
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2026-04-02
Дугаар 11
Улаанбаатар хот
Сахилгын шийтгэл оногдуулсан
магадлалын тухай
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б, шүүгч Ц.Амаржаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СХМ/2026/...6 дугаар магадлалыг холбогдох шүүгч Ц.Амаржаргал эс зөвшөөрч гомдол гаргасныг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
А.Б...-ээс Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, тус аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч Ө.Мөнх Эрдэнэ, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуяа нарт холбогдуулан гаргасан өргөдөл болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06/...6 дугаар албан бичгээр шүүгч Ц.Амаржаргалд холбогдуулан гаргасан мэдээллийг тус тус хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ГЗҮ/2025/...4 дүгээр гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ГНД/2025/...5 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт гаргасан байна.
Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СХМ/2026/...6 дугаар магадлалаар дээрх нотлох дүгнэлтийг хэлэлцээд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22, 57 дугаар зүйлийн 57.1.5-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргалд “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.
Холбогдох шүүгч Ц.Амаржаргалд магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо: “...Миний бие 2024.03.01-ний өдрийн тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдсон.
Ингээд шүүгчдийн зөвлөгөөнийг зарлан хуралдуулж, “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам” хэлэлцэн баталж, уг журмын хавсралтаар адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд томилолтоор ажиллах шүүгчийг сугалаагаар:
1. 3.Т...
2. Ц.Амаржаргал
3. Б.М... гэсэн дарааллаар томилохоор тогтоосон.
2024 оны 03 сарын 01-ээс хойш болон 2025 онд адил шатны өөр шүүхэд шүүгч томилогдон ажиллахад журам зөрчигдөөгүй гэж үзэж байна.
Мэдээлэл гаргагчаас ирүүлсэн хүснэгтээс харахад өөр шүүхэд ажилласан он, сар, өдрүүд нь дээр доороо орж бичигдсэнээс уншигчид эргэлзээтэй байдал үүсгэсэн, мөн зарим хуралдааны тов бүрэн авагдаагүй байсан.
Магадлалын “Үндэслэх нь” хэсгээс харахад намайг 7 удаагийн шүүх хуралдааны дараалал зөрчсөн гэж буруутгасан байна. Үүнд дараах тайлбарыг гаргаж байна.
1.Дүгнэлтийн 1 дэх хэсэгт тайлбар гаргах нь: Төв аймгийн 2024.03.11-ний өдөр товлогдсон эрүүгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд дарааллын дагуу Б.М... шүүгч биш, харин Ц.Амаржаргал миний бие оролцох байсан. Урдах хуралд нь 3.Т... шүүгч оролцоод 1 хурал нь хойшилсон байсан. Гэтэл дахин бүрэлдэхүүн шүүгч хүсэхэд 3.Т... шүүгчийн хурал хойшилсон учраас дахин өөр шүүгч явж байснаас хойшлогдсон хуралдаа орох шүүгчээ оролцуулахаар 3.Т... шүүгчийн өөрийнх нь зөвшөөрснөөр томилсон /шүүхийн төсөв хүндрэлтэй байгааг бодож томилолтын болон буудлын мөнгө хэмнэх үүднээс 1 шүүгч явсан/
Ийм байдал бүх л шүүхүүдэд байдаг.
2.Дүгнэлтийн 2 дахь хэсэгт тайлбар гаргах нь: Дээрх хурлын дараа Сэлэнгэ аймгийн 2024.03.12-ны өдрийн С.Б... нарт холбогдох эрүүгийн давах хуралд дараалал ёсоор Ц.Амаржаргал оролцсоны дараа дарааллын дагуу 2024.05.14-ний өдөр Г.Б... нарт холбогдох хэрэгт Б.М... шүүгч оролцсон нь зөв, дараалал зөрчөөгүй байна. /3.Т... шүүгч оролцох дараалал биш/
3.Дүгнэлтийн 3 дахь хэсэгт тайлбар гаргах нь: Сэлэнгэ аймгийн 2024.06.04- ний өдрийн 5 хуралд Б.М... шүүгч биш, шүүгч 3.Т... оролцох дараалалтай байсан тул нэрийг нь хүргүүлсэн. Гэтэл шүүгдэгч Г.У-д холбогдох хэргийг шүүгч 3.Т...-тэй хамаарал бүхий /Т... шүүгч өөрөө энэ талаар тайлбар өгсөн, мөн Сэлэнгийн давахын шүүгч нар мэдэж байгаа/ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүгч Г.А... шийдвэрлэсэн байсан тул зөвхөн энэ хэрэгт шүүгч 3.Т... оролцох боломжгүй болж энэ хурал хойшлогдсон. Ингээд Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхээс дахин шүүгч томилуулах хүсэлт ирсний дагуу шүүгч Ц.Амаржаргал би дарааллын дагуу өөрийн нэрийг явуулсан. Ингээд 2024.05.31-ний өдрийн УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний томилгоогоор уг хэрэгт оролцох байсан. Гэтэл миний бие 2024.06.10-ны өдрөөс эхлэн 2024.06.15 хүртэлх хугацаанд БНТурк улс руу шүүгчдийн сургалтад явах болж 2024.06.07-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөний 2024/ШЗТ/18 дугаар тогтоолоор чөлөө авсан тул оролцох боломжгүй болж шүүгч Б.М... дарааллын дагуу томилогдон оролцсон.
