
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2026-03-11
Дугаар 9
Улаанбаатар хот
Шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан тухай магадлал
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн О.Номуулин, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч О.А нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн СХМ/2026/0011 дугаартай “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” магадлалыг эс зөвшөөрч гаргасан шүүгч О.А-ийн гомдлыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Иргэн М.Ц-с ... шүүхийн шүүгч О.А-д холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн ГЗҮ/2025/0140 дугаартай захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ГНД/2026/0001 дугаартай нотлох дүгнэлт үйлдэж сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.
Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн СХМ/2026/0011 дугаар магадлалаар “...шүүгч О.А-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т “шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах” гэж заасан шүүгчид хориглосон сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэн түүнд “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Шүүгч О.А магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:
“...1.Тус магадлалын үндэслэх хэсгийн 1-д заасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 2.Тус магадлалын үндэслэх хэсгийн 2-т заасан дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гомдлын үндэслэл:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т "шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах"-ыг хориглосон заалтыг зөрчсөн гэж дүгнэсэнд миний бие хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33 дахь заалт нь шүүх хуралдаан завсарлаж зөвлөлдөх үед шүүгч хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтын хүрээнд тухайн асуудлын хувьд шийдвэр гаргахдаа хэн нэгэнтэй ямар нэг байдлаар харилцаж болохгүй гэсэн агуулгатай.
Тодруулбал тус заалтад "шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад" гэж зааснаас үзвэл шийдвэр гаргах үед хэрхэхийг нарийвчлан заалт гэж үзэхээр байх бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д "Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана" гэж заасан шүүгчийн хараат бус байх зарчмыг бэхжүүлсэн гэж үзэж байна.
Тийм ч учраас мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34-т "шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах"-г хориглосон заалтыг хуульчилсан.
Гэтэл шүүхийн сахилгын хороо зөвхөн харилцсан үйлдэлд ач холбогдол өгч шийдвэр гаргасан байна. Харин ямар агуулгаар харилцсан байдалд дүгнэлт өгөөгүй байна.
Миний туслахтайгаа харилцсан агуулгаас үзвэл дээрх хуулийн заалтыг зөрчсөн үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна.
Иймд Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн СХМ/2026/0011 дугаартай магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар дараах үндэслэлээр холбогдох шүүгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
1.Гомдолд: “ ...хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, Сахилгын хороо зөвхөн харилцсан үйлдэлд ач холбогдол өгч шийдвэр гаргасан байна. Харин ямар агуулгаар харилцсан байдалд дүгнэлт өгөөгүй байна. Миний туслахтайгаа харилцсан агуулгаас үзвэл дээрх хуулийн заалтыг зөрчсөн үндэслэлд хамаарахгүй” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүгч О.А 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нийт 21 шүүх хуралдаан товлон зарласнаас С.Ц-н нэхэмжлэлтэй, Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 15 цаг 30 минутад, С.П-н нэхэмжлэлтэй, “М” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг 16 цаг 30 минутад тус тус товлон зарлажээ.
С.Ц-н нэхэмжлэлтэй, Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдох хэргийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ТМ2025/14769 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл уг шүүх хуралдаан нь 15 цаг 40 минутад эхэлж 17 цаг 46 минутад дууссан байна.
Уг шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр шүүхийн хэлэлцүүлэг нь нийт 55 минут 40 секунд үргэлжилсэн байгаагаас үзвэл шүүх хуралдаан 16 цаг 35 минутад шүүгч шийдвэр гаргахаар завсарласан бөгөөд мөн хуралдаан даргалагчийн ширээн дээр цэнхэр хавтастай календарь, цэнхэр хавтастай ном, хавтаст хэрэг, зөөврийн компьютер байгаа нь тогтоогдсон байна.
Шүүгч О.А нь дээрх шүүх хуралдаан завсарлан зөвлөлдөх явцдаа зөөврийн компьютероор “Output” нэртэй дотоод сүлжээгээр шүүгчийн туслах А.А-тай дараах байдлаар харилцсан нь тогтоогджээ. Үүнд:
-17 цаг 33 минутад “шүүгч П орно тээ, зааландаа” гэхэд шүүгч мөн цагт “ажлын цаг дуусчихсан юм чинь тов өөрчилдөг юм уу” гэх хариуг өгчээ.
