
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-01-08
Дугаар 6
Улаанбаатар хот
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүлээн авч,
сахилгын шийтгэл оногдуулах тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, холбогдох шүүгч Ц.Амаржаргал, нарийн бичгийн даргаар Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргалд холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуяа нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүний нотлох дүгнэлтэд “...Нэг. Өргөдөлд “... 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ... болоход шүүгч Д.Нарантуяа, Ө.Мөнх-Эрдэнэ, Г.Мягмарсүрэн болон бусад шүүгч нараар толгойлуулсан нэр бүхий шүүгч, ажилтнууд ажил тасалж, тахилгад оролцсон ...” гэж дурджээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нар нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр болсон Дархан-Уул аймгийн ... гол сумын нутаг дэвсгэрт оршдог ...д оролцжээ.
Тус өдөр нь ажлын өдөр буюу Лхагва гариг байсан бөгөөд өглөө ажилдаа цагтаа ирснийхээ дараа цайны цаг болох 12 цагийн үед тахилгад оролцохоор явж, 15 цагийн орчимд ажилдаа буцаж ирсэн байна.
Тус шүүхийн Тамгын газраас шүүгч нарын ажлын цагийн бүртгэлийг авч үзэхэд, холбогдох шүүгч нар ажилдаа ирсэн төлөвтэй байх ба шүүгч Г.Мягмарсүрэн, Ө.Мөнх-Эрдэнэ нарт товлосон шүүх хуралдаан байхгүй, харин шүүгч Д.Нарантуяа нь 09 цаг 00 минутаас 09 цаг 51 минут хүртэл урьдчилсан хэлэлцүүлэг хийснээс өөр хуралдаангүй байсан зэргээр холбогдох шүүгч нарыг ажил тасалсан гэж үзэхээргүй байна.
Хоёр. Өргөдөлд “... шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нь Орхон аймгийн шүүхийн ойд зориулсан тэмцээнээс буцах замдаа архи ууж согтуурсан үедээ хамт нэг машинд сууж явсан ажилчдыг ялгаварлан доромжилж, хөөрхөн муухайгаар нь дуудаж, хамт нэг машинд явсан хүмүүсийг эвгүй байдалд оруулж, шүүгч хүнд баймгүй муухай авир гаргасан ...” гэж дурдсан.
Орхон аймагт 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдрүүдэд бүсийн шүүхүүдийн дунд зохион байгуулагдсан Орхон аймгийн шүүхийн 50 жилийн ойд зориулсан спортын 4 төрөлт тэмцээнд Дархан-Уул аймгийн шүүхийн хамт олон оролцсон бөгөөд шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нь гар бөмбөгийн төрөлд оролцжээ.
Холбогдох шүүгчийн тайлбар болон гэрч нарын мэдүүлгүүдээс үзэхэд, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ нь өөрийн хувийн тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу явж, ирсэн бөгөөд тэмцээн дууссаны дараа Дархан-Уул аймгийн шүүхийн хамт олныг гаргаж өгөх үед архи задалж, үүнээс шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ амссан тул өөрийн машиныг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ж-гаар жолоодуулан, Б.А, Б.О, М.С нарын хамт сууж иржээ. Буцах замдаа машинд нэг шил архи задалсан ч уугаагүй зэргээр шүүгчийг “архи ууж согтуу байсан” гэж үзэхээргүй байна. Мөн хамт машинд сууж явсан хүмүүсийг доромжилж, эвгүй байдалд оруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Гурав. Өргөдөлд “... шүүгч Д.Алтантуяа нь 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр анхан шатны шүүхийн шүүгч нараа бүгдийг нь дагуулж, ... гол явж архидан ажил тасалсан. Албан бус ажил учир авч явах жолооч олдохгүй байхад хэлтсийн даргаа дарамтлан албаны машин унаж явж, архидан согтуурах ажлыг удирдан зохион байгуулсан ...” гэж дурдсан.
Энэ талаар шүүхийн Тамгын газрын дарга З.Б “... Урд өдөр нь би энэ талаар сонссон. Бага зэрэг гайхсан. Зөвхөн анхан шатны шүүхийн байранд ажиллаж байгаа хүмүүс явах талаар сонссон. Энэ юу болж байгаа юм болоо, шүүхийн Тамгын газрууд нэгдсэн байхад давж заалдах шатны шүүхийн байранд байгаа хүмүүст хэлэхгүй гэж бодсон. Д.Алтантуяа шүүгч үдээс хойш надад ... гол руу явахаар болсон, шүүхийн Тамгын газрын өөрсдөө тохижуулсан байранд очихоор болсон гэж хэлсэн. Миний хувьд амжихгүй гэдгээ хэлээд өнгөрсөн. Үдээс хойш явах гэсээр байгаад өдөр өнгөрсөн байх гэж бодож байна. Энэ үеэр машин хүрэлцэхгүй байна, Ж.Б жолоочийг машин унаад яваад өгөөч гэхэд нь дарга зөвшөөрөөгүй учраас би явж чадахгүй гэж хэлсэн талаар хэлтсийн дарга Х.Н-аас сонссон. Байгууллагын арга хэмжээ урчаас за, яваад ир дээ гэж хэлээд Ж.Б жолооч хүргэж өгч, авсан байх. Миний багцаагаар 16-17 цагийн орчимд ... гол руу явсан байх гэж бодож байна, ... Ажлын цагаар ажлын байрандаа байсан, харин магадгүй 30 минут орчмын өмнө ажлаас гарсан байж магадгүй ч үүнийг ажил тасалсан гэж үзэх учир дутагдалтай гэж бодож байна. Хэн ажлын цагаас илүү хугацаагаар суудаг гэдгийг мэддэг учраас, бас аль ч байгууллагад амралт, аялал зугаалга гэх зүйл байдаг, үүнийг дэмжээд явах нь үүрэг гэж ойлгож байгаа ...” гэж,
Хэлтсийн дарга Х.Н “... Хуучин анхан шатны шүүх байсан байраараа явахаар ярьсан. Энэ талаар Тамгын газрын даргад хэлсэн, ... Уралдаан тэмцээнд оролцох, 2-3 хоногоор аялал зугаалгад явахаар бол Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зөвшөөрөл авдаг. Харин тухайн үед өдөртөө яваад ирэх учраас Тамгын газрын даргадаа мэдэгдээд, ... голд очиж хоол унд хийж идээд ирье гээд явсан, ... Би уг үйл ажиллагааг албан ёсны үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Тамгын газрын даргад мэдэгдээд, шүүгч нар ярилцаад хамт олноороо явсан учраас албан бус гэж үзэхгүй байна. Олон хүний суудалтай машин хариуцаж барьдаг жолооч Ж.Б-д машинаа бэлэн байлгах талаар хэлэхэд албан бус арга хэмжээ гэсэн биз дээ, би явахгүй гэсэн зүйл хэлсэн. Тэгэхээр нь би албан ёсных, Та үйлчлэх ёстой шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Тамгын газрын даргад хэлээд машин аваад явахаар болсон. Анхан шатны байранд байгаа хүмүүс явах учраас албан бус гэж ойлгосон юм байна гэж бодсон ...” гэж,
Жолооч Ж.Б “... Анхан шатны ихэнх хүмүүс байсан. Д.Алтантуяа шүүгч, захиргааны бусад ажилчид миний барьж байсан машинд сууж явсан. Зарим хүмүүс хувийн машинтайгаа түрүүлээд оччихсон, бас ардаас зарим хүмүүс ирсэн болохоор яг хэн хэн явсныг хэлж мэдэхгүй байна. Өдөр 11 цагийн үед яваад, орой 22 цагийн үед очиж авсан. Тамгын газрын дарга З.Б надад үүрэг өгсөн ...” гэж тус тус мэдүүлсэн,
Шүүгч Д.Алтантуяа “... Анхан шатны шүүхийн Тамгын газрын ажилчид, шүүгч нар явсан. Шүүгч нар их орой ажил тараад очсон санагдаж байна, ... Орой нь Ж.Б гэж жолооч ирж авсан. Эндээс явахдаа бөөнөөрөө нэг машинд суугаад явсан санагдаж байна, ... Надад хүн дарамталсан зүйл байхгүй. Хэлтсийн дарга нараас машин барьж яваагүй. Манайх 2 хэлтсийн даргатай. 2-уулаа эмэгтэй хүмүүс. Миний санаж байгаагаар Сэрүүнтунгалаг яваагүй. Шүүгч, ажилчдаас ихэнх нь явсан ...” гэж тайлбарласан.
Дархан-Уул аймгийн ... гол гэх газарт сургалт зохион байгуулах, хамт олноороо агаар салхинд гарах гэх мэтээр ашигладаг анхан шатны шүүхийн шүүгч, ажилтнуудын мөнгө хөрөнгөөр босгосон байшин байдаг бөгөөд уг газар луу салхинд гарахаар сум дундын анхан шатны шүүхийн шүүгч, ажилчид 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Мягмар гаригт ажил тарах үеэр явж, орой нь ирсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газар нэгдэж, нэг Тамгын газартай болсон тул дээрх үйл ажиллагаанд зөвхөн анхан шатны шүүхийн хамт олон оролцсон гэх үндэслэлээр “албан бус” ажил гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Учир нь “албан бус” гэдэг нь ямар нэг эрх мэдэлтэн, байгууллагаас албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байхыг ойлгох бөгөөд дээрх үйл ажиллагааг шүүгч, ажилчид ярилцаж шийдвэрлэсэн, энэ талаараа шүүхийн Тамгын газрын даргад мэдэгдсэний үндсэн дээр хүмүүсийг машинаар тээвэрлэх үүргийг жолооч Ж.Б-д өгсөн, хэлтсийн дарга Х.Н-ыг дарамталж уг үйл ажиллагаанд оролцуулаагүй зэргээр өргөдөлд дурдсан үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн шүүгч Д.Алтантуяа нь тухайн өдөр ажлын цагаа бүртгүүлсэн, шүүхийн Тамгын газрын ажилчид байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцох, бэлтгэх зорилгоор ажил тарах үеэр явсан, сум дундын анхан шатны шүүх тус өдөр эрүүгийн болон зөрчлийн 7, иргэний 7, захиргааны 1 шүүх хуралдааныг тус тус товлон зарлаж, хянан хэлэлцсэн нь тогтоогдож байх тул ажил тасалсан гэж үзэхээргүй байна.
Дөрөв. Өргөдөлд “... шүүгч Ц.Амаржаргал нь Сэлэнгэ аймгийн шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын орчимд шүүх хуралдаанд оролцохдоо Сэлэнгэ аймагт хоноогүй атлаа буудалд хоносон мэтээр баримт бүрдүүлж өгч, улмаар Сэлэнгэ аймгийн шүүхийнхэн гайхаж, ичсэндээ тэр баримтаа буцааж авсан, ... нөхөр болох өмгөөлөгч Мөнхбат нь өөрийн гэртээ орж ирж буй мэт шүүхээр орж, гарч зарим нэг шүүгч нарын өрөөнд орж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах зэрэг асуудал үүсгэдэг ...” гэж, мэдээлэлд “... хэргийн материалтай танилцаж хамтран амьдрагч өмгөөлөгч А.Мад мэдээлэл дамжуулдаг ...” гэж тус тус дурджээ.
4.1.Холбогдох шүүгчээс “... Ер нь бол Сэлэнгэд томилолтоор ажиллахдаа хонодоггүй, өдөртөө буцаад ирдэг. Харин нэг удаа Сэлэнгэд буудалд хоносон тохиолдол байгаа. Үүнийг жолооч нотолно. Номуун бил үү, намуун гэх нэртэй буудал байсан байх ...” гэж тайлбарлаж,
Жолооч Ж.Б “... Ер нь бол 7 хоногт 2-3 удаа явдаг. Нэг удаа хоносон тохиолдол байгаа. Доороо CU дэлгүүртэй буудал байсан. Хуралдааны өмнөх өдөр нь хэргээ уншина гэж очиж хоноод маргааш нь хуралдаа орсон. Намуун байх, тийм нэртэй буудал байсан, ... Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллах үедээ хоноогүй мөртлөө хоносон мэтээр буудлын баримт бүрдүүлэн өгсөн тохиолдол байхгүй. Ганц удаа л Сэлэнгэд хоносон, тэрийгээ бүрдүүлж өгсөн. Өөрөөр хоноогүй, өдөртөө буцаад ирдэг. Хонохдоо буудлын нэртэй цаасан баримт авч, Сэлэнгийн шүүхэд өгсөн. Шүүгч Ц.Амаржаргал буудлын тооцоог хийсэн. Эхлээд тооцоогоо хийчхээд дараа нь баримтаа Сэлэнгийн шүүхэд өгөхөөр мөнгө нь дансанд орж ирдэг. Миний дансанд буудлын болон хоолны зардал орж ирсэн ...” гэж мэдүүлж, өөрийн “Хас банк”-ны дансанд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Шүүх томилолт 12-р сар бүрэлдэхүүн” гэсэн гүйлгээний утгатай 210,000 төгрөгийн орлого орсон баримтаа өгсөн.
