
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-03-31
Дугаар 42
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн О.С, холбогдох шүүгч Г.Солонго нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Иргэн Ц.Ч-аас Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллаж байсан, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонгод холбогдуулан гаргасан өргөдөлд гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ГЗҮ/2025/...1 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Шалгах ажиллагааны явцад гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ГЗҮ/2026/...2 дугаар захирамжаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболдод сахилгын хэрэг үүсгэж, мөн өдрийн ГЗБ/2026/...9 дүгээр захирамжаар дээрх сахилгын хэргүүдийг нэгтгэсэн байна.
Улмаар илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ГС/2026/...3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “...өргөдөлд “хэргийг удаашруулсан талаар Сахилгын хороонд гомдол гаргаж байлаа” гэж дурдсан тул тус үйл баримтыг шалгаж үзвэл, өргөдөл гаргагч Ц.Ч-аас гаргасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширснаас хэргийн оролцогчид хохирол учирсан” гэх агуулга бүхий өргөдөлтэй шүүгч Г.Солонгод холбогдох сахилгын хэргийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцэж, СХМ/2024/..4 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” магадлал гарсан нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Уг магадлалд “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “... хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногт шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэг “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан боловч энэ хугацаанд хэргийг шийдвэрлээгүй нь шүүгчээс шалтгаалсан буруутай үйл ажиллагаа байхгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ. Шүүгч Г.Солонго нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулсан байна. Дээрх баримтуудаас үзвэл, тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд шийдвэрлэгдээгүй удааширсан нь өргөдөл гаргагчийн иргэний хэрэгт хамтран хариуцагчаар оролцож байгаа гэр бүлийн гишүүдийн шүүхэд дуудсан цагт хүрэлцэн ирээгүй үйл баримттай холбоотой байна.;
...Өргөдөл гаргагч нь бусдын буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл зохих журмын дагуу нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний дагуу хүү, алданги тооцогдож буй нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн болохыг уг саналд тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.
Маргаан бүхий иргэний хэргийн талаар:
“А” ХХК-аас Ц.Ч, Г.Б, Г.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 424.372.700 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь шүүгч Г.Солонгод хуваарилагдаж, шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2023/...8 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, 489.602.151,95 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, шүүхийн 183/ШШ2024/...9 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Тус шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.З 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр, Г.Г, Ц.Ч нар 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан байх ба хариуцагч Г.Б-д шуудангаар хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч тал 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.
Шүүгч Г.Төрболд 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2024/...2 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэн, 183/ГХ2024/...0 дугаар гүйцэтгэх хуудсыг олгосны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.
Хариуцагч Ц.Ч-аас “шүүхийн 183/ШШ2024/...9 дүгээр шийдвэрт барьцаанд байгаа зарим үл хөдлөх эд хөрөнгүүдийг дурдаагүй байх тул шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд гаргасанд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШЗ2025/...6 дугаар “Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжид “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” гэж заасны дагуу дээд шатны шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх учиртай хэмээн дурдаж” шийдвэрлэсэн байна.
Мөн хариуцагч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай шүүхэд гаргасан хүсэлтдээ “...тус хэрэгт 2 өөр тогтоох хэсэг бүхий шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 4 хуудас гэж дурдаж гаргасан байхад дундаас нь нэг хуудас алга болсон байсан. Дундаас алга болсон хуудаст зарим барьцаа хөрөнгийн мэдээлэл байхгүй байсан” гэжээ.
Уг хүсэлтийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 192/ШТ2025/...1 дүгээр “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” тогтоолоор шийдвэрлэжээ.
Маргаан бүхий иргэний хэргийн нэхэмжлэгч “А” ХХК “Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/...9 дүгээр шүүхийн шийдвэрээр хариуцагч Ц.Ч, Г.Б, Г.Г нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шийдвэр гарсан бөгөөд шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байх тул барьцааны зүйл болох Ү-...2, Ү-...5, Ү-2...1, Ү-22...1, Ү-...2 гэх эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулах” нэхэмжлэл, хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан байна.
Шүүгч Г.Солонгод холбогдох сахилгын хэргийн тухайд:
Хавтаст хэрэгт хийсэн үзлэгээр хэргийн 1-3 дугаар хуудаст “А” ХХК-аас гаргасан 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэл байх ба нэхэмжлэлийн 3 дахь хуудаст “Нэхэмжлэлд хавсаргасан материалууд” гэсэн хэсэгт 1.Нэхэмжлэл 4 хуудас /4 ширхэг/, 2.итгэмжлэл 1 хуудас...” гэх байдлаар хавсаргасан баримтаа тоочжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...4 хуудас нэхэмжлэлийн төсөл бэлдсэн боловч, 3 дахь хуудас дээр 5 ширхэг барьцаа хөрөнгийн мэдээлэл байсан. Үүнээс 3 нь Ц.Ч-ынх, 2 нь Г.Б-тэй холбоотой хөрөнгө байсан санагдаж байна. Харин шүүхийн шийдвэр гарсны дараа Ц.Ч мэдэж бидэнд мэдэгдсэн ба энэ хөрөнгийн асуудал шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа” гэж мэдүүлсэн.
