info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-03-17

Дугаар 33

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б, сахилгын хэргийн оролцогч шүүгч Ц.Амаржаргал нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

...шүүхийн Ерөнхий шүүгч н.Т-ын мөн аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал холбогдуулан гаргасан мэдээллийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн Г.Цагаанцоож хүлээн авч хянаад, 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ГЗҮ/2025/...3 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ГС/2026/...5 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Илтгэгч гишүүн саналдаа: “Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...шүүгч Ц.Амаржаргал нь Х.Б, С.М нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос 2 хоногийн өмнө над руу утсаар ярьж, шүүхээс гарах шийдвэрийн талаар урьдчилан хэлсэн...” гэжээ.

Энэ талаар  холбогдох шүүгч Ц.Амаржаргал тайлбартаа “...шүүгч н.Т, З.Т нартай шүүгдэгч С.М нарт холбогдох хэргийн талаар өргөдөлд бичсэн утгаар ярьж байгаагүй...” гэсэн.

Шалгах ажиллагааны явцад өргөдөлд дурдсан асуудлыг тодруулахад нэр бүхий гэрчүүд дараах мэдүүлэг өгсөн болно. Үүнд:

Гэрч З.Т : “Би 2019 оны 6 дугаар сард ...шүүхээс ...шүүхэд шүүгчээр шилжүүлэн томилогдсон. Ингээд тус шүүхэд 4 жил ажиллаж байгаад 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр давж заалдах шатны шүүхэд шүүгчээр томилогдон одоо хүртэл ажиллаж байна. Шилжиж ирсэн цагаас хойш н.Т шүүгчтэй нэг шүүхэд хамт ажиллаж байсан, Ц.Амаржаргал шүүгчтэй давж заалдах шатны шүүхэд ирснээс хойш хамт ажиллаж байна. Хоёулантай нь ажил хэргийн харилцаатай. Төрөл садны холбоогүй. Х.Б, С.М нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд байхдаа 2021, 2022 онд нийт 2 удаа шийдвэрлэж байсан санагдаж байна. Одоо хугацааг нь нарийн тодорхой санахгүй байна. Миний 2 удаагийн шийдвэрт хоёуланд нь давж заалдах гомдол гарсан тул давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд хүчингүй болгоод анхан шатны шүүхэд буцаагдсан байсан. Уг хэргийг давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдэх үед шүүгч Ц.Амаржаргал тус шүүхэд ажиллаж байсан. Уг хэрэг 2 дахь удаа /2022 он гэж санаж байна/ давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхээс өмнө шүүгч Ц.Амаржаргал өөрийн гар утсаар над руу залгаад өөрийнхөө нэрийг хэлээд мэнд мэдээд “та нар чинь гурвуул гурвуулаа байж мангар юм уу гэхэд би яасан гэсэн. Тэгэхэд “С.М-ыг ...суманд хохирогч Н.Н-ыг хүчиндсэн байхад гэм буруутайд тооцоогүй байна” гэж хэлсэн. Энэ үед би гадаа явж байсан тул шүүгчээ би ажилдаа ороод тогтоолоо хараад танд хэлье гэж хэлээд утсаа салгасан. Утсаа салгамагц Ерөнхий шүүгч н.Т залгаад “давж заалдах шатны шүүгч Ц.Амаржаргал шүүгч яриад байна гэхээр би “надтай сая ярьчихлаа” гэсэн. Ингээд шүүгч н.Т бид хоёрын хоорондын яриа дууссан.

 Ажилдаа ороод туслах Г.Д-г дуудаад “шийтгэх тогтоолын өнгөн хувь аваад ирээ, Ц.Амаржаргал шүүгч яриад байна” гэсэн. Ингээд тогтоолоо аваад үзэхэд буруу юм харагдаагүй, Ц.Амаржаргал шүүгчийн яриад байсан асуудлаар гэм буруутайд тус тус тооцсон байсан. Тэгээд Ц.Амаржаргал шүүгчтэй эргэж яриад “гэм буруутайд тооцсон байна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаад хүнд ял шийтгэлтэй зүйл ангиар ял оногдуулсан байна” гэдгээ хэлээд яриа дууссан. Мөн Г.Д-г дагуулаад н.Т шүүгчийн өрөөнд нь ороод “алдаа гаргаагүй байна” гэдгээ хэлэхэд “тэгээд юу яриад байгаа юм бэ” гэж байсан. Ц.Амаржаргал шүүгч надтай ярихдаа “энэ тогтоол чинь хүчингүй болно шүү” гэж хэлээгүй, тийм үг огт хэлээгүй, намайг хариу хэлэхэд “аан за за” гэж хэлж байсан. Ц.Амаржаргал шүүгч надтай утсаар ярих үед уг хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээгүй байсан 1-2 хоногийн өмнө л ярьсан байсан байх. Одоогоос 3 жилийн өмнө болсон явдлыг яг нарийн санахгүй байна. Гэхдээ шүүгч н.Т “давж заалдах шатны шүүгч яриад байхдаа яадгийн” гэсэн нь бүдэг бадаг санагдаж байна.

н.Т шүүгч надад “...Ц.Амаржаргал шүүгч энэ тогтоол чинь хүчингүй болно гэж байна” гэж огт хэлээгүй. Би Ц.Амаржаргал шүүгчийн надад ярьсан асуудлын талаар туслах Г.Д-д хэлээд тогтоолын өнгөн хувь аваад ирээ гэсэн. Өөр хүнд бол яриагүй. Надаас өмнө н.Т шүүгч мэдсэн байсан. Г.Д эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарсан. Одоо хаана юу хийж байгааг мэдэхгүй. Шүүхээс асуухад хагалгаанд орно гэж ярьж байсан, залгахад утас нь холбогдохгүй байсан. Намайг н.Т шүүгчийн өрөөнд ороход хүн байгаагүй.  Гарах үед н.И, н.Г шүүгчийн аль нэг нь орж ирж байсан. Хэнийг нь сайн санахгүй байна. Тэгэхэд н.Т шүүгч хэлж байсан санагдаж байна. Би ярианд нь оролцохгүй гараад явсан. Ц.Амаржаргал шүүгч өөр хэргийн талаар надтай урьд өмнө ингэж ярьж байгаагүй. Энэ асуудлаас өмнө ч дараа ч ийм зүйл огт ярьж байгаагүй. Би Ц.Амаржаргал шүүгчтэй ажил хэргийн харилцаатай, нэг шүүхэд ажиллаж байгаа 2 эмэгтэй учраас энэ утгаар эмэгтэй хүнийхээ хувьд дотно гэж ойлгож болно. Түүнээс найз нөхдийн харилцаатай гэж хэлэхгүй. Ц.Амаржаргал шүүгч өөрийнхөө шийдвэрлэх гэж байгаа хэргийн талаар, мөн гарах шийдвэрийн талаар анхан шатны шүүгч нарт ярьж байгаагүй, хэнээс ч тийм юм сонсож байгаагүй” гэжээ.

Гэрч Б.М: “Би 2013 онд давж заалдах шатны шүүгчээр томилогдсон тэр үеэс хойш Ц.Амаржаргалтай хамт ажиллаж байна. Албаны харилцаатай. н.Т шүүгч болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын талаар Сахилгын хороонд гомдол гаргасан Х.Б, С.М нарт холбогдох хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхэд би оролцсон. Хэдэн удаа оролцсон гэдгээ санахгүй байна. Энэ хэргийг шийдвэрлэхэд шүүгч Ц.Амаржаргал оролцож байсныг санахгүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдааны бичлэг болон магадлал харлаа би 2021, 2022, 2023 онд шүүх хуралдаанд оролцсон байна. Ганц энэ хэрэг дээр биш бусад бүх хэрэг дээр шүүгч болон хэн нэгэн этгээд надад нөлөөлж байсан явдал огт байхгүй. Хэрвээ надад нөлөөлж байсан бол нөлөөллийн мэдүүлэг бичих ёстой. Ямар нэгэн шүүх хуралдаанаас гарах шийдвэрийн талаар зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэж, шийдвэрээ гаргадаг” гэсэн.

Гэрч Б.Г: “...шүүхийн шүүгчээр 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн одоо хүртэл ажиллаж байна. Намайг шүүгчээр ажиллаж эхлэх үед н.Т, Ц.Амаржаргал шүүгч нар давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байсан. Хэн алинтай нь хамт ажиллаж байгаагүй. Найз нөхдийн холбоогүй, албаны харилцаатай. Х.Б, С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 онд анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд миний бие бүрэлдэхүүнд оролцсон. Энэхүү хуралдаанаас гарсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гарсан. Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Үүний дагуу хэрэг анхан шатны шүүхэд 2024 онд ирээд Г.Г шүүгчид хуваарилагдсан. Миний бие бүрэлдэхүүнд байсан. Гэвч 2024 оны 3 дугаар сард болсон шүүх хуралдаанд шүүгч Г.Г, Н.И нарыг татгалзан гаргах хүсэлт гарсан. Хүсэлтийг ...шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд хүлээн авсан. Ингээд 2024 оны 5 дугаар сард миний бие даргалагч шүүгчээр томилогдсон. Би даргалагчаар томилогдсоноос хойш удаа дараа шүүх хуралдаан товлосон боловч хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтээр хойшлогдоод одоогийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал болон бусад хэн нэгэн этгээдээс энэ хэрэгт нөлөөлсөн явдал огт байхгүй. Шүүгч Ц.Амаржаргалын нөхөр буюу өмгөөлөгч А.М-ын зүгээс надад нөлөөлж буй ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад намайг татгалзан гаргах хүсэлтийг хэд хэдэн удаа гаргасан. Энэхүү хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийн тулд шүүх хуралдаан хойшлогдож, үүнээс шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаа явдал байгаа. А.М өмгөөлөгч тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2024 оны 01 дүгээр сараас хойш оролцож байгаа. Үүнээс хойш хэрэг анхан шатаар шийдвэрлэгдээгүй байгаа тул давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээгүй. Шүүгч Ц.Амаржаргал энэ хэргийн талаар надад огт ярьж байгаагүй, мөн анхан шатны шүүгч нарт юу ярьж байсныг талаар би огт сонсоогүй. Миний шийдвэрлэсэн өөр хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэх үед Ц.Амаржаргал шүүгч тухайн хэргийн талаар эсвэл гарах шийдвэрийн талаар ярьж байсан зүйл огт байхгүй. 2023 онд уг хэргийг хэлэлцэхэд даргалагч нь Г.Г, бүрэлдэхүүнд надаас гадна Н.И шүүгч оролцсон. Одоогийн байдлаар би даргалагчаар, бүрэлдэхүүнд шүүгч н.Т, н.Э шүүгч нар томилогдсон байгаа” гэжээ.

Гэрч Н.И: “...шүүхийн шүүгчээр 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн одоо хүртэл ажиллаж байна. Намайг шүүгчээр ажиллаж эхлэх үед н.Т анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Ц.Амаржаргал эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байсан. н.Т шүүгчтэй хамт ажиллаж байсан, хэн алинтай нь албаны харилцаатай. Х.Б, С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд 1 удаа бүрэлдэхүүнд оролцсон. Огноог сайн санахгүй байна. Гэхдээ 2022, 2023 оны аль нэгэнд анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд оролцсон. Энэхүү хуралдаанаас гарсан шийдвэрт давж заалдах гомдол гарсан. Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон. Үүний дагуу хэрэг анхан шатны шүүхэд 2024 онд ирээд Г.Г шүүгчид хуваарилагдсан. Миний бие бүрэлдэхүүнд байсан. Гэвч 2024 оны шүүх хуралдаанд хугацааг сайн санахгүй байна шүүгч Г.Г бид хоёрыг татгалзан гаргах хүсэлт гарсан. Хүсэлтийг ...шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд хүлээн авсан. Ингээд тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан.

Давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал болон бусад хэн нэгэн этгээдээс энэ хэрэгт нөлөөлсөн явдал огт байхгүй. Миний бүрэлдэхүүнд оролцож шийдвэрлэсэн хэрэгт өмгөөлөгч А.М оролцоогүй, харин давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгоод ирсний дараа өмгөөлөгчөөр орж ирсэн санагдаж байна. Хувь өмгөөлөгчийн зүгээс надад нөлөөлж буй ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Намайг тус хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх үед Ц.Амаржаргал шүүгч энэ хэргийн талаар надад огт ярьж байгаагүй, мөн хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх үед ч надад огт юм яриагүй, анхан шатны шүүхийн бусад шүүгч нарт ямар нэгэн юм хэлсэн эсэх талаар мэдэхгүй. Миний шийдвэрлэсэн өөр хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэх үед Ц.Амаржаргал шүүгч тухайн хэргийн талаар эсвэл гарах шийдвэрийн талаар ярьж байсан зүйл огт байхгүй” гэсэн.

Гэрч Б.И: “Дархан-Уул аймгийн сум дундын шүүхэд 2017 оноос хойш одоо хүртэл ажиллаж байна. Н.Т шүүгчтэй тухайн үеийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хамт ажиллаж байсан. Ц.Амаржаргал шүүгч бол давж заалдах шатны шүүгч, хамт ажиллаж байсан утгаар Н.Т шүүгчтэй арай илүү дотно, харин Ц.Амаржаргал шүүгчтэй албаны харилцаатай. Х.Б, С.М гэх 2 хүнд холбогдох эрүүгийн хэрэг анхан шатны шүүхэд ирээд надад хуваарилагдсан. Миний хувьд Х.Б, түүний эхнэр н.М-тай танилын холбоотой учраас энэ үндэслэлээр татгалзан гарах хүсэлт гаргасан. Ерөнхий шүүгч хүсэлтийг хүлээн авсан тул эдгээр хүмүүст холбогдох хэргийг шийдвэрлээгүй. Шүүгч Ц.Амаржаргал энэ хэргийн талаар надтай огт юм ярьж байгаагүй. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг, тогтоох хэсэг зөрүүтэй байна гэсэн яриа сонссон. Огноог сайн санахгүй байна.

 н.Т шүүгч анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан үе гэхээр давж заалдах шатны шүүхэд ирэхээс өмнө болсон гэж санаж байна. Би н.Т шүүгчийн өрөөнд ороход З.Т шүүгч байсан. Тэр хоёр Х.Б нарын хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг үзээд сууж байсан. Намайг юу хийж байгааг асуухад тогтоолын үндэслэх хэсэг тогтоох хэсэг  хоёр зөрүүтэй байна гэнэ тэгээд түүнийг хайгаад байж байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би  юу нь зөрүүтэй байгаа гээд тогтоолыг харсан. Тэгээд ямар учиртай юм бэ гэхэд давахаас шүүгч З.Т рүү тэгж хэлсэн гэж миний хувьд ойлгосон. н.Т шүүгч энэ асуудлаар Б.И-аа гээд надад хандаж хэлсэн үг өгүүлбэр байхгүй, миний хувьд тэр хоёрын ярианаас л ийм зүйл ойлгосон. н.Т шүүгч надад хандаж “Ц.Амаржаргал шүүгч энэ шийтгэх тогтоол чинь хүчингүй болно гэж хэллээ” гэж тэгж хэлээгүй.

