
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-02-25
Дугаар 27
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн-нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаярт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “...Өргөдөлдөө “Д” ХХК болон нэр бүхий иргэд хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгч Ж.Азбаярын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар, шүүгч П.Бгийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар, шүүгч С.Бын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар захирамжууд, тэдгээрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, уг хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгч Ж.Азбаярын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ..., ..., 2025 оны 08 дугаар сарын 22-ны ...дугаар захирамжууд, шүүхэд гаргасан гомдол, гомдол өгсөн хариу албан тоотуудыг хавсарган ирүүлжээ.
Дээрх баримтууд болон өргөдөлд дурдсан үндэслэлээр шүүгч Ж.Азбаяр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн эсэхэд шалгах ажиллагаа явуулж, холбогдох шүүгчийн тайлбар болон тухайн харилцааг зохицуулж буй хууль, тогтоол, журмыг нийтэд нээлттэй байршуулсан мэдээллээс хуулбарлан сахилгын хэрэгт баримтаар авч, дүгнэлт өгөхөд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгчийн гаргасан үйлдэл эс үйлдэхүй нь хуульд заасан сахилгын зөрчлийн шинжийг бүрэн хангасан эсэх, сахилгын хэргийн нөхцөл байдал, үр дагавар зэрэг холбогдох бүхий л үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр хуульд заасан сахилгын зөрчилд тооцогдох эсэх талаар шийдвэрлэх ёстой.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хүсэлт гаргагч тал хүсэлтдээ холбогдох баримтыг хавсарган ирүүлээгүй бол шүүгч уг үйл баримтыг тогтоох замаар хянаж, шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авах боломжтой байсан атал зөвхөн шүүхэд ирүүлсэн баримтад тулгуурлан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх боловч шүүгчийн дээрх үйлдлийг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэхгүй.
Учир нь шүүгчид хориглосон 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлийн бүрдэл нь илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн зөрчил “ноцтой”, эсхүл “удаа дараа” байх ёстой.
Хуулийн дээрх заалтыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №28 дугаартай тогтоолоор “Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно” гэжээ.
Уг заалт дахь “хуулийн” гэдэг нь хууль тогтоогчоос баталсан хуулийн зүйл заалтыг ойлгоно.
Түүнчлэн, шүүгч өөрөөр тайлбарлан хэрэглэх боломжгүй, илтэд тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн, эсхүл илт тодорхой заалтыг зөрчсөнөөр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд залруулж үл болох шинжтэй хор уршиг учруулсан, хуульд заасан үндсэн эрхэд нь ноцтой нь халдсан, энэ нь хэргийн шийдэлд бодитойгоор нөлөөлсөн зэрэг хортой үр дагаварт хүргэсэн үйлдлийг уг зөрчилд тооцох үндэслэлтэй юм.
Уг аргачлал нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 71.1.5, 71.1.6, 71.1.13 дахь хэсэгт тус тус заасны дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлийн тогтоолоор баталсан шүүхийн Тамгын газар хэргийн хөдөлгөөний удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой нэгдсэн аргачлал бөгөөд үүнийг шүүгч Ж.Азбаяр зөрчсөн байх боловч, тус аргачлалыг шүүгчид үүрэг болгосон хуулийн зохицуулалттай адилтгаж үзэх боломжгүй юм.
Холбогдох шүүгч цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хүсэлт гаргагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг онцгойлон үзэж, ямарваа нэгэн хүндрэл учруулалгүйгээр ажиллах шаардлагатай анхаарах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д “Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг дараахь тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргана”, 185.2-т “Шүүгчийн туслах энэ хуулийн 185.1-д заасан шүүгчийн захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор уг захирамж, шүүхийн шийдвэр, шаардлагатай бусад материалыг хавсарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлнэ.” гэж тус тус заажээ.
Энэ заалтаас үзвэл шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шүүх шийдвэрлэвэл, холбогдох баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр байна.
Иймд холбогдох шүүгчийн “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэж, захирамж гаргахдаа шүүхийн эцсийн шийдвэрийг үндэслэл болгохоос гадна хүсэлтийг төлбөр төлөгч эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд гаргасан эсэх, хариуцагч буюу төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй эсэх, захирамж гаргасан тохиолдолд захирамж гаргах үндэслэл болсон шүүхийн захирамж, шийдвэр, магадлал, тогтоол нь хуульд заасан баримтын шаардлага хангаж байгаа эсэх зэргийг шалгаж дүгнэсний эцэст шийдвэрлэх хуулийн зохицуулалттай...” гэх тайлбар үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэсэн нь хүсэлтийг хангах тухай шүүгчид үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд шүүгч үнэлэлт, дүгнэлт өгөх тухай гэж ойлгоно.
Иймд тус хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн шийдвэр, түүнд гаргасан зохигчийн гомдолд эрх бүхий этгээд нь хуульд заасан хүрээний дотор хариу өгсөн үйл баримтыг зөрчилд тооцох боломжгүй.
Иймд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаярт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргаж, уг саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Шүүгч Ж.Азбаяр тайлбартаа: “...Өргөдөл гаргагч "Д" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаярын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар, шүүгч С.Б-ын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар, шүүгч П.Б-гийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар захирамжуудыг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг шүүгч Ж.Азбаяр миний бие 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар, мөн өдрийн ... дугаар, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ...дугаар захирамжуудаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэж, захирамж гаргахдаа шүүхийн эцсийн шийдвэрийг үндэслэл болгохоос гадна хүсэлтийг төлбөр төлөгч эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд гаргасан эсэх, хариуцагч буюу төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй эсэх, захирамж гаргасан тохиолдолд захирамж гаргах үндэслэл болсон шүүхийн захирамж, шийдвэр, магадлал, тогтоол нь хуульд заасан баримтын шаардлага хангаж байгаа эсэх зэргийг шалгаж дүгнэсний эцэст шийдвэрлэх хуулийн зохицуулалттай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2-т "Шүүгчийн туслах энэ хуулийн 185.1-д заасан шүүгчийн захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор уг захирамж, шүүхийн шийдвэр шаардлагатай бусад материалыг хавсарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлнэ.” гэж хуульчилсан.
Төлбөр авагч буюу хүсэлт гаргагч албадан гүйцэтгэх захирамж гүйцэтгэх хуудас холбогдох баримтыг шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх эсхүл өөрөө хүргэх талаар сонгож хүсэлтээ гаргах зохицуулалт хуульд байхгүй байна.
Миний бие хүсэлтийг татгалзаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтдээ хавсарган ирүүлсэн тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар захирамжууд /өнгөтөөр хувилсан/ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа нь татгалзах үндэслэл болсон талаар дүгнэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн.
Шүүгч Ж.Азбаяр би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд бусад шүүгч нарын гаргасан захирамж, шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 146 хүсэлт, өөрийн гаргасан захирамж, шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 512 хүсэлт, нийт 658 шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг хянаж, шийдвэрлэсэн байх бөгөөд үүнээс өргөдөл гаргагч "Д" ХХК-ийн гурван хүсэлтээс бусад 655 хүсэлтүүдэд захирамж, шийдвэр, магадлалыг эх хувь, нотариатчаар гэрчлүүлсэн хувь, эсхүл тус шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарсан хувийг хавсарган ирүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүх болон шүүхээр үйлчлүүлж буй иргэн, хуулийн этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 185.2 дахь хэсэгт заасан харилцан хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож, хэрэглэдэг болох нь дээр дурдсан тоон үзүүлэлтээс харагдаж байгаа ба миний бие хуулийн хүрээнд хүсэлтийг татгалзан шийдвэрлэсэн.
Өргөдөл гаргагч нь Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн "Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал"-д нэмэлт өөрчлөлт оруулах, "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загвар"-ыг шинэчлэн батлах тухай тухай 205 дугаар тогтоолын 7.8.2-т "Хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргахдаа холбогдох захирамж, шийдвэр, магадлал, тогтоолыг эх хувиар нь өгөөгүй тохиолдолд шүүх өөрт байгаа баримтын хувийг хэргийн оролцогчоос шаардахгүй" гэх шүүгчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээнүүдийг зөрчин ёс зүйн алдаа гаргаж, мэргэжлийн илэрхий алдаа гаргах байдлаар өргөдөл гаргагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэжээ.
Дээрх 205 дугаар тогтоолын 7.8.3-т "Шүүгчийн туслах шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг гарсан өдөрт нь холбогдох материалын хамт Бүртгэл №12-т бүртгэж, бичиг хүргэгчид Бүртгэл №24-өөр шилжүүлнэ.
Бичиг хүргэгч 1 хоногийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд заасны дагуу харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүлээлгэн өгч, эсхүл шуудангаар хүргүүлэн хүлээн авсан этгээдээр Бүртгэл №25-д нэр, гарын үсгийг тайллын хамт зуруулна." гэж заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2-т заасан зохицуулалттай холбоотой бөгөөд шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасан шаардлага хангасан гүйцэтгэх баримт бичгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хуулийн шаардлагатай.
Өргөдөл гаргагчийн дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар, мөн өдрийн ... дугаар, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ...дугаар захирамжууд нь өргөдөл гаргагчийг дахин шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргахад саад болохгүй бөгөөд одоо ч өргөдөл гаргагч хуулийн этгээд нь холбогдох баримт, материалаа хавсарган хүсэлтээ гаргах эрхтэй болно. Миний бие хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн тул өргөдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-с Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаярт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ГЗҮ/2026/0001 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ. Өргөдөлд хавсаргасан баримтуудаас үзвэл Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ...дугаар захирамжаар шүүгч Ж.Азбаяр “Д” ХХК-ийн З.Б-тэй байгуулсан эвлэрлийн гэрээг,
2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар захирамжаар шүүгч П.Б “Д” ХХК-ийн Б.Б-тэй байгуулсан эвлэрлийн гэрээг,
2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн .... дугаар захирамжаар шүүгч С.Б “Д” ХХК-ийн Э.Т нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг тус тус баталгаажуулсан байна.
“Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-өөс 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн .., 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн .., 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг гаргажээ.
Тус хүсэлтийг шүүгч Ж.Азбаяр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн .. дугаар, ... дугаар, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд хүсэлтдээ хавсарган ирүүлсэн тус шүүхийн ....захирамж нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан бөгөөд уг хүсэлтэд хавсаргасан баримт нь дээрх шаардлагыг хангаагүй” гэж дүгнэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Улмаар “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-өөс тус захирамжуудыг өөрчлүүлэх хүсэлтийг гаргаж, шүүгч Ж.Азбаяраас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн .. дугаар, ... дугаар, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар захирамжаар “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2-т “Шүүгчийн туслах энэ хуулийн 185.1-д заасан шүүгчийн захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор уг захирамж, шүүхийн шийдвэр, шаардлагатай бусад материалыг хавсарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлнэ” гэж хуульчилсан. Тодруулбал, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг төлбөр авагч тал албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд холбогдох баримтыг үнэлсний үндсэн дээр албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргаж, албадан гүйцэтгүүлэх шийдвэрийг, шаардлагатай бусад материалын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлдэг. Хүсэлт гаргагч нь шүүхийн шийдвэрийг эх хувиар нь эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг, боломжгүй бол тохиолдолд тус шүүхийн Тамгын газрын архиваас шүүхийн шийдвэрийн хуулбарыг гаргуулан авч, хүсэлтдээ хавсаргах боломжгүй байгаа талаарх хүндэтгэн үзэх шалтгаан нь тодорхойгүй байх бөгөөд шүүх өөрт байгаа шийдвэрээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх боломжгүй юм. Иймд хуульд заасан илт үндэслэл муутай болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
“Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-өөс тус шүүгчийн захирамжуудыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн А.Б хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3/02075, 3/02076, 3/02077 дугаар албан бичгээр “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан үндэслэлд хамаарахгүй тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй” гэх хариу хүргүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг дараахь тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргана”, 185.1.1-т “төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан”, 185.2 дахь хэсэгт “Шүүгчийн туслах энэ хуулийн 185.1-д заасан шүүгчийн захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор уг захирамж, шүүхийн шийдвэр, шаардлагатай бусад материалыг хавсарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлнэ” гэж заасан.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 7.8.2-т “Хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргахдаа холбогдох захирамж, шийдвэр, магадлал, тогтоолыг эх хувиар нь өгөөгүй тохиолдолд шүүх өөрт байгаа баримтын хувийг хэргийн оролцогчоос шаардахгүй” гэж заасан.
Гэтэл шүүгч албадан гүйцэтгүүлэх хүсэлтэд хавсарган ирүүлсэн шүүгчийн захирамжийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан нь дээрх журмыг зөрчсөн байх боловч шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Учир нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг утгаар ойлгогдож хэрэглэгддэг, агуулга нь нэгэнт тогтсон нэр томьёо, ойлголт, хуулийн заалт хамаарах тул шүүгчийн дээрх үйлдлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчилд тооцох боломжгүй байна.
Цаашид шүүгч холбогдох хууль тогтоомж, журмыг чанд баримталж дээрх нөхцөл байдал дахин гарахгүй байхад анхаарч ажиллавал зохино.
Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаярт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ГС/2026/0017 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаярт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН О.НОМУУЛИН
Х.ХАШБААТАР