн хохирогч Х... эрх үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байна. ...Шүүх хуралдааны тэмдэглэлд бүх зүйлийг нэг бүрчлэн тусгадаг болохоор тэмдэглэлээс үүнийг харж болно. ...Шүүгч Ч.Алдар хэргийн оролцогч нартай зүй бус авирлах, тэднийг загнах гэх мэт үйлдэл гаргадаггүй. Шүүгчийн зүгээс хэргийн оролцогч нартай хуульд заасан журмын дагуу харилцаж, тэдний эрхийг хүндэтгэж шүүх хуралдаанаа явуулдаг. Шүүх хуралдааны тэмдэглэл ер нь 7 хоногтоо бэлэн болдог. Тэмдэглэлтэй шүүгч танилцаж гарын үсэг зурж албажуулдаг. Энэ шүүх хуралдааны тэмдэглэлтэй хэргийн оролцогч нар танилцах хүсэлт гаргаагүй..” гэж мэдүүлсэн.
Иймд өргөдөлд дурдсан “...хурлын үеэр О.Н...-г чи О.Х...-тай 07 дугаар сард уулзаагүй биз дээ гэж О.Н...-д санаа өгч, хөөн хэлэлцэх хугацаа байхгүй болсон гэдэг талаар илтэд зөвлөсөн ...О.Н... нь өөрийг тань яаж хүчирхийлж байсан бэ гэж асууж намайг яриулахаар босгосон хэр нь ... бодит байдлыг албаар огт сонсоогүй. ...шүүх хуралдааны үеэр зөвхөн нэг талыг барин асуудал ярьж байгаа нь илт, миний хохирсон эрх ашгийн эсрэг хандлагатай шүүх хурлыг чиглүүлж байсан...” гэх гомдол үндэслэлгүй байна.
3.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 6-т Шүүгч зөрчлийг хянан шийдвэрлэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, 6.1-т “зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох”, 6.2-т “шийтгэл оногдуулах”, 8.2 дугаар зүйлийн 2-т “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болно”, 3-т “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш ажлын 5 өдрийн дотор бичгээр үйлдэж, оролцогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид гардуулан өгнө”, 6-т “Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий албан тушаалтан, оролцогч гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болно”, 7-т “Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан гомдол, эсэргүүцлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасан журмаар гаргана”, 8-т “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна” гэж заасан.
Шүүгч тухайн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шийтгэвэрт тодорхой дурдсан байх ба энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгч, прокурор эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхийг тайлбарлан өгсөн, шийтгэврийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан байна.
Хэргийн оролцогч, өмгөөлөгч, прокурор шийтгэврийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байх ба үүнд шүүгчийг буруутгах боломжгүй.
Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй болно.
Дээр дурдсанаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.23-т заасан хориглолтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Шүүгч Ч.Алдар тайлбартаа: “Иргэн О.Х-ын гомдолтой холбогдуулан дараах тайлбар болон нотлох баримтыг гаргаж байна.
1. Шүүх хуралдаан нь төрийн нэрийн өмнөөс явагддаг ба шүүх хуралдаан даргалагчийн хууль ёсны шаардлага буюу дэгийн дагуу явагддаг. Өөрөөр хэлбэл холбогдогч, хохирогч нар нь шүүх хуралдааны дэг сахиж мэдүүлэг, тайлбараа гаргадаг болно.
2. Тухайн шүүх хуралд иргэн О.Х... хохирогчоор тогтоогдон оролцсон ба эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулж, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.А...той оролцсон байна. Уг шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүхээс татгалзах эрхтэйг тайлбарласан, мөн шүүхийн шийдвэрт, давж заалдах гомдлыг тайлбарласан байна. Шүүх хуралдааны үеэр нэмэлтээр эрх үүрэг тайлбарлаж тэмдэглэлд гарын үсэг зуруулж хавтаст хэрэгт хавсаргасан, шүүх хуралдаанд хохирогч, холбогдогч нарын зүгээс, хүсэлт гарган баримтыг хавтаст хэрэгт хавсаргуулсан байна.
