info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-03-18

Дугаар 35

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоожийг оролцуулж, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяагаар тэмдэглэл хөтлүүлэн тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиунд холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ГС/2026/0034 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

 

“... Өмгөөлөгч А.К, Х.Ч нарын өргөдлөөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиунд 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын хэрэг үүсгэсэн.

Өргөдөл гаргагч 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өргөдлөөсөө татгалзсан хэдий ч Монгол Улсын  шүүхийн тухай хуулийн  101 дугаар зүйлийн 101.3-т зааснаар шалгах ажиллагаа явуулав.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Нийслэлийн прокурорын газраас Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гарсан гомдлыг дараах байдлаар шийдвэрлэжээ. Үүнд:

-Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дүгээр захирамжаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Прокурор 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цагдан хорих хугацааг сунгах санал гаргасан, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дүгээр захирамжаар прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан.

Дээрх захирамжийг эс зөвшөөрч прокурор гомдол гаргасан, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ЕШЗ/... дугаар захирамжаар гомдлыг хангаж, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 1 дүгээр хугацааг 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1 сарын хугацаагаар сунгасан.

-Яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/... дугаар захирамжид өмгөөлөгч Х.Ч гомдол гаргасан, Ерөнхий шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ЕШЗ/... дүгээр захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээсэн.

-Шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгасанд өмгөөлөгч Х.Ч гомдол гаргасан, Ерөнхий шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ЕШЗ/... дугаар захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээсэн.

-Шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/... дугаар захирамжаар яллагдагч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосонд хяналтын прокурор гомдол гаргасан, Ерөнхий шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ЕШЗ/... дугаар захирамжаар яллагдагч Б.Э-д тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаартай шүүгчийн захирамжаар авсан яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үлдэгдэл хугацааг үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч өөрчлөлт оруулсан.

-Шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/... дугаар захирамжаар цагдан хорих арга хэмжээг өөрчлүүлэх яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхисонд гаргасан гомдлыг Ерөнхий шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ЕШЗ/2192 дугаар захирамжаар гомдлыг хангахгүй орхисон. 

-Шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан, Ерөнхий шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ЕШЗ/... дугаар захирамжаар гомдлыг хангахгүй орхисон.

-Шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/... дугаар захирамжаар цагдан хорих арга хэмжээг хүчингүй болгосонд хяналтын прокурор гомдол гаргасан, Ерөнхий шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2026/ЕШЗ/... дугаар захирамжаар гомдлыг хангаж, захирамжийг хүчингүй болгосон. 

-Шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/... дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах саналыг хүлээн авахаас татгалзсанд хяналтын прокурор гомдол гаргасан, Ерөнхий шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ЕШЗ/... дүгээр захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Өргөдөл гаргагч өргөдөлд 27 гэж дугаарласан гомдол дурдсан хэдий ч үүнд таслан сэргийлэх арга хэмжээний үйл баримтыг нэрлэн заасан байна. 

Холбогдох шүүгч Б.Халиун нь яллагдагч Б.Э-д  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбоотой гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3-т “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна” гэж заасан.

Яллагдагч Б.Э-д цагдан хорих таслан сэргийлэх авахтай холбоотой шүүгчийн захирамжид 8 удаа гомдол гарсныг Ерөнхий шүүгч Б.Халиун  дээр дурдсан байдлаар хянан хэлэлцэж шүүгчийн захирамжийг 5 удаа хэвээр үлдээж, 3 удаа өөрчилж шийдвэрлэхдээ үндэслэлийг захирамжуудад тодорхой дурдсан байх ба Сахилгын хороо Ерөнхий шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй болно.

Иймд өргөдөлд дурдсан “...Ерөнхий шүүгч Б.Халиун нь хуульд захирагдах бус захиалгаар хүн хорьдог,  ялладаг...” гэх гомдол үндэслэлгүй байна.

 

2. Өргөдөлд “...2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гар утас хэрэглэж, хэрэг хэлэлцэх ажиллагаанд хамааралгүй үйл ажиллагаа явуулсан, ...зөвлөлдөх танхимд бусадтай гар утсаар харилцаж, зөвлөлдөх тасалгааны нууц задруулсан...энэ үйл явцыг миний үйлчлүүлэгч гар утсаар бичиж баримтлуулсан тул  хүргүүлж байна...” гэжээ. 

Шалгах ажиллагааны явцад өргөдөлд дурдсан гомдолтой холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийв.

Даргалагчаас: Шүүх хуралдаан нээснийг мэдэгдэж, шүүгчийн захирамжид гаргасан прокурорын гомдлыг хянан хэлэлцэнэ. Нарийн бичгийн дарга ирц илтгэе гэв. /Бичлэгийн 0:00:15-0:00:24/

Нарийн бичгийн дарга: Шүүх хуралдаанд хяналтын прокурор Ш.Анужин, Н.Нямдорж, яллагдагчийн өмгөөлөгч А.К, Х.Ч нар ирсэн байна гэв. /Бичлэгийн 0:00:24-0:00:30/

Даргалагчаас: Шүүх хуралдаан зарлагдсаны дараа Ө өмгөөлөгчөөс шүүх хуралдаан давхацсан учраас хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг дуудан ирүүлэх хуудастай ирүүлсэн байна гээд хүсэлтийг уншиж танилцуулж, яллагдагч Б.Э-с ирүүлсэн хүсэлтийг уншиж прокурорууд хүсэлттэй танилцсан уу гэхэд /Бичлэгийн 0:00:32-0:01:39/

Прокурор Ш.Анужин, Н.Нямдорж нар: Танилцсан гэв. /Бичлэгийн 0:01:40/

Даргалагчаас: Ирцтэй холбоотойгоор санал, хүсэлт байна уу гэхэд /Бичлэгийн 0:01:41-0:01:42/

