info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-04-02

Дугаар 45

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

       

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго, сахилгын хэргийн оролцогч А.Цэлмэг, ажиглагчаар өргөдөл гаргагч Б.М нарыг оролцуулан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэгт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ГС/2026/0035 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:  “...Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар  тогтоолын “ХЯНАВАЛ” хэсгийн 15 дахь хэсэгт “...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.07 дугаар сард БНХАУ-ын иргэн ***, БНХАУ-ын хуулийн этгээд *** ХХК-ууд нь хариуцагч *** ХХК-нд холбогдуулан “2012.05.18-ны Нүүрс олборлолтод хамтран ажиллах гэрээний 10 дугаар зүйл, 2025.05.01-ний өдрийн Нэмэлт хэлэлцээрийн 3, 8 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч *** ХХК нь дээрх гэрээ, хэлцлүүд дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2018.08.25-ны өдөр тус тус гаргажээ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч зохих ажиллагааг хийсэн байх ба тухайн хэргийн хувьд хариуцагчаар оролцож байгаа *** ХХК нь 2019.06.04-ний өдөр уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэх агуулга бүхий албан бичгийг энэхүү хэрэгт нотлох баримтаар гаргаж өгчээ.” гэж, 16 дахь хэсэгт “Гэвч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн сөрөг шаардлагаасаа татгалзсаныг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, ижил агуулга бүхий хоёр нэхэмжлэлийн шаардлага хоёр өөр шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нөхцөл байдлыг анхаараагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлснийг хяналтын шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байна.” гэжээ .

Шүүгч А.Цэлмэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар зарлигаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогджээ. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар тогтоолоор түүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны *** ХХК, БНХАУ-ын иргэн *** нарын нэхэмжлэлтэй *** ХХК-д холбогдох иргэний хэргийг хуваарилсан байх бөгөөд нийт 150 хэрэг, 11 нэхэмжлэл, 2 хүсэлт, 1 даалгаврыг шилжүүлсэн байна.

Холбогдох шүүгч дээр дурдсан иргэний хэргийг хүлээн аваад, 2022 оны 12 дугаар сарын 09, 2023 оны 05 дугаар сарын 02, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус тус Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “...БНХАУ-ын ӨМӨЗО-ны *** ХХК, БНХАУ-ын иргэн *** нарын нэхэмжлэлтэй *** ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг танай шүүхэд хянагдаж байгаа *** ХХК нэхэмжлэлтэй БНХАУ-ын ӨМӨЗО-ны *** ХХК, БНХАУ-ын иргэн *** нарт холбогдох иргэний хэргийг шүүх хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Иймд дээрх хэргийг шийдвэрлэсэн эсэх, шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх талаар хариу мэдэгдэнэ үү” гэх агуулга бүхий албан бичгүүдийг хүргүүлжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 16, 2023 оны 05 дугаар сарын 04, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус тус “...2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2438 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн, ...уг шийдвэрт хариуцагч гомдол гаргаснаар, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хянагдаж байгаа...” гэх  агуулга бүхий хариуг ирүүлсэн байна.

 Үүний дараагаар хэргийн оролцогч нараас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 20, 8 дугаар сарын 13, 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус БНХАУ-ын ӨМӨЗО-ны *** ХХК, БНХАУ-ын иргэн *** нарын нэхэмжлэлтэй, *** ХХК-д холбогдох иргэний хэргийг сэргээж, нэгтгүүлэх хүсэлтүүдийг гаргасан .

...Шалгах ажиллагааны явцад, тухайн иргэний хэргийн оролцогчоос 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ...иргэний хэргийг сэргээж, нэгтгүүлэх хүсэлтийг гаргахдаа Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар тогтоолын хамт өгсөн байх бөгөөд холбогдох шүүгч нэмэлт тайлбартаа “...Тус тогтоолыг хүсэлтийн хамт 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр огноолон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс миний туслахаар тухайн үед ажиллаж байсан Б.Ц-д хүлээлгэж өгснийг Сахилгын хороонд өргөдөл ирсний дараа үзэж танилцсан...” гэсэн .

