info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-02-26

Дугаар 31

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож,

сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, холбогдох шүүгч Б.Гансүх /цахимаар/, нарийн бичгийн дарга О.Сумъяабазар нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүхэд холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нотлох дүгнэлтдээ: Өмгөөлөгч Б.Б-аас Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүхэд холбогдуулан “... шүүх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан үндэслэлээр татгалзсан бөгөөд шүүгч өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлүүлээгээр үл барам бүрэлдэхүүнээрээ ч хэлэлцээгүй, даргалагч нь дангаараа татгалзал гаргаагүйд тооцлоо гэх зүйл хэлээд хуралдаанаа үргэлжлүүлсэн ...” гэж өргөдөл гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.П-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Л.Д, Б.М нарыг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар захирамжаар албажуулж, улмаар 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.П-ыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, түүнд 16 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Мөн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н-ээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.П-ын ах Б.П-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх, шүүх бүрэлдэхүүнд шүүгч П.Б, Б.М нарыг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар захирамжаар албажуулсан байна.

Өргөдөл гаргагч нь тус хэргийн шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд хэргийг хэлэлцэхээр товлосон 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд прокурор Б.Баярмагнай /томилолтоор/, иргэдийн төлөөлөгч Д.Ш, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Э, түүний өмгөөлөгч Б.Л, шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.Н, Б.Б /цахимаар/ нар оролцжээ.

Тус өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд, шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Гансүх шүүх бүрэлдэхүүнийг танилцуулж, шүүх хуралдаанд оролцогчдоос татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Б нараас “Нэг хохирогчтой, нэг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй, нэг хохирогчийн өмгөөлөгч, нэг прокурор, нэг шүүх бүрэлдэхүүн ах, дүү хоёрын яг адилхан утга агуулгатай хэргийг хоёр удаа шийдэхээр болсон. Ийнхүү хоёр яллагдагчийн (ах, дүүгийн) хэргийг ижил бүрэлдэхүүнтэй шүүх хянан шийдвэрлэх нь тухайн хэргийг бүх талаас нь бодитой, шударгаар шийдвэрлэх боломжийг хязгаарлах, шүүхийн бие даасан байдал, талуудын итгэлцэлд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсгэсэн” гэх агуулгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан байна.

Харин шүүх хуралдаан даргалагч “Урьд өөр хэргийг шийдвэрлэсэн байдал нь энэ хэргийг шийдвэрлэхэд шууд хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ үндэслэлээр гаргаж байгаа татгалзал нь хуульд заасанд нийцэхгүй байгаа учраас шүүгдэгчийн татгалзлыг гаргаагүйд тооцлоо” гэх агуулгаар тайлбарлан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулжээ.

Үүнийг холбогдох шүүгчээс “... Энэ хэргийн хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор оролцсон шүүгдэгчийн дүүд холбогдох өөр хэргийг шийдвэрлэсэн шүүгч нар энэ хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа нь тухайн шүүгч нарыг энэ хэрэгт хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэлд хамаарахгүй гэдэг нь илтэд илэрхий ойлголт юм, ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар Ерөнхий шүүгч багтсан бүрэлдэхүүнийг татгалзаж байгаа тохиолдолд шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэх бөгөөд татгалзлын үндэслэл нь Энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байгаа тохиолдолд зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлэхээр эсхүл уг хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх нь “татгалзал гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ” гэх тайлбарын агуулгад нийцэхгүй тул шүүх хуралдаан даргалагчийн хувьд шүүх хуралдааныг чиглүүлэх үүргийнхээ хүрээнд татгалзал гаргаагүйд тооцож, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Тодруулбал шүүх бүрэлдэхүүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт үндэслэлтэй эсэхийг тухайн бүрэлдэхүүн шийдвэрлэхгүй тул уг хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх эрхгүй ...” гэж тайлбарласан.

Өмгөөлөгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан үндэслэл үүссэн гэж үзэж, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргаж байгаа энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ”, 6 дахь хэсэгт “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

Харин өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад хамаарах эсэх, шүүх бүрэлдэхүүнийг 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оролцсон шүүгч” гэж үзэх эсэхийг шийдвэрлэх нь шүүгчдийн зөвлөгөөний эрх хэмжээний асуудал байна.

