
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-03-18
Дугаар 34
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, ажиглагчаар өргөдөл гаргагч Л.А /цахимаар/ нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгсөд холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ГС/2026/0023 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “1. Өргөдөлд “...69-ийн арга хэмжээ авхуулах хүсэлт эцэслэн шийдвэрлэгдээгүй, өөрийн гаргасан захирамжийн 1 дэх заалт хүчингүй болж тогтоол гарчихсан байхад миний хүсэлтийг эцэслэн шийдвэрлэлгүйгээр хийх ёсгүй Ц.А-ийн хүсэлтийг хууль бусаар Л.А надад танилцуулж, гарын үсэг зуруулахгүйгээр хангаж шийдвэрлэн Ц.А-д давуу байдал олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай захирамжийг хууль бусаар гаргаж, дээрх хууль бус гаргасан захирамжаа 10 хоногийн дотор Л.А надад танилцуулж, гарын үсэг зуруулахгүйгээр тухайн захирамжийн 1 дэх хэсэгт заасан хугацааг зориуд санаатай өнгөрөөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж миний эрхийг зөрчсөн...” гэж дурджээ.
Шалгах ажиллагааны хүрээнд Ц.А-ийн нэхэмжлэлтэй Л.А-д холбогдох иргэний хэрэгт үзлэг хийхэд, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчаас тус шүүхэд “...Ц.А-ийн нэр дээр бүртгэлтэй дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхээс гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийг тогтоож өмчийн маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар бусдад барьцаалахгүй шилжүүлэхгүй байхыг даалгаж өгнө үү ... тус шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 581 дугаартай шүүгчийн захирамжид дурдагдаагүй орхигдсон ...Л.А миний үүсгэн байгуулсан “Б Б” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байгаа *** орчимд байрлалтай нэгж тайлбарын *** дугаарт бүртгэлтэй газар тариалангийн зориулалтаар эзэмших эрх бүхий гэрчилгээтэй 73,646 квадрат метр талбайтай газрын эрхийг бусдад барьцаалахгүй шилжүүлэхгүй байхыг Ц.А-д даалгаж өгнө үү...” гэх агуулгаар өргөдөл гаргасан байна.
Тус хүсэлтийг холбогдох шүүгч хүлээн авч, хянаад 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар захирамжийн “ЗАХИРАМЖЛАХ нь” хэсгийн 1 дэх заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасныг үндэслэн хариуцагчаас гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргажээ.
Уг шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг тус шүүхээс хянан хэлэлцээд 2025 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн *** дугаар тогтоолоор хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, дээрх захирамжийн “ЗАХИРАМЖЛАХ нь” хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.
Мөн хариуцагчаас 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “...Гэрч Ч.А-ийн утас, хаяг, байршил нь тодорхойгүй байгаа тул Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулж олж тогтоон, шүүхийн захирамжийн биелэлт хангуулан хууль сануулан гэрчийн мэдүүлэг авхуулах даалгавар гүйцэтгэн ирүүлэхийг даалгаж өгнө үү...” гэж , нэхэмжлэгчээс “...2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “2013 онд гэрлэлт цуцлах үед байсан гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай” болгосон. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч Ц.А би ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн 25.1.3-т заасан эрхийн дагуу “тухайн үед дундын эд хөрөнгөд бүртгэлтэй байсан дараах эд хөрөнгөд шинжээч томилж, эд хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэх” хүсэлтэй байна. Үүнд: 1.*** байрлах *** дугаар бүхий инженерийн шугам сүлжээ, 2.*** дугаар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** дугаартай үйлчилгээний зориулалттай эд хөрөнгө, 3.Нэгж талбарын *** дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар...” гэж тус тус шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар захирамжаар хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шинжээчээр “Х ү” ХХК-ийг томилон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “...шинжээч томилуулах ... хүсэлт гаргах” гэж хэргийн оролцогч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг заасан ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь ... шинжилгээ хийлгэх ... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл ... зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн 47 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8-д зааснаар шүүгч захирамж гарган иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр зохицуулсан.
