info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-03-24

Дугаар 37

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа,  С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн О.С нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Иргэн С.О-ээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайханд холбогдуулан гаргасан өргөдөлд илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2026/...7 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Илтгэгч гишүүн саналдаа: “Шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/...5 дугаар цагаатгах тогтоолоор Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Я-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус;

Г.Ө, Г.И нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Я, Г.Ө, Г.И нарыг тус тус цагаатгаж шийдвэрлэсэн,

2.  Шүүх хуралдааны тэмдэглэлтэй хохирогч С.О танилцаж 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр засвар оруулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/...0 дугаар захирамжаар хэсэгчлэн хангасан,

3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ДШМ/...4 дүгээр магадлалаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн,

4. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2...0 дугаар тогтоолоор хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан үйл баримт тогтоогдоно.

Дээрх эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.О нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайханд холбогдуулан өргөдөл гаргаж, үндэслэлээ “...чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлээгүй, нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан л бол гэмт хэрэг үйлдэж, хууль зөрчсөн нь тогтоогдсон ч гэм буруугүй, хууль зөрчөөгүй гэж үзнэ хэмээн нотариатын хууль бус үйлдэлд дүгнэлт хийсэн, итгэмжлэл буюу хууль ёсны төлөөллийг маш тодорхой тайлбарласан байхад хуулийн холбогдох заалтууд болон Улсын дээд шүүхийн зөвлөмжийг санаатайгаар буруугаар тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн, шүүх хуралдааныг явуулахдаа шүүгдэгчийн талд гэдгээ биеийн хэлэмж, үгээрээ илэрхийлж байсан, шүүгдэгч талаас улсын яллагчийг хэл амаар доромжлох үйлдэл гаргасанд хориглоогүй” гэж тодорхойлжээ.

Сахилгын хорооны гомдол шийдвэрлэх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн СХТ/2025/...9 дүгээр тогтоолоор шүүгч Б.Батсайханд сахилгын хэрэг үүсгэхдээ “...шүүх хуралдааныг явуулахдаа шүүгдэгчийн талд гэдгээ биеийн хэлэмж, үгээрээ илэрхийлж байсан, шүүгдэгч талаас “их ярилаа, удаан ярилаа, болиул” гэх саад хийсэн оролдлогыг шүүгч хориглохыг оронд харин ч дэмжиж “хурдан ярь, битгий уншаад бай” гэх байдлаар хохирогч талд сэтгэл зүйн дарамтыг үзүүлсэн үйлдэл гаргасан, хурлын явцад шүүгдэгч талаас улсын яллагчийг хэл амаар доромжлох үйлдэл гаргасанд огт хориглоогүй, жишээ нь шүүгдэгч Д.Я нь улсын яллагчид “Чи МУИС-ыг төгссөн хүн, манай сургуулийн нэр хүндийг гутааж байна, чи манай сургуулиар овоглох эрхгүй этгээд” гэхчлэн, түүний өмгөөлөгч Ө.А нь “чи байнга наад албан тушаал дээрээ байхгүй шүү” гэх заналхийлэл маягтай хэлсэн үг, мөн шүүгдэгч талаас хохирогч талын үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдахад хориглохын оронд дэмжсэн хандлага гаргасан, гэрчийг хэл амаар буруутгах, зэмлэх байдлаар хувь хүний эрхэнд халдах, гэрчийн сэтгэл зүйд нөлөөлөх оролдлого хийхэд зогсоогоогүй, арга хэмжээ аваагүй, хурлын тэмдэглэлд шүүгдэгчийн болон шүүгч өөрийн үйлдэлтэй холбоотой хэсгүүдийг хассан зэрэг байдлуудаар шүүх хуралдааныг илтэд нэг талыг баримталж шударга бусаар явуулсан” гэх гомдлын үндэслэлийг шалгаж тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн.

Иймд С.О-ийн өргөдөлд дурдсан үндэслэлүүдээс Сахилгын хорооны гомдол шийдвэрлэх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн СХТ/2025/...9 дүгээр тогтоолоор сахилгын хэрэг үүсгэсэн үндэслэлийг шалгах нь хуульд нийцнэ.

 Илтгэгч гишүүн өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар шүүгдэгч Д.Я, Г.Ө, Г.И нарт холбогдох эрүүгийн 1...3 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн 6 өдрийн, 7 диск бүхий шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд дараах нөхцөл байдал тогтоогдов.