Харин тэр хоёрын хооронд болсон ярианаас би Ц.Амаржаргал шүүгч З.Т шүүгч рүү яриад тогтоолын үндэслэх, тогтоох хэсэг зөрүүтэй байгаа юм чинь хүчингүй болох юм байна гэж хэлсэн гэж ойлгосон. Тэгэхэд би хурал нь болчихсон юм уу гэхэд үгүй гэсэн. Тэгэхээр би хурал болоогүй юм бол яагаад ийм юм яриад байгаа юм бэ, хэрэв асуудал байгаа бол магадлал дээрээ л бичих юм биш үү гээд л гараад явсан. н.Т шүүгч “хурал нь ороогүй байхад шийтгэх тогтоол хүчингүй болно гэж яриад сууж байдаг давж заалдах шатны шүүгч байна” гэх яриа бол яригдсан. Яг ингэж хэлснийг бол санахгүй байна. Харин хурал нь ороогүй байхад ийм юм ярьж болох уу гэсэн агуулгатай зүйл ярьж байсан. Тэгэхэд нь би давах чинь бүрэлдэхүүнээр шийддэг, нэг шүүгч шийдвэр гаргахгүй, асуудал байгаа бол магадлал дээрээ тусгана биз гээд л гарсан. Тэр хоёрыг байхад би орсон. Намайг байхад Г.Г шүүгч байгаагүй, гарсны дараа орсныг мэдэхгүй.

Давж заалдах шатны аль ч шүүгч миний шийдвэрлэсэн хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх үед тухайн хэргийн талаар мөн гарах шийдвэрийн талаар ярьж байгаагүй. Би энэ хэргээс хэдийгээр татгалзаад гарсан ч гэсэн хуралдааны тов дээр шүүх хуралдаан зарлагдсан байдаг тул хурал орсон уу, үгүй юу гэж тодруулж байсан. Яагаад гэвэл олон цаг үргэлжилж магадгүй учраас хуралдааны танхим чөлөөтэй болох үед өөрийнхөө хуралдааныг товлох зорилгоор асууж байсан. Түүнээс биш хэргийн талаар хэн нэгэн шүүгчтэй санал бодол солилцож байгаагүй” гэжээ.

Гэрч Г.Д: “...шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч н.Т, шүүгч З.Т нарыг танина, төрөл садны холбоо байхгүй. Би 2013 оноос 2025 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд ...анхан шатны шүүхэд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах зэрэг ажлуудыг хийж байсан. З.Т шүүгчийг энэ шүүхэд шилжин ирж ажилласан үеэс туслахаар нь ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллах болоод дэвшин явах хүртэл туслахаар нь ажиллаж байсан. Шүүгдэгч С.М, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг З.Т шүүгч шийдвэрлэж байх үед би туслахаар нь ажиллаж байсан. Сайн санахгүй байгаа боловч ямар ч байсан 2, 3 удаа мөрдөн байцаалтад буцааж байсан, бас 2-3 удаа шийтгэх тогтоол гараад тэр нь хүчингүй болж байсан гэж санаж байна. Шийтгэх тогтоол гаргаж байсан хугацааг сайн санахгүй байна. Эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед шүүгчийн туслах ерөнхийдөө хэргийн оролцогчид хэрэг материал танилцуулж, холбогдох баримтад гарын үсэг зуруулна, шүүх хуралдааны тов мэдэгдэх, хуралдааны бэлтгэл ажиллагааг хариуцна, шүүхийн шийдвэрийн төсөл боловсруулж, гардуулж, хүргүүлэх ажиллагааг явуулдаг.

 Шүүгч Ц.Амаржаргалыг давж заалдах шатны шүүгч гэдгээр таних бөгөөд өөрөөр тэр хүнтэй харилцаж байгаагүй. Ц.Амаржаргал шүүгч надтай утсаар ярьж байсан тохиолдол байхгүй. Эхлээд энэ хоёр хүнд малын хулгайн хэргээр яллах дүгнэлт үйлдсэн байсан. Тэгээд шүүхээс буцаасны дараа /аль шүүхээс буцаасныг санахгүй байна/ олон хэрэг нэгтгэгдэж нэмж ял сонсгоод яллах дүгнэлт үйлдсэн байсан. Он сарыг нь санахгүй байна гэхдээ олон хэрэгт ял нэмж сонсгосны дараа л байх З.Т шүүгч намайг өрөөндөө дуудаад “давахаас залгаад байна, нэг зүйл ангийг орхигдуулсан байна, гаргасан шийдвэрийн хувийг аваад ирээ, үзье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шийтгэх тогтоолын өнгөн хувийг аваачиж өгсөн. Ингээд би шүүгчтэй хамт тогтоолоо үзээд ямар нэг алдаа алга орхигдуулсан юм байхгүй байна гэж ярилцсан. З.Т шүүгч надад давахаас ярилаа л гэж хэлсэн, хэн ярьсныг би мэдэхгүй, надад нэр ус хэлснийг мэдэхгүй, хэлснийг нь би анзаараагүй, мөн санахгүй ч байж магадгүй. Анхан шатаар шийдвэрлэсэн хэрэгт гомдол гарахаар давж заалдах шатны шүүгчид хэргийг шийдвэрлэсэн шүүгч нартай ярьж байхыг нь бол сонсоогүй. Гэхдээ шүүгч 1, 2 удаа тэгж байсан. Өөрөөр хэлбэл би төсөл бичиж байгаа болохоор тогтоолд алдаа байна гэж шүүгч надад хэлж байсан. Гэхдээ З.Т шүүгчийн хувьд дээрхээс өөр хэрэгт ийм юм ярьж байгаагүй. Давж заалдах шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдээгүй байхад тогтоолд алдаа байгаа талаар ярьдаг ганц нэг тийм тохиолдол байгаа, хэн гэдэг шүүгч тэгж хэлснийг би мэдэхгүй... З.Т шүүгч аль нэг зүйл заалтыг орхигдуулаад шийдсэн байна гэж хэллээ гэсэн гэхдээ аль зүйл гэснийг санахгүй байна. Тэгээд тогтоолоо харахад яриад байгаа шиг нь орхигдуулсан юм байгаагүй” гэсэн.

Шүүгч Ц.Амаржаргалын 9...1, 8...1 дугаараас 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гадагш хийсэн дуудлагыг тодруулахад техникийн нөхцөл байдлын улмаас 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны жагсаалт гаргах боломжгүй болсон талаар “Ю” ХХК болон “М” ХХК-иас ирүүлсэн албан бичигт дурджээ. 

Дээр дурдсанаас үзвэл, шүүгч З.Т “...давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхээс өмнө Ц.Амаржаргал шүүгч өөрийн гар утсаар над руу залгаад “та нар чинь гурвуул гурвуулаа байж мангар юм уу...,  С.М-ыг ...суманд хохирогч Н.Н-ыг хүчиндсэн байхад гэм буруутайд тооцоогүй байна гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн хэдий ч  энэхүү нөхцөл байдал шалгах ажиллагааны явцад хангалттай тогтоогдоогүй болно.

Тэрээр “...Ц.Амаржаргал шүүгч надтай ярихдаа “энэ тогтоол чинь хүчингүй болно шүү” гэж хэлээгүй, тийм үг огт хэлээгүй...” гэсэн мэдүүлэг өгсөн.

Иймд өргөдөлд дурдсан “...одоо энэ шийтгэх тогтоол чинь хүчингүй болно шүү” гэж хэлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй. 

2. ...Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх С.М, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дараах байдлаар хянан шийдвэрлэсэн байна. Үүнд:

2.1. ....Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ..3 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Б.Ч-ын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр С.М, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Я.Т, Ерөнхий шүүгч Б.М /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 14 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

2.2. ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Т даргалж, шүүгч Г.Г, шүүгч Н.И нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ...0 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч М.Г, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ж.Т нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч С.М, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.М даргалж, шүүгч Г.Д, шүүгч Ц.Амаржаргал /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд ..1 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан.

2.3. ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Г даргалж, шүүгч Н.И, шүүгч Б.Г  нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ...2 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М, Х.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Т, Л.Ц, Л.О нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч С.М, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Г.Д, шүүгч Б.М /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэйгээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд ..9 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудын ноцтой зөрчсөн гэж үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

С.М, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхэд шүүгч Ц.Амаржаргал нь илтгэгчээр 1, хуралдаан даргалагчаар 2  нийт 3 удаа оролцсон нь магадлал болон дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байна. Давж заалдах шатны шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин есдүгээр бүлэгт заасан дэгийн дагуу явагдсан байна.

Харин ...Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл ...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл гэх бланк дээр хэвлэгдсэн, огноо нь 2021 он гэж бичигджээ.

Энэ талаар тус өдрийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Г.Ч “...2019 оны 6 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ...шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Би тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцож тэмдэглэлийг хөтөлж бичгээр үйлдсэнээ санаж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүхийн байранд хамт байдаг байсан ба нэг Тамгын газарт харьяалагддаг байсан. Тэгээд давж заалдах шатны шүүхийн нарийн бичгийн дарга нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга эзгүй үед биднийг тус шүүхийн хуралдаанд ээлжлэн оролцуулдаг байсан. 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.М, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн нь үнэн. Би харин тэмдэглэлийг хэвлэхдээ захиргааны хэргийн анхан шатны шүүхийн бланк дээр андуурч гаргасан байгааг одоо л харж байна. Би захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцдог байсан учраас тус шүүхийн бланк надад хадгалагдаж байсан учраас сайн нягталж харалгүй хэвлэсэн байна. Уг тэмдэглэлийн дугаарыг системээс авдаг бөгөөд тэмдэглэлд ТЭ/219/2022/ДШМ/..1 гэсэн дугаар бичигдсэн байна. Үүнээс үзэхэд шүүх хуралдаан болсон он нь 2022 юм байна. Харин би тэмдэглэлд оныг гараар бичихдээ 2021 гэж бичжээ. Өөрөөр хэлбэл би оныг бичихдээ техникийн алдаа гаргаж буруу бичсэн байна. Түүнээс шүүх хуралдаан бол 2022 онд болсон нь үнэн. Тэр үед тэмдэглэлийг илтгэгч шүүгчид эхлээд хянуулаад дараа нь даргалагч шүүгчээр албажуулаад шүүгчийн туслахад хүлээлгэн өгдөг байсан санагдаж байна. Намайг ажлаас гарах хүртэл тухайн үед тэмдэглэл өөр шүүхийн бланк дээр хэвлэгдсэн талаар, энэ алдааг засаж зөвтгөх талаар яригдаагүй, би ч мэдээгүй одоо л мэдэж байна. Энэхүү шүүх хуралдааны тэмдэглэл өөр шүүхийн бланк дээр хэвлэгдсэн байх боловч давж заалдах шатны шүүх хуралдаан болсон бөгөөд энэ нь шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг болон мөн системээс дугаар авснаар тогтоогдоно, түүнээс хийгдээгүй шүүх хуралдааны тэмдэглэл хөтөлсөн явдал байхгүй. Харин өөр шүүхийн бланк дээр хэвлэсэн нь нарийн бичгийн дарга миний гаргасан техникийн шинжтэй алдаа байна” гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн.

2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт:

Даргалагчаас: Давж заалдах шатны шүүх хуралдаан нээснийг мэдэгдье. Өнөөдрийн шүүх хуралдаанаар ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ...0 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч М.Г, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ж.Т нарын давж заалдах гомдлоор тус хэргийг хянан хэлэлцэнэ. Нарийн бичгийн дарга ирц шалгая гэв. /Бичлэгийн 0:00:06-0:00:55/

Нарийн бичгийн дарга: Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурор н.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Т , М.Г, шүүгдэгч Х.Б, С.М, хохирогчийн өмгөөлөгч Б.Б онлайнаар оролцож байна. Хэргийн бусад оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна гэжээ. /Бичлэгийн 0:00:56-0:01:19/

Иймд мөн өдөр давж заалдах шатны шүүх хуралдаан явагдсан, харин шүүх хуралдааны тэмдэглэл ...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл гэх бланк дээр хэвлэгдсэн, огноог 2021 он гэж бичигдсэн нь нарийн бичгийн даргын техникийн шинжтэй алдаа байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхын саналаар шийдвэр гаргана”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргана...” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанаар хэрэг маргаан хэлэлцээгүй байхад бүрэлдэхүүний хэн нэгэн шүүгч шүүхээс гарах шийдвэрийг урьдчилан гаргах хууль зүйн боломжгүй.

Түүнчлэн мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.” 45.8-д “Шүүгч энэ хуулийн 45.1-д заасан нөлөөллийн мэдүүлгээс гадна энэ хуулийн 44.2-т заасан этгээдтэй уулзсан, харилцсан бөгөөд уг этгээд өөрөө, эсхүл бусдаар дамжуулан тухайн шүүгчид аливаа хэлбэрээр нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон, үүрэг, чиглэл өгсөн бол энэ талаарх мэдээллийг агуулсан тэмдэглэл үйлдэж, битүүмжлэн Ерөнхий зөвлөлд ажлын гурван өдрийн дотор хүргүүлэх үүрэгтэй”, 45.10-т “Энэ хуулийн 45.8-д заасан үүргээ биелүүлээгүй нь шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно” гэж тус тус зохицуулсан.  

Шүүгч Ц.Амаржаргал дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгч, шүүх бүрэлдэхүүнд нөлөөлөхөөр оролдсон, үүрэг, чиглэл өгсөн бол бусад шүүгч нар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүрэгтэй.

...шүүхийн Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ..3 дугаар албан бичигт “шүүгдэгч Х.Б, С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч нараас 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нөлөөллийн мэдүүлэг хөтөлж тус шүүхийн Тамгын газарт болон нууцын асуудал хариуцсан ажилтанд ирүүлээгүй” гэжээ.

Түүнчлэн өргөдөлд дурдсан асуудлаар тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож байсан шүүгч нараас гэрчийн мэдүүлэг авахад шүүгч Ц.Амаржаргал нь шүүгч нарт нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Тодруулбал, шүүгч Б.М “ганц энэ хэрэг дээр биш бусад бүх хэрэг дээр шүүгч болон хэн нэгэн этгээд надад нөлөөлж байсан явдал огт байхгүй. Хэрвээ надад нөлөөлж байсан бол нөлөөллийн мэдүүлэг бичих ёстой. Ямар нэгэн шүүх хуралдаанаас гарах шийдвэрийн талаар зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэж, шийдвэрээ гаргадаг” гэх, шүүгч Б.Г “давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал болон бусад хэн нэгэн этгээдээс энэ хэрэгт нөлөөлсөн явдал огт байхгүй” гэх, шүүгч Н.И “давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал болон бусад хэн нэгэн этгээдээс энэ хэрэгт нөлөөлсөн явдал огт байхгүй” гэх, шүүгч Б.И “давж заалдах шатны аль ч шүүгч миний шийдвэрлэсэн хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх үед тухайн хэргийн талаар мөн гарах шийдвэрийн талаар ярьж байгаагүй” гэх мэдүүлгийг тус тус өгсөн.