Эдгээрийг нотлох баримтыг урьд тайлбар гаргахдаа гаргаж өгсөн. /Г.У-д холбогдох давж заалдах шатны шүүхийн магадлал, Зөвлөгөөний тогтоол, чөлөө олгосон баримтууд/
4. Дүгнэлтийн 4 дэх хэсэгт тайлбар гаргах нь: Сэлэнгэ аймгийн 2024 оны 06 сарын 18-ны өдөр товлогдсон 5 хэрэгт дарааллын дагуу шүүгч 3.Т..., мөн дараагийн шүүгч миний бие хамт явж үдээс өмнө, үдээс хойш 2 хуваагдан оролцсон нь дараалал зөрчөөгүй. Энэ талаар урдах хуралдаанд шалтгааныг тайлбарлан хэлсэн.
5. Дүгнэлтийн 5 дахь хэсэгт тайлбар гаргах нь: Сэлэнгэ аймгийн 2024 оны 06 сарын 27-ны өдөр 5 хэрэг товлогдсон бөгөөд үдээс өмнөх 2 хуралд миний бие, үдээс хойших 3 хуралд шүүгч Б.М... шүүгч томилогдон оролцсон. Дарааллын дагуу шүүгч Б.М... оролцсон нь зөв бөгөөд миний бие урьд хойшилсон хуралдаа оролцсон байна. /Ц.З...-д холбогдох хэрэг/ Үдээс өмнө, үдээс хойш 2 хуваагдан оролцсон нь дараалал зөрчөөгүй. Энэ талаар мөн урдах хуралдаанд шалтгааныг тайлбарлан хэлсэн.
6. Дүгнэлтийн 6 дахь хэсэгт тайлбар гаргах нь: Сэлэнгэ аймгийн 2024 оны 06 сарын 27-ны өдөр товлогдсон И.А..., Б.Л... нарт холбогдох хэргийн шүүх хуралд шүүгч Б.М... томилогдон оролцсон боловч хойшилж, 2024.09.03-нд товлогдсон байна.
Мөн миний бие урьд 2024 оны 06 сарын 27-ны өдөр товлогдсон Ч.Б..., Ц.Г... нарт холбогдох хэрэгт оролцсон боловч хойшилж 2024.09.03-ны энэ өдрийн эхний хурлаар товлогдон, хойшилсон энэ хуралдаа очиж орох ёстой тул очиж оролцсон.
Гэтэл мөн өдөр товлогдон хойшлогдсон байсан И.А..., Б.Л... нарт холбогдох хэрэгт мөн Сэлэнгийн давж заалдах шатны шүүхээс дахин шүүгч оролцуулах хүсэлт, албан бичиг ирүүлсний дагуу УДШ-ийн Эрүүгийн танхимын тэргүүний захирамжаар энэ хэрэгт томилогдон оролцсон.
Тус шүүх хуралдаанд шүүгч Б.М... оролцох байсан боловч утас нь холбогдохгүй, яасан нь мэдэгдэхгүй байна гэж Сэлэнгийн давахын шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчээс надад хэлсэн ба би ч Б.М... шүүгчтэй холбогдох гээд чадаагүй.
Б.М... шүүгч энэ хурал нь хойшлогдсоноо өөрөө сайн мэдэж байсан бөгөөд хуралдаа ирж оролцох ёстой байсан. Хурал товлохдоо хэргийн оролцогчийг чирэгдүүлэхгүй байх, тухайн үед хурал товлох боломжтой эсэхээ тооцоолж, боломжит хугацаагаа мэдэрч товлох ёстой.
Шүүгч Б.М... ээлжийн амралттай байсан тул энэ хуралд орох байснаа мартсан байсан байх гэж би бодсон.
Шүүгчээс болж шүүх хуралдаан хойшлох нь шүүхийн нэр хүндэд муугаар нөлөөлөхөөс гадна хэргийн оролцогчдыг чирэгдүүлэх, хэргийн хугацаа хэтрэх гэх мэт хүндрэлтэй асуудал үүсэхээс гадна хамт ажилладаг шүүгчээ хамгаалаад шүүгч нь хуралдаа ирээгүй гэх шүүмжлэл гаргахаас сэргийлж эдгээр байдлыг харгалзаад тухайн шүүхээс нь хүсэлт ирсэн тул хуулийн дагуу томилогдон оролцсон. Би өөрийн хамт ажилладаг шүүгчээ “товлосон хуралдаа ирээгүй, өөрөө хариуцлагаа хүлээнэ биз” гэсэн байдлаар хандаж чадаагүй, тийм хүн чанаргүй үйлдэл гаргахыг хүсээгүй, нэг ч гэсэн хэрэг шийдвэрлэх, хүн чирэгдүүлэхгүй байх, шүүгчийн хүрэлцээгүй байдал, шүүхийн нэр хүндээ бодсон явдал байсан.
Түүнээс биш би энэ хэрэгт ямар ч хувийн сонирхолгүй, ямар ч хамааралгүй гэдгээ баталж байна.
Иймд яагаад уг хуралд шүүгч дахин оролцуулах хүсэлт ирүүлсэн талаар Ерөнхий шүүгч Г.Д... болон бүрэлдэхүүний шүүгч Б.Э... нараас гэрчийн мэдүүлэг авч өгнө үү гэсэн хүсэлт урьд гаргасныг хүлээж аваагүй, энэ талаар ажиллагаа явуулаагүйд гомдолтой байна.
7. Дүгнэлтийн 7 дахь хэсэгт тайлбар гаргах нь:
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.11- ний өдөр шинээр товлогдсон 5 хэргийн бүрэлдэхүүнд шүүгч оролцуулах хүсэлт ирүүлэхэд дарааллын дагуу 3.Т... шүүгч оролцох байсан боловч шүүгч Ц.Амаржаргал оролцсон байна гэжээ.
