
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-02-25
Дугаар 29
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн О.С, цахимаар өргөдөл гаргагч Э.О нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ГС/2026/....8 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “И... т... х...” ХХК нь Дорноговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.О-т холбогдуулан “...2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №004... дугаартай шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах, захиргааны шийдвэрт заасан төлбөр ногдуулах үндэслэлийг хуульд нийцээгүй болохыг тогтоолгох тухай гомдлыг Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа гомдлыг хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ...8 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ...3 дугаар захирамжаар хариуцагчийн “...шүүх хуралдаанд шинжээч Х.М-ийг оролцуулах” хүсэлтийг хангаж, шүүх хуралдаан товлосон боловч 2025 оны 11 дүгээр сарын 07, 11 дүгээр сарын 20, 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус тус хойшлогдсон байна.
Тухайн захиргааны хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ холбогдох шүүгч сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтын хүрээнд дараах байдлаар тодорхойлов.Үүнд:
1. Шүүгчийн захирамжид шүүх хуралдааны бэлтгэл хангахыг шүүгчийн туслах Б.Б-д даалгаж шийдвэрлэсэн тэрээр 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шинжээч Х.М-т мэдэгдэхэд “ойлголоо, би саяхан төрсөн, гэхдээ шүүх хуралдаанд цахимаар оролцохыг бодъё. Материалаа архивд шилжүүлсэн. Тиймээс авах шаардлага гарч байна. Хурлын өмнө утсаар мэдэгдээрэй” гэж хэлсэн талаар баримт үйлджээ.
Шүүгчийн туслах 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шинжээч Х.М-тэй дахин холбогдож хурлын тов сануулахад Х.М “Би оролцох боломжгүй байгаа яагаад гэхээр хөх маань өвдөөд өрх орж үзүүлтэл хагалгаанд орох шаардлагатай байна гэсэн. Халуураад биеийн байдал хэцүү байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна” гэсэн тайлбар, хүсэлт бичгээр ирүүлжээ.
Шүүх хариуцагчийн “...шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах” хүсэлтийг хангасан боловч шинжээч Х.М хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд ирж чадахгүй болсноо бичгээр мэдэгджээ.
Хуралдаан даргалагч шинжээчийн хүсэлтэд дурдсан нөхцөл байдлыг хэргийн оролцогч нарт танилцуулаад санал асуухад нэхэмжлэгч шинжээч оролцуулах шаардлагагүй гэж, харин хариуцагч шинжээч оролцуулах хүсэлтээ илэрхийлсэн, энэ талаар шүүгч зохигчийн хооронд асуулт хариулт явагдсан нь 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдож байна. Тодруулбал,
Даргалагчаас: Шүүх хуралдаанд оролцвол зохих шинжээч буюу хэргийн оролцогч ирээгүй. Энэ тохиолдолд хэргийн оролцогч ирээгүйн ач холбогдлыг шийдвэрлэх ёстой. Шинжээчийн тухайд хариуцагчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шүүхээс шийдвэрлэсэн. Шинжээчийн тухайд нялх биетэй, хүүхэд асрах чөлөөтэй эмэгтэй байсан ба “...төрөөд удаагүй нялх хүүхэдтэй, хөх хавдаж өндөр халуурч биеийн байдал муу, өрхийн эмчээс хагалгааны заалттай байгаа тул хуралдаанд оролцох боломжгүй...” гэх хүсэлт ирүүлснийг танилцуулаад энэ талаар тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:04:47-0:06:33/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Миний зүгээс Х.М гэж хүнийг оруулах шаардлагагүй гэж үзэж байна. Хохирлын үнэлгээний дүгнэлтээс ямар хүн дүгнэлт гаргасан гэдэг нь харагддаггүй. X.М гэж хүн нь 399,000,000 гаруй төгрөгийг гаргасан дүгнэлтийн шинжээч юм болов уу гэж ойлгож байна. Хамгийн сүүлчийн шийтгэвэр дээр 599,570,940 төгрөгийн хохирол тооцсон үнэлгээг хэн гаргасан бэ гэдэг нь хэргийн материалаас харагдахгүй байсан. Хэргийн материалын 1... дугаар хуудсанд шинжээч томилсон тогтоол гэж байгаа. Энэ баримт дээр шинжээч гарын үсэг зураагүй байсан. Х.М гэж хэн болохыг ерөөсөө мэдэхгүй байна. Би бодохдоо хэрвээ оролцуулах хүсэлт гаргасан бол 599,000.000 төгрөгийн хохирол гаргасан үнэлгээний шинжээчийг оролцуулах шаардлагатай байсан болов уу гэж бодож байна. Тэгэхээр X.М-ийг оролцуулах шаардлагагүй гэж миний зүгээс үзэж байна гэв. /Бичлэгийн 0:06:33-0:07:46/
Даргалагчаас: Хүсэлт гаргасан хариуцагч ямар саналтай байна вэ, шүүх бол шинжээч оролцуулах хүсэлтийг хангаж шийдсэн. Усны газраас Х.М гэх шинжээч байгаа гэж хэлсэн байдаг. Х.М-ийг оролцуулахгүйгээр хэргээ шийдвэрлэвэл яаж байна. Ямар хүсэлт, санаа бодолтой байна вэ гэхэд /Бичлэгийн 0:07:47-0:08:23/