Иймд шүүгч Ц.Амаржаргал тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.7-д заасан “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл  өгөх, авах, урьдчилан санал гаргасан” гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

3.Өргөдөлд “...С.М-ын өмгөөлөгчөөр А.М өмгөөлөгч ажиллаж эхэлсэн цагаас эхлэн тус хэргийг ...анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхгүй, анхан шатны шүүх уг хэрэгт хувийн сонирхолтой хандаж, үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцож, ял оногдуулж байгаа гэх гомдол гарч, одоо ч уг хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэж чадаагүй байгаа төдийгүй хэрэг гарснаас хойш даруй 5 жил 6 сарын хугацаа өнгөрсөн... С.М-ын эхнэр Д.А-ийн төрсөн ах нь Улсын ерөнхий прокурорын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Э прокурор бөгөөд шүүгч Ц.Амаржаргал, прокурор Д.Э нар нь ...аймгийнх буюу нэг нутгийнх гэдгээр найз нөхдийн холбоотой” гэжээ.

Гэрч А.М: “Дархан-уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргалтай албан ёсны гэр бүл буюу эхнэр нөхрийн холбоотой. Холбогдох асуудлаар мэдүүлэг тайлбар  өгөхөд татгалзах зүйл байхгүй.  Би шүүгдэгч Х.Б, С.М нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2024 оны 3 дугаар сараас эхлэн С.М-ын гэр бүлийн зүгээс өмгөөлөгчөөр авах хүсэлт гаргасны дагуу түүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл эрх зүйн туслалцаа үзүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Х.Б-ийн хувьд тухайн эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргасны дагуу гэрээ байгуулсан боловч Х.Б өөрөө гэрээнээсээ татгалзсан тул хууль зүйн үзүүлэх гэрээ дуусгавар болсон. Харин Х.Б-ийн гаргасан гомдлын дагуу Авлигатай тэмцэх газар болон Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдол өргөдлийнх нь дагуу өмгөөлөгчөөр оролцсон.

Миний санаж байгаагаар намайг өмгөөлөгчөөр тухайн хэрэгт оролцсоноос хойш уг хэрэг анхан шатаар шийдэгдээгүй байгаа тул давж заалдах шатны шүүхээр ороогүй гэсэн үг. Хууль зүйн туслалцаа авах үед буюу гэрээ байгуулах үед уг хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж байсныг би мэдээгүй. Харин гэрээ байгуулсны дараа хэргийн материалтай танилцах үед бол мэдсэн. Гэхдээ надад гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй, үйлчлүүлэгчийн хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ байгуулагддаг. Үйлчлүүлэгч намайг сонгосон нь Дарханд байгаа бүх л өмгөөлөгч энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцоод аль аль талаасаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон, ингээд өөр сонголт байхгүй болсон гээд намайг сонгосон гэж ойлгосон.

Бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ, мөн ямар хэрэгт оролцох болсон талаараа хэнд ч хэлэх шаардлагагүй, энэ бол өмгөөлөгч үйлчлүүлэгчийн хоорондын нууц, миний ажил гэр бүлийн хүний ажлаас тусдаа би түүнээс асууж лавлах шаардлага байхгүй.

Өдрийг сайн санахгүй байна. 2024 оны 3 дугаар сард Х.Б, С.М нар шүүгч Г.Г, Н.И нараас татгалзан гаргах хүсэлт гаргасан, шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч нар бүгд энэ хүсэлтийг дэмжиж санал гаргаж байсан. 5 дугаар сард шүүгдэгч нар шүүгч н.Б-аас татгалзсан, энэ хүсэлтийг өмгөөлөгч нар мөн дэмжсэн. 6 дугаар сард байх шүүгч н.Б Б.Г нараас  мөн татгалзсаныг  миний зүгээс дэмжиж оролцсон. 9 дүгээр сард миний бие шүүх хуралдааныг хуулийн дагуу явагдахгүй байна гэж үзэж хуралдааныг орхин гарсан ба шүүгдэгч Х.Б өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хуралдаан хойшилсон. Энэ асуудлаар гомдол гаргахад сахилгын хэрэг үүсгэж шалгагдсан. 10 дугаар сард өмгөөлөгч нараас шалтгаалан шүүх хуралдаан хойшилсон. 11 дүгээр сард Х.Б өмгөөлөгчөө сольсон тул хойшлогдсон, 12 дугаар сард би хагалгаанд орсон тул энэ үндэслэлээр хүсэлт гаргахад хүлээн авч хойшлогдсон. 2025 оны 01 дүгээр сард хэргийн оролцогч нар нь шүүгч Б.Г, н.Н нараас татгалзсан тул хуралдаан хойшлогдсон, хүсэлтийг ...шүүх 4 сард шийдвэрлэсэн тул уг хугацаанд шүүх хуралдаан товлогдоогүй, Үүний дараа шүүгдэгч нар дахин 2 удаа татгалзах хүсэлт гаргасан тул хуралдаан хойшлогдсон. Энэ удаад өмгөөлөгч нар татгалзал гаргаагүй, татгалзлыг дэмжээгүй. 10 дугаар сард миний бие гадаад улсад хувийн ажлаар явах болсон тул холбогдох бичиг баримтаа хавсаргаж, хүсэлт гаргахад шүүх хүлээн авсан, шүүх хуралдаан 11 дүгээр сарын 15-ны өдөр товлогдсон байгаа. С.М-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь үйлчлүүлэгч бид хоёрын хооронд байгуулагдсан, өмгөөллийн хуулиар энэхүү гэрээ нууцад хамаардаг тул өгөх боломжгүй байна” гэжээ.

Гэрч Д.Э: “...Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргалтай гэр бүл төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй. Харин 1995-2000 он хүртэл хугацаанд Ховд аймгийн прокурорын газарт хамт ажиллаж байсан учраас танина. Миний бие 2000 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн бөгөөд үүнээс хойш хамт ажиллаж байгаагүй, хамгийн сүүлд хэзээ таарсан гэдгээ санахгүй байна. Х.Б гэдэг хүнийг огт танихгүй. Миний төрсөн дүү Д.А нь нөхрөө нас барсны дараа С.М-тай нэг гэрт ороод хамт амьдарч байгаа. Хурим найр хийсэн асуудал байхгүй. С.М-тай цагаан сар, баяр ёслолын үеэр аавындаа 1-2 удаа тааралдсан. Өөрөөр ямар нэгэн холбоо байхгүй. С.М хэрэгт холбогдсон гэдгийг ээж ааваасаа сонссон, харин шүүхээр удаа дараа шийдвэрлэгдэж байгаа эсэхийг сонирхоогүй, хэн нэгнээс асуугаагүй. С.М гэдэг хүний холбогдсон хэргийн талаар шүүгч нартай ярьж байсан тохиолдол байхгүй ээ, хэргийг ч мэдэхгүй, хэргийн талаар хэн нэгэнтэй ялангуяа шүүгч Ц.Амаржаргалтай хэзээ ч ярьж байгаагүй” гэсэн.

Шүүгч тайлбартаа “миний бие Д.Э-тэй нэг нутаг усных болохоор энэ утгаараа найз нөхөд гэсэн үг биш юм. Би түүнтэй ямар ч найз нөхдийн холбоогүй, Ховдын хүүхэд гэдгийг мэдэхээс өөр зүйл мэдэхгүй” гэжээ.

Дээрх хэрэг анх 2021 онд шүүхээр хянагдаж эхэлсэн байх ба шүүгч Ц.Амаржаргалын нөхөр өмгөөлөгч А.М нь Х.Б, С.М нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2024 оны 3 дугаар сараас эхлэн /давж заалдах шатны шүүх хуралдааны дараа/ С.М-ын гэр бүлийн зүгээс өмгөөлөгчөөр авах хүсэлт гаргасны дагуу түүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл эрх зүйн туслалцаа үзүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, уг хэрэг анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй тул давж заалдах шатны шүүхээр дахин хянагдаагүй байна.

Иймд өргөдөлд дурдсан “...шүүгч Ц.Амаржаргал тус хэрэгт хувийн сонирхолтой байсан. ...С.М-ын эхнэр Д.А-ийн төрсөн ах Д.Э нь Улсын ерөнхий прокурорын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга бөгөөд шүүгч Ц.Амаржаргал, прокурор Д.Э нар нь ...аймгийнх буюу нэг нутгийнх гэдгээр найз нөхдийн холбоотой..., “...Х.Б, С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг ...давж заалдах шатны шүүх 3 удаа хянахдаа шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж байсан нь тухайн хэрэгт зарим шүүгч тухайлбал шүүгч Ц.Амаржаргалын хувийн сонирхол байсан...” гэх гомдол үндэслэлгүй.

4. ...Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нь 2021 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд ...анхан шатны шүүх рүү, хэний өрөөнд ямар хугацаагаар орж байсныг тус шүүхэд нэвтэрсэн иргэдийн бүртгэлээс шүүж, энэ талаарх лавлагаа ирүүлэхийг мэдэгдсэн.

Тус шүүхийн харуул хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцан гүйцэтгэдэг бөгөөд ...Цагдаагийн газраас “…тус шүүхэд зөвхөн иргэдийн нэвтэрсэн хөдөлгөөнийг бүртгэдэг ба шүүгч нарыг бүртгэсэн бүртгэл хөтлөгдөөгүй болно” гэсэн хариу ирүүлжээ.

Иймд өргөдөлд дурдсан “...анхан болон давж заалдах шатны шүүхийн байр тусдаа байдаг бөгөөд Х.Б, С.М нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэж байх үед шүүгч Ц.Амаржаргал анхан шатны шүүхээр орж явж байсан, ...тухайн үед тус хэргийг шийдвэрлэхээр томилогдсон шүүгч нартай уулзаж, уг хэргийн талаар ярилцаж байсан байж магадгүй...” гэх өргөдөл гаргагчийн хардаж буйгаар шүүгчийг буруутгах боломжгүй. 

Хэрэв шүүгч Ц.Амаржаргал бусдад нөлөөлсөн бол тухайн шүүгч хуульд заасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүрэгтэй бөгөөд тухайн шүүхийн шүүгч нар энэ талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй байна.

5.Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0122 дугаар тогтоолд “...анхан шатны шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг сахилгын хэрэгт нотлох баримтаар авч үнэлэн, хэрэгт хавсаргасан шийтгэх тогтоолд засвар залруулга орсон эсэхийг шалгах...” гэжээ.

С.М, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон ...Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тус бүр 3 удаа шийдвэрлэсэн байх ба шийтгэх тогтоол, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг эрүүгийн хэргээс хуулбарлан сахилгын хэрэгт хавсаргав.

Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1-д  гэж заасан ба дээр дурдсан анхан болон давж заалдах шатны удаа дараагийн шийдвэрт залруулга ороогүй, энэ талаарх баримт байхгүй байна. 

Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...шүүгч Ц.Амаржаргал 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр утсаар ярьж, ....Х.Б, С.М нарын хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолоо буруу гаргасан байна, тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалт нь хоорондоо зөрүүтэй байна гэсэн ” гэжээ.

Энэ байдлыг тодруулахад ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/..0 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар

Шүүгдэгч Х.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.М-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж,машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12

дугаар зүйлийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан буюу бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэсэн байх ба энэ нь прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд байна.

 Түүнчлэн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар

 Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн З-т заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэсэн нь гэм буруутайд тооцсон зүйлд заагдсан шийтгэл байна.

Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Иймд холбогдох шүүгчийг өргөдөлд дурдсан агуулгаар шүүгч н.Т-тай ярьсан гэж үзэх боломжгүй.

Давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцсэн, шүүгч Ц.Амаржаргал хэргийг илтгэсэн ба тэрээр шүүх хуралдаанд хэргийн оролцогчоос дараах асуулт асуусан нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт тусгагдсан байна. Үүнд:

Даргалагчаас: Шүүх хуралдааны ирцтэй холбоотой хүсэлт байгаа эсэхийг асууж, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, хуульд заасан үндэслэлээр татгалзан гарах хүсэлт, шинээр гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байгаа эсэхийг асууж тодруулж, шүүх хуралдааны дарааллыг тогтоов. /Бичлэгийн 0:01:34-0:07:07/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Хэргийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. /Бичлэгийн 0:07:28-0:17:13, Mainfeed_dual_768.mp4 бичлэгийн 0:00:43-0:06:35/

Даргалагчаас: Шүүгч нарт асуулт байна уу гэхэд /Бичлэгийн 0:45:35-0:45:38/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Прокуророос асууя. Та хэзээнээс эхэлж энэ хэрэгт хяналт тавьж байна гэхэд /Бичлэгийн 0:45:41-0:45:44/

Прокурор: Гэм буруугийн шүүх хуралдаанаас эхэлж хяналт тавьсан гэв.  /Бичлэгийн 0:45:45-0:45:47/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Прокурор энэ албан бичгийн дагуу холбогдсон байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 0:45:48-0:45:51/

Прокурор: Үгүй, энэ бол эд нарын яриад байгаа шиг хэрэгтэй холбогдолгүй. Гомдол өгснийг сая л мэдлээ.  Манайд 11 дүгээр сард дотоод аюулгүй байдал биш хэсэгчилсэн урьдчилсан шалгалт ирсэн. Энэ үед шалгалтын комиссын дарга иргэдтэй уулзсан. Тэгэхэд уулзсан юм шиг байна. Эрүүдэн шүүсэн болон бусад асуудлаар прокурорын байгууллагын албан тушаалтныг шалгасан талаар мэдээлэл огт байхгүй. Прокурорын хувьд хүсэлтээрээ гарсан. Ажлаа сольсон байгаа гэв. /Бичлэгийн 0:45:52-0:46:25/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байгаа юу гэхэд /Бичлэгийн 0:46:26-0:46:29/

Прокурор: Мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийсэн гэж үзэж байгаа. Харин зарим шүүх хуралдаанд яригдсан процессын алдаанууд гарсан байсан. Тухайлбал н.Б, н.Н гээд насанд хүрээгүй хохирогч байгаа. Мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгчийг оруулсан боловч үнэн зөв мэдүүлэхийн учрыг тайлбарлаж өгөхдөө хууль сануулсан гэх алдаа гаргасан байсан гэв. /Бичлэгийн 0:46:30-0:47:00/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Х.Б гэх хүн бичиг үсэг мэдэхгүй гээд байна. Хувийн байдлыг нь яаж тогтоосон бэ. Бичиг үсэг мэддэг үү. Энэ хүн ямар сургууль төгссөн бэ, бичиг баримт яаж цуглуулсан бэ гэхэд /Бичлэгийн 0:47:01-0:47:15/