1.“Хохирогчийн өмгөөлөгчийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулах үед шүүгдэгч талаас “их ярилаа, удаан ярилаа, болиул” гэж саад хийсэн оролдлогыг шүүгч хориглохыг оронд харин ч дэмжиж “хурдан ярь, битгий уншаад бай” гэх байдлаар хохирогч талд сэтгэл зүйн дарамтыг үзүүлсэн үйлдэл гаргасан, үүний улмаас хохирогчийн өмгөөлөгч шинжлэн судлуулах баримтуудыг хангалттай, бүрэн гүйцэт танилцуулах боломжоо алдсан” гэх үндэслэлийн тухайд:

Шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогч нарын өмгөөлөгч К.Ж нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад:

Шүүгдэгч Д.Я гийн өмгөөлөгч Ө.А /өмгөөлөгч К.Ж-ийн яриаг тасалж/: Хохирогчийн өмгөөлөгчийн шинжлэн судалж байгаа Байгалмаагийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Илт ойлгомжтой тодорхой зүйл дээр цаг аваад байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргаж шийдүүлнэ гэсэн. Үүнийг уншаад байгаа нь хэр нийцтэй юм бол. Нэг нь хууль хэрэглэх, тайлбарлах талаар шинжээч томилохыг хориглосон, нөгөө талаас хууль хэрэглэх, тайлбарлах талаар шинжээчийн дүгнэлт гаргахыг хориглосон. Энэ хоёрыг ноцтой зөрчсөн хоёр хүний үйл ажиллагааг энэ танхимд тайлбарлаж байгаа нь, бид нар сонсоод байгаа нь аль аль талдаа учир дутагдалтай байна шүүгч ээ гэхэд

Даргалагч: Талуудын хүсэлтийн дагуу нотлох баримт шинжлэн судалж байгаа. Уг баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж шууд хэлэх эрх байхгүй. Энэ нотлох баримтуудыг шинжлэн судалж танилцуулчхаад дараа нь дүгнэлт танилцуулна. Ө.А өмгөөлөгчийн хэлсэн шиг нотлох баримтаар тооцох боломжгүй үндэслэл байвал нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлт гаргаад тухайн үед нь шийдээд явах боломжтой. Бусад өмгөөлөгч нар хэргийг нь дөхүүлж өгч түргэн шуурхай явахгүй бол өмгөөлөгч хэргээ хайгаад байна,  

Өмгөөлөгч К.Ж нотлох баримт шинжлэн судлахад шүүгдэгч Д.Я яриаг нь тасалж /яриа нь сонсогдохгүй/ ямар нэг зүйл хэлэхэд

Даргалагч: Нотлох баримт шинжлэн судлах үе шат явж байна. Бусдадаа саад болоод байна. Үргэлжлүүлье,

Өмгөөлөгч К.Ж нотлох баримт шинжлэн судалж байгаад түр зогсоход өмгөөлөгч Ө.А: Бүх юмыг уншаад суучихлаа шүү дээ,

Даргалагч: Хэлсэн үг сонсогдохгүй байна.

Өмгөөлөгч К.Ж: Шүүгдэгч талаас удаан юм ярихад бид нар хөндлөнгөөс юм ярьдаггүй гэхэд

Даргалагч: Та нотлох баримт шинжлэн судлахдаа шүүгдэгчийн мэдүүлгийг эхнээс нь уншаад дотроос нь ялгаж хэлээд байгаа юм уу, урьдчилаад бэлдэж болдоггүй юм уу? гэхэд

Өмгөөлөгч К.Ж: Үйлчлүүлэгч нараас ийм баримт судлуулъя гэдэг санал гаргаад байна. Өгсөн мэдүүлэгтэй нь холбоотой гаргаад байна гэхэд

Даргалагч: Би таны ямар баримт шинжлэн судлах талаар яриагүй байна. Шүүгдэгчийн мэдүүлгээс нэг хэсгийг нь уншчихаад дараагийн хэсгийг нь өөрөө наанаа уншаад байна. Энэ хэсэг нь чухал юм байна гээд бэлдээд танилцуулж болохгүй байгаа юм уу? гэхэд

Өмгөөлөгч К.Ж: Сая энэ мэдүүлгийг судлуулъя гэдэг саналыг үйлчлүүлэгчээс гаргалаа. Би тэрний дагуу судлуулж байна гэхэд

