
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-02-24
Дугаар 25
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч П.Пагма /цахимаар/ нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагмад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Иргэн Ч.Э өргөдөлдөө: “...Нэхэмжлэгчийн зүгээс иргэний хэрэг үүссэнээс хойш шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр шаардлагатай нотлох баримтыг цуглуулах зорилгоор хүсэлт гаргаж, шүүхээс хүсэлтийг хүлээн авч 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2....7 дугаартай захирамж гарсан. Тус захирамжаар “Д.Д-ийн нэхэмжлэлтэй “И” ХХК-д холбогдох иргэний хэрэгт тодорхой ажиллагаа хийж гүйцэтгэхийг Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгасугай” 4-т “Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь шүүгчийн захирамжид дурдсан дараах ажиллагааг хийж гүйцэтгэхийг даалгасугай” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн захирамжаар даалгасан.
Гэтэл Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.О нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 3/8.. дугаартай албан бичгээр “...даалгаврыг хийж гүйцэтгэх боломжгүй ...” гэж, шүүгчийн 2...7 дугаартай захирамжид заасан даалгаврыг гүйцэтгэхээс татгалзаж хэргийг буцаасан.
Нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2....7 дугаартай захирамжид заасан туршилтыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай техник хэрэгслийг хэн гаргах нь тодорхойгүй байх тул шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж туршилт хийж гүйцэтгэхэд шаардлагатай техник хэрэгсэл нь хариуцагч талд байгаа тул хариуцагчид үүрэг болгон 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2....7 дугаартай захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлтийг гаргасан.
Нэхэмжлэгчийн уг хүсэлтийг шүүх хүлээн авч 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2...0 дугаартай захирамжийн 3-т “Д.Д-ийн нэхэмжлэлтэй “И” ХХК-д холбогдох иргэний хэрэгт шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгасугай” гэж шийдвэрлэсэн байдаг.
Гэтэл Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3/7.. дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийж гүйцэтгэхэд шаардлагатай экскаватор, өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг хариуцах “И” компанийн төлөөлөгч нартай шүүгчийн захирамжид дурдсан дугаарын утсаар холбогдож чадаагүй учраас дээрх ажиллагааг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх боломжгүй байна. Мөн түүнчлэн тус шүүх шүүгчийн захирамжаар даалгасан туршилтын ажиллагааг явуулах, туршилтаар тогтоогдож байгаа үр дүнг баталгаажуулахад техник болон шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардлагатай байна гэж үзлээ. Иймд шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг гүйцэтгэх боломжгүй байх тул материалыг буцаан хүргүүлэв.” гэх тайлбар хийж, шүүгчийн захирамжид заасан даалгаврыг биелүүлэхээр үндэслэлгүйгээр татгалзаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Шүүхийн даалгавар хүлээн авсан шүүх түүнийг тогтоосон хугацаанд заавал биелүүлнэ”, 41.4-т “Шүүхийн даалгавар биелүүлэхэд хөтөлсөн тэмдэглэл, бүрдүүлсэн бүх материалыг хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд тогтоосон хугацаанд хүргүүлнэ” гэж тус тус заасныг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ноцтой зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна. Тодруулбал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2...0 дугаартай захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нарын холбоо тогтоох гар утасны дугаарыг тусгасан, мөн хэргийн оролцогч нартай холбогдох утас, хаягийн мэдээлэл хавтаст хэрэгт байгаа, мөн тус мэдээллийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаас, мөн хэргийн оролцогч нараас тодруулах бүрэн боломжтой байтал шүүгч П.Пагма нь шүүгчийн захирамжид заасан даалгаврыг биелүүлэх шаардлагатай арга хэмжээг огт аваагүй, шүүгчийн захирамжид заасан даалгаврыг гүйцэтгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Шүүгч П.Пагмаагийн энэхүү шүүхийн даалгаврыг гүйцэтгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн нотлох баримт цуглуулах эрхэд шууд нөлөөлөхөөс гадна хариуцагчид давуу байдал үүсгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна.
