
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-03-25
Дугаар 39
Улаанбаатар хот
Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож,
сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, холбогдох шүүгч М.Риза /цахимаар/, нарийн бичгийн дарга О.Сумъяабазар нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Ризад холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг, шүүгч С.Еркешт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн нотлох дүгнэлтдээ: 1.Нэхэмжлэлийг хүлээн аваад захиргааны хэрэг үүсгээгүй байхдаа “урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийсэн” эсэхийг тодруулахаар 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт 311 дүгээр албан бичиг, аймгийн Ерөнхий архитектурт 312 дугаар албан бичгийг явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийн “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн “Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна”, 56.1.3 “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах” гэж заасанд нийцээгүй байна.
Дээрх заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц байна.
Иймд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан “хуулийн илт тодорхой заалтыг … зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчсөн гэж үзнэ.
2.Нэхэмжлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэх 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийг гуравдагч этгээд хойшлуулах хүсэлт ирүүлсэн, талууд ирээгүй боловч шүүх хуралдаан хийж, тэмдэглэл хөтөлсөн болох нь хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгээр тогтоогдоно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4 дэх хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохгүй тухай шүүхэд мэдэгдэх бөгөөд мэдэгдээгүй нь урьдчилсан хэлэлцүүлэг явуулахад саад болохгүй” гэсэн нь хэлэлцүүлгийг хэргийн оролцогчдын ирц хангалтгүй байсан ч хийхээр заасан, харин хэн аль нь ирээгүй бол хэлэлцүүлэг хийгдэх үндэслэлгүй тул захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах боломжтой байхад хэргийн оролцогчгүйгээр хуралдаж, тэмдэглэл хөтөлсөн нь мэтгэлцэх зарчмын агуулгад нийцээгүй байна. Энэ талаар зохицуулсан илт тодорхой заалт байхгүй байгаа тул зөрчил гэж үзээгүй боловч цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах шаардлагатай.
3.Өргөдөлд “ ... хэн ч нотлох баримт цуглуулах хүсэлт гаргаагүй байхад шүүгч өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах ... урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч өөрийн санаачилгаар хойшлуулсан тул бид дараагийн урьдчилсан хэлэлцүүлгээр бидний хүсэлтийг хэлэлцэнэ гэсэн ойлголттой, бэлтгэлтэй байсан. Гэтэл 2025.11.25-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн бус үед бидний хүсэлтийг шийдвэрлэсэн ... мэтгэлцэх эрхээр хангахгүй, шинээр цуглуулсан нотлох баримтуудтай холбоотой тайлбар хэлэх боломж олгохгүйгээр бидний хүсэлтийг шийдвэрлэлээ ... ” гэжээ.
Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг явуулсан эсэхийг тодруулах ажиллагааны хувьд,
а/2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүх албан бичиг явуулсан, аймгийн Засаг даргын Тамгын газар 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “иргэнээс ямар нэгэн гомдол, өргөдөл ирээгүй” гэх хариуг ирүүлсэн, /сх-ийн 1хх-ийн 28 дахь тал/
б/ нэхэмжлэгчийн 06 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлтийн дагуу 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр албан бичиг явуулсан, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар албан бичгээр “... 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах тухай тухайн иргэнээс ямар нэгэн гомдол, өргөдөл ирээгүй ...” /сх-ийн 1хх-ийн 35 дахь тал/ гэсэн хариуг өгсөн, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 362 дугаар албан бичгээр, иргэн Ш.С нь 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавартай холбоотой бус тухайн баригдах барилгын талаарх мэдээлэл авахаар хүсэлтэд өгсөн хариуг, мөн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн гомдлыг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр бүртгэсэн баримтыг ирүүлсэн /сх-ийн 1хх-ийн 37-44 дэх тал/,
в/гэтэл 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн Засаг дарга нь “Иргэн Ш.С 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ... архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах утга бүхий гомдол ирүүлсэн байна. Уг гомдолд “шүүхэд хандаж асуудлаа шийдүүлэхээр албан бичгийн төсөл бэлдэж хуулийн хугацаанд хариу өгч чадсангүй болно” гэсэн 1336 дугаар албан бичгийг шүүхэд ирүүлсэн,
г/шүүх нь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, “Ш.С-аас аймгийн Засаг даргад гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн гомдлыг холбогдох баримт”-ын хамт ирүүлэхийг шаардахад, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ... дүгээр албан бичгээр газрын талаарх мэдээлэл, архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг магадлал батлагдсан эсэх талаар тодруулга авахаар гаргасан хүсэлтийг баримтыг хамт хүргүүлж, харин “архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар хүсэлт, гомдол гаргаагүй” гэсэн хариуг өгсөн.
д/харин гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт, С 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүсэлт гаргасан /гомдол гаргаж байгаагүй гэх агуулгаар/ гэх баримтуудыг өгч, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлт гаргасан, хэрэгт цугларсан болон хэргийн оролцогчийн өгсөн баримтаар хүсэлт шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хуралдааныг хойшлуулсан,
е/Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын иргэдийн өргөдөл гомдлыг бүртгэх 2025 оны бүртгэлийн дэвтэрт 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үзлэг хийж, мөн аймгийн Засаг даргаас гэрчийн тайлбар авч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах” хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.1.Энэхүү урьдчилсан хэлэлцүүлгийг, хэрэгт цугларсан болон хэргийн оролцогчийн өгсөн баримтаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хуралдааныг хойшлуулсан,
Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны талаар тусгайлсан журмыг хуульд заагаагүй тул шүүх хуралдааны нийтлэг журмын зохицуулалтыг хэрэглэнэ.
Тус хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бөгөөд нотлох баримттай холбоотойгоос бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ …” гэж заажээ.
Шүүгч нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримт цуглуулахаар, урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
3.2.Харин хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргалгүй хойшлуулсан боловч 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Энэ талаар тухайлан зохицуулсан заалт холбогдох хуульд хуульчлаагүй.
Тухайлбал, өмнө хурлаар хэлэлцэж байсан хүсэлтийг дахин хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх талаар хуулиар зохицуулаагүй боловч шүүхээс цуглуулсан шинээр авагдсан баримттай танилцаж, хүсэлтийн хууль зүйн үндэслэлээ тайлбарлах хэлэлцэх боломжийг олгож мэтгэлцүүлэх нь тухайн зарчмын хэрэгжилттэй холбоотой байх тул үүнийг шүүгч нь цаашид анхаарч ажиллахыг дурдаж байна.
3.3.Тухайн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд хэргийн оролцогч болох гуравдагч этгээд,
- 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өмгөөлөгч Е.Маас аймгийн Засаг даргын Тамгын газарт гаргасан хүсэлт,
- аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар албан бичиг,
- 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар Засаг даргын албан бичиг,
- 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн иргэн Ш.Сы Засаг дарга Зт гаргасан хүсэлт ба өргөдөл, гомдол бүртгэсэн дэвтрээс хуулбарлаж “хуулбар үнэн” тэмдэгтэй 11 хуудас баримтыг,
тухайн өдрийн ...дугаар захирамжид “ ...гуравдагч этгээд талаас гаргаж өгсөн баримтууд болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь ... хүсэлтийн үндэслэлд дүгнэлт хийж хянан шийдвэрлэхэд хангалтгүй ... ” гэж ерөнхий дүгнэсэн, ямар учраас эдгээр баримтууд нь хүсэлтийг шийдвэрлэхэд хангалтгүй байсан үндэслэл нь тодорхой дүгнэгдээгүй, тиймээс ч хэргийн оролцогч хуралдаан хойшлуулсан, нотлох баримт цуглуулсан гэх агуулгатай өргөдөл гаргах үндэслэлийн нэг болсон.
Захирамж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж буй шийдвэр учраас зохих бүтэцтэй байдаг, ялангуяа үндэслэх хэсэгтээ шийдвэрлэсэн асуудлын үндэслэл нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх ёстой атал энэ нь тодорхойгүй байгааг зөрчил гэж үзэхээр байна.
Гэхдээ шүүгч тайлбартаа “ ... хүсэлтийг шийдвэрлэхэд хэргийн нотлох баримт хангалтгүй, нэхэмжлэгч дээд шатны албан тушаалтанд гомдол “гаргаагүй” эсхүл “гаргасан” гэх үзэх нөхцөл байдал нь эргэлзээтэй, нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ... хуулийн 56.1.3-т заасан шүүгчийн чиг үүргийн дагуу хүсэлтийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах шаардлагаар хэрэгт нэмэлт нотлох баримт цуглуулах болсон нь хуулийн дээр дурдсан зохицуулалттай нийцсэн ... асуудлыг тодруулах шаардлагатайг 2025.11.06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгчийн гаргасан захирамжийн үндэслэлийг тайлбарлах үеэр талуудад тодорхой танилцуулж байсан ... ” гэжээ.
Тухайн хуралдааны бичлэгт, шийдвэрийн агуулгыг “... Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан үндэслэлтэй холбоотой гаргасан нотлох баримтуудаас Засаг даргад гаргасан өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр үү, Засаг даргын Тамгын газарт гаргасан өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсэг байсан эсэх, мөн аль оны бүртгэлийн дэвтэр вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар албан бичгийг аймгийн Засаг даргын Тамгын газарт явуулсан байсан. Аймгийн Засаг даргын хамгийн сүүлд шүүхэд ирүүлсэн албан бичгийн агуулгаар бол нэхэмжлэгч Ш.С нь 04 сарын 28-ны өдөр гомдол гаргасан. Хариуг өгөхөөр албан бичгийн төслийг боловсруулж байсан боловч хариу өгч чадаагүй гэдэг агуулгатай байсан. Үүнтэй холбоотой шүүхээс Ш.С-ы 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан гэх гомдлыг бүртгэсэн бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсгийг мөн гомдлын хуулбарыг шүүхэд ирүүл гэдэг албан бичгийг явуулсан боловч хариу нь ирээгүй. Иймээс гуравдагч этгээдийн гаргасан хүсэлттэй холбоотой нэмэлт баримтыг цуглуулах шаардлагатай байна ...” гэж тайлбарласан.
Шүүгчийн энэ тайлбар нь захирамжид тусгагдаагүй, гэхдээ захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд захирамжийн бүтэц, агуулгын талаар тусгайлан зохицуулаагүй учир хууль зөрчсөн гэж үзэхгүй.
3.4.Товлогдсон 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааныг хүртэлх хугацаанд захиргааны байгууллагаас ирүүлсэн баримтын агуулга өөр, өөр байсан тул шүүх нь нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулсныг буруутгахгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж зааснаар захиргааны шүүх нотлох баримт цуглуулах үүрэг хүлээсэн.
Шүүгч үзлэг хийх, гэрч асуухдаа талуудад мэдэгдээгүй, эсхүл зөвхөн нэг талыг оролцуулсан байна.
Энэ талаар шүүгч нь “... Шүүх нотлох баримтыг санаачилгаар цуглуулах үүрэгтэй тул уг ажиллагааг хэрэгжүүлэх тохиолдол бүрд талуудыг оролцуулах шаардлагатай биш л дээ. Гэхдээ хэргийн оролцогчийн хүсэлтээр хийж байгаа бол тэдгээрийн оролцох эрх нь нээлттэй. Харин шүүхийн санаачилгаар хийж байгаа ажиллагаанд хэргийн оролцогчийг заавал оролцуулах шаардлагагүй. Хүсэлт гаргавал талуудад мэдэгдээд оролцуулдаг. Харин шүүгч санаачилгаараа хийж байгаа бол ихэнх тохиолдолд оролцуулдаггүй ... Энэ хэргээс өөр бусад хэргүүдэд ч мөн адил байгаа ... Гэрч асуух ажиллагаа, гэрчийн мэдүүлгийн талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан бөгөөд шүүхийн санаачилгаар хийгдэж байгаа гэрч асуух ажиллагаанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах талаар зохицуулагдаагүй ... Хэргийн энэ тохиолдолд хэрэв аль нэг талаас Баян-Өлгий аймгийн Засаг дарга З-ыг гэрчээр асуух, уг ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт гаргасан бол хэргийн бусад талд адилхан мэдэгдэж, гэрч асуух ажиллагаанд талуудыг оролцуулах боломжтой ...” гэж тайлбарласан.
Гэрч асуух, үзлэг хийх ажиллагааг хэргийн оролцогчийг байлцуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын тэгш эрхийг хангах, мэтгэлцэх болон шүүхийн нотлох зарчмыг хангахад чухал ач холбогдолтой.
Тиймээс дээрх нотлох баримт цуглуулах ажиллагааг тухайн хэргийн хувьд хэргийн нэг талд давуу үйлчилж байна гэх хардлагыг хэргийн оролцогчид төрүүлэх үндэслэл болсон гэж үзэхээр байна. Ялангуяа өөр өөр агуулгатай албан тоот ирүүлсэн аймгийн Засаг даргыг гэрчээр асуух болон удаа дараа хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн захиргааны байгууллагад гомдол гаргаж байсныг тодруулж хийсэн үзлэгт оролцуулах зохистой байжээ.
Иймд, холбогдох шүүгч нь үзлэг хийх, гэрч асуух ажиллагааг хийхдээ хэргийн оролцогчийн оролцоог хангаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэсэн илт тодорхой заалтыг зөрчжээ.
Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсгийн “хуулийн илт тодорхой заалтыг … зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн зөрчилд хамаарч байна.
4.2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн гаргасан “... өмгөөлөгч М нь маргаан бүхий нэг захирамжийг хууль бусад тооцуулж, нэр бүхий 4 захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ газрууд нь нэхэмжлэгч С-д олгогдсон газрууд ба эдгээр газруудыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа ... Ш.С-ы нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох, гуравдагч этгээд болох газар эзэмшигч Ш.Т-тэй холбоотой, түүний эзэмшиж байгаа газрыг хүчингүй болгуулахтай холбоотой хэрэг үүссэн ... Эдгээр маргаанууд шийдэгдэх хүртэл энэхүү хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцээд, нэмж нотлох баримт цуглуулахаар шүүгчийн ... дүгээр захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийг түр завсарласан.
Ингээд ... дугаар албан бичгээр тус шүүхийн Тамгын газраас өмгөөлөгч Е.Мийн нэхэмжлэлтэй, ... холбогдох захиргааны хэргээс нэхэмжлэл, захиргааны хэрэг үүсгэсэн захирамжийг гаргуулан, уг хэрэг хянан шийдвэрлэгдсэн эсэхийг тодруулан, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “... миний бие хүсэлтийн үндэслэл болж байгаа нотлох баримтыг шүүх хуульд зааснаар цуглуулаагүй учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ... Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаар ... тогтоол гарсан ... шүүгчийн зүгээс Улсын дээд шүүхийн маш тодорхой тайлбарыг зөрчиж, хэргийн оролцогч, хэн нэгнээс хүсэлт гаргаагүй байхад нотлох баримтуудыг өөрийн санаачилгаар цуглуулж авсан ...” гэсэн.
Шүүгч М.Риза “... Яагаад баримт авах шаардлагатай байсан бэ гэхээр хүсэлтийн үндэслэл нь өөрөө С-ы дээрх хэрэгтэй холбоотой тул хэргээс баримт авсан. Хэлэлцүүлэгт өмгөөлөгч М-ын нэхэмжлэлтэй хэргийн талаар нэмэлт үндэслэл гаргасан. М-ын нэхэмжлэлтэй хэрэг над дээр байгаа, тийм маргаан явж байгаа гэдгийг би мэдэж байгаа. М гэдэг хүн хэлэлцүүлэгт биечлэн оролцсон, мэдэж байгаа гэхдээ холбогдох нотлох баримт нь хэрэгт байхгүй. Иймээс нэхэмжлэлийн үндэслэл ижил байна уу, дээрх хэргүүдээс хамаарч түдгэлзүүлэх үндэслэл байна уу гэдгийг л тодруулах ёстой байсан тул ... ... дугаар албан бичгээр баримт авсан ...” гэж тайлбарласан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтгэлцэх зарчмаар явагдах бөгөөд хэргийн оролцогчид гаргасан хүсэлт, татгалзлын үндэслэлээ нотолно” гэж заасан бол захиргааны шүүхийн нотлох баримт цуглуулах үүрэг нь нэхэмжлэлээр үүсэх хэрэг маргаанд хамааралтай, харин хүсэлтээр үүсэх ажиллагаанд хэрэгжихгүй, хүсэлтийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын мэтгэлцээн, тайлбар, тэдний гаргасан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэх талаар Монгол Улсын улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 18 дугаар тогтоолд тусгасан.
Иймээс шүүгчийг дээрх илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.
5.Нэхэмжлэгч 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэлэлцүүлэхээр тов тогтоож, тус хэлэлцүүлгээр хүсэлтийг хэлэлцээгүй, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэж, хуралдааныг хойшлуулсан, дараа нь 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар захирамжаар шийдвэрлэсэн нь сахилгын хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 99-103, 147-153 дахь талд авагдсан баримтаар тогтоогдоно.
Уг хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр, 7 хоногийн дотор шийдвэрлэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгээр, энэхүү хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор сунгаж болох талаар заасан 70.8 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Шүүгч нь “... Ээлжийн амралтын хуваариар бол 10 дугаар сарын 27-нд орох ёстой байсан. Гэхдээ энэ хугацаанд нийт шүүгч нарын чуулган 2 хоног болсон тул Ерөнхий шүүгч энэ хоногийг ажилласанд тооцохоор ярилцаад шийдвэрлэсэн тул амралтыг 2 хоногоор сунгагдаж 10 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орсон, энэ өдөр хэргийг хүлээж авсан ... хүсэлтийг 7 хоногийн дотор шийдвэрлэх ёстой энэ хугацаанаас тоолбол 11 дүгээр сарын 03-ны өдөр хэлэлцүүлэг хийх ёстой байсан боловч үндэслэл нь шинээр ирсэн нэхэмжлэлтэй холбоотой байсан ... С нь газрын асуудлаар 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан, шүүгч 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл захиргааны хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдэх ёстой байсан ... 10 дугаар сарын 31-ний өдрийн ... дүгээр бичгийг шүүхийн Тамгын газарт хүргүүлж, С-ы ... холбогдох хэргээс нэхэмжлэл, хэрэг үүсгэсэн захирамжийг авсан. 11 дүгээр сарын 01, 02-ны өдөр амралтын өдөр байсан ... 11 дүгээр сарын 06-ны өдөр товлосон, хуулийн 70.8 дугаар зүйлд урьдчилсан хэлэлцүүлгийн хугацааг 10 хоногоор сунгаж болно гэж заасан тул 11 дүгээр сарын 06-ны өдөр товлосон нь 70.8 дугаар зүйлд нийцэж байгаа гэж үзэж байна ... 2025.11.06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт ... хэлэлцэгдээгүй ... Хэрэв шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх тохиолдолд, уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагагүй болох тул 2025.11.06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцэх дараагийн хэлэлцүүлгийн хугацааг тогтоох боломжгүйд хүрч, дахин товлох шаардлагатай болсон.
2025.11.06-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсны дараа 2025.11.08-ны амралтын өдөр /хагассайн/ шүүгч би 2025.11.13-14-ний өдрүүдэд Улсын Дээд шүүхэд зохион байгуулагдах захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн сургалтад оролцохоор явж, 2025.11.15-ны өдөр ирсэн. 2025.11.17-ны ажлын Даваа гарагт ажилдаа орсон ... 2025.11.06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах болсон үндэслэл шалтгаан 2025.11.25-ны өдрийг хүртэл арилаагүй ... 2025.11.25 өдрийн шүүгчийн захирамжаар өмгөөлөгч А.Б-ын нэхэмжлэлийг
хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснээр
нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэх үндэслэл үүсэж, хуулийн 70.3-т заасан хугацааг баримталж, 2025.11.28-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийх товыг тогтоосон. Дээрх шалтгаанаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлгийн товыг шинээр товлосон тохиолдолд хуулийн 70.8-д заасан хугацааг 12 хоногоор хэтрүүлсэн гэж үзэхгүй юм ... дахин товлох шаардлагатай болсон нь шүүгч надаас шалтгаалаагүй, хэргийн бусад оролцогчдоос өөр хүсэлт гаргасан, үүний дагуу шаардлагатай ажиллагаа явуулсантай холбоотой, дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын агуулгад нийцүүлж явуулсан ... ” гэж тайлбарласан болно.
Нэг талаар хэргийн оролцогчийг хамгаалах эрх зүйн хамгаалалтыг авах /хийх/ эсэхийг, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг хамааруулан хийдэг учраас урьдчилсан хэлэлцүүлэг нь тусгайлсан хугацаатай байна гэж хууль тогтоогчийн хүсэл зориг илэрхийлэгдсэн.
Гэхдээ тухайн товлогдсон хэлэлцүүлэгт гуравдагч этгээдийн хүсэлтийг хэлэлцэх ач холбогдолтой байсан, логик дарааллын хувьд эхэлж энэ хүсэлтийг хэлэлцэх ёстой гэх шүүгчийн тайлбар, мөн тухайн хугацаанд болсон хүндэтгэн үзэх шалтгаан бүхий үйл баримт зэргийг үндэслэн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзлээ.
6. Гуравдагч этгээд, а/ 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт “... урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдаагүй ... Архитектурын даалгавар нь ... захиргааны акт болохгүй, ... шүүхэд хандах ... 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн ... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийн хэрэгсэхгүй болгох, маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс өмнө шинжээч томилж, дүгнэлт гаргуулах тухай ...” хүсэлт гаргасныг ... дүгээр захирамжаар хангахаас татгалзсан,
б/ 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт “... шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн ... тул ... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэх хүсэлт гаргахад хэлэлцүүлгийг хойшлуулж, нотлох баримт цуглуулсны дараа шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Энэ талаар шүүгч “... Эхний захирамжаар бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч дээд шатны байгууллагад гомдол гаргасан, эсхүл гаргаагүй талаар тэр үед дүгнэлт хийгдээгүй, нотлох баримт хангалттай цуглараагүй байсан. 07 дугаар сарын 28-наас хойш энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан, гол нь утга агуулгын хувьд өөр, өөр тухайлбал аймгийн Засаг дарга гомдол гаргаагүй байсан гэсэн мөртлөө 09 дүгээр сард гомдол гаргасан гэдэг албан бичгийг ирүүлсэн ... нотлох баримт нь бүрэн биш байсан тул дараа нь шийдье гэсэн. Харин А.Б өмгөөлөгч маргаантай асуудлыг тодруулах хүсэлт гаргаагүй байсан ч шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгах нь бол зүйн асуудал. Тэгээд дахин хүсэлт ирсэн тул баримтаа харж байгаад дахин шийдсэн ...” гэж тайлбарласан.
Хэргийн оролцогчийн удаа дараа гаргасан утга агуулга ижил хүсэлтийг хэрэгт өөр өөр баримтууд авагдсантай холбож дахин шийдвэрлэсэн гэж шүүгч тайлбарлаж байгаа боловч мөн тайлбартаа “... гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлт нь ... урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх хүсэлтийн төрөлд хамаарахгүй ... ... дугаартай шүүгчийн захирамжийн “ҮНДЭСЛЭХ нь:” хэсгийн 5-д “Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад үед шийдвэрлэх боломжтой”-г дурдсан ... 2025.11.19-ний өдрийн ... дугаартай ... захирамждаа ... тайлбарлаж ...” байсан гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн атлаа 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд өмнө гаргасан хүсэлттэй утга, агуулга ижил хүсэлт гаргасныг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дахин шийдвэрлэсэн нь дээрх хуулийн илт тодорхой заалтыг зөрчжээ.
Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан “хуулийн илт тодорхой заалтыг … зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн зөрчилд хамаарна.
7.Холбогдох шүүгчийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд, “... шүүгчийг татгалзан гаргах эрхийг тайлбарлаагүй, татгалзан гаргах хүсэлт асуугаагүй ... ” гэсэн.
Тус өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээс үзэхэд, даргалагчаас шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон шүүх бүрэлдэхүүнийг танилцуулж, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуугаагүй нь тогтоогдож байна.
Шүүгч М.Риза “... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах дэгийг зохицуулсан тухайлсан заалт хуульд байхгүй, мөн шүүх хуралдааны дэг нь урьдчилсан хэлэлцүүлэгт адил үйлчилнэ гэсэн зохицуулалт байхгүй. Гэхдээ урьдчилсан хэлэлцүүлэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах оролцогчийн эрхийг хааж байгаа асуудал биш. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийг татгалзах хүсэлт гаргавал зохих журмын дагуу шийдвэрлэнэ, шүүгчийг хэзээ ч, ямар ч үед татгалзаж болно. Хэлэлцүүлгийн үед өмгөөлөгч нараас шүүгчээс татгалзан гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэдэг нь шүүгч надаас шалтгаалаагүй гэж үзэж байна ... Шүүх хуралдаанаас өмнө шүүгчийг татгалзан гаргах болон бусад эрх, үүргийг шүүгчийн туслахаас талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны ... дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Баримт №6 үйлдэж, хэрэгт хавсаргадаг.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр
зүйлд заасан шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байвал талууд хүсэлтээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргах боломжтой ... ” гэж тайлбарласан.
Хуульд нарийвчилсан дэг, дараалал заагаагүй нь хэргийн оролцогчийн татгалзан гаргах эрхийг тайлбарлахыг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт шүүх хуралдааны дэг, дарааллыг тогтоохдоо, шүүх хуралдаан даргалагч бүрэлдэхүүнийг зарлах, бусад оролцогчдыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг тайлбарлах талаар заажээ.
Урьдчилсан хэлэлцүүлэг нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хэлбэр тул хуралдаан, хэлэлцүүлэг явуулах процессын үндсэн дэг, дараалал болох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг нь урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд ч мөн үйлчлэхээр байх тул шүүгчийн “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах дэгийг зохицуулсан тухайлсан заалт хуульд байхгүй, мөн шүүх хуралдааны дэг нь урьдчилсан хэлэлцүүлэгт адил үйлчилнэ гэсэн зохицуулалт байхгүй” гэсэн тайлбарыг зөвтгөх боломжгүй.
Гэхдээ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1.2, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт хэргийн оролцогчийн хувьд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхийн талаар, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.3-т өмгөөлөгч нь шүүгчээс татгалзан гаргах эрхийг заасан байгаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд татгалзал гаргах нь нээлттэй байдаг.