Хариуцагч Э.О: Усны нөөцөд учруулсан хохирол нөхөн төлбөртэй холбоотой асуудал яригдвал би тэр нь дээр хариулт өгөхгүй боломжгүй, хэрвээ үүнтэй холбоотой асуулт хариулт явах юм бол тэр хүнийг заавал оролцуулах шаардлагатай гэж үзэж байна гэв. /Бичлэгийн 0:08:24-0:08:41/
Даргалагчаас: Ер нь бол шүүхээс нэлээд нотлох баримтыг цуглуулсан. Шинжилгээний объект гэж хариуцагчаас явуулсан баримтыг усны газраас гаргуулан авсан, хэргийн материалтай танилцсан уу. Сүүлд ирүүлсэн баримтуудыг үзсэн үү гэхэд /Бичлэгийн 0:08:47-0:09:07/
Хариуцагч Э.О: Үзсэн гэв. /Бичлэгийн 0:09:09/
Даргалагчаас: Шинжээчээ оролцуулъя гэж байна уу, энэ хүн чинь нялх хүүхэдтэй, хөх нь өвдсөн хагалгаанд орох гэж байгаа гэсэн байна гэхэд /Бичлэгийн 0:09:16-0:09:31/
Хариуцагч Э.О: Усны нөөцөд учруулсан хохирлыг тооцсон шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуулт хариулт гарсан тохиолдол гарвал л гэж байгаа тэгээгүй тохиолдолд бол өөрийнхөө хариуцах асуудлын хүрээнд шүүх хуралдаа оролцоод явах боломжтой гэв. /Бичлэгийн 0:09:33-0:09:51/
Даргалагчаас: Тэгээд яана гэсэн үг юм. Тодорхой юм хэлчих л дээ. Сүүлд ирсэн баримтуудтай танилцсан уу. Өөрийнхөө явуулсан юмыг харсан уу. Шинжээч дүгнэлт гаргахдаа тооцоолол хийсэн талаарх тэмдэглэл бичсэн байсан. Тэрийг харсан уу, хэргийн материалтай танилцсан уу гэхэд /Бичлэгийн 0:09:55-0:10:18/
Хариуцагч Э.О: Танилцсан гэв. /Бичлэгийн 0:10:20/
Даргалагчаас: Тэгээд яана гээд байгаа юм О-ээ нэг юм хэл л дээ. Ингэвэл ингэнэ гээд. Шүүх хэрэгт нотлох баримтыг авсан байна гэж хэлсэн гэхэд /Бичлэгийн 0:10:28-0:10:46/
Хариуцагч Э.О: Би өөрөөр яаж хэлэхээ мэдэхгүй байна. Би өөрийнхөө бодож байгаа зүйлийг хэллээ гэв. /Бичлэгийн 0:10:49-0:10:57/
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Энэ Х.М гэж хүн 399,000,000 гаруй төгрөгийг дүгнэлтийг гаргасан хүн юм уу дараагийн 599,970,900 төгрөгийн дүгнэлтийг гаргасан шинжээч нь хэн гэж хүн байгаа бэ, би бол хавтас хэрэг дотроос огт тэр хүний нэрийг хараагүй болохоор хэн гэж шинжээч дүгнэлт гарсныг мэдэхгүй байна. Х.М гэдэг хүн аль дүгнэлтийг нь гаргасан юм. Хоёр шинжээчийн дүгнэлт байгаа эхний 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан дүгнэлтийг үгүйсгээд 08 дугаар сарын 22-ны өдөр өөр нэг дүгнэлт гарсан байгаа. Мөн усны газрыг шүүхэд нөлөөлөөд байна гэж үзэж байна. Шүүх баримтаа бүрдүүлж авах нь түүний бүрэн эрх байдаг. Хоёрдугаар хавтас хэргийн 3 дугаар хуудсанд усны газрын дарга н.Батбаяр гэж хүний шүүхэд өгч байгаа хариу нь хавтас хэргийн материалын хүрээнд асуудлаа шийдвэрлэ гэдэг ч юм уу, одоо таны оролцож байгаа нөхцөл байдал болохоор хэрвээ энэ дүгнэлтийн талаар ярих юм бол би оролцуулна, ярихгүй бол гэж байгаа нь усны газрын хариуцагч Э.О-ийг шүүхэд нөлөөлөх байдлыг удаа дараа гаргаж байна гэж үзэж байна. Х.М гэж хүнийг тайлбарлаж өгнө үү, аль дүгнэлтийг нь гаргасан шинжээчийг оролцуулъя гээд байгаа юм. Миний зүгээс бол 599,970,900 төгрөг дээр нь өөр хүний нэр байсан санагдаж байна, О-ээс асууж байна тайлбарлаж өгнө үү гэв. /Бичлэгийн 0:11:07-0:12:38/
Хариуцагч Э.О: Шинжээчийн дүгнэлтийг тэр хүнээр гаргуулна гэж би нэр заадаггүй. Усны газрыг томилдог. Тухайн газар ямар хүнээ томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулах нь тэр байгууллагын бүрэн эрхийн асуудал буюу дотоод асуудал байх. Тухайн томилогдсон шинжээч нь юу бодож ямар үндэслэлээр дүгнэлтээ гаргасан талаар би мэдэхгүй байна. Тиймээс би сая энэ асуудлыг ярьсан. Би ямар нэгэн үндэслэлгүйгээр шүүхэд нөлөөлөх зүйл гаргаагүй энэ бол цэвэр гүтгэлгийн шинжтэй үйлдэл дээрээс нь Х.М гэж хүнийг би тайлбарлах биш л дээ. Би хүн тайлбарлана гэж мэдэхгүй ойлгохгүй байна. Энэ асуултыг нь үнэндээ ойлгохгүй байна. Би хуульч мэргэжилтэй биш хууль зүйн талаасаа ийм утга агуулгатай асуулт байж магадгүй юм. Миний ойлгосноор бол шинжээчийн дүгнэлтийг Х.М гэж хүн гаргасан, гэхдээ нэг хүн үү хоёр хүн үү гэдгийг мэдэхгүй байна, үүнийг усны газраас асуух нь зөв байх. Энэ талаар хэргийн материалд авагдсан байх шиг байсан. Бичиг үсэг тайлагдсан хүн бол уншаад ойлгохоор харагдсан гэв. /Бичлэгийн 0:12:51-0:14:12/
