
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-04-01
Дугаар 44
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгсөд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ГС/2026/0037 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“ ... Ховд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Э-т холбогдох эрүүгийн 2436*** дугаартай хэргийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байх ба шүүгч Б.Гантөгс даргалж, хяналтын прокурор Б.Э, шүүгдэгч Б.Э нар биечлэн оролцжээ.
Яллах дүгнэлтэд “...шүүгдэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэр бүхий иргэдийн зураг бүхий худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэж танилцуулж, шүүгдэгч тайлбар гаргаагүй байна.
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэжээ.
Уг шийдвэрт эрүүгийн хэргийн талууд, оролцогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй байх тул мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэж зүйлчилсэн заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн байна гэх Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар дүгнэлт гарч, уг өдрөөс эхлэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх ба, улмаар Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн байна.
Мэдээлэлд дурдагдаж буй эрүүгийн 2436***дугаартай хавтаст хэрэг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивд хадгалагдаж байх ба хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн *** шийдвэр, улсын яллагч Б.Э , шүүгдэгч Б.Э нарт шийдвэр гардуулсан Баримт №12, шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд байршуулахыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн тухай Баримт №13 зэргээр тус хэргийг шүүх 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хянан шийдвэрлэсэн нь тогтоогдоно.
Ийнхүү гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулсан цаг хугацаанд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл хүчин төгөлдөр үйлчилж байсан тул *** дугаар шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.
Хуульд өөрөөр заагаагүй бол бүх шатны шүүх шийдвэрээ шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим санд байршуулах бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.6-д заасны дагуу тодорхой хэрэг, маргааны талаарх мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах чиг үүргийг шүүгчийн туслах гүйцэтгэдэг.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний хөдөлгөөний нийтлэг аргачлал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загварыг шинэчлэн батлах тухай” тогтоолоор баталсан уг аргачлалын 4.16-д шүүхийн шийдвэрийг холбогдох систем болон шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулах чиг үүргийг шүүгчийн туслах гүйцэтгэхдээ шүүгчээс өгсөн шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг холбогдох системд бүрэн, гүйцэт оруулж, баталгаажуулах бөгөөд “Шүүхийн шийдвэрийг цахим санд оруулах журам”-ыг баримталж ажиллахаар байна.
Энэ талаар шүүхийн Тамгын газрын ажилтан, шүүгчийн туслах А.З-с ирүүлсэн тайлбарт: “Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн туслах А.З миний бие Б.Э-т холбогдох эрүүгийн 2436***дугаартай хэргийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцон тэмдэглэл хөтөлж, шүүгчийн туслах Х.М-г өндөр насны тэтгэвэрт гарсны дараа тус шүүхийн шүүгч Б.Гантөгсийн туслахаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр томилогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болох тус хэргийн шийтгэх тогтоолыг shuukh.mn-д байршуулж ажиллахдаа хэргийг хянан шийдвэрлэсэн хугацааг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр байршуулж бичиг, техникийн алдаа гаргаж, нууцлалын журмын хэрэгжилтийг хангаж ажиллагаагүй зөрчил гаргасан байна.
Харин тус хэргийн шийтгэх тогтоол болон тэмдэглэлийг "эрүүгийн хэргийн нэгдсэн систем"-д 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр гаргаж, оруулсан байна.” гэж,
Мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Б-с ирүүлсэн тайлбартаа:
- “Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэх цагаатгах тогтоолыг шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахдаа огноог 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэж андуурч, мөн оролцогчийн мэдээллийг нууцлахдаа Э гэх хүний нэрийг нууцлаагүй алдаа гаргасан байсныг Б.Гантөгс шүүгчийн туслах А.З-н шүүхийн шийдвэр нийтлэх эрхээр нэвтэрч засварласан болно.” гэж,
- гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ““Шүүхийн шийдвэрийн цахим сан”-д шийдвэр байршуулах ажиллагаатай холбоотой Та ямар эрх, үүрэгтэй ажилладаг вэ?” гэх асуултад “Шүүгчийн туслах өөрийн хэрэглэгчийн эрхээр орж, шийдвэрийг байршуулдаг бөгөөд мэдээллийн технологийн мэргэжилтэн хэрэглэгчийн эрхийг нь тохируулж өгдөг.”, “Та 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай тогтоол алдаатай байршсаныг засаж оруулсан гэх тайлбарыг тус хороонд ирүүлжээ. Энэ талаараа дэлгэрүүлж ярина уу” гэх асуултад “Хэлтсийн дарга болон шүүгч Гантөгс надад шүүхийн шийдвэрийн огноог буруу бичсэн шийдвэр байршуулсан байна гэж хэлсэн тул би 02 дугаар сарын 10-ны өдөр шүүгчийн туслах З-н эрхээр нэвтэрч, засвар оруулсан.” гэж тус тус тайлбар, мэдүүлэг гаргасан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгчийн туслах Ховд аймаг дахь сум дундын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэрийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэмээн техникийн алдаа гаргаж, шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим санд байршуулсан боловч шалгах ажиллагааны явцад засагдсан байна.