Прокурор: Хувийн байдлыг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гурван удаа биеийн байцаалтаа сольсон байсан. Бүрэн бус хамгийн сүүлд нь  боловсролгүй гээд энэ талаар шүүх хуралдаанаар урьдчилсан хэлэлцүүлэгт яригдсан гэхэд /Бичлэгийн 0:47:16-0:47:30/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Баримт байна уу гэж асууж байна гэхэд /Бичлэгийн 0:47:31-0:47:32/

Прокурор: Энэ талаар ...аймгаас ямар сургуульд сурч байсан, хаана ямар боловсрол эзэмшсэн, сурч байсан эсэх талаар лавлагаа авсан. Энэ талаар мэдээлэл байхгүй байна гэх хариу ирсэн. Шүүх хуралдаанд энэ хүн тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхтэй, утсаар ярьдаг, харилцаанд ордог, худалдан авалт хийдэг монгол үсэг мэдэхгүй гэдэг нь үгүйсгэгдсэн гэв. /Бичлэгийн 0:47:32-0:48:03/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Бүрэн дунд боловсролтой гэж яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд байсан. Бүрэн дунд гэдэг нь 10 жил буюу 12 дугаар анги төгссөнийг хэлж байгаа. Үүнийг нотолсон зүйл юу байгаа вэ гэхэд /Бичлэгийн 0:48:04-0:48:14/

Прокурор: Үүнийг өөрийнх нь мэдүүлгээр бүрэн дунд гэх боловсролын байдлыг яллах дүгнэлтэд бичсэн байсан гэв. /Бичлэгийн 0:48:15-0:48:23/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Таныг хяналт тавьснаас хойш энэ хүмүүсээс хэрэгт холбогдсон хоёр хүн болон өмгөөлөгч нараас эрүүдэн шүүлээ, тэр байцаагч ингэлээ гэдэг ч юм уу ийм гомдол албан ёсоор орж ирсэн үү гэхэд /Бичлэгийн 0:48:25-0:48:38/

Прокурор: Ирээгүй гэв. /Бичлэгийн 0:48:39/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Ямар ч гомдол орч ирээгүй юу. Танай прокурорын байгууллагад ийм гомдол гарсан уу. Аймгийн Ерөнхий прокурор гэж явдаг уу гэхэд /Бичлэгийн 0:48:40-0:48:50/

Прокурор: Аймгийн прокурорын хувьд хэрэгтэй процессын буюу мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдлыг танилцуулна. Эрүүдэн шүүсэн эсэх гомдлыг бидэнд танилцуулахгүй гэхэд /Бичлэгийн 0:48:50-0:49:01/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Гараагүй гэж ойлголоо тийм үү гэхэд /Бичлэгийн 0:49:05-0:49:06/

Прокурор: Тийм, миний хувьд гараагүй гэв. /Бичлэгийн 0:49:07-0:49:08/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын бичилтийг юу гэж үзэж байна, шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан уу. Өмгөөлөгч хэлсэн 12.1.1 одоо энэ С.М чинь анх дөрвөн зүйл ангитай явж байгаа. Дөрвөн зүйл ангиас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3-т заасныг журамлаад 12.2.2-т зааснаар ял оногдуулсан байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэрэг үргэлжилсэн байвал нэг гэмт хэрэгт тооцно гэдэг үндсэн журмаа бариад 12.1.1-ийг 12.2.2-оор хүнд зүйл ангиар нь ял оногдуулсан байдал харагдаж байна. Үүнийг та юу гэж үзэж байгаа вэ зөв гэж үзэж байна уу. Өмгөөлөгчийн гомдлын үндэслэл нь нэг зүйл ангиар огт ял оногдуулахгүй хаяж бүдүүлэг алдаа гаргалаа гэж яриад байна. Үүнийг та юу гэж үзэж байна гэхэд /Бичлэгийн 0:49:08-0:50:09/

Прокурор: Шийтгэх тогтоолын 23 дугаар хуудсанд Х.Б, С.М нарыг тухайн зүйл ангид бага бүлгийн хоёр тооны хонийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэсэн байдаг. Тогтоох хэсэгт Х.Б-ийг хоёр тооны хонийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашигласан гэх гэм буруутайд тооцох талаараа үйлдсэн үүнийгээ 17.12-ийн 2.2, 2.4-т багтаагаад тусгайлан энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар байдаггүй гэв. /Бичлэгийн 0:50:10-0:50:58/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Та байдаггүй юм бол яагаад эсэргүүцэл бичдэггүй юм. Өнөөдөр байдаггүй гээд зогсоод байна. Шийтгэх тогтоолоо уншдаггүй юм уу. Энэ нь та зөвшөөрч байгаа байдал харагдаж байна. 2.2.3-ийг баримталсан нь зөв юм уу. Энэ тал дээр юу гэж үзэж байна гэхэд /Бичлэгийн 0:50:59-0:51:14/

Прокурор: 2.2-оор үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэж болно. Гэхдээ гэмт буруутайд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг заавал тооцох ёстой. Ямар ямар гэмт хэргийг үйлдсэн гэдгийг 36.8-д байгаа. Шийтгэх тогтоолын хувьд 01 дүгээр сарын 06-ны өдөр ирсэн. Энэ хэрэгт би томилолтоор орсон. 01 дүгээр сарын 06-нд прокурор өөрөө ажиллаж байсан. Тиймээс надад байхгүй гэхэд /Бичлэгийн 0:51:15-0:51:54/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Та нар бусад руу чихээд байх юм байхгүй. Өмгөөлөгч хэрэгт хэргүүдийг нэгтгэсэн гурван тогтоол байгаа гэсэн. Нэгтгэсэн тогтоолууд хэрэгт сэжиглэгдэж яллагдаж байгаа хүмүүст танилцуулсан уу гэхэд /Бичлэгийн 0:51:54-0:52:12/

Прокурор: Эрүүгийн хуулийн 29.20 дугаар зүйлд хэргийг нэгтгэх, тусгаарлах талаар хуульчилсан байгаа. Үүнд хэргийг ямар байдлаар тусгаарлах, нэгтгэх талаар заасан. Гэхдээ мэдүүлэг авна, яллагдагч нарт заавал танилцуулна гэж хуульчилж заагаагүй гэв. /Бичлэгийн 0:52:12-0:52:34/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Тогтоолоос харахад нэгтгэсэн тогтоолыг С.М-т танилцуул гэсэн танай прокурорын тогтоол байна. Үүнийг үндэслэж хэлээд байна л даа. Гурвуулынх нь тийм байна. Танилцуулаагүй нь хууль зөрчөөгүй гэж байна тийм үү гэхэд /Бичлэгийн 0:52:36-0:52:57/

Прокурор: Хууль зөрчөөгүй, 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт яллах дүгнэлт гардуулна, шүүхэд шилжүүлэх талаар мэдэгдэнэ. Харин авахгүй бол тэмдэглэл үйлдэнэ, бүүр боломжгүй бол бусад байдлаар нотолно. Түүнээс биш бичиг үсэгтэй хүнийг заавал өмгөөлөгчийг оролцуулахгүй гэв. /Бичлэгийн 0:52:57-0:53:16/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: С.М-аа хохирогч нар таныг гүтгэх ямар үндэслэл байна. Хохирогч нарын мэдүүлэг байна. Хүчиндүүлсэн гэх хоёр хохирогч гэхэд /Бичлэгийн 0:53:21-0:53:36/

Шүүгдэгч С.М: Гүтгэх үндэслэл байхгүй гэж бодож байгаа гэхэд /Бичлэгийн 0:53:37-0:53:40/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Таныг гүтгэсэн гэх үндэслэл байна уу. Хохирогч нарын мэдүүлэг байгаа. Хэд хэдэн удаа мэдүүлэг авсан. Таны энэ үйлдлийг Х.Б нотолдог. Яг таны хажууд байсан тийм ээ. Х.Б таныг үнэхээр хүчиндээгүй байсан бол С.М тэгээд тэгээд яасан гэж мэдүүлэхгүй байх. Та хоёрын хооронд өс хонзон байгаа юу. Та хоёр худ ургийн холбоотой хүмүүс тийм ээ гэхэд /Бичлэгийн 0:53:40-0:54:03/

Шүүгдэгч С.М: Ер нь бол тийм. Хамаатан садан гэв. /Бичлэгийн 0:54:03-0:54:06/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Тийм гүтгэх үндэслэл байхгүй, хэргээс ч тийм юм харагддаггүй. Та мөрдөн байцаагч нар эрүүдэн шүүсэн гэсэн. Тухайн үед яагаад прокурорт өмгөөлөгчөөрөө дамжуулаад холбогдох байгууллагад гаргаагүй вэ гэхэд /Бичлэгийн 0:54:09-0:54:28/

Шүүгдэгч С.М: Өмгөөлөгч бичиж байгаа л гэсэн. /Бичлэгийн 0:54:28-0:54:30/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Хэнд хэлсэн, аль өмгөөлөгчдөө хэлсэн бэ гэхэд /Бичлэгийн 0:54:31-0:54:32/

Шүүгдэгч С.М: Ж.Т өмгөөлөгч гаргах ёстой бүх хүсэлтийг гаргаад бичээд явж байгаа гэж хэлсэн. Би Хүний эрхэд бичсэн байгаа гэв. /Бичлэгийн 0:54:33-0:54:42/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Албан тоотоос харахад танай эхнэр бичсэн харагдаж байсан. Д.А гэж танай эхнэр үү гэхэд /Бичлэгийн 0:54:43-0:54:48/

Шүүгдэгч С.М: Тийм, би өөрөө бас цагдан хорих байрнаас бичсэн. Тэгсэн хүний эрхээс эрүүдэн шүүсэн нь тогтоогдож байна гэсэн байсан гэхэд /Бичлэгийн 0:54:49-0:54:57/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Тогтоогдож байна гэх бичиг танд ирсэн юм уу гэхэд /Бичлэгийн 0:54:57-0:54:59/

Шүүгдэгч С.М: Ирсэн гэв. /Бичлэгийн 0:55:00/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Тэр бичиг чинь хаана байгаа гэхэд /Бичлэгийн 0:55:01/

Шүүгдэгч С.М: Цагдан хорихын дарга авсан гэв. /Бичлэгийн 0:55:02-0:55:04/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Хэрэгт тийм юм байхгүй байгаа тийм ээ гэхэд /Бичлэгийн 0:55:05-0:55:07/

Шүүгдэгч С.М: Тэгээд би прокурорт хэлсэн. Прокурор ганц ч ирж уулзаагүй. Цахимаар 1-2 удаа уулзахад би энэ хэрэгт хяналт тавих шаардлагатай байна, энэ хэрэг нэг талыг баримтлаад байна гэж хэлсэн. /Бичлэгийн 0:55:08-0:55:18/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Та хоёрт анх өмгөөлөгчөөр Ж.Т оролцсон тийм ээ гэхэд /Бичлэгийн 0:55:18-0:55:21/

Шүүгдэгч С.М: Тийм гэв. /Бичлэгийн 0:55:22/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Х.Б та хоёрын хооронд ямар нэг ашиг сонирхол байгаа юу /Бичлэгийн 0:55:23-0:55:27/

Шүүгдэгч С.М: Байхгүй гэв. /Бичлэгийн 0:55:28/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Ашиг сонирхол байсан тохиолдолд нэг өмгөөлөгч зэрэг өмгөөлж болохгүй. Тийм эсрэг сонирхол байхгүй юм байна гэхэд /Бичлэгийн 0:55:34-0:55:44/

Шүүгдэгч С.М: Байхгүй гэв. /Бичлэгийн 0:55:44/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Х.Б-оо таны биеийн байцаалт, танаас асуусан асуултад бүрэн дунд боловсролтой гэсэн байна. Таны мэдүүлэгт ч байдаг. Би уншиж чадна. Харин бичихдээ тааруухан гээд яг тааруухан гэх үгээр байна. Та өөрөө тийм мэдүүлгүүд өгсөн байсан. Анхны мэдүүлгийг таныг өмгөөлөгчгүй бичиг үсэг мэдэхгүй байхад нь авсан байдаг юм байж түүнээс хойш таны байцаалтад Ж.Т өмгөөлөгч зөндөө суусан байсан. Өмгөөлөгч суугаад танаас авсан мэдүүлгүүдийг уншиж өглөө гээд доор нь бичсэн байсан гэхэд /Бичлэгийн 0:55:46-0:56:21/

Шүүгдэгч Х.Б: Тийм, би Ж.Т өмгөөлөгчөөр өөрөөр нь уншуулж байж гэхэд /Бичлэгийн 0:56:22-0:56:23/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Шүүх өмгөөлөгчгүй авсан мэдүүлгийг чинь нотлох баримтаар үнэлэхгүй байж болно. Өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлгийг чинь үнэлээд явсан байх. Тэгэхээр та өөрөө би бичиг үсэг мэднэ. Бичихдээ муу гэхдээ уншиж чадна гэх таны өөрийн чинь өгсөн мэдүүлгүүд байсан. Би таны өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг нэг бүрчлэн тулгаж харсан. Та өнөөдөр бүүр бичиж, уншиж ч чадахгүй гэх зүйл яриад байна гэхэд /Бичлэгийн 0:56:24-0:56:53/

Шүүгдэгч Х.Б: Нэгдүгээр ангиас гарсан болохоор уншиж, бичиж мэдэхгүй гэв. /Бичлэгийн 0:56:56-0:56:58/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Энэ нийгмийн харилцаанд та яаж ордог вэ. Та жолооны курс төгссөн байсан. Бичиг үсэг мэдэхгүй хүн жолооны курс төгсдөг юм уу гэхэд /Бичлэгийн 0:56:59-0:57:12/

Шүүгдэгч Х.Б: Хажуу талынхаа хүнийг гуйж бөглүүлээд жолооч болсон гэв. /Бичлэгийн 0:57:13-0:57:15/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Ж.Т өмгөөлөгчөө энэ хүн эрүүдэн шүүж байсан талаар танд хэлж байсан гэх зүйл ярьж байна. Та энэ талаар нь гомдол гаргаж байсан уу. Ийм зүйл ярьж байсан уу. Ийм байцаагч ингэлээ гэх гомдлыг танд гаргасан юм уу гэхэд /Бичлэгийн 0:57:19-0:57:35/

Өмгөөлөгч Ж.Т : Сүүлд гаргасан тэгээд өөрөө бичсэн гэв. /Бичлэгийн 0:57:36-0:57:39/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Хэзээ гэхэд /Бичлэгийн 0:57:38/

