
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-03-26
Дугаар 40
Улаанбаатар хот
Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь
хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, ажиглагчаар өргөдөл гаргагч Х.А /цахимаар/ нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүлд холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ГНД/2026/0012 дугаартай нотлох дүгнэлтийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтэд: “...Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч С.Е-ний тусламжтайгаар К.Р-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, уригдсан тал Х.А, Ж.А нар 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар эвлэрлийн гэрээг байгуулсан байх бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны материал нь шүүгч А.Жархынгүлд хуваарилагдсан байна. Шүүгч 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар захирамжаар К.Р-ийн нэхэмжилсэн 80,000,000 төгрөгийг Х.А, Ж.А нар нь 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулж шийдвэрлэжээ.
Иргэн Х.А-ээс 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож хүчингүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргажээ.
Тус хүсэлтийг шүүгч А.Жархынгүл хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаар захирамжаар “...тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг илт үндэслэл муутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн Х.А-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Х.А-ээс тус захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн *** дүгээр тогтоолоор “...шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож өгөхийг хүссэн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна” гэж дүгнэн Х.А-ийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
Улмаар Х.А-ээс 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дахин шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулах хүсэлтийг гаргасныг шүүгч Х.Мейрамбек хүлээн авч, шүүгч Б.М, К.Б нарын бүрэлдэхүүнтэй 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар тогтоолоор Х.А-ийн шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримттай холбогдуулан мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Е “...Шинээр илэрсэн нөхцөл байдлын хүсэлт ирэхээр нэрсийн дарааллаар гараар хуваарилж, системд гараар сонгодог. ...Тэр хүсэлт нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ирсэн. Эвлэрлийг баталгаажуулсан захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт байсан. Анх удаа захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах хүсэлт ирсэн, өмнө нь ирж байгаагүй. Өмнө нь дандаа шүүхийн шийдвэртэй холбоотой хүсэлт ирдэг байсан. Тэгэхээр нь 124-н хүсэлт байна гэж бодоод хуваарилсан. Тэр үед шүүгч А.Жархынгүлд танилцуулаад 124-өөр хуваарилаад өгсөн” гэх мэдүүлгийг, шүүгчийн туслах М.М “...Хүсэлтийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн анх хүлээж аваад, шүүгчид хүлээлгэн өгсөн байсан. Шүүгч хүсэлт ирсэн, үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр заалтын дагуу шийдвэрлэнэ гэх үүрэг даалгавар өгсний дагуу захирамжийн төслийг бэлтгэж, хянуулаад албажуулаад гаргасан. ...Анх хүсэлтийг бичээд байж байхад хүсэлтийн сүүлд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас тооцож шийдвэрлэж өгнө үү гэсэн байсан. Шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулна гэж бичсэн байна энийг яах вэ гэж шүүгчид хэлэхэд “хүсэлтийн агуулгаас үзвэл шүүгчийн захирамжийг үндэслэл муутай гэдэг үндэслэлээр бичсэн байна. Тэгэхээр 124-р бичнэ” гэж хэлсэн. Би бас өөрөө хэлсэн “шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахгүй, шүүхийн шийдвэрийг л хянуулдаг биз дээ яагаад ингэж бичсэн юм бол” гэж хэлж байсан. ... Системд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг бүртгэх тусдаа өөрийнх нь цэс, тэр цэс дээр шүүхийн шийдвэр гээд автоматаар гараад ирдэг. Энэ хүсэлт нь эвлэрүүлэн зуучлалын тусламжтайгаар эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож өгнө үү гэх утгатай хүсэлт байсан. Тухайн өдөр нь хүсэлтийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн программд бүртгэх боломжгүй юм байна, шинээр илэрсэн нөхцөл байдалд бүртгэх боломжгүй, хүсэлт гэдэг дээр өмнө нь бүртгэсэн бүртгэл нь байгаа болохоор боломжгүй гэж шүүгчид өгсөн байна. Надад болохоор шүүгч захирамжийн дугаар аваад төсөл төлөвлө гэсний дагуу урьд нь авагдсан хүсэлт дээр өмнөх эвлэрлийн материал нь бүртгэлтэй байгаа тэрнээс шийдвэр гэдэг рүү ороод шууд захирамжийн дугаар сонгож аваад төслийг бичсэн” гэх мэдүүлгийг тус тус өгчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/-ийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбарт “шүүхийн шийдвэр” гэдэгт анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол хамаарахаас гадна шүүхийн шийдвэрийн нэгэн адил хэрэгждэг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн захирамж хамаардаг” гэж тайлбарласан.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ”, 181.2 дахь хэсэгт “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн дахин оролцохгүй” гэж заасан.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *** зөвлөгөөний тогтоолоор баталсан Шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэрэгт оролцох шүүгчийг томилох дарааллыг тогтоох, шүүхэд хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журмын 6.е-д “Тухайн шатны шүүхэд гаргасан гомдол, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнийг тухайн шийдвэр гаргасан шүүгчийг оролцуулахгүй бөгөөд тус тойргийн бусад гурван шүүгчийн шүүх бүрэлдэхүүнээр тухай бүр тус тус томилж албажуулна” гэж заажээ.
