info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-04-08

Дугаар 50

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б, цахимаар Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг, цахимаар өргөдөл гаргагч Т.Э нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ГС/2026/...6 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“...1. Өргөдөл гаргагчаас шүүгч С.Оюунтунгалаг, Д.Ганзориг, О.Баатарсүх нарт холбогдуулан “...даргалагч шүүгч С.Оюунтунгалаг нь холбогдогч надад өмгөөлөгчөөр хангагдах эрх, эрхээ хангуулах талаар хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж баталгаажуулан надаас санал авалгүйгээр шүүх хуралдаан явуулсан. Тухайн үед миний бие энэ тухай бодоогүй, өмгөөлөгчтэй оролцох санал гаргаагүй нь намайг буруутгаж шүүгчийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. ... Надад холбогдох Зөрчлийн хэргийн давж заалдах шатны хурлын шүүх бүрэлдэхүүн нь холбогдогч надад өмгөөлүүлэх эрхээ хангуулах эсэхийг баталгаажуулаагүй, шүүх хуралд өмгөөлөгчгүй орох эсэхийг асууж зөвшөөрөл авалгүй Хууль зүйн туслалцаа авах болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “холбогдогч, хохирогч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өмгөөлөгч авч болно” гэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.” гэх агуулга бүхий өргөдлийг гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЗШ/...5 дугаар шийтгэврээр Т.Э-т холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг 4.1-д зааснаар Т.Э-т 16 цагийн албадан сургалтад хамруулж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан, тус шийтгэврийг эс зөвшөөрч Т.Э давж заалдах гомдол гаргасан байна.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ЕШЗ/...1 дүгээр захирамжаар Т.Э-т холбогдох зөрчлийн 2... дугаартай хэргийг илтгэгч шүүгчээр Ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг, шүүх бүрэлдэхүүнд Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, шүүгч О.Баатарсүх нарыг томилсны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Т.Э-т холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцсэн байна.

Тус хуралдаанд “...Даргалагч шүүгчээс “Шүүх хуралдаанд оролцогчийн эрх, үүрэг, шүүх хуралдааны дэгийг танилцуулан ойлгосон эсэхийг” асуухад оролцогчид “ойлголоо” гэж хэлсэн нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, хуралдааны тэмдэглэлд авагджээ. 

Харин давж заалдах шатны шүүхийн хуралдааны явцад даргалагч шүүгч зөрчилд холбогдогч Т.Э-аас өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эсэхийг асууж тодруулаагүй байна.

Энэ талаар шүүгч С.Оюунтунгалаг “...Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Одонтуяа нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр түүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” эрх болон зөрчилд холбогдогчийн бусад эрх, үүргийг тайлбарлаж өгсөн. Мөн анхан шатны шүүх хуралдаанд даргалагч: Та өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх үү? Шүүх хуралдаанд гэм буруу, хууль зүйн асуудлаар прокурортой мэтгэлцэн оролцож чадах уу? гэж асуухад зөрчилд холбогдогч Т.Э: “Өмгөөлөгчгүйгээр оролцож чадна” гэж хариулаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүйгээр оролцсон. Тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаагүй, өмгөөлөгчгүй оролцсон. Миний бие давж заалдах шатны шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан болон бусад эрх, үүрэг, шүүх хуралдааны дэгийг тайлбарлан өгсөн. Энэ нь шүүх хуралдааны бичлэгээр нотлогдоно” гэх тайлбарыг гаргасан.

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны явцад даргалагч шүүгч “Зөрчилд холбогдогч бичиг үсэг мэдэх үү?, Шүүх хуралдаанд өмгөөлөгч авах уу” гэхэд Зөрчилд холбогдогч Т.Э “Өмгөөлөгч авахгүй” гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгт бичигдсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Холбогдогч дараах эрхтэй”, 2.2-т “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах”, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Холбогдогч, хохирогчийн хүсэлтээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцож болно”, 2 дахь хэсэгт “Холбогдогч, хохирогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өмгөөлөгч авч болно” гэж заасан.

Шүүхээс зөрчилд холбогдогч Т.Э-т зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогчийн эрх, үүргийг танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан байх бөгөөд тэрээр өөрөө өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлээгүй байх тул шүүх бүрэлдэхүүнийг энэ үндэслэлээр шууд буруутгах боломжгүй байна.

2.Өргөдөл гаргагч “...Давж заалдах гомдолд дурдсан 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 6..., 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5... тоот шийтгэврээр нэг хэрэгт 2 удаа шийтгэсэн нь хууль зөрчсөн гэх гомдлыг хангаагүй 5... тоот шийтгэврийг хэвээр үлдээсэн. Гэтэл миний бие 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 6... тоот шийтгэврийг биеэр эдэлсэн ба 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр баривчлах байрны албан хаагчид шийтгэврийг гардуулан надад өгөөгүй учир хугацаа алдаж 2025 оны 04 сард хүчингүй болсон. 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Н.Баярбаатар шүүгч /2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 6... тоот шийтгэвэр гаргасан/ дахин 8 хоног баривчлах шийтгэл оноож шийтгэлийг хорих 4... дугаар ангид гүйцэтгүүлэхээр шийдсэн байдаг. Тэр үед миний бие эрүүгийн хэргийн улмаас 4... дугаар ангид хорих ял эдэлж байсан юм” гэжээ.

Шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл зөрчилд холбогдогч Т.Э-т холбогдох зөрчлийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/6... дугаар шийтгэврээр хянан шийдвэрлэж, түүнд 16 цагийн албадан сургалтад хамруулж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан. Тус шийтгэврийг эс зөвшөөрч Т.Э давж заалдах гомдол гаргасныг, давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ДШМЗ/0... дугаар магадлалаар 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/6... дугаар шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Тухайн зөрчлийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүгч Н.Баярбаатар дахин хянан хэлэлцэж, 2025/ЗШ/5... дугаар шийтгэврээр “Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Т.Э-т 16 цагийн албадан сургалтад хамруулж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Зөрчилд холбогдогч Т.Э тус шийтгэврийг эс зөвшөөрч гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд, 2025/ДШМЗ/0... дугаар магадлалаар “...Т.Э-ын давж заалдах гомдолд дурдсанаар түүнийг нэг зөрчилд 2 удаа шийтгүүлсэн буюу Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 6... дугаар шийтгэвэр болон Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5... дугаар шийтгэврээр тус тус 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл давхардуулан олгосон гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай магадлалаар Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 6... дугаар шийтгэврийг хүчингүй болгож, Т.Э-т холбогдох зөрчлийн 2... дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж шийдвэрлэсэн тул шүүхээс Т.Э-ын үйлдсэн нэг зөрчилд хоёр удаа шийтгэл оногдуулсан гэх холбогдогчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно” гэж дүгнэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЗШ/5... дугаар шийтгэврийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Шүүхээс Т.Э-т анх 16 цагийн албадан сургалтад хамруулж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр түүнд эрүүгийн хэрэгт холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд тухайн цаг хугацаанаас хойш Т.Э нь тасралтгүй цагдан хоригдож байгаа талаар шүүгч С.Оюунтунгалаг тайлбартаа дурдсан.

Мөн ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1... дугаар албан бичгээр “Т.Э нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллагдагчаар татагдан ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд анх хоригдсон. 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Багануур дүүрэг дэх 4... дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаад 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тус цагдан хорих байранд шилжин ирсэн. Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 6... дугаартай шийтгэврийг эдлээгүй, шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон” гэх лавлагааг ирүүлсэн байна.