Өмгөөлөгч Ж.Т : Би он сарыг нь санахгүй байна. 6 дугаар сарын 18-нд гарсан хэрэг гэв. /Бичлэгийн 0:57:40-0:57:46/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Эрүүдэн шүүж байсан бол та хүнээс төлбөр аваад хүний эрхийг хамгаалж байгаа, зөрчигдсөн эрхийг нь хамгаалж, сэргээх ёстой хүн. Холбогдох байгууллагад нь та хандсан юм уу. Прокурорт бол тийм юм алга гэхэд /Бичлэгийн 0:57:47-0:57:59/

Өмгөөлөгч Ж.Т: Прокурорт бичсэн. Энд шийдвэрлэхгүй гэх хариу өгсөн. Бүх бичсэн баримт надад байгаа. Нэг зүйлийг боссон дээрээ хэлчихье. Сая Х.Б ингэж ярилаа. н.Т шүүгч ав гэсэн юм шиг үгүй буруу ойлголтоор ярьж байна. н.Ө гэх эгчтэй нь би гэрээтэй байхгүй юу. Гэтэл энэ буруу ярьж байна н.Т шүүгч ав гэсэн юм биш гэхэд /Бичлэгийн 0:58:00-0:58:26/

Даргалагчаас: М.Г өмгөөлөгч бас тийм зүйл ярьсан гэхэд /Бичлэгийн 0:58:26-0:58:27/

Өмгөөлөгч Ж.Т: М.Г өмгөөлөгч тэрийг ярьсан. Би энэ тухай ярих гээд н.О-ын нөхрийн хэрэгт С.М-ыг ингэж мэдүүлэг өгсөн байгаа юм. Намайг зодож авч явсан гээд тэгээд энэ хоёр эсрэг хэмжээний та хоёр хүн өмгөөлж болохгүй. н.Т шүүгч ашиг сонирхлын зөрчилтэй гээд хуулиа аваад ирлээ гэж надад хэлсэн. Би наад хуулийг чинь мэдэж байна. Би зөрчилтэй хоёр хүнд ороод яах уу С.М тухайн үед хотоос н.Т-ийг авч ирнэ гэсэн. Хотоос н.Б-ийг авсан байсан. н.Ц явж байсан юм уу мэдэхгүй. Хоёр гурван өмгөөлөгчтэй болохоор нь би бичиг үсэг мэдэхгүй хүн ганцаараа хоцрох нь би Х.Б-ийг өмгөөлье гэж шүүх хуралдаанд хэлсэн. Бичлэг нь байгаа. Түүнээс н.Т шүүгч чи Ж.Т-г ав гэж хэлээгүй гэв. /Бичлэгийн 0:58:27-0:59:21/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Прокуророос асууя, анхан шатны шүүх Өршөөлийн тухай хуулийг яагаад хэрэглээгүй вэ? Өршөөлийн тухай хуулийг хэрэглэх ёстой юм биш үү гэхэд /Бичлэгийн 0:59:25-0:59:31/

Прокурор: Өршөөлийн тухай хуулийг хэрэглээгүй учир нь тухайн гэм буруугийн шүүх хуралдаанд Х.Б өөрөө миний хохирлыг манай ар гэрийнхэн төлчихжээ гэхэд /Бичлэгийн 0:59:31-0:59:42/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Хохирол төлсөн, төлөөгүй Өршөөлд хамааруулах зүйл хэсэг байгаа ш дээ гэхэд /Бичлэгийн 0:59:43-0:59:47/

Прокурор: Тийм, тэгээд би энэ гэмт хэргийг хийгээгүй байхад гэм буруугаа хүлээгээгүй. Ингээд Өршөөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг хангаагүй. Би шүүх хуралдаанд Өршөөлийн тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэдгийг мэдэж байгаа гэв. /Бичлэгийн 0:59:48-1:00:08/

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Өмгөөлөгч нарын хувьд Өршөөлийн тухай хуулийг юу гэж бодож байна. Ж.Т өмгөөлөгч Өршөөлийн тухай хуулийг хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй гэх гомдол гаргасан байсан гэхэд /Бичлэгийн 0:00:00-0:00:11/

Өмгөөлөгч нар: Хариу хэлээгүй.

Илтгэгч шүүгч Ц.Амаржаргал: Өөр асуулт байхгүй гэв. /Бичлэгийн 0:00:13-0:00:14/

Шалгах ажиллагааны явцад гэрч З.Т “...С.М-ыг ...суманд хохирогч Н.Н-ыг хүчиндсэн байхад гэм буруутайд тооцоогүй байна...” гэж хэлсэн талаар мэдүүлсэн боловч шүүх хуралдаанд илтгэгч шүүгч Ц.Амаржаргал нь тогтоолын 1, 2 заалт  зөрүүтэй бичигдсэн, С.М нь хохирогч Н.Н-ыг хүчиндсэн байхад гэм буруутайд тооцоогүй талаар асуулт асуугаагүй, энэ талаар хэлэлцүүлэг явагдаагүй байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоол зөрүүтэй бичигдсэн гэх үндэслэлээр хүчингүй болгоогүй харин анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд болох гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөн хуулийн 31.10 дугаар зүйлийн 1.1-д заасан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор хувийн бичиг баримтыг шалгах, ажиллагаа хийгээгүйг анхаараагүй байна. Тодруулбал хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч С.М, Х.Б нар нь хамт 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ...гэх газарт өдөр 14 цагийн орчим машинтайгаа явж байхдаа хөдөө хээр хонио хариулж явсан иргэн Н.Н дээр очиж шүүгдэгч С.М нь хүч хэрэглэн хохирогчийн гар утсыг авч хоолойг боож газар унагах үед хохирогч эсэргүүцэл үзүүлэхэд хажууд нь хамт явсан шүүгдэгч Х.Б нь “наадах чинь ямар олон юм ярьдаг юм, наадахаа алаад хаячих” гэж хэлж, улмаар хохирогч “биеийн юм ирсэн, хэрэггүй” гэж хэлж гуйгаад, эсэргүүцээд байхад С.М нь хохирогчтой хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэхэд Х.Б нь харсаар байж таслан зогсоогоогүй, дэмжсэн байдалтай хажууд нь байсан нь гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, мөн С.М хохирогчийг хүчиндсэний дараа Х.Б хохирогчтой хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэж байснаа хохирогч “биеийн юм ирсэн” гэхээр нь больсноос харахад гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч Х.Б-ийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу энэ шинжээрээ гэмт хэрэг үйлдэхээр завдсан байж болзошгүй байдлыг орхигдуулсан, мөн шүүгдэгч Х.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд бичиг үсэг мэдэхгүй талаар удаа дараа мэдүүлсэн байхад түүний боловсролын түвшин, мэргэжлийн талаар холбогдох баримт бичгийг гаргуулан авах ажиллагааг хийгээгүй гэж үзэхээр байна. Эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар хийж гүйцэтгэхээр байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт дээрх нэмэлт ажиллагааг шалгуулахаар хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэж үзжээ.

Иймд шүүгч Ц.Амаржаргал “...шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалт зөрүүтэй байна, ...одоо энэ тогтоол чинь хүчингүй болно...” гэж ярьсан гэх байдал тогтоогдоогүй болно.

Дээрх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, 50.1.4-т заасан шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх, 50.1.7-д заасан “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл  өгөх, авах, урьдчилан санал гаргасан” гэх үндэслэл тогтоогдоогүй тул ...Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргалд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

 

Холбогдох шүүгч Ц.Амаржаргал хариу тайлбартаа: “...миний бие хуулийн байгууллагад тасралтгүй 31 жил, үүнээс шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар 1 жил, прокуророор 6 жил, шүүгчээр 25 жил ажиллаж ирсэн бөгөөд өдийг хүртэл ажиллах хугацаандаа шүүгчид болон иргэний хувьд ёс зүй, сахилгын зэрэг ямар нэгэн зөрчилд нэр холбогдож байгаагүй ба хувь хүнийхээ хувьд хэн нэгнийг захирч зандрах, элдэв муу үгээр хэлэх, хараах, доромжлох, дээрэлхэх гэх мэт ёс зүйгүй, үлгэргүй, хүмүүжилгүй зан авир гаргаж байгаагүйг миний ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хамт олон, намайг таних хүмүүс тодорхой мэднэ.

Гэтэл хамт ажилладаг шүүгч н.Т огт үндэслэлгүйгээр, яриагүй зүйлийг ярьсан мэт болгож намайг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр утсаар ярьж, бусдыг тэнэг мангараар дуудаж, тухайн үед Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдаж буй шүүгдэгч С.М нарт холбогдох хэргийн талаар урьдчилан шийдвэр гаргасан мэтээр гүтгэлгийн чанартай зүйл бичжээ.

Миний бие шүүгчийн ёс зүйг чанд сахиж ажилладаг бөгөөд ямар ч хэрэгт хувийн сонирхлоор хандаж байгаагүй, шийдвэрлээгүй хэргийн талаар урьдчилан шийдвэр гаргаж байгаагүй, миний бие давж заалдах шатны шүүгч тул аливаа хэрэг, маргааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэдэг тул бүрэлдэхүүний нөгөө 2 шүүгчид нөлөөлж байсан тохиолдол хэзээ ч байгаагүй /хэрвээ нөлөөлбөл нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүрэгтэй/, улмаар шүүгч н.Т, З.Т нартай шүүгдэгч С.М нарт холбогдох хэргийн талаар өргөдөлд бичсэн утгаар ярьж байгаагүйг хариуцлагатайгаар хэлэхийг хүсэж байна.

Шүүгч болон бусад этгээд шүүгчид нөлөөлбөл нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүрэгтэй, мөн нөлөөнд автсан шүүгч өөрөө ёс зүйгүй шүүгч байх нь ойлгомжтой юм.

Өргөдөлд намайг хэргийн холбогдогч С.М-ын эхнэр Д.А-ийн төрсөн ах прокурор Д.Э-тэй найз нөхдийн холбоотой учир дээрх хэрэгт хувийн сонирхлоор хандаж байж болзошгүй гэж хардаж бичжээ.

Миний бие Д.Э-тэй нэг нутаг усных болохоор энэ утгаараа найз нөхөд гэсэн үг биш юм. Би түүнтэй ямар ч найз нөхдийн холбоогүй, ...аймгийн хүүхэд гэдгийг мэдэхээс өөр зүйл мэдэхгүй юм.

Мөн прокурор Д.Э-ийг хэргийн холбогдогч С.М-ын эхнэр Д.А-ийн төрсөн ах гэдгийг саяхныг хүртэл би мэдээгүй байсан.

Түүнчлэн өргөдөлдөө н.Т нь ...2022 оны 3 дугаар сард шүүгдэгч С.М нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд хүчингүй болгож, прокурорт буцаасан үеэс эхлээд миний нөхөр А.М-ыг энэ хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж, одоог хүртэл энэ хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхгүй, шүүх таслах ажиллагааг гацааж байгаа мэтээр гүтгэж, улмаар миний биеийг энэ хэрэгт нөхрөөрөө дамжуулан хувийн сонирхлоор хандаж байгаа гэж хардаж байгаагаа бичсэн байна.

Дээрх хэрэг анх 2021 онд шүүхээр хянагдаж эхэлсэн ба 2024 оны 3 дугаар сараас миний нөхөр А.М нь Монгол Улсын Үндсэн хууль, Өмгөөллийн тухай хуульд зааснаар үйлчлүүлэгчийн хүсэлтээр уг хэргийн холбогдогч нарт хууль зүйн туслалцаа үзүүлж эхэлсэн.

А.М бид 2 эхнэр, нөхрийн харилцаатай, гэр бүл мөн боловч миний нөхөр миний ажлыг заахгүй, би нөхөртөө ажлыг нь заахгүй, хэнийгээ өмгөөлж ажлаа хийх нь энэ хүний асуудал.  Бид улсад олон жил ажиллахдаа ажил, амьдралаа ялгаж зааглаж сурсан хүмүүс.

Нөхөр А.М-ын хэлснийг товч дурдвал дээрх шүүгдэгч нарыг ...аймгийн дийлэнх өмгөөлөгч нар өмгөөлж байсан боловч солигдсоор түүнийг өмгөөлөгчөөр сонгон авсан гэдэг.

Хэргийн шийдвэрлэлт удааширч байгаа нь миний нөхрөөс шалтгаалаагүй, бүхэл бүтэн шүүхэд миний нөхөр болон миний бие нөлөөлөөд байгаад байна гэж байхгүй нь хэнд ч ойлгомжтой.

Монгол улсын шүүх тэгтлээ ялзраагүй. Хэрэг яагаад өдий болтол шийдвэрлэгдэхгүй байгаа нь тухайн шүүхийн дотоод асуудал, процесс ажиллагаа гэж ойлгож байна.

Түүнчлэн н.Т-ын өөрийнх нь холбогдсон сахилгын хэрэгт өмгөөлөгч А.М түүнд холбогдуулан гомдол, өргөдөл огт гаргаж байгаагүй, түүнийг сахилгын хэрэгт холбогдуулан буруутгасан хүн миний нөхөр биш гэдгийг н.Т өөрөө мэдэж байгаа. Түүний энэ асуудалд миний нөхөр болон миний бие ямар ч хамааралгүй юм.

Өөрөөр хэлбэл н.Т сахилгын хэрэгт шалгагдаж байгаа асуудалдаа нөхөр бид хоёрыг хардаж, дээрх байдлаар гүтгэж өргөдөл гаргасан байна гэж үзэж байна.

н.Т нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар хууль дээдлэх, аливаа асуудалд бодитой хандах, шударга байх үндсэн зарчмуудыг баримтлалгүй, илт үндэслэлгүйгээр намайг хардаж гүтгэж байгааг миний бие эс зөвшөөрч байна.

Иймд надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгч Ц.Амаржаргал 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт  тайлбартаа: “Сахилгын хороонд н.Т-ын гаргасан өргөдөл болон хэргийн материалтай танилцаад дараах тайлбарыг нэмж гаргаж байна.

Шүүгч н.Т нь огт үндэслэлгүйгээр, яриагүй зүйлийг ярьсан мэт болгож, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр утсаар ярьж, тухайн үед давж заалдах шатны шүүхээр хянагдаж байсан шүүгдэгч С.М, Х.Б нарын хэргийн талаар урьдчилан шийдвэр гаргасан мэтээр гүтгэж бичсэн байсан.

Миний бие түүний өргөдөлд бичсэн агуулгаар шүүгч н.Т, З.Т нартай утсаар ярьж байгаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх аливаа хэрэг, маргааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэдэг тул миний бие дангаар ямар ч шийдвэрийг гаргах эрхгүй, тийм боломжгүй. Үнэхээр би ярьсан бол шүүгч нь нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, улмаар тухайн цаг хугацаанд гомдлоо гаргах боломжтой байсан. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ...анхан шатны шүүх дээрх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалт болон шүүх хуралдааны тэмдэглэл хоёрыг харьцуулаад үзэхэд н.Т-ын хэлсэнчлэн “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалт нь хоорондоо зөрүүтэй бичигдсэн...” гэсэн зүйлгүй байна.

Тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт нь:

1.Шүүгдэгч Х.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

  • шүүгдэгч С.М-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан буюу бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

Шийтгэх тогтоолын 2 дахь заалт:

2.Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2.т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, -Шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн З-т заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай” гэж бичигдсэнээс харахад зөрүүтэй бичигдсэн зүйл байхгүй байсан байна. Мөн шүүх хуралдааны тэмдэглэл ч ийм байдлаар бичигдсэн байна.

Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч М.Г, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ж.Т нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч С.М, Х.Б нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч миний илтгэснээр 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцжээ.

Хэрвээ тогтоол зөрүүтэй бичигдсэн байсан бол миний бие энэ талаар шүүх хуралдаан дээр асуусан байх магадлалтай бөгөөд миний асуусан асуултаас ийм зүйлийг асууж байгаагүй нь тэмдэглэлээс тодорхой харагдана.

Гэтэл тус давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад миний бие шүүх хуралдаан дээр асуулт асуухдаа шийтгэх тогтоол зөрүүтэй бичигдсэн талаар нэг ч үг, өгүүлбэр асууж байгаагүй байх тул шүүгч н.Т нартай ярьсан гэх нь үгүйсгэгдэж байна.

Мөн ярьсан бол энэ талаарх ярианы бичлэг, утасны жагсаалт байх ёстой. Мөн гэрчээр асуугдсан Г.Д нь намайг ярьсан гэж хэлээгүй, энэ шүүгчээс нөлөөлж ярьж байгаагүй гэж мэдүүлсэн байна. Тогтоол зөрүүтэй бичигдээгүй байхад би ингэж хэлэхгүй, ярихгүй юм. Мөн миний асуусан асуултаар болон шийтгэх тогтоол зөрүүтэй бичигдсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоол хүчингүй болоогүй, өөр үндэслэлээр хүчингүй болж хэргийг прокурорт буцаасан нь магадлалаас тодорхой харагдана. Миний урьд гаргасан тайлбар байгаа.

Шүүгч н.Т нь сахилгын хэрэгт шалгагдаж байгаа асуудалдаа миний нөхрийг хардаж буруутган бодож, улмаар намайг хүртэл хардаж, дээрх байдлаар гүтгэж өргөдөл гаргасан үзэж байна. Өөрөөр хэлбэл, энэ хэргийг урьд шийдвэрлэхэд миний бие шүүх бүрэлдэхүүнд оролцсон, бөгөөд хэрэг прокурорт буцсанаас хойш 2024 оны 3 дугаар сард миний нөхөр энэ хэргийн шүүгдэгч С.М-т хууль зүйн туслалцаа үзүүлснээс болж хардаж байгаа гэж үзэж байна.

н.Т-ын өөрийнх нь холбогдсон сахилгын хэрэгт миний нөхөр түүнд холбогдуулан ямар ч өргөдөл, гомдол гаргаж байгаагүй, түүнийг буруутгасан хүн нь миний нөхөр биш гэдгийг н.Т өөрөө сайн мэдсэн, мэдэж байгаа бөгөөд энэ асуудалд нь миний бие болон миний нөхөр ямар ч хамааралгүй юм.

Ийм байсаар байтал намайг дээрх байдлаар гүтгэж байгаад харамсалтай байна. Мөн шүүгч н.Т, шүүгч З.Т нар дотно, найз нөхдийн харилцаа холбоотой гэдгийг хүн бүхэн л мэднэ. Урьд анхан шатны шүүхэд ч, одоо давж заалдах шатны шүүхэд хамт ажиллаж байгаа.

Миний бие ямар ч шүүгчтэй найзархаад явдаггүй, зөвхөн ажил хэргийн холбоотой ажилласаар ирсэн. Иймд сахилгын хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгч Ц.Амаржаргал 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт тайлбартаа: “1. н.Т нь  2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тайлбар, нотлох баримт хүргүүлснийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

2. Миний бие урьд шүүгч н.Т-ын гаргасан өргөдөлтэй холбогдуулан тайлбараа өгсөн бөгөөд түүний өргөдөлд бичсэн агуулгаар шүүгч н.Т, З.Т нартай утсаар яриагүй бөгөөд давж заалдах шатны шүүх аливаа хэрэг, маргааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэдэг тул миний бие дангаар ямар ч шийдвэрийг гаргах эрхгүй, тийм боломжгүй юм. Ийм байсаар байтал, мөн үнэхээр би утсаар ярьсан бол, шийдвэрийг урьдчилаад гаргасан бол тухайн цаг хугацаанд энэ талаар гомдлоо гаргах боломжтой байтал 3-4 жилийн дараа намайг ийм байдлаар бичээд байгааг гайхаж байна.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн ажлын байр одоог хүртэл тус тусдаа байрладаг, н.Т гэдэг анхан шатны шүүгч байдаг гэдгийг л мэдэхээс цаашгүй, түүнтэй ямар нэг асуудлаар харилцан ярилцах, танилын харилцаа байгаагүй гэдэг утгаар сахилгын хорооны хуралдаанд хэлсэн, тэрээр давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдон ирэх хүртэл түүнийг хувь хүнийх нь хувьд сайн таньж мэдэхгүй байсан, одоо ч сайн мэдэхгүй.

Шүүгч н.Т урьд анхан шатны шүүгч байсан, одоо иргэний хэрэг шийдвэрлэдэг, миний бие эрүүгийн хэрэг шийдвэрлэдэг шүүгч. Энэ хүн хувь хүний хувьд ямар хүн гэдгийг, мөн ажил мэргэжилдээ ямар гэдгийг би мэдэхгүй.

Шүүхээс зохион байгуулагдаж байсан аливаа арга хэмжээнд оролцож байхдаа н.Т-тай таарвал мэндлээд л өнгөрдөг байснаас ямар нэг асуудлаар харилцан ярилцаж зөвшилцөж, асуудал шийдвэрлэж байгаагүй.

4. 2018 онд нөхрийн Төрийн одонгийн мялаалга хийхэд нөхөр маань прокурор, өмгөөлөгчөөр олон жил ажиллаж байсан тул бид хоёр амьдарч, ажиллаж буй орон нутгийнхаа анхан болон давж заалдах шатны шүүхийн бүх шүүгч, прокурор, өмгөөлөгч нарыг, мөн Сэлэнгэ аймгийн шүүгч, өмгөөлөгч нар гээд ажил хэргийн холбоотой хүмүүсийг болон ах дүү нараа урьсан. Тэгэхэд тухайн үед анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч н.Т байсан тул ерөнхий шүүгч гэдэг утгаар нь шүүгч нарыг бүгдийг нь урьж түүнд урилгыг өгсөн бөгөөд н.Т шүүгчийг хувь хүнийх нь хувиар ганцаарыг нь уриагүй юм. Тухайн үеийн хуулийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад урилгыг хүнээр дамжуулахгүйгээр өөрийн биеэр “хүндэтгэж” өгч байсан нь үнэн.

5. Би шүүгчээр болон мэргэжлээрээ өдий 32 жил ажиллахдаа өөрийн шийдвэрлэсэн хэргийн талаар нөхөртөө тайлагнах, мөн миний нөхөр надаас ямар хэрэг өмгөөлөх гэж байгаагаа асуух шаардлагагүй, бид хоёрын ажил алба тусдаа бөгөөд нөхрийгөө “чи ийм хэрэг өмгөөл” гэж ажлыг нь заах, зааварчлах ямар ч боломжгүй нь хэнд ч ойлгомжтой байх.

6. Шүүгч н.Т нь сахилгын хэрэгт өөрөө шалгагдаж байгаа асуудалдаа миний нөхрийг хардаж буруутган бодож, улмаар намайг хүртэл хардаж өргөдөл гаргасан үзэж байна. Өөрөөр хэлбэл н.Т-ын өөрийнх нь холбогдсон сахилгын хэрэгт миний нөхөр түүнд холбогдуулан ямар ч өргөдөл, гомдол гаргаж байгаагүй, түүнийг буруутгасан хүн нь миний нөхөр биш гэдгийг н.Т өөрөө сайн мэдсэн, мэдэж байгаа бөгөөд энэ асуудалд нь миний бие болон миний нөхөр ямар ч хамааралгүй юм” гэжээ.

 

Холбогдох шүүгч Ц.Амаржаргал сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүгч н.Т-ын мэдээлэлтэй холбогдуулан 3 удаа тайлбар өгсөн байгаа ба та бүхэн танилцсан учраас давтаж ярих шаардлагагүй байх гэж үзэж байна. Миний хувьд илтгэгч гишүүний саналыг дэмжиж оролцож байгаа.

Анхан шатны шүүхэд шүүгч н.Т Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан ба шүүгч З.Т нь мөн анхан шатны шүүхэд ажиллаж байсан. Тэд дотно харилцаатай, найз нөхдийн холбоотой, бүх зүйлээ ярилцдаг гэдгийг Дархан-Уул аймгийн шүүхийнхэн бүгд мэддэг. Тиймээс л би хардах эрхийнхээ хүрээнд энэ талаар тайлбартаа бичсэн.

Ер нь ямар ч шүүгч хэргийн талаар урьдчилж ярихгүй. Би 33-34 жил шүүхэд ажиллахдаа ийм асуудал нэг ч удаа гаргаж байгаагүй, би шүүх рүү яриагүй.

Шүүгч н.Т энэ асуудлыг 2022 онд болсон гэж мэдээлэлдээ бичсэн байсан. Би амьдралдаа албан харилцаандаа ч, хувийн амьдралдаа ч “тэнэг, мангар” зэрэг цээртэй үг хэлдэггүй. Дээрээс нь шүүгч н.Т яагаад тухайн үед нь гомдлоо гаргаагүй юм бэ? Мөн шүүгч н.Т нь өөрийнхөө сахилгын хэрэгт манай нөхрийг буруутгадаг... тийм байдлаар надад дургүйцэл илэрхийлээд байдаг юм... Намайг ингэж эвгүй байдалд оруулж байгаад би эмзэглэж хүлээж авч байгаа.

Түүнчлэн би энэ хэрэгт хувийн сонирхолтой байсан бол нэгдүгээрт тангараг өргөсөн шүүгчийн хувьд татгалзан гарах ёстой, хоёрдугаарт тухайн эрүүгийн хэргийг хөнгөрүүлэх байсан. Гэтэл давахаас магадлалаа хэргийг хүндрүүлэх байр суурьтайгаар албажуулж гаргасан” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Мэдээлэл гаргагч шүүгч н.Т нь ”шүүгч Ц.Амаржаргал Х.Б, С.М нарт холбогдох хэрэгт хувийн ашиг сонирхолтой байсан гэж хардан үндэслэлээ

  • товлогдсон 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаас 2 хоногийн өмнө шүүгч Ц.Амаржаргал над руу залгаад “танай наад шүүгч нар чинь мангар юм уу? Х.Б, С.М нарын хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолоо буруу гаргасан байна, тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалт нь хоорондоо зөрүүтэй байна. Одоо энэ шийтгэх тогтоол чинь хүчингүй болно шүү дээ” гэж хэлсний дараа шүүхээс хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан,
  • С.М-ын эхнэр Д.А-ийн төрсөн ах Д.Э нь Улсын ерөнхий прокурорын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, прокурор бөгөөд шүүгч Ц.Амаржаргал, прокурор Д.Э нар нь ...аймгийн буюу нэг нутгийнх гэдгийг найз нөхдийн холбоотой” гэх агуулгатай мэдээлэл гаргажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 1-3 тал/

Мөн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн нэмэлт тайлбартаа “...миний хувьд шүүгч Ц.Амаржаргалыг шүүгч З.Т д болон надад нөлөөлсөн гэдэг агуулгатай гомдол гаргаагүй, харин давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос 2 хоногийн өмнө давж заалдах шатны шүүхээс гарах шийдвэр гарчихсан байсан, энэ талаар над руу болон шүүгч З.Т рүү утсаар ярьсан, энэ тухайн шүүгч тус хэрэгт хувийн сонирхолтой байсан гэсэн агуулгатай гомдол гаргасан...” гэсэн  байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 42-44 тал/

Илтгэгч гишүүн нь мэдээлэлд дурдагдсан асуудлын хүрээнд шалгах ажиллагаа явуулаад “...өргөдөлд дурдсан шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалт зөрүүтэй, одоо шийтгэх тогтоол чинь хүчингүй болно шүү гэж ярьсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ...өргөдөлд дурдсан шүүгч Ц.Амаржаргал тус хэрэгт хувийн ашиг сонирхолтой байсан, С.М-ын эхнэр Д.А-ийн төрсөн ах Д.Э нь Улсын ерөнхий прокурорын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга бөгөөд Ц.Амаржаргал, Д.Э нар нь ...аймгийнх, нэг нутгийн найз нөхдийн холбоотой, мөн Х.Б, С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 3 удаа хянахдаа шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж байсан нь тухайн хэрэгт зарим шүүгч тухайлбал шүүгч Ц.Амаржаргалын хувийн сонирхол байсан гэх гомдол үндэслэлгүй, ...өргөдөлд дурдсан Х.Б, С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэж байх үед шүүгч Ц.Амаржаргал анхан шатны шүүхээр орж явж байсан, тухайн үед тус хэргийг шийдвэрлэхээр томилогдсон шүүгч нартай уулзаж уг хэргийн талаар ярилцаж байсан байж магадгүй гэх хардаж буйгаар шүүгчийг буруутгахгүй...” гэж дүгнээд холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.4, 50.1.7 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтуудыг зөрчөөгүй гэж үзэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 65-91 тал/

 

Сахилгын хорооны  хуралдаанаар шүүгч Ц.Амаржаргалд холбогдох сахилгын хэргийн илтгэгч гишүүний саналыг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, хуульд нийцсэн байх тул хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал,

 

1. Гар утсаар ярьсан эсэх тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч н.Т мэдээлэлдээ: “...шүүгч Ц.Амаржаргал ...2 хоногийн өмнө ... над руу утсаар ярихдаа “танай наад шүүгч нар чинь мангар юм уу? Х.Б, С.М нарын хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолоо буруу гаргасан байна, тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалт хоорондоо зөрүүтэй байна. Одоо энэ шийтгэх тогтоол чинь хүчингүй болно шүү дээ гэж хэлээд утсаа тасалсан” гэж, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 1-3 тал/

