info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-04-09

Дугаар 52

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай

 

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго, цахимаар сахилгын хэргийн оролцогч П.П, Х.О нарыг оролцуулан, *** шүүхийн шүүгч П.П, Х.О нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ГНД/2026/0016 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтэд:  Нэг. Шүүгч П.П-ын тухайд:

1.1. “***” ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Г, Э.З нарт холбогдох ...хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгч П.П-д хуваарилсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарт эрх үүрэг тайлбарлан, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материалыг танилцуулж, нэхэмжлэгчийн ирүүлсэн нотлох баримтыг хариуцагчид танилцуулах ажиллагааг явуулжээ.

Нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хамтран хариуцагчаар татсан Г.Э-т нэхэмжлэлийн хувийг гардуулах, эрх үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хариу тайлбар авах, хэргийн материал танилцуулах ажиллагааг хийлгэхээр *** шүүхэд даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Даалгаврыг гүйцэтгэн хариуг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүргүүлсэн, энэ үед шүүгч П.П нь ээлжийн амралтаа эдлээд ажилдаа орсон байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээгүй байна.

Улмаар нэхэмжлэгчээс 2025 оны 10 дугаар сарын 03, 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд шүүх хуралдааныг товлон зарлах хүсэлтийг өгч, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдааныг 01 дүгээр сарын 15-ны өдөр хийхээр товлосон боловч нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтээр 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хойшлуулсан байна. Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн *** дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж, харин нэхэмжлэгч өмгөөлөгчөө сольж өөр өмгөөлөгчийг оролцуулах болсон тул түүний хүсэлтээр хуралдааныг хойшлуулж, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр товложээ.

1.2. “***” ХК-ийн нэхэмжлэлтэй “***” ХК-д холбогдох ...хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгч П.П-д хуваарилсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр хүргүүлснийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 03 дугаар сарын 18-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ. 

Хариуцагчаас шинжээчийн дүгнэлттэй танилцаад, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөр шинжээчийн багаар шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжаар хангахаас татгалзаж, уг захирамжид хариуцагч гомдол гаргасныг шүүх бүрэлдэхүүн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцээд захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

Үүнээс хойш шүүгч П.П нь ээлжийн амралтаа авах хүртэлх хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл, ажилдаа орсон 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүх хуралдааныг товлон зарлаагүй байна. Харин тус хэргийг хэлэлцэхээр товлосон  2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчаас гаргасан хүсэлтээр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор хойшлуулжээ.

1.3. ...Шүүгч П.П нь “***” ХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сар орчмын дараа сэргээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасныг, тус хэргийг сэргээснээс хойш дахин 2 сар орчим хугацаанд шүүх хуралдааныг товлон зарлаагүй, мөн “***” ХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааныг 6 сар орчмын хугацаанд зарлаагүй зэргээр “***” ХК-ийн нэхэмжлэгч болон хариуцагчаар оролцож байгаа иргэний хэргүүдийг үүсгэснээс хойш 3 жил гаруй хугацаа өнгөрсөн ч шийдвэрлээгүй байгаа нь хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн зөрчилд хамаарна.

Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэхэд хугацаа алдсан нөхцөл байдалд тус хэргүүдийг шүүгч П.П хүлээн авахаас өмнө ажиллагаа явуулж байсан шүүгч нарын үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байх боловч хэргийг хүлээн авсан 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш дээрх хуулийн зохицуулалтуудыг зөрчиж хугацаа алдсан болох нь тогтоогдсон.

Мөн нийт шүүгчийн 3 дугаар чуулган 2025 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, үүнээс хойш шүүгч нарын сургалтад 14 хоногийн хугацаанд хамрагдсан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх, шүүх хуралдааныг товлох талаар шүүгчийн туслахад даалгасан, 2025 онд шүүгчийн зохист ачааллаас хэтэрсэн үзүүлэлтээр ажилласан зэрэг нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн шүүгчийн үйлдлийг зөвтгөхгүй.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарласан ба тус тайлбарын 3-д “Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно гэж, 5-д “Удаа дараа” гэдэгт хуулийн илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар зөрчсөн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно гэж тус тус тайлбарласан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл “арилмагц” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх, хэргийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх, үүний тулд шүүх хуралдааныг тухай бүр товлон зарлаж хэлэлцүүлэх нь шүүгчид үүрэг болгосон хуулийн илт тодорхой заалт бөгөөд үүнийг 3 удаа зөрчсөн шүүгчийн үйлдэл хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн зөрчилд хамаарна гэж дүгнэлээ.

