
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-03-03
Дугаар 32
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн-нарийн бичгийн дарга О.Сумъяабазар, өргөдөл гаргагч Г.Т /ажиглагчаар/ нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “...Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч ... газрын даргад холбогдох тус газрын даргын 2022 оны ...дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргахад шүүгч Б.Мөнх-Эрдэнэд хуваарилагдаж, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, ... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Г.Т ... газарт холбогдуулан тус газрын даргын 2022 оны ...дугаар тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилох, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол ...төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 онд дахин гаргахад шүүгч Н.Дамдинсүрэнд хуваарилагдаж, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ... дүгээр захирамжаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Уг захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хэвээр үлдээсэн байна.
Өргөдөл гаргагч Г.Т нь Шүүхийн сахилгын хороонд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Н.Дамдинсүрэн, Д.Халиуна, Б.Мөнгөн-Аргамж, Ж.Мөнхдэлгэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэн, А.Сарангэрэл, Д.Оюумаа нарт холбогдуулан өргөдөл гаргасныг илтгэгч гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ГЗҮ/2026/0004 дүгээр захирамжийн “захирамжлах нь” хэсгийн 1 дэх заалтаар шүүгч Б.Мөнх-Эрдэнэд сахилгын хэрэг үүсгэж, харин 2 дахь заалтаар шүүгч Н.Дамдинсүрэн, Д.Халиуна, Б.Мөнгөн-Аргамж, Ж.Мөнхдэлгэр, Д.Оюумаа, Э.Лхагвасүрэн, А.Сарангэрэл нарт сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан.
Дээрх гишүүний захирамжийг эс зөвшөөрч өргөдөл гаргагч нь гомдол гаргасныг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдаанаар хянан хэлэлцээд СХТ/2026/0010 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээсэн болно.
1. Шүүгч Б.Мөнх-Эрдэнэ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн эсэх тухайд:
Өргөдөл гаргагч Г.Т нь өргөдөлдөө “...шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нь хэргийг шийдвэрлэхдээ урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулаагүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2 дахь хэсгийг зөрчсөн...” гэх үндэслэлийг өргөдөлдөө дурдсан бол, /с.х-ийн 1-6 тал/
холбогдох шүүгч нь “...Г.Т-т урьдчилсан хэлэлцүүлгийн товыг шүүгчийн туслах Э.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр түүний ... дугаар утсаар мэдэгдэхэд “за, ойлголоо” гэсэн хариуг өгсөн, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүх хуралдааныг товлон зарлахад татгалзах зүйлгүй гэсэн тул тэдгээрийг байлцуулахгүйгээр урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, шүүх хуралдааныг товлон зарласан болно...” гэх хариу тайлбар өгсөн болно. /с.х-ийн 98 тал/
Холбогдох шүүгч нь дээрх хариу тайлбартаа шүүхийн “Урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдэх тухай” Баримт №10-ыг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн мөн өдрийн ... дугаар “Шүүх хуралдааныг товлон зарлах тухай” захирамжийг хавсарган ирүүлсэн.
Дээрх баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт “Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулах, эсхүл хуульд заасны дагуу цахим хэлбэрээр өгч болно” гэж заасны дагуу нотлох баримтуудын шаардлага хангасан байдлаар ирүүлсэн тул холбогдох шүүгчийн мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт “...шүүгч хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа гаргаж өгөх ...үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлсэн гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Наймдугаар бүлэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хуульчилсан ба мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Шүүгч дараах хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ:” гээд 70.1.4 дэх заалтад “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал”, мөн зүйлийн 70.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ”, 70.3 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гурваас доошгүй хоногийн өмнө ...мэдэгдэнэ”, 70.4 дэх хэсэгт “Хэргийн оролцогч, ...урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохгүй тухай шүүхэд мэдэгдэх бөгөөд мэдэгдээгүй нь урьдчилсан хэлэлцүүлэг явуулахад саад болохгүй”, 70.6 дахь хэсэгт “Хэргийн оролцогч, ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.
Шүүгчийн туслах Э.Н 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутаас товлогдсон урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ж.М нарт “Урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдэх тухай” Баримт №10 үйлдэгдэж, сахилгын хэрэгт нотлох баримтаар авагдсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасан хугацаанд мэдэгдсэн гэж үзнэ. /с.х-ийн 99 тал/
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд “шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааныг товлон зарлахад татгалзах зүйлгүй гэсэн байна” гэж хэлснээс үзвэл хуулийн 70 дугаар зүйлийн 70.4, 70.6 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн, тухайн урьдчилсан хэлэлцүүлэгт ирээгүй гэж ойлгогдож байна. /с.х-ийн 100 тал/
Улмаар шүүгч нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар захирамжаар “хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан” гэж үзээд шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг 00 минутад товлож, товыг хэргийн оролцогчдод мэдэгджээ. /с.х-ийн 101-102 тал/
Мөн уг хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар талд даргалагч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал, хүсэлт байна уу” гэж асуухад хэргийн оролцогчид “байхгүй” гэж хариулсан талаар тусгасан байна. /с.х-ийн 106-112 тал/
Дээрхээс үзэхэд захиргааны хэргийн нэхэмжлэгч Г.Т шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй гэж үзсэн бол хэргийг хэлэлцсэн шүүх хуралдааны явцад энэ талаараа хэлэх, шийдвэрлүүлэх байсан боловч санал, хүсэлт байхгүй гэж хэлснээс үзвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан эсэх талаар маргаагүй байна.
Иймд “шүүгч урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй” гэх өргөдлийн үндэслэл үгүйсгэгдэж байх тул холбогдох шүүгчийн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.
2. Шүүгч Б.Мөнх-Эрдэнэ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38 дахь заалтыг зөрчсөн эсэх тухайд:
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан үндэслэлээ “...Г.Т нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ерөнхий газрын дарга н.З-ын нэр дээр цэргийн байнгын тэтгэвэрт гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу тушаал гарсан. Тус өргөдлийн дагуу ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн дэслэгч н.Ганбилэг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Г.Т-тай утсаар холбогдож хүсэлтийнх нь талаар тодруулахад “ээлжийн амралттай байгаа тул ...ажлаа хүлээлгэж өгөөд Баянхонгор аймагт явж байна, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон цэргийн албаны тэтгэвэр тогтоолгох саналтай” гэсэн тэмдэглэл үйлдэж хувийн хэрэгт хавсаргасан байдаг. ...ерөнхий газрын даргын ...дугаар тушаал хууль зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ.
Мөн асуулт, хариултын шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултад нэхэмжлэгч Г.Т “дарамт шахалт үүсэж байгаа хавчин гадуурхаж байгаа талаар гомдол саналаа би хэлж байсан. Би энэ талаарх гомдлоо өөрийн харьяа захиргааны удирдлагын даргад “ямар учиртай юм бэ? би ямар буруу зүйл хийсэн юм бэ?” гэж хэлсэн. Үүнийгээ ч тэтгэвэрт гарах өргөдөлдөө албан ёсоор тайлбарласан. ...намайг тэтгэвэртээ гар гэж байнга шахаж шаардах болсон. Амралтаа авах хүсэлт гаргаж өгсөн боловч захиргаа шийдвэрлэж өгөөгүй” гэж хариулсан байна. /с.х-ийн 106-112 тал/
Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Г.Т шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ анхнаасаа “...ажил эрхлэх боломжгүй болгож хавчин гадуурхсан тул тэтгэвэрт гарахаас өөр аргагүй болсон...” гэж тайлбарлажээ.
Харин шүүхээс “...нэхэмжлэгчээс тэтгэвэртээ гар гэж хууль бусаар шаардсан үндэслэлгүй сахилгын шийтгэл оногдуулсан гэж, хариуцагчаас нэхэмжлэгч нь цэргийн байнгын тэтгэвэрт гарах өргөдөл гаргасан” гэж тус тус маргасан. Нэхэмжлэгч нь дээрх хүсэлтэд дурдсан асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, дарамталж бичүүлсэн гэж тайлбарлаж буй боловч энэ талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаагүй, өргөдөл, гомдол гаргаагүй байх тул шүүх тухайн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй. Учир нь 2022 оны 3 дугаар сарын 07, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрүүдийн өргөдлийг нэхэмжлэгч өөрөө бичсэн, ингэхдээ өөрийн хүсэлт зоригоос үл хамаарах шалтгаанаар буюу дарамт, шахалтын үндсэн дээр бичсэн гэх боловч энэ талаараа зохих байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй, хандаагүй байх тул маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл тус шүүх үйл баримт тогтоохгүй бөгөөд зөвхөн маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх учиртай. Харин нэхэмжлэгч нь өргөдлийг дарамт, шахалтын улмаас бичсэн гэх гомдлоо хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаж, уг асуудлаа тогтоолгосны дараа маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар дахин шүүхэд хандахад уг шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн байна. /с.х-ийн 106-112 тал/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.7 дахь хэсэгт “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасан.
Түүнчлэн мөн зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “дарамт шахалтын улмаас тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан” гэж тайлбарласнаас гадна, шүүхийн шийдвэрийн “үндэслэх нь” хэсэгт “...дарамталж хүсэлт бичүүлсэн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаагүй, өргөдөл, гомдол гаргаагүй...”, “...дарамт, шахалтын үндсэн дээр бичсэн гэх талаараа зохих байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй, хандаагүй...” гэж дүгнэснийг хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл шүүхээс тодорхой эрх бүхий байгууллага, албан тушаалтныг оноогоогүй зохих байгууллагад хандах талаар дүгнэсэн байтал Г.Т-ын “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай” хүсэлтийг шийдвэрлэсэн 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны ... дугаартай тэмдэглэлийн 7 дугаар талд авагдсан тайлбараас үзэхэд тэрээр “шийдвэр гаргасан албан тушаалтны дээд шатны байгууллагад гомдлоо гаргасан” байна. /с.х-ийн 130-136 тал/
Энэ талаар тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ...дугаар тогтоолын “үндэслэх нь” хэсэгт “...Шүүхийн шийдвэрийн үндэслэлийн 7-д “нэхэмжлэгч нь өргөдлийг дарамт, шахалтын улмаас бичсэн гэх гомдлоо хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаж, уг асуудлаа тогтоолгосны дараа маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар дахин шүүхэд хандахад уг шүүхийн шийдвэр саад болохгүй” гэж дурдсаныг энэ талаарх гомдол, өргөдлийг шат шатны захиргааны байгууллагад гаргаж авсан хариуг ойлгохгүй. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхийн харьяалан дүгнэх боломжгүй нөхцөл байдал, үйл баримтын хувьд эрүүгийн хэргийн шүүхээр дүгнэгдэх “Бусдын тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэргийн шинжтэй үйлдлийг ойлгоно...” гэж тодорхой дүгнээд “...нэхэмжлэгч тэтгэвэртээ гарах ...хүсэлтийг дарамт шахалтаар бичүүлсэн.. гэх үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар маргасан бөгөөд тус шүүхийн 2023 оны ...0087 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэхдээ эдгээр үндэслэлүүдэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж буй бол ...давж заалдах гомдлоо гаргаж хянуулах байсан, гэтэл нэхэмжлэгч хуулиар олгогдсон энэ эрхээ эдлээгүй, гомдол гаргаагүй атал одоо энэ үндэслэлээ эрх бүхий байгууллагын дүгнэлт шийдвэрээр тогтоогдсон мэтээр хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шинээр илэрсэн нөхцөл байдал гэж хүсэлт гаргаж буй нь үндэслэлтэй биш” гэж үзжээ. /с.х-ийн 137-141 тал/
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаартай шүүгч Б.Мөнх-Эрдэнийн гаргасан шийдвэрийн “үндэслэх нь” хэсгийн 7-д “...нэхэмжлэгч нь өргөдлийг дарамт, шахалтын улмаас бичсэн гэх гомдлоо хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаж, уг асуудлаа тогтоолгосны дараа маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар дахин хандахад уг шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй” гэж бичигдсэн байгааг тухайн асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагад хандахад уг шүүхийн шийдвэр саад болохгүй гэх утгыг илэрхийлсэн гэж үзнэ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38 дахь заалтад “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх,...” гэж заасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно”, гээд 110.1.1 дэх заалтад “энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хэргийн оролцогчдоос давж заалдах журмаар гомдол гаргалгүй шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсныг ойлгоно.
Гэтэл шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар шийдвэр нь тухайн цаг хугацаанд хуулийн хүчин төгөлдөр болоогүй, хэргийн оролцогч уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргах эрх нь нээлттэй байсан тул шүүгчийг шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг өгсөн гэж үзэх учиргүй бөгөөд нэхэмжлэгч Г.Т давж заалдах журмаар гомдол гаргах эрхээ эдлэх эсэх нь түүнд хуулиар олгогдсон бүрэн эрх юм. Дээрхийг нэгтгэн дүгнээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.38 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй гэж үзэн түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Б.Мөнх-Эрдэнэ тайлбартаа: “...Шүүгч би иргэн Г.Т-ын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гомдол, Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ГЗҮ/2026/0004 дүгээр захирамжтай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нэхэмжлэгч Г.Т-т урьдчилсан хэлэлцүүлгийн товыг шүүгчийн туслах Э.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр түүний ... дугаар утсаар мэдэгдэхэд “за, ойлголоо” гэсэн хариуг өгсөн, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүх хуралдааныг товлон зарлахад татгалзах зүйлгүй гэсэн тул тэдгээрийг байлцуулахгүйгээр урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, шүүх хуралдааныг товлон зарласан болно.
Гомдол гаргагч Г.Т-т урьдчилсан хэлэлцүүлгийг товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн, өөрөө урьдчилсан хэлэлцүүлэгт оролцоогүй тул түүний дээрх гомдол, захирамжид дурдсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулаагүй гэх гомдол үндэслэлгүй болно. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Холбогдох шүүгч нь нэмэлт тайлбартаа: “Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн СХТ/2026/0010 дугаар тогтоолтой танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Уг тогтоолд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нь өргөдлийг дарамт, шахалтын улмаас бичсэн гэх гомдлоо хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаж, уг асуудлаа тогтоолгосны дараа маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар дахин хандахад уг шүүхийн шийдвэр саад болохгүй гэж дүгнэсэн нь хэргийн оролцогчийг хууран мэхэлж, төөрөгдүүлсэн, түүний улмаас давж заалдах гомдол гаргах эрх зөрчигдсөн" талаар дурдаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38-д заасан үндэслэл байгаа эсэхийг шалгуулахаар өмнөх захирамжид өөрчлөлт оруулжээ.
Миний бие шүүхийн шийдвэрт дээрх дүгнэлтийг хийхдээ нэхэмжлэгчийн зөрчигдсөн байж болзошгүй эрхийг тодруулах зорилготой байсан бөгөөд тухайн өргөдлийг дарамт шахалтын улмаас бичсэн эсэхийг тус шүүх тогтоохгүй, уг асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй тул эхлээд дарамт шахалтаар бичсэн болохоо эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар тогтоолго, тогтоогдсон тохиолдолд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй талаар дүгнэлт хийсэн.
Энэ талаар мөн шүүхийн шийдвэрийн “үндэслэх” хэсгийн 4, 5, 6 дугаарт дүгнэлт хийсэн, энэ нь хэргийн оролцогчийг хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, давж заалдах эрхийг нь хязгаарласан үйлдэл биш бөгөөд уг дүгнэлт, шүүхийн шийдвэртэй санал нийлээгүй тохиолдолд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад гомдол гаргах эрхийг нь тусгаж өгсөн.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38-д “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх” гэж заасан бөгөөд би хэргийн оролцогч, бусад этгээдэд эргэлзээ төрүүлэхүйц ямар ба нэгэн үйлдэл, эс үйлдэхгүй гаргаагүй, гагцхүү өөрийн дотоод итгэл үнэмшил, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дээрх хэргийг хянан шийдвэрлэж тухайн шийдвэрийг гаргасан.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.38-д заасан үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Г.Т-аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Н.Дамдинсүрэн, Д.Халиуна, Б.Мөнгөн-Аргамж, Ж.Мөнхдэлгэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн, А.Сарангэрэл, Д.Оюумаа нарт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ГЗҮ/2026/0004 дүгээр захирамжаар шүүгч Б.Мөнх-Эрдэнэд холбогдуулан сахилгын хэрэг үүсгэж, бусад шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэхээс татгалзжээ.
Тус гишүүний захирамжийг эс зөвшөөрч Г.Т-аас гомдол гаргасныг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гомдол шийдвэрлэх хуралдаанаар хянан хэлэлцэж, СХТ/2026/0010 дугаар тогтоолоор шүүгч Б.Мөнх-Эрдэнэд холбогдуулан сахилгын хэрэг үүсгэсэн үндэслэлийг нэмж өөрчлөн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
1. Өргөдлийн “...шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нь хэргийг шийдвэрлэхдээ урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулаагүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2 дахь хэсгийг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Г.Т-ын нэхэмжлэлтэй ... газрын даргад холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутад товлон шүүгчийн туслах Э.Н-аас хэргийн оролцогч нарт 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хэлэлцүүлгийн товыг мэдэгдсэн тухай баримтыг захиргааны хэрэгт хавсаргажээ.
Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нар оролцоогүй байх ба шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас “нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг товлон зарлахад татгалзах зүйлгүй гэсэн байна” гэж хэлэлцүүлгийн ирцийг танилцуулж, тус хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг товлон зарлажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ”, 70.3 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гурваас доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ”, 70.4 дэх хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохгүй тухай шүүхэд мэдэгдэх бөгөөд мэдэгдээгүй нь урьдчилсан хэлэлцүүлэг явуулахад саад болохгүй”, 70.6 дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.
Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, шүүх хуралдааныг товлон зарласан нь тогтоогдож байх тул өргөдөл гаргагчийн “урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулаагүй” гэх өргөдөл нь үндэслэлгүй байна.
2. Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдааны СХТ/2026/0010 дугаар тогтоолын “үндэслэх нь” хэсэгт “...шүүхийн шийдвэрт хийсэн дүгнэлтийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар илэрхий хамгаалагдсан хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн эсэх, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38-д заасан зөрчилд хамаарах эсэхийг холбогдох баримтад үндэслэн дүгнэлт хийх шаардлагатай гэж бүрэлдэхүүн үзлээ” гэж дүгнэсэн үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэг авагдсан баримтуудаар Г.Т-ын нэхэмжлэлтэй ... газрын даргад холбогдох “... газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ...дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэгт шүүгч Б.Мөнх-Эрдэнэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Ийнхүү шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгчээс “тэтгэвэртээ гар гэж хууль бусаар шаардсан ... үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан” гэж хариуцагчаас “..нэхэмжлэгч нь цэргийн байнгын тэтгэвэрт гарах өргөдөл гаргасан” гэж тус тус маргажээ. Нэхэмжлэгч нь дээрх хүсэлтүүд дурдсан асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, дарамталж бичүүлсэн гэж тайлбарлаж буй боловч энэ талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаагүй, өргөдөл, гомдол гаргаагүй байх тул маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцсэн гэж үзэхээр байна. ...Өөрөөр хэлбэл тус шүүх үйл баримт тогтоохгүй бөгөөд зөвхөн маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх учиртай. Харин нэхэмжлэгч нь өргөдлийг дарамт, шахалтын улмаас бичсэн гэх гомдлоо хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаж, уг асуудлаа тогтоолгосны дараа маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар дахин хандахад уг шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй гэж” дүгнэжээ.
Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргаагүй учир шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч Г.Т-аас 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ... газарт холбогдуулан гаргасан “... газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ...дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилох, албан тушаалтны хууль шийдвэрийг улмаас учирсан хохирол ... төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл нь шүүгч Н.Дамдинсүрэнд хуваарилагдаж, шүүгч 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ... дүгээр захирамжаар “...... газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ...дугаар тушаалын үндэслэл буюу нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэлт шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...хууль бус шийдвэр ялгаварлан, гадуурхал дарамт шахалтын улмаас цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар албан бичгээр нотлогдож” гэж дурдсан боловч энэ хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг олгохгүй юм” гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Тус захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ... дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.Т 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргасныг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ...дугаар тогтоолоор “...нэхэмжлэгч тэтгэвэртээ гарах ...хүсэлтийг дарамт шахалтаар бичүүлсэн.. гэх үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар маргасан бөгөөд тус шүүхийн 2023 оны ...0087 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэхдээ эдгээр үндэслэлүүдэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж буй бол ...давж заалдах гомдлоо гаргаж хянуулах байсан, гэтэл нэхэмжлэгч хуулиар олгогдсон энэ эрхээ эдлээгүй, гомдол гаргаагүй атал одоо энэ үндэслэлээ эрх бүхий байгууллагын дүгнэлт шийдвэрээр тогтоогдсон мэтээр хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шинээр илэрсэн нөхцөл байдал гэж хүсэлт гаргаж буй нь үндэслэлтэй биш” гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Шүүгч Б.Мөнх-Эрдэнэ 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ... шүүхийн шийдвэрт “...Харин нэхэмжлэгч нь өргөдлийг дарамт, шахалтын улмаас бичсэн гэх гомдлоо хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаж, уг асуудлаа тогтоолгосны дараа маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар дахин хандахад уг шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй” гэх дүгнэлт хийсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38 дахь заалтад “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх” гэж заасанд хамаарахгүй болно.
Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38-т заасан зөрчил нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн талаар шүүгч бусдад эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл өгөхийг ойлгох бөгөөд илтгэгч гишүүний “...шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар шийдвэр нь тухайн цаг хугацаанд хуулийн хүчин төгөлдөр болоогүй, хэргийн оролцогч уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргах эрх нь нээлттэй байсан тул шүүгчийг шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг өгсөн гэж үзэх учиргүй” гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч өөрөө давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгчийн үйлдлийн улмаас хэргийн оролцогчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ГС/2026/0020 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Г.ЦАГААНЦООЖ