Даргалагчаас: Дүгнэлтийн талаар асуувал яагаад хариулж мэдэхгүй гэж хэлж байгаа вэ. Сүүлд өөрөө шинжилгээний объект гээд 22 хуудас явууллаа гэсэн шинжээч томилсон тогтоолд байдаг материалыг шүүх авсан байгаа. Түүн дээр шинжээч ямар аргачлалаар тооцоо бодсон талаар доор нь тэмдэглэгээ харагдаж байна лээ. Үзсэн бол тэнд шинжлэх ухааны заавал нарийн мэдлэг шаардлагагүй юм харагдахаар тийм юм харагдаад байна л даа. Шүүх бол хариуцагчийн хүсэлтээр шинжээчийг оролцуулъя гэсэн боловч шинжээч бол шинжлэх ухааны тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай, шүүх тэрийг тайлж нотлох баримтыг үнэлж ойлгохгүй тохиолдолд оролцуулахаар байгаа. Сүүлд авсан баримтаар бол тооцоолол нь энгийн ямар ч хүн нэмж хасаад ойлгохоор юм харагдаад байгаа. Түүнийг би тайлбарлаж мэдэхгүй гэж байгаа юм уу, заавал шинжээч оролцуулъя гэж байгаа юм уу. Тэрийгээ тодорхой хэлмээр байна. Нэгэнт хангаад шийдвэрлэчихсэн шүүхийн хүчин төгөлдөр захирамж байгаа учраас асуугаад байна л даа. Яг үнэндээ 91-т хамаарахааргүй асуудал л даа. Хүсэлтээсээ татгалзах юм уу яах юм гэхэд /Бичлэгийн 0:14:26-0:16:19/
Хариуцагч Э.О: Шинжээчийн дүгнэлт нь бол ерөнхий боловсролын сургуульд үздэгтэй адилхан томьёогоор өгөгдлүүдийн тавиад бодсон байсан. Ийм аргачлалаар боддог гэдгийг нь би бол мэдэж байгаа гэв. /Бичлэгийн 0:16:19-0:16:34/
Даргалагчаас: Тэрийгээ тэгээд яагаад заавал шинжээчээр тайлбарлуулъя гэж байгаа вэ гэхэд /Бичлэгийн 0:16:35-0:16:40/
Хариуцагч Э.О: Нэхэмжлэл гаргасан талаас шинжлэх ухааны үндэслэлтэй гэх үг үсэг орсон учраас би тэрнийх нь дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах хүн нь дүгнэлт гаргасан хүн байх юм байна гэж бодсон гэв. /Бичлэгийн 0:16:43-0:16:56/
Даргалагчаас: Ямар аргачлалаар бодсон байгааг шинжээчийн дүгнэлтэд бичсэн байгаа гэхэд /Бичлэгийн 0:16:57-0:17:02/
Хариуцагчаас: Тэрийг нэхэмжлэгч тал ойлгохгүй байгаа юм уу, ямар учиртайг мэдэхгүй байна. Тийм шаардлага бичсэн байсан учраас би тэгээд байгаа юм гэв. /Бичлэгийн 0:17:02-0:17:14/
Даргалагчаас: Нэхэмжлэгч шинжээч оролцуулъя гэж огт яриагүй. Одоо энэ асуудлыг яаж шийдэх вэ гэж шүүх асууж байна. Хариуцагчийн гаргасан хүсэлтээр шүүх шинжээч оролцуулахаар хангаад шийдсэн. Шаардлагагүй юм байна гэж үзвэл шүүх хуралдаанаа үргэлжлүүлж хэрэг маргаанаа шийдье гэж байна. Үүнд ойлгохгүй ч юу байх вэ салаа утгатай юм яриад байгаа болохоор жоохон асуудалтай л юм. Ер нь цаашдаа шинжээч шүүх хуралдаанд оролцоход жаахан хүндрэлтэй байна. Нялх хүүхэдтэй, саяхан хүүхэд асрах чөлөөгөө авсан ийм хүн байдаг юм байна, мөн эрүүл мэндийн асуудалтай байна. Хөхөө хагалуулах гэж байгаа гэж хэлсэн юм байна лээ. Өнөөдөр бараг хагалгаанд орж байгаа гэл үү яалаа одоо тэгээд ийм зовуурьтай хүн чинь шүүх хуралдаанд оролцоно. Яахав ер нь бол онлайнаар оролцуулъя гэх асуудлыг ярьж байсан. Өөрөө мэдэж байгаа бол өөрөө тайлбарлаад яв л даа хүсэлтээсээ татгалзах юм уу яах юм тэрийгээ хэл. Заавал шинжээч оролцуулна гэж байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 0:17:16-0:18:32/
Хариуцагч Э.О: Нэхэмжлэгч тал бол усны нөөцөд учирсан хохирол төлбөр тооцсон дээр маргаан хийгээд байгаа. Тэгэхээр тэр шинжээч маань өөрөө тайлбараа хийх нь зөв байх. Би бол хүний гаргасан дүгнэлт дээр тайлбар хиймээргүй байна гэв. /Бичлэгийн 0:18:35-0:18:55/
Даргалагчаас: Ер нь бол эрх бүхий албан тушаалтан шүүхийн өмнө шийдвэрийнхээ үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 ч заалт бий. Шүүхийн өмнө гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг өөрөө нотолно гэж байдаг. Би хиймээргүй байна гээд ямар юм яриад зогсоод байна. Таны гаргасан шийдвэр юм байгаа биз дээ гэхэд /Бичлэгийн 0:18:59-0:19:33/
Хариуцагч Э.О: Шийтгэлийн хуудас нь бол миний гаргасан шийдвэр байгаа гэхэд /Бичлэгийн 0:19:34-0:19:37/
Даргалагчаас: Тэгээд гэхэд /Бичлэгийн 0:19:37/
Хариуцагч Э.О: Шинжээчийн дүгнэлт бол томилогдсон шинжээчийн гаргасан дүгнэлт байгаа юм гэв. /Бичлэгийн 0:19:38-0:19:43/
Даргалагчаас: Та шинжээчийн дүгнэлтэд үндэслээд шийтгэл оногдуулаад хохирол нөхөн төлбөр тооцсон. Тэгэхээр энэ таны шийдвэр биш юм уу эсвэл үүнд өөр усны газрын дарга юм уу шинжээч М гарын үсэг зураагүй ш дээ. Би энийг тайлбарлахгүй, хийхгүй гээд зогсож байгаа чинь ямар учиртай байна. Хариуцагчаа та хуулиа үзэх үү. Өөрөө шүүхийн өмнө нотлох үүрэгтэй ш дээ гэхэд /Бичлэгийн 0:19:44-0:20:14/
Хариуцагч Э.О: Шинжээчийн дүгнэлт бол их энгийн ойлгомжтой маргаад байхааргүй хэн нэгнээс асуугаад байхааргүй хэргийн материалд авагдсан зүйл дээр ийм юм яриад байгаа нь жоохон ойлгомжгүй байна гэв. /Бичлэгийн 0:20:18-0:20:28/
Даргалагчаас: Хэнийг хэлээд байгаа юм. Та өөрөө шинжээч оролцуулъя гэчхээд одоо маргаангүй юм дээр ийм юм ярилаа гээд яриад байх юм. Үүнийг л яриад байна. Маргаангүй энгийн ойлгомжтойгоор тайлбарлагдах боломжтой гэж байгаа бол шинжээч оролцуулах хүсэлтээсээ татгалзах юм уу үгүй юм уу гэдгийг нь шүүх асуугаад байна. Үүнд л хариулчих л даа О-ээ салаа утгатай юм яриад байх юм. Нэг болохоор ингэнэ ш дээ гэхийн хэн харсан ч ойлгогдоно гэхийн тэгсэн хэр нь шинжээчээ оролцуулъя гэх юм. Шинжээч дээр л асуудал яриад байна. Шүүх өөрийн чинь хүсэлтийг хангаад шинжээч оролцуулъя гэж шийдсэн шийдвэр байгаад байна. Үүнийгээ яах вэ гэх зүйлийг л ярьж байна. Үүний үр дагаврыг яаж арилгах вэ. Шинжээч оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Би эсхүл ойлгогдохгүйгээр яриад байна уу гэхэд /Бичлэгийн 0:20:28-0:21:30/
