info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-03-26

Дугаар 41

Улаанбаатар хот

2026.03.26                                      СХМ/2026/0041

 

 

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Иргэн Ш.Б-аас Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэнд холбогдуулан гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн Б.Сугар хүлээн авч хянаад, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ГЗҮ/2025/...20 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ГС/2026/... дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Илтгэгч гишүүн саналдаа: “Өргөдөлд дурдагдаж буй иргэн Н.Б, Ш.Б болон “А” ХХК нарт холбогдох нэхэмжлэл, иргэний хэргийг хуваарилсан талаарх баримтыг Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газраас гаргуулж, сахилгын хэрэгт нотлох баримтаар авахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна. 

  • 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133/2020/...7/и индексийн дугаартай, Ш.Б-ын нэхэмжлэлтэй, Н.Б-д холбогдох иргэний хэрэг шүүгч Ц.Үйтүмэнд;
  • 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 133/2021/...9/и индексийн дугаартай, Ш.Б-ын нэхэмжлэлтэй, “А” ХХК-д холбогдох иргэний хэрэг шүүгч Н.О-т;
  • 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 133/2022/...5/и индексийн дугаартай, Н.Б-ын нэхэмжлэлтэй, Ш.Б-д холбогдох иргэний хэрэг шүүгч Н.О-т;
  • 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 133/2022/...9/и индексийн дугаартай Н.Б-ын нэхэмжлэлтэй, Ш.Б-д холбогдох иргэний хэрэг шүүгч Ц.Үйтүмэнд;
  • 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 133/2022/...1/и индексийн дугаартай Н.Б-ын нэхэмжлэлтэй, Ш.Б-д иргэний хэрэг шүүгч Ц.Үйтүмэнд
  • 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн  “А” ХХК-ны нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэг шүүгч Н.О-т тус тус системээс хуваарилагджээ.

Батлагдсан орон тооны дагуу нэр бүхий шүүгчид ажиллан, шүүн таслах ажиллагаа явуулдаг бөгөөд шүүх бүр өөрийн нарийвчилсан журмыг батлан, мөрдөж ажиллаж, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргасан хуваарийн дагуу шүүгчийн дарааллыг нэгдсэн цахим системд бүртгэдэг.

Шүүхэд ирсэн нэхэмжлэл, хэрэг, хүсэлт зэргийг хуваарилахдаа шүүхийн Тамгын газрын мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн Иргэний хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс санамсаргүй тохиолдлоор урьдчилан мэдэх боломжгүй байдлаар хуваарилан “Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдлын бүртгэл”-д бүртгэж, хуваарилагдсан шүүгчид хүлээлгэн өгдөг. Өөрөөр хэлбэл хэрэг хуваарилах ажиллагаа зөвхөн цахим технологи ашиглан хийгддэг тул хэн нэгэн үүнд нөлөөлөх боломжгүй юм.

Иймд холбогдох шүүгчийн “...Тухайн үед Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүх нь эрүү, иргэний хэргийг тусад нь дагнаж шийдвэрлэдэг хоёр тойрогтой байсан. Энэ үед 2-3 шүүгч иргэний хэрэг, нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэдэг байсан. Цөөн шүүгч тойрог болж хэрэг хуваарилан шийдвэрлэж байгаа тохиолдолд нэг шүүгчид маргалдагч талуудын хэд хэдэн нэхэмжлэл хуваарилагдах магадлалтай байдаг...” гэх тайлбар үндэслэлтэй.

Дээрхээр өргөдөлд дурдагдаж буй нэр бүхий этгээдүүд 2020 оноос эхлэн өөр цаг хугацаанд  нэхэмжлэл гаргасан байх ба эдгээрийг хэн нэгэн этгээдэд ашигтай байдлаар холбогдох хууль, журмыг зөрчиж хуваарилсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт “энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно” гэж заасан байх ба Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолоор “шүүгчийг татгалзаж үл болно" гэсэн зохицуулалтыг нарийвчлан тайлбарлажээ.

Уг тайлбарт “энэ хуульд заагаагүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос шүүгч өөрөө татгалзах, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргахыг хориглоно гэж ойлгоно. “...ижил үндэслэлээр татгалзах хүсэлтийг дахин гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна. Энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна” гэжээ.

Хэрэв шүүгч хэргийн оролцогч этгээдтэй нэг үзэл санаатай, хэргийг шударгаар шийдвэрлэх эргэлзээтэй гэж үзвэл хэргийн оролцогч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй ба шүүхэд гаргасан үндэслэл бүхий гомдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэдэг.