Даргалагч: Хэн тэгсэн юм бэ? гэхэд

Өмгөөлөгч К.Ж: С.О-ээс гэхэд

Даргалагч: С.О өөрөө нотлох баримт шинжлэн судлуулна гээд тэмдэглүүлсэн биз дээ гэхэд

Өмгөөлөгч С.О: 15 дугаар хавтас хэргийг судалж байгаа дээр судлуулчихъя гэж байгаа юм гэхэд

Даргалагч: Шаардлагатай гэвэл та өөрөө тэр баримтаа өмгөөлөгчөө шинжлэн судалсны дараа шинжлэн судална. Өмгөөлөгч өөрийнхөө тэмдэглүүлсэн баримтуудыг эхлээд шинжлэн судалчих. Үнэхээр шаардлагатай бол тэр баримтуудаа өөр өмгөөлөгч нараараа шинжлэн судлуул гэхэд

Өмгөөлөгч К.Ж: За, ойлголоо. Энэ хэрэг 5 жил үргэлжилсэн. Боломж олдож байгаа дээр нь бүгдийг нь шинжлэн судлуулмаар байна гэв.

Өмгөөлөгч Ө.А: 15 хавтас хэрэг байна. Энэ хүн бүгдийг нь уншаад байвал өнөөдөр дуусах юм уу гэв.

Даргалагч: Гол нь бэлтгэлтэй байна уу, үгүй юу гэдгийг нь тодруулаад байна. Тэмдэглүүлсэн баримтаа судлаад явъя гэхэд

Өмгөөлөгч К.Ж: Миний тэмдэглүүлсэн баримт бусадтайгаа харьцуулахад маш их байгаа гэхэд

Даргалагч: Үргэлжлүүлье. Өөрсдөө шинжлэн судлах баримтаа өмгөөлөгчтэйгөө битгий давхардуулаад бай гэв. 

Өмгөөлөгч К.Ж: За ойлголоо гэжээ.

Дээрх харилцаанаас дүгнэвэл даргалагч шүүгчээс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд тэмдэглүүлсэн нотлох баримтуудаа шинжлэн судлахыг шаардаж чиглүүлсэн, шинжлэн судлуулахыг хүссэн нотлох баримтуудаа урьдчилан бэлдсэн байх шаардлагатайг анхааруулсан агуулгатай тайлбар хэлснийг “хурдан ярь, битгий уншаад бай” гэх байдлаар дарамталсан гэж үзэхээргүй, хохирогчийн өмгөөлөгч шинжлэн судлуулахаар тэмдэглүүлсэн нотлох баримтаа бүрэн гүйцэт шинжлэн судалсан байх бөгөөд нотлох баримт шинжлэн судлуулах боломжоо алдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.“Шүүгдэгч талаас улсын яллагчийг хэл амаар доромжлох үйлдэл гаргасанд огт хориглоогүй, жишээ нь шүүгдэгч Д.Я нь улсын яллагчид “Чи МУИС-ыг төгссөн хүн, манай сургуулийн нэр хүндийг гутааж байна, чи манай сургуулиар овоглох эрхгүй этгээд” гэхчлэн, түүний өмгөөлөгч Ө.А нь “чи байнга наад албан тушаал дээрээ байхгүй шүү” гэж заналхийлэл маягтай хэлсэн” гэх үндэслэлийн тухайд:

Шүүгдэгч Д.Я нь шүүх хуралдааны сүүлийн шатанд шүүгдэгчийн эцсийн үгээ хэлж байхдаа улсын яллагчид хандан “...та намайг эдийн бус хөрөнгө угаасан гэж байна. Энэ бол маш гутамшигтай тайлбар байлаа, Монгол Улсын Их сургуулийн төгсөгчийн хувьд” гэж хэлсэн байх ба түүний өмгөөлөгч Ө.А-аас улсын яллагчийг “чи байнга наад албан тушаал дээрээ байхгүй шүү” гэж хэлсэн нь тогтоогдоогүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “...хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж заасан бөгөөд шүүгдэгч яллах дүгнэлттэй холбогдуулж “...гутамшигтай тайлбар байлаа, Монгол Улсын Их сургуулийн төгсөгчийн хувьд” гэж эцсийн үгээ хэлж байхдаа дурдаад өнгөрснийг хуралдаан даргалагч таслан зогсоох талаар шаардлага тавих ёстой гэж дүгнэх боломжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлийн 1-д “Улсын яллагч дүгнэлт, өмгөөлөгч санал, тэдгээрийг тайлбар хэлж дууссаны дараа эцсийн үг хэлэхийг шүүх хуралдаан даргалагч шүүгдэгчид зөвшөөрөх ба шүүгдэгч эцсийн үг хэлж байхад түүнд асуулт тавьж болохгүй”, 2-т “Шүүгдэгчээс хэлэх эцсийн үгийг цагаар хязгаарлаж болохгүй” гэж заасныг дурдах нь зүйтэй.