Хариуцагч Э.О: Та түрүүн шинжээчийн дүгнэлт бол шинжлэх ухааны нарийн тусгай мэдлэг шаардлагагүй юм билээ гэж хэлсэн. Протокол явж байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр миний гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн учраас би шинжээчийг оролцуулмаар байна гэв. /Бичлэгийн 0:21:31-0:21:45/
Даргалагчаас: За, Э гэхэд /Бичлэгийн 0:21:47-0:21:48/
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Би энэ хүнээс асуултынхаа хариултыг авсангүй. Х.М гэж хүний асуудал яригдаад байна. Энэ хүн нь 08 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтийг гаргасан хүн үү, яг аль шинжээчийг оролцуулах гээд байгаа вэ. Хамгийн гол нь аль шинжээчийг оролцуулах гээд байгаа юм. Х.М нь хоёр дүгнэлтийн алыг нь гаргасан шинжээч вэ, би бичиг үсэг тайлагдсан энэ материалаас Х.М гэж хүн аль дүгнэлтийг гаргасан бэ гэдгийг олж харахгүй байгаа учраас асуугаад байна. Хэрвээ 399,000,000 гаруй төгрөгийг дүгнэлтийг гарсан бол энэ дүгнэлт хүчингүй болоод 599,970,900 төгрөгийн дүгнэлтээр явж байгаа гэж ойлгоод байгаа. Энэ хүчингүй болгосон дүгнэлтийг гаргасан шинжээчийг оролцуулъя гээд байгаа юм уу, энэ 599,970,900 төгрөгийг бол өөр шинжээч гаргасан гэж би ойлгоод байгаа, тэрнийхээ хариултыг авмаар байна гэв. /Бичлэгийн 0:21:49-0:22:47/
Даргалагчаас: Одоо ингээд ярихаар урьдчилаад баахан юм ярих болчхоод байна. ЭБАТ гэдэг бол нэхэмжлэгчийн төлөөлөгчийн яриад байгаа зүйл буруу биш. Үүнийгээ өөрөө тайлбарлах хэрэгтэй байна. Шинжээчийн нэр байхгүй байна гээд хэлээд байна. Энэ шинжилгээ чинь яг ямар шинжилгээ юм, шинжээч өөрөө гарын үсэг зурдаг шинжилгээд хамаарах уу, үгүй юу гэдгийг өөрөө тайлбарламаар байх юм. Одоо хэргийнхээ гүн рүү орох гээд байна л даа. О хариуцагчаа би танд бүүр хариуцлагатайгаар хэлье. Өмнө нь ч гэсэн ийм асуудал гаргаж байсан. Ерөөсөө шүүх рүү дайрдаг. Протокол бичигдэж байгаа шүү, та өөрөө тэгж хэлсэн гээд таны ярьж байгаа ч гэсэн бичигдэж байгаа. Та өөрөө сүүлд хэлж байна. Би өөрөө юу яахгүй гээд. Шүүх рүү дайрдаг юм аа О хэзээ болих вэ. Таны хүсэлтээр шүүх шинжээч оролцуулахаар шийдсэн. Шинжээч оролцуулах боломжгүй нөхцөл байдал бий болчихжээ. Шүүгч юу гэж хэлсэн гэхээр эхлээд өөрийн чинь хэлснээр хүсэлтийг хангаж шийдсэн. Үүний дараа усны газраас 22 хуудас материалыг авсан. Үүнийг өөрөө гаргаж өгөөгүй ш дээ. За яах вэ нотлох баримтын шаардлага хангах, хангахгүй зөндөө олон юм ирсэн. Усны газраас ирсэн материал нь доороо тооцооллоо ойлгомжтой байхаар задлаад бичсэн байна гэдэг байдлаар хэлсэн. Ер нь бол бид ахуй амьдралдаа ч гэсэн усны тоолуур, цахилгааны тоолуур хэрэглэдэг. Усны тоолуур энэ сард 102 гарсан бол дараа сард 103 гарвал бид 2 тонн ус хэрэглэсэн юм байна гэдгээ ойлгодог. Тэрийг доод талд нь задлаад бичсэн юм харагдаж байгаа учраас энэ хүсэлтээ яах юм бэ гэх асуудал ярихаар протокол бичигдэж байгаа шүү гээд шүүх рүү дайрдаг, нөлөөлдөг, дарамталдаг үйлдлээ хэзээ болих вэ О-ээ шинжээчийнхээ дүгнэлтийг тайлбарлаач. Яагаад гарын үсэггүй байгаа яагаад усны газар гарын үсэг зурж байгаа юм гээд төлөөлөгч асуугаад байна. Ямар учиртай юм өөрөө бол М гэж хэлж мэдэхгүй байсан ш дээ. Хэн гэж шинжээчийг мэдэхгүй. Шүүх тодруулж байж Х.М гэдэг хүн шинжилгээ хийсэн юм байна, усны хохирол нөхөн төлбөрийн тооцоог гаргасан юм байна гэдгийг тодруулсан. Шүүхэд хүндэтгэлтэй хандана аа О-ээ өнөөдөр орж ирчхээд дандаа шүүх рүү дайрч байдаг асуудлаа болих хэрэгтэй байна. Би сануулж хэлж байна. Дахиад ийм асуудал ярих юм бол дэг зөрчсөн асуудал руу орно шүүхийг үл хүндэтгэсэн. Өөрийн чинь хэлснээр протоколд дуу дүрс бичигдэж байгаа. Өөрийнхөө гаргасан хүсэлтийг яах юм бэ шүүх хангаж шийдсэн гэхдээ шинжээч оролцох боломж нөхцөл байхгүй байна. Шүүхээс шинжээч оролцуулъя гэж шийдвэрлэсний дараа усны газраас доод талд нь тооцоолол бичсэн баримтууд хүрээд ирчихлээ одоо тэгэхээр нөхцөл байдал өөрчлөгдөх үү шинжээч оролцуулъя гэх хүсэлтээ яах юм болих юм уу болихгүй юм уу гэж асуухаар хэдэн цаг шал өөр өөр юм яриад нэг болохоор болж л байгаа юмыг гээд нэг болохоор юу гээл нэг л юм дээрээ тогтмоор байх юм. Хүсэлтээ яах юм нэг хариулт хэлчих гэхэд /Бичлэгийн 0:22:49-0:27:09/