Өргөдөл гаргагч буюу маргаан бүхий иргэний хэргийн оролцогч Ш.Б болон Н.Б нараас дээрх эрхийн хүрээнд гаргасан хүсэлтийг тухай бүр эрх бүхий этгээд нь шийдвэрлэсэн талаарх баримт шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт авагдсан. Үүнд:

1.  Ш.Б-ын өмгөөлөгч Ж.Д “...хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэж байгаар хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт эргэлзээ төрж байна...” гэх үндэслэлээр шүүгч Ц.Үйтүмэнийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шийдвэрлүүлэхээр ...сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, уг шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ..9 дүгээр “Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах тухай хэргийн оролцогчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор;

2.  Ш.Б “...нэхэмжлэгч Б-той багын найз нөхдийн холбоотой, хамт сурч байсан, миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгчийн  Б-ын талд шийдвэр гаргасан, түүний хэргийг өөр дээрээ авч хурал даргалсан, хэргийг үнэн зөв шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэж байна” хэмээн дурдаж, шүүгч Ц.Үйтүмэнийг /Ерөнхий шүүгч/ татгалзан гаргах хүсэлт гаргасныг Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 133/ЗТ2023/...0, 133/ЗТ2023/...1 дүгээр тогтоолоор тус тус хангахаас татгалзаж,

3.  Н.Б Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б-ыг татгалзан гаргах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж тус тус шийдвэрлэжээ.

Өргөдөлд дурдагдсан нэг агуулга буюу шүүгч Ц.Үйтүмэн хэргийн оролцогч Н.Б-той ашиг сонирхлын зөрчилтэй гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг өргөдөл гаргагч шүүхэд гаргаж, улмаар шийдвэрлүүлжээ.

Цөөн хүн амтай орон нутагт оршин сууж буй хэн боловч хоорондоо энгийн байдлаар харилцах, хөрш зэргэлдээ амьдардаг байх, нэг сургуульд сурсан байх, шүүгчийн ажил үүргээ гүйцэтгэхээс бусад үед хуулиар хориглоогүй үйл ажиллагаа явуулах зэрэг нийтлэг тохиолддог нөхцөлийг ашиг сонирхлын зөрчил үүсгэх хувийн дотно харилцаанд хамааруулах боломжгүй юм.

Шүүгч өөрт хуваарилагдсан, харьяалан шийдвэрлэх хэрэг маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “шүүгч дараах үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” үндэслэл үүсээгүй тохиолдолд хэргийн оролцогч нь хэн байхаас үл хамаарч заавал хянан шийдвэрлэх үүрэгтэй.

Хэдийгээр тус хороо шүүхийн шийдвэрт үнэлэлт, дүгнэлт өгөхгүй боловч шүүгч Ц.Үйтүмэн хэрэг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуульд заасан илт тодорхой заалтыг зөрчсөн эсэх, хэргийн нэг талд давуу байдал олгосон эсэхийг тогтоохоор шалгах ажиллагаа явуулж цуглуулсан баримт болон өргөдөлд хавсарган ирүүлсэн хуулбар баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

  • Н.Б-оос гаргасан “А” ХХК-ны 37 хувийг эргүүлэн авах тухай” шаардлага бүхий Ш.Б-д холбогдох нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэж,
  • Ш.Б-аас гаргасан “А ХХК-ийн 0...1 тоот тогтоолын дагуу Н.Б-ыг гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн болохыг тогтоолгох, компанийн тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай” Н.Б-д холбогдох нэхэмжлэл, хариуцагчаас гаргасан  “А” ХХК-ийн 0...1 тоот тогтоолыг хүчинтэйд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
  • Ш.Б-аас гаргасан “2018 оны 133/ШШ2018/...8 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж,
  • Н.Б-оос гаргасан “А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцуулах тухай” Ш.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба дээрх баримтаар зөвхөн Н.Б гэх иргэний талд шийдвэр гарсан” гэх үндэслэл тогтоогдоогүй ба хуульд илт тодорхой заасан зохицуулалтыг зөрчсөн үйлдэл гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар шүүгч баримтыг хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь хуулиар олгогдсон шүүгчийн хараат бус, бүрэн эрхэд хамаардаг бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн харилцааг зохицуулсан хуулийн заалтад нийцүүлэн тайлбарлаж, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгсөн үйл баримт зөрчилд хамаарахгүй.