гэрч З.Т : “Х.Б, С.М нарт холбогдох ...хэрэг 2 дахь удаа /2022 он гэж санаж байна/ давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхээс өмнө шүүгч Ц.Амаржаргал өөрийн гар утсаар над руу залгаад өөрийнхөө нэрийг хэлээд мэнд мэдээд “та нар чинь гурвуул гурвуулаа байж мангар юм уу” гэхэд би “яасан” гэсэн. Тэгэхэд “С.М-ыг ...суманд хохирогч Н.Н-ыг хүчиндсэн байхад гэм буруутайд тооцоогүй байна” гэж хэлсэн. Энэ үед би гадаа явж байсан тул “шүүгчээ би ажилдаа ороод тогтоолоо хараад танд хэлье” гэж хэлээд утсаа салгасан. ...Ингээд тогтоолоо үзэхэд буруу юм харагдаагүй, Ц.Амаржаргал шүүгчийн яриад байсан асуудлаар гэм буруутайд тус тус тооцсон байсан. Тэгээд Ц.Амаржаргал шүүгчтэй эргэж яриад “гэм буруутайд тооцсон байна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаад хүнд ял шийтгэлтэй зүйл ангиар ял оногдуулсан байна” гэдгээ хэлээд бидний яриа дууссан... Ц.Амаржаргал шүүгч надтай ярихдаа “энэ тогтоол чинь хүчингүй болно шүү” гэж огт хэлээгүй, намайг хариу хэлэхэд “аан за за” гэж хэлж байсан. н.Т шүүгч надад “Ц.Амаржаргал шүүгч энэ тогтоол чинь хүчингүй болно гэж байна” гэж огт хэлээгүй. Ц.Амаржаргал шүүгч надтай утсаар ярих үед уг хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээгүй байсан 1-2 хоногийн өмнө л ярьсан байсан байх. Одоогоос 3 жилийн өмнө болсон явдлыг яг нарийн санахгүй байна...” гэж, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 57-63 тал/

гэрч Б.И: “С.М нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг, тогтоох хэсэг зөрүүтэй байна гэсэн яриа сонссон. Энэ асуудал хэзээ болсон огноог сайн санахгүй байна. н.Т шүүгч анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан үе гэхээр давж заалдах шатны шүүхэд ирэхээс өмнө болсон гэж санаж байна. Би н.Т шүүгчийн өрөөнд ороход З.Т шүүгч байсан. Тэр хоёр Х.Б нарын хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг үзээд сууж байсан. Намайг юу хийж байгааг асуухад “тогтоолын үндэслэх хэсэг тогтоох хэсэг  хоёр зөрүүтэй байна гэнэ, тэгээд түүнийг хайгаад байж байна” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би  “юу нь зөрүүтэй байгаа” гээд тогтоолыг харсан. Тэгээд “ямар учиртай юм бэ” гэхэд давахаас шүүгч З.Т рүү тэгж хэлсэн гэж миний хувьд ойлгосон. н.Т шүүгч энэ асуудлаар Б.И-аа гээд надад хандаж хэлсэн үг, өгүүлбэр байхгүй. Миний хувьд тэр хоёрын ярианаас л ийм зүйл ойлгосон. н.Т шүүгч надад хандаж “Ц.Амаржаргал шүүгч энэ шийтгэх тогтоол чинь хүчингүй болно гэж хэллээ” гэж хэлээгүй. Харин тэр хоёрын хооронд болсон ярианаас би Ц.Амаржаргал шүүгч З.Т шүүгч рүү яриад тогтоолын үндэслэх, тогтоох хэсэг зөрүүтэй байгаа юм чинь хүчингүй болох юм байна гэж хэлсэн гэж ойлгосон. Тэгэхэд би “хурал нь болчихсон юм уу” гэхэд “үгүй” гэсэн. Тэгэхээр нь би “хурал болоогүй юм бол яагаад ийм юм яриад байгаа юм бэ, хэрэв асуудал байгаа бол магадлал дээрээ л бичих юм биш үү” гээд л гараад явсан. н.Т шүүгч “хурал нь ороогүй байхад шийтгэх тогтоол хүчингүй болно гэж яриад сууж байдаг давж заалдах шатны шүүгч байна” гэх яриа бол яригдсан. Яг ингэж хэлснийг бол санахгүй байна. Харин хурал нь ороогүй байхад ийм юм ярьж болох уу гэсэн агуулгатай зүйл ярьж байсан. Тэгэхэд нь би “давах чинь бүрэлдэхүүнээр шийддэг, нэг шүүгч шийдвэр гаргахгүй, асуудал байгаа бол магадлал дээрээ тусгана биз” гээд л гарсан” гэж, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 69-74 тал/

гэрч Г.Д: /шүүгч З.Т-ийн туслах/ “шүүгч Ц.Амаржаргалыг давж заалдах шатны шүүгч гэдгээр таних бөгөөд өөрөөр тэр хүнтэй харилцаж байгаагүй. Ц.Амаржаргал шүүгч надтай утсаар ярьж байсан тохиолдол байхгүй. Шүүгч Ц.Амаржаргал, шүүгч З.Т-тэй утсаар ярьсан эсэхтэй холбоотой бол энэ хэрэг нь эхлээд хоёр хүнд малын хулгайн хэргээр яллах дүгнэлт үйлдсэн байсан. Тэгээд шүүхээс буцаасны дараа /аль шүүхээс буцаасныг санахгүй байна/ олон хэрэг нэгтгэгдэж нэмж ял сонсгоод яллах дүгнэлт үйлдсэн байсан. Он сарыг нь санахгүй байна, гэхдээ олон хэрэгт ял нэмж сонсгосны дараа л байх З.Т шүүгч намайг өрөөндөө дуудаад “давахаас залгаад байна, нэг зүйл ангийг орхигдуулсан байна, гаргасан шийдвэрийн хувийг аваад ирээ, үзье гэж” хэлсэн. Тэгэхээр нь би шийтгэх тогтоолын өнгөн хувийг аваачиж өгсөн. Ингээд би шүүгчтэй хамт тогтоолоо үзээд ямар нэг алдаа алга орхигдуулсан юм байхгүй байна гэж ярилцсан. З.Т шүүгч надад “давахаас ярилаа” л гэж хэлсэн, хэн ярьсныг би мэдэхгүй, надад нэр ус хэлснийг мэдэхгүй, хэлснийг нь би анзаараагүй, мөн санахгүй ч байж магадгүй. З.Т шүүгч надад давахаас аль нэг зүйл заалтыг орхигдуулаад шийдсэн байна гэж хэллээ гэсэн. Гэхдээ аль зүйл гэснийг санахгүй байна. Тэгээд тогтоолоо харахад яриад байгаа шиг нь орхигдуулсан юм байгаагүй. Анхан шатаар шийдвэрлэсэн хэрэгт гомдол гарахаар давж заалдах шатны шүүгчид хэргийг шийдвэрлэсэн шүүгч нартай ярьж байхыг нь бол сонсоогүй, гэхдээ шүүгч 1, 2 удаа тэгж байсан. Өөрөөр хэлбэл би төсөл бичиж байгаа болохоор тогтоолд алдаа байна гэж шүүгч надад хэлж байсан. Гэхдээ З.Т шүүгчийн хувьд дээрхээс өөр хэрэгт ийм юм ярьж байгаагүй. Давж заалдах шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдээгүй байхад тогтоолд алдаа байгаа талаар ярьдаг ганц нэг тийм тохиолдол байгаа, хэн гэдэг шүүгч тэгж хэлснийг би мэдэхгүй” гэж тус тус мэдүүлэг өгсөн бол, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 150-156 тал/

холбогдох шүүгч Ц.Амаржаргал: “...хамт ажилладаг шүүгч н.Т огт үндэслэлгүйгээр яриагүй зүйлийг ярьсан мэт болгож... давж заалдах шатны шүүхээр хянагдаж буй шүүгдэгч С.М нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар урьдчилан шийдвэр гаргасан мэтээр гүтгэлгийн чанартай зүйл бичжээ. ...шүүгч н.Т, З.Т нартай ...хэргийн талаар өргөдөлд бичсэн утгаар ярьж байгаагүйг хариуцлагатайгаар хэлэхийг хүсэж байна...” гэх утга бүхий хариу тайлбар өгчээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 150-156 тал/

 Мөн шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ГЗБ/2025/...9 дүгээр захирамжаар “Ю” ХХК-аас 8...1 дугаарын, гишүүний мөн өдрийн ГЗБ/2025/..0 дугаар захирамжаар “М” ХХК-аас 9...1 дугаарын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дуудлагын түүхийг тус тус гаргуулахаар холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 86-89 тал/

Улмаар “Ю” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12-...0 дугаар албан бичгээр “2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх орсон, гарсан дуудлагын лавлагааг тодруулах боломжгүй” гэх, “М” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4/...7 дугаар албан бичгээр “техникийн нөхцөл байдлын улмаас хэрэглэгчийн дугаар руу орох яриа, мессежний дугаарын жагсаалтыг гаргаж өгөх боломжгүй” гэх хариуг ирүүлжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 99, 97 тал/

Мөн гар утсаар ярьсан үйл баримтыг нотлох баримт байгаа эсэхийг тодруулах зорилгоор илтгэгч гишүүн нь:

  • мэдээлэл гаргагч шүүгч Н.Т Шүүхийн сахилгын хорооны даргад “илтгэгч гишүүнийг татгалзан гаргах тухай” хүсэлтдээ “...2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ...томилолтоор ажиллаад буцаж явах замд 18:09 цагт миний утсанд 9.1... дуудлага ирээд авахад  “Сахилгын хорооноос ярьж байна” гээд нэрээ хэлээгүй эмэгтэй надтай ярьсан. Ингэж ярихдаа надаас “шүүгч Ц.Амаржаргал чамтай ярьсан талаар утасны билл байна уу? Яриаг нь бичсэн бичлэг байна уу? Чамд өөр дугаар байгаа юу?” гэсэн агуулгатай юм асуухад нь “билл ч, бичлэг ч байхгүй. Тэгээд та 3 жил 6 сарын өмнө болсон үйл явдлын талаар надаас юу асуугаад байгаа юм” гэж уцаарлангуй хэлэхэд “чамайг гомдол гаргасан болохоор нотлох баримт байна уу гэж асууж байна” гэсэн агуулгатай зүйл яриад тасалсан” гэж, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 138-141 тал/
  • илтгэгч гишүүн дээрх хүсэлттэй холбоотой “татгалзан гарах тухай” хүсэлтээ тус хорооны даргад гаргасан байх ба уг хүсэлтдээ “...2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн орой өөрийн 991... дугаараас н.Т руу залгаж, өөрийгөө танилцуулаад өргөдөлд дурдсаны дагуу шүүгч Ц.Амаржаргал ярьсан гэх билл, бичлэг хийгдсэн эсэхийг асуухад “байхгүй” гэсэн. Нэгэнт өргөдөлд утсаар ярьсан талаар дурдсан болохоор миний хувьд өргөдөлд дурдсаныг нотлох баримт байгаа эсэхийг асууж тодруулах нь шалгах ажиллагааны явцад хийгдэх шаардлагатай ажиллагаа бөгөөд өргөдөл гаргагчтай ярих үед миний туслах хамт байсан. Шүүхийн тухай хуульд зааснаар илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулахдаа өргөдөл гаргагч болон холбогдох шүүгчтэй уулзаж өргөдөлд дурдсаныг тодруулах, тайлбар авах бүрэн эрхтэй, үүнийг хориглосон зүйл хуульд байхгүй...” гэж бичсэнээр, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 143-145 тал/
  • Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 3 дугаар талд “илтгэгч гишүүн: ...Намайг томилолтоор очиход өргөдөл гаргагч томилолтоор явсан байсан тул утсаар яриад “хэрвээ тантай ярьсан бол ярьсан дугаарыг эсвэл ярьсан бичлэгийг нь хадгалсан юм байна уу, байвал өгөөч гэхэд байхгүй гэсэн” гэж тусгагдсанаар тогтоогдож байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 122-126 тал/

Дээрхээс үзэхэд шүүгч Ц.Амаржаргал нь утсаар яриагүй гэх тайлбар өгч байгаа боловч шүүгдэгч Х.Б, С.М нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар шүүгч З.Т , н.Т нартай гар утас руу залгаж ярьсан, шүүгч З.Т өөрийн туслах Г.Д-г дуудан шийтгэх тогтоолыг авч нягталсан, мөн шүүгч н.Т, З.Т нар энэ тухай хоорондоо ярилцаж, шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг тулган харж байхад шүүгч н.Т-ын өрөөнд шүүгч Б.И орж ирэн ярилцсан гэх үйл баримт гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

2.Гар утсаар ярихдаа “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг зөрүүтэй байна” гэж, “...одоо энэ шийтгэх тогтоол чинь хүчингүй болно шүү дээ” гэж хэлсэн эсэх тухайд:

2.1. Шүүгч Н.Т мэдээлэлдээ “танай наад шүүгч нар чинь мангар юм уу? Х.Б, С.М нарын хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолоо буруу гаргасан байна. Тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалт хоорондоо зөрүүтэй байна...” гэж, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 1-3 тал/

 шүүгч З.Т “...та нар чинь гурвуул гурвуулаа байж мангар юм уу? С.М-ыг ...суманд хохирогч Н.Н-ыг хүчиндсэн байхад гэм буруутайд тооцоогүй байна...” гэж, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 57-63 тал/

түүний туслах Г.Д “...шүүгч намайг өрөөндөө дуудаад “давахаас залгаад байна, нэг зүйл ангийг орхигдуулсан байна, гаргасан шийдвэрийн хувийг аваад ирээ, үзье гэж хэлсэн. З.Т шүүгч надад давахаас ярилаа л гэж хэлсэн,...” гэж, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 150-156 тал/

шүүгч Б.И “...юу хийж байгааг нь асуухад “шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг, тогтоох хэсэг хоёр зөрүүтэй байна гэнэ, тэгээд түүнийг хайгаад байж байна” гэж хэлж байсан... давахаас шүүгч З.Т рүү тэгж хэлсэн гэж миний хувьд ойлгосон. н.Т шүүгч энэ асуудлаар Б.И-аа гээд надад хандаж хэлсэн үг өгүүлбэр байхгүй. Миний хувьд тэр хоёрын ярианаас л ийм зүйл ойлгосон...” гэж мэдүүлгүүд өгчээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 69-74 тал/

Мөн гэрч З.Т нь “туслах Г.Д-г дагуулаад шүүгч н.Т-ын өрөөнд ороод алдаа гараагүй байна гэдгээ хэлсэн” гэж мэдүүлсэн бол түүний туслах Г.Д гэрчийн мэдүүлэгтээ энэ талаар яриагүй, харин гэрч Б.И “би Н.Т шүүгчийн өрөөнд ороход З.Т шүүгч байсан. Тэр хоёр Х.Б нарын хэргийг шийдвэрлэсэн тогтоолыг үзээд сууж байсан” гэх зөрүүтэй мэдүүлэг өгсөн байгааг дурдах нь зүйтэй. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 60-63, 72-74, 153-156 тал/

Дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байх боловч сахилгын хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/..0 дугаар шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаар Х.Б, С.М нарыг гэм буруутайд тооцож, 2 дахь заалтаар Х.Б-д 5 жилийн хугацаагаар хорих ял, С.М-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан буюу тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтууд зөрүүгүй байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 198-224 тал/

Түүнчлэн гар утсаар ярьсан гэх 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө шүүгч З.Т нь шүүгдэгч Х.Б, С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж дууссан, тухайн хэрэг давж заалдах шатны шүүхэд хүргэгдсэн байсан, шүүгч н.Т тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ямар нэгэн байдлаар оролцоогүй.