3.“Хурлын явцад гэрчийг хэл амаар буруутгах, зэмлэх байдлаар хувь хүний эрхэнд халдах, гэрчийн сэтгэл зүйд нөлөөлөх оролдлого хийхэд зогсоогоогүй, арга хэмжээ аваагүй” гэх үндэслэлийн тухайд:

Гэрч Ж.Ч нь өмгөөлөгч Ө.А болон бусад өмгөөлөгч нарын асуултад “эд хөрөнгийн улсын байцаагчаар ажиллаж байгаагүй, мэдэхгүй, хяналт шалгалтын ажиллагаа хийж байгаагүй, чиг үүрэгт байхгүй” гэх мэтээр хариулж байх бөгөөд /шүүх хуралдааны тэмдэглэлийн 118-119 дүгээр тал/

Өмгөөлөгч Ө.А асуултаа асууж дуусгахдаа “...Шүүгчээ больё доо, ийм утгагүй зүйлийг үргэлжлүүлмээргүй байна” гэхэд

Улсын яллагч: Хүсэлт гаргаж шүүхээс гэрчийг шүүх хуралдаанд мэдүүлэг өгүүлэхээр авч ирсэн. Тэгэхээр энэ хүмүүсийг янз бүрээр доромжлоод баймааргүй байна. Эд хөрөнгийн улсын бүртгэл огт мэдэхгүй юм байна шүү дээ, юу ч мэдэхгүй юм байна. Ингээд байж болох юм уу, хурлын дэг гэхээс гадна хуульчийн ёс зүйтэй нийцэх юм уу, энэ талаар сануулж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэхэд

Өмгөөлөгч Ө.А: Шүүгчээ бид нар хоорондоо зөвлөлдөж байна шүү дээ, улсын бүртгэлийн талаар мэдэхгүй юм байна гээд мэдээлэл хүргэж байна, харилцан ярилцсаны төлөө мэргэжлийн үйл ажиллагаанд оролцмооргүй байна гэхэд

Даргалагч: Энэ хуралдаанд давхар ажил үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид аль нэг байдлаар шинжээч, гэрчээр оролцож байна. Хувь хүнийх нь хувьд мэдэх асуудлыг нь тодруулаад бусад асуудалд нь хүндэтгэлтэй хандъя. Заавал мэдэх алба байхгүй шүү дээ хувь хүнийхээ хувьд. Тодруулах зүйлээ тодруулъя, бусад зүйлд нь хүн гэдэг утгаар нь хүндэтгэлтэй хандана шүү гэдгийг сануулъя гэжээ.

Иймд “гэрчийг хэл амаар буруутгах, зэмлэх байдлаар сэтгэл зүйд нөлөөлөх оролдлого хийхэд зогсоогоогүй, арга хэмжээ аваагүй” гэж шүүх хуралдаан даргалагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд харин ч гэрчид хүндэтгэлтэй хандахыг сануулж анхааруулсан байна.

4.“Хурлын тэмдэглэлд шүүгдэгчийн болон шүүгч өөрийн үйлдэлтэй холбоотой хэсгүүдийг хассан зэрэг байдлуудаар шүүх хуралдааныг илтэд нэг талыг баримталж шударга бусаар явуулсан” гэх үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1-д “Энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна”, 2-т “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана” гэж заасныг шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тэмдэглэлд тусгах, ийнхүү тэмдэглэл хөтлөх нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын чиг үүрэгт хамаарна гэж ойлгоно.

Харин шүүх хуралдааны тэмдэглэлийг алдаатай, дутуу бичигдсэн гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 2-т “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах, төрийн нууцад хамаарахаас бусад хэсгийг хуулбарлан авах эрхтэй”, 3-т “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авсан шүүх 3 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргах эрхтэй.

