
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-02-25
Дугаар 28
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхтулга, Ц.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ГС/2026/0014 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Нэг. “Хэрэгт авагдаагүй баримтыг прокурорын гар дээрээс шүүх хуралдааны явцад бүрэлдэхүүн авч үнэлэн, улмаар шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуулийг ноцтой зөрчсөн” гэх тухайд: Эрүүгийн хэрэгт хийсэн үзлэгээр, Улсын Ерөнхий прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5/290 дүгээр албан бичгээр прокурор Х.О-ыг шүүх хуралдаанд оролцуулахаар томилсны дагуу тэрээр анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон байна. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар цагаатгах тогтоолоор хэргийг хянан шийдвэрлэж, шүүгчийн туслах тогтоолыг гардуулж, хүргүүлэх ажиллагааг хийхдээ “Баримт 12а, 12б” баримт үйлдсэн байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загварыг шинэчлэн батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтад “Баримт 12а” нь “шийтгэх тогтоол’’-ыг танилцуулсан, гардуулсан /хүргүүлсэн/, “Баримт 12б" нь “цагаатгах тогтоол”-ыг танилцуулсан, гардуулсан /хүргүүлсэн/ баримт байхаар баталсан.
Прокурор Х.О мэдүүлэгтээ “...Аль ч шатны шүүх прокурорт шууд шийдвэрийг гардуулж өгдөггүй. Зөвхөн тухайн хэрэгт хяналт тавьсан прокурорын байгууллагад хүргүүлдэг. Тэгэхээр тухайн гардуулсан баримт дээрх гарын үсэг нь бичиг хэргийн ажилтны гарын үсэг байх гэж бодож байна. Би өөрөө тухайн хэргийн шийдвэрийг байгууллагад хүргэгдэж ирсэн хувийг нь л авсан...” гэж мэдүүлсэн бөгөөд “Баримт 12а”-г үйлдэн тогтоолыг бичиг хэргийн ажилтанд 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 25 минутад хүлээлгэн өгсөн, Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн “шийтгэх тогтоол”-ын бланк бүхий тогтоолыг мөн өдрөө дардас даран хүлээн авсан зэргээс үзэхэд, шүүгчийн туслах “шийтгэх тогтоол”-ын бланк дээр хэвлэсэн тогтоолыг улсын яллагчид хүргүүлсэн гэж үзэхээр байна.
Харин 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр буюу анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр “Баримт 12б”-г үйлдэн шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарт цагаатгах тогтоол гарсан талаар танилцуулж, баримтжуулан авсан гэж үзэхээр байх ба анхан шатны шүүхийн шийдвэр хуралдаан болсон өдрөө бичгээр үйлдэгдэн албажиж гарах нь ээдрээ төвөгтэй, маргаантай, олон оролцогчтой хэргийн хувьд, мөн цаг хугацааны хувьд ч боломжгүй тул улсын яллагч цагаатгах тогтоолыг гардаж авсан гэж үзэхэд учир дутагдалтай.
Нийслэлийн прокурорын газрын прокурор А.Э анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, мөн анхан шатны шүүхийн тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн талаар дурдсан атлаа “Шийтгэх тогтоол" үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тус хэргийг 2025 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд эхний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд, бичлэгийн 0:24:39 секундээс эхэлж хуралдаан даргалагчаас прокурор эсэргүүцлийн үндэслэлээ тайлбарлана уу гэснээр прокурор Х.О танхимд байрлуулсан индэрт очиж анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн шийдвэрээ албажуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, шүүгдэгч нарыг цагаатгасан талаар дурдсан атлаа шийтгэх тогтоол гэсэн хэлбэрээр үйлдсэн гэж үзсэн үндэслэлээ тайлбарласан байна.
Илтгэгч шүүгч Т.Алтантуяа прокуророос эсэргүүцэлтэй холбоотой асуултыг асуусан байх ба бичлэгийн 0:41:36 секундээс эхэлж,
Илтгэгч шүүгч Т.Алтантуяа: “Цагаатгах тогтоол гэсэн мөртөө шийтгэх тогтоол гэсэн хэлбэрээр ирүүлсэн гэдэг нь прокурорт шийтгэх тогтоол гэж очсон юм уу” гэхэд
Прокурор Х.О: “Тийм. Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн шүүхийн шийдвэр нь шүүхийн шийтгэх тогтоол гэсэн ийм хэлбэрээр ирсэн. Би эх хувиар нь аваад ирсэн байгаа” гэж хариулж байх ба эх хувиар нь авч ирсэн гэх тогтоолыг индэр дээрээсээ өргөн харуулж байна.