Иймд шүүгч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг нэхэмжлэгчид давуу байдал олгосон гэж үзэх боломжгүй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хэргийн оролцогч нарын хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг гардуулах талаар тухайлан зохицуулаагүй байх ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “Шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж, 89.3.3-т “шүүгчийн үйл ажиллагаанд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх” гэж, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.2 дугаар зүйлийн 4.2.2 дэх хэсэгт “...Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, Баримт No7-г үйлдэж, хэрэгт хавсаргана.” гэж тус тус заажээ.
Иймд хэргийн оролцогч нарын гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах мэдэгдэж энэ талаар баримт үйлдэх үүрэгтэй.
Үүнтэй холбогдуулж шүүгчийн туслах М.Жавхлангаас гэрчээр асуухад “...Энэхүү захирамж гарсан талаар хэргийн оролцогч нарт утсаар мэдэгдсэн. Гардуулсан зүйл байхгүй. Зохигчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжийг гарсан даруйд өөрсдөд нь мэдэгдсэн. Ирж танилцаарай гэж хэлсэн. Дараа нь ирж хэргийн материалтай танилцах үедээ захирамжтай танилцсан. Тухайн үед захирамжийг мэдэгдсэн боловч гомдол гаргаагүй...” гэх мэдүүлгийг өгсөн.
Хэргийн оролцогч нарын хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсны дараа шүүгчийн туслах нь талуудад мэдэгдсэн гэх боловч тухайн иргэний хэрэгт мэдэгдсэн талаар ямар нэгэн баримт хавсаргаагүй байна.
Тиймээс шүүгчийн туслах хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйд шүүгчийг буруутгах, шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй.
Түүнчлэн, хэргийн оролцогч захирамжийг мэдсэн даруйдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу гомдол гаргах эрхээ сэргээлгэх эрх нь хуульд зааснаар нээлттэй ба хариуцагч нь захирамжийг дараа нь мэдсэн талаар өргөдөлдөө дурдсан байх боловч гомдол гаргах, уг хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасан талаар баримт тухайн хэрэгт байгаагүй болно.
Мөн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны *** дугаар захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн 2025 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн *** дугаар тогтоолыг хэзээ албажуулж гаргасан болохыг шалгах ажиллагааны явцад тус шүүхийн системд үзлэг хийхэд 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр албажиж гаргасан болох нь тогтоогдсон ба шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар захирамжаар хэргийн оролцогчийн дараа нь гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэж иргэний хэргийг түдгэлзүүлэх үед холбогдох шүүгчид дээрх тогтоол ирээгүй байжээ. Нөгөө талаар дээрх хоёр захирамжаар шийдвэрлэсэн хэргийн оролцогч нарын хүсэлтүүд нь хоорондоо харилцан хамааралгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн тохиолдолд ямар нэгэн ажиллагаа явуулж болохгүй байхаар хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 80.3-д зааснаар түдгэлзүүлсэн үндэслэл арилсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, үргэлжлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг.
Хуульд заасан дээрх зохицуулалтын дагуу 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Х ү” ХХК-иас дүгнэлт ирснээр шүүгч Т.Жавхлантөгс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *** дүгээр захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар хариуцагчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай өмнө нь гаргасан хүсэлтийг хангаж, холбогдох үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, захиран зарцуулахгүй байхыг нэхэмжлэгч Ц.А-д даалгаж шийдвэрлэсэн байх тул түүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
2. Өргөдөл гаргагч 12 дугаар сарын 11-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн гомдолдоо “...Хавтас хэргийн 5-р хавтаснаас 9-р хавтас хүртэлх нүүрийг өөрчилсөн /шүүгчийн хориглосон үйлдэл/ нэхэмжлэгч Ц.А-ийн нэхэмжлэлийг өөрчилж өвлөх эрхийн гэрчилгээнээс нэр хасуулах гэж буруу бичсэн ... Улсын дээд шүүхээс ахин шийдвэрлэ гэсэн нотлох баримтыг өмнө нь шийдсэн гэх шийдвэрүүдтэй хольж нууж байгаад хууль бусаар Ц.А-ийн талд шийдвэр гаргах гэсэн хууль зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харагдахаар байна...” гэж дурдсан.