 Хохирогч С.О нь дээрх хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тэмдэглэлд 34 үндэслэлээр засвар оруулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/...0 дугаар захирамжаар 25 үндэслэлийг хангаж тэмдэглэлд засвар оруулан, 9 үндэслэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг болон тэмдэглэлийг харьцуулан үзэхэд хангахаас татгалзсан 5 хүсэлт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ба 13 дугаарт дурдагдсан “...за за хариулахгүй гээд хэлчих...” гэсэн нь “За асуултад хариул, хариулахгүй бол хариулахгүй гэдгээ хэлэлдээ” гэж, 18 дугаарт дурдагдсан “хариулчихлаа шүү дээ” гэсэн нь “асуултад хариулчихлаа” гэж тус тус хэлсэн нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бичигдэн үлдсэн.

Мөн хуралдаан даргалагчийн дэг сахиулж “...бие, биедээ хүндэтгэлтэй хандъя, ...асуулт асуух боломж олго, ...асуултаа тодорхой асуу, асуусан асуултад хариулна, хариултаа авсан бол бол оо, ...уншиж танилцуулж байхад хүндрэлтэй байдал үүсгэж байна” гэж, нотлох баримт шинжлэн судалж байхад “...өмгөөлөгч санал хэлж байгаа юм байна. Та анхаараад танилцуулчих, ...нотлох баримт шинжлэн судлаад төгсгөлд нь дүгнэхгүй гэж өмнө нь сануулсан, ...ямар нотлох баримт шинжлэн судлуулах вэ гэдгээ тэмдэглэлд тусгуулсан” гэж хэлснийг, мөн даргалагчийн зөвшөөрөлгүй ярьсан, тайлбар хэлсэн шүүх хуралдааны оролцогч нарт шүүгч анхааруулсан, сануулсан шинжтэй зарим үгийг хуралдааны  тэмдэглэлд нэг бүрчлэн бичээгүй ч агуулга нь алдагдаагүй байна.

Түүнчлэн, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх чиг үүрэг бүхий нарийн бичгийн даргын үйл ажиллагаатай хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг шүүгчийг үүрэгжүүлсэн заалт гэж үзэхгүй.

 

 Дээрхийг нэгтгэн дүгнээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайханд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

 

Холбогдох шүүгч Б.Батсайхан хариу тайлбартаа: “Миний хувьд тус хэргийн оролцогч болох хохирогч, шүүгдэгч нарыг огт танихгүй, улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын зарим өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцож байсны хувьд нэр мэдэх төдий.

Шүүгдэгч Д.Я нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан шууд дамжуулалтаар олон нийтэд нээлттэй явагдсан.

Даргалагч шүүгчийн хувьд шүүх хуралдааныг тогтоосон дэг дарааллын дагуу удирдан явуулж, талуудад тэгш мэтгэлцэх, тайлбар гаргах боломжийг олгож байсан.

Шүүх шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарыг шинжлэн судлах нотлох баримтуудаа хуралдаанд танилцуулах боломжийг олгосон, цаг хугацаагаар хязгаарласан зүйл байхгүй бөгөөд хуралдаан даргалагч шүүгчийн хувьд талуудад “...нотлох баримтыг давхардуулж шинжлэн судлахгүй байх, шинжлэн судалж байхдаа нэмэлт тайлбар хэлэхгүй байх...” зэргээр хянан шийдвэрлэхэд чиглүүлж, оролцогчид хоорондоо маргалдах, дайрсан үг бие биедээ хэлснийг таслан зогсоож хуралдааны дэг сахиулж байснаас аль нэг талд нь орсон зүйл байхгүй.

Шүүх талуудын хэлэх үг, санал хүсэлтийг сонсож, тухай бүр шийдвэрлэж, мэтгэлцэх боломжийг хангаж байсан бөгөөд шүүх хуралдаан нийт ажлын 6 өдөр үргэлжилж, тэмдэглэл нийт 210 орчим хуудас болсон. Хуульд заасны дагуу оролцогчдод шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулсан.

Хохирогч нараас шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасныг 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шүүгчийн захирамжаар зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Я нь Сахилгын хороонд гаргасан гомдолтой холбоотойгоор шүүгч намайг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Энэ асуудлыг тус шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлсэн.