Маргаан бүхий иргэний хэргийн хариуцагч Ц.Ч нар нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргахгүй гэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар мэдүүлэг гаргаж оролцсон нь хэрэгт баримтаар авагдсан ба үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны хөрөнгийн талаар маргаан үүсээгүй зэргээс үзвэл холбогдох шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ аливаа байдлаар ашиг сонирхлын зөрчил гаргасан байж болзошгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Сахилгын хэргийн шалгах ажиллагаагаар холбогдох шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөхөд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Маргаан бүхий иргэний хэргийн 183/2023/...8/и индексийн дугаартай хавтаст хэрэгт авагдсан 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/...9 дүгээр шүүхийн шийдвэрийн хувь болон хариуцагч /өргөдөл гаргагч/ Ц.Ч-д гардуулсан шийдвэрийн Тогтоох нь хэсэгт:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 489.602.151,95 төгрөгийг гаргуулж, “А” ХХК-д олгосугай”;
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл,
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлийг тус тус дурджээ.
Харин уг шийдвэрийн нэхэмжлэгч “А” ХХК-д гардуулсан, “Иргэн-2014” шүүхийн цахим систем болон шүүхийн шийдвэрийн өнгөн хувьд хадгалагдаж буй шийдвэрийн Тогтоох нь хэсэгт:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б, Г.Г, Ц.Ч нараас 489.602.151,95 төгрөгийг гаргуулж, “А” ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчид төлбөрөө сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа зүйл болох ...1 тоот хаягт байршилтай Г-...7 улсын бүртгэлийн дугаартай 697 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, ...6 тоот хаягт байршилтай Г-...8 улсын бүртгэлийн дугаартай 470 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, ...3 тоот байршилтай Г-...9 улсын бүртгэлийн дугаартай 650 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, ...3/а тоот хаягт байршилтай Ү-...9 улсын бүртгэлийн дугаартай 172,9 м.кв талбайтай хувийн сууц, гарааш зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ...01 тоот хаягт байршилтай Ү-...3 улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ...8 тоот хаягт байршилтай Ү-...4 улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ...0 тоот хаягт байршилтай Ү-...5 улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ...99 тоот хаягт байршилтай Ү-...6 улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ...2 тоот хаягт байршилтай Ү-...7 улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ...2 тоот хаягт байршилтай Ү-2...5 улсын бүртгэлийн дугаартай 47,60 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ...9 тоот хаягт байршилтай Ү-...6 улсын бүртгэлийн дугаартай 89,11 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай”
3.“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл”,
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлийг тус тус дурджээ.
Энэ талаар холбогдох шүүгч Г.Солонго тайлбартаа “...Миний бие тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, нэг талын давуу байдлыг хангасан, ашиг сонирхлын зөрчил үүсгээгүй болно. Өөрөөр хэлбэл тухайн хэрэг маргааныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн санагдаж байна.
“...Миний өөрийн бичсэн шийдвэр зөөврийн компьютер дээр хадгалагдаж байгаа, мөн Иргэн-2014 цахим систем, өнгөн хувийн шийдвэрүүд ижил, харин хавтаст хэрэгт өөр байдлаар орсон талаар тухайн үед ажиллаж байсан шүүгчийн туслахаас тодруулах гэхэд ажлаас гараад одоо хүртэл холбоо барьж болохгүй байгаа болно” гэж тайлбарласан.
Шүүгчийн хэрэглэдэг “HP” загварын зөөврийн компьютерт боловсруулж хадгалсан шийдвэрийн төсөлд үзлэг хийхэд дэлгэцэд “Han-Uul” гэх нэрээр хадгалагдсан өгөгдөл байх ба үүнийг цааш задлахад 1. “Г.Солонго” гэх фолдер, 2. “2024” гэх фолдер, 3. “Шийдвэр” гэх фолдер, 4. “451” гэх фолдер, 5. “2024.05.27 А ХК, Б нарт” гэх вордын файл байх ба үүнийг нээхэд “А” ХХК-ны нэхэмжлэлтэй, Г.Б, Г.Г, Ц.Ч нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 489.602.151,95 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/...9 дүгээр шүүхийн шийдвэрийн төсөл байх ба Тогтоох нь хэсэгт “1, 2, 3, 3” гэж дугаарлагджээ. Уг файлыг хадгалсан огноо “6/21/2024 2:44 PM” гэж тэмдэглэгджээ.