Прокурор Д.Нямдорж: Яллагдагч Б.Э хүсэлтдээ хэзээ шүүх хуралдаанд ирэх боломжтой талаар тусгаагүй байна. Мөн Б.Э нь харилцаа холбооны хэрэгсэл буюу гар утас ашиглахгүй байгаа. Түүнтэй холбоо барихад эхнэрээр нь дамжуулж харилцаж байгаа. Өнөөдөр шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжтой байсан. Авлигатай тэмцэх газар хэргийг тусгаарласан тогтоолтой очиж танилцсан. Хэзээ ирэх нөхцөл байдал нь тодорхойгүй байна. Б.Э-г шүүх хуралдаанд оролцуулах, дуудахыг Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид шүүхээс даалгавал боломжтой гэж үзэж байна. Мөн ажил явдал гарсан, хурал давхацсан өмгөөлөгч нартай оролцоно гэдэг хүсэлтийг илэрхийлж байна. Дараагийн хуралдаанд өмгөөлөгч Х.Ч, А.К нар шүүх хуралдаан давхацсан хүндэтгэн үзэх шалтгаан бий болбол дахиад эдгээр өмгөөлөгч нартай оролцъё гэдэг хүсэлтийг илэрхийлэхийг үгүйсгэхгүй. Хэзээ энэ 5 хүн бүрдэж прокурорын эсэргүүцэл хэлэлцэх вэ гэдэг асуудал гарна. Иймд шүүхээс тодорхой хязгаарлалтуудыг тогтоож, шүүх хуралдааныг хийх боломж нөхцөлөөр хангаж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Б.Э нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ илэрхийлж байгаа учраас түүнийг шүүх хуралдаанд оролцуулах нөхцөл боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл бүрдсэн байна гэж үзэж байна. Гэхдээ өнөөдөр 17 цаг 30 минутаас өмнө хийх боломж байна уу? Хэрвээ мөрдөгч, прокурорт даалгавал хэрэгжүүлэх боломж нь байна. Заавал Б.Б, Ч.Ө өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулах нь бусад өмгөөлөгч нар нь эрх зүйн байдлыг нь хамгаалаад гомдлын хуралдаанд оролцох нь боломжууд байна. Шүүх хуралдааныг боломжит богино хугацаанд товлож өгнө үү. Маргааш энэ хүмүүс оролцох боломжтой эсэхийг өмгөөлөгч нар тодорхой тайлбараар илэрхийлж өгнө үү. Дөрвөн өмгөөлөгч дөрвүүлээ оролцох шаардлагатай юм уу эсхүл хэн нэгэн нь төлөөлөөд оролцох боломжтой юм уу? Хэрвээ маргааш хурлыг товловол өмгөөлөгч нар ямар хүндэтгэн үзэх шалтгаан байгаа болохыг эцсийн байдлаар тодруулж өгнө үү гэв./Бичлэгийн 0:01:46-0:04:21/

Прокурор Ш.Анужин: Б.Э-н хувьд 4 өмгөөлөгчтэй оролцож байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээний хурал эсхүл хуралд заавал өмгөөлөгч нарыг биечлэн байлцуулах талаар хуульчилсан зүйл байхгүй. Яагаад гэвэл Б.Э-н хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж байгаа 2 өмгөөлөгч байгаа. Б.Э нь өөрийн биеэр оролцох хүсэлт гаргаж байгаа. Хуралдаанд оролцох нөхцөл боломж нь нээлттэй. Ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад хурал давхацсан өмгөөлөгчийн хамт оролцоно гэж хүсэлт
ирүүлсэн. Б.Э өөрөө өнөөдрийн зарласан бүх оролцогч нарт мэдэгдсэн
хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүй байгаа учраас Н.Нямдорж прокурорын санал
дээр нэмээд 1-2 цагийн хугацаанд хойшлуулж, өөрийн хүсэлтээр оролцоно гэсэн
яллагдагчийг оролцуулан боломжит хугацаагаар хойшлуулж өгөөч гэж хүсэж байна гэв. /Бичлэгийн 0:04:25-0:05:26/