Илтгэгч шүүгч Т.Алтантуяа: “Хэрэгт авагдсан тогтоол бол цагаатгах тогтоол гэж гарсан байна” гэхэд
Прокурор Х.О: “Хэрэгт цагаатгах тогтоол гэдэг байдлаар бичигдсэн, прокурорт ирүүлсэн хувь нь шийтгэх тогтоол гэсэн байдлаар албажиж ирсэн” гэж хариулж байна.
Илтгэгч шүүгч Т.Алтантуяа: “Та шийтгэх тогтоол гэж гарсныгаа эсэргүүцэлдээ хавсаргаж өгсөн юм уу” гэхэд
Прокурор Х.О: “Хоёр өөр байдлаар албажиж гарсан байгааг өнөөдөр шүүх хуралдаанд оролцохоор ирээд хэргийн материалтай танилцахдаа мэдсэн. Тэгэхээр эсэргүүцэлдээ хавсаргаагүй. Гэхдээ эсэргүүцэлдээ үндэслэлээ дурдсан байгаа. Прокурорт албажиж ирэхдээ ийм байдлаар ирсэн учраас бүх хувь нь ингэж гарсан юм байна гэж ойлгосон. Гэтэл шүүх хуралдааны өмнө хэрэгтэй танилцахад хэрэгт байгаа хувь нь өөр байдлаар гарсан байна” гэж хариулж байна.
Илтгэгч шүүгч Т.Алтантуяа: “Наад баримтаа өгч байгаа юм уу, эсвэл танилцуулж байгаа юм уу” гэхэд
Прокурор Х.О: “Шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байгаа юм. Шаардлагатай бол шүүх бүрэлдэхүүнд өгч болно” гэж хариулж байна.
Илтгэгч шүүгч Т.Алтантуяа: “Хэрэгт авагдсан баримтаар бол 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр цагаатгах тогтоол гэсэн байна. Наад баримтыг чинь харъя даа” гэхэд бичлэгийн 0:43:15 секундэд прокурор тогтоолыг шүүх хуралдааны нарийн бичгийн даргад өгч, нарийн бичгийн даргаас шүүх бүрэлдэхүүнд өгсөн байна.
Илтгэгч шүүгч Т.Алтантуяа: “2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 25 минутад авсан юм уу” гэхэд
Прокурор Х.О: “Тийм. Нийслэлийн прокурорт хүлээн авсан цаг хугацаа, эх хувиар нь байгууллагад ирсэн хувийг авч ирсэн” гэж хариулж байна.
Илтгэгч шүүгч Т.Алтантуяа: “Энэ дээр 2025 оны 05 дугаар сарын 22-ны 1375 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол гэсэн байна” гэж хэлсэн нь бичигджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно.” гэж зааснаар давж заалдах шатны шүүх эдгээрээс өөр баримт хүлээн авах боломжгүй боловч мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ”, 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх эрхийнхээ хүрээнд прокурорын гаргасан эсэргүүцлийн үндэслэлд холбогдох баримтыг авч танилцсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна”, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж анхан шатны шүүхээс шийтгэх эсхүл цагаатгах тогтоолын аль нэгийг нь гаргахаар, мөн шүүхийн шийдвэрийг гардуулах, хүргүүлэх ажиллагааг журамлан заасан ба анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн байтал улсын яллагчид шийтгэх тогтоол хэлбэрээр хүргүүлсэн нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.
Тодруулбал, прокурорын гаргаж өгсөн “шийтгэх тогтоол”-ыг анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримт гэж үзэхгүй ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцэх үед үүссэн асуудал биш, харин хэргийг шийдвэрлэсний дараа үүссэн асуудал бөгөөд энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан, улмаар хуульд заасан ноцтой зөрчилд хамаарахаар байх тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн, шүүх хуралдааны явцад өргөдөл гаргагчаас прокурор Х.О-ыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох үндэслэлгүй гэж үзэн, түүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШТ/2... дүгээр тогтоолоор “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул татгалзлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй...” гэж шийдвэрлэн, үндэслэлээ тодорхой тусгасан байх бөгөөд тус эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан прокурор нь прокурорын байгууллагын бүтэц дотроо шилжин томилогдсон эсэхээс үл хамааран түүнийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулсныг сахилгын зөрчилд хамааруулан үзэхгүй.