3. Шүүхийн шийдвэрийн хувьд давж заалдах гомдол гаргах эрх нь хохирогч, холбогдогч, тэдгээрийн өмгөөлөгч болон хяналт тавьж байгаа прокурорт нээлттэй ба шийдвэрийг гардуулж өгсөн баримтыг хавтаст хэрэгт авагдсан байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн О.Х...-ын өргөдлөөр илтгэгч гишүүн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдарт холбогдуулан 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ГЗҮ/2025/...0 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг үндэслэлтэй гэж үзлээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ЗШ/...1 дугаар шийтгэврээр О.Н...д холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Илтгэгч гишүүн тус шүүхийн Тамгын газраас О.Н...д холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцсэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг гаргуулахаар хандахад, тухайн шүүхийн Тамгын газрын 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 5... дугаар албан бичигт “...тус шүүх 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд шүүх хуралдааны бичлэг хадгалах тоног төхөөрөмжгүйгээс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн О.Н...д холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг хийгдээгүй байна” гэсэн тул шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар авчээ.
1. Өргөдлийн “...шүүгч Ч.Алдар шүүх хуралдааны үеэр шүүгчээс татгалзах эрхийг огт сануулаагүй тул шүүгчийг эсэргүүцэж чадаагүй хохирсон...” гэх тухайд:
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 11-д “Энэ хуульд заасан эрүүгийн хэргийн шүүхийн анхан шатны журмаар харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэргийг нийслэлд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.1-д “Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийг энэ хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын дүгнэлт, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчийн гомдлоор анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ”, 8.1.10-т “Шүүгч шүүх хуралдаанд оролцогчдыг бүртгэж, талуудын гаргасан гомдол, дүгнэлтийн үндэслэл, тайлбарыг сонсож шийдвэр гаргана” гэж тус тус заажээ.
Тухайн зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд;
Даргалагчаас: Зөрчил хянан шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлгийг нээж, хуралдаанд оролцогчдын ирцийг бүртгэж, оролцогч нарт ирцтэй холбоотой санал, хүсэлт байгаа эсэхийг асууж тодруулан, шүүхийн хэлэлцүүлгийн дэгийг танилцуулж, зөрчилд холбогдогчийн биеийн байцаалтыг сонсон, оролцогчдод шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг дэлгэрэнгүйгээр тайлбарлан өгч ойлгосон эсэхийг лавлахад
Зөрчилд холбогдогч: Ойлголоо гэв.
Даргалагчаас: Хохирогчид шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг дэлгэрэнгүйгээр тайлбарлан өгч ойлгосон эсэхийг лавлахад
Хохирогч: Ойлголоо гээд хууль сануулсан баримт дээр гарын үсэг зурав.
Даргалагчаас: Шүүгч болон оролцогчдыг нэр заан танилцуулаад, шүүгч болон оролцогчдыг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт байна уу гэхэд
Оролцогчид: Татгалзалгүй гэсэн болох нь тэмдэглэгджээ.
Гэрч Б.Б... “...Ганц энэ шүүх хуралдаан дээр бус бүх шүүх хуралдаан дээр шүүгч хэргийн оролцогчдын эрх үүргийг тайлбарлан өгч, татгалзан гаргах эрхийг танилцуулдаг. ...хэргийн оролцогч нь гэр бүлийн холбоотой хүмүүс байгаа бол хохирогч талд Үндсэн хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, энэ талаар баримт үйлдэж гарын үсэг зуруулдаг. Үүний дагуу энэ хэргийн хохирогч Х... эрх үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байна. ...Шүүх хуралдааны тэмдэглэлд бүх зүйлийг нэг бүрчлэн тусгадаг болохоор тэмдэглэлээс үүнийг харж болно...” гэж мэдүүлсэн байна.
Иймд хуралдаан даргалагч нь оролцогчдод шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг дэлгэрэнгүй тайлбарлан, шүүх бүрэлдэхүүнээс хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах эсэхийг асуухад, хэргийн оролцогчоос татгалзал гаргаагүй тул шүүгчийг буруутгахгүй.