Иймд харьяалан шийдвэрлэх дээд шатны шүүхүүд нь шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах үүргээ хэрэгжүүлсэн, улмаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт орсон, хүчингүй болсон байх хэдий ч энэхүү үйл баримтаар шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэхгүй. 

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гараагүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

 

Шүүгч Ц.Үйтүмэн хариу тайлбартаа: “...Хэргүүдийг өөртөө хуваарилан авч шийдвэрлэсэн гэх тухайд:

Монгол Улсад нийт шүүхийн хэмжээнд эрүү, иргэн, захиргааны хэрэг, нэхэмжлэлийг бүх шатны шүүхүүд Нийт шүүгчдийн чуулганаас баталсан нийтлэг журамд нийцүүлэн тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан нарийвчилсан журмын дагуу хуваарилдаг билээ.

Ингэж хуваарилах ажлыг тухайн шүүхийн Тамгын газар нь мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр гүйцэтгүүлэх ба ингэхдээ сугалаагаар тойрог үүсгүүлж мэдээллийн технологийн нэгдсэн системийг ашиглан санамсаргүй тохиолдлын журмаар таарсан шүүгчид хуваарилах зарчмыг нийтлэг баримталдаг. Технологийн шийдлээр зохицуулагддаг зүйлийг хэн нэгэн өөрчилж, өөртөө тааруулах ямар ч боломжгүй гэдгийг хэн ч, ялангуяа өмгөөлөгч нар маш сайн мэдэх байх.

Тухайн үед Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүх нь эрүү, иргэний хэргийг тусад нь дагнаж шийдвэрлэдэг хоёр тойрогтой байсан. Энэ үед 2-3 шүүгч иргэний хэрэг, нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэдэг байсан.

Цөөн шүүгч тойрог болж хэрэг хуваарилан шийдвэрлэж байгаа тохиолдолд нэг шүүгчид маргалдагч талуудын хэд хэдэн нэхэмжлэл хуваарилагдах магадлалтай байдаг.

Ш.Б, Н.Б нарын хоорондын маргаантай хэд хэдэн хэрэг байсан ба өөр бусад шүүгч нарт ч хуваарилагдан шийдвэрлэгдэж байсан байдаг.

Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гарсан бол түүнийг оролцуулахгүйгээр бусад шүүгч нар шүүгчдийн зөвлөгөөн хийж шийдвэрлэдэг хуулийн зохицуулалтын дагуу татгалзал хангагдахгүй шийдвэрлэгдэж, би шийдвэрлэж байсан тохиолдол байна.

  • Хэрэг шийдвэрлэсэн байдлын тухайд:

Ш.Б-ын нэхэмжлэлтэй, Н.Б-ыг А компанийн гүйцэтгэх удирдлагаас чөлөөлснийг тогтоолгох, компанийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэг, Н.Б-ын нэхэмжлэлтэй, А компанийн 37 хувийн хувьцааг Ш.Б-ын хууль бус эзэмшиж байгааг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргүүд нь тухайн үед Компанийн тухай хуулиар шийдвэрлэгдэж байсан ба тус шүүхийн хэмжээнд болон шүүгч миний хувьд Компанийн тухай хуулийг хэрэглэн хэрэг маргаан шийдвэрлэж байсан тохиолдол байхгүй байсан, хууль хэрэглээний мэдлэг, практик туршлага муутайгаас хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байж болох ба манай улсын шүүхийн тогтолцоо нь гурван  шатны шүүхтэй буюу шүүх алдаагаа залруулан засдаг тогтолцоо гэж үздэг.

Энэ зарчмаар тухайн үеийн шийдвэрүүд нь шат шатны шүүхүүдээр хянагдаж зөвтгөгдсөн байна. Хэргийг буруу шийдэх нь мэдлэг, туршлагын ойлголт ба харин илт худлаа шийдвэрлэх нь ёс зүйн ойлголт болох байх.

Шүүгчийн тухайд шийдвэр нь дээд шатны шүүхээр хянагдах, алдаа засагдах бүрэн боломжтой учир ямарваа хэргийн оролцогчдын ярьдаг шиг худлаа шийдэх ямар ч шаардлагагүй, ач холбогдолгүй, боломжгүй зүйл юм.