Хоёр. Шүүгч Х.О-ын тухайд;

2.1. “***” ХК-ийн нэхэмжлэлтэй “***” ХХК-д холбогдох ...хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгч Х.О-д хуваарилсан бөгөөд нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулах ажиллагааг хийсэн байна.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн захирамжаар ханган, үзлэгийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хийж, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдааныг 05 дугаар сарын 22-ны өдөр хийхээр товлосон боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хуралдааныг хойшлуулжээ.

Мөн шүүгч Х.О нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байсан  бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь учирсан хохирлоо нэхэмжилж байгаа талаараа тодруулснаас шалтгаалан хэргийг шүүгч дангаар шийдвэрлэх боломжгүй болж, Ерөнхий шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Х.О, бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Л.Б, шүүгч П.П нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна.

Хэргийг хэлэлцэхээр товлосон 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, хариуцагчийн нотлох баримт гаргуулах, хэргийг шилжүүлэх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэснээр хойшлуулж, үзлэгийг 10 дугаар сарын 27-ны өдөр хийжээ.

Хариуцагч талаас гаргасан нотлох баримт гаргуулах болон шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд уг тогтоолд нэхэмжлэгчээс гомдол гаргасныг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд шүүхийн тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

Улмаар 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг ирүүлснээр 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдааныг 01 дүгээр сарын 13-ны өдөр хийхээр товложээ.

2.2. “***” ХК-иас “***” ХХК болон Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус холбогдуулан “***” тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр *** шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгч Х.О хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авч, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийсэн байна.

Тус хэргийг хянан шийдвэрлэх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 30 хоногоор сунгаж, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдааныг 05 дугаар сарын 22-ны өдөр хийхээр товлон, хуралдаан даргалагчаар шүүгч Х.О, бүрэлдэхүүнд шүүгч П., Г.Н нарыг томилсон шийдвэрийг албажуулсан боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшлуулсан байна.

Мөн нэхэмжлэгчээс хамтран хариуцагч татах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар хангаж, иргэний хэрэгт “***” ХХК, “***” ХХК-ийг татан оролцуулахаар шийдвэрлэжээ.

Шүүх бүрэлдэхүүн ээлжийн амралтаа эдэлж дууссаны дараа шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр товлоход тус хуралдаанд нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, түүний өмгөөлөгч болон хариуцагч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хуралдаан хойшлуулах хүсэлт, хариуцагч “***” ХХК, “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлт тус тус гаргасныг хангаж шийдвэрлэснээр хуралдааныг хойшлуулсан байна.

Мөн нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд хүлээн авч, хуралдааныг хойшлуулжээ.

Нэхэмжлэгчээс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үзлэг хийлгэх, “***” ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзах, нотлох баримт гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, иргэдийн төлөөлөгчийг оролцуулах хүсэлт гаргасныг 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд хуралдааны явцад нэхэмжлэгчээс шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргаснаар хуралдааныг хойшлуулсан байна.

Тус татгалзлыг Ерөнхий шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дүгээр захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулж, харин нэхэмжлэгчийн гаргасан гэрч оролцуулах, үзлэг хийлгэх, хамтран хариуцагч оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

2.3. Дээрхээс үзэхэд, шүүгч Х.О-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх 2 иргэний хэрэгт хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтүүдийг тухай бүр шүүх бүрэлдэхүүнээр хэлэлцэн шийдвэрлэсэн байх бөгөөд хэргийг хэлэлцэхээр шүүх хуралдааныг товлон зарлаж буй үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон багасгасан шаардлага, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт, шүүгчийн захирамжид гаргасан гомдол зэргийг хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт үндэслэн шийдвэрлэх нь шүүгчийн бүрэн эрхэд хамаардаг бөгөөд нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэхийн агуулга нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалтай шууд холбоотой байдаг тул хэрэгт авагдсан баримтуудыг хэрхэн үнэлэхэд хяналт тавих, түүнд  дүгнэлт хийх эрх Шүүхийн сахилгын хороонд олгогдоогүй болно.