2024 оны шүүгч, ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийн дагуу шүүгч Б.М... 2024.08.19-өөс 2024.10.14 хүртэл, 3.Т... 2024.08.05-аас 2024.09.11-ний өдөр хүртэл ээлжийн амралттай байсан болох нь тогтоогдож байгаа /амралтын хуваарь хэрэгт байгаа/ тул миний бие мөн хуульд заасан журмаар томилогдон оролцсон нь журам зөрчөөгүй гэж үзэж байна.
Миний бие 2024.09.03-ны өдөр Сэлэнгэ аймагт хойшилсон хуралд орохоо мэдэж байсан тул ээлжийн амралтаа бүрэн эдлэхгүйгээр, түүнчлэн Ерөнхий шүүгчийн хувиар нөгөө 2 шүүгч амарсан байсан, намайг орлох шүүгч байхгүй байсан тул 2024.08.30-ны өдрөөс ажилдаа орж ажиллаад 2024.10.21-ээс 2024.11.20 хүртэл ээлжийн амралтын дутуу хоногоо эдлэхээр амарсан, энэ талаар 2024 оны 10 сарын 18-ны өдрийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгчийг томилох тухай №...3 дугаар ерөнхий шүүгчийн захирамж гарсан нь хэрэгт авагдсан.
Адил шатны өөр шүүхийн эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцох аль ч эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар нь Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүний томилгоогоор шүүх хуралдаанд оролцдог. Миний бие болон манай 2 шүүгч ийм л байдлаар бүх хуралдаанд хуулийн дагуу оролцсон.
Гэтэл сахилгын хэрэгт миний оролцсон болон намайг журам зөрчиж шүүгч нарыг томилуулсан гэх хэргүүдэд УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний нэг ч захирамжийг хэрэгт хуулбарлан аваагүй, нэг ч ийм баримт байхгүй, энэ талаар ажиллагаа хийгээгүй, шалгаагүй атлаа намайг шууд буруутгаж байгааг зөвшөөрөхгүй байна.
Танхимын тэргүүн томилоогүй тохиолдолд шүүгч бид ямар ч хуралд оролцохгүй.
Мөн дээрх хэргүүдэд оролцсоноор хууль бус томилгоогоор оролцсон гэх талаар хэргийн оролцогчдоос гомдол гараагүй, улмаар оролцсон хэргүүдийн магадлал ийм үндэслэлээр Улсын дээд шүүхээс хүчингүй болсон тохиолдол байхгүй юм.
Би санаатайгаар журам зөрчөөгүй гэж үзэж байна. “Санаатай зөрчих” гэдгийг тухайн хэрэгт ямар нэгэн хувийн сонирхолтой байх, зориудаар, тодорхой санаа сэдэлт, зорилготой хийж буй үйлдэл гэж ойлгож байна.
Түүнчлэн шалгах ажиллагааны явцад мэдээлэл гаргагч нь тодорхойгүй болох нь тогтоогдсон байхад надад сахилгын хэрэг үүсгэж арга хэмжээ авсанд гомдолтой байна.
Би хоёргүй сэтгэлээр өөрийн сонгосон дуртай мэргэжлээрээ, шүүгчийн ёс зүйг ажил, амьдралдаа алхам тутамдаа баримталж ажилласаар ирсэн.
Иймд сахилгын шийтгэл оногдуулсан магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Холбогдох шүүгч Ц.Амаржаргалын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүгч Ц.Амаржаргалаас 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн сахилгын хорооны хянан үзэх хуралдаанд “...шалгах ажиллагааны явцад А.Б... гэх хүн бодитой хүн эсэх нь нотлогдоогүй ... мэдээлэл гаргагч нь тодорхойгүй бол сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалт байсан...” гэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах үндэслэлийг заасан ба мөн зүйлийн 104.1.3-д “өргөдөл, мэдээлэл гаргасан этгээд тодорхойгүй” гэсэн нь сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.
Мөн мэдээлэл гаргагч А.Б... гэх хүн тодорхойгүй боловч Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06/...6 тоот албан бичгээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргалд холбогдуулан ижил агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэг. Холбогдох шүүгч нар сахилгын зөрчил гаргасан эсэх талаар:
1.1. Шүүгч Ө.Мөнх-Эрдэнийн тухайд;
Мэдээлэлд “... Орхон аймгийн шүүхийн ойд зориулсан тэмцээнээс буцах замдаа архи ууж согтуурсан үедээ хамт нэг машинд сууж явсан ажилчдыг ялгаварлан доромжилж, хөөрхөн муухайгаар нь дуудаж, хамт нэг машинд явсан хүмүүсийг эвгүй байдалд оруулж, шүүгч хүнд баймгүй муухай авир гаргасан” гэсэн байна.
Орхон аймгийн шүүхийн 50 жилийн ойн хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдрүүдэд бүсийн шүүхүүдийн дунд спортын тэмцээн зохион байгуулагдаж, тус тэмцээнд Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгч, захиргааны ажилчид оролцжээ.
Уг тэмцээнд оролцоод буцахад шүүгч Ө.Мөнх-Эрдэнийн хувийн машинд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А..., М.Ж..., Б.О..., С... нар сууж явсан талаар холбогдох шүүгч болон гэрч нар мэдүүлсэн байх ба тэдгээрийн мэдүүлгээр хамт машинд сууж явсан хүмүүсийг доромжилж, эвгүй байдалд оруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Иймд холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдохгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны магадлал үндэслэл бүхий болжээ.