Мөн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 216 дугаар албан бичгээр тус шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр товлогдсон 2 зөрчлийн хэрэг, 9 эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч томилуулахаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүссэний дагуу шүүгч Ц.Амаржаргал шүүх бүрэлдэхүүнд оролцох талаар 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 209 дүгээр албан бичгийг хүргүүлжээ. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн өдрийн 217 дугаар албан бичгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 7-д “... аймаг, нийслэлийн шүүх тодорхой эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон бол ... аймаг, нийслэлийн шүүхийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүний шийдвэрээр шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмыг баримтлан томилно” гэж заасны дагуу шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг томилуулахаар Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна. Улмаар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зард зөрчил болон эрүүгийн хэргийн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Амаржаргалын нэрийг оруулан нийтэлжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор баталсан “Шүүгч, ажилтанд албан томилолт олгох журам”-ын 2.2-т “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч шүүн таслах ажлаар хот, хөдөө орон нутагт ажиллахад тухайн шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөн, шүүхийн Тамгын газрын дарга албан томилолтын үнэмлэх олгоно”, 3.3-д “Шүүн таслах ажлаар хөдөө орон нутагт ажиллах шүүгч, ажилтны албан томилолтын зардлыг шүүх бүрэлдэхүүнийг авч ажиллуулсан шүүхийн төсвөөс гаргана” гэж заасны дагуу Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын /хуучин нэршлээр/ 129 дугаартай, Сэлэнгэ аймагт 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийг дуустал 2 хоногийн хугацаатай албан томилолтын үнэмлэхийг олгон, удирдамжийг баталсан байна. Үүний дагуу шүүгч Ц.Амаржаргалаас албан томилолтын зардал олгохыг хүссэн өргөдлийг NMN зочид буудлын тооцооны хуудасны хамт гаргасны дагуу цохолт хийгдэж, 11 дүгээр сарын 27-ны өдөр 170,000 төгрөг олгох тооцоог хийж, 12 дугаар сарын 10-ны өдөр гүйлгээ хийгдсэн байна.
Дээрхээс үзэхэд, шүүгч Ц.Амаржаргал нь шүүн таслах ажлаар Сэлэнгэ аймагт ажиллаж, журамд заасны дагуу баримтаа бүрдүүлэн, албан томилолтын зардлыг авсан болох нь тогтоогдож байх тул өргөдөлд “... Сэлэнгэ аймагт хоноогүй атлаа буудалд хоносон мэтээр баримт бүрдүүлж өгч, улмаар Сэлэнгэ аймгийн шүүхийнхэн гайхаж, ичсэндээ тэр баримтаа буцааж авсан ...” гэж дурдсан нь үндэслэлгүй байна.
4.2. Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.М, З.Т гэсэн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг бөгөөд давж заалдах болон анхан шатны шүүх нь тусдаа байранд үйл ажиллагаа явуулдаг.
Өргөдөл болон мэдээлэлд дурдагдсан шүүгч Ц.Амаржаргалын нөхөр А.М-тай холбоотой асуудлын талаар холбогдох шүүгчээс “... Надаас хааяа нэг орж ирээд машины түлхүүр авдаг. Давж заалдах шатны шүүхийн 3 шүүгч дундаа нэг туслахтай, туслах миний өрөөний үүдэнд суудаг. Харин өөрийнхөө орсон хурлын магадлалыг авах гэж туслахтай уулзахаар орж ирэх тохиолдол байгаа байх, ... Нэг л удаа шүүгч Б.М-тай зорьж ирж уулзсан тохиолдол байгаа. Урд нь тэр 2 хуралдааны явцад маргалдсан зүйл байгаа юм шиг байсан. Б.М шүүгч намайг “Танай нөхөр матсан, хүн муутай” гэж ярьдаг байсан, манай нөхөр болохоор “намайг буруу ойлгоод байна, би очиж уулзъя” гээд ирж уулзсан. Уучлалт гуйгаад гарснаас биш, маргалдсан зүйл болоогүй гэж байсан, ... А.М-ын өмгөөлж байгаа хэрэгт хуулиараа би өөрөө шууд татгалздаг. Миний хувьд хэрэг задлаад байсан зүйл байхгүй. Би нөхрийнхөө өмгөөлж байгаа хэргийг мэдэхгүй, оролцдоггүй. Үүнийг би хариуцлагатайгаар хэлнэ, ... Шүүгч Б.М, З.Т нарын ажиллагаанд байгаа хэргийн бүрэлдэхүүнд би орсон тохиолдолд заавал хэргийг уншиж танилцдаг. Манай шүүхийн хувьд бүрэлдэхүүнд орж байгаа тохиолдолд заавал хэргээ уншиж танилцдаг, ... Манай нөхрийн өмгөөлж байгаа хэрэгт би оролцохоор байсан ч татгалзаад гарсан боловч тухайн хэргийг уншиж танилцаж байсан тохиолдол байхгүй. Надад ийм шаардлага байхгүй ...” гэж тайлбарлаж,
Шүүгч Б.М “... Одоо санахад намайг татгалзан гаргах хүсэлт гаргасан юм. Гэтэл хүсэлт дээрээ хэргийн холбогдогч намайг асуугаад явсан гэсэн, тэгэхээр нь надтай хувийн харилцаатай гэж үзээд татгалзал бичсэн байсан. Би эхнэр нь болох шүүгч Ц.Амаржаргалыг томилгоотой холбоотой асуудлаар судалсан, юм ярьсан болохоор намайг ингэж байгаа юм байх даа гэж л бодсон. Нэг удаа коридорт манай өрөө лүү орох гээд байхаар нь би Тантай уулзахгүй ээ гээд оруулаагүй юм., ... А.М-ын өмгөөлж байгаа хэрэгт Ц.Амаржаргал шүүгч ордоггүй, ... Миний илтгэж байгаа А.М-ын өмгөөлж байгаа хэргийг шүүгч Ц.Амаржаргал татаж авч танилцаж байсан тохиолдол байхгүй. Надаас тэгж миний илтгэж байгаа хэргийг авч танилцаж чадахгүй ...” гэж,
Шүүгч З.Т “... Намайг 2 жил болоход миний өрөөгөөр нэг ч удаа орж ирж байгаагүй. Шүүхээр байнга орж гардаг зүйл байхгүй. Намайг Ц.Амаржаргал шүүгчийн өрөөнд байхад тааралдахад нь нөхөр нь гэдэг утгаар мэндлээд л өнгөрдөг. Хуралдаан болох үед шүүх хуралдааны танхимын гадна ч юм уу тааралддаг болохоос биш миний өрөөнд орж ирээд, маргаан үүсгэсэн зүйл огт байхгүй ...” гэж тус тус мэдүүлсэн.
Шалгах ажиллагааны хүрээнд, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн байранд хүн шалган нэвтрүүлсэн 2024-2025 оны бүртгэлийн дэвтэрт үзлэг хийхэд, өмгөөлөгч А.М нь шүүх хуралдаанд оролцохоор 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 09 цаг 50 минутад орсон, 04 дүгээр сарын 26-ны өдөр 12 цаг 50 минутад орж, 14 цаг 10 минутад гарсан, 11 дүгээр сарын 14-ний өдөр 09 цаг 40 минутад орж, 10 цаг 25 минутад гарсан, 12 дугаар сарын 19-ний өдөр 09 цаг 05 минутад орж, 17 цаг 00 минутад гарсан нь бүртгэгдсэн байна.
Дээрхээс үзэхэд, шүүгч Ц.Амаржаргалын нөхөр өмгөөлөгч А.М нь 2024 онд шүүх хуралдаанд оролцох зорилгоор давж заалдах шатны шүүхийн байранд 4 удаа нэвтэрсэн, харин 2025 онд нэвтэрсэн гэх бүртгэл бүртгэгдээгүй байсан тул өргөдөлд “өмгөөлөгч А.М нь өөрийн гэртээ орж ирж буй мэт шүүхээр орж, гардаг” гэж дурдсан нь үндэслэлгүй байна.
Мөн өмгөөлөгч А.М нь нэг удаа шүүгч Б.М-тай шүүх хуралдааны явцад татгалзан гаргах хүсэлт гаргасантай холбоотой асуудлаар үл ойлголцол үүссэн боловч шүүх хуралдааны бус үед хоорондоо маргалдсан зүйл болоогүй байх бөгөөд шүүгч З.Т-тэй хувийн таарамжгүй харилцаатай гэж үзэх үндэслэл болон түүнд хэргийн талаар мэдээлэл дамжуулдаг гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Тав. Өргөдөлд “... шүүгч Ц.Амаржаргал нь Ерөнхий шүүгчийн бүрэн эрхээ хэтрүүлэн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллыг зөрчиж, бусад шүүхийн шүүх бүрэлдэхүүнд томилогдох шүүгчийг томилохдоо удаа дараа өөрийгөө томилж, хууль бусаар шүүх бүрэлдэхүүнд томилогдож, томилолтын мөнгө авч байсан ...” гэж, мэдээлэлд “... Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нь шүүгчдийн зөвлөгөөний шийдвэргүй Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаануудад оролцдог ...” гэж тус тус дурдсан.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тогтоолоор Ц.Амаржаргалыг тус шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгожээ.
Тус шүүхэд “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох журам”-ыг шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... дүгээр тогтоолоор тус тус баталж, шүүгч Ц.Амаржаргал Ерөнхий шүүгчээр сонгогдсонтой холбоотойгоор “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ыг шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... дүгээр тогтоолоор тус тус баталсан байна.
Дээрх тогтоолуудын 2 дахь хэсэгт “Шинээр ирсэн эрүүгийн болон зөрчлийн хэрэг, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материал, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах хэрэг, Улсын дээд шүүхээс харьяалал тогтоож ирсэн хэргийг Ерөнхий шүүгч болон шүүгч нарт хуваарилах дарааллыг сугалаагаар дор дурдсанаар тогтоож, тойрог үүсгэсүгэй. 1.З.Т, 2.Ц.Амаржаргал, 3.Б.М”, 4 дэх хэсэгт “Адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд томилолтоор ажиллах шүүгчийг энэхүү тогтоолын 2-т заасан нэрсийн дагуу томилж байсугай” гэж заасан бөгөөд шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор журмаа дахин батлахдаа өмнөх журам баталсан тогтоолоо хүчингүй болгоогүй, агуулгын хувьд ижил буюу шүүгчдийн нэрсийн дараалал өөрчлөгдөөгүй байх тул 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дээрх нэрсийн дарааллын дагуу томилолтоор ажиллахаар байна.
Харин шүүгч Б.М-ын хүсэлтийн дагуу “2024 онд тус шүүхийн шүүгч нар адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд томилолтоор ажилласан тухай болон Ерөнхий шүүгчид чөлөө олгох, бусад асуудал”-ын талаар хэлэлцсэн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнд шүүгч Б.М “... Адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч томилоход шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд заасан дарааллын дагуу томилдоггүй, дараалал алдагдсан, шүүгч хойшилсон хуралд очих бол хойшилсон хуралдаа л орно, шинээр товлогдсон хуралд дараагийн тойрогт байгаа шүүгч томилогдож орох нь зүйтэй” талаар саналаа хэлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “... аймаг, нийслэлийн шүүх тодорхой эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон бол ... аймаг, нийслэлийн шүүхийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүний шийдвэрээр шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмыг баримтлан томилно” гэж заасны дагуу адил шатны өөр шүүхээс шинээр товлогдсон шүүх бүрэлдэхүүнд шүүгч томилуулахаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд албан бичгээр хүсэлтээ ирүүлснийг үндэслэн тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан нэрсийн дарааллын дагуу шүүгчийг томилон оролцуулахаар байна.