Иймд Т.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэрэгт цагдан хоригдож байгаа учир зөрчлийн шийтгэврүүдийн дагуу баривчлах болон сургалтад хамрагдах шийтгэлээ эдэлсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд өргөдөл гаргагч Т.Э-аас “..2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 6... дугаар шийтгэврийг гардуулж өгөөгүй” гэх үндэслэлээр шүүгч Н.Баярбаатарт холбогдуулан гаргасан өргөдлийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн СХМ/2025/0... дугаартай магадлалаар хянан шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.

            3.Өргөдөлд “…Уг зөрчлийн хэрэг нь эгч дүү хоёрын санаатай худал мэдүүлгээр хэрэг үүсгэж шийтгэсэн хэрэг юм. Эгчийнх нь мэдүүлгийг “copy”-доод дүүгийнх нь мэдүүлэгт тэр чигээр нь оруулчихсан байдаг. Шүүх хурлын магадлалд  миний гаргасан хууль зүйн үндэслэлтэй тайлбарыг бараг оруулалгүй ямар үндэслэлээр тайлбарыг маань няцааж шийтгэврийг хэвээр үлдээснээ ч тусгаагүй байдаг, шүүх хурлын тэмдэглэл, бичлэгээс миний шийдүүлэхийг хүссэн тайлбар үндэслэлүүд тодорхой харагдана. Шүүгч С.Оюунтунгалаг гомдол гаргах эрхгүй гэдгээрээ хууль зөрчсөн шийдвэр гаргасан.” гэжээ.

            Өмнө нь дурдсанчлан Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ДШМЗ/0... дугаар магадлалаар зөрчилд холбогдогч Т.Э-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5... дугаар шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

            Тус магадлалд зөрчилд холбогдогч Т.Э-ын давж заалдах гомдлыг тусгасан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс зөрчилд холбогдогчийн гомдлын үндэслэлд холбогдох дүгнэлтийг өгч, ямар үндэслэлээр шийтгэврийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн талаараа тодорхой бичжээ.

            Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 10, 11, 12, 13 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3, 38.4, 39.1, 39.2, 39.3, 39.4, 39.10, 39.11, 39.12 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасан журмыг тус тус баримтална”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заасан.

            Дээрх хуульд заасны дагуу давж заалдах шатны шүүх зөрчилд холбогдогчийн гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд хянах үүргийг хуулиар хүлээдэг.

            Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрхэн шийдвэрлэх нь шүүгч, шүүх бүрэлдэхүүний хараат бус, бүрэн эрхэд хамаарах тул Сахилгын хороо давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянахгүй. 

            Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх тул шүүгчийг гомдол гаргах эрхгүй гэснээр хууль зөрчсөн гэх өргөдөл нь үндэслэлгүй байна

            4.Өргөдөлд шүүгч С.Оюунтунгалаг, Г.Уртнасан, С.Ганчимэг нарт холбогдуулан “...Шийтгэвэрт миний гомдолд дурдагдсан Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Т.Э-ын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03 цаг 40 минутаас 11 цаг 30 минут хүртэлх саатуулагдсан хугацааг 1 хоногоор тооцож баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно” гэсэн /6... тоот шийтгэврийн 4 дүгээр хуудсанд орсныг хавсаргав/ үндэслэлгүй зүйлийг оруулсан нь өгүүлбэр зүйн бие даасан бүтэц үүсгэн агуулгын хувьд шийтгэвэрт нөлөөлсөн хэсгийг магадлалын 4 дүгээр хуудасны 11 хэсэгт “буруу дүгнэлт бичсэн байна” гэж тайлбарлан оруулсан байдаг.  Гэтэл энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.3-т заасан, 13 дахь хэсгийн 13.4-т заасан хууль зөрчсөн үндэслэл буюу шийтгэврийг хүчингүй болгох үндэслэл байхад шүүгч нар буруу дүгнэлт хийжээ гэж үзсэн.” гэжээ.

            Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/6... дугаар шийтгэврээр “Т.Э нь 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн орой 22 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг бичигтийн боомтод хамтран амьдрагч Д.Аийг хэл амаар доромжилж, Д.Аийн толгой руу 2 удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж дүгнэн, Т.Э-т шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

            Тус шийтгэврийн 4 дүгээр хуудсанд “Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Т.Э-ын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03 цаг 40 минутаас 11 цаг 30 минутын хүртэлх  саатуулагдсан хугацааг 1 хоногоор тооцож баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно” гэж бичигдсэн боловч шийтгэврийн тогтоох хэсэгт дурдагдаагүй байна.

            Мөн тухайн зөрчлийн хэрэгт холбогдогч Т.Э 1 хоногийн хугацаагаар саатуулагдсан гэх баримт байхгүй, шүүх  хуралдааны бичлэгт үзлэг хийхэд дээрх асуудал яригдаагүй.

            2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/6... дугаар шийтгэврийг эс зөвшөөрч гаргасан Т.Э-ын гомдлыг хянан хэлэлцсэн давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Даргалагч: “Шийтгэврийн 4 дэх хуудаст Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Т.Э 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 03:40 минутаас 11:30 минут хүртэл саатуулагдсан хугацааг нэг хоногт тооцож баривчлах шийтгэлд оролцуулан тооцно гэсэн байна. Энэ ямар учиртай вэ” гэхэд Прокурор: “Техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Холбогдогч саатуулагдсан зүйл байхгүй. Тогтоох хэсэг дээр энэ тухай заалт байхгүй. Тэгэхээр тодорхойлох хэсэг дээр техникийн шинжтэй алдаа гарсан байх” гэх тайлбарыг гаргажээ.

            Улмаар 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ДШМЗ/0... дугаар магадлалд шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Ийнхүү давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэврийг хянаж, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул шүүх бүрэлдэхүүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

            5. Өргөдөлд “...6... тоот шийтгэврийг хүчингүй болгосон үндэслэл нь мөн хууль зөрчсөн байдаг. Магадлалын 4 хуудасны 10 хэсэгт зааснаар тайлбарлаж, 12  хэсэгт зааснаар шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Зөрчлийн хэргийн давж заалдах журмаар шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалт, хэсэгт /38.4, 39.1, 39.2, 39,9 дүгээр зүйлийн 2 хэсэг гэх мэт/ заасан журмыг тус тус баримтална” гэж заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчин шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч А-тай холбоотой асуудал нотлох баримтаар шинжлэн судлагдаагүйгээс гадна анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал юм. Хохирогч гэх А-т хохирогчийн эрх эдлүүлээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт 10.3-т заасныг зөрчсөн байна гэж үзэж магадлалынхаа үндэслэл болгосон байдаг. Гэтэл уг үндэслэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэх 13.1, 13.2, 13.3, 13.4, 13.5, 13.6-д заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна” гэжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “… хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон бол … аймаг, нийслэлийн шүүхийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүний шийдвэрээр шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмыг баримтлан томилно” гэж заасны дагуу Т.Э-т холбогдох 2... дугаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнээр Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан, шүүгч С.Ганчимэг нар томилогдсон байна.

            Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ДШМЗ/0... дугаар магадлалаар “...хохирогч Д.А-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эдлэх эрхийг эдлүүлээгүй, түүний шүүх хуралдаанд оролцох, шийтгэвэр гардан авах зэрэг эрхийг нь хязгаарласан байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчсөн гэж үзлээ” гэж дүгнэжээ.

            Шалгах ажиллагааны явцад тухайн зөрчлийн хэрэгт хийсэн үзлэгээр Д.А-т Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрх үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулан хохирогчоор мэдүүлэг авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

            Гэтэл анхан шатны шүүх шийтгэвэртээ хохирогч Д.А-ийн мэдүүлгийг дурдсан атлаа түүнд холбогдох хэсэгт дүгнэлт өгөөгүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилжээ.

            Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

            Иймд шүүхээс тухайн зөрчлийн хэрэгт хохирогчоор тогтоогдож, мэдүүлэг өгсөн Д.А-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй талаар дүгнэлт хийсэн нь шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

            Тодруулбал, хохирогчийн эрх эдлүүлээгүй гэх үндэслэл нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэж байхад шинээр илэрсэн үйл баримт биш бөгөөд хэрэгт авагдсан баримтыг дүгнэсэн байх тул дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнийг буруутгах боломжгүй.

            6.Өргөдөлд шүүгч С.Оюунтунгалаг, Г.Уртнасан, С.Ганчимэг нарт холбогдуулан “…шүүх бүрэлдэхүүн магадлалын 24, 25 дугаар хуудасны 14.3 дахь хэсэгт дүгнэснээр “шинжээчийн дүгнэлт” нь хууль, журам зөрчөөгүй, дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруутгах үндэслэлгүй, эргэлзээгүй хүлээн зөвшөөрөгдсөн дүгнэлт байна гэж үзсэн байдаг. Шүүгчид хэдий өөрсдийн итгэл үнэмшлээр хуулийн дагуу шийдвэрийг гаргах эрхтэй ч дагаж мөрдөх ёстой хууль зөрчсөн нотлох баримтыг хуулийн дагуу байна гэж дүгнэсэн. Гэтэл 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн анхан шатны шүүхийн тогтоолоор /2025/ШТ/1.../ шинжээчийн дүгнэлтийг хууль зөрчсөн учир дахин дүгнэлт хийлгэхээр прокурорт буцаасан. ... сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь /1.../ тоот Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т заасан хориглосон заалтуудыг зөрчсөн байдаг. 1... тоот шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол уг хуралд хөндөгдөөгүй боловч магадлалын 9 дүгээр хуудасны Тодорхойлох нь хэсэгт “гомдлоор хязгаарлахгүйгээр шийдвэрийг бүхэлд нь хянаад хуулийн шаардлага хангасан” гэж дүгнэсэн байдаг. Дурдагдсан хууль, журам, тогтоол зөрчсөн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзсэн.” гэх өргөдлийн агуулгыг дурджээ.

            Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/2... дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Э-ыг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, ...хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, “...зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд 14 жилийн хорих ял оногдуулжээ.

            Тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Т.Э-ын гомдлыг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүгч С.Оюунтунгалаг, С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, 2025/ДШМ/1... дугаар магадлалаар Т.Эын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

            Магадлалыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Б...  нараас хяналтын журмаар гомдол гаргасныг, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ХШТ/7.... дугаар тогтоолоор “...анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсний улмаас шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ. Хоёр шатны шүүхээс гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, хохирогчид хууль бусаар халдаж, хохирол учруулахад хүргэсэн шүүгдэгчийн хүсэл, эрмэлзэл, сонгож хэрэгжүүлсэн арга, ашигласан зэвсэг, гэмт үйлдлийн эхлэл, өрнөл, эцсийн үр дүн, үйлдэл нь өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон байдал зэрэгт хийсэн хууль зүйн дүгнэлт, шийдэл нь алдаатай, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байх тул  хэргийг хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэх үндэслэл болсныг дурдаж байна. ...анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Э-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.А-ийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, мөн олон удаа цохиж, зодож, нуруун тус газарт нь хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол урчлуулсан үйл баримтыг тогтоон, хэргийг зүйлчлэхдээ хохирогчийн биед халдах болсон оюун санааны дотоод тусгал буюу гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, сэдэлтийг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн объектив шинжээр нь буюу зөвхөн шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хор уршигт суурилан хэргийг зүйлчилснээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрсэн байна” гэж дүгнэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Улмаар Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс тус эрүүгийн хэргийг дахин 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд, 2025/ШТ/1... дугаар тогтоолоор “...хэрэгт шинжээчээс хохирогч Д.А-ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоохдоо хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг эх хувиар нь авалгүйгээр хуулбар баримтад үндэслэн дүгнэлт гаргаж Шүүх шинжилгээний тухай тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шинжилгээний объектын нийтлэг шаардлагад хамаарах 12.3.2, “эх хувь буюу биет байдлаар, эсхүл энэ хуульд заасан тусгай шаардлагыг хангасан байх” шаардлага болон мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3  хэргийн материалд хийх шүүх эмнэлгийн шинжилгээний объект болох эмнэлгийн баримт бичиг нь баталгаажсан эх хувь байна” гэснийг тус тус зөрчжээ. Тодруулбал, мөрдөгчөөс шинжээч томилж, дүгнэлт гаргуулахдаа шинжилгээний объектын нийтлэг шаардлагад нийцсэн баримтыг өгөөгүй хийгээд энэ тохиолдолд шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6 хангахгүй бол гэж заасны дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах байтал мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.4 шаардлага хангахгүй шинжилгээний объектод шинжилгээ хийж, дүгнэлт гаргах... гэж заасан шинжээчийн үйл ажиллагаанд хориглох зохицуулалтыг зөрчин дүгнэлт гаргажээ. Иймд хохирогч Д.А-ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоох 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 311 дугаартай дүгнэлтийг гаргуулахдаа нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчиж цуглуулсан хийгээд үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.  ...хохирогч Д.А-ийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт нь хууль зөрчиж хийгдсэн, мөн үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэх нь зүйтэй. ...хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулах гэмт хэргүүд гэм буруугийн субъектив тал болох гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоороо ялгагдах бөгөөд энэ нөхцөл байдлыг тогтоох нь зүйтэй” гэж дүгнэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж зааснаас үзвэл шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэл, үнэмшилд тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэж шийдвэр гаргах нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг.

            Түүнчлэн шүүхийн шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байдлыг хянаж, шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхийг зөвхөн дээд шатны шүүх хэрэгжүүлдэг  ба шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Шүүхийн сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй.

            Энэ утгаараа  Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянаад, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ХШТ/7... дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иймд, дээрх өргөдлийн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

7. Илтгэгч гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ГЗҮ/2025/0... дугаар захирамжаар Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, шүүгч О.Баатарсүх нарт холбогдуулан “...зөрчлийн хэргийн холбогдогч Т.Э-аас шүүгч С.Оюунтунгалагийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасныг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШТ/0... дугаар шүүхийн тогтоолоор хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулах явцад Т.Э-аас  “...Шүүх хуралдааны үед миний тус хуралдааны даргалагч, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Оюунтунгалагийг татгалзах хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0... тоот тогтоолын “Тайлбарлах нь” хэсгийн 1 хэсэгт заасны дагуу гаргасан. Гэтэл гомдолд дурдагдсан шүүгч нар болон даргалагч шүүгч нь миний хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалт болон Дээд шүүхийн 0... тоот тогтоолын “Тайлбарлах нь” хэсгийн 6-д заасныг ноцтой зөрчсөн байдаг. ...Томилогдсон шүүгч нар болох Д.Ганзориг, О.Баатарсүх нар зөвлөлдөх тасалгаанд орж хэлэлцэн татгалзан гаргах үндэслэлийн талаар ерөнхий шүүгчээс тайлбар ч авалгүй миний хүсэлтийг татгалзаж шийдсэн” гэх өргөдлийг гаргасан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх хуралдааны явцад Т.Э-аас “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр татгалзаж байна. ..шүүгч тухайн хэргийг шийдэхэд хэргийн оролцогчийн талаарх хувийн эмзэг мэдээллийг мэдэж байгаа нөхцөл байдал нь нөлөөлөхөөр бол хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ үүссэн гэж үзнэ гэж заасан. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т зааснаар хүний хувийн мэдээллийг ойлгоно. С.Оюунтунгалаг шүүгч нь надад холбогдох эрүүгийн хэрэгт шүүгчээр оролцон хохирогчийн талд шийдсэн ба энэ хурал дээр миний эмзэг мэдээллийг мэдэх болсон учир хэргийг шударгаар шийдэж чадахгүй гэж үзэж байна” гэж Ерөнхий шүүгч С.Оюунтунгалагийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтийг гаргажээ.