1.2. Шүүгч Г.Мягмарсүрэн, Д.Нарантуяа, Ө.Мөнх-Эрдэнэ нарын тухайд;
Мэдээлэлд “...2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дархан хайрханы тахилга болоход шүүгч Нарантуяа, Мөнх-Эрдэнэ, Мягмарсүрэн болон бусад шүүгч нараар толгойлуулсан нэр бүхий шүүгч, ажилтнууд ажил тасалж, тахилгад оролцсон. Жирийн захиргаа болон үйлчилгээний ажилтнууд ингэж явбал ажил тасалсанд тооцогдож, арга хэмжээ авагдах нь ойлгомжтой” гэж дурджээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн, Д.Нарантуяа Ө.Мөнх-Эрдэнэ нар нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагаас 15 цагийн хооронд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт оршдог Дархан хайрхны тахилгад оролцсон болохыг үгүйсгээгүй.
Шүүгч Д.Нарантуяа нь тус өдрийн 09 цаг 00 минутад урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийсэн байх ба тахилгад оролцсоноос бусад хугацаанд холбогдох шүүгч нар ажилдаа ирсэн болох нь цагийн бүртгэлийн дэлгэрэнгүй бүртгэлд тэмдэглэгдсэн байна.
Тиймээс холбогдох шүүгч нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.24-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан ажлаа удаа дараа таслах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй гэсэн илтгэгч гишүүний санал, Сахилгын хорооны магадлалын үндэслэлийг буруутгахгүй.
1.3. Шүүгч Д.Алтантуяагийн тухайд;
Мэдээлэлд “... шүүгч Д.Алтантуяа нь 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр анхан шатны шүүхийн шүүгч нараа бүгдийг нь дагуулж, Зулзагын гол явж архидан ажил тасалсан. Албан бус ажил учир авч явах жолооч олдохгүй байхад хэлтсийн даргаа дарамтлан албаны машин унаж явж, архидан согтуурах ажлыг удирдан зохион байгуулсан...” гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч, захиргааны ажилчид Зулзагын гол гэх газар луу 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр салхинд гарч өдөртөө ирсэн маргаагүй. Харин шүүгч Д.Алтантуяа, тус шүүхийн Тамгын газрын дарга З.Б..., хэлтсийн дарга Х.Н..., жолооч Ж.Б... нарын мэдүүлгээр ““хэлтсийн даргаа дарамтлан албаны машин унаж явж, архидан согтуурах ажлыг удирдан зохион байгуулсан” гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Мөн шүүгч Д.Алтантуяа нь тухайн өдөр ажилдаа ирсэн төлөвтэй байх ба эрүүгийн болон зөрчлийн 7, иргэний 7, захиргааны 1 шүүх хуралдааныг тус тус товлон зарлажээ.
Иймд холбогдох шүүгч нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.24-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан ажлаа удаа дараа таслах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
1.4. Шүүгч Ц.Амаржаргалын тухайд;
1.4.1. Мэдээлэлд холбогдох шүүгчийг “Сэлэнгэ аймагт томилолтоор явахдаа хоноогүй байж, хоносон мэтээр баримт бүрдүүлж өгсөн, ичсэндээ тэр баримтаа буцааж авсан ...” гэж дурджээ.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2... дугаар албан бичгээр тус шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр товлогдсон 2 зөрчлийн хэрэг, 9 эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч томилуулахаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүссэний дагуу шүүгч Ц.Амаржаргал шүүх бүрэлдэхүүнд оролцох талаар 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2... дүгээр албан бичгийг хүргүүлжээ.
Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2... дугаар албан бичгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 7-д “... аймаг, нийслэлийн шүүх тодорхой эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон бол ... аймаг, нийслэлийн шүүхийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүний шийдвэрээр шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмыг баримтлан томилно” гэж заасны дагуу шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг томилуулахаар Улсын дээд шүүхэд хүргүүлснээр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зөрчил болон эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч Ц.Амаржаргал оролцсон байна.
Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 1... дугаартай, Сэлэнгэ аймагт 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийг дуустал 2 хоногийн хугацаатай албан томилолтын үнэмлэхийг олгон, удирдамжийг баталсан байна. Үүний дагуу шүүгч Ц.Амаржаргалаас албан томилолтын зардал олгохыг хүссэн өргөдлийг N... зочид буудлын тооцооны хуудасны хамт гаргасны дагуу цохолт хийгдэж, 11 дүгээр сарын 27-ны өдөр 170,000 төгрөг олгох тооцоог 12 дугаар сарын 09-ний өдөр гаргажээ.
Энэ талаар шүүгч Ц.Амаржаргалаас “...Сэлэнгэд томилолтоор ажиллахдаа хонодоггүй, өдөртөө буцаад ирдэг. Харин нэг удаа Сэлэнгэд буудалд хоносон тохиолдол байгаа. Н... билүү, н... гэх нэртэй буудал байсан байх. Үүнийг жолооч нотолно...” гэх тайлбарыг гаргажээ,
Жолооч Ж.Б...-аас “...Ер нь бол 7 хоногт 2-3 удаа явдаг. Нэг удаа хоносон тохиолдол байгаа. Доороо CU дэлгүүртэй буудал байсан. Хуралдааны өмнөх өдөр нь хэргээ уншина гэж очиж хоноод маргааш нь хуралдаа орсон. Н... байх, тийм нэртэй буудал байсан ... Ганц удаа л Сэлэнгэд хоносон, тэрийгээ бүрдүүлж өгсөн. Өөрөөр хоноогүй, өдөртөө буцаад ирдэг. Хонохдоо буудлын нэртэй цаасан баримт авч, Сэлэнгийн шүүхэд өгсөн. Шүүгч Ц.Амаржаргал буудлын тооцоог хийсэн. Эхлээд тооцоогоо хийчхээд дараа нь баримтаа Сэлэнгийн шүүхэд өгөхөөр мөнгө нь дансанд орж ирдэг. Миний дансанд буудлын болон хоолны зардал орж ирсэн...” гэж мэдүүлсэн байх ба түүний “Хас банк”-ны дансанд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Шүүх томилолт 12-р сар бүрэлдэхүүн” гэсэн гүйлгээний утгатай 210,000 төгрөгийн орлого орсон баримт сахилгын хэрэгт авагджээ.