2. Өргөдлийн “...хурлын үеэр О.Н...г чи О.Х...тай 07 дугаар сард уулзаагүй биз дээ гэж О.Н...-д санаа өгч, хөөн хэлэлцэх хугацаа байхгүй болсон гэдэг талаар илтэд зөвлөөд байсан ... хурлын үеэр О.Н... нь өөрийг тань яаж хүчирхийлж байсан бэ гэж асууж намайг яриулахаар босгосон хэр нь намайг тоймлон баримттай ярьж эхлэнгүүт, чи суу, ярья гэвэл яриад л байна гэж яриаг тасалж, хүчлэн суулгаж, бодит байдлыг албаар огт сонсоогүй...” гэх тухайд:
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.12-т “Шүүх хуралдаанд эрх бүхий албан тушаалтан шийдвэрийнхээ, прокурор дүгнэлтийнхээ, оролцогч гомдлынхоо үндэслэлийг нэг удаа тайлбарлана” гэж заасан ба тус шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, хохирогч 3 удаа тайлбар хэлсэн байх бөгөөд хохирогчийн тайлбар гаргах эрхийг хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй байна. Тодруулбал, шүүх хуралдааны тэмдэглэлд;
Даргалагчаас: Та хохирогчийг гэрээс хөөсөн гэх асуудлаас хойш хэзээ уулзсан бэ гэхэд
Зөрчилд холбогдогч: Энэ хүн 2024 оны 09 дүгээр сарын 20-д гаргаад ирсэн. 2024 оны 03 дугаар сараас хойш огт уулзаагүй. Надтай утсаар ярьж байсан. 2024 оны 07 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд энэ хүн сумынхаа ойтой гээд машин гуйж залгаж байсан. 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс хойш огт уулзаагүй гэв.
Даргалагчаас: Хохирогчоос асууя. Холбогдогч 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс хойш тус оны 09 дүгээр сарын 20-д гартал тантай биечилж уулзсан зүйл байхгүй гэж ярьж байна. Энэ үнэн үү гэхэд
Хохирогч: Энэ бол худлаа. Хөөгдсөнөөс болоод бие өвдөөд эмнэлэгт хэвтэж байгаа 03 дугаар сарын 18-ны өдөр очсон юм. Тэгтэл дугуй засвар хаалттай. Гэр цоожтой байсан гэжээ.
Даргалагчаас: Хохирогч та гэр бүлийн гишүүн, төрөл садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй та мэдүүлэг өгөх үү гэхэд
Хохирогч: Мэдүүлэг өгнө гэв.
Даргалагчаас: Хохирогчийн мэдүүлгийг сонсъё гэхэд
Хохирогч: Ийм зургууд байж байгаа юм. Энэ хүн сая хэллээ шүү дээ. Бид хоёр 2018 оноос хойш амьдарч байгаа. Өмнө 2016 онд танилцаад 2017 онд хоёулаа хүүхэд шиг гал халуун үерхээд, гар хөлөө барилцаад явж байсан. Бид хоёрыг цугтаа амьдарч байхад манай охинтой зургаа авхуулаад, энэ ачийг нь дагуулаад л яваад байдаг байсан. Тэгээд ингээд 2016 онд танилцсан байгаа юм. Энэ хүн анхнаасаа худлаа яриад байх юм. Та намайг таних уу. Намайг гомдол гаргаснаас хойш “энэ хүнийг би танихгүй” гээд ямар нэгэн материал бүрдүүлж өгөхгүй гээд байна гэж эрх бүхий албан тушаалтан хэлж байсан. Тэгээд материалаа бүрдүүлж өгөөгүй юм. Би энэ хүнийг танина. О...-гийн Н... гэдэг энэ хүний ар гэр амьдралыг би бүгдийг нь мэднэ. 