Тодруулбал, шүүх хуралдааны татгалзан гаргах хүсэлт гаргах шатанд өмгөөлөгчөөс Ерөнхий шүүгч багтсан бүрэлдэхүүнийг татгалзах хүсэлт гаргаж, ах, дүү хоёрт холбогдох нэг зүйлчлэл, нэг хохирогч, адил үйлдэл бүхий хэргийг нэг шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх нь энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх үндэслэлд хамаарна гэж хүсэлтээ тайлбарлаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим, хэсэг заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолын 1 болон 3 дахь хэсэгт зааснаар ойлгохоор иш татан тайлбарласан “хувийн харилцаатай” гэдгийг шүүгч, шийдвэрлэх гэж байгаа хэрэг, маргаантай ижил төстэй, эсхүл тухайн хэргийн оролцогчдын оролцсон өөр хэрэг маргааныг урьд өмнө шийдвэрлэсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байдал болон шийдвэрлэхэд оролцож байсан нь тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзэх үндэслэлд хамаарахгүй гэх тайлбарт,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн: “оролцсон шүүгч” гэж тухайн хэргийг анхан, давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд дангаар болон шүүх бүрэлдэхүүнд багтаж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг дүгнэж шийдвэрлэхэд оролцсон шүүгчийг ойлгоно, “уг хэргийг” гэдэг нь тухайн яллагдагч (шүүгдэгч)-д холбогдуулан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн агуулгаар тодорхойлогдоно гэх тайлбарт,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч гаргаж болно” гэж заасан нь уг хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, эсхүл шүүгч хуульд зааснаас бусад үндэслэлээр өөрөө татгалзан гарах хүсэлт гаргаж болохгүй гэх тайлбарт тус тус нийцэж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх эрх нь шүүгчдийн зөвлөгөөнд байна гэж үзнэ.

Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5 болон 6 дахь хэсэгт зааснаар зохицуулсан бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим, хэсэг заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5-д зааснаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолын 9 дэх хэсэгт зааснаар ойлгохоор иш татан тайлбарласнаар “шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэнэ” гэдгийг: ... б.Ерөнхий шүүгч өөрөө бүрэлдэхүүнд томилогдсон бөгөөд татгалзагдсан хэд хэдэн шүүгчийн дотор буюу бүрэлдэхүүний олонход өөрөө багтсан тохиолдолд Шүүгчдийн зөвлөгөөн хүсэлтийг хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд, уг хүсэлтийг хэлэлцэхэд татгалзагдсан шүүгч, Ерөнхий шүүгч оролцохгүй гэж ойлгоно.

в.Хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хуульд заасан үндэслэл, журмаар татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд, энэ нь тухайн нөхцөлд уг шүүхийн бүх шүүгч болж байгаагаас тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзсан, эсхүл тухайн шүүхийн нийт шүүгчийн олонхыг татгалзсанаас тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний ирц бүрдэхгүй болсон тохиолдолд хүсэлтийг адил шатны өөр шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ хүсэлтийг шийдвэрлэхэд татгалзагдсан шүүгчид оролцохгүй гэж ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.

Шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах, өөрөө татгалзан гарах нь шүүгч нь хэрэг маргааныг хуульд нийцүүлэн хараат бусаар бие даан хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсээс сэргийлэх, хэрэв оролцогчоос хэргийг хянан шийдвэрлэхэд ийнхүү сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн гэж үзэж, үүнийг хуульд заасан үндэслэлд хамаарна гэх ойлголтоор тайлбарлаж байгаа тохиолдолд уг хүсэлтийг татгалзагдаж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн оролцохгүйгээр хөндлөнгийн байр сууринаас шийдвэрлүүлэх нь хуулийн зорилгод нийцэх юм.