-17 цаг 34 минутад шүүгчийн туслахаас “бүгд хүлээж байна. Нэг гуравдагч нь л ирээгүй, өөрчлөхөөр бол та наанаасаа нэг тов хараад хэлчих. Тэгвэл би тов дээр зуруулаад явуулъя даа” гэхэд
-17 цаг 35 минутад шүүгчээс “12.26 + 13:30” гэх хариуг өгсөн,
-17 цаг 36 минутад шүүгчийн туслахаас “заа, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь байхгүй гэнээ, Солонгос явж байгаа гэнэ” гэхэд
-17 цаг 37 минутад шүүгч “хэзээ ирэх юм бэ, хэзээ явах вэ” гэж асуухад шүүгчийн туслах “20-нд яваад 27-нд ирнэ гэнэ. Наана байна уу гэж байна” гэж хариулжээ,
-17 цаг 38 минутад шүүгч “наана нь алга” гэхэд туслах “тэгвэл хойшоо тавих юм уу шүүгч” гэж хариулсан байна.
-17 цаг 39 минутад шүүгч “30-нд. Хэд дэх өдөр байна” гэж асуухад шүүгчийн туслах “2” гэв. Шүүгч “за тэгвэл 30” гэхэд шүүгчийн туслах “хэдээс гэх үү? 8:30 гэх үү” гэж асуужээ.
-Улмаар 17 цаг 41 минутад шүүгчийн туслах “заа, 8:30-д товлоод явууллаа шүү шүүгч” гэхэд
-17 цаг 42 минутад шүүгч “заа” гэжээ.
Холбогдох шүүгч нь шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцдаа буюу 17 цаг 33 минутаас 17 цаг 42 минутын хооронд туслахтайгаа харилцсан үйл баримттай маргадаггүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т “шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах”-ыг шүүгчид хориглосон.
Тодруулбал, шүүгч шийдвэр гаргахаар зөвлөлдөхдөө бусадтай ямар нэгэн хэлбэрээр харилцсан бол сахилгын зөрчилд хамаарахаар хуульчилсан бөгөөд шүүгч шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсон үеэс эхлэн шийдвэрийг танилцуулах хүртэлх хугацаанд зөвлөлдөх үйл явц бүрэн нууц байна.
Зөвлөлдөх тасалгаанд шүүх бүрэлдэхүүнээс өөр хүн байх, гаднын хүн нэвтрэхийг хатуу хориглох бөгөөд утас, интернэт, цахим шуудан болон бусад холбооны хэрэгслээр бусадтай харилцаж, зөвлөгөө авах, мэдээлэл солилцох нь зөрчилд тооцогдоно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т заасан энэхүү хориглолт нь шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх, шүүгч бусдын нөлөөнд автах эрсдэлийг хааж, зөвхөн хэрэгт цугларсан нотлох баримт болон хуульд үндэслэн шийдвэрээ бие даан гаргах нөхцөлийг бүрдүүлдэг шүүгчийн хараат бус байдал, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангах үндсэн зорилготой юм.
Иймд шүүгч шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад туслахтайгаа харилцсан нь сахилгын зөрчилд тооцохгүй байх үндэслэл болохгүй ба энэ талаар дүгнэсэн сахилгын хорооны магадлал үндэслэл бүхий байх тул холбогдох шүүгчийн гомдлыг хүлээж авах боломжгүй байна.
Түүнчлэн, зөвлөлдөх тасалгаанд шүүгч туслахтайгаа харилцсан асуудал нь тухайн хэрэг маргаантай холбоогүй байлаа ч өөр этгээдтэй харьцах нь тухайн шүүгчийг шударгаар шийдвэр гаргана гэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлдөг тул энэ талаар дүгнэсэн сахилгын хорооны магадлал үндэслэл бүхий байх тул холбогдох шүүгчийн гомдлыг хүлээж авах боломжгүй байна.
Харин дээрх байдлаар шүүгч зөвлөлдөх явцад туслахтайгаа харилцсан агуулга, зорилго гэх мэт нөхцөл байдлыг сахилгын шийтгэл оногдуулахад харгалзан үзэх үндэслэл болох юм.
2.Гомдолд “...нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг сонгон оногдуулсан үндэслэл юу болох нь тодорхойгүй” гэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “56.7.Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэж заасан.
Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн СХМ/2026/0011 магадлалаар холбогдох шүүгчид “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулахдаа дээрх хуульд заасан үндэслэл, журмыг хэрхэн тайлбарлан хэрэглэсэн талаар дурдаагүй байна.
Иймд, хянан үзэх хуралдаанаас шүүгчийн сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, үр дагавар, анх удаа зөрчил гаргасныг харгалзан үзээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-д заасан зөрчилд “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсныг хөнгөрүүлэн “хаалттай сануулах” сахилгын шийтгэл болгон магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн шүүгч О.А-ийн гомдлын зарим хэсгийг хангаж, Сахилгын хорооны хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн СХМ/2026/0011 дүгээр магадлалын 1 дэх заалтын “нээлттэй сануулах” гэснийг “хаалттай сануулах” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Улсын Дээд Шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН О.НОМУУЛИН
С.ЭНХТӨР