Талуудын гомдол, эсэргүүцлээр шүүгдэгч Д.Я нарт холбогдох хэрэг давж заалдах шатны шүүх, Монгол Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Өргөдөл гаргагч С.О ”...шүүгч Б.Батсайхан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн судлалгүй, заримтай нь уншиж танилцсан гэхэд ч эргэлзээтэй байдлаар шийдвэрийг гаргав... ач холбогдол бүхий нотлох баримтуудын огт үнэлсэнгүй... Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмжийг санаатайгаар буруугаар тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн; шүүгч Б.Батсайхан нь шүүх хуралдааныг явуулахдаа шүүгдэгчийн талд гэдгээ биеийн хэлэмж, үгээрээ илэрхийлж байсан нь ...шүүгдэгч Д.Я-р бүтэн өдрийн туршид уншиж сонсгосон атлаа, хохирогчийн өмгөөлөгчийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулах үед шүүгдэгч талаас ...саад хийсэн оролдлогыг шүүгч хориглохыг оронд харин ч дэмжиж “хурдан ярь, битгий уншаад бай” гэх байдлаар хохирогч талд сэтгэл зүйн дарамтыг үзүүлсэн үйлдэл гаргасан, үүний улмаас хохирогчийн өмгөөлөгч шинжлэн судлуулах баримтуудыг хангалттай, бүрэн гүйцэт танилцуулах боломжоо алдсан, хурлын явцад шүүгдэгч талаас улсын яллагчийг хэл амаар доромжлох үйлдэл гаргасанд огт хориглоогүй, ...мөн шүүгдэгч талаас хохирогч талын үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдахад хориглохын оронд дэмжсэн хандлага гаргасан, хурлын явцад гэрчийг хэл амаар буруутгах, зэмлэх байдлаар хувь хүний эрхэнд халдах, гэрчийн сэтгэл зүйд нөлөөлөх оролдлого хийхэд зогсоогоогүй, арга хэмжээ аваагүй, хурлын тэмдэглэлд шүүгдэгчийн болон шүүгч өөрийн үйлдэлтэй холбоотой хэсгүүдийг хассан зэрэг байдлуудаар шүүх хуралдааныг илтэд нэг талыг баримталж шударга бусаар явуулсан...” гэх агуулгатай өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 1-7 тал/

Илтгэгч гишүүн нь 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ГЗТ/2025/...8 дугаар захирамжаар “...Сахилгын хороо нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт өгөх, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх эрхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрхээ хэрэгжүүлж, 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулдаг зохицуулалттай...” гэж үзэн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 63-67 тал/

Мөн тус хорооны 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн СХТ/2025/...9 дүгээр тогтоолоор өргөдлийн “...ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлээгүй, ...хуулийн илт тодорхой заалтууд болон Улсын дээд шүүхийн зөвлөмжийг санаатайгаар буруугаар тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн...” гэх хэсэгт илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан нь үндэслэлтэй.

Тодруулбал, энэхүү СХТ/2025/...9 дүгээр тогтоолоор “...зөвхөн шүүгч нотлох баримтад агуулагдаж буй мэдээлэлд дүгнэлт хийх эрхтэй байдаг. Энэ нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарах тул хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэн дүгнэлт хийсэнтэй нь холбогдуулан шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй тул шүүгч уг бүрэн эрхээ хэрэгжүүлж, хэрэгт цугларсан нотлох баримтад өөрийн дүгнэлтийг хийн, улмаар шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэснийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй...” гэжээ.

Харин өргөдлийн “...шүүх хуралдааныг явуулахдаа шүүгдэгчийн талд гэдгээ биеийн хэлэмж, үгээрээ илэрхийлж байсан...” гэх үндэслэлүүдэд ”...  илтгэгч гишүүн дүгнэлт өгөөгүй... шүүгч нь шүүх хуралдаан даргалагчийн эрх хэмжээний хүрээнд хуралдааныг удирдан явуулсан эсэх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг бүрэн хангаж, шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон хохирогч нарын хуульд заасан эрхээ эдлэх боломжийг олгосон эсэхэд дүгнэлт өгөх нь шүүгчийг сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтооход ач холбогдолтой...” гэж үзээд илтгэгч гишүүний ГЗТ/2025/...8 дугаар захирамжийг хүчингүй болгож, шүүгч Б.Батсайханд сахилгын хэрэг үүсгэсэн байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 92-98 тал/

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.2 дахь заалтад “өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримт, шүүгчийн үйл ажиллагааны талаар, эсхүл уг өргөдөл, мэдээллийн дагуу сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны гишүүний захирамж, Сахилгын хорооны магадлал, тогтоол, хянан үзэх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа” гэж заасан.

Өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр болсон Шүүхийн сахилгын хорооны СХТ/2025/...9 дүгээр тогтоолоор өргөдлийн “...ач холбогдол бүхий нотлох баримтуудын огт үнэлсэнгүй...” гэх хэсэгт дүгнэлт өгсөн байх тул сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн үүнд дахин дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Харин илтгэгч гишүүн дээрх СХТ/2025/...9 дүгээр тогтоолд заасан ажиллагааг явуулаад шүүгч Б.Батсайханыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтуудыг зөрчөөгүй гэж үзсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасанд дүгнэлт өгсөн болно. /с.х-ийн 2 дугаар хавтасны 109-118 тал/

 

Сахилгын хорооны  хуралдаанаар шүүгч Б.Батсайханд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох илтгэгч гишүүний саналыг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулсан, хуульд нийцсэн байх тул хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал,

 

Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн нь шүүгдэгч Д.Я нарт холбогдох эрүүгийн 1...3 дугаартай хэргийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6 өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний 7 ширхэг сидиг нотлох баримтаар авч, тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийн бэхжүүлжээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 94-107 тал/

Илтгэгч гишүүн саналын 6-10 дугаар талд өргөдлийн “...хохирогчийн өмгөөлөгчийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулах үед шүүгдэгч талаас “их ярилаа, удаан ярилаа, болиул” гэж саад хийсэн оролдлогыг шүүгч хориглохыг оронд харин ч дэмжиж “хурдан ярь, битгий уншаад бай” гэх байдлаар хохирогч талд сэтгэл зүйн дарамтыг үзүүлсэн үйлдэл гаргасан, үүний улмаас хохирогчийн өмгөөлөгч шинжлэн судлуулах баримтуудыг хангалттай, бүрэн гүйцэт танилцуулах боломжоо алдсан”,

“Шүүгдэгч талаас улсын яллагчийг хэл амаар доромжлох үйлдэл гаргасанд огт хориглоогүй, жишээ нь шүүгдэгч Д.Я нь улсын яллагчид “Чи МУИС-ыг төгссөн хүн, манай сургуулийн нэр хүндийг гутааж байна, чи манай сургуулиар овоглох эрхгүй этгээд” гэхчлэн, мөн түүний өмгөөлөгч Ө.А нь “чи байнга наад албан тушаал дээрээ байхгүй шүү”,

“Хурлын явцад гэрчийг хэл амаар буруутгах, зэмлэх байдлаар хувь хүний эрхэнд халдах, гэрчийн сэтгэл зүйд нөлөөлөх оролдлого хийхэд зогсоогоогүй, арга хэмжээ аваагүй”,

“Хурлын тэмдэглэлд шүүгдэгчийн болон шүүгч өөрийн үйлдэлтэй холбоотой хэсгүүдийг хассан зэрэг байдлуудаар шүүх хуралдааныг илтэд нэг талыг баримталж шударга бусаар явуулсан” гэх үндэслэлүүдэд тухай бүр шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс холбогдох хэсгийг оруулж, дүгнэсэн байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 109-118 тал/

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтад “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж заасан нь шүүгчид хориглосон зохицуулалт юм.

Энэхүү хуулийн зохицуулалт нь шүүгч нийгмийн ёс зүй, хүндэтгэл, харилцан ойлголцлын зарчмыг зөрчиж, хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ бусдыг алагчлах, гадуурхах байдал гаргаж байгаа мэт, тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар урьдчилсан дүгнэлт гаргасан мэт ойлголт төрүүлэх асуулт асуух, хэргийн аль нэг талд давуу байдал олгосон мэт ойлгогдохуйц байдлыг биеийн хэлэмж, харагдах байдал, зан үйл, үг хэллэг, үйлдлээр илэрхийлэхийг сахилгын зөрчилд тооцно гэж ойлгогдож байна.

Тодруулбал, хэргийн оролцогч руу дуугаа хэт өндөрсгөж хашхирах, энгийн үг ярианаас өөр бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, үл хүндэтгэсэн буюу үл тоомсорлох, бүдүүлэг, түрэмгий, муухай ааш авир гаргах, илтэд дургүйцлээ илэрхийлэх, тухайн хэргийг оролцогчийн аль нэг талд давуу байдал бий болгосон гэж ойлгогдохуйц үг хэлэх, биеийн хэлэмжээр илэрхийлэгдэх буюу бухимдах, уурлах, зандрах зэрэг харилцаа хандлага гаргасан тохиолдолд үүнийг “зүй бус авирласан” гэж үзнэ.