2016 онд Төв аймгийн би Оросын холбооны улс руу сургалтад явах гэж байгаад энэ хүнтэй танилцсан. Танилцсанаасаа хойш мартчихсан байсан. Тэгээд Оросын холбооны улс руу явж ирчхээд энэ хүнтэй дахиж тааралдаад хоёулаа өмнө нь танилцаж байсан юм чинь бүүр сайн танилцаад энэ хүн манайд шууд ирсэн. 2016 оны 08 дугаар сараас эхлээд манай гэрт бид нар амьдарсан. Би энэ хүнд үнэн сэтгэлээсээ сайн байсан. 8 жил болчихсон 9 дэх жилдээ орж байна. Одоо ч гэсэн миний сэтгэл маань салахгүй, үнэнч, сэтгэл зүрхний гүнд хэвээр байсаар байгаа. Тэр үед “би ээжтэйгээ гэр хороололд амьдардаг, миний охины хүү буюу миний зээ хүү болох сургуульд орох гэж байгаа Ц... надтай хамт амьдардаг, би өмнө нь 22 жил цуг амьдарч байсан хүнээсээ тусдаа байгаа, бид хоёр санаа сэтгэл нийлэхээ больсон, тэр хүн маань жоохон архины хамааралтай болсон, бид хоёр тусдаа амьдардаг, хоёр охин маань хүн дагаад явчихсан, бүгдээрээ амьдрал ахуйгаа дагаад явчихсан, би бол ганц бие эр хүн байна, амьдралын янз бүрийн бэрхшээлээс болоод миний амьдрал минь бүтэлгүй болоод өнөөдөр өөрийн гэсэн гэр оронгүй, ажил төрөлгүй ээж дээрээ амьдарч байна, чи надтай амьдрах уу, би чамтай амьдармаар байна, чи шийд гээд” гэж байсан. Надад энэ хүний байж байгаа байдал надад үнэхээр таалагдаж байсан, янз бүрийн эрэгтэй хүнтэй холбогдож байгаагүй, өмнө нь 4 хүүхдийн маань эцэг өвчний улмаас нас барсан. Тэрнээс хойш хүүхдүүд жоохон байсан учраас ажил сургууль гэж явсаар байгаад амьдралын төлөө зүтгэсээр байгаад таарсан учир би энэ хүнд үнэндээ сайн байсан. Одоо хүртэл 7, 8 сар энэ хүнийг зүүдлээгүй шөнө гэж байхгүй. Ер нь бол сэтгэлийн өөрчлөлтөөс болоод нойргүйдэлд орчихсон. Би энэ хүнд анхнаасаа үнэнч байсан шүү. Энэ хүн Приус-11 унадаг байсан. Өөрийнх нь машин эвдэрчихсэн гээд хамаатныхаа нэг хүнээс Приус-11 машиныг нь авч унаад “Улаанбаатар Төв аймгийн хооронд 2000 төгрөгөөр хүн зөөж өдөрт 8000 төгрөг, эргэж буцаад нийт 16000 төгрөг олоод, 8000 төгрөгөөр нь ээждээ мах ав гэж өгдөг, үлдсэн 8000 төгрөгөөр нь түлш бензин хийгээд амьдралаа залгуулдаг хүний амьдрал ёстой босоотой унаатай байдаг юм байна” гээд зөндөө юмаа ярьсан. Би энэ хүнийг үнэхээр өрөвдсөн. Би сэтгэлээрээ туслахыг хичээсэн. Өөртөө байгаа бүх зүйлийг өгсөн. Тэр үед өөртөө байгаа сэтгэл зүрх, дараа нь цалингийн зээл, тэтгэврийн зээл хүүхдүүдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмж, багшийн 5 жилийн тэтгэмж, дээр нь ариун цагаан хөдөлмөр бие сэтгэл гээд бүх юмаа энэ хүнд зориулсан. Гэтэл энэ хүн өнөөдөр намайг танихгүй гээд явж байгаа нь надад бол харамсалтай байна. Гомдолтой байна. 