...Хариуцагч нар Улаанбаатар хотод байгаагаас шалтгаалан нэхэмжлэлийн хувийг гардуулахад хүндрэл учирсан, хариуцагчийн хариу тайлбарыг гаргуулан авах шаардлагатай байсан, төлөөлөгчөө олон удаа сольдог, 2025 онд шүүгчийн зохист ачааллаас хэтэрсэн үзүүлэлтээр ажилласан зэрэг нь хугацаа алдаж шүүх хуралдааныг товлосон шүүгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Гэвч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь “удаа дараа” эсхүл “ноцтой” гэсэн урьдчилсан нөхцөлийг хангасан тохиолдолд зөрчилд тооцогдох бөгөөд шүүгч Х.О нь шүүх хуралдааныг товлон зарлаагүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, 1 удаагийн зөрчил нь хуулийн “удаа дараа” байх нөхцөлийг хангаагүй, мөн өргөдөл гаргагчаас гаргасан олон удаагийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн, өмгөөлөгчөө сольж өөр өмгөөлөгч авах эрхээр нь хангаж, тэдгээрт хэргийн материалтай танилцах боломж олгох, талуудын мэтгэлцэх зарчмыг хангах, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байхад шаардлагатай баримтуудыг цуглуулах зорилгоор шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан зэрэг шүүгчийн үйлдэл нь хуулийн “ноцтой” байх нөхцөлийг үүсгээгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн, шүүх бүрэлдэхүүнийг хугацаа алдаж томилуулсан үйлдлийг холбогдох шүүгчээс “...Шүүгч нарын ээлжийн амралт эхэлж Ерөнхий шүүгч Л. 2025 оны 06 дугаар сарын 15-аас 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, шүүгч Г.Н 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл, шүүгч П.П 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тус тус ээлжийн амралтаа эдэлсэн тул бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан товлогдоогүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т “Шүүх хуралдааны явцад хэргийг гагцхүү нэг шүүгч буюу шүүхийн нэг бүрэлдэхүүнээр шийдвэрлэнэ. Хэрэв шүүх бүрэлдэхүүний хэн нэг нь шүүх хуралдааны ажиллагаанд оролцох боломжгүй болсон бол түүнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар энэ хуулийн 78 дугаар зүйлд заасан журмын дагуу өөр шүүх бүрэлдэхүүнээр сольж, уг хэргийг шинээр хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Орон нутгийн хувьд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд ойр байрлах адил шатны шүүхээс шүүх бүрэлдэхүүн хүсэх боломжтой боловч энэ хэргийн хувьд нэг шүүх хуралдаанаар шийдвэрлэгдэхгүй байх боломжтой нь хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа шүүгч би хэргийн материал, хэргийн оролцогчийн байдлаас дүгнэсэн. Иймд өөрийн шүүхийн шүүгч нараас бүрэлдэхүүнд оролцуулж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж хугацаа алдсан болно ...” гэж тайлбарласан.

Хэргийн оролцогчдоос олон удаагийн хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулдаг болох нь шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдсон бөгөөд түүний дээрх тайлбарыг буруутгах боломжгүй байна.

...Иймд, *** шүүхийн шүүгч Х.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, харин *** шүүхийн шүүгч П.П-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т заасныг 1 удаа, 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг 2 удаа, нийт 3 удаа хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах;” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдэж, дүгнэлтийг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

 

Шүүгч П.П  Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:  “...Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний *** дугаар тогтоолоор “***” ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Га, Э.З, Г.Э нарт холбогдох ...2 хавтас бүхий иргэний хэрэг болон “***" ХК-ийн хариуцагч “***" ХК-д холбогдох ...2 хавтас бүхий иргэний хэрэг шүүгч П.Па надад 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хуваарилагдаж ирсэн.