Дээрх дурдаж буй үйл баримтуудаар шүүгч Г.Солонгын боловсруулсан, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр цахим системд бүрэн хадгалсан уг шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангах заалтыг бичсэн байх ба харин шүүгчийн туслахын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчид гардуулсан болон хавтаст хэрэгт авагдсан шийдвэр нь үүргийн гүйцэтгэлийг хангах тухай заалт бичээгүй шийдвэр байх буюу тодруулбал, нэхэмжлэгч болон хариуцагчид гардуулсан шийдвэр зөрүүтэй байна.
Шүүгч ийнхүү зөрүүтэй шүүхийн шийдвэр албажиж гарсан талаар маргаагүй бөгөөд “...Шүүхийн тухай хуульд заасны дагуу би шүүгчийн туслахын ажилд хяналт тавих үүрэгтэй байсан боловч тухайн үед хяналтаа бүрэн хэрэгжүүлж чадсангүй. Учир нь аавыгаа алдсанаас хойш удаагүй байсан тул сэтгэл санааны хувьд тогтворгүй нөхцөл байдалд байсан туслахад хяналт тавих үүргээ гүйцэтгэхэд нөлөөлсөн байх” гэх тайлбар гаргасан.
Холбогдох хуульд зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх байх ёстой бөгөөд шийдвэрийн агуулгад тусгах зүйлийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд тодорхойлсон.
Шүүгчийн боловсруулсан шүүхийн шийдвэрт үндэслэлийг тодорхой дурдсан талаарх нотлох баримтууд сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад цугларсныг нэгтгэн дүгнэвэл, тухайн үйлдэл нь хувь шүүгчээс шууд шалтгаант холбоотой бус болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байх ба шүүгч шүүхийн шийдвэрийг санаатайгаар өөрчилж бичсэн гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.8-д зааснаар шүүгчийн туслах шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах зэрэг үүрэгтэй бөгөөд шүүхийн захиргааны ажилтан үүргээ алдаатай биелүүлснээс улбаалж дээрх зөрчил гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Гэсэн хэдий ч шүүгч хэргийн хөдөлгөөнийг удирдан манлайлах, шүүгчийн туслахын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн байна.
Хэрэв шүүгч хуулийн тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн, эсхүл илт тодорхой заалтыг зөрчсөнөөр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд залруулж үл болох шинжтэй хор уршиг учруулсан, хуульд заасан үндсэн эрхэд нь ноцтой нь халдсан, энэ нь хэргийн шийдэлд бодитойгоор нөлөөлсөн зэрэг хортой үр дагаварт хүргэсэн үйлдлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад хамааруулна.
Иймд холбогдох шүүгч Г.Солонго шүүхийн шийдвэрийг албажуулахдаа хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй нэг удаагийн үйлдэл гаргасан байх боловч хууль, тогтоомжид хэрэглэгдэж буй агуулгаас үзвэл аливаа үйлдлийн давтамжийг 1 удаа, 2 удаа бол давтан, 3 ба түүнээс дээш бол удаа дараа гэж үзэх ба холбогдох шүүгчийн гаргасан зөрчил нь удаа дараа гэх агуулгад хамаарахгүй байна.
Түүнчлэн, уг шүүхийн шийдвэрээр хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй байх тул ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзэв.
Шүүгч Г.Төрболдод холбогдох сахилгын хэргийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг шүүгч Г.Төрболд “Шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэх тухай” 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2024/...2 дугаар шүүгчийн захирамжаар “2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/...9 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсүгэй” хэмээн шийдвэрлэж , 183/ГХ2024/...0 дугаар гүйцэтгэх хуудсыг бичиж олгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэж, захирамж гаргахдаа шүүхийн эцсийн шийдвэрийг үндэслэл болгохоос гадна хүсэлтийг төлбөр төлөгч эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд гаргасан эсэх, хариуцагч буюу төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй эсэх, захирамж гаргасан тохиолдолд захирамж гаргах үндэслэл болсон шүүхийн захирамж, шийдвэр, магадлал, тогтоол нь хуульд заасан баримтын шаардлага хангаж байгаа эсэх зэргийг шалгаж дүгнэсний эцэст шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн "Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал"-д нэмэлт өөрчлөлт оруулах, "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загвар"-ыг шинэчлэн батлах тухай тухай 205 дугаар тогтоолын 7.8.2-т "Хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргахдаа холбогдох захирамж, шийдвэр, магадлал, тогтоолыг эх хувиар нь өгөөгүй тохиолдолд шүүх өөрт байгаа баримтын хувийг хэргийн оролцогчоос шаардахгүй" гэж заасан байна.
Сахилгын хэргийн шалгах ажиллагаагаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/...9 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч /хүсэлт гаргагч/-д гардуулсан хувь нь тус шүүхийн Тамгын газарт хадгалагдаж буй цаасан хувь болон “Иргэн-2014” цахим системд хөрвүүлэн хадгалсан хувьтай ижил байсан нь тогтоогдсон.