Иймд Ерөнхий шүүгч Б.Гансүх нь шүүх хуралдааныг даргалан явуулахдаа өмгөөлөгчийн татгалзал гаргах шатанд Ерөнхий шүүгч багтсан бүрэлдэхүүнийг татгалзах хүсэлт гаргасныг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэхээр байхад хуульд заасан үндэслэлд хамаарахгүй нь илт тодорхой байна гэж үзэн, хүсэлт гаргаагүйд тооцон хуралдааныг үргэлжлүүлсэн нь холбогдох шүүгчийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл, бүрэлдэхүүний шүүгч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэлээ.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарласан ба тус тайлбарын 3-д “Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно. 4.б.д “Ноцтой зөрчих” гэдгийг: Процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт /зүй бус/ ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан заалт нь шууд нэг утгаар хэрэглэгдэх агуулгатай, хууль тайлбарлах аргаар тайлбарлах шаардлагагүй, хуульчийн тусгай мэдлэг, ур чадвар шаардагдахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт буюу шүүгчдийн зөвлөгөөн шийдвэрлэх хүсэлтийг тодорхойлсон илт тодорхой заалтыг зөрчсөн байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэхээр байна.

Хэдийгээр Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор хуульд заасан татгалзан гаргах үндэслэлийг тайлбарлаж, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх процессыг тодорхойлсон боловч энэ үндэслэлээр хүсэлт гаргах эрх, хүсэлтийг хуульд заасан үндэслэлд хамааруулах нөхцөл, хэзээ гаргасан хүсэлтийг хэн, хэрхэн шийдвэрлэх гэсэн ойлголтуудыг салгаж авч үзэхгүйгээр шууд “илт тодорхой бус” хуулийн зохицуулалт гэж үзэх боломжгүй.

Шүүгч нь хуульд захирагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд заасан хэм хэмжээг чанд мөрдөж ажиллах үүрэгтэй бөгөөд Ерөнхий шүүгч Б.Гансүх нь өөрийг нь оролцсон бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг даргалагчид олгосон эрхээ хэтрүүлэн, шүүгчдийн зөвлөгөөнд хүсэлтийг танилцуулан шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрлэх эрхэд халдаж, Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүрийн баталгаатай эдлэхээр тодорхойлсон “шударга шүүхээр шүүлгэх” эрхийг хязгаарлаж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэлээ.

Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүхийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” зөрчсөн гэх үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдэж, дүгнэлтийг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

 

Холбогдох шүүгч Б.Гансүх ирүүлсэн тайлбартаа “ ...Тус шүүх нь 5 шүүгчтэй бөгөөд ерөнхий шүүгч Б.Гансүх, шүүгч Б.М нар эрүү, зөрчлийн хэргийг, шүүгч П.Б, Л.Д, Я.У нар иргэний хэргийг дагнан шийдвэрлэж, эрүүгийн хэрэг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд иргэний хэрэг дагнан шийдвэрлэж байгаа шүүгч нараас оролцох дарааллыг сугалаагаар урьдчилан тойрог үүсгэсний дагуу томилон оролцуулж байсан.

1. Хэрэг шийдвэрлэлтийн талаар:

Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Н-ээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.П-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, даргалагчаар миний бие, шүүх бүрэлдэхүүнд шүүгч П.Б, Б.М нар томилогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.

Талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт ирүүлээгүй тул 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ...дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлосон.