Дээрхээс үзвэл, холбогдох шүүгч нь шүүн таслах ажлаар Сэлэнгэ аймагт ажиллаж, баримтаа бүрдүүлэн, албан томилолтын зардлыг авсан байх тул мэдээлэлд дурдсан “... Сэлэнгэ аймагт хоноогүй атлаа буудалд хоносон мэтээр баримт бүрдүүлж өгч, улмаар Сэлэнгэ аймгийн шүүхийнхэн гайхаж, ичсэндээ тэр баримтаа буцааж авсан ...” гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн байранд хүн шалган нэвтрүүлсэн 2024-2025 оны бүртгэлийн дэвтэрт, өмгөөлөгч А.М... нь шүүх хуралдаанд оролцохоор 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 09 цаг 50 минутад орсон, 04 дүгээр сарын 26-ны өдөр 12 цаг 50 минутад орж, 14 цаг 10 минутад гарсан, 11 дүгээр сарын 14-ний өдөр 09 цаг 40 минутад орж, 10 цаг 25 минутад гарсан, 12 дугаар сарын 19-ний өдөр 09 цаг 05 минутад орж, 17 цаг 00 минутад гарсан нь бүртгэгдсэн бол 2025 онд нэвтэрсэн гэх бүртгэл бүртгэгдээгүй байна.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.М..., З.Т... гэсэн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг ба шүүгч Б.М...аас “...Би эхнэр нь болох шүүгч Ц.Амаржаргалыг томилгоотой холбоотой асуудлаар судалсан, юм ярьсан болохоор намайг ингэж байгаа юм байх даа гэж л бодсон. Нэг удаа коридорт манай өрөө лүү орох гээд байхаар нь би Тантай уулзахгүй ээ гээд оруулаагүй юм ... А.М-ын өмгөөлж байгаа хэрэгт Ц.Амаржаргал шүүгч ордоггүй ... Миний илтгэж байгаа А.М...-ын өмгөөлж байгаа хэргийг шүүгч Ц.Амаржаргал татаж авч танилцаж байсан тохиолдол байхгүй. Надаас тэгж миний илтгэж байгаа хэргийг авч танилцаж чадахгүй ...” гэж,
Шүүгч З.Т... “... Намайг 2 жил болоход миний өрөөгөөр нэг ч удаа орж ирж байгаагүй. Шүүхээр байнга орж гардаг зүйл байхгүй. Намайг Ц.Амаржаргал шүүгчийн өрөөнд байхад тааралдахад нь нөхөр нь гэдэг утгаар мэндлээд л өнгөрдөг. Хуралдаан болох үед шүүх хуралдааны танхимын гадна ч юм уу тааралддаг болохоос биш миний өрөөнд орж ирээд, маргаан үүсгэсэн зүйл огт байхгүй ...” гэх мэдүүлгийг тус тус өгчээ.
Дээрхээс үзэхэд, өмгөөлөгч А.М... нь шүүх хуралдаанд оролцох зорилгоор тус шүүх рүү нэвтэрсэн байх ба шүүгч нарын мэдүүлгээс үзвэл шүүгч нартай маргалдсан, шүүгч Ц.Амаржаргалаас нөхөртөө мэдээлэл дамжуулдаг гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
1.4.3. Шүүгч Ц.Амаржаргал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэх зөрчлийг гаргасан талаар:
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗТ/...0 дугаар тогтоолоор Ц.Амаржаргалыг тус шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгожээ.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗТ/...1 дүгээр, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЗТ/...4 дүгээр тогтоолоор “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох журам”-ыг тус тус баталж, шүүгч Ц.Амаржаргал Ерөнхий шүүгчээр сонгогдсонтой холбоотойгоор “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ыг шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗТ/...1 дүгээр тогтоолоор дахин баталсан байна.
Дээрх тогтоолуудын 2-т “Шүүхэд ирсэн эрүүгийн болон зөрчлийн хэрэг, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материал, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах хэрэг, Улсын дээд шүүхээс харьяалал тогтоож ирсэн хэргийг ерөнхий шүүгч болон шүүгч нарт хэрэг хуваарилах дарааллыг сугалаагаар дор дурдсанаар тогтоож, тойрог үүсгэсүгэй. 1.З.Т..., 2.Ц.Амаржаргал, 3.Б.М...”” гэж, 4-т “Адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд томилолтоор ажиллах шүүгчийг энэхүү тогтоолын 2-т заасан нэрсийн дагуу томилж байсугай” гэж баталсан байх ба 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗТ/...1 дүгээр тогтоолоор журам баталсан тогтоолоо хүчингүй болгоогүй, агуулгын хувьд ижил буюу шүүгчдийн нэрсийн дараалал өөрчлөгдөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “... аймаг, нийслэлийн шүүх тодорхой эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон бол ... аймаг, нийслэлийн шүүхийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүний шийдвэрээр шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмыг баримтлан томилно” гэж заасны дагуу адил шатны шүүхээс шүүх бүрэлдэхүүнд шүүгч томилуулахаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд албан бичгээр хүсэлтээ ирүүлснийг үндэслэн тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан нэрсийн дарааллын дагуу шүүгчийг томилон оролцуулахаар байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, дээрх зөвлөгөөний тогтоолд зааснаар тус шүүхийн шүүгч З.Т... нь Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнд сонгогдсон талаарх албан бичгийг хүргүүлсэн учир Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүний 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 3... дүгээр захирамжаар албажуулсан байна. Дарааллын дагуу шүүгч Ц.Амаржаргалыг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3... дугаар албан бичгээр тус шүүхийн шүүх бүрэлдэхүүнд томилуулахаар хүргүүлэн, Улсын дээд шүүхээс албажуулжээ.