2017 онд амьдарч байгаад хотод ажилтай байгаа учраас хэцүү юм байна гээд дугуй засварыг анх ажиллуулах гээд тоног төхөөрөмж авъя, ямар ч мөнгө байхгүй гэхэд нь би шууд 5 жилийн тэтгэмжээ аваад 2.000.000 төгрөг өгөөд энэ хүн дугуй засварын төхөөрөмж аваад дугуй засвараа ажиллуулсан. Тэгээд манай гэрээс явдаг болсон. Өглөө хоол ундыг нь бэлдэж өгөөд, хувцас хунар, эрүүл мэнд бүх талаар нь би энэ хүнийг өөд нь татсан. Миний цалингаар авсан куртикээ хүртэл өнөөдөр өмсчихсөн солиогүй явж байна. Би ч өөрөө аз жаргалтай байсан. Энэ хүн ч гэсэн өөрөө гоё байсан. Тэгээд хамт амьдраад энэ хугацаанд энэ хүн муу муухай зан гээд бүх санаагаа далдалчихсан гоё сайхан хүн шиг л байсан. Тэгээд энэ хүн “хоёулаа Улаанбаатарт байр авъя” гээд хот руу орж байгаад хоёулаа хуучин байрыг засаад авсан. Энэ үеэс хойш энэ хүний маск нь тайлагдаж, жинхэнэ хүн чанар гэдэг нь гарч ирсэн. Би хамаг мөнгөө 2020 онд байр авах гээд 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор 5.000.000 төгрөг шилжүүлнэ шүү гэхээр нь тэр өдрөө Энхмаагийн дансанд шилжүүлсэн баримт нотолгоо хүртэл байж байгаа шүү дээ. Бид хоёрын дундын өмч байгаа юм. Тэгээд намайг ажилладаггүй байсан гэж байна. Би өглөөний үүрээс үдшийн бүрий хүртэл суурь өвчтэй болтлоо бүх юмыг хийгээд, өөрийнх нь эрүүл мэндийг нь тордоод, гэр орныг нь янзлаад бүх л ажлыг нь хийдэг байсан гэв.
Даргалагчаас: Хохирогч та эрх бүхий албан тушаалтны оруулж ирсэн саналын хүрээнд тухайн өдөр ямар асуудал болсон талаар ярина уу гэхэд
Хохирогч: Хамт амьдарсан 7-8 жилийн хугацаанд байнга хөөж тууж, сэтгэл санааны дарамт учруулдаг байсан. 2019 оны 10 дугаар сард өөрийнхөө зээ хүү Ц...-ийг “угаалгын өрөөнд оруулж суултуурыг угааж шээсийг нь арчиж цэвэрлэж бай, миний хүү энэ гэрт хүссэнээрээ дураараа амьдрах болно, чи энэ хүүхдийн өмнөөс юу ч дуугарч болохгүй, амаа хамхиж чадахгүй бол чи миний гэрээс зайл гээд түлхэн хөөж гаргаж байсан. Энэ цагаас хойш зээ хүү Ц... дуртай цагтаа намайг ирээд сууж, хурдал бушуухан хурдал гэж шалж зогсдог болсон. Үүнийг Н...-д хэлэхэд “би хүүхдэдээ юм хэлэхгүй, дургүй бол чи зайлаарай, энэ бол миний хүүгийн гэр, миний хүүхдүүдийн гэр” гэж хүүгийн хажууд хэлдэг болсон цагаас хойш энэ хүү мөн намайг хүчирхийлдэг болсон. 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Н...-ийн ээж нь манайд ирж сайхан хоол унд идэж ундаалаад “баярлалаа" гэж хэлээд гарсан. Гэтэл Н... зөрж орж ирээд “чи миний ээжийг хөөсөн байна, одоохон гэрээс зайл хурдал хурдал” гэж намайг сандраасан. Яг тэр үед Н... дүү нар луугаа залгаж гэмгүй байсан намайг хэл амаар доромжилж “ээжийг минь хөөсөн байна” гэж ор үндэсгүй гүтгэлэг явуулахад “чамайг очоод алаад өгье” гэж дүү нар нь хашхирч байсан. Н... бусад дүү нар луугаа залгаж “энэ хүнийг хөөгөөд зогсоод байна, юмыг нь бэлдүүлээд байж байна, гэрийн түлхүүр” гэж хэлээд гэрийн түлхүүрүүдийг надаас шүүрч аваад тоолоод хурдан явахыг шаардсан. Жижиг машинтай байсан учир Төв аймагт ирээд сэтгэл санаагаар хохирч шөнө унтаж чадахгүй өглөө цонхоороо харахад Н... машиныг маань аваад явчихсан байсан гэв.