  1. Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Л-ын хүсэлтээр 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолоор шүүх хуралдааныг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цаг хүртэл,
  2. Шүүгдэгч Б.Пын өмгөөлөгч нэмж авах хүсэлтээр 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолоор шүүх хуралдааныг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цаг хүртэл,
  3. Шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Б.Б-ын “Хэргийн материалтай танилцах тухай” хүсэлтээр 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолоор шүүх хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 14.00 цаг хүртэл,
  4. Шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Б.Б-ын хүсэлтээр 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн .. дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай тогтоолоор шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09.00 цаг хүртэл,
  5. Шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Б.Б, насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Л нарын хүсэлтээр 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолоор шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 08.00 цаг хүртэл,
  6. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Э-ын хүсэлтээр 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолоор шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цаг хүртэл,
  7. Шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Б.Б-ын “Насанд хүрээгүй хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай” хүсэлтийг хангаж, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолоор шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09.00 цаг хүртэл,
  8. Шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Б.Б-ын “Шүүх бүрэлдэхүүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай” хүсэлтийг шийдвэрлүүлэхээр 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолоор шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09.00 цаг хүртэл,
  9. Шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Б.Б-ын хүсэлтээр 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолоор шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цаг хүртэл,
  10. Увс аймгийн Цагдаагийн газар шүүгдэгчийг цагдан хорих байрнаас шүүхийн байранд хуяглан хүргэх ажиллагааг гүйцэтгээгүйн улмаас 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолоор шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 09.00 цаг хүртэл,
  11. Шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Б.Б-ын “Ерөнхий шүүгч Б.Гансүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай” хүсэлтийг шийдвэрлүүлэхээр 2026 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолоор шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 09.00 цаг хүртэл тус тус хойшлуулсан байна.
  1. Б.П-д холбогдох хэргийн тухайд:

      Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н-ээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.П-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор миний бие даргалж, шүүгч Л.Д, Б.М нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг эсрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д 16 (арван зургаа) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 53 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

            Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхим 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд зүйлчлэл, ялд өөрчлөлт оруулахгүйгээр шийтгэх тогтоол, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн боловч тогтоол нь албажиж ирээгүй байгаа болно.

  1. Сахилгын хэрэг үүсгэсэн асуудалд хариу тайлбар гаргах нь:

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд “Өмгөөлөгчийн зүгээс би Улаангомд очихдоо үйлчлүүлэгчтэйгээ ярилцсан. Увс аймгийн сум дундын анхан шатны шүүхийн бүрэлдэхүүн өмнө нь шүүгдэгчийн өөрийн дүүг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасны дагуу 16 жилийн хорих ял оногдуулсан. Энэ бүрэлдэхүүнээр ах нь дахиад хэрэгт шийтгүүлэн гэдэг бол нөхцөл байдал болон мөрдөгдсөн хэрэг, шүүхийн шийдвэр, шүүгдэгч гэм буруугүй талаараа маргаж оролцож байгаа талын хувьд ч тэр зохисгүй байна. Иймд бид татгалзах нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгдсэн. Үйлчлүүлэгч маань өмгөөлөгчөө шүүх хуралдаан татгалзал хэлээрэй гэж ярьсан. Миний хувьд ямар үндэслэлээр татгалзаж байна вэ гэхээр ер нь өөрөө шууд болон шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж. Учир нь шүүх бүрэлдэхүүнийг хэргийн аль нэг оролцогчтой хувийн харилцаатай, сонирхолтой гэдэг агуулгаар биш. Харин энэ хэргийн хувьд тогтсон үзэл баримтлалтай болсон байх өндөр магадлалтай гэж үзэж байна. Хохирогч яг л адилхан нэг мэдүүлэг өгдөг. Ингээд ах, дүү хоёр шүүгдэгчээр ширээний ард байна. Хохирогч энэ хоёр хүний талаар хооронд нь хольж ярьсан асуудал байна. Өнөөдрийн Увс аймгийн сум дундын анхан шатны шүүхээр орж байгаа нь хэлбэр талаасаа ч шүүх хурал болж байна гэх агуулга байгаа болохоос биш. Үр дагавар талаас бид нарт итгэл үнэмшил огт байхгүй болсон. Хохирогчийн мэдүүлгийг шалгах ажиллагаа, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн, гэрчээр өгсөн мэдүүлгийг шалгах ажиллагаа огт хийгдээгүй. Мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаагүй. Ийм байхад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхгүйгээр ноцтой, олон жилийн ялтай хэрэг дээр урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр, хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүйгээр шийдчихсэн байгаа учир одоо Б.П-ын шүүх хурал бараг давтагдан гэдэгт итгэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт итгэл байхгүй. Энэ нь шууд бус агуулга юм. Нөгөө талаасаа манай үйлчлүүлэгчийн хувийн онцлог юу вэ? гэвэл энэ хэрэг 1 хохирогчтой, 2 шүүгдэгчтэй. Тэгэхээр 2 шүүгдэгч хоорондоо төрсөн ах дүү юм. Цаана нь дүүгийнхэн хэргийг шийдсэн шүүх бүрэлдэхүүн орж ирсэн. Ахыг нь дахиад шийтгэнэ. Иймд энэ шүүх бүрэлдэхүүнээр хэргийн үнэн зөвийг олох, ажиллагаануудыг нэмж хийлгэнэ, хэргийн бодит байдлыг тогтоох, шийдвэр гаргуулах итгэлгүй байна. Иймд хуульч, өмгөөлөгчийн хувьд татгалзахаас өөр аргагүй. Нэг агуулгатай нэг хохирогчтой. Б.П болон Б.П гээд тусгаарласан байгаа болохоос нэг хэрэг шүү дээ. Яагаад тусгаарласныг мэдэхгүй. Энэ хэрэгт Б.Гансүх, Б.М шүүгч байгаа шүүх бүрэлдэхүүнээс татгалзахаас өөр аргагүй байна. Татгалзлыг хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэх татгалзал гаргасан.