Уг асуудлыг тодруулахаар тухайн үед шүүгчийн туслахаар ажиллаж байсан Б.Ц-оос гэрчийн мэдүүлэг авахад “...Тэр үед ажиллагаанд 180 гаруй иргэний хэрэгтэй, түдгэлзүүлсэн хэрэгтэйгээ нийлээд 200 гаруй хэрэгтэй байсан ... би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс А.Цэлмэг шүүгчийн туслахаар ажиллах болсон. Тухайн үед 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тойргийн шүүх болж байгаатай холбоотойгоор шүүхийн тамга, тэмдэг хураалгах гэж байсан. 2024 оны өнгөн хувь 200 ширхэг дутчихсан байсан. Ажиллагааны хэргүүдэд зарим эрхийн актууд дутуу байсныг нөхөж хийсэн. Эдгээр шалтгааны улмаас маш их ачаалалтай байсан ...миний бие тухайн үед жирэмсэн байсан бөгөөд хордлого өгөөд биеийн байдал тааруу байсан ч гэсэн шөнийн 1, 2 цагт ажлаасаа гарч явдаг байсан ... Шүүгч 2025 оны 03 дугаар сард чөлөө авна гэсэн байсан учраас маш их ачаалалтай ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хүсэлт өгснийг санаж байна. Гэхдээ Улсын дээд шүүхийн тогтоол байсныг сайн санахгүй байна. Эдгээр шалтгааны улмаас бичгээр ирсэн хүсэлтүүдийг танилцуулж амжаагүй...” гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар  зөвлөгөөний тогтоолд “...шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн *** дүгээр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор ... шүүгч А.Цэлмэгт 3 сарын хувийн чөлөө олгосон...” гэх бөгөөд холбогдох шүүгч 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл чөлөө авсан байна. Иймд уг тогтоолоор түүнд байсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 190 хэрэг, 3 нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгч нарт адил тэнцүү хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Гэрч Б.Б-аас “...Өмнөх ажиллаж байсан туслах хэрэгт хавсаргаж үдсэн байсан. Шүүгч амарч орж ирээд бид хоёрт ажиллагаанд нийт 106 иргэний хэрэг өгсөн, түдгэлзүүлсэн хэрэг нь 18 орчим иргэний хэрэг байсан. Тэгэхээр түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй гэж үзээд хэрэгт байсан Улсын дээд шүүхийн тогтоолтой нарийн танилцаж амжаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргүүдээ шийдвэрлээд түдгэлзүүлсэн хэргүүдээ түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй гэж үзээд сэрээгээгүй байсан. Сая Улсын дээд шүүхийн тогтоолтой танилцсан. 2025 оны 11 дүгээр сараас нэхэмжлэгч талаас хүсэлт ирэх үед нөгөө хэрэг нь шийдвэрлэгдэж дуусаагүй буюу Б.У шүүгчид байгаа гэж бодоод нэгэнт түдгэлзүүлсэн хэрэгт ажиллагаа хийх боломжгүй гэж шүүгчтэйгээ ярилцаад сэргээгээгүй байсан ... Өмнөх туслахыг танилцуулсан гэж бодоод тухайлан танилцуулаагүй. Шүүгч 2025 оны 03 дугаар сараас чөлөө авсантай холбоотойгоор тухайн хэрэг нь өөр шүүгчид шилжсэн байгаад шүүгчийн чөлөө болон ээлжийн амралт дуусаад буцаж хуваарилагдсан байсан. Эдгээр нөхцөл байдлаас хамаараад шүүгчид тухайн тогтоолыг тусгайлан танилцуулаагүй...” гэх  мэдүүлгийг өгсөн.

Дээрхээс үзвэл, хэргийн оролцогч нараас ...иргэний хэргийг сэргээж, нэгтгүүлэх тухай 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр огноолсон хүсэлтийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны   тогтоолын хамт өгсөн байхад шүүгч тус хүсэлтийг шийдвэрлэхгүй, Улсын дээд шүүхийн тогтоолтой танилцахгүй, хайхрамжгүй хандсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхээс ижил агуулга бүхий хоёр нэхэмжлэлийн шаардлага хоёр өөр шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа нөхцөл байдлыг арилгах нь зүйтэй талаар тогтоолдоо тодорхой дурдсан байна. Тиймээс хэргийн оролцогч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, нэгтгэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байсан.

Дээрх үндэслэлээр холбогдох шүүгч А.Цэлмэгийг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзлээ.

Харин илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Учир нь холбогдох шүүгч эрүүл мэндийн шалтгааны улмаас 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс чөлөө авч үргэлжлүүлэн ээлжийн амралтаа эдэлснээр 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орсон нь чөлөө олгосон, хэрэг хуваарилсан, ээлжийн амралтын талаарх шүүгчдийн зөвлөгөөний тогтоолууд, эмчилгээ хийлгэж байсан талаарх /хагалгааны/ баримтуудаар тогтоогдож байна.