Өргөдөлд “шүүгч Т.Алтантуяа нь Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 44 тоот тогтоолоор баталсан “Давж заалдах шатны шүүх хуралдаанд бэлтгэх ажлын журам” -ын 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хүлээн авсан шүүгч хавтаст хэрэгтэй урьдчилан танилцаж, тухайн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхийн тулд шүүх хуралдаанаар хэлэлцвэл зохих асуудлын жагсаалтыг тодорхойлоогүй тул бүрэлдэхүүн нэг ч асуулт асуугаагүй, хэргийг бүхэлд нь хянах хүсэл зориг байгаагүй, анхнаасаа төлөвлөсөн мэт байсан” гэж дурджээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүх шийтгэх болон цагаатгах тогтоол аль алиныг нь гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэж буй үндэслэлээ тайлбарлаагүй буюу хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгохдоо хэт ерөнхийлсөн дүгнэлтийг хийсэн, яллах талын нотлох баримтууд болон улсын яллагчийн дүгнэлт, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг цагаатгах агуулгатай тогтоолдоо тайлбарлаж тусгаагүй, хэргийн бодит байдлыг нотолж буй үйл баримтуудад бүрэн тулгуурлаагүй дүгнэлтийг хийсэн, нотлох баримтыг шалгах, үнэлж дүгнэх журам зөрчигдсөн, шаардлагатай баримтуудад дүгнэлт хийгээгүйн улмаас дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, зарим дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж, энэ талаарх үндэслэлээ тодорхой тайлбарлан дүгнэсэн байх тул “хэргийг бүхэлд нь хянах хүсэл зориг байгаагүй, анхнаасаа төлөвлөсөн мэт байсан” гэж үзэх үндэслэлгүй бөгөөд зөвхөн “шийтгэх тогтоол хэлбэрээр улсын яллагчид тогтоолыг хүргүүлсэн” гэх агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоогүй байна.
Мөн бүрэлдэхүүнд оролцож байгаа шүүгч нар заавал асуулт асуух үүрэгтэй талаарх хуулийн зохицуулалт байхгүй тул энэ үндэслэлээр илтгэгч шүүгчийг дээрх журамд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй.
Түүнчлэн, тус хэргийн үйл баримттай холбоотой өөр шүүхийн харьяалан шийдвэрлэж байгаа хэрэгт хохирогч нарын өмгөөлөгч нар ямар байр суурийг илэрхийлэн оролцож байгаагаар тэдгээр өмгөөлөгч нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхтэй холбоо хамааралтай гэж таамаглах байдлаар шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болохыг дурдах нь зүйтэй.
Өргөдөл гаргагч нь “шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг хамгаалалтад авах, ямар нэг байдлаар гаднын нөлөөлөл орж устгагдах, эсхүл өөрчлөлт засвар орохгүй байдалд нууцлалыг хадгалах хүсэлттэй байна” гэж дурдсан бөгөөд шүүхийн Тамгын газраас хуульд заасны дагуу хуралдааныг дуу, дүрсээр баримтжуулан хадгалсан бичлэгийг нотлох баримтаар гаргуулан авч, хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Хоёр. “Хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн” гэх тухайд;
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд бүртгэн, илтгэгч шүүгчид хуваарилдаг бөгөөд харин шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүний шүүгчийг “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхэд ирсэн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох дараалал тогтоох нарийвчилсан журам”-ын 4.3-т “тус шүүгчид хуваарилагдсан хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагч, бүрэлдэхүүнийг долоо хоногийн дотор, долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гаригт сугалаагаар сонгон ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 4.5-д “хэрэг хүлээн авсан шүүгчдээс дарааллын дагуу 3:3-аар бүрэлдэхүүн үүсгэх бөгөөд тухайн бүрэлдэхүүнд орсон 3 шүүгчээс шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүнийг хүснэгт 1-д заасны дагуу томилно” гэж зааснаар Мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн илтгэгч шүүгчид системээр хуваарилагдсан хэргүүдийг хуваарилсан хугацааны дагуу жагсаалт үйлдэн шүүхийн Тамгын газрын Хэлтсийн даргад хүргүүлж, уг жагсаалтын дагуу Хэлтсийн дарга шүүгч нарыг гурав, гурваар нь багц болгон дараалуулан байрлуулж, шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүний шүүгчийг хуваарилдаг байна.