 Б.П-д холбогдох хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч П.Б оролцоогүй болно.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлийг заасан бөгөөд энэ үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах үндэслэл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Шүүгч өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх үндэслэл байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарна" гэж заасныг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4дүгээр зүйлийн зарим, хэсэг заалтыг тайлбарлах тухай” тогтоолд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолын 1 болон 3 дахь хэсэгт зааснаар ойлгохоор иш татан тайлбарласан бөгөөд тус тогтоолын 1-т ““хувийн харилцаатай” гэдэгт эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгох ба найз нөхдийн дотно, эсхүл хувийн таарамжгүй харилцаатай байхыг, нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа зэрэг нь хамаарахгүй гэж, мөн шүүгч, шийдвэрлэх гэж байгаа хэрэг, маргаантай ижил төстэй, эсхүл тухайн хэргийн оролцогчдын оролцсон өөр хэрэг маргааныг урьд өмнө шийдвэрлэсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байдал болон шийдвэрлэхэд оролцож байсан нь тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзэх үндэслэлд хамаарахгүй” гэж,

Уг тогтоолын 3-т “Энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч гаргаж болно” гэж заасантай уялдуулан уг хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, эсхүл шүүгч хуульд зааснаас бусад үндэслэлээр өөрөө татгалзан гарах хүсэлт гаргаж болохгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд шүүгч, шүүх бүрэлдэхүүн татгалзал гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ гэж тус тус тайлбарлажээ.

2.Энэ хэргийн хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор оролцсон шүүгдэгчийн дүүд холбогдох өөр хэргийг шийдвэрлэсэн шүүгч нар энэ хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа нь тухайн шүүгч нарыг энэ хэрэгт хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэлд хамаарахгүй гэдэг нь илтэд илэрхий ойлголт юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг гаргаагүйд тооцож шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар Ерөнхий шүүгч багтсан бүрэлдэхүүнийг татгалзаж байгаа тохиолдолд шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэх бөгөөд татгалзлын үндэслэл нь Энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байгаа тохиолдолд зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлэхээр эсхүл уг хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх нь “татгалзал гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ” гэж тайлбарын агуулгад нийцэхгүй тул шүүх хуралдаан даргалагчийн хувьд шүүх хуралдааныг чиглүүлэх үүргийнхээ хүрээнд татгалзал гаргаагүйд тооцож, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Тодруулбал шүүх бүрэлдэхүүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт үндэслэлтэй эсэхийг тухайн бүрэлдэхүүн шийдвэрлэхгүй тул уг хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх эрхгүй.

Хуульд заасан үндэслэлд хамаарахгүй татгалзлыг гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах нь дарлагчийн үүрэг бөгөөд миний бие үүргээ биелүүлсэн болно. Иймд надад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч Б.Баас Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүхэд холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн СХТ/2025/0123 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэн, илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулж, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ГНД/2026/0006 дугаар сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт гаргажээ.

Өргөдөл гаргагчаас “...миний бие шүүх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан үндэслэлээр татгалзсан бөгөөд шүүгч өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлүүлээгүйгээр үл барам бүрэлдэхүүнээрээ ч хэлэлцээгүй, даргалагч нь дангаараа татгалзал гаргаагүйд тооцлоо гэх зүйл хэлээд хуралдаанаа үргэлжлүүлсэн. Зүй нь миний гаргасан хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэх, шаардлагагүй гэж үзсэн бол энэ талаар үндэслэл бүхий тайлбар хийж шийдвэрлэснээр хуралдаанаа үргэлжлүүлэх учиртай.” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Увс аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, мөн хуулийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.П-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх, шүүгч П.Б, Б.М нар томилогджээ.

Тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээр товлон зарлагдсан 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд даргалагч шүүгчээс хэргийн оролцогч нараас шүүх бүрэлдэхүүнийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баас “...энэ хэрэг нь нэг хохирогчтой, хоёр шүүгдэгчтэй. Тэгэхээр хоёр шүүгдэгч хоорондоо төрсөн ах дүү юм. Цаана нь дүүгийн хэргийг шийдсэн шүүх бүрэлдэхүүн орж ирсэн ахыг нь дахиад шийтгэнэ. Иймд энэ шүүх бүрэлдэхүүнээр аятайхан шийдвэр гаргана, ажиллагаануудыг нэмж хийлгэнэ, хэргийн бодит байдлыг тогтоох, шийдвэр гаргуулах итгэлгүй байна. ...энэ хэрэгт Б.Гансүх, Б.М шүүгч байгаа учраас шүүх бүрэлдэхүүнээс татгалзахаас өөр аргагүй байна. Татгалзлыг хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр татгалзаж байна, шууд бус буюу өмнө нь энэ дүүгийн хэргийг шийдсэн нь өнөөдөр өөрийнх нь хэргийг шийдэхэд нөлөөтэй” гэж шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан байна.

Даргалагч шүүгч Б.Гансүх өмгөөлөгчийн хүсэлтийг “...хуульд заасан үндэслэлд ямар нөхцөлд хамаарах, хамаарахгүйг Улсын дээд шүүх тайлбарласан байгаа. Энэ тайлбарт зааснаар шууд буюу шууд бусаар хувийн сонирхолтой гэж үзэх нөхцөл байдалд хамаарахгүй байгаа учраас таны хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй. Таныг хүсэлт гаргаагүйд тооцно” гэж тайлбарлан шүүх хуралдааныг үргэлжлүүлжээ.

Улмаар өмгөөлөгч Б.Б-аас “насанд хүрээгүй хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах” хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн .... дүгээр тогтоолоор хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Дээрх үйл баримттай холбогдуулан бүрэлдэхүүний шүүгч П.Б гэрчээр “…хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргаж байгаа бол зөвлөлдөөд, хэрэв бүрэлдэхүүнийг татгалзаж байгаа бол зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ. ...даргалагчийн хувьд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас тайлбарласан тайлбарыг үндэслээд хуульд заасан үндэслэлд хамаарахгүй татгалзал байгаа учраас татгалзал гаргаагүйд тооцлоо гэж шийдвэрлээд хуралдааныг үргэлжлүүлсэн” гэх,