         Түүнчлэн, шүүгчийн туслахуудын үл ойлголцлын улмаас Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны ...тогтоолтой холбогдох шүүгч танилцаагүй нөхцөл байдал үүссэн байна.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 онд гаргасан “Шүүгчийн ажлын ачаалал тооцох, хэргийн коэффициент тодорхойлох, баталгаажуулах судалгаа”-гаар гарсан саналд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч жилд 209 иргэний хэрэг хянан шийдвэрлэх нь нэг шүүгчийн нэг жилд авах зохист ачаалал  гэж үзэхээр тусгагджээ. Гэтэл шүүгч А.Цэлмэг нь 2025 оны 11 дүгээр сарын байдлаар хүлээн авсан нэхэмжлэл-60, хүлээн авсан хүсэлт-8, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд-217, үүнээс түдгэлзүүлсэн хэрэг-19, 2025 оны 12 дугаар сарын байдлаар хүлээн авсан нэхэмжлэл-88, хүлээн авсан хүсэлт-11, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 245 хэрэгтэйгээс түдгэлзүүлсэн 19 хэрэгтэй байсан нь шалгах ажиллагааны явцад шүүхийн тамгын газраас ирүүлсэн 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 673 дугаар албан бичигт дурджээ .

Иймд дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэргийн оролцогчийн хүсэлт болон Монгол Улсын дээд шүүхийн тогтоолтой уншиж, танилцаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасанд хамаарч байх боловч тус сахилгын зөрчлийн “ноцтой” гэх урьдач нөхцөлийг хангахгүй байна.

Түүнчлэн, холбогдох шүүгч нь Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 56 дугаар магадлалаар нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар хуулийн илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар нэг удаа зөрчсөн болохыг тус хорооны Сахилгын хэргийн бүртгэл, хяналтын систем дэх мэдээлэл, лавлагаагаар тогтоогдов .

Монгол Улсын дээд шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсгийн “Удаа дараа зөрчих” гэсний “удаа дараа” гэх ойлголтыг төрийн албан хаагчийн нийтлэг (хөдөлмөрийн) харилцааг зохицуулж буй “Төрийн албаны тухай хуулийн агуулгаар тайлбарлах нь зүйтэй. Уг хуулийн 47.1.1-д “... удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасан тул шүүгч хуулийн илт тодорхой заалтыг 1-2 удаа ноцтой бус байдлаар зөрчсөн нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар хариуцлага хүлээлгэх нөхцөл үүсээгүй гэж үзлээ.  Гэвч холбогдох шүүгч нь хуулийн илт тодорхой заалтыг хоёр удаа зөрчсөн тул дахин энэ төрлийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд удаа дараа гэх нөхцөлд хамаарах болохыг анхаарах нь зүйтэй.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн байх боловч удаа дараа, ноцтойд тооцох үндэслэл тогтоогдоогүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

 

Шүүгч А.Цэлмэг Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний *** дугаартай тогтоолоор сэлгэн ажиллаж байсан шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан нийт 162 хэрэг, нэхэмжлэлийг хүлээн авч, тус хэргүүдэд хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Тус хэргүүд дунд БНХАУ-ын ӨМӨЗО-ны *** ХХК, БНХАУ-ын иргэн ***  нарын нэхэмжлэлтэй *** ХХК-д холбогдох хэрэг шилжин ирсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/Ш32019/12005 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар *** ХХК-ийн нэхэмжлэлтэй БНХАУ-ын ӨМӨЗО-ны *** ХХК, БНХАУ-ын иргэн ***  нарт холбогдох иргэний хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар ...түдгэлзүүлсэн байсан. Тухайн захирамжид тус шүүхэд талуудаас гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 00413 тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Ингээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн шүүх рүү 2020 оны 4 дүгээр cap, 8 дугаар cap, 9 дүгээр cap, 2021 оны 1 дүгээр cap, 5 дугаар cap, 8 дугаар cap, 2022 оны 1 дүгээр cap, 6 дугаар саруудад албан бичиг хүргүүлж, тус хэргийн ажиллагааны талаар лавлаж, шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх талаар тухай бүр нь мэдээлэл авч ажиллаж байсан.

Энэ хэрэгт миний бие ажиллагаа явуулж эхэлснээс хойш 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4460 дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1780 дугаартай, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 683 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй хэргийн талаар мэдээллийг авч ажиллаж байсан.

2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэрэг нэгтгүүлэх тухай” хүсэлтийг мөн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Хэрэг түдгэлзүүлснийг сэргээлгэх тухай” хүсэлтүүдийг хэргийн оролцогчоос гаргасан бөгөөд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан учир миний зүгээс шүүгчийн захирамжаар буюу бичгээр хариу өгөх, тухайн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан.