Мөн шүүгч П.Пагма нь “...тус шүүх шүүгчийн захирамжаар даалгасан туршилтын ажиллагааг явуулах, туршилтаар тогтоогдож байгаа үр дүнг баталгаажуулахад техник болон шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардлагатай байна гэж үзлээ....” гэсэн нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх зөвхөн даалгавар биелүүлэх үүрэгтэй оролцох байтал, шүүгчид нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгч байна гэж үзэхээр байна.
Иймд Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шүүгчийн хориглох зүйлийг ноцтой зөрчиж байх тул шүүгчийн үйлдлийг шалгаж өгнө үү” гэжээ.
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд: “…Нэг. “...шүүгчийн захирамжид заасан даалгаврыг биелүүлэх шаардлагатай арга хэмжээг огт аваагүй, шүүгчийн захирамжид заасан даалгаврыг гүйцэтгэхээс үндэслэлгүйгээр татгалзcан” гэх үндэслэлийн тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Шийдвэрлэж байгаа хэргийн талаар өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байвал зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж гарган тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгана”, 41.3-д “Шүүхийн даалгавар хүлээн авсан шүүх түүнийг тогтоосон хугацаанд заавал биелүүлнэ” гэж заасан.
Д.Д-ийн нэхэмжлэлтэй, “И” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2024/2….7 дугаар захирамжаар “Дорнод аймаг, …сумын нутаг дэвсгэр, …дүгээр талбайгаас … чиглэлийн автозамтай холбогдох 58.5 км автозамын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн талбайд 6..4 улсын дугаартай HOWO маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслээр тухайн үед тээвэрлэж байсан хайрга, чулуутай ижил хайрга, чулууг, толгой автомашинд 13 экскаваторын шанагаар, чиргүүлд 15 шанагаар, нийт 28 шанагаар, хариуцагч “И” ХХК-ийн тухайн ажлын үед болон одоо замын ажилд ашиглаж байгаа экваторын шанаганы хэмжээгээр ачиж, тээврийн хэрэгсэл, чиргүүл тус бүрийн жин, мөн ачаатай байх үеийн тус бүрийн жинг хүнд даацын автомашины пүү дээр байрлуулж жинлэж, хэмжээг тогтоох ... ”-ыг Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгасан байх ба тус даалгаврыг гүйцэтгүүлэхээр 3 удаа хүргүүлсэн ч тухай бүр даалгаврыг гүйцэтгэх боломжгүй талаар хариу өгчээ.
Хуульд зааснаар шүүхийн даалгавар хүлээн авсан шүүх түүнийг тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй ч даалгавар нь биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд даалгавар нь гүйцэтгэх боломжтой эсэхийг тодруулахаар хариуцагч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Х.Г-өөс мэдүүлэг авахад: “Ямар ч байсан шүүгчийн даалгавраар хайрга чулууг ачиж тээвэрлэх үүрэг өгсөн. Энэ ажил биелэгдэх боломжгүй байсан ба сая өнгөрсөн оны сүүлээр орсон хурал дээр биелэх боломжгүй талаар шүүхэд тайлбарлаж өгсөн. Тухайн үед Д-ийн машинаар чулуу зөөлгөж замын ажилд хэрэглэсэн ба тэр ажил 2023 оны 06 дугаар сард дууссан юм. Ажлын төгсгөл дээр бид маргалдаад асуудал үүссэн, эндээ дургүйцээд өөр нэг асуудал гаргаж ирээд манай компанийг шүүхэд өгсөн. Маргааны үндэслэл нь гэрээнд зааснаас илүү их хэмжээний чулуу зөөлгөсөн гэдэг. Тэгээд л шүүх тийм захирамж гаргасан