Даргалагчаас: Заа, Х.Ч өмгөөлөгч гэхэд /Бичлэгийн 0:05:27-0:05:28/

Яллагдагчийн өмгөөлөгч Х.Ч: Шүүхэд ирүүлсэн хүсэлтийг шүүгч
танилцууллаа. Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцъё гэж
хүсэлт гаргасан. Биечлэн оролцохдоо Ч.Ө өмгөөлөгчийн хамт оролцъё
гээд Б.Б өмгөөлөгчийн нэрийг дурдаагүй байна. Монгол Улсын Үндсэн
хуульд заасан өмгөөлөгч нарын хамт шүүх хуралдаанд биечлэн оролцъё гэдэг
хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.8 дугаар
зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч шүүхийн хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргавал
талуудын саналыг харгалзан шүүх шийдвэрлэнэ”, мөн хуулийн 7.7 дугаар зүйлийн
4 дэх хэсэгт “Бусад этгээдээс шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцэлтэй
танилцах, түүнд тайлбар өгөх эрхтэй гэж заасан. Яллагдагч Б.Э-г сулласан шүүгчийн захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэх боломжтой байгаа. Шүүхийн шийдвэрт гаргасан прокурорын гаргасан эсэргүүцэлтэй хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд танилцаж, тайлбар гаргаж өгөх эрхийг хуулиар олгосон. Мөн 14.13 дугаар зүйлийн 3, 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын гаргаж байгаа гомдолтой танилцаж, тайлбар өгөх, холбогдох баримт гаргаж өгөх боломжит хугацаагаар шүүх хангана гэсэн. Авлигатай тэмцэх газрын комиссар над руу залгаад Б.Э хаана байна вэ гэж ярьсан. Прокурорын гаргаж байгаа тайлбарын хувьд хүнээр дарамтлуулдгаа болиорой. Шаардлагатай гэвэл би одоо дуудаж болно. Заавал Авлигатай тэмцэх газрын дуудуулах шаардлагагүй. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Оролцогч хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирээгүй гэдгээ хүсэлтээ бичсэн байна. Ээж нь хүнд өвчтэй. ...Ээж нь өвчтэй гээд өчигдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх өөрчилсөн. Баримт нь байгаа. Бид нар худлаа баримт гаргаж өгөөгүй. Та нар шалгуул. Энэ хуралдааныг 1 хоног хойшлуулж өгнө үү гэж илэрхийлсэн байна. Энэ нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд боломжтой. Энэ хүнийг өчигдөр суллаагүй. Орой захирамж гарсан. Авлигатай тэмцэх газар дээр очсон. Гадаад паспортыг нь хураагаад авсан. Шөнийн 12 цагт очоод 11 дүгээр сарын 19-ний өдөр суллагдсан. Суллагдаж ирээд өдөр 10-12 цагийн хооронд хүлээж байгаад хэрэг тусгаарласан тогтоол танилцсан. Энэ хүн гараад ямар ч нийгмийн харилцаанд оролцож амжаагүй. Хуульд заасан хойшлуулах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. ...Ч.Ө гэдэг хүн өмгөөлөгч биш юм уу? А.К, Х.Ч хоёр өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд тайлбар гаргана. Ч.Ө өмгөөлөгчийн зүгээс хурал давхацсан гэдэг баримтыг ирүүлсэн. Б.Б өмгөөлөгчийн хадам аав нь нас барсан. Хүндэтгэн үзэх шалтгаан гарсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. ...Шүүх хуралдааныг 1 хоногоор хойшлуулж өгнө үү. Маргааш гэхэд боломжтой. Яагаад 15 цагаас өмнө хийж байгаа вэ? Үүний өмнө нэг дэх өдөр гаргасан гомдлыг сая л хэлэлцэж байна. Энэ гомдол нь 11 цагт товлогдсон. Гэхдээ 14 цагт орж байна. Үүн дээр надад хардалт байхгүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хурлаа товлосон гэж ойлгож байгаа. Гэхдээ хүн хуульд заасан эрхээ эдлээд хурлаа нэг удаа хойшлуулъя. Баримтаа гаргаж өгье. Одоо Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөр даалгуулчих. Тийм захирамж гаргаад 17 цаг 30 минутаас өмнө хурлаа хийвэл хий гэв. /Бичлэгийн 0:05:32-0:10:08/ 

Даргалагч: Гар утсаа харж байна. /Бичлэгийн 0:06:56-0:07:20, 0:07:25-0:07:28, 0:12:19-0:12:40/

Яллагдагчийн өмгөөлөгч А.К: Б.Б өмгөөлөгч цагдан хорионоос эхлүүлээд бүх ажиллагаанд нь оролцож байсан. Ч.Ө өмгөөлөгч бас анхнаас нь оролцоод явж байгаа. А.К өмгөөлөгч бид хоёр Б.Б өмгөөлөгчийн хадам аав өчигдөр шүүх тайлбараа хэлж байх үед аав нь нас барчихлаа гээд яаралтай явах боллоо гэдгээ хэлсэн. Миний хувьд нас барсны лавлагааг нь явуулах боломж байна уу гэхэд одоо чулуу гэх мэт ажил хөөцөлдөөд явж байна. Шүүх рүү би мессеж бичээд явуулъя. Араас нь би нас барсны лавлагааг өгнө гэдгийг над руу хэлсэн. Б.Б өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох зайлшгүй хүсэлттэй байгаа. Өчигдрийн хуралдаанд ч оролцсон. Б.Э-н хувьд Б.Б болон Ч.Ө өмгөөлөгч нарын хамт цуг оролцъё гэдэг хүсэлт гаргасан байна гэж ойлголоо. Энэ боломжоор нь хангаж, 5 дахь өдөр Б.Б өмгөөлөгчийг оролцуулаад хийлгэх хүсэлттэй байна. Энэ хэрэг дээр залуу өмгөөлөгчийн хувьд дарамт шахалттай байгаа. Өчигдөр шүүхээс Б.Э-г суллах захирамж гарахад Авлигатай тэмцэх газрын мөрдөгч би өөрөө захирамжийг нь аваад очиж авна гэж хэлсэн. ...Өглөө босонгуут нь Авлигатай тэмцэх газар дээр ирж гарын үсгүүд зур гэдэг агуулгаар дуудсан. Б.Э-н хувьд дуудсан цагт нь ирсэн. Сүүлийн 67 хоногийн хугацаанд эрүүл мэндийн байдал хэцүү байгаа талаараа хүсэлт, тайлбар нотлох баримтуудаа гаргаж өгч байсан. Мөн ээжийнх нь эрүүл мэндийн байдал асуудалтай байгаа талаар тайлбараа прокурорт гаргаж байсан. Ээж нь эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлээд ийм байдалтай байна гэж надад тайлбарлаад байгаа. Би үүнийг нь шүүхэд үнэн зөвөөр тайлбарлаад үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс энэ тайлбарыг хэлж байна. Энэ хүн шүүгчийн захирамжаар хууль бусаар суллагдан оргон зайлаад явж байгаа зүйл байхгүй. Өөрийн санаачилгаар гадаад паспортоо мөрдөгчид хүлээлгээд өгсөн. Шүүхээс зугтаад ирэхгүй байгаа асуудал байхгүй. Өөрийн санаачилгаараа бүх мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлээд оролцъё гэж байгаа. Дараагийн удаа бид хоёр хурал хойшлуулах зүйл ярихгүй гэдгийг прокурорт албан ёсоор илэрхийлье. Иймд үйлчлүүлэгчийн маань хуульд заасан эрхээр нь хангаж, сонгож авсан хоёр өмгөөлөгч нарыг оролцох боломжоор хангаж, хойшлуулж өгнө үү” гэжээ.  /Бичлэгийн 0:10:12-0:13:18/

Шүүх хуралдаан эхлээд завсарлах хүртэл нийт 14 минут 59 секунд үргэлжилсэн байна. 

Холбогдох шүүгч мөн өдрийн шүүх хуралдаанд гар утас хэрэглээгүй талаар тайлбар гаргасан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд гар утастай орж, шүүх хуралдааны явцад нийт 48 секунд утсаа харсан нь бичлэгээр тогтоогдож байна.