Тус хүсэлтийг бүрэлдэхүүний шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нар хянаад,  2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШТ/0... дугаар тогтоолоор “шүүгч өмнө нь зөрчилд холбогдогчид холбоотой эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүгчийг зөрчил шалган шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах үндэслэл болохгүй ба миний хувийн эмзэг мэдээллийг мэдсэн гэх боловч, ямар хувийн эмзэг мэдээллийг мэдсэн, зөрчил шалган шийдвэрлэхэд хэрхэн яаж сөргөөр нөлөөлсөн нь тодорхойгүй байна” гэж дүгнэн холбогдогч Т.Э-ын “Ерөнхий шүүгч С.Оюунтунгалагийг зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно” гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзвал шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ.”, 2 дахь хэсэгт “Ерөнхий шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ.”, 3 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүний аль нэг шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэж, санал тэнцвэл уг шүүгчийг татгалзсанд тооцно.” гэж зааснаас үзвэл хэргийн оролцогч Ерөнхий шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан тохиолдолд тухайн хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлэхээр зохицуулжээ. 

Гэтэл Ерөнхий шүүгч С.Оюунтунгалагийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүний шүүгч нар нь шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулалгүй, хянан шийдвэрлэж тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Энэ талаар холбогдох шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нараас “...шүүх бүрэлдэхүүнд оролцож шийдвэрлэх явцад холбогдогч Т.Э-аас шүүгч С.Оюунтунгалагийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд хамтын зарчмаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэсэн” гэх тайлбарыг,

шүүгч С.Оюунтунгалаг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ гэсэн заалт байдаг. 10.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт арай өөр зохицуулалт байдаг. Шүүх бүрэлдэхүүний аль нэгийг 10.1, 10.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэн, санал тэнцвэл уг шүүгчийг татгалзсанд тооцно. Тухайн үед бид гурав энэ хоёр журмын алинаар явах вэ гэдгээр ярилцсан. Ярилцаж байгаад хойшлуулаад шийдвэрлэнэ гэвэл зөвлөгөөнөөр хэлэлцэнэ. Би ганцаараа ажиллаж байгаа учраас зөвлөгөөний ирц хүрэлцэхгүй. Бусад тохиолдолд буюу надад татгалзах тохиолдол гарвал Дээд шүүхэд харьяалал тогтоолгох хүсэлт гаргаад Дээд шүүхээс адил шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлүүлдэг журам байдаг. Гэхдээ энэ тохиолдолд шүүх хуралдаан үргэлжилж байгаа тохиолдолд Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давуу эрх эдлэхгүй гэсэн заалт байгаа. Дээрээс нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүгчийн татгалзалтай холбоотой тайлбар гарсан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлтэй холбоотой тайлбар гарсан. Шүүх хуралдаанаа завсарлуулж байгаад бид хэд тайлбаруудаа уншиж харж байгаад 10.4 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж болох юм байна. Ерөнхий шүүгч гэдэг утгаар нь биш шүүгч гэдэг утгаар нь шийдвэрлэж болох юм байна гээд Ерөнхий шүүгч давуу эрх эдлэхгүй гээд шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүгчийн татгалзалтай холбоотой тайлбар түрүүлж гарсан. Тэр дээр Ерөнхий шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давуу эрх эдлэхгүй учраас бүрэлдэхүүний олонхоор шийдвэр гаргахаар дэлгэрэнгүй тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбарт тэр захиргааны хуулийн тайлбарыг иш татаж хэрэглэж болохоор заасан.  Би хүсэлт шийдвэрлэхэд нь оролцоогүй. Би хуралдааны танхимд Э болон бусад хүмүүстэй хуралдааны танхимд сууж байсан. Хурал завсарлаад бүрэлдэхүүний хоёр шүүгч маань шийдвэрлэсэн асуудал байгаа” гэх тайлбар гаргасан.

Шүүгч нарын дээрх үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасанд хамаарч байх боловч “удаа дараа” болон “ноцтой” гэх урьдач нөхцөлийг хангахгүй байна.

Тодруулбал, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.2.6-д “...Хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүх бүрэлдэхүүнд томилогдсон Ерөнхий шүүгч нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд онцгой эрхийг эдлэхгүй, “бүрэлдэхүүний нэг шүүгч”-ийн хувиар оролцох тул бүрэлдэхүүнээс түүнийг дангаар нь, эсхүл 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэргийг хэлэлцэх үед өөр нэг шүүгчийн хамт /бүрэлдэхүүний цөөнх/ татгалзвал хүсэлтийг бүрэлдэхүүний үлдсэн /олонх/ шүүгч хэлэлцэн шийдвэрлэхээр, ингэхдээ тухайн шүүгч /шүүгчид/-ийг өөрийг нь оролцуулахгүй гэж нэг мөр тайлбарлаж, ойлгох нь зүйтэй байна” гэж тайлбарласан.

Мөн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд тухайн шүүхийн Ерөнхий шүүгч томилогдон орсон үед түүнийг дангаар нь татгалзан гарахаар гаргасан хүсэлтийг үлдсэн бүрэлдэхүүний олонх, эсхүл хуульд заасны дагуу Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлэх эсэх талаар шүүхүүд өөр өөр практик тогтоон хэрэглэж ирсэн нь дээрх нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэхээр байх тул шүүгч нарын дээрх зөрчлийг ноцтой гэж үзэхэд учир дутагдалтай.

Харин илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар зөрчсөн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг удаа дараа гэж ойлгох тул шүүгч нарын зөрчил нь удаа дараад хамаарахгүй байна.

Иймд шүүгч нар нь хуулийн илт тодорхой заалтыг дахин зөрчсөн тохиолдолд “удаа дараа” гэх ойлголтод тооцогдох тул цаашид хууль тогтоомжийг чанд баримталж, хуулийг нэг мөр ойлгож анхаарч ажиллавал зохино.

            Дээрхээс нэгтгэн үзвэл Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан, шүүгч С.Ганчимэг, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, шүүгч О.Баатарсүх нарт холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул тэдгээрт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Шүүгч С.Оюунтунгалаг тайлбартаа: “Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг миний бие Т.Э-ын Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдлыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд:

1.Удаа, дараа хууль зөрчиж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэж шүүх бүрэлдэхүүнийг буруутгасан нь үндэслэлгүй. Миний бие Т.Э-т холбогдох эрүүгийн болон зөрчлийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцож, хэргийг илтгэж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, эдгээр хэргийг хэний ч нөлөөнд авталгүйгээр шударгаар шийдвэрлэсэн. Холбогдогч Т.Э-ын зүгээс эдгээр хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ийн суурин төлөөлөгчийн газар, Олон улсын хүний эрхийн байгууллага, Шүүхийн сахилгын хороонд өөртэй чинь холбогдуулан гомдол гаргана” гэсэн өргөдөл, гомдлыг бичгээр хэд хэдэн удаа надад ирүүлж, шүүх хуралдаан дээр сүрдүүлснээс бусдаар бусад оролцогч, прокурор, хохирогчийн зүгээс нөлөөлөхийг оролдоогүй болно.

2. С.Оюунтунгалаг би 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 1 жил гаруй хугацаанд Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ганцаараа ажиллаж байгаа бөгөөд адил шатны өөр шүүхийн 2 шүүгчийг хуульд заасан журмын дагуу бүрэлдэхүүнд томилуулан, тус шүүхэд ирсэн бүх хэргийг хянан шийдвэрлэж ирсэн.

Миний бие Т.Э-т холбогдох эрүүгийн болон зөрчлийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3, 39.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааныг илтгэж, даргалж явуулсан.

Т.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд биш тул түүний холбогдсон эрүү, зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулах боломжтой юм. Т.Э-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тэрээр өмгөөлөгч Ж.Ц, Т.Х нараас татгалзаж, Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтээ бичгээр гаргаж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцсон. Энэ талаарх түүний хүсэлтийг эрүүгийн хэрэгт хавсаргасан болно.

Түүнд холбогдох зөрчлийн хэргийн тухайд: Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.О нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр түүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” эрх болон зөрчилд холбогдогчийн бусад эрх, үүргийг тайлбарлаж өгсөн.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд даргалагч: Та өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх үү? Шүүх хуралдаанд гэм буруу, хууль зүйн асуудлаар прокурортой мэтгэлцэн оролцож чадах уу? гэж асуухад зөрчилд холбогдогч Т.Э: “Өмгөөлөгчгүйгээр оролцож чадна” гэж хариулаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүйгээр оролцсон.

Тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаагүй, өмгөөлөгчгүй оролцсон. Миний бие давж заалдах шатны шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан болон бусад эрх, үүрэг, шүүх хуралдааны дэгийг тайлбарлан өгсөн. Энэ нь шүүх хуралдааны бичлэгээр нотлогдоно.

3.Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай магадлалаар Т.Э-т холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж, түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 16 цагийн албадан сургалтад хамруулж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 6... дугаар шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу анхан шатны шүүх Т.Э-т холбогдох 2... дугаартай зөрчлийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцэж, мөн өдрийн 5... дугаартай шийтгэврээр түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 16 цагийн албадан сургалтад хамруулж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсныг давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцэж, уг шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Холбогдогч Т.Э нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 6... дугаар шийтгэвэр болон тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5... дугаартай шийтгэврүүдээр нэг хэрэгт 2 удаа шийтгүүлсэн гэж гомдол гаргасан байх ба энэ нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл 6... дугаартай шийтгэврийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон учраас энэ шийтгэврээр шийтгүүлсэн гэж үзэж болохгүй. Мөн тэрээр 2024 оны 6..., 2025 оны 5... дугаартай шийтгэврүүдээр шийтгүүлсэн 8 хоногийн баривчлах шийтгэлээ биеэр эдэлсэн гэх боловч энэ нь худал байх магадлалтай юм. Учир нь:

Тэрээр  2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 06 цагийн орчимд хамтран амьдрагч Д.А-ийг хүчиндсэн, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 3... дүгээр захирамжаар энэ өдрийн 19 цаг 35 минутаас эхлэн өнөөг хүртэл тасралтгүйгээр цагдан хоригдож, хорих ангид хоригдож, ял эдэлж байсан тул баривчлах шийтгэлийг биеэр эдлэх боломжгүй нөхцөлд байсан.

4.Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1... дугаартай магадлалын “Тодорхойлох” хэсгийн 11-д: “Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, тэд үгсэн хуйвалдаж худал мэдүүлэг өгч, холбогдогч Т.Э-ыг гүтгэсэн гэдгийг нотлох баримт байхгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2, 3.6, 4.8 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хохирогч, гэрч нараас хууль сануулж, мэдүүлэг авсан байх тул эдгээр нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй юм. Эдгээр мэдүүлгүүд хоорондоо ноцтой зөрүүгүй, эх сурвалжаа нотолж чадаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж, зөрчлийн хэргийн хохирогч нарын мэдүүлгийн талаар дүгнэж бичсэн. Үүнийг хууль зөрчсөн гэж үзэж болохгүй юм.

5.Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0... дугаар магадлалд дурдсан үндэслэлүүдийн талаар:

5.1.Энэ магадлалын “Тодорхойлох” хэсгийн 11-д “Түүнээс гадна анхан шатны шүүхийн шүүгч шийтгэврийн 4 дэх хуудаст энэ хэргийн холбогдогч Т.Э-ыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад албадан саатуулаагүй байхад нэг хоног албадан саатуулсан мэтээр буруу дүгнэлт хийж бичсэн байна.” гэсэн дүгнэлт хийснээс гадна зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн 2024 оны 6... дугаар шийтгэврийг хүчингүй болгосон.

5.2.Хохирогч А-тай холбоотой асуудлыг анхан шатны шүүхээр хэлэлцээгүй байхад шийтгэврийг хүчингүй болгосон нь хууль бус гэж холбогдогч Т.Э үзжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.3 дахь заалтад “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж, 9.2 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 10, 11, 12, 13 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3, 38.4, 39.1, 39.2, 39.3, 39.4, 39.10, 39.11, 39.12 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасан журмыг тус тус баримтална.” гэж тус тус заасан. Энэ дагуу анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үндэслэлээр холбогдох шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн болно.

Тодруулбал: “Энэ зөрчлийн хэрэгт Д.А, Д.А нарын хоёр хүнийг хохирогчоор асууж мэдүүлэг авсан байх боловч Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны саналаар зөвхөн Д.А-ийн толгой руу 2 удаа цохисон үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, шийтгэл оногдуулахаар хэргийг шүүхэд шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл хохирогч Д.А-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эдлэх эрхийг эдлүүлээгүй, түүний шүүх хуралдаанд оролцох, шийтгэвэр гардан авах зэрэг эрхийг нь хязгаарласан байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзлээ.” гэх дүгнэлтийг магадлалд дурдсан байна.  

Энэ дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасанд хамаарахгүй, зөрчилдөхгүй бөгөөд давахын шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан болохыг харгалзан үзэхийг хүсье.

6. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дүгээр сарын 14-ний өдрийн 1... дугаар магадлалтай эрүүгийн хэргийг хяналтын журмаар хянаад Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 7... дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүхийн холбогдох тогтоолд шинжээчийн дүгнэлтүүд хууль бус эсэх  талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд “Хоёр шатны шүүхээс гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, хохирогчид хууль бусаар халдаж, хохирол учруулахад хүргэсэн шүүгдэгчийн хүсэл, эрмэлзэл, сонгож хэрэгжүүлсэн арга, ашигласан зэвсэг, гэмт үйлдлийн эхлэл, өрнөл, эцсийн үр дүн, үйлдэл нь өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон байдал зэрэгт хийсэн хууль зүйн дүгнэлт, шийдэл нь алдаатай, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна...” гэх үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгосон.

Анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянах эрх хэмжээгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1... дугаартай, “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” тогтоолд дурдсан үндэслэлээр магадлалын шинжээчийн дүгнэлттэй холбоотой хэсгийг хууль бус гэж дүгнэж болохгүй юм. 

Түүнээс гадна анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор хойшлуулж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр шийдвэрлэсэн байх ба энэхүү эрүүгийн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул бусад үндэслэлийн талаар дэлгэрэнгүй тайлбар бичих боломжгүй болно” гэжээ.

Холбогдох шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нар ирүүлсэн тайлбартаа: Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан, тус шүүхийн шүүгч С.Ганчимэг бид эрүүгийн хэргийн шүүгдэгч Т.Э-ын Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолтой танилцаад бидэнтэй холбоотой хэсэгт дараах тайлбарыг хамтран гаргаж байна. Үүнд:

1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/2... тоот албан бичгээр Т.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2... дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор дээрх эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхэд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй гэх шалтгаанаар шүүх бүрэлдэхүүнд оролцох 2 шүүгчийг томилон ирүүлэх, мөн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1/2... тоот албан бичгээр Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 6... дугаар шийтгэвэртэй Т.Э-т холбогдох зөрчлийн хэргийг зөрчилд холбогдогчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд оролцох 2 шүүгчийг томилон ирүүлэх хүсэлтийг манай шүүхэд тус тус ирүүлсэн

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 201/ЗТ2025/0... дүгээр тогтоолоор батлагдсан “Давж заалдах шатны өөр шүүхийн эрүү, иргэн, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг сонгон томилуулах журам"-ын 2.1, 2.2-т заасны дагуу шүүгч бид сонгогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 7-д зааснаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний захирамжаар томилогдсоноор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар тус хоёр хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцсон билээ.