Иймд холбогдох шүүгч Ц.Амаржаргалыг гар утсаар ярихдаа “...гурвуулаа байж мангар юм уу? Тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг зөрүүтэй байна” гэж ярьсан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

 

2.2. Шүүгч н.Т нь шүүгч Ц.Амаржаргалыг “...одоо энэ шийтгэх тогтоол чинь хүчингүй болно шүү дээ гэж хэлсэн” гэх мэдээллийг Сахилгын хороонд ирүүлсэн.

Гэтэл шүүгч З.Т “...Ц.Амаржаргал шүүгч надтай ярихдаа “энэ тогтоол чинь хүчингүй болно шүү” гэж хэлээгүй, намайг хариу хэлэхэд “аан за за” гэж хэлж байсан. н.Т шүүгч надад “...Ц.Амаржаргал шүүгч энэ тогтоол чинь хүчингүй болно гэж байна” гэж огт хэлээгүй...” гэж, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 57-63 тал/

шүүгчийн туслах Г.Д “...хэн ярьсныг би мэдэхгүй, надад нэр ус хэлснийг мэдэхгүй, хэлснийг нь би анзаараагүй, мөн санахгүй ч байж магадгүй...” гэж, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 150-156 тал/

шүүгч Б.И “...н.Т шүүгч надад хандаж “Ц.Амаржаргал шүүгч энэ шийтгэх тогтоол чинь хүчингүй болно гэж хэллээ” гэж хэлээгүй...” гэж тус тус мэдүүлсэн байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 69-74 тал/

Харин давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд 2022/ДШМ/..1 дүгээр магадлалд “...хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч С.М, Х.Б  нар нь ...иргэн Н.Н дээр очиж, ...С.М хохирогчтой хүчээр бэлгийн харьцаанд орж..., Х.Б хохирогчтой хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэж байснаа ...больсноос харахад гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч Х.Б-ийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу энэ шинжээрээ гэмт хэрэг үйлдэхээр завдсан байж болзошгүй байдлыг орхигдуулсан,...” гэж дүгнэснээс үзвэл холбогдох шүүгч Ц.Амаржаргал, шүүгч З.Т-тэй гар утсаар ярихдаа “С.М-ыг ...суманд хохирогч Н.Н-ыг хүчиндсэн байхад гэм буруутайд тооцоогүй байна” гэж хэлсэн байх боломжтой.

Хэдийгээр шүүгч гар утсаар ярьсан гэх үйл баримт тогтоогдож байх боловч юу гэж хэлж, ярьсан нь баримтаар нотлогдохгүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтад “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх”, 50.1.7 дахь заалтад заасан “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх” гэж заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна. 

 

3. Шүүгч н.Т мэдээлэлдээ “...Х.Б, С.М нарт холбогдох хэрийг анхан шатны шүүх 3 удаа шийдвэрлэхдээ шийтгэх тогтоол гаргаж байсан, харин давж заалдах шатны шүүх 3 удаа хянахдаа шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь тухайн хэрэгт зарим шүүгч, тухайлбал шүүгч Ц.Амаржаргалын хувийн сонирхол байсан гэж хардах үндэслэлтэй. Учир нь давж заалдах шатны шүүх 3 удаа шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсний дараа уг хэрэгт шүүгч Ц.Амаржаргалын нөхөр өмгөөлөгч А.М ажиллаж эхэлсэн... С.М-ын эхнэр Д.А-ийн төрсөн ах Д.Э нь Улсын ерөнхий прокурорын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, прокурор бөгөөд шүүгч Ц.Амаржаргал, прокурор Д.Э нар нь ...аймгийн буюу нэг нутгийнх гэдгийг найз нөхдийн холбоотой” гэсэн. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 1-3 тал/

Холбогдох шүүгч Ц.Амаржаргал нь “...Бид улсад олон жил ажиллахдаа ажил, амьдралаа ялгаж зааглаж сурсан хүмүүс. Хэргийн шийдвэрлэлт удааширч байгаа нь миний нөхрөөс шалтгаалаагүй,... Хэрэг яагаад өдий болтол шийдвэрлэгдэхгүй байгаа нь тухайн шүүхийн дотоод асуудал, процесс ажиллагаа гэж ойлгож байна. Түүнчлэн ...шүүгч н.Т сахилгын хэрэгт шалгагдаж байгаа асуудалдаа нөхөр бид хоёрыг хардаж, дээрх байдлаар гүтгэж байна гэж үзэж байна. Миний бие Д.Э-тэй нэг нутаг усных болохоор энэ утгаараа найз нөхөд гэсэн үг биш юм. Би түүнтэй ямар ч найз нөхдийн холбоогүй, ...аймгийн хүүхэд гэдгийг мэдэхээс өөр зүйл мэдэхгүй юм. Мөн прокурор Д.Э-ийг хэргийн холбогдогч С.М-ын эхнэр Д.А-ийн төрсөн ах гэдгийг саяхныг хүртэл би мэдээгүй байсан...” гэх тайлбарыг өгчээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 12-13 тал/

Харин гэрч өмгөөлөгч А.М “Х.Б, С.М нарт холбогдох эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2024 оны 3 дугаар сараас эхлэн... хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл... ажиллагаанд оролцож байгаа... надад гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй, үйлчлүүлэгчийн хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ байгуулдаг. Үйлчлүүлэгч намайг сонгож авах болсон үндэслэлээ Дарханд байгаа бүх л өмгөөлөгч энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцоод аль аль талаасаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон, ингээд өөр сонголт байхгүй болсон гээд намайг сонгосон гэж ойлгосон...” гэсэн, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 79-85 тал/

гэрч прокурор Д.Э: “...1995-2000 он хүртэл ...аймгийн Прокурорын газарт хамт ажиллаж байсан... би 2000 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн, үүнээс хойш хамт ажиллаж байгаагүй. Хамгийн сүүлд хэзээ таарсан гэдгээ санахгүй байна. Миний төрсөн дүү Д.А нь нөхрөө нас барсны дараа С.М-тай нэг гэрт ороод хамт амьдарч байгаа. С.М-тай цагаан сар баяр ёслолын үеэр аавындаа 1-2 улаа тааралдсан. Өөрөөр ямар нэгэн холбоо байхгүй. Хэрэгт холбогдсон гэдгийг нь ээж, ааваасаа сонссон. Харин шүүхээр удаа дараа шийдвэрлэгдэж байгаа эсэхийг сонирхоогүй, хэн нэгнээс асуугаагүй. Хэргийнх нь талаар шүүгч Ц.Амаржаргалтай ярьж байсан тохиолдол байхгүй, хэргийг нь ч мэдэхгүй” гэж тус тус мэдүүлсэн байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 92-96 тал/

Мөн шалгах ажиллагааны явцад гэрч З.Т “...Ц.Амаржаргал шүүгч өөр хэргийн талаар надтай урьд өмнө ингэж ярьж байгаагүй. Энэ асуудлаас өмнө ч дараа ч ийм зүйл огт ярьж байгаагүй... Ц.Амаржаргал шүүгч өөрийнхөө шийдвэрлэх гэж байгаа хэргийн талаар, мөн гарах шийдвэрийн талаар анхан шатны шүүгч нарт ярьж байгаагүй, хэнээс ч тийм юм сонсож байгаагүй” гэх, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 57-63 тал/

гэрч Б.Г “шүүгч Ц.Амаржаргал болон бусад хэн нэгэн этгээдээс энэ хэрэгт нөлөөлсөн явдал огт байхгүй. Шүүгч Ц.Амаржаргалын нөхөр өмгөөлөгч А.М-ын зүгээс надад нөлөөлж буй ямар нэгэн үйлдэл гаргаагүй. А.М өмгөөлөгч тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2024 оны 01 дүгээр сараас хойш оролцож байгаа.... Мөн шүүгч Ц.Амаржаргал Х.Б, С.М нарт холбогдох хэргийн талаар надад огт ярьж байгаагүй, анхан шатны шүүгч нарт юу ярьж байсан талаар би огт сонсоогүй, миний шийдвэрлэсэн өөр хэргийн талаар эсвэл шийдвэрийн талаар ярьсан зүйл огт байхгүй” гэх, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 51-56 тал/

гэрч Н.И “шүүгч Ц.Амаржаргалаас болон бусад хэн нэгэн этгээдээс С.М нарт холбогдох хэргийг шийдвэрлэхэд нөлөөлсөн явдал байхгүй... Миний бүрэлдэхүүнд оролцож шийдвэрлэсэн хэрэгт өмгөөлөгч А.М оролцоогүй, харин давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгоод ирсний дараа өмгөөлөгчөөр орж ирсэн санагдаж байна. Хувь өмгөөлөгчийн зүгээс надад нөлөөлж буй ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Шүүгчийн нөхөр хувь өмгөөлөгчийн зүгээс надад нөлөөлж буй ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Намайг тус хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхээс өмнө Ц.Амаржаргал шүүгч энэ хэргийн талаар огт ярьж байгаагүй, мөн хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх үед ч надад огт юм яриагүй. Анхан шатны шүүхийн бусад шүүгч нарт ямар нэгэн юм хэлсэн эсэх талаар мэдэхгүй. Мөн шүүгч Ц.Амаржаргал өөр хэргийн талаар эсхүл гарах шийдвэрийн талаар ярьж байсан зүйл байхгүй” гэх, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 64-68 тал/

гэрч Б.И “Ц.Амаржаргал шүүгч миний шийдвэрлэсэн хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх үед тухайн хэргийн талаар, мөн гарах шийдвэрийн талаар давж заалдах шатны аль ч шүүгч ярьж байгаагүй” гэх, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 69-74 тал/

гэрч Б.М “Х.Б, С.М нарт холбогдох ганц энэ хэрэг дээр биш бусад хэрэг дээр шүүгч Ц.Амаржаргал болон бусад хэн нэгэн этгээд надад нөлөөлж байсан явдал огт байхгүй. Хэрвээ надад нөлөөлж байсан бол нөлөөллийн мэдүүлэг бичих ёстой” гэх мэдүүлгүүдийг тус тус өгчээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 75-78 тал/

Түүнчлэн шүүгдэгч Х.Б, С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 3 удаа хүчингүй болгон шийдвэрлэж байжээ. Эдгээр шүүх хуралдаануудад шүүгч Ц.Амаржаргал нь:

  • 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаануудыг даргалсан байх ба шүүх бүрэлдэхүүн хэргийг бүхэлд нь хянан үзжээ. Анхан шатны шүүхийн 2021 оны 33 дугаар шийтгэх тогтоолоор С.М-т холбогдох яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Х.Б-ийг гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/..4 дүгээр магадлалаар “прокурор Б.С хэргийг прокурорт буцааж өгнө үү гэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн 1.3, 33.3 дугаар зүйлийн 1, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан тохиолдолд хэргийг прокурорт буцаахаар заасан байх тул дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр...” эрүүгийн хэргийг прокурорт буцаасан. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 16-20 тал/
  • 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд илтгэгч шүүгчээр оролцсон байх ба шүүх бүрэлдэхүүн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхээс Х.Б, С.М нарыг гэм буруутайд тооцож, Х.Б-д 5 жилийн хугацаагаар хорих ял, С.М-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхийн 2022/ДШМ/..1 дүгээр магадлалаар “...хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч С.М, Х.Б  нар нь хамт 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр...машинтайгаа явж байхдаа хөдөө хээр хонио хариулж явсан иргэн Н.Н дээр очиж, ...С.М хохирогчтой хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэхэд Х.Б харсаар байж таслан зогсоогоогүй, ...Х.Б хохирогчтой хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэж байснаа ...больсноос харахад гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч Х.Б-ийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу энэ шинжээрээ гэмт хэрэг үйлдэхээр завдсан байж болзошгүй байдлыг орхигдуулсан,...” гэж үзээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан, /с.х-ийн 1 дүгээр хавтасны 21-31 тал/
  • 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаануудыг даргалсан ба шүүх бүрэлдэхүүн хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн 2023 оны 323 дугаар шийтгэх тогтоолоор Х.Б, С.М нарыг гэм буруутайд тооцож, Х.Б-ийг 7 жил 6 сарын хугацаагаар, С.М-ыг 12 жилийн хугацаагаар  тус тус нээлттэй хорих ангид хорих ял эдлүүлэхээр шийтгэснийг давж заалдах шатны шүүхийн 2023/ДШМ/..9 дүгээр магадлалаар "...анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн үйлдэлд эрүүгийн хариуцлага тооцсон эсэх талаар дүгнэлт өгч, шийдвэр гаргаагүй; шүүгдэгч нар иргэн Г.О-ын ...үхрийг хулгайлахдаа машин механизм ашигласан нь тогтоогдсон байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглээгүй, хохирогч Н.Н байр түрээсэлсэн төлбөрийг шүүгдэгч С.М-аас гаргуулсан нь ойлгомжгүй, мөн хэргийг мөрдөн шалгах явцад зарим шүүгдэгчийн үйлдэл холбогдлыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон,...2022 оны 2022/ДШМ/..1 дүгээр магадлалын заалтыг биелүүлээгүй..” гэж үзээд анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэхэд оролцсон байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 32-49 тал/

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр, гэмт хэрэг үйлдэхээр завдсан байж болзошгүй байдлыг орхигдуулсан, 2022 оны 2022/ДШМ/..1 дүгээр магадлалын заалтыг биелүүлээгүй зэрэг үндэслэлүүдээр хэргийг анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байх ба давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхын саналаар шийдвэр гаргана” гэж зааснаар 3 шүүгчийн бүрэлдэхүүний олонхын саналаар гарсан шийдвэр тул шүүгч Ц.Амаржаргалыг ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэж үзэх боломжгүй тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэх зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Иймд илтгэгч гишүүний “...шүүгч Ц.Амаржаргал, прокурор Д.Э нар нь ...аймгийнх буюу нэг нутгийнх гэдгээр найз нөхдийн холбоотой, ... давж заалдах шатны шүүх 3 удаа хянахдаа шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж байсан нь тухайн хэрэгт зарим шүүгч тухайлбал шүүгчийг хувийн сонирхолтой байсан... гэх гомдол үндэслэлгүй” гэсэн саналыг бүрэлдэхүүн хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Ц.Амаржаргал нь Монгол Улсын шүүхийн тухай 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.4, 50.1.7 дахь заалтуудад заасан шүүгчид хориглосон зохицуулалтуудыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт баримтаар тогтоогдоогүй тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ГС/2026/...5 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргалд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон мэдээлэл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

 

            3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

            4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                     Д.ЭРДЭНЭЧУЛУУН

 

                                    ГИШҮҮН                                          Ц.ДАВХАРБАЯР

 

                                                                                                Б.СУГАР