шүүгч Б.М гэрчээр “…хуульд заасан үндэслэлээр гаргасан татгалзлыг хэрхэн шийдвэрлэх талаар хуульд журамласан байгаа. Жишээ нь: Ерөнхий шүүгч бүрэлдэхүүнд байгаа тохиолдолд зөвлөгөөнөөр, харин бүрэлдэхүүний шүүгчийг татгалзаж байгаа бол тухайн шүүгчийг байлцуулахгүйгээр бүрэлдэхүүн шийдвэрлэнэ. Харин татгалзал гаргаагүйд тооцох процессыг журамласан хэм хэмжээ хууль, Улсын Дээд шүүхийн тайлбар, хэргийн хөдөлгөөнд байхгүй. Хэргийг дангаар болон бүрэлдэхүүнээр шийдвэрлэхэд хэлэлцээд татгалзал гаргаагүйд тооцох, эсхүл татгалзал гаргаагүйд тооцоод хуралдааныг үргэлжлүүлэх процесс практикт байгаа юм байна лээ. Тухайнд үед даргалагч татгалзал гаргаагүйд тооцоод, үүнийгээ илэрхийлээд явсан. Үүний үр дагавар нь ил тодорхой байх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйд зааснаар үндэслэлээр хүсэлт гаргасан бол 10.4 дүгээр зүйлд заасан журмаараа хэлэлцэх ёстой. Татгалзал гаргаагүйд тооцох процессыг хэм хэмжээгээр журамлаагүй байгаа учраас тухайнд үед даргалагч татгалзал гараагүйд тооцлоо гэдгээ илэрхийлээд явсан нь шийдвэрлэж байгаа процесс гэхээсээ илүүтэй илэрхийлэл байх ёстой гэж үзээд байгаа. …шүүгч  бүрийн хууль хэрэглээний хувьд өөрөөр практик байгаагаас биш яг тогтсон журам байхгүй гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй” гэх мэдүүлгийг тус тус өгчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ”, 6 дахь хэсэгт “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасан.

Дээрх хуулийн заалтаас үзвэл хэргийн оролцогч Ерөнхий шүүгч багтсан бүрэлдэхүүнийг татгалзах хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлэхээр зохицуулсан байхад хуралдаан даргалагч шүүгч Б.Гансүх нь өмгөөлөгчийн хүсэлтийг “хуульд заасан үндэслэлд хамаарахгүй” гэж тайлбарлан хүсэлт гаргаагүйд тооцож, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн байна.

Хэдийгээр Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим, хэсэг заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.2.3-т “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд шүүгч, шүүх бүрэлдэхүүн татгалзал гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ. Татгалзал гаргаагүйд тооцох нь эцсийн шийдвэр бөгөөд уг шийдвэрийг гаргасан үндэслэлээр шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргаж болохгүй.” гэж тайлбарласан боловч энэ тайлбараар шүүгчийг дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж дүгнэх боломжгүй.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, түүнчлэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчээр хэн, хэн оролцож байгааг мэдэгдэж, шүүгдэгч, татгалзан гаргах хүсэлт гаргах эрх бүхий бусад оролцогчид энэ хуульд заасны дагуу хүсэлт гаргах эрхтэй болохыг тайлбарлана”, 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хуралдаанд оролцогч татгалзан гаргах хүсэлт гаргавал түүнийг энэ хуулийн Аравдугаар бүлэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд хуулиар тогтоосон дарааллын дагуу даргалагч шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж тодруулахад гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх ёстой.

Ийнхүү хуульд заасан журмын дагуу хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасанд хамаарч байх боловч тус сахилгын зөрчлийн “ноцтой” болон “удаа дараа” гэх урьдач нөхцөлийг хангахгүй байна.

Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолд “... “Ноцтой зөрчих” гэдгийг Процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. ...“Удаа дараа” гэдэгт хуулийн илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар зөрчсөн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно.” гэж тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад өөр зөрчлийн шинжтэй үйл баримт тогтоогдоогүй, мөн тухайн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлээгүй, хойшлуулсан, өмгөөлөгчөөс Ерөнхий шүүгч болон шүүх бүрэлдэхүүнээс дахин татгалзан гаргах хүсэлт гаргасныг шийдвэрлэсэн зэргээр зөрчлийн шинж байдал арилж, тухайн шүүгчийн үйлдлийн улмаас хэргийн оролцогчид ноцтой үр дагавар үүсгээгүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөөгүй, хохирол учраагүй байх тул хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнээгүй болно.

Харин шүүгч нь дахин сахилгын зөрчил гаргасан тохиолдолд удаа дараа гэх нөхцөлд хамаарах болохыг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүхэд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ГНД/2026/0006 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүхэд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                    Д.АРИУНТУЯА

                                    ГИШҮҮН                                          Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                                О.НОМУУЛИН