Даргалагчаас: Хохирогч та эрх бүхий албан тушаалтны оруулж ирсэн саналын хүрээнд тухайн өдөр ямар асуудал болсон талаар ярина уу гэхэд
Хохирогч: 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Н...-ийн охин нь ирсэн. Өмнө нь байнга ирдэг байсан. Би учир явдлыг ойлгож байсан. Бид хоёр уураг гээд амин чанар буюу уураг ууснаас болоод би жоохон тулаатай, уураг тулаанд жоохон эсрэг заалттай байдгийг мэдэхгүй уусаар байтал миний бие жоохон өвдөөд хавагнаад хэцүү байдалтай байсан. Охиндоо хоол хийж өг гэхээр нь “чи хийж өг, эртхэн шиг надад хэлэхгүй яасан бэ” гэсэн чинь “одоо орж ирж байна" гэхээр нь орж ирэхэд хоол хийж байсан. Тэр үед би хумсныхаа будгийг авхуулъя гээд цаг авчихсан байсан учраас гарчхаад ирье гээд гарсан. Тэгээд буцаад орж ирэхэд хүүхдүүдтэйгээ хоол идчихсэн байж байсан. Тэгээд хүүхдүүд нь 12 цаг хүртэл сууж байгаад явсан. Явсны дараа энэ хүн өөрөө хэрүүл хийгээд үргэлжлүүлээд “чи яагаад миний хүүхдүүдийг хоол унд идэж байхад гараад явчхав, юу хийсэн юм” гээд хэрүүл маргаан эхэлсэн. Тэгэхээр нь “чи надад хэлэхгүй яасан бэ" гэсэн чинь “чи энэ гэр орноос зайлаарай, миний гэр орон, миний хүүхдүүдийн гэр орон, миний хүүхдүүд дуртай цагтаа энэ гэр оронд ирж дуртай юмаа хийнэ, чи энэ гэр орноос зайлаарай” гэсэн. Би хурдан түргэн хөдөлдөг шүү, миний уур уцаар их хүрдэг шүү, уур уцаараа барих нь зөв шүү гэж бодоод өөрийгөө барьж байгаад хүүхдийн өрөөнд унтчихаад өглөө боссон. Өглөө босоод энэ хүнийг намайг дандаа хөөдөг, 8 жилийн турш хөөсөн юм чинь одоо надаас уучлалт гуйх болов уу, тэгвэл ёстой тэврээд авна даа гэж бодсон чинь босоод угаалгын өрөө рүү явахдаа “чамайг би хөөсөн, өчигдөр хөөсөн, одоо яв, хурдан яв гээд хэлчихсэн байгаа шүү, гэр орон чөлөөл, хурдал бушуу” гээд эхэлсэн. Тэгэхээр нь би дахиад “тэвчих ёстой" гээд байж байсан. Тэгээд байж байсан чинь доор дугуй засварт нь ороод суучихсан. “Чи мөнгө төгрөг идээд байх шиг байна, миний мөнгө бага орсон байна, эмнэлэгт хэвтсэн хойгуур” гээд байсан. 2, 3 хоногийн өмнө эмнэлгээс гарсан байсан. Тэгээд камер шүүж байхдаа “энэний учрыг ч олохгүй юм байна, чи хурдан яв, хурдан яв, би чамайг яв гээд хэлчихсэн байгаа, би гэрт орно, гэрт ороход чи гэр чөлөөлчихсөн байна шүү наад хог новшнуудаа аваад зайлчихсан байгаарай” гэсэн. Тэгээд тэр өдөр 03 дугаар сарын 08-ны өдөр байсан учраас орж ирээд хэрүүл маргаан үүсэж магадгүй гээд би амаа тас хамхиад боодолтой ойр зуурын юмаа авсан. Ихэнх хувцас хунар хуучин, засуулах гээд тавьчихсан байсан зурагт, угаалгын машин янзлуулах гээд тавьчихсан байсан тэд нарыгаа бүгдийг нь аваад гадаа тавьчхаад “энэ хүн 8 жилийн турш намайг хөөлөө, ингээд байж суулгахгүй байгаа юм чинь ханддаг газар нь хандвал яасан юм бэ" гэж бодоод “олон удаа намайг хүчирхийлж байна” гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ингээд дуудлага өгсөн чинь цагдаагийн 2 алба хаагч ирээд “таныг тэмдэглэж авлаа” гээд хаалга тогшоод Н...-гээс асуусан. Н... “тийм ээ би наад хүнийг чинь хөөсөн, яваг” гэж хэлсэн. Тэгээд би охиноо дуудаад явсан” гэж тус тус тайлбар гаргасан нь тусгагдсан байна.