Иймд холбогдох шүүгч Г.Төрболд хүсэлт гаргагчийн хүсэлтийг шийдвэрлэх үндэслэл болсон шийдвэрийг хянах үүргээ хэрэгжүүлж ажилласан байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Дээрхийг нэгтгэвэл, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гараагүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго дээрх үйлдлээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдож байх хэдий ч Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчлийн шинжийг бүрэн хангаагүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал тус тус гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Холбогдох шүүгч Г.Солонго хариу тайлбартаа: “...Миний бие 2022-2025 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллаж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байна. Би Хан-Уул дүүрэгт шийдвэрлэсэн хэргийн талаар мэдэхгүй байна. Мөн Ц.Ч гэх иргэн өмнө нь сахилгын хороонд гомдол гаргаж байсан юм.
...Миний бие тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, нэг талын давуу байдлыг хангасан, ашиг сонирхлын зөрчил үүсгээгүй болно. Өөрөөр хэлбэл тухайн хэрэг маргааныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн санагдаж байна. Иймд Ц.Ч-ын гаргасан өргөдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Холбогдох шүүгч Г.Солонго нэмэлт хариу тайлбартаа: “Миний бие 2022-2024 он дуустал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар тус шүүхийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор сэлгэн ажилласан билээ.
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Б, Г.Г, Ц.Ч нарт холбогдох зээлийн гэрээний маргаантай иргэний хэргийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шийдвэрлэсэн.
Ц.Ч намайг тухайн хэргийг шийдвэрлэхдээ 2 өөр шийдвэр гаргасан талаар гомдол гаргажээ. Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байгаа бөгөөд тухайн гомдол ирснээс хойш сэлгэн ажиллаж байсан шүүхийн цахим сан, өнгөн хувь, хэргийн архиваас шийдвэрүүдийг татаж үзлээ.
Миний өөрийн бичсэн шийдвэр зөөврийн компьютер дээр хадгалагдаж байгаа, мөн “Иргэн-2014” цахим систем, өнгөн хувийн шийдвэрүүд ижил, харин хэрэгт авагдсан шийдвэр өөр байна.
Өөрөөр хэлбэл зөөврийн компьютер дээр хадгалагдаж байгаа, Иргэн-2014 цахим систем, өнгөн хувийн шийдвэрүүд:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б, Г.Г, Ц.Ч нараас 489.602.151,95 төгрөгийг гаргуулж, “А” ХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчид төлбөрөө сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа зүйл болох ...1 тоот хаягт байршилтай Г-...7 улсын бүртгэлийн дугаартай 697 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, ...6 тоот хаягт байршилтай Г-...8 улсын бүртгэлийн дугаартай 470 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, ...3 тоот байршилтай Г-...9 улсын бүртгэлийн дугаартай 650 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, ...3/а тоот хаягт байршилтай Ү-...9 улсын бүртгэлийн дугаартай 172,9 м.кв талбайтай хувийн сууц, гарааш зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ...01 тоот хаягт байршилтай Ү-...3 улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ...8 тоот хаягт байршилтай Ү-...4 улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ...0 тоот хаягт байршилтай Ү-...5 улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ...99 тоот хаягт байршилтай Ү-...6 улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ...2 тоот хаягт байршилтай Ү-...7 улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ...2 тоот хаягт байршилтай Ү-2...5 улсын бүртгэлийн дугаартай 47,60 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ...9 тоот хаягт байршилтай Ү-...6 улсын бүртгэлийн дугаартай 89,11 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай” гэж бичигдсэн.
Харин хавтаст хэрэгт авагдсан шийдвэр 1 дэх заалт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б, Г.Г, Ц.Ч нараас 489.602.151,95 төгрөгийг гаргуулж, “А” ХХК-д олгосугай гэж ижил боловч дахь заалт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах заалтыг бичээгүй байна.
Энэ хавтаст хэрэгт авагдсан шийдвэрийн гарын үсэг миний гарын үсэг мөн бөгөөд Ц.Ч-ын гаргасан гомдолтой холбоотой тухайн шийдвэр яагаад хавтаст хэрэгт өөрөө байдлаар орсон талаар тухайн үед ажиллаж байсан шүүгчийн туслахаас тодруулах гэхэд ажлаас гараад одоо хүртэл холбоо барьж болохгүй байгаа болно.
Шүүхийн тухай хуульд заасны дагуу би шүүгчийн туслахын ажилд хяналт тавих үүрэгтэй байсан боловч тухайн үед хяналтаа бүрэн хэрэгжүүлж чадсангүй. Учир нь аавыгаа алдсанаас хойш удаагүй байсан тул сэтгэл санааны хувьд тогтворгүй нөхцөл байдалд байсан туслахад хяналт тавих үүргээ гүйцэтгэхэд нөлөөлсөн байх” гэжээ.