Гэтэл шүүгч А.Жархынгүл нь өөрийн гаргасан “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг үндэслэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхээр байна.
Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолд “Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно. ...“Ноцтой” гэдгийг Процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тайлбарласнаас үзвэл шүүгч А.Жархынгүл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1, 181.2 дахь хэсэгт заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж, өөрт олгосон эрхээ хэтрүүлэн, хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэж хэргийн оролцогчид хүндрэл саад учруулсан нь ноцтой зөрчилд хамаарч байна.
Хэдийгээр шүүгч А.Жархынгүлийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаар захирамжийг бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч энэ нь шүүгчийг зөвтгөх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, шүүгчийн “...115 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг тодорхойлсон заалттай учраас эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг би шүүхийн шийдвэр гэж үзээгүй. Ингээд 124 дүгээр зүйлийг тайлбарлаж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэх тайлбараас үзвэл шүүгч “шүүхийн шийдвэр” гэдэгт … шүүхийн шийдвэрийн нэгэн адил хэрэгждэг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн захирамж хамаарах талаар ойлголтгүйн улмаас ийнхүү шийдвэрлэсэн, цаашлаад захирамжид гомдол гаргаагүй тохиолдолд хэргийн оролцогч өөрийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлж чадахгүй нөхцөл байдал үүсэх, мөн шүүгч дээрх байдлаар хуулийг ойлгон хэрэглэж шийдвэр гаргах нь цаашид шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийг хохироож болзошгүй тул шүүгчийн дээрх үйлдлийг ноцтой гэж үзнэ.
Шүүгч нь шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэх ур чадвартай байхад анхаарах шаардлагатай ба шүүгчийн гаргаж буй шийдвэр нь хуульд нийцсэн эсэхээс шүүхэд итгэх олон нийтийн итгэл бүрэн хамааралтай байдгийг дурдах нь зүйтэй.
2. Өргөдөлд “...миний бие Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ нь нэхэмжлэлийн загвараас тодорхой байхад илт хууль зөрчиж, нэг талыг баримталж өөрийн гаргасан захирамжийг хамгаалах зорилгоор хууль бусаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа явдалд гомдолтой байна” гэжээ.
Шүүгч тус нэхэмжлэлийг хүлээн авч хянаад, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар захирамжаар “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд харин шинжээч томилж үнэлгээ хийлгэх эсэх нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтын аль нэг үндэслэлээр эрх бүхий албан тушаалтан болон шийдвэр гүйцэтгэгчийн хуулиар хүлээсэн үүрэг байна. Иймд нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай” гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Х.А, Ж.А нараас дахин Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “***” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгч хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгасан байна”, 62.1.4-т “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 65.1.11-т “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” гэж заасан.
Иймд, шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэх эсэх нь түүний хараат бус бүрэн эрхэд хамаарах бөгөөд шүүгч хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгч А.Жархынгүл нь өөрийн гаргасан шүүхийн шийдвэрийн нэгэн адил хэрэгждэг захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ”, 181.2 дахь хэсэгт “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн дахин оролцохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн сахилгын зөрчилд хамаарч байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүлийг сахилгын зөрчил гаргасан гэж нотлох дүгнэлт үйлдэн Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Шүүгч А.Жархынгүл Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“...1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч С.Е-ээс ирүүлсэн, өргөдөл гаргагч К.Р нь эвлэрэлд уригдсан тал Х.А, Ж.А нарт холбогдуулан нэхэмжилсэн 80,000,000 төгрөгийг уригдсан тал Х.А, Ж.А нар нь 2025 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүртэл өргөдөл гаргагч К.Р-т төлж өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсныг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжаар баталгаажуулсан.
2.Өргөдөл гаргагч К.Р-ээс гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжид 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *** дугаартай гүйцэтгэх хуудас бичиж тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн.
3.Х.А нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан хүсэлтийг мэдээлэл лавлагааны ажилтнаас надад хуваарилсан. Уг хүсэлтийн агуулга нь дээрх захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн байх тул тус шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар тухайн хүсэлтийг хангахаас татгалзаж, гомдол гаргах эрхээр хангасан.
4.Энэхүү захирамжийг Х.А-ээс эс зөвшөөрч тухайн шатны шүүхэд гомдол гаргаснаар тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн *** дүгээр тогтоолоор гомдлыг хангаж, зөвтгөж 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
5.Улмаар Х.А-ээс тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 302/Ш32025/02193 дугаартай “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар гаргасан хүсэлтийг мэдээлэл лавлагааны ажилтнаас шүүгч Х.М-т хуваарилснаар тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
6.Харин нэхэмжлэгч Х.А, Ж.А нарын нэхэмжлэлтэй тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан *** нэхэмжлэлийг ИРГЭН-2014 программын санамсаргүй хуваарилалтын дагуу 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
7....Нэхэмжлэгч нараас шаардлагаа тодруулж, шинжээчийн үнэлсэн үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгуулахаар дахин нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 302/Ш32025/03599 дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан...
8. Миний бие дээрх үндэслэлээр ...Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч А.Жархынгүл Сахилгын хорооны хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “...1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн дахин оролцохгүй” гэж заасныг мэдэхийн дээдээр мэдэж байгаа бөгөөд шүүгчээр ажилласан 10 жилийн хугацаанд шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнээр тухайн шийдвэр гаргасан шүүгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэж ирсэн.
2.Шүүхийн сахилгын хорооны гишүүн нь сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлтдээ гэрч, шүүгчийн туслах М.М-ийн “Шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулна” гэж бичсэн байна, үүнийг яах вэ гэж шүүгчид хэлэхэд “хүсэлтийн агуулгаас үзвэл шүүгчийн захирамжийг үндэслэл муутай гэдэг үндэслэлээр бичсэн байна. Тэгэхээр 124-р бичнэ” гэж хэлсэн. Би бас өөрөө хэлсэн, шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахгүй, шүүхийн шийдвэрийг л хянуулдаг биздээ яагаад ингэж бичсэн юм бол гэж хэлж байсан" гэх мэдүүлгийг үндэслэл болгожээ.
3.Хэрэв шүүгчийн туслахаас надад дээрх байдлаар сануулж мэдэгдсэн бол шүүгчийн захирамжийн үндэслэлээ өөрчилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар тухайн шүүгчийн захирамж гаргасан шүүгч дахин оролцохгүй шийдвэрлэхээр хуульчилсныг тайлбарлаж, мэдээлэл лавлагааны ажилтнаас хүсэлтийг анх хуваарилахдаа буруу хуваарилагдсан байна гэх үндэслэлээр буцаах байсан. Тухайн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 90-100 хэргийн үлдэгдэлтэй ачаалалтай байснаас гадна ар гэрт маань гачигдал гарч аав минь нас барж, сэтгэл зүйн хувьд нөлөөлсөн байх гэж бодож байна.
4.Дүгнэлтэд цаашид шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийг хохироож болзошгүй тул шүүгчийн дээрх үйлдлийг ноцтой гэж үзнэ гэж таамаглах байдлаар дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.
5.Учир нь, уригдсан тал Х.А-ээс тус шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай гаргасан хүсэлтийг тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар тогтоолоор, хүсэлт гаргагч уригдсан тал Х.А-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үүгээр бол уригдсан тал Х.А-ийн эрх нь зөрчигдөөгүй болно.
6.Мөн шүүгчийн сахилгын зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх тухай МУИС- ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.М багш болон шүүгчийн сургагч багш А.С нарын “Хуулийн илт тод тодорхой заалт, түүнийг ноцтой, удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн ойлголт, практик хэрэглээ гэх сэдвээр заасан хичээлийн гол агуулгыг судлахад шүүгчийн хууль хэрэглээний талаар гаргасан алдааг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр гомдлоор хянагдаж шийдвэрлэж, зассан тохиолдолд сахилгын зөрчилд тооцохгүй байхаар тайлбарласан.
7.Харин уригдсан тал Х.А-ээс гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжийг тухайн шатны шүүхэд гомдол гаргаад тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай тогтоолоор хүчингүй болгож, зөвтгөсөн.
8.Иймээс дээрх захирамжийн улмаас бусдын эрх ашиг хөндөгдөөгүй, ямар нэгэн үр дагавар хохирол учраагүй, бусдад хүндрэл саад учруулсан зүйл байхгүй, тухайн шатны шүүхээр засагдсан зэрэг байдлуудыг харгалзан үзэж надад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар захирамжаар Х.А, Ж.А нар нь өргөдөл гаргагч К.Р-ийн нэхэмжилсэн 80,000,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулсан байх ба Х.А нь тус захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасныг баримтлан хянаад, хүсэлтийг хангахаас татгалзсан, улмаар Х.А нь тус захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн *** дүгээр тогтоолоор хангаж, шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдоно.
Дээрх захирамжуудыг гаргасан шүүгч А.Жархынгүлд холбогдуулан хүсэлт гаргагч Х.А гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүгч нь хуулиар хориглосон тодорхой үйлдэл хийж миний шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, илт хууль зөрчиж, нэг талыг баримталж өөрийн гаргасан захирамжийг хамгаалах зорилгоор хууль бусаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” гэж тодорхойлжээ.
Гэтэл дээрх шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” *** дугаар захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай Х.А-ийн хүсэлтийг тус шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасан гомдлоор бүртгэн хүлээн авч, шүүгч А.Жархынгүлд хуваарилсан болох нь сахилгын хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, өргөдөл, гомдлын бүртгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
Ийнхүү шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүгчийн захирамжийг хянуулах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хянуулах тухай хүсэлтэд тооцож анх шүүгчид хуваарилсан, мөн тухайн шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасан үндэслэл байгаа эсэхийг хянаж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1, 181.2 дахь хэсэгт заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээгүй, эсхүл шүүгч нь өөрийн гаргасан захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг шийдвэрлэхэд өөрөө оролцсон тохиолдолд дээрх хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчилд тооцогдох тул илтгэгч гишүүний “...шүүгч А.Жархынгүл нь захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг үндэслэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхээр байна” гэж дүгнэснийг хүлээн авах үндэслэлгүй.
Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор тайлбарлахдаа “илт тодорхой заалт” гэдгийг “тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно”, “ноцтой зөрчих” гэдгийг процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Шүүгч санамсаргүй техникийн шинжтэй алдаа гаргасныг хуульд заасан журмын дагуу засах боломжтой, зассан тохиолдолд зөрчил гэж үзэхгүй талаар тайлбарласан байх ба шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаар захирамжийг тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн *** дүгээр тогтоолоор хүчингүй болгож, шүүгчийн гаргасан алдааг залруулсан байна.
Зүй нь нэр бүхий шүүгч өөрт хуваарилагдан ирсэн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хянуулах хүсэлт мөн эсэхийг нягтлан шалгаж, биш бол тухайн шүүхийн Тамгын газартаа мэдэгдэж хуваарилалтын алдааг залруулах боломжтой байсан байх бөгөөд цаашид энэ төрлийн хайхрамжгүй алдаа гаргахгүй байхад анхаарч ажиллавал зохино.
Иймд илтгэгч гишүүний “...шүүхийн шийдвэрийн нэгэн адил хэрэгждэг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн захирамж хамаарах талаар ойлголтгүйн улмаас ийнхүү шийдвэрлэсэн, цаашлаад захирамжид гомдол гаргаагүй тохиолдолд хэргийн оролцогч өөрийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлж чадахгүй нөхцөл байдал үүсэх, мөн шүүгч дээрх байдлаар хуулийг ойлгон хэрэглэж шийдвэр гаргах нь цаашид шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийг хохироож болзошгүй” гэж дүгнэсэн нь зөв болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгасан байна”, 62.1.4 “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт” гэж нэхэмжлэлд тавигдах шаардлагыг, 65 дугаар зүйлийн 65.1-д “Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 65.1.11 “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг тус тус заажээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл Х.А, Ж.А нараас Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “***” нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар захирамжаар “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд харин шинжээч томилж үнэлгээ хийлгэх эсэх нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтын аль нэг үндэслэлээр эрх бүхий албан тушаалтан болон шийдвэр гүйцэтгэгчийн хуулиар хүлээсэн үүрэг байна. Иймд нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай” гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Харин Х.А, Ж.А нараас 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож “***” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасанд шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн нь хуульд нийцсэн байна.
Иймд хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагааг сахилгын зөрчилд тооцохгүй, энэ талаар хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, нэр бүхий шүүгчид холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ГНД/2026/0012 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүлд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Х.ХАШБААТАР