1.“***” ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Г, Э.З, Г.Э нарт холбогдох ...хэргийг хүлээн авснаас хойш нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г-ын хүсэлтийн дагуу өмгөөлөгч О.М, Г.С нарт эрх үүрэг тайлбарлан, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материалыг танилцуулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г-ын 32 хуудас нотлох баримт гаргаж өгснийг хэрэгт хавсарган талуудад танилцуулах ажиллагаа явуулсан. 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г-ын гаргасан хүсэлтийн дагуу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хамтран хариуцагчаар татсан Г.Э-т нэхэмжлэлийн хувийг гардуулах, эрх үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хариу тайлбар авах, хэргийн материал танилцуулж гарын үсэг зуруулах ажиллагааг хийлгэхээр *** шүүхэд даалгаж, 2 хавтас иргэний хэргийг шүүгчийн захирамжийн хамт хүргүүлсэн. Уг даалгавар гүйцэтгэх ажиллагааны хариу ирснээр шүүгч би 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах захирамж гаргаж шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14.00 цагт хийхээр 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр товлосон. Уг хугацаанд шүүгчийн туслах Х.Б зохигч талуудад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч “***” ХК-ийн төлөөлөгч Д.Г Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралд оролцохоор Улаанбаатар хотод байх тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаснаар 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14.00 цагт товлогдсон шүүх хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14.00 цаг хүртэл хойшлогдсон. Уг хэргийн тухайд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г шүүх хуралдааныг товлон зарлах хүсэлтийг хоёр удаа гаргасныг шүүгчийн туслах Х.Байгалмаа надад танилцуулахад нь шүүгч миний хувьд ажлын ачаалал, хурлын товыг харгалзан шүүх хуралдааныг товлох үүрэг өгч байсан.

2. Нэхэмжлэгч “***” ХК-ийн хариуцагч “***" ХК-д холбогдох  ...хэргийг хүлээн авснаас хойш 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шинжээчийн дүгнэлт ирж, хэргийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан учраас 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр *** дугаартай захирамж гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. Ингээд зохигчдод шүүгчийн захирамж, шинжээчийн дүгнэлт, хэргийн материалыг танилцуулж, шүүх хуралдааныг товлон зарлахыг шүүгчийн туслах Х.Б-д үүрэг болгосон. Улмаар шүүгчийн туслах хэргийн материалыг зохигч талуудад танилцуулахад “***” ХК-ийн төлөөлөгч Д.Г нь өмгөөлөгч Д.С, О.М нарыг өмгөөлөгчөөр нэмж авах хүсэлт гаргаснаар дээрх өмгөөлөгч нарт эрх үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материалыг танилцуулах ажиллагааг хийсэн. Ингээд хэргийг товлон зарлах гэхэд “***” ХК-ийн төлөөлөгч Д.Г нь дахин шинжилгээ хийлгэж, хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч талд танилцуулсан. Шүүгч П.П би 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч “***” ХК-ийн төлөөлөгч Д.Г-ын “Дахин өөр шинжээчийн багийг томилж дүгнэлт гаргуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжид хариуцагчийн төлөөлөгч Д.Г гомдол гаргаснаар тус шүүхийн Ерөнхий шүүгч Л.Б, шүүгч Г.Н, Х.О нар гомдлыг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15.00 цагт товлож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. Шүүгч миний хувьд 2025 оны 08 дугаар сарын 11-ээс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байх хугацаанд тус хэргийг ажиллаж байсан шүүгч нарт шилжүүлээд буцааж 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрөө авсан. Түүнээс хойш хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09.00 цагт хэлэлцэхээр шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр товлосон.

Шүүгч миний хувьд дээрх хэргүүдийг ажлын ачаалал, зарлагдсан шүүх хуралдааны товыг харгалзан боломжит хугацаанд товлон зарлахыг шүүгчийн туслах Х.Б-д удаа дараа үүрэг болгож байсан ба шүүгчийн туслахын хувьд ажлын ачаалал их байна, амжихгүй байна, боломжит хугацаагаар товлон зарлая гэж шүүгч надад хэлдэг байсан. Эдгээр шүүх хуралдааныг товлон зарлахгүй байгаа талаар шүүгчийн туслахын ажилд хяналт тавих үүрэгтэй шүүхийн Тамгын газрын дарга Ц.М-д удаа дараа мэдэгдэж байсан.

Шүүгч П.П би хэргийг товлон зарлаж хуульд заасан хугацаанд шийдвэрлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу боломжит богино хугацаанд хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй боловч хэргийг товлон зарлаж шийдвэрлээгүй удахад шүүгчийн хүний нөөц орон тоо дутагдалтай, ажлын ачаалал хэт их байсан нөхцөл байдал байгааг харгалзан үзнэ үү.

