info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-04-01

Дугаар 43

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Х.Хашбаатар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгсөд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2026/0026 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“ ...Өргөдөл гаргагчаас шүүгч И.Амартөгсөд холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлээ “...Ерөнхий шүүгч И.Амартөгсийн захирамж нь илт хуульд заасан үндэслэлгүй шалтгаанаар нэхэмжлэлийг буцааж буйд гомдол гаргаж байна ...Миний бие гэмт хэргийн хохирогч тул уг захирамжид дурдсан 24.1.2-24.1.6 буюу хөөн хэлэлцэх хугацаагаар гэмт хэрэг үйлдсэн үнэн боловч Эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас татгалзаж Иргэний шүүхийн журмаар хохирлоо нэхэмжил гэсэнд тэмдэгтийн хураамж төлөхгүй байхад удаа дараа тэмдэгтийн хураамж нэхсэн захирамж авч, хамгийн сүүлд И.Амартөгс өөрийн үйлдсэн захирамж нь бүхий л хэрэглээнд байхгүй болон байгаа хуулиа бичиж тодруулчхаад үүнийхээ эсрэг тэмдэгтийн хураамж төлөөгүй байгаа тул нэхэмжлэл хүлээн авахаас татгалзаж буйд гомдож байна...” гэж тодорхойлжээ.

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг заасан ба 65.1.11-т “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” гэж, 62 дугаар зүйлийн 62.1.4-т “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд тусгана” гэж нэхэмжлэлд зайлшгүй тусгах зүйлийг заасан. Мөн зүйлийн 65.1.6-д “... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ... шүүгчийн захирамж байгаа.” гэж заасан байна.

Дээрх хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд заавал тусгаж шүүхэд өгөхөөр хуульчилсан буюу А.М  нь нэхэмжлэлдээ хариуцагчаас шаардаж буй зүйл, эсхүл үнийг гэрээний /ямар/ болон гэрээний бус үүргийн дагуу нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй байжээ.

Тодруулбал, нэхэмжлэлд дурдсан автомашиныг биет байдлаар түүний улсын дугаар эзэмших эрхийг буцаан шилжүүлэх, эсхүл үнийг нь нэхэмжилж буй эсэхийг, хуульд заасан ямар үндэслэлээр хариуцагчаас шаардаж байгаагаа нэхэмжлэгч тодорхой дурдаагүй байна.

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой болгосны дараа дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй ба энэ талаар дээрх шүүгчийн захирамжид дурджээ.

Түүнчлэн нэхэмжлэгч А.М  нь 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “... 65.1.1-65.1.8 ... заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж гомдол гаргасан байна.

Уг гомдлыг мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д “Шүүхийн тогтоол,               шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр ... хянан шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *** дүгээр тогтоолоор хянан хэлэлцэж “...Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь учир дутагдалтай боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах зөрчлийг нэхэмжлэгч арилгаагүй шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй...” гэж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснээр захирамж хүчин төгөлдөр болжээ. 

Дээрх баримтуудаар өргөдөл гаргагч тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа өмнө нь шүүгчийн захирамжид дурдсан зөрчлийг арилгаагүй болох нь шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаар тогтоогдсон болно.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн захирамжийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх эрхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн нотлох баримт цуглуулах ажиллагааг хянах эрхгүй болно.

Мөн өргөдөл гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр харьяалах шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй юм.

Дээрхээс дүгнэвэл, өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгсөд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

 

Холбогдох шүүүгч И.Амартөгс Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:  

“ ...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжийн *** дугаар 2025 оны 11 дүгээр сарын 25-ны нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай Ерөнхий шүүгч И.Амартөгсийн захирамж нь илт үндэслэлгүй шалтгаанаар нэхэмжлэлийг буцааж буйд гаргасан гомдолд.

А.М-ийн нэхэмжлэлийн П.М-д холбогдуулан “Япон улсад 2004 онд үйлдвэрлэсэн Улаан өнгөтэй Ниссан Экстрал маркийн улсын УБ*** дугаартай зах зээлийн 35,000 долларын үнэ бүхий автомашиныг болон УБ ***улсын дугаар нэхэмжилсэн хохирлоо барагдуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Тус нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч А.М нь дахин тус шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа “Япон улсад 2004 онд үйлдвэрлэгдсэн улаан өнгөтэй Ниссан экстрал маркийн улсын УБ***дугаартай зах зээлийн 35,000 долларын үнэ бүхий автомашины болон УБ***улсын дугаар хохирол барагдуулах” тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Уг захирамжид нэхэмжлэгч А.М нь тухайн шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай “Гомдол хянан шийдвэрлэх” тухай тогтоолоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” тухай захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.М-н гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч буюу гомдол гаргагч А.М  дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа ба уг захирамж, шүүхийн тогтоол нь шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхийг хязгаарлахгүй болно.