Иймд, хэргийн оролцогч өөрт хуулиар олгогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед шүүгчийг татгалзан гаргах эрхээ хэрэгжүүлээгүйд шүүгчийг буруутгахгүй.
8.Энэ хэргийн гуравдагч этгээд болох Ш.Т нь 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ... холбогдуулан,
а/ аймгийн Засаг даргын 2012.01.10-ны өдрийн 10 дугаартай захирамж илт хууль бус болохыг тогтоолгох,
б/ аймгийн Засаг даргын 2014.01.29-ний өдрийн 41 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох,
в/ аймгийн Засаг даргын 2020.05.11-ний өдрийн А/318 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах,
г/ аймгийн Засаг даргын 2020.12.16-ны өдрийн А/1005 дугаартай захирамжийн иргэн Ш.С-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэл шүүгч М.Ризад хуваарилагдаж, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ...дугаар захирамжаар, нэхэмжлэгч Т маргаан бүхий захиргааны актуудтай холбогдуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь сахилгын хэрэгт /сх-ийн 1 хх-ийн 214-227 дахь тал/ авагдсан баримтаар тогтоогдоно.
Уг захирамжийг Ш.Т эс зөвшөөрч “... миний маргаж байгаа захиргааны актуудын дагуу газар эзэмших эрх олж авсан этгээд болох Ш.С нь ... Ерөнхий шүүгч Г-тай эртнээс маш сайн найзууд тул Г, Риза шүүгч нар С-ы талд үйлчилж, түүнд туслахын тулд ёс зүйгүй авирлаж, миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь татгалзах гэж арга ядаж байгаа нь энэ гэж бодож байна ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ... дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ...дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /сх-ийн 1хх-ийн 228-234 дэх тал/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтад “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн эрхийг шүүгчид хуулиар олгосон байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийг “тус шүүхийн Ерөнхий шүүгч З.Г-гийн найз гэх нэхэмжлэгч Ш.С-ы талд үйлчилсэн” гэж үзэхгүй.
9.Өргөдөл гаргагчаас тодруулж тайлбар авахад “... шүүгч М.Ризад нэхэмжлэл хэрхэн хуваарилагдаж байгааг шалгаж өгнө үү ...” гэсэн.
Тус захиргааны хэргийн гуравдагч этгээд болох Ш.Т гэрчийн тайлбартаа “... Бид нарын өгсөн нэхэмжлэл дандаа Риза шүүгчид очдог. Тэгээд бидний эсрэг шийдвэр гардаг ...” гэж мэдүүлсэн тул Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем, “Анхан шатны шүүхэд нэхэмжлэл хүлээн авсан бүртгэлийн дэвтэр”, шүүгч нарт системээс нэхэмжлэл хуваарилж буйг харуулсан дэлгэцийн бичлэгийг гаргуулан авч үзлэг хийлээ.
Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд, огноог 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл тохируулан, “Ш.С” гэсэн нэрээр хайлт хийхэд,
- Ш.С-ы 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэл,
- Е.М-ийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэл,
- Ш.Т-ийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэл,
- Ш.С-ы 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ерөнхий архитекторт холбогдуулан гаргасан 4 нэхэмжлэл нь шүүгч М.Ризад системээс хуваарилагдсан гэсэн мэдээлэл гарсан.
Бүртгэлийн дэвтэрт, “Ш.С-ы 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэл” нь “хүлээн авсан” гэх хэсэгт шүүгч С.Еркеш гэж тэмдэглэгдсэн байсан тул энэхүү хэрэг хуваарилалтын зөрүүтэй байдалтай холбогдуулж, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ГЗҮ/2026/0020 дугаар захирамжаар шүүгч С.Еркеш, М.Риза нарт сахилгын хэрэг үүсгэсэн.
Шүүгч М.Риза “... ээлжийн амралттай байгаа С.Еркеш шүүгчид хуваарилагдсан хэрэг, шинээр ирсэн нэхэмжлэлийг ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Ерөнхий шүүгч З.Г бид хоёрт хуваарилахад ... Ш.С-ы 2025.10.23-ны өдөр гаргасан нэхэмжлэл нь холбогдох журмын дагуу Ерөнхий шүүгч З.Г-д хуваарилагдсан ... 2025.10.29-ний өдрийн зөвлөгөөний тогтоолын дагуу С.Еркеш шүүгчийн надад хуваарилагдсан хэрэг, шинэ нэхэмжлэлийг системээр хуваарилах үйлдлийг шүүгчийн туслахын ажил үүргийг тухайн үед орлон гүйцэтгэж байсан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А, мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Р нар 2025.10.30 өдөр хийхдээ ... дугаартай Ш.С-ы шинээр ирсэн нэхэмжлэлийг надад хуваарилсан байсан. Ш.С-ы нэхэмжлэл нь надад буруу хуваарилсныг би системээс харж, тухайн үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А, мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Р нарт хэлж, алдааг зөвтгүүлсэн ... хянан шийдвэрлэх ажиллагаанд би оролцож байгаагүй ...” гэсэн бол,
- шүүгч С.Еркеш “... ээлжийн амралттай байх хугацаанд шүүгч С.Еркеш надад хуваарилагдсан нэхэмжлэлүүдийн нэг нь Ш.С-ы нэхэмжлэлтэй, ... холбогдох, “Захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагатай нэхэмжлэл байсан ... Шүүгч М.Риза бид хоёрыг ээлжийн амралттай байх хугацаанд системээс бид хоёрт хуваарилагдсан бүх нэхэмжлэлийг тухайн үед ажиллаж байсан шүүгч болох Ерөнхий шүүгч З.Г “Анхан шатны журмаар нэхэмжлэл хүлээн авсан бүртгэл”-д гарын үсэг зурж хүлээн авсан, ... 2025 оны 11 дүгээр сарын 07-нд миний бие ажилд ороход ... системээс анх хуваарилагдсан шүүгч болох өөрт минь шилжүүлснээр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно ...” гэж тайлбарласан.
Мэдээлэл лавлагааны мэргэжилтний албан үүргийг гүйцэтгэж байсан Ө.Мөнхцэцэг “... миний бие иргэн Ш.С-ы тус аймгийн Засаг даргад холбогдуулан ... гаргасан нэхэмжлэлийг ... 15 цаг 15 минутад хүлээн авч, захиргааны цахим системд бүртгэхэд уг нэхэмжлэл тус шүүхийн шүүгч С.Еркешид хуваарилагдсан ... цахим системд бүртгэсний дараа тус шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан №01 дугаартай бүртгэлийн 91 дугаарт бүртгэж, ... Ерөнхий шүүгч З.Г-д нэхэмжлэлийг хүлээлгэн өгсөн ...” гэж,
Шүүгчийн туслахын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан А.А “... хэрэг, нэхэмжлэлийг системээр хуваарилах үед Ерөнхий шүүгч З.Г-д хуваарилагдсан Ш.С-ы нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр М.Риза шүүгчид шилжүүлнэ гэж би андуурч хэлснээс болж, ... Т.Р нь ... нэхэмжлэлийг М.Риза шүүгчид шилжүүлсэн байна ...” гэсэн.
Мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Р “... ... дугаар бүхий Ш.С-ы нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хүлээн авч, системд бүртгэхэд ... шүүгч С.Еркешид хуваарилагдсан ... тухайн үед шүүгч С.Еркеш нь ээлжийн амралтаа эдэлж байсан ... Ш.С-ы нэхэмжлэл болон бусад шинээр ирсэн нэхэмжлэл, хэргүүдийг ... Ерөнхий шүүгч З.Г, шүүгч М.Риза нарт шилжүүлэхээр болсон талаар ... А.А надад мэдэгдэж, ... ингэхдээ тухайн үед Ш.С-ы гаргасан нэхэмжлэлийг М.Риза шүүгчид шилжүүлсэн гэж хэлсний дагуу би уг нэхэмжлэлийг системээс М.Риза шүүгчид шилжүүлсэн үйлдлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийж байсан ... Гэтэл дараа нь Ш.С-ы нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг буруу шилжүүлсэн байна. Уг нэхэмжлэлийг З.Г шүүгчид шилжүүлэх ёстой байсан, андуурсан байна хэмээн ... А.А мэдэгдсэн, шүүгч М.Риза нь мөн энэ талаар надад мэдэгдсэн ... үүний дагуу Ерөнхий шүүгч З.Г-д дахин шилжүүлсэн ...” гэж тус тус тайлбарласан байна.
Системээс хэрэг хуваарилсан дэлгэцийн бичлэгт, Ш.С-ы 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Захирамж илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэл нь шүүгч С.Еркешид хуваарилагдсан байх ба шүүгч нь ээлжийн амралттай байсан тул 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөний ... дугаар тогтоолоор Ерөнхий шүүгч З.Г-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн, иймд нэхэмжлэл хүлээн авах дэвтэрт С.Еркеш гэх нэрийн ард шүүгч З.Г гарын үсэг зурж хүлээн авсан,
энэ үйлдлийг мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Р системд хийхдээ, “2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр томилогдсон шүүгчийг М.Риза” гэж тохируулсан, дараа нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр системд засах үйлдэл хийж, Ерөнхий шүүгч З.Г-д шилжүүлсэн болох нь шүүгч М.Ризагийн тайлбартаа хавсарган ирүүлсэн системийн баримтаар тогтоогдохын зэрэгцээ /сх-ийн 2хх-ийн 91-94 дэх тал/
тухайн хэрэгт Ерөнхий шүүгч З.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад, шүүгч С.Еркешийн ээлжийн амралтын хугацаа дуусаж, ажилд ороход нь 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ... дүгээр зөвлөгөөний тогтоолоор, хэрэг хуваарилах журмын 3.2-т зааснаар буцаан шилжүүлсэн нь тогтоогдоно.
Тус шүүх 2025 онд нийт 118 нэхэмжлэл хүлээн авснаас, 38 нэхэмжлэл нь Ерөнхий шүүгч З.Г-д, 40 нь шүүгч С.Еркешид, 40 нь шүүгч М.Ризад хуваарилагдсан байгаагаар 3 шүүгч нар ойролцоо тооны нэхэмжлэл хүлээн авсан нь харагдаж байна.
Хэрэг хуваарилах журмын 3.2 дахь хэсэгт “Тухайн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа шүүгч нь ээлжийн амралтад явсан тохиолдолд хэргийг ажиллаж буй шүүгчдэд шилжүүлэхдээ нэхэмжлэл ирсэн болон шүүгчийн сугалааны дарааллыг харгалзан шилжүүлэх, хэрэг хүлээн авсан шүүгч нь ээлжийн амралттай байгаа шүүгчийг ажилд ортол хуульд заасан зайлшгүй ажиллагааг хийх, хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хугацаа болсон, хангалттай нотлох баримт бүрдсэн хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх ба ээлжийн амралтын хугацаа дуусаж ажилдаа орсон шүүгчид тухайн хэргийг шийдсэн шүүгчид шинээр хуваарилагдсан нэхэмжлэлийг шилжүүлнэ. Хэрэв шүүх хуралдаанаар шийдвэрлэхээс өмнө хэргийг анх хүлээн авсан шүүгч ажилд орсон тохиолдолд өөрт нь шилжүүлнэ. Дээрх асуудлыг шийдвэрлэхдээ шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гаргана” гэж заажээ.
Үүгээр тухайн шүүхийн Тамгын газар нь хүлээн авсан нэхэмжлэлийг амарч байгаа шүүгчид ч хуваарилдаг, ингэхдээ бүртгэлийн дэвтэрт нэрийг бичих боловч тухайн үед ажиллаж байгаа шүүгчид хүлээлгэн өгдөг, нэхэмжлэл хуваарилагдсан шүүгч ажилдаа ороогүй байхад нийт хэргийн тоог тэнцвэржүүлэх үүднээс ажиллаж байгаа шүүгч нарт дахин хуваарилалт хийдэг нь энэхүү систем дэх алдаа гарахад нөлөөлсөн байгааг анхаарч, хяналт тогтмол тавьж байхыг дурдах нь зүйтэй.
Иймд, “... бид нарын өгсөн нэхэмжлэл дандаа Риза шүүгчид очдог ...” гэсэн нь үндэслэлгүй байх тул шүүгч М.Риза, С.Еркеш нарыг сахилга, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй.
10.Өргөдөлд “... нэхэмжлэгч Ш.С нь ... Ерөнхий шүүгч Г-тай эртнээс маш сайн найзууд тул Г, Риза шүүгч нар С-ы талд үйлчилж байна” гэх агуулгыг өргөдөл гаргагч А.Баас тодруулахад, “... Нэхэмжлэгч талаас шүүгч Г-г татгалзсан, тэр үед Г шүүгч тайлбар өгөхдөө “нэхэмжлэгчийн нөхөр С бид хоёр 10 жилийн найзууд, С-ы хүүхэд манай хүүхэдтэй нэг ангийн найзууд” гэсэн талаар тайлбар өгсөн. С-ы хүүхэд нь энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа А юм. Тэгэхээр энэ агуулгаар шүүгч Г-тай холбоотой, Г шүүгчээр дамжуулж шүүгч Ризатай холбогдож байгаа байх гэж үзэж байна. Энэ хувийн харилцааны талаар Т, А, шүүгч Г, С, түүний нөхөр С нар мэдэх боломжтой ... шууд утгаараа С нь шүүгч Ризатай холбоотой гэж бодохгүй байна, дамжуулж холбогдож байгаа гэж үзэж байна ...” гэсэн.