Холбогдох шүүгч Г.Төрболдоос 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд би Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ГЗҮ/2026/...2 дугаар захирамжийг хүлээж авч, дараах тайлбарыг гаргаж байна.
Сахилгын хэрэгтэй танилцаагүй буюу сахилгын хэрэгт авагдсан "зөрүүтэй" гэх гүйцэтгэх баримт бичигтэй танилцаагүй учир Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын салбар архивд хадгалагдаж буй шийдвэрийн хувь, "Иргэн-2014" хэргийн хөдөлгөөний нэгдсэн системд хөрвүүлсэн “гүйцэтгэх хуудас”-ыг харьцуулан үзэж энэхүү тайлбарыг гаргаж байна.
Тус шүүхийн тамгын газрын салбар архивд хадгалагдаж буй Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/...9 дүгээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг болон уг шийдвэрийг албадан гүйцэтгэхтэй холбоотой Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 183/ГХ2024/...0 дугаар гүйцэтгэх хуудсыг харьцуулан үзэхэд зөрүүтэй гэх байдал тогтоогдохгүй байгааг анхаарч үзнэ үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Ц.Ч ”...”А” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар орсон ба уг хэргийг шүүгч шийдвэрлэхгүй явсаар маш их хугацаа алдан удааширсан, үүнээс улбаалж хүүгийн алдагдалд орж маш их хохирсон; ...шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаж, шүүхийн шийдвэрийг харьцуулан харахад ижил шийдвэр 2 өөр хувилбараар гарсан байсан буюу надад өгсөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах заалт тусгагдаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирсэн шүүхийн шийдвэрээс өөр байсан, энэ нь иргэний тэгш эрх, хууль ёсны ашигт шууд хохирол учруулж байгаа...; ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зээлийн төлбөрийн 50 гаруй хувийг төлөөд, 1 хөрөнгийг зарах гэтэл шийдвэр гүйцэтгэгч таны зарах гэж байгаа хөрөнгө шүүхийн шийдвэрт тусгагдаагүй гэсэн тул шүүхийн архиваас нэхэмжлэлийг харахад 1 хуудас байхгүй байсаар байтал хэргийн материалд хайнга хандан, уншиж танилцахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх агуулгатай өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1-2 тал/
Илтгэгч гишүүн нь “...шүүгч Г.Солонгын тухайд ...зөрүүтэй шүүхийн шийдвэр албажиж гарсан талаар маргаагүй бөгөөд... шүүгчийн боловсруулсан шүүхийн шийдвэрт үндэслэлийг тодорхой дурдсан талаарх нотлох баримтууд сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад цугларсныг нэгтгэн дүгнэвэл тухайн үйлдэл нь хувь шүүгчээс шууд шалтгаант холбоотой бус боломжгүй хэлбэрээр үйлдэгдэж байх ба шүүгч шүүхийн шийдвэрийг санаатайгаар өөрчилж бичсэн гэх үйл баримт тогтоогдоогүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.8-д зааснаар шүүгчийн туслах шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах зэрэг үүрэгтэй бөгөөд шүүхийн захиргааны ажилтан үүргээ алдаатай биелүүлснээс улбаалж дээрх зөрчил гарсан гэж үзэх үндэслэлтэй... Иймд шүүгч Г.Солонго шүүхийн шийдвэрийг албажуулахдаа хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй нэг удаагийн үйлдэл гаргасан байх боловч хууль тогтоомжид хэрэглэгдэж буй агуулгаас үзвэл аливаа үйлдлийн давтамжийг 1, 2 удаа бол давтан, 3 ба түүнээс дээш бол удаа дараа гэж үзэх ба холбогдох шүүгчийн гаргасан зөрчил нь удаа дараа гэх агуулгад хамаарахгүй байна...; шүүгч Г.Төрболдын тухайд ...хүсэлт гаргагчийн хүсэлтийг шийдвэрлэх үндэслэл болсон шийдвэрийг хянах үүргээ хэрэгжүүлж ажилласан байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж дүгнээд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан байна. /с.х-ийн 170-179 тал/
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.2 дахь заалтад “өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримт, шүүгчийн үйл ажиллагааны талаар, эсхүл уг өргөдөл, мэдээллийн дагуу сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны гишүүний захирамж, Сахилгын хорооны магадлал, тогтоол, хянан үзэх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа” бол сахилгын хэрэг үүсгэхээс татгалзахаар заажээ.