Дээр дурдсан шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд яллагдагчийн өмгөөлөгч Ч.Ө, Б.Б нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан нь тогтоогдож байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34-т “шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах”-ыг шүүгчид хориглосон. 

 

Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд шүүх хуралдаан үргэлжилж, хэлэлцүүлэг явагдаагүй бөгөөд хүсэлт хэлэлцэх явцад нийт 48 секундийн хугацаанд гар утсаа харсныг хуульд заасан дээрх зөрчлийг гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай. Тодруулбал, тэрээр гар утсаар ярих, мессеж бичих, сошиал сүлжээ ашиглах, хэрэгтэй холбоогүй баримт бичиг унших үйлдэл гаргаагүй байна.

Гэвч холбогдох шүүгч нь цаашид шүүх хуралдааны танхимд гар утастай орох, гар утастай холбоотой аливаа үйлдэл гаргахгүй байхыг хатуу анхаарах нь зүйтэй.  

Шүүгч тайлбартаа “...Тус шүүх хуралдаанд  гар утсаар бусадтай, хэн нэгэнтэй харилцаа холбоо тогтоогоогүй. ...Зөвлөлдөх тасалгаанд бусадтай харилцаа холбооны хэрэгслээр холбогдож, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулаагүй” гэжээ.

Ерөнхий шүүгч Б.Халиуны ... дугаарт 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд орсон гарсан дуудлагын түүхийг тодруулахад “Х” ХХК-иас гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтыг ирүүлсэн бөгөөд техникийн нөхцөл байдлын улмаас хэрэглэгчийн дугаар руу орох яриа, мессежний дугаарын жагсаалтыг гаргаж өгөх боломжгүй гэх хариуг ирүүлсэн.

2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан 15 цаг 15 минутад эхэлж, 15 цаг 35 минутад дууссан байх ба шүүгч хуралдааны явцад болон зөвлөлдөх танхимд байхдаа гадагш дуудлага хийгээгүй, мессеж илгээгээгүй байх тул бусадтай аливаа хэлбэрээр харилцсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т “шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах” зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн мөн өдрийн шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан байх ба шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчийн хүсэлт, тайлбарыг тасалсан, хэн алийг нь үл хүндэтгэсэн байдлаар харилцаагүй байна.

Харин өргөдөлд хавсаргасан, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүгч Б.Халиун зөвлөлдөх танхимд утсаар ярьж буй бичлэгээс хуулбарлав гэх баримт хэзээ, хаана, хэн авсан гэдэг нь тодорхой бус байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж, үнэлээгүй болохыг дурдав. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхий шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасан.

2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаанд:

Яллагдагчийн өмгөөлөгч Х.Ч: Миний хувьд Э-н өмгөөлөгчөөр цагдан хоригдсоноос нь хойш оролцож байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгчээс татгалзахтай холбоотой хоёр хүсэлт гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шүүгчийг өөрөө саналаараа шүүх хуралдаанд оролцохоос татгалзан гаргах хүсэлтийг гаргана уу гэдэг хүсэлтийг гаргаж байна. Учир нь Б.Э-д холбогдох хэрэг нь 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш үргэлжилж байгаа. Миний үйлчлүүлэгчид нийтдээ 100 гаруй хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Таслан сэргийлэх арга хэмжээ авагдах хугацаанд нийтдээ 11 удаагийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндсэн хугацаа сунгах хурал болон гомдлын хурал үргэлжилсэн. Энэ хугацаанд хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шүүгч нарын зүгээс 3 удаагийн шүүгчийн захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн. Өмнөх хоёр тохиолдолд Ерөнхий шүүгчийн гомдлыг хэлэлцэх захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэж байсан. Э болон өмгөөлөгч нарын зүгээс таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбоотой гомдлын удаа дараагийн хурлуудад Ерөнхий шүүгчээр оролцож, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэж байсан. Өнөөдрийн хуралдаан дээр миний зүгээс энэ үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлттэй байна. Түүнчлэн энэ хэрэг дээр тодорхой хэмжээний
улс төрийн нөлөөлөл, нэр бүхий улс төрчид болон бусад хэвлэл мэдээллийн
байгууллагаар мэдээлэл гарч байгаа асуудал байгаа. Өнөөдрийн шүүх
хуралдааныг хэлэлцэхийн өмнө фейсбүүк платформ дээр хэд хэдэн бичлэг болон
улс төрч нарын байр сууриа илэрхийлсэн бичлэгүүд тарсан. Ялангуяа миний
үйлчлүүлэгч Э-н талаар Хууль зүй, Дотоод хэргийн сайд
Э-н 6 хоногийн өмнө оруулсан бичлэгтээ Э-г шүүх шөнө
оройн цагаар суллаад байна. Э-г шүүх нь гаргаад явуулчихдаг юм
байна. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаад байна гэдэг агуулгатай
бичлэгийг оруулсан. Энэ бичлэг нь нийт 3600 лаяк буюу дэмжсэн санал, 300 орчим
коммент, 100 гаруй удаа шэйрлэгдсэн бичлэг болсон. Үүнээс манай үйлчлүүлэгч
болон түүний ар гэр, өмгөөлөгч нарын зүгээс болзошгүй зүйл юу байна вэ гэхээр
шүүхэд нөлөөлөх нөхцөл байдал үүсэж байна. Мөн Ерөнхий шүүгчийн зүгээс удаа
дараа миний үйлчлүүлэгчийг хорьж байгаа захирамжийг эцсийн шийдвэр болгон
гаргаж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр
зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж
үзэх бусад үндэслэл” байгаа гэж үзэж байна. Үндэслэл нь 2023 оны 01 дүгээр
сарын 12-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны
тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4
дүгээр зүйлийн зарим хэсэг заалтыг тайлбарласан тогтоол гарсан. Энэ тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын “...хувийн ашиг сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” гэснийг хэргийг шударга шийдвэрлэхэд эргэлзээ бүхий үндэслэл байгаа бол гэдэг тайлбар байсан.