байх. Уг захирамжийн дагуу ажил гүйцэтгэх ямар ч боломжгүй. Учир нь ажил дуусчихсан болохоор манай экскаватор тэнд байхгүй. Нөгөө нь ачуулах гээд байгаа чулуу нь хил дээр байдаг …заставын ойролцоох гүн жалгын карьераас авдаг бөгөөд ингэж авахын тулд Ашигт малтмалын газраас зөвшөөрөл авна, Засгийн газрын тогтоол гарна зэргээр маш их процедур болдог юм. Бидний хийсэн зам ямар ч хайрга чулуу байхгүй, эргэн тойрон элстэй Мэнэнгийн талд хийгдсэн учраас 156 км газарт хил дээр байдаг …заставын ойролцоох чулууны карьераас замын суурь хучилтын чулуугаа тээвэрлэж авчирсан юм. Халх голоос цаашаа хилийн районд орохын тулд отрядаас зөвшөөрөл авч бөөн ажил болж очдог газар шүү дээ, Би экскаватор ч байхгүй, пүү ч байхгүй гэдгийг тайлбарлаад чулуу ачихын тулд их олон зөвшөөрөл авч байж хил дээрээс авна, ямар ч боломжгүй гэдгийг хэлсэн. Манайх экскаватороо авч очоод хил дээр очиж хайрга чулуугаа ачаад, 350 км газар явж аймгийн төв ороод пүү дээр жинлэж үзнэ гэсэн үг үү. Ямар ч боломжгүй шүү дээ” гэж мэдүүлсэн.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор тайлбарлахдаа “илт тодорхой заалт” гэдгийг “тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно”, “ноцтой зөрчих” гэдгийг “процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэжээ.
Дээр дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д заасан зохицуулалтууд тодорхой бус ойлголтыг агуулаагүй хуулийн илт тодорхой заалт мөн.
Гэвч шүүхийн даалгаварт заасан Дорнод аймаг, …сумын нутаг дэвсгэр, …дүгээр талбайгаас …чиглэлийн автозамтай холбогдох 58.5 км автозамын барилгын ажил 2023 оны 06 дугаар сард дууссан, уг замын ажилд ашигласан чулуу нь Халх голоос цаашаа хилийн районд байдаг тул хилийн районд ороход зөвшөөрөл авах зэрэг олон шат дараалалтай ажиллагаа хийгдэхийн зэрэгцээ шүүгч П.Пагма нь даалгаврыг хүлээн авсны дараа захирамжид дурдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбогдож чадаагүй байх ба энэ талаар холбогдох баримтыг тайлбарын хамт ирүүлсэн байна.
Хоёр. “...зөвхөн даалгавар биелүүлэх үүрэгтэй оролцох байтал, шүүгчид нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгсөн” гэх үндэслэлийн тухайд:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх”-ийг шүүгчид хориглохоор заасан.
Өргөдөлд “шүүгч П.Пагма нь “...тус шүүх шүүгчийн захирамжаар даалгасан туршилтын ажиллагааг явуулах, туршилтаар тогтоогдож байгаа үр дүнг баталгаажуулахад техник болон шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардлагатай байна гэж үзлээ...” гэсэн нь ...зөвхөн даалгавар биелүүлэх үүрэгтэй оролцох байтал, шүүгчид нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгч байна гэж үзэхээр байна” гэсэн ба шүүхийн даалгаврыг гүйцэтгэх боломжгүй талаар мэдэгдэхдээ шинжээч шаардлагатай талаар дурдсаныг бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд заавар, чиглэл өгсөн гэж үзэхгүй бөгөөд шалгах ажиллагааны явцад дээрх зөрчлийг гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэжээ.
Шүүгч П.Пагма тайлбартаа: “...Шүүгч миний хувьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 191/Ш32025/2....0 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан.