Тодруулбал, *** шүүх нь 10 шүүгчийн орон тоотой ажиллахаас 2025 онд 4 шүүгч шүүн таслах ажиллагаа явуулж байсан бөгөөд тус шүүх удаа дараа хүсэлт гаргаснаар 2025 оны 10 дугаар сард 1 шүүгч сэлгэнээр ажиллахаар ирсэн.

Шүүгч П.П би 2025 оны бүтэн жилийн байдлаар эрүүгийн 131 хэрэг, зөрчлийн 529 хэрэг, зөрчлийн эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас баталгаажуулах хүсэлт 110, таслан сэргийлэх арга хэмжээний санал 38, хянан магадлангийн материал 11, нэхэмжлэл 710, албадан гүйцэтгүүлэх хүсэлт 148-ыг тус тус хүлээн авч, 2025 онд 843 хэргийн шүүх хуралдааныг товлон зарлаж, 1908 шүүгчийн захирамж, 18 шүүхийн тогтоол, 131 шийтгэх цагаатгах тогтоол, 529 зөрчлийн шийтгэвэр, 432 шүүхийн шийдвэр гаргаж, нийт эрүүгийн 131, зөрчлийн 529, иргэний 432 хэрэг шийдвэрлэж, таслан сэргийлэх арга хэмжээ 38, хянан магадлангийн шийдвэр 11-ийг гаргасан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Шүүгчийн ажлын зохист ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам -ын дагуу шүүгч П.П миний ажлын зохист ачааллаас хэтэрсэн хувь 2025 оны эхний хагас жилд 229%, сүүлийн хагас жилд 226% буюу 2025 оны бүтэн жилийн хугацаанд 455% байсан билээ.

Дээрх нөхцөл байдлыг энэхүү тайлбарт дурдаж байгаа нь өөрийгөө зөвтгөх, хариуцлагаас зугтах гэхээс илүү шүүгчийн хүний нөөц болон шүүхийн захиргааны ажилтны хүний нөөц, тулгамдаж буй асуудлыг харгалзаж үзээсэй гэсэндээ бичсэн болно...” гэжээ.

 

Шүүгч Х.О Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Шилжүүлэн авсан хэрэгт “***” ХК-ийн нэхэмжлэлтэй, “***” ХХК-д холбогдох 2024 оны 06 дугаар сарын 11-ны өдөр үүсгэсэн ...иргэний хэргийг хүлээн авсан.

Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 27-нд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулснаас хойш 2025 оны 05 дугаар сарын 15-ны хооронд шүүх хуралдаан товлож чадаагүй нь үнэн болно. Энэ хугацаанд хурлыг товлох гэж шүүгчийн туслах З.Б-ийг хэргийн оролцогч нартай холбогдоход нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, хүсэлт гаргана гэх мэтээр хурлыг товлож чадаагүй болно. Энэ хэргийг хүлээн авахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн хугацаа дууссан байсан ба нэхэмжлэгч талаас нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг хариуцагч талд гардуулаагүй, хариуцагч талаас төлөөлөгч томилохгүй хугацаа алдсан.

Нэхэмжлэгч тал маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө дээр үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаж, хүсэлтийг хангаж үзлэгийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хийж, 2025 оны 05 дугаар сарын 22-нд шүүх хуралдааныг хийхээр товлосон. 2025 оны 05 дугаар сарын 22-ны шүүх хуралдаан нэхэмжлэгч талын өмгөөлөгч нарын хүсэлтээр хойшилсон. Энэ шүүх хуралдааныг шүүгч Х.О миний бие дангаар явуулсан ба хуралдаан дээр нэхэмжлэгчээс олох байсан орлого уу, эсхүл өөрт учирсан хохирол нэхэмжилж байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгч нь учирсан хохирлоо нэхэмжилж байна гэж тодруулснаас хэргийг шүүгч дангаар шийдвэрлэх боломжгүй болох нь тогтоогдсон.

Тус шүүх 2025 онд 4 шүүгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба 2025 оны ээлжийн амралтын хуваарь батлагдаж би болон Ерөнхий шүүгч Л.Б нар 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлэхээр болж, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүгчдийн зөвлөгөөн хийж миний хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан хэргүүдийг шүүгч Г.Н-д шилжүүлсэн. Миний бие 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс ээлжийн амралтаа эдэлж дуусаад ажилдаа орж хэргүүдийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор буцаан шилжүүлж, авсан.

Энэ хэрэг нь хохирол нэхэмжилж байгаа болох нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчээс тодруулснаар тогтоогдсон тул хэргийг шүүгч би дангаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, шүүх бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэхээр болсон. Шүүгч нарын ээлжийн амралт эхэлж Ерөнхий шүүгч Л.Б 2025 оны 06 дугаар сарын 15-аас 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, шүүгч Г.Н 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл, шүүгч П. 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тус тус ээлжийн амралтаа эдэлсэн тул бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан товлогдоогүй болно.

...Ерөнхий шүүгчээс шүүх бүрэлдэхүүн томилж, албажуулсан захирамж гарч ...2025 оны 10 дугаар  сарын 31-ний өдрийн *** дугаартай шүүхийн тогтоолоор хариуцагч талын нотлох баримт гаргуулж. шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай шүүхийн тогтоолыг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч гомдол гаргаж, гомдлыг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хэлэлцэж гомдлыг хангахаас татгалзаж, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Шинжээчээр “***” ТӨХК, “***” ОНӨААТҮГ тус тус томилогдсон ба “***” ТӨХК дүгнэлт гаргахаас татгалзсан, “***” ОНӨААТҮГазар дүгнэлт гаргаж ирүүлсэн ба 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр товлосон боловч мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хурал давхардсан гэх үндэслэлээр шүүх хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хойшлоод байна.

...Шүүх хуралдааныг шүүгч би дангаар хянан хэлэлцэхээр товлосон ба нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээс нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус олох байсан орлого нэхэмжилсэн эсэх, учирсан хохирлоо нэхэмжилсэн эсэх нь ойлгомжгүй байсан тул тодруулсан. Мөн миний бие 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс ээлжийн амралтаа эдлэх хуваарьтай байсан тул хэрэг шилжиж очсон шүүгчид хэргийн материалтай танилцах хугацаа олгохгүйгээр шүүх хуралдааныг товлож хойшлуулаагүй болно.

...Миний бие тус шүүхэд шилжиж ирээд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 116 хэрэг, түдгэлзүүлсэн 55 иргэний хэрэг, 9 нэхэмжлэл, 2 гомдлыг хүлээн авсан. Үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 116 хэргээс 41 хэрэг

 хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан хэрэг байсан ба “***” ХК-ийн нэхэмжлэлтэй, “***” ХХК-д холбогдох хэрэг мөн хугацаа алдсан хэрэг шилжиж ирсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан хэргийн 2 хэрэг 2022 онд иргэний хэрэг үүссэн, 2023 онд үүссэн 7 хэрэг, 2024 онд үүсээд хугацаа алдсан 32 хэргийн хугацаа хэтэрсэн байсан.

...Дээрхээс дүгнэхэд 1 жил 3 сарын хугацаанд эрүү, иргэн, зөрчлийн нийт 1045 удаагийн шүүх хуралдаан товлож, хэлэлцэж иргэний 727 хэрэг, эрүүгийн 101 хэрэг, зөрчлийн 489 хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Шүүгчийн ажлын зохист ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-ын дагуу шүүгч Х.О миний ажлын зохист ачааллаас хэтэрсэн хувь 2025 оны эхний хагас жилд 214%, сүүлийн хагас жилд 206% буюу 2025 оны бүтэн жилийн хугацаанд 420% байсан болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч “***” ХК-ийн захирал Д.Г нь *** шүүхийн шүүгч П.Пд холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “...“***” ХК-ийн нэхэмжлэлээр Э.З, Д.Г нарт холбогдох иргэний хэрэг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үүссэн. Гэтэл энэ хэргийн шүүх хурлыг хуралдуулахгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийг зөрчиж байна, мөн “***” ХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийн талаар гомдол 2023 онд өгсөн боловч тодорхойгүй шалтгаанаар өнөөг хүртэл хурал зарлахгүй байна” гэжээ.