Шалгах ажиллагааны хүрээнд, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгчдийн лавлагаа, холбогдох захирамж, адил шатны шүүхээс шүүх бүрэлдэхүүнд шүүгч авсан шүүх хуралдааны зар, албан томилолтын санхүүгийн баримтуудыг 2023-2025 оны байдлаар гаргуулан авч, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг шүүх бүрэлдэхүүнд оролцуулахаар ирүүлсэн албан бичиг, уг албан бичгийн дагуу шүүгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулахаар томилсон тухай хариу хүргүүлсэн албан бичиг, тэдгээрийг бүртгэсэн бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсгийг 2023-2025 оны байдлаар гаргуулан авсан баримтуудтай харьцуулан үзэж, өөр шүүхээс шүүх бүрэлдэхүүнд шүүгч оролцуулахыг хүссэн албан бичгийг шүүгчдийн нэрсийн дарааллын дагуу тулгалт хийлээ.
Мөн өргөдөл гаргагч А.Б-ээс 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өргөдлийн шүүгч Ц.Амаржаргалд холбогдох хэсэгт буюу адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд журмаар тогтоосон дараалал зөрчигдсөн талаарх нэмэлт мэдээллийг ирүүлсэнтэй холбогдуулан холбогдох шүүгч болон шүүгч Б.М, З.Т нараас 2 дахь удаагийн тайлбар, гэрчийн мэдүүлгийг авч, шүүгч Ц.Амаржаргалаас нэмэлт тайлбарыг бичгээр ирүүлсэн зэрэг сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
1.Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр товлогдсон 3 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч З.Т, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр товлогдсон 1 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Амаржаргал оролцсон. Үүний дараа Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шинээр товлогдсон 3 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч Б.М оролцохоор байх боловч шүүгч З.Т оролцсон байна.
Энэ талаар холбогдох шүүгчээс “... З.Т шүүгчийн томилогдсон хурал хойшлогдоод товлогдоход нь зарлагдсан бусад хурлуудад оруулчихъя гэж З.Т шүүгчтэй яриад л томилдог. Энэ нь шүүхийн практикт байдаг асуудал. Нэг аймагт зарлагдсан хурлуудад дахин дахин шүүгч томилоод явуулаад байх шаардлагагүй гэж үзсэн ...” гэж, шүүгч З.Т “... Миний хойшлогдсон хурал зарлагдахад тухайн өдөр нь өөр хурлуудын бүрэлдэхүүнд шүүгч томилох тохиолдолд Ерөнхий шүүгч намайг “Нэгэнт л хуралд томилолтоор явж байгаа юм чинь бүх зарласан хуралд нь орчих уу” гэж асууж байсан. Тэгэхэд нь би шүүхийн төсвийг хэмнэх зорилгоор “За” гээд л ордог ...” гэж, шүүгч Б.М “... 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Төв аймагт зарлагдсан хуралд З.Т орсон боловч дарааллын дагуу би орохоор байсан. Гэхдээ 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зарлагдсан 4 хурлаас 1 хурал нь шүүгч З.Т-гийн хойшлогдсон хурал байсан. Шинээр зарлагдсан 2 хуралд нь би орох байсан. Учир нь зөвлөгөөний тогтоолоороо хойшлогдсон хуралд орох шүүгч тухайн аймагт шинээр зарлагдсан хуралд хамт орно гэж тогтоогүй. Зөвлөгөөн дээр хойшлогдсон хуралдаа өмнө нь томилогдсон шүүгч нар ороод шинээр зарлагдаж байгаа хуралд дахиад нэмж шүүгч томилох шаардлагатай юу, төсөв мөнгөө хэмнэе гэдэг асуудал яригдсан. Харин би төсөв мөнгийг хэмнэх эсэхэд Тамгын газраас хяналт тавих ёстой, шүүгч нарын асуудал биш ээ, шинээр зарлагдсан хуралд тойргийн дарааллын дагуу шинээр шүүгч томилогдоод хоёр, гурваараа ч байна уу хамаагүй оролцох ёстой талаар хэлсэн ...” гэж тус тус мэдүүлсэн.
Тус өдөр Төв аймгийн давж заалдах шатны шүүхэд товлогдсон 4 хэргээс шүүгч З.Т-гийн шүүх бүрэлдэхүүнд томилогдон оролцож байсан 1 хэргийн хойшилсон хуралдаан, шинээр товлогдсон 3 хэргийн шүүх хуралдаан байсан бөгөөд шинээр товлогдсон хуралдаануудад дарааллын дагуу дараагийн шүүгч томилогдох ёстой.
2.Улмаар Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шинээр товлогдсон 1 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч З.Т оролцохоор байх боловч шүүгч Б.М оролцсон байна.
3. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр товлогдсон 1 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Амаржаргал дарааллын дагуу оролцсон тул Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шинээр товлогдсон 5 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч Б.М оролцохоор байх боловч шүүгч З.Т-г оролцуулахаар 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 85 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байна. Уг хэргүүдээс Г.У-д холбогдох хэргийн шүүх бүрэлдэхүүнд Ц.Амаржаргалыг оролцуулахаар 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 87 дугаартай албан бичгийг дахин хүргүүлжээ.
Тус өдөр товлогдсон 5 хэргээс 4 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч З.Т оролцож, 1 хэргийн буюу Г.У-д холбогдох хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Амаржаргал оролцсон байна. Харин Г.У-д холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшилж, 06 дугаар сарын 11-ний өдөр товлогджээ.
Гэвч Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нь Бүгд Найрамдах Турк Улсад сургалтаар зорчих болсон гэх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 100 дугаар албан бичгээр тус хэргийн шүүх бүрэлдэхүүнд дахин шүүгч томилон оролцуулахыг хүссэний дагуу шүүгч Б.М-ыг томилон оролцуулсан байна.
Харин 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шинээр товлогдсон 7 хэрэгт шүүгч З.Т оролцохоор байх боловч шүүгч Б.М оролцжээ. Үүнийг өргөдөл гаргагчаас ирүүлсэн нэмэлт мэдээлэлдээ шүүгч Ц.Амаржаргал оролцохоор байсан гэж бичсэн боловч 06 дугаар сарын 04-ний өдөр товлогдсон хэргүүдийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч оролцуулсан томилгоо болон тус өдөр мөн товлогдсон Г.У-д холбогдох хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч оролцуулсан томилгоог 2 тусад нь хүснэгтлэн тайлбарлахдаа дарааллын нэрийг алгасахгүйгээр үргэлжлүүлэн бичсэнээс шалтгаалан зөрсөн байна. /Нэмэлт мэдээллийн хүснэгтийн 6 болон 7 дугаар хүснэгт/
Энэ талаар холбогдох шүүгчээс “Шүүгч Б.М-ын аав нас барсан учраас 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажлын 10 хоногийн чөлөө олгосон, ... шүүгч З.Т Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.А-тай хамаарал бүхий этгээд тул оролцох боломжгүй болж дахин шүүгч томилуулах албан бичиг ирүүлсний дагуу шүүгч Ц.Амаржаргал оролцох байсан. Гэтэл шүүгч Ц.Амаржаргал Турк улсад сургалтаар явах болсон тул оролцох боломжгүй болж, Б.М оролцож хэрэг шийдвэрлэгдэж дууссан байна” гэж тайлбарласан бөгөөд Г.У-д холбогдох эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Д, Ерөнхий шүүгч Г.С, шүүгч Г.А нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Д, шүүгч Б.М, Б.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн магадлал зэргийг хавсарган ирүүлжээ.
Гэвч тус хэрэгт шүүгч З.Т-гээс татгалзан гарах хүсэлт гаргаагүй болох нь түүний “... А-тай садан төрөл, бид 2 олон жил өмгөөлөгч хийж байсан, садан төрөл гэдгийг шүүхийнхэн мэддэг. Хоол идэж суухдаа ч юм уу, ярианых нь дундуур ч юм уу А-гийн шийдсэн хэрэг байвал би орохгүй шүү гэж л хэлдэг. Зорилго нь хүний ажлыг л хөнгөвчлөх, зардал мөнгө хэмнэх юм ...” гэх мэдүүлэг, шүүгч Б.М-ын “... Сэлэнгийн Хөтөлийн А шүүгч З.Т-гийн хамаатан садан юм шиг байна лээ. А-гийн шийдвэрлэсэн хэрэгт З.Т орохгүй гээд дараагийн тойрогт оруулаад явсан байсан. Зүй нь татгалзлаа бичгээр гаргаад түүнийг бүрэлдэхүүн шийдвэрлээд дараагийн шүүгчийг томилох асуудлыг шийдвэрлэх ёстой байсан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул үндэслэлгүйгээр шүүх бүрэлдэхүүний шүүгчийг өөрчилсөн байна.
Мөн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нь Бүгд Найрамдах Турк Улсад сургалтаар зорчих болсон гэх үндэслэлээр түүнд чөлөө олгосон гэх агуулгатай болон шүүгч Б.М-т ар гэрийн гачигдал гарсныг харгалзан чөлөө олгосон гэх агуулга бүхий шүүгчдийн зөвлөгөөний тогтоолуудыг нэмэлт тайлбартаа хавсаргаж ирүүлсэн боловч уг тогтоолууд нь гарын үсгээр албажаагүй, тамгаар баталгаажуулаагүй, төсөл хэлбэртэй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангахгүй байх тул хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэлд тооцох боломжгүй байна.
4. Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шинээр товлогдсон 5 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч Ц.Амаржаргал оролцохоор байх боловч 2 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч З.Т, 3 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Амаржаргал оролцсон байна.
5. Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шинээр товлогдсон 4 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч Б.М оролцохоор байх боловч 1 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Амаржаргал, 3 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.М оролцсон байна.
6. Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шинээр товлогдсон 2 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч З.Т оролцсон.
Харин Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр товлогдсон И.А, Б.Л нарт холбогдох хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.М томилогдон оролцсон боловч хойшлогдож, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр товлогдсон. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаартай албан бичгээр тус хэргийн шүүх бүрэлдэхүүнд дахин шүүгч томилуулах, мөн шинээр товлогдсон 3 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч оролцуулах хүсэлтийг ирүүлсний дагуу шүүгч Ц.Амаржаргал оролцохоор албан бичгээр хариуг хүргүүлжээ.
Энэ талаар холбогдох шүүгчээс “... Б.М шүүгч амралттай байсан. Сэлэнгээс над руу яриад “М шүүгч хуралтайгаа мэдсээр байж огт утсаа авахгүй байна” гэж ярьсан. Тэгээд би орсон гэж санаж байна ...” гэж, шүүгч Б.М “... 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж амарсан. 09 дүгээр сард бүтэн амарсан. 10 дугаар сар гаргаад ажилдаа орсон санагдаж байна. Миний амралт дундуур миний томилогдсон хурал зарлагдсан тохиолдолд хурал хойшлогдох ёстой. Учир нь бүрэлдэхүүн томилогдсон бол тухайн бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэж дуусгах ёстой. Энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэлдэхүүн үл солих зарчим юм ...” гэж тус тус мэдүүлсэн.
Шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар баталсан 2024 онд ээлжийн амралт эдлэх хуваариас үзэхэд, шүүгч Б.М 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд амрахаар байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг шүүхийн нэг бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ”, 2 дахь хэсэгт “Шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй болсон бол өөр шүүгч томилж, шүүх хуралдааныг эхнээс нь явуулна” гэж заажээ.
“Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудаас зарим хуульд тухайн хуулийн онцлог зохицуулалтад хамааруулан тодорхойлж хуульчилсан байдаг.
Тухайлбал, Татварын ерөнхий хуульд зааснаар өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан, томилолтоор гадаад, дотоодод ажилласан, сургалтад хамрагдсан, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг тус тус заасан бол Монгол Улсын Дээд шүүхийн “Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай" зөвлөмжийн 2.1-т хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг “...хариуцагчийн оршин суугаа шүүхэд очих боломжгүй, эсхүл хүндрэлтэй байгаа, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит, тодорхой нөхцөлийг ойлгох нь зүйтэй гэж, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 28 дахь хэсэгт "гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ" гэж тус тус тайлбарласнаас үзэхэд, өөрөөс үл хамаарах шинжтэй, онцгой нөхцөл байдлыг ойлгох бөгөөд урьдчилан таамаглаж тодорхойлох боломжгүй, зайлшгүй шаардлагаар үүссэн тохиолдол байх ёстой.
Ээлжийн амралттай байсан гэх шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй тул нэгэнт шүүх бүрэлдэхүүнд томилогдон оролцож байгаа шүүгчийг дээрх үндэслэлээр сольж, өөр шүүгчийг томилон шүүх хуралдааныг явуулах үндэслэлгүй тул шүүгч Б.М томилогдон оролцож байсан хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Амаржаргал оролцсон нь хууль зөрчсөн байна. Харин тус өдөр шинээр товлогдсон 3 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу оролцжээ.
7. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд шинээр товлогдсон 7 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч Б.М оролцохоор байх боловч шүүгч Ц.Амаржаргал оролцсон байна.
Энэ талаар холбогдох шүүгчээс “... Б.М шүүгч ээлжийн амралттай байсан. З.Т шүүгч эрүүл мэндийн шалтгаантай байсан тул Ц.Амаржаргал явсан ...” гэж тайлбарласан.
Тус шүүхийн хэрэг хуваарилах журмын 17-д зааснаар шүүгч ээлжийн амралтаа эдэлж эхлэхээс ажлын 7 хоногийн өмнө шүүгчид хэрэг хуваарилахыг зогсоож, ээлжийн амралтаа эдлээд ажилд орохоос ажлын 7 хоногийн өмнө хэрэг хуваарилахаар зааснаас үзэхэд, шүүгч Б.М нь ээлжийн амралттай байсан тул дарааллын дагуу дараагийн шүүгч болох З.Т оролцохоор байна.
Шүүгч З.Т нь хуваарийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд ээлжийн амралтаа эдэлсэн байх тул дараалал зөрчигдөөгүй гэж үзлээ.
8. Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шинээр товлогдсон 7 хэргийн шүүх бүрэлдэхүүнд бусад 2 шүүгч амарсан байсан тул шүүгч Ц.Амаржаргал оролцсон. Үүний дараа тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 152 дугаар албан бичгээр хүсэлт ирүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шинээр товлогдсон 13 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.М ээлжийн амралттай байсан тул шүүгч З.Т оролцсон, мөн өдрийн 153 дугаар албан бичгээр хүсэлт ирүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шинээр товлогдсон 6 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Амаржаргал нар дарааллын дагуу оролцсон байна.
Харин Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шинээр товлогдсон 5 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч оролцуулахыг хүссэн хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 143 дугаар албан бичгээр ирүүлсэн байх бөгөөд тус албан бичгийг ирүүлэхээс өмнө Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхэд товлогдсон шүүх хуралдаануудад оролцох шүүгчийн нэрийг хүргүүлсэн байх тул дарааллын дагуу шүүгч З.Т оролцохоор байх боловч шүүгч Ц.Амаржаргал оролцжээ.
Энэ талаар холбогдох шүүгчээс “... Миний оролцсон М.Э-т холбогдох хэрэг хойшилсон тул ирж оролцсон, харин З.Т шүүгч эрүүл мэндийн шалтгаантай байсан тул тухайн өдөр зарлагдсан хуралд миний бие ирэх тул томилогдон оролцсон, З.Т шүүгч холын замд явах боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай байснаа өөрөө тайлбарлах байх ...” гэж, шүүгч З.Т “... 2024 оны 09 дүгээр сарын үед миний эрүүл мэндийн байдал тааруу байсан юм. Энэ үед Орхон аймгийн шүүхэд бүрэлдэхүүнд авах үед Ц.Амаржаргал шүүгч хуваарийн дагуу томилогдсон орсон. Тэгээд нэг хуралдаан нь хойшилсон гэсэн. Дахиад нэг хуралдаанд бүрэлдэхүүн авах юм байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би эрүүл мэндийн шалтгаанаа хэлээд, миний оронд Ц.Амаржаргал шүүгчийг ороод өгөөч гэж хэлээд оролцуулсан ...” гэж мэдүүлсэн боловч эрүүл мэндийн шалтгаантай байсан гэдгийг нотлох баримтгүй, түүнд өвчний улмаас чөлөө олгосон шийдвэр байхгүй зэргээр дарааллыг зөрчсөн гэж үзэхээр байна.
9. Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шинээр товлогдсон 5 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч Ц.Амаржаргал оролцсон. 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шинээр товлогдсон 3 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.М нь ээлжийн амралттай байсан тул дарааллын дагуу дараагийн шүүгч болох З.Т оролцжээ.
Харин тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шинээр товлогдсон 6 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Амаржаргал орохоор байх боловч шүүгч Б.М оролцсон байна.
Энэ талаар холбогдох шүүгчээс “... Миний ээлжийн амралтаа нөхөж амарсан үе байна ...” гэж тайлбарласан боловч үүнийг нотлох баримт тогтоогдохгүй байна.
10. Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шинээр товлогдсон 11 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч Б.М орохоор байх боловч шүүгч Ц.Амаржаргал оролцсон байна.
11. Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шинээр товлогдсон 10 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч З.Т орохоор байх боловч шүүгч Б.М оролцсон байна.
Дээрхээс үзэхэд, адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд оролцохоор томилогдсон шүүгчийн тухайн хэргийн шүүх хуралдаан хойшилж, дараагийн шүүх хуралдаан товлогдсон өдөр нь шинээр товлогдсон хэргийн шүүх бүрэлдэхүүнд дараалал зөрчиж оролцсон /Төв-2024.03.11, Орхон-2024.09.11/, шүүгчийг алгасаж томилсон үндэслэл тодорхойгүй /Сэлэнгэ-2024.05.14, 2024.06.04, 2024.11.12, 2024.11.25, 2024.12.17/, дарааллын дагуу томилогдсон шүүгчийг хуульд заасан үндэслэл үүссэн гэдгийг нотлох баримтгүйгээр сольдог /Сэлэнгэ-2025.06.04 Г.Уд холбогдох эрүүгийн хэрэг, Орхон-2024.09.11/, нэг өдөр товлогдсон шүүх хуралдаануудад үдээс өмнө ба хойно гэж, эсхүл үндэслэл тодорхойгүйгээр хуваан оролцдог /Сэлэнгэ-2024.06.18, 2024.06.27/, нэгэнт томилогдон шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа шүүгчийг үндэслэлгүйгээр сольдог /Сэлэнгэ-2024.09.03 И.А, Б.Л нарт холбогдох эрүүгийн хэрэг/ болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д “Ерөнхий шүүгч энэ хуулийн 16 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 17.1.1.тухайн шүүхийг бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөх; 17.1.2.энэ хуулийн 19.1-д заасан Шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах, удирдах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;”, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хэрэг хуваарилах нарийвчилсан журмын 10-д “Хэрэгт холбоогүй бусад өргөдөл, гомдол, хүсэлтийг Ерөнхий шүүгч ... хүлээн авч шийдвэрлэнэ” гэж тус тус заасан,
мөн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Т-ийн “... Ерөнхий шүүгч томил гэснийх нь дагуу би тэр шүүгчийг томилдог. Зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллын дагуу харж байгаад би танилцуулаад, тухайн бүрэлдэхүүнд орох ёстой шүүгч ээлжийн амралттай эсхүл хүндэтгэн үзэх шалтгаантай бол дараагийн шүүгчийг томилдог ...” гэх мэдүүлэг,
шүүгч Б.М-ын “... Энэ асуудлыг зохицуулах, хяналт тавих үүрэг бол Ерөнхий шүүгчид байдаг. Зөвлөгөөний тогтоолын биелэлтийг Ерөнхий шүүгч хянана, шүүгчийн томилгооны захирамжийг Ерөнхий шүүгч гаргадаг учраас захирамжийнхаа биелэлтийг хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл, тойргийн дараалал зөв эсэхэд хянасны дараа захирамжаа гаргадаг учраас Ерөнхий шүүгчид хамаарах асуудал юм ...” гэх мэдүүлэг,
шүүгч З.Т-гийн “... Туслах Ц.Т хуваарилалтыг хийдэг. Адил шатны шүүхээс бүрэлдэхүүн авах юм байна, одоо Таны ээлж шүү гээд л хэлдэг ...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд, адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч томилуулахаар ирүүлсэн хүсэлтийг Ерөнхий шүүгч хүлээн авч, оролцох шүүгчийн нэрийг хуваарилан хариуг хүргүүлэх ажиллагааг хариуцан хэрэгжүүлэхээр байна.
Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нь Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хэрэг хуваарилах нарийвчилсан журмын 4-д “Адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд томилолтоор ажиллах шүүгчийг энэхүү тогтоолын 2-т заасан нэрсийн дагуу томилж байсугай”, 11-д “Хуваарилагдсан хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авсан шүүгч, бүрэлдэхүүнд томилогдсон шүүгчийг гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн татгалзал, үндэслэл үүссэн, эсхүл шүүгч, шүүх бүрэлдэхүүн солигдох бусад нөхцөлд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилно”, 12-т “Адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд томилолтоор ажиллах шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно”, 16-д “Хуульд заасан болон шүүгч удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагаас бусад тохиолдолд шүүгчид хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг алгасаж хуваарилахгүй” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
Хэдийгээр шүүгч Ц.Амаржаргал нь санаатайгаар дараалал зөрчиж шүүгчийг бүрэлдэхүүнд томилоогүй гэж тайлбартаа дурдсан боловч давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэж, тус хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгох бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байтал давж заалдах шатны өөр шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлийг бүрдүүлж, хуульд заасан шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй байх заалтыг зөрчсөн үйлдлээрээ хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих, хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан тул 2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуяа нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, харин Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргалыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т “энэ хуулийн 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих;” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдэж, дүгнэлтийг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Холбогдох шүүгч Ц.Амаржаргал ирүүлсэн тайлбартаа “... “Манай шүүх жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдөр хэрэг, нэхэмжлэл хуваарилах, адил шатны шүүхэд бүрэлдэхүүнд орох тойргийг сугалаагаар тогтоодог.
Хэргийг системээр хуваарилдаг. Мэдээлэл технологийн мэргэжилтэн зөвлөгөөний тогтоолын дагуу тойргийн дарааллыг системд байршуулдаг. Систем санамсаргүй тохиолдлоор томилдог. Үүнийг Тамгын газар л зохион байгуулдаг, шүүгч нараас оролцдоггүй. Бусад адил шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүнд оролцоход сугалаагаар томилсон дарааллын дагуу оролцдог. Зарим шүүгч ээлжийн амралттай байсан гэх мэтээр дарааллын дагуу орох ёстой байсан шүүгч байхгүй бол тухайн хүний дараагийнх нь шүүгч ордог. Бусад шүүхийн шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчдийн бүртгэлийг шүүгчийн туслах Ц.Т бүртгэж хөтөлдөг. Адил шатны шүүхээс хурлын зарыг урьдчилаад ирүүлдэг. Тухайн явах өдөр нь жолооч томилолтыг авдаг. Манай шүүхээс шүүгч бусад шүүхэд очиж ажиллахад тухайн авч ажиллуулж байгаа шүүх нь томилолтын зардлыг гаргадаг.
Сэлэнгэд томилолтоор ажиллахдаа хонодоггүй, өдөртөө буцаад ирдэг. Харин нэг удаа Сэлэнгэд буудалд хоносон тохиолдол байгаа. Номуун билүү, намуун гэх нэртэй буудал байсан байх. Үүнийг жолооч нотолно. Надад Сэлэнгэд хоносон гэж томилолтын зардлын баримт өгчхөөд буцааж авсан тохиолдол огт байхгүй. Манай жолоочийн хувьд өгсөн баримтаа буцаан авсан зүйл байдаг эсэхийг мэдэхгүй.
Орхон аймаг руу 2-3 удаа дараалан явсан тохиолдол байгаа. Учир нь Б.М шүүгч амралттай байсан, дарааллын дагуу З.Т шүүгч орохоор байсан боловч бөөр нь өвдөөд, хөл нь гэмтчихсэн, Та миний оронд явчих гэж гуйгаад би оронд нь явсан. 2024 оны зун л ганц удаа ийм тохиолдол гарсан. Томилолтын мөнгө тухайн үед 16,000 төгрөг байсан. Орхон аймагт томилолтоор явахдаа хоноогүй. Өдөртөө буцаж ирсэн. Ер нь хонодоггүй юм.
Миний нөхөр А.М өмгөөлөгчөөр ажилладаг. Надаас хааяа нэг орж ирээд машины түлхүүр авдаг. Давж заалдах шатны шүүхийн бусад шүүгч нараас асуувал энэ талаар хэлэх байх. Давж заалдах шатны шүүхийн 3 шүүгч дундаа нэг туслахтай, туслах миний өрөөний үүдэнд суудаг. Өөрийнхөө орсон хурлын магадлалыг авах гэж туслахтай уулзахаар орж ирэх тохиолдол байгаа байх. Нөхөр А.М нь нэг л удаа шүүгч Б.М-тай зорьж ирж уулзсан тохиолдол байгаа. Урд нь тэр 2 хуралдааны явцад маргалдсан зүйл байгаа юм шиг байсан. Б.М шүүгч надад “Танай нөхөр матсан, хүн муутай” гэж ярьдаг байсан, манай нөхөр болохоор “Намайг буруу ойлгоод байна, би очиж уулзъя” гээд ирж уулзсан. Уучлалт гуйгаад гарснаас биш, маргалдсан зүйл болоогүй гэж байсан.