Шүүгч бид Т.Э-т холбогдох эрүүгийн болон зөрчлийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд томилогдох болсон үндэслэл нь Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэг шүүгчтэйн улмаас тус шүүхэд ирсэн хэрэг болгоныг адил шатны өөр шүүхээс шүүх бүрэлдэхүүн томилуулан шийдвэрлэдэгтэй холбоотой бөгөөд дээрх хоёр хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцож хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Хэний ч нөлөөнд авталгүйгээр хуульд заасан үндэслэл журмын дагуу шударгаар шийдвэрлэсэн.

2. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0... дугаартай магадлалаар Т.Э-т холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж, түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 16 цагийн албадан сургалтад хамруулж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 6... дугаар шийтгэврийг “анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн" гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Гомдол гаргагч нь дээрх 0... дугаартай магадлалд хамаарах гомдлын үндэслэлээ 1. ".. 6... тоот шийтгэвэрт намайг албадан саатуулагдсан мэтээр дүгнэлт хийсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.3. 13.4-т заасан хууль зөрчсөн үндэслэл буюу шийтгэврийг хүчингүй болгох үндэслэл байхад магадлалд "буруу дүгнэлт бичсэн байна" гэж шүүгч нар буруу дүгнэлт хийсэн ...” гэж, 2. "... Хохирогч А-тай холбоотой асуудлыг анхан шатны шүүхээр хэлэлцээгүй байхад шийтгэврийг хүчингүй болгосон нь хууль бус ... гомдол гаргах эрхгүй эцсийн шийд гэдгээр өөртөө болон бусдад давуу байдал олгосон хууль бус шийдвэр гаргасан." гэж тайлбарлажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.3 дахь заалтад "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж, 9.2 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт "Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 10, 11. 12, 13 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 3, 38 4. 39.1, 39.2, 39.3. 39.4, 39.10, 39 11, 39.12 дугаар зүйл, 39 9 дүгээр зүйлийн 11. 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасан журмыг тус тус баримтална.” гэж тус тус заасан.

Тухайлбал, анхан шатны шүүх зөрчилд холбогдогчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад албадан саатуулаагүй байхад албадан саатуулсан гэж буруу дүгнэлт хийсэн байсныг магадлалд дүгнэж бичсэн, түүнчлэн хохирогч Д.А-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан боловч шүүх хохирогч Д.А-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эдлэх эрхийг эдлүүлээгүй, түүний шүүх хуралдаанд оролцох, шийтгэвэр гардан авах зэрэг эрхийг нь хязгаарласан байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлтийг магадлалд дурдсан байна.

Энэ дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасанд хамаарахгүй гэж үзэж байна.

3. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1... дугаар магадлалтай эрүүгийн хэргийг хяналтын журмаар хянаад Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 7... дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүхийн дээрх тогтоолд шинжээчийн дүгнэлтүүд хууль бус эсэх талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд "... Хоёр шатны шүүхээс гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, хохирогчид хууль бусаар халдаж. хохирол учруулахад хүргэсэн шүүгдэгчийн хүсэл, эрмэлзэл, сонгож хэрэгжүүлсэн арга, ашигласан зэвсэг, гэмт үйлдлийн эхлэл, өрнөл, эцсийн үр дүн, үйлдэл нь өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон байдал зэрэгт хийсэн хууль зүйн дүгнэлт, шийдэл нь алдаатай. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна .." гэх үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгосон.

Түүнээс гадна дээрх эрүүгийн хэрэг одоо нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд байгаа ба хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул гомдолд дурдсан бусад үндэслэлийн талаар дэлгэрэнгүй тайлбар бичих боломжгүй болно.

Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд зааснаар шүүгч гагцхүү хуульд захирагдах үүрэгтэй бөгөөд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль хэрэглэн шүүн таслах үүргээ хэрэгжүүлсэн асуудал нь шүүгчийн ёс зүйтэй хамааралгүй, мөн шүүх бүрэлдэхүүн хамтын зарчмаар Т.Э-т холбогдох эрүүгийн болон зөрчлийн хэргүүдийг тус тус давж заалдах журмаар хянан шийдвэрлэх үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн нь өөрийн албан тушаалын давуу байдлыг ашиглан бусдад давуу байдал олгосон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн гомдол гаргагчийн Сахилгын хороонд гаргасан дээрх гомдолд Т.Э-т холбогдох эрүүгийн болон зөрчлийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэснээр шүүх бүрэлдэхүүн өөрсдийн албан тушаалын ямар давуу байдлыг яаж ашигласан, хэнд ямар давуу байдлыг олгосон, энэ нь ямар баримтаар нотлогдож байгаа эсэх нь тодорхойгүй байгааг анхаарч үзэхийг хүсье.

Иймд дээрх үндэслэлээр шүүгч Г.Уртнасан. С.Ганчимэг бид Т.Э-т холбогдох эрүүгийн болон зөрчлийн хэргүүдийг тус тус шүүгч С.Оюунтунгалагийн хамт давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ эрүүгийн болон зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны журам, мөн Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50,1 1-т заасан шүүгчид хориглох заалтыг тус тус зөрчөөгүй гэж үзэж байгаа тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна” гэжээ.

Холбогдох шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нар ирүүлсэн тайлбартаа: Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, шүүгч О.Баатарсүх бид шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ГЗҮ/2025/0... дугаартай сахилгын хэрэг үүсгэх тухай захирамжийг хүлээн авч танилцлаа.

Тус захирамжид “...зөрчлийн хэргийн холбогдогч Т.Э-аас шүүгч С.Оюунтунгалагийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүхийн тогтоолоор хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн...” гэж дурджээ.

Шүүгч бид хоёр холбогдогч Т.Э-т холбогдох зөрчлийн хэргийг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд шүүх бүрэлдэхүүнд оролцож шийдвэрлэх явцад холбогдогч Т.Э-аас шүүгч С.Оюунтунгалагийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд хамтын зарчмаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэсэн бөгөөд шүүгч нар сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл гаргаагүй гэж үзэж байна. Иймд шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх бид хоёрт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Т.Э-аас Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан, шүүгч С.Ганчимэг  нарт холбогдуулан гаргасан өргөдлийн дагуу 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ГЗҮ/2025/0... дүгээр гишүүний захирамжаар болон 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ГЗҮ/2025/0... дугаар захирамжаар Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, шүүгч О.Баатарсүх нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэснийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ГЗБ/2025/0... дугаар захирамжаар сахилгын хэргүүдийг нэгтгэн шалгах ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг үндэслэлтэй гэж үзлээ.

1.Шүүгч С.Оюунтунгалаг нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эсэхийг асуугаагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:  

            Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗТЭ/726/2024/ЗШ6... дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд “даргалагч: Та өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх үү... гэхэд, Т.Э: Өмгөөлөгчгүйгээр оролцож чадна” гэж, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ДШМЗ/0... дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд “даргалагч: Шүүх хуралдаанд оролцогчийн эрх, үүрэг, шүүх хуралдааны дэгийг танилцуулан ойлгосон эсэхийг асуухад, Т.Э: Ойлгосон, асуух зүйлгүй” гэж тус тус хэлсэн болох нь тэмдэглэгджээ.

            Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны даргалагч шүүгч нар зөрчилд холбогдогч Т.Э-аас өмгөөлөгчтэй оролцох эсэхийг асууж, холбогдогчийн эрх, үүргийг танилцуулсан нь баримтаар нотлогдож байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Холбогдогч дараахь эрхтэй”, 2.2-т “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах”, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Холбогдогч, хохирогчийн хүсэлтээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцож болно”, 2 дахь хэсэгт “Холбогдогч, хохирогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өмгөөлөгч авч болно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд зөрчилд холбогдогч өмгөөлөгчтэй оролцох эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.

            2.Нэг хэрэгт 2 шийтгэл оногдуулсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

            Т.Э-т холбогдох зөрчлийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/6... дугаар шийтгэврээр хянан шийдвэрлэж, түүнд 16 цагийн албадан сургалтад хамруулж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан. Тус шийтгэврийг эс зөвшөөрч Т.Э давж заалдах гомдол гаргасныг, давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ДШМЗ/0... дугаар магадлалаар 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/6... дугаар шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

            Дээрх зөрчлийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүгч Н.Баярбаатар дахин хянан хэлэлцэж, 2025/ЗШ/5... дугаар шийтгэврээр “Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Т.Э-т 16 цагийн албадан сургалтад хамруулж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна.

              Тус шийтгэврийг эс зөвшөөрч Т.Э гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд, 2025/ДШМЗ/0... дугаар магадлалаар гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЗШ/5... дугаар шийтгэврийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

              Дээрх зөрчлийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүгч Н.Баярбаатар дахин хянан хэлэлцэж, 2025/ЗШ/5… дугаар шийтгэврээр “Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Т.Эрдэнэбаатарт 16 цагийн албадан сургалтад хамруулж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна. Тус шийтгэврийг эс зөвшөөрч Т.Э… гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд, 2025/ДШМЗ/0… дугаар магадлалаар гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЗШ/5… дугаар шийтгэврийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. Дээр дурдсан, Т.Э-т холбогдох 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/6… дугаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн өдөр түүнд холбогдох эрүүгийн хэрэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЦХШЗ/3… дүгээр шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1…. дугаар албан бичгээр тогтоогдсон. Үүнд:

              - “...2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 3… дүгээр шүүгчийн захирамжаар ... анх хоригдсон ... нийт 99 хоног цагдан хоригдож байна” гэж,

              - “...2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 6… дугаартай шийтгэврийг эдлээгүй, шүүгчийн захирамжаар хоригдсон...” гэж,

              - “...2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5… дугаартай шийтгэврээр 16 цагийн албадан сургалтад хамруулж, 8 хоногийн баривчлах шийтгэлийг оногдуулсан үед хоригдол Т.Э… нь Багануур дүүрэг дэх 4… дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж байсан...” гэж тус тус дурджээ.

              Иймд өргөдөл гаргагч нь эрүүгийн хэрэгт цагдан хоригдож байсан учир зөрчлийн шийтгэврүүдийн дагуу баривчлах болон сургалтад хамрагдах шийтгэлийг эдлээгүй байх тул нэг зөрчилд хоёр удаа шийтгэл оногдуулсан, биеэр эдэлсэн гэж үзээгүй илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.

              3.Шүүгч С.Оюунтунгалаг ямар үндэслэлээр тайлбарыг няцааж шийтгэврийг хэвээр үлдээснээ ч тусгаагүй, мөн гомдол гаргах эрхгүй гэж хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэх тухайд:

            Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 10, 11, 12, 13 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3, 38.4, 39.1, 39.2, 39.3, 39.4, 39.10, 39.11, 39.12 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасан журмыг тус тус баримтална”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заажээ.

              Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд, 2025/ДШМЗ/0... дугаар магадлалаар гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЗШ/5... дугаар шийтгэврийг хэвээр үлдээн шийдвэрлэж, магадлалд зөрчилд холбогдогч Т.Э-ын давж заалдах гомдлыг тусгасан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс зөрчилд холбогдогчийн гомдлын үндэслэлд дүгнэлт өгч, ямар үндэслэлээр шийтгэврийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн талаараа тодорхой бичсэн болох нь шалгах ажиллагааны явцад цугларсан баримтаар нотлогдож байна.

              Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна” гэж заасны дагуу зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй байхаар хуульчилсан учир өргөдөл гаргагчийн “...гомдол гаргах эрхгүй гэж хууль зөрчсөн шийдвэр гаргасан...” гэх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

              4.2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/6... дугаар шийтгэвэрт үндэслэлгүй зүйл оруулсныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгох атал шүүгч нар “буруу дүгнэлт хийжээ” гэж үзсэн нь хууль зөрчсөн гэх агуулгын тухайд:

              Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/6... дугаар шийтгэврийн 4 дүгээр хуудсанд “Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Т.Э-ын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03 цаг 40 минутаас 11 цаг 30 минутын хүртэлх саатуулагдсан хугацааг 1 хоногоор тооцож баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно” гэж бичигдсэн боловч шийтгэврийн тогтоох хэсэгт дурдагдаагүй байна.

              Тус шийтгэврийг эс зөвшөөрч гаргасан Т.Э-ын гомдлыг хянан хэлэлцсэн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “...Даргалагч: “Шийтгэврийн 4 дэх хуудаст Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Т.Э 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 03:40 минутаас 11:30 минут хүртэл саатуулагдсан хугацааг нэг хоногт тооцож баривчлах шийтгэлд оролцуулан тооцно гэсэн байна. Энэ ямар учиртай вэ” гэхэд Прокурор: “Техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Холбогдогч саатуулагдсан зүйл байхгүй. Тогтоох хэсэг дээр энэ тухай заалт байхгүй. Тэгэхээр тодорхойлох хэсэг дээр техникийн шинжтэй алдаа гарсан байх” гэж тусгагджээ.

              Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийн дагуу давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсвэл өөрчлөх эрх хэмжээг хуулиар олгосон.

              Иймд Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээрх анхан шатны шүүхийн шийтгэврийг хянан, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ДШМЗ/0... дугаар магадлалаар хүчингүй болгосон үндэслэлүүдийг дурдахдаа:

              - “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрхийг эдлүүлээгүй, түүний шүүх хуралдаанд оролцох, шийтгэвэр гардан авах зэрэг эрхийг нь хязгаарласан...” гэж,

              - “... шийтгэврийн 4 дэх хуудаст энэ хэргийн холбогдогч Т.Э-ыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад албадан саатуулаагүй байхад нэг хоног албадан саатуулсан мэтээр буруу дүгнэлт хийж бичсэн байна” гэж тус тус үзэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан байна. 

              Тиймээс давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэврийг хянаж, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул шүүх бүрэлдэхүүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

               5. Хохирогч Д.А-т хохирогчийн эрх эдлүүлээгүй, мөн анхан шатны шүүхээр хохирогчтой холбоотой асуудлыг хэлэлцээгүй байхад давж заалдах шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/6... дугаар шийтгэврээр хохирогчийн эрх эдлүүлээгүй гэж үзэн хүчингүй болгосон нь хууль зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

              Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/6... дугаар шийтгэврийг эс зөвшөөрч холбогдогч Т.Э-аас гомдол гаргасны дагуу Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ДШМЗ/0... дугаар магадлалаар хохирогчийн эдлэх эрхийг эдлүүлээгүй, түүний шүүх хуралдаанд оролцох, шийтгэвэр гардан авах зэрэг эрхийг нь хязгаарласан гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгосон.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Д.А, Д.А нарыг тус тус хохирогчоор тогтоож, хохирогчийн эрх үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулан, мэдүүлэг авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

Харин анхан шатны шүүхийн шийтгэвэрт зөвхөн Б.А-ийн толгой руу 2 удаа цохисон үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, шийтгэл оногдуулсан. Гэвч хохирогч Д.А-ийн мэдүүлгийг шүүхийн шийтгэвэрт дурдсан атлаа түүнд холбогдох хэсэгт дүгнэлт өгөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заажээ.