Бусад хүлээн авахаас татгалзсан, эсхүл хангасан гэх нэхэмжлэл, хүсэлтүүдийн тухайд шүүгч тодорхой хэмжээнд хууль болон эрх зүйн ухамсар өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон шийдвэрлэж байсан болно. Энэ талаар шүүхийн шийдвэр, захирамжид тодорхой асуудлаар хууль зүйн дүгнэлтүүдийг хийх замаар шийдвэрлэж байсан ба ямар нэг байдлаар дүгнэлт хийгээгүй, хуулийг тайлбарлах байдлаар хэрэглээгүй шийдвэр, захирамж үгүй юм.

Тухайлбал миний санаж байгаагаар Ш.Б-ыг шүүхийн шийдвэр гарах хүртэл “А” ХХК-тай холбоотой аливаа асуудлаар гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхгүй байхыг даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчинтэй эсэхийг буюу гүйцэтгэх удирдлагыг хэн хэрэгжүүлэх нь шууд маргааны зүйл болж, шүүхийн шийдвэр хэрхэн гарах нь тодорхойгүй байхад хэргийн нөгөө талыг гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх нь түүний шийдвэр үйл ажиллагаанаас нь компани болон бусад этгээдийн эрх ашигт хохирол учрах, өөр маргаан бүхий байдлыг бий болгох сөрөг үр дагавраас сэргийлэх зорилго, агуулгаар үндэслэлээ тодорхойлсон санагдаж байна.

Дээрх байдлаар Ш.Б-ын болон Н.Б-ын 3 нэхэмжлэл над дээр хуваарилагдаж байснаас 2 хэргийг шийдвэрлэн, дээд шүүхээр хянагдаж зөвтгөгдсөн, Б-ын нэг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Өөр бусад иргэдийн хэрэгт болон эвлэрүүлэн зуучлалын гэрээг баталсан захирамжуудыг гаргаж шийдвэрлэж байсан.

  • Ашиг сонирхлын зөрчилтэй гэх байдлын тухайд:

Тэр үед А компанийн захирал Н.Б-д холбогдох нэлээдгүй олон нэхэмжлэл өөр бусад иргэдээс шүүхэд гаргасан байдаг ба тэр бүр мөн хууль болон журамд заасны дагуу хуваарилагдан шийдвэрлэх, эвлэрлийг батлах зэрэг шийдвэр захирамжуудыг миний бие мөн адил цөөнгүй гаргасан байдаг. Эндээс Н.Б-ын талд бүгдийг шийдвэрлээд байсан зүйл байгүй.

Нэгэн шүүх хуралдаанд Ш.Б-ын өмгөөлөгч Ж.Д надыг татгалзан гаргахдаа “...Н.Б-той арван жилийн найз...” гэх үндэслэлээр татгалзсан байдаг, хуралдаанд татгалзагдаж байгаагийн хувиар тайлбараа хэлж, Н.Б-ыг хэдэн онд төрснийг тодруулахад 1970 билүү 1971 онд /одоо санаж байгаагаар/ төрсөн. Надаас 4-5 насаар ах байсан. Хүүхдийн хувьд нэг насны зөрүү маш их зөрүү байдаг. Наашлуулж бодоход арван жилийн сургуульд 10 дугаар ангийн сурагч, 4, 5 дугаар ангийн сурагчид найзалж нөхөрлөөд байсан гэх нь яаж ч бодсон үндэслэл муутай юм. Ш.Б, Н.Б гэдэг хүмүүсийг аль алиныг нь мэдэхээс танилын хэмжээний харилцаа холбоо үгүй юм.

Нөгөө талаар шүүгч сонирхол, хоббигоороо бусадтай нэгдэхийг хориглосон ёс зүйн хэм хэмжээ байхгүй ба тодруулахад би өөрөө морь гардаж уядаггүй, хамаатны хүн маань уяж миний нэр дээр уралдуулдаг байснаас Н.Б-той миний бие болон морь уядаг хүн маань нэг ч удаа хамтарч морь уяагүй болно. Миний нэр дээр байсан морьдыг ...гэдэг газар уядаг байсан ба Н.Б-ын адуу түүний сум болох ...сумд уягддаг байх гэж бодож байна.

Харин ч Ш.Б болон түүний өмгөөлөгч Ж.Д нарын нөхөр бас морь уядаг бөгөөд Ш.Б-ын зарим морьд нь манай ...багт нутаг ойр уягддаг гэж сонсож байсан болно. Тэглээ гээд би Б-тай хамт морь уядаг гэсэн үг биш байх. Миний бие 2019 оноос уях морьгүй, хурдан удмын үржлийн цөөн адуутай байгаа болно.