Гэтэл шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан журамд заасан нэрсийн дарааллаар дараагийн шүүх бүрэлдэхүүнд томилогдох шүүгчийн дарааллыг санаатай зөрчсөн болох нь дараах байдлаар тогтоогджээ. Үүнд:
1.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зарлагдсан шүүх хуралдаанд журмаар тогтоосон дараалал ёсоор Б.М... шүүгч оролцох ёстой боловч шүүгч З.Т...-г томилон оролцуулсан байна.
Энэ талаар шүүгч Ц.Амаржаргалаас “...З.Т... шүүгчийн томилогдсон хурал хойшлогдоод товлогдоход нь зарлагдсан бусад хурлуудад оруулчихъя гэж З.Т... шүүгчтэй яриад л томилдог. Энэ нь шүүхийн практикт байдаг асуудал. Нэг аймагт зарлагдсан хурлуудад дахин дахин шүүгч томилоод явуулаад байх шаардлагагүй гэж үзсэн...” гэж;
Шүүгч З.Т...гээс “... Миний хойшлогдсон хурал зарлагдахад тухайн өдөр нь өөр хурлуудын бүрэлдэхүүнд шүүгч томилох тохиолдолд Ерөнхий шүүгч намайг “Нэгэнт л хуралд томилолтоор явж байгаа юм чинь бүх зарласан хуралд нь орчих уу” гэж асууж байсан. Тэгэхэд нь би шүүхийн төсвийг хэмнэх зорилгоор “За” гээд л ордог ...” гэж;
Шүүгч Б.М...-аас “... 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Төв аймагт зарлагдсан хуралд З.Т... орсон боловч дарааллын дагуу би орохоор байсан. Гэхдээ 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зарлагдсан 4 хурлаас 1 хурал нь шүүгч З.Т...гийн хойшлогдсон хурал байсан. Шинээр зарлагдсан 2 хуралд нь би орох байсан...” гэж тус тус мэдүүлжээ.
Мөн шүүгч Ц.Амаржаргалаас Сахилгын хорооны магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо “...томилолтын болон буудлын мөнгө хэмнэх үүднээс 1 шүүгч явсан...” гэж дурдсан боловч Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор баталсан “Шүүгч, ажилтанд албан томилолт олгох журам”-ын 3.3-д “Шүүн таслах ажлаар хөдөө орон нутагт ажиллах шүүгч, ажилтны албан томилолтын зардлыг шүүх бүрэлдэхүүнийг авч ажиллуулсан шүүхийн төсвөөс гаргана” гэж заасан байна.
2.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд 1 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч З.Т... оролцохоор байх боловч шүүгч Б.М...-ыг томилон оролцуулсан байна.
3.Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шинээр товлогдсон 5 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч Б.М... оролцохоор байх боловч шүүгч З.Т...-г оролцуулахаар 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 8... дугаартай албан бичгийг хүргүүлсэн байна.
Гэтэл дээрх шинээр товлогдсон 5 хэргээс Г.У...-д холбогдох хэргийн шүүх бүрэлдэхүүнд Ц.Амаржаргалыг оролцуулахаар 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 8... дугаартай албан бичгийг дахин хүргүүлжээ.
Улмаар тус өдөр товлогдсон 5 хэргээс 4 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч З.Т... оролцож, 1 хэргийн буюу Г.У...-д холбогдох хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Амаржаргал оролцсон байна. Харин Г.У...-д холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшилж, 06 дугаар сарын 11-ний өдөр товлогджээ.
Гэвч Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нь Бүгд Найрамдах Турк Улсад сургалтаар зорчих болсон гэх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1... дугаар албан бичгээр тус хэргийн шүүх бүрэлдэхүүнд дахин шүүгч томилон оролцуулахыг хүссэний дагуу шүүгч Б.М...-ыг томилон оролцуулсан байна.
Үүнд шүүгч Ц.Амаржаргалаас “...шүүгч З.Т... Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.А...-тай хамаарал бүхий этгээд тул оролцох боломжгүй болж дахин шүүгч томилуулах албан бичиг ирүүлсний дагуу шүүгч Ц.Амаржаргал оролцох байсан. Гэтэл шүүгч Ц.Амаржаргал Турк улсад сургалтаар явах болсон тул оролцох боломжгүй болж, Б.М... оролцож хэрэг шийдвэрлэгдэж дууссан...” гэж;
Шүүгч Б.М...-аас “...Сэлэнгийн Хөтөлийн А... шүүгч З.Т...-гийн хамаатан садан юм шиг байна лээ. А...-гийн шийдвэрлэсэн хэрэгт З.Т... орохгүй гээд дараагийн тойрогт оруулаад явсан байсан. Зүй нь татгалзлаа бичгээр гаргаад түүнийг бүрэлдэхүүн шийдвэрлээд дараагийн шүүгчийг томилох асуудлыг шийдвэрлэх ёстой байсан ...” гэж;
Шүүгч З.Т...-ээс “... А...-тай садан төрөл, бид 2 олон жил өмгөөлөгч хийж байсан, садан төрөл гэдгийг шүүхийнхэн мэддэг. Хоол идэж суухдаа ч юм уу, ярианых нь дундуур ч юм уу А...-гийн шийдсэн хэрэг байвал би орохгүй шүү гэж л хэлдэг. Зорилго нь хүний ажлыг л хөнгөвчлөх, зардал мөнгө хэмнэх юм ...” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Д..., Ерөнхий шүүгч Г.С..., шүүгч Г.А... нарын бүрэлдэхүүнтэйгээр Г.У...-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, тус аймгийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Д..., шүүгч Б.М..., Б.Э.... нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн байна. Гэвч тус хэрэгт шүүгч З.Т...-ээс татгалзан гарах хүсэлт гаргахгүй үндэслэлгүйгээр шүүх бүрэлдэхүүний шүүгчийг өөрчилсөн байна.