Ш.С-ы нөхөр Т.С “... Би С Би 1967 онд Өлгий хотод төрсөн ... 1990 онд цэргээс халагдаж ирээд Өлгий хотын цахилгаан шугам сүлжээний газарт өнөөдрийг хүртэл ажиллаж байна ... Г шүүгчийг бол танина. Г бид 2 хоёр өөр арван жилийн сургуульд сурч байсан. Бид 2 2-лаа хойно сурсан, орос руу явах, ирэхдээ вагоноор явдаг, энэ үед бид нар таардаг. Тийм учраас хүүхэд байхын бие биеэ мэддэг найзууд. Зарим баяр ёслолоор нэгнийдээ орж гарч байдаг байсан ... Энэ зун Г шүүгчийн хүүхэд нь хурим хийсэн, бид нар манай төгсөлтийн найзууд баяр хүргэж, хуриманд нь оролцсон ... Би Г шүүгчид хэрэг очсон гэж сонссон. Тэгээд Г шүүгчтэй яриагүй, холбогдоогүй тэгээд Риза шүүгч дээр хэрэг очсон гэдгийг мэдсэн ... заримдаа агаарт хамт гарна, баяр ёслол хамт тэмдэглэнэ ... Г манай байрны орчимд Гаалийн байранд амьдардаг байх үед тааралддаг, уулздаг байсан. Казакын уламжлалт баяр болох Науризын баяраар ойр орчмын бүх л айлууд бие биеэрээ орж гардаг. Энэ үеэр бол бид нар уулзана, хурим найр урилгаар л нэг нэгнийдээ зочилдог. Заримдаа Г нөхөр хөдөөнөөс ирэх гэж байна, эхнэрээ хоол хийгээч гэж хэлээч өнөөдөр танайд очъё гээд хэлдэг байсан. Иймэрхүү хэмжээнд л холбоотой. Түүнээс хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх талаар огт ярьж байгаагүй. Нэг нутгийн танил найз нөхдийн хэмжээнд бие биетэйгээ харьцдаг ...” гэсэн бол,
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Г “... С-ы нэхэмжлэлтэй Ерөнхий архитектурчид холбогдох хэрэг шүүгч нь амрахад надад шилжиж ирсэн. Хэрэг аваад 10-д хоногийн дараа хурал хийж өгнө үү гэсэн хүсэлт гуравдагч этгээдийн талаас гарсан. Хэрэгт хангалттай баримт цуглаагүй гэж үзэж хүсэлтийг хангаагүй. Гэтэл намайг татгалзсан, үндэслэл нь Г шүүгч А-ийн аав ээжтэй гэр бүлийн найзууд, шүүгчийн хүү А 2 нэг анги гэсэн агуулгаар татгалзсан. Ерөнхий шүүгчийн татгалзлыг шүүхийн зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэх гэтэл шүүгч нар амарсан, нэг нь бүр амраад Улаанбаатар явчихсан энд байхгүй байсан учраас адил шатны шүүх болох Ховд аймгийн шүүхэд уг татгалзлыг шийдүүлэхээр шилжүүлсэн. Тэгээд энд тайлбар өгсөн. А-ийн аав бид 2 өөр өөр 10 жилийн нэг төгсөлт, гэхдээ тэр хүүхэд 8 төгсөөд өөр сургуульд явсан байх. Би бол 10 дугаар ангид төгсөөд Краснодор хотын их сургуульд орсон, энэ үед тэр хүн Баку хотод сурч байгаа гээд нэг тааралдаж байсан, нэг вагонд явж байсан. Тэгж л мэддэг, өөрөөр харилцаа холбоо байхгүй ... Гэр ойрхон, тааралдвал мэнд устай явдаг. Тэрнээс бус уулздаг учирдаг тийм зүйл байхгүй ...” гэсэн,
Гуравдагч этгээд Ш.Т “... Гэр бүлийн дотнын найзууд, тэд нарыг юу гэж тайлбарлах юм бэ дээ. Тийм дотно хүмүүс чинь нөлөөлж байгаа гэж бид нар хардаж байгаа. Нөгөө Г нь Ризад өгөөд, нөгөө Ризад Г нөлөөлөөд бид нарын эсрэг юм гаргаад байгаа байхгүй юу ... Г-гийн хүүхэд, С-ы хүүхэд, миний хүүхэд 3 нэг ангийн хүүхдүүд. Тэд нар бол дотно найзууд. Өлгий их жижигхэн газар тул хэн, хэнтэй ямар холбоо, харилцаатайг бид нар сайн мэддэг. Тэр талаасаа үндэслэлтэй байгаад байна, 2 хүүхэд нь найзууд, ээжүүд нь найзууд, дотно найзууд гэж үзээд байгаа ... Үндэслэл нь Г наад хэрэгт чинь нөлөөлөөд байна, хамт ажиллаж байгаа шүүгч нар. Түүнээс би Риза шүүгчийг бол танихгүй, Риза ч намайг танихгүй, өс хонзон ямар нэгэн зүйл байхгүй. Тэгсэн мөртлөө миний гомдлыг миний эсрэг гаргаад байгаа байхгүй юу. Тэгэхээр би хардах үндэслэлтэй болж байна. С нь Г-тай хуйвалдаад Г нь энд нөлөөлөөд байгаа гэж харагдаж байгаа ...” гэсэн,
Мөн шүүгч М.Риза тайлбартаа “... Шүүгч хэргийн оролцогчтой найз нөхдийн харилцаатай нь уг хэргээс шүүгч өөрөө татгалзан гарах эсхүл хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзан гаргах хуульд заасан үндэслэл болно. Би иргэн Ш.С-ыг танихгүй, найз нөхдийн болон бусад байдлаар хувийн харилцаагүй, Ерөнхий шүүгч З.Г, иргэн Ш.С нар нь хоорондоо найз нөхдийн харилцаатай эсэхийг мэдэхгүй. Ерөнхий шүүгч З.Г-гаас Ш.С-ы нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа шүүгч М.Риза надад ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаагүй. Иймд шүүгч М.Ризад Ерөнхий шүүгч З.Г нөлөөлснөөр танил талдаа шийдвэр гаргасан гэх агуулгатай гомдол нь үндэслэлгүй ...” гэжээ.
Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэнэ.
Дээрхээс үзвэл, гэрч Т.С болон Ерөнхий шүүгч З.Г нарын мэдүүлгээр, нэхэмжлэгч Ш.С-тай гэр бүлийн найзууд гэдэг нь тогтоогдож байх боловч “нэхэмжлэгч Ш.С нь Ерөнхий шүүгч З.Г-гаар дамжуулан шүүгч М.Ризатай холбогддог, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгчийн талд явуулж, нэхэмжлэгч талд үйлчилж, гуравдагч этгээдийн эсрэг шийдвэр гаргадаг” гэх үйл баримт шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна.
Дээрхийг нэгтгэвэл, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.
Харин Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза нь,
1/ нэхэмжлэлийг хүлээн аваад захиргааны хэрэг үүсгээгүй байхдаа нотлох баримт цуглуулахаар албан бичиг явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг,
2/ үзлэг хийх, гэрч асуух зэрэг нотлох баримт цуглуулах ажиллагаанд хэргийн оролцогчийн оролцох эрхээр хангаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг,
3/ урьдчилсан хэлэлцүүлгээр “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” хүсэлтийг шийдвэрлэхдээ захиргааны хэргийн шүүхэд хянагдаж буй хэргээс нотлох баримт бүрдүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийг,
4/ гуравдагч этгээдээс гаргасан утга, агуулга ижил хүсэлтийг 2 удаа шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзлээ.
Дээрх зөрчлүүдийн улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт ашигтай байдал бий болсон, эсхүл хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй учраас ноцтой байх шинжид хамаарахгүй, харин илт тодорхой хуулийн заалтыг “удаа дараа” зөрчсөн гэж үзэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан “хуулийн илт тодорхой заалтыг ... удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж зааснаар нотлох дүгнэлт үйлдэв.
Холбогдох шүүгч М.Риза 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан тайлбартаа: “... Нэгдүгээрт, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгчийг татгалзан гаргах эрхийг тайлбарлаж өгөөгүй, татгалзан гаргах хүсэлт асуугаагүй гэх гомдлын хүрээнд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлээр “Шүүх бүрэлдэхүүнийг зарлах ба татгалзан гаргах эрхийг тайлбарлах” асуудлыг зохицуулсан. Үүнд, 94.1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлан... татгалзан гаргах эрхтэйг тайлбарлана, 94.2-т “Татгалзан гаргах хүсэлтийг энэ хуулийн 85 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан нь “Анхан шатны шүүх хуралдааны дэг, шүүхийн шийдвэр”-ийн талаарх Аравдугаар бүлэгт
хамааралтай. Хуулийн дээрх зохицуулалтаар хэргийг дангаар эсхүл шүүх
бүрэлдэхүүнээр шийдвэрлэх шүүгч, шүүгчдийг зарлаж, татгалзан гаргах эрхийг тайлбарлах нь шүүх хуралдааны үед хэрэгжих дэг юм.
Урьдчилсан хэлэлцүүлэг нь шүүх хуралдаан биш тул уг ажиллагаа нь шүүх хуралдаанаас өөрөөр явагддаг.
Тухайлбал, урьдчилсан хэлэлцүүлгийн талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлээр зохицуулагдсан. Уг зүйлд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах дэгийн талаар зохицуулаагүй, түүнчлэн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүх хуралдааны дэгийн дагуу явуулах зохицуулалт мөн байхгүй юм.
Иймд зөвхөн энэ хэрэг дээр биш аливаа хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах үед шүүгчийг зарлах, татгалзан гаргах эрхийг тайлбарладаггүй байсан.
Шүүх хуралдаанаас өмнө шүүгчийг татгалзан гаргах болон бусад эрх, үүргийг шүүгчийн туслахаас талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны ... дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Баримт №6 үйлдэж, хэрэгт хавсаргадаг.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байвал талууд хүсэлтээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргах боломжтой. Жич: урьдчилсан хэлэлцүүлэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад үед, шүүх хуралдаанд гэх мэт. 2025.11.28-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр талуудын шүүгчийг татгалзах, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлаагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар хуульд заасан үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй байгаа. Мөн 84.2-т “Энэ хуулийн 84.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно.” гэж заасан. Шүүгч миний хувьд Ш.С-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн ерөнхий архитекторт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд үл оролцох хуульд заасан үндэслэл байгаагүй тул уг хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана.” гэж заасан үндэслэл үүсээгүй, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “Шүүгчийг зарлах ба татгалзан гаргах эрхийг тайлбарлах” тухай хуулийн тодорхой заалт байхгүй тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх сахилгын зөрчил гаргаагүй болно. /Энэхүү тайлбартай холбогдуулан шуугч М.Риза миний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бусад хэргүүд болох X.Тилеген нарын 9 хүний нэхэмжлэлтэй захиргааны хэрэг, С.Ж-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргүүдээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан тэмдэглэл, шүүх хуралдааны тэмдэглэлийн холбогдох хэсгийг хавсаргав./
Иргэн Ш.Т нь 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ... холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоох (1), 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” (2), 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/318 дугаартай захирамжийг(З), 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/1005 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжийн Ш.С-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох” (4) шаардлагатай нэхэмжлэл гаргасан нь “Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ээр надад хуваарилагдсан. Уг нэхэмжлэлийг хүлээн авч, шалгаж үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д заасан үндэслэлээр 2025.08.28-ны өдрийн ...0323 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Шүүгчийн уг захирамжийг нэхэмжлэгч Ш.Т-ийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаж үзээд тус шүүхийн 2025.09.24-ний өдрийн ... дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Шүүгч хэргийн оролцогчтой найз нөхдийн харилцаатай нь уг хэргээс шүүгч өөрөө татгалзан гарах эсхүл хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзан гаргах хуульд заасан үндэслэл болно. Би иргэн Ш.С-ыг /нэхэмжлэгч/ танихгүй, найз нөхдийн болон бусад байдлаар хувийн харилцаагүй. Ерөнхий шүүгч З.Г, иргэн Ш.С нар нь хоорондоо найз нөхдийн харилцаатай эсэхийг мэдэхгүй.
Ерөнхий шүүгч З.Г-гаас Ш.С-ы нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа шүүгч М.Риза надад ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаагүй. Иймд шүүгч М.Ризад Ерөнхий шүүгч З.Г нөлөөлснөөр танил талдаа шийдвэр гаргасан гэх агуулгатай гомдол нь үндэслэлгүй.
Хоёрдугаарт, Монгол Улсын дээд шүүхийн тайлбарыг зөрчиж, өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулсан гэх гомдлын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Энэ хуулийн 62 дугаар зүйл, эсхүл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ.” гэж заасан ба хэргийн оролцогчдоос гаргасан маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг мөн хуулийн 70.1-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх зохицуулалттай.
Өмгөөлөгч А.Б-ын гомдолдоо дурдсан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023.4.14-ний өдрийн хуралдааны 18 дугаартай тогтоолын холбогдох тайлбар нь /Тавын 5.2 дахь хэсэг/ захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх талаарх хуулийн 61.1, 62.1 дэх хэсэгт хамааралтай.