А.М-ын өмгөөлж байгаа хэрэгт хуулиараа би өөрөө шууд татгалздаг. Миний хувьд хэрэг задлаад байсан зүйл байхгүй. Би нөхрийнхөө өмгөөлж байгаа хэргийг мэдэхгүй, оролцдоггүй. Үүнийг би хариуцлагатайгаар хэлнэ.
Бүрэлдэхүүнд би орсон тохиолдолд заавал хэргийг уншиж танилцдаг. Манай шүүхийн хувьд бүрэлдэхүүнд орж байгаа тохиолдолд заавал хэргээ уншиж танилцдаг. Манай нөхрийн өмгөөлж байгаа хэрэгт би татгалзаад гарсан ч тухайн хэргийг уншиж танилцаж байсан тохиолдол байхгүй. Надад ийм шаардлага байхгүй.
Намайг гүтгэж, миний албаны нэр хүндэд халдаж байна гэж үзэж байна. Би төрийн албанд нэр төртэй олон жил ажилласан хүн, үүнийг манай хамт олон хэлнэ.” гэжээ.
Шүүгч Ц.Амаржаргалаас 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн тайлбартаа:
“З.Т шүүгчийн томилогдсон хурал хойшлогдоод товлогдоход нь зарлагдсан бусад хурлуудад оруулчихъя гэж З.Т шүүгчтэй яриад л томилдог. Энэ нь шүүхийн практикт байдаг асуудал. Нэг аймагт зарлагдсан хурлуудад дахин дахин шүүгч томилоод явуулаад байх шаардлагагүй гэж үзсэн.
Мөнхбулганд холбогдох хэргийн Орхон аймгийн шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанд дараалал зөрчиж оролцсон шалтгааныг хэлж мэдэхгүй байна. У-д холбогдох хэрэгт шүүгч Б.М орохоор байсан ч шүүгч Б.М-ын аав нас барсан учраас 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажлын 10 хоногийн чөлөө олгосон. Манай дүү харвачихсан учраас би 4 хоногийн чөлөө авсан тул шүүгч З.Т 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуралд орсон байх. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зарлагдсан хуралд миний хойшлогдсон нэг хурал байсан учраас шинээр зарлагдсан бусад хурлуудад нь би томилолтоор очсон учраас орсон. Шүүгч З.Т ажилдаа орж таарсан учраас 2024 оны 09 дүгээр сарын 13-нд бүрэлдэхүүнд орсон байх. 2024 оны 11 дүгээр сард дараалал алдагдсан нь миний ээлжийн амралтаа нөхөж амарсан үетэй таарч байна. 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэд болсон хурал хойшлогдоод 2024 оны 09 дүгээр сарын 03-нд болоход анх Б.М шүүгч томилогдсон байсан боловч шүүгч амралттай байсан. Сэлэнгээс над руу яриад “М шүүгч хуралтайгаа мэдсээр байж огт утсаа авахгүй байна” гэж ярьсан. Тэгээд би орсон гэж санаж байна. Шүүхээс л яриад би орсон. Татгалзал гарсныг хангасан тохиолдолд бүрэлдэхүүн солигдоно л доо. Би бас тухайн үедээ Б.М-ын хойшилсон хурал байсныг сайн мэдээгүй юм.
Манайд ирүүлсэн бичгийг үндэслэн шүүгч томилон хариуг хүргүүлж байгаа. Тухайн томилогдох ёстой шүүгч хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд дараагийн шүүгчийг томилдог. Эсвэл хойшилсон хуралдаа томилогдсон шүүгч нь оролцож байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд л сольж оролцож байгаа. Түүнээс биш би дураараа солиод оролцуулаад байгаа зүйл байхгүй. Хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхойлсон баримт байхгүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай, өвчтэй, чөлөөтэй байх үед эсхүл хойшлогдсон хурал зарлагдсан бол хэрхэн оролцох талаар зөвлөгөөнөөр тогтоосон байхгүй. Дарааллын дагуу шинээр зарлагдсан хуралд өөр шүүгч томилогдох ёстой талаар зөвлөгөөний тогтоолоор тогтоосон зүйл бол байхгүй. Тухайн үедээ учир шалтгаанаа шүүгч нар хоорондоо ярилцаад л шийдээд явдаг.
2025 онд дараалал алдагдах тохиолдол гараагүй. Яг л дарааллын дагуу явж байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай бол дараагийн шүүгчийг томилоод л явж байгаа.
Би татгалзал гаргаж байгаа бол зөвлөгөөнөөрөө, хуралдааны бус үед шүүгч нараас татгалзал гаргавал Ерөнхий шүүгчийн захирамжаар шийдэж байгаа. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А-гийн шийдсэн хэрэгт шүүгч З.Т татгалзал гаргаж байсан талаар сайн мэдэхгүй байна. Сэлэнгийн шүүх дээр тогтоол гаргачихсан байдаг юм байна лээ. Санаатайгаар дараалал зөрчиж томилоод бүрэлдэхүүнд оролцуулаад байсан тохиолдол байхгүй. Би өөрийгөө өндөр ёс зүйтэй хүн гэж хаана ч хэлнэ. Харин дараагийн зөвлөгөөний тогтоолдоо журмаа бүр илүү нарийвчлан оруулъя гэж бодож байна.” гэжээ.
Шүүгч Ц.Амаржаргалаас Шүүхийн сахилгын хороонд 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Миний бие 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон. Ингээд Шүүгчдийн зөвлөгөөнийг зарлан хуралдуулж, “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам” хэлэлцэн баталж, уг журмын хавсралтаар адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд томилолтоор ажиллах шүүгчийг сугалаагаар З.Т, Ц.Амаржаргал, Б.М гэсэн дарааллаар томилохоор тогтоосон. 2024 оны 03 дугаар сарын 01-ээс хойш болон 2025 онд адил шатны өөр шүүхэд шүүгч томилогдон ажиллахад журам зөрчигдөөгүй гэж үзэж байна. Нэмэлтээр ирүүлсэн хүснэгтээс харахад явсан он, сар, өдрүүд дээр доороо орж бичигдсэнээс эргэлзээтэй байдал үүсгэсэн, мөн зарим хуралдааны тов бүрэн гарч ирээгүй байна. Шүүгч ээлжийн амралттай, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөтэй байсан тохиолдолд дараагийн шүүгчийг томилдог.
2024 оны 03 сарын 01-ээс хойш
Шүүгдэгч | Шүүгчийн нэр | Хурлын | Шүүхийн нэр | |
1 | Э | З.Т | 2024.03.11 | Төв аймаг |
Э.Б Т.О нар | ||||
2 | С.Б нар | Ц.Амаржаргал | 2024.03.12 | Сэлэнгэ |
3 | Г.Б | Б.М | 2024.05.14 | Сэлэнгэ |
4 | Г.У | З.Т дарааллын дагуу энэ хэрэгт 2024.05.29-ний өдөр томилогдсон байх боловч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум Дундын шүүхийн шүүгч Г.А-тай хамаарал бүхий этгээд тул оролцох боломжгүй болж дахин шүүгч томилуулах албан бичиг ирүүлсний дагуу шүүгч Ц.Амаржаргал 2024.05.31-ний өдрийн УДШ-ийн ЭХТ-ын тэргүүний томилгоогоор оролцох байсан. Гэтэл шүүгч Ц.Амаржаргал Турк улсад сургалтаар явах болсон тул оролцох боломжгүй болж, 2024.06.07-ний 111 дүгээр томилгоогоор Б.М оролцож хэрэг шийдвэрлэгдэж дууссан байна. Холбогдох баримтуудыг хавсаргав. | 2024.05.29- | Сэлэнгэ |
4 | С.Б, Н.Э, Б.А | З.Т | 2024.06.04 | Сэлэнгэ |
5 | М.П, О.Х, А.Б, Д.Н, Э.Э | Дарааллаар шүүгч Ц.Амаржаргал явах байсан боловч миний бие 2024.06.10-аас 14-ний өдрүүдэд Турк улс руу сургалтад явах болсон тул Шүүгчдийн зөвлөгөөнөөр чөлөө авсан тул Б.М шүүгч томилогдон оролцжээ. | 2024.06.11 | Сэлэнгэ |
6 | С.А, Б.Э | З.Т | 2024.06.18 | Сэлэнгэ |
7 | Ч.Л, Ц.З | Ц.Амаржаргал Энэ өдөр 2 шүүгч нэг нь үдээс өмнө, нэг нь үдээс хойш оролцсон байна. | 2024.06.18 | Сэлэнгэ |
8 | Э.А Ч.Б нар | Б.М | 2024.06.27 | Сэлэнгэ |
9 | Д.Б | З.Т | 2024.07.05 | Сэлэнгэ |
10 | А. И.А нар | Ц.Амаржаргал | 2024.09.03 | Сэлэнгэ |
11 | Ц.Г Т.Ц Г.М Л.Д | Б.М шүүгч ээлжийн амралттай байсан. З.Т шүүгч эрүүл мэндийн шалтгаантай байсан тул Ц.Амаржаргал явсан | 2024.09.04 | Орхон |
12 | М.Э Э.П | Миний оролцсон М.Эт холбогдох хэрэг хойшилсон тул ирж оролцсон, харин З.Т шүүгч эрүүл мэндийн шалтгаантай байсан тул тухайн өдөр зарлагдсан хуралд миний бие ирэх тул томилогдон оролцсон, З.Т шүүгч холын замд явах боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай байснаа өөрөө тайлбарлах байх. | 2024.09.11 | Орхон |
13 | Б.Д | З.Т | 2024.09.13 | Сэлэнгэ |
14 | Г.А Ж.Б гэх мэт 5 хэрэг | Ц.Амаржаргал | 2024.09.24 | Сэлэнгэ |
15 | Э.М | З.Т | 2024.10.09 | Сэлэнгэ |
16 | Н.Ч гэх мэт | Б.М | 2024.11.12 | Сэлэнгэ |
17 | Н.Н | Ц.Амаржаргал | 2024.11.25 | Сэлэнгэ |
Хүснэгтэд холбогдох тайлбарыг бичсэн болно.” гэжээ.
Шүүгч Д.Нарантуяагаас 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн тайлбартаа: “... гол суманд байдаг хайрхан юм. Тахилга болсон өдрийн цайны цагаар очсон. Өргөх зүйлээ өргөөд л буцаж ирсэн. Шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ, Г.Мягмарсүрэн, О, би гээд 4-үүлээ явсан. Ө.Мөнх-Эрдэнэ шүүгчийн машинтай явсан. Ө.Мөнх-Эрдэнэ шүүгч машин барьж явсан.
Тухайн өдөр шүүх хуралдаан зарлагдаагүй байсан. Цайны цагийн үед яваад 16 цаг өнгөрөөгөөд ирсэн. Чөлөө аваагүй. Ажлын цагийг программаар бүртгүүлдэг.
Тахилгад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н, шүүгч О, бид 3 нэг машинд явсан санагдаж байна. 2 машинтай явсан.
Орхон аймгийн шүүхийн ойд зориулсан тэмцээнд би оролцсон. Би парадо маркийн машинд сууж ирсэн. Хамт И, И шүүгч нар сууж ирсэн шиг санаад байна. Ө.Мөнх-Эрдэнэ шүүгч ямар машинд, хэнтэй хамт сууж ирснийг мэдэхгүй.
Би Д.Алтантуяа шүүгч болон бусад шүүгч нар ... гол руу явахад хамт яваагүй.” гэж, нэмэлт тайлбартаа: “Миний бие 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өглөө ажилдаа ирж, 09 цагт “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн байх ба энэ өдөр зарлагдсан хурал болон хэргийн оролцогчдыг дуудаагүй байсан.
Манай шүүхийнхэн өнөөдөр Хайрхан уулын тахилгатай, Ж.О шүүгчийн тэтгэвэртээ гарах зарлиг хүлээгдэж байсан учир хамт олноороо Ж.О шүүгчтэйгээ хамтдаа очиж өргөлөө өргөж ирвэл зүгээр юм гэж ярилцаад явахаар болж цайны цагаар буюу 12 цагийн үед би өөрийнхөө машинаар шүүгч Ж.О, нарийн бичгийн дарга Н нарын хамт, Ө.Мөнх-Эрдэнэ шүүгч өөрийнхөө машинаар шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгчийн туслах Э.Ш нар тус тус явсан.