Илтгэгч гишүүн дээрх өргөдөлд сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж улмаар өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт илэрсэн гэх үндэслэлээр 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ГЗҮ/2026/0021 дүгээр захирамжаар *** шүүхийн шүүгч Х.О-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулсан байх ба 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүгч Х.О-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчил гаргаагүй гэх үндэслэлээр сахилгын хэргийг  хэрэгсэхгүй болгох санал, шүүгч П.П-ыг Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “...хуулийн илт тодорхой заалтыг ...удаа дараа зөрчсөн үйлдэл гаргах” гэх зөрчилд буруутган  ГНД/2026/0016 дугаартай нотлох дүгнэлт үйлджээ.

Нэг. Шүүгч П.П-д холбогдох сахилгын хэргийн тухайд:

1.1 *** шүүхийн шүүгч Г.У нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 138/ШЗ2022/03127 дугаар захирамжаар “***” ХК-ийн Д.Г, Э.З нарт холбогдуулан гаргасан “***” тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгч П.П-д хэргийг хуваарилжээ. Дээрх иргэний хэрэг үүссэнээс хойш шүүгч П.П-д хэрэг хуваарилагдах хүртэл хугацаанд тухайн хэрэгт шүүгч Т.Б, Б.О, Г.Ж нар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан.

Шүүгч П.П нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар захирамжаар хамтран хариуцагчаар татсан Г.Э-т нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хариу тайлбар авах, хэргийн материал танилцуулах зэрэг ажиллагааг хийлгэхээр *** шүүхэд даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, *** шүүх даалгаврыг гүйцэтгэн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгээр хэргийг хүргүүлсэн, 

2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар захирамжаар 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зарласан шүүх хуралдааны даргалагчийг албажуулсан,

2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаж 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хойшлуулсан, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн *** дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөө сольж өөр өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хангаж хуралдааныг хойшлуулан 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр товложээ.

 

1.2  *** шүүхийн шүүгч С.Г нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** дүгээр захирамжаар “***” ХК-ийн “***” ХК-д холбогдуулан гаргасан “***” тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан байх ба 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгч П.П-д хэргийг хуваарилжээ. Дээрх иргэний хэрэг үүссэнээс хойш шүүгч П.П-д хэрэг хуваарилагдах хүртэл хугацаанд тухайн хэрэгт шүүгч Г.Ж, Б.О, Т.Б нар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан.

Хэрэг хуваарилагдах үед шүүгч Г.Ж-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн *** дүгээр захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан ба  Дотоод хэргийн их сургууль 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/317 дугаар албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг ирүүлснээр шүүгч П.П 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ.

2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзсан, тус захирамжид хариуцагч гомдол гаргасныг тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн *** дүгээр тогтоолоор хангахаас татгалзаж, захирамжийг хэвээр үлдээсэн, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн  болох нь тус тус сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 80 дугаар зүйлийн 80.3-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасан.

Шүүгч П.П нь “***” ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Г, Э.З нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** шүүх даалгаврыг гүйцэтгэн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгээр хэргийг ирүүлсэн байх атал түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээлгүй 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн, дээрх хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр сэргээснээс хойш 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүх хуралдааныг товлох хүртэл хугацаанд, мөн “***” ХК-ийн нэхэмжлэлтэй, “***” ХК-д холбогдох иргэний хэрэгт шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн *** дүгээр тогтоол гарснаас хойш 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг зөрчсөн зөрчилд тус тус тооцогдоно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор тайлбарлахдаа “илт тодорхой заалт” гэдгийг “тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно”, “ноцтой зөрчих” гэдгийг процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, “удаа дараа” гэдэгт хуулийн илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар зөрчсөн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно гэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 80 дугаар зүйлийн 80.3-д заасан зохицуулалтууд нь хэнд ч тодорхой, ойлгомжтой, маргаангүй илт тодорхой заалт мөн.