Мөн хэргийн оролцогч шүүгч, прокурорт хөндлөнгөөс нөлөөлсөн хувийн харилцаа үүсгэсэн, нөлөөлөхийг оролдсон талаар баримт байгаа бол татгалзан гаргах үндэслэл болж байгаа. Хэргийг шударгаар шийдвэрлэхэд үндэслэл бүхий эргэлзээ байх гэдэг дээр миний үйлчлүүлэгч 100 гаруй хоног цагдан хоригдоод сүүлийн хоёр цагдан хорионы асуудал дээр 1 удаа мэдүүлэг авсан.

         Өөрөөр хэлбэл энэ хэрэг дээр гэм буруутай эсэх нь тодорхойгүй байхад гэм
буруутай мэтээр илэрхийлэгдэж байгаа нөхцөл байдал үүсэж байна. Нийгэмд
хардлага, сэрдлэг үүсээд байгаатай холбоотой асуудлаар заавал энэ хүний асуудлыг шийдэхгүйгээр өөрөө санаачилгаараа татгалзан гараад өгнө үү.
           Хоёрдугаарт, өмгөөлөгчийн зүгээс татгалзан гаргах хүсэлтийг гаргаж байна.
Энэхүү татгалзан гаргах хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий шүүгчийг энэ хуулийн 10.1,
10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн
шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасан. Энэ асуудлыг
нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлүүлээд өгнө үү. Түүний дараа прокурорын
гаргасан гомдлыг хэлэлцэх саналтай байна гэв. /Бичлэгийн 0:07:11-0:12:51/

              Яллагдагчийн өмгөөлөгч А.К: Өмгөөлөгч Х.Ч-н татгалзаж байгаа санал, хүсэлтийг дэмжиж байна. Энэ гомдлыг хянан хэлэлцүүлэхээр даргалж байгаа Ерөнхий шүүгч Б.Халиунаас мөн өмгөөлөгчийн хувьд татгалзлаа илэрхийлж байгаа.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа гэсэн үндэслэл байгаа. Шүүхийн байгууллагад улс төрийн нөлөө их байна. Энэ нөхцөл байдлыг шүүх мэдсээр байж танай шүүх таны хувьд энэ хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэж байна. 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б.Бямбаабаатар шүүгчийн захирамжаар манай үйлчлүүлэгчийг сулласан. 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр прокурорын гаргасан гомдлыг та 3 цагийн дараа хурал товлож байсан. Бид нарын гаргасан гомдлыг 3, 4 хоногийн дараа зарладаг. Таны хувьд прокурорын гаргасан гомдлыг 3 цагийн дараа шүүх хуралдаан товлож хурлаа зарладаг. Энэ нөхцөл байдалтайгаар бид бүхэн өнөөдрийг хүртэл явж байгаа. ...Шүүх хуралдааныг хойшлуулах үеэрээ Ерөнхий шүүгч нь зөвлөлдөх тасалгаанд бусадтай харилцсан учраас энэ хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт эргэлзэж байна. Танд тодорхой хэмжээний нөлөөлөл байгаа. Үүнтэй холбоотой бичлэгийг өнөөдрийн татгалзалтай холбоотой 7 секундийн сиди бичлэг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн бичлэг байгаа. Үүнийг шүүгчдийн зөвлөгөөнд гаргаж өгнө. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх шийдвэрлэх юм байна гэж ойлгосон. Бидний хүсэлт болон нотлох баримтыг уламжилж шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргаж байна гэв. /Бичлэгийн 0:12:54-0:15:34/

            Тус өдрийн шүүх хуралдааныг яллагдагчийн өмгөөлөгч Х.Ч, А.К нарын Ерөнхий шүүгчээс татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/А дугаар тогтоолоор татгалзан гарах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Мөн өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тэмдэглэлд:

 Ерөнхий шүүгч Б.Халиун: Яллагдагч Б.Э-д холбогдох 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/2308 дугаартай шүүгчийн захирамжид гаргасан прокурорын гомдлыг хянан хэлэлцэх 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар яллагдагч Б.Э-н өмгөөлөгч А.К, Х.Ч нараас тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун намайг яллагдагч Б.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт хувийн ашиг сонирхолтой, улс төрийн нөлөө байгаа гэх үндэслэлээр шүүх хуралдаанд гаргасан татгалзан гаргах хүсэлтийг уншиж танилцуулаад 1 ширхэг сидиг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч бичлэггүй, хоосон байсан талаар танилцуулав.

Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар: Ерөнхий шүүгч
Б.Халиуныг татгалзан гаргахтай холбоотой шүүгч нарт асуулт байна уу гэхэд

Шүүгч Э.Оюунтунгалаг: Сиди хоосон байсан юм уу гэхэд

Ерөнхий шүүгч Б.Халиун: Тийм, хоосон байсан гэв.

Шүүгч Ц.Өнөржаргал: Б.Э гэж хэн бэ? Улс төрийн албан
тушаалтан уу гэхэд

Ерөнхий шүүгч Б.Халиун: Хувиараа бизнес эрхэлдэг хүн гэв.

Шүүгч Д.Дарьсүрэн: Ямар хэргийн яллагдагч вэ гэхэд

Ерөнхий шүүгч Б.Халиун: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь
заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа хүн
гэв.

Шүүгч Д.Дарьсүрэн: Өмгөөлөгч Ч.Ө-н орж байсан хэрэг мөн үү?
гэхэд

Ерөнхий шүүгч Б.Халиун: Энэ хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг боловч
2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Ч.Ө
нь оролцоогүй гэв.

Шүүгч Х.Санжидмаа: Өмнө нь би болон Д.Дарьсүрэн, Б.Бямбаабаатар нар нь
таслан сэргийлэх арга хэмжээний санал, хүсэлтийг шийдэж байсан гэв.

