
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-01-27
Дугаар 11
Улаанбаатар хот
Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга О.Сумъяабазар нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
*** шүүхийн шүүгч О.А-д холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
М.Ц өргөдөлдөө: “…шүүх хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэх хуулийн хугацаанд захирагдахгүй, хуульд заагдаагүй үндэслэлээр буюу шүүх хуралдааны танхим хүрэлцээгүй, хэргийн ачаалал их байна гэх шалтгаанаар товыг 1 сар гаруй хугацаагаар хойшлуулж байгаа... 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16:30 цагт товлогдсон шүүх хуралдаан эхлээгүй. Шүүгч О.А-ийн өмнөх шүүх хуралдаан болох С.Ц-ын нэхэмжлэлтэй, ...ерөнхий газарт холбогдох хэргийн шүүх хуралдаан дуусаагүй байна гэх үндэслэлээр би болон хэргийн бусад оролцогч нар шүүхийн байранд шүүх хуралдаандаа оролцохоор хүлээж байсан. Тус шүүх хуралдаан 17:00 цагийн орчимд завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд байх хугацаанд ажлын цаг дуусаж улмаар шүүгч зөвлөлдөх тасалгаанаас шүүгчийн туслахтайгаа холбогдон ... шүүх хуралдааныг товоор хойшлуулах болсныг бидэнд шүүгчийн туслах мэдэгдсэн. Шүүгч шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцахыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т заасан тул дээрх үйлдэл нь хуулийн энэхүү заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна…” гэжээ.
Шүүгч О.А тайлбартаа: “...С.П-ийн нэхэмжлэлтэй, “М” ХХК-д холбогдох орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэл 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хуваарилагдсан ба 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн.
Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжилж, 16-ны өдрөөс ажил эхэлсэн байна.
Хариуцагч “М” ХХК-д нэхэмжлэлийн хувийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гардуулсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах тухай” хүсэлт ирүүлснийг хангаж, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэж шүүгчийн захирамж гарсан.
Би 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс ээлжийн амралтаа авч, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэнэ. Тус хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заасан. Тус хэргийг хянан шийдвэрлэх 60 хоногийн хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дууссан бөгөөд шүүгчдийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгасан.
Мөн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаж, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 30 минутад шүүх хуралдааныг товлон зарласан. Энэ өдөр хариуцагчаас хариу тайлбар болон Б.Б шүүгчид хянагдаж буй хэрэгт тус хэргийг нэгтгүүлэх талаар хүсэлтийг ирүүлсэн.
Тус шүүхийн шүүгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ЗТ2025/0...3 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 3 дугаар хэсгийн 3.6-д “Холбогдох хүсэлт гаргасны дагуу хэргийг нэгтгэх эсэх талаар шүүгч нар зөвшилцөх ба хэрэв нэгтгэх бол сүүлд хэрэг үүсгэсэн шүүгч нэгтгэх тухай захирамж, эсхүл тогтоолыг гаргаж, эхэлж хэрэг үүсгэсэн шүүгч иргэний хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэргийг нэгтгүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэж, шүүгчийн захирамж гарсан.
Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр явагдсан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг ханган сөрөг нэхэмжлэлийг дахин гаргах эрхтэй учир энэхүү эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 30 минутад товлосон шүүгчийн захирамж гарсан.
Захирамжийг танилцуулах үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ээс хуралдааны өдрийг урагшлуулах санал гаргасан. Гэвч 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө хурлууд товлогдсон байсан учир урагшлуулах боломжгүй байгааг мэдэгдэж, шүүх хуралдааны танхим хүрэлцээгүй, өөр шүүгчтэй дундаа нэг нарийн бичгийн даргатай нөхцөл байдлаас үүдэж ажлын 5 хоногийн 2 өдөр өөрийн шүүх хуралдаанаа хийдэг учраас наана нь өөр хэргийн хурлууд зарлагдсан байгаа талаар тайлбарласан.
Улмаар 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15 цаг 30 минутад С.Ц-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан товлогдсон байсан ба хэргийг хэлэлцэж шүүх хуралдаан завсарлаж зөвлөлдөж байх үед тухайн өдрийн ажлын цаг дууссан.
Миний бие дотоод чатаар өөрийн туслах А.А руу хурлын товыг өөрчлөх талаар бичсэн. Зөвлөлдөж буй хэргийн талаар бусадтай харилцаж, зөвлөлдөх тасалгааны нууц задруулсан зүйлгүй бөгөөд миний бие хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно. Иймд надад үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч О.А Сахилгын хорооны хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33 дахь заалтад “шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах” зохицуулалтыг зөрчсөн гэж дүгнэснийг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Хуулийн уг хориглосон хэм хэмжээ нь шүүх хуралдаан завсарлаж зөвлөлдөх үед шүүгч хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтын хүрээнд тухайн асуудлын хувьд шийдвэр гаргахдаа хэн нэгэнтэй ямар нэг байдлаар харилцаж болохгүй гэсэн агуулгатай.
Миний бие С.Ц-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхээр зөвлөлдөх явцдаа өөрийн туслахтай харилцсан нь үнэн. Гэвч энэ нь зөвлөлдөж буй хэргийн талаар бус харин дараагийн шүүх хурлын товын талаар болох нь дүгнэлтэд тодорхой тусгагдсан.
Хуульд заасан ажлын цаг дууссанаар шүүх хуралдааны товыг өөрчлөх нөхцөл үүссэн. Хэргийн оролцогчдыг хүлээлгэхгүй байх үүднээс шүүгчийн туслахаас хурлыг орох эсэхийг асуусан чат ирэхэд нь би хариу өгсөн.
Үүнийг миний бие сахилгын зөрчил гаргасан, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчим алдагдсан гэж үзэхгүй байна” гэжээ.
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...Шалгах ажиллагааны явцад шүүгч О.А 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хэдэн шүүх хуралдаан товлосон талаар шүүгчийн туслах А.А-ны “Иргэн-2014” нэгдсэн системийн эрхээр орж үзэхэд нийт 21 шүүх хуралдаан товлосноос онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх 13 хэрэг, ердийн журмаар шийдвэрлэх 8 хэргийн шүүх хуралдаануудыг товложээ.
Үүнээс 15 цаг 30 минутаас С.Ц-ын нэхэмжлэлтэй, ...ерөнхий газарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг, харин 16 цаг 30 минутаас өргөдөлд дурдагдсан С.П-ийн нэхэмжлэлтэй, “М” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг тус тус товлосон байна.
Тухайн өдрийн С.Ц-ын нэхэмжлэлтэй, ...ерөнхий газарт холбогдох иргэний хэргийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ТМ2025/1...9 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл тус хуралдаан нь 15 цаг 40 минутад эхлээд 17 цаг 46 минутад дуусжээ.
Холбогдох шүүгч нь “...дотоод чатаар өөрийн туслах А.А руу хурлын товыг өөрчлөх талаар бичсэн. Зөвлөлдөж буй хэргийн талаар бусадтай харилцаж, зөвлөлдөх тасалгааны нууц задруулсан зүйлгүй бөгөөд миний бие хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно” гэх тайлбар ирүүлж, хариу тайлбартаа холбогдуулан өөрийн дотоод сүлжээнээс шүүгчийн туслах А.А-тай мөн өдрийн 17 цаг 33 минутаас эхлэн харилцсан байгууллагын “Output” нэртэй дотоод сүлжээний харилцсан түүхийг ирүүлсэн.
Дээрх үйл баримттай холбогдуулан **** шүүхийн Тамгын газрын байрны шүүх хуралдааны 9 дүгээр танхимын болон шүүгчийн туслах А.А-ны “Output” нэртэй дотоод сүлжээнүүдэд үзлэг хийв.
Үзлэгээр шүүгчийн туслах А.А-аас шүүгч О.А руу 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн
• 15 цаг 55 минутаас “16:30-ын П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цахимаар оролцож болох уу, очих гэсэн амжихгүй болчихлоо гэнээ” гэхэд шүүгч О.А “үгүй” гэж,
• 17 цаг 33 минутад шүүгчийн туслахаас “шүүгч П орно тээ, зааландаа” гэхэд шүүгч мөн цагт “ажлын цаг дуусчихсан юм чинь тов өөрчилдөг юм уу” гэх хариуг өгчээ.
• 17 цаг 34 минутад шүүгчийн туслахаас “бүгд хүлээж байна. Нэг гуравдагч нь л ирээгүй, өөрчлөхөөр бол та наанаасаа нэг тов хараад хэлчих. Тэгвэл би тов дээр зуруулаад явуулъя даа” гэхэд
• 17 цаг 35 минутад шүүгчээс “12.26 + 13:30” гэх хариуг өгсөн,
• 17 цаг 36 минутад шүүгчийн туслахаас “заа, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь байхгүй гэнээ, Солонгос явж байгаа гэнэ” гэхэд
• 17 цаг 37 минутад шүүгч “хэзээ ирэх юм бэ, хэзээ явах вэ” гэж асуухад шүүгчийн туслах “20-нд яваад 27-нд ирнэ гэнэ. Наана байна уу гэж байна” гэж хариулжээ,
• 17 цаг 38 минутад шүүгч “наана нь алга” гэхэд туслах “тэгвэл хойшоо тавих юм уу шүүгч” гэж хариулсан байна.
• 17 цаг 39 минутад шүүгч “30-нд. Хэд дэх өдөр байна” гэж асуухад шүүгчийн туслах “2” гэв. Шүүгч “за тэгвэл 30” гэхэд шүүгчийн туслах “хэдээс гэх үү? 8:30 гэх үү” гэж асуужээ.
• Улмаар 17 цаг 41 минутад шүүгчийн туслах “заа, 8:30-д товлоод явууллаа шүү шүүгч” гэхэд
• 17 цаг 42 минутад шүүгч “заа” гэж хариулсан байна.
Харин шүүх хуралдааны 9 дүгээр танхимаас шүүгч О.А нь тухайн шүүгчийн туслахтай харилцсан түүх байхгүй байсан болно.
*** шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/186 дугаар “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтаар тус шүүхийн Хөдөлмөрийн дотоод журмыг баталжээ. Уг журмын 5.2-т “Долоо хоногийн ажлын цаг 40-өөс илүүгүй, ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг бөгөөд 08:30 цагт эхэлж, 17:30 цагт дуусна...” гэж тусгагдсан байна.
С.Ц-ын нэхэмжлэлтэй, ...ерөнхий газарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр шүүх хуралдааны 9 дүгээр танхимыг бүхэлд нь буюу шүүгчийн араас болон өмнөх байдлыг харуулсан байдлаар дүрс бичигдсэн байх ба шүүгч О.А-ийн ширээн дээр нь цэнхэр хавтастай календарь, цэнхэр хавтастай ном, хавтаст хэрэг, зөөврийн компьютер байгаа нь бичигджээ.
Шүүгч О.А туслах А.А-тай дотоод сүлжээгээр шүүх хуралдааны явцад 15 цаг 55 минутаас эхлэн 17 цаг 42 минут хүртэл харилцсан, С.Ц-ын нэхэмжлэлтэй, ...ерөнхий газарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд уг хуралдааны дууссан цаг нь 17 цаг 46 минут гэж бичигдсэн, мөн шүүхийн Тамгын газрын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаар албан бичиг зэргээс дүгнэвэл шүүгч О.А нь шүүх хуралдааны явцад болон зөвлөлдөж байх явцдаа өөрийн зөөврийн компьютерт суурилуулсан дотоод сүлжээгээр С.П-ийн нэхэмжлэлтэй, “М” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны товыг өөрчилж, хойшлуулсан үйл баримт тогтоогдож байгаа болно.
Иймд холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33 дахь заалтад “шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах,...” гэсэн шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзлээ” гэжээ.
С.П-ийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “М” ХХК-д холбогдуулан гаргасан ...дүүрэг, ...дүгээр хороо, ...дугаар хороолол, ...гудамж, “М” хотхоны 1..3 дугаар байранд байрлах 4.., 4.., 4.., 5.., 5.. тоот орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох, дээрх орон сууцуудыг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгах, орон сууц захиалгаар барих гэрээний алдангид 36,379,238 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *** шүүхийн шүүгч О.А хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, дор дурдсан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Үүнд:
Нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гардуулсан ба 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШЗ2025/3...0 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор ...дүүрэг, ...дүгээр хороо, ...дугаар хороолол, ... гудамж, “М” хотхоны 1..3 дугаар байранд байрлах 4.., 4.., 4.., 5.., 5.. тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад худалдах, түрээслэх, барьцаалах зэрэг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
Захирамжийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг шүүх 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 191/ШТ2025/0...6 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ЗТ2025/0...2 дугаар тогтоолоор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан, шүүгч 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/4...7 дугаар захирамж гарган, хэргийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлон зарласан.
Мөн өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нь нэр бүхий этгээдийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШЗ2025/4...6 дугаар захирамжаар хангаж, тэдгээрт нэхэмжлэл гардуулах ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 03-18-ны өдрүүдийн хооронд явуулсан ба шүүх хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлогдсон нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 76 дугаар зүйлийн 76.1.1-т “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох” гэж заасан.
Дээр дурдсанаас үзвэл, холбогдох шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хуульд заасан журмын дагуу сунгаж, энэ хугацаанд шүүх хуралдааныг товлон зарласнаас гадна 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан.
Түүнчлэн хэргийн оролцогчоос гаргасан хүсэлттэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагаар шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсонд шүүгчийг буруутгах боломжгүй тул энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
2.Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүгч О.А 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нийт 21 шүүх хуралдаан товлон зарласнаас С.Ц-ын нэхэмжлэлтэй, ...ерөнхий газарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 15 цаг 30 минутад, С.П-ийн нэхэмжлэлтэй, “М” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан 16 цаг 30 минутад товлогджээ.
Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр хуралдаан даргалагчийн ширээн дээр цэнхэр хавтастай календарь, цэнхэр хавтастай ном, хавтаст хэрэг, зөөврийн компьютер байгаа нь тогтоогдсон ба С.Ц-ын нэхэмжлэлтэй, ...ерөнхий газарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 15 цаг 40 минутад эхэлж 17 цаг 46 минутад дууссан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсанаас үзвэл шүүх хуралдаан нийт 55 минут 40 секунд үргэлжилсэн, 55 минут 39 секундэд даргалагч шүүх хуралдаан завсарласныг зарлаж, улмаар шийдвэрийг 1 минут 54 секунд танилцуулжээ.
Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан 16 цаг 35 минутад завсарласан бөгөөд шүүгчийн туслах А.А нь шүүгч О.А-тай дор дурдсан хугацаанд дараах байдлаар харилцжээ. Үүнд:
-17 цаг 33 минутад “шүүгч П орно тээ, зааландаа” гэхэд шүүгч мөн цагт “ажлын цаг дуусчихсан юм чинь тов өөрчилдөг юм уу” гэх хариуг өгчээ.
-17 цаг 34 минутад шүүгчийн туслахаас “бүгд хүлээж байна. Нэг гуравдагч нь л ирээгүй, өөрчлөхөөр бол та наанаасаа нэг тов хараад хэлчих. Тэгвэл би тов дээр зуруулаад явуулъя даа” гэхэд
-17 цаг 35 минутад шүүгчээс “12.26 + 13:30” гэх хариуг өгсөн,
-17 цаг 36 минутад шүүгчийн туслахаас “заа, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь байхгүй гэнээ, Солонгос явж байгаа гэнэ” гэхэд
-17 цаг 37 минутад шүүгч “хэзээ ирэх юм бэ, хэзээ явах вэ” гэж асуухад шүүгчийн туслах “20-нд яваад 27-нд ирнэ гэнэ. Наана байна уу гэж байна” гэж хариулжээ,
-17 цаг 38 минутад шүүгч “наана нь алга” гэхэд туслах “тэгвэл хойшоо тавих юм уу шүүгч” гэж хариулсан байна.
-17 цаг 39 минутад шүүгч “30-нд. Хэд дэх өдөр байна” гэж асуухад шүүгчийн туслах “2” гэв. Шүүгч “за тэгвэл 30” гэхэд шүүгчийн туслах “хэдээс гэх үү? 8:30 гэх үү” гэж асуужээ.
-Улмаар 17 цаг 41 минутад шүүгчийн туслах “заа, 8:30-д товлоод явууллаа шүү шүүгч” гэхэд
-17 цаг 42 минутад шүүгч “заа” гэжээ.
Холбогдох шүүгч нь 17 цаг 33 минутаас 17 цаг 42 минутын хооронд буюу шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцдаа бусадтай харилцсан нь тогтоогдсон тэрээр үгүйсгээгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т “шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах”-ыг шүүгчид хориглосон. Тодруулбал, шүүгч шийдвэр гаргахаар зөвлөлдөхдөө бусадтай ямар нэгэн хэлбэрээр харилцсан бол сахилгын зөрчилд хамаарах тул холбогдох шүүгчийн “...зөвлөлдөж буй хэргийн талаар бус харин дараагийн шүүх хурлын товын талаар харилцсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
3. Хэргийн оролцогчийн эрхийг хангасан талаар:
Илтгэгч гишүүний 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ГЗҮ/2025/0140 дугаар захирамжаар шүүгч О.А-д сахилгын хэрэг үүсгэж, энэхүү захирамжийг өргөдлийн хамт холбогдох шүүгчид 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгч, энэ талаар баримт үйлджээ.
Улмаар 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүгчийн .......@gmail.com хаягаар хэргийн материалыг цахимаар хүргүүлж танилцуулсан, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нотлох дүгнэлтийг мөн мэйлээр хүргүүлжээ.
Сахилгын хорооны хуралдааны даргалагч, бүрэлдэхүүн хуульд заасан журмаар томилогдож, хуралдааны товыг хэргийн оролцогчид мэдэгдсэн тухай баримт үйлдсэн, хэргийн оролцогчоос “эзгүйд шийдвэрлэх” хүсэлт ирүүлсэн болно.
Дээрх үндэслэлээр нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33, 57 дугаар зүйлийн 57.1.2-т заасныг баримтлан *** шүүхийн шүүгч О.А-д “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Ц.ДАВХАРБАЯР