Гомдолд надыг барилгын бизнес эрхэлдэг гэжээ. Миний бие болон манай гэр бүлийн хувьд ямар нэг бизнес эрхэлдэггүй бөгөөд гэр бүлийн амины аж ахуйн хүрээнд гэр орон сууцныхаа нөхцөл сайжруулах, талбайг томсгох, хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулж жижиг ажлын байр талбай бий болгох гэх зэрэг зүйлүүдийг өөрийн гэр бүлийн хүрээнд /аж ахуйн аргаар гэж ярьдаг/ барьж бий болгож байсныг хүмүүс зарчих гэхээр нь зарж байсан тохиолдол байдаг болохоос дангаараа юм уу Н.Б-той хамтраад барилга барьсан, тогтмол бизнес хийсэн тохиолдол байхгүй. Н.Б-ыг ч барилгын бизнес тогтмол эрхэлдэг гэдгийг мэдэхгүй байна.

Надыг 2010-2012 ...сум дахь сум дундын шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад ирэхэд Говь-Алтай аймагт нэг 5 давхар байшин баригдаж эхэлж байсан, тухайн үед тус аймагт тийм хэмжээний барилга баригддаггүй байсан тул содон харагдаад асуухад Б-ынх гэж байсан ба хожим гомдолд дурдсан хэргүүдийг шийдвэрлэх үед Ш.Б, Н.Б нарын хоорондын мөнгөний асуудалд дурдагдаж байсан санагдаж байна.

Ер нь амьдрал дээр миний анзаарснаар аль ч салбарын төрийн албан хаагч хувийн асуудлаа ямар нэг байдлаар шийдвэрлээгүй, амьдралын баталгаагаа бий болгож бэхжүүлж чадаагүй хүмүүс ямар нэг байдлаар нөлөөнд автах хууль бус шийдвэр гаргах магадлалтай байдаг гэж анзаарагдсан, би өөрийн шударга хөдөлмөр, хичээл зүтгэлээр өөрийн нөхцөл байдлыг сайжруулахаар бага залуу шүүгч болоогүй байхаасаа л хичээж зүтгэж ирсэн ба энэ ч бодлоороо амьдралаа өөд татах бага хэмжээний зүйлийг гэр бүлийн хэмжээндээ зуны амралтын улиралд хэрэгжүүлсэн байдаг /Энэ асуудлаар урьд шалгагдсан/.

Мөн шүүгчийн хараат бус байдлыг хангах чиглэлээр чамгүй анхаарч байгаагийн үр дүнд одоо цагт бусдын нөлөөнд автаж гомдол гаргагчийн бичсэнээр авлига авах шүүгч байхгүй гэдэгт итгэдэг.

Харин ч Ш.Б-ын тухайд миний танилаар дамжуулан 2020 оны үед нөлөөлөхийг оролдож надад хэлүүлэхээр ярилцаж байсан ч тэр нь надтай уулзаж хэлээгүй тухайгаа хожим тааралдахдаа болсон явдлыг хэлж байсан тохиолдол байдаг.

Улмаар Ш.Б, Н.Б нар өөр өөрсдийн эсрэг шийдвэр гаргасан шүүгч нарыг харилцан хардаж татгалзах байдал сонсогдож байдаг.

Ш.Б нь Н.Б-ыг цагдаагийн байгууллагаар удаа дараа шалгуулсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудлыг хардах байдалтай байдаг талаар мөн шүүх хуралдаануудад дурдан маргаж байсан байдаг.

Хамгийн сүүлд миний санаж байгаагаар Н.Б-оос гаргасан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчинтэй тооцуулах тухай /гэсэн байсан санагдаж байна/ нэхэмжлэлийг би захирамжаар хүлээн авахаас татгалзсан байдаг нь дээрх хардлагуудыг үгүйсгэх жишээ болох байх.

Шүүгч нар нэрэлхүү байдлаасаа ч гэх үү хүмүүсийн хардлага сэрдлэг, ор үндэслэлгүй гүтгэлэгт ямар нэг байдлаар хариу арга хэмжээ авдаггүй байдал нь зарим тохиолдолд хэрээс хэтэрч байдаг. Хэдийгээр гомдол гаргах эрхтэй ч хүнийг баримт нотолгоогүйгээр магадлалтай гэж гэмт хэрэгт гүтгэж болохгүй.

Дээрх хэргүүдийн талаарх шийдвэрүүд дээд шатны шүүхээр хянагдан зөвтгөгдөж Ш.Б-д ашигтайгаар шийдвэрлэгдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа ингэж байгаа нь зүгээр ч нэг гомдол гаргаагүй байх гэж бодож байна.

Н.Б-ын хувийн болон компанид ажиллаж байх үеийн шийдвэрлэгдсэн нэлээдгүй өр байдаг, санхүүгийн байдал нь хүнд байгаа гэдгийг Ш.Б надаас сайн мэдэж байгаа ба ийм нөхцөл байдалд байгаа хүн хэргийн шийдвэр дараа дараагийн шатаар хянагдаж зөвтгөгдөхийг мэдсээр байж бусдад авлига өгөх боломж чадвар байхгүй байх, учир зүй логикгүй асуудал юм. Ш.Б энэ байдлыг мэдсээр байж дээрх хоёр удаагийн шийдвэр зөвтгөгдсөний дараа ийм гомдол гаргаж байгаа нь өөр зорилготой болов уу гэж үзэхээр байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Өргөдөл гаргагч Ш.Б 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр  “...шүүгч Ц.Үйтүмэн нь Н.Б-ын болон “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Б нарын хоорондын шүүхэд гаргасан бүх иргэний хэргийг өөртөө хуваарилан авч, ...Н.Б-ын талд удаа дараа шийдвэрлэж байсан; ...шүүгч нь Н.Б-той хувийн ашиг сонирхлын зөрчилтэй /10 жилийн нэг сургууль төгссөн найзууд, хамт морь уядаг уяачид, мөн адилхан барилга барьдаг бизнестэй/, уг хэргүүдийн хүрээнд авлига авсан байх магадлалтай хэмээн үзэж байгаа тул ...шалгаж, хуулийн хариуцлага ногдуулж өгнө үү” гэх утга агуулга бүхий өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 1-3 тал/

 

Илтгэгч гишүүн Б.Сугар 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ГС/2026/... дүгээр саналдаа “...хэрэг хуваарилах ажиллагаа зөвхөн цахим технологи ашиглан хийгддэг тул хэн нэгэн үүнд нөлөөлөх боломжгүй... өргөдөлд дурдагдаж буй нэр бүхий этгээдүүд 2020 оноос эхлэн өөр цаг хугацаанд нэхэмжлэл гаргасан байх ба эдгээрийг хэн нэгэн этгээдэд ашигтай байдлаар холбогдох хууль, журмыг зөрчиж хуваарилсан гэх үйл баримт тогтоогдоогүй; ...Цөөн хүн амтай орон нутагт оршин сууж буй хэн боловч хоорондоо энгийн байдлаар харилцах, хөрш зэргэлдээ амьдардаг байх, нэг сургуульд сурсан байх, шүүгчийн ажил үүргээ гүйцэтгэхээс бусад үед хуулиар хориглоогүй үйл ажиллагаа явуулах зэрэг нийтлэг тохиолддог нөхцөлийг ашиг сонирхлын зөрчил үүсгэх хувийн дотно харилцаанд хамааруулах боломжгүй...” гэж үзээд шүүгч Ц.Үйтүмэнийг зөрчил гаргасан гэж үзээгүй байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 17-25 тал/

 

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд илтгэгч гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ...4 дүгээр албан бичгийн дагуу Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 712 дугаар албан бичгээр өргөдөлд дурдагдсан иргэн Н.Б, Ш.Б болон “А” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тэдгээрийг шүүгчид  хуваарилсан талаарх баримтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан “шүүгчийг татгалзах гаргах тухай” хүсэлтүүдийг шийдвэрлэсэн шүүхийн эрхийн актууд, шүүгчийн захирамжууд мөн холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол, мөн тус Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ...7 дугаар албан бичгээр 2020 оноос 2025 оны хооронд дээрх иргэд, компанийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдлүүд, шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэргийг хянан шийдвэрлэсэн байдлын талаарх судалгааг тус тус ирүүлсэн байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 102-240, 242-250, 2 дугаар хавтасны 1-15 тал/

Уг судалгаанаас үзэхэд иргэн Н.Б 5 удаа,  Ш.Б 2 удаа, “А” ХХК 1 удаа, нийт 8 удаагийн нэхэмжлэл гаргасны 3 нэхэмжлэл нь шүүгч Ц.Үйтүмэнд, 3 нэхэмжлэл нь шүүгч Н.О-т, 2 нэхэмжлэл нь шүүгч Б.М-д хуваарилагджээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 9-10 тал/

Дээрх шүүгч нараас шүүгч Б.М нэхэмжлэлүүдийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бол, шүүгч Ц.Үйтүмэн, Н.О нар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

 

Шүүгч Ц.Үйтүмэний шийдвэрлэсэн хэргүүдийг үзэхэд:

          1. Ш.Б-ын нэхэмжлэлтэй, Н.Б-д холбогдох 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “АС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 0...1 дүгээр тогтоолын дагуу Н.Б-ыг компанийн захирлаас чөлөөлсөн болохыг тогтоож, хариуцагч Н.Б-оос компанийн тамга, тэмдэг, гэрчилгээ бичиг баримтыг гаргуулах тухай үндсэн шаардлагатай, хариуцагч Н.Б-ын нэхэмжлэгч Ш.Б-д холбогдуулсан хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0...1 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, 133/ШШ2020/...5 дугаар шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 208-215 тал/

          Дээрх шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.З, Н.Э нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан буюу үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 216-225 тал/

          Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагч тал эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн танхимын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж, мөн өдрийн 001/ХТ2022/...0 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан.

          Тодруулбал: магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар Н.Б-оос компанийн тамга тэмдэг, гэрчилгээ бичиг баримтыг гаргуулж, “АС” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Б-д олгож, хариуцагчийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0...1 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон” гэж өөрчилжээ.  /с.х-ийн 1 дүгээр хавтасны 226-232 тал/

 

          2. Н.Б-ын нэхэмжлэлтэй, Ш.Б-д холбогдох “А” ХХК-ийн 37 хувийн хувьцааг Ш.Б хууль бусаар эзэмшиж байгааг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, 133/ШШ2023/...1 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.  /с.х-ийн 1 дүгээр хавтасны 112-123 тал/

          Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 215/МА2023/...20 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 124-128 тал/

          Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Энхбат хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2023/...5 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 129-134 тал/

          3. Харин үлдсэн хэрэг буюу Н.Б-ын нэхэмжлэлтэй, Ш.Б-д холбогдох “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэн шүүгчийн 133/ШЗ2023/...3 дугаар захирамжаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож байсан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 145-150 тал/

Иймд илтгэгч гишүүний “...өргөдөлд дурдагдаж буй нэр бүхий этгээдүүд 2020 оноос эхлэн өөр цаг хугацаанд нэхэмжлэл гаргасан байх ба эдгээрийг хэн нэгэн этгээдэд ашигтай байдлаар хууль, журмыг зөрчиж хуваарилсан гэх үйл баримт тогтоогдоогүй...” гэж үзсэнийг бүрэлдэхүүн хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэв. /с.х-ийн 2 дугаар хавтасны 17-25 тал/

 

Харин илтгэгч гишүүний “...Цөөн хүн амтай орон нутагт оршин сууж буй хэн боловч хоорондоо энгийн байдлаар харилцах, хөрш зэргэлдээ амьдардаг байх, нэг сургуульд сурсан байх, шүүгчийн ажил үүргээ гүйцэтгэхээс бусад үед хуулиар хориглоогүй үйл ажиллагаа явуулах зэрэг нийтлэг тохиолддог нөхцөлийг ашиг сонирхлын зөрчил үүсгэх хувийн дотно харилцаанд хамааруулах боломжгүй юм...” гэж дүгнэснийг хүлээн авах боломжгүй гэж 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн сахилгын хорооны хуралдаанаас үзсэн.

Өөрөөр хэлбэл илтгэгч гишүүн нь өргөдлийн “...10 жилийн нэг сургууль төгссөн найзууд, хамт морь уядаг уяачид, мөн адилхан барилга барьдаг бизнестэй, уг хэргүүдийн хүрээнд авлига авсан байх магадлалтай хэмээн үзэж байгаа тул гомдолд дурдсан асуудлаар хязгаарлагдахгүйгээр шалгаж, холбогдох хуулийн хариуцлагыг ногдуулж өгнө үү” гэсэнтэй холбоотой ямар нэгэн шалгах ажиллагаа явуулаагүй байх бөгөөд уг үндэслэлтэй холбоотой саналд дээр дурдсанаас өөрөөр дүгнэлт өгөөгүйг  хангалтай бус гэж дүгнээд Шүүхийн сахилгын хорооны хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн СХТ/2026/...1 дүгээр тогтоолоор шүүгч Ц.Үйтүмэнийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан эсэхийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж шийдвэрлэсэн. /с.х-ийн 2 дугаар хавтасны 36-45, 47 тал/