Ерөнхий шүүгч Б.Халиун: Өмгөөлөгч нар нь Ерөнхий шүүгчид улс төрийн
албан тушаалтан шийдвэр гаргахад нөлөөлж байна гэдэг үндэслэлээр татгалзаж
байгаа. Өмгөөлөгч А.К нь өөрөө шүүгчид нөлөөлж байна гэж сошиалд
нийтлэл бичсэн талаар прокурор шүүхийн хэлэлцүүлгийн үеэр тайлбартаа хэлдэг
гэв.

Шүүгч С.Базарханд: Өмгөөлөгч нараас Ерөнхий шүүгчийг улс төрийн нөлөөнд
автсан гэж үзсэн үү гэхэд

Ерөнхий шүүгч Б.Халиун: Би яллагдагч Б.Э-д холбогдох хэргийн
өмгөөлөгч, прокуророос гаргасан гомдлыг хянаад хоёр удаа шүүгчийн захирамжийг
өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэж байсан.
Миний зүгээс аливаа нөлөөнд автсан, ямар нэг улс төрч даалгавар өгсөн зүйлгүй,
хараат бусаар хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн гэв.

Шүүгч С.Базарханд: Татгалзал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуульд заасан хууль зүйн үндэслэл  болж чадаж байгаа юу гэхэд

Ерөнхий шүүгч Б.Халиун: Миний зүгээс улс төрийн нөлөөгөөр таслан
сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэсэн зүйл байхгүй. Ямар нэгэн хүнтэй
холбогдоогүй. Хэрэгт улс төрийн нөлөөлөл бүхий зүйл байна гэж хараагүй гэв.

Шүүгч С.Базарханд: Хувийн ашиг сонирхолтой хүн байгаа юу гэхэд

Ерөнхий шүүгч Б.Халиун: Тус хэрэгт хяналт тавьж байгаа прокурор,
өмгөөлөгч, яллагдагч зэрэг хэргийн оролцогчидтой надад хувийн харилцаа болон
ашиг сонирхол байхгүй гэв.

Шүүгч С.Базарханд: Прокурорын зэрэгцээ хяналт тавихаар дээд шатны
шийдвэр гарсан байсан уу гэхэд

Ерөнхий шүүгч Б.Халиун: Хэрэгт хэд хэдэн прокурор зэрэгцээ хяналт тавих
дээд шатны прокурорын шийдвэр байгаа гэв.

Шүүгч Г.Ариунаа: Таны шийдвэр гараагүй байхад сошиалаар мэдээлэл гарсан уу гэхэд

Ерөнхий шүүгч Б.Халиун: Миний шийдвэрийн талаар сошиалд мэдээлэл
байхгүй. Хууль зүй, Дотоод хэргийн сайд Б.Э нь “...Б.Э-г шүүх 2
удаа шөнө оройн цагаар суллаад байна. Б.Э-г шүүх нь гаргаад
явуулчихдаг юм байна. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаад байна...’’ гэсэн
мэдээлэл хийсэн байсан. Үүний дараа миний бие захирамжид гаргасан прокурорын
гомдлыг хянан хэлэлцэхэд өмгөөлөгч нараас уг бичлэгийг дурдан надаас татгалзсан
гэв.

Шүүгч Д.Дарьсүрэн: Одоо Б.Э нь цагдан хоригдож байгаа юу
гэхэд

Ерөнхий шүүгч Б.Халиун: Одоо гадуур байгаа. Х.Санжидмаа шүүгч өмгөөлөгч
нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн гэв.

Шүүгч Х.Санжидмаа: Би өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлээд
цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн гэв.

Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар: Шүүгч нарт өөр асуулт,
санал, хүсэлт байна уу гэхэд

Шүүгчид: Байхгүй гэв.

Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар: Яллагдагч
Б.Э-н өмгөөлөгч Х.Ч, А.К нараас гаргасан татгалзлыг
хүлээн авахыг дэмжиж байна, хүлээн авахаас татгалзаж байна гэсэн томьёоллоор
санал хураах уу гэхэд

Шүүгчид: Яллагдагч Б.Э-н өмгөөлөгч Х.Ч, А.К
нараас гаргасан татгалзлыг хүлээн авахаас татгалзаж байна гэсэн томьёоллоор
санал хураахыг олонхын саналаар дэмжив.

Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар: Яллагдагч
Б.Э-н өмгөөлөгч Х.Ч, А.К нараас гаргасан татгалзлыг
хүлээн авахаас татгалзаж байна гэдэг томьёоллоор санал хураая гэхэд

Шүүгчид: Татгалзлыг хүлээн авахаас татгалзаж байна гэдэг саналыг 100%
дэмжжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 7-д “Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх шүүгчдийн зөвлөгөөнд Ерөнхий шүүгч уг асуудлын талаар тайлбар гаргаж болно...” гэж заасан.

Шүүгчдийн зөвлөгөөнд шүүгч татгалзан гарах хүсэлт гаргасантай холбоотой тайлбар гаргасан мөн татгалзалтай холбогдуулан өгсөн сидинд ямар бичлэг байгаагүй талаар тайлбарлажээ.

Гэрч П.Туул: “Шүүгч Б.Халиуныг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч байхад нь туслахаар томилогдож одоо хүртэл ажиллаж байгаа. Яллагдагч Б.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч хэдэн удаа шийдвэрлэснийг яг нарийн санахгүй байна. 2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 7 удаа гомдол гаргасныг шийдвэрлэсэн гэж санаж байна. 2025 оны 12 сарын 24-ний өдөр шиг санаж байна. Яллагдагчийн өмгөөлөгч К, Ч нар Ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзан гаргах хүсэлт гаргасан.  Гомдол хэлэлцэх хуралдаан дээр өмгөөлөгч нар татгалзан гаргах хүсэлтээ амаар гаргаад, үүнтэй холбоотой сиди гаргаж өгсөн байсан. 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгийн хэсэг гэсэн байсан. Би хуралдаанд ордоггүй, хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ордог. Татгалзан гаргах хүсэлт гаргасан учраас шүүх хуралдаан хойшлогдсон байсан. Ингээд нарийн бичгийн дарга шүүгчид танилцуулахаар сидиг надад авчирч өгсөн юм. Би сиди бичлэгийг хүлээн аваад шүүгчид танилцуулаад, түүнтэй хамт нээж үзэхэд ямар нэгэн бичлэг байгаагүй хоосон байсан. Хоосон байсан учраас тэмдэглэл үйлдээгүй. Тус шүүхийн шүүгчдийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шиг санаж байна зөвлөгөөнөөр уг хүсэлтийг хянан хэлэлцээд, хүлээн авахаас татгалзсан байсан. Зөвлөгөөнд би байлцсан, зөвлөгөөнөөс тогтоол гарсан, төслийг би бичсэн. Шүүгч тайлбартаа “...сиди авчирч өгсөн, энэ нь хоосон байгаа талаар хэлсэн” харин нэгэнт хоосон байгаа болохоор шүүгчид зөвлөгөөнд сидиг үзэж хараагүй. ...Уг сидиг гаргаж өгсөн өмгөөлөгч нарт сиди хоосон,  ямар нэгэн бичлэг байхгүй талаар өмгөөлөгч К-т утсаар хэлсэн. Тэгэхэд түүний туслахаас флаш ирүүлсэн байсан. Түүнийг шүүгчид танилцуулахад шүүх хуралдаанд өгөөгүй баримт байна гээд авахаас татгалзсан, нээж үзэж хараагүй, тэгээд дараагийн шүүх хуралдаанд ирэхэд нь би Кадирбек өмгөөлөгчид өөрт нь өгсөн. Тэр ямар нэгэн юм хэлэлгүй авсан. Энэ нь шүүгчдийн зөвлөгөөн болохоос өмнө...” гэж,

Гэрч Д.Ц: “Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байна. Ерөнхий шүүгчийн хянан шийдвэрлэх бүх төрлийн хэргийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцдог. Тодруулбал, гомдол хянан шийдвэрлэх, эрүүгийн хялбаршуулсан хэрэг, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд оролцдог. Яллагдагч Э гэдэг хүний гаргаж байсан гомдлын бүх хуралдаанд оролцож байсан, тоог нарийн тодорхой санахгүй байна. 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гомдол хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр К өмгөөлөгчийн зүгээс Ерөнхий шүүгч Б.Халиуныг татгалзан гаргах хүсэлт гаргахдаа сиди гаргаж өгсөн. Уг сидиг шүүх хуралдаан дээр нээж үзээгүй. Өмгөөлөгч сиди бичлэг байна гээд өгсөн, сидиг надад өгсөн. Ингээд шүүгчээс татгалзсан учраас хуралдаан хойшлогдсон, үүний дараа би сидиг Ерөнхий шүүгчийн туслах Т-д хүлээлгэн өгсөн. Би сидиг нээж үзээгүй шууд хүлээлгэн өгсөн. Шүүгчдийн зөвлөгөөнд би оролцож тэмдэглэл хөтөлсөн. Ерөнхий шүүгч өмгөөлөгч сиди гаргаж өгсөн боловч хоосон байсан талаар шүүгч нарт танилцуулж байсан. Түүнээс зөвлөгөөн дээр нээж үзээгүй. Өмгөөлөгч шүүгчийг татгалзан гаргахтай холбоотой сиди гаргаж өгч байна гэсэн. Түүнээс уг сидид ямар бичлэг байгаа талаар хэлээгүй, надад бичлэгийг нээж харуулж хүлээлгэн өгөөгүй” гэж мэдүүлсэн.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр татгалзлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хийхээр товлон зарласан, тус өдрийн шүүх хуралдаанд даргалагчаас татгалзан гарах хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын агуулгыг танилцуулж, хуралдааны явцад гаргаж өгсөн сиди бичлэгийг үзэхэд бичлэг байхгүй, хоосон байсан талаар тайлбарласан, уг сидинд ямар нэг бичлэг байгаагүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. 

Иймд өргөдөлд дурдсан “...Ерөнхий шүүгч Б.Халиун өөрөөс нь татгалзах хүсэлтийг шийдвэрлэх явцад өмгөөлөгч нараас түүний шүүх хуралдааны зөвлөлдөх танхимд гар утсаар ярьж буйг харуулсан бичлэгийг сиди болон флаш дискээр хуулан шүүгчдийн зөвлөгөөнд хүргүүлэхийг хүсэлтийн хамт уламжилсан боловч уг нотлох баримтыг шүүгчдийн зөвлөгөөнд хүргүүлээгүй. Ерөнхий шүүгч шүүгчдийн зөвлөгөөний хуралд орж татгалзах хүсэлтийн талаар тайлбар гаргахдаа сидинд бичлэг байхгүй хоосон байна хэмээн тайлбарлаж, харин флаш дискээр өгсөн бичлэгийг зөвлөгөөнд танилцуулаагүй 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны явцад өөрийн туслахаар дамжуулан өмгөөлөгч нарт буцаан өгсөн...” гэх гомдол үндэслэлгүй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 8-т “Энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр гаргасан шийдвэр эцсийн байна” гэж заасан.

Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол нь шүүхийн шийдвэрийн адил уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгчдийн зөвлөгөөний тогтоол эцсийн шийдвэр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ...” гэж бөгөөд шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр товлон зарласан нь хууль зөрчөөгүй байна.

Тус өдрийн шүүх хуралдаанд даргалагчаас шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор татгалзан гарах хүсэлтийг хангахаас татгалзсан талаар танилцуулах үед яллагдагчийн өмгөөлөгч нараас шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг албажиж гараагүй байна гэх үндэслэлээр дахин Ерөнхий шүүгчээс татгалзжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 12 дугаар тогтоолд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд шүүгч, шүүх бүрэлдэхүүн татгалзал гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ...” гэж заасан бөгөөд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Иймд өргөдөлд дурдсан “...Ерөнхий шүүгч Б.Халиун өөрөөс нь татгалзан
гаргах хүсэлт гаргасан өмгөөлөгч нарын хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөний хурал хянан хэлэлцэж шийдвэр гаргаагүй, шийдвэр албан ёсоор албажиж өөрт нь ирээгүй байхад дахин хурал зарлаж, гомдол шийдвэрлэсэн мөн гомдол хэлэлцэх шүүх хуралдааны явцад талуудын шүүгчийн татгалзан гаргах хүсэлтийг үл тоож дахин надаас татгалзах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн...” гэх гомдол үндэслэлгүй байна.

5. Шүүгч Б.Халиун нь 2025 оны 12 дугаар сарын 24, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд өөрийн ажлын өрөөнөөс цахимаар оролцсон болох нь шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгчийн тайлбараар тогтоогдож байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичгийг үйлдэх, шийдвэр гаргах, хэргийн
оролцогчтой харилцах, хэргийн материалыг оролцогчид танилцуулах, баримт бичиг
хүлээн авах, хүргэх болон шүүх хуралдаан, шүүхийн хэлэлцүүлэг явуулах
ажиллагааг цахим платформ ашиглан явуулж болно”, мөн хуулийн 34.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааныг Монгол Улсын төрийн сүлд, далбаа
байрлуулсан танхимд явуулна”.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам батлах тухай” 82 дугаар тогтоолын 3.6-д “шүүх хуралдааныг зохион байгуулах шүүгчийн өрөө, шүүх хуралдааны танхим нь хуралдааныг цахимаар явуулах интернэтийн сүлжээ, цахим хуралдаан хийх платформыг суулгасан компьютер, камер, микрофон зэрэг шаардлагатай техник хэрэгслээр хангагдсан байна” гэжээ.

Шүүх хуралдааныг Монгол Улсын төрийн сүлд, далбаа байрлуулсан танхимд буюу шүүгчийн өрөө, шүүх хуралдааны танхимд явуулж болохоор зохицуулсан байх тул шүүгчийг шүүх хуралдааны танхимд биечлэн оролцдоггүй, өөрийн өрөөнөөс онлайн байдлаар оролцсон гэх үндэслэлээр буруутгах боломжгүй.

Мөн шүүгч 2025 оны 12 дугаар сарын 24, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааныг хуульд заасан дэгийн дагуу явуулсан байх ба хэргийн оролцогчдын тайлбар байр суурийг бүрэн гүйцэд сонсолгүй, үл хүндэтгэсэн, хайхрамжгүй хандсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээр дурдсанаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33, 50.1.34-т заасан хориглолтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв гэжээ”

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Илтгэгч гишүүн өргөдөлд дурдсан үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, улмаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал” гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Б.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотой шийдвэр гаргасан шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3-т “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна” гэж заасны дагуу тус шүүхийн Ерөнхий шүүгч болох Б.Халиун хүлээн авч, шүүхийн хэлэлцүүлгийн хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэрлэжээ.

 

Хэргийн оролцогчоос гаргасан Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйл, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 12 дугаар тогтоолд тус тус заасныг баримтлан 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэсэн байх тул шүүх хуралдааныг товлон зарлаж, явуулсан нь холбогдох хуульд “зөвлөгөөний тогтоол шүүхийн шийдвэрийн адил уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгчдийн зөвлөгөөний тогтоол эцсийн шийдвэр байна.” гэж заасанд нийцнэ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн харилцааг зохицуулсан хуулийн заалтад нийцүүлэн тайлбарлаж, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгснөөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангадаг бөгөөд холбогдох шүүгч хуульд заасны дагуу шийдвэр гаргаж, шийдвэртээ үндэслэлээ тодорхой дурдсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд илтгэгч гишүүний саналд “...өргөдөлд дурдсан “...Ерөнхий шүүгч Б.Халиун нь хуульд захирагдах бус захиалгаар хүн хорьдог,  ялладаг...” гэх гомдол үндэслэлгүй байна.” гэж тодорхойлсон нь үндэслэлтэй.

 

Шүүх хуралдааныг Монгол Улсын төрийн сүлд, далбаа байрлуулсан танхимд буюу шүүгчийн өрөө, шүүх хуралдааны танхимд цахим платформ ашиглан явуулж болох тухай Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам батлах тухай” 82 дугаар тогтоолоор тус тус нарийвчлан зохицуулсан байх тул шүүгч шүүх хуралдааны танхимаас хуралдаанд оролцоогүй гэх үндэслэл нь сахилгын зөрчилд хамаарахгүй.

 

            Шүүгч Б.Халиун 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлгээр шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн байх ба уг 20 минут орчим явагдсан хуралдаанд прокурор Н.Нямдорж, Ш.Анужин, яллагдагчийн өмгөөлөгч А.К, Х.Ч нар тайлбар гаргаж оролцсон байх ба холбогдох шүүгч 3 удаагийн үйлдлээр нийт 48 секунд хугацаанд гар утсаа харсан боловч сахилгын хэргийн шалгах ажиллагаагаар дээрх хугацаанд болон Зөвлөлдөх тасалгаанд байх цаг хугацаанд гадагш хэн нэгэнтэй харилцсан гэх баримт тогтоогдоогүй бөгөөд хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлэг гаргах эрхийг эдлүүлсэн, аливаа байдлаар эрхийг хязгаарлаагүй, хуралдаанд илт хайхрамжгүй хандсан үйлдэл гаргаагүй байна.

            Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34-д “шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

            Хэдийгээр холбогдох шүүгчийн дээрх үйлдэл нь сахилгын зөрчилд хамаарахгүй боловч илтгэгч гишүүний саналд “...цаашид шүүх хуралдааны танхимд гар утастай орох, гар утастай холбоотой аливаа үйлдэл гаргахгүй байхыг хатуу анхаарах нь зүйтэй” гэснийг тухайлан дурдах нь зохистой гэж бүрэлдэхүүн үзлээ.  

 

Сахилгын хэргийн шалгах ажиллагаагаар хэрэгт цугларсан баримтыг нэгтгэвэл, илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2026/0034 дүгээр саналыг хүлээн авч, тус сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиунд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

 

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                    Б.СУГАР

 

                                    ГИШҮҮН                                          Д.АРИУНТУЯА

 

                                                                                                Х.ХАШБААТАР