Ингээд 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шинээр товлогдсон хэрэгт шүүгч З.Т... оролцохоор байх боловч шүүгч Б.М... оролцжээ.
4.Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шинээр товлогдсон 5 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч Ц.Амаржаргал оролцохоор байх боловч 2 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч З.Т..., 3 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Амаржаргал оролцсон байна.
5.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр товлон зарлагдсан 4 хэргийн шүүх хуралдаанд дараалал ёсоор шүүгч Б.М... оролцохоор байх боловч 1 хэргийн бүрэлдэхүүнд шүүгч Ц.Амаржаргал, 3 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.М... нар оролцсон байна.
6.Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр товлогдсон И.А..., Б.Л... нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүгч Б.М... оролцож, тус хурал 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хойшилжээ. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч Ц.Амаржаргал оролцсон байна.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1... дугаартай албан бичгээр тус хэргийн шүүх бүрэлдэхүүнд дахин шүүгч томилуулах, мөн шинээр товлогдсон 3 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч оролцуулах хүсэлтийг ирүүлсний дагуу шүүгч Ц.Амаржаргал оролцохоор албан бичгээр хариуг хүргүүлжээ.
Шүүгч Ц.Амаржаргалаас “... Б.М... шүүгч амралттай байсан. Сэлэнгээс над руу яриад “М... шүүгч хуралтайгаа мэдсээр байж огт утсаа авахгүй байна” гэж ярьсан. Тэгээд би орсон гэж санаж байна ...” гэж;
Шүүгч Б.М...аас “... 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж амарсан. 09 дүгээр сард бүтэн амарсан. 10 дугаар сар гаргаад ажилдаа орсон санагдаж байна. Миний амралт дундуур миний томилогдсон хурал зарлагдсан тохиолдолд хурал хойшлогдох ёстой. Учир нь бүрэлдэхүүн томилогдсон бол тухайн бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэж дуусгах ёстой. Энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэлдэхүүн үл солих зарчим юм ...” гэж тус тус мэдүүлсэн.
Шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/...1 дүгээр тушаалаар баталсан 2024 онд ээлжийн амралт эдлэх хуваариас үзэхэд, шүүгч Б.М... 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд ээлжийн амралттай байжээ.
Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг шүүхийн нэг бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ”, 2 дахь хэсэгт “Шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй болсон бол өөр шүүгч томилж, шүүх хуралдааныг эхнээс нь явуулна” гэж заасан.
Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт зохигч өвчтэй байх, Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадуур байсан, эсхүл гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэх мэт хугацааг алдах зайлшгүй, эсхүл харгалзан үзэж болох нөхцөл бүрдсэн байхыг ойлгоно.
“Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материал, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах хэрэг, Улсын Дээд шүүхээс харьяалал тогтоож ирсэн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох нарийвчилсан журам”-аас үзэхэд, нэгэнт шүүх бүрэлдэхүүнд томилогдон оролцож байгаа шүүгч ээлжийн амралттай тохиолдолд дараагийн шүүгчийг томилон шүүх хуралдааныг явуулах талаар зохицуулаагүй байна.
Тодруулбал, шүүгч Б.М... нь бүрэлдэхүүнд томилогдож өмнө нь хойшлуулсан хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан товлогдсон үед ээлжийн амралттай байсан нь шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгчийг солих хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах талаар дээрх журамд зохицуулаагүй. Иймээс шүүгч Ц.Амаржаргал нь И.А..., Б.Л... нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүний шүүгчээр томилуулсан нь зөрчил болно.
7.Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шинээр товлогдсон 5 хэргийн шүүх хуралдаанд дарааллын дагуу шүүгч З.Т... оролцохоор байх боловч шүүгч Ц.Амаржаргал оролцжээ.
Энэ талаар холбогдох шүүгчээс “..Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд л сольж оролцож байгаа. Түүнээс биш би дураараа солиод оролцуулаад байгаа зүйл байхгүй” гэж тайлбарласан боловч дарааллын дагуу оролцох байсан шүүгч ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар баримт сахилгын хэрэгт авагдаагүй байх ба шүүгч хоорондоо амаар ярьж тохирсон гэж байгаа нь шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Харин нотлох дүгнэлтэд, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗТ/...1 дүгээр тогтоолоор баталсан адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд томилогдох шүүгч нарын дарааллыг 10 удаа зөрчсөн гэж дүгнэснээс Сахилгын хорооны магадлалаар дээрх 7 удааг зөрчсөн, дараах 3 удааг зөрчөөгүй гэснийг буруутгахгүй гэж үзжээ.
1. Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шинээр товлогдсон 11 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч Б.М... орохоор байх боловч шүүгч Ц.Амаржаргал оролцсон байна.
Энэ талаар шүүгч Ц.Амаржаргалаас “...Миний ээлжийн амралтаа нөхөж амарсан үе байна...” гэж мэдүүлснийг Сахилгын хорооны магадлалаар хүлээн авах үндэслэлтэй гэж үзжээ.
2. Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шинээр товлогдсон 11 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч Б.М... орохоор байх боловч шүүгч Ц.Амаржаргал оролцсон байна.