Мөн гэрч Б.Б...-аас “...Шүүгч Ч.Алдар хэргийн оролцогч нартай зүй бус авирлах, тэднийг загнах гэх мэт үйлдэл гаргадаггүй. Шүүгчийн зүгээс хэргийн оролцогч нартай хуульд заасан журмын дагуу харилцаж, тэдний эрхийг хүндэтгэж шүүх хуралдаанаа явуулдаг. Шүүх хуралдааны тэмдэглэл ер нь 7 хоногтоо бэлэн болдог. Тэмдэглэлтэй шүүгч танилцаж гарын үсэг зурж албажуулдаг. Энэ шүүх хуралдааны тэмдэглэлтэй хэргийн оролцогч нар танилцах хүсэлт гаргаагүй...” гэж мэдүүлжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т “Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно” гэж , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна”, мөн хуулийн 35.8 дугаар зүйлийн 12-т “Шүүгч, иргэдийн төлөөлөгч нотлох баримтыг шинжлэн судлахад оролцож, аль ч үед тодруулах асуулт тавих эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд холбогдох шүүгч нь шүүх хуралдааны даргалагчийн хувьд “хохирогч та эрх бүхий албан тушаалтны оруулж ирсэн саналын хүрээнд тухайн өдөр ямар асуудал болсон талаар ярина уу” гэж чиглүүлэн, хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд хэргийн нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоох зорилгоор хохирогчоос асуулт асуусан байх тул холбогдох шүүгчийг сахилгын зөрчил гаргасанд тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй байна.
3.Өргөдлийн “...шүүх хуралдааны эцсийн шийдвэрээр даргалагч шүүгч Ч.Алдар ... О.Н... гэгчид хүчирхийлүүлсэн байхад О.Н...-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, хамтран амьдрагчтайгаа 07 дугаар сард уулзаж байгаагүй О.Х...-ыг гэрээсээ хөөж, хүсэл зоригийнх эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж, хуваарьт болон дундын хөрөнгөд халдаж, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан зөрчил байдал тогтоогдоогүй гээд ... зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон...” гэжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 6-т “Шүүгч зөрчлийг хянан шийдвэрлэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 6.1-т “зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох”, 6.2-т “шийтгэл оногдуулах” гэж, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 2-т “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болно”, 3-т “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш ажлын 5 өдрийн дотор бичгээр үйлдэж, оролцогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид гардуулан өгнө”, 6-т “Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий албан тушаалтан, оролцогч гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болно”, 7-т “Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан гомдол, эсэргүүцлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасан журмаар гаргана” гэж тус тус заасан.
Сахилгын хэрэгт, О.Н...д холбогдох ...6 дугаартай зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ЗШ/...1 дүгээр шийтгэврийг хохирогч 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн “Шийтгэвэр танилцуулсан, гардуулсан тухай” баримт авагджээ.
Тус шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, прокурор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг холбогдох шүүгч нь шийтгэвэртээ тодорхой тусгасан байх ба хохирогч нь гомдол гаргаагүй байна.
Түүнчлэн, Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “... Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.” гэж заасан.
Дээрхээс дүгнэвэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2026/...1 дүгээр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, иргэн О.Х...-аас ирүүлсэн өргөдлийн дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Ц.ДАВХАРБАЯР
Д.МЯГМАРЦЭРЭН