Дээрхийг нэгтгэвэл, шүүхийн захиргааны албан хаагчийн алдаатай үйлдэл нь холбогдох шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж ойлгогдох нөхцөлийг үүсгэсэн байх ба сахилгын хэргийн шалгах ажиллагаагаар Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23.хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах гэх заалтыг зөрчөөгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Холбогдох шүүүгч Б.Гантөгс Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“ ...Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Б.Гантөгс миний бие Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б.Э-т холбогдох 2436***хэргийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байна.
Улмаар 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд *** дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталгаажуулсан нь Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн программаар тогтоогдоно.
Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн мэдээлэлд дурдсан шийтгэх тогтоолын оныг буюу 2024 оны 12 дугаар сарын 30-ыг 2025 оны 12 дугаар сарын 30 болгон техникийн алдаатай шийтгэх тогтоолыг “Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан"-д байршуулсан байна.
Эрүүгийн 2436***дугаартай Б.Э-т холбогдох хэрэг Ховд аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн П.Э-с Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгсөд холбогдуулан гаргасан мэдээлэлд Сахилгын хорооны гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулан 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ГС/2026/0037 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хүлээж авах үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар дүгнэлтээр “Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол ... ял шийтгэнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... эрх чөлөө, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын "... үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрх чөлөөтэй. ...", мөн зүйлийн 17 дахь заалтын "төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. ...", Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасныг тус тус зөрчсөн” гэж дүгнэн тухайн хуулийн заалтыг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлснийг Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн.
Гэтэл шүүхийн шийдвэрийн цахим сан болох https://shuukh.mn/-д шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, улмаар эрүүгийн хариуцлага оногдуулсан Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн огноотой *** дугаартай шийтгэх тогтоол байршсан байна.
Үүнтэй холбогдуулан мэдээлэл гаргагч П.Э-с “ ... Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлсэн хуулийн зохицуулалтыг баримтлан шүүгдэгч Б.Э-г гэм буруутайд тооцон, ял оногдуулсан” гэх агуулгаар Шүүхийн сахилгын хороонд мэдээлэл гаргажээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2436***дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд *** дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.6-д заасны дагуу тодорхой хэрэг, маргааны талаарх мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах чиг үүргийг шүүгчийн туслахын албан үүрэгт хамаарна.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 229 дүгээр “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загварыг шинэчлэн батлах тухай” тогтоолоор баталсан аргачлалын 4.16-д шүүхийн шийдвэрийг холбогдох систем болон шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулах чиг үүргийг шүүгчийн туслах гүйцэтгэхдээ шүүгчээс өгсөн шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг холбогдох системд бүрэн, гүйцэт оруулж, баталгаажуулах бөгөөд “Шүүхийн шийдвэрийг цахим санд оруулах журам”-ыг баримталж ажиллахаар байна.
Шүүгчийн туслах А.З: “ ...тус хэргийн шийтгэх тогтоолыг shuukh.mn-д байршуулж ажиллахдаа хэргийг хянан шийдвэрлэсэн хугацааг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр байршуулж бичиг, техникийн алдаа гаргаж, нууцлалын журмын хэрэгжилтийг хангаж ажиллагаагүй зөрчил гаргасан байна. Харин тус хэргийн шийтгэх тогтоол болон тэмдэглэлийг "эрүүгийн хэргийн нэгдсэн систем"-д 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр гаргаж, оруулсан” гэх тайлбарыг өгчээ.
Үүнээс үзвэл, шүүгчийн туслахын хайхрамжгүй үйлдлийн улмаас Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолыг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахдаа огноог 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэж оруулсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.
Иймд шүүгч Б.Гантөгс хэргийг шийдвэрлэхдээ “ ...Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлсэн хуулийн зохицуулалтыг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцон, ял оногдуулсан” гэх нөхцөл байдал шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, илтгэгч гишүүнээс “ ...Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчөөгүй” гэх үндэслэлээр түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ГС/2026/0037 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгсөд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
С.ЭНХТӨР