Уг журмын дагуу тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Г.Мөнхтулга, бүрэлдэхүүний шүүгчээр ..., илтгэгч шүүгчээр Т.Алтантуяа нар томилогдсоныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн эзгүйд томилогдон ажиллаж байсан шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ЕШЗ/1... дугаар захирамжаар албажуулжээ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 143 дугаар зарлигаар шүүгч ..., Ц.Мөнх-Эрдэнэ, ... нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон тул Шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаар тогтоолоор шинээр томилогдсон шүүгч нарын нэрсийг сугалаагаар сугалагдсан дараалалд оруулан, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд байршуулж, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд зарлагдсан шүүх хуралдааны бүрэлдэхүүнд сугалаагаар оролцуулахаар хэрэг хуваарилах журамд өөрчлөлт оруулсан байна.
Уг тогтоолын дагуу Д.Я нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр товлосон байсан тул бүрэлдэхүүний шүүгчийн сугалаанд оролцуулахад шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ томилогдсоныг ...Ерөнхий шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн *** дүгээр захирамжаар албажуулжээ.
Дээрх ажиллагаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид "Зөвлөгөөн" гэх/ ажиллана”, 19.2-т “Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ: 19.2.1.тодорхой хэрэг, маргаан хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн дотоод ажлын зохион байгуулалт, журмыг хуульд өөрөөр заагаагүй бол тогтоох; 19.2.2.шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох; 19.2.5.энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах;” гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан журмын дагуу явагдсан байх тул хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй тул шүүх бүрэлдэхүүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Иймд өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхтулга, Ц.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхтулга, Ц.Мөнх-Эрдэнэ нар Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхийн Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээр тойрог дотор санамсаргүй тохиолдлоор сонгогдох зарчмаар шүүгч Т.Алтантуяад дээрх эрүүгийн *** дугаартай хэрэг хуваарилагдсан бөгөөд хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2025 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, 1194 дугаартай магадлал гаргаж хянан шийдвэрлэсэн болно.
1. Д.Я, Г.Ө, Г.И нарт холбогдох *** дугаартай эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газрын прокурор А.Э-д хэдэн үндэслэл заан эсэргүүцэл бичсэн ба, үүний дотор “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж хуульчилсан. Анхан шатны шүүхийн тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн талаар дурдсан атлаа “Шийтгэх тогтоол" үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна” гэсэн байдаг.
Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.О тайлбар, дүгнэлтдээ “...Хэрэгт хийсэн хувь нь “Цагаатгах тогтоол” гэх байдлаар бичигдсэн, харин прокурорт ирүүлсэн нь “Шийтгэх тогтоол” хэлбэртэй байсан, хоёр өөр байдлаар албажиж орсон байгааг өнөөдөр шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн материалтай танилцаж мэдсэн, гэхдээ А.Э прокурор эсэргүүцэлдээ энэ талаар бичсэн, тогтоолыг хавсаргаж ирүүлээгүй байсан ба шийтгэх тогтоолыг эх хувиар нь авчирсан. Шийтгэх тогтоолыг шүүх хуралдааны өмнө шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байна, шаардлагатай тохиолдолд шүүх бүрэлдэхүүнд өгч болно” гэсэн тайлбарыг гаргаж оролцсон.
Иймд шүүх бүрэлдэхүүнд танилцуулахаар авчирсан гэх тогтоолыг хуралдааны явцад прокуророос авч, даргалагч болон бүрэлдэхүүний шүүгч нар танилцахад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай “Шийтгэх тогтоол" гэсэн бланктай тогтоол байсан ба, тогтоолын ар талд Нийслэлийн прокурорын газрын хүлээн авсан дардас хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 25 минут гэж тэмдэглэгдсэн байсан, энэ талаар хуралдаанд тодруулах асуулт тавьж, прокуророос тайлбар гаргасан байгаа. Энэхүү ажиллагаа шүүх хуралдааны тэмдэглэл, хуралдааны бичлэгээр бэхжигдсэн бөгөөд шүүх хуралдаан цахим хэрэгслээр шууд дамжуулагдсан тул нийтэд илэрхий юм.
2. Хэрэгт байхгүй, бидэнд ч үзүүлээгүй энэ баримтаа үндэслэж бүрэлдэхүүн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж хоёр өөр тогтоол гаргасан мэтээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргасан гэж гомдол гаргагч бичсэн байх боловч эрүүгийн хэргийн 27 дахь хавтасны 112-р хуудсанд авагдсан “Баримт 12а’’-д 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гардуулсан, хүргүүлсэн гэсэн бичилттэй, тус баримтын “улсын яллагч” гэсэн хэсэгт 06 дугаар сарын 12-ны өдөр 11.25 цаг тэмдэглэсэн баримт байдаг.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загварыг шинэчлэн батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтад “Баримт 12а” нь “шийтгэх тогтоол’’-ыг танилцуулсан, гардуулсан /хүргүүлсэн/, “Баримт 12б" нь “цагаатгах тогтоол”-ыг танилцуулсан, гардуулсан /хүргүүлсэн/ тус тус баримт байхаар баталсан. Тус эрүүгийн хэргийн 27 дахь хавтасны 112 дугаар хуудаст “Баримт 12а” гэсэн баримт авагдаж, үйлдсэн нь шийтгэх тогтоол гардуулсан гэж үзэх үндэслэл байгаа юм...
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно.” гэж зохицуулсан хүрээнд давж заалдах шатны шүүх эдгээрээс өөр баримт хүлээн авах боломжгүй.
4. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророос танилцуулахаар өгсөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 онь 05 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай “Шийтгэх тогтоол"-ыг шүүх бүрэлдэхүүн авч танилцсан нь хуралдааны бичлэгт бичигдсэн тул хуралдааны бичлэг, 2025 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдийн шүүх хуралдааны тэмдэглэл, эрүүгийн хэргээс 27 дугаар хавтаст хэргийн 112 дугаар хуудаст байгаа баримтыг тус тус нотлох баримтаар авч хэрэгт хавсаргуулах хүсэлттэй. Мөн давж заалдах шатны шүүх хуралд оролцсон Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Х.О-оос гэрчийн мэдүүлэг авах, тус байгууллагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолыг баримтаар гаргуулах боломжтой гэж үзэж байна.
5. ...Шүүгч Т.Алтантуяа миний хувьд хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан бусдын нөлөөнд автсан зүйл байхгүй, прокурорын эсэргүүцэлд анхан шатны шүүх шийтгэх тогтоол гардуулсан талаар тусгагдсан бөгөөд шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж заасныг баримталж, хараат бусаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхэд ирсэн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох дараалал тогтоох нарийвчилсан журамд заасны дагуу Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд байршуулсан шүүгчдээс санамсаргүй тохиолдлоор сонгох зарчмаар илтгэгч шүүгчид хэрэг хуваарилагдсан ба шүүх бүрэлдэхүүнийг журмын 4.3-т заасан “тус шүүгчид хуваарилагдсан хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагч, бүрэлдэхүүнийг долоо хоногийн дотор, долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гаригт сугалаагаар сонгон ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 4.5-д заасан “хэрэг хүлээн авсан шүүгчдээс дарааллын дагуу 3:3-аар бүрэлдэхүүн үүсгэх бөгөөд тухайн бүрэлдэхүүнд орсон 3 шүүгчээс шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүнийг хүснэгт 1-д заасны дагуу томилно” гэсний дагуу буюу, эрүүгийн *** дугаартай хэрэгт Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтын 4.3, 4.5-д заасны дагуу даргалагч шүүгчээр Г.Мөнхтулга, шүүх бүрэлдэхүүнд шүүгч ... нар томилогдсоныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн эзгүйд томилогдон ажиллаж байсан шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №1266 дугаар захирамжаар албажуулсан байна.
Үүний дараа “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох дараалал тогтоох тухай нарийвчилсан журам”-д өөрчлөлт оруулах тухай Шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 143 дугаар зарлигаар шүүгч ..., Ц.Мөнх-Эрдэнэ, ... нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон тул тэдний нэрсийг сугалаагаар сугалагдсан дараалалд оруулан Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд байршуулж, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд зарлагдсан шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч ..., Ц.Мөнх-Эрдэнэ, ... нарыг сугалаагаар оролцуулахаар өөрчлөлт оруулж, ...2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтын 4.8-д (4.8-д Хэргийг шүүхийн нэг бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ. Хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн, татгалзал, үндэслэл үүссэн, эсхүл шүүх бүрэлдэхүүн солигдох хүндэтгэн үзэх нөхцөлд шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилно.) заасны дагуу программаас хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Мөнхтулгыг, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Мөнх-Эрдэнийг тус тус томилогдсоныг албажуулсан байна.
Энэхүү шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, албажуулсан захирамжийн дагуу шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч ... шүүгч Ц.Мөнх-Эрдэнээр өөрчилсөн байх тул хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн талаарх гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн илтгэгч шүүгч, бүрэлдэхүүний шүүгч нар нь эрүүгийн хавтаст хэрэгтэй бүхэлд нь танилцаж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 44 дугаартай тогтоолоор баталсан “Давж заалдах шатны шүүх хуралдаанд бэлтгэх ажлын журам”-ыг баримтлан ажиллаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар цагаатгах тогтоолоор Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Я-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт, Г.Ө, Г.И нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Я, Г.Ө, Г.И нарыг тус тус цагаатгаж шийдвэрлэсэн,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн *** дүгээр магадлалаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдоно.
Дээрх магадлалыг гаргасан бүрэлдэхүүний шүүгч нарт холбогдуулан шүүгдэгч Д.Я гомдол гаргаж, үндэслэлээ “хэрэгт авагдаагүй баримтыг прокурорын гар дээрээс шүүх хуралдааны явцад бүрэлдэхүүн авч үнэлэн, улмаар шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуулийг ноцтой зөрчсөн, ...хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж тодорхойлжээ.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна”, 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж заасан.
Гэтэл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нарт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар цагаатгах тогтоолыг гардуулсан атлаа улсын яллагчид ижил огноо, дугаар бүхий шийтгэх тогтоол гардуулсан, энэ нь дээд шатны прокурорын эсэргүүцлийн нэг үндэслэл болсон, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.О эсэргүүцлийг дэмжиж “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, шүүгдэгч нарыг цагаатгасан талаар дурдсан атлаа шийтгэх тогтоол гэсэн хэлбэрээр үйлдсэн” талаар тайлбарлан, гардан авсан шийтгэх тогтоолын бланкан дээр бичигдсэн тогтоолын эх хувийг шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан нь шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгээр тогтоогдоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ”, 39.1 дүгээр зүйлийн 1.-д “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цар хүрээ, эрх хэмжээг тодорхойлсон байх бөгөөд эсэргүүцлийн үндэслэлд дурдсан анхан шатны шүүхээс гардуулсан тогтоолын эх хувьтай шүүх бүрэлдэхүүн танилцсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.
Тодруулбал, прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд эх хувиар гаргаж өгсөн “шийтгэх тогтоол”-ыг анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримт гэж үзэхгүй ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцэх үед үүссэн асуудал биш, харин хэргийг шийдвэрлэсний дараа үүссэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зөрчил тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно.” гэж заасан баримтад хамаарахгүй, энэ талаар хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
2.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар захирамжаар шүүгдэгч Д.Я, Г.Ө, Г.И нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Мөнхтулга, бүрэлдэхүүнд шүүгч ..., илтгэгч шүүгчээр Т.Алтантуяа нар томилогдсоныг албажуулсан байх ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 143 дугаар зарлигаар шүүгч ..., Ц.Мөнх-Эрдэнэ, ... нар тус шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаар тогтоолоор тус шүүхэд ирсэн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох дараалал тогтоох нарийвчилсан журамд өөрчлөлт оруулж шүүгч нарын нэрсийг сугалаагаар сугалах дараалалд оруулжээ.
Улмаар тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар дээрх журмын 4.8-д “Хэргийг шүүхийн нэг бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ. Хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн татгалзал, үндэслэл үүссэн, эсхүл шүүх бүрэлдэхүүн солигдох хүндэтгэн үзэх нөхцөлд шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилно” гэж зааснаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Мөнхтулга, бүрэлдэхүүнд шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, илтгэгч шүүгчээр Т.Алтантуяа нар томилогдсоныг албажуулсан.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн ажиллана”, 19.2-т “Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ” 19.2.2 “шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох”, 19.2.5 “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж заасны дагуу тус шүүхэд шинэ шүүгч нар томилогдсонтой холбогдуулан нарийвчилсан журамд тухайн шүүгч нарын нэрсийг байршуулснаар шүүгдэгч Д.Я, Г.Ө, Г.И нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ томилогдсоныг хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
Дээрх болон өргөдөлд дурдсан бусад гомдолд илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхтулга, Ц.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ГС/2026/0014 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхтулга, Ц.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Д.ЭРДЭНЭЧУЛУУН