Өөрөөр хэлбэл өргөдлийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан...” гэх үндэслэлтэй холбоотойгоор хуулийн хүчин төгөлдөр Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн СХМ/2024/...4 дүгээр магадлал байх тул сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн үүнд дахин дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
Харин сахилгын хорооны хуралдаанаар шүүгч Г.Солонго, Г.Төрболд нарт холбогдох сахилгын хэргийн илтгэгч гишүүний саналыг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, хуульд нийцсэн байх тул хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал,
Шүүгч Г.Солонгын тухайд:
1. Шүүхийн шийдвэр зөрүүтэй гэх үндэслэлийн талаар:
Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн иргэний хавтаст хэрэгт, “Иргэн-2014” нэгдсэн системд, мөн шүүгч Г.Солонгын зөөврийн компьютерт тус тус үзлэг хийхээс гадна, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас тус шүүхийн архивд хадгалагдаж буй шийдвэрийн өнгөн хувийг авсан байна. /с.х-ийн 16-18, 25-32, 105-117, 121, 123-127, 152-167 тал/
Өргөдөлд дурдагдсан “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Б, Г.Г, Ц.Ч нарт холбогдох иргэний хэргийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалан, 183/ШШ2024/...9 дүгээр шийдвэр гаргажээ.
Улмаар иргэний хавтаст хэрэг, хариуцагч Ц.Ч-д гардуулагдсан 183/ШШ2024/...9 дүгээр шийдвэрийн “тогтоох нь” хэсэгт:
1 дэх заалтаар хариуцагч нараас 489.602.151,95 төгрөг гаргуулах,
2 дахь заалтаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.834.112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2.834.112 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох,
3 дахь заалтаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэй талаар тусгагдсан байна. /с.х-ийн 29-32 тал/
Харин “Иргэн-2014” нэгдсэн системд байршуулсан, шүүхийн архивд буй шийдвэрийн өнгөн хувь, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалд авагдсан буюу нэхэмжлэгчид гардуулсан шүүхийн шийдвэр, мөн шүүгч Г.Солонгын зөөврийн компьютерт хадгалагдаж буй шүүхийн шийдвэрийн файлын “тогтоох нь” хэсэгт:
1 дэх заалтаар хариуцагч нараас 489.602.151,95 төгрөг гаргуулах,
2 дах заалтаар хариуцагч нар төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа 11 үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах,
3 дах заалтаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.834.112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2.834.112 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох,
мөн адил 3 гэж дугаарлагдсан заалтаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэй талаар тусгагджээ. /с.х-ийн 113-117, 124-127, 159-167 тал/
Шүүгч Г.Солонго дээрх шүүхийн шийдвэрийг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бичиж, хадгалсан болох нь илтгэгч гишүүний уг шүүхийн шийдвэрийг бичсэн файлыг хадгалж буй холбогдох шүүгчийн зөөврийн компьютерт болон “Иргэн-2014” нэгдсэн системд хийсэн үзлэгээр тогтоогджээ. /с.х-ийн 152-167 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн талаар хуульчлахдаа мөн зүйлийн 118.1 дэх хэсэгт “Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 118.5 дахь хэсэгт “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, хүний орон байр, бусад газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно” гэж заасан.
Тодруулбал шүүхийн шийдвэр нь нэг он, сар, өдөртэй, ижил дугаартай байх боловч уг шийдвэрийн “тогтоох хэсэг” нь зөрүүтэй болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Мөн холбогдох шүүгч Г.Солонго үүнтэй маргаагүй, алдаагаа хүлээн зөвшөөрч “...Би алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхийн сахилгын хороонд өргөдөл ирсний дараа би өнгөн хувь, “Иргэн-2014” системд байгаа шийдвэр нь иргэний хавтаст хэрэгт байгаа шийдвэр өөр байгааг мэдсэн. Өөр гэдэг нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах заалттай, заалтгүй байсан. Гарын үсгээ харахаар миний гарын үсэг мөн байдаг. Гэхдээ энэ шийдвэрт хэзээ, яаж гарын үсэг зурснаа мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэр яалт ч үгүй хоёр өөр гарсан байна. Энэ тухай өөрийн туслахаар ажиллаж байсан хүнээс тодруулах гэтэл ажлаасаа гарсан, холбоо барих ямар ч боломжгүй байгаа. Миний хувьд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт байхгүй шийдвэрийг яаж гаргасантай холбоотой үнэхээр тайлбарлаж мэдэхгүй байна. Одоо бодоход шүүгчийн туслах заримдаа шийдвэрийн хувийг дутуу гаргах тохиолдол байдаг. Гурван хариуцагчтай байсан болохоор шийдвэрээ дутуу гаргаад, сүүлд нь дахиж надаар гарын үсэг зуруулсан байж магадгүй гэж бодоод байна” гэх тайлбарыг сахилгын хорооны хуралдаанд хэлсэн.