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Шүүхийн сахилгын хорооны дээрх тогтоолыг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг үндэслэн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай" мөрдөгчийн саналыг Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 48 тал/

Улмаар Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ..5 дугаар тогтоолоор “...гэрч Н.Б: ...шүүгч Ц.Үйтүмэнийг зүс таних төдий таньдаг. Ямар нэгэн найз нөхөд, садан төрлийн холбоо байхгүй,... түүнтэй хамтарч морь уядаггүй байсан. Харин намайг морь уядаг байхад миний морь уяж байгаа газрын ойролцоо Ц.Үйтүмэн морь уядаг байсан. Мөн хамтарч барилгын ажил эрхэлж байгаагүй. “А” ХХК-тай холбоотой иргэний хэрэг маргаан нь шүүхээр шийдвэрлэгдээгүй байгаа... Говь-Алтай аймгийн шүүх энэ хэргийг шийдвэрлэж чадахгүй байгаад гомдолтой байгаа... гэсэн мэдүүлэг өгсөн...

Дээрх материал цугларсан баримтуудаас дүгнэхэд шүүгч Ц.Үйтүмэн нь нэхэмжлэл, хүсэлтүүдийн тухайд тодорхой хэмжээнд хууль болон эрх зүйн ухамсар, өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон шийдвэрлэж, энэ талаар шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид тодорхой асуудлаар хууль зүйн дүгнэлтүүдийг хийх замаар шийдвэрлэж байсан ба ямар нэг байдлаар хуулийг буруу тайлбарлах, илт хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж бусдад давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдохгүй байна... шүүгч Ц.Үйтүмэн нь “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ын дагуу тойргоор таарсан нэхэмжлэл, хүсэлтүүдийг шийдвэрлэсэн болох нь Шүүхийн сахилгын хорооноос хэрэг үүсгэн шалгасан тогтоолд дурдагдсан нөхцөл байдлаас тогтоогдож байна.

Түүнчлэн уг хэргүүдийн хүрээнд авлига авсан байх магадлалтай гэсэн асуудлын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шүүгч Ц.Үйтүмэн, Н.Б нар нь хоорондоо гэр бүлийн гишүүн, төрөл садан, өөрөө шууд эсхүл шууд бусаар хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн гэрч Н.Б-ын “...надад ямар нэгэн шаардсан зүйл байхгүй. Би шүүх хуралд орохдоо байнгын өмгөөлөгчтэйгөө орж байгаа. Манай компани нь гүйцэтгэх захирлын асуудлаар шүүхэд хандахад хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Шүүгч Ц.Үйтүмэн одоо хүртэл миний энэ хэргийг шийдвэрлэхгүй байгаад гайхаж байна. Хэрвээ би өөрөө Ц.Үйтүмэн гэж шүүгчтэй холбоотой байсан бол миний энэ хэрэг шийдвэрлэгдсэн байх ёстой гэж бодож байна...” гэх мэдүүлэг болон улсын бүртгэлийн лавлагаа, арилжааны банкнуудын дансны хуулга зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсонгүй...” гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 49-51 тал/

Хэдийгээр илтгэгч гишүүн нь өргөдлийн “...10 жилийн нэг сургууль төгссөн найзууд, хамт морь уядаг уяачид, мөн адилхан барилга барьдаг бизнестэй,...” гэх үндэслэлтэй холбоотой шалгах ажиллагаа явуулаагүй, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа хангалттай дүгнэлт өгөөгүй боловч Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх үйл баримт шалгагдсан тул өргөдөлд дурдагдсан үйл баримт тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8 дахь хэсэгт “Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ”, 106.9 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл хуулийн дээрх агуулгаар хүчин төгөлдөр эрхийн актаар тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул өргөдөл дурдагдсан уг үндэслэлийг Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ..5 дугаар тогтоолоор тогтоогдсон гэж үзлээ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Ц.Үйтүмэн нь Монгол Улсын шүүхийн тухай 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ГС/2026/... дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон мэдээлэл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

 

  1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

  1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ          Д.ЭРДЭНЭЧУЛУУН                      

 

            ГИШҮҮН                Д.АРИУНТУЯА

 

                                              С.ЭНХТӨР