Уг шүүгчийн захирамжаар Д.Д-ийн нэхэмжлэлтэй, “И” ХХК-д холбогдох иргэний хэрэгт Дорнод аймаг, ...сумын нутаг дэвсгэр, ...дүгээр талбайгаас ...чиглэлийн автозамтай холбогдох 58.5 км автозамын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн талбайд 6..4 улсын дугаартай НОWO маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслээр тухайн үед тээвэрлэж байсан хайрга, чулуутай ижил хайрга чулууг толгой автомашинд 13 экскаваторын шанагаар, чиргүүлд 15 шанагаар, нийт 28 шанагаар, хариуцагч “И” ХХК-ийн тухайн ажлын үед болон одоо замын ажилд ашиглаж байгаа САТERPILLAR-330/САТ00330ЕКЕLО828/ маркийн 2 м/куб шанагатай экскаваторын шанаганы хэмжээгээр ачиж, тээврийн хэрэгсэл, чиргүүл тус бүрийн жин, мөн ачаатай байх үеийн тус бүрийн жинг хүнд даацын автомашины пүү дээр байрлуулж жинлэж, хэмжээг тогтоох, дээрх тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэлтэй ижил төрлийн тээврийн хэрэгсэл, түүнчлэн дурдсан талбайд тухайн үед тээвэрлэж байсан хайрга чулуутай ижил хайрга чулуу байхгүй тохиолдолд хариуцагч “И” ХХК-ийн одоогийн ашиглаж байгаа хайрга чулууг ашиглан жинлэж, хэмжээг тогтоох ажиллагааг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхийг тус шүүхэд даалгасан байсан.
Урьд нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/Ш32024/2....7 дугаар захирамжаар уг даалгаврыг хийж гүйцэтгэхийг Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгаж хүргүүлсэн байсан боловч тус шүүхээс туршилтын нөхцөл байдал тодорхойгүй байгаа учраас даалгаврыг гүйцэтгэх боломжгүй талаар дурдаж даалгаврыг гүйцэтгэхээс татгалзсан байдаг.
Шүүгч миний хувьд туршилт хийх даалгаврын ажиллагаатай танилцаад тухайн ажиллагааг хийж гүйцэтгэхэд шаардлагатай САТERPILLAR- 330/САТ00330ЕКЕLО828/ маркийн 2 м/куб шанагатай экскаватор, 60-84 улсын дугаартай HOWO маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг хариуцах “И” компанийн төлөөлөгчтэй шүүгчийн захирамжид дурдсан туршилтыг хийж гүйцэтгэх ажиллагааны талаар холбогдохыг шүүгчийн туслахад үүрэг болгосон.
Ийнхүү Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Х.Б нь “И” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г-тэй шүүгчийн захирамжид дурдсан 99....33 дугаарын утсаар холбогдож чадаагүй талаар шүүгч надад мэдэгдсэн. Тодруулбал, тухайн туршилтыг явуулах нөхцөл, техник хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмжийг хариуцах “И” компанитай шүүх холбогдож чадаагүй.
Түүнээс гадна “И” компани нь Улаанбаатар хот, ...дүүрэг, ...дугаар хороонд байрладаг бөгөөд манай шүүхэд тухайн нэхэмжлэлийн шаардлага, үйл баримт, туршилтыг хийж гүйцэтгэх ажиллагаатай холбоотой ямар нэгэн нотлох баримт, үүсгэсэн иргэний хавтаст хэрэг огт ирээгүй, зөвхөн хүсэлт шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж ирсэн учраас “И” компанийн төлөөлөгчтэй бид зөвхөн харилцаа холбооны хэрэгслээр л холбогдох боломжтой байсан боловч дээрх нөхцөл байдлын улмаас холбогдож чадаагүй.
Хэдийгээр тухайн “И” компанитай холбогдож чадаагүй ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Шүүхийн даалгавар хүлээн авсан шүүх түүнийг тогтоосон хугацаанд заавал биелүүлнэ” гэж зааснаар ирүүлсэн шүүгчийн захирамжийн хүрээнд туршилтыг явуулах гэсэн боловч тухайн туршилтыг хийж гүйцэтгэх нөхцөл байдал бүрдээгүй, туршилтыг хаана, хэнээр, ямар арга замаар хэрхэн явуулах нь тодорхойгүй, ойлгомжгүй дараах асуудал байсан. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1- д “Шийдвэрлэж байгаа хэргийн талаар өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байвал зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж гарган тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгана гэж заасан байна.
Гэтэл тус шүүхэд ирүүлсэн хүсэлт шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамжид туршилтыг явуулах “И” компанийн Дорнод аймгийн ...сумын нутаг дэвсгэр, ...дүгээр талбайгаас ...чиглэлийн автозамын барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан талбай нь яг хаана байгаа гэдэг нь тодорхойгүй, “И” ХХК-ийн одоогийн ашиглаж байгаа талбай хаана байгаа болох нь тодорхойгүй, мөн хүнд даацын автомашины пүү дээр байрлуулж жинлэх /тухайн үед тээвэрлэж байсан гэх/ хайрга чулуу нь ямар хайрга чулуу болох, хаана байгаа, мөн тухайн ижил хайрга чулуу байхгүй тохиолдолд хариуцагч “И” ХХК-ийн одоогийн ашиглаж байгаа хайрга чулуу нь хаана байгаа нь тодорхойгүй зэрэг туршилтыг хаана, хэнээр, ямар арга замаар хэрхэн явуулах урьдчилсан нөхцөл бүрдээгүй байсан.
Түүнчлэн туршилтыг хийж гүйцэтгэх, том оврын техник хэрэгслийг хэрэглэж ашиглах, туршилтаар тогтоогдож байгаа үр дүнг баталгаажуулахад тухайн асуудлаар тодорхой хэмжээний тусгай мэдлэг шаардлагатай байсан гэх нөхцөл байдлуудын улмаас туршилтыг явуулах боломжгүй болсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Шүүхийн даалгавар биелүүлэхэд хөтөлсөн тэмдэглэл, бүрдүүлсэн бүх материалыг хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд тогтоосон хугацаанд хүргүүлнэ” гэж зааснаар шүүгч миний хувьд шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг тогтоосон хугацаанд дээр дурдсан үндэслэлээр гүйцэтгэх боломжгүй байсан тул холбогдох материалыг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхийн 3/721 тоот албан бичгийн хамт буцаан хүргүүлсэн.
Ийнхүү даалгаврыг гүйцэтгээгүй хүргүүлж байгаа нөхцөл байдлыг дурдаж боломжгүй талаарх хариуг албан бичгээр хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд хүргүүлсэн нь зохигчийн эрхэд нөлөөлөх, давуу байдал үүсгэх, хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчид нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Шүүгч миний хувьд даалгаврыг хийж гүйцэтгэх талаар хэргийн хэн нэгэн оролцогч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа шүүгчтэй холбогдоогүй бөгөөд тус шүүхэд ирүүлсэн шүүгчийн захирамжийн хүрээнд холбогдох ажиллагааг явуулсан болно.
Иймд миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргаагүй гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Д.Д нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “И” ХХК-д холбогдуулан 6...4 улсын дугаартай HOWO маркийн өөрөө буулгагч автомашины өмчлөгч болохыг тогтоолгож, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж 6...4 У... улсын дугаартай тээврийн хэрэгслийг авто тээврийн үндэсний төвд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 180,000,000 төгрөг гаргуулах, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 109,998,098 төгрөг, нийт 289,998,098 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, шүүгч Б.Ц нэхэмжлэлийг хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Шүүгч 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2024/2....7 дугаар захирамж гарган, “Дорнод аймаг, ...сумын нутаг дэвсгэр, ...дүгээр талбайгаас ... чиглэлийн автозамтай холбогдох 58.5 км автозамын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн талбайд 6...4 улсын дугаартай HOWO маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслээр тухайн үед тээвэрлэж байсан хайрга, чулуутай ижил хайрга, чулууг, толгой автомашинд 13 экскаваторын шанагаар, чиргүүлд 15 шанагаар, нийт 28 шанагаар, хариуцагч “И” ХХК-ийн тухайн ажлын үед болон одоо замын ажилд ашиглаж байгаа экваторын шанаганы хэмжээгээр ачиж, тээврийн хэрэгсэл, чиргүүл тус бүрийн жин, мөн ачаатай байх үеийн тус бүрийн жинг хүнд даацын автомашины пүү дээр байрлуулж жинлэж, хэмжээг тогтоох, дээр дурдсан 6...4 улсын дугаартай HOWO маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэлтэй ижил төрлийн тээврийн хэрэгсэл, түүнчлэн дурдсан талбайд тухайн үед тээвэрлэж байсан хайрга, чулуутай ижил хайрга, чулуу байхгүй тохиолдолд тухайн газраас 200 км газарт үйл ажиллагаа явуулж байгаа хариуцагч “И" ХХК-ийн одоогийн ашиглаж байгаа хайрга, чулууг ашиглан жинлэж, хэмжээг тогтоох”-ыг Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгаж, тус шүүхэд хүргүүлсэн.
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.О 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 3/8... дугаар албан бичгээр “...хариуцагчийн өмгөөлөгч ... холбогдоход “Тухайн туршилтыг хийх боломжгүй, хариуцагчийн зүгээс туршилт хийхэд шаардагдах техник хэрэгсэл, хайрга чулууг бэлдэх талаар шүүх хуралдаан дээр яриагүй” гэх тайлбарыг тус тус өгсөн байна. Иймд дээрх нөхцөл байдлаас шалтгаалан даалгаврыг хийж гүйцэтгэх боломжгүй байх тул буцаан хүргүүлж байна” гэсэн хариу ирүүлсэн.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/2....0 дугаар захирамжаар дээрх шүүгчийн 101/ШЗ2024/2...7 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, захирамжид дурдсан ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд даалгасныг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасан, тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШТ2024/0...3 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээсэн.
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3/7... дүгээр албан бичгээр “Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийж гүйцэтгэхэд шаардлагатай экскаватор, өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг хариуцах “И” компанийн төлөөлөгч нартай шүүгчийн захирамжид дурдсан дугаарын утсаар холбогдож чадаагүй учраас дээрх ажиллагааг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх боломжгүй байна” гэх хариу өгсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/2...0 дугаар захирамжийг дахин Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүргүүлэх хүсэлт”-ийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШЗ2025/4....8 дугаар захирамжаар хангасан.
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.О 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 309/АБ2025/0....9 дүгээр албан бичигтээ “...энэ даалгаварт буюу анхны Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 15-ны өдрийн 101/Ш32024/2....7 дугаартай захирамж нь энэ даалгавартай хамт ирээгүй байх тул ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй, даалгаврыг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байх тул даалгаврыг буцааж хүргүүлэв” гэжээ.
Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/5....4 дүгээр захирамжаар шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 191/Ш32025/4....8 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн “…нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2....0 дугаар захирамжийг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүргүүлэх…” гэснийг хүчингүй болгож, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгчийн дээрх захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-ийн гаргасан гомдлыг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 191/ШТ2026/0....3 дугаар тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж, захирамжийг хэвээр үлдээсэн байна.
Дараах үндэслэлээр сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Шийдвэрлэж байгаа хэргийн талаар өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байвал зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж гарган тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгана”, 41.3-д “Шүүхийн даалгавар хүлээн авсан шүүх түүнийг тогтоосон хугацаанд заавал биелүүлнэ” гэж тус тус заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас туршилт хийлгэх хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2024/2....7 дугаар захирамжаар хангаж, “Дорнод аймаг, ...сумын нутаг дэвсгэр, ...21 дүгээр талбайгаас ...чиглэлийн автозамтай холбогдох 58.5 км автозамын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн талбайд 6...4 улсын дугаартай HOWO маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслээр тухайн үед тээвэрлэж байсан хайрга, чулуутай ижил хайрга, чулууг, толгой автомашинд 13 экскаваторын шанагаар, чиргүүлд 15 шанагаар, нийт 28 шанагаар, хариуцагч “И” ХХК-ийн тухайн ажлын үед болон одоо замын ажилд ашиглаж байгаа экваторын шанаганы хэмжээгээр ачиж, тээврийн хэрэгсэл, чиргүүл тус бүрийн жин, мөн ачаатай байх үеийн тус бүрийн жинг хүнд даацын автомашины пүү дээр байрлуулж жинлэж, хэмжээг тогтоох...”-ыг Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгаж тус даалгаврыг гүйцэтгүүлэхээр 3 удаа хүргүүлсэн ч тухай бүр даалгаврыг гүйцэтгэх боломжгүй талаар хариу өгчээ.
Хуульд зааснаар шүүхийн даалгавар хүлээн авсан шүүх түүнийг тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй ч даалгавар нь биелэгдэх боломжтой байх ёстой.
Шалгах ажиллагааны явцад “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Г гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Ямар ч байсан шүүгчийн даалгавраар хайрга чулууг ачиж тээвэрлэх үүрэг өгсөн. Энэ ажил биелэгдэх боломжгүй байсан ба сая өнгөрсөн оны сүүлээр орсон хурал дээр биелэх боломжгүй талаар шүүхэд тайлбарлаж өгсөн. Тухайн үед Д-ийн машинаар чулуу зөөлгөж замын ажилд хэрэглэсэн ба тэр ажил 2023 оны 6 дугаар сард дууссан юм. Ажлын төгсгөл дээр бид маргалдаад асуудал үүссэн, эндээ дургүйцээд өөр нэг асуудал гаргаж ирээд манай компанийг шүүхэд өгсөн. Маргааны үндэслэл нь гэрээнд зааснаас илүү их хэмжээний чулуу зөөлгөсөн гэдэг. Тэгээд л шүүх тийм захирамж гаргасан байх. Уг захирамжийн дагуу ажил гүйцэтгэх ямар ч боломжгүй. Учир нь ажил дуусчихсан болохоор манай экскаватор тэнд байхгүй. Нөгөө нь ачуулах гээд байгаа чулуу нь хил дээр байдаг ...заставын ойролцоох гүн жалгын карьераас авдаг бөгөөд ингэж авахын тулд Ашигт малтмалын газраас зөвшөөрөл авна, Засгийн газрын тогтоол гарна зэргээр маш их процедур болдог юм. Бидний хийсэн зам ямар ч хайрга чулуу байхгүй, эргэн тойрон элстэй Мэнэнгийн талд хийгдсэн учраас 156 км газарт хил дээр байдаг ...заставын ойролцоох чулууны карьераас замын суурь хучилтын чулуугаа тээвэрлэж авчирсан юм. Халх голоос цаашаа хилийн районд орохын тулд отрядаас зөвшөөрөл авч бөөн ажил болж очдог газар шүү дээ, Би экскаватор ч байхгүй, пүү ч байхгүй гэдгийг тайлбарлаад чулуу ачихын тулд их олон зөвшөөрөл авч байж хил дээрээс авна, ямар ч боломжгүй гэдгийг хэлсэн. Манайх экскаватороо авч очоод хил дээр очиж хайрга чулуугаа ачаад, 350 км газар явж аймгийн төв ороод пүү дээр жинлэж үзнэ гэсэн үг үү. Ямар ч боломжгүй шүү дээ” гэжээ.
Шүүгч П.Пагма шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийж гүйцэтгэхэд шаардлагатай экскаватор, өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг хариуцах “И” ХХК-ийн төлөөлөгч нартай холбогдохыг шүүгчийн туслах Х.Б-д даалгасан тэрээр “…хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г-ийн 99.....33 дугаарын утас руу 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хэд хэдэн удаа залгахад холбогдох боломжгүй байсан тул энэ талаар шүүгч П.Пагмад танилцуулсан. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн туслах болон нэхэмжлэгчийн зүгээс холбогдож захирамжийн биелэлтийн талаар асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн утас холбогдохгүй байгаа талаар танилцуулж байсан. Өөрийн ажил үүргийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г-ийн утас нь холбогдохгүй байгаа талаар баримт хөтлөн даалгаврыг буцаасан материалд хавсарган хүргүүлсэн” гэсэн тайлбар ирүүлжээ.
Шүүгчийн захирамжид дурдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г-ийн 99......33 дугаарын утсаар холбогдож чадаагүй учраас тогтоосон хугацаанд даалгаврыг хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлын талаар хариу хүргүүлснийг шүүгч бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд заавар, чиглэл өгсөн, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагмад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Х.ХАШБААТАР