...Холбогдох шүүгч тайлбартаа “...Шүүгч би шүүгчийн туслахын алдаа зөрчлийг тухай бүр нь арилгуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийнхээ дагуу хэргийн хавтсанд буруу бичигдсэнийг засуулсан...” гэжээ.
Ц.А-ийн нэхэмжлэлтэй, Л.А-д холбогдох иргэний хэргийн хавтас хэргийн 1-5 дугаар хавтаст “Улсын бүртгэлийн *** дугаартай Инженерийн шугам сүлжээ зориулалттай улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ***, *** гэрчилгээнүүдээс /өмчлөх эрхийн/ Л.А-ын нэрийг тус тус хасуулах тухай” гэх агуулгаар нэхэмжлэлийн агуулгыг тодорхойлж бичсэн байх ба нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “А.Ж, А.Б нарын сургалтын төлбөр болон эрүүл мэндийн үйлчилгээний зардлаас хариуцагчид ногдох хувь болох 21,732,195 төгрөгийг гаргуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн учир иргэний хэргийн 6-10 дугаар хавтасны нэхэмжлэлийн агуулгыг “А.Ж, А.Б нарын сургалтын төлбөр болон эрүүл мэндийн үйлчилгээний зардал 21,732,195 төгрөг гаргуулах, 2013 онд гэрлэлт цуцлуулах үед байсан гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах тухай” гэх агуулгаар өөрчилсөн болох нь холбогдох шүүгчийн тайлбар болон шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдож байна.
Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн туслахын техникийн шинжтэй алдаа гаргасныг шүүгч хяналт тавих, залруулах, чиглэл өгөх үүрэгтэй байхаар хуульчилсны дагуу шүүгч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, иргэний хэргийн хавтасны нүүр хэсэгт анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгаар бичсэн байсныг өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаар залруулсан үйлдэл нь түүнийг сахилгын зөрчил гаргасанд тооцогдохгүй.
3. Өргөдөлд “...Хаан үнэлгээ ХХК нь илт хууль бус, шинжээчийн эрх, үүрэгт байхгүй хүсэлтийг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн ч одоо болтол хүсэлттэй холбогдуулан ямар нэг хариу өгөөгүй байна. Шүүх байгууллага, шүүгч нь дээрх Х ү ХХК-д ямар нэг хариу тайлбарыг хуулийн хугацаанд заавал өгсөн байх хуультай...” гэжээ.
...Шүүх шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээний объектын тоо хэмжээ, шинжилгээний цар хүрээ, онцлогийг харгалзан шинжилгээ хийх жишиг хугацааг үндэслэн шинжилгээ хийх хугацааг тогтооно” гэж, 16.3-д “Шинжээч энэ хуулийн 16.1-д заасны дагуу тогтоосон хугацаанд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй бол хугацаа дуусахаас өмнө шинжилгээний байгууллагын хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтанд хугацааг сунгуулах тухай хүсэлтээ өөрийн биеэр мэдэгдэж, хүсэлтээ тайлбарлана” гэсэн ба тус хуулийн 48 дугаар зүйлд шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтны эрх, үүрэг, хориглох зүйлийг нэрлэн заасан бөгөөд 48.1.1-д “шаардлагатай тохиолдолд шинжилгээний хугацааг сунгаж энэ тухай шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд мэдэгдэх” гэж тус тус зохицуулснаас үзвэл “Х ү” ХХК-иас 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ирүүлсэн хүсэлт нь тогтоосон хугацаанд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй талаар шүүхэд мэдэгдсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн тохиолдолд ямар нэгэн ажиллагаа явуулж болохгүй бөгөөд шинжээч томилсон үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хэсэг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үед ирүүлсэн хүсэлтийг тухайн хэргийг сэргээсний дараа шийдвэрлэхээр хуульчилсан.
Мөн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 307/ШЗ2025/04300 дугаар захирамжийн биелэлт хангагдаагүй удсан учир тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 890 дугаар албан тоотоор 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дотор ирүүлэхийг шаардсан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд холбогдох шүүгчийг шинжээчээр томилогдсон “Х ү” ХХК-иас 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ирүүлсэн хүсэлтэд хариу өгөөгүй гэх үндэслэлээр буруутгах боломжгүй.
4. Тухайн иргэний хэрэг Улсын дээд шүүхээс ирж шүүгч Т.Жавхлантөгсөд хуваарилагдахаас өмнө болон дараа нь хэрэгт цугларсан баримтуудын тоо хавтас хэрэгт нэг бүрчлэн дугаарлагдсан нь үзлэгээр тогтоогдсон ба хэзээний ямар баримт хэргээс устсан алга болсон гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаар тогтоогдсонгүй.
Дээрхээс дүгнэвэл, өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгсөд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Т.Жавхлантөгс Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн тохиолдолд ямар нэгэн ажиллагаа явуулж болохгүй бөгөөд энэхүү хугацаанд ирсэн хүсэлтийг иргэний хэргийг сэргээсний дараа шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай болно. Шүүх хуралдааныг удаа дараа товлон зарлахад хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулах болон бусад үндэслэлээр хүсэлт гаргадаг бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулж шүүх хуралдааныг хойшлуулдаг.
...Гэр бүл цуцлуулахтай холбоотой нэхэмжлэлийг 2013 онд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх шийдвэрлэсэн, одоо гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой маргааныг буюу тухайн 2013 онд байсан эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхийн тулд тухайн эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгож, тэр үнэлгээг үндэслэж шүүх шийдвэрлэх учраас шинжээч томилсон үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно.” гэж заасны дагуу хийгдсэн ажиллагаа юм.
Өөрөөр хэлбэл шүүгч би 2013 онд болон одоо маргаан бүхий эд хөрөнгүүд хэдэн төгрөгийн үнэтэй байсан, байгаа талаар хөрөнгө үнэлэх эрхтэй этгээд биш учир мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилсон нь нэхэмжлэгч Ц.Ад болон шүүгч би өөртөө давуу байдал олгосон гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Шүүгч Т.Жавхлантөгс би Ц.А, Б.А, А.Ж нарын нэхэмжлэлтэй Л.А-д холбогдох А.Ж, А.Б нарын сургалтын төлбөр болон эрүүл мэндийн үйлчилгээний зардлаас хариуцагчид ногдох хувь болох 21,732,195 төгрөгийг гаргуулах, 2013 онд гэрлэлт цуцлах үед байсан гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай” үндсэн, “Гэр бүлийн дундын өмчийг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр тогтоолгох, гэр бүлийн дундын өмчөөс ногдох хэсэг гаргуулах, хуваарьт өмч тогтоолгох, 2014 оны 01 дүгээр сарын 01-ээс 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хамтран амьдарч, хамтын аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байсан болохыг тогтоох, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Б б” ХХК-ийн хувьцаа худалдах гэрээ болон компанийн удирдах төлөөлөх эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, хуваарьт өмч тогтоолгох, хамтран өмчлөгчөөр тус тус тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш явуулж байгаа бөгөөд бусад хэргүүд гэдгийг мэдэхгүй, өмнө нь манай шүүхээр шийдвэрлэгдээд хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэртэй хэргүүд тус шүүхийн архивд хадгалагдаж байгаа, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтээр удаа дараа хянаж байхад бүрэлдэхүүнд орж байсан, бусдаар өөр шүүгчид ямар хэрэг байгааг мэдэхгүй бөгөөд шүүгч бид нэгнийхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, нотлох баримтыг хооронд нь хольж, солих боломжгүй юм.
...Ц.А-ийн нэхэмжлэлтэй Л.А-д холбогдох Улсын бүртгэлийн *** дугаартай Инженерийн шугам сүлжээ зориулалттай улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, *** дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, *** дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс тус тус Л.А-ын нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ц.А 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А.Ж, А.Б нарын сургалтын төлбөр болон эрүүл мэндийн үйлчилгээний зардлаас хариуцагчид ногдох хувь болох 21,732,195 төгрөгийг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, нэхэмжлэгч Ц.А, Б.А, А.Ж нар 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 2013 онд гэрлэлт цуцлах үед байсан гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай гэж өөрчилсөн байхад хэргийн хавтсанд шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага бичигдсэн байсныг залруулж, шүүгчийн туслахаар засуулж хэргийн хавтсыг сольсон болно.