Мөн түүнчлэн, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй БНХАУ-ын ӨМӨЗО-ны *** ХХК, БНХАУ-ын иргэн ***  нарт холбогдох иргэний хэргийг эцэслэн хянан шийдвэрлээгүй байсан болох нь шүүхийн Иргэн-2014 системээс харагдаж байсан бөгөөд тус хэргийг эцэслэн хянан шийдвэрлэгдэх хүртэл 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамж хүчин төгөлдөр хэвээр байх тул тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэнээр манай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх үндэслэлтэй гэж үзэж байсан...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны *** ХХК, ***ХХК, БНХАУ-ын иргэн *** нарын нэхэмжлэлтэй, *** ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, БНХАУ-ын ӨМӨЗО-ны *** ХХК, БНХАУ-ын иргэн *** нарт холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн, тус захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасныг тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар тогтоолоор хангахаас татгалзаж, захирамжийг хэвээр үлдээжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар зарлигаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр А.Цэлмэгийг томилсон тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар тогтоолоор дээрх хэргийг шүүгч А.Цэлмэгт хуваарилсан байна.

Нэхэмжлэгч БНХАУ-ын ӨМӨЗО-ны *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүгч А.Цэлмэгт холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “...хэргийг сэргээх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй эс үйлдэхүй гаргаж буй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн” гэж тодорхойлсон.

Илтгэгч гишүүн шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж,  сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй ч хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь буруу байх тул түүнийг зөвтгөж дүгнэн, саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь тохиолдолд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ”, 80.1.4 “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй”, 80.3-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасан.

Хуулийн зохицуулалтаас үзвэл хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд эрүү, иргэн, захиргааны шүүх болон арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, уг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан тохиолдолд шүүгч өөрийн санаачилгаар эсвэл хэргийн оролцогчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ гэж ойлгоно.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны *** ХХК нарын нэхэмжлэлтэй, *** ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болсон *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, БНХАУ-ын ӨМӨЗО-ны *** ХХК, БНХАУ-ын иргэн *** нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар тогтоолоор хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа “...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн сөрөг шаардлагаасаа татгалзсаныг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, ижил агуулга бүхий хоёр нэхэмжлэлийн шаардлага хоёр өөр шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нөхцөл байдлыг анхаараагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлснийг хяналтын шатны шүүхээс зөвтгөх боломжгүй” гэж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч БНХАУ-ын ӨМӨЗО-ны *** ХХК-ийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэгтгэх хүсэлтийг хэд хэдэн удаа гаргасан боловч шүүгч А.Цэлмэг хүсэлтүүдийг шийдвэрлээгүй ба энэ талаар “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамж хүчин төгөлдөр хэвээр байсан тул тухайн хэргийг хянан шийдвэрлэснээр манай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх үндэслэлтэй гэж үзэж байсан тул талуудаас гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгох болон хэргийг сэргээж, нэгтгэх хүсэлтийг шийдвэрлэх мөн боломжгүй байсан...” гэж тайлбарласан.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор тайлбарлахдаа “илт тодорхой заалт” гэдгийг “тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно”, “ноцтой зөрчих” гэдгийг процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д заасан зохицуулалт хэнд ч тодорхой, ойлгомжтой, маргаангүй илт тодорхой заалт мөн.

Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар тогтоолын дээр дурдсан дүгнэлт нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны *** ХХК, ***ХХК, БНХАУ-ын иргэн *** нарын нэхэмжлэлтэй, *** ХХК-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд “түдгэлзүүлсэн шалтгаан арилсан” гэх үндэслэл болж чадахааргүй байна.

Тодруулбал, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, БНХАУ-ын ӨМӨЗО-ны *** ХХК, БНХАУ-ын иргэн *** нарт холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан нь тухайн хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэж дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар тогтоол гарснаар, уг тогтоолд хийсэн дүгнэлтээр “арилсан” гэж үзэх боломжгүй, шүүгч А.Цэлмэгийн тухайд хуулиар хүлээлгэсэн үүргээ зөрчсөн зөрчилд тооцогдохгүй.  

          Иймд илтгэгч гишүүний “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн” гэх агуулгаар хийсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж бүрэлдэхүүн үзсэн бөгөөд шүүгч А.Цэлмэгийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчил гаргаагүй гэх үндэслэлээр түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй ч хэргийн оролцогчдын удаа дараа гаргаж байгаа хүсэлтийн дагуу түүнд хавсаргасан баримтыг судлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх үндэслэл байгааг шалгах, нэгтгэх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтойд дүн шинжилгээ хийх нь Банглорын зарчмаар тодорхойлсон шүүгчийн “хичээл зүтгэлтэй” байх ёс зүйн зарчимд нийцэх бөгөөд цаашид энэ талаар анхаарч ажиллахыг нэр бүхий шүүгчид сануулах нь зүйтэйг тэмдэглэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ГС/2026/0035 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                     О.НОМУУЛИН

 

                        ГИШҮҮН                                         Ц.ДАВХАРБАЯР 

                                                                                   Д.ЭРДЭНЭЧУЛУУН