Хариуцагч Э.О: Би уг нь түрүү хариултаа хэлсэн, шинжээчийг оролцуулъя гэсэн гэв. /Бичлэгийн 0:27:13-0:27:19/
Даргалагчаас: За, шүүх шийдвэр гаргахаар түр завсарлая гэжээ. /Бичлэгийн 0:27:21-0:27:25/
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т зааснаар шүүгч хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирласан бол сахилгын зөрчилд хамаарна.
Хариуцагчийн “...шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах” хүсэлтийг шүүх өмнө нь хангаж шийдвэрлэсэн, тэрээр 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд дээрх хүсэлтээ дэмжин оролцсон байх ба энэ үндэслэлээр мөн өдрийн шүүх хуралдаан хойшлогджээ.
Шүүх хуралдаанд шинжээч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдсэнийг холбогдох шүүгч хэргийн оролцогч нарт мэдэгдэж, түүнийг шүүх хуралдаанд оролцуулах эсэх талаар хэргийн оролцогч нарын саналыг сонсохдоо тэднийг загнасан, доромжилсон үг хэллэг хэрэглээгүй, дууны өнгөө өөрчилсөн байдал гаргаагүй байна.
Харин хариуцагч хүсэлтээ дэмжиж байгаагаа илэрхийлж байхад шүүгч энэ талаар давтан асууж байгаа нь зохимжгүй тул цаашид анхаарах нь зүйтэй.
2.Хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран Захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах үүрэгтэй.
Шүүх хуралдаан даргалагч хуульд заасны дагуу Усны газраас хэрэгт ач холбогдол бүхий баримтыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу “Усны тоолуур шалгасан акт”, “И... т... х...” ХХК-ийн усны тоолуурын баталгаажуулалт”, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны А/...7, А/...1 дүгээр хамтарсан тушаалаар баталсан хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал гэх баримт, шинжээч хэрэглэсэн усны хэмжээг тоолуурын заалтад үндэслэн хэрхэн тооцсон тооцоолол зэрэг баримт ирснийг тайлбарлан өгч, эдгээр баримт байгаа тохиолдолд шинжээчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах шаардлагатайг тайлбарлан өгч байгааг зүй бус авирласан гэж үзэхгүй.
Хариуцагч “... шинжээчийн дүгнэлтийн тухайд ерөнхий боловсролын сургуульд үздэгтэй адилхан томьёогоор өгөгдлийг нь тавиад бодсон зүйл, ямар аргачлалаар боддог гэдгийг би мэдэж байна”, ”... шинжээчийн дүгнэлт энгийн ойлгомжтой, маргаад байхааргүй, хэн нэгнээс асуугаад байхааргүй, хэргийн материалд авагдсан зүйл дээр ийм юм яриад байгаа нь жаахан ойлгомжгүй байна, ...шинжээчийн дүгнэлтийг би тайлбарлахгүй, хүний гаргасан дүгнэлт дээр би тайлбар хиймээргүй байна” гэх тайлбар гаргасан тул шүүгч энэхүү тайлбартай холбогдуулан асуулт асууж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчилд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтан Э.О болох хариуцагч нь гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээхийг тайлбарласныг буруутгах боломжгүй, “шинжээчийн гаргасан дүгнэлтийг хариуц гэж шахалт үзүүлсэн” гэх байдал тогтоогдоогүй.
Түүнчлэн шүүгч хариуцагчид хандан “... шүүх хуралдааны дэг зөрчсөн гэж хатуу санууллаа, дахин давтагдвал хариуцлага тооцно” гэсэн нь дуу дүрсний бичлэгт тусгагдаагүй байна.
Дээрх үндэслэлээр Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т заасан “…хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирласан...” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Холбогдох шүүгч С.Отгонтуяа тайлбартаа: “...1.”И... т... х...” ХХК-ийн Дорноговь аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.О-т холбогдуулан гаргасан гомдол Ерөнхий шүүгч надад хуваарилагдсаныг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 115/Ш32025/...8 дугаар шүүгчийн захирамжаар “И... т... х...” ХХК-ийн “2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.О-ийн зөрчилд шийтгэл оногдуулах утга бүхий №004... дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах, Захиргааны шийдвэрт заасан төлбөр ногдуулах үндэслэлийг хуульд нийцээгүй болохыг тогтоолгох” гомдлын шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
2. Маргаан бүхий акт болох хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.О-ийн гаргасан 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №004... дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар гомдол гаргагч “И... т... х...” ХХК-ийн “усыг зөвшөөрөлгүй ашигласан” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, усны нөөцөд учруулсан хохирол нөхөн төлбөрт 599,570,940 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба усны нөөцөд учирсан 599,570,940 төгрөгийн хохирлыг тогтоохдоо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-ын үнэлгээ /шинжээчийн дүгнэлт/-д үндэслэсэн байдаг.
3.2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр явуулсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гомдол гаргагчийн төлөөлөгч Я.Э болон хариуцагч эрх бүхий албан тушаалтан Э.О нарын гаргасан “нотлох баримт гаргуулах хүсэлт, шүүх хуралдааныг товлон зарлах” асуудлуудыг тус тус хэлэлцэж Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хүсэлт хэлэлцэж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” 115/Ш32025/...3 дугаар захирамжаар хариуцагч Э.О-ийн гаргасан “шинжээч оролцуулах” хүсэлтийг хангаж, хэргийн оролцогчдын хүсэлтийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсний дараа шүүгчийн туслах Б.Бүжмаагаас шинжээч Х.М-т шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр Усны газартай холбогдоход “... саяхан төрсөн нялх биетэй эмэгтэй утасны дугаарыг өгмөөргүй байна” гэж хэлэхэд нь учирлаж байгаад утасны дугаарыг олж холбогдсон гэж шүүгч надад хэлсэн ба Х.М-ээс “саяхан төрсөн, шүүх хуралдаанд цахимаар оролцохыг бодъё...” гэж хариу өгснийг шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргасан байдаг.
4.Гомдолд дурдсан 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны талаар:
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг шинжээч Х.М-т шүүгчийн туслах Б.Бүжмаагаас 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн бөгөөд 2025 оны 12 дугаар 15-ны өдөр шүүх хуралдааны товыг сануулахаар холбогдоход “...хөх маань өвдөөд өрх орж үзүүлтэл хагалгаанд орох шаардлагатай байна, халуураад биеийн байдал хэцүү байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна” гэж хариу өгсөн байсан.
2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаан эхлэхэд шүүгч би шинжээч Х.М-ийн “...төрөөд удаагүй нярай хүүхэдтэй, мөн хөх өвдсөн өндөр халуурч, биеийн байдал муу, өрхийн эмчээс хагалгааны заалттай байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа хүсэлтийг минь хүлээн авна уу” гэх шүүхэд цахимаар ирүүлсэн хүсэлтийг уншин танилцуулж, хүсэлттэй холбогдуулан шинжээчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой эсэх талаар хэргийн оролцогчдын саналыг сонссоны дараа хүсэлтийг шийдвэрлэсэн ба 01... дугаар шүүгчийн захирамжаар “хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж шинжээч Х.М-ийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгааныг арилсны дараа шүүх хуралдаанаа дахин товлохоор” шийдвэрлэсэн талаар танилцуулж, хуралдааныг хаасан болно.
Шүүх хуралдаанд “шинжээч оролцуулах эсэх” асуудлыг хэлэлцсэн талаар дэлгэрүүлэн тайлбарлавал:
Шүүгч би шинжээч Х.М-ийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тухай хүсэлтийг уншиж танилцуулсны дараа хариуцагч Э.О-ээс “... усны нөөцөд учруулсан хохирол нөхөн төлбөртэй холбоотой асуудал яригдвал би хариулт өгөх боломжгүй, хэрэв энэ асуудлаар асуулт хариулт явагдвал тэр хүнийг оролцуулах шаардлагатай” гэж хариулсан.
Үүний дараа гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э-аас шинжээчийн дүгнэлт буюу “Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ”-нд Х.М гэдэг хүн гарын үсэг зураагүй байхад яагаад оролцуулах гээд байгаа юм бэ гэдэг асуултыг хариуцагч Э.О-ээс асуусан.
Хариуцагч Э.О-ээс “... шинжээчийн дүгнэлтийг ямар хүнээр гаргуулах талаар нэр заадаггүй, би нэр заахгүй, ямар хүн томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулах нь тухайн байгууллагын асуудал, Х.М гэдэг хүнийг би тайлбарлахгүй, ...шинжээчийн дүгнэлтийг миний ойлгосноор Х.М гэдэг хүн гаргасан, энэ талаар хэргийн материалд авагдсан байх шиг байна лээ, бичиг үсэг тайлагдсан хүн бол уншаад ойлгохоор байгаа” гэх зэргээр хариулсан.
Шүүгчийн зүгээс дүгнэлтийн талаар яагаад тайлбарлахгүй гээд байгаа вэ гэж асуугаад “шинжээч нярай хүүхэдтэй, хөх нь өвдөөд хагалгаанд орохоор болсон байна” гэдгийг дахин хэлж, цаашлаад шинжээчийг оролцуулахгүйгээр “Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ”-г шинжлэн судлах боломжтой талаар дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Захиргааны хэргийн шүүхийн хувьд шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлдэг өөрөөр хэлбэл шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг хэргийн оролцогчоос хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран цуглуулдаг онцлогтой, шүүхээс шинжээч оролцуулах хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсний дараа нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлж 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1... дүгээр албан бичгээр “хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг тогтоолгохдоо шинжилгээний объект гэж ирүүлсэн 22 хуудас баримтыг “Усны газар”-аас хэрэгт нотлох баримтаар гаргуулан заасан”, эдгээр баримтаас “Усны тоолуур шалгасан акт”, “И... т... х...” ХХК-ийн усны тоолуурын баталгаажуулалт” гэх 5 хуудас баримтад /доод хэсэгт/ шинжээчээс хэрэглэсэн усны хэмжээг тоолуурын заалтад үндэслэн хэрхэн тооцож бодсон бодолтоо нэг бүрчлэн тэмдэглэн бичсэн байгааг, түүнчлэн шинжээчээс “Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ”-г гаргахдаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны А/...7, А/...1 дүгээр хамтарсан тушаалаар баталсан хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал”-аар тогтоосон бөгөөд энэхүү аргачлал нь нийтэд илэрхий баримт болохыг тайлбарласан.
Гомдолд “...шүүгч С.Отгонтуяа “ямар ч хуулийн үндэслэлгүйгээр шүүх хурлын дэг зөрчсөн гэж хариуцлага тооцно гэж дарамталсан” гэжээ.
Хариуцагч Э.О-ээс шүүх хуралдаанд “... шинжээчийн дүгнэлтийн тухайд ерөнхий боловсролын сургуульд үздэгтэй адилхан томьёогоор өгөгдлийг нь тавиад бодсон зүйл, ямар аргачлалаар боддог гэдгийг би мэдэж байна”, ”... шинжээчийн дүгнэлт энгийн ойлгомжтой, маргаад байхааргүй, хэн нэгнээс асуугаад байхааргүй, хэргийн материалд авагдсан зүйл дээр ийм юм яриад байгаа нь жаахан ойлгомжгүй байна” гэх зэргээр шинжээч оролцуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж ойлгохоор эсхүл “... би тайлбарлахгүй, шинжээчийн дүгнэлтийг би тайлбарлахгүй, хүний гаргасан дүгнэлт дээр би тайлбар хиймээргүй байна” гэх тайлбаруудыг гаргадаг.
Хуралдаан даргалагчийн хувьд дээрх ойлгомжгүй байдлыг тодруулж "... мэдэж байгаа бол яагаад шинжээчийг оролцуулъя гээд байгаа вэ, өөрөө тайлбарлаад явах уу, хүсэлтээсээ татгалзах юм уу”, өөрийнхөө гаргасан шийдвэрийг яагаад тайлбарлахгүй гээд байгаа вэ гэх зэргээр асууж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг сануулсан.
Хариуцагч Э.О нь шүүх хуралдаан даргалагчийн зүгээс “шинжээч оролцуулахгүйгээр шүүх хуралдаанаа үргэлжлүүлэх боломжтой” талаар тайлбарлахад “шинжээчийн дүгнэлтийн тухайд ерөнхий боловсролын сургуульд үздэгтэй адилхан томьёогоор өгөгдлийг нь тавиад бодсон зүйл, би ямар аргачлалаар боддог гэдгийг би мэднэ, энгийн ойлгомжтой, маргаад байхааргүй, хэн нэгнээс асуугаад байхааргүй” гэх зэргээр дэмжсэн хариулт өгөх, эсхүл “шинжээч оролцуулъя, би тайлбарлахгүй” гэх зэргээр ойлгомжгүй байдлыг үүсгэж, улмаар “та түрүүн шинжээчийн дүгнэлт айхтар шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардлагагүй юм байна лээ гэж хэлсэн протокол явж байгаа байх шүү” гэх байдлаар харилцсан, иймээс шүүх хуралдаан даргалагчийн “хуралдааны дэг сахиулах” үүргээ хэрэгжүүлэн шүүхэд хүндэтгэлтэй хандахыг хариуцагчид сануулсан.
Ингэхдээ хариуцагчтай зүй бус харилцсан зүйлгүй, “... шүүх хуралдааны дэг зөрчсөн гэж хатуу санууллаа, дахин давтагдвал хариуцлага тооцно” гэх зэрэг үгийг хариуцагчид хэлээгүй нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээр нотлогдоно гэж үзэж байна.
Шүүгч “шинжээчийн гаргасан дүгнэлтийг хариуц гэж шахалт үзүүлсэн” гэх гомдлын тухайд:
Шинжээч Х.М-ийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт зааснаар “шүүх хуралдааны бусад оролцогч”-д хамаарах бөгөөд “шүүгчийн хувьд хэргийн болон бусад оролцогчтой ямар нэг байдлаар харилцдаггүй, шүүгчийн туслахын надад танилцуулснаар Х.М-ийг “нялх хүүхэдтэй, хүүхэд асрах чөлөөтэй байгаа” гэдэг мэдээлэлтэй байсан.
Шүүгч би 2 хүүхэд төрүүлж өсгөж байгаа эх хүний хувьд эмэгтэй хүний хөх нь өвдөх, хагалгаанд орох хэмжээнд хүрсэн нь /хагалгаанд орно гэдэг нь хөхний сүү зангиран буглаж идээлснээс мэс заслын аргаар хөхийг зүсэж резин чихэж идээ, бээрийг гаргаж боолт хийдэг, асар их өвддөг/ бие, сэтгэл зүйн хувьд үнэхээр хүнд, нэлээд цаг хугацааны дараа эдгэдэг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн хүн, тиймээс ч шинжээч Х.Мийн хөх өвдсөн хагалгаанд орох болсон шалтгаанд бодитойгоор, хүнлэг ёсоор хандах үүднээс “шинжээч оролцуулахгүйгээр дүгнэлтийг тайлбарлаж болох” талаар хариуцагч Э.О-т давтан тайлбарласан.
Хариуцагч эрх бүхий албан тушаалтан Э.О нь “И... т... х...” ХХК-ийн үйлдсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, ... ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №004... дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, усны нөөцөд учруулсан хохирол нөхөн төлбөрт 599.570,940 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба уг маргаан бүхий “Шийтгэлийн хуудас” нь хариуцагч Э.О-ийн өөрийнхөө нэрээр гаргасан, биелэлтийг нь өөрөө хариуцдаг эрхийн акт байдаг, иймээс ч эрх бүхий албан тушаалтан нь Захиргааны хэргийн шүүхийн бие даасан хариуцагч болдог онцлогтой.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах үүрэг хүлээнэ”, 21.2.3. “энэ хуулийн 20.2-т заасан үүрэг”, 20.2.4. “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” гэж хариуцагчийн үүргийг тодорхойлсон байдаг.
Гэтэл хариуцагч нь өөрийн гаргасан маргаан бүхий акт болох №004... дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг би тайлбарлахгүй, ярихгүй, хүний гаргасан дүгнэлт гэх зэргээр шүүх хуралдаанд ойлгомжгүй, тодорхойгүй тайлбар гаргадаг, энэ нь “шүүхэд тайлбар гаргахгүй” гэх агуулгаар ойлгогдож, хуралдаан даргалагчаас хурлын дэг сахиулж, хариуцагчид хариуцагчийн үүргээ биелүүлж, хариуцлагатай байхыг сануулсан, улмаар хариуцагчийн “шинжээч оролцуулах” хүсэлтийг нь хүлээн авч “шүүх хуралдааныг хойшлуулж” шийдвэрлэсэн.