Нөгөө талаар шүүхийн шийдвэрийг албажуулж, бичгээр гаргах, хэргийн оролцогч нарт гардуулах ажиллагааг шүүгчийн шууд удирдлагад ажиллах шүүгчийн туслахыг чиг үүрэг бөгөөд уг ажиллагаанд холбогдох шүүгч хяналт тавих үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл шүүгч Г.Солонго шүүхийн шийдвэрийн “тогтоох хэсэг”-ийг шийдвэрийн хэвлэмэл хуудсанд хэвлэхдээ барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах заалтыг тусгасан, мөн тусгаагүй гэх хоёр өөр байдлаар гаргасан шүүгчийн туслахын ажиллагаанд хяналт тавиагүй, гарын үсгээ зурж албажуулсан байна.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2025 оны 28 дугаар “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” хуралдааны тогтоолын “Тайлбарлах нь” хэсгийн 5-д “Удаа дараа гэдэгт хуулийн илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар зөрчсөн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно” гэж тайлбарласан.
Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэжээ.
Шүүхийн сахилгын хорооны “Сахилгын хэргийн бүртгэл, хяналтын систем”-ээс шүүгч Г.Солонго “хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн зөрчил гаргаж байсан эсэх, хуулийн хүчин төгөлдөр магадлал, хяналтын тогтоол байгаа эсэх”-ийг үзэхэд байхгүй байв.
Иймд холбогдох шүүгч Г.Солонгыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтын “хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчлийг нэг удаа гаргасан гэж үзэх боловч мөн зүйлийн “удаа дараа” гэх шаардлагыг хангаагүй тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Цаашид холбогдох шүүгч нь эрхийн актыг албажуулахдаа анхаарал, хариуцлагатай хандаж, өөрийн удирдлага дор ажиллаж буй шүүхийн захиргааны ажилтанд хяналт тавин ажиллахыг сануулж байна.
2. Шүүхийн шийдвэрт тусгасан барьцаа хөрөнгүүдийг дутуу бичсэн гэх үндэслэлийн талаар:
Шалгах ажиллагааны хүрээнд илтгэгч гишүүний 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ...6 дугаар албан бичгээр иргэний хавтаст хэргийн 1-9 дүгээр тал буюу нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэл, нэхэмжлэлд хавсаргасан баримтуудыг нотлох баримтаар авсан байна. /с.х-ийн 70 тал/
Уг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “А” ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 3 хуудас үндсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төлөөлөн удирдах зөвлөлийн “Гүйцэтгэх захирлаар томилох тухай” болон “Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг ажлаас чөлөөлөх тухай” хурлын тогтоол, Монгол банкны 2022 оны ...3 дугаар албан бичгийг хавсаргасан байжээ. /с.х-ийн 71-79 тал/
Нэхэмжлэгч “А” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж үзэхэд зээлийн гэрээний үүрэгт 424.261.200,17 төгрөг гаргуулах, дэс дугаарласан барьцаа 11 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар 1-2 дугаар талд бичигдэж, 3 дугаар тал нь “дөрвөн сая гурван зуун далан хоёр мянга долоон зуун төгрөг, арван долоон мөнгө/ төгрөг байна...” гэж эхэлж байх ба доор нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудын жагсаалтад нэхэмжлэлийг “4 хуудас, 4 ширхэг” гэж тэмдэглэжээ. Үүгээр нэхэмжлэлийн 1 хуудас дутуу байгаа нь тогтоогдож байна. /с.х-ийн 71-73 тал/
Дээрх үйл баримттай холбоотой “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З “шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 4 хуудас нэхэмжлэлийн төсөл бэлдсэн боловч шүүхэд өгөхдөө манай алдаанаас 1, 2, 4 дэх хуудсыг явуулчихсан байсан. 3 дахь хуудас дээр 5 ширхэг барьцаа хөрөнгийн мэдээлэл байсан. Үүнээс 3 нь Ц.Ч, 2 нь Г.Б-тэй холбоотой хөрөнгө байсан санагдаж байна. Харин шүүхийн шийдвэр гарсны дараа Ц.Ч мэдэж бидэнд мэдэгдсэн ба энэ хөрөнгийн асуудал Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа” гэж мэдүүлсэн. /с.х-ийн 92-94 тал/
Хариуцагч Ц.Ч нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “2024 оны 183/ШШ2024/...9 дүгээр шийдвэрт бичигдээгүй барьцаа 5 үл хөдлөх хөрөнгийг бичүүлэхээр нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг гаргахад тус шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШЗ2025/...6 дугаар захирамжаар “...уг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэх хангуулах талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй байна... Ц.Ч нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргаагүй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг заагаагүй шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хүсэлтээ, гомдлоо хуульд заасны дагуу дээд шатны шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх учиртай. Анхан шатны шүүх, шүүгч шүүхийн шийдвэрийг хянах, өөрчлөх эрхгүй болохыг хууль тогтоогч тодорхой зааж зохицуулсан...” гэж үзээд хүсэлтийг хангахаас татгалзжээ. /с.х-ийн 64-65 тал/
Мөн холбогдох шүүгч Г.Солонго сахилгын хорооны хуралдаанд “хариуцагч Ц.Ч нь энэ шийдвэртэй холбоотой “давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” хүсэлтээ гаргаж, хугацаа сэргээсэн ба энэ хэрэг нь одоо давж заалдах шатны шүүхэд байгаа” гэж тайлбарласан.
Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр "А" ХХК нь Г.Б, Г.Г, Ц.Ч нарт холбогдуулан шүүгч Г.Солонгын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/...9 дүгээр шийдвэрээр хариуцагч нараас 489.602.151,95 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэхдээ тусгагдаагүй гэх үлдсэн 5 үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь баримтаар сахилгын хэрэг авагдсан байна. /с.х-ийн 97-103 тал/
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долоодугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, 3-т “Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулсан шүүх хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаар шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлнэ.
Өөрөөр хэлбэл Шүүхийн сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх, хянах эрхгүй юм.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн хувь гардан аваад барьцаа хөрөнгүүд дутуу бичигдсэн талаар мэдэх, энэ талаар шүүхэд мэдэгдэх боломжтой байсан бөгөөд хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Г.Б, Ц.Ч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн болох нь шүүхийн тухайн өдрийн 183/ШШ2024/...9 дүгээр шийдвэрт тэмдэглэгдсэн байна.
Иймд шүүхийн шийдвэрт тусгагдаагүй барьцаа 5 үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хялбар ажиллагааны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул уг асуудалд шүүгчийг буруутгах боломжгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхгүй гэж дүгнэлээ.
Шүүгч Г.Төрболдын тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд илтгэгч гишүүний 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ...2 дугаар албан бичгийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2-...1 дүгээр албан бичгээр “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Б, Г.Г, Ц.Ч нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг хуулбарлан ирүүлжээ. /с.х-ийн 46, 48-69 тал/
Уг баримтуудаас үзэхэд шүүгч Г.Төрболдын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2024/...2 дугаар захирамжтай, мөн өдрийн 183/ГХ2024/...0 дугаар гүйцэтгэх хуудсаар “төлбөр төлөгч Г.Б, Г.Г, Ц.Ч нараас 489.602.151,95 төгрөг гаргуулах, барьцаа 11 үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулж төлбөр авагч “А” ХХК-д олгохоор шийдвэрлэхдээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2024/...9 дүгээр шийдвэрийг үндэслэсэн байна. /с.х-ийн 34-36, 49-50 тал/
Тухайн шүүхийн шийдвэрийн “тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтаар “хариуцагч Г.Б, Г.Г, Ц.Ч нараас 489.602.151,95 төгрөг гаргуулах, 2 дахь заалтаар хариуцагч нар төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах, 3 дахь заалтаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.834.112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2.834.112 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, мөн адил 3 гэж дугаарлагдсан заалтаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэй талаар тусгажээ. /с.х-ийн 51-54 тал/
Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн нь шүүхийн архивд буй дээрх иргэний хавтаст хэрэгт, мөн “Иргэн-2014” нэгдсэн системд тус тус үзлэг хийн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг зөрүүтэй байгаа эсэхийг тодруулахад зөрүүгүй байсан ба холбогдох шүүгч Г.Төрболд гүйцэтгэх хуудас бичихдээ “Иргэн-2014” нэгдсэн системд байршуулагдсан шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчээс эх хувиар өгсөн шүүхийн шийдвэртэй тулган гүйцэтгэх хуудас бичсэн байна. /с.х-ийн 16-45, 105-119 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл шүүхийн шийдвэр ...тэдгээрийн үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас байна”, 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг дараах тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргана:” гээд 185.1.1 дэх заалтад “төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан”, 185.2 дахь хэсэгт “Шүүгчийн туслах энэ хуулийн 185.1-д заасан шүүгчийн захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор уг захирамж, шүүхийн шийдвэр, шаардлагатай бусад материалыг хавсарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл шүүгч Г.Төрболд хуульд заасны дагуу нэхэмжлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Б.Б-ын хүсэлтээр шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичсэн нь хуулийн дагуу ажиллагааг явуулсан байна.
Иймд илтгэгч гишүүний “...хүсэлт гаргагчийн хүсэлтийг шийдвэрлэх үндэслэл болсон шийдвэрийг хянах үүргээ хэрэгжүүлж ажилласан...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Г.Солонго Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтуудыг зөрчсөн зөрчлийг 1 удаа гаргасан гэх үйл баримт тогтоогдож байх боловч урьд өмнө нь сахилгын шийтгэл оногдуулаагүй, мөн шүүгч Г.Төрболд хуульд заасны дагуу ажиллагаа явуулсан байх тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, холбогдох шүүгч нарт үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ГС/2026/...3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч шүүгч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
С.ЭНХТӨР