Харин шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээс үзэхэд даргалагч, шүүгч өргөдөлд дурдсан агуулга бүхий үйлдлийг гаргаагүй, хэргийн оролцогчдод  буруугаар ойлгогдохуйц үг хэллэг хэлээгүй, тэдэнтэй зүй бус харьцсан үйл баримт тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдааныг дэгийн дагуу явуулах нөхцөлийг үгүйсгэсэн байдал гаргаж байгааг анхааруулсан, нотлох баримтыг шинжлэн судлахад урьдчилан бэлдсэн байх шаардлагатайг, гэрчид хүндэтгэлтэй хандахыг сануулсан, тайлбарласан байгааг холбогдох шүүгч сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй  байх тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааны үйл явцыг хэрхэн тусган албажуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бөгөөд мөн зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар тухайн шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтлөхөөр хуульчилсан.

Мөн хуулийн 11.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй талаар зохицуулжээ.

Хуульд заасны дагуу эрүүгийн хэргийн хохирогч С.О нь 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтээ цахимаар гаргаж, шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/...0 дугаар захирамжаар 25 үндэслэлийг хангаж тэмдэглэлд засвар оруулан, 9 үндэслэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авсан шүүх 3 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу явагдсан байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 92-93 тал/

Иймд илтгэгч гишүүний “...Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг болон тэмдэглэлийг харьцуулан үзэхэд 5 хүсэлтийг хангахаас татгалзсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ба тэмдэглэлийн 13 дугаарт дурдагдсан “...за за хариулахгүй гээд хэлчих...” гэсэн нь “За асуултад хариул, хариулахгүй бол хариулахгүй гэдгээ хэлэлдээ” гэж, 18 дугаарт дурдагдсан “хариулчихлаа шүү дээ” гэсэн нь “асуултад хариулчихлаа” гэж тус тус хэлсэн нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бичигдэн үлдсэн.

Мөн хуралдаан даргалагчийн дэг сахиулж “...бие, биедээ хүндэтгэлтэй хандъя, ...асуулт асуух боломж олго, ...асуултаа тодорхой асуу, асуусан асуултад хариулна, хариултаа авсан бол бол оо, ...уншиж танилцуулж байхад хүндрэлтэй байдал үүсгэж байна” гэж, нотлох баримт шинжлэн судалж байхад “...өмгөөлөгч санал хэлж байгаа юм байна. Та анхаараад танилцуулчих, ...нотлох баримт шинжлэн судлаад төгсгөлд нь дүгнэхгүй гэж өмнө нь сануулсан, ...ямар нотлох баримт шинжлэн судлуулах вэ гэдгээ тэмдэглэлд тусгуулсан” гэж хэлснийг, мөн даргалагчийн зөвшөөрөлгүй ярьсан, тайлбар хэлсэн шүүх хуралдааны оролцогч нарт шүүгч анхааруулсан, сануулсан шинжтэй зарим үгийг хуралдааны  тэмдэглэлд нэг бүрчлэн бичээгүй ч агуулга нь алдагдаагүй...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий гэж үзлээ.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд ...шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана” гэж заасан.

 

Даргалагч шүүх хуралдааны тэмдэглэлийг албажуулахтай холбоотой дээрх үйл баримтаар шүүгч хуулиар хатуу тогтоосон, үүрэг хүлээлгэсэн шинжтэй хуулийн заалтыг зөрчсөн гэж дүгнэхгүй хэдий ч холбогдох шүүгч хэргийн хөдөлгөөнийг хуульд нийцүүлэн зөв чиглүүлж, шүүх хуралдааны тэмдэглэлийг сайтар хянаж, үйл явцыг нэг бүрчлэн тусгаж байхыг цаашид анхаарч ажиллавал зохино.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Б.Батсайхан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтуудыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 02 дугаар сарын 28-ны  өдрийн ГС/2026/...7 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайханд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

 

            3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

            4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч шүүгч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                     Д.ЭРДЭНЭЧУЛУУН

 

                        ГИШҮҮН                                          Д.АРИУНТУЯА

 

                                                                                    С.ЭНХТӨР