Иймд Ерөнхий шүүгч И.Амартөгсөд үүсгэсэн сахилгын хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн А.М  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгсөд холбогдуулан гаргасан өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГЗҮ/2025/0146 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2026/0026 дугаартай сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, А.М-с хариуцагч П.М-д холбогдуулан “Япон улсад 2004 онд үйлдвэрлэсэн Улаан өнгөтэй Ниссан Экстрал маркийн улсын УБ***дугаартай зах зээлийн 35,000 долларын үнэ бүхий автомашиныг болон УБ***улсын дугаар нэхэмжилсэн хохирлоо барагдуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Тус нэхэмжлэл нь Ерөнхий шүүгч И.Амартөгсөд хуваарилагдан, шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ***  дугаартай захирамжаар “...нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг П.М-д ямар байдлаар шилжин очсон, талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг бүрэн тодорхойлоогүй ... 35,000 ам долларын үнэ бүхий автомашиныг гаргуулах шаардлага гаргаж байгаа эсэх, эсхүл уг машины үнийг гаргуулах шаардлага гаргасан нь ойлгомжгүй ... нэхэмжлэлд УБ***улсын дугаар гаргуулах гэж тодорхойлсон ойлгомжгүй ... нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй ...” гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. 

Улмаар А.М-с хариуцагч П.М-д холбогдуулан “Япон улсад 2004 онд үйлдвэрлэсэн Улаан өнгөтэй Ниссан Экстрал маркийн улсын УБ***дугаартай зах зээлийн 35,000 долларын үнэ бүхий автомашиныг болон УБ***улсын дугаар хохирол барагдуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дахин гаргасан байна.

Шүүгч М.Амартөгс нэхэмжлэлийг хянаад 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар захирамжаар “...2025 оны 10 дугаар сарын 21-ний ***  дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжид заасан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн захирамжийн зөрчил арилаагүй дахин нэхэмжлэлээ гаргасан байна ... улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлөөгүй дахин нэхэмжлэлээ гаргасан буюу өмнөх захирамжийн зөрчлийг мөн л арилгаагүй байна...” гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрүүдийг гаргасан шүүгч И.Амартөгсөд холбогдуулан өргөдөл гаргагчаас  “...илт үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шаардсан” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

1.Нэхэмжлэл гаргах хэлбэрээр шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан хэлбэрийн шаардлага, мөн хуулийн 62, 63 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр, нэхэмжлэлийн үнийг тодорхойлох зэрэг хуулиар тогтоосон журамд нийцүүлж нэхэмжлэлээ гаргах шаардлагатай.

            Тухайлбал, тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч  “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”-г нэхэмжлэлдээ тусгаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч А.М-н нэхэмжлэл нь хуулийн уг шаардлагыг хангаагүй талаар шүүгч И.Амартөгс захирамждаа тодорхой дурджээ.

            Иймд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй, түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчилд хамаарахгүй тул энэ талаар дүгнэсэн гишүүний захирамж үндэслэл бүхий байна.

 

2.Өргөдлийн: “ ...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шаардсан” гэх үндэслэлийн тухайд:

Шүүгч И.Амартөгс 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ***  дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилгуулахаар гаргасан нэхэмжлэл нь эрүүгийн хэргийг прокурор хөөн хэлэлцэх хугацаагаа дууссан хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан бол иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай гэж үзэхгүй бөгөөд улмаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй” гэж дүгнэжээ.

Шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар захирамжаар нэхэмжлэгчийн дахин гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлдээ “ ...Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлд уг нэхэмжлэл хамаарахгүй талаар дурдсан байхад дахин улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлөөгүй дахин нэхэмжлэлээ гаргасан” гэж дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг тул нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэх эсэх, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл хуульд нийцсэн эсэхийг хянах эрх Сахилгын хороонд хуулиар олгогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой асуудалд хууль зүйн дүгнэлт өгсөн нь шүүгчийн хууль хэрэглээтэй холбоотой асуудалд хамаарах тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд, энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний “...Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн захирамжийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх эрхгүй” гэх санал үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид нэхэмжлэгч гомдол гаргасныг тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай тогтоолоор  “...Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь учир дутагдалтай боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах зөрчлийг нэхэмжлэгч арилгаагүй шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй” гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй байна.

Нөгөөтээгүүр, шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн үндэслэлдээ нэхэмжлэгч нь зөрчлөө арилган шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг тусгасан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй ба шүүгч И.Амартөгсөөс нэмэлт тайлбарт хавсаргаж ирүүлсэн баримтаас үзвэл, нэхэмжлэгч А.М  нь П.М-д холбогдуулан “Автомашины үнэ болох 124,880,000 төгрөг болон УБ***улсын дугаарыг гаргуулах” тухай нэхэмжлэл дахин гаргасныг шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 191/ШЗ2026/*** дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг дурдав.

Иймд, дээрхийг нэгтгэн дүгнэвэл, илтгэгч гишүүнээс “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэн үндэслэлд хамаарахгүй” гэх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгсөд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2026/0026 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгсөд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.МЯГМАРЦЭРЭН

                        ГИШҮҮН                                          Х.ХАШБААТАР

                                                                                    Г.ЦАГААНЦООЖ