Тус шүүх хуралдааны бүрэлдэхүүнд томилогдсон шүүгчийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны 2... дугаар албан бичгээр Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч З.Т... томилжээ.
3. Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шинээр товлогдсон 10 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч Б.М... оролцсон байна.
Нэгтгэн дүгнэвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Сум буюу сум дундын, дүүргийн шүүх, түүнчлэн аймаг, нийслэлийн шүүх тодорхой эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон бол сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг харьяалах аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, аймаг, нийслэлийн шүүхийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүний шийдвэрээр шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмыг баримтлан томилно” гэж зааснаар Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүний захирамжаар адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд томилогдох шүүгчийг албажуулж байгаа боловч уг Танхимын тэргүүн нь тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан бичгээр зөвлөгөөнд заасан нэрсийн дарааллын дагуу ирүүлж байгаа гэж үзэж албажуулсан байна.
Гэтэл шүүгч Ц.Амаржаргал нь Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хэрэг хуваарилах нарийвчилсан журмын 4-д “Адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд томилолтоор ажиллах шүүгчийг энэхүү тогтоолын 2-т заасан нэрсийн дагуу томилж байсугай”, 11-д “Хуваарилагдсан хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авсан шүүгч, бүрэлдэхүүнд томилогдсон шүүгчийг гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн татгалзал, үндэслэл үүссэн, эсхүл шүүгч, шүүх бүрэлдэхүүн солигдох бусад нөхцөлд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилно”, 12-т “Адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд томилолтоор ажиллах шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно”, 16-д “Хуульд заасан болон шүүгч удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагаас бусад тохиолдолд шүүгчид хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг алгасаж хуваарилахгүй” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Учир нь, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Ерөнхий шүүгч энэ хуулийн 16 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.1.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах”, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ, 19.2.2-т “шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох”, 19.2.5-т “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж заасны дагуу Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг томилох” журмыг баталжээ.
Гэтэл холбогдох шүүгч нь санаатайгаар дараалал зөрчөөгүй, шүүхийн төсөв хэмнэх зорилготой байсан гэж тайлбарлах боловч түүний “...З.Т... шүүгчийн томилогдсон хурал хойшлогдоод товлогдоход нь зарлагдсан бусад хурлуудад оруулчихъя гэж З.Т... шүүгчтэй яриад л томилдог. Энэ нь шүүхийн практикт байдаг асуудал. Нэг аймагт зарлагдсан хурлуудад дахин дахин шүүгч томилоод явуулаад байх шаардлагагүй гэж үзсэн...” гэх тайлбар, мөн шүүгч нарын мэдүүлэг, сахилгын хэрэгт авагдсан баримтаар санаатай адил шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнийг томилон оролцуулахдаа журамд заасан дарааллыг зөрчсөн үйлдэл гаргасан болох нь тогтоогджээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0... дугаар тогтоолоор баталсан “Шүүгч, ажилтанд албан томилолт олгох журам”-ын 3.3-д зааснаар шүүн таслах ажлаар хөдөө орон нутагт ажиллах шүүгч, ажилтны албан томилолтын зардлыг шүүх бүрэлдэхүүнийг авч ажиллуулсан шүүхийн төсвөөс гаргахаар зохицуулсан байх тул Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс томилолтоор ажилласан зардал гарахгүй юм.
Түүнчлэн, сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хойшилсон шүүх хуралдааны бүрэлдэхүүнд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөр шүүгч оролцуулж, нэгэнт шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгчийг ээлжийн амралттай байсан гэдэг шалтгаанаар өөр шүүгч томилсон байх ба энэ талаар тус шүүхийн “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох журам”-д нарийвчилсан зохицуулалт тусгагдаагүй байна.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэж буй нь давж заалдах шатны шүүхийн магадлал хүчингүй болох үндэслэл бий болох эрсдэлтэйг дурдах нь зүйтэй.
Иймд илтгэгч гишүүн хуульд заасан журмын дагуу шалгах ажиллагааг явуулж, сахилгын хорооны магадлалаар хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, шүүгч Ц.Амаржаргалыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т заасан сахилгын зөрчлийг гаргасан гэж дүгнэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5-д зааснаар нээлттэй сануулах шийтгэл оногдуулсан нь зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагаварт тохирсон гэж бүрэлдэхүүн үзлээ.
Хоёр. Хэргийн оролцогчийн эрхийг хангасан эсэх талаар:
Илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэсэн захирамжийг хэргийн оролцогч нарт 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгч, энэ талаар баримт үйлдсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасантай нийцжээ.
Холбогдох шүүгч нарт сахилгын хэргийн материалтай 2025 оны 12 дүгээр сарын 11-ний өдөр цахимаар танилцуулсан байх бөгөөд сахилгын хорооны хуралдааны даргалагчид гэрчийн мэдүүлэг авхуулах, А.Б...-ийг хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргасныг тус хорооны 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СХТ/2026/...8 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Сахилгын хорооны хуралдааны товыг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, сахилгын хорооны хянан үзэх хуралдааны товыг 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус тус мэдэгдэж, энэ талаар баримт үйлдсэн ба ингэхдээ сахилгын хэргийн оролцогч Ц.Амаржаргалын саналыг харгалзан товлосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлд заасан эрх үүргийг нь эдлүүлсэн болно.
Мөн дээрх хуулийн 110 дугаар зүйлийн 110.4, 113 дугаар зүйлийн 113.9 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байна.
Иймд гомдлыг хангахгүй орхиж, Сахилгын хорооны магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.13-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СХМ/2026/...6 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2.Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын Дээд шүүхэд гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.МЯГМАРЦЭРЭН
Б.СУГАР