Хайрхан уул маань ... гол суманд оршин тогтнодог бөгөөд жилд нэг удаа тахилгын арга хэмжээ зохион байгуулагддаг, Дарханаас ... гол сум руу 40-50-аад км зайтай дандаа засмал замаар явдаг ба ирэх, очихын 1 цаг л зарцуулагдана. Бид Дарханаас шууд Хайрхан ууландаа очиж ажил үйлс, амьдралаа даатган залбиран, өргөлөө өргөөд буцаад 15-16 цагийн үед өөрийнхөө машинаараа ажил дээрээ ирж, байж байгаад ажлын цаг дуусангуут гэртээ харьсан болно.Энэ хооронд ажлын 1-2 цаг л байсан болохоор чөлөө авах асуудал яригдаагүй” гэжээ.
Шүүгч Г.Мягмарсүрэнгээс 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн тайлбартаа: “Би 2023 оны 02 дугаар сард давж заалдах шатны шүүхэд томилогдсон. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх намайг ирэхэд 3 шүүгчтэй байсан, би ирээд 4 шүүгчтэй болсон. Ерөнхий шүүгч А тэтгэвэртээ гарсны дараа Үүрийнтуяа шүүгч шилжиж ирсэн. 2025 оны 02 дугаар сард сэлгэнээр ажиллаж байсан Б шүүгч тэтгэвэртээ гараад, Үүрийнтуяа шүүгч шилжсэн. Ингээд одоо шүүгч Т бид 2 ажиллаж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн цаг бүртгэлийн системээр компьютерээсээ орж цагаа бүртгүүлдэг. Би 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ...д шүүгч Д.Нарантуяа, Ө.Мөнх-Эрдэнэ, О нартай хамт явсан. Намайг анх шилжиж ирсний дараа А шүүгч “Манай Дархан хайрханд шинээр ирж байгаа хүмүүс очоод өргөл өргөвөл сайн байдаг юм” гэж хэлж байсан юм. Намайг өрөөндөө байхад Ө.Мөнх-Эрдэнэ шүүгч над руу өдөр 12 цагийн үед залгаад “...д явах гэж байна, Та явах уу” гэж асуусан. Тэгэхэд нь би “ажлын цагаар яана аа” гэхэд “ойрхон юм чинь гайгүй байх аа, цайны цагаар яваад ирье” гэхээр нь хамт явсан. Тэгээд 15 цагийн орчимд буцаж ирсэн. Хайрхан дээр гараад овоонд нь өргөлөө өргөчхөөд л буцаад ирсэн. Хайрхан нь нэлээн өндөр юм байна лээ. Өдрийн ажлын цаг заваар гарахдаа туслахдаа хэлээд, яаралтай ажил байвал залгаарай гэж хэлээд л гараад явдаг.
Б, А шүүгч нарын хүндэтгэлийн шүүх хуралдаанд оролцсоноос бус өөр арга хэмжээнд оролцоогүй. Намайг ирснээс хойш шинэ жилийн арга хэмжээ гэх мэт зүйл нэг ч удаа хийж байгаагүй.” гэжээ.
Шүүгч Ө.Мөнх-Эрдэнээс 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн тайлбартаа: “Би шүүгчээр 3 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь захиргааны хэргийн шүүхэд 10 гаруй жил ажиллаж байсан. Өдрийг нь бол сайн санахгүй байна. Намайг Дарханд шүүгчээр томилогдсоноос хойш жил бүр ... гээд шүүхийнхэн оролцдог байсан. Би энэ жил анх удаа явсан. О шүүгч тэтгэвэртээ гарах гэж байгаа, дурсамж бүтээе гэдэг зорилгоор Г.Мягмарсүрэн, Д.Нарантуяа, О шүүгч гээд бид 4 хамт явсан. Тухайн үед Тамгын газрын ажилчид өмнө нь оролцдог байсан шигээ явна гэж ярьж байсан. Гэхдээ явсан үгүйг сайн мэдэхгүй байна. Бид нарын хувьд 11 цаг өнгөрөөгөөд явсан. Очоод өргөлөө өргөчхөөд буцаад 15 цагийн үед ирсэн байх. Би өөрийнхөө машинтай явсан. Миний машинд Г.Мягмарсүрэн шүүгч бид 2 явсан. Нөгөө машин нь Д.Нарантуяа шүүгчийн машин байсан. Тэр машинд нь О шүүгч, нарийн бичгийн дарга Н, Д.Нарантуяа шүүгч 3 явсан.
Журмаараа чөлөөний асуудлыг Ерөнхий шүүгч шийдвэрлэх байх. Тухайн үед миний хувьд Захиргааны шүүхээрээ шийдвэрлэсэн асуудал гэж ойлгоод явсан. Тамгын газарт энэ талаар мэдэгдсэн талаар мэдэхгүй байна. О шүүгчийн санаачилгыг хүндэтгээд хамт олноороо явсан гэж ойлгож байгаа. Цагаа бүртгүүлсэн байх. Шалгаад үзвэл гарах байх.
Орхон аймгийн шүүхийн ойд зориулсан тэмцээнд би өөрийнхөө машинаар явж, ирсэн. Тэмцээнээс буцаж ирэх замд миний машинд А гээд нарийн бичгийн даргаар ажилладаг жирэмсэн охин, түүний нөхөр нь Ж тухайн үед нарийн бичгийн даргаар ажилладаг байсан, тэгээд гар бөмбөгийн багийн О, Э гээд нарийн бичгийн дарга нар байсан. Машиныг Ж жолоодож ирсэн.
Буцаж ирэх өдөр нь хагас сайн өдөр байсан. Манай эмэгтэй баг алтан медаль авсан. Орхоны шүүхийнхэн Эрдэнэт самбарын тэр хавьд гаргаж өгөөд нэг шил архи задлаад, ганц удаа л надад өгсөн байх. Тэгээд би амссан байсан учраас Ж-г “машин барих уу” гэсэн чинь “тэгье” гээд бариад ирсэн.
Машинд явж байхдаа нарийн бичиг охидуудаас нэг шил архи задалсан санагдаж байна. Гэхдээ тэр архийг бараг уугаагүй. Маргааш нь машинаа цэвэрлэх гээд үзэхэд дөнгөж задлаад бараг уугаагүй архи байсан.
Машинд явж байхдаа бусдыг доромжилсон зүйл болоогүй. Би яагаад ингэж бичсэнийг сайн мэдэхгүй байна. Миний хувьд хууль бус зүйл хийгээд байвал шууд хэлчихдэг зангаас минь болоод надад дургүй хүн ганц нэг байдаг байх. Намайг залуу шинэ шүүгч байж юм ярилаа гэдэг байдлаар хандах тохиолдол гарч байсан. Машинд бусдыг доромжилсон зүйл огт болоогүй.
Шүүгч нарын цаг бүртгэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ЕЗ-ийн системээр бүртгүүлдэг байсан. Одоо шинэ системээр бүртгүүлж байгаа. Би энэ байгууллагад хамгийн эрт ирдэг, цайны цагаар гарахгүйгээр ажлаа хийдэг.” гэжээ.
Шүүгч Д.Алтантуяагаас 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн тайлбартаа: “Анхан шатны шүүхийн Тамгын газрын ажилчид, шүүгч нар 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ... гол руу явсан. Шүүгч нар их орой ажил тараад очсон санагдаж байна. Шүүгч нар мөнгө нийлүүлж хураагаад хонь авч, жимбий хийж идэцгээгээд орой нь ирсэн. Дараа нь шүүхийн дундын мэдээллийн сайтад давж заалдах шатны шүүхийн Тамгын газрынхныг орхиж явлаа гэсэн агуулгатай зүйл бичсэн байсан. Жолооч албаны бус зүйлд явлаа гэж дурамжхан байна гэж сүүлд нь сонссон. Орой нь Б гэж жолооч ирж авсан. Эндээс явахдаа бөөнөөрөө нэг машинд суугаад явсан санагдаж байна. Надад хүн дарамталсан зүйл байхгүй. Хэлтсийн дарга нараас машин барьж яваагүй. Манайх 2 хэлтсийн даргатай. Хоёулаа эмэгтэй хүмүүс. Миний санаж байгаагаар Сэрүүнтунгалаг яваагүй. Шүүгч, ажилчдаас ихэнх нь явсан. Ажил тарсны дараа явсан. Ажлын бус цаг байсан учраас ууцгаасан байх. Яг тэдэн шил гэж хэлж мэдэхгүй юм. Тухайн үед Иргэний хэргийн шүүхийн шүүгчид ихэвчлэн явсан. Иргэний хэргийн шүүхийн шүүгч нар эмэгтэй шүүгчид байдаг, архи дарс бага хэрэглэдэг хүмүүс байдаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглээд хоорондоо муудалцсан зүйл болоогүй. Бөөнөөрөө нэг салхинд гаръя гэж ярьцгааж байсан юм. Би Орхон аймгийн шүүхийн ойд зориулсан тэмцээнд оролцоогүй. Мөн ...д яваагүй. Өөр ямар нэгэн аялал зугаалга, салхинд гарах гэх мэт арга хэмжээ болоогүй.”, нэмэлт тайлбартаа: “2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэгдэж, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх болж өөрчлөгдсөн, улмаар тус шүүхийн Тамгын газар нь Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газартай нэгдэж, нэг Тамгын газрын даргын удирдлага дор ажиллахаар болсон.
Тус шүүхийн нийт шүүгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зөвлөгөөнөөр шүүгч Д.Алтантуяа миний бие Ерөнхий шүүгчээр сонгогдон ажиллах болсон.
Бид нэг байранд хоёр шүүхийн шүүгчид болж нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн боловч хуулийн дагуу нэгдэж нэг шүүх болсон өдрөөс хамтран ажиллаж, шүүн таслах ажлыг хэрэгжүүлж ирсэн.
Тус анхан шатны шүүгч нар маань хавраас л салхинд гарч шөл ууцгаая гэж ярилцаж байсан боловч ажлын нөхцөл байдлаас энэ нь удааширч байгаад 2025 оны 06 дугаар сарын 10-нд хэрэгжсэн. Тэгэхдээ зөвхөн анхан шатны шүүгч нар мөнгө гаргаж, хоол, хүнсийг захиргааны ажилчид бэлдэхээр болсон. Энэ өдрийн өглөө 11 цагт захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шинээр шүүгч Б.А томилогдон ирсэнтэй холбогдуулан тангараг өргөх ёслол болсон. Энэ ажиллагааны дараа би Тамгын газрын дарга З.Б-д “бид орой шөл уухаар явна, та явахгүй юм уу” гэхэд “хүү маань өвдсөн явж чадахгүй нь ээ” гэж хэлсэн.
Шүүхээс машин гаргаж, жолоочоор С.Б уг өдрийн орой ажил тарсны дараа Ерөнхий шүүгч Д.Алтантуяа, шүүгч З.Т, шүүгч М.О, шүүгч Г.Э, шүүгч Б.Н, шүүгч Б.Г, шүүгч Б.Б, шүүгч Б.И, хэлтсийн дарга Х.Н-т болон захиргааны ажилчдын хамт ... шүүхийн амралтын байранд хүргүүлсэн.
Бид ажил тарснаас хойш нэлээн орой 18 цаг өнгөрөөгөөд Зулзагад очоод 22 цаг өнгөрөөгөөд уг машинаараа буцаагаад хүргүүлсэн.
Бид ярилцаж байгаад анхан шатны шүүхээрээ явцгаая гэж шийдсэн бөгөөд энэ
талаар нөгөө шүүхийн шүүгч ажилчид мэдэж байсан, зарим нэгэн хүн дургүйцэж байсан нь нийт ажилчдын дундын сайтад хэлтсийн дарга Х.Н-аас “Зарлал: Өдрийн мэндээ, Зулзага явах хүмүүс өдөр 14:30 цагт анхан шатны шүүхийн байрнаас хөдөлнө шүү. Дулаан хувцсаа өмсөөд хувийн бэлтгэлээ сайтар хангаж ирээрэй” гэсэн бичилтийн дараа давж заалдах шатны Ерөнхий шүүгч Т “нэг Тамгын газартай болсон боловч давахын байшинд байгаа хүмүүст хамаагүй зугаалга гэсэн шүү. Илүү юм бодохгүй ажлаа хий” гэсэн мэдээллээр нотлогдоно.
Миний зүгээс гомдолд хоёр шүүхийн Тамгын газар нэгдэж хоёр хамт олон болсон гэдгийг одоо болтол ойлгодоггүй гэсэн мэдээллийг эсэргүүцэж байна. Хэлтсийн даргаа дарамтлан машин унаж явсан зүйл байхгүй ээ. Тус шүүхийн шүүгч, ажилчид нэлээдгүй хүн явсан учраас бидэнд багтаамжтай машин хэрэгтэй болсон. Энэ талаар мэдэгдсэний дагуу шүүхээс машин гаргаж өгсөн. Хэлтсийн дарга Х.Н-т захиргааны ажилчдаа удирдан цуг нэг машинд явсан. Харин хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг ... байранд байхад араас очсон. Мэдээлэлд дурдсан шүүхийн Тамгын газрыг нэгдсэнийг ойлгодоггүй, мэддэггүй, хэлтсийн даргаа дарамталсан гэснийг зөвшөөрөхгүй. Энэ талаар холбогдох
хүмүүсээс тодруулах биз ээ. Бид 3-4 цагийн орчим уг байранд байхдаа бэлдсэн хоол хүнсээ хэрэглэсэн. Ихэнх нь эмэгтэй хүмүүс архи дарс хэрэглэдэггүй хүмүүс явсан тул архидан согтуурч хавтгайрсан зүйл байхгүй. Буцаад жолооч С.Бар хүргүүлж гэр гэртээ харьцгаасан. Иймд шүүгч миний бие мэдээлэлд дурдсан ёс зүйг уландаа гишгэсэн, ажил албандаа хүндэтгэлгүй хандсан зүйл байхгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн А.Б болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуяа нарт холбогдуулан гаргасан мэдээллийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ГЗҮ/2025/0114 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
1. Шүүгч Ц.Амаржаргалд холбогдуулан гаргасан “... Сэлэнгэ аймгийн шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын орчимд шүүх хуралдаанд оролцохдоо Сэлэнгэ аймагт хоноогүй атлаа буудалд хоносон мэтээр баримт бүрдүүлж өгч, улмаар Сэлэнгэ аймгийн шүүхийнхэн гайхаж, ичсэндээ тэр баримтаа буцааж авсан тохиолдол бий гэдгийг Сэлэнгэ аймгийн шүүхийнхэн болон хамт томилолтоор ажилласан жолооч Б сайтар мэдэх учиртай” гэх мэдээллийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгч Ц.Амаржаргал нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн зөрчлийн болон эрүүгийн нийт 11 шүүх хуралдаанд бүрэлдэхүүний шүүгчээр оролцох болсонтой холбоотойгоор Дархан-Уул аймгийн Шүүхийн Тамгын газраас 2 хоногийн томилолтын хуудсыг авч, ажиллахаар болсон байна. Тус 2 хоногийн томилолтын мөнгийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шүүхийн Тамгын газраас олгожээ.
Холбогдох шүүгч Ц.Амаржаргал тайлбартаа “...Сэлэнгэд томилолтоор ажиллахдаа хонодоггүй, өдөртөө буцаад ирдэг. Харин нэг удаа Сэлэнгэд буудалд хоносон тохиолдол байгаа. Номуун билүү, намуун гэх нэртэй буудал байсан байх. Үүнийг жолооч нотолно. Надад Сэлэнгэд хоносон гэж томилолтын зардлын баримт өгчхөөд буцааж авсан тохиолдол огт байхгүй. Манай жолоочийн хувьд өгсөн баримтаа буцаан авсан зүйл байдаг эсэхийг мэдэхгүй” гэж,
жолооч Ж.Б “... Ер нь бол 7 хоногт 2-3 удаа явдаг. Нэг удаа хоносон тохиолдол байгаа. Доороо CU дэлгүүртэй буудал байсан. Хуралдааны өмнөх өдөр нь хэргээ уншина гэж очиж хоноод маргааш нь хуралдаа орсон. Намуун байх, тийм нэртэй буудал байсан, ... Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллах үедээ хоноогүй мөртөө хоносон мэтээр буудлын баримт бүрдүүлэн өгсөн тохиолдол байхгүй. Ганц удаа л Сэлэнгэд хоносон, тэрийгээ бүрдүүлж өгсөн. Өөрөөр хоноогүй, өдөртөө буцаад ирдэг. Хонохдоо буудлын нэртэй цаасан баримт авч, Сэлэнгийн шүүхэд өгсөн. Шүүгч Ц.Амаржаргал буудлын тооцоог хийсэн. Эхлээд тооцоогоо хийчхээд дараа нь баримтаа Сэлэнгийн шүүхэд өгөхөөр мөнгө нь дансанд орж ирдэг. Миний дансанд буудлын болон хоолны зардал орж ирсэн ...” гэж гэрчээр мэдүүлж, томилолтын баримтаа хавсарган өгсөн байна.
Дээрхээс үзвэл “шүүгчийг томилолтоор хоноогүй байж, хоносон мэтээр баримт бүрдүүлж өгсөн, ичсэндээ тэр баримтаа буцааж авсан” гэх мэдээлэл нь үндэслэлгүй байна.
2.Шүүгч Ц.Амаржаргалд холбогдуулан гаргасан “...Нөхөр болох өмгөөлөгч Мөнхбат нь өөрийн гэртээ орж ирж буй мэт шүүхээр орж, гарч зарим нэг шүүгч нарын өрөөнд орж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах зэрэг асуудал үүсгэдэг гэдгийг хамт ажиллаж буй эрүүгийн шүүгч нар нь сайн мэднэ. Энэ бол байж болохгүй асуудал гэж бодож байна. Дархан-Уул аймгийн шүүх гэдэг энэ байгууллага шүүгч Амаржаргал, өмгөөлөгч Мөнхбат нарын гэр орон биш гэдэг нь ойлгомжтой. ... хамтран амьдрагч өмгөөлөгч А.М-д мэдээлэл дамжуулдаг” гэх мэдээллийн тухайд:
Шалгах ажиллагааны явцад дээрх мэдээллийг тодруулахаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нараас гэрчийн мэдүүлэг авсан, шүүгч Б.М “...Би эхнэр нь болох шүүгч Ц.Амаржаргалыг томилгоотой холбоотой асуудлаар судалсан, юм ярьсан болохоор намайг ингэж байгаа юм байх даа гэж л бодсон. Нэг удаа коридорт манай өрөө лүү орох гээд байхаар нь би Тантай уулзахгүй ээ гээд оруулаагүй юм., ... А.М-ын өмгөөлж байгаа хэрэгт Ц.Амаржаргал шүүгч ордоггүй, ... Миний илтгэж байгаа А.М-ын өмгөөлж байгаа хэргийг шүүгч Ц.Амаржаргал татаж авч танилцаж байсан тохиолдол байхгүй. Надаас тэгж миний илтгэж байгаа хэргийг авч танилцаж чадахгүй ...” гэж,
шүүгч З.Т “... Намайг 2 жил болоход миний өрөөгөөр нэг ч удаа орж ирж байгаагүй. Шүүхээр байнга орж гардаг зүйл байхгүй. Намайг Ц.Амаржаргал шүүгчийн өрөөнд байхад тааралдахад нь нөхөр нь гэдэг утгаар мэндлээд л өнгөрдөг. Хуралдаан болох үед шүүх хуралдааны танхимын гадна ч юм уу тааралддаг болохоос биш миний өрөөнд орж ирээд, маргаан үүсгэсэн зүйл огт байхгүй ...” гэх мэдүүлгийг тус тус өгсөн.
Мөн шүүхийн бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгээр өмгөөлөгч М нь шүүх хуралдаанд оролцохоор 2024 онд 4 удаа шүүхээр орсон, харин 2025 онд дээрх бүртгэлийн дэвтэрт өмгөөлөгч М бүртгэгдээгүй байх тул өмгөөлөгч М шүүхээр гэр нь мэт орж гардаг, шүүгч түүнд мэдээлэл дамжуулдаг гэх мэдээлэл үндэслэлгүй.
Түүнчлэн дээрх шүүгч нарын мэдүүлгээс үзвэл өмгөөлөгч М шүүгч нартай маргалдсан гэх үйл баримт тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
3.Шүүгч Д.Нарантуяа, Ө.Мөнх-Эрдэнэ, Г.Мягмарсүрэн нарт холбогдуулан гаргасан “...2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ... болоход шүүгч Нарантуяа, Мөнх-Эрдэнэ, Мягмарсүрэн болон бусад шүүгч нараар толгойлуулсан нэр бүхий шүүгч, ажилтнууд ажил тасалж, тахилгад оролцсон. Жирийн захиргаа болон үйлчилгээний ажилтнууд ингэж явбал ажил тасалсанд тооцогдож, арга хэмжээ авагдах нь ойлгомжтой” гэх мэдээллийн тухайд:
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэнгийн “..Намайг өрөөндөө байхад Ө.Мөнх-Эрдэнэ шүүгч над руу өдөр 12 цагийн үед залгаад “...д явах гэж байна, та явах уу” гэж асуусан. Тэгэхэд нь би “ажлын цагаар яана аа” гэхэд “ойрхон юм чинь гайгүй байх аа, цайны цагаар яваад ирье” гэхээр нь хамт явсан. Тэгээд 15 цагийн орчимд буцаж ирсэн” гэх, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяагийн “..цайны цагаар буюу 12 цагийн үед би өөрийнхөө машинаар шүүгч Ж.О, нарийн бичгийн дарга н.Н нарын хамт, Ө.Мөнх-Эрдэнэ шүүгч өөрийнхөө машинаар шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгчийн туслах Э.Ш нар тус тус явсан. ... буцаад 15-16 цагийн үед өөрийнхөө машинаараа ажил дээрээ ирж, байж байгаад ажлын цаг дуусангуут гэртээ харьсан болно” гэх, шүүгч Ө.Мөнх-Эрдэнийн “...Би энэ жил анх удаа явсан. О шүүгч тэтгэвэртээ гарах гэж байгаа, дурсамж бүтээе гэдэг зорилгоор Г.Мягмарсүрэн, Д.Нарантуяа, О шүүгч гээд бид 4 хамт явсан. ...Бид нарын хувьд 11 цаг өнгөрөөгөөд явсан. Очоод өргөлөө өргөчхөөд буцаад 15 цагийн үед ирсэн байх” гэх тайлбаруудаар шүүгч Г.Мягмарсүрэн, Д.Нарантуяа, Ө.Мөнх-Эрдэнэ нар нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн ... гол сумын нутаг дэвсгэрт оршдог ...д оролцсон болох нь тогтоогдож байна.
Дээрх тайлбаруудаас үзвэл шүүгч нар нь тухайн өдөр цайны цагаар яваад өдөр 16 цагийн үед шүүхэд буцаж ирсэн байх бөгөөд тухайн өдөр шүүгч нар нь ажлын цагийг бүртгүүлснээс гадна шүүгч Д.Нарантуяа нь тус өдрийн 09 цаг 00 минутад урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаантай байсан зэргээр шүүгч нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.24-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан ажлаа удаа дараа таслах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
4.Шүүгч Ө.Мөнх-Эрдэнэд холбогдуулсан “... Орхон аймгийн шүүхийн ойд зориулсан тэмцээнээс буцах замдаа архи ууж согтуурсан үедээ хамт нэг машинд сууж явсан ажилчдыг ялгаварлан доромжилж, хөөрхөн муухайгаар нь дуудаж, хамт нэг машинд явсан хүмүүсийг эвгүй байдалд оруулж, шүүгч хүнд баймгүй муухай авир гаргасан” гэх мэдээллийн тухайд:
Тус сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Орхон аймагт 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдрүүдэд бүсийн шүүхүүдийн дунд спортын тэмцээн зохион байгуулагдсан байх ба тус тэмцээнд Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгч, захиргааны ажилчид оролцсон байна.
Тухайн тэмцээнд оролцоод буцахад шүүгч Ө.Мөнх-Эрдэнийн хувийн машинд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, М.Ж, Б.О, С нар сууж явсан талаар холбогдох шүүгч болон гэрч нар мэдүүлжээ.
Дээрх захиргааны ажилчдаас мэдээлэлд дурдсан үйл баримтыг тодруулахад Б.А ”..архи задлаад хүмүүст хийж өгсөн. Манай нөхөр бид хоёр огт уугаагүй. Ө.Мөнх-Эрдэнэ шүүгч тийм согтуурхсан зүйл гаргаагүй”, М.Ж “..тийм зүйл болоогүй. Угаасаа тийм ч их согтохоор хэмжээнд уугаагүй. Замдаа тэмцээний талаар ярилцаад л ирсэн”, Б.О “...тийм зүйл болоогүй. Буцах замдаа шөнө гарсан учраас тэмцээнийхээ талаар ярилцаад л ирсэн. Бас шөнө байсан болохоор унтаад л ирсэн” гэх мэдүүлгүүдийг өгсөн.
Иймд, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэд холбогдуулан гаргасан дээрх мэдээлэл нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.
5.Шүүгч Д.Алтантуяад холбогдуулан гаргасан “... шүүгч Д.Алтантуяа нь 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр анхан шатны шүүхийн шүүгч нараа бүгдийг нь дагуулж, ... гол явж архидан ажил тасалсан. Албан бус ажил учир авч явах жолооч олдохгүй байхад хэлтсийн даргаа дарамтлан албаны машин унаж явж, архидан согтуурах ажлыг удирдан зохион байгуулсан ...” гэх мэдээллийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч, захиргааны ажилчид ... гол гэх газар луу салхинд гарч өдөртөө ирсэн болох нь холбогдох шүүгч Д.Алтантуяагийн “Анхан шатны шүүхийн Тамгын газрын ажилчид, шүүгч нар 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ... гол руу явсан. Шүүгч нар их орой ажил тараад очсон санагдаж байна. ...Жолооч албаны бус зүйлд явлаа гэж дурамжхан байна гэж сүүлд нь сонссон. Орой нь Б гэж жолооч ирж авсан. Эндээс явахдаа бөөнөөрөө нэг машинд суугаад явсан санагдаж байна. Надад хүн дарамталсан зүйл байхгүй.” гэх тайлбар,
шүүхийн Тамгын газрын дарга З.Б “...Үдээс хойш явах гэсээр байгаад өдөр өнгөрсөн байх гэж бодож байна. Энэ үеэр машин хүрэлцэхгүй байна, Ж.Б жолоочийг машин унаад яваад өгөөч гэхэд нь дарга зөвшөөрөөгүй учраас би явж чадахгүй гэж хэлсэн талаар хэлтсийн дарга Х.Н-аас сонссон. Байгууллагын арга хэмжээ учраас за, яваад ир дээ гэж хэлээд Ж.Б жолооч хүргэж өгч, авсан байх. Миний багцаагаар 16-17 цагийн орчимд ... гол руу явсан байх гэж бодож байна” гэх,
хэлтсийн дарга Х.Н “...Олон хүний суудалтай машин хариуцаж барьдаг жолооч Ж.Б-д машинаа бэлэн байлгах талаар хэлэхэд албан бус арга хэмжээ гэсэн биз дээ, би явахгүй гэсэн зүйл хэлсэн. Тэгэхээр нь би албан ёсных, та үйлчлэх ёстой шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Тамгын газрын даргад хэлээд машин аваад явахаар болсон.” гэх,
жолооч Ж.Б “... Анхан шатны ихэнх хүмүүс байсан. Д.Алтантуяа шүүгч, захиргааны бусад ажилчид миний барьж байсан машинд сууж явсан. Зарим хүмүүс хувийн машинтайгаа түрүүлээд оччихсон, бас ардаас зарим хүмүүс ирсэн болохоор яг хэн хэн явсныг хэлж мэдэхгүй байна. Өдөр 11 цагийн үед яваад, орой 22 цагийн үед очиж авсан. Тамгын газрын дарга З.Б надад үүрэг өгсөн ...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Харин “хэлтсийн даргаа дарамтлан албаны машин унаж явж, архидан согтуурах ажлыг удирдан зохион байгуулсан” гэх мэдээлэл нь дээрх холбогдох шүүгчийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хэдийгээр ажлын өдрөөр шүүх аялал, зугаалга зохион байгуулсан нь буруу боловч тус өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хуралдааны товоос үзвэл шүүн таслах ажиллагаа тасалдуулаагүй байна.
Иймд, дээрх мэдээллийн үндэслэлээр шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.24-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
Цаашид шүүх нийтийг хамарсан аялал, зугаалгыг ажлын бус өдөр зохион байгуулж, дээрх үйлдлийг дахин гаргахгүй байхад анхаарах шаардлагатай.
6.Шүүгч Ц.Амаржаргалд холбогдуулан гаргасан “... шүүгч Ц.Амаржаргал нь Ерөнхий шүүгчийн бүрэн эрхээ хэтрүүлэн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллыг зөрчиж, бусад шүүхийн шүүх бүрэлдэхүүнд томилогдох шүүгчийг томилохдоо удаа дараа өөрийгөө томилж, хууль бусаар шүүх бүрэлдэхүүнд томилогдож, томилолтын мөнгө авч байсан. ... Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нь шүүгчдийн зөвлөгөөний шийдвэргүй Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаануудад оролцдог ...” гэх мэдээллийн тухайд:
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг томилох журмын 2-т “...шүүгч нарт хэрэг хуваарилах дарааллыг сугалаагаар дор дурдсанаар тогтоож, тойрог үүсгэсүгэй. 1.З.Т, 2.Ц.Амаржаргал, 3.Б.М”, 4-т “Адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд томилолтоор ажиллах шүүгчийг энэхүү тогтоолын 2-т заасан нэрсийн дагуу томилж байсугай” гэж заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “... аймаг, нийслэлийн шүүх тодорхой эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон бол ... аймаг, нийслэлийн шүүхийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүний шийдвэрээр шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмыг баримтлан томилно” гэж заасны дагуу адил шатны өөр шүүхээс буюу Сэлэнгэ, Төв, Орхон аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс, шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч томилуулахаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд албан бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна.
Тус хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүний шүүгчийг томилон оролцуулсан байх боловч шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан журамд заасан нэрсийн дарааллыг зөрчсөн болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
Үүнд: 1.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зарлагдсан шүүх хуралдаанд журмаар тогтоосон дараалал ёсоор Б.М шүүгч оролцох ёстой боловч шүүгч З.Т-г томилон оролцуулсан.
2.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд 1 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч З.Т оролцохоор байх боловч шүүгч Б.М-ыг томилон оролцуулсан.
3.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 5 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч Б.М оролцохоор байх боловч шүүгч З.Т-г оролцуулахаар албан бичгийг хүргүүлжээ. Гэтэл Г.У-д холбогдох хэргийн шүүх бүрэлдэхүүнд Ц.Амаржаргалыг оролцуулахаар 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 87 дугаартай албан бичгийг дахин хүргүүлсэн байх ба тус өдөр товлогдсон 5 хэргээс 4 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч З.Т оролцож, 1 хэргийн буюу Г.У-д холбогдох хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Амаржаргал оролцсон боловч тус хуралдаанд хойшлоход бүрэлдэхүүний шүүгч солигдож шүүгч Б.М--ыг оролцуулсан.
4.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр товлон зарлагдсан 5 хэргийн шүүх бүрэлдэхүүнд дарааллын дагуу шүүгч Ц.Амаржаргал оролцохоор байх боловч шүүгч Ц.Амаржаргал 3 хэрэгт, шүүгч З.Т 2 хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцсон.
5.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр товлон зарлагдсан 4 хэргийн шүүх хуралдаанд дараалал ёсоор шүүгч Б.М оролцохоор байх боловч 1 хэргийн бүрэлдэхүүнд шүүгч Ц.Амаржаргал, 3 хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.М нар оролцсон.
6.Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр товлогдсон И.А, Б.Л нарт холбогдох хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.М оролцсон боловч хойшлогдож, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр товлогдсон. Тус хойшилсон хуралдаанд шүүгч Ц.Амаржаргал оролцсон.
7.Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шинээр товлогдсон 5 хэргийн шүүх хуралдаанд дарааллын дагуу шүүгч З.Т оролцохоор байх боловч шүүгч Ц.Амаржаргал оролцсон байна.
Дээрх зөрчилтэй холбоотойгоор холбогдох шүүгч нь “..Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд л сольж оролцож байгаа. Түүнээс биш би дураараа солиод оролцуулаад байгаа зүйл байхгүй” гэж тайлбарласан боловч дарааллын дагуу оролцох байсан шүүгч ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар баримт байхгүй, шүүгч хоорондоо амаар ярьж тохирсон гэж байгаа нь шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Түүнчлэн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дараалал зөрчигдөөд байгаа талаар 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнд шүүгч Б.М “... Адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч томилоход шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд заасан дарааллын дагуу томилдоггүй, дараалал алдагдсан, шүүгч хойшилсон хуралд очих бол хойшилсон хуралдаа л орно, шинээр товлогдсон хуралд дараагийн тойрогт байгаа шүүгч томилогдож орох нь зүйтэй” гэх саналыг гаргасан нь зөвлөгөөний тэмдэглэлд авагдсанаас гадна шүүгч Б.М гэрчээр “... 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Төв аймагт зарлагдсан хуралд З.Т орсон боловч дарааллын дагуу би орохоор байсан. ...хувийн бүртгэлээ хараад тулгалт хийхэд миний урд хэлсэнчлэн тойрог зөрчиж бүрэлдэхүүн томилсон байна. ...2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж амарсан. 09 дүгээр сард бүтэн амарсан. 10 дугаар сар гаргаад ажилдаа орсон санагдаж байна. Миний амралт дундуур миний томилогдсон хурал зарлагдсан тохиолдолд хурал хойшлогдох ёстой. Учир нь бүрэлдэхүүн томилогдсон бол тухайн бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэж дуусгах ёстой. Энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэлдэхүүн үл солих зарчим юм. ...зөвлөгөөний тогтоолын биелэлтийг Ерөнхий шүүгч хянана, шүүгчийн томилгооны захирамжийг Ерөнхий шүүгч гаргадаг учраас захирамжийнхаа биелэлтийг хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл, тойргийн дараалал зөв эсэхэд хянасны дараа захирамжаа гаргадаг учраас Ерөнхий шүүгчид хамаарах асуудал” гэх мэдүүлгийг,
шүүгч З.Т “...Миний хойшлогдсон хурал зарлагдахад тухайн өдөр нь өөр хурлуудын бүрэлдэхүүнд шүүгч томилох тохиолдолд Ерөнхий шүүгч намайг “Нэгэнт л хуралд томилолтоор явж байгаа юм чинь бүх зарласан хуралд нь орчих уу” гэж асууж байсан. Тэгэхэд нь би шүүхийн төсвийг хэмнэх зорилгоор “За” гээд л ордог” гэх мэдүүлгийг,
давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Т “... Ерөнхий шүүгч томил гэснийх нь дагуу би тэр шүүгчийг томилдог. Зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллын дагуу харж байгаад би танилцуулаад, тухайн бүрэлдэхүүнд орох ёстой шүүгч ээлжийн амралттай эсхүл хүндэтгэн үзэх шалтгаантай бол дараагийн шүүгчийг томилдог ...” гэх мэдүүлгийг өгсөн.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Ерөнхий шүүгч энэ хуулийн 16 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.1.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах”, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ, 19.2.2-т “шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох”, 19.2.5-т “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж заасан.
Дээрх хуульд заасны дагуу Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг томилох” журмыг баталсан байх бөгөөд тухайн шүүх тус журмыг шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхдээ чанд сахин мөрдөх учиртай.
Гэтэл Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нь адил шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнийг томилон оролцуулахдаа журамд заасан дарааллыг зөрчсөн болох нь дээр дурдсан үйл баримтуудаар тогтоогдож байна.
Мөн хойшилсон шүүх хуралдааны бүрэлдэхүүнд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөр шүүгчийг томилон оролцуулж байгаа нь шүүх бүрэлдэхүүн хууль ёсны байсан эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бууруулах сөрөг үр дагавартай.
Түүнчлэн шалгах ажиллагааны явцад шүүгч З.Т “...А-тай садан төрөл, бид хоёр олон жил өмгөөлөгч хийж байсан садан төрөл гэдгийг шүүхийнхэн мэддэг. Хоол унд идэж суухдаа ч юм уу, ярианых нь дундуур ч юм уу Агийн шийдсэн хэрэг байвал би орохгүй шүү гэж л хэлдэг” гэх мэдүүлгийг өгснөөс үзвэл Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.А-тай садан төрөл гэх үндэслэлээр түүний шийдсэн хэргээс шүүгч З.Т оролцоогүй нь зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллыг алдагдуулах нэг үндэслэл болсон гэж үзэхээр байна.
Хэрэв шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэл бий болсон гэж үзэж байгаа бол хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлж байвал зохино.
Ийнхүү Ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан журамд заасан нэрсийн дарааллыг зөрчиж шүүх бүрэлдэхүүнийг томилсон үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасан сахилгын зөрчилд хамаарч байх тул түүнийг мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5-д заасны дагуу “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Харин Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуяа нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргалыг сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т заасан зөрчилд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5-т заасныг баримтлан түүнд “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2-т заасны дагуу Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуяа нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
5.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Г.ЦАГААНЦООЖ