Иймээс шүүгч “шинжээчийн гаргасан дүгнэлтийг хариуц гэж шахалт үзүүлсэн” гэх гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Дээр дурдсан үйл баримтууд нь хэрэгт авагдсан баримтууд, шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгээр нотлогдох тул Э.О-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Э.Оээс гаргасан өргөдлийн дагуу Сахилгын хорооны гишүүний 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГЗҮ/2025/0148 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяад холбогдуулан шалгах ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг үндэслэлтэй гэж үзлээ.
1. Намайг шүүх рүү удаа дараа дайрсан гэж гүтгэсэн, шинжээчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шийдвэрээ хэрэгжүүлж чадаагүй байж намайг шинжээчийн дүгнэлтийг хариуц гэж шахалт үзүүлсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 115/ШЗ2025/...3 дугаар[1] захирамжаар Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.О-ээс гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангаж, гомдол гаргагч “И... т... х...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э-ын гаргасан гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарласан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшлогдсон байна.
Улмаар тухайн захиргааны хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд, даргалагч шүүгчээс хэргийн оролцогч нарт шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн “...декритний амралтаа авсан. Иймд төрөөд удаагүй нярай хүүхэдтэй, мөн хөх өвдсөн өндөр халуурч, биеийн байдал муу, өрхийн эмчээс хагалгааны заалттай байгаа тул ... шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна...” гэх хүсэлтийг уншиж, танилцуулан шинжээчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой эсэх талаар асуухад, нэхэмжлэгчээс “...шинжээч оролцуулах шаардлагагүй...” гэж, хариуцагчаас “...Усны нөөцөд учруулсан хохирол нөхөн төлбөртэй холбоотой асуудал яригдвал би тэр нь дээр хариулт өгөхгүй, боломжгүй, хэрвээ үүнтэй холбоотой асуулт хариулт явах юм бол тэр хүнийг заавал оролцуулах шаардлагатай гэж үзэж байна ... шинжээчийг оролцуулъя...” гэжээ.
Хариуцагчаас өмнө нь гаргасан шинжээчийг оролцуулах хүсэлтээ дэмжин оролцсон тул шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШЗ2025/...9 дугаар захирамжаар “...шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээч Х.Мийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааныг арилсны дараа шүүх хуралдааныг жич товлохоор шийдвэрлэлээ...” гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т “шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай...” гэж заасныг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад тухайн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд, холбогдох шүүгч шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах эсэх талаар хэргийн оролцогч нарын саналыг сонсохдоо тэднийг загнасан, доромжилсон үг хэллэг хэрэглээгүй, дууны өнгөө өөрчилсөн, шинжээчийн дүгнэлтийг хариуц гэж шахалт үзүүлсэн гэх нөхцөл тогтоогдоогүй байна.
Мөн хуралдаан даргалагчаас “...дандаа шүүх рүү дайрч байдаг асуудлаа болих хэрэгтэй байна...” гэж хуралдааны дэг сахиулах хүрээнд хэлсэн үгээр нь түүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
Тиймээс илтгэгч гишүүний “...Шүүх хуралдаан даргалагч хуульд заасны дагуу Усны газраас хэрэгт ач холбогдол бүхий баримтыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу “Усны тоолуур шалгасан акт”, “И... т... х...” ХХК-ийн усны тоолуурын баталгаажуулалт”, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны А/...7, А/...1 дүгээр хамтарсан тушаалаар баталсан хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал гэх баримт, шинжээч хэрэглэсэн усны хэмжээг тоолуурын заалтад үндэслэн хэрхэн тооцсон тооцоолол зэрэг баримт ирснийг тайлбарлан өгч, эдгээр баримт байгаа тохиолдолд шинжээчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах шаардлагатайг тайлбарлан өгч байгааг зүй бус авирласан гэж үзэхгүй ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчилд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтан Э.О болох хариуцагч нь гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээхийг тайлбарласныг буруутгах боломжгүй, “шинжээчийн гаргасан дүгнэлтийг хариуц гэж шахалт үзүүлсэн” гэх байдал тогтоогдоогүй...” гэж[2] дүгнэснийг бүрэлдэхүүн хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Харин холбогдох шүүгч нь шүүх хуралдааныг удирдан явуулахдаа хэргийн оролцогч болон бусад этгээдэд буруу ойлголт төрүүлэхүйц үг хэрэглэхгүй, үйлдэл гаргахгүй байхад анхаарах нь зүйтэй.
2. Өргөдөл гаргагчийн “...ямар ч хууль зүйн үндэслэлгүй шүүх хуралдааны дэг зөрчсөн гэж хатуу сануулсан, дахин давтагдвал хариуцлага тооцно гэж дарамталсан...” гэх тухайд:
Тухайн захиргааны хэргийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлд хуралдаан даргалагчаас “...дахиад ийм асуудал ярих юм бол дэг зөрчсөн асуудал руу орно шүүхийг үл хүндэтгэсэн...” гэж хэлсэн нь бичигдсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах ... шүүх хуралдааны дэгийг сахиулах ...” гэж шүүх хуралдааны даргалагчийн эрх, үүргийг заажээ.
Шүүх хуралдаан даргалагч “хуралдааны дэг сахиулах” үүргээ хэрэгжүүлэн шүүхэд хүндэтгэлтэй хандахыг хариуцагчид сануулсан байхыг хэргийн оролцогчтой зүй бус харилцсан гэж үзэхгүй бөгөөд “...дэг зөрчсөн гэж хатуу сануулсан, дахин давтагдвал хариуцлага тооцно...” гэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд өргөдөлд дурдсан үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ГС/2026/0018 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Э.О-ээс ирүүлсэн өргөдлийн дагуу Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ: С.ЭНХТӨР
ГИШҮҮН: Д.МЯГМАРЦЭРЭН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН