info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2026-03-18

Дугаар 36

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн О.Сумъяабазар, өргөдөл гаргагч “С” ХХК-ийн захирал Н.Г нарыг оролцуулан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаярт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2026/0031 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

... Холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөл болон сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолд  дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

1. Өргөдөл гаргагч өмнө гаргасан өргөдөлдөө   “…шүүгч …нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д зааснаар албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосноос миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмын дагуу эрхээ эдлэх боломжоор хангагдаагүй, шүүх хуулийг хэрэгжүүлээгүйгээс хэргийн нэг оролцогч хохирч, нөгөө оролцогчид давуу байдал үүсгэсэн, ...2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанаас өмнө буюу мөн өдрийн 13 цаг 40 минутад эхнэр минь өвчний учир нас барсан. Энэ тухай шүүгчийн туслах, хамтран хариуцагч нарт утсаар мэдэгдсээр байхад ямар ч арга хэмжээ аваагүй, эргэж надтай холбоо бариагүй, …шүүгч Б.Мандалбаяр намайг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй” гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хуралдааныг явуулж, хэргийн оролцогчийн эдлэх эрхийг эдлүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-6.5 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг хангаагүй, эрхийг минь зөрчсөн...” гэсэн агуулга дурджээ.

Сахилгын хорооны магадлалд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “…Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...”, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч хохирол учруулсан этгээдэд холбогдуулж нэхэмжлэл гаргах байдлаар хариуцагчаа өөрөө тодорхойлох бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаасаа татгалзах эрхийнхээ дагуу 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хамтран хариуцагч С.Х-с татгалзсан байна, … Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах эрхтэй тул эрхийг албадан хэрэгжүүлэх боломжгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаа дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “хууль зүйн туслалцаа авах эрхийг нь эдлүүлэх”-ээр шүүх хуралдааныг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл хойшлуулж, өргөдөл гаргагч Н.Г шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зурсан байна, … тус иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ... дүгээр захирамж гарснаас хойш шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэн шийдвэрлэсэн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хариуцагч “С” ХХК-ийн захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Н.Г-д хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрх нь нээлттэй байсан бөгөөд шүүхээс удаа дараа сануулсан боловч тэрээр хуулиар олгосон уг эрхээ хэрэгжүүлээгүй байх ба “...хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй, хэргийн материалтай танилцах боломж олгоогүй...” гэх өргөдөл гаргагчийн үндэслэл нотлогдохгүй байна, …хариуцагч “С” ХХК-иас болон Н.Г-с  шүүх хуралдааныг хойшлуулах талаар бичгээр хүсэлт гарган холбогдох баримтыг ирүүлээгүй байсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хамтран хариуцагч нарын шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн зэргээс дүгнэхэд Н.Г-ын эхнэр нас барж шүүх хуралдаанд оролцож чадахгүй болсон талаар шүүгч мэдээгүй, холбогдох баримт хэрэгт авагдаагүй байсан зэргээс шүүгчийг албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэл нотлогдохгүй байна…” гэсэн үндэслэл дурдсан  ба энэхүү магадлал хүчин төгөлдөр байна. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон  үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээр дурдсан гомдлын талаар дахин дүгнэлт хийх үндэслэлгүй.

2. Сахилгын хэрэг үүсгэсэн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0004 дүгээр тогтоолд “…харин өргөдөлд хавсаргасан, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд, шүүх хуралдааны төгсгөлд даргалагч нэхэмжлэгч талын нэмэлт тайлбар, хууль зүйн дүгнэлтийг сонсъё гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч: …С.Х тухайн үед инженерээр ажиллаж байсан байна. Хариуцагч “С” ХХК нь Ш.Ц-р ажлаа хийлгэсэн нь нотлогдох тул “С” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулах гэж тодруулж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч С.Х-с татгалзаж байна гэсэн байгаагаар, нэхэмжлэгч бус түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, хариуцагчийг өөрчилсөн гэж харагдана, Гомдлын хуралдаанд өргөдөл гаргагч, 2024 онд өмгөөлөгчийн дээрх үйлдэлд холбогдуулсан Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр гаргасан гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэгчийн эрхийг хэрэгжүүлсэн гэх үйл баримттай холбогдуулж, Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд өргөдөл гаргаж, өмгөөлөгч хариуцлага хүлээсэн эсэх, өмгөөлөгч зөрчил гаргасан гэж үзвэл энэ зөрчилд шүүх хуралдаан даргалагч Б.Мандалбаяр холбогдох эсэхийг шалгах…” гэжээ.

2.1. Дээрх тогтоолд дурдсан асуудлыг өмнө нь шалгаж байсан эсэхийг тодруулахад Сахилгын хорооны 248 дугаар магадлалд “С” ХХК-ийн захирал Н.Г-с 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 106 болон 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаар албан бичгийн дагуу ажилтан Г.Б-д олгосон итгэмжлэлүүд, “С” ХХК-ийн захирал Н.Г-ын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаартай шүүхэд өгсөн итгэмжлэх болон Төрийн мэдээллийн сангаас гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа 248 дугаар магадлалтай сахилгын хэрэгт авагдсан байх ба тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Н.Г болохыг 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн байна.

Түүнчлэн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хэргийн нэхэмжлэгч Ш.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д нар “С” ХХК-ийн захирал нь Н.Г мөн эсэх нь тодорхойгүй байх тул тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, мөн “С” ХХК-ийн инженер С.Х-г хамтран хариуцагчаар татах” тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ... дүгээр захирамжаар хангаж, “С” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж, хамтран хариуцагчаар С.Х-г татсан байна. …нэхэмжлэгч хохирол учруулсан этгээдэд холбогдуулж нэхэмжлэл гаргах байдлаар хариуцагчаа өөрөө тодорхойлох бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаасаа татгалзах эрхийнхээ дагуу 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хамтран хариуцагч С.Х-с татгалзсан болох нь тус өдрийн ... дугаар тэмдэглэл, ... дугаар шийдвэрээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “С” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Н.Г  мөн болохыг шүүх тогтоосон байх ба Н.Г нь С.Х-г бус, харин хариуцагч “С” ХХК-ийг төлөөлж байсан нь нотлогдож байна гэж дүгнэсэн байх тул Сахилгын хорооны  магадлалд дурдсан асуудлаар дахин дүгнэлт хийх нь хуульд нийцэхгүй юм. 

2.2. “С” ХХК-ийн захирал Н.Г нь Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд  “...өмгөөлөгч Б.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, шүүх хуралдааны нэмэлт тайлбар, хууль зүйн дүгнэлт сонсох шатанд хариуцагч С.Х-с татгалзаж байна гэх тайлбарыг өгснөөр анхан шатны шүүхээс “С” ХХК-иас 119,810,355 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн юм. Нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрх нь зөвхөн нэхэмжлэгчийн эдэлдэг эрх юм. Б.Д нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр бус, өмгөөлөгчөөр оролцож байсан бөгөөд хуулиар түүнд хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзах эрх олгогдоогүй байна...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ. 

Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаар гомдлыг хянан хэлэлцээд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар тогтоолоор өмгөөлөгч Б.Д-д сануулах хариуцлага хүлээлгэжээ. Энэхүү тогтоолд “...өмгөөлөгч Б.Д нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, дүгнэлтдээ “хоёр хариуцагч байгаа учир хэнээс хэдэн төгрөг гаргуулах талаар тодруулж хэлэхэд С.Х тухайн үед  инженерээр ажиллаж байсан байна. Хариуцагч “С” ХХК нь Ш.Ц-р ажлаа хийлгэсэн нь нотлогдсон тул “С” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулах гэж тодруулж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч С.Х-с татгалзаж байна гэв гэсэн тайлбарыг гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна гэж бүрэлдэхүүн үзлээ.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох, түүний эрх, үүргийг зохицуулж өгсөн. Өмгөөлөгч Б.Д нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Ц-ийн өмгөөлөгчөөр оролцсон. Нэхэмжлэгч Ш.Ц-с өмгөөлөгч Б.Д-д бичгээр итгэмжлэл олгогдоогүй байхад хариуцагч С.Х-с татгалзсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрчлөх, ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж хуульчилсан нь нэхэмжлэгчийн эдлэх эрх юм. Нэхэмжлэгч энэ эрхээ өмгөөлөгчөөр дамжуулан эдлэхдээ бичгээр итгэмжлэл олгох, аль эсвэл гэрээгээр төлөөлүүлж эдлэх талаар  зохицуулсан. Өмгөөлөгч Б.Д, Ш.Ц нарын хооронд байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд өмгөөлөгч Б.Д-д хариуцагчаас татгалзах эрхийн талаар тохиролцоогүй байна. Өмгөөлөгч Б.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийг эдлэх талаар үйлчлүүлэгч Ш.Ц-д тайлбарлаж туслалцаа үзүүлэх үүрэгтэй энэ үүргээ биелүүлэхгүйгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч байр сууринаас оролцож байхдаа хариуцагчаас татгалзсан байна. Өмгөөлөгчийн энэ үйлдэл нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан хууль дээдлэх, шударга ёсыг сахих, 14 дүгээр зүйлийн 14.1.5-т хэсэг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн бөгөөд уг тогтоолд гомдол гаргаагүй байна. 

Дээр дурдсанаар, тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэснээс хойш 2 жилийн дараа өмгөөлөгч Б.Д-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо ёс зүйн дүрмийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн хэдий ч энэ нь холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл, шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчсөн тохиолдолд түүнд сахилгын шийтгэл хүлээлгэх бөгөөд өмгөөлөгчид сахилгын шийтгэл оногдуулсан нь шүүгчид хуулиар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон аль ч зохицуулалтад хамаарахгүй. 

2.3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д нь шүүх хуралдааны төгсгөлд “...хариуцагч “С” ХХК нь Ш.Ц-р ажлаа хийлгэсэн нь нотлогдох тул “С” ХХК-с нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулах гэж тодруулж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч С.Х-с татгалзаж байна” гэсэн тайлбар гаргажээ.

Хариуцагч “С” ХХК-иас төлбөр гаргуулахдаа анхан шатны шүүх  “...Тодруулбал талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г нь хариуцагч С.Х-г нэхэмжлэгч Ш.Ц-тэй гэрээ байгуулахыг зөвшөөрсөн, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголт нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж зааснаар  хариуцагч С.Х-г  хариуцагч “С” ХХК-ийг төлөөлсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хариуцагч С.Х-г нэхэмжлэгч Ш.Ц-ийн өмнө үүрэг хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээний захиалагч гэж үзэхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж зааснаар тэрээр хариуцагч этгээд биш юм”, “..ажил гүйцэтгэх гэрээний харилцааг зөвхөн нэхэмжлэгч Ш.Ц болон хариуцагч “С” ХХК нарын хооронд үүссэн, харин тус компанийг С.Х нь ажилтны хувиар ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад төлөөлж оролцсон учир түүнийг тухайн гэрээний бие даасан оролцогч бус” гэсэн үндэслэлийг шийдвэртээ тусгажээ.

Иймд холбогдох шүүгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1, 40.2-т зааснаар шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлэх  бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн  үндэслэлд дээд шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөх учиртай. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй” гэж дүгнээд, харин тооцоо нийлэх баримтыг үндэслэн хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээг багасгаж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан байх ба Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх эрхгүй юм.

2.4. Шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/-ийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1, 179.1.1.-т заасан.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч “С” ХХК-ийн гаргасан “Ц” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот аудиторын дүгнэлт, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн С.Х-ын “С”  ХХК-д гаргасан баталгаа гаргах нь гэсэн баримтыг шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болох үндэслэлд хамааруулах боломжтой гэж үзэн, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ.

 Үүнээс үзвэл, өмгөөлөгч Б.Д-д сахилгын шийтгэл оногдуулсан Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр нь шүүхийн шийдвэр шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцогдоогүй байна.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.6-т зааснаар шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоосон нөхцөлд шүүхийн шийдвэр хүчингүй болох ба энэ тохиолдолд шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх тул нэхэмжлэгч С.Х-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан, уг шаардлагаас татгалзах эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх явцад шийдвэрлэх учиртай.

3. Монгол Улсын үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4-т “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж заасан.

Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3-т зааснаар шүүгчийг томилуулах, шилжүүлэх, албан тушаалаас нь чөлөөлүүлэх тухай саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх бүрэн эрхийг Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэгжүүлнэ.  

 Иймд өргөдөлд дурдсан “..шүүгч Б.Мандалбаярыг давж заалдах шатны шүүхийн шүүгчээс нь эргүүлэн татаж анхан шатны шүүхэд нь буцаах арга хэмжээ авч өгөх” гэх гомдол сахилгын хорооны бүрэн эрхэд хамаарахгүй болно.

Өргөдөл гаргагч өргөдөл болон гомдол шийдвэрлэх хуралдаанд биечлэн оролцож гомдлын агуулгаа тодорхой тайлбарласан байх тул илтгэгч гишүүний зүгээс өргөдөл гаргагчаас нэмэлт тайлбар авах, түүнийг гэрчээр асууж мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй. 

Дээрх үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд  холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Холбогдох шүүгч Б.Мандалбаяр Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

... Миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байх хугацаандаа Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй “С” ХХК, С.Х нарт холбогдох хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй“ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагчаар “С” ХХК, С.Х нарыг тодорхойлж, шүүх тэдгээрт холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан тул шүүгч санаачилгаараа нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргасан гэх нөхцөл байдалд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл Ш.Ц зөвхөн С.Х-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад шүүх өөрийн санаачилгаар “С” ХХК-ийг хариуцагчаар оролцуулж, хариуцагч сольж, хариуцагч С.Х-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргасан ажиллагаа хийгдээгүй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно” гэж заасан,  энэ тохиолдолд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх ёстой.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... тоот шийдвэрээс үзвэл, шүүгч нэхэмжлэгч Ш.Ц-ийн өмгөөлөгч Ш.Д-ын хамтран хариуцагч С.Х-с татгалзсан хүсэлтийг шууд хүлээн авсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь Шүүхийн шийдвэрт “ажил гүйцэтгэх гэрээний харилцаа зөвхөн нэхэмжлэгч Ш.Ц болон хариуцагч “С” ХХК нарын хооронд үүссэн, харин тус компанийг С.Х нь ажилтны хувиар ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад төлөөлж оролцсон учир түүнийг тухайн гэрээний бие даасан оролцогч бус гэж тодорхой дүгнэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч өмгөөлөгч Ш.Д-ын хамтран хариуцагч С.Х-с татгалзсан хүсэлтийг огт эсэргүүцээгүй, татгалзаагүй, энэ талаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй тул өмгөөлөгчийнхөө хүсэлтийг дэмжсэн, хууль зүйн зөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Түүнээс гадна Монголын өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгчид хариуцлага ногдуулсан нь тусдаа асуудал бөгөөд энэ нь шүүгчийг түүнтэй адил алдаа дутагдал гаргасан гэж шууд үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй “С” ХХК, С.Х нарт холбогдох хэрэг маргаан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас анхан шатны шүүх дээр дахин хянан хэлэлцэгдэж байх тул хамтран хариуцагч нарын хэн нь хариуцлага хүлээх нь шийдвэрлэгдээгүй хэвээр байгааг дурдаад дээрх үндэслэлээр тогтоолыг эс зөвшөөрч байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Холбогдох шүүгч Б.Мандалбаяр Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

1.Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримт материалтай танилцахад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан н.А-с тодорхой шалтгааны улмаас Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох иргэний хэрэг надад хуваарилагдсан байна.

Тухайн хэргийг хуваарилахаас урьд өмнө нэхэмжлэгч Ш.Ц нь анх зөвхөн хариуцагч “С” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хожим хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн дээрх шүүгч захирамж гаргаж С.Х-г хамтран хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, хамтран хариуцагч оролцуулах тухай шүүгчийн захирамжид дурдсанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь энэхүү хүсэлтийг гаргасныг, мөн шүүхээс хамтран хариуцагч С.Х-д хуульд зааснаар нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбар авах, шүүх хуралдаанд оролцуулах гэх зэрэг ажиллагааг хийснийг тус тус нэхэмжлэгч нь анхнаасаа эсэргүүцэж байгаагүй, түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэдэг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хамтран хариуцагч түүнээс татгалзсаныг мөн адил нэхэмжлэгчийн зүгээс буруутгаж эсэргүүцээгүй байна.

2.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ... тоот магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... тоот шийдвэрийг хянахдаа нэхэмжлэгч Ш.Ц-г хариуцагч С.Х-с татгалзсан, Ш.Ц болон “С” ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, харин хариуцагч С.Х-г тус компанийн ажилтны хувьд гэрээ, хэлэлцээр байгуулсан, төлөөлөх эрхтэй байсан болох нь тогтоогдоогүй, хариуцагч компани нэхэмжилсэн 79,873,570 төгрөгийг төлөх үүрэгтэй гэсэн утга агуулгатай дүгнэлт хийжээ.

Эдгээрээс үзвэл шүүгч би, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хамтран хариуцагчаас татгалзах тухай хүсэлтийг нягтлан шалгахгүйгээр шууд хүлээн аваагүй, харин хэргийн бодит нөхцөл байдал болон нотлох баримтад тулгуурлан Ш.Ц болон С.Х нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, Иргэний хууль болон гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байсан учир энэ талаар шийдвэртээ тодорхой дүгнэж, улмаар хамтран хариуцагчаас татгалзсан татгалзлыг баталсан байна.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй “С” ХХК, С.Х нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэр, магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаажээ.

Тиймээс тухайн хэрэг маргаан одоогоор ердийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд уг хэргийн зохигч нар маргаанд оролцох байр сууриа дахин илэрхийлж, мэтгэлцэх, аль эсхүл эвлэрэх зэрэг процессын эрхээ хэрэгжүүлэх боломжтой байна.

4.Миний бие тус сахилгын хэрэгт хэрэгт холбогдуулан урьд өмнө бичгээр тодорхой тайлбар гаргаж, өөрийн байр суурийг илэрхийлсэн билээ. Мөн шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг чандлан баримтлах шаардлага, түүнчлэн уг асуудлаар цаашид нэмэлт маргаан зөрчил үүсгэхээс урьдчилан сэргийлэх үүднээс 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр товлогдсон хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болохоо мэдэгдэж байна.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр холбогдох гомдол, түүнийг үндэслэн гаргасан тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолыг дахин хянан үзэж, хүчингүй болгохыг хүсье.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй, “С” ХХК болон С.Х нарт холбогдох “Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 119,810,355 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны журмаар 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар шийдвэрээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д-с гаргасан хариуцагч С.Х-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “С” ХХК-иас 119,810,355 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүгч Б.Мандалбаяр шийдвэрлэсэн байна.

“С” ХХК-ийн захирал Н.Г-с шүүгч Б.Мандалбаярт холбогдуулан “... нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хууль бус хүсэлтийг хүлээн авч тухайн хүсэлтийн дагуу манай эрх ашгийг зөрчсөн ...” гэх өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ГЗТ/2025/0152 дугаар захирамжаар, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Тус захирамжийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдаанаар хэлэлцээд “нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч С.Х-с татгалзаж байна гэсэн байгаагаар, нэхэмжлэгч бус түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, хариуцагчийг өөрчилсөн байх тул нэхэмжлэгчийн эрхийг хэрэгжүүлсэн гэх үйл баримттай холбогдуулж, Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд өргөдөл гаргаж, өмгөөлөгч хариуцлага хүлээсэн эсэх, өмгөөлөгч зөрчил гаргасан гэж үзвэл энэ зөрчилд шүүх хуралдаан даргалагч Б.Мандалбаяр холбогдох эсэхийг шалгах шаардлагатай” үндэслэлээр хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэсэн.

Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн ... дугаар тогтоол зэрэг баримтуудыг сахилгын хэрэгт авсан байна.

Дээрх баримтуудаас үзэхэд, өргөдөл гаргагч нь Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч Б.Д-ын дээрх үйл ажиллагаатай холбогдуулан гомдол гаргасан бөгөөд өмгөөлөгч Б.Д болон Ш.Ц нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд өмгөөлөгч нь хариуцагчаас татгалзах эрхийг эдлэх талаар тохиролцоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийг эдлэх эрхтэй талаар Ш.Ц-д тайлбарлаж туслалцаа үзүүлэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэхгүйгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч байр сууринаас оролцож байхдаа хариуцагчаас татгалзсан үйлдэл нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэж, түүнд “сануулах” хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болох нь тогтоогджээ.

Харин шүүгч нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд түүнд сахилгын шийтгэл оногдуулах ёстой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн болох, хэд хэдэн хариуцагч оролцсон бол хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгах буюу хэн нэхэмжлэлийн шаардлагыг ямар хэмжээгээр хариуцан гүйцэтгэх талаар тодорхойлон шийдвэрлэхээр заажээ.

Анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар шийдвэрт хариуцагч С.Х-г нэхэмжлэгч Ш.Ц-ийн өмнө үүрэг хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээний захиалагч гэж үзэхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч этгээд биш, ажил гүйцэтгэх гэрээний харилцааг зөвхөн нэхэмжлэгч Ш.Ц болон хариуцагч “С” ХХК нарын хооронд үүссэн, харин тус компанийг С.Х нь ажилтны хувиар ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад төлөөлж оролцсон учир түүнийг тухайн гэрээний бие даасан оролцогч бус гэж С.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлан дүгнэж, үүнийг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтдаа тусгасан байна.

Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн шийдвэрийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх эрхгүй бөгөөд шүүгч зохигчдын хооронд байгуулсан гэрээ, түүний нөхцөл, үүргийн гүйцэтгэлийг хэнээр хангуулах зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэн шийдвэрлэх эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заан олгосон тул энэ талаарх илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй байна.

Харин илтгэгч гишүүний саналд Сахилгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 248 дугаар магадлалаар дүгнэсэн асуудалд дахин дүгнэлт өгөхгүй гэж дурдсан нь тухайн сахилгын хэрэгт хамааралгүй байна.

Өргөдөл гаргагч  өмнө нь Шүүхийн сахилгын хороонд “… 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанаас өмнө буюу мөн өдрийн 13 цаг 40 минутад эхнэр минь өвчний учир нас барсан. Энэ тухай шүүгчийн туслах, хамтран хариуцагч нарт утсаар мэдэгдсээр байхад ямар ч арга хэмжээ аваагүй, эргэж надтай холбоо бариагүй, …шүүгч Б.Мандалбаяр намайг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй” гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хуралдааныг явуулж, хэргийн оролцогчийн эдлэх эрхийг эдлүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-6.5 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг хангаагүй, эрхийг минь зөрчсөн...” гэж өргөдөл гаргасныг Сахилгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 248 дугаар магадлалаар “…хариуцагч “С” ХХК-иас болон Н.Г-с  шүүх хуралдааныг хойшлуулах талаар бичгээр хүсэлт гарган холбогдох баримтыг ирүүлээгүй байсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хамтран хариуцагч нарын шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн зэргээс дүгнэхэд Н.Г-ын эхнэр нас барж шүүх хуралдаанд оролцож чадахгүй болсон талаар шүүгч мэдээгүй, холбогдох баримт хэрэгт авагдаагүй байсан зэргээс шүүгчийг албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэл нотлогдохгүй байна…” гэж дүгнэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Тодруулбал, хэргийг хэлэлцэхээр товлосон 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өргөдөл гаргагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэнтэй холбоотой асуудлыг дээрх магадлалаар шийдвэрлэснээс бус тухайн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авсан гэх үйл баримтад дүгнэлт өгөөгүй байна.

Мөн саналд “... Өөрөөр хэлбэл, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “С” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Н.Г  мөн болохыг шүүх тогтоосон байх ба Н.Г нь С.Х-г бус, харин хариуцагч “С” ХХК-ийг төлөөлж байсан нь нотлогдож байна гэж дүгнэсэн байх тул Сахилгын хорооны  магадлалд дурдсан асуудлаар дахин дүгнэлт хийх нь хуульд нийцэхгүй юм ...” гэж дурдсан нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч С.Х-д холбогдох нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байсан эсэх, үүнд шүүгч хамааралтай эсэхийг шалгахад ач холбогдолгүй бөгөөд гомдол шийдвэрлэх хуралдаанаар Сахилгын хорооны 248 дугаар магадлалд дурдаагүй асуудлаар өргөдөл гаргасан гэж үзэж шалгуулахаар сахилгын хэрэг үүсгэсэн болно.

Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7-д “Гомдол шийдвэрлэх бүрэлдэхүүн дараах тогтоолын аль нэгийг гаргана: ... 104.7.2.сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэх”, 104.9-д “Энэ хуулийн 104.7-д заасан тогтоол нь эцсийн шийдвэр байна” гэж зааснаар илтгэгч гишүүний сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг өргөдөл гаргагчийн гомдлоор хянан хэлэлцээд хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолд гомдол гаргах эрхгүй эцсийн шийдвэр тул шүүгч Б.Мандалбаяраас Шүүхийн сахилгын хороонд 2026 оны 01 дүгээр сарын 30, 03 дугаар сарын 17-ны өдөр гаргасан тайлбарууддаа “сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэж дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул илтгэгч гишүүнээс түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2026/0031 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаярт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар  магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                    Х.ХАШБААТАР

                        ГИШҮҮН                                          Ц.ДАВХАРБАЯР

                                                                                    Б.СУГАР