Хэдийгээр шүүгч П.П дээрх хэргүүдийг анх хүлээн авахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан байсан, Нийт шүүгчдийн чуулганд оролцсон, сургалтад суусан, 2025 онд шүүгчийн зохист ачааллаас хэтэрсэн үзүүлэлтээр ажилласан зэрэг нөхцөл байдал зөрчил гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх боловч зөрчлийг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй, шүүгч  П.П хэргийг хүлээн авсан 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш тооцоход хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байх тул илтгэгч гишүүний “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т заасныг 1 удаа, 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг 2 удаа, нийт 3 удаа хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд нотлох дүгнэлтийг хүлээн авч, шүүгч П.П-д Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчилд хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байх ба шүүгч нь зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа, урьд сахилгын шийтгэл хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан “хаалттай сануулах” шийтгэл оногдуулах нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэсэнд нийцнэ гэж бүрэлдэхүүн үзлээ.        

Хоёр. Шүүгч Х.О-д холбогдох сахилгын хэргийн тухайд:

*** шүүхийн шүүгч Т.Б нь “***” ХК-ийн “***” ХХК-д холбогдуулан гаргасан *** тухай нэхэмжлэлд 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан, тус хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгч Х.О-д хуваарилсан.

Шүүгч Х.О нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчид гардуулж, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн *** дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангасан, 05 дугаар сарын 15-ны өдрийн *** дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 05 дугаар сарын 22-ны өдөр зарласан, 05 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар захирамжаар зохигчдын шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Улмаар шүүгч Х.О нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байсан  бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсантай холбоотойгоор ерөнхий шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжаар бүрэлдэхүүн томилогдсон, шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, хариуцагчийн нотлох баримт гаргуулах, хэргийг шилжүүлэх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг хүртэл хойшлуулсан, 10 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар шүүхийн тогтоолоор хариуцагчаас гаргасан нотлох баримт гаргуулах болон шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, “**” ОНӨААТҮГ-аас 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг ирүүлснээр 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдааныг 01 дүгээр сарын 13-ны өдөр хийхээр товлосон үйл баримт тогтоогдоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг тогтоож өгсөн бөгөөд шүүгч Х.О нь 11 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчид нэхэмжлэл гардуулснаас хойш 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн *** дүгээр захирамж гаргах хүртэл хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа хийгээгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан нь тухайн заалт хэнд ч илэрхий ойлгомжтой маргаангүй байх, зөрчлийн хэр хэмжээ нь ноцтой, эсхүл удаа дараа байх урьдач нөхцөл хангасан байхыг шаарддаг бөгөөд шүүгч Х.Отгонжаргалын дээрх үйлдэл хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил мөн боловч тухайлан шаардсан урьдач нөхцөлийг хангаагүй байна.

Тодруулбал,  Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “...“удаа дараа” гэдэгт хуулийн илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар зөрчсөн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно” тайлбарласан тул дээрх 1 удаагийн зөрчил нь “удаа дараа” гэх хуулийн урьдач нөхцөл хангасан гэж үзэхгүй, энэ талаар илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй гэх үндэслэлээр шүүгч Х.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

 Цаашид нэр бүхий шүүгч нар Банглорын зарчмын 6.5 “Шүүгч нь шүүн таслах ажиллагааг үр бүтээлтэй, шударгаар, аль болох хурдан шуурхай шийдвэр гаргахад чиглүүлнэ”, 207-д “Шүүгч нь гарсан хэрэг, маргааныг талуудын эрхийг харгалзан үзсэний үндсэн дээр шаардлагагүй илүү зардал гаргалгүйгээр буюу хойшлуулалгүйгээр, үр ашигтай, шударга, түргэн шуурхай шийдвэрлэх үүрэгтэй. Шүүгч нь шаардлагагүй илүү зардал гаргахгүй байх, ажиллагааг удаашруулах, хойшлуулахыг бууруулах, арилгах үүднээс хэргийг хяналтдаа байлгах үүрэгтэй...” гэж заасныг шүүн таслах үйл ажиллагаандаа чанд хэрэгжүүлж, аливаа хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэхийг хичээх нь шүүгчийн ёс зүйн зарчимд нийцэхийг анхаарах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ГНД/2026/0016 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан *** шүүхийн шүүгч П.П-д “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

2.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ГНД/2026/0016 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтэд дурдсан сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, *** шүүхийн шүүгч Х.О-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                     О.НОМУУЛИН

 

                                    ГИШҮҮН                                        Д.АРИУНТУЯА 

                                                                                              Д.ЭРДЭНЭЧУЛУУН