Дээрх хуульд зааснаар шүүх бүрэлдэхүүн гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугласан баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх ба хэргийг хэрхэн шийдвэрлэх нь бүрэлдэхүүний бүрэн эрх төдийгүй, шүүгчийн хараат бус байдалд хамаардаг тул хэрэг маргааныг шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан шүүгчийг буруутгах боломжгүй гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.

              6.Шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн магадлалд шинжээчийн дүгнэлтийг хууль зөрчөөгүй гэж үзсэн, гэтэл Монгол Улсын дээд шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ХШТ/7... дугаар тогтоолоор анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШТ/1... дугаар тогтоолоор дахин шинжээчийн дүгнэлт хийлгэхээр прокурорт буцаасан гэх үндэслэлийн тухайд:

              Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/2... дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 14 жилийн хорих ял оногдуулжээ.

              Тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Т.Э-ын гомдлыг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ДШМ/1... дугаар магадлалаар Т.Э-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/2… дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

              Магадлалыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргасныг, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ХШТ/7… дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгож шийдвэрлэжээ. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолд:

              - “...анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсний улмаас шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.” гэж,

              - “... гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, хохирогчид хууль бусаар халдаж, хохирол учруулахад хүргэсэн шүүгдэгчийн хүсэл, эрмэлзэл, сонгож хэрэгжүүлсэн арга, ашигласан зэвсэг, гэмт үйлдлийн эхлэл, өрнөл, эцсийн үр дүн, үйлдэл нь өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон байдал зэрэгт хийсэн хууль зүйн дүгнэлт, шийдэл нь алдаатай, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэж,

              - “...гэмт хэргийн объектив шинжээр нь буюу зөвхөн шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хор уршигт суурилан хэргийг зүйлчилснээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрсэн байна...” гэж тус тус үзэн анхан шатны шүүх рүү хэргийг буцааж шийдвэрлэсэн байна.

              Тиймээс Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс тус эрүүгийн хэргийг дахин 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд, 2025/ШТ/1… дугаар тогтоолоор “...хэрэгт шинжээчээс хохирогч Д.А-ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоохдоо хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг эх хувиар нь авалгүйгээр хуулбар баримтад үндэслэн дүгнэлт гаргаж, Шүүх шинжилгээний тухай тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шинжилгээний объектын нийтлэг шаардлагад хамаарах 12.3.2, “эх хувь буюу биет байдлаар, эсхүл энэ хуульд заасан тусгай шаардлагыг хангасан байх” шаардлага болон мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт хэргийн материалд хийх шүүх эмнэлгийн шинжилгээний объект болох эмнэлгийн баримт бичиг нь баталгаажсан эх хувь байна” гэснийг ... зөрчжээ ... хохирогч Д.А-ийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт нь хууль зөрчиж хийгдсэн, мөн үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэх нь зүйтэй ... хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулах гэмт хэргүүд гэм буруугийн субьектив тал болох гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоороо ялгагдах бөгөөд энэ нөхцөл байдлыг тогтоох нь зүйтэй” гэж дүгнэн нэмэлт шинжилгээ хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасан.

              Дээрх үйл баримтаас үзвэл, давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн, хэргийн бодит нөхцөл байдал, гэмт хэргийн шинжийг үнэлж, хууль хэрэглэсэн байх ба хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхийг зөвхөн Монгол Улсын дээд шатны шүүх хэрэгжүүлдэг тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хууль зөрчсөн, сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

              7.Ерөнхий шүүгч Д.Ганзориг, шүүгч О.Баатарсүх нар шүүх бүрэлдэхүүнд оролцохдоо зөрчилд холбогдогч Т.Э-аас гаргасан Ерөнхий шүүгч С.Оюунтунгалагийг шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах тухай хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж, шийдвэрлээгүй гэх үндэслэлийн тухайд:

              Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ДШМЗ/0… дугаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн байна.

              Тус хуралдааны явцад Т.Э-аас “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр татгалзаж байна ... С.Оюунтунгалаг шүүгч нь надад холбогдох эрүүгийн хэрэгт шүүгчээр оролцон хохирогчийн талд шийдсэн ба энэ хурал дээр миний эмзэг мэдээллийг мэдэх болсон учир хэргийг шударгаар шийдэж чадахгүй гэж үзэж байна... ” гэж Ерөнхий шүүгч С.Оюунтунгалагийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтийг гаргажээ.

              Бүрэлдэхүүний шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нар 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШТ/0… дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүний аль нэг шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэж, санал тэнцвэл уг шүүгчийг татгалзсанд тооцно” гэж заасан.

              Дээрх зохицуулалтыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр хуралдааны тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлагатай буюу шүүхийн практик үүссэн ойлголтын зөрүү, хуулийн буруу хэрэглээг арилгах, зөв хэрэглэх талаар тайлбарласан. Үүнд:

              “...Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан 4 шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргасан бөгөөд уг тайлбарыг гаргахад баримталсан зарчим, үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлд заасан ижил зохицуулалтыг тайлбарлахад жишиг болгон хэрэглэж, шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхэд салбар эрх зүйн процессын хуулиудын нэгдмэл байдлыг хангах шаардлагатай гэж үзсэн болно” гэжээ.

              Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.2.6-д “...Хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүх бүрэлдэхүүнд томилогдсон Ерөнхий шүүгч нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд онцгой эрхийг эдлэхгүй, “бүрэлдэхүүний нэг шүүгч”-ийн хувиар оролцох тул бүрэлдэхүүнээс түүнийг дангаар нь, эсхүл 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэргийг хэлэлцэх үед өөр нэг шүүгчийн хамт /бүрэлдэхүүний цөөнх/ татгалзвал хүсэлтийг бүрэлдэхүүний үлдсэн /олонх/ шүүгч хэлэлцэн шийдвэрлэхээр, ингэхдээ тухайн шүүгч /шүүгчид/-ийг өөрийг нь оролцуулахгүй гэж нэг мөр тайлбарлаж, ойлгох нь зүйтэй байна” гэж тайлбарласан.

              Тодруулбал, шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд тухайн шүүхийн Ерөнхий шүүгч томилогдсон орсон үед түүнийг дангаар нь татгалзан гаргахаар гаргасан хүсэлтийг үлдсэн бүрэлдэхүүний олонх шийдвэрлэх ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар Ерөнхий шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцохдоо давуу эрх эдлэхгүй байхаар хуульчилсан байна.

              Дээрх хууль, тайлбарууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил үйлчлэхээр заасан тул илтгэгч гишүүний “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасанд хамаарч байх боловч “удаа дараа” болон “ноцтой” гэх урьдач нөхцөлийг хангахгүй байна...” гэх дүгнэлт хэсгийг хүлээн авахгүй байх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

              Иймд илтгэгч гишүүнээс Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан, шүүгч С.Ганчимэг, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, шүүгч О.Баатарсүх нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ГС/2026/0.... дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Т.Э-аас ирүүлсэн өргөдлийн дагуу Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан, шүүгч С.Ганчимэг, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, шүүгч О.Баатарсүх нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                     С.ЭНХТӨР

 

                                    ГИШҮҮД                                          Ц.ДАВХАРБАЯР

 

                                                                                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН