
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-02-26
Дугаар 30
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Б.Сугар, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга О.Сумъяабазар нарыг оролцуулан, ажиглагчаар өргөдөл гаргагч Т.Б-г байлцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболдод холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ГС/2026/0117 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“ ... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Б, Б.З нар нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “С” ХХК-д холбогдуулан 132,577,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Б.Г, Б.Б нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “С” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 120,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Шүүгч Д.Д тус тус хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Г.Төрболд тус шүүхэд шүүгчээр томилогдсон ба шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 01***дугаар тогтоолоор тус шүүхийн шүүгч нарын хянан шийдвэрлэж байгаа 2023.05.15-ний өдрөөс хойш иргэний хэрэг үүссэн нийт 80 хэргийг түүнд шилжүүлэхээр шийдвэрлэсэн, ерөнхий шүүгчийн 2023.07.19-ний өдрийн 04***дугаар захирамжаар Б.Б, Б.З нарын нэхэмжлэлтэй “А” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар томилсон шийдвэрийг албажуулсан, шүүгчдийн зөвлөгөөний 2023.07.20-ний өдрийн 01***дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2023.07.21-ний өдрөөс 30 хоногоор сунгажээ.
Тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2023.10.25-ний өдрийн 19***дугаар захирамжаар хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, Б.Б-н нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох 120,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Г.Төрболдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа Б.Б, Б.З нарын нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох 132,577,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэгтгэсэн.
Шүүгч уг хэргийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 04*** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 01*** дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Тухайн иргэний хэргийг шийдвэрлэхдээ холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1.Холбогдох шүүгч тухайн иргэний хэргийг хүлээн авч дор дурдсан ажиллагаа явуулжээ.
-Шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд буюу 132,577,000 төгрөгийн хэмжээнд хариуцагч “С” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжилж, арилжааны банкнууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож шийдвэрлэсэнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан. Тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.
-Шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дүгээр захирамжаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлон зарлаж, хэргийн оролцогчдод тов мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасан.
-Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын “...хариуцагч “С” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг 120,650,000 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, “С” ХХК-иас Land rover брэндийн автомашиныг Монгол улсад худалдан борлуулах эрхийг олж авахтай холбоотой баримтыг албадан гаргуулах тухай”, хариуцагчийн Land rover, Range rover брэндийн албан ёсны цахим хуудас, Брэнд хариуцсан менежер Г.Д , Борлуулалтын зөвлөх Б.Э нарын цахим шуудангийн хаягт үзлэг хийлгэх хүсэлтийг тус тус хангаж, шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжаар шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулсан.
-Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 11 дүгээр сарын 22, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлогдсон.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын их хурлын 2024 оны 53 дугаар тогтоолын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус шүүх нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн бүтэцтэй байхаар тус тус бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан шүүхийн дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой арга хэмжээ авахаар тус шүүхэд хянан шийдвэрлэгдэхээр 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш зарлагдсан нийт шүүгчдийн хуралдааныг хойшлуулж 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд шүүх хуралдааныг товлон зарлахгүй байхаар шийдвэрлэжээ.
-Шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлон зарласан, *** дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч “С” ХХК-аас импортлогч байгууллагаас борлуулах эрх олгосон эсэх талаарх баримтыг нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулсан.
-Шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар албан бичгээр шүүгчийн дээрх захирамжийг хариуцагчид хүргүүлсний дагуу 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дурдсан баримтыг шүүхэд ирүүлжээ.
-Шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлон зарлаж, мөн өдөр хэргийг шийдвэрлэсэн байна.
Дээр дурдсанаас үзвэл, шүүгч 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах, мөн хариуцагчаас нотлох баримт гаргуулах зорилгоор жич товлон зарлахаар хойшлуулсан ба дараагийн шүүх хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр товлогджээ.
Шүүгч Г.Төрболд тайлбартаа “...хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэнтэй холбоотой дараагийн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдын саналыг харгалзах, хүсэлт шийдвэрлэсэн захирамжийн биелэгдэх хугацаа, түүнд гомдол гаргах нөхцөл зэргийг харгалзан үздэг...” гэжээ.
Гэтэл шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасныг Ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан, үзлэгийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хийж, тэмдэглэл хөтөлснөөс өөр ямар ажиллагаа явуулсан нь тодорхой бус энэ талаарх баримт иргэний хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т заасан 90 хоног нь хэрэг хянан шийдвэрлэх дээд хугацаа бөгөөд шүүгч энэ хугацааны дотор, хугацаа хэтрүүлэхгүйгээр ажиллагаа явуулах үүрэгтэй.
Шүүгч энэ хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт 312 хэрэг, нэхэмжлэлтэй байснаас 284 хэрэгт, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт 348 хэрэг, нэхэмжлэлтэй байснаас 311 хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 оны эхний хагас жилийн зохист ачааллаас 262 хэргээр буюу 236.8 хувь, 2024 оны сүүлийн хагас жилд 204 хэрэг буюу 144 хувийн ачаалалтай ажиллаж байсан байна.
Хэдийгээр шүүгч ачаалалтай ажиллаж байсан боловч тухайн хэргийн хувьд 10 сарын хугацаанд шүүх хуралдааныг товлон зарлаагүйг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Харин 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш товлогдсон шүүх хуралдаан хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхтэй холбогдон хойшлогдсон, энэ хугацаанд хийгдсэн ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай байх тул үүнд шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.7-д зааснаар шүүгчийн туслах нь шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах чиг үүрэгтэй.
Гэрч М.А мэдүүлэгтээ: “...намайг туслахаар ажиллахаас өмнө энэ хэргийн шүүх хуралдаан болоод хариуцагчаас нотлох баримт гаргуулахаар хойшлогдсон байсан. Шүүгч тухайн хэрэгт баримт ирсэн, бүрдсэн бол шүүх хуралдаанаа зарла гэж хэлдэг. Энэ хэрэгт баримт нь ирсэн байсан учраас би хуралдаанаа товлон зарласан. Тэгээд хариуцагч талын өмгөөлөгчтэй ярьсан билүү /тодорхой санахгүй байна/ эсвэл өөрсдөө авчирсан билүү нотлох баримтууд нь ирсэн. Тэр үед нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б манай хурлыг зарлах уу гэж асуусан. Тэр үед энэ шүүх хуралдааны тов гараагүй байсан тул товлохоороо хэлье гэж хэлсэн, ...нэхэмжлэгч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б ганцаараа байсан тул шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр хэрэгт авагдсан утсанд нь залгасан. Тэгэхэд холбогдох боломжгүй байсан тул мессеж үлдээсэн,... Т.Б өмнө нь хурлаа асуугаад байсан тул шүүх хуралдаан болохоос өмнө 2 удаа залгахад холбогдох боломжгүй байсан гэж санаж байна. Би өөрийнхөө хувийн гар утаснаас залгасан, гэвч одоо устсан байна лээ. Би мессеж бичсэнээ хэрэгт хавсаргасан байгаа, Т.Б гадагшаа явна гэж хэлж байсан. Гэхдээ хэзээ явна гэдгээ хэлээгүй учраас шүүх хуралдааныг энэ өдөр товлосон юм. 6 дугаар сарын 05-аас хойш тавина гэж хэлснээ санахгүй байна, ...ямар нэгэн баримт өгөөгүй” гэжээ.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэлийг буцаах хүсэлт” гаргасан, шүүгч “...нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар шүүхэд мэдэгдээгүй, энэ тухай баримт, мэдээллийг ирүүлээгүй” гэж үзэн, нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, давж заалдах шатны шүүхийн магадлалд “...анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гар утсанд зурвас бичих хэлбэрээр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасанд нийцэж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар эрүүл мэндийн шалтгаанаар Бүгд найрамдах солонгос улсад зорчсон, энэ талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
Иймд өргөдөлд дурдсан “...шүүх хуралдааныг нэхэмжлэгчгүйгээр явуулсан” гэх гомдолд шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
Дээр дурдсанаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн гэж нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн зүйлийн 50.1.1-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Холбогдох шүүүгч Г.Төрболд Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“ ... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Б.Б, Б.З нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК-нд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 253,227,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэж, мөн өдрийн 192/ШШ2025/ 01*** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу иргэн Т.Б нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах гомдлын нэг үндэслэлээ “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байдлаар ёс төдий байдлаар зурвас илгээсэн баримтад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийн ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл боллоо” гэж тодорхойлсон.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь дээр дурдсан давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг бүхэлд нь хянаж, мөн өдрийн *** дүгээр магадлалаар “...нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гар утсанд зурвас бичих хэлбэрээр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасанд нийцэж байна... нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар эрүүл мэндийн шалтгаанаас Бүгд найрамдах солонгос улсад зорчсон, энэ талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн” гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн ба уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Иймд эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй буюу энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэсэн тул иргэн Т.Б-н гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
Шүүгч Г.Төрболд 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “...Гомдол гаргагч нь гомдолдоо “...шүүх хуралдаануудыг жич товлох замаар ямар ч тодорхой хугацаагүйгээр хойшлуулж...” гэж дурджээ.
Шүүгчийн хувьд шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэснээр дараагийн шүүх хуралдааны товтой холбоотойгоор хэргийн оролцогчдын саналыг харгалзах, хүсэлт шийдвэрлэсэн захирамжийн биелэгдэх хугацаа, түүнд гомдол гаргах эрхтэй эсэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үздэг.
2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны хувьд хариуцагч талаас баримт бүрдүүлэн ирүүлэх, түүнтэй нэхэмжлэгч талыг танилцуулах, үзлэгийг товлох, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсантай холбоотойгоор тухайн захирамжид гомдол гаргах, уг гомдлыг хянан шийдвэрлэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан жич товлох нь зүйтэй гэж үзсэн, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны хувьд нотлох баримт ирүүлэх, түүнийг нэхэмжлэгч талд танилцуулах, 2025 оны 03 болон 04 дүгээр сард товлохоор төлөвлөсөн хэргийг харгалзсан болно.
Шүүх хуралдааны танхимын хүрэлцээгүй байдлын улмаас үзлэгийг товлосон цагт эхлүүлэх боломжгүй болж үзлэг хойшилсон ба дараагийн үзлэг, дараагийн шүүх хуралдааныг товлоход шүүгчийн ажлын ачаалал, шүүгчийн туслах солигдож ажил хүлээлцэх, хэргүүдийг нэг бүрчлэн эмхэтгэн хүлээлцэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүхээс гарсан баримт бичгийг тулгаж хүлээлцэх, архивд шилжүүлбэл зохих хэрэг, баримтыг тулган хүлээлцэх зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан хугацаа алдсан болохыг харгалзан үзнэ үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Т.Б Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболдод холбогдуулан гаргасан өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ГЗҮ/2025/0143 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ГС/2026/0021 дугаартай сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргажээ.
1.Өргөдлийн: “ ...нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн хэрэг хэлэлцэх хүртэл маш удаан хугацаагаар шалтгаангүй өнгөрөөсөн” гэх үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, Б.Б, Б.З нар нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “С” ХХК-д холбогдуулан 132,577,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Б.Г , Б.Б нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “С” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 120,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Шүүгч Д.Д тус тус хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 01***дугаар тогтоолоор шүүгч Г.Төрболдыг шүүгчээр томилсонтой холбогдуулан тус шүүхийн шүүгч нарын хянан шийдвэрлэж байгаа 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш иргэний хэрэг үүссэн нийт 80 хэргийг түүнд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Улмаар Ерөнхий шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04***дугаар захирамжаар Б.Б, Б.З нарын нэхэмжлэлтэй “А” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Төрболдыг томилсон шийдвэрийг албажуулсан байна.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19***дугаар захирамжаар хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, Б.Б-н нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох 120,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Г.Төрболдын ажиллагаанд байгаа Б.Б, Б.З нарын нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох 132,577,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэгтгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэжээ.
Шүүгч Г.Төрболд хэргийг хүлээн авсан 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх буюу 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хүртэл нийт 1 жил 10 сар гаруй хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба тус хугацаанд хийгдсэн шүүгчийн ажиллагааг илтгэгч гишүүн саналдаа дэлгэрэнгүй тусгасан байна.
Үүнээс: 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 9 сар 14 хоногийн хугацаанд иргэний хэрэгт хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн шийдвэрлэнэ”, мөн хуулийн 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж зааснаар үзвэл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 90 хоногийн хугацаанд явуулахаар зохицуулсан.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн тохиолдолд сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан.
Шүүгч Г.Төрболд нь дээрх иргэний хэрэгт 09 сар 14 хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх ба энэ талаарх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй бүхий болжээ.
Холбогдох шүүгч тайлбартаа: “ ... шүүх хуралдааны танхим хүрэлцээгүй байдлын улмаас үзлэгийг товлосон цагт эхлүүлэх боломжгүй болж үзлэг хойшилсон ба дараагийн үзлэг, дараагийн шүүх хуралдааныг товлоход шүүгчийн ажлын ачаалал, шүүгчийн туслах солигдож ажил хүлээлцэх, хэргүүдийг нэг бүрчлэн эмхэтгэн хүлээлцэх зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан хугацаа алдсан” талаар дурджээ.
Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн холбогдох шүүгчийн ажлын ачааллын талаарх баримтуудыг авсан. Үүнд: 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт 312 хэрэг, нэхэмжлэлтэй байснаас 284 хэрэгт, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт 348 хэрэг, нэхэмжлэлтэй байснаас 311 хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 оны эхний хагас жилийн зохист ачааллаас 262 хэргээр буюу 236.8 хувь, 2024 оны сүүлийн хагас жилд 204 хэрэг буюу 144 хувийн ачаалалтай ажиллаж байсан байна.
Дурдсан хугацаанд холбогдох шүүгч ачаалал ихтэй, олон туслах солигдож байсан нь хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг зөрчих үндэслэл болохгүй хэдий ч дээрх нөхцөл байдлыг харгалзан “ноцтой” зөрчилд тооцоогүй талаарх илтгэгч гишүүний дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Харин холбогдох шүүгчийг урьд Шүүхийн сахилгын хорооноос хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой бус” удаа зөрчсөн гэж үзсэн шийдвэр гараагүй тул удаа дараа гэж үзэхгүй бөгөөд дээрх зөрчлийг дахин гаргасан тохиолдолд “удаа дараа”-д хамаарч сахилгын зөрчилд тооцогдох үр дагавартай тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж ажиллахыг анхааруулах нь зүйтэй байна.
2.Өргөдлийн: “ ...шүүх хуралдааныг нэхэмжлэгчгүйгээр явуулсан” гэх үндэслэлийн тухайд:
2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Г.Төрболд даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш нарыг оролцуулан явуулсан ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцоогүй байна.
Уг шүүх хуралдааны товыг шүүгчийн туслахаас нэхэмжлэгчид 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гар утсанд нь зурвас бичиж мэдэгдсэн байна.
Өргөдөл гаргагчаас өргөдөлдөө “ ...БНСУ-д эрүүл мэндийн шалтгаантай явсан хойгуур шүүх хуралдааныг товлосон, энэ талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн” гэжээ.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад шүүгчийн туслах М.А-г гэрчээр асуухад: “...намайг туслахаар ажиллахаас өмнө энэ хэргийн шүүх хуралдаан болоод хариуцагчаас нотлох баримт гаргуулахаар хойшлогдсон байсан. Шүүгч тухайн хэрэгт баримт ирсэн, бүрдсэн бол шүүх хуралдаанаа зарла гэж хэлдэг. Энэ хэрэгт баримт нь ирсэн байсан учраас би хуралдаанаа товлон зарласан. Тэгээд хариуцагч талын өмгөөлөгчтэй ярьсан билүү /тодорхой санахгүй байна/ эсвэл өөрсдөө авчирсан билүү нотлох баримтууд нь ирсэн. Тэр үед нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б манай хурлыг зарлах уу гэж асуусан. Тэр үед энэ шүүх хуралдааны тов гараагүй байсан тул товлохоороо хэлье гэж хэлсэн, ...нэхэмжлэгч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б ганцаараа байсан тул шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр хэрэгт авагдсан утсанд нь залгасан. Тэгэхэд холбогдох боломжгүй байсан тул мессеж үлдээсэн,... Т.Б өмнө нь хурлаа асуугаад байсан тул шүүх хуралдаан болохоос өмнө 2 удаа залгахад холбогдох боломжгүй байсан гэж санаж байна. Би өөрийнхөө хувийн гар утаснаас залгасан, гэвч одоо устсан байна лээ. Би мессеж бичсэнээ хэрэгт хавсаргасан байгаа, Т.Б гадагшаа явна гэж хэлж байсан. Гэхдээ хэзээ явна гэдгээ хэлээгүй учраас шүүх хуралдааныг энэ өдөр товлосон юм. 6 дугаар сарын 05-аас хойш тавина гэж хэлснээ санахгүй байна, ...ямар нэгэн баримт өгөөгүй” гэх мэдүүлгийг өгсөн байна.
Мөн нэхэмжлэгч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай магадлалд “...анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гар утсанд зурвас бичих хэлбэрээр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасанд нийцэж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар эрүүл мэндийн шалтгаанаар Бүгд найрамдах Солонгос улсад зорчсон, энэ талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
Нэхэмжлэгчид гар утсанд зурвас бичих хэлбэрээр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй талаар дээд шатны шүүх дүгнэсэн, нөгөөтээгүүр БНСУ явсан талаарх баримтаа шүүхэд гаргах ёстой байсан гэж үзэхээр байна.
Иймд, дээрхийг нэгтгэн дүгнэвэл, илтгэгч гишүүнээс “... Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчөөгүй” гэх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболдод холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ГС/2026/0021 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболдод холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Б.СУГАР
Х.ХАШБААТАР