Энэ хэргийг нэг ч удаа шийдвэрлээгүй байгаа бөгөөд шийдвэр гараагүй учир хууль бус шийдвэр гаргасан гэсэнд тайлбар хэлэх боломжгүй байна.
Шүүгч би шүүгчийн туслахын алдаа зөрчлийг тухай бүр нь арилгуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийнхээ дагуу хэргийн хавтсанд буруу бичигдсэнийг засуулсан.
...Улсын дээд шүүхээс буцаж ирсэн 2020 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 520 дугаартай хэргийг би шийдвэрлээгүй бөгөөд архивд байгаа хэрэгт би хяналт тавих үүрэг хүлээгээгүй учир тайлбар хийх боломжгүй юм.
...Шүүгч Д., шүүгч Д.О нарын шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцоогүй, оролцох боломжгүй, эдгээр шүүгч нар ч миний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй бөгөөд тухайн шүүгч нараас тайлбар авах нь зүйтэй байх.
...Нотлох баримтыг холих, солих, өөрчлөн засварлаагүй бөгөөд хэрэв ийм зүйл тогтоогдвол энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар захирамжаар Ц.А-ийн нэхэмжлэлтэй, Л.А-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгчийн “гэрч асуулгах” тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, уг захирамжийг эс зөвшөөрч хариуцагч гомдол гаргасныг тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар тогтоолоор хангаж, захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгосон.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар захирамжаар нэхэмжлэгчээс гаргасан “шинжээч томилуулах” хүсэлтийг хангаж “Х ү” ХХК-ийг шинжээчээр томилон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдоно.
Дээрх захирамжуудыг гаргасан шүүгч Т.Ж-д холбогдуулан хариуцагч Л.А гомдол гаргаж, үндэслэлээ “...урьд гаргасан 69-ийн арга хэмжээ авхуулах хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй байхад Ц.А-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэн давуу байдал олгосон, шинжээч томилох шаардлагагүй байхад томилсон, уг хууль бус захирамжаа танилцуулаагүй, шинжээч “Х ү” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтэд хариу өгөөгүй” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй”: 69.1.5 “тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах” гэж заасан.
Шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар захирамжийн 1 дэх заалтаар хариуцагчийн “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар тогтоолоор хүчингүй болгосон байх бөгөөд шүүгч нь хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх эсэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг болно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “... шинжээч томилуулах ...хүсэлт гаргах” гэж хэргийн оролцогчийн эрхийг, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь ... шинжилгээ хийлгэх, ...тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж нотлох баримт цуглуулах ажиллагааг, 47 дугаар зүйлийн 47.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ... тооцоо, тоо бүртгэл, ... зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж шинжээч томилох үндэслэлийг, 80 дугаар зүйлийн 80.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараах тохиолдолд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ”, 80.1.8 “энэ хуулийн 39, 41, 47 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулж байгаа бол” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлийг тус тус зохицуулсан.
Шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар захирамжаар нэхэмжлэгчийн “шинжээч томилуулах” хүсэлтийг хангаж, хариуцагчийн “гэрчийг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулах” хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй талаар илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд зохигч талуудаас гаргасан хүсэлтийг ирсэн дарааллаар шийдвэрлэх, нэг хүсэлтийг шийдвэрлэсний дараа нөгөө хүсэлтийг шийдвэрлэх үүргийг шүүгч хуулиар хүлээгээгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж шинжээч томилсон, үүнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн үйл ажиллагааг сахилгын зөрчилд тооцох боломжгүй.
Түүнчлэн, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамжийг гардуулах талаар хуулиар нарийвчлан зохицуулаагүй бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 52 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.2 дугаар зүйлийн 4.2.2 дэх хэсэгт “...Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, Баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж заасан байна.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт мэдэгдэж, хуульд заасны дагуу гомдол гаргах эрхийг хангах нь шүүгчийн туслахын чиг үүрэгт хамаарна гэж ойлгох ба шүүгчийн захирамж гарсан талаар мэдэгдээгүй шүүгчийн туслахын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотойгоор шүүгчийг шууд буруутгах үндэслэлгүй.
Дээрх болон өргөдөлд дурдсан бусад гомдолд илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул шүүгч Т.Жавхлантөгсөд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ГС/2026/0023 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгсөд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН