
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-03-24
Дугаар 38
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг, гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар, иргэн А.Н-ийн өргөдөлтэй, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандахад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн О.Номуулины илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2026/0030 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:
“... Илтгэгч гишүүн “Г” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн ... газарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Б.А, гуравдагч этгээд З.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, өмгөөлөгч Г.Л, гуравдагч этгээд Л.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар оролцсон байх ба гуравдагч этгээд З.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Л 0:16:27 секундээс 0:19:30 секунд хүртэл гомдолтой холбогдуулан хариу тайлбар хэлжээ.
А.Н-ийн өргөдөлдөө хавсарган ирүүлсэн шүүх хуралдааны тэмдэглэлд гуравдагч этгээд З.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Л-ийн тайлбар бичигдээгүй байсан тул тус шүүхийн тамгын газрын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 162 дугаар албан бичгээр ирүүлсэн шүүх хуралдааны тэмдэглэлтэй тулгаж үзэхэд өргөдөл гаргагчийн өгсөн шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дахь хуудас дутуу, шүүхээс ирүүлсэн хуралдааны тэмдэглэл тус шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгтэй тохирч байна.
Тодруулбал, өргөдөлд хавсаргасан тэмдэглэлийн 2 дахь хуудсанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-гийн тайлбар бичигдсэн байх ч төгсгөл хэсэг нь байхгүй, 3 дахь хуудас нь гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Л-ийн тайлбарын төгсгөл хэсгээр эхэлсэн, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А-ийн тайлбар огт байхгүй зэргээс дүгнэвэл шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дахь хуудас дутуу нь нотлогдоно.
Ийнхүү шүүх хуралдаанд гуравдагч этгээд З.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Л гомдолтой холбогдуулан тайлбар хэлсэн байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н-ийн тайлбар хэлэх, мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.
Харин өргөдөлд хавсаргасан болон шүүхээс ирүүлсэн шүүх хуралдааны тэмдэглэлийн албан бланкын сери дугаар зөрүүтэй байсан учраас уг нөхцөл байдлыг тодруулахаар тус шүүх хуралдаанд оролцсон нарийн бичгийн дарга М.У-ээс гэрчийн мэдүүлэг авахад “...Тухайн хуралдааны тэмдэглэлийг 7 хоногт гаргаж өгөх ёстой учраас хугацаандаа гаргаад шүүгч А.Батмандахад танилцуулаад албажуулсан байсан. 11 дүгээр сарын 19-ний өдөр Х.О шүүгч намайг “байна уу” гэж мессеж бичсэн байсан болохоор маргааш нь яваад ороход “тэмдэглэлээ засахгүй бол болохгүй байна. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л-ийн тайлбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л-ийн тайлбар гэж бичсэн байна, Х.О шүүгч гэснийг шүүгч Х.О болго” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр алдаагаа зассан. Бас Э.Ц шүүгчид уншуул гэсэн. Э.Ц шүүгч тэмдэглэл дээр гараар нэхэмжлэгчийн хүсэлтээ тайлбарласан хэсгийг дэлгэрүүлж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч оролцуулах хүсэлт гарган өгч байна гэснийг өмгөөлөгчийг хүсэлтээр оролцуулж байна гэж утгыг засаж өгсөн тул би тэрүүгээр нь зассан. Гол нь утга нь өөр ойлгогдож уншигдаад байна гэсэн. Бүрэлдэхүүний шүүгч нар ингэж хэлсэн болохоор би сүүлд бичлэгээ бүрэн үзэж байгаад зассан. Ийм учраас 2 өөр зөрүүтэй тэмдэглэл гарсан бөгөөд тэр өдрөө буюу 20-нд А.Б шүүгчээр албажуулсан...” гэж мэдүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, ... шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ”, 96.3-т “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заажээ.
Гэтэл даргалагч шүүгчийг шүүх хуралдааны тэмдэглэл албажуулсны дараа бүрэлдэхүүний шүүгч нар хянаж, үгийн байрлалыг өөрчлөх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэлгэрүүлж бичих, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг найруулж бичих зэргээр засвар оруулахыг нарийн бичгийн даргад даалгасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь тэмдэглэлд засвар оруулан дахин гаргаж шүүгч А.Батмандах албажуулсан зэрэг нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “илт тодорхой заалт” гэдгийг “тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно”, “ноцтой зөрчих” гэдгийг “процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь заалт тодорхой бус ойлголт агуулаагүй, хуулийн илт тодорхой заалт мөн боловч шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгтэй тохирсон шүүх хуралдааны тэмдэглэлийг дахин гаргаснаар хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт ашигтай байдал бий болсон, хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй тул “ноцтой зөрчсөн” гэж үзэхээргүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй гэх үндэслэлээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандахад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч А.Батмандах ирүүлсэн тайлбартаа: “... 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Г ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Г ХК-иас гаргасан гомдлыг шүүгч Х.О, Э.Ц нарын хамт бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Б.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, түүний өмгөөлөгч Г.Л, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар оролцсон.
Шүүхийн сахилгын хороонд гуравдагч этгээд З.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н нь шүүх хуралдаанд мэтгэлцүүлээгүй гэх агуулгаар гомдол гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 197/Ш32025/.... дугаар захирамжид нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасны дагуу хянан шийдвэрлэсэн.
Шүүх хуралдаанд гомдол гаргагч гомдлоо танилцуулсан дараа гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт гомдолд тайлбар гаргах эрхийг хангасан бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н-ийн өмгөөлөгч Г.Л нь төлөөлөн гомдолд тайлбар хэлсэн, гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласан, хориглосон үйлдэл гаргаагүй.
Шүүх бүрэлдэхүүн оролцогч нараас асуулт асууж, хариулт авсан бөгөөд тэрхүү асуултад мөн гуравдагч этгээдийг төлөөлөн өмгөөлөгч Г.Л хариулсан, шүүх бүрэлдэхүүн тодорхой нэр заан гомдолд тайлбар хэлэх болон хариулт өгөх талаар шаардаагүй ба гуравдагч этгээдийн зүгээс эрхээ эдлэн өмгөөлөгчөөрөө төлөөлүүлэн шүүхэд тайлбараа гаргасан.
Гуравдагч этгээд З.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н-ийн гаргасан гомдол нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
А.Н-ийн өргөдлөөр, илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан боловч Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн СХТ/2026/0003 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгож, шүүгч А.Батмандахад сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэсэн байна.
1. “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 197/ШЗ2025/..... дугаар захирамжид гаргасан гомдлыг хэлэлцсэн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзвэл,
- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 0:05:40-0:13:57, 0:14:00-0:16:20 дахь хором хүртэл,
- гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч 0:16:27-0:19:30 дахь хоромд хүртэл тайлбар хэлсэн нь тусгагдсан байх тул холбогдох шүүгчийг “хэргийн оролцогчийн эрх тэгш мэтгэлцэх, тайлбар хэлэх боломжоор хангаагүй” гэж үзэхгүй.
Иймд илтгэгч гишүүний “... шүүх хуралдаанд гуравдагч этгээд З.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Л гомдолтой холбогдуулан тайлбар хэлсэн байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н-ийн тайлбар хэлэх, мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй ...” гэсэн нь үндэслэлтэй байна.
2. Өргөдөл гаргагчийн өргөдөлд хавсаргасан тэмдэглэл, шүүхээс ирүүлсэн хуралдааны тэмдэглэл хоорондоо зөрүүтэй төдийгүй хэвлэмэл хуудасны серийн дугаар зөрүүтэй үйл баримт тогтоогдсон ба үүнийг шалгахад,
- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ур “... хугацаандаа гаргаад шүүгч А.Батмандахад танилцуулаад албажуулсан байсан ... Х.О шүүгч ... “тэмдэглэлээ засахгүй бол болохгүй байна. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л-ийн тайлбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л-ийн тайлбар гэж бичсэн байна, Х.О шүүгч гэснийг шүүгч Х.О болго” гэж хэлсэн ... Э.Ц шүүгч тэмдэглэл дээр гараар нэхэмжлэгчийн хүсэлтээ тайлбарласан хэсгийг дэлгэрүүлж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч оролцуулах хүсэлт гарган өгч байна гэснийг өмгөөлөгчийг хүсэлтээр оролцуулж байна гэж утгыг засаж өгсөн тул би тэрүүгээр нь зассан ... Ийм учраас 2 өөр зөрүүтэй тэмдэглэл гарсан бөгөөд тэр өдрөө буюу 20-нд А.Батмандах шүүгчээр албажуулсан ... эхний тэмдэглэл дээр 2 дахь хуудсанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-ийн тайлбар явж байснаа төгсгөл хэсэг нь огт байхгүй болоод 3 хуудаснаас гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Л-ийн тайлбарын төгсгөл хэсэг эхэлж байна. Мөн тухайн хуудсанд байсан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А-ийн тайлбар байхгүй байна. Тэгэхээр 3 дахь хуудас дутуу байна гэсэн үг. Харин сүүлд зассан тэмдэглэл дээр 3 хуудас бүхлээрээ байгаа тул гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Л-ийн тайлбар бүхэлдээ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А-ийн тайлбар бүтнээрээ бичигдсэн ялгаатай ... бүрэлдэхүүний шүүгч хянаад зас гэсэн болохоор нь зассан ...” гэж мэдүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж зааснаас үзвэл бүрэлдэхүүний шүүгч албажсан тэмдэглэлд засвар оруулах талаар хуульд зохицуулаагүй байхад бүрэлдэхүүний саналаар засвар оруулж, даргалагч А.Батмандах түүнийг албажуулсан нь хуульд заасантай нийцэхгүй байна.
Хэдийгээр бүрэлдэхүүний шүүгч нарын хүсэлтээр тэмдэглэлд засвар оруулсан боловч үүнээс шалтгаалж хэргийн оролцогчийн хэлсэн зүйлийн утгыг гуйвуулж, өөр утга агуулгаар тусгасан, хэргийн оролцогчийн аль нэг талд давуу байдал үүсгэсэн, эсхүл хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл бүрдээгүй, мөн ноцтой зөрчилд тооцох үндэслэлгүй гэх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй гэж үзэв.
Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандахад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2026/0030 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандахад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
Г.ЦАГААНЦООЖ