Нэхэмжлэгч Ш.С-ы гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэх 2025.11.06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлэхэд гуравдагч этгээд Ш.Т-ийн өмгөөлөгч А.Б-аас Ш.С-ы гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт гаргасан. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцүүлэхээс өмнө нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай гуравдагч этгээд талын хүсэлтийг эхэлж хэлэлцүүлэх шаардлага үүссэн. Учир нь хэрэв шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хангаж шийдвэрлэх тохиолдолд хуульд зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагагүй болно.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.1-д заасан урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх хүсэлтийн төрөлд хамаарахгүй ч шүүхийн практикт энэ төрлийн хүсэлтийг талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны үед шинээр гаргах тохиолдолд хэлэлцдэг. Ийнхүү өмгөөлөгч А.Б-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хэлэлцүүлсэн боловч хэрэгт өмнө нь цугларсан болон урьдчилсан хэлэлцүүлгийн үед гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М-ийн гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсэхэд, энэ талаар талаарх талуудын маргаанд дүгнэлт хийхэд учир дутагдалтай, нотлох баримт хангалтгүй байсан.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой;”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр заасан. Өмгөөлөгч А.Б-аас энэ үндэслэлээр хүсэлтээ гаргасан.
Маргаан бүхий захиргааны акт нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гарсан шийдвэр байсан. Уг шийдвэрийг мэдсэнээс хойш нэхэмжлэгч Ш.С нь 30 хоногийн дотор 2025.04.28, 29-ний өдрүүдэд ерөнхий архитекторын дээд шатны албан тушаалтан болох ... гомдол гаргаагүй гэх урьдчилсан хэлэлцүүлгийн үед гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдлын бүртгэлийн баримт нь аль оных вэ гэдэг нь тодорхойгүй, хэрэгт Баян-Өлгий аймгийн Засаг даргын ирүүлсэн “Ш.С нь ерөнхий архитекторын шийдвэртэй холбоотой гомдол гаргаагүй” гэх”, “Ш.С нь ерөнхий архитекторын шийдвэртэй холбоотой 2025.04.28-ны өдөр гомдол гаргасан” гэх хоёр өөр утгатай албан бичиг нотлох баримтаар авагдсан байсан.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3-т заасан үндэслэлтэй холбогдуулж, тус шүүхийн 2025 оны ... дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймгийн Засаг даргаас шаардсан нотлох баримтыг 2025.11.06-ны өдрийн байдлаар тус шүүхэд ирүүлээгүй байсан.
Маргааны үйл баримтыг нотлох баримт тодорхойлох тул шүүхээс гарах аливаа шийдвэр нь нотлох баримтад үндэслэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, ...өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж тус тус заасан.
Дээр тайлбарласанчлан 2025.11.06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр өмгөөлөгч А.Б-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг шийдвэрлэхэд хэргийн нотлох баримт хангалтгүй, нэхэмжлэгч дээд шатны албан тушаалтанд гомдол “гаргаагүй” эсхүл “гаргасан” гэх үзэх нөхцөл байдал нь эргэлзээтэй, нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтын хүрээнд хуулийн 56.1.3-т заасан шүүгчийн чиг үүргийн дагуу хүсэлтийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах шаардлагаар хэрэгт нэмэлт нотлох баримт цуглуулах болсон нь хуулийн дээр дурдсан зохицуулалттай нийцсэн.
Түүнчлэн хуульд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий эсэхийг тогтоох нь талуудад даалгах үүрэг биш буюу шүүгчийн үүрэг учраас уг хүсэлтэд холбогдуулан 2025.11.06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээс шүүхийн санаачилгаар нэмэлт нотлох баримт цуглуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023.4.14-ний өдрийн хуралдааны 18 дугаартай тогтоолын Тавын 5.2 дахь хэсгийн тайлбарын агуулгыг зөрчөөгүй, энэ хэсгийн “Хэдийгээр захиргааны хэргийн шүүх нь нотлох зарчмыг хэрэгжүүлдэг боловч энэ нь ...нэхэмжлэлээр үүсэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай,” гэсэн тайлбарт нийцсэн.
Мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.1-д заасан урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх хүсэлтийн төрөлд ч хамаарахгүй тул ... Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023.4.14-ний өдрийн хуралдааны 18 дугаартай тогтоолын Тавын 5.2 дахь хэсгийн “...Хэдийгээр захиргааны хэргийн шүүх нь нотлох зарчмыг хэрэгжүүлдэг боловч энэ нь ...хүсэлтээр үүсэх ажиллагаанд /хүсэлт шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлэгт/ хэрэгжихгүй.” гэсэн тайлбар нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй гэж үзнэ.
Дээрх байдлаар нэхэмжлэгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэх байсан 2025.11.06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогдож, хүсэлтийг 2025.11.28-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр болж, 2025.11.25-ны өдөр дахин товлогдсон.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гарган түдгэлзүүлнэ:”, 65.1.3-т “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй;” гэж заасан.
Нэхэмжлэгч анх 2025.10.27-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлээ өөрийнх нь гаргасан /Ш.С-ы/ ... холбогдох /гуравдагч этгээд Ш.Т-ийн эзэмшдэг газартай маргасан/ захиргааны хэрэгт холбогдуулж тайлбарласнаар тус шүүхийн 2025 оны ... дугаартай албан бичгээр шүүхийн Тамгын газраас Ш.С-ы нэхэмжлэлтэй, ... холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэрэг байгаа эсэхийг тодруулж, тус хэргээс Ш.С-ы гаргасан нэхэмжлэл, захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг хэрэгт цуглуулсан.
Гэтэл 2025.11.28-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дээрх хэргээс гадна өмгөөлөгч Е.М-ийн нэхэмжлэлтэй, ... холбогдох /Ш.С-ы эзэмшдэг газартай маргасан/ захиргааны хэрэгт холбогдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шинэ үндэслэлийг гаргасан. Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасан үндэслэлтэй холбоотой тул өмгөөлөгч Е.М-ийн нэхэмжлэлтэй гэх захиргааны хэрэг байгаа эсэхийг тодруулахгүйгээр хүсэлтийг хэлэлцэх, хүсэлтийн үндэслэлд шүүхээс дүгнэлт хийх, талууд хүсэлтийн үндэслэлийн талаар хоорондоо мэтгэлцэх, тайлбар гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй юм.
Иймд 2025.11.28-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүхийн санаачилгаар өмгөөлөгч Е.М-ийн нэхэмжлэлтэй гэх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа эсэхийг тодруулж, тус хэргээс нэхэмжлэл, захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтыг хэрэгт нэмэлтээр цуглуулах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д заасантай нийцсэн, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023.4.14-ний өдрийн хуралдааны 18 дугаартай тогтоолын Тавын 5.2 дахь хэсгийн тайлбарыг зөрчөөгүй гэж үзсэн. Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүсэлтийн шинэ үндэслэлд холбогдуулж, өмгөөлөгч Е.М-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаатай холбоотой нотлох баримт авах хүсэлт гаргаагүй ч уг асуудлыг тодруулах үүрэг нь хуульд зааснаар шүүхийн өөрт нь байгаа тул уг үүргээ хэрэгжүүлж ажилласан. Шүүхийн санаачилгаар цуглуулсан өмгөөлөгч Е.М-ийн нэхэмжлэл, захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж зэрэг нотлох баримт нь нэхэмжлэгчийн гаргасан “...өмгөөлөгч Е.М-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө нэхэмжлэгч Ш.С-ы нэхэмжлэлтэй, аймгийн ерөнхий архитекторт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэх хүсэлтийн үндсэн агуулга, гол үндэслэлийг нотолсон эсхүл үгүйсгэсэнтэй холбоотой баримтууд биш тул нэхэмжлэгч талын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг маргаан байгаа эсэхийг тодруулсан нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023.4.14-ний өдрийн хуралдааны 18 дугаартай тогтоолын Тавын 5.2 дахь хэсгийн тайлбарын хүрээнд байгаа болно. Энэхүү тайлбарын агуулгаар ... нэхэмжлэгч тал дээрх тохиолдолд Ш.С, өмгөөлөгч Е.М нарын нэхэмжлэлтэй газрын маргаан бүхий захиргааны хэргүүдийг эхэлж шийдвэрлэхээс өмнө ерөнхий архитекторт холбогдох энэхүү захиргааны хэргийг шүүхээс хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа ямар үндэслэл, нөхцөл байдал байгааг өөрөө нотлох бөгөөд Ш.С, өмгөөлөгч Е.М нараас гаргасан гэх нэхэмжлэлээр үүссэн хянан шийдвэрлэх ажиллагаанд захиргааны хэргүүд байгаа эсэхийг шүүхээс тодруулах нь хүсэлтийн үндсэн агуулгад хамааралгүй юм.
Дээрх байдлаар шүүгч би 2025.11.06, 11.28-ны өдрүүдийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хуульд заасан журмаар хэрэгт дээрх төрлийн нэмэлт нотлох баримт цуглуулахаар шийдвэрлэснийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50.1.23-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн өмгөөлөгч А.Б-ын гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Гуравдугаарт, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой, удаа дараа зөрчсөн гэх гомдлын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ.”, 38.3-т “Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна.” гэж заасан.
Дээрх байдлаар 2025.11.06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэг нь гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлттэй холбоотой, уг хүсэлтийг шийдвэрлэх шаардлагаар нэмэлт нотлох баримт цуглуулах үндэслэлээр хойшлогдсон.
Уг ажиллагааны хүрээнд шүүгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3-т заасны дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсэгт үзлэг хийсэн.
Энэхүү нотлох баримтыг 2025.11.06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр өмгөөлөгч А.Б-ын үйлчлүүлэгч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн боловч аль оны бүртгэл вэ гэдэг нь тодорхойгүй байсан тул үзлэг хийх замаар уг асуудлыг тодруулсан, аль оны бүртгэл вэ гэдэг нь тодорхойгүйг, уг асуудлыг тодруулах шаардлагатайг 2025.11.06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгчийн гаргасан захирамжийн үндэслэлийг тайлбарлах үеэр талуудад тодорхой танилцуулж байсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж заасан.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга З-ыг гэрчээр асуух болсон үндэслэл нь дээр тайлбарласанчлан нэхэмжлэгч Ш.С нь аймгийн ерөнхий архитекторын гаргасан маргаан бүхий захиргааны акттай холбоотой хуульд заасан журмаар Засаг даргад гомдол гаргасан эсэхтэй холбоотой 2 өөр агуулгатай албан бичгийг Засаг дарга шүүхэд ирүүлсэн, уг асуудлаар талууд хоорондоо маргасан байсан тул Засаг даргын өөрөөс нь тодруулах шаардлагаар хоёр өөр утга агуулга бүхий албан бичиг өгсөн үндэслэл, Ш.С нь гомдол гаргасан эсэх, гаргасан бол бичгээр гаргасан гомдол нь Засаг даргад байгаа эсэх гэх зэрэг маргаанд хамааралтай нөхцөл байдлыг гэрчийн мэдүүлэг авах замаар тодруулсан.
Гэрч асуух ажиллагаа, гэрчийн мэдүүлгийн талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан бөгөөд шүүхийн санаачилгаар хийгдэж байгаа гэрч асуух ажиллагаанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах талаар зохицуулагдаагүй. Иймээс шүүхийн санаачилгаар гэрч асуух тохиолдолд талуудыг оролцуулдаггүй.
Хэргийн энэ тохиолдолд хэрэв аль нэг талаас Баян-Өлгий аймгийн Засаг дарга З-ыг гэрчээр асуух, уг ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт гаргасан бол хэргийн бусад талд адилхан мэдэгдэж, гэрч асуух ажиллагаанд талуудыг оролцуулах боломжтой.
Хэрэгт маргаантай холбоотой Баян-Өлгий аймгийн Засаг дарга З-аас эсрэг агуулгатай хоёр албан бичгийг шүүхэд ирүүлсэнтэй талууд танилцсан боловч хэргийн аль аль талаас Баян-Өлгий аймгийн Засаг даргыг гэрчээр асуух хүсэлт гаргаж байгаагүй.
Гэрч З-ыг 2025.11.24-ний өдөр асууж, мэдүүлгийг мөн өдөрт нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А /Улаанбаатар хотод байдаг/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, өмгөөлөгч А.Б нарт /Улаанбаатар хотод байдаг/ цахимаар танилцуулсны дараа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг 2025.11.25-ны өдөр шийдвэрлэсэн.
Шүүхийн санаачилгаар бичмэл нотлох баримтад үзлэг хийх, гэрч асуух ажиллагаанд талуудыг оролцуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна:” гэж заасан. Иймд 56.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах нь шүүгчийн үүрэг юм. /Энэхүү тайлбарт холбогдуулан миний өөр хэрэгт гэрч асуусан тухай баримтуудыг хавсаргав./
2025.11.06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэг нь нэхэмжлэгч Ш.С-ы гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцүүлэхээр товлогдсон. Дээрх байдлаар өмгөөлөгч А.Б-аас нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах хүсэлтээ 2025.11.06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр гаргасан учраас хэлэлцүүлэх болсон, энэ талаарх үндэслэлийг тодорхой тайлбарласан. Гэвч өмгөөлөгч А.Б-ын уг хүсэлтийн үндэслэлтэй холбоотой нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай болсноор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болсон. Энэхүү хүсэлтийг шийдвэрлэхээс өмнө нэхэмжлэгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэх боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт нь 2025.11.06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдээгүй, иймд 2025.11.06-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцүүлэх урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж шийдвэрлэсэн. Харин гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Бын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.1-д заасан урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх хүсэлтийн төрөлд хамаарахгүй тул энэхүү хүсэлтийг дараагийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр шийдвэрлээгүй. /3АХИРАМЖЛАХ нь хэсгийн 1 дэх заалт/
2025.11.06-ны өдөр шүүгчийн дээрх захирамжийн үндэслэлийг тайлбарлах үедээ ч ...эхлээд гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг шийдвэрлэсний дараа, энэхүү хүсэлтийн шийдлээс хамаарч нэхэмжлэгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцүүлэхээр бол урьдчилсан хэлэлцүүлгийг жич товлохыг хэлж танилцуулсан.
Мөн ...... дугаартай “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн “ҮНДЭСЛЭХ нь:” хэсгийн 5-д ‘Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад үед шийдвэрлэх боломжтой”-г дурдсан.
Шүүгчийн ... дугаартай захирамжаар шийдвэрлэсэн өмгөөлөгч А.Б-ын хүсэлттэй холбоотой хэрэгт нэмэлт нотлох баримт цуглуулах ажиллагааг 2025.11.24-ний өдрийг хүртэл явуулж дууссан. Энэ хооронд өмгөөлөгч А.Б-аас 2025.11.13-ны өдөр шүүхэд Ш.С-ы нэхэмжлэлтэй захиргааны хэргийг товлох, өөрийнх нь гаргасан нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах хүсэлт, нэхэмжлэгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцүүлэх урьдчилсан хэлэлцүүлэг товлох тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлттэй танилцаад 2025.11.19-ний өдрийн ... дугаартай захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэхүү захирамждаа “...Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.1-д заасан урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх хүсэлтийн төрөлд хамаарахгүй бөгөөд уг хүсэлтийг шүүгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэхийг тайлбарлаж, энэ талаар шүүгчийн өмнөх ... дугаартай захирамжид тусгасан болохыг мөн дурдсан.
Дээрх байдлаар шүүгч би амаар 1 удаа, шүүгчийн бичгээр гаргасан 2 удаагийн захирамжаар, нийт 3 удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаарх хүсэлт хуульд зааснаар урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх хүсэлтийн төрөлд хамаарахгүйг, иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад үед хянан шийдвэрлэхийг тодорхой тайлбарлаж, шүүгчийн дээрх захирамжуудаа тухай бүр танилцуулсан тул “...бид дараагийн урьдчилсан хэлэлцүүлгээр бидний хүсэлтийг хэлэлцэнэ гэсэн ойлголттой, бэлтгэлтэй байсан” гэх гомдлыг нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Өмгөөлөгч А.Б-аас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийн үндэслэлийг шүүхэд бичгээр, 2025.11.06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр амаар дэлгэрэнгүй тайлбарласан, уг хүсэлтийн талаар талуудад мэтгэлцэх, хариу тайлбар хэлэх боломжийг тус хэлэлцүүлгийн үед хангалтай олгосон, хэрэгт хүсэлтийн үндэслэлтэй холбоотой нотлох баримт гаргаж өгснийг шүүхээс хүлээн авсан, танилцсан, шүүхийн санаачилгаар цуглуулсан нэмэлт нотлох баримтуудыг танилцуулсан, үүний дараа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч шийдсэн.
2025.11.24-ний өдрийг хүртэл хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актын талаарх гомдлоо дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргаж, маргаанаа урьдчилан шийдвэрлэх шаардлагыг хангасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон учраас 2025.11.25-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамж гаргаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хангаагүй талаарх шүүгчийн захирамжид хуульд зааснаар талууд гомдол гаргах эрхгүй тул 2025.11.25-ны өдрөөс тооцож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.3-т “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гурваас доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийг 2025.11.28-ны өдөр хийхээр товлож, мөн өдөр хүсэлтийг шийдвэрлэсэн.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын эрхийг ноцтой, удаа дараа зөрчсөн гэх гомдол нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж ажилласан болно.
Дөрөвдүгээрт, шүүгч хуульд заасан тодорхой хугацааг зөрчсөн гэх гомдлын тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Шүүгч дараахь хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч Ш.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтээ шүүхэд 2025.10.27-ны өдөр гаргасан байна. Би 2025.09.15-ны өдрөөс ээлжийн амралтаа эдэлж, 2025.10.29-ний өдөр ажилд орж, мөн өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Ш.С-ы нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч, хүсэлттэй танилцсан.
Хуулийн 70.1-д заасан хугацаагаар тооцоход хүсэлтийг 2025.11.03-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх ёстой. Гэхдээ хүсэлтийн үндэслэл нь нэхэмжлэгч Ш.С-ы өөрийн 2025.10.23-ны өдөр шүүхэд гаргасан гэх ... холбогдох газрын маргаан бүхий нэхэмжлэлтэй холбоотой байсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гарган түдгэлзүүлнэ”, 65.1.3-т “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй;” гэж заасан.
Ш.С-ы 2025.10.23-ны өдөр гаргасан нэхэмжлэл нь 2025.10.29-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Ерөнхий шүүгч З.Г-д хуваарилагдсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-д зааснаар шүүгч уг нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэх эсэхээ 7 хоногийн дотор шийдвэрлэхээр байгаа, үүгээр тооцоход 7 дахь хоног нь 2025.10.30-ны өдөр байсан.
Иймд би Ш.С-ы нэхэмжлэлд шүүгчээс захиргааны хэрэг үүсгэх эсэхийг 2025.10.31-ний өдрийг хүртэл хүлээх шаардлагатай болсон тул мөн өдөр Шүүхийн Тамгын газарт албан бичиг явуулж тодруулж, Ш.С-ы нэхэмжлэлээр ... холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн 2025.10.30-ны өдрийн захирамж, нэхэмжлэл зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулсан.
2025.11.01-02-ны өдрүүд нь амралтын өдрүүд байсан. Иймд нэхэмжлэгчийн хүсэлттэй, үүнтэй холбогдох хэргийн нотлох баримттай танилцах, нэхэмжлэгчийн хүсэлтийг хэргийн бусад оролцогч, өмгөөлөгч нарт танилцуулж, мэтгэлцэх, тайлбар гаргах боломжоор хангах шаардлагаар урьдчилсан хэлэлцүүлгийг 2025.11.06-ны өдөр товлосон. Үүний дагуу өмгөөлөгч А.Б-аас хүсэлтийн талаарх тайлбараа хэлэлцүүлэг болохоос өмнө шүүхэд бичгээр гаргаж байсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.8-д “Шаардлагатай бол энэ хуулийн 70.1-д заасан хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор шүүгч сунгаж болно.” гэж заасан. Иймд би нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлгийг 2025.11.06-ны өдөр товлосон нь хуулийн 70.8-д заасантай нийцсэн тул хүсэлтийг шийдэх хугацааг 3 хоногоор хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.
2025.11.06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт нь дээр тайлбарласан шалтгаанаар хэлэлцэгдээгүй.
Иймээс 2025.11.06-ны өдрийн хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн товыг дахин тогтоохоор болж, хугацаа заахгүйгээр хойшлуулсан. Энэ нь 2025.11.06-ны өдрийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч А.Б-аас өөр төрлийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасантай холбоотой байсан.
Хэрэв шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх тохиолдолд, уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагагүй болох тул 2025.11.06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцэх дараагийн хэлэлцүүлгийн хугацааг тогтоох боломжгүйд хүрч, дахин товлох шаардлагатай болсон.
2025.11.06-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсны дараа 2025.11.08-ны амралтын өдөр /хагассайн/ шүүгч би 2025.11.13-14-ний өдрүүдэд Улсын Дээд шүүхэд зохион байгуулагдах захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн сургалтад оролцохоор явж, 2025.11.5-ны өдөр ирсэн. 2025.11.17-ны ажлын Даваа гарагт ажилдаа орсон. /Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны бүх шүүгчид оролцсон/
2025.11.10-11.14-ний ажлын өдрүүдэд Улаанбаатар хот руу явсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан;
2025.11.06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах болсон үндэслэл шалтгаан 2025.11.25-ны өдрийг хүртэл арилаагүй;
2025.11.25 өдрийн шүүгчийн захирамжаар өмгөөлөгч А.Б-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэх үндэслэл үүсэж, хуулийн 70.3-т заасан хугацааг баримталж, 2025.11.28-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийх товыг тогтоосон. Дээрх шалтгаанаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлгийн товыг шинээр товлосон тохиолдолд хуулийн 70.8-д заасан хугацааг 12 хоногоор хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.
Дээрх байдлаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч би анх хуульд заасан хугацаанд товлосон боловч тухайн өдрийн хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй болсон нь, дахин товлох шаардлагатай болсон нь шүүгч надаас шалтгаалаагүй, хэргийн бусад оролцогчдоос өөр хүсэлт гаргасан, үүний дагуу шаардлагатай ажиллагаа явуулсантай холбоотой, дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын агуулгад нийцүүлж явуулсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчдоос нотлох баримт гаргуулах, хасуулах, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд 7 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх зохицуулалттай. Дээрх хүсэлтийг талуудаас гаргах тухай бүрд урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ гэсэн үг юм. Нэхэмжлэгч Ш.С нь анх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг 2025.07.28-ны, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг дээрх байдлаар 2025.11.06, 11.28-ны өдрүүдэд хэлэлцэхээр болж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 3 удаа урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь хуулийн 70.1-д заасантай нийцсэн.
Ш.С-ы нэхэмжлэлийн дагуу 2025.06.09-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор, шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор хэргийн хугацааг сунгаж болохоор заасны дагуу нийт ... хоногт багтаан шүүх хэргийг хянан шийдвэрлэхээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн хугацаа энэ хуулийн 63.1-63.3-т заасан хугацаанд хамаарахгүй гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 2025.10.29-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хоёр дахь удаа 15 хоногоор сунгаж шийдвэрлэсэн.
Хэрэг шийдвэрлэх хугацаа удааширсан шалтгаан нь талуудаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа хүсэлт гаргасан, үүний дагуу шүүхээс шаардлагатай ажиллагаа явуулсан, хүсэлтийг шийдвэрлэсэн, шүүгчийн уг захирамжид талууд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар хянагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч би 2025.10 сард ажлын 2 хоног, 11 сард ажлын 5 хоног Улаанбаатар хотод болсон нийт шүүгчийн чуулган, захиргааны хэргийн шүүгчдийн сургалтад оролцсон зэрэг нөхцөл байдлууд нөлөөлсөн.
2025.07.28-ны өдөр гаргасан шүүгчийн захирамжид хэргийн эс зөвшөөрсөн тал гомдол гаргаснаар хэргийг тухайн үед Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн, намайг ээлжийн амралтаа 2025.09.15-ны өдөр авах үед хэрэг шүүхэд ирээгүй байсан. Би 2025.10.29-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байх хугацаанд шүүгчдийн зөвлөлгөөнөөр баталсан хэрэг хуваарилах журмын дагуу Ш.С-ы нэхэмжлэлтэй хэрэг Ерөнхий шүүгч З.Г-д шилжиж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Иймд 2025.09.15-2025.10.29-ний өдөрт хамаарах хэргийн хугацаатай холбоотой би тайлбар гаргах боломжгүй байна.
Ээлжийн амралтаас ажилдаа 2025.10.29-ний өдөр орж, хэргээ хүлээн авч танилцаад хэрэгт нотлох баримт цуглуулах, урьдчилсан хэлэлцүүлэг хийх, хүсэлтүүд шийдвэрлэх зэргээр шаардлагатай хянан шийдвэрлэх ажиллагааг хийсэн. Хамгийн сүүлд 2025.12.19-ний өдөр маргааны үйл баримттай холбоотойгоор хэрэгт шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, ..., ... дугаартай захирамжуудыг гаргасан. Уг захирамжид нэхэмжлэгч Ш.С гомдол гаргаснаар хэрэг хоёр дахь удаагаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хянагдсан.
Одоогоор тус хэргийг ирүүлээгүй байгаа, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, хэргийн процесс ажиллагаа одоогоор түдгэлзсэн. Ийм шалтгаантайг тайлбарлая.
Иймээс уг хэрэг нь одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа нь дээрх үндэслэл шалтгаантай холбоотой тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д заасан шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих сахилгын зөрчил гаргасан гэсэн гомдлын үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Тавдугаарт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг удаа дараа зөрчиж, нэхэмжлэгч талд давуу байдал олгож ирсэн гэх гомдлын тухайд:
Нэхэмжлэгч Ш.С нь 2025.06.02-ны өдөр Баян-Өлгий аймгийн ерөнхий архитекторт холбогдуулан “2023.11.30-ны өдрийн ... дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.” гэж зааснаар 2025.06.02-2025.06.09-ний өдрийн дотор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг хянаж, хэрэг үүсгэх эсэхээ шийдвэрлэх ёстой.
Шалгаж үзээд хуулийн 54.1.1, 54.1.2, 54.1.4-54.1.8 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзсэн.
Харин 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой;” гэсэн үндэслэлтэй холбоотой нэхэмжлэгч уг журмыг биелүүлж, ... гомдол гаргасан тухай, хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай нэхэмжлэлдээ тайлбарласан байсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гэх гомдолд дээд шатны албан тушаалтан хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй бол энэ үеэс 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.
Нэхэмжлэгч 2025.04.28-ний өдөр гомдол гаргасан гэж тайлбарласан ба энэ тохиолдолд дээд шатны албан тушаалтнаас 30 хоногийн дотор хариу өгөхөөр холбогдох хуульд заасан учир нэхэмжлэгч 2025.05.28-ны өдрийг хүртэл хариу өгөөгүй тохиолдолд энэ үеэс хойш 2025.6.28-ны өдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Нэхэмжлэгч 2025.6.02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэгэнт нэхэмжлэлд дээд шатны байгууллагад гомдол гаргасан боловч хариу өгөөгүй гэж тайлбарласан учраас нэхэмжлэлийн хамтаар гомдлын хариу бүхий баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөх боломжгүй. Иймээс хуулийн 54.1.3-т заасан шаардлагыг нэхэмжлэгч хангасан эсэхийг шалгаж, 2025.06.04-ний өдөр аймгийн Засаг даргад албан бичиг явуулж тодруулсан боловч албан бичигт заасан хугацаанд шүүхэд хариу ирүүлээгүй.
Захиргааны хэрэг үүсгэх эсэхийг шийдэх эцсийн хугацаа 2025.06.09-ний өдөр байсан ба Засаг дарга хариу ирүүлээгүй учраас захиргааны хэрэг үүсгэх болсон.
Хуулийн 55.1-д шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл захиргааны хэрэг үүсгэхээр заасан. 54.1.3-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байна гэж үзэх нөхцөл байдал 2025.06.09-ний өдрийн байдлаар тогтоогдоогүй. Баян-Өлгий аймгийн Засаг дарга хариу ирүүлээгүй гэх шалтгаанаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлэх нь, нөгөө талаар 54.1.3-т заасан үндэслэл байгаа нь тогтоогдоогүй байхад 54.1.3-т заасан үндэслэл байна гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь хуулийн 54.1, 55.1-д заасантай нийцэхгүй тул 2025.6.9-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдвол хуулийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай тул 54.1.3-т заасан үндэслэл тогтоогдвол 109.2-т зааснаар захиргааны хэрэг үүсгэсний дараа ч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Энэ нь нэхэмжлэгчид давуу байдал олгож байгаа явдал биш юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно.” гэж заасан. Хуулийн 52.2-т “Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана: 52.2.1 .нэхэмжлэлийг захиргааны хэргийн аль шүүхэд гаргаж байгаа; 52.2.2.нэхэмжлэгчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, оршин байгаа газрын хаяг; 52.2.3.хариуцагчийн нэр, оршин байгаа газрын хаяг; 52.2.4.нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл; 52.2.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл чөлөөлөгдөх хүсэлт, түүнийг нотлох баримт; 52.2.6.хавсаргасан баримт бичгийн жагсаалт; 52.2.7.холбоо барих утас, факс, цахим хаяг.” гэж, 52.3-т “Нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан бол төлөөлөх эрх олгосон баримт бичиг болон итгэмжлэлийг хавсаргана.” гэж, 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна: 52.5.1.захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл . эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтад 54.1-д /54.1.3/ заасан үндэслэлийг тогтоолгохоор нэхэмжлэгчийн өөрт нь даалгахаар зохицуулагдаагүй. Хуулийн 54.1.3-т заасан үндэслэлийг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтнаас тодруулах учиртай тул энэ талаарх өмгөөлөгч А.Б-ын гомдол нь мөн үндэслэлгүй байна.
Тус шүүхийн 2025.06.04-ний өдрийн албан бичгийг хуульд зааснаар аймгийн Засаг даргын ажлын алба гэдэг утгаар нь Засаг даргын Тамгын газарт хаяглаж, нэхэмжлэгч Ш.С нь Засаг даргад архитектур төлөвлөлтийн даалгаврын талаар гомдол гаргасан эсэхийг тодруулахад “гомдол гаргаагүй” гэх хариуг 2025.06.10-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Үүний дараа нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, гомдол гаргасан гэх нөхцөл байдлыг Засаг даргаас, Газрын албанаас, Газар зохион байгуулалт, геодези, газар зүйн ерөнхий газар гэсэн 3 байгууллагаас тодруулах тухай хүсэлт гаргасан тул үүний дагуу 2025.07.01-ний өдрийн албан бичгүүдээр Засаг даргын өөрөөс нь, мөн аймгийн Газрын алба, Газар зохион байгуулалт, геодези, газар зүйн ерөнхий газар зэрэг байгууллагуудаас тус тус тодруулсан.
Архитектур төлөвлөлтийн даалгаврыг холбогдох журамд зааснаар Газрын албаны нэгж боловсруулж, ерөнхий архитектор батлахаар заасан буюу 2 субъектээс боловсруулж, батлан гаргадаг шийдвэр юм. Иймд энэ утгаар нь нэхэмжлэгч дээрх 3 газар гомдол гаргаснаа шүүхэд тайлбарлаж, тодруулахыг хүссэн, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3-т заасан үндэслэлд хамааралтай тул хүсэлтийнх дагуу тодруулах болсон.
Иймд хүсэлт гаргаагүй байхад шүүгч дахин тодруулсан гэх гомдол нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч талын бичгээр гаргасан хүсэлт нь хэрэгт авагдсан.
Тус шүүхийн 2025.07.01-ний өдөр Засаг даргад явуулсан албан бичгийн “Гомдол гаргаагүй” гэх агуулгатай хариуг 2025.07.28-ны өдрөөс хойш ирүүлсэн, 07.28-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргах үед ирээгүй байсан.
2025.07.28-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн, энэ талаарх шүүгчийн захирамжид гуравдагч этгээд талаас шүүхэд гомдол гаргаснаар хэрэг давахын шүүхэд байх хугацаанд Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2025.09.05-ны өдрийн огноотой 1336 дугаартай нэхэмжлэгч Ш.С нь маргаан бүхий захиргааны актын талаар Засаг даргад гомдол гаргасан.” гэх агуулгатай албан бичгийг шүүхэд дахин ирүүлсэн. 2025.09.05-ны үед Ш.С-ы нэхэмжлэлтэй хэрэг давахын шүүхэд хянагдаж байсан, 2025.09.15-ны өдөр би ээлжийн амралтаа авах хүртэл хэрэг шүүхэд ирээгүй байсан.
Баян-Өлгий аймгийн Засаг даргаас хамгийн сүүлд шүүхэд 2025.09.05-ны өдөр ирүүлсэн албан бичгийн агуулга нь “Ш.С нь гомдол гаргасан, шүүхэд хандаарай гэж хэлсэн” гэх агуулгатай байсан тул Ш.С-ы гаргасан гэх гомдол, гомдлыг бүртгэсэн бүртгэл зэргийг нотлох баримтаар ирүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газраас шаардсан. ЗДТГ-аас 2025.11.07-ны өдрийн ... дугаартай албан бичгээр гомдол гаргаагүй гэсэн хариуг ирүүлсэн. Дээрх байдлаар хэрэгт Ш.С нь гомдол гаргасан эсэхтэй холбоотой өөр өөр агуулгатай нотлох баримтууд цугласан байсан тул уг асуудлыг Засаг даргын өөрөөс нь асуух замаар эргэлзээтэй нөхцөл байдлын аль нь үнэн эсэхийг, яагаад өөр өөр утга агуулга бүхий албан бичиг өгсөн талаар тодруулсан. Гэрчид хууль сануулж, тайлбарласан. Хэргийн аль нэг талд тусалж, үйлчлээгүй, хууль зөрчиж шударга бусаар ажиллаагүйг хариуцлагатайгаар хэлье. ” гэсэн бол,
Шүүгч М.Риза нь 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа: ...Шүүхэд 2025.06.02-ны өдрөөс 10.23-ны өдрийн хооронд шүүхэд Ш.С-аас Баян-Өлгий аймгийн ерөнхий архитекторт холбогдуулан гаргасан (1), Ш.Т-ээс ... холбогдуулан гаргасан (2), Өмгөөлөгч Е.М-аас ... холбогдуулан гаргасан (3), Ш.С-аас Баян- Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан (4) дөрвөн нэхэмжлэл ирсэн. Үүнээс “Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ээс 3 нь надад, 1 нь С.Еркешт шүүгчид хуваарилагдсан.
Надад хуваарилагдсан 3 нэхэмжлэл нь Ш.С-аас Баян-Өлгий аймгийн ерөнхий архитекторт холбогдуулан гаргасан (1), Ш.Т-ээс ... холбогдуулан гаргасан (2), Өмгөөлөгч Е.М-аас ... холбогдуулан гаргасан (3) нэхэмжлэлүүд байсан.
...Одоо Ш.С-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн ерөнхий архитекторт холбогдох (1), Өмгөөлөгч Е.М-ийн нэхэмжлэлтэй, ... холбогдох (2) захиргааны хэргүүдэд шүүгч би хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа.
...Миний хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа дээрх 2 хэрэгт иргэн Ш.С, Т.С, Ш.Т нар нь нэхэмжлэгч гуравдагч этгээдийн хувиар, мөн өмгөөлөгч Е.М, С.А, А.Б нар дээрх иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллаж байгаа. Дээрх нэр бүхий иргэн болон өмгөөлөгч нараас шүүгч надад аливаа хэлбэрээр нөлөөлж байгаагүй. Би иргэн Ш.С, Т.С, Ш.Т нарыг танихгүй, өмгөөлөгч Е.М, С.А, А.Б нарыг өмгөөлөгч гэдгээр нь танина, өс хонзонгийн болон хувийн харилцаа байхгүй юм. Ерөнхий шүүгч З.Г-тай Ш.С, Т.С нар гэр бүлийн дотно найз нөхдийн харилцаатай эсэхийг мэдэхгүй. Энэ тухай Ерөнхий шүүгч З.Г надад хэлж байгаагүй, мөн Ерөнхий шүүгчээс дээрх хэргүүдтэй холбоотой шүүгч М.Риза надад ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаагүй.” гэсэн.
Мөн “Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026.01.29-ний өдрийн ГЗҮ/2026/0020 дугаартай “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжтай танилцаад, дараах тайлбарыг гаргаж байна.
...Би 2025.09.15-ны өдрөөс ээлжийн амралт авч, 2025.10.29-ний өдөр ажилдаа орсон, мөн өдөр хийсэн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор системээр миний өөрт хуваарилагдсан хэргүүдийг шилжүүлсэн, мөн ээлжийн амралттай байгаа С.Еркеш шүүгчид хуваарилагдсан хэрэг, шинээр ирсэн нэхэмжлэлийг ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Ерөнхий шүүгч З.Г бид хоёрт хуваарилахад ... Ш.С-ы 2025.10.23-ны өдөр гаргасан нэхэмжлэл нь холбогдох журмын дагуу Ерөнхий шүүгч З.Г-д хуваарилагдсан. Иймээс С.Еркеш шүүгч 2025.11.07-ны өдөр ажилдаа орох хүртэлх хугацаанд уг нэхэмжлэлийн дагуу Ерөнхий шүүгч З.Г-гаас 2025.10.30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан.
2025.10.29-ний өдрийн зөвлөгөөний тогтоолын дагуу С.Еркеш шүүгчийн надад хуваарилагдсан хэрэг, шинэ нэхэмжлэлийг системээр хуваарилах үйлдлийг шүүгчийн туслахын ажил үүргийг тухайн үед орлон гүйцэтгэж байсан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А, мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Р нар 2025.10.30 өдөр хийхдээ ... дугаартай Ш.С-ы шинээр ирсэн нэхэмжлэлийг надад хуваарилсан байсан.
Ш.С-ы нэхэмжлэл нь надад буруу хуваарилсныг би системээс харж, тухайн үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А, мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Р нарт хэлж, алдааг зөвтгүүлсэн” гэжээ.
Холбогдох шүүгч С.Еркеш тайлбартаа: “... Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоолоор Ерөнхий шүүгч З.Г-гийн ээлжийн амралтын хугацаа дуусаж, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажилд орох болсон, шүүгч С.Еркеш, шүүгч М.Риза нар мөн өдрөөс эхлэн ээлжийн амралт авах болсонтой холбогдуулан тухайн 2 шүүгчид байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа шийдвэрлэгдээгүй бүх хэргүүдийг Ерөнхий шүүгч З.Г-д шилжүүлсэн.
Миний бие ээлжийн амралтаа эдлээд 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажилд орсон ба Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний мөн өдрийн ... дүгээр тогтоолоор миний ээлжийн амралтад явахдаа шилжүүлсэн хэргүүд болон намайг ээлжийн амралттай байх хугацаанд Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс надад хуваарилагдсан нэхэмжлэл, хэргийг шилжүүлснээр би хүлээн авсан.
Энэхүү ээлжийн амралттай байх хугацаанд шүүгч С.Еркеш надад хуваарилагдсан нэхэмжлэлүүдийн нэг нь Ш.С-ы нэхэмжлэлтэй, ... холбогдох, “Захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагатай нэхэмжлэл байсан.
Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем болон “Анхан шатны журмаар нэхэмжлэл хүлээн авсан бүртгэл”-ээс үзэхэд Ш.С-ы гаргасан уг нэхэмжлэлийг шүүх 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан, системээс надад хуваарилагдсан байх ба би ээлжийн амралттай байсан тул тухайн үед ажиллаж байсан шүүгч болох Ерөнхий шүүгч З.Г-д “Анхан шатны журмаар нэхэмжлэл хүлээн авсан бүртгэл”-ээр хүлээлгэж өгсөн, тухайн шүүгч гарын үсэг зурж хүлээн авсан байна.
...2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ээлжийн амралт нь дуусаж шүүгч М.Риза ажилд орсонтой холбоотойгоор Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар тогтоолоор ээлжийн амралт авахдаа шүүгч М.Ризагийн шилжүүлсэн болон ээлжийн амралттай байх хугацаанд түүнд хуваарилагдсан нэхэмжлэл, хэргүүдийг өөрт нь шилжүүлсэн. Мөн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шүүгч С.Еркеш миний ээлжийн амралтад явахдаа шилжүүлсэн болон ээлжийн амралттай байх хугацаанд надад хуваарилагдсан нэхэмжлэл, хэргүүдийг ирсэн хугацааг үндэслэн шүүгчийн сугалааны дарааллаар М.Риза, З.Г шүүгчид тус тус хуваарилж шилжүүлсэн.
Уг ... дугаар тогтоолоор Ш.С-ы нэхэмжлэлтэй, ... холбогдох, “Захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагатай нэхэмжлэл З.Г шүүгчид хуваарилагдсан болно.
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, хүсэлт, гомдол хүлээн авах, шүүгчид хуваарилах, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журам“-ын 3.2-т “Тухайн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч нь ээлжийн амралтад явсан тохиолдолд хэргийг ажиллаж буй шүүгчдэд шилжүүлэхдээ нэхэмжлэл ирсэн болон шүүгчийн сугалааны дарааллыг харгалзан шилжүүлэх, ...Хэрэв шүүх хуралдаанаар шийдвэрлэхээс өмнө хэргийг анх хүлээн авсан шүүгч ажилд орсон тохиолдолд өөрт нь шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.
Шүүгч С.Еркеш намайг ээлжийн амралттай байх хугацаанд 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр надад системээс хуваарилагдсан ... холбогдуулан гаргасан Ш.С-ы нэхэмжлэлийг энэхүү тогтоолын дагуу ажиллаж байгаа шүүгч З.Г хүлээн авсан, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ээлжийн амралт нь дуусаж шүүгч М.Риза ажилд орсноор хэрэг, нэхэмжлэлийг ирсэн хугацааг үндэслэн шүүгчийн сугалааны дарааллаар хуваарилахад Ш.С-ы уг нэхэмжлэл З.Г шүүгчид хуваарилагдсан, 2025 оны 11 дүгээр сарын 07-нд миний бие ажилд ороход уг хэрэг шийдвэрлэгдээгүй байсан тул системээс анх хуваарилагдсан шүүгч болох өөрт минь шилжүүлснээр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өмгөөлөгч А.Баас Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Ризад холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ГЗҮ/2026/0008 дугаар, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ГЗҮ/2026/0020 дугаар захирамжаар тус тус шүүгч С.Еркеш, М.Риза нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ГНД/2026/0013 дугаар сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлджээ.
Өргөдөл гаргагчаас шүүгч М.Ризад холбогдуулан гаргасан “...урьдчилсан хэлэлцүүлэг эхлэхэд шүүгч шүүх хуралдааны оролцогчдоос татгалзал асуугаагүй, татгалзан гаргах эрхийг тайлбарлаагүй, М.Риза шүүгч, тус шүүхийн Ерөнхий шүүгч З.Г нар нь хэргийн нэг тал болох Ш.С-тай найз нөхдийн хувийн харилцаатай, М.Риза шүүгч шударгаар хэргийг шийдвэрлэхгүй байгаа, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.1, 70.8-д заасныг зөрчсөн, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн бус үед хүсэлтийг шийдвэрлэсэн, мэтгэлцэх эрхээр хангаагүй, шинээр цуглуулсан нотлох баримтуудтай холбоотой тайлбар хэлэх боломж олгохгүйгээр хүсэлтийг шийдвэрлэсэн, шүүгч М.Ризад нэхэмжлэл хэрхэн хуваарилагдаж байгааг шалгуулах...” агуулга бүхий өргөдлийн үндэслэлүүд болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ш.С-ы нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох “Захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл шүүгч М.Риза, С.Еркеш нарын алинд хуваарилагдсан болохыг тодруулж, шалгах шаардлагатай” гэх үндэслэлээр шүүгч М.Риза, С.Еркеш нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэрэгт илтгэгч гишүүн шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулан шүүгч нарыг сахилгын зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Харин шүүгч М.Ризаг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн гэж дүгнэсэн нотлох дүгнэлтийг дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэлийг хүлээн аваад захиргааны хэрэг үүсгээгүй байхдаа нотлох баримт цуглуулахаар албан бичиг явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг зөрчсөн гэх тухайд:
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ш.С-аас Баян-Өлгий аймгийн ерөнхий архитектурт холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Ерөнхий архитектурын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаартай архитектурын төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нь шүүгч М.Ризад хуваарилагджээ.
Шүүгч нэхэмжлэлийг хүлээн аваад 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “... дугаартай архитектурын төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн” талаар тодруулахаар 311, 312 дугаар албан бичгүүдийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар болон тус аймгийн Ерөнхий архитектурт хүргүүлсэн, тухайн байгууллага, албан тушаалтнаас албан бичигт заасан хугацаанд хариу ирүүлээгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу шүүгч 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр заасан тул шүүх дээрх үндэслэл байгаа эсэхийг тодруулах шаардлагаар холбогдох байгууллага руу албан бичиг хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй.
Тодруулбал, захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “албаны зарчим”-ын дагуу процесс бүхэлдээ шүүхийн санаачилга, удирдлагаар хэрэгжинэ. Энэ нь хэргийн оролцогчдын тэгш бус байдлыг арилгахад чиглэгдэж буй бөгөөд үүгээр захиргааны процесс иргэний процессоос ялгаатай. Иймээс захиргааны шүүх нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгэхээс өмнө ч, мөн дараа нь ч маргааны нөхцөл байдлыг тодруулах, үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд шаардлагатай ажиллагааг явуулах, тухайлбал нэхэмжлэл, хүсэлтийг тодруулах, холбогдох этгээдээс тайлбар, баримтыг гаргуулах, шаардлагатай баримтыг цуглуулах, процессын хэлбэрийн алдааг засах гэх мэт ажиллагааг явуулах эрхтэй, нөгөө талаар үүрэгтэй.[1]
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...” гэж заасанд нийцсэн, захиргааны шүүхийн нотлох зарчмыг хэрэгжүүлсэн шүүгчийн үйл ажиллагааг зөрчил гаргасан гэж үзэхгүй, илтгэгч гишүүний “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн “Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна”, 56.1.3 “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах” гэж заасныг шүүгч зөрчсөн” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.
2. Урьдчилсан хэлэлцүүлгээр “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” хүсэлтийг шийдвэрлэхдээ захиргааны хэргийн шүүхэд хянагдаж буй хэргээс нотлох баримт бүрдүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийг зөрчсөн гэх тухайд:
Шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээс гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ “...холбогдох баримтыг хэрэгт нэмж цуглуулах шаардлагатай” гэж урьдчилсан хэлэлцүүлгийг 20 минутын хугацаагаар түр завсарлуулж, өмгөөлөгч Е.М-ийн нэхэмжлэлтэй, ... холбогдох захиргааны хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа эсэх талаар лавлагаа болон холбогдох баримтыг Шүүхийн тамгын газраас гаргуулан авч, хэрэгт хавсаргажээ.
Улмаар тус өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтгэлцэх зарчмаар явагдах бөгөөд хэргийн оролцогчид гаргасан хүсэлт, татгалзлын үндэслэлээ нотолно” гэж заасныг урьдчилсан хэлэлцүүлгээр хүсэлт хэлэлцэх журмыг тодорхойлсон зохицуулалт гэж ойлгох бөгөөд захиргааны шүүхийн нотлох зарчмыг үгүйсгэсэн зохицуулалт биш.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэхэд холбоотой асуудлыг тайлбарлахдаа “...Хэдийгээр захиргааны хэргийн шүүх нь нотлох зарчмыг хэрэгжүүлдэг боловч энэ нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шалгах нэхэмжлэлээр үүсэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай, харин хүсэлтээр үүсэх ажиллагаанд /хүсэлт шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлэгт/ хэрэгжихгүй. Иймд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээн, тайлбар, тэдний гаргасан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэнэ...” гэснийг захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй үндэслэлийг нотлох нь хариуцагчийн болон ижил ашиг сонирхолтой гуравдагч этгээдийн үүрэг байдаг тул нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй дээрх нөхцөл байдлыг тогтоохоор шүүх нотлох ажиллагаа хийхгүй гэх агуулгаар ойлгохоор байна.
Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэхэд тухайн захиргааны хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа эсэх нь зайлшгүй ач холбогдолтой бөгөөд хэргийн оролцогчоос гаргаж өгөөгүй тохиолдолд Шүүхийн тамгын газраас лавлагаа болон холбогдох баримтыг гаргуулан авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасанд нийцжээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийг зөрчсөн гэх агуулгаар хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлгүй гэж үзлээ.
3.Гуравдагч этгээдээс гаргасан утга, агуулга ижил хүсэлтийг 2 удаа шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М-аас “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай хүсэлт гаргасныг, шүүгч “...нэхэмжлэгчийн дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан гэх үйл баримттай холбоотой нотлох баримтууд хэрэгт бүрэн цуглараагүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Харин 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” хүсэлт гаргасныг шүүгч “...холбогдох баримтыг хэрэгт бүрэн цуглуулсны үндсэн дээр шийдвэрлэх шаардлагатай” гэх үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, гэрч асуух, үзлэг хийх зэрэг ажиллагаа явуулсны дараа 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар бүрэн тогтоогдсон, нийтэд илэрхий болсон үйл баримтыг шүүх дахин нотлох ажиллагаа явуулахгүй гэж ойлгохоор байх бөгөөд “нотлох баримтууд хэрэгт бүрэн цуглараагүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж нь дахин нотлох ажиллагаа хийгдэхгүй үйл баримтыг тогтоосон шүүхийн шийдвэрт хамаарахгүй.
4.Үзлэг хийх, гэрч асуух зэрэг нотлох баримт цуглуулах ажиллагаанд хэргийн оролцогчийн оролцох эрхээр хангаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:
Шүүх 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Баас гаргасан “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” хүсэлтийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт цуглуулахаар хойшлуулж, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны “Өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэрт” үзлэг хийж, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга З-ыг гэрчээр асуух ажиллагаа явуулсан.
Тус үзлэгт хэргийн оролцогч нар оролцоогүй, тэдгээрт үзлэгийн тов мэдэгдээгүй нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасныг зөрчсөн талаар илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлгүй байх ба дээрх хуулийн зохицуулалт нь шүүх нотлох зарчмын /мөрдөн шалгах/ хүрээнд хэрэгжих, шаардлагатай тохиолдолд захиргааны хэргийн шүүх өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийг татан оролцуулах эрх олгосон зохицуулалт болно.
Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна” гэж заасныг шүүх хэрэгжүүлж үзлэг явуулахдаа хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна”, 41.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ирээгүй нь энэ хуулийн 41.1-д заасан ажиллагааг явуулахад саад болохгүй” гэж заасанд захирагдах үүрэгтэй.
Гэтэл шүүхээс үзлэг хийхдээ хэргийн оролцогч нарт мэдэгдээгүй, тэдгээрийг үзлэгт оролцох боломжоор хангаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.
Харин гэрч асуух ажиллагаанд хэргийн оролцогчдыг оролцуулах, мэдэгдэхийг хуулиар үүрэгжүүлээгүй байна.
Ийнхүү шүүгч үзлэг хийхдээ хэргийн оролцогчдод мэдэгдээгүй, оролцуулаагүй нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн байх боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчлийн “ноцтой” болон “удаа дараа” гэх урьдач нөхцөлийг хангаагүй байна.
Тодруулбал,Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолд “... “Ноцтой зөрчих” гэдгийг Процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. ...“Удаа дараа” гэдэгт хуулийн илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар зөрчсөн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно.” гэж тайлбарласан.
Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн өөр зөрчил тогтоогдоогүй тул “удаа дараа” гэх урьдач нөхцөл, тухайн шүүгчийн үйлдлийн улмаас хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн ноцтой үр дагавар үүсээгүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хохирол учраагүй байх тул “ноцтой” зөрчсөн гэх урьдач нөхцөл хангагдаагүй гэж үзсэн болно.
Харин шүүгч нь дахин хоёр удаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчил гаргасан тохиолдолд удаа дараа гэх нөхцөлд хамаарч сахилгын зөрчилд тооцогдох болохыг анхааруулах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Ризад холбогдуулан гаргасан сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгч С.Еркешт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ГНД/2026/0013 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза, С.Еркеш нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
О.НОМУУЛИН
[1] “Захиргааны процессын эрх зүй” Г.Банзрагч 2019 он